Мирослав Тихий: Чулуун зэвсэгтэн
December 22, 2015Оршлын оронд
Чехийн гэрэл зурагчин Мирослав Тихий хэмээх гайхам сонин ертөнцийн гүнд нэвтэрсэн нэгэн уртаас урт дурсамжийг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна. Эл дурсамжийг өгүүлэгч нь түүний хөрш “жаалхүү”, шүтэн бишрэгч шавь, хожмын анд нөхөр Roman Buxbaum хэмээх эрхэм билээ. Түүнд гүн талархнам. Чулуун зэвсгийн үеийн гэрэл зурагчин гэмээр эл сахалтай эрд алдартай хийгээд нөлөөтэй гэх чамин үгс яавч зохихгүй. Зүгээр л гэрэл зурагчин гэхэд л болно. Ингээд гэрэл зурагт тэмүүлэлтэй, эс бөгөөс гэрэл зурагчин болохоор чинхүү шулуудсан хэн бүхний сонирхон унших нэгэн өгүүллийг олон үг өгүүлэлгүй толилуулъя. Уншихын өмнө “Бүхий л амьдралынхаа турш хамгийн муу камераар гэрэл зураг авч чадах уу?” гэсэн энгийн нэг асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хачин тэнэг асуулт хэмээн бодож байвал хайран цагаа үүнийг уншиж бүү өнгөрөөгөөрэй хэмээн урьтаж сануулах нь зүйтэй биз ээ. За эхэллээ.
Намайг жаахан хөвгүүн байхад, эмээ маань “Гараа угаа. Тэгэхгүй бол Мирэк Тихий шиг болно шүү” хэмээн яншдаг байв. Эмээгийн хувьд Тихий бол буруу бүхний амьд үлгэр дууриалал байлаа. Өмнөд Моравиагийн усан үзмийн талбайгаас холгүйхэн, толгодоор мануулсан манай буйд хотод мань эр эсэргүү ч юм шиг, инээдэмтэй ч юм шиг гэмээр, за ямар ч байсан энгийн бидэнтэй адилгүй, өвөрмөц нэгэн гэгддэг сэн. Гэхдээ надад лав тэрээр хэзээд ер бусын санагддаг байв. Үс нь ургачихсан, үргэлж хар өнгийн ноорхой хувцас өмсчихсөн явдаг, өндөр сүрлэг биетэй энэ эр миний хувьд яавч айдас төрүүлмээр хүн биш билээ. Ямартай ч түүний гадаад төрх байдлаас би ер жийрхдэггүй байлаа.
5 юмуу 6 настай байхад Тихий надад гутлын хайрцгаар нүхт камер хийж өгсөн юм. Угаалгын өрөөндөө ороод гэрэл зургийн цаас хайрцагныхаа ар руу шургуулчихна. Нүүрэн талын таган дээр жижигхэн нүх гаргаад скочны тасархайгаар далдалчихав. Ингээд бид хотыг дурандав аа. Бид хоёрын гутлын хайрцгаар буулгасан нэг зураг одоог хүртэл надад бий: Өмнөө хуучин Шкода машинтай Сэргэн мандалтын үеийн цамхаг бүхий жижигхээн зураг. (Миний санахын цамхгийн цаахан талд, 1960-аад онд буулгагдсан еврей хороолол байдаг сан) Энэ бяцхан түүх Мирослав Тихийтэй сайн харилцаатай болгоод зогсохгүй, ирээдүйд уран бүтээлч болох эхний алхам минь болсон билээ.
Тихий бол манай хөрш. Цаашлаад, би түүний тухай нэг нэгэнгүй мэддэг, мөн бүтээлүүдийг нь шимтэн сонирхож, гайхан дурладаг шавь нь байсан юм. Гэлээ гээд эдний аль нь ч Тихийгийн тухай номонд өгүүлэл бичих ёстой гэсэн шалтаг шалтгаан болохгүй билээ. Учир нь урлагийн түүхийн сэдвээр өгүүлэл бичихэд мэргэжлийн үүднээс би балчирдах юм. Мөн үнэн зөвөөр үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй ч байж мэднэ. Магад би энэ этгээд хүний тухай хойшид дурсамж, зураг төдийхнөөр хязгаарлагдах тойм төдийхнийг дурдан өнгөрвөл эрхэм уншигчид минь эрхгүй уучлан болгооно биз ээ.
Мирослав Тихий Моравиагийн Netcice хэмээх жижигхээн тосгонд 1926 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Оёдолчин Antonìn Tichý болон 15 хүүхэдтэй, тосгоны захирагчийн охин Žofie Adamcovà нарын газар дээрх ганц хүү нь, тэр байлаа. Мирославыг дөрвөн настай байхад аав нь Kyjov хотын ойролцоо байшин худалдаж авсан бөгөөд тэндээ багшаархан оёдлын мухлаг нээжээ. Ингэж л манай хоёр айлын хөршүүд болсон он удаан жилийн түүх эхэлсэн юм. Тихийгийн байшин нь булангийн ханандаа нар цэлийтэл тусдаг хоёр ч том цонхтой. Тэднийх байшингийнхаа умгар өрөөнүүдэд амьдрах ба хүн нэмж хөлсөлдөг наймаа сайн байх үеийг эс тооцвол аав нь дэлгүүрээ ганцаараа ажиллуулчихдаг аж. Дэлгүүрийн гол үүдний дээр өлгөөтэй байх хуучин хонх зочин ирснийг сануулан өдгөө хүртэл жингэнэсэн хэвээр.
Тихий үг дуу цөөтэй, бодлогошронгуй, сэргэлэн жаал байв, хэл сурах гойд авьяастай тул сургуульдаа торойж байлаа. Удалгүй улсын сургуульд элсэн орсноор авга ах Harry Buxbaum-тай дотно нөхөрлөх болжээ. Тэд урлаг, улс төрийн сэдвээр өрнүүн мэтгэлцэж, үе үе ойролцоох хот руу дугуйгаар аялна. Дайны дараахан, хоёул Праг хотноо суралцах болсноор хааяа гэлтгүй тогтмол кафе мухлагуудад уулзах болжээ. Прагийн модот гудамжаар мань хоёрын инээчихсэн алхаж яваа тэр үеийн нэг зураг надад байдаг юм. Энэ бол дараалсан дарангуй нийгмийн завсар дахь, түр амсхийлт буюу итгэл найдварын он жилүүд байлаа. 1945–1946 онуудад Тихий Прагийн Урлагийн академийн бэлтгэл ангиа дүүргэж, хожим тэндээ профессор Jàn Želibský-ийн дор үргэлжлүүлэн суралцжээ. Тихий сайн зураач гэгдэж, үеийнхэн дундаа хошин шогийн мэдрэмжтэй нэгэн байв. Тэрээр одоог хүртэл юунд ч үл автагдах амьдралынхаа энэ он жилүүдээ дурсан ярихдаа дуртай байдаг билээ.
1948 оны хоёрдугаар сар дахь Коммунист эзэрхийллийн дараахан Академид эрс өөрчлөлт өрнөв. Хүндэт профессорууд болон туслах багш нар тэр даруй ажлаас чөлөөлөгдлөө. Дүрслэхийн оюутнууд нүцгэн бүсгүйг зурахын оронд ажлын хувцастай үйлдвэрийн ажилчдыг зурах болжээ. Тихий тэдгээрийг зурахаас татгалзав. Улс төрийн хямрал хувь хүний дотоод зөрчилтэй давхцаж, залуу урчууд аль алинд нь өвдөг сөхөрч байлаа. Харин Тихий юу ч хийлгүй, Прагийн Стромовка цэцэрлэгт хүрээлэнгээр сэлгүүцэж, найз нараасаа хөндийрөн цагийг өнгөрөөдөг болов.
Ингээд сургуулиа орхиж, цэрэгт явжээ. Хэрэв коммунистууд засгийн эрхэнд гараагүй бол түүний амьдрал хэрхэн үргэлжлэх байсан болоо хэмээн би одоо ч гайхан эргэцүүлдэг. Тихий сургуульдаа үлдэж, хожим Парис явах ч байсан юм билүү? Гэрэл зураг хэмээх огт өөр ертөнцөд нэвтрэн уусах байсан болов уу? Үнэндээ хэрхэх байсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Тихийгийн эх бүтээлүүдийг анх удаа хараад урлагийн түүхч Harald Szeemann “Аугаа авьяас билиг хэзээд эзнээ олдог” хэмээн хэлж байсан гэдэг.
Сталинизмын дарангуйллын цэвдэг мөсөнд хайрагдах 1950-иад оны Чехословак тагнан туршихын хүйтэн хэнээрхэлд царцаад байлаа. Ардчилсан үзэлтнүүд хийгээд тэрс бодолтнуудыг алагчлан гадуурхах аймшигт аян өрнөсөн энэ үест, Тихийгийн оюун сэтгэцэд чухал нэгэн өөрчлөлт биежжээ.
1957–1958 оны хооронд, Тихий Опавагийн сэтгэцийн эмнэлэгт үе үе эмчлүүлэх болсон ба аз болж сэтгэцийн эмч авга ах маань түүнтэй ойр байж, анхаарал халамж тавьж байв. Эмнэлэгт байхдаа эцэг эх рүүгээ бичсэн Тихийгийн хэд хэдэн захиаг би олсон ба мөн ээж болон Buxbaum-д илгээсэн хариу захидал ч надад бий. Тэндээс дарангуйллын дэглэм дэх хэлмэгдүүлэлтийн харгис механизмд сийчигдсэн дотоод айдас мэдрэгдэнэ. 1950-иад оны сүүлчээр, Хрущевийн зөөлрөл эхлэв. Тихий төрөлх Kyjov-доо буцан ирж, эцэг эхтэйгээ цуг амьдрах болсон бөгөөд энэ үеэс зөвхөн өөртөө зориулан зурж эхлэв. Тэрээр дайны өмнөх орчин үеийн урлагийг санагдуулам өөрийн хэв маягтаа үнэнч үлдсэн юм. 1958 онд түүний хувьд онцгой жил байж, Brno дахь залуу зураачдын үзэсгэлэнд оролцов.
1960-аад оноос тэрээр гадаад байдалдаа анхаарахаа больжээ. Үс нь ургаж, сахал нь бавайсан манай хүн үнгэгдэж хиртсэн хар хослол л үргэлж өмсөнө. Өмд нь урагдчихвал, өмссөн чигээрээ өөдөс утсаар тэрүүхэндээ торгоочихно. Аль болох ажил бага хийх ба зундаа бол байшингийнхаа дээвэр дээр хэвтээд нарлана. Тухайн үеийн сахлаа гөлчийтөл хусчихсан, 5 жилийн төлөвлөгөөг төвөггүй биелүүлж чадах чийрэг биетэй, номхон дуулгавартай социалист иргэний эсрэг дүр нь манай хүн дүрээрээ мөн байлаа.
Хотынхны хувьд Тихий гаж, азгүй амьтан гэгдэнэ. Үнэндээ эрүүл чийрэг биетэй, хүчтэй хүн байв. “Би бол яг самурай шиг” хэмээн тэр хэлнэ. “Миний чин зорилго бол дайснуудаа устгах.” Тихий ер нь ямар нэгэн муу зүйл хийж байгаагүй байх. Цагдаа нар Тихийг баривчилсан нэг мэдээг уншихад тэд хэтэрхий зэрлэг балмад хандсан нь харагддаг.
1960-аад оны сүүлч гэхэд Прагийн хавраас үүдэлтэйгээр цаг төр зөөлөрч байлаа. Гэвч Тихийгийн эсрэг хэлмэгдүүлэлт дууссангүй. Дээрэнгүй байдал үргэлжилсээр, гэхдээ тасралтгүй биш. Майн нэгэн болон бусад коммунист баяруудын өмнө Тихийгийн гэрийн өмнө нэг машин зогсчихсон, ногоон өнгийн бариу дүрэмт хувцастай, дунд эргэм насны хоёр цагдаа машинаас гарч харагддаг сан.
Удалгүй дэлгүүрийн үүдний хонх жингэнэнэ. Тихийгийн ээж тэднийг ирнэ гэдгийг урьдаас тааварлачихсан, юухан хээхэн дотор нь хийчихсэн гар чемодан зэхчихсэн хүлээж суудаг байв. Цагдаа нар Тихийг эелдгээр ятгаж, хоёр өдрийн дараа л гэртээ ирчихсэн байх болно хэмээнэ. Баяр болгоноор “тэрс үзэлтнүүд”-ийг баривчилж, мөн Тихий мэтийн нөхдийг Кромзын сэтгэцийн эмнэлэгт хүргэдэг байлаа. Тэнд ээлжит ёсоор түүнийг “эрүүлжүүлнэ”. Усанд оруулж, ээжийнх нь өгч явуулсан гар чемодан доторх шинэ хувцсыг өмсгөж, дараа нь сулладаг байлаа. “Баяртай, Аугаа их Октябрын социалист хувьсгалын ойн өмнө дахин уулзах хүртэл” хэмээцгээнэ. Энэ бол Тихийг хэрхэн баривчилж байсан нэмэлт хачиргүй түүх. 20 жилийн хугацаанд итгэл найдварын оч унтарсан айдаст цөхрөл нийгмийн ихэнхийг нөмрөөд байлаа. Гэлээ ч гэсэн Тихий тэдний хүссэнээр “эрүүлжээгүй” юм.
1960-аад онд хүүхэд байхдаа зуны амралтаараа очдог байсан эмээгийнд маань Тихий өдөр бүр ирдэг байсныг одоо ч би сайн санаж байна. Тихий Моравианы өрх бүрийн идэвхэт амьдрал өрнөдөг — галт тогоонд ороод, зуухны дэргэдэх нүүрсний дөрвөлж дээр суучихна. Бохир хувцастай болохоор нүүрсний модон хайрцаг төдийхнөөр л аргалчихна. Энэ зуур эмээ юухан хийхэн амжуулах ба пийшингээ галлаж, араар нь нэг өнгөрч, галзуухандаа ийш тийш холхино. Дараа нь Тихийд жаал жуул идэх юм өгч, тэдний хооронд дуусдаггүй урт яриа өрнөдөг байлаа. Тэдний юу ярьж байгааг би төдийлөн ойлгодоггүй байсан ч улс төр, урлаг болоод номны тухай ярьж буйг нэг муухан гадарлаад байхтайгаа.
1950 болон 60-аад онд Тихий Vladimir Vayek болон түүнд зураг зурахыг заасан миний өвөө Old ich Herman-тай дотно нөхөрлөдөг байв. Тэр үед Тихий эмээгийн дээврийн өрөөг түрээслэн тэндээ урлангаа товхинуулав. Жаахан хөвгүүд бидний хувьд дээврийн тэр өрөө үнэхээр соньхон газар байлаа. Цоожны нүхээр, тосон будгийн зургууд, зургийн хэрэгсэл, модоор сийлсэн утсан хүүхэлдэйнүүд гээд ер бусын шидэт ертөнцийн зах хаяа харагдана.
Удалгүй, эмээгийн гэрийг нийгэмчлэв. Өөрийнхөө гэртээ түр оршин суугч болов. Морины тоног хэрэгсэл худалддаг дэлгүүр дэх манай эмэг эхийн өрөөнүүдэд арьс ширэн эдлэл засварладаг Обновагийн хоршоо үйл ажиллагаагаа эхлэв. Тихийг байрнаас хөөх бичиг ирсэн ба хоршооныхон түүнээс урлангаа яаралтай чөлөөлж, цэвэрлэхийг шаардав. Гэвч Тихий гарахаас татгалзжээ. Тихий болон хоршоо, орон нутгийн Үндэсний комисс, Дүүргийн шүүх хоорондын захианаас 1970-аад оны хэлмэгдүүлэлтийн уур амьсгалыг мэдэрч болно. Ганцаар тэмцэгч Тихий байр сууриндаа хатуу зогсох авч эдийн засаг-улс төр, нийгмийн аюулгүй байдлын нэрийн өмнөөс түүнийг хүчээр хөөн гаргав. Эд бүгдийг үл харгалзан ганцаар тэмцсээр байвч төрийн захиргааныхан тэвчээрээ алдан 1972 оны 3-р сарын 27-нд Тихийгийн бүх зургийг гудамжинд чулуудчихав. Ийнхүү урлангүй болсноор Тихий гүн шархалж, дахин зураг зураагүй юм. Үүнээс өмнө бийр, харандаанаасаа үе үе хөндийрч байсан ч энэ явдлаас үүдэн дахин хэзээ ч зураг зураагүй билээ. 1960-аад оны сүүлчээр камер биедээ авч яван, хааяадаа зураг авч байв. Одоо Kyjov-ын гудамж бүхэлдээ түүний урлан болов.
1968 оны 8-р сарын сүүлчээр эхэлсэн Зөвлөлтийн түрэмгийллийн дараа, аав, авга ах хоёр гэр бүлийн хамт Швейцарь руу дүрвэв. 1981 он хүртэл, Швейцар улсын иргэний хувьд эмээ болон Тихий дээр очиж байв. Тихийд ямар ч урлан хэрэггүй болсон байлаа. Сараачих хийгээд зурахаа ч больжээ. “Ноён Тихий, Та яг хэн юм бэ? Зураач уу, барималч уу, зохиолч уу? гэж хүмүүс надаас асуудаг. Намайг хэн гэдгийг мэдэх үү? Би бол тэтгэвэртээ гарсан Тарзан” хэмээн Тихий хээв нэг өгүүлнэ. 1980-аад оны эхнээс би Тихий дээр байнга очдог боллоо. Надад зургаа үзүүлнэ, мөн зургаа дурсгана. Бид хамтдаа тэдгээрийг харна. Тэрээр зургуудыг нэг нэгээр дэлгэж, надад таалагдсан энэ, тэр зургийг шууд өгчихнө. Тэр хэзээ ч мөнгө авахгүй. Зайлшгүй хэрэгтэйн үүднээс бага сагахан мөнгө нууцалж өгнө. “Нэг өдөр хаан болж үзэх юмсан” гэж тэрээр хэлнэ. Би түүн рүү гайхан ширтэж, авчирсан хоолоо өгдөг сөн. Тихий гэнэт ухасхийж, супермаркетаас авчирсан төмөр сагсыг нээнэ. “Би юм идэхгүй байгаа. Олон хоног юм идсэнгүй. Надад хоёр төмс, хагас кг гурил л бий. Харх, хулгана хоолыг минь идчихдэг. Тэдний үлдээсэн шавхруугаар л болгочихно. Бүх л долоо хоног өл залгахад хангалттай.” Би түүнд зайдас өгтөл: “Би амьтан иддэггүй. Амьтад бол надтай адил. Толгой, зүрх, хөл гээд бүгд бий” гэхэд нь би “Ядах нь аа бид амьтад шиг сайхан сэтгэлтэй ч биш, учир нь хүмүүс хоёр хөлтэй, амьтад дөрвөн хөлтэй” гэж нэмж хэлэхэд бид хөхрөлдөн, ром дарстай хундагаа тулгацгаадаг байв. “Хүмүүс дээд төрөлтөн болох амьтдыг идэхийн тулд хөнөөдөг.” Хөрш эмэгтэй Жана ээж нь өөд болсноос хойш түүнийг байнга эргэж тойрдог аж. Нэг удаа хөрш эмэгтэй түүнд хулганы хавх тавьж байгааг хэлэхэд Тийхийгийн зүрх сэтгэл эмтрэх шиг л болжээ. “Хулганууд бол миний төрөл садан. Хэрэв тэднийг алах юм бол, намайг ч бас хөнөө. Дэргэд нь намайг оршуулаарай” гэж хэлэх жишээтэй.
Тихийгийн гэр дэх эмх замбараагүй байдал ирсэн гийчин бүрийг алмайруулна. Шал, ширээ, тавилган дээгүүрх ном, гэрэл зураг, багаж хэрэгсэл, угаагүй аяга таваг, зураг, цаас гээд бүгд эгээ л уул, толгод мэт овоолоостой. Цахилгааны утас агаарт ил унжина. Тэднийд хоёр ч угаалтуур байгааг мэдэх боловч нэг гоожуур нь л ажиллах аж. Олон жил угаалтуурын доор хувин байдаг байв. Бохир ус тийшээ гоождог ба би өдөрт нэг хувин ус ашигладаг байсан юм даг.
Тихий дээр очиход анхны гайхширлаа даван туулж, муухайн үнэрийг нь тоохоо баймагц тэрээр тийм ч хүйтэн хөндий нэгэн санагдахгүй. “Би бол эмхгүйн эх үүсгэгч, эмхгүй байдлаас шинэ бүхэн үүсдэг.” Тихий хаа сайгүй зүлгэн дээгүүр эзэн нь юм шиг итгэлтэйгээр алхан явж байдаг. Дүрэмд үл захирагдах нь түүний ганц мөрддөг зарчим. Залхуурсандаа эс бөгөөс эмх цэгцтэй байх хүмүүжил дутсандаа биш л дээ. Ямартай ч энэ түүний үзэл санаа байлаа. Жишээ нь зочин түүний ном, зургуудыг харж дуусаад, Тихий рүү харвал, тэр зочин ийм зүйл түүнээс сонсож магадгүй: “Наадхаа газар шидчих ээ. Энд өөр дүрэм үйлчилдэг.”
Тихий ертөнцийн тухай энгийн үнэн бүхэнд тоймжиргүй хандана. Юрий Гагарин сансарт нисэх зуур Тихий модоор камераа урлаж байлаа. Өөрийгөө үргэлж эсрэг талд буюу хөгжил дэвшлийн үзэл санааны ар талд гаргачихна. Гэхдээ 5 жилийн төлөвлөгөөтэй харьцуулбал мань эр зорилгодоо хүрч байлаа. Чулуун зэвсгийн үеийн гэрэл зурагчин маань буйд хотын Коммунист элит давхаргад дайсан болохоор хүн байсан юм. Түүх үргэлж урагшилж байдаг гэх Марксист онол дахь дэвшилтэт үзлийн амьд антитезис биеэрээ мөн.
Тихий нийгмийн тогтсон хэв журмыг үргэлж хайхардаггүй байлаа. Гэхдээ тэрээр ганцаардмал нэгэн байсангүй. Нийтийн боддогтой адилгүйгээр, тэр хувь хүн чигээрээ үлдсэн. Зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, дотоод сэтгэлийнхээ цөллөгөнд оршиж байв. Тэрээр нийгмийнхээ зах хязгаарт зогсон бусдыг хөндлөнгөөс ажиглах аж. Хавийнхаа тэрс үзэлтнүүдтэй нөхөрлөнө, тэдэнтэй адилхан байнгын хяналт шалгалтан дор байж, баривчлагдана. “Майн нэгний баяраар нэг удаа цагдаа нар намайг баривчлахаа мартчихсан юм. Би жижигхэн цүнхэндээ юм хумаа хийчихсэн, тэднийг ирж, намайг сэтгэцийн эмнэлэгт хүргэхийг хүлээж байв. Хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Гэсэн ч тэд ирсэнгүй. Хүлээснээс болж сүүлдээ цөхөрлөө. Ингээд гэрээсээ гаран, төв талбай дээр очлоо. Хаа сайгүй улаан туг намирна. Үндэсний хувцсаа өмссөн эмэгтэйчүүд, пионерууд гудамжинд дөрвөн эгнээгээр алхална. Хотын захиргааны тэнд индэр барьчихсан, тайзан дээр хэн нэгэн илтгэл тавьж буй бололтой. Би талбайн нөгөө талд байх сүмд очиж, юм бүрийг ажиглав. Хүн бүр намайг харсан. Хоёр минут хэртээ өнгөрсний дараа, гэнэт миний ард цагдаа нар зогсож байх нь тэр. Ингээд л сэтгэцийн эмнэлэгт тэр даруй хүргэгдсэн дээ.”
Мэдээж хэрэг, хуулийн дагуу Тихийг торны цаана хийх тохиолдол мэр сэр байв. Бэлгийн дарамт гэдэг шалтгаар түүнийг торны цаана түгжихдээ цагдаа нар туйлын тааламжтай. Үнэндээ Тихий эмэгтэйчүүдийн зураг авч байсан хэрэг л дээ. Өөр буруутгачихмаар зүйл ямар олдох биш. Хотын шүүхэд дуудагдах үеэр, цөхрөнгөө барж ядахдаа зөвхөн түүний бохир завааныг дурдсан 60 нүүр шинжээчийн дүгнэлт бичсэн гэдэг. Шүүх ажиллагаанд зориулан дөрвөн хувь хэвлэж, үг гээлгүй бүтнээр уншжээ. Шүүхийн үеэр Тихий абсурд театрын жүжиг аятай дарлал мөлжлөгийн механизмыг үл эсэргүүцэн илчилж байлаа. Шинжээчийн мэдүүлэг дараах гомдлоор төгсдөг: “Тихийгийн хувцсанд хачиг, жоом байсан нь хөдөлбөргүй нотлогдсон.” Эцэст нь шүүгч түүнээс ямар нэгэн хэлэх зүйл байгаа эсэх тухай асуухад, Тихий “Мэдүүлгийн дагуу хэргийг шийднэ үү” гэж билээ.
Seville Biennial дэх Тихийгийн анхны бие даасан үзэсгэлэнг авга ах 2004 оны зун зохион байгуулсан юм. 2005 онд Цюрихт дахин нэгийг хийв. Өдгөөг хүртэлх түүний бүтээлүүд дэлхийн олон орноор дэлгэгдсэн. Харамсалтай нь Тихий үзэсгэлэнд оролцож чадаагүй билээ. Тэр ийм юманд дургүй л дээ, ялангуяа Европт биш бол бүр ч халгаахгүй.
Урлагийн сургуульд байх үеийн уран зургууд болоод хожмын бүтээлүүд нь, ихэнхдээ хөрөг, байгалийн зураг, эсвэл амьдралын энгийн агшны тухай өгүүлдэг байв. Ихэнхдээ байгалиас юу харснаа зурна, сараачна. 1950–1960-аад онуудад ойр тойрны хүмүүсээ усан будаг болон тосон будгаар зурж эхлэв. Ялангуяа эмэгтэйчүүдийг. Манай ээж, нагац, хөрш эмэгтэйчүүд маань хүртэл зуруулаад амжсан шүү. Гэхдээ тэр дурсамжиндаа амьдардаг нэгэн юм.
Тихий урлангаа алдсанаас хойш, гэртээ даруухнаар ажиллах хэрэгтэй болов. Нийгмийн дарамт шахалтын нөлөөгөөр амьд модель зурна гэдэг хэцүү болжээ. Эмэгтэйчүүдийг авчрахын оронд Тихий тэдэн дээр очдог болсон байна. Түүнээс юуны учир гэрэл зурагт татагдах болсныг асуухад, тэрээр “Зурдгаа зурчихсан. Тэгээд юу хийх вэ гэж үү? Би шинэ зүйл нээсэн. Гэрэл зургийн тусламжтайгаар, би бүхнийг шинэ гэрлээр харах болсон. Энэ бол огт өөр ертөнц” гэж билээ.
Тихий гэрэл зурагт татагтаж эхэлсэн тухай миний мэдэж буй зүйл гэвэл 1960-аад онд хааяа нэг ашигладаг байсан анхны камераа ааваасаа өвлөж авсан гэдэг юм. Зургууд нь дэс дараагүй, бас он саргүй. Эгээ л хөзөр шиг учир замбараагүй холилдчихсон байдаг сан.
Зургууд дээрх хувцас, машины загвар гээд янз бүрийн юмаар хэзээ авсныг бага зэрэг дөхүүлж болно. Мөн жааз болон хүрээний ар талд ямар материал байгаагаар нь хэзээ авсан эсэхийг тодорхойлж болдог. Түүний ихэнх зураг 70, 80-аад онуудад хамаатай.Тэр хальс, гэрэл зургийн цаас болон сүмийн цаадах эмийн сангаас химийн бодис худалдаж авна. Мөнгөө хэмнэх үүднээс 60 мм-ын хальс худалдаж авах ба харанхуй өрөөндөө орон уртааш нь хоёр болгоод хуваачихдаг. Мөн хашаандаа зураг угаах харанхуй өрөө барьсан байв.
Тихий өөрт нь санал болгосон багаж хэрэгслээс татгалздаг байв. Юмсыг өөрөө хийх нь түүний эрх чөлөөний тунхаг гэлтэй. Тэрээр орчин үеийн ертөнцийн тав тухыг сайшаан тунхагладаг байсан ч бусад хүмүүс түүнээс хүсдэг энгийн шаардлагуудыг тэрээр үл зөвшөөрнө. Түүнд хар өнгө хэрэгтэй болвол яндан руу гараа шургуулахад л хангалттай. Хөл нь даарвал, үнсэн дээр гишгээд дулаацуулчихдаг. Хэмнэлт, зайлшгүй хэрэгцээг багасгах, өөрийгөө хангах нь бүхий л амьдралынхаа турш хэрэгжүүлж ирсэн түүний ертөнцийг үзэх үзлийн нэг хэсэг билээ. Усанд орохгүй байж, үнгэгдсэн муу хувцас өмсөх нь нийгмийн бий болгосон дэг жаягаас тусгаар байх түүний лоозон нь юм.
Тихий камераа ихэнхдээ цамцан дотуураа авч явдаг. ЗХУ-д үйлдвэрлэсэн хямдхан Bakelite камер л даа. Хуучин бараа худалдаалдаг дэлгүүрээс худалдаж авсан эд. Өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөөд засчихна. (Жишээ нь, өөр дуран угсраад өөрчлөх жишээтэй) Олсон оосортой камер болон гэрээ хүзүүнээсээ унжуулчихдаг. Баруун талдаа унжуулах ба ихэнхдээ тэр нь харагдахгүй.
Ямар нэгэн зүйл түүний анхаарлыг татмагц, дөхөж очоод, зүүн гараараа цамцныхаа захыг дээшлүүлэн, баруун гараа камерныхаа гэрийг нээн, шагайвчаараа харалгүйгээр товчлуур дардаг. Заримдаа гэртэй чигээр нь дардаг бөгөөд бүхий л биеэрээ хагас эргэн камераа зураг авах зүг тийш чиглүүлэх нь бий. Ийн хөдлөх нь маш хурдан болж өнгөрдөг ба бүр үл анзаарагдам. Яг ийм хөдөлгөөнөөр, түүний хэлсэнчлэн, нисэж буй хараацайг ч онилж чадна.
Тихий маш эрт сэрдэг. Ихэнхдээ үүрээр 6 цаг гэхэд аль хэзээний гадуур явж байх нь бий. Зургаа хэрхэн төлөвлөдөг, сэдвээ яаж олдог талаар түүнээс асуухад, тэрээр “Би юу ч хийдэггүй, зүгээр л цагийн аясаар хөдөлдөг. Хотоор зүгээр л алхдаг. Тэгээд зураг авдаг. Би юуг ч урьдаас товлодоггүй. Миний алхаж өнгөрөөсөн цаг хугацаа юуны тухай өгүүлж буйг илэрхийлнэ. Бүх юм цаанаасаа өгөгдчихсөн.” Магад энэ хувь заяа биз. Энэ бол магадгүй эмэгтэйчүүдийн төсөөллийн хот дахь өдөр бүрийн зураглалыг бүтээдэг байсан биз ээ.
Байнга зураг авдаг очих дуртай газрууд түүнд бий: Тэр нь автобусны буудал, сүмийн дэргэдэх төв талбай, дунд сургууль болоод усан сан хоёрын дунд байх цэцэрлэгт хүрээлэн юм. Хэдийгээр Тихийг усан сан руу орохыг зөвшөөрдөггүй байсан хэдий ч, цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр сараалжин хашааны цаанаас тайван гэгч нь дуранддаг байлаа.
Ихэнхдээ тэрхүү хашаа зурган дээр гарчихсан байдаг байв. Академид нүцгэн эмэгтэй зурахыг хориглох үеийн гээгдсэн дүрүүдээ чухам эндээс л олно. Тэр хаа л бол хаа зураг дарна. Зарим зурган дээр түүн рүү инээмсэглэж буй, түүнтэй ярилцаж буй, янз маяг үзүүлэн зогсож буй, хошигнож буй, эсвэл эсрэгээрээ бухимдангуй байгаа эмэгтэйчүүд байх. Учир нь тэрээр тэднээс зөвшөөрөл авалгүйгээр зургийг нь дардаг байлаа. Тиймээс Тихий дүрүүдээсээ нэлээд зай барина. Тэрээр үл анзаарагдам маш хурдан авдаг, эсвэл маш холоос дуранддаг. “Би жирийн нэг ажиглагч, мөн хамгийн хичээнгүй ажиглагч. Зөвхөн хүмүүсийг бус, юм бүхнийг ажиглана.” Хожим, чухам юу сонирхох болсон нь илүү нарийн болжээ. Түүний хэлснээр: “Юм бүхэн, дотоод бүрдэл, эд эс бүхэн. Би эд эс бүхнийг нээх ёстой. Учир нь би эд эсийг судлагч.” Ингэж хэлээд тэрээр хөхөрнө. Би түүнээс эмэгтэйчүүд болон хуял тачаалын тухай асуусан юм.
“Эмэгтэй хүн бол миний гол сэдэв. Түүнээс өөр юу ч миний сонирхлыг татдаггүй. Таалагддаг эмэгтэйгээ харахад, магадгүй, түүнтэй харилцах гэж оролдоход, би сонирхлыг нь татахгүй байгаа гэдгээ ухаардаг. Оронд нь, үзгээ бариад, түүнийг зурж эхэлсэн. Хуял тачаал бол зүгээр л зүүд мөрөөдөл. Дэлхий бол хий хоосон зүйл.” Тихий өөрийнхөө үйл хөдлөл, мэдрэмжинд үргэлж болгоомжтой хандаж, бүхнийг тэвчсээр иржээ. “Би хэлбэрийг хардаг, тэдгээрийг тоо болгон хувиргадаг. Дэлхий бүхэлдээ тооноос бүтдэг. Хамгийн их тоо юу болохыг хэн нэгэн надаа хэлээд аль л даа. Мөн хамгийн багыг нь. Хязгааргүй үргэлжлэх тоон ухагдахуун. Энэ бүхэн өөрөө миний дотор буй болдог. Эцэст нь, би ердөө оршин байхгүй байна. Би бол энгийн л нэг хэрэгсэл, мэдлэгийн хэрэгсэл, магад ямар нэгэн юмны. Хүн бүр амьдралыг хүүрнэж чадна, гэхдээ амьдрал гэж чухам юу болох тухай хэзээ ч мэдэхгүй. Амьдрал юу болохыг чи мэдэх үү? Тодорхойлоотох л доо.” Прагад түүнд зориулан үзэсгэлэн гаргавал баярлах эсэхийг түүнээс асуухад, тэрээр “Баяр хөөр миний хэзээд зөвшөөрдөггүй ухагдахуун юм.” Ийм үл итгэгч юмыг хэрхэн хөөр хөгжөөнтэй болгодог юм бол? “Агшин зуурын мэдрэмж. Би ямарваа зүйлийг ач холбогдол өгч авдаггүй.”
Тихий цэцэрлэгт хүрээлэн болон орон сууцны өндөр барилгын тагтан дээрх хүмүүсийн зургийг авдаг байлаа. Ингэхийн тулд 300–500 мм-ийн хүчтэй татдаг дуран хэрэг болно. Тихий энд тэндээс олсон хуучин эд буюу нүдний шил болоод органик шилээр дуран хийчихнэ. Түүний ажлын арга барил бүхэн Чулуун зэвсгийн үеийг санагдуулна, гэхдээ оптикийн тухай гүнзгий мэдлэггүйгээр энэ бүхнийг хийж чадахгүй билээ. Тихийгийн өгүүлснээр бол, тэрээр хутгаар органик шилийг зүсэн дуран гаргаж авсан бөгөөд зүлгүүрээр зүлгүүрдэн өнгөлжээ. Ажилладаг эсэхийг нь гайхширангүй асуухад, тэрээр “Ажиллалгүй яахав. Би ямар нэгэн юм хийхэд тэр нь яг таг болох ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээж яриангүй сайн ажилладаг. Энэ магадгүй урлаг байж мэдэх юм” гээд тэрээр дахиад л инээнэ. “Дараа нь би өөр нэг зүлгүүрээр дурангаа зүлгүүрддэг: эхлээд, бүдүүн ширхэгтэйгээр, дараа нь нарийнаар, өө сэвгүй болох хүртэл нь.” Дараа нь яах вэ гэж асуухад тэрээр “Өнгөлөх хэрэгтэй. Энэ бол нээх асуудал биш. Шүдний оогоо тамхины үнстэй холиод, сайн үрээд өг. Ингээд л зураг авахад бэлэн болно доо” гэв.
Дурангийн их биеийг хийхдээ цаасан ороомог юм уу хуванцар хоолой ашиглана. Хийсэн дурангаа хоолой руу хийн цавуу юмуу цардуулаар наачихдаг. Мөн тэрээр хүүхдийн дуран авайг ашигладаг байв. Самбараар модон суурь хийгээд камераа байрлуулчихна. Дуран авайгаа тогтоогчтойгоо туузаар холбон, хальсан дээрх зураг фокустай байхаар тооцоолон камерынхаа дуранг байрлуулчихна. Угсраж дууссаны дараа ямар нэгэн буу шиг харагдана. Картонон цаас, шахмал модоор эх биеийг нь урлаж, замын хараар наан сайтар бэхэлж, хараар будчихдаг байв. Утасны хоосон хоёр гол болон оёдолчны резинэн туузаар эргэх хөшүүргийг хийн түүндээ шахмал модоор хийсэн, жижигхэн нээлхэвчтэй камерныхаа хөшгийг бэхэлчихнэ. Туузны чанга сулаас хамааран хөшиг удаан, хурдан нээгддэг аж. Түүний хачин ер бусын, Импрессионист маягийн зургууд ийм эв хавгүй багажаар бий болдог гэхэд үнэхээр итгэж ядамгүй.
Түүнтэй уулзах болгонд, Тихий харанхуй өрөөнийнхөө угаах хэсэгт өлгөчихсөн боловсруулаагүй өчнөөн зуун хальстай байдаг байв. Цонхоо хар даавуугаар бүтээгээд харанхуйлчихжээ. Улаан гэрэл цацруулах ганц чийдэнтэй. Ширээн дээр түүний гэртээ хийсэн томруулагч харагдана, хажууд нь гүдгэр аяга байх аж. Хоол хийдэг нүсэр тогоо бэхжүүлэгч уусмалаар дүүрэн. Угаалтуурт өчнөөн зурагнууд угаагдан хэвтэнэ. Тэрээр томруулагчаар угаасан хальсаа эхлээд харж, зургаа сонгож, тайралт хийдэг. Хайчаар гэрэл зургийн цаасаа эв хавгүй хайчилна.
Дараа нь зургийн цаасаа ширээн дээр гэрэлд гарган тавьж, тэр тооцоолоод, цааш нь тавьдаг. Цаасаа боловсруулагч руугаа хийнэ дээ. Тэрээр хавчуурга үл ашиглана. Шууд л гараараа барина, зарим зургуудынх нь баруун дээд буланд нь хурууны хээ байдаг нь ийм учиртай юм. Ваннд хангалттай булхлагдсан гэрэл зургуудыг гарган, гэцэн дээр өлгөөд хатаачихдаг. Тэгээд номны завсар хавчуулчихна. Сүүлд нь зургуудаа орныхоо хажуу талын том хайрцганд хийчихнэ. Хүрэхэд амар гэсэн үүднээс. Зураг угаалгах эхний үе шат ингээд дуусаа. Угаасан зураг бүр сонин гойд. Цөөн тохиолдолд л боловсруулсан хальснаас нэгээс илүү зураг угаана, тэдгээр хэвлэгдсэн зургууд хэмжээ, тайралт гээд бүгд өөр байдаг.
Нэг удаа би Тихийгээс “Томруулж харсан зургуудаа ямар шалгуураар сонгодог вэ?” гэж асуусан юм. Тэрээр ингэж хариулсан: “Би юуг ч сонгодоггүй. Томруулагч дээр тавиад амьдралтай ойрхон байгаагаа угаадаг. Ингээд л болоо.” Амьдралтай ойр байна гэдэг юу гэж байгаа юм болоо гэж түүнээс асуухад, тэрээр “Дэлхий ертөнцөөс ямар нэгэн зүйлийг таньж мэдэх юм бол, би угаадаг.” Тэр дараа нь хайрцган доторх угаасан зургуудтайгаа ажиллаж эхэлнэ. Тэр гэрэл зурагт дуртай, зургуудаа хайрцагнаасаа гарган ирж, хэсэг зуур ширтэнгээ, хайч аван, зарим хэсгийг нь тайрчихдаг. Тэрээр харах өнцгөө төдийлөн голчилдоггүй, гэхдээ зохиомжийн хуулийг баримталдаг аж. Заримдаа гэрэл зургийн ард харандаагаар зургийнхаа өнгийг тэмдэглэдэг байв. Жишээлбэл, цайвар шаргал гэх мэт. Ихэнхдээ тэрээр хоёр юм уу гурван өнгийг бичдэг. “Урам зориг авах үүднээс би өнгийг ажигладаг.”
Гэрэл зургандаа хүрээ хийх нь Тихийгийн дуртай ажил. Бараг хоёр жил, нэг ч зургандаа хүрээ хийж чадсангүй хэмээн гомдоллох нь бий. Тэрээр өөрийнхөө хийсэн хүрээнд зургуудаа хийнэ. Овоолсон цаасан дундаас тэрээр гэрэл зурагтаа тохирох өнгөтэйг нь сонгодог байв. Картонон цаасан дээр өнгийн цаасаа наачихна. (Тэр нь ТВ-ын хөтөлбөр бүхий сонингийн цаас, номны хавтас, цаасан уут, бүр ашиглахыг хүсдэггүй зурим зургууд ч байж болох.) Дараа нь зурагныхаа ар талыг цавуудан наачихна. Зураг хүрээтэй болмогц заримдаа өнгийн харандаагаар будчихдаг.
40 гаруй жил Тихий гагц эмэгтэй хүний нууцад нэвтрэхийг оролдсон билээ. Энэ бол түүний үндсэн сэдэв байлаа. Тихийгийн хувьд хотынх нь өдөр тутмын амьдрал Академид байх үеийнх рүү өөрчлөгдөн байв. Дүрүүдийн зогсолт нүцгэн натуруудтай төстэй. Тэд юм тулж, зогсож, гэдийж, урдаасаа зургаа авхуулж, араасаа авхуулна, эгээ л нүцгэн эмэгтэйн ар нуруу хийгээд түүний бүхий л бие, араг ясыг судалж буй мэт. Түүнд хамгийн их судлагдсан биеийн хэсгүүд байх аж. Ялангуяа эмэгтэй хүний хөл. “Урлаг. Урлаг гэж юу вэ? Урлаг бол төсөөлөл, санаа. Шопенгаур: Die Welt als Wille und Vorstellung. Хүсэл хийгээд санаан дахь ертөнц гэж хэлсэн. Санаа бол мөрөөдөл. Би зураг авч байхдаа, юуны ч тухай боддоггүй. Мэдэрч, эсвэл бодож буй бүхнээ ер чухалчилж авдаггүй. Энэ яг хөзөр тоголж буй мэт.” Хөдөлгөөн түүний бүтээл дэх гол сэдэв байлаа. “Чи зураг авч буй бол хөдөлгөөн хамгийн чухал зүйл. Мөн зохиомж. Эсрэгцэл гэрэл зургийг бүтээдэг. Гэрэл, сүүдэр, энэ бол зохиомж. Гэрэл зураг гэдэг бол гэрлээр зурахыг хэлж буй юм."
Тэрээр том зургууд дээрээ бүдэг зурааснуудыг харандаагаар тодруулдаг байв. Заримдаа дахин эхнээс нь эхэлж, бүхий л хэсгийг буддаг байв. Зурах үйл явц нь өөгүй нарийн байлаа. Бромидын багахан толбыг олж харахад тэрээр “Алдаа, алдаа. Энэ бол яруу гоо зүйг бий болгодог зүйл. Гайхам чанарыг бүтээдэг зүйл. Философи бол ямар нэгэн хийсвэр зүйл. Харин гэрэл зураг бол бодит, хүртэхүй. Нүд, чиний харсныг. Нэн тэргүүнд чамд муу камер байх хэрэгтэй. Хэрэв чи алдартай болохыг хүсч байгаа бол энэ дэлхий дээр хэн ч хамгийн муугаар хийж байгаагүй шиг муугаар үйлдэх ёстой. Гайхам сайхан биш, үзэсгэлэн төгс биш.”
Өчнөөн алдаа мадаг, доголдлыг Тихийгийн бүтээлээс харж болно. Юмс бүхэн фокусгүй сарничихсан, зурагдсан хальснаас угаагдсан, гараар хайчилсан эсвэл тоостой, бохир үрчгэр цаасан дээр угаагдсан, камер болон харанхуй өрөө нь заваан, хурууны хээ, бромидын толботой, шавж болон харх хэмлэчихсэн газар гээд тоочвол өчнөөн.
Харанхуй өрөөнөөсөө гэрэл зургуудын замнадаг жим хачин өрөвдөлтэй. Тэдний оршихуй өчнөөн олон жил тоосон дунд шидэгдэхээс эхэлнэ. Цаашлаад гэрэл зурган дээр суух, тэдэн дээр унтах, тэдэн дээр алхах, ирмэгийг нь нугалах, үзгэн бал юм уу өнгийн харандаагаар зохиомжоо сайжруулах, тэднийг нугалах, ширээний хөлний ивээс болгож ашиглах, кофе юм уу дарс асгах, хулгана, хачиг идэхийг зөвшөөрөх, цонхоор гаргаж шидэх, бүр бороо орсон ч ор тас мартах, дараа нь тэднийгээ дахин олох, арчлах, картонон цаасан дээр наах, зузаан болгох, тэгсэн мөртлөө эцэст нь ард талд нь ТВ-ийн хөтөлбөр тэмдэглэчихнэ.
Тихийгийн ажил зурах болоод гэрэл зургийн огтолцох зааг дээр амилдаг. Хувь тус бүр онцгой. Arnulf Rainer болон бусад уран бүтээлчтэй ижил цаг үед, гэрэл зураг дээр зурах арга барилыг хөгжүүлж байв. Цэвэрхэн байх гэсэн гэрэл зургийн үзэл санааг урьдаас жигших нь түүний бүтээлүүдэд дутагдал гэж илэрхийлэгддэггүй. Харин ч гоо зүйн илэрхийлэмж болдог.
Тэдгээр мөн чанар, оршихуй бодит байдал дээр, төгс зураглалаар, илэрхийлэгддэггүй, харин, эсрэгээр тэдгээрийг үгүйсгэл дээр цогцолдог. Энэ бүхний тулд, Тихийд зүгээр л муу камер байхад хангалттай төдийгүй, дэлхий ертөнц болоод ид шидийг харах өөр хандлага байхад л бол оо. “Төгс бус байдал яруу сайхныг бүтээдэг. Хамгийн муу дуран дэлхий ертөнцийг өөрчилдөг. Ой гутам байдал дур булаам гоо үзэсгэлэн болж хувирдаг.”
Муруй сарий бодит бус бүтэц болдог, үндсэн суурийн өгөгдөл болдог, тоос шороо, бромидын толбо цаг хугацааны гойд дүрслэл болж хувирдаг. Цаг хугацааг урсан одохыг зөвшөөрөхийн тулд. Гэрлээр зурахын тулд. Энэ бол боломж хэмээн Тихий хэлэх дуртай. Эд бол ердөө л боломж.
1 сэтгэгдэлтэй
үзэсгэлэнтэй
ReplyDelete