Ганцаардлын 400 км - 2



Жич: Тэмдэглэлийн эхний 
хагасыг эндээс уншина уу!


5. Умардын сууринд

Ханх бол Хөвсгөл далайн умард хязгаарт орших ганцаардмал буйд суурин. Эндээс хамгийн ойрхон сумын төв гэвэл 180 км-ийн цаадтайх Хатгал. Уг нь нэгэн цагт далайн урд, умард үзүүрийг холбосон усан зам хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдэг. Гэтэл өдгөө энэ зам бүдгэрч мартагджээ. Гагц урьд усан боомт байсныг гэрчлэх эзэнгүй зогсоол үдэж гаргасан сүүлчийн хөлөг онгоцоо хүлээх мэт нэг л ганцаардангуй… Арга ч үгүй биз, умард зүг хэзээд л ганцаардлын эцэсгүй хязгаар байсан.

Энэ суурин эхлээд бүхий л боомт хотуудын адилаар эрэг хөвөө бараадан үүсчээ. Олон жилийн настай хуучин модон байшингууд эргээс ердөө хэдхэн алхмын зайтай. Далай шигээ эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх их ой тайгын “эрэг хөвөө”-нд оршдог учраас эндхийн байшин бүр модноос бүтэж, модоор дулаацдаг. Сургуулийн арын хашаан дахь жирийлгээд өрчихсөн уул овоо шиг их түлээг хараад Ханхын жавар тачигнасан хүйтэн өвлийг өөрийн эрхгүй төсөөлөн бодож билээ. Нээрээ ч эндхийн өвөл жихүүн хүйтэн гэсэн. 

Суурингийнхан зөвхөн түлээний мод гэлтгүй ундны усаа холоос зөөхийн зовлонг мэдэхгүй. Хаяанд нь Монгол орны хамгийн том цэнгэг уст нуур цэлэлзэн байхад арга ч үгүй биз. Намайг эрэг дагуу алхаж явахад гартаа хувин барьсан усны гуталтай хархүү далай руу шууд туучиж орсноо хувингаа ганцхан дүрээд л усаар дүүргэчихэж билээ. Харин зарим нэг нь далай руу оролгүй, эрэг хөвөөнд нь зогсож байгаад уурга шиг урт шанагаар ус хутгаж авдаг. Айл бүр хаяандаа “худаг”-тай байх ийм л сайхан. Гэвч сүүлийн жилүүдэд суурин өргөжиж, эргээс зайдуу орших айлууд усны машинаар ундны усаа зөөлгөдөг болжээ. 

Ийнхүү эрэг хөвөөндөө багтахаа байсан суурин эцэс сүүлдээ дэнж өөд тэлсэн нь энэ. Эндхийнхэн тэр хэсгээ “Хяр” гэцгээх бөгөөд суурингийн бүхий л арилжаа наймаа энд л өрнөдөг учраас эрэг орчмоо бодвол хөл хөдөлгөөн ихтэй. Энэхүү худалдааны гудамжийг нэвт дайран өнгөрдөг өргөн шороон зам хойд зүгийг чиглэсээр хилийн боомт хүрдэг бөгөөд түүгээр цааш давхивал хилийн цаадтайх Монды гэх орос тосгон, бүр цаашлаад Эрхүү орно. Тиймээс эндхийн дэлгүүрүүд орос бараагаар баялаг төдийгүй амралтын газрууд нь ч орос жуулчдаар дүүрэн. Монды Хатгалаас, Эрхүү Улаанбаатараас ойрхон гэх зарчим оросуудад ч бас хамаатай. Улаанбаатар бүү хэл Хатгал ч орж үзээгүй орос амрагчид Ханхад бол хаа сайгүй. Тийм болоод ч тэр үү жаалуудын орос хэл “мама папа”-тайгаа, мөн мухлаг хоршоонууд орос, монгол хэл дээр давхар хаягтай.

Энд бас урд, хойд хяр гэж бий, голцуу айлуудтай. Би Ханхад ирээд урд хяр дахь нэгэн айлын хашаанд буудалласан юм. Энэ бол миний урьд шөнө хаяанд нь хоноглосон Долоон уул хэмээх жуулчны баазын эзнийх нь Ханх дахь гэр. Далайн хамгийн умард цэгт хүрч очоод хаана хоноглохоо мэдэхгүй, ойролцоох амралтын газрын дэргэдүүр өнгөрч байтал нэгэн эр намайг холоос харчихаад гараа даллан дуудаж билээ. Яваад очтол өнөөх эр энэ амралтын газрын эзэн гэж өөрийгөө танилцуулаад “Үүргэвчтэй яваа монгол аялагч үүгээр өнгөрөхийг бараг л харж байгаагүй тул сонирхоод дуудчихлаа” гэв. Хариуд нь би Хатгалаас нааш есөн хоног алхсан, бороонд цохиулан хоёр өдөр саатсан тухайгаа дуулгатал өнөөх ах үг бүрийг минь хажуу дахь орос зочдодоо орчуулж өгөв. Тэгтэл нөгөө хэд нь ам уралдан уулга алдацгаагаад миний явсан зам мөрийг ажиглаж буй мэт далайг өмнө тийш гүн ширтэцгээж билээ. Далай тэгэхэд анир гүм байсан. 

Амралтын газрын эзнийг Ренчинхорол, эхнэрийг нь Оюунчимэг гэдэг. Тэд жуулчны баазаа дөрвөн жилийн өмнө байгуулжээ. Одоо хоёул тэтгэвэрт. Нөхөр нь хилийн цэрэгт насаараа ажиллаж, эхнэр нь социализмын үед Уралын их сургуулийг англи, франц хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тул тэдний хувьд амьдралын туршлага, хүсэл сонирхолд нь яв цав нийцсэн ажил бол энэхүү буйдхан жуулчны бааз гэдгийг тэдэнтэй өнгөрүүлсэн багахан хугацаандаа ойлгож мэдэрсэн. Ренчинхорол ах нутаг орны онцлог байдлыг сайн мэддэг бол Оюунчимэг эгч зочдоо хүлээж авах, дайлж цайлахдаа үнэхээр гаргууд. Үүнийг би өглөөний цайн дээр мэдэрч суусан. 

Тэр орой Ренчинхорол ах маргааш буцах үндсэн зочдоо уйдаахгүй гээд надтай төдийлөн ярьж хөөрсөнгүй. Харин би Оюунчимэг эгчтэй удаан уулзалдаагүй эртний танилууд шиг оройжин элдвийг ярьж зогсоцгоосон. Итгэхгүй байгаа бол тэмдэглэлийн дэвтэртээ юу гэж бичсэнийг уншуулъя: “Эднийх 5 хүүхэдтэй. Бага хүү нь нэгэн уул уурхайн компанийн Сөүл дэх салбарт ажилладаг бол нэг хүү нь Туркэд сурдаг. Энэ хавар МУИС-ийг төгссөн бага охин нь үргэлжлүүлэн магистрт сурах төлөвлөгөөтэй. Одоо хичээл эхлэх хүртэл аав ээжийнхээ ажилд тусалж байгаа. “Сургалтын төлбөрөөс гадна цалинг нь харамгүй өгчихдөг юм” хэмээн Оюунчимэг эгч сонирхууллаа. Охин нь “Funny” нэртэй бяцхан нохойгоо салхилуулж яваа харагдав. Тэд 5-р сараас 10-р сарын эхэн хүртэл жуулчны баазаа ажиллуулдаг. Харин өвөлдөө ажил төрөл хийлгүй, ач зээ нартайгаа өвлийн урт саруудыг хотод өнгөрөөдөг байна.” 

Бидний дуусдаггүй яриа өглөөний цайны дараа ч үргэлжлэв. Оюунаа эгч намайг байхуу цай, печень, мантуу, нэрс, маслоор дайлаад зогсохгүй “Замдаа идээрэй” гээд ууттай ааруул өглөө. Ренчинхорол ах охинтойгоо дараагийн зочдоо тосохоор өглөө эртлэн босоод Ханх оржээ. Би үүргэвчээ баглаж дуусчихаад өглөөний цэвэр тунгалаг агаарыг амьсгалан далайг ширтэж зогсов. Ханх энүүхэнд гэх бодол намайг юунд ч яаруулахгүй байлаа. Явахын алдад Оюунаа эгч ээжийг минь ямар хүн байдаг болоо гэж их сонирхсон. “Хүүгээ ингэж явахыг тэвчиж хүлээнэ гэдэг ер бусын их зориг шүү” гэж хэлээд намайг хашааныхаа үүд хүртэл гаргаж өгөхдөө “Дараа заавал ээжтэйгээ ирээрэй. Эрхүүгээр явбал илүү ойрхон. Би өвгөнтэйгөө галт тэрэгний буудлаас тосоод авчихна” гэж билээ. Мөн надад утасны дугаараа өгөөд заавал яриарай гэсэн боловч хожим би хэнтэй нь ч холбогдож чадаагүй юм. Дугаар нь холбогдох боломжгүй байна гэх бүрт тэднийг далайн умард эрэг дэх буйдхан жуулчны баазаа ажиллуулж байгаагаар төсөөлдөг. Магадгүй энэ тэмдэглэл биднийг эргэн учруулж ч болно шүү дээ, хэн мэдлээ.

Умард эргээс Ханх хүртэл 20-иод км-ийн зайтай. Эрчтэйхэн алхвал нар буухаас өмнө зорьсон газраа хүрчихнэ. Эрэг дагуух шороон зам Ханх хүрэхийн алдад уул өөд өгсөж, модтой давааг давдаг бөгөөд цааш тонгойвол суурингийн хойд үзүүр харагдана. Замд би Ренчинхорол ахтай тааралдлаа. “Ханхад очоод манай хашаанд буудаллачих. Том охин маань жаахан дүүтэйгээ байгаа” гэв. Ер нь холын аянд хүний сэтгэл тухайн өдрийн тэнгэрийн өнгийг их дагадаг. Тухайлбал өнөөдрийнх шиг ийм цэлмэг, гэгээн өдөр гуньж гутрах нь хүртэл багасчихдаг. Бас энэ мэт багахан үйл явдалд баярлаж хөөрөх нь их. Гэхдээ нөгөө талаар алхах тутамдаа биеэ чагнаад эхэлдэг. Заримдаа далайг бүхэлд нь уугаад дуусгачихмаар их цангадаг сан. Мөр чилэх бол алхам тутамд мэдрэгддэг биеийн зовуурь. Заримдаа хоёр гар маань эсэргүүцлээ илэрхийлж үүргэвчийг минь арагш шидчихдэг сэн. Ядарч, цөхөрч байгаа нь энэ. Тийм үед хэсэгхэн амсхийхэд л биеийн зовуурь дорхноо мартагдчихдаг юм.

Ханхад би нийтдээ хоёр хоносон. Ингэснээр гэрээсээ гараад 12, далайн эрэг дээр 11 дэх шөнөө өнгөрөөж байна гэсэн үг. Ийш ирэх олон өдрийн замд хүмүүс надаас “Хаа хүрэх гэж байгаа вэ?” хэмээн асуух бүрийд ёс юм шиг “Ханх орно оо” хэмээн хариулдаг байв. Үнэндээ “Далайг тойрч байна” гэхээс ичиж эмээсэн хэрэг. Учир нь би хэзээ шантрахаа мэдэхгүй байлаа. Магадгүй Ханх л хүрчих юм бол, урьд хэзээ ч үзэж байгаагүй тэрхүү умардын сууринд яваад оччих л юм бол далайг тойрох хүч тэнхээ, урам зоригтой болчих мэт санасан. Тиймээс би Ханхыг оюун санаандаа төсөөлөн, чин зүрхнээсээ зорьж тэмүүлж алхсан. Очих газраа бодоод л байвал эцэс сүүлдээ очоод юу хийхээ хүртэл урьдаас төлөвлөчихдөг юм билээ. Ханхад ирсэн орой хамгийн түрүүнд ээж рүү утсаар ярьчихаад эхний хүслээ, дараа нь хүнсний мухлагаас уух юм худалдаж авчхаад удаах хүслээ биелүүлсэн. Бас хоол авч идчихээд гурван жаалхүүгийн хамтаар суурингийн булан тохой бүртэй танилцсан. “Илүү сартай зун” кинон дээр гардаг Соёлын төвийн хуучин байшин, усанд живчихсэн эвдэрхий зогсоолыг хүртэл заалгуулж харсан. Ер нь хаа газрын хамгийн сайн хөтөч нар бол хүүхдүүд. Тэд шан харамж нэхэлгүй, өдөржин газарчлахад бэлэн улс. Томчуудын үзэж хараагүй нууцыг тэд л мэддэг. Нар жаргахын алдад сууринг хэдэнтээ хэрж алхсан бид хяр өөд өгсөж гараад далайг ширтэж суунгаа хүйтэн ундаа залгицгаасан. Бүрий нөмрөх яг энэ агшинд далай ер бусын нам гүм болчихдогийг бидний хэн маань ч андахгүй билээ.

Ер нь Ханхын жаалууд усанд сэлэхдээ үнэхээр гаргууд. Тэд үдийн халуун нарнаар далайн ус бүлээцэх үед томчууд барагтаа л бол очдоггүй, эзэнгүй хуучин зогсоолоос ус руу үсэрцгээдэг. Заримдаа жараахай шиг шумбан загас барина. Яг энэ үед тэдний хөгжилдөх дуу шуугиан суурин даяар сонсогддог. Хөдөөний буйдхан сумын төвүүд хүүхэд багачуудын чимээнээр “амь орж”, хөл хөгжөөнтэй болдог нь энд ч бас адилхан. Өнө мөнхийн дүнсгэр, уйтгартай далайг тэд л цовоо цолгиун дуу хуураараа хөгжөөдөг. Түүнчлэн хүүхдүүдэд мэдэхгүй газар, танихгүй хүн ховор. 
-Ханхад хочгүй хүн үгүй хэмээн жаалуудын нэг нь өгүүлэхэд:
-Тэгвэл та гурав ч бас хочтой гэсэн үг үү гэтэл манай гурван “хөтөч” ам уралдан хариулцгаав.
Хөвгүүдийн арай ахмадыг Гамбир Ганболд гэдэг. Гамбиртай онигоо ярьснаас ийм хочтой болжээ. Удаах хүүг Төмс Төөгий гэнэ. Эгчийнхээ захисан төмсийг дэлгүүрээс аваад явж байтал найзуудтайгаа санаандгүй тааралдчихжээ. Тэгээд л ийм хочтой болчихсон хэрэг. Харин гуравдахь хүүг Мээм Мэндээ гэдэг. Цээжиндээ хад хийгээд “Миний мээм ургачихсан” гэснээс болж найзууд нь түүнийг ингэж дуудах болжээ. Нээрээ ч хөвгүүдийн хэлдгээр Ханхынхан бүгд хочтой бололтой. 

Хоёрдахь өдөр сууринтай хөтөчгүйгээр явж танилцлаа. Бас ганцаараа явж амжуулах ажил их байсан юм. Эхлээд өглөө босмогцоо халуун усны газар усанд орсон. Толинд хараад өөрийгөө бараг л таньсангүй. Зүс царай минь гандаж бүүдийжээ. Сахал, үс маань ч их ургаж. Бас эцэж турсан нь илт байв. Гэхдээ энэ бүхэн миний сэтгэлийг ер зовоосонгүй. Шантарч цөхрөөгүй байгаа нь л яг одоо чухал гэж өөрийгөө тайвшрууллаа. Дараа нь тэндээс гараад сонин содон зүйл олоод харчих санаатай дэлгүүр хоршоо хавиар хэсэг эргэлдэв. Гэтэл дэлгүүрийн үүдэнд эрдэмтнийх шиг том зузаан линзтэй, зараа шиг загзгар үстэй, өндөр биерхүү өвгөн ганцаар сууж байна. Хажуугаар нь өнгөрөх бүрийд өвгөн намайг алдалгүй ширтэнэ. Гоочилсон, зэвүүцэнгүй харцтай. Эсвэл зүгээр л тэгж санагдсан байх. Ямар ч л байсан дэргэдүүр нь өнгөрөхдөө түүнээс жийрхэж, аль болох холуур тойрч өнгөрөхийг зорьдог болов.

Үдийн үед буусан айлдаа эргэж очоод өдрийн хоолоо идмэгцээ хөлстэй, хиртэй хувцсуудаа гараар угаав. Би яг л сувиллын газар амарч байгаа мэт өглөө, өдөр, оройн хоолоо эднийд идэж байлаа. Ренчинхорол ахын том охин, ач хүү хоёр намайг яг л гэр бүлийнхээ нэг гишүүн шиг л хооллож ундалсан. Бид хамтдаа далайгаас ус авсан. Замдаа олон зүйлийн тухай ярилцав. Ренчинхорол ахын 9 настай ач хүү ном их уншсанаас гэр бүлийнхэн дундаа “Ерөнхийлөгч” хоч авчээ. Тээр би хэлээгүй билүү, Ханхынхан бүгд хочтой гэж.

Өнөөдөр бас Хирвэс орох “ажил”-тай. Хирвэс гэдэг нь суурингийн баруун талд байрлах битүү модоор хучигдсан өндөрлөг газар. Ийш залуус ирж зугаалдаг бололтой, замд мотоцикльтой залуус олон дайралдав. Дээш өгсөж гараад төгөл дундуурх бүдэгхэн жимээр алхтал нар хөшиглөн туссан ойн хэсэгхэн чөлөөнд хоёр модон байшин харагдлаа. Эхний модон байшинд яваад ортол сурагласан айл маань яг мөн байв. Одоогоос нэлээд хэд хоногийн өмнө баруун эргээр алхаж явахдаа нэгэн амралтын газрын бүсгүйгээс дулаахан нимгэн бүтээлэг гуйж авсныг уншигч та санаж байна уу? Хэрэв санаж байгаа бол Достоевскийг уншиж байсан тэр бүсгүй “Манай найзыг олж уулзаад үүнийг өгөөрэй” гэж хэлээд надад нэгэн зурвас өгснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр зурвасыг би найзад нь өглөө. Тэрбээр захиаг дэлгээд “Энэ хүнд боломжоороо туслаад явуулаарай” хэмээн бусдад сонсогдох төдий уншив. Хоол, хоноглох газраа шийдчихсэн тул үнэндээ надад тусламж төдийлөн хэрэггүй байсан. Гэхдээ надтай энэ хүртэл цуг явж ирсэн тэрхүү захиаг хаяглаж бичсэн эзэнд нь заавал уншуулах ёстой гэж би бодсон юм. 

Ханхын төв рүү харих замдаа өглөө тааралдсан өндөр настай нэгэн эмээг бодож явав. Тэр тун хөл муутай. Таяг тулж удаанаар алхана. Эмээгийн өмссөн нилэмгэр улаан халаад эгээ л зогсох мэт удаан алхахад нь салхинд үе үе дэвэрнэ. Яг л хүчтэй шуургыг сөрөн тэмцэж буй мэт харагдах аж. Гэрээсээ гараад 50 алхам хүрэхгүй газрыг бараг 20 минут туулахдаа өчнөөн ихийг боддог нь лавтай. Ингээд байнга суудаг газраа арай чүү хүрч очоод далайг ширтэж баахан сууна. Тэднийх урд хярд байрлалтай учраас далайг өндөр дээрээс ажиглах боломжтой. Яагаад ч юм бэ, буцах замдаа түүнтэй ярилцах сан гэж хүсэв. Ингээд өнөөх эмээ нөгөө газраа сууж байхыг олж хараад хажууд нь очиж суулаа. Эмээ нас сүүдэр 76 хүрчээ. Хоёр ч удаа харваснаас хөл нь их муудсан гэнэ. Өдөрт хоёр удаа гэрээсээ гарч, хэдхэн алхмын дайтай газрыг бараг хагас цаг алхаж туулаад, хоёр цагийн турш далайг хөдөлгөөнгүй ширтэж суудаг байна. “Ингэж л тэмцэхгүй бол талийчих гээд байна шүү дээ” хэмээн эмээ өгүүлэв. 

-Танд ямар нэгэн хүсэл бий юу гэж түүнээс асуухад: 
-Эдгэх л юм сан. Өөр хүсэх зүйл алга даа. Хөгшрөөд хөл муудахын цагт ярьж хөөрөх ч хүнгүй хэцүүддэг юм байна гэсэн сэн. 
-Далайтай ойрхон амьдрах сайхан байх даа гэж хэлтэл эмээ хэсэг дуугүй байснаа:
-Намар далай их шуугидаг. Тэр үед давалгаан чимээ чихэнд чийртэй болчихдог юм. Харин өвөл 12-р сарын аравдаар их дуу чимээ хадаан далай хөлдөж нам гүмд автдаг гэж билээ. 

Ханхад урьдын адил ер бусын амгалан тайван үдэш айлчлав. Нар уулын орой дээр тогтож ядан дэнжигнэж, далай өнөөх л намуухан төрхөөрөө дүнсийнэ. Шувуудын дуун, хүүхдүүдийн хөгжөөн харанхуйн өмнөх нам гүм сууринг амьтай болгосон хэвээр. Маргааш би эндээс явна, өмнөдийг зорино гэж бодох төдийд л энд улам хоргодох шиг. Хэрэв хэн нэгэн надаас Ханхад харсан хамгийн сайхан зүйлээ нэрлээч гэвэл “Далайн хамгийн умард сууринд нар жаргахыг харна гэдэг үгээр өгүүлшгүй сайхан” гэж хариулна. Үнэхээр ч Ханх надад хамаг сайхнаа дэлгэсэн. Энд уулзаж учирсан бүх хүн ой тойнд минь арилшгүй ул мөр үлдээжээ. Эндхийн хүн бүртэй дотносож танилцаад, дулаахан яриа өрнүүлж чадвал бүгд л сэтгэл татам мартагдашгүй хүмүүс гэдгийг маргааш өглөө нь Ханхаас хөдлөхийн урьдаар хүнсний мухлаг орох далимдаа үүдэнд нь суугч өнөөх өвгөнтэй ярилцан суухдаа олж мэдсэн юм. Тэр миний урьд бодсончлон “гоочилсон, зэвүүцэнгүй харцтай” өвгөн яавч биш байлаа. Эсрэгээрээ хөөр хөгжөөнтэй, чигч шударга нэгэн, бас хүүхэд шиг юуг ч нууж хаалгүй үнэнээр өгүүлэгч. Дэргэд нь суугаад яриа өрнүүлмэгц өвгөний баярлаж хөөрч байгаа гэж жигтэйхэн. Түүний тухай юунд тэгж буруу бодов оо, өөрөөсөө би үнэхээр ичиж байна. 
-Та Ханхад хэр удаан амьдарч байгаа вэ?
-Талийсаан хө.
Өвгөн анх 1954 онд Ханхад ирж суурьшжээ. Өдгөө 83 настай. Насаараа худалдааны дамжлага баазад ажилласан гэв. Тэрбээр хүргэн, охин хоёрынхоо ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн дээд давхарт ганцаараа амьдардаг. 
-Та ер нь тэтгэврийн мөнгөөрөө юу хийдэг вэ?
-Өдөрт нэг шилийг уучихдаг юм. Гэхдээ оройн цагаар. Үдийн хоолны дараа зуу татчихна, орой унтахын өмнө үлдсэнийг. Уусны дараа бие хөнгөрнө, бодол сарнина. Бас сайхан унтана.
-Та ганцаараа л уучихдаг хэрэг үү?
-Ихэнхдээ ганцаараа ууна. Хааяадаа хөдөөнөөс үеийн өвгөчүүд ирэхээр харилцан нэг нэгийг авч байгаад хувааж ууна. Өдөрт ер нь заавал нэгийг ууна шүү. Хүүхдүүд заримдаа өгнө, өгөхгүй бол өөрөө авчихна.

Ийм л нэг хөх срочик, бэлтгэлийн өмд, гэрийн шаахайтай өвгөн дэлгүүрийн үүд сахин өдөржин ганцаар суух. Хэрэв түүнтэй уулзаагүй сэн бол урьдын буруу дүгнэлт минь үүрд хэвээр үлдэх байв. Эргээд эндээ ирэхэд эд минь энэ хэвээрээ байж байх болов уу?

Ханх бол хэнийг ч хоосон буцаалгадаггүй өглөгч суурин. Энд ирээд буцсан хэн боловч зүрх сэтгэлийнхээ уудам орон зайг атаархал, үзэн ядалт, гомдлоор дүүргэчихээд түүнийгээ итгэл найдвар гэж эндүүрч явсныг, бас тэдгээр нь амьдралын урт аянд дааж барамгүй хүнд атлаа утга учраар хоосон ачаа гэдгийг олж ухаарах болно. Энэ бүхний эцэст хэрэв хэн нэгэн надаас “Ханх ямар вэ?” гэж асуувал би лав ингэж хариулах байсан. “Сайхан сэтгэл л байхад бүхнийг ялж дуусдаг шидэт үлгэрийн тухай та сонсож байсан уу? Тийм ээ, Ханх бол яг л тийм үлгэрийн ертөнцөд баймаар шидэт суурин.”



6. Аав


Ханхаас хөдлөөд аавын тухай их бодлоо. Үнэндээ өнөөг хүртэлх бүхий л хугацаанд аавыгаа би бараг л таньж мэдээгүй явж. Өдрийн турш гэртээ эзгүй байдаг, хүүхэд насны минь аав бусад жаалуудын аав шиг тогтсон цагт гэртээ ирэх нь ховор. Ихэнхдээ орой үдшийн цагаар ирнэ. Бас үүр цүүрээр эртлэн босчихоод юмаа бичнэ. “Аав чинь юу хийдэг вэ?” гэх хүмүүсийн асуултад “Сэтгүүлч” гэж хариулахаа мэддэг ч тийм мэргэжилтэй хүн чухам юу хийдгийг мэдэхгүй явсаар өсөж томорчээ. Магадгүй хүүхэд байхдаа аавыг сонин уншиж, юм бичиж байгааг ховорхон харсан болохоор тэр биз. Гэтэл аав энэ бүх ажлаа биднийг унтаж байх хойгуур, өглөөний нам гүмд амжуулдаг байсныг хожим би ээжийн ярианаас л олж мэдсэн юм. Гэхдээ ямар ч л байсан аавын мэргэжил сонинтой холбоотой гэдгийг бид бага байхын л хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг байлаа. Учир нь бидний амьдрал овоолсон сонин дунд өнгөрсөн. Хаашаа л харна үдсэн үдээгүй сонинууд, хэрэгтэй хэрэггүй цааснууд. Аавын сонины газарт бичгийн машиныг эс тооцвол хүүхдүүдийн сонирхлыг татчих юу ч үгүй. Бас л бөөн сонин. Намайг дунд ангид байхад аавын сонины газар өөр тийшээ нүүсэн юм. Тэгэхэд ах бид хоёр байрны хэдэн найзаа дагуулан очоод өнөөх уул овоо шиг их сониныг нүүлгэж билээ. Одоо тэр их сонин аавын гараажид байгаа. Аав ер нь л сониндоо харам. “Энэ чинь түүх шүү дээ” гээд өөрийн, өрөөлийн бүх сонинг хадгалдаг сан. 

Аавын сонин уншдаг зуршил одоо ч хэвээр. Гэтэл ах бид хоёр энэ их сонин дунд “живчхэлгүй” амьд гарсан атлаа “сэлж сураагүй” нь сонин. Өдөржин утсаа оролдоод суучихдаг ах маань цаасан сонин гэхээр төвөгшөөнгүй хандана. Би ч бас ялгаагүй, сонин уншихдаа хойрго талдаа. Ер нь л бид сонин уншиж хэвшээгүй том болцгоосон. Гэхдээ сонингоор “зодож” гал түлэхийг гаргууд сайн мэднэ. Пийшингээ дүүртэл цаас чихэж байгаад том том түлээгээр гал асаадаг байсныхаа горыг хэд хоногийн өмнө хүйтэн бороонд бээрч суухдаа амссан. Тэгэхэд би өчнөөн оролдсон ч ерөөсөө гал асааж чадаагүй юм. 

Бидний мэдэх аав ер бусын амгалан тайван хүн. Уурлаж бухимдах нь хүртэл өдрийн од мэт. Ийм хүлцэнгүй дөлгөөн хүнээс загнаж зандрах үйлдлийг хүлээгээд ч хэрэггүй. Би нэг удаа найзтайгаа байрных нь гадаа зогсох машиныг дур мэдэн хөдөлгөчихөж билээ. Хүчтэйхэн хаазлаад урагшилтал хойд талын нэг дугуй траншейны нүх рүү бүхлээрээ яваад орчихсон мэт их дуу чимээ гарч, доргилт үүсэв. Гараад хартал нэг дугуй нь мултарчихсан байлаа. Аав гэрээсээ гарч ирээд намайг ерөөсөө загнаагүй. “Дугуйгаа солиод боолтуудыг нь амсуулах төдий хийчихсэн байсан юм. Гарч ирээд чангалах хооронд ийм юм болчихлоо. Аавынх нь буруу” гэхээс өөр юм хэлээгүй. Уншигч та намайг энэ үед хүүхэд байсан гэж бодож байна уу? Үгүй ээ, би хорь гарчихсан идэр залуу байхдаа ийм хэрэг тарьсан. Нэг охинд хаягдчихаад юу хийхээ мэдэхгүй цөхөрч байхдаа аавын машиныг унаад хаашаа ч хамаагүй салхи татуулан давхимаар санагдсан хэрэг. Гэтэл аавын машин буруу зүйл хийж байгааг минь болиулах гэсэн мэт байрнаасаа алхам ч хөдлөөгүй юм даа. 

Ханх голыг гүүрээр гаталлаа. Алхаад л байвч зам ер хоргодохгүй юм. Бүр тэгэхээс тэг гэсэн шиг орой бүр өмсөж унтдаг, өдөр нь гартаа барьж алхдаг улаан ноосон малгайгаа хаа нэгтээ гээчихлээ. Өөр юу ч байж болно, энэ малгайг л яавч гээж болохгүй байв. Би үүргэвчээ ойролцоох айлд үлдээчихээд буцаж алхлаа. Бараг нэг цаг орчим хэртээ, газар ширтэн алхсан ч өнөөх малгайгаа олсонгүй. Бүр цөхрөнгөө барж гүйцлээ. Улаанбаатарын жиндүү хүйтэн орой малгайгүй явааг минь харчихаад “Миний малгайг өмсөөд яв” гэснээр минийх болсон энэ малгай өнгөрсөн өвлийн хүйтнээс, бас эдгэшгүй ганцаардлаас намайг хамгаалсан юм. Ийнхүү буцаад урамгүйхэн алхахдаа малгайгаа олохгүй нь гэдэгтэйгээ бараг эвлэрч гүйцээд дотнын хэн нэгнээ холын холд үдчихсэн мэт тун ч гунигтай явлаа. Гэтэл юу болсон гээч! Эрээд эрээд олдоогүй малгай минь гэнэтхэн урд гараад ирсэн. Би бөөн баяр. Сэтгэл хөнгөрөөд л явчихсан. Нээрээ ч зарим дурсамж яг л ийм мэдрэмж төрүүлдэг. Эргэн дурсах гээд хэчнээн хичээвч санаанд ордоггүй дурсамж олон. Гэтэл заримдаа тэдгээр нь гэнэтхэн, хаа нэгтээгээс гараад ирдэг. Аавын тухай зарим дурсамж нулимстай гашуун ч гэлээ гэрээсээ ийм хол яваа надад хайрлаж хүлхмээр амттай санагдаж байна. 

Аав, ээж хоёрын олон сар өдөр үргэлжилсэн хэрүүл маргаан бүгдийг цөхрөлд унагалаа. Амьдралд минь бүдэрч ойчвол түшиж унах хоёр л багана бий: тэр нь аав, ээж. Тэгвэл хүүхдүүд бидэндээ хэзээ ч хугарч нугарамгүй санагдах тэр хоёр багана нэгнийгээ нурааж сөхрүүлнэ гэвэл бид хэний талд орох ёстой вэ? Хорвоо дээрх хамгийн хэцүү асуулт энэ. Үүнийг ганцхан хүүхдүүд л ойлгоно, өөр хэн ч биш. Нагацууд, авгууд ч, аав ээж хоёрын найзууд ч үүнийг үнэн зөвөөр ойлгож чадахгүй. Бүгд л өөр өөрсдийн “хүн”-ээ өмөөрч хамгаална. Үнэн мөнийг эцэслэн тогтоодог шүүхэд ч ийм хүч увдис байхгүй. “Миний хүү, ээжийгээ дагана биз дээ” гэж ээж минь надад хэлэхэд арван хэдхэн настай жаахан хүү би юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Дараа нь шүүхийн ажилтан эмэгтэйд “Тийм ээ, би ээжийгээ дагана” гэж хэлэхдээ ч хэний талд орох ёстойгоо шийдэж чадаагүй л байв. Би одоо ч гэсэн ийм сорилттой нүүр тулгарахаас айдаг. Зүрх зүсэх шиг болдог учраас тэр. 

Зам, далай хоёрын зааг дахь хэсэгхэн чөлөөнд хоноглож байна. Борооны хар үүл далайг гатлан нааш айсуй. Далай яг энэ үед анир гүм байдаг ч борооны өмнө ааш аяг нь гэнэт догширчихдог. Уг нь далайд нэг дусал бороо нэмэгдэж л байвал сайн бус уу? Гэвч далай тэгж боддоггүй бололтой, цөхөрч дуусахгүй мэт зөрүүдэлсээр л байх юм. Үнэндээ би яг ийм гөжүүд хүүхэд байсан гэдэг. Энгийн үед эглээс эгэл даруухан хүү. Гэвч хүмүүсийн хүрээлэл дунд ороод жаахан л зүйл буруугаар эргэчихвэл шууд тэндээсээ зугтчихдаг. Би нэг удаа зуслангаас оргосон. Өрөөний ах нартай таараагүй юм. Бас нэг удаа харанхуй шөнө айлаас оргосон. Авга ах намайг хүүхэдтэй нь муудалцлаа гээд цохичихсон юм. Бас нэг удаа ааваас зугтсан. Санзайн зуслан дахь эмээ өвөөгийнд хашаа барьж байсан аав маань гэнэтхэн надад хатуу үг хэлчихэж билээ. “Тус болохгүй, сэлгүүцлээ” л гэсэн байх. Би шууд л зугтчихсан юм даг, хаашаа яваагаа мэдэхгүй ч зам даган хот руу алхсан. Миний араас ухасхийх гэсэн ээжийн эрэгтэй дүүг аав болиулаад “Наадхаа орхи, орхи” гэсэн нь надад бүр ч хорсолтой санагдаж билээ. Би удаан алхлаа. Алсад манайхан юмаа хийж байгаа харагдав. Би яг л энэ омголон далай шиг цөхөршгүй зөрүүдлэгч учраас тэдэн рүү хэзээ ч буцаж очихгүй гэдгээ мэдэж байлаа. Тэгтэл араас минь ээжийн эрэгтэй дүү ухасхийв. Бүр алхаж биш, гүйж байна шүү. Би баригдахгүй гэсэндээ алхаагаа түргэсгэж, эцэс сүүлдээ гүйж эхэллээ. Арван хэдхэн настай жаахан хүү араас нь нэхэж яваа нагац ахдаа баригдахгүй гэж удаанаар тэмцэлдсэний эцэст Хандгайтын ам өнгөрч яваад гүйцэгдэв. Тэр орой би аавын машинд ороод шууд л унтчихсан. Харин гэрийн гадаа ирээд машинаас ер гараагүй, сэрсэн ч хэвтээд л байсан. Гомдол минь арилаагүй учраас тэр. Энэ далай шиг омголон учраас тэр. Ингээд бууж өгмөөргүй санагдсан учраас тэр. Гэтэл аав намайг хоёр гар дээрээ өргөөд гэрт оруулж билээ. Тэгэхэд л би аавыг шууд уучилчихсан юм даг. Хүн уярахаа тулбал өчүүхэн төдий зүйлд буугаад өгчихдөг юм билээ. Тээр, энэ далайг харж байна уу, саяхан л эрэг хөвөөндөө багтаж ядан цалгиж байсан, гэтэл бороо орохтой зэрэгцэн гүн санаашрах мэт уяран тайвширчих юм.

Амьдралын минь тулах багана болсон хоёр хүн нэг нэгнээ сөхрүүлж гүйцэхээс өмнө хоёр тийш салахаар шийдэж, хурааж хуримтлуулсан бүхнээ эв найртайгаар хувааж аваад амар жимэр амьдарна гэж санацгаав. Ээж бид хэд 6-р бичил хорооллын хоёр өрөө байр луугаа нүүж, аав Гандангийн эл хульхан байшиндаа үлдлээ. Хууль ёсоор ах аавыг дагасан ч хожим их сургуулийн нэгдүгээр дамжаагаа төгсөөд Солонгост сурах хүртлээ бидэнтэй цуг амьдарсан. Хатуу хөтүү нь ээлжилдэг амьдрал гээч зүйлийг үргэлжид л ийм элбэг дэлбэг байх мэт санаж явсан ээж минь ааваас салахдаа дөрвөн хүүхдээ бусдын дэмгүйгээр хооллож ундлаад байж чадна гэж бодсон байх. Гэтэл амьдрал амар хялбар зүйл биш билээ. Ээж маань ааваас авч үлдсэн хоёрдахь өмч болох эзэнгүй хашаа байшингаа зараад Санзай дахь эмээ өвөөгийн хашаанд хүнсний мухлаг барьж эхлэв. Хашаагаа зараад мөнгөтэй болсон тэр өдрийг би одоо ч мартдаггүй. Ээж бид хэд хааяадаа ордог жижигхэн цайны газарт дуртай хоолоо авч идсэн. Мөн ах бид хоёрт пүүз аваарай гээд мөнгө илүүчилсэн. Пүүзэнд хорхойтой ах маань бөөн баяр. Би ахыг даган бүх л өдөржин пүүзний лангуунуудаар хэсэж билээ. Харамсалтай нь, бидний барьж эхэлсэн тэр дэлгүүр хэзээ ч нээлтээ хийгээгүй юм. Баригдаж дуусах нь мэдэгдэхгүй, байнга л “нэхэж” байдаг тэр дэлгүүр яг л бидэн шиг ээжийн ажил алба эрхлэх гэсэн сүүлчийн горь найдлагыг үгүй хийчихсэн юм. Ээж уг нь “биднийг төрүүлээгүй бол” сувилагч болох байв. Гурван жил дараалан гурван хүүхэд гаргасан ээж минь ажилдаа эргэж орохоос ичээд бүрмөсөн гэртээ суучихсан гэдэг. Дараа нь ээж маань аавын сонинд бичээч, эх бэлтгэгч хийдэг байв. Тэгвэл одоо ганц чаддаг зүйлээ хийх аргагүй болжээ, ээж минь тэр үед яасан их цөхрөө бол?

Эрэг бараадах шороон зам Ханхаас хөдөлснөөс хойшхи хоёрдахь өдрийн өглөө зүгээ өөрчилж, далайн эргээс холдлоо. Газрын зургаа хартал нэлээд тойрч алхах шинжтэй тул “Яадаг юм билээ” гэж хэсэг тээнэгэлзэв. Учир нь би далайн эргээс ч, замаас ч холдмооргүй байлаа. Гэтэл амьдрал заавал аль нэгийг нь сонгох хүндхэн шийдвэрийг өршөөлгүйгээр тулгадаг. Хүүхэд насны минь дурсамжаар бол аав энэ зам, ээж энэ далай байх. Ийнхүү хэсэг бодсоны эцэст машин замаас гарч далайн эрэг дагуу товчилж алхахаар шийдэв. Дагаж явсан бүдэгхэн жим маань нэг л мэдэхэд хааш одсон нь мэдэгдэхгүй алга болчихсон тул би давалгааны чимээг баримжаалан жим ч үгүй, мөр ч үгүй эзгүй зэлүүд ой дундуур үд хүртэл алхлаа. Тэгтэл ойн зах дахь өтгөн шигүү өвстэй налуу судагт нэрсний намхан бутнууд үй олноороо ургасан байхтай таарав. Бут бүр жимстэй. Бүр сагсайтал ургажээ. Би үүргэвчнээсээ хоолны саваа гаргаж ирээд нэрс түүж баахныг идээд бараг бялуурах шахав. Манайхан жилийн яг өдийд нэрсэнд бөөнөөрөө явдаг сан. Ээж түүгээр нь нэрсний чанамал хийнэ. Аав түүнд нь их дуртай. Зууван чех талхыг зузаан гэгч нь зүсмэгцээ хөлдүү маслыг хутгаар хэрчин дээр нь хам хум тавьсан болоод чанамалаа “хайр найргүй” нялна. Заримдаа маслыг бяслагаар орлуулна. Анх идсэн хүнд эвгүй амттай. Гэхдээ өглөө бүр идээд хэвшчихвэл энэ амтны сайхныг төвөггүй ойлгож ухаарна. Аав одоо ч ингэж цайлдаг хэвээр. Ер нь аав хоолны хольцгүй, цэвэр амт чанарт гойд дуртай хүн. Гурилтай шөлөндөө амтлагч хийлгүй, зүгээр л тос даасан том ааруул чулуудчихна. Бас дэлгүүрээс чихэр жимс авахгүй, орос маягийн өглөөний цайндаа зориулж зууван талх, дөрвөлжин масло, нүхтэй бяслаг, нэрсний чанамалаа заавал авна. Үнэхээр ч аавыг байхад бидний амьдрал энэхүү баялаг өглөөний цай шиг хангалуун байсан. Бидний өвлийн турш иддэг идэшний хэмжээг хэрэв хэн нэгэн санаандгүй сонсож дуулчихвал гайхаж шогширдог байв. Харин аавын эзгүйд бидний амьдрал элбэг дэлбэг байхаа больсон. Ээж минь аргаа бараад хажуу өрөөгөө түрээсэлсэн. Ах гал тогооны өрөөнд, харин ээж, эгч, охин дүү бид дөрөв том өрөөндөө төвхнөв. Гэтэл нэг өдөр аав орж ирлээ. Тэр бол бидэнд ойртдоггүй, биднээс холддоггүй аав. Тэр бол үзэгдэх төдий сүр бараагаараа биднийг баярлуулагч аав. Тэр бас бидний гомдол тунирхлын шалтгаан болсон аав. Тэр биднийг орхиод явсан учраас “муу” аав. Тэр бас зүгээр л гэнэтхэн ингээд ороод ирдэг учраас “сайн” аав. Бид аавын тогшилтыг хүртэл анддаггүй байлаа. Аав хоёр удаа аяархан тогшдог сон. Орж ирмэгцээ хажуу өрөөг түрээсэлснийг хараад “Энэ хүмүүсээ долоо хоногийн эцсээр гаргачих. Өнөөдрөөс эхлэн түрээсний мөнгийг аав нь өгч байна аа” гэв. Бид бөөн баяр хөөр. Аав хэдэн хүүхдээ хоол ундаар гачигдаж дутагдаж байгааг хараад өрөвдсөн байх. Амьдралын минь хамгийн бүүдгэр өдрүүдэд аавын тус дэм хэзээд л гэрэлт нарны илч дулаан шиг эрхэм дотно санагддаг байж билээ. Тэрхүү “түрээсний өрөөнд” би нүүн нүүтлээ амьдарсан. Ээж бас эх бэлтгэгчийн ажилдаа эргэн оров. Энэ хорвоо дээр аавын бичгийг гаргадаг тоотой хэдхэн хүний нэг ээж учраас аргагүй биз. Ээж энэ ажлаа олон жил хийсэн. Сонины дугаар шилжих болгонд аав, ээж хоёр маань ахин дахин эргэн “учирдаг” сан.

Аав, ээж хоёрын салалтыг бүгд л өөр өөрсдийн өвдөлт зовуурийг сэтгэлдээ тээн, даван туулцгаасан. Бага ангид сурдаг охин дүү маань сурлагандаа тааруу болов. Ээж дахиад л аргаа барж гүйцсэн бололтой, дүүг төлбөртэй сургуулиас нь гарган гэрийнхээ ойролцоох улсын сургуульд оруулчихаж билээ. Тэгтэл жаахан дүү минь шинэ орчинд дорхноо л сэргээд ирлээ. Харин ах, эгч хоёрт аавын түшиг тулгуур үгүйлэгдэж байлаа. Тэд заримдаа ганц нэг өдрөөр гэртээ ирдэггүй байв. Төдөлгүй эгч 19 насандаа бяцхан хүү төрүүлснээр гэр амьтай боллоо. Сургуулийнхаа хамгийн царайлаг, хамгийн ухаантай, хамгийн сэргэлэн гэгдэх ах маань их сургуульд орсон эхний өдрөөсөө л бор дарсанд толгойгоо мэдүүлэх болов. Ууж наргих нь өдрөөс өдөрт ихэсч байлаа. Үүнийг анзаарсан аав нэгдүгээр дамжааг нь төгсмөгц Солонгос руу сургуульд явуулчихсан юм. “Хэрэв тийш яваагүйсэн бол замаа эгнэгт алдах байлаа” хэмээн ах маань одоо ч үе үе дурсдаг. Харин ээжийн уйт цөхрөлийг бидний хэн маань ч анзаардаггүй байж. Ээжийн ууж ирэх нь өдрөөс өдөрт ихэслээ. Хар ус сэтгэлийг тайтгаруулдаг гэдэг нь худал юм билээ. Орой бүр халамцуухан орж ирчихээд зөвхөн нэг л дуугаа давтан давтан сонсдог ээжийгээ дэргэдээс нь харах болгонд энэ ундаа хүнийг улам л гуниглуулан, сэтгэл доторх цөхрөл шаналлыг нь улам л сэдрээгээд байх шиг санагддаг байв. Гэвч ээж энэ их шаналлыг ууж биш, сэтгэл доторх сүүлчийн итгэл найдвараа шавхан байж, даван туулсан. Нэг л өдөр “Би дахиж уухгүй ээ” гэж хэлээд үгэндээ хүрснийг нь бодохоор намайг төрүүлсэнд нь биш, намайг өсгөсөнд нь биш, зүгээр л энэ их уй цөхрөлийг цор ганцаараа давж туулсанд нь ээжийг хязгааргүй ихээр хайрламаар...

Хүүхэд байхаасаа л хэнд ч анзаарагдамгүй эгэл даруухан байж дадсан би бусдын уй шаналанг сонсогч, ажиглагч, ойлгогч болж, өсөж томорсон. Найзууд маань баяр жаргалтай гэхээсээ илүүтэй, хамгийн зовлонт үедээ намайг дууддаг. Зовлонг нь гэтэлгэх арга ухааныг мэддэгтээ биш, бүх л оройжин юу ярихыг нь тэвчээртэй сонсож чаддаг учраас л тэд надад бүхнээ итгэж ярьдаг сан. Харин баяр жаргалтай үедээ тэд намайг мартчихдаг. Тийм учраас ч би ялж буй нэгэнтэй биш, ялагдаж буй нэгэнтэй ярилцах дуртай. Нөгөө талаар би хэнд ч юуг ч ярьдаггүй хүн болж төлөвшсөн. Одоо ч тийм хэвээр.

Аавын уйлж байгааг би нэг ч удаа олж хараагүй. Бас сэтгэлээ хэнд ч уудлан ярьж байгааг сонсоогүй. Аавыг ер нь над шиг уйлдаггүй хүн гэж боддог байлаа. Гэтэл ахыг Солонгост сурахаар явсан өдөр аав гэртээ ирээд ийм нэг тэмдэглэл бичсэнийг хожим л олж уншсан юм. Тэгэхэд л би аавыгаа арай өөр нүдээр харж билээ.
“Хүү минь хөөрөн нислээ
Хөлөглөн суусан цагаан онгоц нь
Хөх үүлэн дунд шингэхийг харлаа би.
Эл хульхан Гандандаа сууж
Эцэг нь уйлан тэмдэглэлээ бичиж байна. [2004.09.15.]”
Гэхдээ л би аавд үе үе голдоо ортол гомддог. 20 насныхаа төрсөн өдрөөр жолооны үнэмлэхтэй болчихоод ааваас машиныг нь өчнөөн гуйж билээ. Аав уг нь зөвшөөрсөн ч эцсийн мөчид татгалзсан. Би яахав дээ, эмэгтэй хүнд анх удаа чин сэтгэлээсээ сайн болчихоод, бас бидний эхлүүлсэн харилцаа хэзээ мөдгүй нуран унах гээд байгааг гадарласан тул төрсөн өдрөөрөө аавын машиныг унаад очвол тэр өдрийг тун дурсамжтай өнгөрөөж, бид хоёр эргээд хэвэндээ орчихож магадгүй гэж найдсан хэрэг. Гэвч аав машинаа өгөөгүй, би явган явж очсон, тэр орой сэтгэл догдлом сайхан өнгөрсөн, гэтэл төдөлгүй хэд хоногийн дараа тэр надаас больё гэсэн. Би энэ бүхний бурууг амлалтдаа хүрч чадаагүй шалтгаанаа аавд тохоочихсон. Тэгээд хэд хоногийн дараа аав надад машинаа үг дуугүй унуулах өртэй гэж муйхарлан бодсон учраас машиныг нь хөдөлгөх гээд бөгсөөр нь унагачихсан юм. Гэтэл хамгийн егөөтэй нь, тэр орой машинтай, машингүй очсоны ялгаа бараг үгүйг би бүр хожим олж мэдэрсэн сэн. Тэр аль хэдийн надаас салан одохоо шийдчихсэн байлаа. Ингээд бодохоор аав машинаа өгөөгүй нь, бас аавын машин хөдлөөгүй нь зөв ч байсан юм шиг... 

Би бас аавын төрсөн нутагт нэг ч удаа очиж байгаагүйд гомддог. Намайг гадагшаа сургуульд явуулаагүйд гомддог. Сэтгүүлч болно гэхэд минь надад итгэж байгаагүйд гомддог. Энэ бүхнийг бодохоор өр зүрхний минь гүнд өчнөөн жил хадгалагдсан гомдол, тунихрал яах ийхийн зуургүй ундарч гараад аавыг агшин хормын төдийд “муу аав”-ын дэнсэн дээр тавьчихдаг сан. Гэвч төдхөн сайн аавын тухай дурсамжууд ээлж дараалан хөвөрнө. Аав надад төрсөн нутгаа үзүүлж байгаагүй ч Киргизийн хөх сувд Иссыкуль нуурыг үзүүлсэн. Бас Номхон далайд аваачсан. Аав намайг гадагшаа сургуульд явуулаагүй ч хичээл эхлэхээс ч урьтаад их сургуулийн минь төлбөрийг бариад ирдэг байсан. Ийм өглөгч аав өөр хаана байдаг билээ? Аав намайг сэтгүүлч болоход дэмжээгүй ч төгсөх ангийн оюутан байхад минь гэрэл зургийн камер авч өгсөн. “Аав аа, би ер нь чөлөөт цагаараа гэрэл зураг авдаг юм билүү” гэхэд үгэнд минь шууд итгээд үнэтэй камерыг өчүүхэн ч эргэлзээгүйгээр авч өгсөн. Би сайн гэрэл зурагчин болж чадаагүй ээ, гэхдээ гэрэл зурагт дуртай болсон. Арван жилийн маань ангийн хүүхэд нэг удаа “Хэрэв би чам шиг аавтай бол дэлхийг тойрох байсан” гэж хэлж билээ. Тийм ээ, түүний хэлдэгчлэн дэлхийг тойрох галзуу санааг минь (хэрэв ийм санаа хэзээ нэг өдөр орж ирвэл) хамгийн түрүүнд дэмжиж чадах хүн бол манай аав.

Цаг хугацаа өнгөрөх тусам би аавтайгаа улам адилхан болж буйг мэдэрдэг. Алхах дуртай минь ааваас өвлөсөн зуршил. Өдөр бүр шахуу нэг л хувцсаа өмсдөг нь бас л аавыг харж сурсан дадал. Дөрөвдүгээр ангид байхад ангийн маань тун ч дэгжин хүү “Чамд үүнээс өөр цамц байдаг уу?” гэж сониучирхан асууж билээ. Тэгэхэд л би өөрийгөө өдөр бүр нэг хувцсаа өмсдөг гэдгийг олж анзаарсан юм. Гэвч тэр үед ичсэндээ “Байгаа” гээд хариулчихсан. Уг нь надад өөр цамц байгаагүй юм. Харин хожим, бүр том болчихоод сэтгүүлийн газарт ажилд орсны дараа нэгэн зураач залуу “Чамд үүнээс өөр цамц байдаг уу?” гэж асуухад өөртөө бардам итгэлтэйгээр “Байхгүй ээ” гэж хариулж билээ. Уг нь огт өмсдөггүй хэд гурван цамц надад бий л дээ. Ингэж хэлээд ч болтугай уртаашаа өргөөшөө, өмсдөг ганцхан цамцтай гэдгээ ойлгуулчихвал амар гэж бодсон хэрэг. Би бас аав шиг дотогшоогоо хүн. Бусдад дотроо уудалж ярьдаггүй. Нөгөө талаар би аавын хаана ч хүрэхгүй гэдгээ мэддэг. Би уужуу тайван хүн ч аавын эгэл даруухныг яавч гүйцэхгүй. Жаахан дүү нарынхаа жижигхэн алдааг хүртэл өлгөж аваад уурлаж хашгичдаг. Би аавд хааяа гомддог, гэтэл аав маань аавдаа хэзээ ч гомдож байгаагүй. Би ээжид хааяа уурладаг, гэтэл аав маань ээжийгээ үргэлж эрхэмлэн хүндэтгэсээр ирсэн.

Далайд хүчтэй салхи дэгджээ. Миний буудалласан модот эрэг хачин эл хуль аж. Өглөөхөн салж холдсон зам маань энүүхэнд байх шиг, моторт тэрэгний уухилах чимээ холгүйхэн сонстоно. Энэ зам эргээсээ хэчнээн холдсон ч эргээд л нийлчихдэг шиг аав бид хоёр энэ хүртэлх хугацаанд хэчнээн ч удаа “холдож ойртов” доо. Нэг удаа аавын надад өгсөн хатуу хавтастай хуучин номын завсраас “Нулимстай дурсамж” гэх гарчигтай сонины хайчилбар олж билээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайн бичсэн эл дурсамжийг аав маань ихэд анхааралтай уншсан бололтой, зарим өгүүлбэрийн доогуур улаан балаар зурсан байв. “Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ” гэсэн ийм нэг өгүүлбэрийн чанх дээд талд “1957 – 37” гэсэн тоонуудыг бичсэн нь содон харагдлаа. Аав минь 1957 онд аавынхаа 37 настайд төржээ. Аав үүнийг уншчихаад аавыгаа л бодож байж. Харин “Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ” гэх өгүүлбэрийн доогуур улаанаар зурсныг хараад аав энэ үед хүүхдүүдээ л бодож байж гэж бодсон. Нээрээ бид аавдаа хань болж чадсан билүү. Бидэнд юу ч өгсөнгүй гэж байнга гомдоллодог атлаа бид аавдаа юу өгч гийгүүлсэн билээ?

Ахыг Солонгост сурахаар явснаас хойш гурван жилийн дараа аав ийм нэг тэмдэглэл бичсэнийг бас л хожим олж уншсан юм. “Онгоцны буудал дээр миний хүү намайг тосохоор ирж, дараа нь хоолны газар хоол идэж суухдаа ийн бодов. Би хүүгээ өмнө нь их шүүмжилдэг байсан. Одоо харин хүүгээ шүүмжлэхгүй, миний адил миний хүүг бас өөр хэн ч шүүмжлэх ёсгүй. Миний хүү мөрөөрөө явж хувь заяагаа өөрөө олсон. Ном сурахгүй ч гэсэн номхоныг нь сур гэдэг билээ. Номхон гэдэг нь худал хэлдэггүй, хулгай хийдэггүй, үнэнч шударга байх тэр эрхэм занг монголчууд хоёрын хооронд эрдэм боловсрол, ном сургуулиас илүү үнэлж байсан юм. Миний хоёр хүү энэхүү чанарыг эзэмшсэнээрээ юунаас ч үнэ цэнэтэй Бурханы хүүхдүүд. [2007.12.25.]” 

Бавуугийн Лхагвасүрэн гуай аавынхаа тухай бичсэн өнөөх “Нулимстай дурсамж”-даа “Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн” гэснийг уншаад доогуур нь тодруулж зурмаар санагдсан. Аавыгаа бид аахар шаахархан гийгүүлж явсан маань аавын минь биднийг гэсэн хайрын дэргэд үнэхээр л юу ч биш байж. Бүр юу ч биш...



7. Зүүн эрэг


Зүүн эргийн ихэнх хэсэг элсэрхэг, зам нь ч тэр, эрэг хөвөө нь ч тэр. Харин ой тал руугаа хөрс хатуужиж, элсгүй болдог. Нарлаж хэвтмээр дулаахан элстэй, эзэнгүй эрэг замд минь олон тааралдсан. Би нэг удаа бараг хүүхэд ч сэлж болохуйц гүехэн устай эрэг дээр үдийг өнгөрөөхдөө бүх хувцсаа тайлаад усанд булхаж билээ. Эр хүн ганцаар байхын жаргалыг эзгүй хээр мэдэрдэг гэдэг нь үнэн бололтой. Эзгүй зэлүүд байгальд би юунаас ч ичиж эмээхгүй байлаа. Гэхдээ нөгөө талаар улам сүсэг бишрэлтэй болж байгаагаа анзаарсан. Энэ нуур, энэ ой, бас энэ зам үүрд энэ чигээрээ байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явав. Туулж барахад хэцүү учраас л ийш зорин ирэгсдийн тоо цөөн байдаг. Далайн давтагдашгүй мөн чанар дагшин байгалиараа буй үед л өнө мөнхөд хадгалагдана. Эрэг хөвөө бүр нь эзэнтэй, тохилог сууцтай, төмөр хашаатай болсноор энэ нуур өнгөн талдаа өөдлөн дээшилж буй мэт боловч нөгөө талаар амин чанараа гээж буй хэрэг. Анчигасын амны зуудаг нохойтой, тансаг амралтын газар надад яг ийм мэдрэмж төрүүлсэн. Эрэг дагуу нь алхахад хүртэл манаачаас нь зөвшөөрөл авдаг ийм “ирээдүй”-г бид хүсээгүй байлтай. 

Миний давж уруудсан давааны тоо чухам хэд хүрснийг мэдэх юм алга. Зүүн эрэг дагуух 180 км шороон зам даваанаас давааны хооронд үргэлжилдэг. Бүгд л өөр өөрийн давтагдашгүй онцлогтой. Сэвсүүлийн даваа нэрс, аньс ихтэй. Анчигасын даваа амралтын газартай. Борсогийн даваанаас Модон хүй арал харагддаг. Их сантын даваа алгуур өгссөн замтай. Уруудсаар ахиад алгуурхан өгсөхөд Бага сантын даваа бий. Их Хилэнгийн даваа зэлүүд. Халзан даваа нэр шигээ халзан толгойтой. Хөндийн даваа туулж барамгүй урт. Сагсагийн давааг уруудахад Хатгалын урд үзүүр харагддаг. Гэхдээ эд бүгд нэг зүйлээрээ ижил, тэр нь нар жаргах үеийн төрх байдал. Бөхөж буй нарны сүүлчийн гэрэл туяа далайн долгисох мандлыг илч дулаанаараа бүлээцүүлэн баруун зүгт, нүцгэн оройтой уулсын цаагуур одох нь зүүн эргийн аль нэг даваан дээрээс гайхам сайхан үзэгддэг. 

Тэмдэглэл хөтлөх арга минь аяллын турш улам гүнзгийрч байлаа. Эхлээд би өглөө, өдөр, оройдоо тэмдэглэл хөтөлдөг байсан бол дараа нь бичих боломж олдсон даруйд, эцэс сүүлдээ үүнийг л бичиж тэмдэглэх ёстой гэж бодсон даруйд дэвтэр, балаа даруйхан шүүрч авдаг болсон. Учир нь тухайн агшинд бодож мэдэрсэн зүйлээ хэсэг хугацааны дараа л мартчихаад байгааг олж анзаарсан юм. Ганцаар алхахад алхам тутам шинэ сэргэг зүйлийг мэдэрдэг боловч тэдгээр мэдрэмжүүд сөөлжилсөн олон бодлын дунд дорхноо л мартагдчихдаг. Эргэн саная гэж хэчнээн хичээвч санаснаар ер болохгүй. Тийм учраас л би дэвтэр, балаа гарт ойр байлгаж, заримдаа гараасаа салгалгүй чанга атгачихаад мэдрэмж бүрээ тэр дор нь тэмдэглэж явдаг байв. Өглөө, өдөр, оройны мэдрэмж харилцан адилгүй. Айдастай, хүйтэн шөнийн дараах нартай, дулаахан өглөө би өөрийн доторх “эрэлхэг нэгэн”-ийг мэдэрдэг. Харин биеийн зовуурь шаналлыг тултал амсдаг жин үдийн үед хэзээ мөдгүй нуран унахын ирмэг дээр буй ч “Одоо л биш шүү” хэмээн өөрийгөө уйгагүй ятгах үл цөхрөгчийн дүрд энэ биеэ авааччихдаг. Тэгвэл нар жаргахын алдад байгалийн сайхныг ажиглагч, давалгааны чимээг сонсогч, эргэн тойрны хэтэрхий нам гүм байдалд уусагч болж өөрчлөгддөг. Ингээд хамгийн сүүлд харуй бүрийтэй зэрэгцэн хязгааргүй ганцаардал намайг нөмрөн авдаг юм. Энэ үеийн минь тэмдэглэл дандаа гунигтай, ганцаардангуй, эсвэл ганцаар яваагаа зөвтгөсөн өнгө аястай болдог. Тухайлбал гэрээс гарснаас хойшхи 12 дахь өдрийн орой 20 цагт ийм тэмдэглэл бичжээ. 

“Ганцаар алхахад чи хэний ч цагт хүлэгдэхгүй. Майхангаа удаан хураалаа, хэтэрхий хурдан алхлаа, хийсэн хоол амтгүй боллоо гэж хэн ч чамд гомдоллохгүй. Хэзээ амрах, хаана отоглохоо чи л шийдэж, зарим өдөр урагш эрчтэйхэн давшилж, зарим үед зүгээр л майхнаа ч хураалгүй, хоноглосон газраа өдрийг өнгөрөөнө. Ганцаар аялахад чи өөрийгөө, биеийн эд эс бүхнээ, бодол бүрээ чагнана… Хатуу хөтүү хээрийн аялал амьдралынх нь энгийн л нэг хэмнэл болсон хөдөөнийхөнд унаагүй яваа минь л хачирхалтай санагдаж байсан бол ярилцахдаа ч, ажиллахдаа ч хамтдаа байдаг суурин газрынханд ганцаар яваа минь л гайхаж сонжмоор зүйл аж.”

Алхам тутамдаа тэмдэглэл хөтөлж хэвшиж буй минь баярлууштай зүйл. Урьд миний хувьд бичих гэдэг шаналал зовлон байлаа. Эхний догол мөртэйгөө зууралдсаар нойрондоо дийлддэг шаналант шөнүүд маань тоогоо алджээ. Ер нь миний амьдралаас “Аав сэтгүүлч” гэх ганцхан тодотголыг аваад хаячихад л надад цаашид бичгийн хүн гэгдэх ямар ч найдвар үлддэггүй байв. Би хэлний авьяасгүй, бага ангид байхдаа үсгээ хамгийн сүүлд нүдэлсэн, бүр 16 нас хүрчихээд анхныхаа номыг уншсан. Эрнест Хэмингуэйн “Өвгөн, тэнгис хоёр” миний анхны ном. Ширүүхэн эргүүлэхэд л урагдчихмаар нимгэн шар хавтастай номыг хэдэн өдөр дамнуулан уншчихаад үйл явдлыг нь ангийнхандаа ярьж билээ. Тэр яриа монгол хэлний багшид маань ихэд таалагдсан бололтой, дахиад хоёр ч удаа өөр ангийнхны өмнө энэ яриагаа давтан давтан өгүүлэх ичгэвтэр даалгавраар намайг шагнасан юм. Загасчин өвгөн яг л ийм хэлгүй, омголон далайд гардаг. Өдөр бүр ганзага хоосон харих ч өглөө болгон уйтгарт далайгаа зорино. Гэвч өвгөн шантардаггүй. Яг л үүнтэй адил бичнэ гэдэг үр дүнгүй, хоосон ирэхээ мэдсээр байвч өглөө бүр далайд гарахыг хэлдэг байх. Ийм энгийн атлаа эрхэм учир шалтгаантай учраас л “Дуртай зохиолч чинь юу вэ?” гэх зэрэг асуултад “Хэмингуэй” гэж хариулаад нэгэнт хэвшжээ. 

Өнөөг хүртэлх миний бичсэн зүйлс бусдыг шагшируулж байсан нь ховор. Сурагч ахуй нас минь сүр дуулиан багатай, бусдаас хөндий зожигдуу өнгөрсөн атлаа үргэлж л өөрөө өөрийгөө сатааруулж өнгөрөөдөг ганцаардлын цаг хугацаагаа бичиж тэмдэглэх үйлд зориулж байгаагүй минь одоо бодоход тун тоогүй хэрэг. Мэдээж бусдын шахалтаар бичиж байсан таатай, таагүй хэд гурван дурсамж надад бий. Наймдугаар ангид бичсэн зохион бичлэгийн маань эхний өгүүлбэрийг багш чангаар уншихад ангийн хүүхдүүд нэрхийтэл инээж билээ. Тэгэхэд дан ганц намайг инээгээгүй үлдсэнийг тэдний хэн нь ч анзаараагүй байх. Хичээлийн үеэр хичээн байж бичсэн миний зохион бичлэг эхний өгүүлбэрээрээ л бусдыг инээлгэж байхыг бодвол яавч сайн болоогүй нь ойлгомжтой гэдгийг би тэрхэн үед мэдэрч суусан. Нийт зохион бичлэг дундаас хэдхэнийг сонгож уншсаны дотор минийх хамгийн муу ангилалд багтсан нь энэ. 

Сурагч насандаа сурсан миний хамгийн том “эрдэм” бол арван хуруугаар шивэх. Мэдээлэл зүйн сурах бичиг дээрх тун ойлгомжтой зааварчилгааг ашиглан бие дааж сурсан энэ чадвар их сургууль төгссөний дараа намайг сонины амьдралаас ер холдуулаагүй юм. Миний дөрвөн жил сурч эзэмшсэн мэргэжил улс төр судлаач боловч хурдан шивж чаддаг гэх ганцхан шалтгаанаар аав намайг хаврын хахирган хүйтэн өдөр машиндаа суулган Гүнтийн зуслан дахь нэгэн айлын гадаа аваачиж билээ. Ханагар том дүнзэн байшингаас алхаа гишгээ хөнгөн, аядуу найрсаг харилцаатай нэгэн хүн гарч ирсэн нь хожим түүхийн музейгээс зургийг нь олж харсан “өвгөн хувьсгалч”. Тэрбээр Ардчилсан хувьсгалын “гол үзэл сурталчдын нэг” байсан гэдэг. Аав цайлж ундалчихаад яваад өглөө. Би зөөврийн компьютерээ дэлгээд “түргэн бичээч”-ийн ажилдаа оров. “Хувьсгалч өвөө” хэд гурван үг хэлээд надад бичих хугацаа олгож буй мэт азнасхийлээ. Би хэдхэн товших төдийд өнөөхийг нь биччихэв.
-Биччихсэн үү?
-Тийм ээ.
-Ийм хурдан уу?
-Тийм ээ. 
-Үргэлжлүүлээд хэлээд л байх уу?
-Тийм ээ. Та яг ярьж байгаа юм шиг л хэл.
Ингэж эхэлсэн бидний уулзалт энэ цаг мөчөөс хойш долоо хоног бүр давтагддаг болов. Тэрбээр яг л Довстоевский шиг цээжээр хэлж бичүүлдэг. Орооцолдсон урт урт өгүүлбэрийг бараг нэг амьсгаагаар шахуу хэлэхдээ найруулга зүйн алдаа огт гаргахгүй. Өгүүлбэр бүрээ өөр өөр нөхцөл дагавраар төгсгөнө. Намайг сонины амьдралтай үүрд холбосон энэхүү түргэн бичээчийн ажилд эхлээд би тун дурамжхан ханддаг байлаа. Дотор минь ирээдүйд бичиж магадгүй гэсэн том хүсэл тэмүүлэл оршдог учраас утсан хүүхэлдэй шиг бусдын хэлснийг давтан давтан бичих нь миний хувьд яавч хүлээн зөвшөөрч боломгүй ажил. Гэвч би бичсээр, өвөө бичүүлсээр л байв…

13 дахь өдрийн орой. “Нутгийнхнаас зам асуувал тэдний хэлсэн үг эхэндээ ер ойлгогдохгүй. Харин заасан зүг рүү нь явах тусам тэдний зааварчилгаа бүгд үнэн болох нь мэдэгдэнэ. Гэхдээ өөрөө зөв замаа арайхийж олсны дараа. “Уулын хяраар яв. Доош бууна. Хад асгатай газар бий. Дараа нь яг ийм ам бий. Элстэй учраас эргээр нь яв” гэж хэлснийг нь өөрөө яг ингэж явсных нь дараа л эргэн санав.” 

Миний бичих хурд жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр “хувьсгалч өвөө” маань улам хөгширч байлаа. Өвлийг зуслангийн байшиндаа өнгөрөөдөг өнөөх илч дулаан нь хүртэл багасав. Бичсэн өгүүлбэрээ байн байн эргэж уншина. Бас сонсгол нь муудаж, цайлж суухдаа яг л буцаж буй нэгэн шиг дотносож зөвлөгөө өгөх нь ихсэв. “Судлаач хүнд сонины амьдрал чухал шүү. Тэмдэглэл хөтлөхдөө нямбай бай” гэж хэлэхэд нь огт ойлгодоггүй байж. Үнэндээ сонины амьдрал намайг сэтгүүлч болгосныг, энэ тэмдэглэл аяллыг минь илүү амьтай болгож буйг яг энэ агшинд л ойлгож ухаарч байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр намайг “ач хүү” шигээ, би түүнийг “өвөө” шигээ санах болсон. Намайг очих бүрт хүндтэй зочин нь хүрээд ирчихсэн мэт цайлж дайлна. Байхуу цайн дээр зөгийн бал, гүзээлзгэнийн чанамал хийж болдгийг би өвөөгөөс л сурсан. Сонины хайчилбарыг яаж эмх цэгцтэй хийж болдгийг би өвөөгөөс л олж харсан. Өгүүлбэрийн хэмнэлийг хэрхэн оновчтой тааруулдгийн учрыг би өвөөгөөс л мэдсэн. Ийнхүү уулзалтаас уулзалтын хооронд би бичээчийн ажилдаа улам дуртай болж байлаа.

Аавын сонин дахь энэ ажил маань эцэс сүүлдээ сонин түгээгч, эх бэлтгэгч, техник редактор болж өргөжсөн ч бичих хүсэл маань биелээгүй явсаар 25 насны босгыг давав. Би энэ үед судлаач болох уу, сэтгүүлч болох уу гэж удаан эргэлзсэн. Одоо л шийдэхгүй бол аль ч замыг сонгосон оройтох байлаа. Ингээд явж байтал санамсаргүй гэнэтийн тохиолоор нэгэн сэтгүүлийн газарт ажилд орсноор сэтгүүлчийн замналыг сонгохоос өөр аргагүйд хүрч билээ. Гэхдээ би энэ замналыг сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй, одоо ч харамсахгүй байна. Хамгийн гол нь би сэтгүүлч болж чадахгүй юм биш биз гэхээс ухаангүй айж эмээдэг байв. Учир нь надад ухрах зам үгүй, өөр сонголт ч байхгүй. Гэвч би юуг ч сэтгэл хангалуунаар бичиж чадахгүй байлаа. Сэтгүүлчээр ажилласан хоёр жилийн хугацаанд “бичиж чадахгүйн зовлон” хамаг тамирыг минь барж гүйцэв. Ахиад алхам л ухрахад бүхнийг зоригтойгоор хөсөр хаяж чадах бүтэлгүй шантрал цөхрөлийн минь тоо миний давж уруудсан даваанаас ч олон гэдгийг яг энэхэн агшинд нуугаад ч хэрэггүй биз. Юу намайг тэсэж үлдээхэд хүргэснийг үнэндээ мэдэх юм алга. Би одоо ч эргэж хариад шаналал, цөхрөлгүйгээр бичнэ гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ энэ тэмдэглэлийг ийм уйгагүй хөтөлж байгаа учраас л дотор минь үргэлжлүүлж бичиж магадгүй гэсэн итгэл найдварын өчүүхэн оч дахин гэрэлтэж эхэлсэн. Бичиж эхлээгүй байхад минь яг ийм “оч” миний дотор оршдог байсныг би сайн мэднэ. 

14 дэх өдрийн орой - 21:10. “Борсогийн амны айлын гадаа хоноглож байна. Сансрын антеннаар Астана дахь Дэлхийн аваргын жудо бөхийн тэмцээн үзэв. Ням-Очир хүрэл авлаа. Одбаяр хүрлийн төлөө барилдаж ялагдахад “Олхиогүй юм” хэмээн бүгд дурамжхан байв. Цай ууж, талх идэж, эцэст нь тараг уув. Энэхүү уулын ам үгээр өгүүлшгүй сайхан байгальтай. Борсогийн гол нуур мэт тогтсоноо далайд цутгана. Эрэг дээрээ хэдхэн сөөвгөр модтой. Модон хүй арал хаяанд харагдаж байв. Уг нь би далайн эрэг дээрх зам ангийнхны модон байшингийн дэргэд отоглох гэж байтал цагаан дарцаг намируулсан 10 орчим насны хүү унадаг дугуй жийсээр ирсэн юм. “Манай аав таныг ирж цай уу гэнээ” гэв. Тэд намайг Борсогийн даваанаас уруудахад олж харжээ. Зам уулын энгэрийг ороож буудаг. Хүүгийн аав тун наргианч. Ганцаараа явааг минь сонсоод “Хорхойтсон баавгайн хоол болох нь дээ” гэхэд гэрт цугларагсад цөм нэрхийтэл инээв. “Тун саяхан хоёр жимсчнийг бариад идчихсэн гэнэ лээ. Гуравдахь нь чи болох нь дээ” гэнгүүт хүүхэд хөгшидгүй нэрхийнэ. “Өглөө хаанаас гарсан бэ?” гэж надаас асуухаар нь “Ноён гол хавьцаа” гэв. Тэгсэн өнөөх ах “Хөл хөнгөн хүн л баавгайнд бариулдаг юм даа” гэв. Дахиад л бүгд нэрхийтэл инээв. Хүү манайд цөөхөн хүн байгаа гэсэн боловч тэднийд 5 том хүн, 4 хүүхэд хоносон юм.”

Алхам тутамдаа тэмдэглэл хөтөлж хэвшиж буй минь баярлууштай зүйл гэж хэлсний учрыг уншигч та сайн ойлгосон байх. Алганд багтах жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дэх жирийлгээд биччихсэн үгс гэртээ хариад үргэлжлүүлж бичих ёстой гэсэн итгэл найдварын минь бамбарыг өрдөж асаав. Би тэмдэглэл хөтөлж явахдаа шүлэг хүртэл бичсэн:
“Бороо ороход тэр уйлдаг
Бороо зогсоход тэр тайвширдаг.
Салхи ширүүсэхэд тэр санаа алддаг
Салхи намдахад тэр дуугаа хураадаг.”
Бас дурсамж, ганцаардлаар дүүрэн энэ аяллаа ганцхан өгүүлбэрээр тодорхойлоод биччихсэн: “Ганцаардал миний дотор хоригддог.” 
Туулсан замналаа “Энэ миний хувь тавилан” биш гэж голж, гомдоллож ирсэн минь алдаа байж. Аав намайг аль нэг сонины газар гараас минь хөтлөөд аваачаагүй нь гомдоллох шалтгаан биш байж. Аав надаар сониныхоо хамгийн хар бор ажлыг хийлгэдэг байсан нь алдаа биш байж. Аав намайг сэтгүүлч болоход дэмжээгүй гэж бодож явсан минь харин алдаа байж. Үүнтэй адил шаналж, цөхөрч бичнэ гэдэг нь туулах ёстой замнал юм байна. Яг одоо би өөрийнхөө үлдсэн амьдралыг яг л аав шиг овоолсон сонин дунд байгаагаар төсөөлж байна. Миний амьдрал “овоолсон сонин” дунд эхэлсэн шигээ овоолсон сонин дунд төгсөх учиртай байж.  

16 дахь өдрийн өглөө. “Нар миний хоноглосон далайн бяцхан буланг бүлээцүүлэв. Шөнө цахилгаан цахилаа. Эхлээд би шөнөөс айдаг байлаа. Дараа нь бороо, салхи. Харин урьд шөнө цахилгаан цахихаас айв. Эзэнгүй эрэг дээрх өнчин ганц майхан тэнгэрийн цэнэгийг соронздон татаж юуны магад хэмээн айн мэгдэв. Айдсууд маань нэг нэгээр үргэсээр. Үнэндээ бороо айдас биш юм билээ. Хэсэгхэн бараан үүл тэртээх эрэг дээр оройжин саатаж, усан хөшиг урсган далайг гатлан наашлах нь аюумшигтай гэхээсээ илүү, сүрдэм сайхан санагдсан. Далай үргэлж тогтуун байвал түүний өнө мөнхийн гоо – уйтгар гуниг ч уйтгартай санагдах сан. Давалгаалдаг учраас л энэ нутгийн дийлдэшгүй эзэн гэдгээ бусдад мэдрүүлдэг бус уу.”



8. Сүүлчийн юм бүхэн гунигтай


Хөл биш, нуруу биш, мөр л их цуцах юм. Бие минь ядарч байгаа нь өдрөөс өдөрт хөнгөрөх үүргэвч маань улам л хүндрээд байгаагаас мэдрэгдэх. Маргааш би Хатгал хүрнэ, тэнд хүрч очоод энэ аялал дуусна, тэр үед юу намайг хүлээж байгааг үл гадарлана. Би яарч байлаа, намайг хүлээж буй танил дотно ертөнц рүүгээ тэмүүлж байлаа. Сүүлийн хэдэн өдөр зөвхөн харих тухай л бодов. Эгэл даруухан амьдралдаа эргэн очмоор санагдаж байна. Бас далай тойрлоо гэж хэлэхээс үнэндээ залхаж байна. Урагшлах тусам энэ тийм ч гайхуулахаар зүйл биш гэдгийг уулзаж учирсан зарим хүмүүсийн харц, тоомжиргүй байдлаас нэвт мэдрэгдэж байв. Гал дээр борцтой шөл пор пор буцална. Энэ бол миний зүүн эрэгт өнгөрөөж буй сүүлчийн шөнө. Маргаашнаас эгэл даруухнаар энэ аяллаа өндөрлөхөөр шийдлээ. Таарсан хүмүүст зүгээр л энэ зуур алхлаа гэе. Энэ бол гайхуулах, онгирох, бусдаас сиймхий ч гэсэн нэр хүнд олох зорилготой аялал байгаагүй юм. 

Эзэнгүй амралтын газрын хаяан дахь хаягдмал модон байшингийн нөмөр бараадан буудаллав. Далай өнөөх л янзаараа шуугисаар, түнэр харанхуй өтгөрсөөр. Гэхдээ би майхандаа ороод тэднээс зугтсангүй. Тэд яг одоо миний нөхөд шиг л санагдаж байна. Маргааш би суурин амьдралын заагт хүрч очиход энэ бүхнийг үгүйлэн санах болов уу? Ойртож дотносоод ирвэл харанхуй хүртэл өөрийн гэгээтэй юм билээ. Баруун эрэгт од мэт олон гэрэл анивчихыг олж харав. Дараа нь майхандаа ороод лаагаа асаан унтах хүртлээ “Зуун жилийн ганцаардал”-аа уншлаа. 

Урьд шөнө дулаахан хонов. Өнөөдөр Хатгал хүрнэ. Энэ аялал юуг ч өөрчлөхгүй байх вий гэхээс жаахан эмээж жийрхсэн боловч нэг зүйлийг бодож тайвширлаа. Энэ удаад би хаашаа ч яваагүй гэртээ үлдчихсэн бол дахин хэзээ ч, юуг ч зориглон үйлдэж чадахгүй байв. Харин одоо дахин алс хол явмаар санагдаж байна. Борооны үүл тэнгэрийг хулджээ. Газар хув хуурай. Явах уу, үлдэх үү гэдгээ шийдэж ядан удаан тээнэгэлзсэний эцэст үүргэвчээ баглаад Хатгалыг зорилоо. Бороо орвол орог, би норвол норог гэж бодсон хэрэг. 

Хөвсгөл далайн өмнөд үзүүрээс нэг л гол эх аван урсдаг нь Эг. Шуугих их ус утас мэт нарийссаар үндэс мэт олон салаалан өмнөдийг зорьдог. Далайг хүрээлсэн хөвчит их уулсын “өөдөс тасархай” мэт өнчин ганц толгод урсан одох далайн усыг хаших мэт замд нь хөндөлссөнөө үдэх мэт хормойгоороо урсгана. Хөвсгөл далайн алсад одох нь хүртэл ийм гунигтай. 

Би өдөржин алхсаар далайн хамгийн урд үзүүрт хүрч очоод тэрхүү ганцаардмал толгодын оройгоос Эг, түүний модон гүүрийг удаанаар ширтэн суув. Учир нь энэ гүүр миний мэдэх ертөнцийн хил юм. Цардмал замтай, тухлаг уушийн газартай, дулаахан сууцтай, хөдөлгөөн бүрээ хөлс гэж хардаг, хэнд ч, юуг ч зүгээр өгдөггүй, нэгэн хэвийн атлаа нийлмэл цогц ертөнцөд би амьдарч бас үхэх болно. Аялал маань өндөрлөхөд “урьдын би” энэ л ертөнцийнхөө хэмнэлд эргээд л уусаж нэгдэнэ. Уг нь доош бууж модон гүүрийг даваад Хатгалыг уртааш нь туулах төдийд л энэ аялал маань өндөрлөх хэдий ч би юунд ч яарахгүй байлаа. Адгаж яарах нь хүртэл утга учиргүй мэт санагдана.

Одоо надад ам чийглэх цай ч алга. Үүргэвч маань байж болох хамгийн хөнгөн жиндээ хүрсэн ч мөр маань сульдаж ядарчээ. Гэхдээ тэсэх л ёстой гэж өөрийгөө зоригжуулаад Хатгалд анх удаагаа ирж буй мэт эхнээс нь хойш алхлаа. Салхи ширүүсчээ, бараг хийсгэчих шахам хүчтэй салхилж байв. Уух юм авахаар хүнсний мухлаг руу ортол худалдагч эмэгтэй “Гурав хоног бороотой” гэв. Өдөржин ороогүй бороо өнөө орой л асгарах нь дээ гэж бодлоо. Ийнхүү цааш алхсаар анх чийгт эргээс нь умардыг зорьсон тэр газраа эргэн ирэв. Сүхбаатар хөлөг онгоц урьдын адил ер бусын амгалан тайван хэвээр. Гэрийнхэнтэй холбогдох гэтэл гар утас маань болдоггүй ээ. Эрэг дээрх танихгүй эрийн утсаар ээжтэй ярив. Бүгд л нам тайван, намайг явсан тэр өдрийнх шигээ бүх юм хэвээр гэв. Юу ч өөрчлөгдөөгүй аж. Яг энэхэн агшинд эрэг дагуух энэ 400 км бодит биш ч юм шиг сонин мэдрэмж төрөв. Угаас энэ “аялал” дотор минь хэдий чинээ гүн булагдана төдий чинээ үнэ цэнээ хадгалах учиртай. Уяанаасаа алдуурсан өнчин ганц морь зам дагуу хатирч явахыг олж харлаа. Эзэндээ тэр эргэж очих л биз. Би ч бас түүнтэй адил, хаашаа ч зугтсан миний мэдэх цорын ганц тэр л ертөнцдөө эргэн хүлэгдэнэ. Одоохондоо морь минь чи хатирч л байг, яг л над шиг. 

Умардын жихүүн салхи надтай цуг энд иржээ. Гар бээрч байна. Сэтгэл ч бас бээрч байна. Хажуухан дахь орхигдсон отоглох цэгт майхангаа босгох зуур холд нохой хуцахыг олж сонсов. Урьд би аймхай, хулчгар байж. Харанхуй, хүнгүй гудмаар ганцаар алхахаас ч айдаг байв. Гэтэл одоо би юунаас ч айхгүй байна. Модны тайрдас дээр суугаад ээжийн өгсөн будаатай шөлийг буцалгангаа салхины сэвшээ, далайн давалгааг сонсож тайвшрав. Маргааш болж Мөрөн орох, өдөржин давхиад Эрдэнэт хүрэх, тэнд нэг хоноод галт тэргээр гэртээ харих нь ер төвөгтэй санагдсангүй. Сонин юм даа, уг нь би сүүлийн хэдэн өдөр гэртээ харих тухай л бодож явсан. Гэтэл одоо энэ үггүй, омголон далайд яагаад ч юм хоргодоод байх юм. Майхандаа ороод газрын зургаа дэлгэж, дараа нь “Зуун жилийн ганцаардал”-аа уншлаа. Хамгийн хачирхалтай нь, майхны үүдийг хаахтай зэрэгцэн яг л энэ агшныг хүлээж байсан мэт бороо ганц нэгээр дуслав. 

Шөнийн бороо өглөө зогсчээ. Наймдугаар сарын сүүлчийн бороо намайг ингэж үдсэн юм. Өглөө босоод юунд ч яарч тэмүүлсэнгүй, өнөөх тайрдас дээр суун далайг гүн ширтэв. Тэр анир чимээгүй, шуугих давалгаа ч үгүй. Сүүлчийн юм бүхэн гунигтай байдаг шиг далайг ийм дүнсгэр байхыг урьд би ерөөс хараагүй билээ. Баяртай далай минь, хөвчит уулс минь, үүлс, бороо, салхи минь. Гуниг, ганцаардал, цөхрөл минь. Амттай, гашуун дурсамжууд минь. Надтай тааралдсан сайн санаат хүмүүс минь, бүгд баяртай.

2018 оны 1-р сар

Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН



Хөвсгөл далайг тойрч алхсан аяллын жим




Энэ аяллаас үлдсэн цорын ганц зураг. Газрын зураг худалдаж авчхаад хаагуур яаж алхахаа харж байгаа нь. Анх явахдаа хожим хэнд ч гайхуулж, харуулахгүй гэх үзэл санаандаа үнэнч үлдэхийн тулд зориуд гэрэл зургийн камер авч яваагүй юм.