Улаан клубийн үргэлжлэл

December 23, 2015

Манхан сумын төв. 


Суурин руу нэвтрүүт, хоёр давхар ногоон байшин хамгийн түрүүнд харагдсан нь Ховд аймгийн Манхан сумын Соёлын төв байлаа. Бараг л нэгэн зууны түүхтэй гэгдэх энэ газар он цагийн уртад олон ч буурь, олон ч нэр сольжээ.

Урьд Улаан клуб хэмээн нэрийддэг байсныг өдгөө ч нутгийн хөгшчүүд хуучилсаар. Бас П үсэг шиг хэлбэртэй навтгар ягаан байшин өмнө нь энд байсан гэдэг. Цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг дэрвэж явсан залуу цагийнх нь нэгээхэн хэсэг энэ л газартай холбогдох тул тэд юуг ч мартаагүй хэрэг.

Харин одоо буй дөрвөлжин байшинг 2004 онд босгожээ. Аймагтаа анхдагч гэгдсэн, нүсэр том танхимтай шинэ цогцолборыг тухайн үедээ бүгд л бахдан биширч байлаа. Эдүгээ юм бүхэн нь элэгдэж хуучирчээ. Өнөөх бахдал бишрэлийн ул мөрийг хагарч цуурсан хана, элж мөлийсөн чулуун шатнаас нь эрвэл юуг ч олохгүй бүтэн өдрийг барж мэднэ. Гэхдээ та энэ байшингийн дотор ороод, зөвхөн нэг л өдрийг өнгөрөөвөөс Монгол орны өргөн уудам нутаг дахь сумын төв бүрт буй “Соёлын төв” хэмээх газрын нууцлаг, даруухан амьдралд нэвтрэх бөгөөд гялгар тансаг байшин савтай байх нь тийм ч чухал биш гэдгийг ойлгох болно.


I

Манхан сумын төв гурван замын бэлчирт оршдог. Хэрвээ эндээс өмнө зүгт давхивал үзүүр нь өмнөд хилд, хойшоо давхивал Ховд хотоор дайрч хойд хилд тулна. Харин зүүнтээ 1300 гаруй км явбал Улаанбаатар хот бий. Гэхдээ сумын төв яг ч зам зуур биш. Зорьж л очно уу гэхээс дайрч гарахад бага зэрэг хол. Барааны газарт л бараантаж харагддаг юм билээ.

Нэгэнт гурван их зам нэг цэгт чуулж буй учраас уулзвар дагуух үйлчилгээний газрууд шөнө ч үл амарна. Бүрий болж суурин нойрсоход шөнийн гуанз, хүнсний мухлаг, шатахуун түгээгүүрийн сүүмгэр чийдэн холоос гэрэлтэх нь эгээ л тэнгэрийн хаяа руу унаад тогтсон үдшийн одод мэт харагдана.

Суурингийн ойролцоо зөвхөн зам л уулздаг гэвэл бас үгүй. Орон зайн уулзвараас гадна цаг хугацааны огтлолцол ч энэ хавьд буй. Тухайлбал, сумын төвөөс холгүйхэн урсах Хойд цэнхэрийн голыг 25 км хэртээ өгсвөл 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий Хойд цэнхэрийн агуй бий. Шувууд дэрхийн нисэлдсэн бүүдгэр агуйд улаан зосоор зурсан жадан эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул, заан А+Ч, 10А мандтугай гэсэн орчин цагийн тод бичвэрүүдийн дунд холилдон уусах нь өнгөрсөн, одоо цагийн уулзвар гэмээр.  

Өнгөрсөнд саатсан мэт, ерөөс энэ цаг үеийнх гэмээргүй мэдрэмж үүгээр ингээд дуусахгүй. Агуйт уулын ёроолд, голын чулуурхаг хөвөө дагуух малчин айлуудын эгэл боргил амьдрал дөчин мянган жил биш юмаа гэхэд түүнээс наашхи цаг хугацааны үл хувьсан өөрчлөгдөгч амьд орчил энд өдгөө ч буй гэдгийг мэдрүүлэх вий. Эсгий гэртэй эхний айл л хэдэн зууны өмнө л хэрэглэж асан гэмээр хуучин модон домбоноос цай аялгалахыг хараад хэн ч байсан ингэж мэдрэх биз ээ.

Ховд аймагт таван захчин сум байдгийн нэг нь дөрвөн мянга орчим хүн амтай Манхан юм. Хүйтрэх тусам хүмүүс нь олширдог сумын төвийнхний тоог нарийн гаргах нь тийм ч чухал биш болов уу. Учир юу гэвээс, энэ дөрвөн мянган хүн нэгэн зэрэг сумын төвд ч, хөдөөд ч “амьдарч” чаддаг юм.  

Ийнхүү цэлмэг тэнгэрээр дээврээ хучсан Манхан сум намарт уусах мэт налайж байлаа. Аравдугаар сар шувтрах яагаа ч үгүй тул аварга улиас модод навчсаа гөвж хараахан бараагүй санж. Уулс ч шаргал, суурин ч шаргал. Сумын төвийн өглөө хэзээд л уйтгартай эхэлдэг дээ, яг л тэр хэвээрээ. Хүүхдүүд хичээлдээ явах цагаар хэсэгхэн зуур сэргэснээ буцаад л нойрмоглочихдог суурингийн хэмнэл энэ өглөө ч өөрчлөгдсөнгүй.

“Удаан саатдаггүй нэгэнд бол уйтгартай газар л даа. Хэн ч оньсы нь тайлъя гэж хүсдэггүй юм чинь аргагүй биз. Уг нь суурин бүр нууцтай байдаг юм. Би чамд нэг үмх жишээ хэлье. Хөдөөний малчин айл бүр сумын төвд хашаатай, үгүй ядаж хамаатантай. Хаашаа л харна зэлүүд буйд орон зай л үргэлжлэх учраас газар хомсодно гэсэн ойлголт энд лав байдаггүй. Сайн анзаарвал, сумын төвөөс баруун зүгт нутагладаг айл сумын төвийнхөө баруун талд л хашаалдаг. Өөрөөр хэлбэл, зүүн нь зүүндээ, хойд нь хойд талдаа, өмнөд нь өмнөд талдаа буудаг юм. Ховд хот ч тийм. Ховдын хойд сум гэгдэх Эрдэнэбүрэний өөлдүүд Ховд хотын хойд хэсэгт бөөгнөрөн суурьшдаг. Бүр өөлдийн хороолол гэсэн нэртэй. Харин Манханынхан Ховдын өмнөд талдаа байрладаг нь Манхан сум Ховд хотоос урагш байдагт л хамаг учир бий” гэсэн сумын төвийн нэгэн эрийн ярианд би шууд л итгэж билээ. Айл бүрийн хаалга тогшиж аль зүгт нутагладгийг асуух ч шаардлагагүйгээр итгэсэн.  Магадгүй ийм л үмх нууцуудын нэгийг Соёлын төв өөртөө хадгалж буй гэдэгт би бас л эргэлзсэнгүй. 


II

Үйлдвэрүүд үүдээ хааж асан хахир цагийн шуурганд манай соёлын төв харин ч нэг өртөөгүй шүү” хэмээн Х.Цэрэнбадам ярив. Сумынхны дунд Соёлын төвийн загалмайлсан эх гэгдэх 51 настай энэ эмэгтэй соёлын төвийн эрхлэгч бөгөөд үг яриа шулуун нэгэн.

Ширээний ард гунихарч суугаад шальдар бульдар бэрхшээл тоочдог нэгэн яавч тэр биш. Соёлын төвийн хойд жигүүрийн хоёр давхар дахь мухрын өрөөнд түүнтэй ярилцаж суухад дэмжлэг байхгүйгээс юу ч болж бүтэхгүй байна гэсэн нялцгай үгс түүний амнаас лав унаагүй. Харин түүний үгс яг л хад чулуу шиг хатуу байв.

Тэр 20 настайдаа эрхлэгч болжээ. Яльгүй хэтрүүлээд тодорхойлбол, сүүлийн гучин жилийн хугацаан дахь нийтийн бүжиг бүрийг тэр мэднэ гэсэн үг. Бас дөрвөлжин энэ байшингийн түүхийг түүнээс өөр сайн мэдэх хүн үгүй.

Соёлын төв хэмээх нэршил 1990 оноос хойш гарсныг түүнээс л би дуулав. Нэрээ дагаад үйл ажиллагаа нь ч өөрчлөгджээ. Эрхлэгч “Хуучин цагт клуб гэдэг нам үүрийн хүчирхэг зэвсэг байлаа. Үргэлжийн ажилтай. Нэгдэхэд сонин уншлага, хоёрдахийн орой лекц, гуравдахийн орой эмнэлэг гэгээрлийн ажил, дөрөвдэхийн орой дугуйлан хичээллэдэг гэх зэргээр үргэлжилнэ. Сонин уншлага гэхэд өглөөний 7 цагт эхэлнэ. Тасалдаг хүн гэж байхгүй” хэмээн хуучлав.

Тэрээр нэгэн хэмнэлээр, сэтгэлийн хөдөлгөөнгүй ярина. Яг л хянамгай, ажлаа аабээгүй мэддэг, ясны яхир дарга шиг. Түүнд энэ бодлоо хэлтэл тэрээр одоо л нэг уран сайханч шиг учиргүй хөхрөөд “Соёлын төвийн эрхлэгч чинь нэг талаасаа урлагийн хүн шиг, нөгөө талаасаа аж ахуйн дарга шиг л байдаг” гэв.

Цэрэнбадам эрхлэгч Улаанбаатар хотод соёлын ажилтны ангийг дүүргээд 1984 онд төрөлх сумынхаа клубт ирэхэд эрхлэгч, хоёр киномеханикч, цэвэрлэгч гэсэн цомхон орон тоотой байжээ. “Өдөр бүр л кино гардаг байлаа. Үзвэр нэг төгрөг. Орлогын төлөвлөгөөтэй. Тэр нь аймгийн театрт очдог” гэв. Дараа нь 1989 оны үед кино, хөгжим, ном гурвыг клубийн гурван цэг гэж үздэг байснаа онцоллоо.

Өнөөдрийн байдлаар Соёлын төв 5 ажилтантай: Эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музей техникийн ажилтан, үйлчлэгч. Хүйтний улиралд хоёр галч гэрээгээр ажилладаг ажээ. Таван орон тоотой ийм бүтэц Монгол орны бүх соёлын төвд бий. Гэхдээ музей техникийн ажилтны оронд бүжгийн багш зонхилдог байна. “Сүүлийн үед Соёлын төв гэдэг үзвэрийн газар биш, сургалтын байгууллагын шинжтэй болсон” хэмээн эрхлэгч ярив.

Эрхлэгчтэй уулзахаас өмнө би Соёлын төвийн булан тохой бүрээр шагайсан байлаа. Худалч хүнд бол Соёлын төв гэдэг нь нэг л том заал юм билээ. Ханаа тойруулан сандал өрсөн байх бөгөөд бусдаасаа илт хуучин модон сандлууд нь бүр Улаан клубийн үеийнх хэмээн галч ах надад хэлсэн санагдана.

Үүдний хэсэгт Манхан сумаас төрсөн алдартнуудын зургийг жаазлан өлгөжээ. Хоёр буланд нь хоёр өрөө байв. Нэг нь номын сан, нөгөө нь хөгжмийн өрөө. Харин тайзны арын хэсэг хоёр давхар юм билээ. Нэг давхарт нь хувцас сольдог өрөө байсан бол хоёр давхарт хөгжмийн сургалтын өрөө, эрхлэгчийн өрөө харагдлаа.


III

Жил бүрийн аравдугаар сард “Ихэлийн эгшиглэн” морин хуурын наадам Манхан суманд хоёр өдрийн турш болдог юм. 2006 онд болсон анхны уралдаанд ердөө 30 гаруйхан л хуурч оролцсоноос хэдхэн нь хүүхэд, бусад нь ахмадууд байжээ.

“Ахмадууд дундаасаа хамгийн залуу нь би байв. Бусад нь дандаа ахмад настай хуурчид. Анхны наадамд түрүүлэхэд би хөдөөний малчин залуу байлаа шүү дээ” хэмээн өдгөө 42 настай, хөгжмийн багш Э.Гомбажав арван жилийн өмнөхийг дурсав. Тэрээр энэ наадмаас хойш Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллах болжээ.

“Эхэндээ шууд л шантрав. Би ямар хуураас өөр хөгжим мэдэх биш. Баянхуур, ятга бол гадарлана. Харин ямаха гэдгийн барааг нь л харж байсан болохоос барьж ч үзээгүй байлаа шүү дээ. Тэгтэл нэг орой бүжиг боллоо. Нөгөөхийг нь ёстой холион бантан болгочихов. “Наадах чинь ёстой бүтэхгүй нөхөр байна, хөгжмийн багш болно гэж худлаа” хэмээн хүмүүс хоорондоо ярьж байхыг сонсоод ихэд урам хугарлаа. Тэгээд хөгжмийн зохиолч Хүрэлбаатар багштай холбогдоод “Дүү нь ингээд баларлаа” гэсэн чинь “Өө чи хонио хариулаад явж байхгүй, ямар балай юм руу ороо вэ” гэдэг байгаа. “Тэгвэл би больё доо” гэтэл учиргүй хөхрөөд “Хөгжмөө аваад хүрээд ир” гэж билээ. Ингээд Ховдын төв дээр гурав хоног суугаад ямахадаж сурсан даа” гэв.

Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа болдог нийтийн бүжиг үдшийн нэг цаг хүртэл үргэлжлэх нь бий. “Дисконоос бусад бүх ая амьд тоглолттой” хэмээн Гомбажав багш итгэлтэй өгүүлэх нь одоо ч хөгөө чирдэг үе өнгөрсөн шүү гэдгийг илтгэж байлаа.
Тэрээр морин хуурыг ааваасаа сурчээ. “Икэлч, туульч аав маань хөгшин ээжээсээ хуурдаж сурсан гэдэг. Хөгшөө ээж 80 гарсан хойноо ч икэл янзын тоглож байхы нь одоо ч би санадаг” гэсэн түүний яриа эрт дээр үеэс хуур хөгжим хэрхэн уламжлагдан ирснийг маш энгийнээр ойлгуулах шиг л болов.

Сүүлийн жилүүдэд “Ихэлийн эгшиглэн” наадамд оролцогчдын тоо эрс өсчээ. Соёлын төвийн дөрвөлжин байшин нэгэн том морин хуур болчихсон мэт төсөөлөгддөгийг эрхлэгч сонирхуулаад “Наадамд мэргэжлийн хуурчдыг оролцуулдаггүй. Хамгийн гол нь ардын авьяастнуудын дунд болдгоороо онцлог. Тэр чигтээ хуур нүргэлээд л хоёр хонодог доо. Дан ардын хөгжим тоглоно. Суудал үргэлж пиг. Сүүлийн өдөр зөвхөн шилдгүүдийн гала концерттой” хэмээн ихэд догдолсон өнгөөр ярилаа. 

Гомбажав хөгжмийн багш болсноосоо хойш 70 гаруй хүүхдэд морин хуур заажээ. Бүгд л Манханы хүүхдүүд бөгөөд эхнээсээ сургуулиа төгсөөд хот хүрээ бараадсан боловч хуурын наадамдаа оролцох хүсэлтэй оюутан залуус хотоос хүртэл зорьж ирдэг гэнэ.
“Морин хуур сурах хүсэлтэй хүүхдүүдийн тоо эрс олширсон учраас сонсголы нь шалгаж авдаг болсон” хэмээн түүнийг ярих зуур өрөөнд дунд ангийн сурагчид бололтой хоёр хүү орж ирлээ. Тэд ардаа морин хуур үүрчээ. Гомбожав багш тэднийг хараад нүд нь сэргэж, дуу нь ч улам хөгжилтэй болсноо “Наадам ойртсон тул эд нарын намайг мөшгөх нь ихэссэн шүү” гэж хэлээд инээв.  


IV

Соёлын төвийнхөн жил тойрон наадамладаг гэхэд хэлсдэхгүй. Хуурын наадмын нөлөөгөөр хуурчдын нас залуужиж буйд урамшсан соёлын төвийнхөн мартагдаж буй язгуур урлагийн бусад төрлөөр нэлээдгүй уралдаан санаачилсан нь үр дүнгээ өгчээ. “Уралдаан зохион байгуулахад ундалж байрлуулах, урамшуулж шагнах гээд олон зардал гардаг. Тэгэхээр дэмжлэг зайлшгүй хэрэг болно. Морин хуурын наадмыг УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл дэмждэг бол хоёр жил тутамд нэг удаа болдог Мухар Шар гуайн нэрэмжит биелгээний наадмыг үр ач нар нь дэмжээд явах жишээтэй” хэмээн Цэрэнбадам эрхлэгч ярив.

Тэрээр ээжийнхээ нэрэмжит уран уншлагын наадмыг 2011 оноос хойш зохион байгуулжээ. Мөн захчин аялгаараа ярьж өрсөлддөг уралдаан зарлах гэж байгаагаа сонирхуулав. “Захчид аяга гэж ярьдаггүй аага л гэнэ. Гэтэл аагыг мэддэг хүн хэд болсон бол? Улам л ховор болоод байх шиг” хэмээв.

Бий биелгээ дэлгэрэхэд цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг Б.Бадамцэцэгийн оролцоо их. Тэрээр захчины нэрт биелгээч, ерөөлч, магтаалч Ш.Банзайн охин бөгөөд багадаа ааваасаа сурсан захчин ястны бий биелгээг 200 гаруй хүүхдүүдэд өвлүүлэн үлдээжээ. Шавь нарын ихэнх нь цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн. “Намайг бага байхад манайхан бүгд л биелдэг байв. Аав бүх хүүхдэдээ биелэхийг зааж өгсөн. Багадаа ааваасаа сурсан тэр л хэдэн хөдөлгөөн амьдралы минь турш хэрэг болж байна даа” хэмээн тэрээр өгүүлэв.

Бадамцэцэг Манхантай зэргэлдээ орших Зэрэг сумын уугуул боловч 1990 оноос Манханд суурьшжээ. “Тэр үед бий биелгээ гэдэг бараг л мартагдсан байв. Харин одоо цэцэрлэгийн хүүхдүүд ч бүгдээрээ нэгэн зэрэг биелдэг болсон шүү” гэсэн нь бахархмаар үг байлаа. Түүний аав хүүхдүүддээ “Ардаа дал савж, урдаа мөр цохиж л байвал захчин биелгээ шүү” гэж захидаг байсныг тэр дурсав.

Захчид ер нь л дуу хуур, бүжигт дуртай улс гэдгийг соёлын төвийнхөн бүгд онцолж байв. “Хуур хөгжихөөр бий биелгээ, ардын дуу, ерөөл магтаал бүгд дэлгэрдэг” хэмээн хөгжмийн багш болохдоо эрхлэгчид хэлж байсан Гомбожавын үг өнөөдөр биелжээ.
Нийтийн бүжгийн үеэр хуур татахад нийтээрээ биелдэг гэдгийг тэр бахархан өгүүлэв. “Өвлийн тэсгим хүйтэнд манай төв мөсөн шилтгээн шиг л болчихдог. Гадуур хувцастайгаа суух нь энүүхэнд. Харин бүжиглэж буй улс ер даарахгүй шүү” хэмээн айсуй өвлийг тэрээр дурсаж билээ.


V

Номын санч Э.Бөхболд “Зургаан мянга гаруй номтой ч ихэнх нь хуучных даа” гэсэн нь түүний хувьд шүүмжлэл огт биш байлаа. Бас хавтас нь элэгдэж хуучирсан ном их гэсэн санааг ч илэрхийлээгүй байв. Тавиур дээр өрөөстэй “Дэлхийн утга зохиолын чуулган” 50 боть номноос Маркезийн “Зуун жилийн ганцаардал” романыг автал бараг л шинээрээ харагдлаа. Харин ханан талын модон тавиурыг даавуугаар халхалсан нь өнөөх хуучны гэх номнууд юмсанж. Ер нь номоос гадна номын тавиур ч, уншигчийн карт ч хуучныхаараа.

Улаанбаатар хотын номын дэлгүүрт яг одоо эрэлттэй буй Г.Аюурзанын романууд, DK-ийн хатуу хавтастай зурагт номууд энд лав харагдсангүй. Харин “Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө 300 гаруй ном нэмэгдсэн дээ” гэсний дунд Л.Өлзийтөгсийн “Төсөөллийн өрөөнд” байсан нь бас л сонирхолтой. “Англи хэл дээр хэдэн ном буй. Ирснээс нь хойш эргүүлж уншсан хүн ховор доо” гэсэн нь Микробиологи, Физик, Математик гэсэн хатуу хавтастай лухгар номнуудыг хэлсэн хэрэг байв.

Номын сангаар өдөрт 20-30 уншигч үйлчлүүлдгээс ихэнх нь арван жилийн сурагчид ажээ. Тэд Монголын уран зохиолын 108 ботиос хичээлийнхээ даалгавартай холбогдуулан сугалж уншдаг гэнэ. Харин томчуудын дунд хамгийн их уншигддаг ном бол До.Цэнджавын “Хөх жавар” түүвэр гэв. Үнэхээр л их уншигддаг бололтой урагдаж салбайжээ. “Заримдаа нэг ч хүн орж ирэхгүй үе бий. Ажлын чөлөөгөөрөө байгууллагынхаа бичиг цаасыг давхар хариуцчихдаг, бас оройн бүжгийг хүртэл зохион байгуулдаг учраас барагтаа л зав гардаггүй” гэдгээ тэр хэлэв.

Дараа нь Соёлын төвд харьяалагддаг Орон нутгийг судлах музейгаар шагайлаа. Музей Захиргааны ард байх нэг давхар цагаан байшинд түр байрлаж буй гэнэ. Тавиад оны үед баригдсан тус барилга ёстой л хуучирч мууджээ. “Урьд Депутатын танхим байсан гэдэг юм билээ. Сумын төвийн хамгийн өндөр настай байшингуудын нэг” хэмээн эрхлэгч улаан төмөр хаалгыг түлхүүрдэн онгойлгохдоо хэлэв.

Шал, хана, тайз, индэр гээд бүгдийг модоор урлажээ. Ердөө нэг л тасалгаанаас бүрдэх энэ музейд Хүннүгийн булшны олдвор, нэр нь хүртэл бичээстэй улаан хавтастай жуух бичиг, цэрэг малгай өмсгөсөн Лениний цээж баримал, цаашлаад зэс таваг, цахиур буу, архины хөхүүр, жингийн хонх гээд эртнээс эдүгээг хүртэлх янз бүрийн цаг хугацаанд хамаарах үзмэрүүд харагдлаа.

Эрхлэгч “Уг нь музей маань 1961 онд байгуулагдсан удаан жилийн түүхтэй газар юм. Тусдаа байртай, маш тансаг музей байв. 1990-ээд оноос Соёлын төвд харьяалагдсан. Одоо музей гэхээсээ илүү үзмэрийн агуулах төдий л үүрэгтэй боллоо доо” гэв.

Сургуулийн түүх нийгмийн багш Ч.Энхтөр бол цоожтой музейг зорьж онгойлгодог цөөн хүмүүсийн нэг. “Түүхийн хичээл сурах бичиг дээрх бүдэгхэн зургуудаар л хязгаарлагдвал дэндүү уйтгартай болно шүү дээ. Бид түүхэн дурсгалуудын дунд амьдарч байна. Хүннүгийн булш, Хойд цэнхэрийн агуйд биеэр очиж үзээгүй хүүхэд манай сургуульд лав байхгүй” хэмээн ярих Энхтөр багш мартагдсан музейг түүхийн хичээлийн нэг хэсэг гэж үздэг.

Шаргал хослол, хар пальто хослуулсан тэрээр гэртээ хадгалж буй 400 орчим сумны зэвээ бидэнд харуулсан юм. Бараг л гэр музей бөгөөд зэвнүүдийнх нь ихэнхийг сургуулийн хүүхдүүд олжээ. “Сурагчид амралтаараа гэртээ хариад уул хадаар хонь хариулж явахдаа сумны зэв олбол багшдаа авчирч өгдөг юм. Тэгэхээр түүхийн хичээл ганцхан анги танхимд биш, хөдөө хээр ч үргэлжлээд л явдаг гэсэн үг. Хүүхдүүд тус бүртээ түүхч, тус бүртээ археологич” хэмээн тэрээр ярив.

2008 оны зургаадугаар сард Манхан сумын нутгаас 1400 жилийн настай “Алтайн ятга” олдоход Ч.Энхтөр багшийн оролцоо их байжээ. Түүний сурагч эртний булш байж болох газрыг багшдаа мэдэгдсэнээр археологийн хосгүй нэгэн олдвор олдсон түүхтэй.
Сургуулийн түүхийн багш нар музейг сургуульд харьяалуулах бодолтой явдгаа нуулгүй илэрхийлж байсан бөгөөд “Тэгвэл сурагчид бас нэг түүхийн сурах бичигтэй боллоо л гэсэн үг” хэмээн үг дайж байлаа.

- - -

Өчигдөр нь өнөөдрөөс ялгагддаггүй сумын төвийнхний эгэл амьдрал дуутай, хууртай, бийтэй, захчин аялгатай өнгөрсөн рүү нэг өнгийж, замтай, зурагттай, байшинтай, бүгд нэг аялгатай ирээдүйг нэг тольдсоноо хаашаа ч хэлбийлгүй, юунд ч уусалгүйгээр одоо цагт орших ажээ. Ийнхүү Манхан сумын төв гурван замын бэлчирт замаас зайдуухан оршдог шигээ гурван цагийн урсгалд алгуурхан элж хувьссаар л байна. Өв гэдэг бол эд хөрөнгө биш юм гэдгийг үйл амьдралаараа нотолсон хуурч болоод биелгээч, түүх гэдэг бол тоосонд дарагдсан зузаан номны зүгээр л нэг бичээс биш юм гэдгийг харуулсан багш, соёлын төв гэдэг бол хуучин нийгмийн үеэ өнгөрөөсөн эрэг шураг биш гэдгийг баталсан эрхлэгч гээд эдгээр эгэл даруухан хүмүүс бол өнгөрсөн, ирээдүй хоёрын зааг дахь жинчид билээ. Тэд үндэсний өв, үүх түүхээ ачаалаад ирээдүй рүү нүүх аж.

Би хамгийн сүүлд Цэрэнбадам эрхлэгчээс “Соёлын төвгүйгээр сумын төвийн амьдралыг төсөөлөх боломжтой юу” хэмээн асуусан юм. Сүлд модны наадам, сонгуулийн сурталчилгаа, лекц семинар, хурал цуглаан, концерт тоглолт, үдэш дуустал үргэлжилдэг нийтийн бүжиг гээд сумын төвийнхөн нэг дор цугларан үзэж, сонсож, бүжиж, баясаж, гэгээрч болох бүхнийг ердөө нэг л дөрвөлжин байшинд багтааж, амжуулж чаддагийг төсөөлөх ч үгүй хотын залуус бидэнд часхийсэн хариу өгнө гэж найдсан хэрэг л дээ. Тэгсэн тэр, “Зурагтаа унтраагаад, хөгжим радио сонсохгүйгээр амьдарна гээд төсөөл дөө. Өө мартах шахлаа, ном уншихгүй, компьютер асаахгүй, гар утсаа ч оролдохгүй шүү. Сонин захиална гэж бүр ярилтгүй. За төсөөлөгдөж байна уу” гэж билээ.

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

0 сэтгэгдэлтэй