Умардыг зорьсон хоёр
October 01, 2018
Урьд би ийм хайнга, яаруу байдалтайгаар ярилцлага хийж үзээгүй билээ. Ярилцагч хоёр хүнийхээ нэр усыг ч бүтнээр нь нэрлэж “мэдэхгүй” хэрнээ бараг зунжин дэлгээгүй тэмдэглэлийн дэвтэртээ арав гаруй асуулт таталгачихаад, мөн хэзээ мөдгүй зай нь дуусч мэдэх хуучин дуу хураагуураа аваад гарсныг бодох ахул өөртөө тун ч итгэлтэй байсны шинж. Гэхдээ надад ийн эрэмших шалтгаан байсан. Уулзаж буй хоёр хүн маань Хөвсгөл нуурыг тойрч алхах 17 өдрийн аяллаасаа эргэж ирээд ердөө долоо хонож байлаа. Эргийн шугам дагуу явган гороолох энэ аяллыг би хоёр жилийн өмнө ганцаараа хийсэн бөгөөд түүнээс хойш завдал чөлөө гарахгүй явсаар дөнгөж өнгөрсөн өвөл л бичиж дуусгасан “Ганцаардлын 400 км” гэх нэлээд урт тэмдэглэлийг минь сайх хоёр аялагч өөр өөр цаг хугацаанд уншиж дуусгаад хожмын нэг орой уушийн газар уулзан суухдаа Хөвсгөл нуурыг хамтдаа тойрох гэнэтийн, санаанд оромгүй шийдэлд хүрсэн гэдэг. Тэд надтай анх уулзахдаа энэ санаагаа ер нуугаагүй. Үнэнийг хэлэхэд би тэдний үгийг тоглоом наргиан мэт хүлээж авсан. Хавар сэдсэн санаа нь халуун зунтай золгоход ч итгээгүй. Гэтэл тэднийг атгасан үзүүрээ алддаггүй хүмүүс гэж хэн санах билээ!
Долдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл далайн хамгийн өмнөд суурин Хатгалаас гараагаа эхэлж, 17 өдрийн дараа нар зөв тойрсоор эргээд эхэлсэн цэгтээ ирсэн тэдний аялал хар багаасаа л эрэмгий зоригт эрэл хайгуулчдын талаар сонсож өссөн уншигч бидний хувьд онцгойрох зүйлгүй, энгийн л урт холын аян мэт санагдана. Гэвч алдар суугаа мандуулах нь аялал бүрийн эцсийн зорилго биш. Аялал жижиг ч бай, том ч бай түүнийг зориглон хийх эхний алхам бол аялагч бүрийн дотооддоо хийх хамгийн өрнүүн тэмцэл билээ. Сэтгэл шулуудсан ч эцсийн мөчид эргэж няцахгүйн тулд сүүлчийн дусал “эр зориг”-оо сэтгэлдээ нөөж үлдээх хэрэгтэй. Тэр эр зориг бол аялагч хүний зүрхийг тэтгэн байдаг амин тэжээл юм. Ийм тэжээлээ шавхчихсанаас яг эцсийн мөчид гэртээ үлдчихсэн хүн цөөнгүй. Агуу аялагчдын түүхийг эргэн сөхвөл 1831 оны өвөл Кембрижийн их сургуулийн шашин судлалын зэрэгтэй Чарльз Дарвин гэх дөнгөж 22 настай залуу гэнэтийн санаанд оромгүй саналаас татгалзалгүй, тэнгисийн цэргийн “Бийгл” хөлгөөр дэлхийг тойрох урт аянд гарч, таван жилийн турш далайгаар хэрэн хэссэний дүнд “Зүйлийн үүслийн тухай” цуут номоо бичсэн нь хэн нэг аялагчийн гэртээ эс үлдэх шийдвэр хүн төрөлхтний түүхэнд хэчнээн чухал нөлөөтэйг бэлхнээ нотлох буй за.
Нэгэнт би бээр хоёр ярилцагчийнхаа нэр усыг ч бүтнээр нь нэрлэж мэдэхгүй хойно нэмж баахан зүйл шалгаахаас зориуд зайлсхийж, зөвхөн урьдчилж бэлдсэн асуултынхаа хүрээнд ярьж хөөрөлдсөн гэдгийг дуулгая. Тиймээс энэхүү ярилцлагаас тэдний алдар нэр, алба амины хэргийг бүү сонирхоорой. Угаас би төдийлөн сайн мэдэхгүй. Хэрэв үнэхээр мэдэж сонирхмоор байвал ярилцлага хийсэн газар болох Оросын элчингийн баруун талын байрны гадаа явж очоод эрэгтэйг нь машинаа зогсоолд байршуулж гэртээ орохыг нь хүлээх, эсвэл Барилгачдын талбайн зүүн хаяан дахь “Green Zone” гэх нууцлаг газарт өдөр алгасалгүй явж очоод эмэгтэйг нь кофе уухаар орж ирэхэд нь барьж авах гэсэн хоёр найдвартай аргыг санал болгоё. Гэвч ийм элбэг дэлбэг цаг завтай хүн хэн байх билээ! Тэднийг цугтаа байхад нь барьж авах бүр амархан арга гэвэл Пүрэв гарагийн үдэш бүр болдог “Quiz Night” тааварт уралдаанд яваад оч, тэнд хоёр ярилцагч маань хоёулаа байх магадлалтай. Яаж таних вэ гэж үү? Тэр амархан: Эрэгтэй нь өндөр, царайлаг. Эмэгтэй нь эрмэг, эрч хүчтэй нэгэн. Тэрүүгээр дүүрэн ийм хүмүүс байвал яах вэ гэж үү? Уншигч та намайг арай л их залхааж байна шүү! Үнэхээр л уулзмаар байгаа бол өөрт буй сүүлчийн башир аргаа танд задалъя. Түрүүлсэн багт эрэгтэй нь байх магадлал өндөр. Харин тэмцээн дууссаны дараа зохион байгуулагчидтай нь жич уулзан хамгийн бага оноо авсан багийн нэрийг асуугаарай, тэнд эмэгтэй нь байх магадлал бүр ч өндөр шүү, бараг баараггүй дээ.
***
Хоёр аялагч маань эрэгтэй, эмэгтэй хүмүүс боловч хоорондоо энгийн нөхөрсөг харилцаатай гэдгийг ярилцлагынхаа эхэнд зориуд цохож дурдъя. Уг нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх учиртай тэдний баг яг эцсийн мөчид “хоёр” болж цөөрсөн нь энэ. Нөхөд нь няцаж шантрахад хүртэл тэд “гэртээ үлдэх үү, байх уу” гэж хормын ч төдий эргэлзэж тээнэгэлзээгүй гэнэ. Аяллын анхны сэдэл санаа орж ирэх мөчид л аль хэдийн өөрсдийгөө Хөвсгөл далайн эрэг дээр үүргэвч саваа үүрчихсэн байгаагаар төсөөлж байжээ. Харин алхаж явахдаа миний тухай, тэмдэглэлийн минь тухай, мөн очсон даруйдаа намайг хүйтэн шар айраг, халуун хоолоор дайлна гэж бодож явсныгаа биелүүлсэн нь бидний ярилцлага хийсэн энэ уулзалт юм. Тэд хоол идэх зуураа гар утсан дээрх зургуудаа сонирхуулж, үзсэн харсан бүхнээ нэгд нэгэнгүй ярьж байлаа. Хөвсгөл нуурыг Хатгалаар төсөөлдөг хүнд Модон хүй арал, Жиглэгийн уул, Хачимын үзүүр, Долоон уул тохой, Их хороо гол, Анчигасын даваа, Борсогийн ам зэрэг таних танихгүй газар орны нэрээр баяжигдсан тэдний яриа ер ойлгогдомгүй, уйтгартай санагдахвий. Харин яг энэ замаар аялаад ирсэн миний хувьд эдгээр нэр хуучны танилаа эргэн дурсах мэт элгэмсүү дотно санагдаж, яг л тэдэнтэй хамт дахин аялаад ирсэн мэт сэтгэгдэл төрснөө нуух юун. Ийнхүү бид хооллож дуусаад дуу хураагууртай “жинхэнэ” ярилцлагаа хийчих санаатай, дуу шуугиангүй газар эрж явсаар ойролцоох байрнуудын дундах, эрэгтэйнх нь машинд ярилцаж билээ. Тэгэхэд л өнөөх муу дуу хураагуурын минь хэрэг гарсан даа.
Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёр тэс өөр хүн холын аянд, ганц майхантай гарна гэдэг амаргүй сорилт. “Та хоёр тэгээд ойртож дотноссон уу?” гэх хүмүүсийн сонирхож буй хамгийн эрэлттэй, романтик асуултад би лав тэдний өмнөөс “Тийм ээ, тэд тэгж чадсан” гэж арай өөр утгаар хариулна. Нэгнийхээ дутууг нөхөж, хэлээгүйгээ сануулсан тэдний яриаг зарим үед “тэд” гэх ганц үгний дор нэгтгэчих нь бараг зүйд нийцэх болов уу гэж бодогдлоо. Ярилцлагыг буулгах явцад тэд нэгнийгээ хэчнээн сурамгай гэгч нь ойлгож мэдэрч байгааг сонсоод үнэхээр их биширсэн. “Үнэнийг хэлэхэд хүмүүсийн тэгтлээ их сонирхоод байгаачлан бидний хооронд амраг сэтгэлийн харилцаа үүсээгүй. Анх бид аялалд дөрвүүлээ гарах байсан. Гэвч хоёр маань тодорхой бус шалтгаанаар гэнэт яваагүй. Бид хоёр нэгэнт бүх юмаа бэлдчихсэн учраас “Хоёулхнаа хамт аялахад эвгүйцэхгүй биз дээ?” гэж нэгнээсээ асуугаад аялалдаа гарсан. Аяллын турш нэгнээсээ юу ч нуулгүй, дотор байгаа бүхнээ уудлан ярьцгаахад цаг хугацааг товчлоод дотно найзууд болчихсон мэт санагдаж билээ. Үнэндээ үертэй гол гатлахад л нэгнийхээ гарыг атгалцсанаас өөрөөр бие биедээ “ойртоогүй”. Гэвч бид сэтгэл зүрхнийхээ хувьд ер бусын ойр найзууд болж чадсан” хэмээн тэд ярилаа.
***
СЭТГҮҮЛЧ: -Аялал эхлэхийн өмнө та хоёр яг хэн байв?
ЭРЭГТЭЙ: -Би багаасаа олон сургууль, олон ажил сольж үзсэн. Ер нь нэлээд хувьсамтгай талдаа хүн. Нэг үгээр юмны эцсийг үзэхдээ хойрго. Мэдээж энэ аяллаас өмнө өөрийгөө олон янзаар сорьж үзсэн удаатай. Шүхрээр үсэрч байлаа, марафонд гүйж байлаа, ганцаараа цүнхээ үүрээд хаашаа ч хамаагүй аялж байлаа. Тиймдээ ч энэ аяллыг эхэндээ сорилт маягаар хүлээж авсан. Өглөө гараад 25-30 км алхана, үд гэхэд тэнд очсон байна, орой болоход майхнаа барина гэдэг ч юм уу өөрийгөө тэмцээнд бэлдэж буй тамирчин мэтээр сэтгэж явлаа. Гэвч энэ бол зүгээр нэг спортын тэмцээн биш болж таарсан. Тэнд байгаль байсан, хүмүүс байсан, бас миний сэтгэлийг хөдөлгөх бахдам сайхан зүйлс байсан. Аюул занал, айдас түгшүүр гээд тэмцээний үеэр хэзээ ч тохиохгүй зүйлс урьдын намайг өөрчилсөн байж магадгүй. Хөл муу байна, ядаж арван км-ийг машинд суугаад дөхье гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар шантарч болох л байсан. Гэвч би тэгээгүй.
ЭМЭГТЭЙ: -Хүний амьдралд гутрах, шантрах, бүр үхмээр санагдах үе бий. Амьдралын нэг л хэмнэлтэй, өдөр бүрийн залхаг ахуйдаа дөнгөлөгдчихсөн би сүүлийн хоёр жилд тохиосон олон үйл явдлын нугачаанд бүрмөсөн сөхөрч гүйцээд үнэхээр л үхээд өгмөөр санагдах өдөр хоногуудаа үрж “ядаж” байв. Яг ийм үедээ “хүршгүй” холыг зорихоор шийдсэн нь энэ аялал юм. Яваад ирсний дараа жижиг шалтгаануудыг том зүйл мэтээр хүлээж авахаа больсон байна. Энэ бол өөрчлөгдсөний шинж. Мөн өөрийнхөө дотоод болон биеийн хүч чадалд итгэдэг болсон нь сайн хэрэг.
СЭТГҮҮЛЧ: -Хатгалд ирээд далайг умар зүгт уртааш нь харах ямар байсан бэ?
ЭМЭГТЭЙ: -Үгээр өгүүлшгүй сайхан. Далай цэнхэр, цагаан, номин ногоон өнгөөр тэнгэрийн хаяа хүртэл тунаран байсан. “Хөөх” гэж дотроо уулга алдаад, “За алхаад байж дээ” хэмээн санааширч билээ.
СЭТГҮҮЛЧ: -Баруун эргээр нийтдээ найман өдөр алхжээ. Энэ хэсэг зам бол аяллын тэн хагас. Эхний шөнө яаж өнгөрөв? Хамгийн шантармаар үеүд юу юу байв?
ЭРЭГТЭЙ: -Бид Хатгалаас гараад 15 орчим км алхсаны эцэст эзгүй зэлүүд эрэг дээр отоглосон. Тэр шөнө аймшигтай хүйтэн хоносон. Агаарын хэм бараг хасах руу унасан байх. Шөнөжин дагжин чичирч билээ. Өглөө босоход уулын орой цастай. Гараа угаах гэтэл хамаг бие даарч чичрээд нэг л жихүүн. Үлдэх шөнүүд ингэж өнгөрвөл яана даа л гэж бодогдсон. Гэхдээ аз болж дахин хүйтрээгүй. Харин нэг өдөр амралтын газруудын цаадтайх байгаль хамгаалагчийн поостон дээр очоод тэнд таарсан албаны хүний үгэнд бараг шантрах шахаж билээ. Тэндээс цааш Долоон уул тохой хүртэл ямар ч айл амьтан байхгүй учраас тэр хүн биднийг айлгах гэсэн үү, эсвэл жинхэнээсээ санаа тавьсан уу, бүү мэд, ямартай ч ихэд ширүүн өнгөөр “Та хоёр ор сураггүй алга болчихвол яана! Гэр бүлийнхэн чинь ирээд бөөн юм болно. Тэгээд та хоёрыг эрж хайна. Бид үндсэн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Өмнө нь хоёр хүн яваад баавгайд бариулсан. Ийшээ чоно, баавгай язганаж байгаа. Та хоёр ингэж явах ямар хэрэгтэй юм!” гэж билээ. Бид хоёр уг нь байгаль хамгаалагчийн байшин хараад битүүхэн найдлага тавьж бараадасхийн хонож байгаа юм. Гэвч тэгж анхааруулахад нь яагаад ч юм итгэлгүй болж, нээрээ л баавгай гэнэт гарч ирээд бид хоёрыг тасдаад хаячих юм шиг санасан. Маргааш өглөө нь урамгүйхэн сэртэл тэнд байнгын суудаг байгаль хамгаалагч ах “Миний хүүхдүүд санаа зоволтгүй ээ. Хүний заяа байна даа” гэхэд нь өөрийн эрхгүй урамшиж билээ.
СЭТГҮҮЛЧ: -Баавгайтай таараагүй юм байж. Гэхдээ та хоёр зэрлэг гахай, тайгын чонотой таарсан шүү дээ.
ЭРЭГТЭЙ: -Хачимын аманд зэрлэг гахайтай тааран, айж цочоод зугтаж явтал хоёр чоно өөдөөс хараад зогсож байсан. Бараг 50 хүрэхгүй алхмын зайд. Хажуугаар нь алсуур тойрсоор далайгаа захалж явтал өнөөх хоёр чинь сонирхсон байдалтай араас дагасан. Чоно араас дагадаг гэж ярьдаг үнэн юм билээ. Азаар айлын эзэнгүй өвөлжөө таарч, тэнд хэсэг зуур нуугдаж тайвширсан.
СЭТГҮҮЛЧ: -Тайгын чоно ямаршуу өнгө зүстэй харагдсан бэ?
ЭМЭГТЭЙ: -Харц нь хэний ч эр зоригийг цоо хатгам хурц. Зүс нь гэвэл цайвар шаргал өнгөтэй. Алхаан дунд том шар сүүл нь босчихдог. Бид хоёр амьхандаа чарлаад байгаа юм. Гэтэл ер үргэсэн шинжгүй, ажиглаад л байх янзтай. Бид хоёр айсандаа айлын өвөлжөө рүү зугтаад орчихсон. Тэгээд би баахан уйлж билээ. Чононд бариулж үхмээргүй санагдсан хэрэг. Дараа нь арайхийж тайвширч аваад түмпэн саваа түчигнүүлэн дуу чимээ гаргаж, тэндээс хар гүйхээрээ зугтсан даа.
СЭТГҮҮЛЧ: -Хөвсгөл нуурыг Хатгалаар төсөөлдөг хүн олон. Баруун эргийн хамгийн аглаг зэлүүд газар гэвэл юуг нэрлэх вэ?
ЭРЭГТЭЙ: -Өлийн ам бол хүн, малын хөлөөс зайдуу газар. Хамгийн багадаа хоёр тийшээ 30, 40 км-ийн зайтай. Айлын өвөлжөө бараг үгүй. Бүх төрлийн ан амьтан ийш ирж ундаалдаг гэсэн. Нэг талд нь цэлэлзэх их ус, нөгөө талд нь балар нууцлаг ой.
СЭТГҮҮЛЧ: -Та хоёр наймдахь өдрөө Ханхад очсон. Энэ бол Хөвсгөл төдийгүй Монгол орны хамгийн умард цэгт орших холын жижигхэн суурин. Тэнд сэтгэл татам юу юу олж үзэв?
ЭМЭГТЭЙ: -Хөвсгөлийн хаана дахиж очих вэ гэж асуувал би хувьдаа умард эрэг болон Ханх л гэнэ. Ханхад үзсэн хамгийн гоё зүйл гэвэл мэдээж манан. Хаашаа л харна өтгөн манан дэгдээстэй. Үнэндээ Ханх үргэлж ийм нууцлаг хэвээрээ байдаггүй гэсэн, бид хоёр яг манантай үеэр нь таараад оччихсон хэрэг. Нар жаргахын сайхныг хараагүй ч манан татахын сайхныг бол ханатал мэдэрсэн шүү. Дээрээс нь эндхийн хүмүүс далай шигээ тогтуун. Аяллын турш бидэнд “хайр”-аа зарласан ялаа шумуул ч бас энд үгүй.
ЭРЭГТЭЙ: -Умард эрэг рүү ойртох үед далай гайхалтай сайхан үнэртсэн. Миний амьдралдаа үнэртсэн хамгийн гоё үнэр бол тэр. Анхилах салхины үнэрт нүүрээ илбэн зогсоод л баймаар.
СЭТГҮҮЛЧ: -Ганцаараа аялахын сайхан, муухайг би сайн мэднэ. Харин хоёулаа аялж буй үед ихэвчлэн юуны тухай ярьж явдаг вэ?
ЭРЭГТЭЙ: -Хошигноод хэлэхэд чиний л тухай ярьсан. (Инээцгээв) Бид хоёрын аяллын “библи” мэдээж чиний тэмдэглэл. Энэ замыг ганцаараа туулсан гэж бодох төдийд л чамайг дотроо хайрлаж хүндэтгэдэг байв. Бид хоёрын ярианы нэлээд хэсэг нээрээ чиний тухай шүү. Бусдаар бол гэр бүлээ, дотны нэгнээ, сайхан мэдрэмжүүдээ, хайрласан бүхнээ, дөнгөж өчигдөр уулзсан хүмүүсээ эргэн дурсахын хажуугаар дөнгөж түрүүхэн харсан байгалийн сайхныг бишрэн ярих жишээтэй.
СЭТГҮҮЛЧ: -Алхаж явахдаа хэнийг их үгүйлэн санав?
ЭМЭГТЭЙ: -Гэрийнхнийгээ бүгдий нь хайрлан санасан. Цаг үргэлж дэргэд байдаг Баяржаргал найзыгаа их үгүйлсэн. Бүх зүйл дээр түшиж тулж ирсэн өвөөгөө аяллын турш дурсаж явсан. Ер нь алхаж явахдаа ирээдүйн тухай огт боддоггүй гэж үнэн юм билээ.
ЭРЭГТЭЙ: -Бодоогүй, санаагүй хүн ховор доо. Мэдээж хүн болгон л тэгэх байх. Ижийгээ их санасан. Өндөр настай эмээгээ дурсаж явсан. Бурхан болсон өвөөгөө ойр ойрхон бодно. Хөдөө гадаа хамт явахдаа өвөөгийн ярьж өгдөг байсан уул ус, амьтан ургамлын талаарх ярианууд ой тойнд минь үе үе орж ирнэ. Мэдээж гэр бүл, найз нөхдөө бүгдий нь бодож явсан. Мөн шинэхэн дурласан бүсгүйгээ үгүйлж санаж явлаа. Түүндээ эрүүл саруул, эсэн мэнд эргэж очоод хамт байх мөчөө төсөөлөн явахад зам хурдан хороогдох шиг санагдсан.
СЭТГҮҮЛЧ: -Та хоёр Хөвсгөл нуурын бүх эрэгт очсон. Хамгийн үзэсгэлэнтэй эрэг юу байсан бэ?
ЭРЭГТЭЙ: -Борсогийн амыг даваан дээрээс харахад гайхамшгийн орон мэт санагдсан. Жижиг нуур, хөвөөн дэх хэсэгхэн мод, уулын амнаас мушгиран урсах гол, эрэг рүү тохойрч түрсэн далайн ус, яг зэргэлдээ харагдах Модон хүй арал. Бороотой, бүрхэг өдрүүдийн дараах цэлмэг орой зүүн эрэг дээр суугаад жаргах нарны сүүлчийн илч туяа далайн мяралзах уснаа асгарч, баруун эргийн модот уулсын хэлбэр галбирыг тэнгэрийн хаяанаа зурсаар хараа үл хүрэм алсад одохыг ажна гэдэг ер бусын гайхамшигт мэдрэмж.
СЭТГҮҮЛЧ: -Үүргэвчиндээ ямар ном авч гарсан бэ?
ЭМЭГТЭЙ: -Пауло Коэльогийн “Алхимич” романыг авч явсан. Хэрэв ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо ертөнц бүхэлдээ чиний талд байх болно гэсэн үндсэн санаа нь амьдралын минь хамгийн чухал үеүдэд үргэлж тус дэм болсон. Өмнө нь бараг хоёр гурван удаа уншсан байх. Мэдээж энэ аялал миний хувьд бас нэг том сорилт байсан. Хөл алдаад унахад л үхэж мэдэх өндөр хавцлын ирмэгээр алхсан. Замдаа чоно нохойтой таарсан. Олон өдөр эзгүй зэлүүд тайгаар бэдэрсэн. Магадгүй эргэж ирэхгүй ч байж болно. Тиймээс дөрөвдүгээр сард аялалдаа бэлдэж эхлэхдээ л энэ номыг авч явахаар шийдсэн юм. Үнэнийг хэлэхэд унших завдал төдийлөн гараагүй, хоёр удаа л дэлгэж харсан байх. Гэхдээ уншиж дуусгах эсэх нь тийм ч чухал биш. Энэ ном үүргэвчинд буй гэдгийг мэдрэх л сайхан.
ЭРЭГТЭЙ: -Миний хувьд мэдээж “Зуун жилийн ганцаардал”-ыг... (Хэсэг зуур азнав) авч яваагүй. (Тэгээд учиргүй инээв. Учир нь хоёр жилийн өмнө сэтгүүлч миний бие Хөвсгөл нуурыг тойрохдоо яг энэ номыг авч явсан юм.) Тэр ном надад бий. Гэхдээ зузаан санагдаад аваагүй. Харин Стивен Хокингийн “Цаг хугацааны товч түүх”-ийг авч явсан. Яагаад гэвэл миний хувьд энэ ном ертөнцийн үүслийн талаарх “библи” юм. Өмнө нь гурав дөрвөн ч удаа уншсан байх. Тэгэхээр утга агуулгыг нь цээжээр мэддэг номоо авч явсан гэсэн үг. Аяллын үеэр заримдаа гартаа барьж явсан. Уншина гэхээс илүүтэй эргэцүүлж бодсон гэвэл ононо.
***
Энэхүү ярилцлагын үеэр тэд байсхийгээд л миний тухай хүүрнэж, тэмдэглэлээс минь эшилж, тэнд бичигдсэн дүрүүдтэй уулзсан тухайгаа ярихад нь эхэндээ сайхан, эцэс сүүлдээ санаа зовмоор санагдсан. Хэн нэг уншигч “Энэ сэтгүүлч зөвхөн өөрийнхөө тухай л яриулчихжээ” гэж хэлнэ гэхээс айсандаа өөрийнхөө тухай хэсгийг нэлээд хаслаа. Харин дараах хэсгийг хасаж зүрхэлсэнгүй. Тиймээс өөртөө зориулж оруулсан энэ хэсгийг уншигч та уншихгүй өнгөрөөж болно шүү!
“Ганцаардлын 400 км” гэх тэмдэглэлд минь ийм нэг хэсэг бий: “Дархадуудын модон байшин ихэнхдээ дөв дөрвөлжин, доторх нь ханагар уужим, бүр тулах баганагүй. Миний удаах зочилж буусан дархад айл яг ийм байшинтай. Уг нь эрэг бараадаж хоноглох гэсэн боловч нар шингэх дөхсөн тул ойролцоох айлын гадаа хоноглохоор шийдсэн юм. Гэрийн эзэн Мягмар гуай тун чиг алиа хошин зантай. Харин хөгшин нь гэж эгэл даруухан эмэгтэй, нөхрийнхөө наргианч ярианд инээмсэглээд л байна, инээгээд л байна. Нэр нь Уранчимэг. Тэгмэгц нөхөр нь “Мөн ч уран нэртэй хүн шүү” хэмээн хөгшнөө явуулна. Хариуд нь “Хөгшрөхийн цагт хэрэггүй л санагддаг юм байна” хэмээн тэрбээр намуухан ярина. Мягмар ах 1953 оных. Харин Уранчимэг эгч нөхрийнх нь яриагаар бол “25-тай” гэнэ. Энэ мэтчилэн Мягмар ах үг газар гээхгүй инээд хөөр авчирна. Эднийх 8 хүүхэдтэй. Дөрвөн охин, дөрвөн хүү. Дунд хүү нь Ухнаа гуайн ганц охинтой суужээ. Бэргэн нь аавтайгаа тун адилхан санагдав, яг л аавын дүрлэгэр том нүд. Харин бага хүү нь дуулахдаа дориун тул СУИС-д элсэн орж, нэг жил суралцжээ. Гэвч хүүгээ үргэлжлүүлэн сурах сонирхолгүй байгааг анзаарсан аав нь “Чи яамаар байна. Үргэлжлүүлье гэвэл дуустал нь сур, үгүй гэвэл энэ жил орхи” гэснээр хүү гэрийн дээдийг сонгожээ. Гэрийн дээд гэдэг нь Мягмар ахын өөрийнх нь үг шүү. Одоо хүү тань гэрийн дээдэд хэдэн жил сурах вэ гэж асуутал Мягмар ах бодолхийлснээ “За байз, 50, 60 жил юм уу даа” гэж хэлээд учиргүй хөхрөв. Харин надтай нас чацуу дунд хүү нь Ханхын хилийн боомтод банкны эдийн засагч. Эднийх гурван айлаараа нийлээд 400-аад үхэртэй. Мягмар гуай амьдралдаа дөрвөн удаа л хот орж үзсэнээ дурсан ярив. Цэрэгт явж, цэргээс халагдахдаа, наяад онд зөвлөгөөнд суухдаа, мөн хориод жилийн өмнө эгчийгээ өөд болоход тус бүр нэг удаа хотод очиж үзжээ... Урьд шөнө юунаас ч айлгүй ер бусын тайван хонов. Айлын гадаа хонохын амар тайвныг ханатал мэдрэх шиг боллоо. Өглөө нь Мягмар ах усны савыг минь сүүтэй цайгаар дүүргэж, цөцгийн тос түрхсэн зүсэм талх уутанд хийж өгөөд бараг саахалтын дайтай газар гаргаж өгөв. Бид салахад Мягмар ах гэрийн зүг буцлаа. Хүний сайханд хоргодож дасна гэдэг цаг хугацааны их, багаас ер шалтгаалдаггүй ажээ. Хэд алхаад эргэж хартал эргэн тойрон нэг л гунигтай. Хэзээ ч билээ дээ, хэн нэгэн “Танилцаж дотносох шиг амархан зүйл үгүй. Харин салан одох л хамгийн хэцүү” гэж хэлсэн нь юутай үнэн!”
Тэгвэл Мягмар ахтай уулзсан тэдний түүх ийм: “Тим Бартоны “Big Fish” кинон дээр аав нь хүүдээ итгэмээргүй түүх өгүүлдэг. Гэтэл түүнд нь хэн ч итгэдэггүй. Харин киноны төгсгөлд аавынх нь ярьсан бүхэн үнэн бодит болдог шиг урьд уншсан зүйлээ биеэр мэдрэх нь ер бусын шидэт мэдрэмж юм билээ. Тэмдэглэлд гардаг хүмүүстэй уулзахад үнэхээр л номон доторх зохиолын үйл явдлыг дахин эхнээс нь давтаад байгаа юм шиг санагдсан. Биднийг очиход Мягмар ах байшингийнхаа цонхыг янзалж байв. “Тантай уулзах гэж ирлээ” гэхэд “Ороод цай ууж бай” гэж хэлээд нэлээд удсаны эцэст араас орж ирсэн. “Гурван жилийн өмнө нэг сэтгүүлч залуу далайг явган тойроод “Ганцаардлын 400 км” гэх тэмдэглэл бичсэнийг бид хоёр олж уншаад энэхүү аяллыг хийж байгаа юм” гэж хэлтэл Мягмар ах чамайг сайн санаж байсан. Ингээд тэмдэглэл дээрх Мягмар ахын тухай хэсгийг уншиж өгтөл эргэн тойрон ялааны дүнгэнэх чимээ сонсогдом анир чимээгүйд автсан. Тэнд лав долоо найман хүүхэд, гурван том хүн байсан. Мягмар ах дархад аялгаар “Яг яг… яг яг” гэхээс өөр үггүй. Зарим үед хүүхэд шиг хөхөрнө. Харин жилийн өмнө өвчнөөр өөд болсон эхнэрийнхээ тухай хэсгийг сонсоод аньсага нь чийгтэж уйлсан. Тэгснээ бид хоёрыг өөрийн хүүхдүүд шиг бишрэн хайрласан нүдээр харж билээ. “Энэ хол замыг ингэж туулна гэж байдаг аа. Хөвсгөл далайг явган тойрч буй анхны монгол эмэгтэй гэвэл чи л байх” хэмээн урмын үг хайрласан. Үүргэвчинд минь уут дүүрэн цөцгийн тос хийж өгсөн. Дараа нь гэрээс гараад яг чиний тэмдэглэлд гардаг шиг саахалтын дайтай газар гаргаж өгч билээ. “Та эндээс буц даа” гэхэд “Үгүй ээ, далайг бүтэн тойрч яваа та хоёрын дэргэд миний алхана ч гэж юу байхав” хэмээн өгүүлэх хэрнээ цуг алхаад л байсан. Салахдаа биднийг чанга тэврээд үнссэн. Үнэхээр л хүнтэй дотносно гэдэг цаг хугацааны их багаас шалтгаалдаггүй юм билээ. Бид хоёр тэр айлд цаг орчим л болсон. Эргэж харах бүрт Мягмар ах нааш харчихсан зогсож байдаг байв. Гараа далламагц хариу даллана. Бүр буцаад гүйчихмээр санагдсан. Энэ бол хүүхэд байхаасаа уншиж өссөн үлгэрийнхээ баатартай хоромхон зуур уулзаад салан одох шиг сэтгэлд хөндүүр, уйт мэдрэмж.”
***
Сэтгүүлч миний бие үе үе хоёр явган аялагчийн цахим хуудас руу нэвтэрч, хаа явааг нь сурагладаг юм. Эхнийх нь дэлхийг явган тойрч буй Caroline Moireaux гэх франц бүсгүй. Гурван жилийн өмнө 8000 км зам туулан Улаанбаатарт ирээд байхад нь Бага тойруугийн гудамнаа таарч билээ. 2011 онд Францын зүүн хилийн ойролцоох төрөлх суурингаасаа аяллаа эхэлсэн тэрбээр яг өнөөдрийн байдлаар 25723 км замыг туулан, аль хэдийн Америк тивд хүрчихсэн умраас өмнийг зорин алхаж яваа аж. Түүний аяллаа үргэлжлүүлж буй долоон жилийн хугацаанд хожим бичдэг хүн болно, аялж үзнэ гэдгээ ч төсөөлж яваагүй би сэтгүүлч болж, Хөвсгөл далайг тойрч, хоёр жилийн дараа тэмдэглэл бичиж, бүр тэрхүү тэмдэглэлийг минь уншаад хоёр аялагч дахин Хөвсгөл далайг тойрч амжсан гэхээр бидний зориглон хийсэн бүхэн одоо ч үргэлжлэн буй түүний аяллын дэргэд дэндүү өчүүхэн мэт санагдана. Моторт хэрэгсэл ашиглалгүй, зөвхөн биеийн хүчээр дэлхийг тойрох зорилготой франц бүсгүй маань Ираны газар нутгийг явган туулсаар хил гарахын алдад цагдаад баригдан олон хоног байцаагдсаны улмаас онгоцоор нисэж явахаас өөр аргагүйд хүрчээ. “Би цагдаагийн газар асгартал уйлсан. Аргагүй шүү дээ, тэр цаг мөч хүртэлх сөөм газар бүрийг мэрж алхсан. Уг нь надад маш том мөрөөдөл байсан. Далайг сэлж гатлах боломжгүй учраас эх газраар гэлдэрч яваа л бол сөөм газар бүрийг алхаж туулан, дэлхийг тойрно доо гэж мөрөөддөг байв. Би чадна гэдгээ ч мэдэж байсан” гэх түүний үг одоо ч сэтгэлд тод. Аяллын хугацаа урт ч бай, богино ч бай анхны үзэл санаандаа үнэнч байх нь ийм чухал. Хөвсгөлийг тойрсон хоёр аялагч маань нийт замынхаа тодорхой хэсгийг дугуй, завиар туулж болох гэсэн анхны санаанаасаа татгалзаж, яг эцсийн мөчид бүх замаа явган туулахаар шийдсэн нь миний хэлээд буй мөнөөх үзэл санаа гэгч юм. Тэд сөөм газар бүрийг алхаж туулжээ. Өөртөө үнэнч байх энэ зарчим бол аялагч хүний оюун санааг зоригжуулан байдаг хамгийн шим тэжээлтэй хүнс билээ.
Дараагийн сураг ажиг тавьдаг аялагч бол хүн төрөлхтний өлгий нутаг Этиопын Их хавцлаас гараагаа эхэлсэн сэтгүүлч Пол Салопек. 60 мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс дэлхийтэй танилцахаар яг энэ хавцлаас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу аяны эхлэлийг тавьжээ. Хомо сапиенсууд Африк тивийг орхин, цаашлаад Өмнөд Америкийн өмнөд цэг Тьерра Дэль Фуэго хүрсэн нь нийт 33 мянган км-ээр хэмжигдэх ер бусын урт зам байлаа. Тэгвэл сэтгүүлч Пол Салопек яг энэ замаар алхаж яваа билээ. National Geographic сэтгүүлийн 2013 оны арванхоёрдугаар сарын дугаарт түүний анхны тэмдэглэл “Их замын эхэнд” нэртэйгээр гарахад үнэнхүү догдолж уншсанаа санаж байна. “Урагшлахын тулд алхдаг. Шийдэлд хүрэх гэж, зөрчилдөөнийг зогсоох гэж, аюулаас зугтах гэж бид урагш алхдаг. Энэ утгаараа алхана гэдэг итгэх, түүний төлөөх сорилт юм шиг. Бид үүнийг өдөр бүр хийдэг. Энэ бол дараагийн алхмыг нөхцөлдүүлэх эхний алхам. Хоёрхон үйлдлээс бүтэх гайхамшиг. Тэгвэл үүнийг би ирэх долоон жилийн турш хийх болно” гэх сэтгэл догдлом үгсээр түүний тэмдэглэл эхэлдэг. Тэр одоо Энэтхэгт яваа аж. Төдхөн умардыг зорьж, Номхон далайг гатлах биз ээ.
Аялагчид цаг үргэлж нэгнээсээ суралцсаар иржээ. Би хувьдаа дэлхийг тойрогч Франц бүсгүйгээс гэртээ үлдэхгүй байх эр зоригийг, сэтгүүлч Пол Салопекээс явган аялахын утга учрыг, бас аялангаа бичихийн сайхныг мэдэж авсан. Энэхүү ярилцлагыг буулгах явцад зөвхөн бусдаас авах биш, бас бусдад өгч чадсан гэдгээ мэдрэх үнэхээр сайхан байлаа. Яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэг тэр чигтээ “сайхан”-ы магтуу билээ. Тэгвэл миний сүүлчийн асуулт аяллын турш мэдэрсэн тэрхүү “сайхан” бүхний тухай байсан юм.
ЭРЭГТЭЙ: -Хөвсгөл бол уулархаг нутаг. Гэтэл тэндхийн хүн зон тал нутаг шиг тэнүүн уужим сэтгэлтэй нь сайхан. Тэдний хувьд далай өөрөө тал нутаг юм билээ. Далайн аль ч өнцөгт очсон цэлэлзэх их ус тэнгэрийн хаяа хүртэл мэлийдэг. Тэрхүү уужим цэлгэрийг сэтгэл бахдалтайгаар ширтэж өссөн хүн сэтгэл зүрхнийхээ хувьд уужим тэнүүн болохгүй гээд ч яах билээ. Нээрээ далайг ширтэх сайхан шүү. Бас өглөө майхныхаа цахилгааныг яраад өглөөний сэрүүн тунгалаг агаарыг цээж дүүрэн амьсгалах сайхан. Ороод яв, идээд яв, унтаад яв гэх хүн зоны сэтгэл цэлэлзэх их далай шигээ сайхан. Ер нь замд таарсан бүх хүн сайхан. Муу хүн гэж байдаггүй юм шиг л санаж явлаа. Далайн цэнгэг ус өнө мөнхийн сайхан. Хаанаас нь ч хутгаад уусан тув тунгалагаараа.
ЭМЭГТЭЙ: -Өдөр бүрийн орой майхандаа ороод хэвтэх сайхан. Хоол хийх сайхан, хийсэн хоолоо идэх сайхан. Өдөр бүр, цаг тутамд таньж мэдэхгүй газар орноор алхах сайхан. Алхах өөрөө сайхан. Эргэн тойрны байгаль нэлдээ сайхан. Уулзаж учирсан бүх хүн сайхан. Өвдөлт зовуурь, цөхрөл шантрал бүхэн минь сайхан. Эцэст нь далай өөрөө ер бусын сайхан. Эргэж ирээд далайг санах нь “гунигтай” хэрнээ сайхан.
СЭТГҮҮЛЧ: -Та хоёрын өмнөөс уншигчдадаа хандаж “сайхныг мэдэрье гэвэл алх, аял” л гэж зөвлөе дөө.
Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН
8 сэтгэгдэлтэй
"Хязгааргүйн гүн рүү" орчуулгаас нь Франц эмэгтэйн ярилцлагыг уншсан. Аялагч хоёрын бүсгүйн тэмдэглэл байдаг бол унших сан гэж бодогдлоо. Хүн бүрийн нэг нэгэндээ нөлөөлөх нөлөө их, бага ч бай дандаа эерэг байгаасай.
ReplyDeleteХөөрхөн хүүхдүүд вэ дээ. Хэвтэж байхдаа уншсан өөрийн эрхгүй бослоо, ядаж дэлгүүр рүү алхъя даа кк
ReplyDeleteХишгээ минь ийм мундаг
ReplyDeleteМягмар ахын хэсгийг уншаад нээх их уйлав. Фатима soo proud of you as i said on twitter :)
ReplyDeleteТанил нэрнүүд харахаар сайхан болчих юмаа. Ярилцагч гуравт хүн нэг бүрт нь баяр хүргэе.
ReplyDeleteWow unshsan chin emorchihloo neeh ih alhaad bodold dargdAad alhaad dalai haraad agaar amisgalaad alhaad sain humuust talarhaad alhaad baigaliin saihniig harj bahdamaar sanagdchihlaa.
ReplyDeleteNadad bas neg muruydul zorilgo nemegdchihlee. Huvsgul nuuriig alhaj toirnoo zaaval.
Нэг тийм сайхан мөлжүүртэй бичих юм! Хүнд юм л өгөх гэсэн юм шиг сайхан тэнэгэр уужим далай шиг бичих. Урам авлаа! Урагшаа алхаад л байя!
ReplyDeleteТэд сөөм газар бүрийг алхаж туулжээ. Өөртөө үнэнч байх энэ зарчим бол аялагч хүний оюун санааг зоригжуулан байдаг хамгийн шим тэжээлтэй хүнс билээ...
ReplyDeleteЭнэ хэсэг их сайхан санагдлаа, бас ганцаараа 17 хоног алхана гэдэг маш том эр зориг тул өөрийгөө ялсанд нь бас тэмдэглэлээ буулгаж хуваалцсанд баяр хүргэе, бахархалтай. Их урам зориг авлаа :)
Бид байгуулагаараа, найз нөхдөөрөө нийлээд жилд 1 удаа Монгол орныхоо байгалийн сайхантай танилцан морин аялал хийдэг юм, Хөвсгөл нуурыг тойрч мориор аялах аялалаар явья гэж бодлоо...бид энэ жил аялахад снирхож байсан хүн бараг зуу шахаж, хамт явна гэсэн 20 гаран хүн байсан ч явах өдрийн урд өдрөөс зүсэрч орсон борооноос болж тал нь үлдэж... 10уулаа явсан...зүсэр бороонд нороод бүтэн өдөр шал нойтон морь унаж яаж явна аа гэх айдас аялалаа эхлүүлэх эцсийн мөч хүртэл байсан ч ...явж байх үед бороо зогсоод нар хүсээд байлуу та нар гэх шиг өмссөн хувцаснуудаа тайлтал ээх мөч... яваад ирсэний дараах,өөрийгөө ялсан мэдрэмж гайхалтай. Амьдралд маш их эрч нэмдэг...