Орчуулах эрдэмд шамдахуй
July 31, 2016
Вольтер, Дидро, Монтескье
нарын гэгээрлийн зууны сонгодог зохиолчдыг монгол хэлнээ хөрвүүлж дөнгөсөн, бас
болоогүй ээ, Камю гэх өмнөх хэдээсээ тэс хөндлөн, экзистенциалист зохиолчийн
"Этгээд хүн" романыг эх хэлнээс нь монголчилж чадсан хэрнээ "Орчуулга
гэдэг ажил амаргүй ээ, амаргүй" хэмээн санаа алдах Т.Төмөрхүлэг гуайн
үгийг орчуулж туурвихын зах зухаас гадарладаг эхлэн орчуулагчийн хувьд, би лав үнэн
гэж бодож байна.
Нээрээ ч орчуулах ажил
амаргүй шүү. Гэхдээ сайхан тал бас бий. Бичих сэдэл ч төрдөггүй, төрсөн ч бичиж
чаддаггүй, бичсэн ч огтхон ч урагшилдаггүй, урагшилсан ч утга авцалдаагүй
болчихдог, нэг тийм хоосон, дүйнгэ, урагшгүй, гараас юм гардаггүй өдрүүдэд
орчуулга л оюун санааны хамгийн нам гүм "хоргодох байр" болж чаддаг юм. Тиймээс
аль жилийн өмнө эхлээд одоо ч дуусаагүй байгаа өчнөөн дутуу
"орчуулга" надад бий.
Гэвч орчуулга амаргүй
ажил гээд ухарч шантрах, эсвэл над шиг тааваараа орчуулж байна гээд гараас юу ч
гаргахгүй байна гэдэг яавч сайн орчуулагчийн үйл хэрэг биш билээ. Тиймээс
орчуулах эрдэмд шамдан суралцахад Монголын урдаа барьдаг орчуулагч нарын дараах
эрдэнэс мэт үгс туслах болов уу гэж дотроо санаад өөрөө ч давхар суралцъя гэж зорин хоёр өдрийн турш олон арван ярилцлага, ном товхимлыг шүүрдсэн минь энэ болой.
Цаашид эдгээр үгийг улам
баяжуулан нэмэх учраас хэний ямар үгийг орхигдуулсан зэрэг үнэт санал санаачилгыг нээлттэй хүлээж авах болно гэдгээ энэ дашрамд дуулгаж байна.
1. Эх хэлээ сайн сур!
Б.РИНЧЕН
Орчуулсан бүтээл: А.К.Толстойн “Мөнгөн ноён, Гоголийн “Тарас Бульба”, Галидасын “Үүлэн зардас”
|
“Орчуулагч
хүн эх хэлнийхээ үг бүтээх, өгүүлбэр бүтээх, үйлийн урьд өмнө болсон, одоо болж
байгаа, болсоор байгаа, болох гэж байгаа алстаа болох байдлыг цөм сайн бодож
боловсруулан, аятайхан эвлүүлбэл, унших ухаарахад ч эвтэй болох ёстой. Манай
хэл маш баян үгтэй, бас үг бүтээгч олон дагавар нь тун нарийн, сонин утгатай
тул хэрэглэх гэсэн утга санаандаа сайхан зохицсон дагавар залган хэрэглэвэл,
бодсон сэтгэснийг гүйцэд нэвтрүүлж, ямар ч юм орчуулахад манай хэлний үг
дутахгүй, найруулга мөхөсдөхгүй гайхамшиг чадал бүрдсэн өндөр их соёлтой
хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч,
найруулан засагч хүн бодууштай байна.”
|
М.ЧИМИДЦЭЕЭ
Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл”, “Сүнзийн дайтахуйн ухаан”
|
“Монголоор сэтгэж
чадахгүй бол гадаад хэлээр хэзээ ч ярьж чадахгүй, уншиж ойлгохгүй. Оюутнууддаа
ярьдаг нэг жишээгээ бас хэлье. Манай алдарт зохиолч, орчуулагч Чойжилийн Чимэд
гуайгаас нэг хүн асууж л дээ, “Та орос хэлээр яаж ингэж сайхан орчуулж, ярьж
чадаж байна аа” гэхэд “Миний дайны орос хэлтэй хүн Монголд олон байна. Надаас
сайн хүмүүс ч байгаа. Би тэднээс монгол хэлээрээ л илүү. Тийм учраас би сайн
орчуулагч” гэж хэлсэн байдаг юм. Ерөөс гадаад хэл сурахын үндэс нь төрөлх хэл
шүү дээ.”
[Эх сурвалж: 2008 оны Үнэн сонинд нийтлэгдсэн “Бид хятад хэл, соёлыг маш сайн судалж байж дархлаатай болно” ярилцлагаас] |
Д.ДАШМӨНХ
“Үхлийн тууриуд” орчуулгын түүвэр, Эдогава Рампогийн “Хүн сандал” өгүүллэгийн түүвэр
|
“Орчуулгын хувьд
би нэг л юм хэлж чадна. Би англиар, оросоор уншдаг учраас орчуулдаг юм биш. Би
монгол хэлийг хичээж сайн сурсандаа л сонирхлоороо орчуулга хийдэг.”
[Эх сурвалж: Гоодаль сэтгүүлийн 80 дахь дугаарт нийтлэгдсэн “Уран зохиолыг би талх шиг хэрэглэдэг” ярилцлагаас]
|
2. Монгол хэлнийхээ ид бах, яруу тансаг, өвөрмөц онцлог зэргийг таньж мэд!
Г.АКИМ
Маркезийн “Зуун жилийн ганцаардал”, Чингиз Айтматовын “Цаазын тавцанд”, Эрнест Хэмингвэйн “Өвгөн, тэнгис”
|
“Б. Ренчин гуай
“Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол
хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй
нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин
хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй
яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол
хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний
авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр
дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр
үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л
байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн
номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт
хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар
байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа,
өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ.
Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай
болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.”
[Эх сурвалж: Гоодаль сэтгүүл]
|
Ц.ГОМБОСҮРЭН
Ф.М.Достоевскийн
романууд
|
“Монгол хэл бол
хэлзүйнхээ талаас угаасаа залгамал учраас сунжруу байдаг байх... Ер нь бол
миний ажигласнаар монголоор тун эвтэйхэн бууж байгаа нь голдуу хоршоо үг байдаг
юм. Машин зашин гэлээ гэдэг шиг шахуу, гэхдээ юу гэж л орчуулганд зашин гэж
оруулах вэ, өөр хэв маягийн хоршоо үг их орно, тэгэхээр нэг үг хоёр болж
сунжрах гээд байдаг тал бий. Энэ талаас нь үзвэл яг орос эх, монгол орчуулга
хоёрынхоо үгийг нэг бүрчлэн тоолоход монгол нь олон гарна.”
[Эх сурвалж: “Монгол улс дэлхийн тавцанд
ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан” ярилцлагаас]
|
БААБАР-----
Эдвард
Радзинскийн “Сталин”, Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх”
|
“Монгол хэл
үнэхээр баялаг. Хэд хэдэн толь хийлцсэний хувьд туршлагаас сайн мэднэ. Ялангуяа
алив зүйлийн дүрслэл, донж, зүйрлэл нь дэндүү баян. Хүний бие эрхтний гадаад
донж дүрсийн нэршлийг тоолж үзэхэд лав хоёр зуу гарч байсан. Тэр болгон нь
цаанаа араншинг нь давхар илэрхийлдэг. “Данхалзах”, “зантаганах” гэсэн үгийг
гадаадаар нэг үгээр орчуулах хэцүү байх аа.”
[Эх сурвалж: “Киноны хэл” нийтлэлээс]
|
Д.ЧОЙЖИЛ
Ю.Семеновын
"Хаврын арван долоон учрал"
|
"Орос, англи
мэт өрнөдийн хэлэнд нэрших хандлага их байдаг, тэгвэл монгол хэлэнд үйлших их
байдаг" гэж Г.Аким бичсэн байдаг юм. Энэ бол ер нь маш их анхаарвал зохих
юм байдаг юм. Жишээ хэлье: "Би од харвалтаар төрсөн болохоор од харвалтаар
буцна" гэж байна. Англи эхдээ "харвалтаар" л гэж байна л даа.
Энэ өгүүлбэрийг "би од харвахад төрсөн болохоор од харвахад явна" гэж үйлших
хэлбэрт оруулбал монголоор эвтэй болно. Үүнийг тун их анхаарч, боломжтой
газар нь нэр үгийг үйл үг болгож орчуулж байвал их сайн."
[Эх сурвалж: Х.Мэргэн гуай “Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай” бичвэртээ нэрт орчуулагч Д.Чойжил гуайн дээрх яриаг дурджээ.]
|
М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Н.Поппен “Дуртгал”,
Пети де ла Круан “Аугаа их Чингис хааны түүх” |
“Өгүүлбэрийг
бүтээгч гол гишүүдийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүн (subject), тусагдахуун (object),
өгүүлэхүүн (predicate) хэмээн нэрийддэг. Өрнийн хэлнүүд өгүүлэгдэхүүн буюу
үйлийн эзэн, тусагдахуун буюу үйлэнд өртөгчийг маш тодорхой байхыг шаардана.
Гэтэл дорны хэлнүүдэд өгүүлбэрийн хам сэдэв, яриа болж буй орчноос эдгээр
гишүүдийг хийсвэрлэн тогтоож болохоор байвал заавал дурдах албагүй. "Дорж
оюутан байхдаа хөлбөмбөг тоглодог байсан" гэсэн нийлмэл өгүүлбэрийг англиар
буулгахад "When Dorj was a student He used to play soccer" болно.
Монгол өгүүлбэрт эхний "оюутан байсан" эзэн нь Дорж учир
"хөлбөмбөг тоглодог байсан" эзэн нь аанай л Дорж хэмээн хоёр дахь
хэсэгт өгүүлэгдэхүүнгүйгээр найруулсан байхад англи өгүүлбэрт нийлмэл өгүүлбэрийн
хоёр хэсэг хоёулаа тов тод өгүүлэгдэхүүнтэй байх ёстой. Монголчууд хийсвэрлэн
сэтгэдэг ард түмэн учраас "дуслыг хураавал далай" гэх мэт өгүүлбэрийг
эзэн биегүй найруулан, ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд
ихэд тодорхой сэтгэдэг учраас "if you collect drops..." (Хэрвээ ЧИ
дуслыг хураавал ...) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ. Яруу найрагч Л.Дашням яг
энэ талаар нэг сонин зүйл хуучилж билээ. Дашням гуай өөрийнхөө шүлгээс нэгэн америк найрагчтай хамтран англи хэлээр орчуулж л дээ. "Юмны учир олдоно
оо" гэсэн нэг хийсвэр хэллэгийг эвтэйхэн буулгахын тулд "бүх юм
ойлгогдоно" гэсэн санаа хэмээн англиар тайлбарлаж, гэтэл мань орчуулагч
"яг юуны учир ойлгогдох юм, чухам хэн тэрийг ойлгох юм?" гээд
тодорхой эзэн нэхээд зовоогоод байсан гэдэг. Хоёр хэлний энэ ялгааг үл ойлгох
залуу орчуулагчид эх хэлээрээ харь хэлний загварыг барьж, ярьж бичих гээд
байдаг боллоо. Нэг хүүхэлдэйн кинон дээр усанд живж байгаа нохой "Somebody
help me" хэмээн хашгирна. Монгол орчуулга нь "Хэн нэг нь надад
туслаарай" хэмээх аж. Уг нь хөөрхий тэр америк нохой өрнийн сэтгэлгээтэй
амьтан болохоороо ХЭН туслах (somebody), ХЭНД туслах (me) гэдгээ тодорхой
өгүүлж байгаа юм. Гэтэл дорны сэтгэлгээгээр бол "Туслаарай" гэхэд л
хангалттай. Мэдээж, сонсож байгаа хэн нэг нь, бодоож, живж байгаа тэр мууд л
тусална биз дээ. Тэгээд ч живж үхэх гэж байхад чинь юун өгүүлэгдэхүүн, юун
тусагдахуун, юун хоёр бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн өгүүлбэр. Тэр нохой
тэнэгтээ бус хэл нь тийм зохион байгуулалттай байгаа хэрэг. "Явбал яваг"
гэсэн богинохоон монгол өгүүлбэрийг та англиар орчуулаад үз дээ. Би бол
"if he wants to go, let him go" буулгана. Нэг юм хэлээд байгаа биз?” [Эх сурвалж: М.Саруул-Эрдэнэ
багшийн “Сонирхолтой хэл шинжлэл” номоос]
|
3. Сурч буй гадаад хэлэндээ эзэн бол. Бас юм юмыг гадарладаг байхад илүүдэхгүй.
О.ЖАРГАЛСАЙХАН
Мүраками
Харүкигийн “1Q84” роман
|
“Хэл бол
орчуулагч хүний хамгийн чухал зэвсэг. Түүнээс гадна хэлээ дагаж ирсэн цогц
соёл, тухайн орны иргэншил, соёлын уур амьсгалыг гярхай мэдэрч эх хэлнээ
буулгана гэдэг орчуулгад чухал. Үүнд суралцахад тийм ч хялбар бус. Одоо бодоход
би амьдралынхаа 30 жил япон хэл, соёлыг судалж байна. “Гэнжийн туульс”,
Мүракамийг орчуулах хэмжээнд хүрэхэд надад 30 жил хэрэгтэй байж. Орчуулж буй
хэл, соёлоо сайн мэдэж байгаа нөхцөлд үнэн зөв орчуулахын зэрэгцээ, тухайн
бичвэрийн нарийн уур амьсгал, орчныг эвдэхгүйгээр буулгаж монгол хүнд хүргэж
хүчирнэ. Нэг гажуудал байдаг л даа. Орчуулагч өөрөө онгод нь ороод, зохиогчийн
өмнөөс бараг биччих гээд, эсвэл чадан ядан нэг үгийг нөгөөгөөр орлуулж
өгүүлбэрийн байрыг өөрчилж тавих гээд, энэ бол орчуулагчийн хийх ажил биш.
Үүнийг техник ч гүйцэтгэчихнэ. Би орчуулгыг хоньтой зүйрлэдэг юм. Тухайлбал
“1Q84” гэж нас бие гүйцсэн сайхан хонь байж гэж бодъё. Тэрийг нэг их гоё болгох
гээд хүзүүнд нь юм зүүх ч юм уу, тэжээлээр хэт бордох хэрэггүй, бас хөөрхий
тийм сайхан амьтныг яс арьс болсон тураг юм болгож болохгүй. Энэ л миний
орчуулгадаа барьдаг зарчим юм даа.” [Эх сурвалж: Гоодаль сэтгүүлийн 73 дахь дугаарт нийтлэгдсэн “Эрхэм оюун”
нэртэй ярилцлагаас]
|
Т.ТӨМӨРХҮЛЭГ
Вольтерын “Жамаараа
яваа ертөнц”, Камюгийн “Этгээд хүн”
|
“Үг дангаараа
байхдаа үхмэл юм. Үгийг өөр үгтэй эвцэлдүүлж, зөв байрлуулахаар л амь орж
байгаа юм. “Үгийн дарх”, “үгийн дархчууд” гэж ярьдаг даа. Уран зохиолын сайн
орчуулагч юуны түрүүнд уран сайхны болоод үгийн нарийн мэдрэмжтэй байх ёстой.
Бас хэлний гарамгай мэдлэгээс гадна юм юмны зах зухаас гадарладаг байхад
илүүдэхгүй.”
[Эх сурвалж: Яруу найрагч
Л.Өлзийтөгсийн хийсэн “Гүн ухаантнуудын зохиолыг орчуулбал тухайн хэл баяждаг”
ярилцлагаас эшлэв.]
|
4. Үгийн сангаа баяжуулах нь зайлшгүй. Гэхдээ яаж?
Ж.БАДРАА
Таагүүрийн “Өргөлийн
дуулал”
|
Л.Нямаа: -Багш
аа, та монгол хэлнийхээ яруу тансагаас яаж ийм сайн суралцсан юм бэ?
Ж.Бадраа: -Аливаа
ард түмэн амьд хэлээрээ харилцдаг. Өвгөд хөгшдийн амнаас жинхэнэ монгол хэлний
яруу төгс, гүн утга төрж, түүнийг нэг үг, нэг өгүүлбэр гэлгүй бичиж авч
тогтооно. Эртний мэргэдийн туурвисан, орчуулсан судар номыг туулж л эх хэлээ
сурна шүү дээ. Толь бичиг сөхөж үг цээжилж ч болно.
[Эх сурвалж: “МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Ломбын
Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номоос]
|
Г.АКИМ
|
“Ре багшийг уншихгүйгээр, Цэндийн Дамдинсүрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Р.Чойномыг уншихгүйгээр үгийн баялаг нэмэгдэнэ гэж байхгүй. Ядахдаа л Я.Цэвэл гуайн толийг харахгүйгээр үгийн баялаг нэмэгдэхгүй. Манай сонингуудын үг ер нь 100 хавьцаа л эргэлдэж байна уу гэж харагддаг юм. Гэтэл Ре багш “100 түмэн үгтэй хэлэнд зуд туслаа” гэж бичиж байсан. Тэр үед зуд туссан байсан, одоо бол юу тусч байгааг би хэлж мэдэхгүй байна.”
|
Т.ТӨМӨРХҮЛЭГ
|
18 настайгаасаа эхлэн
“Мэдэхгүй монгол үгийн тайлбар дэвтэр” хөтөлж хэвшсэн Т.Төмөрхүлэг гуай “Иймэрхүү
тэмдэглэлүүд орчуулга хийхэд их хэрэг болдог юм. Дэвтрийн тоо аль хэдийнээ гуч
давсаан” хэмээн хариулсан удаатай.
[Эх сурвалж: Яруу найрагч
Л.Өлзийтөгсийн хийсэн “Гүн ухаантнуудын зохиолыг орчуулбал тухайн хэл баяждаг”
ярилцлагад ингэж ярьжээ.]
|
Ц.ГОМБОСҮРЭН
Ф.М.Достоевскийн романууд
|
“Б.Ринчен гуайн “Үүрийн туяа”-г тэг дунд нь ортол үг түүж байлаа. Ж.Самбуу гуайн дурсамж бий. Тэнд сайхан үгнүүд байгаа. Түүнийг түүж байлаа. Хуучин хэвлэлд А.Дашням гэж их сайхан найруулгатай хүн байсан. Тэр хүний “Өлзий нарангийн өчил”-ийг саяхан дахин хэвлэсэн бололтой юм билээ. А.Дашням гуайн тэр номыг би алдчихсан. Уг нь тэр номонд нэлээд олон үг бий. Товчдоо бол орчуулагч нар үгийн сангаа байнга баяжуулж байх ёстой. 12 сандал дээр авсны мужаан гэж дүр гардаг юм. Тэр нөхөр хүний үхлийг нийгмийн гаралтай нь холбож, 5-6 янзаар хэлсэн байдаг. “Мань мэт нь бол мажийдаг юм. Хэн гуай харин тэнгэрт халина шүү дээ” гэж байгаа юм. Тэндээс улбаалаад би “үхэх”-ийг нэрлэсэн үгсийг тоолж үзээд орос дээр 20 гаргаад, монгол дээр 30 гаргаад явж байна.” [Эх сурвалж: "Бид засварчид биш, орчуулагчид..." гэсэн ярилцлагаас]
|
5. Үгийг дүйцүүлж орчуулахаас зайлсхий!
Б.РИНЧЕН
|
“Хэлний
боловсролгүй орчуулагч бол нэг үг нэг л утга орчуулгатай гэж боловсрол нимгэний
харгайгаар боддог...”
[Эх сурвалж: Бямбын Ринчен. Марк Твений минь махы нь идэж дээ..! (Орчуулгын тухай). 1991 он. Улаанбаатар хот. 136-р хуудас]
|
Т.ТӨМӨРХҮЛЭГ
|
“Махчилсан
орчуулга зохиолчийн сэтгэлийн урыг тонилгочихдог... Бүтээлч сэтгэхүй үгүйлэгдэж
байгаа хэрэг. Бага сага туршлагаасаа ярихад би Францын Александра Давид Неел,
Йонгдэн хоёрын бичсэн “Таван эрдэмд нэвтэрсэн лам” гэдэг Төвдийн сэдэвтэй роман
орчуулахдаа “Цастын орны хээр талд шөнөөр тэмтчин яваа морьтон эр өлөн чоно
улилдахыг сонсоод айсан мориныхоо жолоог атган үүр цайхыг хүлээв” гэж франц
эхэд нь гардгийг монголоор буулгахдаа “айсан мориныхоо” гэдэг үгийн оронд “морь
нь зогтусаж чих нь хулмалзахаар...” гэж монголчилсон билээ. Адуу мал цочихдоо
үнэхээр зогтусаж чих нь хулмалздаг биз дээ? Мал ямар үг хэлэх биш. Ном бүтээх
зохиолч, орчуулагч аль аль нь эхлээд өөрийгөө л танимаар байгаа юм даа.” [Эх сурвалж: Яруу найрагч Л.Өлзийтөгсийн хийсэн “Гүн ухаантнуудын зохиолыг орчуулбал тухайн хэл баяждаг” ярилцлагад ингэж ярьжээ.]
|
Ц.ГОМБОСҮРЭН
Ф.М.Достоевскийн романууд
|
“Цаад үгнийх нь
санаа гарч л байвал, монголоор хэд хэдэн хувилбар байлаа гэхэд би бол аль болох
мартагдаж, бага хэрэглэгдэж яваа уугуул сайхан монгол хэл, монгол үгсээ
шургуулах дуртай. Үг, найруулга ч тэр. Би бол зарим хүний “хар яриа”-ны гэж
гоочилдог энгийн сайхан яриа хөөрөө, найруулгыг монгол хэлний маань нэгэн
сайхан шүлт гэж үздэг юм. Тийм учраас ялангуяа шүлттэй хар ярианы найруулгыг
оруулахыг хичээнэ, энийг маань тоож уншиж байгаа хэсгийг монгол хэлнийхээ өвийг
тээж яваа нуруутай хэсэг нь гэж үзнэ. Ер нь хүмүүс бие биеэсээ “будаа идэж”
амьдрах хэрэгтэй. Ялангуяа үг. Би бол зохиол орчуулахдаа, бусдын орчуулгыг
уншихдаа энэ үгийг ингэж монголчиллоо гэж ноорогорхуу юм хийж явдаг л юм.” [Эх сурвалж: “Харь үг хэрэглэх нь эх хэлээ тээрэмдэхтэй адил” гэсэн ярилцлагаас]
|
6. Тайлбар тольтой нөхөрлө.
Ж.НЭРГҮЙ
Айн Рэндийн “Атлантын
нуруу тэнийв”, Фердинад Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”
|
“Ер нь
орчуулагчдыг хамгийн ганцаарчилсан хөдөлмөр эрхэлдэг гэж нэрлэж болно. ...Яруу
найрагч хүн л гэхэд олонтойгоо нийлж архидаж, дарвиж байгаад хэдэн гайхалтай
мөр олоод авчихна, гэтэл бид чинь толь бичгээс өөр зөвлөх ханьгүй улс.”
[Эх сурвалж: “Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машинхоёр адилхан” хэмээх ярилцлагын хэсгээс]
|
Б.БАЯСГАЛАН
Орхан Памукийн “ЦАС”
|
“Хэдэн жилийн
өмнө би орчуулгын тухай нэгэн баримтат кино үзээд "Толь бичиг хэзээ ч бүү
ашигла" гэх мэтийн зөвлөгөөнүүдийг нь ёстой балай, хаос юм ярих юм гээд
огт ойлгоогүй өнгөрч билээ. Түүнээс хойш хэдэн он өнгөрхөд яг өнөө зөвлөгөөнийх
нь хичнээн үнэтэй, зөв сайхан зүйл байсныг яс махаараа мэдэрдэг юм байна.
Тэгээд орчуулга хийж буй дүү нарт толь бичиг бүү ашигла, хэл сурч буй дүү нарт
хоёр хэлний хооронд дамжсан толь бичиг бүү ашигла гэж захих гэсэн юм. Яагаад?
Толь бичиг бол тухайн үгний ойролцоо утгуудын дүймэн. Та орчуулга хийж байхдаа
хэл хоорондын толь ашиглавал тэр үгийг өөр хэлний ойролцоо утгатай үгсээр
дүйцүүлсэн сонголтыг л олж харж буй гэдгээ хатуу ойлгох хэрэгтэй. Тэд нь тухайн
үгний эцсийн, яг таг, оносон оноолт биш гэдгийг дандаа бодож байх ёстой. Үг
өөрөө амьд, хөдөлгөөнтэй, хувирамтгай эд учир тухайн үгний яг таг оноолтыг тэр
үг чинь биш, тэр үгэнд харгах толь бичгийн дүйцээлт биш, явж явж хам текст чинь
тодорхойлдог юм шүү. Тиймээс хам текстээ л сайн ухаж, ойлгож, түүндээ тохирох
үгийг толь бичгээс хайх бус өөрөө мэдэрч оноохыг бод оо... Үнэхээр толь бичиг
харахаас өөр аргагүй бол англи-англи, орос-орос, хятад-хятад, монгол-монгол
толь хар. Англи үгийг англи толиор шүүж утгыг нь багцаалдчихаад хам текстэд чинь
тохирох монгол үгийг өөрөө дүйцүүлэх гэж үз. Олдохгүй бол өөрт чинь таарамжтай
мэт санагдсан монгол үгийг монгол хэлний толиос тусад нь хай...
Хэл сурч буй
дүү нар ч бас хэл дамнасан толь бус, англи-англи, орос-орос гэх мэт толь
ашиглаад сурчихвал тухайн үгний салаа утгуудыг мэдэх, үгсийн сангаа утгын
аймгаар нь нэхэн баяжуулахад маш сайн шүү. Энэ бол миний тун ойрхон бие дээрээ
амссан гашуун туршлага.”
[Эх сурвалж: Хувийн фэйсбүүк
хаягаас нь эшлэв.]
|
7. Ахмадын туршлагаас суралц.
Б.РИНЧЕН
|
“Европ зүгийн
хэлнээс Үолт Үйтмений “Өвсний навч” гэдгийг сонирхож, нэг хэсгий нь орчуулаад,
бас Оросын сонгодог зохиолчийн бүтээлээс орчуулж байснаа тэр арван долоон оны
үед [Судар бичгийн
хүрээлэнгийн анхны ерөнхийлөгч] Жамьян, [мөн хүрээлэнгийн
гишүүн] Бат-Очир гуай хоёрт
үзүүлэхэд, бичгийн тэр өтгөс, миний нооргийг үзээд, “Санаа нь мэдэгдэж байгаа
боловч, цаад эх зохиол нь нэртэй бичгийн хүний хийсэн юм, найруулгы нь сайн
сайхан болгохыг сурууштай байна. Эх бичиг нь тун сайхан үг найруулгатай байлгүй
дээ. Энэ хавьд хаашаа юм бол? Тэр хэдэн үг үсгийг эхтэй нь тулгаж ажаарай” гэж
тэмдэглэсхийгээд өгсөн зүйлий нь эхтэй нь тулгаж үзэхэд, нээрээ ч засмаар юм
байдаг асан.
Чингээд, надад
орчуулгы нь минь засаад өгнө үү гэхэд, цаад эхийн үг найруулгыг мэдэхгүйгээр
бид яаж зохиогчийн санааг засах вэ? Эхтэй нь тулгаж үз гэж ганц нэг газар
засвар оруулж өгдгий нь үзэхэд, ийм үсэг нэмбэл ямар, ийм үсэг хасвал ямар гэж
хадаж өгсөн нь, хэм хэмжээт монгол бичгийн найруулганд илүү дутуу сондгой үгтэй
болсон зүйлийг засаж өгсөн зүйл байдаг асан. Чингээд, тэр бичгийн сайд өтгөсийн
нэмэн хасаж, найруулан засаж өгсөн юм нь, эх зохиолын санаанд тун ч аятайхан
дүйж, монголоор үзэх хүнд найруулгын хувьд их л эвтэйхэн болдог асан билээ.”
[Эх сурвалж: Бямбын Ринчен. Монгол бичгийн хэлний зүй. Дөтгөөр дэвтэр (Өгүүлбэр зүй). 2012 он.
Улаанбаатар хот. 59-60-р хуудас]
|
Ц.ДАМДИНСҮРЭН
А.С.Пушкины “Алтан
загасны үлгэр”, С.Я.Маршакийн “Муурын байшин”
|
“Алтан загасны
үлгэр” зохиолын үндэс болсон анхны эх үлгэр нь уран сайхны дүрслэлийн хувьд
сулавтар ерийн нэгэн ардын үлгэр байсныг Пушкин олонтаа засаж, уран яруу, гоё
сайхан болгожээ. Би ч энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж
авахуйцаар орчуулахыг зорьсон билээ...
Пушкины 13 мөрийг
би 27 шүлэглэсэн мөр болгохдоо:
“Хөрст алтан
дэлхийн
Хөвөө хязгаар
нутагт
Хар усан ундтай
Хад чулуун
нөмөртэй” гэх зэрэг олон үг, өгүүлбэр нэмсэн болно.
Хэдийгээр би
Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран
сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж
боддог. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон
орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн
ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн, муу аль аль нь буй байх...
“Миний орос
хэлнээс орчуулсан бүх бүтээл дотроос С.Я.Маршакийн “Муурын байшин”-г овоо сайн
болсон гэж хувьдаа боддог.”
[Эх сурвалж:
Ц.Дамдинсүрэн. Намтрын хуудаснаа. 1990
он. Улаанбаатар хот. 119-121-р
хуудас]
|
8. Үг найруулгаа аман дотроо нам дуугаар уншиж, зас.
Б.РИНЧЕН
|
“Миний багш нар,
монголоор бичгийн эх зохиохдоо, аман дотроо нам дуугаар гиншин уншиж, тийн хүү
дуудан уншихад баахан эвгүй, илүү дутуу үгтэй, туг таг хийсэн газар, хоёр нэг
ахин дахин уншиж байгаад, сондгойрсон газар нь нэг нэр үг, нэг үйл үг буюу нэг
нөхцөл үг оруулан нэмэх буюу илүүдсэн нэг үг үсэг хасан дугуйлж байдаг асан.
Тэгээд, тэр нэмсэн буюу хассан үгийн байдлыг ажин үзэхэд, яах аргагүй хасвал зохих
илүү үг хасаж орхисон байдаг асан. Нэмсэн үгий нь үзэхэд, тэр нэг үг нэмснээр
найруулганд үгээр хойтохи үгийн утга санаа гэдэг нь гэрэл туссан эрдэнийн чулуу
шиг гялалзан тодроод явчдаг байсан билээ.”
[Эх сурвалж: Бямбын Ринчен. Монгол бичгийн хэлний зүй. Дөтгөөр дэвтэр (Өгүүлбэр зүй). 2012 он. Улаанбаатар
хот. 58-р хуудас]
|
Г.АКИМ
|
“Хүн өөрөө л
сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол
барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн
шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал
өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.”
[Эх сурвалж: Гоодаль сэтгүүл]
|
М.ЧИМИДЦЭЕЭ
|
“[Залуу орчуулагчид] нэгдүгээрт, ямар сэдвээр орчуулга хийх вэ гэдгээ
зєв олж тогтоогоосой гэж боддог. Юм юм руу үсчих биш. Орчуулга гэдэг єргєн хүрээтэй
ойлголт буюу шинжлэх ухаан, урлаг юм шүү дээ. Хоёрдугаарт, єнєєгийн зах зээлд,
уншигчдад ямар орчуулга хэрэгтэй байна, юу дутагдаж байна, юуг хүсэн хүлээж
байна вэ гэдгийг соргог мэдрээсэй. Жишээ нь миний бодлоор Хятадын орчин үеийн
утга зохиолыг унших гэсэн хүсэл монголчуудад их байна. Харин хийдэг хүн нь
ховор. Гуравдугаарт, үнэнхүү сэтгэлээсээ хийгээсэй. Орчуулгыг чєлєєт цагаараа ч
юм уу эсвэл бизнесийн зорилгоор биш жинхэнэ үнэн сэтгэлээсээ соёрхож, сэтгэл зүрхээ
зориулж хийгээсэй гэж хүсэх байна дээ. Тэгвэл сайн орчуулга болно.”
[Эх сурвалж: 2008 оны Үнэн сонинд
нийтлэгдсэн “Бид хятад хэл, соёлыг маш сайн судалж байж дархлаатай болно”
ярилцлагаас]
|
10. Дараах алдаануудыг гаргахгүй байхыг эрмэлз!
Т.ТӨМӨРХҮЛЭГ
|
“Энэтхэг-европын
язгуурын хэлэнд төлөөний үгийг их элбэг хэрэглэдэг. Манай албан аппаратынхан
төдийгүй сонин сэтгүүл, радио, телевизийн газарт ажилладаг орчуулагчид гадаад
хэлнээс орчуулга хийхдээ төлөөний үг л байвал монголоор заавал төлөөний үгээр
оноож хөрвүүлдэг зуршилтай болчихжээ. Тэгвэл найруулгазүйн үүднээс авч үзвэл
төлөөний үгийг манай хэл тэр бүр тэвчдэггүй юм.
Жишээлбэл, “Дорж
хонио хариулж явав. Тэгтэл уулын араас чоно бууж ирж яваа харагдав” гэсэн хоёр
өгүүлбэрийг орос, англи юмуу франц хэлээр орчуулах гэвэл хоёр дахь өгүүлбэрт
өгүүлэгдэхүүнийг нь заавал он, he, il гэсэн төлөөний үгээр орчуулж таарна.
Яагаад тэр вэ гэвэл эхний өгүүлбэр нь өнгөрөн үргэлжлэх цагт байгаа бол
дараагийн өгүүлбэр нь өнгөрөн төгссөн цагт байна.
Монголоор дээрх хоёр
өгүүлбэрийг “Доржийг хонио хариулж явтал уулын араас чоно бууж ирж яваа нь
харагдав” гэж нийлмэл өгүүлбэрээр ч илэрхийлж болно. “Дорж хонио хариулж явав.
Тэрбээр уулын араас чоно бууж ирэхийг харав” гэж найруулах юм бол сонсголон нь
их онцгүй дуулдаж байгаа биз. Хотын хүүхэд үүнийг ойлгох нь ойлгоно. Тэгтэл
аливаа нэг хөгжсөн хэл бол ганцхан “ойлголт”-оор хязгаарлагддаггүй гэдэг байх
аа.
Жинхэнэ монгол хэлээ мэддэг хүнд бол саяхь хоёр өгүүлбэр махчилсан орчуулгын
маягтай соностоно. Махчилсан орчуулгаар аргацаана гэвэл монгол хэлний ёсзүй
алдагдана. Хэлний зүй тогтоол, ёсзүй алдагдвал тэр хэлний амин сүнс үгүй болно.
Амин сүнс нь үгүй болохоор ямар ч хэл мөхөх тийшээ ханддаг жамтай. Үүнийг
орчуулагчид ер хайхардаггүй нь гаслантай.” [Эх сурвалж: “Орчуулагчдын гаргадаг нийтлэг дутагдлын заримаас өгүүлбэл”
нэртэй бичвэрээс нь.]
|
БААБАР-----
|
Монгол хүн
лавлахдаа ”тийм биз дээ” гэдэг бол энэтхэг европчууд тонгоруулж “үгүй юу?”
гэдэг. Аюулд өртсөн монгол хүн “авраарай”, аллаа”, “яанаа”, "туслаарай" гэдэг
болохоос "үгүй үгүй” гэж давтдаггүй. "Тиймээ, тийм, тийм” гэж орилоод л байх
юм, "зөв хө”, ”болж байна”, ”ураа", "ашгүй дээ” гээд мөн ч олон хувилбар байна
даа. [Эх сурвалж: “Киноны хэл” нийтлэлээс]
|
Д.ЧОЙЖИЛ
|
“Ажиглаад байхад
англи хэлэнд өвөрмөц хэлц их элбэг юм шиг байдаг. Ер нь монгол, орос хэлнээс ч
илүү байх. (Г.Акимын тэр нэг "Англи өвөрмөц хэлцийн толь" гэж зузаан
ном бий шүү дээ). Гэтэл орчуулганд нь өвөрмөц хэлц цөөхөн дайралддаг. Өвөрмөц
хэлцийг нь зүгээр энгийн хэллэг болгоод мөлийлгөөд хаячих явдал их байна. Уг нь
өвөрмөц хэлц олон байвал уран сайхан болно. Өвөрмөц хэлцийг өвөрмөц хэлцээр нь
орчуулж чаддаггүй юм аа гэхэд өөр боломжтой газар аль болохоор монгол өвөрмөц
хэлцээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй. Энд жишээ нь: "Тэр жинхэнэ зангаа
харуулсан" гэсэн үг байх юм. Уг нь утгаар нь: "Ёстой зэс нь цухуйж
байх шиг" гэж орчуулмаар юм байна лээ. Бас нэг газар: "Би хөлөө
жаахан тэнийлгэмээр байна" гэж. Монголоор "Хөлийнхөө чилээг гаргамаар
байна" гэж хэлдэг. "Ёстой доо, хоосон юм хөөлгөөд..." гэснийг
монголоор "чулуу хөөлгөөд..." гэвэл зүгээр. Иймэрхүү маягаар өвөрмөц хэлцийг
аль болох олон хэрэглэж, ер нь урлахыг хичээх хэрэгтэй.
Чой.Лувсанжав
гуай "Олон тоо олширвол олиг муутай орчуулга" гэж хэлсэн юм. Тэгээд
их гоё жишээ иш татсан байдаг юм. Монголоор "Нүдний нулимс. хацраа дагаад
урсав" гэдэг үгийг орос юм уу энэтхэг-европын хэлэнд "Нүднүүдийн
нулимснууд хацруудаа дагаад урсав" гэж хэлдэг. Энэ нь угаасаа тэр хэлний
зүй тогтол юм. Гэтэл бид монголоор орчуулахдаа гадаад хэлэнд олон тоонд байгаа
үгийг яг тэр хэвээр нь орчуулаад, яг үүн шиг аятай "нулимснуудыг хацруудыг
дагаад" урсаад байна. Энэ яах аргагүй, ер нь энэ олон тоо илүү хэлдэг бүр
давагдахаа байгаад байна. Миний үзэж байсан кинонд, жишээ нь, "бүгдээрээ
олон машинууд" гэсэн байсан. "Бүгдээрээ" гэчихээд,
"олон" гэчихээд дараа нь "машинууд" гэх хэрэг байхгүй л
дээ. Тоо заасан үг байвал олны нөхцөл хэрэглэх шаардлагагүй. "Олон
машин" гээд л болно. "Бүлэг танхай этгээдүүд" гэж байна. Нэгэнт
"бүлэг" гэсэн болохоор "этгээдүүд" гэх хэрэггүй.
"Бүлэг танхай этгээд" гээд л болно. Бас нэг газар "Ихэнх
цэцэгнүүдийг зөнд нь хаячихсан, аяндаа л ургадаг юм. Харин сарнайнуудыг
арчлахгүй бол тун болохгүй". Энд "Ихэнх цэцэгнүүдийг" гэх хэрэг
байхгүй, - "Ихэнх цэцэг" п гэхэд болно, "сарнайнууд" гэх
хэрэг байхгүй - "сарнай" гээд л болно.”
[Эх сурвалж: Х.Мэргэн гуай “Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай”
бичвэртээ нэрт орчуулагч Д.Чойжил гуайн дээрх яриаг дурджээ.]
|
11. Ном их унш
М.ЦЭДЭНДОРЖ
Эрнест Хэмингвэйн
“Зэр зэвсэг минь, баяртай”
|
“Сайн номын
сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд
бэлэн байдаг багш байхгүй.”
[Эх сурвалж:
МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Ломбын Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн алтан
хором” номоос]
|
12. Ялангуяа орчуулгатай холбоотой ном бүтээлүүдийг олж ав.
Г.АКИМ
|
“[Ринчен багшийн] орчуулсан Н.В.Гоголийн “Тарас Бульба”, “Мөнгөн ноён” гэсэн хоёр ном миний багш. Яаж орчуулсан гэдгийг үг болгоноор нь тулгаж үзсэн. Ер нь энэ хоёрыг монгол найруулга зүйн охь гэж хэлнэ. Төгөлдөр орчуулга. Мөн багштаны “Монгол бичгийн хэлний зүй”-н дөрөвдүгээр дэвтэрийг уншсаны хүчинд монголоор найруулах дөртэй болсон гэж боддог доо.”
[Эх сурвалж: “Уулс бидний олон үеийн түүхийн архив” ярилцлагаас]
|
Д.ЧОЙЖИЛ
|
“Орчуулгын онолын
талаар жаахан мэдлэгтэй байвал зүгээр юм. Г.Акимын "Орчуулгын санг
уудлахад" гэж ном байдаг. Бас орчуулга зүйн мэдлэгтэй болохыг хичээх
хэрэгтэй. Ц.Сүхбаатарын бичсэн "Найруулга зүй" гэж жижигхэн ном бий.
Их хөөрхөн жишээтэй, ойлгомжтой сайхан ном бий.”
[Эх
сурвалж: Х.Мэргэн гуай “Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай” бичвэртээ нэрт
орчуулагч Д.Чойжил гуайн дээрх яриаг дурджээ.]
|
Д.ДАШМӨНХ
|
“Ц.Сүхбаатар
багшийн “Монгол хэлний найруулга зүй” гэсэн ном бий. Тэрийг мянган удаа уншиж,
зуун удаа хуулж бичвэл гайгүй бичгийн хэлтэй хүн болж юуны магад.Үзээд алдахгүй
юү.”
[Эх сурвалж: Гоодаль
сэтгүүлийн 80 дахь дугаарт нийтлэгдсэн “Уран зохиолыг би талх шиг хэрэглэдэг”
ярилцлагаас]
|
Д.ДАШМӨНХ |
"Хүмүүс "сайн уран зохиолын орчуулга хийхэд юу чухал вэ?" гэж дандаа асуудаг. Би бол уран зохиолын орчуулгад редактор хамгийн чухал гэж хариулна. Учир нь орчуулагч орчуулах гэж байгаа зохиолоо эхлээд сонирхож уншина, дараа нь орчуулахдаа бэлдэж уншина, тэгээд орчуулна (энэ нь үг үсэгчлэн уншиж байгаагаас ялгаагүй үйлдэл болно), эцэст нь орчуулгаа хянаж боловсруулна (бас л уншина гэсэн үг). Тэгээд хэрэгтэй бол үг үсгийн алдаагаа хянаж уншина. Ингэж олон уншихаар нөгөө зохиолдоо хэт автана, мөн орчуулга хийж буй хэл дээрээ уг зохиолыг сайтар ойлгох боловч буулгаж буй хэлтэйгээ хольж хутгана, сүүлдээ юу ч олж харахаа болино. Өөрөөр хэлбэл англиас монгол уруу уран зохиолын орчуулга хийхэд англиар ойлгоод байгаагаа монголоор найруулан бичих гэж ихэд төөрөлдөх тохиолдол бий. Өөрөөрөө жишээ авъя. Би Эрнест Хэмингуэйн "A clean, well lighted place" гэдэг жижиг өгүүллэгийг анхлан монголоор буулгахдаа "Цэвэрхэн гэрэл гэгээтэй газар" хэмээн буулгасан. Надад ч ойлгомжтой, монгол хэлээр ч ойлгомжтой гаж буруу санагдахгүй байв. Тэгээд уг орчуулгын номоо яруу найрагч анд Д.Энхболдбаатарт өгч редакторлуулах боллоо. Тэр англи хэл мэдэхгүй, харин МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүн. Тэр уншаад надад хэлсэн нь.
- Гэрэл гэгээтэй газар гэж юу хэлээд байгаа юм бэ? Гэрэл гэгээтэй байхыг "саруул" гэж монголоор хэлдэг биз дээ. Түүний зөв байлаа. Тиймээс САЙН ОРЧУУЛГА САЙН РЕДАКТОРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ."
[Эх сурвалж: Хувийн фэйсбүүк хаягнаас нь]
|
14. Орчуулга бол амар ажил биш. Үүнийг эрт ойлгох тусмаа сайн.
Т.ТӨМӨРХҮЛЭГ
|
“Орчуулга гэдэг
ажил амаргүй ээ, амаргүй.”
[Эх сурвалж: Яруу найрагч Л.Өлзийтөгсийн
хийсэн “Гүн ухаантнуудын зохиолыг орчуулбал тухайн хэл баяждаг” ярилцлагад
ингэж ярьжээ.]
|
Х.МЭРГЭН
Шекспирийн “Гамлет”
|
“Шүлэг зохиол орчуулна гэдэг бол яг торонд байгаа шувуу шиг юм. Нэг талаас чи хүний санаа, хүний сэтгэл, хүний айзам, хүний хэмнэл, хүний адилтгал, хүний зүйрлэлд баглаастай, нөгөө талаас чи найргийн тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэх ёстой.”
[Эх сурвалж: Г.Мэнд-Ооёо гуайн Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” нийтлэлээс эшлэв.]
|
Б.БАЯСГАЛАН
Орхан Памукийн “ЦАС”
|
"Яруу найраг
орчуулах тухайн зохиолчтой өрсөлдөж байгаа хэрэг, харин хүүрнэл бол тэр
зохиолчийнхоо боол нь байх ёстой гэдэг үг бий. Миний баримтлал гэх үү дээ. Яруу
найрагтай хамт гоо сайхан явж байдаг учраас үгчлэн буулгах боломжгүй, өөрийн
хэлээр дахин бүтээх болдог. Хүүрнэлийн хувьд бол эсрэгээр, харин ч үг,
өгүүлбэрийнх нь утга санааг эвдэлгүй, яг тэр хэвээр нь буулгадаг."
[Эх сурвалж: “Цаснаар” нэртэй ярилцлагаас
нь эшлэв.]
|
15. Гэхдээ хэзээ ч бүү бууж өг. Шантарч мохсон үедээ түр амсхийж толгойгоо сэргээгээд үз!
О.ЖАРГАЛСАЙХАН
|
“Оюун санаа хэт
ядарсан үед бол юу ч амлаад, яагаад ч нэмэргүй, тэрийгээ жаахан амрааж
суллахгүй бол горьгүй. Орчуулга цаашаа явахгүй гацаж байна гэдэг оюун санаа
ихэд ядарчээ гэсэн үг. Оюуны ханиад туссан юм шиг толгойд юу ч орж ирдэггүй.
Тэр үед бол жаахан дарс энэ тэр ууж өөрийгөө аргадах асуудал гарна аа.”
[Эх сурвалж:
Гоодаль сэтгүүлийн 73 дахь дугаарт нийтлэгдсэн “Эрхэм оюун” нэртэй ярилцлагаас]
|
М.ЦЭДЭНДОРЖ
Эрнест Хэмингвэйн “Зэр зэвсэг минь, баяртай”
|
“Өглөө бүр биеийн
хөдөлгөөний дасгал хийдэг шиг оюун ухааны дасгал хийж, өөрийн хүслийн тухай 20
минут бодож бай. 5000 хуудастай ном уншсанаас илүү юм өгдөг юм.”
[Эх сурвалж: МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Ломбын Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номоос]
|
15 сэтгэгдэлтэй
Суралцаж яваа хүнд үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.Баярлалаа
ReplyDeleteОлон хүний бодож явсан ч хэрэгжүүлээгүйг сайхан бүтээл болгожээ. Улам өргөжүүлээрэй.
ReplyDeleteBayarlalaa Enkhtsolmoon
ReplyDeleteМаш их баярлалаа, үнэ цэнэтэй сайхан мэдээлэл байна,
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteҮнэхээр гоё нийтлэл болжээ. Баярлалаа
ReplyDeleteЭрдэнэбаатарын Энхцолмон, танд маш их баярлалаа. Орчуулагч нарт тустай сайхан түүвэр болжээ. Санаа авах зүйл их бна.
ReplyDeleteМаш их баярлалаа.
ReplyDeleteОрчуулагч нарт үнэхээр сайхан өгөөжтэй, бодууштай нийтлэл болжээ. Маш их баярлалаа.
ReplyDeleteyg tegdiishd eh zohioliig n oilgood bgaa murtuluu yg orchuulah gheer shiguu modtoi shrengruu orchih shig l boldog
ReplyDeleteIhiig bodohod hurgesen bas mash heregtei niitlel unshlaa bayarlalaa
ReplyDeleteGoy niitlel bnaa huvaaltssand bayarlalaa
ReplyDeleteБаярлалаа
ReplyDeleteӨгөөжтэй, сайхан нийтлэл байна. Баярлалаа.
ReplyDeleteМаш их баярлалаа, эрдэнэсийн цуглуулга юмаа
ReplyDelete