Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ
June 02, 2018
“Улаанбаатарын магтуу” цуврал тэмдэглэл №2
Угтаа 30 нас бол хүний амьдралын нэг л мөчлөг. Гэхдээ ямар нэгэн буцаж буй зүйлийн зааг зурвас гэж үзвэл тэр нь залуу насны гал цогтой, гэгээн, эрэмгий өдрүүд л байж таарна. Бүтэн хоёр өдөр цурам ч хийлгүй үргэлжилсэн найраг шүлэгтэй наргиан цэнгээний дараа “Ингэхэд би ийм зүйлийг урьд мэдэрч үзсэн билүү?” гэж өөрөөсөө асуухын зэрэгцээ удахгүй хагас сарын дараа 30 нас хүрэх гэж буйгаа гэнэт анзааран өдөр өдрөөр өөрөөс минь холдон буй хориод насны сүүлчийн өдрүүдээ харамсал гээч зүйлгүйгээр үдэн гаргахын тулд дэвтрийн цааснаа чухам юу хийж үзмээр байгаагаа дэс дугаарлан бичээд тэдгээрийгээ нэг нэгээр нь биелүүлэх гэж оролдсон нь төдхөн таны унших энэ тэмдэглэл юм. Үүний хажуугаар амьдралын минь гучдахь тавдугаар сар сархадтай, сайхан шүлэгтэй, “Дурлалгүй ертөнцийн блюз”-тэй, “Дотно алс”-тай, дотно хүмүүстэй, дотночлон ярих дурсамжтай өнгөрсөн. Энэ өдрүүдэд тохиосон үйл явдлын адал сонин, уулзаж учирсан хүмүүсийн хэзээ ч үл давтагдах чанар, уншсан, сонссон шүлгүүдийн гоё сайхан, ууж дуусгасан хоосон лонхны тоо урьд миний амьдарч туулсан гучин жилийн туршлагыг огт бараадуулахааргүй өөр, өвөрмөц, баялаг байлаа.
1. АВТОБУС
-Одоо хаачих вэ?
-Автобус хаа хүрнэ, тийшээ л явна.
Автобусанд болсон яриа
Долоон нас хүрдэг хавраа би хот орныхоо танил бус гудамж чөлөөгөөр ганцаараа хэрэн хэсүүчилж болох нэгэн гэмгүй бөгөөд сонирхолтой арга сэдэж олсон юм. Тэр нь юу вэ гэвэл ганцаардаж уйтгарлахаараа гэрийнхээ ойролцоох автобусны буудал дээр очин хамгийн түрүүнд ирсэн автобусанд ямар ч эргэлзээгүйгээр суучихдаг байв. Ингэхдээ харих замаа сайтар тогтоохын тулд эхлээд гурван буудал яваад автобуснаас буун, буцаад нэг буудал газар алхаж, дахиад түрүүнийхээ автобусанд суун урьдын үйлдлээ давтана. Энэ маягаар урьд хожид үзэж байгаагүй олон олон газрыг өөртөө нээсэн. Гуравдугаар хорооллын автобусны буудлаас эхтэй өдөр бүрийн аялал маань ихэнхдээ аль нэг автобусны эцсийн буудал хүрч өндөрлөнө. Ингэж хэрэн хэсэх тусам би улам зоригтой болж байлаа. Буцаж алхдагаа ч болив. Даанч намар гэхэд “Энэ хүүхэд тэнүүлчин болж гүйцлээ” гэх ээжийн зэмлэнгүй үг долоон настай хэрмэл хүүг сургуулийн ширээний ард номхон суулгаад зогсохгүй сэдэж олсон аяллыг нь тэгсхийгээд мартагдахад хүргэсэн юм. Тэгвэл яг одоо, тэртусмаа хориод насныхаа сүүлчийн өдрүүдийн нэгэнд хориод жилийн өмнөх ганцаардмал өдрүүдээ дурсаж дахиад ганцхан удаа ингэж хэрэн хэсүүчлэх сэн. Түрүүлж ирсэн эхний автобусанд суун цонхны дэргэдэх аль нэг сандалд гүн шигдэж аваад гучин жил аж төрсөн танил дотно хотоо хүүхэд насныхаа сониуч нүдээр ахин нэг удаа ажиж хармаар байна. Нээрээ яагаад болохгүй гэж!
Үргэлжилсэн нарлаг, дулаахан өдрүүдийн дараах Ням гараг нэг л зэврүүн. Хавар цагийн дуу шуутай, цовоо цолгиун хот маань саарал, бүүдгэр төрхөндөө хувирчээ. Ганцаардахад, ганьхарч гуниглахад яг таарсан энэ өдөр хүүхэд насныхаа аяллын дүрмийн дагуу алхаж явсаар эхэлж тааралдсан эл хуль автобусны буудалд дөхөж очоод хамгийн түрүүнд ирсэн ногоон автобусанд харайгаад суучихлаа. Тоостой ном шиг үнэртэх хуучин автобус хотын зүүн хэсгийг сүлжиж давхисаар уурхайчдын дүүрэг Налайх руу жирийв. Өмнө нь би энд гүний уурхайчдын талаар сурвалжлахаар яг ийм автобусанд суун өчнөөн удаа ирж байсан. Тэдний тухай эргэн дурсах бүрт “жинхэнэ гүжирмэг эрчүүд” гэх үг санаанд буудаг. Налайх яг л эрчүүд шигээ налгар тайван дүүрэг, сууринг нэвт зүссэн сүрхий урт гудамжтай, хоёр талаараа хоршоо дэлгүүр, хоолны газруудтай, уул өөд өгсвөл хийдтэй, уруудвал станцтай, цааш гүвээ давбал эрт цагийн бадрангуй түүхийг өгүүлэх их уурхайн балгастай. Зүрхэндээ гүн сорвитой энэ газар зөвхөн урин цагаар л амсхийдэг.
Налайхаас буцах замдаа дугхийчихжээ. Нэг сэртэл Офицеруудын ордон өнгөрч явав. Хөгжмийн хөнгөн хэмнэлд, тэртусмаа “Belle and Sebastian” хамтлагийн дөнгөж шинэхэн сонссон “Араб алчууртай хүү” дуунд, хаа нэгтээг зорих олны хөдөлгөөн, хөдөлгөөнгүй дүнсийх нүцгэн модод, моддын чөлөөнд шөнийг хүлээн зогсох гудамжны гэрэл, гэрэл нь асаагүй түг түмэн байшин, байшингийн буланд ганцаар суух халамцуу эр, эр хүнийг хүлээх эмэгтэй хүн, хүнгүй гудамж, гудамжны төгсгөл дэх уушийн газар, уушийн газрын дэргэдүүр өнгөрөх ноорхой автобус, автобуснаас буун хаа нэгтээг зорих хүмүүс гээд бүгд л нэг нь нөгөөгүйгээр оршихгүй мэт нэгдэж уусч харагдав. Бүдүүн байрагшуу биетэй жолооч эрийн “Хөөе, буугаарай” гэсэн чанга дуунаар Багшийн дээдийн хөл хөдөлгөөнтэй буудал дээр буулаа. Дараагийн автобус чухам хаа хүрэхийг ч харж амжилгүй, харайгаад суучихав. Энхтайвны гүүрийг ихэмсэг нь аргагүй даваад эргэж тойрсноо доогуур нь мэхийж өнгөрдөг автобус манай хотод байдаг юм билээ. Автобус бүрийн чиглэл хөдөлгөөн яг л гортиг шиг нэг замаа тойрон эргэлдэх боловч миний сууж яваа, бараг хүнгүй шахам унаа маань анхны болзоондоо яваа хархүү шиг аль нэг тийш яаран тэмүүлэх нь соньхон. Үзээгүйг үзүүлж, уулзаагүйг учруулдаг болохоор ингэж яарах нь зөв биз ээ.
Их сургуулийн номын сангаас Туулын хөвөө, Туулын хөвөөнөөс Төв номын санд ирлээ. Дараагийн автобус Ээрмэл. Бага насны минь танил дотно нэр. Чухам ямархан газрыг ингэж нэрлэдэг болохыг одоо ч би үл мэднэ. Харин хамгийн урд талын суудалд хүүхэд шиг цомцойн суучихаад цэл залуу насныхаа цомхон хотыг бүгдэд дуулдахаар зураглан ярьж яваа өвгөн лав Ээрмэл хаа байдгийг хэнээс ч илүү мэдэж байгаа биз. Хорооллын дэнж өөд өгсөж уруудаж, хоёр ч гүүрийг даван байж эхэлсэн газраа ирсэн Ээрмэлийн автобус бас л хуучин ном шиг үнэртсээр. Энэ хотын автобус бүр үнэндээ хэний ч уншиж амжаагүй ном ч юм билүү, хэн мэдлээ.
2. УУЛЗАЛТ
“Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ.
Залуу нас минь тэгэхэд хэдийн өнгөрсөн байна.”
Б.Одгэрэл
Зохиолч Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз” метароманы эхний өгүүллэгийн эхлэл хэсэг санаанаас минь ер гардаггүй юм: “Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков... Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаар төсөөлөх дуртай.” Цаг цагийн турш надад ч бас өөрийн гэсэн “Набоков”-ууд байсан. Сайх зохиолчийн хар номуудыг анх уншчихаад түүнтэй уулзах юм сан гэж он жилүүдийг элтэл хүсэж билээ. Мөн Д.Урианхай гуайн “Модод” шүлгийг унших бүртээ үүдийг нь тогшиж байгаагаар өөрийгөө төсөөлөх дуртай. Гэрийнх нь утас руу залгаад гадагш гараагүйг нь мэдмэгцээ гартаа ном, сүү хоёр барьчихаад гэнэтхэн яваад орно доо гэж бодох мөртлөө “Нээрээ ямар ном өгөх билээ?” гэх жирийн асуултад бүдэрч ойчоод яавч очиж зүрхлэхгүйгээ мэдэрдэг. Харин хожим сэтгүүлч болчихоод “Аав бид хоёр”-ыг уншиж суухдаа Ганаа эгчтэй уулзах сан гэж адгаж яарч билээ. Тэд бүгдээрээ л яг надтай адил энэ хотын агаараас амьсгалж, цаг хугацаа нь л өөр болохоос миний алхаж гишгэсэн зам мөрөөр дайран өнгөрч, мөн ширээн дээр минь буй аль нэг номыг хаа нэгтээх гэгээтэй цонхны цаана уншин суусан гэхээр тэдэнтэй тааралдах уг нь амархан байлтай. Гэтэл би хэнтэй нь ч уулзаж учраагүй өдий хүрчээ. Одоо л уулзахгүй бол үүрд оройтчих юм шиг хачин хоосон, гутранги мэдрэмж дотрыг минь дүүргэв.
Баасан гарагийн ажил тарах цагаар Ганаа эгчтэй уулзахаар ажлынх нь газрын үүдэнд ганцаар сууж байна. Нэг талдаа яруу найрагч Б.Одгэрэлийн “Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ” гэсэн гал цогтой үгс бүхий (Үүнийг би балын харандаагаар бичсэн), нөгөө талдаа Нью-Йоркийн хаа нэгтээ тамхи татан зогсох залуухан бүсгүйн хөрөгтэй (Үүнийг би өөрөө шилж сонгосон) шинэхэн ил захидал түүнд өгөхөөр авчирсан нимгэхэн номны минь завсар буй. Яг үнэнийг хэлэхэд, би хэл чимээгүй зүгээр л хүрээд ирсэн. Үүднийх нь жижүүр эр “Өрөөндөө хуралтай байгаа. Мөд дуусахгүй биз” гэхээр нь “Уулзах учиртай юм бол өнөөдөр л уулзана” гэж өөртөө шивнэн үүднийх нь хүнгүй сандал дээр тухалж аваад хуудсан завсраа ил захидалтай мөнөөх номоо яаралгүйхэн дэлгээд эхнээс нь уншлаа. Уулзаж л байвал уншиж дуусгатлаа хүлээсэн ч яахав гэж бодсон хэрэг.
Амьдран суугаа хот маань харц булаах өнгөний шидгүй ч хэн нэгний хүсэж шивнэсэн үгийг заавал сонсдог. Яг энэ цаг мөчид сайх байшингийн гуравдугаар давхрын эхний өрөөний ном давхарлан өрсөн булангийн ширээнээ урьд Улаанбаатарын гудамнаа хоёронтоо санаандгүй тааралдсан найрагч хүү дөнгөж түрүүхэн сөхөж эргүүлсэн нимгэхэн номоо бараг талд нь хүртэл уншчихаад өдөржин юу ч идээгүйгээ гэнэт санан өрөөнөөсөө гарч шатаар буутал үүднийх нь бүүдгэр, эл хуль хэсэгт үүнийг өгүүлэгч би ганцаар сууж байвай. Тэр намайг даруй таньчихаад “уншсан ном”-уудаа цайз цамхаг шиг өрчихсөн өнөөх ширээнийхээ ард аваачиж суулгалаа. Үүнээс цаашхи цаг хугацаа шидэт шившлэгийн хүчээр өрнөсөн. Нэг л мэдэхэд би уулзахыг удаан хүссэн хүнийхээ өөдөөс хараад сууж байлаа.
Би эрхэм сэтгүүлч эгчийнхээ эрмэг, дулаан яриаг удтал сонсож суусан. Бидний яриа сэдвээс сэдвийн хооронд яг л буухиа галт тэрэг шиг зогсолтгүй өрнөж байлаа. Тэрээр царцаа шаргисан шар талаа ярьж нэг гуниглаад, цайлган дэврүүн залуу насаа ярьж нэг дэвээд, “Хайр дурлал бол хамгийн шударга байлдааны талбар. Тэр хүний сэтгэл хөрч, чамайг сонгоогүй л бол чи ялагдсан” гэж хэлэхдээ тэртээ жилүүдийн өмнөх тэр дайндаа өөрөө ялагдсан тухайгаа яг л ялагч шиг ярьж бардамнаад, бас “Залуу байхад уулзаж байгаа зочин, учирч байгаа амраг ч бай бүгд л чухал байдаг. Зүүдэнд хүртэл хамт. Гэтэл цаг хугацаа бүгдийг мартуулчихдаг” хэмээн өнгөрснөө ярьж санаашраад, завсраар нь тамхи баагиулж, зай чөлөөгүй дурсамж хүүрнэн суухуйд би чив чимээгүй, яг л үлгэрт итгэдэг балчир жаал шиг үг бүрийг нь шимтэн сонссон. Уг нь уулзаад үг солихын төдийд л догдлуулах байсан энэ уулзалт уйдамгүй, урт яриагаар намайг нэмж шагнасан юм. Ийнхүү бидний гэнэтийн уулзалт өндөрлөхийн алдад Ганаа эгч олон жилийн өмнө яруу найрагч Батжаргалын Одгэрэлтэй уулзахаар нутагт нь очоод, ээжтэй нь хамт хүлээж хүлээж, уулзаж чадалгүй буцсан тухайгаа хуучлахад нь алс холын тэр дурсамж учир холбогдлын хувьд өнөөдрийн энэхүү уулзалттай яг адилхан, давтагдмал шинжтэй буйг олж анзаараад нэг талдаа Б.Одгэрэлийн шүлэгтэй мөнөөх ил захидлаа нэхэн санав.
-Цэнхэрмандал сумд очлоо. Цэв цэнхэр гол юм, цэв цэнхэр хангай юм. Одгэрэлийн ээж гэж гоё эгч гурван литр монгол архи аваад ирчихсэн, “Хоёулаа хүлээж байя” гээд нойтон өвсөн дээр суучихлаа. Тэгээд би “Танай хүү ийм мундаг” гээд л шүлгүүдийг нь уншиж өгөв. Яруу найраг ойлгодог бай, ойлгодоггүй ч бай, ямар ч эх хүнд хүүгийнх нь тухай яриа шиг амттай зүйл үгүй. Авчирсан монгол архиа хувааж уунгаа, огт танихгүй охинтой хэдэн цагаар суучихаж байгаа юм. Би тэр өдрийг ерөөсөө мартдаггүй.
3. ТУУЛ
“Уяхан гэгэлгэн Туул маань нутаг гүйсэн адуу шиг эцэн сульдан ирэв.”
Б.Ганчимэг, “Туул тунин тунин ирэв” нийтлэлээс
“Туулын урсгал шөнөдөө сайхан.” Ингэж дуулахыг та хаа нэгтээ сонссон уу? Харанхуйн анир гүм дунд навчсын сэрчигнэх чимээгүй нүцгэн бургасны дэргэд Туулын урсгалыг чагнаархан суухдаа энэхүү үгний уянга ярууг сэтгэлийнхээ гүнээс ойлгож мэдэрсэн. Угтаа миний мэддэг гэж бардсан энэ гол ингэж намуухан урсдагийг урьд би мэддэггүй байж. Хүнээр бол энэ гол өвдөж байна, гэвч тэр анир чимээгүй. Хэлтэй сэн бол энэ гол хашгиран уйлмаар юм, гэтэл бүх л оройжин нам гүм. Хүлцэн тэвчихүйн гайхамшиг гэж үүнийг л хэлнэ байх. Ингэхэд бид ундаалж өссөн энэ голоо хэр сайн мэддэг билээ? Үүргэвч саваа баглачихаад “Өнөө шөнө Туулын эрэг дээр гав ганцаараа майхантай хононо” гэж гэрийнхэндээ дуулгатал тэд маань гайхан балмагдаж “Харанхуйд тийш зүглэнэ гэдэг хамгаас солиотой хэрэг” хэмээн мэтгэцгээж билээ. Тэдний маань хэлж буйгаар Туулын шугуй гэр оронгүйчүүдийн “гэр орон” гэнэ.
Зайсангийн гүүрний зүүнтээ, голын урд эрэг дээр хорвоогийн нэг шөнийг ганцаараа өнгөрөөсөн “солиотой” нэгний хувьд аюул занал энд биш, бидний дунд л буй гэдгийг бардам дуулгая. Угтаа бүрэг ичимхий Туул маань биднээс л айвал зохилтой. Гэтэл тэр бүгдийг эх хүн шиг энэрэн хайрлах юм. Хөвөөнд нь ганцаардан суух хэн нэгний уй шаналанг эдгээхийн тулд “амьсгалахаа ч мартан” аниргүй урсах юм. Нээрээ л Туул бодлоо чагнан суухад нэн тохирох амар тайван газар. Бас бидэнд л буй хамгийн ойрын итгэл найдвар, амьд байгалийн сүүлчийн лугших судас.
Туулын эрэг дээр Туулын тухай бичсэнийг унших юутай сайхан. Тунин тунин ирэх Туул нээрээ хаанаас эх авдаг юм бол оо? Энэ тухай сэтгүүлч Ж.Мягмарсүрэн “Чив чимээгүй Туул” нийтлэлдээ ийн бичсэнийг өглөө босоод уншив: “Туул голын эх хаана байна вэ? Тэгж бодож үзсэн үү? Улаанбаатараас хэдэн зуун бээрийн чанадад бий. Тэнгэр тулсан Хэнтийн их сарьдгуудын дунд Мөнгөнморьт гэдэг нэртэй нэгэн уул бий. Томоо том. Богд уулнаас ч том. Орой дээрээ овоотой, оосор бүслүүрээр нь униартай. Энэхүү уулын баруун суганы гүн хар амнаас Туул гол эх авна. Амыг өгсөхөд харанхуй ой. Өгссөөр, давдгийн даваан дээр хаг хөвдөнд хучигдсан минж шиг хэдэн түгдгэр чулуу тааралдана. Түүний дороос бяцхан горхи хөл орж байгаа нь харагдана. Гэвч төдхөнөө бас хэл орчихсон уулын уруу шулганан дэгдэж одох бөлгөө. Энэ бол Хатан Туул маань төрж байгаа нь тэр. Жижигхэн, жирийн горхи.”
Чив чимээгүй урсах Туул жижигхэн, жирийн горхиноос эхтэйг та мэдэх үү? Ингээд бодохоор бүгдийн мэдэх Туул үнэндээ хэний ч мэдэхгүй Туул юм бил үү, хэн мэдлээ! Үнэхээр тийм юм бол энэ гол эсрэгээрээ бүгдийн нууцыг мэдэж буй. Магадгүй гэртээ харимааргүй байвал, ганцаардаж уйтгарламаар байвал Туулын хөвөө гарцаагүй чиний “гэр”.
4. НҮЦГЭН
“Нүцгэлнэ гэдэг хүмүүсийн харилцаанд юутай дотно нандин зүйл билээ.”
Г.Аюурзана, “Цасны роман”
Би лав нүцгэлэх дургүй. Бүхий л цөхрөл ганцаардлаа надад итгэж ярьчихаад өмнө минь “нүв нүцгэн” суух дотнын нэгэндээ ч өөрийгөө “нүцгэлж” байгаагүй. Хэн ч намайг олж харахгүйг мэдсээр байж хөнжил дотроо ч хувцастайгаа унтдаг минь одоо ч хэвээр. Гэтэл өөрийнхөө юуг ч нууж хаалгүй үнэнээр өгүүлдэг ах маань нүцгэн унтах дуртайгаа саяхан надад ярьсан юм. Нүцгэн байх, нууцаа дэлгэхийн хооронд ямар нэгэн далд шижим холбоо бий болов уу? Хэн бүхэнд хэцүү санагдах энэ асуулт яг одоо уушийн газрын булангийн ширээнд урдаас минь хараад сууж байгаа залуухан, харц булаам бүсгүйд амархан санагдах нь лав. Учир нь тэр нүцгэн биеийн зурагчин.
Бүсгүйн нэр “Хэвтрийн хүн” романы гол дүр Х.Х.-ийн найз бүсгүйн нэртэй адилхан. Хэрэв нэрийг нь үнэхээр олж мэдмээр байвал эл романыг дэлгээд 9-р бүлгийн гарчгийг нягталж харна биз ээ. Харин дэргэд минь суугаа түүний нөхрийг энэхүү тэмдэглэлийн өөр бүлэгт дахин нэг удаа дурдах учраас энэ удаад зүгээр л Х.Х. гэе. Х.Х. дөлгөөн намуухан харцтай, эелдэг дулаахан нэгэн. Энэ роман, цаашлаад “Хүүрнэл зохиолын товчоон” тэдний хувьд нандин дурсамжийг нь тээгч. Айсуй гучин насаа угтаж Аюурын гучтайдаа бичсэн “Дурлалгүй ертөнцийн блюз”-ийг саяхан уншсанаа дуулгатал тэд энэ номтой холбогдох нандин дурсамжаа хуваалцсан юм. Ер нь тэд надаас юугаа ч нуугаагүй. Мөн өнөөдөр биднийг уулзуулсан тэдний сайн найз ч надад бүхнээ итгэж ярьдгийг би мэдэх билээ. (Энэхүү найзынх нь тухай хожим дахин нэг удаа өгүүлэх тул энэ удаад зүгээр л “өвөлд хайртай охин” гэе.)
Яг энэ агшинд зэргэлдээх ширээний өнчин ганц лонх хоосорч дуусахад цугласан олны дуу шуугиан өндөрсч, эргэн тойрны эл хуль байдал эвдэгдлээ. Ийм үеэр уушийн газрын агаар арай л өөр охь найрлагатай болчихдог. Хэрэв болдог сон бол энэхүү агаар амьсгалыг хоолны орц шиг хэсэг хэсгээр нь салгаад ширээн дээр тавьбал тэнд лав бөөн бөөн хүсэл, бардамнал, бөхийх тусам гэдийх ихэрхэл, бас инээдний цаана нуугдах цөхрөл, хэсэгхэн гуниг, хэн нэгний чимээгүй гомдол, хэзээ ч уучилшгүй мэт санагдах үзэн ядалт, хаашаа ч хөвөрч мэдэх урт урт дурсамж, мөн хаачихаа мэдэхгүй ганцаардал зэрэгцэн бий. Ийм агаар амьсгалыг ханатал уушгилсан нэгэн хамаг байдгаа тайчдаг.
Гэтэл бидний дөрвөн хүн бүх л оройжин хөөрөлдөхөд би л ганцаараа “нүцгэлж” зүрхлээгүй. Үнэнийг хэлэхэд яг энэ мэдрэмж намайг хэзээ ч хүчирхэгжүүлж байгаагүй, уулзалт бүрийн дараа өөрийгөө зэмлэж буруутгахад хүргэдэг. Гаднаасаа уужуу тайван, яг л хана хэрэм шиг нөмөр нөөлөгтэй харагддаг болохоороо ойр дотныхон маань намайг ер цөхөрдөггүй гэж боддог. Үнэндээ сэтгэлийн минь хэрэм цайз салхинд ч үйрээд уначих тийм хэврэг юм аа. Би алхам тутамдаа цөхөрдөг, гэвч алхсаар гэртээ харьчихдаг болохоор амсхийдэг. Орой унтахын өмнө цөхөрдөг, гэвч унтаад нүдээ нээхийн төдийд л өглөө болчихдог болохоор өөртөө эрэмшиж өндийдөг. Зөвхөн та гуравт л зориулж өөрийгөө ийн “нүцгэлж” байна. Уг нь зурагчин бүсгүйтэй уулзаж ярилцах хүсэл минь эрт цагийнх боловч өнөөг хүртэл зориглож хүчрээгүй нь бас л сайх зангаас минь үүдэлтэй. Гэвч хэд хоногийн өмнө түүний, бас миний найз мөнөөх өвөлд дуртай охин “Тэр ч бас чамтай уулзахыг хүсдэг” гэж хэлсэн юм. Би энэ мэдээг сонсоод өдөржин догдолсон. Хорвоо дээрх долоон тэрбум хүнээс хэн нэгэн надтай уулзаж ярилцахыг хүсдэг гэж үү? Тийм бол яагаад түүнтэй уулзаж болохгүй гэж? Энэ миний 30 насаа угтсан хамгийн нандин, гэгээлэг хүсэл байлаа. Түүнтэй уулзаад гэрэл зураг авахгүй байгааг нь дуулаад хэсэгхэн зуур гонсойсон ч хормын дараа сэтгэл уужраад уг нь үргэлжийн цөхрөгч нэгэн боловч “үүрдийн цөхөршгүй нэгэн”-ий хувиар “Завсарлага нь түр зуурынх байгаасай” гэж өөртөө шивнээд “Заавал үргэлжлүүлж зураг дараарай” гэж түүнд хэлсэн. Хожимдсон ч гэсэн өөрийгөө “нүцгэлэх”-ийн сайхныг одоо л мэдэрч байна. Х.Х.-ийн хэлдэг үнэхээр үнэн аж: “Эхнэр маань хэнийг ч өмнөө нүцгэлүүлж чадах хамгийн авьяаслаг зурагчин!”
5. ГАДАА
“Даарсан ч хувцсан дотроо нүцгэн яваа...”
Я.Баяраа
Хана, тааз, шал, хаалга, цонхоор хашигдсан давчуу өрөөнөөсөө гадагш гараад “Яг одоо үдийн 12:00 цаг. Би маргааш үдийн 12:00 цаг хүртэл гадаа байна” гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичив. Тийм ээ, уншигч та зөв уншсан: “Би 24 цагийн турш гадаа байна.” Угтаа гадаа гэдэг хязгааргүй уудам орон зай билээ. Хүрч, очиж л чадвал огторгуйн алс хязгаар ч гадаа. Гэвч орон гэр, оромж сууцныхаа ая тухад дасаж ээнэгшсэн би “орчлонгийн эн”-тэй гадаа гараад “Одоо хаачих билээ” хэмээн хэсэг зуур тээнэгэлзсэн. Орой харихгүй, очих газаргүй гэхээр орон хот маань бүхэлдээ “орон гэр” шиг санагддаг юм билээ. Би удаан бодож цөхсөнгүй, эхлээд Сэлбэ голыг уруудаж алхав. Алхаад л байя, алхаад л байя, аль хүрээд дуусдагийг ажиж сонжмоор байв. Гэтэл сувдаг сэтгэлийн эзлэн түрэмгийлэлд эрэг хөвөөгөө булаалгачихсан Сэлбэ өвдөн өвдсөөр, урсан урссаар Улаанбаатар хотын маань баруун өмнө зүгийн хэний ч зорьж очдоггүй хэсэгхэн чөлөөнд хүрч очоод гүн санаашрах мэт амьсгал аван их усны урсгалтай нийлсэн. Амталж үзвэл энэ гол нулимс шиг “шорвог” буй за. Ингэхэд өдөр бүрийн нэг л хэмнэлдээ хүлэгдсэн бид өсөж торнисон энэ хотынхоо булан тохой бүрийг мэдэх бил үү? Тэгвэл манай хотын хаа нэгтээ үлгэрийн ертөнцөд л баймаар урт дүүжин гүүр байдаг гэвэл уншигч та итгэхгүй биз. Дээгүүр нь алхахад дайвалзан хөдөлдөг тэрхүү гүүрийг олж очъё гэвэл Арслантай гүүрний доогуур амь тавин урсах эрэмгий голыг энэлж шаналахтай нь цуг мэдрэн, эрэг хөвөөг нь даган алхаад л бай гэж аминчлан зөвлөе.
Сонсголонгийн гүүрнээс Таван шар луу алхахад тэнгэрийн үүлс ханьсан нүүж, цааш Баянхошууны эцсийг зориход салхи ширүүсч, тэндээсээ Зурагтын эцэс рүү өгсөхөд агаарын хэм сэрүүсч, тэгээд эцэс сүүлд нь Сансрын туннельд ирэхэд нар хэдийн буусан байлаа. Энэ бол өнөө орой жихүүн хонохын дохио. Очих газаргүй учраас орон хотоо тойроод ч болтугай алхаад л байя гэж бодсон минь үнэндээ буруу байсан. Хөл минь туйлдаа хүртэл ядарч, хамаг эрчим дулаанаа алдсан би удаанаар сажилж алхсаар төв талбайн зүүн урд үзүүр дэх электрон цагны хаяанд дөхөж иртэл цаг 22:12-ийг зааж байлаа. Алхах хурд минь дөрөв таван настай хүүхдийнх шиг удааширчээ. Энд хэсэгхэн амсхийснээ Энхтайвны гүүр лүү алхлаа. Шөнийн галт тэрэг унтаа хотыг маань сэрээчихгүйн тулд хэрхэн аяархан дуугардгийг олж сонсмоор байв. Сүмийн гонх мэт дөрвөн сүүдрэвчний нэгэнд галт тэрэг харуулдан удаан суусан боловч чиргүүлгүй зүтгүүр дуугаа хангинуулан хоромхон зуурт давхиад өнгөрснийг эс тооцвол галт тэрэгний урт цуваа явж өнгөрсөнгүй. Шөнө дунд: Энэ бол унтах цаг гэсэн үг. Харих гэргүй гэж бодох төдийд л халуун хөнжлөө үгүйлэн санав. Өнөө шөнийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөе гэж шийдээд гүүрнээс уруудан зүүн тийш алхах замдаа өлсөж, даарч байгаагаа мэдрэв. Дэргэдүүр мэр сэр тааралдах шөнийн гуанз, мухлагуудын хаалга үүд онгорхой байвч хаашаа ч орж болохгүй гэсэн 24 цагийн турш хүчинтэй байх дүрэм маань хүсэл, хөл хоёрыг минь тушсаар. Гэхдээ унтамхай ч гэсэн Улаанбаатарт маань шөнө дунд хэдийн өнгөрсөн ч хаашаа ч явж оролгүй халуун цай авч уух арга ингээд мухардчихгүй. Шөнө ч унтдаггүй түргэн хоолны газрын, машинтайгаа зогсож байгаад унд хоол захиалж болдог үйлчилгээний цонхоор цаасан аягатай халуун цай хэдийг л бол хэдийг авч болно. Ойролцоох орон сууцны байшингуудын дундах хүүхдийн тоглоомын талбай дээр уусан тэр цайны илч дулааныг ээ! Алгаа элгэнд нь наагаад халуун “амьсгал”-ыг нь мэдрэн амандаа хүргэхэд даарч хөшсөн бие минь дороо л бүлээцээд ирсэн. Гэвч цай дуусахад удаан хүлээсэн хэн нэгэн минь уулзахын төдийд л орхиод явчих шиг хачин ихээр гансарсан. Магадгүй энэ бол харанхуй шөнө түүдэг гал гэнэт унтрахтай адил мэдрэмж байх. Өөр хаашаа ч алхмааргүй болтлоо ядарч цөхсөн учраас энэ хавиасаа холдолгүй, бүр тодруулбал хүүхдийн гулсуурын гулсдаг хэсэг дээр унтахаар хэвтлээ. Шөнө нэг ч хором цурамхийсэнгүй. Биеийнхээ сүүлчийн халуун дулааныг яг хаагуур алдаж буйг ширхэгчлэн мэдрэнгээ галт тэрэгний урт цуваа холгүйхэн гурвантаа явж өнгөрөхийг сонссон. Тэр дуу нойрыг минь үргээчихжээ. Төдөлгүй ингэж даарч хэвтэхээр эндээс бушуухан холдъё, хөлөө сөхөрч унатал хотоо тойръё гэж шийдэв. Гэвч босохын төдийд л оройжин намайг хүлээсэн жиндүү салхи өөрт минь буй сүүлчийн итгэл найдварыг үлдэн хөөлөө. Би бүх биеэрээ дагжин чичрэв. Цүнхэнд яваа ороолтоо гаргаад хүзүүгээ яг л өндөр уулын оройд яваа уулчин аятай ороов. Аймшигтай даарч байлаа. Хүйтэнд даарахын хэцүүг мэдэх авч цөхөрч даарахын хэцүүг урьд хэзээ ч мэдрээгүй явж. Дагжин чичирсээр, алхан алхсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд ирэхэд үүр хэдийн туяарсан харагдав. Өглөөний эхний гүйгч дасгалдаа гарчээ. Одоо надад мандахыг хүлээн буй гал халуун нарны эрчим дулаан л хэрэгтэй.
Алхах хурд минь өглөөний байдлаар хоёр гурван настай хүүхдийнх шиг болж эрс удааширчээ. Энэ маягаараа дөнгөж мөлхөж сурч байгаа бяцхан жаалд ч гүйцэгдэх шинжтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс үгүйрэн хоосорч буй нэгэн шиг нугдайн алхсаар өнөөх электрон цагныхаа дэргэдүүр явж өнгөртөл цаг 07:40-ийг зааж байв. Би гэрээс гарахдаа зориуд бугуйн цаг, гар утсаа авч гараагүй юм. Үүнээс хойшхи цаг хугацаа өөдрөг, өрнүүн өнгөрсөн. Хамгаас эрхэм хүнээрээ халуун цай авхуулж уусан. Төгссөн сургуулийнхаа арын цэцэрлэгт дулаацаж хэвтсэн. Урьд шөнийн бүх цөхрөл бэрхшээлийг ор тас мартаад над дээр үйрэн асгарах нарны цацраг туяаг бүлээцэж буй биеийнхээ эд эс бүхнээр таашааж мэдэрсэн. Гэхдээ төдхөн гадаа байхгүй, дотогш орно гэх ганцхан шалтгаан эцсийн мөчид бүхнийг эерэг дулаан болгосон байх. Цаг 12:00 болоход “Дахиад ганц өдрийг гадаа өнгөрөөж чадах уу?” гэж өөрөөсөө асуугаад “Өө үгүй ээ, яавч чадахгүй” гэх хамгийн хулчгар хариултыг сонссон. Тэгэхэд л би Нью-Йоркод нэг жилийг гадаа өнгөрөөсөн Тайванийн уран бүтээлч Тэшин Шэйг урьд хожид байгаагүйгээр бишрэн хүндэлсэн юм.
Энэ бүхний эцэст... Гадаа гэдэг салхины хөдөлгөөн, агаарын хэм, саяхан явж өнгөрсөн галт тэрэгний дууг сонсож мэдрэх эрх чөлөө. Гадаа гэдэг оддын дор нойрсохын нэр. Гадаа гэдэг тав тухаас зугтах сорилт. Гадаа гэдэг халж, хөрөхийн эсрэгцэл. Гадаа гэдэг хашгирч өөрийгөө чөлөөлөх газар. Гадаа гэдэг бороон дусал, цасан ширхэг чам дээр унахыг зөвшөөрөх хамгийн гэгээн хүсэл.
6. ЗҮГЭЭР Л
“Чи өдрийн бодол, шөнийн зүүдэнд минь үргэлж дандаа хамт байгаач!”
“Зүгээр л” хамтлагийн “Зүгээр л” дууны хэсгээс
Амьдралдаа хамгийн олон сонссон дуугаа нэрлээч гэвэл хамгийн түрүүнд энэ дуу торойж үлдэнэ. Нэг удаа дуунд дуртай найзаасаа “Зүгээр л” бол метал рок хамтлагийн цорын ганц уянгын дуу гэдгийг олж мэдээд магадгүй энэ дууны ард онцгой нэгэн хайрын түүх байгаа гэж найдсан юм. Түүнээс хойш “Зүгээр л”-ийг сонсох бүртээ зүгээргүй дуу гэдэгт нь итгэх болсон. Тийм учраас хүслийн жагсаалтынхаа дэс дугаар зургаа дээр энэ дууны түүхийг олж мэднэ гэсэн гэгээхэн зорилгыг оноож цохсон юм. Хамтлагийн гоцлол дуучны утасны дугаарыг эрж олох, түүнтэй ярих, тэгээд уулзаж ярилцах нь бүгд санаснаар бүтсэн боловч “Зүгээр л” бол хэн нэгэнд зориулаагүй, зүгээр л хамтлагаараа ярилцаж байгаад зохиочихсон энгийн хайрын дуу гэдгийг олж мэдээд жаахан гонсойсон. Гэхдээ араас нь удаан шаргууцалдсаныг мэдэх учраас урмыг минь хугалахгуйн тулд тэрбээр ярианыхаа төгсгөлд олонд дэлгээгүй нэгэн түүхээ ярьсан нь энэ:
-Арваад жилийн өмнө энэ дууг хамтлагаараа зохиочихоод хоолойн бичлэгэнд орох гэтэл ерөөсөө дуулж чадаагүй юм. Найзууд зуу татуулж үзлээ. Хоолой гарахын хувьд гараад байдаг, нэг л болж өгдөггүй. Тэгэхэд манай нэг найз “Чи хайртай хүнээ бодоод дуу л даа” гэж билээ. Хамгийн сүүлчийн удаа хоолойн бичлэгэнд ороход анх зохиогдсоноосоо тэс өөр дуу болж гарсан. Зарим нэг үгийг дуулах явцдаа тэр дор нь өөрчилсөн. Сонсоход л төстэй болохоос анхны хувилбараасаа тэс өөр дуу. Найзын маань хэлсэн тус болсон шүү. Сэтгэлээс гарсан бүтээл хол настай гэдэг үнэн байх. Дуулж байхдаа нүдээ аниад хайртай бүсгүйгээ төсөөлсөн. Амьдралд бие биедээ сайн атлаа нийлж болдоггүй учрал гэж байдаг. Үерхэж байсан хэрнээ үнсэж ч үзээгүй. Хэн хэндээ шууд халдаж ч зүрхлэлгүй, зүгээр л нэгнээ хайрлачихсан хэрэг. Энэ бол тийм нандин хайраас ургасан дуу. Энд тэнд явж байгаад гэнэтхэн олоод сонсчихвол шууд л тэр үеийн үнэр мэдрэгддэг. Үнэнийг хэлэхэд энэ дууг би өөр ямар ч эмэгтэйд зориулан дуулж үзээгүй.
7. ГАЛТ ТЭРЭГ
“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй...”
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир
Гучин нас хүрэх өдрийн өглөө аав маань гартаа ууттай ном барьчихсан гаднаас орж ирлээ. Энэ бол миний төрсөн өдрийн уут дүүрэн бэлэг гэж уншигч та эндүүрүүзэй. Чухам хэдний өдөр төрснөө ч мэддэггүй учраас иргэний үнэмлэх дээрх албадмал өдрийг төдийлөн чухалчилж байгаагүй аав маань бага хүүгийнхээ мэндэлсэн өдрийг санана гэдэг хэн бүхний хувьд гайхаж цочмоор үйл явдал. Магадгүй саналаа ч уут дүүрэн бэлэгтэй ирэх нь юу л бол! Зохиолчдын эвлэлээр орж баахан ном авсныгаа надад сонирхуулаад тэр дундаасаа халаасанд багтчихмаар хариугүй нимгэхэн ном өгсөн нь хэдхэн хоногийн өмнө тэнгэрт хальсан яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Эрх сэтгэл” түүвэр. Би гучин насныхаа “бэлэг”-ийг эргүүлж тойруулан энд тэндээс нь ганц нэгхэн мөр түүж уншчихаад гэрээс гарав. Халаасанд мөнхүү ном хамт.
Өмнөх бүх төрсөн өдрүүд маань өнөөдрийн л адил эгэл даруухнаар эхэлж байсан. Ээж, эгч хоёрынхоо ажиллуулдаг жижигхэн хүнсний мухлагт иртэл “Орой нийслэл салат, ногоотой шөл хийх үү?” гэхээр нь хэн нэгэнтэй хамт сайхан хоол идэж магадгүй гэж санаад “Хэрэггүй, хэрэггүй” хэмээн болиулав. Гэвч энэ өдөр урьдын адил сайхан хоолгүй, сархад дарсгүй эгэл даруухнаар өндөрлөсөн. Оюутан ахуй цагтаа байнга хооллодог байсан хямдхан цайны газарт ганцаараа хоол идчихээд энэ өдрийн нарлаг дулаахныг мэдрэн гадуур хийх юмгүй хэсүүчлэн алхав. Уг нь өглөө сэрэхэд надад гурван хүсэл байсан. Эхнийх нь 30 насныхаа хөргийг даруулах. (Гэхдээ ийм цаг тулсан үед бараг бүтэшгүй хүсэл энэ байлаа.) Удаах нь ид шидийн мэт ямар нэгэн санаандгүй учрал. (Тийм учраас л би ногоотой шөл, нийслэл салат хоёроос татгалзсан хэрэг.) Гуравдахь нь галт тэрэгний дууг сонсох. (Хэд хоногийн өмнө харанхуй шөнө гүүрэн дээр очоод галт тэрэгний урт цувааг харж чадаагүй.) Хүсэл биелүүлэгч бялуу үгүй ч хүсэн шивнэх үгтэй байна гэдэг чухал. Юутай ч үүнээс цаашхи цаг хугацаа яаж өрнөснийг уншигч танд нэгд нэгэнгүй өгүүлье. Хүсэл минь биелсэн эсэхийг уншигч та өөрөө дүгнэнэ биз ээ.
Төгссөн сургуулийнхаа өмнүүр түм бужигнасан олны дундуур алхаж яваад “Яг одоо хэнтэй таарах бол?” гэж бодтол яг урдаас минь хэн гарч ирсэн гээч: “Цаг хугацаа хэлнэ” номын зохиогч. Би халаасандаа буй нимгэхэн номоо түүнд сонирхуулаад, бас түүний барьж яваа хатуу хавтастай хуучин номыг эргүүлж тойруулав. Бид өмнө нь уулзаж байгаагүй, өнөөдөр л анх удаагаа таарч байгаа нь энэ. Цааш алхсаар Байгалийн түүхийн музейн урд иртэл утас дуугарлаа. Нэг редакцид хамт ажиллаж байсан танил гэрэл зурагчин хаа байгааг минь асуугаад ганц аяга кофе ууя гэв. Гоймонгийн газрын гадаах ширээнээ тухалж суугаад кофе уун элдвийг ярилцах зуураа зураг дарууллаа. Оройн нарны шаргал туяанд нэг л намуухан, ажин түжин санагдах хот маань заримдаа санан үгүйлэхийн аргагүй гунигтай, заримдаа залхаж зугтахын аргагүй уйтгартай болчихдог. Яг энэ агшинд өөр хаана ч биш, зөвхөн энэ л хотынхоо үймээн бужигнаан дунд тэсэж үлдэх учир шалтгааны талаар эргэцүүлж суув. Нээрээ тийм, Улаанбаатарт үлдэх бас нэг шалтгаан бол миний гуравдахь хүсэл буюу уртаас урт галт тэрэгний цуваа.
Эцэж цуцсан галт шар бөмбөлөг тэнгэрийн хаяа руу ойртон дөхөх агшинд үүнийг өгүүлэн буй би энэ хорвоод мэндэлсэн гэдэг. Энэ бол төрсөн өдөр бүрээр минь ээжийн үргэлж ярьдаг дурсамж. Тэр цаг мөчөөс хойш илүү ч үгүй, дутуу ч үгүй яг гучин жил өнгөрч мөнөөх эцэж цуцсан нар сүүлчийн өнгө гэрлээрээ зарим нэгний хувьд залхаж зугтмаар, зарим нэгний хувьд зорьж ирмээр санагдах эмхгүй, эрх дураараа хотын маань эд эс бүрийг гийгүүлэн тэнгэрийн хаяа руу ойртоход би Энхтайвны гүүрний тэхий голд хүрч ирээд газарт ойчсон тэнгэрийн шатыг тэртээ үзүүр хүртэл нь ширтэж зогсов. Тэгтэл галт тэрэгний бүгтхэн дуу тэртээ холоос дуулдлаа. Дүүүүдддд, дүүүүдддд... Нарны гэрэлд “тэгшлээд татчихсан хоёр мөнгөн утас” мэт зэрэгцэн гялтганах төмөр замаар галт тэрэгний урт цуваа нааш айсуй. Улам ойртсоор алсыг зорих түүний дуу одоо сэтгэлд минь нөр цуурайтаж байна. Тийм ээ, энэ дуу миний энд үлдэх шалтгаан. Зарим өдөр оргилуун дарс шиг хоромхон зуурт оргилоод дуусчихдаг. Зарим өдөр яг л сүүлчийн лонх шар айраг шиг ер шавхарч дуусдаггүй. Харин энэ өдөр эдгээрийн аль нь ч биш байлаа. Оргилоод л буй хэрнээ шавхарч дуусаагүй өдөр. Би галт тэрэгний урт цувааг яван явтал нь харчихаад “Яг одоо энэ гүүрэн дээр хэнтэй таарах бол?” гэж бодтол хэдэн өдрийн өмнө уушийн газар танилцсан Х.Х. нааш алхан айсуй. Сонин байгаа биз!
8. ИД ШИД
Өвөлд хайртай болохоор чинь
Өр өвтгөдөг болохоор чинь
Савчсан гарт хуурталгүй, шүлгийн минь
Сайхныг мэдэрдэг болохоор чинь...
Хайртай
Яруу найрагч Г.Лхагвадуламын “Өвөлд хайртай охинд” зориулсан шүлгээс
Төрсөн өдөр маань таарч тохиодог жил бүрийн тавдугаар сар цастай, бороотой, салхитай өнгөрдөг. Жилийн яг өдийд сэтгэл минь хаврын сүүлчийн сар шиг тогтож ядан гэгэлзэх авч урьдын бүх тавдугаар сарууд уйт намар шиг дурсагдах нь хачин. Тиймээс дурсамж дуртгалын минь гучдахь тавдугаар сард эргэн дурсагдах ид шид зайлшгүй хэрэгтэй. Хүслийн жагсаалтынхаа энэ хэсгийг “Ид шид” гэж урьдаас нэрлэхдээ чухам юуг хүсэж буйгаа, эсвэл чухам юуг хүлээж буйгаа мэдэхгүй байлаа. Хүсэн хүлээсэн шидээ ойртуулахын тулд хонон өнжин сархад хүртээд маргааш өглөө нь толгой дүйрч, хийх юмгүй гансарч уйтгарлахдаа ганцаараа кинотеатрт очиж, хүн бүрийн шимтэн үзэж буй киноны хамгийн сонирхолтой хэсэг дээр хагас цаг гаруй унтан нойр авч, эргэж өрөөндөө ирмэгцээ нүдэнд түрүүлж өртсөн “Дотно алс” шүлгийн түүврийг шүүрч аваад шунамхайран уншсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэдэн өдрийн дараа сайх номын зохиогч руу ийм нэг захиа зориглон илгээж билээ:
-Хүн ер нь сонин сонин зүйл гэнэт бодох юм аа. Жишээ нь "Өвөлд хайртай болохоор чинь" гэдгийг уншчихаад өөртөө зориулсан ийм гоё шүлэгтэй болох юм сан гэж бодлоо. Хүний хүсэл шунал гээч зүйл хэзээ ч барагдахааргүй эд аж. Нээрээ уусны маргааш "Дотно алс"-ыг унших дотно ойр юм билээ. Тэгээд бас ингэж бодсон, энэ шүлгүүдийн ихэнхийг уусныхаа маргааш бичсэн юм болов уу гэж, нээрээ ойрд сонин сонин юм бодсон байгаа биз!
Хариуд нь ийм захиа ирсэн:
-Ер нь их уусны маргааш, үхмээр санагдах хоёр ч ижил төстэй мэдрэмж төрүүлнэ шүү. "Дотно алс"-ын ихэнх шүлгүүдийг яг тийм амиа хорлочихмоор санагдсан үедээ, маш гүн гүнзгий хямралтай, гэрээсээ гардаггүй, тогоо шиг том гэдэстэй байхдаа бичсээн. Тэн хагасыг нь 2009-2010 онд, харин нөгөө хагасыг нь 2012 оны хавар бичсэн юм. Тэр хавар дэргэд Номио [Өвөлд хайртай охин] байгаагүй бол ер нь үхэж мэдэхээр байсан шүү. Хүн тэгж удаан шаналж, нойргүйдэж, хоолгүйдэхээр эрүүл ухаанаа алддаг юм билээ. Хөл хүнд атал амьдрал, сэтгэл санаа хүнд байгаад шаналсан, аа гэхдээ бас үр хүүхэдтэй болно доо л гэж тэгж тэссэн санагддаг. Номио хүүхэн намайг өглөө сэрэхэд л орны хөл дор гадуур хувцастайгаа сууж байдаг байлаа ш дээ. Чи нээрээ шуналтай, бас хөөрхөн passionate байна шүү. Чамайг харж явдаг хорин хэдтэй хөөрхөн шүлэгч охин, эсвэл шүлэг бичих ч илүүц санагдтал хайрладаг хүн байгаа ч юм бил үү, хэн мэдлээ!
Энэхүү хариу ирснээс хойш яг долоо хоногийн дараа Энхтайвны гүүрний яг тэхий дунд үүнийг өгүүлэгч миний бие урсан өнгөрөх галт тэрэгний цувааг алсад үдэн ганцаар зогсож байсныг уншигч та мэдэх байлгүй. Тэгвэл яг энэ хоромд дөнгөж сая галт тэрэг дээгүүр нь явж өнгөрсөн мөнөөх замаар надад ид шид бэлэглэх хэн нэгэн нааш, Улаанбаатарын зүг айсуй явааг би огт төсөөлөөгүй явлаа. Тэр надтай энэ өдрийн маргааш буюу 30 настай эхний өдрийн орой уулзаад үүнээс хойш яг тав хоногийн дараа, төрсөн өдрөөрөө миний харахыг хүссэн мөнөөх галт тэргэнд суун буцчихсан. Харин буцахдаа ийм нэг шүлэг бичсэнийг тэр орой нь олж уншсан юм.
БУЦАХ ЗАМЫН ШҮЛЭГ
1.
Би чамд дурласан
Чи итгээгүй,
Итгэл гэдэг одоо
Галт тэрэгний дуу мэт,
Хэзээ ч хүрэхгүй, тэмүүлэхгүй
Хоосон бас үнэн
Үдэлт болж хувирав.
Сахал чинь одод мэт
Сэтгэл татаж
Царай чинь намар мэт
Надаас салахгүй,
Тийм нүд хэрвээ
Нэг л удаа итгэсэн бол
Тэвэр дүүрэн хорвоод
Бид ганцаардахгүй байв.
2.
Би чамаас салхи мэт холдовч
Чи намайг эзэмдэн хүлээнэ
Борооны хэл, үүлсийн хөл
Нарны алга, зүүдний нүдэнд.
Би чамаас хором бүрт урвавч
Хором бүрт хэлмэгдэн мэгшинэ
Гэмгүйн зүрхнээс асгарах нулимс
Гэмшилийг минь угаан ариулна
Инээх, баярлах чинийх
Илүү бусад нь хүнийх
Энэ бие чинийх
Энэлэн шаналах нь өөрийнх
Галт тэрэг замаасаа гараад
Улаанбаатар луу эргэж
Ганц өдрийн өмнөх учрал
Уучлал гуйн үнстэл
Догдлох минь чинийх
Дурсах минь минийх.
3.
Аниатай нарны нүдэнд
Үхлийн туяа бий
Асгарахаас нь өмнө
Үнсээрэй, намайг
Халаасандаа чихэр мэт
Нандигнан хийгээд
Харанхуй, хүйтэн дундуур
Эрмэг алхаарай,
Энэ шөнийн гарт
Эдгээгүй шархнууд бий
Эмээхээс нь өмнө
Энхрийлээрэй, намайг
Харцандаа нууцтай
Хайрын шидтэн мэт
Хүмүүсийн гунигийг
Эдгээн алхаарай,
Шүлэг бүхэнд минь
Чи л байна, итгээрэй
Шувуудтай буцахаас өмнө
Хайрлаарай, намайг.
Уншсан даруйдаа л энэ шүлэг миний хүслийн жагсаалт дахь мөнөөх ид шид гэдгийг мэдэрсэн. Бас унших бүрийдээ би “эдгэрэл”-ийг мэдэрдэг. Яруу найргийн аугаа хүч увдис гэж үүнийг л хэлнэ байх. Бидний учрал миний унших дуртай шүлгүүд шиг богинохон, гэгээхэн, сэтгэл татам байсан. Түүнийг буцахад энэ учрал яг л шүлэг шиг үүрд гэгээхнээр дурсагдаасай гэж өөртөө шивнэсэн. Тийм ээ, чи бол миний гучдахь тавдугаар сарын хамгийн уярам шүлэг билээ. Тав тухгүй, хүйтэн байшинд минь агаар амьсгал нэмсэн сэтгэл татам, сайхан бүсгүй чамд баярлалаа.
БУЦАХ ЗАМЫН ШҮЛЭГ
1.
Би чамд дурласан
Чи итгээгүй,
Итгэл гэдэг одоо
Галт тэрэгний дуу мэт,
Хэзээ ч хүрэхгүй, тэмүүлэхгүй
Хоосон бас үнэн
Үдэлт болж хувирав.
Сахал чинь одод мэт
Сэтгэл татаж
Царай чинь намар мэт
Надаас салахгүй,
Тийм нүд хэрвээ
Нэг л удаа итгэсэн бол
Тэвэр дүүрэн хорвоод
Бид ганцаардахгүй байв.
2.
Би чамаас салхи мэт холдовч
Чи намайг эзэмдэн хүлээнэ
Борооны хэл, үүлсийн хөл
Нарны алга, зүүдний нүдэнд.
Би чамаас хором бүрт урвавч
Хором бүрт хэлмэгдэн мэгшинэ
Гэмгүйн зүрхнээс асгарах нулимс
Гэмшилийг минь угаан ариулна
Инээх, баярлах чинийх
Илүү бусад нь хүнийх
Энэ бие чинийх
Энэлэн шаналах нь өөрийнх
Галт тэрэг замаасаа гараад
Улаанбаатар луу эргэж
Ганц өдрийн өмнөх учрал
Уучлал гуйн үнстэл
Догдлох минь чинийх
Дурсах минь минийх.
3.
Аниатай нарны нүдэнд
Үхлийн туяа бий
Асгарахаас нь өмнө
Үнсээрэй, намайг
Халаасандаа чихэр мэт
Нандигнан хийгээд
Харанхуй, хүйтэн дундуур
Эрмэг алхаарай,
Энэ шөнийн гарт
Эдгээгүй шархнууд бий
Эмээхээс нь өмнө
Энхрийлээрэй, намайг
Харцандаа нууцтай
Хайрын шидтэн мэт
Хүмүүсийн гунигийг
Эдгээн алхаарай,
Шүлэг бүхэнд минь
Чи л байна, итгээрэй
Шувуудтай буцахаас өмнө
Хайрлаарай, намайг.
Уншсан даруйдаа л энэ шүлэг миний хүслийн жагсаалт дахь мөнөөх ид шид гэдгийг мэдэрсэн. Бас унших бүрийдээ би “эдгэрэл”-ийг мэдэрдэг. Яруу найргийн аугаа хүч увдис гэж үүнийг л хэлнэ байх. Бидний учрал миний унших дуртай шүлгүүд шиг богинохон, гэгээхэн, сэтгэл татам байсан. Түүнийг буцахад энэ учрал яг л шүлэг шиг үүрд гэгээхнээр дурсагдаасай гэж өөртөө шивнэсэн. Тийм ээ, чи бол миний гучдахь тавдугаар сарын хамгийн уярам шүлэг билээ. Тав тухгүй, хүйтэн байшинд минь агаар амьсгал нэмсэн сэтгэл татам, сайхан бүсгүй чамд баярлалаа.
9. ДЭВТЭР
Галт тэрэг хүлээсэн
Гацааны жижиг өртөө би.
Зөвхөн намайг чиглээд
Зөндөөн холоос харагдавч
Буудал дээр минь зогсоолгүй
Буухиа тэрэг шиг хонгор чи...
Ж.Лхагва
Тавдугаар сарын энэ бүх өдрүүдэд ээжийн надад өгсөн хуучин тэмдэглэлийн дэвтэр энгэрийн минь халаасанд үргэлж хамт явсныг энэ хотын хэн нь ч анзаараагүй байх учиртай. Тэмдэглэл дээрх огноонуудыг нягталж харвал ээжийн дэвтэр лав гучаад жилийн настай нь илт. Хуудсууд нь нэг нэгээр салж, эмх замбараагаа алджээ. Уг нь минийх болоод удаж буй энэ дэвтэр ээжийн хайрын түүхийг дотроо агуулж буй юм. Тиймээс гучин насаа угтсан миний сүүлчийн хүсэл бол энэ дэвтрийн тэмдэглэл бүрийг үг гээлгүй уншаад эмх замбарааг нь олох явдал байлаа. Тэгж чадваас би ямар их хайраас төрснөө мэдрэх юм.
ЭЭЖИЙН 18 НАСАНДАА БИЧИЖ ЭХЛҮҮЛСЭН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС
Чи намуухан, гараа халаасандаа хийчихээд юм бодсон байртай алхаж явсан. Тэгснээ штабын хажуу талын хашлаган дээр суулаа. Би чамайг дандаа ганцаараа явдгийг хараад гайхдаг юм. Магадгүй чи бодол сэтгэлдээ хоёулаа, их олуулаа бужигналдан явдаг байх. Би тэнэг – чиний замыг тосоод өөрийн эрхгүй галзуухны арын хаалгаар гүйгээд гарчихсан байв. Чи байгаагүй. Би сэтгэл зүрхнээсээ нэг чухал юмаа алдчихсан юм шиг урамгүйхэн буцсан. Нарийн коридорт хүн алга. Би энд хүнгүй үед зогсох дуртай. Бас цонхоор харах дуртай.
Цонхоор санамсаргүй хартал чи гадаа явж байлаа. Чамайг харах надад сайхан байсан боловч бас хэрэггүй харжээ гэж бодох юм. Мэдэхгүй. Өнөөдөр надад бусад өдрүүдээс нэг л ондоо, уйтгартай ч юм шиг байна. Чамтай тааралдах юм сан гэж бодовч чи бид хоёрын дунд ямар нэгэн саад байх шиг.
Бурхан минь! Би энэ залууд хайртай болчихлоо гэж үү... Би чиний нэрийг л мэднэ. Өөр юу ч мэдэхгүй.
Олон дахин өөрийгөө зэмлэлээ. Чамайг би бодол сэтгэлээсээ олон дахин авч хаяхыг оролдлоо. Тэгж тэмцэх тутам чи миний бүх бие, сэтгэл зүрхийг эзэмдэн авах шиг, би бүр арчаагүйгээр чиний өмнө бууж өгөх шиг. Энэ дурлал мөн үү? гэж өөрөөсөө олон дахин асуув. Би өөр хүнээс асуугаагүй ээ. Ингэхэд би ямар хүнд дурлачихав аа гэж нэг биш удаа бодсон. Би чамайг танихгүй. Тэгсэн мөртлөө чи сайн танил хүн шиг... Чиний нүдэнд харагдсан саальчин охин, чиний замд дандаа тааралддаг, чи өөрөө дандаа мэндэлдэг хоол зөөгч охин чамд дурлажээ гэдгийг чи зүүдлээгүй яваа. Би ч зүүдлээгүй юм. Зүүдлэх нь битгий хэл санаанд ч ороогүй юм. Чамд сайн болсондоо би өөртөө уурлаж, бас сэтгэл өвдөж байсан юм. Гэвч эцсийн эцэст зүрх ялж би чамд хайртай болчихжээ. Уучлаарай залуу минь. Та миний сэтгэлийг нээгээд үздэг ч болоосой. Танд дурласан нэгэн охин байгааг, гэхдээ тэр охин алсын одон дээр биш, таны хажууд, тун саяхан замд тааралдсан тэр нэгэн охин гэдгийг та зүүдэндээ нэг мөч ч болтугай хардаг болоосой.
Өнөөдөр лав чамтай уулзана даа гэж итгэж байв. 4-ийн цайгаа өгчихөөд ээжийн өрөөний цонхоор чамайг харав. Наашаа хараасай гэж хэчнээн их хүсэв ээ. Харсангүй. Магадгүй чи зүрх сэтгэлээрээ харж байсан ч байж болох юм.
Хоолны дараа дээшээ явж байгаад чамтай тааралдлаа. “Бие сайн уу? Эмнэлгээс хэзээ гарах вэ? Сонин юу байна даа?” Бид хоёр ердөө ийм л асуултаар ярилцсан.
Залуу насандаа шүлэг бичиж үзээгүй хүн байдаггүйн адил хайр дурлалдаа шатаж яваа охид хүүхнүүд над шиг бас тэмдэглэл хөтлөн суудаг болов уу?
Танай нутгийн саальчин шиг, хүний нүдэнд үл ажиглагдам нэг охин зогсож байсныг чи мартана. Гэтэл надад – миний нүдэнд харагдсан тэр дулаахан харцтай, намуухан яриатай хүн мартагдана гэж үү. Би ямар сонин болчихов оо. Би тэнэг юм аа. Би чамайг танихгүй, тэр чигээрээ л өнгөрье.
Өчигдөр түүнийг харсангүй. Эмнэлгээс гарчихсан юм болов уу? Гэвч чи надтай уулзах ёстой. Бас миний хаягийг аваагүй шүү дээ. Чи нээрээ эмнэлгээс гараад явчихсан бол яана. Чамтай дахиж уулзахгүй гэж үү.
Чи эмнэлгээс гараагүй байна. Ямар гоё вэ! Өдөр корридорт явж байтал түүнтэй тааралдав. Бид хоёр гадаа гарч жаахан суулаа. Нэг дэх өдөр эмнэлгээс гарна гэнэ. Маргааш уулзахгүй бол бүтэнсайнд би амарна. Аягүй бол уулзаж чадахгүй явуулчихвал яана. Түүнийг мэс засалд орсны маргааш биеийг нь асуулгасанд их баярласан байна лээ. Чамайг нэг удаа ч болов баярлуулна гэдэг надад аз жаргал. Магадгүй энэ хүнтэй үүрд хамт, үхэн үхтлээ хамт амьдарч ч болох юм.
Би ажилдаа өглөө ирэхдээ яаран, ажлаасаа орой тарахдаа яаралгүй явдаг болчихож. Би нэг л хүнийг нүдээрээ хайж, зүрхээрээ хайрладаг болчихож.
Зүүдэнд ч оромгүй учрал. Чи нээрээ казах гэж үү! Тэгээд яагаад надад анхнаасаа хэлээгүй юм бэ? Аль эсвэл надаар тоглож байна уу? Үгүй. Чи худлаа ярих ёсгүй. Би сайн бодох ёстой. Энэ бол жирийн нэг асуулт биш. Энэ бол хайр сэтгэлийн минь жинхэнэ сорилт мөн. Хэрвээ чи халх охинтой амьдарч болно гэж бодож байгаа бол надад ч болохгүй юм алга. Казахын бэр би казах түмний зан заншил, ёс суртахуун, өвөрмөц онцлог гээд бүгдэд нь дасах хэрэгтэй. Удахгүй би жинхэнэ казах бүсгүй болж, казах хээгээр гэрээ чимж, зочдоо урин дайлах болно... Надад эргэлзэх зүйл алга. Тийм ээ, би үнэхээр эргэлзэхгүй байна. Маргааш бушуу болоосой!
Юу гэнэ ээ. Бүх юм тоглоом гэж үү! Хайрт минь чи хамаагүй, надаар үргэлж, өдөр шөнөгүй тогло. Харин амьдралаар минь, халуун хайраар минь л бүү тоглоорой!
Өнөөдөр чи эмнэлгээс гараад явчихлаа. Надад ямар эвгүй байна вэ? Госпиталь ганцхан чиний инээмсэглэлээр гэрэлтэж, ганцхан чиний дуу, чиний үгээр амьсгалж байсан юм шиг. Би хоолныхоо өрөөнд сууж байна. Чив чимээгүй.
Хүн хүлээх ямар хэцүү байдгийг би өнгөрсөн хоёр хоногт мэдэрлээ. Өглөөнөөс орой болтол чамайг хүлээлээ. Өчигдөр, уржигдар, бас өнөөдөр хүлээсээр сууна... Чи ирнэ, заавал ирнэ. Би хүлээнэ. Чамайг нэг бүсгүй хүлээж байгааг чи мэдэж байгаа.
Удахгүй ирэх захидлыг хүлээсээр. Одоо цэргийн ангидаа овоо дасаж байгаа даа. Надад лав өдийд анхныхаа захидлыг бичсэн байх ёстой. Харин тэр захидал замдаа бүү саатаасай.
Баярлалаа хайрт минь. Чамаасаа цэргийн хуарангаас бичсэн анхны захидлыг хүлээж авлаа.
Чамайг хайрлах миний сэтгэлд хязгаар гэж байхгүй ээ!
Бороо дахиад орлоо. Ямар гоё вэ! Би борооноос ерөөсөө уйдахгүй. Бороо сэтгэлд хань болдог юм. Одоо бол Улиастайд бороо орж байгаа. Чи бороо чагнаад сууж байгаа. Лав л унтаагүй байгаа. Чи ч бас намайг унтаагүй гэдгийг мэдэж байгаа. Чи бид хоёр хоёулаа энэ шаагин орох бороог чагнаж байгаа. Хоёулаа хоёр биенээ бодон суугаа. Хайрт минь чи бид хоёр хол биш ээ, ойрхон, тун ойрхон. Хоёулаа хамт бороо чагнаад л сууж байна шүү дээ. Энэ бороо нэг л учиртай орох юм. Хачин их ширүүссэнээ бүр чимээгүй болчихно. Тэгснээ ганц хоёр тог тог дусална. Зөөлөн шивэрнэ. Бороо ер нь хэлтэй байх. Тэр хэлээрээ л ямар нэгэн юм яриад байх шиг байна. Бороог хэлтэй гэж хэлбэл хүмүүс намайг шоолох байх даа. Гэвч яах аргагүй хэлтэй, тэр хэлээрээ ярьдаг юм. Ганцаараа яг над шиг ингэж суугаад бороог чагнаарай. Тэгэхэд л үнэхээр үнэмших болно.
Намайг өөрөөс минь ч илүү ойлгож чадсан чамдаа би их баярладаг. Би маш азтай хүн. Ямар азаар чи цэрэгт явж, ямар азаар чи Госпитальд хэвтэв ээ. Ямар азаар би сургуулиа орхиж, бас ямар азаар хоол зөөгч болчихов оо. Чи бид хоёр заавал ч үгүй учрах байсан болоод л бурхан тэнгэр чи бид хоёрт энэ сайхан хувь тавиланг хайрлажээ. Чамдаа улам л дасах юм. Чи минь одоо наддаа эр нөхөр минь төдийгүй эрх томоогүйхэн хүү минь болжээ.
Хайрт минь, чи бид хоёр одоо гурвуулаа болчихлоо. Би эх болчихлоо. Хэчнээн их сайхан бэ? Хэчнээн ч их хүсэн мөрөөдөв дөө. Үр минь чи бид хоёрт ирлээ. Чи минь баярлаж байгаа биз дээ. Надаас илүү баярлаж байгаа. Яг чамтайгаа адилхан хөөрхөн хүүтэй болох сон. Гэтэл чи яг надтай адилхан охинтой болох сон гэдэг. Аль нь ч яахав дээ, хань минь! Аль аль нь чи бид хоёрт эрдэнэ.
Чөлөөт сэтгүүлч Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН
Улаанбаатар хот
2018 оны 6-р сарын 2.
Жич: Цуврал тэмдэглэлийн эхнийх болох "Орон хотоо эргэж тойрлоо..." нийтлэлийг эндээс уншаарай.
Жич: Цуврал тэмдэглэлийн эхнийх болох "Орон хотоо эргэж тойрлоо..." нийтлэлийг эндээс уншаарай.
11 сэтгэгдэлтэй
энгийн мөртөө сэтгэл татам гоё бичих юмаа,
ReplyDeleteАй тасархай. Цолмон чи харин арай л удаан бичиж байна шүү
ReplyDeleteДуусчих вий гээд үг, үсэг бүрийг нь шимтэн хайрлан уншиж суутал дуусчихлаа. Нэг л тийм нандин.. дотор байгаа атал өөрөөсөө ч нуудаг нэг тийм мэдрэмжүүдийг хөндөж, эмзэглүүлэх боловч тайтгаруулах юм. Гунигтай.. гэхдээ таатай... /ер нь үгээр илэрхийлэх хэцүү юм/
ReplyDeleteХорвоо дээрх долоон тэрбум хүнээс хэн нэгэн надтай уулзаж ярилцахыг хүсдэг гэж үү? Тэгэлгүй яахав дээ. Уулзаж ярилцахыг хүсдэг хүмүүс өчнөөн байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн ярианы сэдэв ч болдог.
ReplyDeleteӨчигдөр хэтрүүлээд уучихсан, толгой эргээстэй. Уг нь ажилдаа явахаар гэрээсээ гарсан ч замдаа таарсан кофе шоп-н нэг мухарт суучихаад энэ тэмдэглэлийг уншиж дуусгалаа. Хорин хэдэн насныхаа сүүлийн өдрүүдийг баяр жаргалтайгаар өнгөрүүлээд ирж буй гучин насаа угтмаар санагдлаа. Тавдугаар сарын цастай бороотой өдрүүд үргэлжилсээр... Баярлалаа.
ReplyDeleteЗаримдаа гунигласан үедээ эсвэл амьдралын аар саархан асуудалд нуруу бөгтийх үедээ энэ нийтлэлийг уншдаг. Аль эсвэл ажлын цаг дуусахад ганцхан цагийн зай үлдэх үед цаг нөхцөөх зорилгоор ч уншина. Гэвч яг л зарим ном олон дахин уншихаас хэзээ ч уйдамгүй бас дуусамгүй байдаг шиг л санагдах юм. Өдгөө хол мэт санагдавч нэг л мэдэхэд хаалгыг минь тогших 30 насаа яг л ингэж угтах байх. Таны бичвэрээс нэг тийм бүлээхэн гуниг сонсогддог шүү.
ReplyDeleteСэтгэл хөөрч баярлаж, догдлож зарим хэсэгт гуниглаж баярласандаа ч юмуу гунигласандаа ч юмуу нулимс хүртэл цийлэгнэж уншлаа. Сайхан бичжээ. Үнхээр сайхан өглөөг чиний адал явдалтай цуг, 30 настай цуг эхлүүлсэн 30 насны нэгэн өдөр байлаа.
ReplyDeleteАхиад нэгэн тавдугаар сарын бүүдгэр өдрүүд. Ахиад л энэ нийтлэлийг уншиж сууна. Үг үсэг бүрт нь дурсамж, дурдатгал мэдрэмж шингэсэн учраас л унших бүрийд ийм шинэхнээрээ байдаг биз. Үнэхээр л энэ саарал хотод тэсээд үлдэх зүйл яасан их вэ.
ReplyDeleteАхиад л, ахиад л...ахиад нэг жил өнгөрчээ. Өөрийн блогоо, medium хаягаа ор тас мартаж орхиод Энхцолмон ахын энэ нийтлэлийн дор элдэв зүйл бичих нь илүү амттай юм. Ахиад л таван сар.
ReplyDeleteГайхалтай бичих юмаа
ReplyDeleteзүгээр л баахан уйлах шив дээ, амьдарч сурахгүй байсаар байтал буцах нь
ReplyDelete