Ганцаар цайрагч хөлгийн далбаа



Тэр Василий Песковыг “шүтдэг” юм шиг ээ. Хязгаар нутгийн алслагдмал сууринд сурагч хөвүүн байхдаа анх “шүтээн”-ийхээ ярилцлагыг уншаад сэтгэл нэн догдолсондоо сэтгүүлч болохоор шийдсэн гэдэг. Тэгээд ч зогсохгүй, тэрхүү балчир үеэс хойш дөчөөд он улиран одсон ч “Песков долоо хоногийн нэг л өдөр өглөөний 8.00-8.30-ийн хооронд харилцуурынхаа дэргэд суудаг, бусдаар бол завгүй, олддоггүй хүн байлаа” хэмээн бахдангуй өгүүлэхийг нь сонсоод ингэхэд тэр муу Песков гэгч нь хэн юм бол оо гэж ихэд сонирхохдоо тэрхүү шүтээнийх нь тухай баахан эрж хайв. Гэхдээ энэ ярилцлагын маань гол баатрын өсөж торнисон, бага залуу үеийнх шиг номын сан руу явж цагаа үрсэнгүй, басхүү нэвтэрхий толь шагайж өөртөө төвөг удсангүй, зүгээр л “Гүүгл” гэгч нэн орчин үелэг лавлах руу нэвтрэн “Песков” гэж бичээд л ганцхан товчлуур дартал бараг бүхий л зурган дээрээ малгай духдуулчихсан, малигар орос эр дэлгэц дүүрэн гараад ирэв. Василий Михайлович Песков гэх ясны орос нэртэй энэ эр сэтгүүлч төдийгүй гэрэл зурагчин гэнэ. Мөн 1964 онд Лениний шагнал хүртжээ. Ингээд мань эрийн тухай хэсэгхэн ухаж судалтал нээрээ л “Зөвлөлтийн сэтгүүлзүйн сартваахь” байж шүү. Гэтэл би Песков гэгчийн талаар огт сонсож дуулаагүй явдаг.

Ингээд бодохоор энэ ярилцлагыг авч буй “би”, энэ ярилцлагыг өгч буй “тэр” хоёрын хооронд асар том ялгаа зааг байх шиг. Тэр гэдэг маань “Хөх толбо” сонины эрхлэгч Батын Эрдэнэбаатар юм л даа. Уг нь бид хоёулаа л сэтгүүлч боловч тэр хавцал дунд, харин би ханан дунд өссөн. Тэр таталгаж бичихдээ, харин би товчлуур товшихдоо гаргууд. Түүний хувьд ном сонин хуучрах тусмаа, харин миний хувьд ном сонин шинэ дээрээ “үнэтэй”. 1990-ээд оны цахим сүлжээ ч үгүй, зурагтаар нь нэг хоёрхон суваг сөөлжлөн гардаг, нийтээрээ шарлаж гандсан сонинуудаа мэрж уншдаг, юунд ч атаархах зүйлгүй эгэл борогхон өдрүүдэд мань эрийн өтгөн бавгар сахалтай эрэмгий дүр төрхийг Монгол орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт таньдаг байлаа. Харин намайг хэн ч үл танина. Түүнийг нэгэн үе “Ардчилал” сонины Эрдэнэбаатар гэдэг байсан бол өдгөө намайг эцгийн минь нэрээр ялгаж дуудахаас цаашгүй. Тиймээс энэ ярилцлага л биднийг улам их ойртуулж, ижилсүүлнэ гэж найдъя даа.


-Би таны төрсөн нутагт очиж үзсэн. Алслагдмал, гундуухан суурин байдаг юм билээ. Хуучин цагт Ховдын Зэрэг гэхээр шумуул, шуурга хоёр л санаанд буудаг байсан гэсэн. Харин одоо бол Ерөнхийлөгчийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс анддаггүй болжээ. Ингэхэд таны төрсөн нутаг тийм их шумуул, шуургатай хэрэг үү?

-Миний төрсөн нутагт бус, харин манай сумын төвд очиж үзжээ. Учир нь би ууланд төрсөн хүн. Миний төрсөн газар бол нутгийнхны хэлдгээр баруун уул буюу Баатар хайрхан нурууны Баатарын хавцал юм. Маш сонин, өвөрмөц хад чулуутай газар байдаг. Хавцал нь гэхэд эгц цавчим. Тиймдээ ч уул өөд машин тэрэг гарч хүчирдэггүй, ихэвчлэн тэмээгээр л явна. Ууланд зөвхөн баарцаг, тооку гэсэн хоёр гутал өмсдөг. Энгийн гутал өмсөх аргагүй.

Баатар хайрхан бол янгир, ирвэс, сарлагийн нутаг юм. Манайх цөөн хэдэн сарлагтай. Хималайн нурууны ноён оргил дээр мөрөө гаргасан Дэнзэн Норгай “Миний хувьд ертөнц дэлхий сарлагаас эхэлдэг” гэж хэлсэн нь надад дэндүү ойр дотно санагдаж билээ. Бид түүн шиг л сарлагаа унаж, сарлагийнхаа сүүг ууж, сарлагийнхаа борцыг идэж өссөн. Сарлагаа дагаж агсарна, сарлагаа дагаж уйлна. Бас хэдэн сарлагаа хурааж ирэх гэж уул хадаар бүдчин явна.

Манай сумын төвийг гундуухан гэж дурдлаа. Нээрээ ч сүүлийн жилүүд дэх цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гундуугаар барахгүй гандуухан болсон нь ажиглагдаж байна. Зэрэг сум шумуул, шуурга хоёроор зогсохгүй олон зүйлээрээ алдартай шүү. Нэгэн цагт Зэрэгийн хөндий туулж барамгүй урт гэгддэг байлаа. Тэгээд зогсохгүй, шороон замынх нь дэржигнүүр даржигнуур ихтэйг хэлэх үү! Харин өдгөө дээгүүр нь хар зам тавьчихсан учраас тэр бүхэн өнгөрсөнд мартагдан үлдэж дээ.

Энэ хөндий бол Захчины уугуул нутаг юм. Захчид нэн эртнээс энд нутаглаж ирсэн гэдэг. Зэрэгийн нутаг ховор өвс ургамал, бас ямаан, тэмээн, үхэр, шар гэх зэрэг олон төрлийн харганатай. Биднийг бага байхад аргаль, угалз зэрэг ховор ан амьтдын эвэр уул хадаар элбэг байж билээ. Гэтэл ийм бахдам сайхан нутаг цөлжиж, гандаж байгаа нь харамсалтай. 

Мэдээж манай нутаг нарийн, шар шумуулаараа зартай. Сэлэнгэ, Халхын голын шумуултай харьцуулахад илүү хорлонтой шүү. Яагаад ийм их шумуултай вэ гэвэл Зэрэгийн хөндий намаг балчиг, нуур цөөрөм, булаг шандаар арвин. Зөвхөн дэрс түнгэ нь гэхэд тэмээ орохооргүй тийм шигүү. Энэ хөндийд эртний их тариан талбай байсан гэдэг. Саяхныг хүртэл хөх тариа тариалж байлаа шүү дээ. Харин шуурганы хувьд уул нурж байгаа юм шиг л дүнгэнэдэг сэн.

-Ижийгээсээ “Заавал оргож ирнэ” гэсэн амлалттайгаар анх сургуульд орсон гэдэг. Нэгдүгээр ангид элсэхдээ үеийнхнээсээ “хөгшин”, бүр 10 настай байсан гэдэг байх аа?

-Уг нь найман настайдаа сургуульд орох ёстой боловч ээж маань сумын даргатай уулзаад, намайг мал хариулах хүү байгаа юм гээд сургуулиас чөлөөлчихсөн юм. Аав маань намайг багад, таван настайд өөд болсон. Тэгээд ээж минь нэг л өглөө Бригадын төв явж ирчихээд “Өнөөдрөөс эхлэн энэ айлын өрхийн тэргүүн чи боллоо” хэмээн хэлж билээ. Ээж маань хэдий өрх толгойлсон эмэгтэй боловч “Эрэгтэй хүн айл гэрийн сүр сүлд байх ёстой” гэж хэлж захидаг байсан. Ингээд би балчир жаал байхдаа өрхийн тэргүүн болчихсон хэрэг. 

-Та дээрээ ахтай биш билүү. Яагаад таныг өрхийн тэргүүн болгочихдог билээ?

-Ах онц сурдаг, ном эрдмийн мөр хөөх нь тодорхой болчихсон байж. Хамгийн гол нь хонь мал хариулах тал дээр ээжийн санаанд ер нийцдэггүй байв. Харин ганц нийцэж байгаа нь би.

Намайг багад малд нүдтэй “ёлгон хүүхэд” гэж дууддаг байсан. Би үсэг таньж буй мэт мал бүрээ нүдэлж тогтоодог байлаа. Зүсээр нь, нүдээр нь, үс хялгасаар нь ялгаж танина. Тийм ч учраас намайг малч хүүхэд, малын нүдтэй ховор хүүхэд гэж сайшаадаг байв. Дээрээс нь хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, хүмүүст тусламтгай учраас “ёлгон хүүхэд” гэдэг байж. Ялангуяа манай нутгийн Тамжаа гэдэг хүн ингэж дуудна. Тэр, дэврүүн хөөрүү сэтгэлтэй, одоогийнхоор бол тун ч романтик хүн байж билээ. Учир нь тэрбээр хөдөлмөрийн баатар, аварга малчин болно гээд зэргэлдээ Дарви сумын нутагт очиж Цогтгэрэл баатрын хажууд мал хариулж явсан гэдэг. Ингээд буцаж ирээд “За, Дарвийн баатруудын мал маллах ч яах вэ, тэдний хажууд манай Шонхоо хүү бол жинхэнэ малчин” гэж хэлсэн удаатай. Шонхоо гэдэг нь миний багын нэр.

Ийнхүү арван нас хүрдэг зун ээж намайг сургуулиас дахин нэг удаа чөлөөлж авахын тулд сумын дарга дээр очжээ. Өглөөнөөс орой хүртэл үүдэнд нь суусан гэдэг юм. Бүр шөнө дүл болсон хойно сумын дарга “За, чи нэг юмыг сайн ойлго. Бүх нийтийг албадан сургах хууль гарсан. Хүүгээ заавал сургуульд оруулахаас өөр аргагүй. Яахав, чи хүүгээ сургуульд явуулж байгаад дундаас нь гаргаад авчихгүй юу” гэж учирлажээ. Ингээд ээж гэртээ ирээд “За яахав, чи сургуульд яв, гэхдээ заавал оргож ирнэ шүү” гэж захиж билээ. 

Удалгүй 9-р сарын 1 болж, арван настайдаа би анх удаа сургуульд явж үзлээ. Сургуулийн шар байшингаас хүүхдүүдийн чимээ шуугиан хангинаж, бас будагны үнэр ханхалж байв. Хуучирсан савхин гуталтай, хөх даалимбан дээлтэй, нуруу нь бөгтийсөн, өндөр туранхай хүү ангийнхныхаа хамгийн түрүүнд жагсана. Хичээлдээ мориор явна. Тармагцаа бушуухан харина. Үсэг уншиж цээжлэх нь халширч халгамаар санагдана. Ээж “Миний хүү яахав яахав” гэнэ. Харин ах болохоор “Чи яагаад үсэг сурсангүй вэ” гэж загнана. Тэгмэгц нь ээж “Яадгийн яадгийн, хүүхэд загнаад...” гэж өмөөрнө. Ингээд сургуулиас оргох оргохгүйн завсар байж байтал гахайн хавдар гэдэг өвчин тусаж хичээлдээ явалгүйгээр, сургуулийн дотуур байрны нэг өрөөнд тусгаарлагдлаа. “Зургаан хуруут” Дүлзэн гэдэг том ангийн сурагч хүү намайг хариуцахаар болов. Тэр Жюль Верн, Александр Дюмаг уншаад дуусгачихсан, түүнийгээ хачин гоёор ярьдаг тун ч өвөрмөц хүүхэд байж билээ. Хажуугаар нь надад үсэг заана. Удалгүй би уншиж сурмагцаа Даниэл Дефогийн “Робинзо Крузо”-г цээжилж байгаа юм шиг удаанаар тогтож уншсан. 

-Үсэг мэддэггүй хүү өвчнөө эдгээгээд ирэхдээ уншдаг болчихсон нь хүүхдүүдийн хувьд гайхмаар сонин санагдсан байх даа?

-Хичээлдээ эргэж ороод ангийнхаа уншилтын аварга болоход хүүхдүүдийн гайхсан гэж жигтэйхэн. Бас тэр улиралдаа онц гараад өвлийн өвгөнөөс бэлэг авна даа гэж хүсэн хүлээсэн ч тэр жилийн ёолк маш удаж эхлээд оройжин үргэлжлэхдээ миний нэрийг дуудаагүй. Ёолк ч өндөрлөсөн. Эргээд бодоход, энэ үйл явдал сурагч насны минь хамгийн гомдолтой хэрнээ хөгжөөнтэй дурсамж болон үлдэж дээ.

-Нөгөө оргох амлалт юу болсон бэ?

-Би сурдгаараа сурсаар, оргодгоороо оргосоор л байсан. Оргох бүрийд багш нар намайг зогсоолгож шийтгэнэ. Гэхдээ би цаг үргэлж оргоод байсангүй ээ. Хажуугаар нь сургуулийн номын сан болон сумын номын сангаас ном авч уншдаг боллоо. Миний ном уншдаг арга гэвэл хуудас хуудсаар нь гүйлгэж харах. Учир нь тэр үед ном судар гэдэг чинь ховор зүйл байлаа шүү дээ. Айл руу ороод гарахдаа зураг сэлтийг нь гялс гүйлгэж харах хэрэг олон гарна. Харин хамгийн ихээр шимтэж уншсан номууд бол “Уянгын арван тууж”, Дэмбээгийн Мягмарын “Тээрэмчний охин”. Уянгын “яруу найраг”, жинхэнэ уран зохиол гэж үүнийг л хэлдэг байх даа гэж боддог байлаа. Бас жижиг өгүүлэл, шүлэг их уншина аа. Сонин хэвлэлийг ч алгасалгүй харна. Ингээд нэг л мэдэхэд өнөөх оргох амлалт маань алгуурхнаар замхарчихсан юм даа.

-“Гэдэс минь өлсөж
Гэр минь санагдахад
Хүнээс далд цагаан байрныхаа үүдэнд суугаад
Хүрээн толгодоо харж дотроо онгойтол уйлдаг сан.” Таны “Нутгийн улиас” номонд ингэж шүлэглэсэн байх юм.

-Тэр үед ном эрдэм сурахаас илүүтэй гэдэс их өлсөнө өө. Хоол унд ч ховор байж. Сумын гуанзны буузны үнэр өлссөн гэдсийг бүр ч хонхолзуулна. Айлд очоод мод хөрөөдөж өгөхөд нэг аяга цай, хоёр боорцог л олдоно. Ингээд  өлсөхгүйн тулд би нэг арга бодож оллоо. Нэг өдөр цонхоор харж байтал манай сургуулийн Шаргай тогооч хуурай хэрэглэлээ зөөх гээд зогсож байна. Тэгмэгц нь давхиж очоод тусаллаа. Энэ өдрөөс хойш би энэ хүний итгэлт туслах нь болсон юм. Хариуд нь Шаргай тогооч надад хоол илүүчилнэ. Тэрбээр үнэнч шударгуу зантай, ном эрдэмд дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг, төлөв төвшин хүн байсан. Нэг удаа Шаргай гуай надад хоол өгч байгаад манай нутгийн идэвхтэн бичигч Шараа гэдэг хүний нэрийг дурдаад “Санитар Шараа бол яахав ээ, харин чи бол юм бичих хүн шүү” гэж аминчлан хэлсэн. Бүр зохион бичлэгийн уралдаанд түрүүлэхийн өмнөхөн шүү.

-Та 8-р ангид сурч байхдаа “Пионерийн үнэн” сониноос зарласан “Миний хайрт эх орон” зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн. Буйд хөдөө нутгийн хүү яаж яваад энэ уралдаанд оролцчихов оо?

-Манай ангид сумын нарийн бичгийн даргын хүү Ганболд гэх романтик, олон тэмдэг медальтай сурагч хүү Улаанбаатар хотоос шилжиж ирээд байлаа. Тэгсэн тэр ийн ярьж байна: “Надад байхгүй медаль гэж үгүй. Ганцхан энэ “Пионерийн үнэн” сонины 50 жилийн ойд зориулсан зохион бичлэгийн уралдаанд түрүүлчихвэл болчих гээд байна” гэв. Би дуугүй л сонсож суулаа. Тэр үед сурагч бүр “Пионерийн үнэн” сониныг дамжуулж уншдаг байлаа шүү дээ. Ингээд би ямар ч гэсэн энэ уралдаанд оролцохоор шийдлээ. “Миний хайрт эх орон” гэсэн нэр нь хүртэл гоё санагдав. Тэгээд гэр лүүгээ харьж явтал нэг санаа дүрэлзэн орж ирдэг юм байна. Тэгмэгц нь шууд 12 мөнгөний дэвтэр худалдаж аваад эхний хуудсаас эцсийн хуудас хүртэл бүх санаагаа тэмдэглэж дуусгав. Дараа нь нөгөөхөө харж хуулахад ердөө 5 хуудас болж багассан бөгөөд тэр бичлэгээ уралдаанд илгээж билээ. 

Уралдааны дүнг мөн ч удаан хүлээсэн дээ. Тэгтэл 5-р сарын 1-ний өглөө радиогоор Ховд аймгийн Зэрэг сумын 8а ангийн сурагч Батын Эрдэнэбаатар “Пионерийн үнэн” сониноос зарласан “Миний хайрт эх орон” зохион бичлэгийн уралдаанд түрүүллээ гэж орон даяар зарласныг нь даанч би сонсож чадсангүй. Хөдөө ямаа самнаж дуусаад буцаж иртэл ширээн дээр минь баахан сонин овоолчихсон, хүүхдүүд бөөн баяр хөөр болчихсон угтав.

Тэгмэгц нь гэрээсээ авчирсан 5 төгрөгийг халаасалж гараад Зэрэгийн гуанз орсон. Буузны үнэр ханхийж, гэдэс жигтэйхэн өлсөж байхдаа жолооч болчихвол ч зүгээр юм уу гэж боддог байсан үе бий. Учир нь жолооч нар шиг том түрийвчээ гаргаж ирээд “30 бууз захиалъя” гэж хэлэхийг битүүхэн хүсдэг байсан хэрэг. Ингээд үүнээс хойш жолооч ч болно гэж бодохгүй, дахин бууз ч шохоорхохгүй гээд сумын төвийн гуанзанд цадталаа идэж билээ.  


"Пионерийн үнэн" сонины хайчилбар. "Миний хайрт эх орон" зохион бичлэгийн уралдаанд хот хөдөөгийн 1256 сурагч оролцож байжээ.

-Та энэ үеэс л сэтгүүлч болохоор шийдсэн хэрэг үү?

-Энэ зохион бичлэгийн уралдаан миний хувь заяаны түүхэн эргэлтийн цэг болсон юм. Өөрийнхөө дотоод дуу хоолойг чагнаж, сэтгүүлчийн замналыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Учир нь энэ үед би өөрийгөө ирээдүйд хэн болох вэ гэж эргэцүүлж боддог байлаа. “За, малчин болохоо өнгөрчихлөө. Тэгвэл дарга болох уу, багш болох уу?” гэх зэргээр янз бүрийн юм бодож байгаад сэтгүүлч гэдэг ажил бол миний амьдрал юм байна гэж шийдсэн. Учир нь зохион бичлэгийн уралдаанд түрүүлээд удаагүй байхдаа Зөвлөлтийн нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Василий Песковын “Хүн өөрийнхөө дуртай ажлаар талхаа олж идэх шиг сайхан зүйл хаана ч үгүй. Тэгж олсон талх хамгийн амттай” гэж хэлснийг уншиж билээ. Тэр бол тосгоны жир нэгэн сурагч хүүгээс Зөвлөлтийн нэрт сэтгүүлч болж өндөрт дэвшихдээ хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл, чиг шугамаас хазайлгүй, насан туршдаа сэтгүүлч гэдэг эгэл албандаа үнэнчээр зүтгэсэн нэгэн юм. Би түүн шиг л сэтгүүлч болохыг мөрөөссөн. Ингээд 8-р ангиасаа зөвхөн уран зохиолын номоо уншаад физик, математик, хими гээд бусад бүх хичээлээ ор тас хаясан. Уг нь би чинь аймгийн математикийн олимпиадад үзүүр түрүү булаацалддаг тоочин хүү байлаа шүү дээ. Нэгэнт сэтгүүлч болохоор зориг шулуудсан тул ангийнхаа Дамдинбазар гэдэг хүүгээс шалгалтан дээр авч гарна шүү гэж ам өчиг авч байгаад бусад хичээлээ орхисон.

-Таны амьдарч асан, Зэрэгийн дунд сургуулийн дотуур байрыг би нүдээр үзсэн. Тэнд олон сонирхолтой дурсамж өнгөрсөн байх? 

-Дотуур байрны амьдрал зарим талаараа сайхан, зарим талаараа хахир хатуу. Ахлах ангийн атамануудтай цуг амьдарна. Тэнд арав хүрээгүй балчир жаалууд ч бий, хорь хүрсэн “хөгшин” залуус ч бий. Дэвтэр ном, үзэг харандаа өөрт үлдэнэ гэж үгүй. 

Намайг дотуур байранд амьдарч байхад манай ээж нэгдлийн мал хариулдаг байв. Өөрсдөө улаан нүцгэн мөртлөө байгаа бүх сүүгээрээ малаа угжина. Тэр үеийн хууль дүрэм гэж чанга. Ямар ч цалин хөлс авахгүй. Ингээд бүх л жилжин зүтгээд арван төгрөг авсныгаа ээж надад өгч билээ. Ээжид маань өөр юу ч байгаагүй. “Хүүдээ өөрт байгаа бүх юмаа, хайр халамжаа зориулж байна даа” гэж бодсон. Тэр мөнгийг би юунд ч зарж чадаагүй ээ. Харин нууц халаасандаа хийгээд далд нуучихсан юм. Гэтэл хэн нэгэн надад мөнгө байгааг сэм мэдмэгцээ дээрэлхүү сурагчидтай үгсэн дээрээс минь олон давхар хөнжил шидэж байгаад ээжийн өгсөн аравтын дэвсгэртийг авчихаж билээ. Гунигтай дурсамж гэвэл үүнийг л хэлэх байх.

-Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг сургуульд сурч, нэг дотуур байранд амьдарч байсны хувьд олон сайхан дурсамж үлдээ байлгүй. Түүнд ирээдүйн ерөнхийлөгчийн зангараг ажиглагддаг байсан уу?  

-Элбэгдорж багадаа жижиг биетэй, нүд нь бүлтгэнэсэн, өвөрмөц сонин сэтгэлгээтэй, үг хэл нь уран сэцэн хүүхэд байсан. Бас манай суманд Гомбоон Ганболд гэдэг найман настай авьяаслаг хүү байдаг байлаа. Даанч тэрбээр намар нэгдлийн мал хариулж байгаад цасан шуурганаар өөд болчихсон юм. Түүнийг хожим нь БНМАУ-ын Шударга журам медалиар нэхэн шагнаж билээ. Тэр жаал энгэртээ Володягийн тэмдэгтэй. Хүүхдүүд тэр тэмдгийг нь ихэд сонирхдог сон. Тэрбээр өөд болдог өдрөө хонио тойроод гүйн гүйсээр эцэстээ энгэрийнхээ тэмдгийг тас татаж аваад гартаа атгасан чигээр жалган дотор нас барсныг хүмүүс олсон гэдэг. Тэр үнэхээр авьяаслаг хүүхэд байсан шүү. Элбэгдорж ч ялгаагүй авьяаслаг гэгддэг байлаа. 

-Аравдугаар ангиа төгсмөгцөө Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авсан ч явж чадаагүй. Гэхдээ л та Москвад суралцсан шүү дээ?

-Уг нь би 8-р анги төгсдөг жилээ Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга Цолмон гуайгаас Эвлэлийн төв хорооны нэр дээр Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангид суралцах тогтоол шийдвэрээ гардаад авчихсан байсан юм. Энэ үед Эвлэлийн төв хороо гадаад харилцаагаа тэлж, социалист орнуудтай өргөн хүрээнд харилцах хэтийн зорилт дэвшүүлээд байв. Гэтэл аравдугаар ангийн төгсөлтийн шалгалтаа өгчихөөд, Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваариа авчихаад байж байтал сумын холбооны Самдан гуай "Улаанбаатараас ярьж байна" гээд гэр лүүгээ харих гэж байсан намайг гэнэт дуудаж билээ. Уг нь би олон жил амраагүй учраас энэ зун гэртээ сайхан амраад Улаанбаатар явъя гэж бодож байсан юм.

Тэгтэл Эвлэлийн төв хорооны боловсон хүчин хариуцсан Цэдэндорж гэдэг хүн "Улаанбаатарт яаралтай ирэх хэрэгтэй байна, хуваарь чинь будилчих шиг боллоо" гэж ярив. Ийнхүү би гэртээ харьж хэдхэн хоночихоод Улаанбаатар руу гарлаа. Хотод ирмэгцээ Хайлааст дахь хамаатны айлдаа буугаад маргааш нь Эвлэлийн төв хороон дээр очсон. Цэрэндорж гуай намайг дагуулаад "Дээд, дунд, тусгай, мэргэжлийн..." гэсэн жигтэйхэн урт нэртэй газраар баахан явж билээ. Тэгж байтал 7-р сар шувтарч 8-р сар ч гарлаа. Гэтэл нэг өдөр хамгийн том дарга нь гэх нэг хүн хүлээж аваад "Чиний хуваарь алга болчихсон учраас нэг жил хүлээж байгаад Гадаад хэлний багшийн дээд ч юм уу, эсвэл хэлний сургуульд явах уу" гэхэд нь би явах ёстой сургуульдаа л явна гэж зөрүүдлэв. 

Тэгж байтал нэг өдөр Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай намайг дуудаад "Сэтгүүлч хүн ямар ч сургуульд сурч болно. Чи дуугүй Комсомолын дээд сургуульд яв. Гурван хуваарь миний мэдэлд бий. Би Комсомолын төв хороотой яриад чамайг явуулъя. Нэг бол ирэх жил хүртэл хүлээ" гэхэд нь би шууд л зөвшөөрчихсөн юм даг. Хотод гэр оронгүй хүн чинь нэг жил хаана ч амьдраа билээ. Хоёрдугаарт би хил давахын бөөн хүслэн. Хамгийн гол нь гадаадад сурлаа гээд нутаг орноосоо гарсан хүн чинь ямар нүүрээрээ харих билээ дээ. 

-Алтайн уулнаасаа холдож үзээгүй, хязгаар нутгийн хүүд холын Москва сонин хачин санагдсан байх даа?

-Галт тэргээр олон хоног удаан явж очсон. Цонхоор нэгэн жигдийн, нэг л төрлийн мод харагдана. Үргэлжилсэн их ойн завсар чөлөөнд хааяадаа орос тосгон дайралдавч ихэнх нь эзгүй зэлүүд. 

Мэдээж Москва яриангүй өвөрмөц хот. Гэхдээ хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн газар бол манай сургууль. Шереметев гэдэг сурвалжит баян хүний, охиндоо зориулж бэлэглэсэн эртний нүсэр том эдлэн дээр сургууль маань байрладаг байв. Байшин барилга нь эртнийх, байгаль нь үзэсгэлэнтэй, нуур цөөрөм, ой модтой гээд үнэхээр сайхан газар.

Би хоёр орос оюутны хамт дотуур байрны нэг өрөөнд төвхнөсөн боловч нэг нь эхнэртэйгээ сургуулийн хажууханд байр түрээсэлдэг, нөгөө нь Москвагийн захад байх гэрээсээ байнга шахуу явдаг учраас би гурван хүний амьдрах өрөөнд бүтэн дөрвөн жил ганцаараа амьдарсан. Энэ нь нэг талаараа эрх чөлөөтэй мэт боловч нөгөө талаар орос хүнтэй бага ярьснаас ярианы дадлагад муугаар нөлөөлсөн. Очоод удаагүй байхдаа би жил бүр нэг монгол оюутныг орос хэлэндээ муу гэсэн шалтгаанаар нутаг руу нь буцаадаг гэдгийг олж мэдсэн юм. Мэдээж манайхан намайг л нутаг буцна байх даа хэмээн битүүхэн ярьцгааж байсан.

-Нээрээ таныг удаж байж орос хэл сурсан гэдэг юм билээ? 

-Бид орос хэлний “Что” гэдэг үгийг ч, т, о гэж үсэглэдэг шүү дээ. Гэвч аман ярианд “Што” гэж дууддаг. Гэтэл би урьд өмнө нэг ч удаа оросоор ярьж, сонсож байсангүй. Эхэндээ орос багшийн амнаас гарч буй үг бүрийг огт ойлгодоггүй байв. Харин манай ангийнхан бол өөр. Дийлэнх нь хотынх төдийгүй, тэр дундаа зарим нэг нь орос сургуулийнх. Тэдний хажууд би чинь хөдөөний амьтан байлаа шүү дээ. Бас дарга, намын ажилтан бус, сэтгүүлч болно гэх тэс хөндлөн, романтик мэргэжил сонгочихсон. Гэхдээ би хөдөө байхдаа орос хэлийг Пулькины дүрмээр тун чамбай заалгуулчихсан байв. Гол нь хүний хэлж ярьж байгааг огт ойлгодоггүй байлаа. Багш маань арга барагдахдаа сонсголыг минь шалгуулахаар эмнэлэгт аваачтал эрүүл гэсэн онош гарч билээ. Төдхөн “Октябрийн баяр” өнгөрсний дараахан буюу 11-р сард хүнсний их дэлгүүрээс хоол хүнс авчихаад явж байтал нэг орос хүүхэд дэргэдээ яваа ээждээ “Ну что мама...” гэж хэлэхэд нь чих онгойх шиг л болсон. Тэр орос хүүхдийн хэлж байгаа үг бүрийг, тэр орос ээжийн хариу хэлж байгаа үг бүрийг ялгаж сонссон. 

-Комсомолын дээд сургууль бол намын ажилтан бэлтгэдэг газар. Та тэс өөр мэргэжлээр суралцаж байхдаа ч сэтгүүлч болох мөрөөдлөө огт хөсөр хаяагүй юм байна. Ингэхэд та сэтгүүлзүйд өөрийгөө хэрхэн бэлдэж байв аа?

-Нэг өглөө би сонин авч уншихаар сонины мухлаг орсон юм. Тэр үеийн сонин сэтгүүлүүд хямдхан ч байж. Ингээд би баахан сонин худалдаж авчхаад харьж явтал нэгэн жижүүр эмээ “Хүү минь, нааш ир!” гэж дууддаг юм байна. Тэгэхээр нь би яваад очлоо. Тэгсэн өнөөх орос самган ийм олон сониноор юу хийх гэж байгааг минь ихэд сонирхов. “Би уншдаг” л гэлээ. Тэгтэл тэрбээр “Хэрэггүй хүү минь, гуравдахь өдрийн өглөө эртлэн очоод “Литературная газета” гэдэг сэтгүүлийг авч унш. Зөвлөлтийн утга зохиолын хүчирхэг нүүр царай байгаа юм. Нэг дугаараа долоо хоног уншчихаад дараагийн дугаараа авч бай. Наад сонинууд чинь шал дэмий хог” хэмээн хэлж билээ. Тэр өдрөөс хойш би “Литературная газета”-г уншдаг болсон юм. Уг сэтгүүлд Зөвлөлтийн нэрт зохиолчид олон улсын үйл явдлыг энгийн хүүрнэсэн хэлбэрээр, ямар ч улс төрийн өнцөггүйгээр тоймлон бичихийн сацуу Зөвлөлтийн амьдралыг маш хүчирхэг эрэлхийллээр хөндөж бичдэг байсан. 

-Таныг огт “амсдаггүй” оюутан байсан гэдэг?

-Огт амсаж байгаагүй минь гавьяа байсан ч юм уу, гай байсан ч юм уу, бүү мэд. Ер нь анх очсон оюутнуудыг эрэгтэй эмэгтэй гэлгүй уулгах гэж оролдоно. Харин би анхны хундагыг ер хүлээж аваагүй юм. Тэгмэгц нэг нь эвээр шахна, нөгөө нь хөөрүүлж байгаад уулгах гэнэ. Ингээд намайг уулгуулж сургах гэж хагас жил шахсан. Би ч мөчөөгөө өгөөгүй. Эцэст нь тэд ч залхсан.

-Москвад таван жил сурахдаа та нэг ч удаа уугаагүй хэрэг үү?

-Тийм ээ, нэг ч удаа уугаагүй. Харин Молдавын дарсны үйлдвэрт очихдоо хундага дарс амсаж үзсэн. 

-Уудаггүй хүнд найз нөхөд ховор байдаг шүү дээ.

-Хэдий тийм ч нөгөө талаар өөр олон найз нөхөртэй болчихож байгаа юм. Би цанаар их гулгана. Нэг үе бие өвдөөд, нойр хүрэхээ байчихаж билээ. Ингээд нойргүйдэлтэйгээ тэмцэхийн тулд ууж сурах биш, харин үдэш орой болсон ч хамаагүй гадагш гарч цэнгэг агаарт цанаар гулгаж хэвшсэн. Бас завиар явж, наранд удаан алхана. 

-Орос хэлийг гаргууд сайн сурмагцаа зохиолчдын төрсөн нутагт очдог байсан гэж оюутан цагийн найз тань дурсаж байхыг сонссон юм байна?

-Би өөрөө сураглаж байгаад Александр Блокийн “Шахматов” хэмээх эдлэн газарт очиж үзсэн. Ингээд дараахан нь “Шахматовын чулуу” гэдэг шүлгээ бичиж билээ.

Бас Пушкиний цөллөгөнд байсан газруудыг үзсэн. Ер нь маш сонирхолтой шүү. Хамгийн гол нь хадгалж, хамгаалж үлдсэн нь олзуурхууштай. Өөд болсон зохиолчдын гэр орноор “зочлох” бүрт бичгийн ширээн дээрх үзэг цаас нь эдгээрийг яг л саяхан орхиод гарсан мэт амьд сэргэг мэдрэмж төрүүлдэг байлаа.

-Та 1990 онд Сүхбаатарын талбай дээр болсон Ардчилсан хувьсгалын жагсаал дээр “Монгол орон сарны зураг болох ёсгүй” гэх үгээ хэлж байсан. Нэгэн цагт сумын төвийн дунд сургуульд цуг сурч асан, багын анд Ц.Элбэгдоржтой дахин нэг удаа энд учирсан. Та яаж яваад энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн хөдөлгөөнд нэгдчихэв ээ?

-Үүнээс өмнө хэдэн зүйлийг өгүүлэх ёстой болов уу. Би 1982 оны 7-р сард сургуулиа төгсчихөөд хойгуураа дамжиж явсаар шууд нутагтаа ирсэн. Ингээд "Залуучуудын үнэн" сонины ерөнхий эрхлэгч Нямаа гуайтай холбогдтол намайг аль хэдийн ажилд томилчихсон тухай дуулгав. Би гэртээ очсон даруйдаа Улаанбаатар руу нисэж, "Залуучуудын үнэн" сонины хүүхэд залуучуудын редакцид харьяалагдан "Оюутан", "16 насны алтан хараацай", "Од" зэрэг буланг хариуцан сэтгүүлчийн замналаа эхэлсэн боловч 1983 оны 6-р сарын 22-нд гэнэт цэрэгт татагдан Зүүнбаянд очсон. Цэрэгт татах шалтгаан нь Комсомол төгссөн гурван хүнийг хилийн цэрэг, цагдаа, ардын армид авч Эвлэлийн улс төрийн ажилтан болгоно гэсэн юм. Уг нь намайг Зүүнбаянгийн эвлэлийн хорооны дарга, ахлах дэслэгч болгоно гэсэн боловч би "Үгүй ээ, заавал сэтгүүлч болно" гэж зөрүүдэлсээр цэрэг болчихсон хэрэг. Ингээд Зүүнбаянд цэрэг байж байгаад 1984 оны 11-р сарын 1-нээс “Улаан од” сонинд цэргийн сурвалжлагчаар ажиллах болж, "Нэгэн шүлгийн түүх", "Эх орны дархан цаазат газрууд", "Эх орны түүх дурсгалт газрууд", "Ховор ан амьтан" зэрэг олон шинэ булан нээж хөтөлсөн.

“Улаан од” сонин цэргийн хэвлэлээс бүх зэвсэгт хүчний төв хэвлэл болтлоо өргөжөөд байсан энэ үед Чантуу эрхлэгч намайг бүхий л боломжоороо дэмжиж тэтгэн, эх орны дархан цаазат газруудаар аялуулсан. Ингээд байж байтал манай сонинд Элбэгдорж ажиллахаар ирэв. "Сайн байна уу, ах аа. Би Львовын цэргийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөөд ирлээ. Цаашид нэг дор ажиллах юм байна" гэж хэлсэн.

Дараахан нь би "Үүлэн цэнхэр хан хөхий" гэдэг нийтлэл бичихдээ "Үнэн" сонины орлогч эрхлэгч Цэвлээ гуайн нийтлэл дотроос нэгэн дууны үгийг эш татчихсан юм. Гэтэл тэрхүү дуунд нэр нь дурдагддаг нэгэн хүн гомдол гаргаснаас болж намайг шүүхэд дуудсан. Ингээд шүүх удтал хэлэлцэж энэ хэргийг тэнсэнтэйгээр хаасан. Гэвч үүний дараахан буюу 1989 онд би энэ хэргээс болж ажлаасаа гэнэт халагдаж билээ. Ажилгүй болсныхоо дараа Төмөр замын "Өдтэй бичиг" сонинд байгаль хамгааллын цуврал нийтлэлүүдээ бичиж байтал телевизийн сэтгүүлч Баяраа гэдэг хүн цоохор ирвэсийн зураг авахад цуг яваач гэхэд нь зөвшөөрч Говь-Алтай руу явсан. Эргэж ирээд “Хөдөлмөр” сонинд түр ажиллаж байтал Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөсөн. Тэр үед хаа сайгүй өөрчлөлт шинэчлэлтийн салхи мэдрэгдэж байлаа. Тэгтэл Ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт оролцож байсан Ц.Элбэгдорж "Бидэнтэй нэгдэж хань бол" гэснээр ардчиллын үйл хэрэгт зүтгэж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Сүхбаатарын талбай дээр.

1990 оны 4-р сарын 7. "Ардчилал" сонины анхны дугаар гарсны дараа

-Дараахан нь Та “Ардчилал” сонинд хүчин зүтгэсэн. Энэ үедээ Монгол орны өнцөг булан бүрт очиж, байгаль хамгааллын нийтлэлүүдээ бичсэн шүү дээ. Үнэхээр цаг үеийн дуудлага нь таныг хөдөө нутаг руу, байгалийн чинад руу хөтлөв үү, эсвэл та өөрөө тийш татагдав уу?

-1990 оны 4-р сараас “Ардчилал” сонин гарсан шүү дээ. Энэ бол түүхэн эгзэгтэй цаг үе байлаа. Би 1990 оны нэгдүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбай дээр байгаль хамгааллын сэдвээр үг хэлээд зогсохгүй “Ардчилал” сонинд нэр тавиад ажиллая гэж шийдээд юмаа бичиж эхэлсэн. Ёстой л өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар уйгагүй зүтгэсэн. 90-ээд оны эхэн үед “шинэ үү, хуучин уу”, “зөв үү, буруу юу” гэх зэргээр нийгмийн анхаарлын төв хоёр хуваагдчихаад байлаа. Ийм л цаг үед “Ардчилал” сонин 100 гаруй мянган хувь хэвлэгдэж улс орон даяар түгж тардаг байв.

Би эхлээд “Ардчиллын хавар” гэдэг өгүүлэл бичсэн. Дараа нь Ардчилсан хувьсгалын гол сэдэв гэгддэг Асгатын мөнгөний тухай хөндсөн. Учир нь энэ үед “Асгатын мөнгийг оросууд зөөж байна, уурхайг тэр чигт нь ачаад явж байна” хэмээн манай соцдекүүд, ардчилсан хүчнийхэн ид ярьж байсан юм. Ингээд ЗХУ-ын элчин сайдын яамнаас тусгай онгоц гаргаж Асгатын ордыг сэтгүүлчдэд үзүүлсэн. Яахав уурхайг ухсан нь үнэн боловч үнэндээ бол, тэгж их зөөсөн юм байгаагүй. Гэвч энэ бол чухал сэдэв юм байна гээд сурвалжилгаа бичиж дуусгасан. Нөгөө талаас МоАХ анхдугаар хурлаараа “Асгатын мөнгө, Эрдэнэтийн зэс, Мардайн ураан, Заамарын алт гэсэн дөрвөн том ордыг хааж, ард түмний мэдэлд авна. Энэ дөрвийг авснаар улс орон бие даана, Зөвлөлтийн хараат байдлаас гарна” гэж тодорхойлсон нь энэ сэдвийг барьж авахад нөлөөлсөн байх. Ингээд цаашид зүрх сэтгэлийн дуудлагаар малчдын тухай, цаатнуудын тухай, хорих ангид хоригдож буй хүүхдүүдийн тухай олон нийтлэл сурвалжилгыг “Ардчилал” сонинд бичиж нийтлүүлсэн. 

“Ардчилал” сонин Монголын анхны чөлөөт хэвлэл, Ардчиллын дуу хоолой юм. Тухайн үеийн уншигчид өөрсдөө бидэнд ханддаг байлаа. Мөн бид ард иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар хот хөдөөгүүр өдөр шөнөгүй явж, эх орны хязгаар нутгуудад ч төвөггүй хүрч очдог байсан.

-Таны нийтлэлүүдийг уншиж байхад баримт нийтлэлүүдээ ширээний араас цуглуулдаггүй, заавал биечлэн очиж байж нүдээр үзсэний дараа л үзгээ шүүрч авдаг байсан нь анзаарагддаг. 90-ээд оны эхэн үед одоогийнх шиг зам харгуй ховор байлаа шүү дээ. Томилолтоор явах нь хугацаа их үрдэг, амаргүй ажил байсан байх даа.

-Ер нь хүн юмыг ямар ч үед, ямар ч нөхцөлд бүтээдэг л юм билээ. Одооны хүмүүс мөнгө төгрөггүй гэж их ярих болжээ. Гэтэл бид тэр үед хүмүүсийн дэмжлэгээр нэг сумаас нөгөө суманд хүрдэг байлаа. Ингэхдээ маш хурдтай явна. Жишээ нь, би нэгэн олон улсын хуралд оролцохоор Увс аймагт очсон юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэлхийн хамгийн олон байгалийн бүс бүслүүрийг багтаасан учраас энд дэлхийн шим мандлын дархан газрыг байгуулах боломжтой гэцгээж байв. Энэ хурлын үеэр би Мардайн урааны нууц экспедецийн дарга Бугровксий гэдэг орос хүнтэй уулзаад “Та нар ямар ч нууц олохгүй ээ. Нууц гэдэг чинь Москвад авдарт байдаг юм” гэж ярихыг нь тэмдэглэж авч билээ. Ийнхүү байж байтал Сүрэнхорын хээр азарга алагдлаа гэсэн мэдээ гармагц би Увс аймгаас Хэнтийн аймгийн Дэлгэрхаан суманд очсон. Онгоцоор нисээгүй нь лав. Гэхдээ л асар хурдтай очиж чадсан. Ийм маягаар морь унаж, машинд дайгдан хол замыг туулна. Энэ үед ард түмний санаа сэтгэл тэнүүн, шинэ нийгэм, сайхан нийгэм ирлээ гэсэн догдлол хүлээлттэй, одоо л нэг бие дааж амьдарна, улс орноо улам сайхан хөгжүүлнэ, байгаль дэлхийгээ хамгаална гэсэн өрнүүн сайхан бодолтой байлаа. Монгол хүн бүр ардчилсан, бие даасан улс орныхоо талд зогсож байсан. Хүүхэд хөгшидгүй хөөрч баярласан, хөгшид нь гоё дээлээ өмссөн, Ардчилсан холбооныхон гэхээр айл болгон найрсаг, дотно хүлээж авна. Чухам энэ үеэс л “Ардчилал” сонины Эрдэнэбаатар гэх алдар нэр уншигч түмний дунд түгсэн юм. Уг нь би чинь нэг хэсэг “Залуучуудын үнэн”-ий Эрдэнэбаатар байж байгаад, дараа нь “Улаан-Од”-ын Эрдэнэбаатар болж өөрчлөгдсөн ч энэ үеэс Ардчиллын Эрдэнэбаатар гэгддэг болсон. Харин одоо “Хөх толбо”-ын Эрдэнэбаатар гэдгээрээ уншигчдын ой тойнд үлдэж дээ.

-Өргөө кино театраас арагш байрлах, гудамжны үзүүр дэх алга дарамхан хашаанд та эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан. Танайх сэтгүүлч, зохиолч нарын зочлох дуртай айл байсан гэдэг. Та энэ тухайгаа дурсаач?

-Баруун ард Аюушийн гудамжны 184-р хашаа бол манайх. Энэ хашаанд 1982 оны 11-р сарын 22-ны өдөр хөдөөнөөс гэрээ авчраад төвхнөж билээ. Тэр өдөр цас ороогүй, нарлаг сайхан өвлийн өдөр байсныг санаж байна. Ойр хавийн өвгөчүүл гэр барих үед ирээд “Энэ буурь их өлзийтэй. Энд буусан айл заавал орд харшид ордог юм даа” гэж хэлсэн. Энэ гудамжинд би айл бүл болж, гал голомтоо бадраагаад зогсохгүй миний дөрвөн “цолмон” мэндэлж, өсөж том болсон. Хүүхдүүд маань энд л хөлд, хэлд орсон юм даг.

Манайхаар сэтгүүлчид, зохиолчид, залуучууд, сүүлдээ Ардчилсан хөдөлгөөнийхөн орж гардаг байсан нь үнэн. Мөн манайд Японы Асахи сониныхон, Японы Арай багш, Коёбучи багш гээд олон сонирхолтой хүн зочилж байжээ. 

Хэрэв хүн хийе, бүтээе л гэж зоривол хаана ч, юунд ч бүтээх боломж бий. Овоохойнд ч, урцанд ч ав адилхан боломж байгаа гэсэн үг. Монгол гэр ч гэсэн ялгаагүй, сэтгэл нийлээд амьдарвал гэр бүлийн бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлдэг тул дотно сайхан санагддаг юм. Гэрийнхээ хойморт би жижигхэн номын сангаа тавиад юмаа бичээд л суудаг сан.

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар гэртээ. Өвөр дээр сууж байгаа нь түүний эрх шар хүү. Цаана орон дээр сууж байгаа нь түүний ээж, том хүү хоёр. Зуухны дэргэд түүний гэргий, том охиныхоо хамт сууж байна. Харин бууз чимхэж буй хоёр бүсгүй бол түүний хамаатнууд юм. 1993 он.

-Та 1993 онд Азийн сэтгүүлчдэд олгодог Японы Ража Тампа шагналын эзэн болсон. Бас л нөгөө асуултаа тавимаар байна: Та яаж яваад энэ уралдаанд оролцчихов оо?

-Миний бие 1992 онд Японы Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачидтай хамт Хэрлэн мөрний эхээс адаг хүртэл завиар аялсан юм. Энэ аяллыг зохион байгуулахад би оролцсон бөгөөд аяллаа дуусгаад гэртээ иртэл зурагтын оройн мэдээ дуусах гэж байлаа. Тэгтэл хамгийн сүүлд нь “Японы Ража Тампа гэдэг байгууллагаас Азийн сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж байна” гэж мэдээлсэн. Ингээд энэхүү уралдаанд өөрийнхөө гурван бүтээлээр оролцсоны нэг нь “Япон цэргийн хурандаа Шаарибу”, хоёрдахь нь “Япон толгойн бор сүүдэр”, гуравдахь нь Японы нэрт зохиолч Ясүнари Кавабатагийн тэмдэглэл юм. Нийтлэлүүдийг Батмөнх гэдэг авьяаслаг залуу англи хэлнээ хөрвүүлж, Америкийн сайн дурын ажилтан Брэд хянаж засварласан. Орчуулга маш сайн болсон гэдгийг хожим шүүгчид онцолж байсан шүү.

Үүний дараа нэгэн зарлалын дагуу Турк хүрэх аялалд оролцсон нь маш удаан үргэлжилж, зам зуураа олон орноор зорчин явсан ч харамсалтай нь Туркийн хилээр нэвтэрч чадаагүй. Ингээд буцах замдаа зах зээлийн нийгэм гээч нь хэчнээн ч их үймж бужигнаж байдгийг эргэцүүлэнгээ цалин мөнгө бага ч гэсэн цаашид сэтгүүлчийн ажлаа л хийе гэж бодсоор гэртээ иртэл том охин маань “Өчигдөр Японы элчин сайдын яамнаас таныг сураглаж ирсэн. Та Японы уралдаанд шалгарч байгаа юм байна” гэх баярт мэдээг дуулгаж билээ. Гэхдээ шалгаруулалтын эцсийн дүнг албан ёсоор зарлатал бид чимээ шуугиангүй, нам жим байхаар шийдсэн.

Тэгтэл 1992 оны 12-р сарын 31-ний үдэш буюу монголчууд халуун ам бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө уягдан суудаг шинэ жилийн баярын орой зурагтын мэдээгээр “Ардчилал сонины сэтгүүлч Батын Эрдэнэбаатар Япон улсын Ража Тампа шагналын эзэн болж, сая иений шагнал хүртэхээр боллоо” гэж улс орон даяар зарласныг манай Мэнд-Ооёо гуай тэргүүтэй зарим хүн “Сая долларын шагнал авлаа” гэж эндүү ташаа сонсоод хожим инээд наргиан болгож билээ. Сая иен гэдэг нь тухайн үеийн ханшаар бол арван мянган доллар.

Төдөлгүй Японы Элчин сайдын яамнаас аяллын төлөвлөгөөгөө гаргаж өгөөрэй гэхэд нь Кавабатагийн шарилд хүндэтгэл үзүүлэх, Изү нутгаар аялах, Японы хойд нутаг Хоккайдод очих зэрэг өргөн төлөвлөгөөг бичиж өгсөн. Ингээд миний төлөвлөгөөг нэг бүрчлэн батлаад намайг Япон улсад гурван хэсэгтэйгээр хүлээж авна гэж мэдэгдсэн. Эхнийх нь Япон улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яам. Удаах нь Ража Тампа шагналын комисс. Дараагаар нь хувь хүмүүсийн урилгаар Япон орноор аялуулна гэсэн. 

Ийнхүү би Японд очлоо. Үдшийн Токиог онгоцноос тольдоход олон машины бөгс улайчихсан, гоёмсог сайхан санагдсан. Одоогийнхоор бол тэр нь түгжрэл юм билээ л дээ. Буусан даруйд нэгэн япон хүн "Манай улс ямар санагдаж байна?" гэж асуухад нь "Олон гоё машинтай юм байна" гэж хариултал мөнөөх хүн "Бидэнд бол машин гэдэг бөөлжис цутгамаар зүйл дээ. Та нарт бол гоё санагдах нь аргагүй" гэж хэлсэн юм даг. Өдгөө хориод жилийн дараах Улаанбаатар хот маань бөөлжис цутгамаар олон машинтай болжээ. Нээрээ тэрхүү япон хүний хэлдэгчлэн, Улаанбаатарт олон машины бөгс улайж харагдвал дотор муухайрдаг болчихож.

Шагнал гардуулах ёслол Японы хэвлэл мэдээллийн үндэсний төвд болсон юм. Тэнд шүүгчдийн комисс хүрэлцэн ирсэн байв. Тэдний яриагаар бол, миний нийтлэлүүд эхэндээ хэтэрхий урт, нуршуу санагдсан байна. Гэвч сүүлийн шалгаруулалтад дахин нямбайлан уншихад нийтлэлүүдийн маань гол санаа илүү ойлгомжтой болсон гэдэг. “Нэгэн цагт талархан хүлээж аваад өдгөө бол гайхан биширдэг болсон Японы хөгжил цэцэглэлт бол чухал биш ээ. Харин япон хүний язгуур ухаан, өнө эртнээс уламжилж ирсэн тэдний төрөлх мөн чанар бол өөрөө гайхамшиг юм. Энэ ард түмний цэвэр тунгалаг зан суртахуун, хөдөлмөрч уйгагүй зүтгэл, өөртөө үнэнч ханддаг уг чанар зэрэг нь Япон орны хамгийн үнэт зүйл юм” гэдгийг уншигчдад ойлгуулж чаджээ гэж тэд дүгнэсэн. 

Би шагналын мөнгөө байгаль хамгаалах үйлс болон сонин гаргахад зориулна гэж амлалт өгөв. Дараахан нь элчин сайд Хүрэлбаатар гуай намайг хүлээж аваад NHK телевизийн бүтээсэн “Их Монголын эзэнт гүрэн” баримтат киноны алдартай найруулагчтай уулзуулсан юм. Тэр найруулагч: “Бид асар их техник хүч хаяж байж монголчуудын байлдан дагууллын мөрөөр явлаа. Танай өвөг дээдэс дийлдэшгүй түүхийг бүтээжээ” хэмээн бидний тухай ихэд бахдангуй өгүүлэхийн зэрэгцээ “Хөх толбо бол бас нэг тайлагдашгүй нууц шүү” гэж хэлж билээ. Тэгээд би нутагтаа ирээд тэр ярилцлагынхаа гол санаагаар сониноо “Хөх толбо” гээд нэрлэчихсэн хэрэг. 


1993 оны "The Japan Times" сонины хайчилбар.

-Шагналаа гардаж авахаар Та арлын Японд очсон. Кавабатагийн булшны дэргэд авхуулсан таны нэг зураг байдаг. Ингэхэд нөгөө аяллын төлөвлөгөөндөө тусгасан алдарт Изү нутгаар нь аялсан уу?

-Надад нэг япон өвгөнтэй авхуулсан зураг байдаг юм. Тэр хүн бол бүхий л насаараа Кавабатагийн уран бүтээлийг судалсан Хасагави гэдэг өвгөн. Би түүнтэй хамт “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужид нь гардаг Изүгийн хойгоор аялж билээ. Энэ тууж бол бага залуу насныхаа дурсамжит аяллаас сэдэвлэж туурвисан Кавабатагийн хамгийн алдартай бүтээл юм. Цэнхэртэн харагдах Изүгийн хойг яг л зохиолд дүрслэгддэг шигээ эртний ахуй амьдралаа хадгалж үлдээсэн нь сайхан санагдсан шүү. Мөн бид хэсүүлийн жүжигчид шиг дэн буудлуудаар нь хоноглож явсан. 

Кавабата судлаач Хасагави (зүүн гар талаас), орчуулагч Акира нарын хамт. 1993 онд Японд айлчлах үеэр

Дараа нь Кавабатагийн булш, амиа егүүтгэсэн газар, Нобелийн шагнал авсныхаа дараа лекц уншсан танхимд нь очиж үзсэн. Кавабата зохиол бүтээлээ энгийн үгээр урлаж бичдэг байв. Би хувьдаа “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужийг нь үргэлжилсэн үгийн яруу найраг гэж боддог. Кавабата энгийн хэрнээ уран бичнэ. Би чинь уран зохиолын зузаан номонд дургүй талдаа хүн. Гэвч Кавабатаг бол уншаад л баймаар байдаг.

Энэхүү япон зохиолчийг сонирхох болсон гол шалтгаан гэвэл манай үе үеийн зохиолчид Кавабатаг шимтэн уншсаар иржээ. Надад нэгэн цагт Мишигийн Цэдэндорж гуай уншиж байгаад Нямбуугийн Нямдорж гуайгаар дамжин ирсэн Кавабатагийн түүвэр зохиол байдаг юм. Тэгж л би анх түүнтэй учирсан хэрэг.

Японоос ирсний дараа манай нэгэн орчуулагч хорт хавдар тусчихаад, дээрээс нь идэх хоолгүй, хэцүү байна гэхээр нь “Би өдөр бүрийн тань хоолны мөнгийг өгч байя, харин та Кавабатагийн зохиолоос өдөр бүр тэдэн хуудас орчуулаад байж чадах уу” гэж санал тавьсан. Тэгээд тэр орчуулагч хүнд өвчнийхөө хажуугаар Кавабатаг орчуулаад өгсөн шүү. Ингэж би шагналынхаа нэг хэсгийг Кавабатад зориулж билээ. 




[ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ]

“Японы ноён Кавабата буюу миний төрөлх Ази” нэртэй бичвэр бол сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын тэрлэсэн, миний хамгийн унших дуртай тэмдэглэл. Чухам энэ тэмдэглэлийн ачаар л тэр Ража Тампа шагналыг авсан шиг чухам энэ тэмдэглэлийг уншаад л би түүнтэй ярилцъя гэж шийдсэн билээ. Тэгээд заавал өөрийнхөө унших дуртай хэсгийг ярилцлагынхаа дундуур бүхлээр нь оруулна даа гэж төлөвлөсөн. Тэрхүү амлалтаа биелүүлж буй минь энэ:

“Тийм ээ, өнөөдөр чинь 1991 оны 11-р сарын 10. Цастай, их ч сайхан өдөр. Хөдөөнөөс эргэж ирсэн болохоор юм уншиж гэртээ өнжив. Үдийн хавьд нэгэн тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг эргүүлтэл би ийн бичсэн байх юм. “Зүдэрч зовж байгаагаа март. Залуугийн зовлон бол зовлон биш шүү. Зовох тусам сэтгэл санаа ариусаж жаргал эрх чөлөөг ухаарах болно. Зогсож болохгүй. Өчүүхэн ч алгуурлаж болохгүй. Кавабататай нөхөрлө. Японы Кавабатаг дэлгэн унш!” Тийм ээ, эл тэмдэглэлийн балархай мөрүүдийг 1987 оны зун Эрдэнэт хотын халдвартын эмнэлэгт хүнд өвчин туссан охиноо сахиж суухдаа бичсэн юм. 

Надад цаг зав өчүүхэн бага гарна. Нэг үгээр хэлбэл охины халуун бууж, өвчин шаналгаа нь багасан, хоолоо идчихээд унтах тэрхэн бага агшинд л сэтгэл санаа сайхан амрах шиг болдогсон.

Гэхдээ хамгийн гол нь албадлага хавчилга байхгүй, дарга дуудах, дургүй ажилд явуулахгүй учраас яагаад ч юм би ердөө л бодох ёстой юмаа бичиж аль эсвэл би эрх чөлөөтэй алхална.

Надад эрх чөлөө байгаагүй л дээ. Гэхдээ л эрх чөлөө минь байсан юм. Дөнгөж саяхан баригдсан энэ эмнэлэг “СЭВ”-ийн стратегийн гол бааз болсон зэсийн залуу хотын хамгийн захад байсан болохоор ердөө л цонхон дороос Монгол нутгийн ер бусын онгон байгаль үргэлжилж түүнд нь би үнэнхүү сэтгэл баясаж хөл хориотой ч дотор уужрах шиг болно. Ер нь зун бүхэн энд тийм байдаг юм уу? Аль эсвэл тэр зун тийм сайхан өвс ногоо ургасан юм уу, бүр эсвэл би хаашаа ч явахгүй байсан учраас тийм соргог сайхнаар мэдэрсэн юм уу. Явган хүүхэд бараг далд орохоор өвс ногоо ургаж, өнгө өнгийн цэцэг найган ганхаж алаг эрвээхэй нисэлдэн, шөнийн нам гүмд бүх юм сайхан. Харамсалтай нь бидний орж гарах ёстой хаалгыг хаасан байлаа. Сувилагч нартай нь маргаж байж хаалга онгойлгон өөртөө бас нэг эрх чөлөөг олон авч билээ. Охин минь эхний хэдэн хоног аюултай халуурч байснаа гайгүй болж хоолондоо орж нааш цааш гүйдэг болов. Баярын үеэр явж байсан болохоор даргадаа ч өөрөө мэдээ хүргээгүй ердөө л хоёр удаа цахилгаан илгээсэн юм. Зөвлөлтийн “перестройка”, Сталины аллагын талаар манай эмч уншсанаа хааяа өвчтөнгүүдэд сонин болгон ярина. “Монгол хүн бараг шарладаггүй, халдварт өвчинд бараг нэрвэгддэггүй байжээ. Цагаан идээ тараг сүүний ачаар энэ бүхнийг гэтэлдэг байв. Ээдмийн шар усан дотор гэхэд л манай улс одоо валютаар авч байгаа дөрвөн ховор эм байна” гэж өөрөөр сэтгэгч тэр эмч хэллээ.

Өглөө эрт босож явган алхална. Орой нь, өдөр нь охиноо тэвэрч, үүрч алхална. Тэр эрх амьтан намайг тамлаж гүйцнэ. Эмнэлэгт хэвтсэний дараахан дөрөвдэх өдөр нь юмдаг. Гэнэт цонх хүн тогшлоо. Эргэн харвал олон жил хэлмэгдэж, яс махтайгаа хатаж яваа манай нэрт зохиолч миний хайрлаж хүндэтгэдэг хүн Нямбуугийн Нямдорж гуай халуун савтай цай, шилтэй шөл барьчихсан хэрэг хийчихсэн гэмт хэрэгтэн этгээд шиг, эцэг эхийнхээ өмнө алдаагаа гэмшиж буй хүүхэд адил биеэ барьчихсан зогсож байв. Би гүйн гарлаа. Тэр надад юм авчирч байгаад бус гагцхүү тэр хүн өөрөө ирчихсэн байгаад л би маш их баярлаж байлаа. 

-Танаар сонин сайхан юутай?
-Сонин юмгүй, өчигдөр жаахан.
-За.
-Муухан л болсон байгаа даа!
-Зүгээр, зүгээр.
-Авгай байхгүй, гэрт ээж байхгүй. Тийм болохоор би л хийсэн юм. Намайг уучилж өршөөнө биз дээ гэж их л гэмшингүй хэрэг хийсэн хүүхэд зандрангуй эцэг эхийнхээ царай үзсэн юм шиг зогсож байв. 

Талх боовноос надад хамгийн хэрэгцээтэй амин чухал тэжээл болох хэд хэдэн ном сэтгүүл боож ирсэн байлаа. Энэ нь надад хар шөл, хайрсан буузнаас хэдэн зуу дахин илүү хүнс тэжээл байсан. Нямдорж гуай бол зовлон үзсэн, зовлон туулсан эгэл жирийн наргианч хүн. 

Хөгтэй ч, хөгжилтэй ч хүн. Тэр над дээр маргааш нь ирэхдээ “Чамд ерөөсөө ганцхан ном авчирлаа. Хэд хоног дахин дахин уншиж эргэцүүлэн бодоорой” гэж 1971 онд Москва хотноо хэвлэгдсэн Японы нэрт зохиолч Ясунари Кавабатагийн 397 хуудастай “Дэлхийн утга зохиолын нэрт мастерууд” цувралаар гарсан нэгэн номыг өгөхөд би үнэхээр баярлан авч билээ. Яагаад гэвэл бас надад 1984 онд “Известия” сонины хэвлэх үйлдвэрээс гарсан “Буурал нийслэл” гэдэг номыг уншихаар авчирсан байв. Охиноо сахина. Өөр надад ажил байхгүй. Холбоо муутай болохоор дахин би даргатайгаа ярьж чадсангүй. Сүх далайтал үхэр амар гэгчээр даргатайгаа учиртал үнэнхүү сэтгэл тайван байв. Элдэв юм бодохгүй, аар саар юманд цаг алдахгүй, даргаас айхгүй, элэг зүрхээрээ хүссэн юмаа бодож дуртай номоо уншина гэдэг ёстой нар гарч богинохон ч гэсэн сэтгэлийн жаргалаа эдлэх шиг болдог юм. Охин минь хоолоо идчихээд, жаахан тоголж, эрхэлж сахилгагүйтэж байгаад унтаад өглөө. Ашгүй, ашгүй. Цонхоо нээчихээд үзэг цаас дэвтрээ авч буланд очиж суулаа. Гадна халуухан өдөр болж байгаа хэдий ч, батгана дуугарах сонсогдож байгаа ч өрөөнд сэрүүн салхи сэвэлзэнэ. Тэр тусмаа яг манай өрөө том эмнэлгийн сүүдэр талд байдаг болохоор ямар ч нартай аагим халуун өдөр ч нээлттэй цонхоор сэрүүн салхи сэвэлздэг юм. Би зохиолч Кавабатагийн номын эхний хуудсыг нээтэл “Мишигийн Цэдэндорж” гэсэн танил гарын үсэг нүднээ харагдаж зурж уншсан мөрүүд нь дурайж байв. Ёстой билиг дэмбэрэлтэй сонин учрал. Манай нэрт зохиолч миний шүтээн Мишигийн Цэдэндорж хэлмэгдэж явахдаа Кавабатагийн номыг хэдэнтээ уншиж сайн найз Нямдорждоо дурсгал болгон үлдээжээ. Ядарч зүдэрч явахдаа Нямдорж гуай бас л энэ номыг шимтэн уншиж явжээ...”

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын “Японы ноён Кавабата буюу миний төрөлх Ази” тэмдэглэлийн хэсгээс



-Та шагналынхаа мөнгийг юу юунд зарцуулсан бэ?

-Би мөнгөнийхөө дээжээс “Хадгалаарай” гээд ээждээ 50 доллар өгсөн. Дараа нь Засгийн газрын агуулахаас гурван рулон цаас 19 мянган төгрөгөөр худалдаж аваад “Хөх толбо” сониныхоо анхны дугаарыг хэвлүүлж билээ. Мэдээж ах дүү, амраг садандаа тараах, найз нөхдийгөө хүлээж авахад багагүй мөнгө үрсэн. Харин үлдсэнийг нь банкинд хадгалуулсан даа. Ямартай ч энэ шагнал манай гэр бүлийн хувьд маш том эргэлт болсон гэж боддог. Хамгийн гол нь “Хөх толбо” сониноо үүсгэн байгуулж, дөрвөн хүүхдийнхээ сургуулийг төгсгөж чадлаа.

-Сонины сурвалжлагч байсан хүн гэнэтхэн сонин эрхлээд, бүр эрхлэгч нь болох амаргүй санагдсан байх даа? 

-Сонин бие даан эрхэлж гаргаснаас хойш ердөө хоёрхон тохиолдолд л өөрийгөө эрхлэгч гэдгээ мэдэрдэг байв. Эхнийх нь тайлан тооцоо гаргах үед, хоёрдахь нь шүүхэд дуудагдах үед. Бусдаар бол сониныхоо хамгийн “бага тушаалтан” нь би. Сониноо үйлдвэрт хэвлүүлнэ, үүрч тараана, хамаг л хар бор ажилд нь гардаж оролцоно. 

Ноднин хавар нутагтаа очиход нутгийнхан маань намайг танихгүй шахуу байсан. Юу болчих нь энэ вэ гэж дотроо гайхсан боловч нээрээ би чинь сүүлийн гучин жил хаашаа ч томилолтоор явалгүй, дугаараас дугаарын хооронд сонинтойгоо зууралдсаар явж шүү дээ. 

-“Хөх толбо” сонин өдгөө 24 дэх жилдээ уншигчдын гарт очиж байна. Мэдээж энэ сонины хамгийн олон уншигчтай, оргилуун үе одоо биш. Гэхдээ та 24 жилийн турш нэг ч дугаар таслалгүй сониноо гаргасаар л байна. Олон хүн сониноо ашиггүй болмогц нь гаргахаа больчихдог. Харин та тэгээгүй. Үүнийн учир шалтгаан юу юм бэ?

-Л.Түдэв гуай нэгэн удаа “Хэрэв би эндээс явдаггүй л юм бол сүүлчийн ганц уншигч хүртэл сониноо гаргах болно” гэж хэлсэн гэдэг. Тэрхүү ганц уншигч нь хэн бэ гэхээр Л.Түдэв гуай өөрөө юм аа гэж манайхан хошигнон ярьдаг сан. Энэ бол үйл хэрэгтээ үнэнч байхын үлгэр жишээ юм. Тийм ч учраас би төдийгүй бидний дараагийн үе энэ сониныг үргэлжлүүлэн гаргах учиртай. Нэгэн цагт “Хөх толбо” сонин биднийг тэтгэж байсан бол бид одоо сониноо тэтгээд явж болно.

Одоо сонин маань өчүүхэн бага хувиар хэвлэгдэж байгаа ч цаасан хэвлэл цаашдаа ч гэсэн хамгийн чухал зүйл хэвээр байна гэдэгт би итгэдэг. Банкинд хадгалуулсан шагналынхаа мөнгөөр “Хөх толбо” сониноо багахан хэмжээнд тэтгэж болоод л байна. Бид цаашид ч ийм маягаар гаргана. Сониноос бид ашиг олохдоо гол биш. Сонин бол бидний хувьд бахархал, нэр төр юм. Бид үйл хэрэгтээ үнэнч байх энэ зарчмыг үеийн үед баримталсаар л байх болно. 


"Хөх толбо" сонины анхны дугаар

-Олон жилийн туршлагаараа дүгнэхэд, сэтгүүлч хүн гэж хэнийг хэлдэг юм бэ?

-Би чинь “сэтгүүлч” гэдэг програмыг хар багаасаа л өөртөө суулгачихсан хүн шүү дээ. Туулсан замналд минь дарга болох ч юм уу, арилжаа наймаа эрхлэх боломж цөөнгүй тохиосон. Гэхдээ би зам мөрөөсөө урваагүй ээ. Сэтгүүлзүйд сэтгэл зүрхээ зориулъя л гэж тууштай шийдсэн. Хэрэв залуу сэтгүүлчид энэ зам мөрийг эргэлт буцалтгүйгээр сонгоё гэж зориглосон бол цалин хөлс бага байсан ч хамаагүй, сонгосон шийдвэртээ үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Ер нь сэтгүүлч хүний амьдрал өөрөө бүтээл юм. Сэтгүүлч гэдэг хүн бол роман бичиж амжаагүй зохиолч, шүлэг бичиж амжаагүй найрагч.  

-Бичсэн болгон минь сэтгэлд хүрэхгүй үе зөндөө тохиолдох юм. Танд ийм үе тулгарч байв уу? Энэ үед чухам яах ёстой байдаг юм бэ?

-Эхлэн бичигчдэд хандаж хэлэхэд эхлээд энэ замыг чин үнэнээсээ сонгосон эсэхээ өөрөөсөө асуу. Нэгэнт сонгосон бол бичээд л бай, бичээд л бай гэж зөвлөе. Өөр ончтой зөвлөгөө байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Тиймээс зүгээр л бичээд бай. Гол нь цаг хугацаандаа амжиж сур, эхэлсэн л бол дуусгаж хэвш. Шүд зуугаад ч хамаагүй бичсэнээ дуусга. Маргааш гэдэг өдөр байхгүй гэж санаад өдөрт нь бичиж дуусга. Дараа нь унд цайгаа тухтайхан ууж болно шүү дээ. Ер нь бичсэн зүйлдээ сэтгэл гонсойгоод байх шаардлагагүй. Гол нь бичиж дуусгасан л байх хэрэгтэй. Мөн архиваа эмх цэгцтэй болго, тэмдэглэлээ нягт няхуур хөтөл. Сэтгүүлч хүнд “түүхий эд” чухал, өнөөдөр хэрэггүй гэсэн зүйл маргааш хэрэг болж мэднэ. 

-Үгийн сангаа арвижуулахын тулд хэрхэх ёстой вэ?

-Эгэл хүмүүсийн яриаг чагна. Ялангуяа, өвгөд хөгшдийн яриа хөөрөөнд бидний мэдэхгүй, бараг мартагдах шахсан олон монгол үг бий. Жишээ нь суугаа ажлаас үүдэн нуруу өвдөхийг “хар хонгодох” гэж хэлж ярьдаг юм байна. Би үүнийг хөдөөний малчин хүнээс сонссон юм. Гэхдээ сэтгүүлч хүнд үгийн баялаг гэдэг хамгийн чухал зүйл биш ээ. Гол нь мэдрэмжээ хурцалж бай.

-Унших бүрт уйдамгүй ном гэж танд байдаг уу? Заавал уншаарай гэж хэдэн ном санал болгооч?

-Еврей хүүхдүүдэд заавал унших ёстой номын жагсаалт гэж байдаг. Яагаав “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” дээр Анне охин 14 настайдаа, уншвал зохих бүх номоо уншаад дуусгачихсан тухай гардаг шүү дээ. Еврей хүүхэд бага насаа тамд, үлдсэн насаа диваажинд өнгөрөөдөг бол бусад үндэстний хүүхэд эсрэгээрээ бага насаа диваажинд, үлдсэн амьдралаа тамд өнгөрөөдөг гэсэн үг бий. “Там” гэдэг нь өнөөх олон номыг хэлээд байгаа хэрэг. Тиймээс энэ удаад бага залуу насандаа уншвал зохилтой хэдэн ном нэрлэе. Ихэнх нь миний уншиж өссөн, дээр үеийн номууд. 

Юуны түрүүнд “Робинзо Крузо”-г нэрлэе. Бас Жюль Вернийн зохиолууд бүгд гоё. Дээрээс нь, Гагарины “Сансарт хүрэх зам”, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Амь үрэгдсэн цэргүүд ярьж байна” гэх зэрэг номуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Мөн Махатма Гандигийн “Миний намтар” байна. Энэ хүн хүлцэн тэвчихүйн гайхамшигаар сүр хүчтэнийг сөхрүүлж дөнгөсөн. Британи гэдэг чинь нэгэн цагт дэлхий өөрөө байлаа шүү дээ. Гэтэл түүнд юу байсан юм бэ? Зүгээр л нэг нүцгэн нөхөр. Тэрбээр оюун санааны аугаа их хүч тэвчээрээр нэгэн үндэстнийг байлдан дагуулж чадсан. “Миний намтар”-ыг Мишигийн Цэдэндорж гуай машид яруу хөрвүүлсэн шүү. Бас Роберт Бернсийн “Гуниггүй ядуус” бол чухаг ном. Уолт Уйтмений “Өвсний навч” ч гэсэн ялгаагүй. Эд бол чөлөөт сэтгэлгээний эрэлхийлэл болсон лут бүтээлүүд юм. Өдгөө эдгээр номыг бараг дурсахаа байж дээ.

-Та хуучирсан зөөврийн компьютерээ байнга шахуу дэргэдээ байлгах мөртлөө асаагаад Вөрд програмыг нь хүртэл нээж чаддаггүй шүү дээ. Ихэвчлэн багачууд л ноолж байгаа харагдах юм. Хөдөлгөөнтэй, асар хурдан хувирч өөрчлөгдсөн энэ эрин үеэсээ холдож хоцрохгүйг хичээх авч та өөрийн өсөж торнисон, үзэл санаа чинь биежиж томорсон хуучин цаг үедээ одоо ч гэсэн амьдардаг. Ном авахаар бол орчин цагийн гялгар, гоёмсог хэвлэлттэйг нь биш, он цагийн уртад онгож үнгэгдсэн хуучны номыг л сонгодог. Тэртээ олон жилийн өмнө нээсэн утасны дэвтэр тань хиртэж хуучирсан ч түүн дээрээ шинэхэн танилынхаа утасны дугаарыг бичээд л хадгалчихдаг. Гэвч таны хамгийн сайн мэддэг тэрхүү цаг үе улам алсран холдоод байх шиг. 

-Дейл Карнеги алдартай номныхоо оршилд “Хүн төрөлхтний гол хууль бол эмх цэгц мөн" гэж бичсэн байдаг. Ерөөс эмх цэгцийг эрхэмлэж чадсан хүн л урт удаан насалж, илүү ихийг бүтээж туурвидаг гэнэ. Утасны дэвтэр уйгагүй хөтлөх, үзэг цаас дэргэдээ байлгах, сонины хайчилбар бүрээ эмхлэх зэрэг нь миний хувьд хар багаасаа дадаж хэвшсэн эмх цэгц юм. 

-“Үнэн үг уран үгийг жанжилдаг” гэсэн Паскалийн үгийг та эшлэх дуртай. Энэ үгний цаана таны сэтгүүлчийн арга барил нуугддаг уу?

-Социализмын үед манай нэгэн нэрт сэтгүүлч Алтайн цаадах говь руу сурвалжилгаар явсан юм. Тэр сэтгүүлч Улаанбаатараас хөлчүү гараад, Ховдод хөлчүү буугаад, Алтайн өвөр говиор хөлчүү явж ирээд, уулзсан хүнийхээ овгийн эхний үсгийг утас цохиж асуусан болчхоод сурвалжилгаа бичиж билээ. Тэр нь уран хоосон үгээр дүүрэн боловч бүгд л ам булаалдан шагшицгаасан юм даг. Угтаа бол, чамин хээнцэр үгийг оноож бичсэнээрээ сайн бүтээл төрөх албагүй. Гол нь мэдрэмждээ хөтлөгдөж бичвэл ончтой. Сэтгүүлч хүний ажил хөдөлмөр бол уран үгийг элдэж хөөх бус, үнэний төлөөх эрэл хайгуулын замнал юм. Үнэнийг олчих юм бол уран үгийн хэрэг үгүй. 

-Та ер нь дуу хураагуур ашигладаг байв уу?

-Биднийг залуу байхад дуу хураагуур гэж бараг байсангүй. Байсан ч олдоц муутай. Тийм учраас хүмүүсийн яриаг маш хурдан бичиж тэмдэглэх хэрэг гарна. Жишээ нь, би “Ардчилсан хувьсгал”-ын хурлын протоколуудыг гараар маш хурдтай бичиж тэмдэглэж авсан.

-Таны бичгийн хэвийг баргийн хүн гаргаж уншдаггүй шүү дээ. 

-Гараар хурдан бичдэг байснаас бичгийн хэв алдагдаж, гаргацгүй муухай бичигтэй болжээ. Сүүлдээ би өөрийнхөө бичгийг хүртэл гаргахаа болих юм шиг байна. Цаашид кирил үсгээр гаргацтай бичье гэвэл дармалдаж бичихээс өөр аргагүйд хүрнэ. Харин монгол бичгээ сайн сурсан бол цэгцтэй сайхан бичих байж гэж бодогдох юм.  

-Тэгсэн мөртлөө та цаг үргэлж тэмдэглэл хөтөлдөг. Уулзсан хүмүүсийнхээ нэр ус, хэлсэн үгийг бичиж авахаас гадна өдөр бүрийн бодол эргэцүүллээ тэр дор нь бичиж тэмдэглэдэг.

-Миний хувьд, бичнэ гэдэг дадал зуршил юм. Мужаан хүн ямар ч модны өөдсөөр юуг ч урлаж болдог шиг толгойд орж ирсэн бодол санаа бүрийг гололгүй тэмдэглэж авдаг.

-Та өглөө бүр “цаасан хэвлэл” уншдаг. Энэ бараг таны хувьд, хэвшил болчихсон үйлдэл байх шүү?

-Сэтгүүлч хүн ном сонин бүрийг нэг бүрчлэн унших албагүй ээ, харин харсан байх ёстой. Эмийн заавар, рекламны хуудас дотор ч хэрэгтэй зүйлс байж л байгаа.

-Энэ үеийн сонин хэвлэлүүдийг таны залуу байсан 80, 90-ээд оныхтой харьцуулбал юугаараа ялгаатай вэ?

-Бидний үед ярилцлага ховор хийдэг байж. Ярилцлагыг нэг бол цаг үеийн чухал асуудлаар, эсвэл алдартай ховор хүнтэй хийнэ. Одоо бол сонины нүүр болгонд ярилцлага гардаг болж дээ. 

Надад Асахи сонины сурвалжлагч “Манай сонины хамгийн оргилуун үе бол таван хүнтэй редакц байхад л” гэж хэлж байсан шиг 90-ээд оны чөлөөт хэвлэл өнгө зүсээр гундуухан ч түүх, нийгмийн асуудлыг чөлөөтэй дэлгэн тавьдаг байжээ. Гэтэл өнөөгийн сонины бичлэг, зарим талаараа социализмын үеийн бичлэгээс дордсон харагдах юм. Ихэнхдээ ярилцлага хийсэн, амрыг харсан, нуршуу бичсэн, мэдээлэх төдий байна. Сэтгүүлчид ч гэсэн бичиж буй сэдвийнхээ гүн рүү өнгийхгүй юм. Сайн сэтгүүлч цалин авдаг “сонины ажилтан” төдий бус, “уран бүтээлч” байх учиртай. 

-Хүн ер нь өөрийгөө хэдийд жинхэнэ сэтгүүлч болчихлоо гэж мэдэрдэг юм бэ?

-“Сэтгүүлч болчихлоо” хэмээн бага залуу насанд аархах үе зөндөө. Гэвч энэ бол залуу насны хөөрөл алдаа юм. Ер нь сэтгүүлчийн замнал дуусашгүй урт. Насан туршдаа “сэтгүүлч болно” гээд л зүтгээд байх хэрэгтэй. 

-Нямбуугийн Нямдорж гуайн сүүлчийн шүлэг танд гар бичмэлээрээ байдаг гэж сонссон. Та түүний тухай дурсаач!

-Би Нямбуугийн Нямдорж гуайг “Монголын шилдэг яруу найраг”-аас анх уншиж билээ.

“Ай миний 27-хон нас юухан байлаа
Алиахан салхинаа хүүхний хормой дэрвэхэд
Адилхан догдолж явсан
Алаг зүрхэн...” гэдэг ч юм уу,
“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм.
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар...” гэхчилэн энгийн товч бичсэн мөртүүдийг ихэд бишрэн уншдаг байв. Номон дээрээс түүний үсгүй халзан зургийг хараад уулзах сан гэж удаан мөрөөсөж билээ. Ингээд шавь нартай нь танилцаж, дараахан нь уулзаж нөхөрлөх завшаан тохиосон. Нямбуугийн Нямдорж гуай бол наанаа эгэл даруухан нэгэн боловч цаанаа эрхэмсэг бардам найрагч байсан. Амьдрал ахуй нь хүнд хэцүү гэгддэг ч хэзээд л уншиж бичиж суудаг сан. Бусдыг сайхан үгээр харамгүй тэтгэнэ, басхүү алиа хошин зантай гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд нас барсных нь дараа орных нь гудсан дороос олдсон “Наашаа цаашаа” гэх шүлгийг надад эхнэр нь өгч билээ. Хожим тэр шүлгийг “Хөх толбо” сониндоо нийтэлсэн. 




[ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ]

Нямбуугийн Нямдорж гуайн “Наашаа цаашаа” гэх сүүлчийн шүлгийг сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын хувийн архиваас баахан эрсэн боловч ер олоогүй юм. Бараг олдохгүй нь дээ хэмээн бууж өгчихөөд байлаа. Тэгтэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр өглөөхөн аажуу тайвуу босоод гэрээс гарч, ярилцлаганд нь тохирох зураг сэлт хайхаар Б.Эрдэнэбаатарын архивыг дахин онгичтол юу тохиолдсон гээч! Хамгийн түрүүнд сонгож авсан хавтасны хамгийн түрүүнд сугалж гаргасан цаасан дундаас өнөөх хайж явсан шүлэг маань гэнэтхэн гараад ирэв. Яруу найргийн аугаа шид гэж үүнийг л хэлэх байх. Нямбуугийн Нямдорж гуайн сүүлчийн шүлэг энэ ярилцлагыг заавал чимэх учиртай байж.

НААШАА ЦААШАА

“Насны минь багад юм бүхэн наашаа
Намайг л гэж онцолсон юм шиг
Надад тэгэж харагддаг, санагддаг байж билээ.
Харагдсан бүсгүйчүүдийн нүд хүртэл
Хаа тэртээ хорвоог орхисон янагхан Явуугийн
Хачин гайхалтай шуналтай тэр харц шиг
Харахгүй ч гэсэн хармаар санагддаг байсан.
Цагийн аяс өөрчлөгдөхөд юм бүхэн цаашаа
Цаашаа, араас нь харж байгаа юм шиг
Санаанд тогтох торох дургүй болж
Салан одохын зөн совин орсон шиг
Санамсаргүй хорвоо цаашаа цаашаа
Эхнэрийн орны нь ойхнуур явахад хүртэл
Этгээд яхир яргиа дуугаар
Цаашаа цаашаа гэх нь
Салан одсон авгайн үг”


Нямбуугийн Нямдорж гуайг өөд болсных нь дараа гудсан дороос нь олдсон түүний сүүлчийн шүлэг



-Таны уйлж байгааг би ерөөсөө хараагүй юм байна. Эр хүн сэтгэл дотроо уйлдаг гэдэг л дээ. Тэгвэл тун саяхан бэргэний тань, настай эмээ өөд болсон мэдээг хүүгээсээ сонсоод нулимс унагасан гэж сонслоо. Бас том хүүгээ онгоцны буудал дээр үдэж өгчихөөд Гандангийн эл хульхан байшиндаа ганцаар уйлж суусан гэж таны нэг шүлэгт гардаг даа. Та амьдралдаа хэр олон удаа уйлж үзсэн бэ? 

-Ер нь ховорхон доо. Харин сая хүндээр өвдөхөд арваад хоног дотроо уйллаа. Амьдралын минь өдөр хоногууд хальс эргэлдэж буй шиг л нүдэнд харагдсан. 

-Та ижийгээ санадаг уу? Таны ижийг нутаг орныхон нь “Бурхан Бужаа” гэж хүндэтгэдэг байсан юм билээ. 

-Би ижийгээ төдийлөн санаад байдаггүй. Учир нь ижий маань бүгдийг зөөлөн аргаар хэлж захиад үлдээчихэж. “За, хүү минь, даарч болохгүй шүү, халууцаж үхсэн хүн гэж байдаггүй, дулаан хувцсаа заавал авч яв, чамд хүнддэхгүй. Хүний гар битгий харж бай л даа, чамд гар бий шүү дээ” гэх зэрэг ээжийн хэлсэн үг бүр хүнд хэцүү үед минь үргэлж надад хань болдог. Тийм ч учраас ээж маань одоо ч гэсэн надтай хамт амьдарсаар л байна. 

Захчины дээл сэлтийг би харж байгаагүй. Музейд л харж байсан. Харин захчин хүний сэтгэхүй, төрөлх чанарыг бол би сайн мэднэ. Манай гэрт явуулын хүмүүс ирэхэд ээж маань хийсэн хоолоо бүгдийг тэдэнд өгчихөөд “Та нарт тэртэй тэргүй хоол олдоно” гэж хэлдэг байв. Тэгээд зогсохгүй, гаднын гийчдийг дааруулахгүйн тулд байдаг бүх юмаараа хуччихаад өөрсдөө даарч хононо. 

Ижий маань “Хурын хувцас олддоггүй, хуриманд хувцас олдоно” гэх зэргээр захиас сургаалуудаа мөр холбож хэлнэ. Энэ бол муу юмаа битгий хаяж бай гэсэн санаа юм. Хүүхдийг хэзээ ч зандарч загнахгүй. “Хүүхэд бол эрх чөлөөтэй амьтан. Хэчнээн үймүүллээ ч гэр нураачихгүй шүү дээ” гэж захидаг сан. Хүүхэд хоолоо идэж байгаад асгачихвал ер зэмлэхгүй. “Заяачтайгаа хувааж идэж байгаа нь тэр. Цаана нь дахиад нэг хүн байгаа шүү дээ” гэнэ. Хүүхдийг хамаагүй их загнахаар зүрх нь үхчихдэг юм гэж хэлдэг сэн. Гэрээр орж гарсан гийчин бүрийг сайхан дайлна. Гэхдээ амттан шимттэн, архи дарсаар дайлахгүй. Манайх хэдэн сайхан тарлан үнээтэй. Сүүгээр нь сайхан аагтай цай чанана. 

Хамгийн сүүлчийн цагаан сараар 400 гаруй зочин гийчин ээжтэй золгохоор ирж билээ. Тэгтэл ижий маань намайг сэмхэн дуудаад “Зэрэгт биднийг ядарч явахад хэн тусалдаг байлаа. Сээкээ Чунаг гэдэг хүн л сэтгэлээсээ тусалсан  юм шүү” гэж захисан. 


Сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын ээж. Гэрэл зургийг Л.Ганзориг /Гамма агентлаг/

-Та туулсан замналдаа харамсдаг уу?

-Ер харамсдаггүй. Гагцхүү Кастрогийн хэлдгээр сайхан цагт ихийг бүтээгээгүй байж болно. Угтаа би чинь буйд хөдөө нутгийн дов толгод дунд мал хариулаад л явж байх ёстой хүн. Гэвч зоригтойгоор өөрийгөө илэрхийлж чадсан учраас яг л Василий Песков шиг бүхий л амьдралынхаа турш сэтгүүлч гэх эгэл хэрнээ эрхэм албандаа үнэнчээр зүтгэлээ. 


Гярхай уншигч бол эл ярилцлагын гол баатар миний аав гэдгийг төвөггүй таньчихсан биз ээ. Тийм ээ, Эрдэнэбаатарын Энхцолмон гэх алдар нэрий минь эхэнд бичигддэг цорын ганц тодотгол бол дөнгөж сая үүх түүхийг нь уншаад дуусгасан Батын Эрдэнэбаатар гэх сэтгүүлчийн өөрийнх нь нэр билээ. Магадгүй уншигч та аавыг минь танихгүй байж мэднэ, яг л би Песковыг огт сонсож дуулаагүй шиг. Гэхдээ одоо та таньдаг боллоо шүү дээ, яг л би Песковыг мэддэг болсон шиг. 

Өглөө бүр үүрийн таван цагтай уралдан босоод, өдөр бүрийгээ гурван хэсэгтэйгээр төлөвлөн, залуус биднийг ичээлгэхүйц, нэн идэвхтэй амьдарч асан аав маань нэг л өдөр биеэ даах тэнхээгүй болтлоо өвдөж, орон дээр хэвтэх, цонхоор ширтэх, сонин хайчлахаас өөр алба ажилгүй нэгэн болчихож билээ. Үнэндээ ярилцлагынхаа зочноор аавыг урих шиг амархан зүйл байгаагүй. Аав үүрэндээ өвөлждөг ичээний амьтан шиг л өвөлжин гэрээсээ гараагүй. Дуу хураагуураа ширээн дээр нь сэмхэн гаргаж тавьчихаад “За яриад байж дээ” гэхчлэн бидний яриа аажуу тайвуу өрнөсөн. Урьд би Маркезийг хөрвүүлсэн их гүүш Готовын Аким гуайтай, герман хэлт зохиолч Чинагийн Галсан гуайтай, Японд амьдардаг монгол зураач С.Заяасайхантай уулзаж ярилцаж байв. Гэхдээ тэдгээр ярилцлагаас ялгаатай нь би энэ удаад ер тэвдэж сандарсангүй. Аким гуайг ажлынхаа уулзалтын өрөөнд дуудаж авчирчихаад баахан сандарч байсныгаа тод санаж байна. Харин зураач С.Заяасайхантай уулзсан зуны дунд сарын аагим халуун өдөр удахгүй энэ хүн Япон руу буцчих учраас өнөөдөр гэдэг ганцхан өдөр л надад байгаа юм байна гээд хоёр хуудас дамнасан бөөн асуултаараа эрхэм зураачийг залхаах шиг л болж билээ. Тэгвэл аав бид хоёр бүхэл бүтэн 5 өдөр дараалан хүүрнэлдсэн. Их ярьснаас ам нь ангаж, явган сууснаас нуруу нь чилэх бүртээ аав маань “За өнөөдөр ингээд болох уу даа” гэж хэлээд надаас зөвшөөрөл эрэх мэт дөлгөөхөн хардаг сан. Ингээд зогсохгүй, арван мянган үгтэй, нийтдээ дөрвөн цаг орчим үргэлжилсэн энэ ярилцлагынхаа эх бичлэгийг буулгаж редакторлоход би юунд ч яараагүй. Их зохиолч Чинагийн Галсан гуайн яг ийм урттай яриаг шивж хянахад ердөө хоёр өдрийн л хугацаа надад ногдож байсан бол аавын яриаг буулгахад яарч тэвдэх шаардлага байгаагүй. Би нэгдүгээр сарын нэг дулаарч, нэг жиндсэн олон ааштай өдрүүдэд юунд ч яаралгүй, тааваараа ажилласаар ярилцлагаа дуусгаж буй минь энэ. Дундуур нь би зүгээр суусангүй, сагсанбөмбөгийн мэдээ сэлтийг өглөө бүр сонирхож, дамын худалдаачнаас Б.Ринчен гуайн орчуулсан Юлиус Фучикийн “Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл” гэх 1951 онд 20 мянган хувь хэвлэсэн нимгэхэн номны нэгийг 20 мянган төгрөгөөр авч, нэгдүгээр сарын хамгийн хүйтэн өдрүүдийн нэгэнд “La la land” гэх дулаахан киног театрт үзэж, таньдаг зурагчныхаа “Metro-Metropolis-Metrosexual” гэх сүрдэм нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд очиж, тэр өдрийнхөө орой зохиолч Далхаагийн Норов гуайн “Тэжээвэр” тэргүүт түүврийнх нь нээлтэн дээр очоод уулзалт дуусахыг нь хүлээж хүлээж “Тагтаа”-гаас эмхлэн гаргасан шинэхэн номон дээр нь “Нохой мэт үнэнч... 2017.01.28. Д.Норов” гэж өвөрмөцөөр бичүүлж тус тус амжжээ. 

Энэ хооронд олон үйл явдал эргэн тойронд минь тохиосон байна. Эгчийн дүрсгүй жаал 5 настны эгнээ рүү дэвшиж, ахын хадам аав хоёрдахь удаагаа элэгний хагалгаанд орж, оны өмнөхөн дурангийн мэс ажилбар хийлгэсэн ээж маань сувиллаас ирж, өөрөө шоо эвлүүлж сураад зогсохгүй 50 гарсан ээж, 5-р ангийн эрэгтэй дүү, 20 гарсан эмэгтэй дүү, 31-тэй төрсөн ахдаа хэрхэн эвлүүлэхийг зааж өглөө. Бас Америкт Трамп тангараг өргөж, Монголд АН-ын шинэ даргын сунгаа явагдав. Үүнээс гадна Шувуу гэх авьяаслаг залуу гэрэл зурагчин тэнгэрт одсоныг дууллаа. Үнэхээр л баяр гуниг нь ээлжилдэг хорвоо юм даа.

Би Памукийн “Цас”-ыг эхлүүлсэн. Даанч номонд маань 9-26 дахь нүүр хоёр удаа тохиодгийг олж мэдээд хааяахан нэг таардаг хэвлэлийн алдаатай хувилбар нь надад таарч дээ гээд жаахан гонсойсон. Гэхдээ хуудсаар дутаагүй, харин ч “илүү” юм байна шүү дээ гээд өөрийгөө тайвшруулсан. Хажуугаар нь “Хүн, араатан, бурхад”-ыг хөрвүүлсэн Ж.Нэргүй гуайн ёжтой ярилцлагыг, сэтгүүлч Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан нарын “амьд” хөөрөлдөөнийг уншсан. Орчуулга хийх гэж оролддог юм болохоороо эхнийх нь, сэтгүүлч гэгдэх гэж мэрийдэг юм болохоороо хоёрдахь нь уншууртай, амттай санагдсан. 

Харин аав өдөр өдрөөр, сөөм сөөмөөр тэнхэрч байлаа. Босож ч хүчирдэггүй байсан бол өдгөө босдог болжээ. Өвлийн нар илчээ харамгүй илгээсэн гэгээхэн өдрүүдэд аав маань машины урд хүүхэд шиг догдолж суучхаад, эмнэлэг юм уу банк орох замдаа урьдын танил, үймж бужигнасан гудамж талбайгаа сониучирхан явсан сан. Хар гурилтай л бол ямар ч хоолноос татгалздаггүй аав маань намайг ярилцлагаа буулгаж байх өдрүүдийн нэгэнд машинд суугаад “Сакура”-гийн удон шөл, “Шинжаан” гэх рестораны татмал гурилыг зорьж идсэн. Бас агаар амьсгалчих санаатай Найрамдал руу хоёр ч удаа ухасхийжээ. Бусдаар бол өглөө бүр сониноо хайчилсаар, өдөр нь цонхоор ширтсээр, орой нь ортойгоо нөхөрлөсөөр хоногийг бардаг болж. Гэвч биенд нь үүрлэсэн өнөөх өвчин шаналал одоо ч тэндээ буй.

Песков малгайнаас салдаггүй байсан шиг аав залуудаа сахлаа ер хусдаггүй нэгэн байв. Өтгөн хар сахлаа бавайлгасан, өндөр биерхүү биетэй аав маань хүүхдүүд бидэндээ яг л арслан шиг санагддаг сан. Харин одоо аав арслангийн сүр бараагаа гээжээ. Гэвч түүний дотор сүрдэм том эр арслан буй гэдэгт би итгэдэг. “Хурдхан шиг мэс хүргээд өвчнөө эдгээчих л дээ” гэж аавыг би ятгах ч тэрбээр сурагч хөвүүн байхдаа сэтгүүлч болох шийдвэрийг удаан бодож байж гаргасан шиг цаг хугацааг уяж тогтоогоод үүдэн дээрээ “хүлээлгэчихэв”. Цаг хугацаа одоо ч түүнийг хүлээсээр л.

Аав маань Лермонтовын “Далбаа” шүлгийг Цэндийн Дамдинсүрэн абугайн хөрвүүлснээр үе үе чангаар уншдаг сан. Чингэхдээ тэрхүү шүлгийн яруу эрчимлэг хэмнэлийг зүрхнийхээ гүнээс дуудаж авчирна. 

“Хөх далайн цэнхэр мананд
Хөлгийн далбаа ганцаар цайрч
Ахуй нутгаа юунд орхиж
Алс газар юуг эрэв?” гэхэд нь ганцаардмал уйт мэдрэмж эрхгүй төрдөг сөн. Ахуй нутгаа орхин алс газрыг зорьсон аварга хөлөг онгоц тэнгэрийн хаяа руу ойртох тусам улам жижгэрсээр гагц далбаа нь л “цайран” харагддаг шүү дээ. Би эртний далайчдын хөлөг онгоц, энгүй хөх далайг нүдээр үзэж байгаагүй ч аавыг “Далбаа” шүлгээ дуудах бүрт энэ харь зураглал бодит дурсамж мэт дотно санагддаг сан. Үнэндээ манайх гэдэг айлыг хөлөг онгоц гэвэл аав бол бидний далбаа юм. Тийм ээ, тэр бол ганцаар цайрагч хөлгийн далбаа. Гэхдээ тэнд нь бид бас буй.


Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН