Шивээсний хүүрнэл
December 24, 2015Үүнийг 2014 оны сүүлчээр бичсэн бөгөөд National Geographic Traveler Монгол сэтгүүлийн 10 дахь дугаарт хэвлэгдсэн. Бид NGT л гэж товчилдог юм. Аяллын сэтгүүл юм л даа. Нэг мэдсэн яг нэг жил өнгөрч. Түрүү жилийн яг өдийд Их дэлгүүрийн ард байрлах Бандгагийн шивээсний “урлан”-д мөн ч их очсон доо.
Галт тэргэн доторх шиг урт давчуу зайтай энэ өрөөнд түр зуурын дурсамжийг үүрдийн болгох гэж энэ хотынхон ирдэг. Тэд бол үл мартах хийгээд үл мартагдахыг хүсэгсэд.
Хэрэв энэ орон зайг хэзээ мөдгүй хөдлөх галт тэрэг хэмээн төсөөлбөл өрөөний нэг булан дахь шүдний эмчийнх гэмээр нүсэр хар сандал ердөө нэг л зорчигчид зориулагдсан гэлтэй. “Энд суусан л бол дараагийн зогсоол хүртэл зогсохгүй. Гэхдээ өмнөх хийгээд дараагийн хооронд нэг л ялгаа бий. Тэр нь сэтгэлгээний өөрчлөлт” хэмээн эндхийн эзэн, 36 настай Бандга өгүүлэв. Тэр энд дурсамж зурдаг. Халзан толгойтой атлаа эрүүндээ сахалтай энэ эр бол зартай шивээсчин. Яг л өмссөн хар фудболкон дээрх үгс шигээ шивээс хийх гэж төрсөн нэгэн (Born to tattoo) гэлцэнэ.
Ийнхүү Улаанбаатар хотын өөр нэгэн төрхийг нээхээр энд би ирсэн юм. Энэ бол социализмыг нуран унагаасан 25 настай хотын тухай биш, харин биен дээрээ огт өөр нэгэн зүйлийг илэрхийлэх арилшгүй тэмдэглэгээтэй өөрийг эрэлхийлэгсдийн тухай юм. Тэр өөр нэгэн зүйл нь чухам юу вэ? Асуултын хариултыг эрсээр би түүний өрөөнд сууна. “Бид шивээс хийлгэж буй анхны үеийнхэн биш ч хүлээн зөвшөөрөгдөж буй анхны үеийнхэн. Одоо бол шивээстэй хүмүүс нийгмийнхээ ард “чирэгдэж” бус, зэрэгцэж алхдаг болсон” хэмээн Бандга яриагаа эхлээд хоёр гараа зангидвал хос барс архирах мэт боллоо. “Нохой бол үнэнч байдлын илэрхийлэл аж.”
Шивээс, тэр хоёрын түүх дараалал сайтай бэсрэг өгүүллэг шиг товчхон. Тэр өсөж том болохын хэрээр шивээс гээч зүйл монгол залуусын дунд шинэ соргогоор дэлгэрч байлаа. Тухайлбал, багын бандгар мариатай түүнийг Бандга хэмээн аав нь өхөөрдөн нэрлэх 1970-аад оны төгсгөл үед орос цэргүүд шивээсний зүү, цэнхэр бэх хоёроор алба хаасан он, хайртай бүсгүйн нэрийг цэрэг эрчүүдийн шуун дээр хэзээ ч мартагдахааргүй шивээд нэгэн үеийг үдсэн байв. Дараагаар нь мөнөөх шивээсний бэх цэргийн хуарангаас хальж, шоронгийн нэг өрөөнөөс нөгөөд дамжих нь тэр. Харин балчир хүү Бандга энэ үед зураг зурах дуртайгаа мэджээ. Социализм нуран унахтай зэрэгцэн хямдхан шивээсний машин орон сууцны өрөө, харанхуй подваль гээд мэр сэр чичигнэн дуугарах үед Польш руу наймаа хийхээр явсан 18 настай хүү шивээс гээч зүйлтэй чухам тэнд л танилцав. 2 жилийн дараа Монголд ирсэн даруйдаа зураач болохоор шийдэж СУИС-ийн Монгол зургийн ангид ороход хотын энд тэнд хятад будагтай шивээсчид хэн нэгний үнэт дурсамжийг үүрд мөнхөлж суулаа. Заримдаа цаг хугацаа гээч зүйл гагц хэн нэгнийг хүлээж байсан мэт агуу их тэвчээр гаргах нь бий. Сургуулиа төгсөөд шивээсний салоноо нээхэд тэрээр анхдагчдын нэг болсноо ч анзаарсангүй.
Энэ үеэс эдүгээг хүртэлх түүний түүх Эрнест Хэмингвэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн ганзага хоосон ч өдөр бүр далайд гардаг загасчин өвгөн шиг санагдана. Тэр 12 жил дурсамж зуржээ. Тэр дурсамж нь бэлгэдэл, бардамнал, омогшил, бас хайр байсан юм. Бид өнөөх л өрөөндөө сууна. “Энэ өрөө яг л галт тэргэн доторх шиг урт давчуу юм гээч” гэж бодсоноос хойш 7 хоног өнгөрчээ. Бандга ч намайг анзаарахаа байв. Би ч түүнийг шалгаахаа болилоо.
Хал цэрэг, шоронгийн овгор, гудамжны хулигаан, хүнд гар, улаан рок. Тэд үеэ өнгөрөөж өдгөө шивээстнүүд хэн ч байж болох. Өвлийн Улаанбаатар арванхоёрдугаар сарын жихүүн хүйтэн жаварт хучигдах ахуйд зузаан хүрмэндээ шигдэх энэ хотынхны чухам хэн нь шивээстэй гэдгийг хэлж мэдэхгүй ч биен дээрх арилшгүй дурсамжаа даруухан цамцаар халхлагсад бидний дунд олон бий. Тэдний нэг нь Т.
Тэр өрөөний булан дахь зорчигчийн суудалд суужээ. Бандга бэхэнд дүрсэн зүүгээ бийр аятай барив. Харин Т.өвдөлтийг үл хайхран “Кафкагийн Шүүх романы Иозеф К. шиг намайг зүгээр л Т. гэчих” гэв. Нэгдсэн улсад ахлах сургуулиа төгсөөд 18 насандаа анхныхаа шивээсийг хийлгэсэн нь гадаад паспортон дээрх соёмбо дүрс байжээ. “Намайг Монгол хүн гэж тэр бүр мэддэггүй байсан учраасмонгол хүн гэх бардамналаа энэ шивээсэндээ шингээсэн” хэмээнэ. Түүнээс хойш дан монгол бэлгэдэл бүхий шивээсэг нуруу болон хоёр гаран дээрээ шивүүлэх болжээ. Тэр нь: монгол бичиг, монгол хээ, монгол дүрс.
“Би хоёр амьдралтай. Эхнийх нь цагаан цамц өмсдөг оффисын ажилтан. Үнэндээ дарга хийдэг ч нийгмийнхээ эрэг шураг. Харин нөгөөх нь шивээстэй нэгэн. Тэр бол уран бүтээлч. Түүгээрээ эрх чөлөөг тунхаглана. Өнөөх эрэг шурагаа эргүүлэн энэ бүхнээс мултрахыг хүснэ” гэж хэлээд гар утсаараа Ютүб дээрх бичлэг үзүүлэв. Тэр үглэх аж.
Ярилцах зуур Бандга эцсийн хатгалтаа хийн шивээсний зүүний дүнгэнэсэн чимээг намжаахад Т.-ийн зүүн гар бүхэлдээ ханцуй шивээстэй болсон байв. Тэр босоод өрөөний ханан дахь толинд өөрийгөө харан “Ирэх жил нөгөө гараа дүүргэнэ дээ” гэлээ. Тэгснээ “Миний бие дээр Да Винчийн зураг” гэж хэлэхийг нь би бүүр түүрхэн сонсож амжив. Тэр одоо ч үгээ зохиосоор.
Түүний ширтсэн тэрхүү толины хажууд цонх, харин цонхны дэргэд хар хүрээтэй жааз бий. Түүн дээр “Дэлхий дээр хоёрхон төрлийн хүмүүс байдаг. Эхнийх нь шивээстэй, бусад нь шивээстэй хүмүүст дургүй хүмүүс” гэж өвөрмөцөөр бичжээ. Үүнийг Бандгад зориулж хийсэн залуу бол BD буюу Biddy Modava. Тэр бол эхний төрөлтөн. Жинхэнэ нэр нь Даваагийн Баярсайхан. Америкт байхдаа нэрээ хоёр үсгээр товчилсоор байгаад ийм нэртэй болжээ. Тэр надад шивээснүүдээ харуулсан юм. Зүүн гарын шуун дээр 11744RIP гэж бичсэн нь түүний хувьд машид утга бэлгэдэлтэй аж. 1996 онд Америк яваад 13 жил болохдоо нэг ч буцаж ирээгүй бөгөөд тэр зуур аавынх нь бие гэнэт муудсан байна. Ирээд аавтайгаа уулзсан ч харамсалтай нь удалгүй өөд болжээ. “Эхний тоонууд бол аавын мэндэлсэн өдөр. R.I.P бол аавыгаа дурсаж буй хүндэтгэл” хэмээв.
Харин нөгөө гараа зай завсаргүй шивүүлжээ. “Энэ бол Сан Францискогийн Бей Гүүр” хэмээн шуун дээрх шивээсээ эхлээд тайлбарлав. “5 жилийн өмнө энэ гүүрийг давж яваад автомашины осолд орсон. Бараг л амьд гарах боломжгүй осол байсан гэсэн. Харин гүүр титэм шиг харагдаж байгаа нь миний шүтээн тоглогч Леброн Жеймсийн бэлгэдэл шингэсэн хэрэг. Харин энэ Gloria хэмээх бичиг их учиртай. Миний ээжийн нэрийг орчуулбал ийм утгатай. Бас Леброны ээж ийм нэртэй. Мөн осолд орсны дараа надад тусалсан бүх хүмүүсийн нэрний үсэгнүүд энэ үгэнд шингэсэн байгаа” гэв.
Тэр ханцуйгүй фудболк, хантааз өмсжээ. Ярьж буй шигээ чухам юуг ч нуухыг хүссэнгүй. “Хайгаад олддоггүй гэрэл зураг шиг дурсамж ч гэсэн цаг хугацааны уртад хуучирч элэгддэг. Шивээс бол мартах ёсгүй нандин бүхнийг үүрд сануулагч юм. Аав үргэлж хамт байгаа юм шиг. Гэхдээ чи шивээсээ харах болгонд тэр үл мартах зүйлийг үргэлж бодоод байхгүй ч тийм далд холбоос үйлчлэн байх шиг санагдана. Тэр холбоос шивээс шигээ хэзээ ч арилахгүй. Үхэн үхтэл” гэв.
Харин зарим хүмүүст шивээс шинэ хүн болсон мэт мэдрэмж төрүүлдэг байна. “Энэ яг үсээ засуулахтай адил” хэмээн 37 настай Энхээ ярив. Тэр бие дээрээ 9 шивээстэйгээс хамгийн том нь нуруун дээрх морь унасан эртний монгол баатар аж. Мөн л Бандга шивжээ.
Ийнхүү шивээс он удах тусам бэлгэдэлт утга нь улам хүчтэй болдог аж. Би нэг өдөр Бандгагийн өрөөнд ирэлгүйгээр гарынхаа шуун дээрээ жижигхэн шивээстэй хуучны танил бүсгүйтэйгээ уулзсан юм. Тэр надад шивээсээ харуулав: Нэг талдаа хөндлөн зураастай гурвалжин дүрс. “Энэ бол агаар махбодын тэмдэг. Хил хязгаарыг давах гэсэн утгыг агуулдаг. Мөн оюун санааны бэлгэдэл. Энэ ч утгаараа бүхий л зүйлстэй харьцах гээд тэмүүлдэг болсон. Тэгэхээр миний хувьд шивээс гэдэг бол дом. Гэхдээ үүнийг мухар сүсэг гэж ойлгож болохгүй.”
“Дахин шивээс хийлгэх үү?” гэж түүнээс асуухад,
“Үгүй” гэв.
“Яагаад ганцхан шивээс хийлгэхээр шийдсэн юм бэ?”
“Анх шивээс хийлгэе гэж удаан бодсон ч хийлгэж зүрхэлдэггүй байв. 27 настайдаа найзынхаа хамт шивээс хийлгэхээр нэг хүн дээр очсон. Манай найз навчгүй хоосон мод шивүүлэх гэтэл зөвшөөрөөгүй. Бэлгэдэл нь сөргөөр нөлөөлнө, сайтар бод гээд явуулсан."
“Тэгээд найз чинь юу шивүүлсэн бэ?”
“Долоо хоног бодож байгаад мөрөн дээрээ Зэнгийн тойрог шивүүлсэн.”
“Нээрээ тэр шивэхгүй гэж зөрүүдэлдэг хүн хэн байсан юм бэ?”
“Бандга”
Яван явсаар дахиад л Бандга, түүний давчуу урт өрөөнд ирчихэв. “Шивээс бүр утгатай байх ёстой. Ямар нэгэн утга заавал агуулж тэр нь дурсамжаар хөглөгдөж байх учиртай. Нандин дурсамж хэзээ ч мартагддаггүй. Үүнтэй адил тийм гүн утга агуулгатай шивээс хэзээ ч арилшгүй, түүнээсээ хэзээ ч уйдахгүй” хэмээн Бандга өрөөнийхөө нөгөө буланд суунгаа өгүүлээд “Над дээр 10 хүний зургаа нь бүтэлгүйтсэн дурсамжаа засуулах гэж ирдэг. Томдсон, багадсан, мурий, зохиомжгүй зурсан гээд тэдний бүтэлгүйтэл янз бүр” гэв. Тэр компьютерээ ширтэнэ. Нэг ширтсэн бол түүнээс үг унахгүй. Өрөө дахин нам гүм.
Гадаа хүйтэн жавар бууж өгсөнгүй улам л жавхаажих аж. Харин хот маань бууж өгсөн мэт уйтгартайгаар, уйтайгаар дүнсийнэ. Гэхдээ л... энэ хот шинийг сэдэгчид, анхдагчид, эрх чөлөөг эрэгчид, өөрөөр сэтгэгчид, үймээн дэгдээгчид гээд бүгдийг нэг дор суулгасан уртаас урт галт тэрэг мэт санагдана. Тэрний ердөө нэг тасалгаа нь энэ өрөө юм.
0 сэтгэгдэлтэй