Ирээдүй рүү ирсэн лимбэч

December 23, 2015

Ховд хотын "зайсан" толгойд нар хамгийн сүүлд жаргадаг

Бараг л хоёр минут өнгөрчээ. Энэ хооронд би тэмдэглэлийн дэвтэртээ хоёр ч өгүүлбэр таталгаж, гэрэл зургийн аппаратаа хоёр ч удаа “чак, чак” дуугарган, эргэн тойрноо суудлаасаа ч өндийлгүй нүдээрээ нэгжих зуураа түүнийг ч бас гярхай ажаад амжлаа. Зуур нь чих байнга түүнийг чагнаастай. Харин тэр тасралтгүй лимбэдсээр л байв. Ямар ч заадасгүй, үргэлжилсэн урт аялгуу: Дүүүүүүүүүүүүүүүү...

Тэгснээ гэнэтхэн л лимбэдэхээ болин “Нэг амьсгаагаар 5 минут хүртэл үргэлжлүүлж болно. Үүнийг л лимбэний битүү амьсгаа гээд байгаа юм” хэмээн түүнийг хэлж дуусахтай зэрэгцэн өрөө нам гүмд автлаа. Аялгуу замхарч, яриа азнах зуур “Яг л гучин хоёр цагаан лонх шиг юм гээч...” хэмээн бодов. “Тасралтгүй лимбэднэ гэдэг тасралтгүй цагаан лонходно гэсэн үг байх нь!

-  -  -

Уулсын дундах уужим хөндийг тамганы дардас мэт дөрвөлжлөн хээлсэн Ховд хот үймж шуугих чимээгүй, налгар тайван намрын өдрүүдээ үрж байлаа. Аравдугаар сар эхэлсэн шигээ дуусахдаа хүртэл аажуу тайвуу юмсанж. Лимбэч Ч.Ваша энэ л эртний түүхт хотынх.

Ховд хотын төвд, гол замаас холгүйхэн, гурван давхар ягаан байшин буй нь Ховд их сургуулийн Дотуур байр юм. Лимбэч маань энэ байшинд захирлын албатай боловч түүнийг дарга гэхээсээ илүү, бүгд л Ваша багш хэмээн авгайлна.

Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил гэгддэг лимбэний битүү амьсгаагаар түүн шиг чадварлаг хөгжимддөг ахмад лимбэч өдгөө тун цөөн үлджээ. Судалтай хүрэм өмссөн, сүрлэг том биетэй Ваша багш нэг давхрын хойд жигүүрт байрлах гэрэл муутай, бүүдгэр өрөөнийхөө памбагар буйдан дээр суугаад гуулин хөгжмийхөө хөгийг тааруулж байлаа.  

Элэгдсэн төмөр сейф, эвхэгддэг хуучны диван, түшлэггүй модон сандалтай түүний өрөө бараг л өнгөрсөн зууныхаараа. Тэртээ он цагийн алсаас тэр чигт нь аваад ирчихсэн мэт нэг л өнө эртний, илбэ шидтэй, эмх замбараагүй өрөө. Цонхны тавцан дээрх баянхуур, ширээний өнцөг дэх Yamaha хөгжим, гартаа барьсан гуулин лимбэ ч тэр, энэ өрөөг бүү хэл, эзнийг нь хүртэл өнгөрсөнтэй холбох ер бусын түүхтэй ажээ.

1971 онд дунд сургуулиа дүүргэсэн арван зургаан настай хүү Улаанбаатарт Соёлын ажилтны ангид элсэн ороод нэг үндэсний хөгжим, нэг европ хөгжим сонгосон нь лимбэ, баянхуур, харин нийтээрээ сурсан хөгжим нь төгөлдөр хуур байв.

Сумын төвүүд ид сууринжиж асан далаад оны үед алслагдмал суурин бүр соёлын төвтэй байлаа. Гэхдээ “Улаан гэр”, “Улаан булан”, “Улаан клуб” гэсэн үзэл суртлын улаан өнгөт нэрнүүд он цагийн уртад ээлжлэн солигдсоор иржээ. Харин соёлын төв гэдэг нь сүүл үеийн нэршил юм. Ийнхүү гурван ч зэмсгийн эрдэмтэй соёл түгээгч маань хавартаа шуургатай, зундаа шумуултай Ховд аймгийн Зэрэг суманд томилогдсон цагаас хойш хөгжмийн эгшгээс ер хөндийрөөгүй ажээ. Яг л мөнөөх үргэлжилсэн урт аялгуу шигээ.

“Клубийн эрхлэгчээс эхлээд Ховдын театрын даргаар хүртэл ажиллаж явлаа. Одоогоор сургуульдаа хөгжмийн хичээл зааж байна. Хажуугаар нь сонирхлынхоо дагуу лимбэ, баянхуур, Yamaha суръя гэсэн хүүхдүүдэд багшилдаг даа” хэмээн өнөөх л гурван зэмсгээ дурдах, өдгөө жаран насыг шүргэж яваа Ваша багш гуулин лимбээ гартаа барьсаар л байв.

Арга ч үгүй юм! Лимбэ, тэр хоёрын нөхөрлөл түүнийг 18 настай байхад эхэлжээ. Ихэнхдээ хүрэмнийхээ дотор халаасанд, хааяадаа бичгийн цүнхэндээ шургуулчихдаг гуулин лимбэнийхээ үйлдвэрлэсэн он, урласан хүний нь хүртэл тэр санаж байв. “Дөчөөд жил өнгөрчээ. Одоо ч ийм гуулин лимбэ ховор болсон шүү. Дээхнэдээ Хөгжмийн үйлдвэр гэж байсан даа. Тэнд л үйлдвэрлэсэн эд” гэв.

Домог

Лимбийг гол төлөв хулс болон мод, хожим төмрөөр урладаг болжээ. Бас яс, чулуун лимбэ ч бий. Энэ баялаг уламжлалаа даган лимбэний үүсэл түүх ч олон янз салаалжээ. Ваша багш олон жилийн өмнө лимбэний багшаасаа сонссон хоёр ч домгийг надад ярьж өгөв. Эрт дээр үед олон хулс салхинд найгаж байж л дээ. Гэтэл цоорхой нүхтэй нэг хулс салхинд эгшилэнтэйеэ исгэрэн дуугарч байснаас үлгэрлэн лимбэ үүссэн гэдэг. Эхний домог нь ийм.

Харин нөгөө домог нь арай монголжуу. Бас л эрт цагт нэгэн хаан морио ташуурдах гэтэл хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй хачин сонин аялгуу гарснаас морь нь булгижээ. Уурссан хаан “Миний унаган морь юунаас болж намайг унагав? Учир шалтгаан байх л ёстой” хэмээн учры нь эртэл ташууранд нь нүх гарсан байв. Эмээлний бүүргэнд элэгдээд ийм нүхтэй болсон байж. Ийнхүү ташуур лимбэ болж хувирсныг бэлгэдэн ташуурны нүхийг хэвээр үлдээсэн хэмээх энэхүү домогтоо илүү итгэдгээ Ваша багш ярианыхаа төгсгөлд надад хэлсэн юм.

Үүнээс өөр домог ч бас бий. Хөдөө хээр элбэг ургадаг цооргоно хэмээх ургамлын хатсан голыг хүүхдүүд янз бүрээр огтлон нүх гаргаж үлээдэг байснаас лимбэ үүссэн гэдгийг сүүлд хаанаас ч юм уншиж билээ. Ер нь лимбэ хэмээх үг үүсэл гарлынхаа хувьд төвөд үг аж. Уг нь лимбийг монголчууд “хөндлөн бишгүүр” хэмээн нэрлэдэг байв. Юань улсын үеийн археологийн олдвор дээр лимбэ үлээж буй монгол хүний дүрс зураг байсан нь Хубилай хааны үед лимбээр хөгжимдөж байсны нотолгоо хэмээн түүхийн сурвалжуудад тэмдэглэжээ. Мөн Хүннүгийн үед ч хөндлөн бишгүүр байсан баримт бий.

Өв

“Хэдий лимбэ хөгжим өргөн тархсан зэмсэг боловч лимбэний битүү амьсгаа зөвхөн Монгол нутгаас л үүсэлтэй” хэмээн Ваша багш шийдэмгий хэлээд “Алив би чамд Дунд гол гэдэг торгууд ардын дууг лимбэдэж сонсгоё” гэв. Тэр битүү амьсгаагаар лимбэдлээ. Умгар өрөө уужим болох шиг уртаас урт аялгуу эгшиглэв.

Монгол лимбэчид эртнээс нааш уртын дууг тоглохдоо заавал битүү амьсгаагаар хөгжимддөг байжээ. Уртын дууны урт айзам амьсгааг даган лимбэний аялгуу ч тасралтгүй, үргэлжилсэн урт болсон хэрэг. Битүү амьсгааг энгийнээр тайлбарлавал, амаараа үлээж байхдаа хамраараа амьсгаагаа залгуулах замаар тасралтгүй үлээхийг хэлдэг байна. Тиймээс лимбэний битүү амьсгаа уртын дуутай гойд найрсан эгшиглэдэг.

Уртын дууны нэг түрлэг (бадаг) ойролцоогоор 4-5 минут үргэлжилдэг бөгөөд нэг уртын дуу голдуу 3-5, заримдаа түүнээс ч олон түрлэгтэй байх нь бий. Тэгэхээр нэг удаа хөгжимдөхөд дор хаяж 15-25 минут тасралтгүй битүү амьсгаагаар үлээдэг гэсэн үг.

Ваша багш торгууд дууны нэг бадаг лимбэдэж дуусаад “Амьсгалынхаа залгаас зүйдлийг аль болох мэдэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Японд ч, Солонгост ч, ер нь хаана ч ийм арга барилаар үлээхгүй шүү. Учир нь тэдэнд уртын дуу байхгүй юм чинь. Тэгэхээр энэ бол жинхэнэ монгол өнгөтэй аялгуу. Уртын дуу, морин хуур, лимбэ гурвын хослол үнэхээр янзтай хоршдог шүү. Тэр хэрээрээ лимбэчид уртын дууг сайн мэддэг байх учиртай. Торгууд дуу нэг өөр, захчин дуу нэг өөр, өөлд дуу нэг өөр. Бүгдий нь л мэдэх хэрэг гарна даа гэв.

Тэгснээ лимбэч маань тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэмээр сонирхолтой зүйл надад ярьсан юм. “Монгол дархчууд мөнгийг жигд галаар үлээхийн тулд огт тасалдахгүйгээр удаанаар үлээж сурчээ. Энэ арга барилыг лимбэчид хэрэглэсэн гэж ярьдаг юм билээ. Гэхдээ эсрэгээрээ ч гэх нь бий. Яг аль нь анхдагчийг хэлэхэд хэцүү” гэхэд нь “Та юу гэж боддог вэ?” хэмээн асуутал Ваша багш удаан бодсоноо “Би лимбэнийхийг л дархчууд ашигласан гэж боддог” хэмээн тээнэгэлзэнгүй хариулав. Хэрэв дархан хүнээс ингэж асуувал эсрэгээр нь хариулах байсан гэдэгт би лав эргэлзсэнгүй.

Бүртгэл

2011 оны сүүлчээр Индонези улсын Бали хотноо болсон ЮНЕСКО-ийн хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад лимбэний битүү амьсгааг бүртгэсний дараахан цахим хуудсуудаар энэ тухай мэдээлсэн даруухан мэдээ цацагдахад бараг л хэн ч анзаараагүй өнгөрчээ. Шуугиантай мэдээнийх нь дор гүйлгэж ч барамгүй урт сэтгэгдэл урсдаг нэгэн цахим хуудасны “Лимбэний битүү амьсгаа ЮНЕСКО-д бүртгэгджээ” гэсэн бахархам гарчигтай мэдээний дор тун цөөн сэтгэгдэл байсны нэг нь “Би ЮНЕСКО-д хоёр хамраараа зэрэг нус нийхээ бүртгүүлэх гэж байгаа” хэмээсэн байлаа.

Халаасандаа хэдэн зуун дуутай, тэдгээр нь чихэн дотор нь ээлжлэн хангинаж байдаг бидний үеийнхэнд бол үндэсний өв гэдэг уйтгартай сэдэв л дээ. Ийм өв байдгийг анзаараагүй өнгөрсөн нь гайхахаар ч зүйл биш юм. Магадгүй даяаршлаас хоцрохгүй байх гэдэг нь хамаг л эд хогшлоо яаруу сандруу ачаалаад эргэж ч харалгүй урагш нүүдэллэхийг хэлээд ч байгаа юм шиг. Уг нь тэрхүү нүүдэл дундах мартсан, гээсэн, хаягдсан бүхэн маань бидний өв юм шүү дээ. Гэхдээ тэр бүрийд эргэж буцаад байвал бид юунд ч хүрэхгүй байсан биз.

Эргээд харахад, бид гээсэн бүхнээ сэргээж буй ч юм шиг. Оньсого бүрийг гээлгүй бичсэн зузаан ном дэлгүүрийн тавиур дээр, оньсон тоглоомоос л бүрдэх аварга музей хотын гудамжнаа харагдана. Гэвч оньсого хэлэлцэж, оньс эвлүүлэх нь даанч ховор. Уртын дуучид, хөөмийчид, морин хуурчид дэлгэц булаацалдан зурагтаар гарахад бушуухан л сувгаа сольдог бидний зан “уйтгартай, хуучинсаг” гэх өнөөх шүүмжээс л эхлэлтэй. Үнэндээ үндэсний урлаг маань тайзан дээр л амь бөхтэй оршиж байгаа болохоос тэгтлээ улиг болтлоо дэлгэрээгүй юм шүү дээ.

Жирийн малчны гэрт дууч уртын дуу эгшиглүүлэхэд лимбэний үргэлжилсэн урт аялгуу араас нь түрдэг асан эртний уламжлал өдгөө мартагджээ. Бид зүгээр л ахуй амьдралаасаа гээчихсэн юм. Яг л оньс, оньсого шигээ.

Лимбэний битүү амьсгааг Юнескод бүртгүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Монголын лимбэчдийн холбооны тэргүүн Ц.Цэвэгсүрэн “Хамгийн гол нь тоглогчид нь цөөрсөн. Энэ уламжлалт арга маань устах аюулд ороод байна. Лимбэчид байдаг ч энэ аргаараа уртын дуугаа тоглоод мөн чанарыг нь гаргадаг лимбэчид багассан” хэмээн дурджээ. Уг нь СУИС-д Н.Жамбалжамц багш, Хөгжим бүжгийн коллежид Н.Нямжанцан багш лимбэний битүү амьсгааг залуу лимбэчдэд өвлүүлж буй ч уртын дууны лимбэчид улам л цөөрсөөр...

Ирээдүй

Ваша нэрт лимбэч Л.Цэрэндорж (1908-1989)-ийн шавь юм. Лимбэчдийн хувьд Бямбын Ринчен гуай гэдэг шиг л домог цуутай хүн дээ. 20, 30-аад оны үед Ленинград, Москва хотноо монгол ардын дуунуудыг пянзанд бичүүлсэн нь эдүгээ ховор нандин зүйлд тооцогддог.

Өдгөө Ваша багш өөрөө лимбэний багш болжээ. Өрөөнд, гадаа, ер нь тааралдсан газраа л хичээллэчихдэг түүний сургалтад цагийн хуваарь гэж үгүй. Заримдаа өнжөөд нэг, эсвэл долоо хоногт нэг удаа уулзах нь ч бий. “Лимбийг эхлээд сурахад уруул чилнэ, гар чилнэ, хэл чилнэ. Халширмаар үе ч олон шүү. Энэ бүгдийг бэрхшээл гэж бодохгүй л байвал сайн лимбэчин болно” гэв.

Гэхдээ лимбэ дуугаргаж сурмагцаа шууд битүү амьсгаагаар үлээдэггүй. “Нэлээд гаршиж байж л сурдаг. Битүү амьсгаа гэдэг лимбэчдийн хувьд бараг л хар бүс юм даа” гээд Ваша багш инээв. Аягатай ус руу соруулаар үлээх зэрэг энгийн дасгалуудыг ашиглан эхлэн суралцагчид амьсгаагаа тасралтгүй гаргаж буйг мэдэх боломжтой гэнэ.

Биднийг ярилцаж байх зуур Ховд их сургуульд суралцдаг түүний шавь өрөөнд орж ирлээ. Хорь шүргэж яваа л залуу. “Хөөмийндөө муугүй. Хажуугаар нь лимбэ сурах сонирхолтой. Гэхдээ битүү амьсгаагаар үлээж сурах арай л болоогүй байна” хэмээн Ваша багш мөнөөх шавиа танилцуулаад, “Эрдмийг хэзээ ч өмчилж болохгүй. Багш нар маань ингэж л захидаг байсан. Би л ганцаараа чаддаг байх ёстой хэмээн муйхраар сэтгэн бусдад эрдмээ түгээхгүй байвал тэр яавч лимбэчин биш. Зүгээр л гуулин саваатай хүн!” гэв.

“Казах оюутнуудын онигоо ер дуусахгүй шүү. Утасны дугаар чинь хэд билээ гэж нэг оюутнаас асуув аа! Тэгсэн “Ерэн ес техник” гэдэг юм байна. Юу билээ гэж лавлатал “техник, техник” гээд л байна. Тэгсэн тэр нь тэг нэг гэсэн тоо байж” гээд учиргүй хөхрөх Ваша багш ер нь л хөгжилтэй хүн. Бидний уулзсан хугацааны бараг тэн хагасыг домог хууч, шог яриа, үүх түүх эзэлсэн бол үлдсэн хагасыг лимбэдэж, баянхуурдаж өнгөрөөв.

Нэг л гонсгор, дотор давчидсан үедээ лимбээ гаргаад хөгжимдөхөд сэтгэл сэргээд л явчихдаг гэдгээ Ваша багш нуусангүй. Тиймээс тэрээр өглөө бүр дотуур байрныхаа үүдэнд лимбэддэг нь бараг л хэвшил болжээ. Тэрээр дотуур байрныхаа үүдэнд гараад ардын дууны нэгэн аялгуу лимбэдэж билээ. Гадаа холхих хүнгүй, нам гүм байлаа.

Эсгий гэрт л дуулж асан уртын дууны эрт балрын аялгуу өглөөний цэнгэг агаарт дуурьсан эгшиглэх нь эгээ л өнгөрснөөс ирсэн хөгжим ч юм шиг. Магадгүй тэр энэ л аялгуунуудтайгаа хамт өнгөрснөөс ирээдүй рүү ирсэн байх. 

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

1 сэтгэгдэлтэй

  1. Зүгээр монгол үгнүүдийг бөөгнүүлээд кириллээр хэдэн өгүүлбэр хэлхэх нэг хэрэг. Монгол хэлний уянга мэдрэгдтэл бичих гэдэг өөр аж. Энэ блогоос уянга мэдрээд байна.❤️

    ReplyDelete