Нүүрс иддэг хот

December 23, 2015


Налайхын уурхайн тухай өгүүлэх уг нийтлэл National Geographic Монгол сэтгүүлийн 2014 оны дөрөвдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн. Өвөл дуусаагүй, хавар эхлээгүй, яг тийм хахир хүйтэн цагаар Налайхын хөндийд мөн ч олон удаа очиж билээ. Уурхайчин ах нартайгаа ахиад нэг уулзах юм сан. 


Байшин барилга нь балгас болсон Налайхын хаагдсан уурхай тийш явах унаа хүлээн зам дагуух автобусны буудал дээр гурван эр элдвийг ярилцан зогсоно. Гуч орчим насны хоёр залуу нь өглөөний эхний автобусаар хотоос ирсэн бол насаар арай ахимаг, өндөр эр нь эндхийн уугуул. Уурхайн орчим гар аргаар нүүрс олборлодог эдгээр эрчүүд хотоос нүүрс ачихаар ирсэн ачааны машин, аль эсвэл “эзний” унаанд дайгдан өглөө бүр уурхай ордог. Харин энэ өдөр эзэн ирэхээр болжээ. 

Цагаан өнгийн ачааны машины урд дөрөвлөн сууцгаасан уурхайчид Налайхын их уурхайг чиглэх бетонон хавтан бүхий хуучин замаар хурдаллаа. Жолоо мушгих зуураа “Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл уурхай ажиллахаар болжээ” гэх 52 настай эрийг Энхбат гэдэг. Дөлгөөн харцтай, үг дуу цөөтэй нэгэн. Хорин настайгаасаа Налайхын уурхайд ажиллаж байсан энэ эр эдүгээ бол уурхайчдын ярьж заншсанаар “амны эзэн” болжээ. Түүний дор 5-6 залуу ажиллах бөгөөд тэдний нүүрс олборлодог 100 гаруй метр урт цооног их уурхайн балгас болсон хуучин барилгаас холгүйхэн байрладаг. Модон тавцан бүхий цооногийн амыг тойроод жижиг гэр, модон амбаар болон цэгцтэй өрсөн хураалттай мод байхаас гадна бухал өвс мэт овоолсон нүүрсний шигшсэн хог хаяалсан нь эдний эзэмшлийн талбайг илтгэнэ. 

“Амралтын байр” гэгддэг ганц модон наар, ширээ, зуухнаас өөр хогшилгүй өнөөх давчуу амбаарт ажлын хувцсаа сольцгоосон уурхайчид урт мяндсан уяагаар бэхэлгээний бүдүүн шургааг оосорлон уурхайн ам руу ээлж дараалан орох нь тэр. “Өнөөдөр таван залуу надтай цуг ажиллана” гэж хэлээд эзэн бүртгэлийн дэвтэр дээрх гарын үсэгтэй нэрсийн жагсаалтыг нягтлав. Тог цахилгаан, багаж, тоног төхөөрөмж гээд эзэн өдөр тутмын бүх зардлыг хариуцдаг ажээ. Гэхдээ Налайхад амны эзэн бүр адилгүй. Өглөө оройдоо үүрэг өгөөд орхичихдог эзэн гэж байхад өөрөө цооног руу орж уурхайчидтай хамт нүүрс малтдаг нэгэн ч бий. Харин Энхбат бол хоёрдахь нь.

Жавар тачигнасан өвлийн хүйтэн саруудад Налайхын амьгүй мэт хөхрөх уудам хөндийд энэ мэт 200 орчим амнаас мянга гаруй уурхайчин нүүрс олборлодог бөгөөд 9-р сарын дунд үеэс 3-р сарын сүүл хүртэл ажиллах тэдний хувьд нүүрс бол гэр бүлийн орлогынх нь хамгийн чухал эх үүсвэр юм.

АНХ ХЯТАД ИРГЭД НҮҮРС олборлож байсан Налайхын уурхайг Ардын Засгийн Газар 1922 онд мэдэлдээ авснаас хойш энэ уурхай нийслэл хотын нүүрсний хэрэгцээг нэгэн зууны турш хангасаар өнөөг хүрчээ. Монголын анхны гүний уурхай болох Налайхын Их Уурхай руу анхны засмал зам, анхны төмөр зам тавигдаж, 1950-иад онд мянга гаруй хүн ажиллах уурхайн асар том цогцолборыг босгожээ. Мөн орон сууцны хороолол бүхий жижиг хот хүртэл баригдсан юм.

“Модон хайрцагнаас өөр хогшилгүй энд ирэхэд Налайхын уурхайгаас байр өгч байлаа. Цалин гэж их сургуулийн багшаас ч өндөр. Мөн улсын хөгжилд чухал ажил хийж байна гээд цэргийн албанаас хүртэл чөлөөлж байлаа. Харамсалтай нь 1990 онд томоохон осол гарснаас хойш уурхай маань өөдлөөгүй дээ” хэмээн Энхбат гуай уурхайчид орж гардаг байсан ёроол нь үл харагдах эгц босоо амны дэргэд зогсон хуучнаа дурсана. Хэдэн жилийн дараа, зардлаа нөхөж чадахаа больсон Налайхын уурхай үүдээ барьжээ. Төрөөс өгдөг татаас зогссон төдийгүй хөрсний усаа дийлэхээ больсон тул илүү гүнд орж нүүрс олборлох боломжгүй болсон гэнэ. Ингээд уурхайчдыг ажилгүй болгохгүйн тулд уурхайн ойр орчмыг лиценз болгон хувааж өгснөөр анхны гар аргаар нүүрс олборлогчдын түүх эхэлсэн ажээ. Гэвч тэдэнд ердөө хүрз, жоотуу, шуудай гурав л байлаа.

“Уурхай хаагдсаны дараа бусдын нүүрсний цооногт ажиллаж байхад 50-иад метр ухаж байж нүүрсэндээ хүрдэг нарийн цооногоос шуудайлсан нүүрсээ мөрлөн ачааны машинд ачна. Ингэхдээ дөрвөн залуу тус бүртээ 20 шуудайг гаргаж байж нэг машин дүүрдэг байлаа” хэмээн Энхбат гуай тэр үеэ хуучлав. Нүүрсээр дүүргэсэн төмөр тэвшээ трактортой ган троссоор холбон чирж гаргадаг болсон нь сүүлд бий болжээ.

Тэр цагаас хойш энд их зүйл өөрчлөгдсөн байна. Зүүн жигүүр нь нурсан, Налайхын Их Уурхай гэсэн хаяг бүхий захиргааны ягаан байшин хуучин уурхайн эрч хүчтэй хэмнэлийг дурсан санаа алдах мэт дүнсийж, нэгэн цагт уурхайчид ирж буцдаг байсан өртөөний бүтэн үлдсэн шавар байшин “хэзээ ч ирэхгүй” дараагийн галт тэргийг хүлээнэ. Урьд нүүрс ачсан галт тэрэг эндээс нийслэл хот руу хөдөлдөг байсан бол өдгөө жижиг оврын ачааны машинууд эвдэрч муудсан шороон замаар тоос манаруулан сүлжилдэнэ.

ӨГЛӨӨ ЭРТЛЭН НҮҮРС ачихаар ирсэн өтгөн бавгар сахалтай жолооч эр үд дунд гэхэд ээлж нь ирсэн бололтой уурхайн аманд ачааны машинаа зэрэгцүүлэн зогсоолоо. Үргэлжид ноосон малгай өмсөх 53 настай Ганболд “Машинууд ирсэн дарааллаараа нүүрс ачдаг. Жаахан л хожимдвол орой хүртэл хүлээх хэрэг гарна. Гэхдээ дараалал ихтэй гээд өөр аман дээр очихгүй. Уурхайн гүнд ажиллаж буй эрчүүдээ хүндлэн орой болтол хүлээдэг дээ” гэсэн юм.

Гэнэт шонд өлгөсөн төмөр хонх цангинан дуугарлаа. Уурхайн гүнээс дохио өгч байгаа нь энэ. Уурхайчдын хамгийн ахмад нь болох Хуягаа гуай гартаа барьсан богино модоор товчлуур дарахад нүсэр араа бүхий хүрд эргэн ган олсоор асар хүнд нэгэн зүйлийг уурхайн мухраас дуу чимээ хадаан татаж эхэллээ. Тэр нь хаягдал төмрийг зүйж гагнасан өвдгөөр татах өндөртэй, усанд ордог онгоц хэлбэрийн ковш юм. Харин татлагыг уурхайчид лебёдка гэж оросоор нэрлэх бөгөөд тиймдээ ч өвгөнийг лебёдокчин гэнэ. Энэ мэт эндхийн хүн бүр өөр өөрийн тогтсон үүрэгтэй. Үүнийг мэдэх жолооч эр хүрзээ барин нүүрс ачилцахад бэлдэв. Ковшны доод хэсэгт зориуд гаргасан нүхээр бахим лоом лав шургуулж, гурван эр хамжин хөмрөхөд уур савсах гялтганасан хар нүүрс модон тавцан дээр асгарлаа. Ийнхүү дөрвөн ковш нүүрс нэг машины тэвшийг дүүргэх бөгөөд нэг амаас өвлийн ид хүйтэнд 4-5 машин нүүрс гаргадаг гэнэ.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХЫН хороолол болох Бэлхийн аманд гэр бүлээрээ нүүрс шуудайлан зардаг Ганболд гуай гэрийнхээ ойр түрээсэлдэг дэлгүүрийн доод давхрын гараажинд авчирсан нүүрсээ оройдоо шуудайлаад хураачихдаг аж. Өглөөнөөс оройн 23 цаг хүртэл өвлийн ид хүйтэнд нүүрс, түлээний мод зарах Ганболд гуайн эхнэр “Нүүрс хар өнгөтэй мэт боловч олон янз. Илчлэг муутай нүүрсийг энэ хавийнхан андахгүй” гэлээ. Тиймээс энэ гэр бүл сүүлийн 3 жил Энхбатын амнаас нүүрс авч байгаа аж.

Том болсон хоёр хүү, хоёр охинтой эднийх арав гаруй жил нүүрс жижиглэн зарж байгаа бөгөөд хавар болж Налайхын уурхай хаагдмагц өөр ажил хийдэг ч гэр бүлийн гол орлого нь мөн л нүүрс. Бүрий болж жиндүү хүйтэн салхи хацар хайрч эхлэхэд усны тэрэг түрсэн туранхай эр “Налайхынх биз” гээд нэг шуудай нүүрс аваад явлаа. Гудамж уруудвал Налайхаас нүүрс зөөдөг дөрвөн ч ийм нүүрсний цэгтэй таарах агаад энэ жилээс нэг цэг нэмэгдэн Багануурын хямд үнэтэй нүүрс зарж байгаа аж. Тэдний нэг нь “Барихад хөө, түлэхэд тортог ихтэй ч Багануурын нүүрс хямд үнэтэй. Гэхдээ манай эндхийнхэн илчлэг ихтэй учраас Налайхын нүүрсийг хольж түлдэг” гэсэн юм.

Би Ганболд гуайтай хэд хэдэн удаа хотоос нүүрс ачилцахаар машинд нь суун уурхай дээр ирсэн юм. Ирэх тусам л түүнтэй болон уурхайчидтай улам дотносож байлаа. Цасан шуурга тавьсан жиндүү хүйтэн өдөр хувин нүүрсээр пин хийтэл халсан амралтын жижиг байшиндаа уурхайчид цуглацгааж, өнгөрсөн долоо хоногийн өр авлагаа ярилцан инээлдэх зуур нэг нь цонхоор ширтэн “Уурхай хаагдтал улам хүйтрээсэй” гэнэ.

Гадаа хэчнээн хүйтэн байсан ч тэд хамгаалалтын малгай, дан ноосон цамцтайгаа цооног руу орохыг олон удаа харсан би хэд хоногийн дараа уурхайчдыг даган цооног руу ороход газар доор чийгтэй дулаахан байдгийг олж мэдэж билээ. Цооногийн мухарт ирээд газрын баримжаа авах санаатай хаана байгаагаа сонирхон асуувал “Хариулахад хэцүү. Энд хүрэхийн тулд хоёр удаа баруун эргэсэн гэж тооцвол бид амралтын модон байшингийн баруунтаа байх хогтой жалганы дор байж болох юм” гэж Энхбат гуай тайлбарлав. Модны үндэс мэт ийш тийш салаалсан цооногоо тэрээр “Сүүлийн гурван жил тасралтгүй нүүрс гаргаж байгаа ам даа” хэмээн сүжиглэх аятай магтана. Удалгүй дээш дохио өгмөгц ган олс чангарч, дүүрэн нүүрстэй ковш дээш татагдлаа.

Уурхайн гүнд нэг нь жоотуу барин нүүрс малтана, нөгөө нь чирнэ, тэгээд шигшинэ, тэвшинд ачна. Харин дараа нь авчирсан нүүрсээ шуудайлна. Өглөө нь уурхайн мухарт байсан хувин нүүрс орой гэхэд нийслэл хотын аль нэг айлын пийшинд дүрэлзэн асна. Цооногт нүүрс олборлох нь нэг нэгэндээ бүхнээ даатган найдах үйлдвэрийн асар том дамжлага мэт санагддаг байлаа.

Нэгэн орой Энхбат гуайн гэрт суун хөөрөлдөх зуур тэрээр “Одоо хэдэн жил ажиллаад болино доо. Манайх хэдэн малтай. Зундаа тэднийгээ маллана. Мөн эхнэрийн дэлгүүрийн барааг зөөгөөд болох байлгүй” гэж билээ. Уурхай хаагдвал барааны үнэ буурдаг гэж сонссон тул Налайхын ирээдүйн талаар сонирхвол тэрээр хэсэг бодолхийлснээ “Уурхайг хааж болно. Төр шийдэмгий байж хаах ч хэрэгтэй. Гэхдээ энд ажиллаж буй олон зуун залууг хайхрахгүй орхиж огт болохгүй” гэсэн юм.

“1990-ээд оны хүнд хэцүү үед төр засагт нэрмээс бололгүй, нийслэл хотын гал голомтыг залгуулсаар ирсэн Налайхын уурхайчдын ач буянаар нийслэл Улаанбаатарыг тойрсон хэдэн уулын маань ой түлээний мод бололгүй хэвээр үлдэж дээ гэж би хааяа боддог. Тэгэхээр Налайхын уурхайчид бид гавьяатай улс байгаа биз” хэмээгээд тэрээр унтахын өмнө ганц хундага татлаа. Өглөө бид эртлэн уурхай орох ёстой. Налайхад би автобусаар, ачааны машинаар гээд олон ирсэн. Ирэх тусам л “Уурхайчид ямар ч муу зүйл болсон уурхайн гүнд нэгнийгээ орхиод явахгүй шүү. Уурхай бол жинхэнэ эрчүүдийн ажил” гэсэн түүний үгийг улам илүү ойлгож билээ.

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

1 сэтгэгдэлтэй

  1. уншууртай нийтлэл байна баярлалаа

    ReplyDelete