Бодит ертөнцийг дурандахуй
December 24, 2015
Германы
гэрэл зурагчин Свэн Зэллнэртэй 2013 оны арванхоёрдугаар сарын нэгэн жиндүү өдөр сэтгүүлийнхээ орчуулгын редактор Э.Өнөржаргалын хамт ярилцсанаа хүргэж байна. Энэ ярилцлага тухайн
үедээ National Geographic
Монгол сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдэж байсан боловч сэтгүүл түр
хугацаанд гарахаа больсон тул өдгөө хаанаас ч унших боломжгүй болжээ.
Свэн Зэллнэр Мюнхенийх бөгөөд кино зураглаач мэргэжилтэй. Тэр өдөр түүний “Price of Gold” баримтат кино Мөрөөдөгчдийн
өдрөөр Улаан гэр галерейд гарсан юм. Гадаа хүйтэн, дотор бүгчим байсан
санагдана. Киноныхоо зураглаач, найруулагчийн албыг давхар хашчихдаг тэрээр гар
аргаар алт олборлогч нинжа нарын дунд багагүй хугацааг өнгөрөөсний дүнд эл бүтээлийнхээ
зургийг авсан хэмээн үзэгчдэд сонирхуулж байлаа.
Түүнтэй
үзвэрийн дараа нэгэн кофе мухлагт ярилцсан юм. Гэхдээ мөнөөх киноных нь талаар
биш, голдуу баримтат гэрэл зургийн тухай хөндөв. Хоёр жилийн дараа эргэн уншихад уншууртай, урам өгөхүйц, бас гэрэл зурагчдад нэгийг бодуулах муугүй ярилцлага
болсон санагдлаа.
Баримтат
гэрэл зурагчин болох нь миний багын мөрөөдөл байсан хэмээн та хэлж байсан. Яриагаа
таны гэрэл зурагт татагдсан бага насны дурсамжаас эхэлье гэж бодлоо.
Би бага
байхын л National Geographic, Geo сэтгүүлийг захиалан уншдаг байв. Гэхдээ бичвэрий
нь эхлээд уншихгүй, гэрэл зургууды нь түрүүлж хараад тайлбарууд нь таалагдвал тэр
нийтлэлийг дэлгэрүүлэн уншдаг байлаа. Тийм учраас сэтгүүл дээрх гэрэл зургууд
намайг гэрэл зурагчин болох мөрөөдөлд хөтөлсөн гэж хэлж болно. Харин томрох тусмаа
кинонд шимтэх болсон. Гэсэн ч гэрэл зургаа бүрмөсөн орхиогүй.
Анхны
камераа Та одоо ч мартдаггүй байх?
Миний анхны
камер Minolta Х300 байсан. Их хуучны эд л дээ. Тэр үед би 20-той л байсан байх.
Эхэндээ байгалийн гэрэл зураг шохоорхдог байсан ч хожим баримтат гэрэл зурагт
илүү татагдах болсон. Гэхдээ гэрэл зургаар мөнгө олно гэдэг маш хэцүү гэдгийг
ойлгосон. Магадгүй 10, 20 жил тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болох ч
тэр хүртэл маш хол зам туулах учраас би кино зураглаачийн мэргэжлээр их
сургуульд суралцсан юм. Баримтат гэрэл зургаар амь зуугаад явах боломжгүй бол харин
кино зураглаачаар болно гэж бодсон хэрэг л дээ.
Гэсэн ч
миний сонирхол баримтат гэрэл зураг, баримтат кино руу ав адилхан тэмүүлсээр л
байв. Харамсалтай нь би киноны зураг авч эхлэхдээ гэрэл зургаа түр хойш
тавьсан. Тэр үед гэрэл зургийн камерууд дижитал эринд шилжсэн төдийгүй үнийн
хувьд ч өндөр байлаа. Надад дижитал камер авах мөнгө байгаагүй тул анхныхаа
киног хальсны камераар хийсэн. Тэгсэн одоо дөрвөн ч дижитал камертай болжээ.
Сайн
камертай болоход багагүй хугацаа зарцуулна биз?
Монголд анх
ирэхийнхээ өмнө Leica камертай болохыг мөрөөддөг байв. 2007 онд л доо. Гэсэн ч
дэндүү өндөр үнэтэй байсан тул худалдаж авч чадаагүй. Ингээд өөрийгөө кино
зураглаач хэмээн танилцуулаад компаниудаас камер “зээлдэх” гэсэн боловч “Ийм
зураглаач байдаг гэж мэдэх ч үгүй юм байна” гээд халгаасангүй. Никонд хандсан ч
мөн л бүтсэнгүй.
Хожим хэд
хэдэн шагнал хүртээд, зургуудаа ном болгож хэвлүүлсний дараа Германы Zeiss брэнд
зарим зургийг минь сурталчилгаандаа ашиглах болзолтойгоор камер өгснөөр Монголд
дахин ирж нинжа нарын тухай “Price Of Gold” баримтат киногоо хийх боломжтой
болсон. Zeiss бол Leica зэрэг том брэндийг гүйцэхгүй ч Германдаа бол киноны
тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компани юм. Хүмүүс ихэвчлэн Leica авч
чадахгүй үедээ энэ брэндийг сонгодог. Учир нь Leica 5000 евро (11 сая. Ред.)
байхад Zeiss 800 евро байх жишээтэй. Одоо ч тэгж явдаг үе ард хоцорчээ. Би өөрийн
гэсэн сайн камер, тоноглолтой болсон шүү.
Та
бол зуны улиралд зуурдхан ирээд буцдаг жуулчидтай адил хүн биш. Монголд цөөнгүй
удаа ирсний дараа “Price Of Gold” киногоо хийж эхэлсэн. Кино хийх санаагаа яг хэзээ
олов?
Би ихэнхдээ
гэрэл зургийн төслүүдээсээ баримтат киноныхоо сэдвийг олдог. Гэрэл зураг авах
хугацаандаа баримтат кино хийх судалгаагаа давхар хийчихдэг тул дараа нь зургуудаасаа
киноныхоо санааг гаргаж авахад дөхөм байдаг юм. Хэдий хийж эхлээгүй ч гэсэн яг
одоо миний толгойд дэндүү олон санаа байна. Хэзээ нэгэн цагт санаанууд маань
кино болно гэдэгт эргэлздэггүй. Гэхдээ сайн баримтат кино хийхийн тулд санхүүжилт
олоод зогсохгүй дараа нь киноныхоо орлогоор “амьдрах” хэрэгтэй. Тиймээс хийх
гэж буй киноныхоо утгыг илэрхийлэх сайн гэрэл зургууд өмнө нь авчихсан байвал
хүмүүст киноныхоо санааг ойлгуулахад амар байдаг. Нөгөө талаас гэрэл зураг нь
чанартай байвал хөрөнгө оруулагчид сайн кино болно гэдэгт итгэдэг давуу талтай.
Миний
ажигласнаар ихэнх кино зураглаачид гэртээ сууж байснаа нэг санаа олоод “тийшээ
явж кино хийе” гээд шууд тухайн газраа очоод төслөө эхэлчихдэг. Гэвч явцын дунд
янз бүрийн асуудал гарч, бүтэлгүй болох нь бий. Тиймээс би эхлээд гэрэл зургийн
аяллаа өөрөө санхүүжүүлж, хожим гэрэл зургууд маань олон улсын шагнал хүртэх
үед кино хийх тэтгэлэг болон хөрөнгө оруулалт олох боломжтой болдог.
Монголд
анх ирсэн нь кино биш, гэрэл зурагтай холбоотой байжээ. Гэв гэнэтхэн л энд
ирэхээр шийдээгүй байх. Монголыг “яаж” олов?
Их
сургуульд элссэн эхний жил Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” киног үзсэн нь надад
маш их сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь би Мюнхенд цуг сурдаг монгол найруулагчийн
кинонд туслах зураглаачаар ажилласан юм. Түүнтэй ажиллаж байхад олон монгол хүнтэй
уулзаж Монгол орон, монголчуудын тухай багагүй зүйлийг мэдэж авсан. Гэхдээ
өөрийн биеэр Монгод ирж, өөрийн нүдээр энэ орныг харуулахыг хүссэн. Ингээд
ажлаа дуусгаад Монголын говиор 3 долоо хоног аялсан даа. Түүнээс хойш хэд хэдэн
удаа ирсэн бөгөөд ирэх тусам энэ оронд улам татагдаж буйгаа мэдрэх болсон.
Монголд
дахин дахин ирэхэд чухам юу нөлөөлөв?
Хамгийн
түрүүнд хүмүүс нь гэж хэлмээр байна. Тэр дундаа хөдөөгийн нүүдэлчин ард үнэхээр
гайхамшигтай. Тэд бол миний уулзсан хамгийн зочломтгой, найрсаг улс. Тэдний
гэрт хэд хоносон ч огт дургүйцдэггүй төдийгүй бүр маш сайхан ханддаг. Мөн
Монгол орны байгалийн өнгө төрх дэндүү үзэсгэлэнтэй. Энэ өргөн уудам тал
нутаггүйгээр Монголын нүүдэлчин ард түмнийг төсөөлж болохгүй мэт санагддаг шүү.
Энэ бүхэн л намайг татсан байх.
Та эхлээд байгалийн гэрэл зураг сонирхдог байсан. Таны
Монголд авсан гэрэл зургуудыг харахаар байгалийн гэрэл зураг бага харагддаг.
Ингэхэд таныг юу хөглөдөг вэ?
Хүмүүс. Магадгүй
хэзээ нэгэн цагт буцаад байгалийн гэрэл зураг, кино хийхийг үгүйсгэхгүй л дээ.
Амьд байгаль, амьтдын амьдрал маш сонирхолтой шүү дээ. Гэхдээ одоохондоо
тэдгээр зүйлс миний сэтгэлийг хөдөлгөхгүй байгаа. Харин хүмүүс болоод тэдний
амьдрал надад онцгой санагддаг. Хүмүүстэй танилцаад, тэдний амьдралын утга
учрыг ойлгоод ирэхээр заримдаа маш хэцүү байдаг ч эргээд би тэднээс амьдралын
утга учир, мөн чанарыг ухаарах шиг болдог.
Алтны
нинжа нарын амьдралын нарийн зүйлсийг ойлгож, тэдний даван туулах саад бэрхшээлийг
хамт туулахгүйгээр тэдний тухай сайн баримтат кино хийнэ гэж байхгүй. Би тэдний
тухай баримтат кино хийх гэж байж тэднээс хол зогсоод, юу хийж байгааг нь
алсаас ажиглах нь утгагүй хэрэг. Харин би тэдний дунд орж, идэж буй хоолыг нь
идэж, унтаж буй газар нь унтаж, өдөр тутмынх нь амьдралын жижиг гэлтгүй бүх
зүйлийг хамт туулсан учраас л тэд илүү нээлттэй болсон.
Гэвч камер барьсан хүн бүртэй хүмүүс сайхан харьцаад
байдаггүй шүү дээ. Нууцынх нь гүнд ойртох тусам тэд улам хүйтэн хөндий харьцах
нь бий. Энэ тохиолдолд яадаг вэ?
Хэрэв хэн
нэг гадны хүн тэдэн дээр очоод зургийг нь авъя гэвэл ямар ч хүн дургүйцэх нь
ойлгомжтой. Тиймээс тэдний дунд ороод, өөрийгөө онц гойд нэгэн гэж үзэлгүй,
тэдэнтэй яг л адил эр хүн гэсэн хүндэтгэл үзүүлэхэд тэд эргээд тэр хүндэтгэлийг
үзүүлж, намайг найзаа мэт хүлээн авдаг. Энэ ямар ч газар, ямар ч нөхцөлд үнэн
байсан. Би Румынд олон удаа очихдоо, ДОХ зэрэг хүнд өвчин туссан хүмүүстэй уулзаж
байсан. Тэгэхэд бусад хүмүүс тэднээс эмээж, ярихаас татгалзаж байхад хэн нэгэн
очоод тэдний хажууд суугаад санал бодлыг нь асууж, дотнын хүн шигээ хүндлэхэд
тэдний амьдралд гэрэл гэгээ гийх шиг л болдог.
Дөнгөж
хоёр өдрийн өмнө би гудамжинд амьдардаг хүмүүсийг харсан. Би монгол
найзуудаасаа тэдгээр хүмүүстэй уулзаж болох уу гэж асуухад дэмий гэж хариулсан боловч
би зориг гарган тэдгээр хүмүүсээс амьдардаг газар нь очиж болох уу гэж асуухад
зөвшөөрөөд намайг газар доорх оромжиндоо урьсан. Тэд хэдий ядуу амьдарч байгаа
ч хүн л учир намайг эелдэг харьцахад гэртээ уриалгахан хүлээж авсан.
Хөдөө ч
мөн ялгаагүй, бүгд намайг гэртээ урьж, хоол цайгаар дайлдаг. Алтны нинжа нартай
уулзаад тэдний алт ухдаг нүх рүү нь хамт ороход намайг хүндэлж байсан. Учир нь
жирийн нэг хүн хэзээ ч тэдэнтэй хамт орохгүйг тэд мэдэж байсан учраас тэр.
Баримтат
кинонд татагдах болсны цаад нууц магадгүй энэ байх?
Тийм ээ. Баримтат
зураг гэдэг бол илүү бодит ертөнц юм. Мэдээж сайн дүрс буулгаж байж сайн кино
бий болдог бол муу дүрс буулгаад түүнийгээ хэчнээн янзалсан ч муу кино л
болдог. Харин баримтат киноны хувьд зураг авалт муу болсон ч зураглаач хүн
киноноосоо маш их мэдлэг туршлага хуримтлуулж, урам зориг авдаг сайн талтай. Учир
нь бодит хүмүүстэй, бодит нөхцөл байдалд, бодит зүйлтэй ажилладаг учраас тэр
байх.
Баримтат гэрэл зураг болон баримтат кино хоёрын ялгаа
юундаа байдаг вэ?
Гэрэл
зургийн хэцүү нь агшин юм. Тухайн агшинг оллоо гэж бодоход яг тэр агшинг
өгүүлэх дор хаяж 4-5 сайн зураг авах хэрэгтэй. Тухайн агшин маш хурдан өрнөж
болно, эсвэл хэд хоног үргэлжилж ч болно.
Харин
кино зураг авахад тухайн сэдвээ хэдэн хоногоор, эсвэл сараар дагадаг болохоор
дараа нь эвлүүлэг хийгээд агшнуудыг нэгтгэж болдог нь илүү өгүүлэмжтэй болдог.
Заримдаа өгүүлэх зүйл ч олдохгүй үе байна л даа. Жишээлбэл, Price of Gold
киноны зураг авалтыг хийж байхад киноны гол дүрүүд сүүлдээ ажлаа үргэлжлүүлэх
эсэхдээ эргэлзэж байсан. Тэр үед надад хангалттай бичлэг байгаагүйээс киногоо
дуусгаж чадахгүй нь гэж айж байлаа. Харин гэрэл зурагчны хувьд хэдэн чанартай
гэрэл зураг авч чадвал амжилтанд хүрдэг бол баримтат киноны хувьд тэтгэлэг
эсвэл хөрөнгөө авахдаа 60 минут, эсвэл 90 минутын кино хийнэ гэж төлөвлөсөн
байдаг тул цагаа дүүргэх хангалттай бичлэг хийх хэрэгтэй болдог.
Магадгүй
кино хийнэ гэдэг нэг бодлын National Geographic сэтгүүлийн гэрэл зурагчид шиг сэтгүүлийн
нүүрийг дүүргэх гэрэл зураг авахтай адил ч юм шиг. Энэ утгаараараа National
Geographic сэтгүүлийн нийтлэлийн гэрэл зургууд кино хийхтэй адил байж магадгүй.
Дуугүй, янз бүрийн эффектгүй цаасан дээрх хэвлэсэн “кино” л гэсэн үг.
Агшнуудыг нэгтгэдгээрээ баримтат кино илүү өгүүлэмжтэй
болдог гэж та хэллээ. Эвлүүлэг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?
Энгийн
үед би зураг авч буй хугацаандаа эвлүүлэг хийдэггүй. Тэгж болох ч би ганцаараа
хийж чадахгүй учраас зураг авч дуусаад мэргэжлийн багтай хамт эвлүүлгийг
хийдэг. Гэхдээ Price of Gold киноны зургийг авч дуусаад хэсэг хугацаанд киноны
ажлыг хойш тавьсан. Сэдвээсээ бага зэрэг холдож, тархиа амраах хооронд эвлүүлэг
хийх баг болон орчуулга хийх хүмүүсээ бүрдүүлсэн. Зураг авалтын дараа завсарлах
нь маш чухал. Би 6 сар хүлээсний эцэст киноныхоо эвлүүлгийг хийж байсан.
Хэсэг хугацаанд толгойгоо сэргээж байгаад эвлүүлэг хийхэд маш хурдан бөгөөд үр дүнтэй байдаг. 3 долоо хоног эвлүүлэг хийгээд дараа нь хоёр долоо хоног бага зэрэг засваруудыг л оруулсан. Ихэнх эвлүүлгийн хугацааг дуу чимээ оруулахад зарцуулсан. Хөдөө мотор ажиллаж байсан тул заримдаа хүмүүсийн алхаж буй чимээ, ямар нэгэн зүйл авах, тавих зэрэг ахуйн шуугиан далдлагдсан байсан. Тиймээс тэдгээр дуу чимээ болон хүний алхаж буй дуу чимээг нэмж өгсөн.
Кино зураг авч байхад заримдаа яг тэдэн шиг “нинжа” болох
үе байна биз? Хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?
Алтны
нинжа нартай ажиллаж байхад цооног руу орох, тэсрэлт зэрэг аюулууд их байсан л
даа. Мөн хэр баргийн нинжа нар зургаа авахуулах дургүй байдаг. Тэднээс зургийг
чинь авч болох уу гэж асуух юм бол шууд татгалзана. Тиймээс би эхлээд тэдний
зургийг шууд авдаг байсан. Тэгээд дургүйцэх эсэхийг нь харна. Хэрвээ дургүйцэж,
уурлах юм бол больдог байсан. Гэрэл зураг авахад хамгийн том бэрхшээл нь энэ юм.
Заримдаа тэдний итгэлийг олж авахын тулд нэг хэсэг найзлах хэрэгтэй болно. Энэ
хугацаанд зураг авах цаг алдаж байсан гэсэн үг.
Мэдээж
маш аюултай үеүд байсан. Зарим хүмүүс ихэд уурлаж хутга чичлэн дайрдаг байлаа.
Ялангуяа хүүхдийнх нь зургийг авахад хүмүүс маш эмзэглэдэг болохыг би ойлгосон.
Гэхдээ би гэмшдэг байсан л даа. Хүмүүс зургаа авахуулахыг хүсэхгүй байхад
авмааргүй байсан ч, хүмүүсийг үгүй гэж хэлэхэд нь итгэдэггүй байсан үе бий. Би
тэдний зургийг авснаар тэдэнд муу зүйл тохиолдохгүй гэдгийг мэдэж байсан учир
хүчилсээр байгаад авдаг байсан. Гэхдээ л заримдаа хулгайч шиг санагддаг үе
байсныг нуухгүй.
Гэсэн ч
эдгээр хүмүүсийн түүхийг өгүүлэх үүрэгтэй мэт санагдаж байсан тул зураг авалтаа
үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлсний ачаар л хүмүүс надад өмнө нинжа нарын тухай
сонсож байсан ч мэддэггүй байж, харин киноноос тэдгээр хүмүүсийг ойлголоо гэж
хэлж байсан. Би өөрөө үнэнч шударга байхыг хүсдэг тул тэдгээр хүмүүсийг аль
болох хэтрүүлэггүй, бодитоор харуулахыг хичээсэн. Би тодорхой хэмжээний эрсдэл,
зориг гаргасан алхам хийж байж сайн кино хийж чадна гэж боддог. Үргэлж өөртөө
таалагдсан, аюулгүй санагдсан зүйлээ хийгээд байвал кино маань сонирхолтой
бөгөөд сайн байж чадахгүй. Гэхдээ заримдаа хэтэрхий эрсдэлтэй алхам хийх вий
гэхээс эмээдэг.
Кинон дээр гарсан хүмүүстэйгээ дахиж уулзсан уу?
Уулзаагүй
байгаа. Би уулзаж, киногоо үзүүлэхийг хүсэвч уулзах боломж гараагүй л байна.
Харамсалтай нь интернэтээр цацагдсан трэйлэрийг нэг нь үзсэн гэсэн. Маш халтар
бөгөөд муухай гарсан байна гэж гомдоллосон гэнэ лээ. Үүнээс болоод тэд маш
ууртай байгаа байх. Магадгүй бүтэн киног үзвэл өөрсдөөрөө бахархаж магадгүй л юм.
Эсвэл бүр уйтгартай байна гэж ч өөлж болох.
Гэхдээ
тэд кинон дээр гарснаасаа ч муу байдалтай байж болох л байсан. Би 5 болон 9-р
сард зураг авалтыг хоёр удаа хийсэн. 5-р сард тэд бараг 30 гаруй ажилчинтай,
хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан. Тэгээд дараа дахин очиход амралтаа авсан
байдалтай, өдөржингөө амарч, хоорондоо даажигналдацгааж байлаа. Бусад нинжа нар
гар хоосон буцсан бол киноны маань баатрууд амжилттай ажилласан. Нэг ажилчны
хэлснээр тэд нэг том нүхнээс 40 мянган долларын ашиг олж чадсан гэсэн.
Та гэрэл зурагт агшин чухал гэж хэллээ. Агшныг мэдрэн
гэрэл зураг буулгахад туршлага хэр чухал вэ?
Ер бусын сонин
агшинг буулгахад аз их үүрэгтэй. Гэхдээ туршлага ч бас чухал. Гэрэл зураг дарах
нь гадаад хэл сурахтай адил. Би гэрэл зургийг үргэлж мэргэжлийн түвшинд дарж
чаддаггүй байсан л даа. 2010 онд сургуулиа төгсөөд, дипломаа авсны дараа 3
жилийн турш зураг авсан. Тэгээд зураг авах тусам би сайжирч байгаагаа
анзаарсан. Би илүү хурдан болсон бөгөөд зурагны өгүүлэмж маань ч нарийн болж
эхэлсэн.
Эхэндээ
зураг авахдаа үйлдэл бүрээ бодож, фокусыг нь тааруулах гэж нэлээн зүдэрдэг
байсан бол одоо камерныхаа үйлдэл бүрийг маш сайн мэддэг болсон тул тухайн
агшинд ямар ч зүйл бодолгүйгээр шууд дардаг болсон. Мэдээж шинэ камер барьж
байгаа бол зарим нэгэн тохиргоог нь мэдэхгүй гацах үе гарна л даа. Гэхдээ одоо
бол ийм зургийг ингэж авчихдаг юм уу гэж бодохын оронд шууд камераа өргөөд товчлуур
даран зургаа дардаг болсон. Ингэснээр нэг өдөрт авах чанартай зургуудын тоо
улам олшрох жишээтэй. Зураг авах тусам сэдвээ сайн ойлгож, хүмүүсийн зургийг
хэдийд, ямар үед, аль талаас нь авахаа сайн мэддэг болдог. Бас хэзээ тэдгээр
хүмүүсийг тайван орхихоо ч ойлгоно. Гэхдээ аз бол байх ёстой зүйл. Заримдаа нэг
л биш өдрүүд байдаг даа. Тиймэрхүү өдөр аз тохиогоод сайн зураг дарж чадвал
урам орж, улам зураг авах хүсэл төрдөг.
Би олон
жил суралцсаны эцэст өөрийгөө маш мэдрэмжтэй болсон гэж боддог. Гадуур явж
байхдаа ямар нэгэн үйл явдал хараад юу өрнөхийг урьдчилж таамаглан камераа
бэлдсэн байдаг. Гэхдээ аз ч бас багагүй нөлөөтэй. Тиймээс гэрэл зураг бол байнга
суралцах ёстой зүйл. Мэдээж авьяас гэж зүйл байх ч тэр гайхамшигт агшныг
буулгахын тулд туршлага суух л хэрэгтэй дээ. Гэрэл зураг авна гэдэг амаргүй
зүйл. Тиймээс бодлоороо биш мэдрэмжээрээ авдаг болохын тулд олон жил
шаардагдана. Мөн өөрийн гэсэн хэв маягаа олсон байх нь чухал.
Харин таны хэв маяг?
Ихэнх
гэрэл зурагчид хар цагаан зураг авах дуртай байдаг бол би өнгөт зургийг илүүд
үздэг. Энэ нь миний хэв маягийг илэрхийлж байна гэсэн үг. Мөн сэдэв чухал.
Хэрвээ хүмүүсийн зураг авч байгаа бол хүмүүстэй харьцаж сурах хэрэгтэй. Энэ нь
ганц үгээр биш үйлдлээрээ, сэтгэлээрээ хүмүүстэй харьцаж, ойлгож, итгэлийг нь
олохыг хэлнэ. Хэрвээ үггүйгээр хүмүүстэй харьцаж сурвал хаана ч хэзээ ч хэрэг
болно. Ядуу, баян, ямар ч хүн байсан хамаагүй энэ аргаар хүмүүстэй дотносож
болдог.
Одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
Дайны
түүхийг өгүүлсэн хар цагаан зургуудаараа алдартай Paolo Pellegrin-ий тухай баримтат кино хийх гэж байгаа. Тэрээр
National Geographic сэтгүүлийн Газын хонгилууд болон Кубийн тухай хэд хэдэн
нийтлэлийн гэрэл зургийг авч байсан домог болсон гэрэл зурагчин юм. Тэрээр алдар
нэр олох хүртлээ олон хэцүү зүйлтэй тулгарч байсан бөгөөд тууштай
хөдөлмөрлөсний эцэст дэлхийн алдартай сэтгүүлүүдэд гэрэл зурагчнаар ажиллах
болсон.
Гэхдээ
National Geographic сэтгүүлд ажиллаж байсан эхний жилдээ цалин мөнгө сайн авах
ч, дараа жилд нь сайн зураг аваагүй бол дараагийн хүн нь чамайг орлоно гэсэн үг.
Алдар нэртэй ч ямар ч орлогогүй гэрэл зурагчид маш олон бий. Тиймээс би гэрэл
зураг, кино зураглаачийн аль алийг хийж байгаадаа баярлаж байна. Заримдаа кино
илүү амар байх нь бий. Хийхэд хэдий хэцүү ч гэсэн хүмүүст хүргэхэд илүү амар санагддаг.
Та хэр их аялж байна?
Тийм ч их
биш. Би одоо л аялж эхэлж байна. Монголд нэг төслөө дууслаа. Мөн Грийнланд, Румыньд
дараагийнхаа төсөл дээр ажиллаж байна. Нэгдүгээр сард Румыньд ажилтай. Харин хоёрдугаар
сард Өмнөд Африкт зураг авна. Гэхдээ цөөхөн хоногоор л доо. Дараа жил 2 эсвэл 3
удаа Грийнланд явах ажилтай. Мөн Паоло Пеллигринийг 3 жилийн турш дагана.
Эдгээрийн дундуур Монголд ирэх боломж байвал ирнэ. Үгүй бол ажлуудаа дуусгаад
ирнэ. Би хавар эсвэл зун ирж үзэхийг их хүсэж байгаа.
Монголд багагүй хугацааг өнгөрүүллээ. Монголын залуу гэрэл
зурагчдын бүтээл дээр ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?
Би Монголд
удаан хугацаагаар амьдардаггүй тул тэр талаар үнэлэлт дүгнэлт хэлж мэдэхгүй
байна. Гэхдээ миний мөрөөдлийн нэг бол Монголд амьдрах. Харамсалтай нь, дан
ганц Монгод биш, олон оронд янз бүрийн төсөл дээр ажиллаж буй тул энд амьдрах
боломж гарахгүй л байна. Гэхдээ би энэ оронд ямар нэгэн зүйл эргүүлэн өгөхийг
хүсдэг. Залуу гэрэл зурагчдад зориулж гэрэл зургийн сургалт зэрэг ямар нэгэн
байдлаар хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. Мөн үүнтэй адил ярилцлага хийж
бусад гэрэл зурагчдад түүнийгээ түгээх үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна.
Миний бодлоор гадаадын мэргэжлийн багш, гэрэл зурагчдаар хичээл заалгах нь
чухал ч залуу гэрэл зурагчид өөрийн гэсэн хэв маягаа олох нь хамгийн чухал юм.
Миний
ажигласнаар монголчууд харсан зүйлээ дууриах хандлага их байдаг. Тэд өөрсдийн
гэсэн сэдэв барьж авдаггүй. Энэ орон баялаг түүх, соёлтой бөгөөд сонирхолтой
сэдэв элбэг. Гэтэл энэ цаг үед бүх зүйл мөнгөний төлөө болж, барууны соёлд
автагдах болсон нь даанч харамсалтай. Монголын эзэнт гүрэн бусад улс гүрнийг
эзлэхдээ тухайн улсын соёл, төр барих арга барил, удирдлагын системийг
нураадаггүй байсан түүхтэй. Түүнтэй адил өнөөгийн Монгол орон бусад орны
мэдлэгийг ашиглан өөрсдийн гэсэн онцлогийг олж авах хэрэгтэй гэж бодож байна.
Би хөдөө
явж байхдаа хөдөөний айлд зочлоод гэрийн хоймор дахь жижигхэн зурагтаар
Монголын дээр үеийн кинонуудыг үзэж байсан. Тэдгээр кино маш сонирхолтой, сайн
болсон байдаг. Харин одоо гарч буй кинонууд ямар ч өвөрмөц, онцгой шинжгүй,
“түргэн” кино болсон юм шиг санагддаг. Урлаг бол хэлтэй адилхан гэж хэлж болно.
Юмсийг өөр өөрөөр хэлж, ойлгож болдогтой адил Монгол орон урлагийн салбараа
арай өөр талаас нь хөгжүүлэх нь зүйтэй. Магадгүй богино сонирхолгүй кино хийж
байхаар жинхэнэ амьдрал өгүүлсэн урт кино хийх ч юм уу. Миний киноноос ч
сонирхолтой байж чадна шүү дээ. Миний кино тийм ч сонирхолтой биш л дээ. Гэхдээ
л бодит төдийгүй сургамжтай болж чадсан.
Та ирээдүйд Монголд ирвэл ямар хүмүүсийн амьдралыг онцлох
вэ?
Улаанбаатар
хотод амьдралын өөр өөр түүх өдөр бүр өрнөж байдаг. Энд маш олон төрлийн
амьдралын хэв маяг, түүх нэгэн дор оршиж байна. Энд баян ч хүн байна, ядуу ч
хүн байна. Миний хувьд Улаанбаатар бол дэлхийн хамгийн сонирхол татах хотуудын
нэг. Асар хурдацтай хөгжиж буй энэ хотод ирэх бүртээ ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн
байгааг анзаардаг. Хэдий саад бэрхшээлүүд элбэг байгаа ч сайн сайхан зүйлүүд
маш их бий. Хүмүүс амжилтанд хүрч эдийн зазаг нь хөгжиж байгааг харахад сайхан
байна.
Таны хэлдэг үнэний ортой. Монголын төдийгүй гадны гэрэл
зурагчид шууд хөдөө явж, нүүдэлчин соёл ахуй, эсвэл тал нутгийн байгалийн
зургийг л авдаг. Энд бүхэл бүтэн хот орхигддог тул зарим гадны хүмүүс
Улаанбаатар хотод ирээд ийм хот байсан юм уу гэж гайхдаг.
Тийм ээ.
Гадны хүмүүс Улаанбаатар хот гэдэг нэрийг газрын зураг зэргээс хардаг ч хотын
амьдралын тухай ойлголт төдийлөн авч чаддаггүй. Гэхдээ энэ хот ирэх 20 гаруй
жилд маш их сонирхол татна.
Улаанбаатар хотод очих дуртай газар бий юу?
Маш олон
газар бий. Би алхах дуртай л даа. Машинд түгжирч явахаар алхаад явсан нь дээр
санагддаг. Ялангуяа Улаанбаатар шиг тийм ч том бус хотод алхаад явах тийм ч
хэцүү биш. Би алхахдаа гадуур зам даган явах дуртай. Учир нь тэнд л хүмүүстэй
таарч, тэдний амьдралыг илүү ойроос хардаг. Мөн хотын төвд маш олон кофе мухлаг
болон зоогийн газрууд байдаг. Хэдий би Мюнхенд амьдардаг ч тэнд эндхийх шиг тухтай
орчинд суугаад кофе уучих газар тийм ч олон биш. Гэхдээ энд юмны үнэ арай өндөр
юм шиг. Дэлгүүрийн лангуун дээр байгаа зарим барааны үнэ Германыхтай ижилхэн
байх нь бий. Гэтэл энд амьдардаг хүмүүсийн цалин маш бага шүү дээ.
Гудамжаар алхаж явахдаа байнга зураг дарж явдаг уу?
Заримдаа.
Алхаж байхдаа зураг авахаас илүү нэг газар зогсож байгаад эргэн тойронд болж буй
үйл явдлуудаа авах дуртай.
Харин гэрэл зурагчны хувьд хаана очих дуртай вэ?
Би
Нарантуул захаар явах дуртай. Тэнд очоод хэдэн цаг өнгөрүүлснээ ч мартчихдаг.
Заримдаа бүр 4, 5 цаг ч болсон байдаг шүү. Хүмүүст хөөгдөлгүй хэр удаж болно,
тэр хугацаанд тэнд байж, зураг авдаг. Тэнд маш олон хүмүүс байдаг тул хором
бүрт олон түүх өрнөж байдаг. Хэдий зураг авах маш сайхан завшаанууд байдаг ч
хүмүүс дургүйцдэг тул тэр бүр боломж олддоггүй. Магадгүй тэр нь ч дээр байж
магадгүй. Би нинжа нарын тухай кино хийхэд тэдний амьдралыг бусдад таниулснаар
сайн үйл хийж байгаа байх л даа. Гэхдээ Нарантуул захын худалдаачдыг авснаар
тийм байж чадах эсэхийг мэдэхгүй. Орлого багатай хүмүүс Нарантуулд ирдэг гэдэг
талаас нь зурган нийтлэл хийж болох ч, тухайн хүмүүсийг хүндэтгэх хүндэтгэлээс
болоод хийдэггүй. Тэдгээр хүмүүс зургаа даруулах тун дургүй. Зарим нь их
уурлана. Нэг удаа хүнсний зах дотор зураг авах гэж байхад над руу мах хүртэл шидэж
байсан шүү.
Та гэр хорооллоор явсан уу?
Би гэр
хорооллоор явах дуртай ч тийм ч их зураг аваагүй. Ганц хоёр удаа таньдаг
айлындаа зочлох гэж очиж байсан тул зураг авах таатай боломж гараагүй.
Хүмүүстэй танилцаад, тэдний гэрт нь зочилж, амьдралыг нь өгүүлэх зураг авахыг
хүсэж байна. Тийм учраас гэр хорооллоор тийм ч их яваагүй. Магадгүй бүх гэр
хороолол барилга болох үеийн түүх сонирхолтой байж болох юм.
Гэр
хороолол өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй. Тэнд маш олон асуудал байгаа ч хэзээд
өвөрмөц байж чаддаг. Гэхдээ би Монголын шинэ баячууд болон амжилтанд хүрч буй
залуучуудыг их сонирхож байгаа. Тэдний тухай кино хийвэл сонирхолтой байх гэж
бодож байна.
Та одоо ч камертайгаа явж байна. Үргэлж л бэлэн байх юм.
Би
ихэвчлэн Leica M камерыг биедээ авч явдаг. Өндөр үнэтэй сайн камер. Харин кино
зураг авахдаа ихэвчлэн Canon ашигладаг. Гэхдээ одоо надад Nikon болон Leica
хоёр л бий.
Монголоор цөөнгүй үг мэддэг гэж сонссон. Яагаад Монгол
хэл сурахаар шийдэв?
Хэдэн
хараалын үгнээс хэтрэхгүй дээ. (Инээв) Би суръя гэж шийдээгүй ээ. Би монгол хэлийг
тийм ч сайн сураагүй. Хэл сурах авьяасгүй хүн гэж хэлж болно. Ер нь ярихдаа тааруухан
хүн л дээ. Магадгүй, тийм болохоор гэрэл зураг сонирхох болсон байх. Бага
сургуульд байхаасаа л математик зэрэг хичээлдээ сайн байсан боловч хэлний
ангидаа тун тааруухан сурдаг байв. Одоо ч хүртэл би төсөл болон санаа оноогоо
бичихдээ дүрэм болон үг үсгийн алдаа их гаргадаг. Өөрийн эх хэлдээ тааруухан
надад гадаад хэл сурахад бүр ч хэцүү.
Тиймээс
би монгол хэлийг сурахаар шийдээд сураагүй ээ. Сурах шаардлагатай байсан
болохоор ганц хоёр үг сурсан. Хөдөө хэн ч англи хэл мэдэхгүй учир хүмүүстэй харилцахын
тулд би өөрөө монгол үг сурах шаардлагатай болсон юм. Хачирхалтай нь хөдөө явж
байхдаа монгол хэлийг сайн ойлгодог хэрнээ хотод ирээд хүмүүсийн яриаг ойлгоход
хэцүү байдаг. Гэхдээ ойр зуурын “явъя, бос, суу” зэрэг үгнүүдээ мэднэ. Би гэр
дотор сууж байхдаа хүмүүсийн яриаг сайн ойлгодог. Дохио зангаа, хаашаа зааж
байгааг нь хараад юу хэлэх гэж буйг нь төвөггүй ойлгодог. Гэхдээ би монгол хэлийг
үргэлжүүлэн сурах бодолтой байгаа. Миний Монголд дор хаяж нэг жил амьдрах гээд
байгаагийн шалтгаан энэ юм. Шууд нүүгээд ирнэ гэдэг мэдээж хэцүү л дээ. Би
эхнэр хүү хоёроо бодох хэрэгтэй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Би Азид олон төсөл
авч чадвал Монголд заавал амьдрах болно.
Тэгвэл Монголын хаана амьдрах байсан бэ?
Сайн
мэдэхгүй л байна. Хэрвээ гэр бүлтэйгээ амьдрах бол хотоос зайдуу амьдрахыг
хичээх байх. Учир нь утаа эрүүл мэндэд, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд маш
хортой. Хэрвээ ганцаараа бол хотын төвдөө байхыг хүснэ. Би алхах дуртай тул бүх
юманд ойрхон байхыг хүсэх байх даа. Хааяа би боддог юм. Хэрвээ би ганц бие байсан
бол аль хэдийн Монголд нэг жижиг өрөө түрээслээд амьдарч байх байсан. Гэхдээ
одоохондоо бол боломжгүй л болов уу. Би Германд Паоло Пэллигриний төсөл дээр
ажлаад эхэлсэн байгаа. Тэрээр Ромд амьдардаг ч хаа сайгүй аялж байдаг тул би
түүнийг даган явахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Паоло долоо хоногийн дараах үйл
ажиллагаагаа мэддэггүй тул төлөвлөлт хийхэд хэцүү байдаг. Түүнтэй ойр байж
болох газар бол Мюнхен учир би тэндээ л байна байх. Түүний тухай өгүүлэх
баримтат киноны төсөл маань 3 жилийн хугацаанд үргэлжлэх тул надад өөр орон руу
нүүх боломж тун бага байна.
Монголд ирснээр таны амьдралд өөрчлөгдсөн зүйл бий юу?
Монголд
удах тусам нас ч ахисан. Гэр бүл зохиосон. Энэ бүгдээс үүдэн би ертөнцийг
өөрөөр харах болсон. Залуу байхад ямар нэгэн учир битүүлэг зүйлийг тайлбарлуулаад
ойлгочих мэт санагддаг байлаа. Харин одоо бол бүх зүйл маш нарийн бөгөөд гүн
болохыг ойлгосон. Зарим зүйлийг хэзээ ч ойлгохгүй, учир нь тайлагдахгүй мэт
санагддаг. Би монгол амьдрал ахуйг ойлгож, бусад орны хүмүүстэй ч ажиллаж сурах
тусам хүмүүсийн амьдрал олон янз байдгийг ойлгож байна. Би илүү нээлттэй
сэтгэж, бүх зүйлд ухаантайгаар ханддаг болсон. Мөн би маш тэвчээргүй хүн
байсан. Харин миний ажил болон сонирхол намайг үүнийгээ ухааран, залруулахад
тусалж байгаа. Би тэвчээргүйгээсээ болж бусдыг шаардах, эсвэл өөрийгөө хүчлэх
шаардлагагүйг ойлгож авсан. Монголд ялангуяа маш тэвчээртэй байх хэрэгтэй. Ямар
нэгэн цагийн хуваарийг орхиж, байгалийн аясаар явах нь чухал болохыг ухаарсан.
Грийнландад
анх удаа очоод тэндхийн ард түмэн монголчуудтай төстэй болохыг анзаарсан. Зарим
нь яг л монголчуудтай адил найрсаг, зочломтгой байсан. Германд хүмүүс чамайг
танихгүй л бол маш хүйтэн хөндий харьцдаг. Харин Монголд таньдаг, таньдаггүй
байсан ч маш найрсаг байдаг нь надад таалагддаг.
Та эндээс гараад хаачих вэ?
Би
найзындаа түр амьдарч байгаа. Би ирэх болгондоо айлд түр суудаг. Надад зочид
буудал орж тансаглах хэмжээний мөнгө байхгүй ээ. Хааяадаа такси барьдаг боловч
ихэвчлэн алхаж явдаг. Би дээрэм зэргээс нээх санаа зовоод байдаггүй. Согтуу хүн
эсвэл бүлэг залуучуудтай таарвал холуур зөрөөд өнгөрөхөө мэддэг
болсон.
1 сэтгэгдэлтэй
https://medium.com/@Bulgan?source=linkShare-2bc55702cce0-1484838212
ReplyDelete