Нил Гейманы найман дүрэм
December 28, 2015
Өдгөө 55 настай Английн
зохиолч Нил Гейман (Neil Gaiman) 15 настайдаа хийхийг хүсдэг зүйлсээ цаасан дээр буулгатал “томчуудын
зохиол бичих, хүүхдийн ном бичих, комик бичих, кино зохиол бичих, ‘Доктор Хэн’-ийн ангиас
бичих” гэсэн урт жагсаалт үүссэн гэдэг.
Сансрын тоос, Булшны судар, Коралайн зэрэг
номуудаараа хожим алдар нэрийг хүртсэн энэ зохиолч “Надад ямар нэгэн мэргэжил байгаагүй ээ. Би ердөө
жагсаалтан дээрх зүйлсийг нэг нэгээр нь л хийсэн” хэмээн Английн Урлагийн их
сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлж байв. Харин цахим орчинд нэлээд тархсан доорх
8 дүрэм бол түүний амьдралаас урган гарсан мөрдлөг бөгөөд бичих эрдэмд эхлэн
суралцагчдын хувьд урам зоригоор тэтгэх үнэт үгс болсоор иржээ.
Ингээд түүний бичсэн 8 дүрмийг орчуулан хүргэж байна. Нуршуу оршлоо “төгс болохоос нь өмнө” үүгээр бас эцэслэе дээ.
Ингээд түүний бичсэн 8 дүрмийг орчуулан хүргэж байна. Нуршуу оршлоо “төгс болохоос нь өмнө” үүгээр бас эцэслэе дээ.
1. Бичиж эхэл.
2. Нэг үг бичлээ,
араас нь өөр нэгийг бичлээ. Тохирох үг олоод ар араас нь бичээд л бай.
3. Бичвэрээ
дуусга. Бүр дуусгахын тулд хэчнээн их чармайлт гаргах байсан ч заавал гүйцээ.
4. Түр март. Тэгээд
өмнө нь ер уншиж байгаагүй мэт эргэн унш. Бас үзэл бодлыг нь хүндэтгэдэг, бичиж
буй сэдвийг чинь сонирхож мэдэх дотнын найзууддаа уншуул.
5. Гэхдээ нэг
зүйлийг санаж ав. Уншсан
хүмүүс чинь нэг л зүйл болохгүй байгааг, эсвэл уншуургүй байна гэж хэлэх
юм бол ихэнхдээ тэдний зөв байдаг. Харин хүмүүс яг юу нь болохгүй
байгааг, мөн хэрхэн янзалж болохыг яг
таг тодорхойлж байвал ихэнхдээ тэдний буруу байдаг.
6. Одоо бичвэрээ
хяна. Гэхдээ дахиад нэг зүйлийг санаж авахад гэмгүй. Төгс болохоос нь өмнө
бичвэрээ эцэслээд, дараагийнхыгаа бичиж эхлээрэй. Төгс болгоно гэдэг тэнгэрийн
хаяаг мөшгөхтэй адил юм. Тиймээс зогсож биш, урагшилж байх нь чухал.
7. Бичсэн
хошигнолдоо өөрөө инээ.
8. Бичиж сурах
хамгийн чухал дүрэм бол өөртөө бүрэн дүүрэн итгэж л байвал юуг ч хийж чадна
гэсэн үг юм. (Амьдралдаа энэ
дүрмийг чандлан сахиж болох ч бичих эрдмийн хувьд хэзээд үнэн байсан юм шүү) Ингээд өгүүлэх түүхээ зайлшгүй
бичих ёстой мэт бичиж байгаарай хэмээн эцэст нь сануулъя. Мөн дурлаж бичих
хэрэгтэй, хамгийн сайнаараа өгүүлэх хэрэгтэй. Эдгээрээс өөр дүрэм бий гэдэгт
эргэлзэж л байна. Байсан ч нэг их чухал биш болов уу.
0 сэтгэгдэлтэй