Henri Cartier-Bresson (1908-2004) |
Олон хүн түүнийг мэддэггүй бөгөөд тийм байлаа гээд
ч тэдний буруу биш билээ. Нэг ч болов роман амьдралдаа уншиж үзээгүй хүн Жеймс
Жойс, Марсель Прустыг мэдэхгүй байхтай бараг л адил юм.
Гэхдээ уншдаггүй байлаа ч гэсэн уран зохиолын
хичээлийг ухамсарт амьдралынхаа эхнээс “албадан” заалгуулсан энэ үеийнхний хэн
нэгэн нь Достоевский, Хэмингвэй, Марк Твейнийг дуулаагүй гэвэл ичгэвтэр хэрэг
болох боловч Брессоныг сонсоогүй гэх ялд лав унахгүй. Аргагүй шүү дээ, гэрэл
зургийн хичээл гэж орж байсан биш! Тэгсэн атлаа бид, өнөөх суут зохиолчид шигээ
өдөр бүр тэмдэглэл хөтлөхийн оронд өдөр бүр зураг дардаг анхдагч үеийнхэн
болжээ. Тэгсэн хэрнээ л түүнийг бид мэддэггүй.
Ингээд Францад мэндэлсэн ч нэр алдар нь нэг улсын
хил хязгаарыг хэтрэн давсан домогт гэрэл зурагчин Анри Картье-Брессоны нэгэн
ярилцлагаас товчлон хөрвүүлснээ дор толилуулъя. Хэрэв манай бөмбөрцөг магад ганцхан л зурагчинтай байх ёстой гэвэл тэр нь Брессон гэдэгт би лав эргэлзэхгүй байна.
Брессон: “Миний
хувьд, гэрэл зураг гэдэг бол үйл явдлын хамгийн чухал хэсгийг олж, тэр нь
тэрхүү өрнөн буй үйл явдлын голч агуулгыг яг таг өгүүлж буй эсэхийг секундээс ч
бага хугацаанд тодорхойлохыг хэлдэг.
Гэрэл зураг бол сэтгэхүйн
үйл явц юм. Бид эхлээд юуг илэрхийлэх вэ гэдгээ мэдсэн байх хэрэгтэй. Энэ бол
тодорхой нэг асуудлыг тусгасан бидний төсөөлөл юм. Гэрэл зураг бол бичих,
зурах, ноороглох үйл явц. Өдөр бүр хаа сайгүй л үйл явдал өрнөдөг. Бид соргог
байж, аль нь чухал болохыг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол зүгээр л зөн. Бас
мэдрэмж. Би чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй. Нэг л мэдэхэд товчлуур дарсан
байдаг.
Гэрэл зурагт
бүтээлчээр хандана гэдэг бол хоромхон зуурын хэрэг юм. Зураач бүхнийг урьдчилан
нягталж болдог. Зохиолч ч гэсэн. Харин гэрэл зурагчин хамгийн шийдвэрлэх чухал
агшныг үй олон үйл явдлын өрнөл дундаас сугалж гаргах хэрэгтэй болдог.
1930 онд намайг
гэрэл зураг авч эхлэхэд зурагтай сэтгүүл ховор байв. Зураг худалдаж авдаг газар
ч гэж байсангүй. Тиймээс би сонирхсон зүйлээ л авдаг байлаа. Нэг ёсны өдрийн
тэмдэглэл шиг. Би одоо ч гэрэл зургийн тэмдэглэлээ хөтөлсөн хэвээр. Дараа нь,
сэтгүүлүүд гарч ирсэн. Тэдэнд зориулж зураг авдаг боллоо. Гэсэн ч өөртөө
зориулж ажиллах хэрэгтэй, хэзээд өөртөө зориулж, мөн өөрийгөө илэрхийлэхийн
тулд зураг авах нь чухал. Гэхдээ сэтгүүлд ажилласнаар тэд чамайг дэлхийн
хамгийн чухал үйл явдлуудын дунд аваачих болно. Мөн илүү өргөн цар хүрээгээр
хүмүүст өөрийгөө харуулах боломжийг нээж өгдөг.
Ярилцагч: Сэтгүүлд зориулан зураг авах үед таны
энэ чиг хандлага ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг үү? Эс бөгөөс өөрийнхөөрөө
байдаг уу?
Брессон: Юуны
түрүүнд сэтгүүлд зориулан өгүүлэх өөрийн түүхээ бүдүүвчлэн зураглах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь сэтгүүлд зориулан ажиллаж байна гэсэн үг биш. Чи өөрийнхөө болон
өгүүлэх гэж буй түүхийнхээ төлөө ажиллах юм.
Ярилцагч: Та олон оронд гэрэл зургийн сурвалжилга
хийсэн. Аль нэг улс оронд очихдоо тэнд хэсэг хугацаагаар амьдардаг уу? Тухайн
улс орны соёлыг ойлгохын тулд?
Брессон: Яарж ч
болохгүй, удаж ч болохгүй. Энэ хооронд тухайн улс орны соёлыг ойлгох хэмжээний
цаг гарна. Хүн бүрт тухайн орны талаар багахан төсөөлөл байдаг бөгөөд тухайн
газар очоод урьдчилан төсөөлж байсан зүйлс үнэн, худал эсэхийг мэдэж болдог.
Гэхдээ тэрхүү урьдчилсан төсөөлөл санаанаас тийм ч амар гардаггүй. Тэгэхээр
бодит байдал эхэнд, дараа нь чиний сэтгэгдэл байх юм. Энэ бол маш чухал. Анхны
сэтгэгдэл гэдэг бол хэн нэгний царайг анх удаа харж байгаа юм шиг хамгийн
онцгой мэдрэмж.
Ярилцагч: Та тодорхой нэг жишээн дээр тайлбарлаач.
Жишээ нь Энэтхэг орны талаар өрнөдийнхөн ер бусын сонин төсөөлөлтэй байдаг. Анх
тэнд очоод тэрхүү төсөөлөл өөрчлөгдсөн үү? Мөн таны гэрэл зурагт хэрхэн
нөлөөлсөн бэ?
Брессон: Өөрчлөлт
гэнэтийн бус, бага багаар өрнөдөг. Гэнэт ч байж болно л доо. Тэнд удаан
амьдраад, хүмүүстэй танилцаад, тэдэнтэй уулзаж нөхөрлөөд, яг л ижил түвшнээс
харьцах хэрэгтэй. Юм бүхнийг шүүх хэрэггүй, хүмүүстэй ойр дотно байж дулаан
бүлээн харилцаа тогтоо. Хүмүүстэй найрсаг бай. Ширүүн хийгээд төвөгтэйгөөр бүү
харьц. Учир нь энэ бүхэн чамайг хаана эхэлсэн тэр газар чинь эргээгээд аваачиж
ч мэдэх юм. Мөн юу мэдэрч буйгаа бусдад илэрхийл. Чамайг гайхшируулж, бас
инээлгэж ч болно шүү дээ.
Ярилцагч: Тийм байж, та нэг дүр, эсвэл үйл явдлын
өрнөлийг олон дахин авдаг уу? Эсвэл зөв агшныг хүлээдэг үү?
Брессон: Янз бүр.
Тэгдэг гэсэн дүрэм байхгүй. Ер нь бол тухайн агшинд гярхай, чөлөөтэй байх
хэрэгтэй.
Техник чадвар бол
хийсвэр зүйл биш. Үүнийг тойрч өнгөрч болохгүй. Чиний техник чадвар гэдэг бол
чи юу хэлэхийг хүсэж байна түүнийг чинь илэрхийлэх зэвсэг юм. Хэлэх гэснээ
хэлэхийн тулд багаж хэрэгслээ сайн мэдэж, арга барилаа сайжруулах хэрэгтэй.
Дурангаа мэдэж байх хэрэгтэй. Энэ нь тийм ч хэцүү биш. Үүнийг маш хурдан сурах
хэрэгтэй. Энэ яг л бичгийн машин дээр харахгүйгээр бичихтэй адил. Хурдан бичиж
сурсан үед зөвхөн юу бичихдээ л анхаарах болно. Гэрэл зураг гэдэг бол үүнтэй л
ижил. Чи гэрэл хэмжигчээ харахгүйгээр мэддэг байх ёстой. Тогооч хүн хэр их давс
хийснээ амсахгүйгээр мэддэг шиг л. Энэ бол зөн, бас мэдрэмж.
Ярилцагч: Гэрэл зурагчны хувьд хийхийг хүсч буй
хамгийн үндсэн зүйл бол харилцаа гэж та хэлсэн.
Брессон: Тийм ээ,
харилцаа бол хамгийн чухал зүйл. Эхлээд ямар нэгэн зүйл өг, дараа нь чиний
өгсөн зүйлийг зөвшөөрч буй эсэхийг мэд.
Жишээ нь, чи хэн
нэгэнд хайртай боллоо, тэгээд чамайг цааш түлхэхгүй бол чиний хайрыг зөвшөөрлөө
гэсэн үг. Үүнийг л харилцаа гээд байгаа юм. Тиймээс ямар нэгэн зүйл өг.
Ярилцагч: Өг, тэгээд зөвшөөрөгдөх.
Брессон: Яг тийм.
Гэхдээ энэ нь хүлээн зөвшөөрөгдөх гэсэн үг биш шүү.
Хүмүүс надаас ёс
юм шиг нэг зүйл асуудаг. “Таны хамгийн дуртай зураг юу вэ гэж?” Миний хамгийн
дуртай зураг бол дараагийн авах зураг юм. Бид өөрсдийнхөө бүтээлийн шүүмжлэгч
биш шүү дээ. Юу чухал вэ гэвэл дараагийн сэдвээ бодох юм. Гэрэл зураг бол
амьдрах хэв маяг. Миний хувьд камер бол миний хараа. Би үргэлж түүнийгээ авч
явдаг. Гэхдээ бид хэрхэн амьдардаг, юунд дуртай, амьдралд хэрхэн ханддагаас энэ
бүхэн шалтгаална. Хамгийн гол бид хэн бэ гэдгээс.
- December 28, 2015
- 0 Comments