2016 оны онцлох бөгөөд дуулиантай 10 эшлэл
December 25, 2016
“Шатах ёстой юм бол шатъя”, “Би чиний ажилтан юм уу”, “Чацга царайлаад явж бай” гэх трэнд үгстэй ноднин жилийн дуулиан шуугианыг энэ оныхтой харьцуулбал бүр жулдах шинжтэй шүү. Юм сайн тал руугаа хөгждөг гэж юутай үнэн үг вэ! Хүмүүсийн санаандгүй хэлсэн үг хүртэл улам хөгжөөнтэй, ончтой, олныг шуугиулдаг болоод байх чинь. Ингээд энэ оны хамгийн дуулиантай 10 эшлэлийг өөрийнхөөрөө эрэмбэлэн хүргэж байна.
10. “Хараатай хүмүүс яагаад ном уншдаггүй юм бол гэж гайхдаг.”
|
|
Харааны бэрхшээлтийн хүүхдийн 116-р сургуулийн сурагч А.Сайханцэцэг “Авьяаслаг монголчууд” шоуны 1-р шатны шалгаруулалтад оролцохдоо өдөр бүр ном уншдаг тухайгаа ярьсан. Хэрэв хэсэгхэн хугацаанд дахин хараатай болох юм бол ээж аавынхаа царайг ханатал харж тогтоогоод, дараа нь үсэг цээжлэн ном уншина даа хэмээн өгүүлэх сурагч охины түүх олон хүнд нэгийг бодогдуулсан. Монгол хэл дээрх бүх брайль номоо уншаад дуусгачихсан тул гэрийнхнээрээ ном уншуулж чагнаж суудаг гэсэн. Тийм болоод ч тэр үү, хараатай хүмүүс яагаад ном уншдаггүй юм бол оо гэж үргэлж гайхдагийг нь ээж нь сонирхуулсан. Түүний эл үг хорвоог харах мэлмийгүй ч сэтгэл дотроо хэчнээн цэвэр тунгалаг байж болдгийг, хорвоог харах мэлмийтэй ч хэчнээн “харалган” амьдарч байдгийг маш энгийнээр, туйлын ончтой тодорхойлсон.
|
9. “Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол зуун хувь Монголын үйлдвэр болж байна.”
|
|
2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос
нэг өдрийн өмнө буюу 6-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэтхэн
хэвлэлийн бага хурал зарлан Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэн
тухай мэдэгдсэн. “Би нэг сайн мэдээтэй” гэж эхлээд, өрнөл хэсэгтээ Оросын
Ростех компанийн эзэмшдэг Эрдэнэтийн 49 хувийг Монголын хувийн компани буюу
Худалдаа, Хөгжлийн Банкны дэргэдэх “Монгол зэс” компани эзэмших болсныг
зарласан эл мэдэгдлийн эцсийн дүгнэлт одоо ч бүрхэг хэвээр байна.
|
8. “Би таны гэр бүлийн гишүүн.”
|
|
Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэрх хамгийн
хөгжилтэй уриа. Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн
З.Баянсэлэнгэ өмнөх парламентын үед “оймсонд хавчуулагдсан” гишүүдийн бүлэгт
хамрагддаг байв. Уг нь өнгөрсөн сонгууль бол түүний хувьд О.Баасанхүү гишүүн
шиг “оймсны гишүүн биш” гэдгээ батлах, бараг “эхний бөгөөд эцсийн” боломж
байсан ч тэр ялагдал хүлээсэн. Сонгуулийн дараахан, “Манай гэр бүлийн нэг
гишүүн 6-р сарын 29-нд гэрээсээ гараад одоог хүртэл ор сураггүй байна. Гэрээс
гарахдаа энэ дээлтэйгээ гарсан. Үзсэн харсан хүн байвал холбоо барина уу” гэсэн
хөгжилтэй зар олон нийтийн сүлжээгээр тархсан нь зөвхөн нэг гишүүнийг биш, нийт
гишүүдийг битүүхэн шоглоод авах шиг болсон шүү. Гадаа гудамжинд тааралдахдаа
гар барин мэндчилж, гэрийн минь хаалгыг зөөлхөн тогшоод ороод л ирдэг байсан,
бараг манай гэрийн нэг гишүүн гэгдэх шахсан "суудал горилогчид"
сонгуулийн маргаашнаас ор сураггүй алга болчихож билээ.
|
7. “Аав аа, та намайг ашиглаач!”
|
|
Яг ингэж хэлээд залбирал үйлдэж буй, Христэд
итгэгч бүсгүйн бичлэг олон нийтийн сүлжээгээр “нисэх” мэт хурдан тархсан. Хэдий
энэ нь хувь хүний шашин шүтэх эрхийн асуудал боловч бичлэгийг үзсэн ихэнх хүн
энэ асуудалд эмзэглэж, гайхаж хандсан. Мэдээж зарим нь инээд наргиантай талаас
нь харж байв. Өдгөө “Намайг ашиглаач” гэх үг өнөө цагийн шог ярианд өргөн
“ашиглагддаг” болжээ. Баасан гараг болмогц “Баасан ах аа, намайг ашиглаач”
хэмээн бичиж, ярьж байхыг эрхэм уншигч та олж сонссон л байлгүй. Сонирхуулахад,
“Аав аа, аав минь намайг хайрладаг учир намайг алдрынхаа төлөө ашиглаач” гэсэн
сайхан үг бүхий Христийн шашны магтаалын дуу байдаг юм билээ. Гүн итгэл
бишрэлээсээ болж магадгүй ганцхан удаа андуурч, эсвэл үг гээж хэлснийх нь төлөө
ямар өршөөлгүй хандаж болдгийг олон нийтийн сүлжээнд өрнөсөн энэ үйл явдал
нотоллоо.
|
6. “Доллар яагаад 5000 хүрэхгүй байгаа юм бэ гэвэл бид маш зөв менежмент хийсэн.”
|
|
Төгрөг-долларын харьцаа түүхэндээ анх удаа 2000
давсан нэгдүгээр сарын хүйтэн өдрүүдэд бүхий л жиргээч, постлогч, бичигч,
мэдээлэгч нар “доллар” гэх халуун сэдвээр хэмлэлдсэн. Зарим нь Аж үйлдвэрийн
сайд асан Д.Эрдэнэбатын “Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000
төгрөгөөс буурна” гэсэн гарчигтай, өмнөх оны хуучин ярилцлагыг ухаж гаргахдаа
хүртэл тулсан. Монгол банкны ерөнхийлөгч нь хүртэл “Доллар 2000 хүрдэг юм бол
би ажлаа өгнө” гэж ам өгчихөөд ажлаа хийгээд л байсан нь төгрөг-долларын хүч
тэнцвэргүй тулаанд хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд хоёрдугаар сард өгсөн дуулиант мэдэгдэлдээ АН
2012 оны сонгуульд ялсан ч дийлэнх олонх болж чадаагүй учраас доллар 2000
хүрсэн төдийгүй бүр тэр сонгуульд ялаагүй бол 5000 хүрэх байсан тухай өгүүлсэн.
Магадгүй 2012 оны сонгуульд АН дийлэнх олонх болсон бол Д.Эрдэнэбат сайдын
хэлснээр, долларын ханш 1000 ч болох байсан юм бил үү, хэн мэдлээ.
|
5. “Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.”
|
|
Тэр хүн нь чухам юу үйлдсэн юм бол? Ерөнхий сайд
асан Н.Алтанхуягийн дөрөвдүгээр сард хэлсэн үг уртаараа бол ийм: “Хуйвалдааны
төр бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг
болсон цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллага үүсгэсэн. Тэд
таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ хонгилоороо
ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож
чадаж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг нь
өнөөдөр нэр цохон хэлэхээс аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч
хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн
байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж
гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.”
Монголын улс төрийн амьдралд ийм цочирдом,
гэнэтийн мэдэгдэл хийсэн хүн ховор. Хаврын хахир цагаар гадаа гудамжинд жагсах
иргэний хөдөлгөөнийхөн л иймэрхүү нэр устай, хэн нэгэн рүү илт чиглэсэн ноцтой
мэдэгдлүүдийг үе үе хийдэг байсан бол өдгөө эрх мэдэлтний эсрэг тэмцэл дулаахан
хэвлэлийн танхимд, бум бужигнасан сэтгүүлчдийн өмнө өрнөдөг болжээ. Улс хөгжинө
өө гэж, өөр юм аа. Мэдэгдэл хийсэн нь ч, мэдэгдэлд дурдагдсан нь ч төрийн өндөр
албан тушаал хашиж байсан болон хашиж буй эрхмүүд билээ. Харин энэ мэдэгдэлд
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа "Алтанхуягийн
мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал
энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэсэн нь тун ч
ухаалаг хариулт болсон юм шиг санагдсан шүү.
|
4. “Аз жаргалтай Улаанбаатар”
|
|
Нийслэлд ялсан МАН-ынхан Чингисийн талбайг
Сүхбаатарын талбай болгоод зогсохгүй Э.Бат-Үүл даргын “Найрсаг Улаанбаатар”
хөтөлбөрийг “Аз жаргалтай Улаанбаатар” болгож өөрчлөв. Бүх л бүтэн яамны нэрийг
“Гадаад хэрэг”, “Гадаад харилцаа” гэх хоёр нэршлээр ээлжлэн сольчихдог хоёр
намынхны хувьд хөтөлбөрийн нэрийг солих бол гар хөлийн үзүүрээр хийчих хөнгөн
шийдвэрт тооцогдох биз. “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх сайхан нэртэй эсээний
уралдаан, үдшийн цэнгүүнийг зохиосон хотын удирдлагууд маань хор найруулж гарч
ирмэгцээ эсээ бичлэгийн уралдаан, шинэ жилийн цэнгүүн хоёрт л гол анхаарлаа
хандуулдаг их сургуулийн маань Оюутны зөвлөлийг эрхгүй санагдуулж билээ. Юмс
аль ч түвшиндээ яг адилхан байдаг гэж үнэн үг юм аа! Ядаж үдшийн цэнгүүн нь
Үнсгэлжингийн үлгэр шиг аз жаргалтай төгссөн бол хотын шинэхэн дарга
Су.Батболдын "Аз жаргалтай хот"-ын тухай үлгэрт үнэмших л байлаа.
Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй ч гэсэн, хотынхон маань найрсаг учраас л
өөрсдийг нь удирдах гэж ирсэн шинэхэн дарга нарыг уучилж, өршөөж, тэвчиж чаддаг
биз ээ.
|
3. “Авьяаслаг монголчууд шоуны ялагч бол... ЭНХ-ЭРДЭНЭ!”
|
|
Монголчууд нийтээрээ нэгхэн нэрийг ингэж сэтгэл
догдлон сонссон тохиолдол өөр ховор биз ээ. Эгэлгүй авьяастныг эрэхээс гадна
эгэл хүмүүсийн түүхийг нээх нь Авьяаслаг монголчууд шоуны бас нэг зорилго
байсан. Нэг нь дуулдаг, нэг нь бүжиглэдэг энгийн хоёр залуу шигшээ
шалгаруулалтад тунаж үлдэхэд “Хэн нь түрүүлэх бол оо” гэсэн хүлээлт нэгэн
үндэстнийг хөөрөн догдлуулсан юм.
|
2. “Тамхи татах, архи уух, секс хийх, энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм.”
|
|
Энэ бол өнгөрсөн
сонгуулийн үеэрх, хамгийн дуулиантай үг. Магадгүй үнэн үг ингэж “хатуу”
сонсогддог биз. Энэ дуулианы талаар олон үг нуршиж болох ч хамгийн сонирхолтой
нь бичлэгт гарч буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, бичлэгийг үйлдсэн УИХ-ын
гишүүн Г.Уянга, бичлэгийг нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүний суудалд горилогч
Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар цөм сонгуульд ялагджээ. Янжуур зуусан
Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордон доторх үйлдэл эрээгүй, ёс бус байсан ч
түүний санаачилсан “Тамхины хяналтын хууль” албан байгууллага, үйлчилгээний
газруудад өдгөө ч мөрдөгдсөн хэвээр байна. Орой үдэш болмогц уушны газруудын
үүдэнд “хуулиа дээдэлдэг” томоотой залуус тамхи баагиулан зогсож байдаг сан.
Чухам Эрдэнэчимэг авхай өөрөө л хуулиа дээдлээгүй болохоос биш, монголчууд чинь
“хуулиа дээдэлдэг” улс юм билээ.
|
1. “Ер нь нийслэлээс ойролцоогоор 60 тэрбумыг босгочихоор байгаа.”
|
|
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ингэж хэлжээ.
Араас нь залгуулаад МАН-ын дарга М.Энхболд “Одоо яг ийм яриа гараад байдаг.
2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би
намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан шүү дээ” гэж хээв
нэг хүүрнэсэн МАН-ын нууц бичлэг өнгөрсөн сонгуулийн хамгийн шуугиантай үйл
явдал байв. Гэвч сонгуулийн үр дүнгээс харвал монголчууд маань шуугихаас цааш
гавьдаггүй, уудам сэтгэлт ард түмэн гэдэг нь нотлогдсон. Сонгуулийн үеэр
МАН-ынхан “Энэ бол эвлүүлэг”, АН-ынхан “Энэ бол эвлүүлэг биш” гэж хэмлэлдсээр
дууссан энэ бичлэгийн эцсийн тодорхойлолтыг сонгуульд үнэмлэхүй ялалт
байгуулсныхаа дараа НИТХ-ын даргад нэр дэвшсэн Ц.Сандуй анхны хуралдаанаараа
“Энэ бол сонгуулийн гүтгэлэг” гэж тайлбарласан.
|
0 сэтгэгдэлтэй