Хязгааргүйн гүн рүү




Нутгаас гарснаас хойш гурван жил, 8000 км-ийн алсад явахад нь би “Caroline MOIREAUX” гэх өвөрмөц нэртэй франц бүсгүйтэй таарсан юм. Энэ бол хоёр жилийн өмнөх зун болсон явдал. National Geographic Traveler сэтгүүлийн америк редактор Эланд түүнтэй ярилцлага хийж байхад нь би томоотой ажиглаж суусан. Франц бүсгүй маань Улаанбаатарын төвд орших тансаг зоогийн газрын хүнгүй шахам танхимд бидний өөдөөс харж суугаад “Берингийн хоолойгоор дамжин Америк тив орно” хэмээн ярьж билээ. Холын Францаас нүүдэлчдийн нийслэл Улаанбаатар хүртэл алхаж ирсэнд нь итгэсэн мөртлөө умардын мөсөн хоолойгоор алсын Америк хүрнэ гэдэгт нь ер итгээгүй юм даг. 

Тэр шинэ ногооны зууш захиалсан. Бас урт аянд аяншиж ядраагүй харагдсан. Гурван жил хээрээр гэр хийж амьдарсан ч халбага сэрээгээ тун эвлэгхэн ашигласан. Аргагүй шүү дээ, франц бүсгүй юм чинь гэж бодсон. Бас Европ бүсгүй гэхэд дэндүү намхан нуруутай санагдсан. Тэр Couchsurfing.com гэх аялагчдын сүлжээгээр танилцсан, Улаанбаатарт гэртэй нэгэн монгол найзындаа байрлаж байгаа гэсэн. Үнэндээ тэрхүү монгол найз нь түүний тухай надад дуулгасан юм. “Дэлхийг тойрч яваа франц бүсгүй удахгүй Улаанбаатарт ирнэ. Бүр манайд байрлана. Та нар ярилцлага авахгүй юм уу” гэж манай редакц руу зурвас дайсан хэрэг. Тэгж л дэлхийг тойрогчтой танилцсан юм. 

Ярилцлага бараг цаг шахам үргэлжилсэн. Би томоотой суугаад л байсан. Ярилцлага дуусахад тэр баяртай гэж хэлээд яваад л өгсөн. Удахгүй ярилцлага нь ч сэтгүүл дээр хэвлэгдсэн. Гэхдээ дөнгөж дөрөвний нэг нь. Үлдсэн хэсгийг нь би хэзээ нэг өдөр орчуулна даа гэж бодоод л байсан. Гэтэл хоёр жил яах ийхийн зуургүй өнгөрчихсөн. Ингээд түүний бүтэн ярилцлагыг гурав хоног суун байж орчуулсны дараа www.piedslibres.com гэх цахим хуудас руу нь нэвтэртэл Каролин маань нээрээ л Америк тивд явж байгаа харагдав. 25 мянган км замыг туулжээ. Тэр өнөөг хүртэл ухарч няцаагүй юм байна. Гэтэл би энэ хугацаанд хэчнээн ч удаа бууж өглөө дөө.


Яриагаа таны аялал эхэлсэн газраас эхэлье гэж бодлоо?

Би Францын Жюро хэмээх буйд тосгонд өсөж торнисон. Швейцарын хилийн ойролцоох, Женев хотоос бол тийм ч холгүй орших, зуугаадхан хүн амтай жижиг суурин. Эндээс л би аяллаа эхэлсэн дээ. Ийнхүү дөрвөн өдөр алхсаны эцэст Швейцарын хил хүрсэн. Анхнаасаа шууд дорно зүгийг зорьсон нь их энгийн учир шалтгаантай. Хэрэв урт удаан аянд мордох гэж буй бол хэн л төрж өссөн нутаг орноороо удаан аялахыг хүсэх билээ дээ, хурдхан шиг л харь улсад очихыг хүсэх байсан нь мэдээж.

Дэлхийг явган тойрох санаагаа анх хэрхэн олж байсан бэ?

Үнэнийг хэлэхэд, энэ миний санаа байгаагүй ээ. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Австралид жил хэртээ амьдарч байхдаа хэсэг франц залуус дэлхийг явган тойрох гэж буйг олж мэдсэн юм. Тэрхэн үедээ тэдний яриаг сонсоод “Явган аялна гэж үү дээ! Яаж ийм зүйл сэдэж олдог байна аа?” гээд л учиргүй гайхаж билээ. Удалгүй цахим хуудсаар нь зочилж, зурагтын ярилцлагуудыг нь үзэж сонирхтол мөнөөх залуус бүгдийг урьдчилан тооцоолж, сайтар бэлдсэн нь анзаарагдсан. Тэдний аялал эхлэхэд ердөө хоёрхон сар л үлдсэн байв. Дараахан нь би Франц руу буцаж, хуучин ажилдаа эргэн орсон. Ингээд жил орчмын дараа юм уу даа, “Нөгөө залуучууд яасан бол?” гэж бодоод цахим хуудсыг нь сонирхтол тэднээс хоёр нь л аяллаа үргэлжлүүлж байсан. Харин зарим нь Францдаа эргээд ирчихсэн, зарим нь өөр адал явдалд хөтлөгдөн дараагийн аялалдаа гарсан байв. Би аяллаа үргэлжлүүлж буй хоёр залуугийн нэгтэй нь фэйсбүүкээр холбогдоод “Хоёулхнаа үлдээд цааш аялах ямар байна даа?” гэж асуутал тэр залуу “Үнэхээр гайхалтай байна” гэж хариулсан. Тэр залуугийн, аялах явцдаа бүтээсэн баримтат киног үзэж сонирхтол нээрээ л “үнэхээр гоё” санагдаж билээ. Удалгүй би Шинэ Зеланд руу зургаан сарын хугацаатайгаар явах болсон бөгөөд дараагаар нь Японд хагас жил ажиллаад Австралид очсон. Чухам хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч тэгэхэд л би оюун санаандаа өөрчлөгдөж эхэлсэн байх. Нэг өглөө орноосоо босоод “За гүйцээ, би дэлхийг явган тойрох болно” гэж бодож эхэлсэн. Товчхон өгүүлэхэд, нэг иймэрхүү л юм болсон юм даа.

Аялалдаа бэлдэх амаргүй байсан байх?

Үнэндээ ийм аялалд би бэлэн биш байсан. Өмнө нь, аль нэг тийшээ явахаар бол ядах юмгүй шийдэж чаддаг байв. Тухайлбал, Австрали руу явах шийдвэрийг онгоцоор нисэхээс хоёр юм уу гурван долоо хоногийн өмнө гаргасан. Гэвч дэлхийг тойрно гэдэг бол сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш. Бэлдэх зүйл тоймгүй их байлаа. Учир нь би ийм аяллын тухай юу ч мэдэхгүй шүү дээ. Хувцас хэрэглэл, майхан савны тухай бол бүр ярилтгүй. Ядаж байхад би спортоор ч хичээллэдэггүй байв. Бусад шиг л ажил, ажил гэсээр өдөр хоногуудыг үрдэг. Хээрийн аялалд бараг явж байсангүй, жилдээ нэг удаа хаа нэг тийш 25 км алхдагийг эс тооцвол явган аяллын ямар ч туршлагагүй нэгэн байв. Бүр иймэрхүү зүйлд цаг зав гаргана даа гэж хэзээ ч төлөвлөж байсангүй. Ингээд нэг жилийн хугацаанд бэлтгэлээ базаасан. Бүгдийг эхнээс нь сурч эхэллээ. Би Европ тивээ таньж мэдсэн, дараа нь Гүржийг мэддэг болсон. Өмнө нь Гүрж улс газрын зураг дээр хаана байрладгийг хүртэл мэддэггүй байлаа. Дараа нь аяллынхаа зам жимийг гаргахдаа Тажикстан, Узбекстан, Кыргызстан, Туркменистан гэх мэт, амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй улс орнуудын тухай олж мэдлээ. Ийнхүү хагас жилийн хугацаанд аяллынхаа маршрутыг боловсруулсан. Эхлээд би Энэтхэг хүрээд Зүүн Азийн улсуудаар аялахыг хүссэн ч Пакистан гол асуудал болж хувирсан. Иранаас Энэтхэг хүрэхийн тулд заавал Пакистанаар дайрах ёстой. Гэтэл Пакистан руу нэвтрэх боломж хомс. Мэдээж бүр боломжгүй зүйл биш боловч Францын элчин сайдын яамнаас батлан даалт гаргаж өгдөггүй учраас виз авахад хүндрэлтэй гэв. Бас би Номхон далайг дөт замаар гатлахын тулд Берингийн хоолойгоор явахыг хүсэж байлаа. Азийн зүүн хязгаарт хүрээд тэндээсээ умардыг зорин Хятадыг хөндлөн гулд туулах алсын төлөвлөгөөтэй байсан ч Хятадын визийг нэг жилийн хугацаатай авах боломжгүй гэсэн тул энэ санаагаа орхисон. Өөр янз бүрийн хүндрэлүүд ч байсан. Ингээд өөр замаар аялахаар шийдэж, Тажикстан, Узбекстан, Кыргызстан гэсэн огт мэдэхгүй улс орнуудыг өөртөө нээсэн дээ. Би эргэлзэж тээнэгэлзэлгүй, “Тэгвэл үүгээр л явъя” гээд амархан шийдчихсэн. Тэгээд л энд, Монголд ирчихсэн явж байна даа.

Дэлхийг тойрно гэдэг бол бэрх аялал. Аюул ослоос айж эмээсэнгүй юу?

Хэн ч аюул ослыг урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ сайтар бэлдэж, бүгдийг төлөвлөж чадвал хүн бүр ийм аялалд бэлэн гэсэн үг. Жишээ нь, би бусдад тонуулж, дээрэмдүүлж магадгүй л юм. Энэ тухай өмнө нь олон удаа бодож үзсэн, тохиох магадлалтай гэдгийг нь ч ойлгож ухаарсан. Тэгээд одоо яах ёстой гэж? Би энэ талаар хангалттай бодсон учраас одоо бол чухал санагдахаа больсон. Аюул осол хэдийд ч тохиож мэднэ шүү дээ. Тиймээс айх хэрэггүй, угаасаа айж эмээнэ гэдэг утга учиргүй зүйл гэж хэлэх байна. Надад юу ч тохиолдсон, аюул осолтой нүүр тулахад би бэлэн үү гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэж бодоход шантарч мохож болохгүй. Надад тохиолдсон зүйл өөр хаана ч тохиолдож болох байсан. Хэрэв хэн нэгэн намайг хөнөөвөл мэдээж би хорвоог үүрд орхино. Магадгүй эх нутагтаа, угаалгын өрөөнийхөө усанд ордог онгоцон дотор санамсаргүй хөл алдаад амиа алдаж ч болох учраас ирээгүй үхлийн өмнөөс урьдчилж шанална гэдэг утгагүй хэрэг. Дотоод мөн чанар, оюун санаандаа амар амгалан байж чадвал хүршгүй газар гэж үгүй. Мэдээж аялалд юу өөрийг чинь хүлээж буйг мэдэж байх нь чухал. Зайлшгүй тохиох зүйлсийг хүлээн зөвшөөрч, түүнд бэлэн байх хэрэгтэй. Эд бүгдийг ойлгож ухаарвал хүн бүр аялалд бэлэн гэсэн үг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, аяллын турш би ганцаараа яваагүй ээ. Хорватад гурван долоо хоног, Монголд нэг долоо хоногийг л эс тооцвол аяллын турш хэн нэгэн хажууд минь хань болж явсан.

Гурван жилийн турш явган аялна гэдэг урт хугацаа шүү?

Тийм ээ. Гэхдээ аялал эхэлснээс хойш хоёр жил хагасын дараа гэрийнхэнтэйгээ уулзахаар Франц руу буцаж хэдэн сарыг өнгөрөөсөн. Бас Хятадын виз хөөцөлдөх шаардлагатай байв. Тэгэхэд эгч маань аль хэдийн ээж болчихсон байж билээ. Удаан хугацааны дараа гэртээ эргэн зочлох үнэхээр сайхан байсан. Гэвч аяллаа үргэлжлүүлэхийн тулд гэрээ дахин нэг удаа орхин явсан даа.

Ер нь виз авахад хүндрэл бэрхшээл их тохиолдож байв уу?

Энэ бол хоёр талтай асуудал юм шиг санагдсан. Жишээ нь, виз авах нь зарим тохиолдолд хэцүү байхад зарим үед туйлын амархан байдаг. Миний хамгийн эхний виз Азербайжаных байсан. Франц хүмүүс ихэнх улс орон руу визгүй зорчдог учраас анхны визээ даруулахад хүндрэл тохиолдоогүй. Азербайжан жижигхэн улс тул нэг сарын аяллын виз хангалттай байв. Харин Ираны визийг Туркийн Трабзон хотоос их амархан авдаг юм билээ. Тийм учраас би Турк руу буцаж, хураамжаа төлөөд нэгхэн өдрийн дотор визээ даруулсан. Ер нь нэг удаагийн аяллын виз хүсэхэд ихэнх орны виз хялбархан гардаг. Бас хурдан. Консулын ажилтантай уулзаад виз хүсэж буй гэдгээ мэдэгдэн хураамжаа төлөөд л болоо. Ийм амархан зүйл. Харин урт хугацаагаар виз хүсэхэд хүндрэл бэрхшээлүүд ундарч эхэлдэг. Зарим орноос ийм виз хүснэ гэдэг бэргэж халширмаар бөөн ажил болдог сон. Тухайлбал, Монгол руу ирье гэвэл нэг сарын визийг хялбар авч болох төдийгүй дахин нэг сараар сунгуулахад 20 минут л хангалттай боловч заавал Улаанбаатар хотод очиж сунгуулах хэрэг гарсан. Гэтэл би чинь Монголын баруун хязгаар нутгийн хилийн дээсийг Хятадын нутгаас давж байгаа шүү дээ. Хилийн шугамаас Улаанбаатар хот хүртэл бараг мянгаад км. Хэрэв би гурван сарын визтэй Монгол руу орж ирсэн бол 7 хоногийн дотор визээ бүртгүүлэх ёстой болох байсан. Улаанбаатар хот руу ийм богино хугацаанд алхаж явна гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл. 200 доллар төлөөд нисэж болох л байсан, гэвч яавч тэгж болохгүй байв. Би чинь өдөрт хоёр еврогийн төсөвтэй хүн шүү дээ. Тийм учраас аяллын арга барилаа бага зэрэг өөрчлөхөөр шийдэж унадаг дугуй худалдаж авсан. Тосонцэнгэл хүртэл дугуйгаар явж, тэндээсээ Улаанбаатар руу автобусаар зорчсон. Одоо визээ сунгуулчихсан тул Тосонцэнгэлд эргэн очоод Монгол дахь аяллынхаа үлдсэн хэсгийг каноэ завиар туулна.

Алхсан, унадаг дугуй унасан, одоо каноэ завь. Дэлхийг тойрох аялалд тань ээлжит адал явдлууд дуусахгүй бололтой?

Монголын хилээр орж ирснээсээ хойш 866 км замыг хоёр долоо хоногийн хугацаанд явган болон унадаг дугуйгаар туулжээ. Одоо Тосонцэнгэлээс Оросын хил хүртэлх 1000-аад км газрыг сарын турш завиар туулна. Идэр голыг уруудаж хөвсөөр Сэлэнгэ мөрөнтэй нийлэх юм. Энэ хооронд хамт аялж буй найз маань дугуйгаа унасаар над дээр хүрч ирэх бөгөөд бид хамтдаа Орос орноор үргэлжлүүлэн аялна. Би аялал эхлэхээс өмнө энэ аяллын турш ямар ч моторт хэрэгсэл ашиглахгүй гэж хатуу шийдсэн юм. Гэвч энэ үзэл санаа маань Иранд нуран унасан. Иран ер бусын сэтгэл татам орон. Гэтэл энд л аяллын маань чигч шугам тасалдсан юм. Туркменистаны хилээс 100 км-ийн зайд цагдаа намайг саатуулж, тагнуул байж болзошгүй гэсэн үндэслэлээр өдөр бүр цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгч байхыг шаардсан. Аагим халуун говь цөлийн дундуур үүргэвч үүрээд алхаж яваагийн минь учрыг тэд ерөөсөө ойлгоогүй. Цагдаагийн газар байцаагдсан тэрхүү долоо хоног яг л гэмт хэрэгтэнтэй кино шиг санагдсан. Хөгжөөнтэй ч юм шиг. Гэвч Иранд байгаа бол, энгийн инээдтэй зүйл хоромхон хугацаанд эмгэнэлтэй зүйл болж хувирдгийг мартаж болохгүй. Ингээд явж явж эцэст нь тэд Ираны нутаг дэвсгэрээс явган юмуу дугуйгаар гарч болохгүй гэсэн түрэмгий шийдвэрээ тулгасан. Уг нь автобусаар зорчиж болохыг зөвшөөрсөн ч Туркменистаны виз авах хугацаа үлдээгүй тул нисэхээс өөр аргагүйд хүрсэн. Өмнө нь визээ сунгуулчихсан, мөн Иранд ирээд дөрвөн сарын хугацааг өнгөрүүлчихсэн тул дахин визээ сунгуулах боломжгүй болчихсон байв. Би цагдаагийн газар асгартал уйлсан. Аргагүй шүү дээ, тэр цаг мөч хүртэлх сөөм газар бүрийг мэрж алхсан шүү дээ. Уг нь надад маш том мөрөөдөл байсан. Далайг сэлж гатлах боломжгүй учраас эх газраар сажилж яваа л бол сөөм газар бүрийг алхаж туулан, дэлхийг тойрно доо гэж мөрөөддөг байв. Би чадна гэдгээ ч мэдэж байсан. Гэвч Иран орон миний мөрөөдлийг балласан. Одоо миний аяллын зам мөрд тасарч алсарсан том орон зай бий. Туркменистаныг явган туулж чадаагүй. Шууд Узбекистан руу нисчихсэн хэрэг. Тэндээс би Туркмений хил дээр очоод хилийн зурвасаас аяллаа үргэлжлүүлсээр Узбекистан, Тажикстан, Кыргызстан, Казахстаны нутаг дэвсгэрийг явган туулсан. Магадгүй хэзээ нэг өдөр аяллынхаа тасарсан зам мөрийг эргэн нөхөж ч болох юм. Казахстаны хилийг явган нэвтрэх хориотой тул хоёр км газрыг автобусаар туулсан. Үл тасалдах учиртай жим харгуй минь энд дахин нэг удаа тасарсан. Ийнхүү Казахстаны нутаг дэвсгэрийг туулж байхдаа, завсраар нь Франц руу буцсан бөгөөд тэнд Хятадын визээ хөөцөлдсөний дараа Казахстанд эргэн ирж, улмаар Хятадын нутгаар бадарчилсан даа.

Дараа нь та Монголд ирсэн байх аа?

Тийм ээ. Монгол бол ер бусын сайхан орон. Анх Монголын хилээр орж ирүүтээ, ойролцоо орших жижигхэн толгод дээр гарч зогсоод Монгол орныг шунамхайран ширтэхдээ өөрийн эрхгүй “Хөөх” хэмээн уулга алдаж билээ. Хүчит давалгаа сэтгэл дотор минь хуйлран эргэлдэх шиг болсон. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү. Энэ бол ер бусын хүчтэй мэдрэмж. Цэлгэр уудам нутаг, цардмал зам, цэнхэртэн харагдах уулс. Энэ бүхэн яг л уудам зэлүүд орон зайд ороод ирчихсэн мэт мэдрэмж төрүүлсэн. Тиймээс би гурван өдрийн турш бахдал бишрэлээ барьж дийлээгүй. Гэвч удалгүй Монгол орны өөр нэг төрхийг өөртөө нээсэн. Тэр нь хахир хатуу төрх. Би туйлдаа хүртэл ядарсан. Монгол орноор аялах үнэхээр бэрх хэцүү шүү. Засмал замаар унадаг дугуйтай давхих амархан боловч шороон зам хамаг хүч тамирыг минь шавхсан. Говь цөл, хуурай салхи, халуун элстэй тэмцэлдсэн. Говь нутгийн элсэрхэг хөрсөн дээгүүр унадаг дугуйгаар явахын хэцүүг яриад ч хэрэггүй биз. Элсэнд шигдэх бүртээ хээрийн салхи, халуун агаар хоёртой сөргөлдөн, унадаг дугуйгаа түрж алхдаг байв. Ингэж алхахад ам хатаж, ангаж эхэлдэг. Заримдаа замын унаанаас ундны ус гуйж байсан боловч өдөртөө арваадхан машин явж өнгөрдөг байв. 

Ер нь аяллын турш юу идэж ууж байсан бэ? Энэ бүх хүнд хэцүү нөхцөл бие организмд тань сөргөөр нөлөөлж байв уу?

Дугуй унаж буй үед сульдаж ядардаг учраас шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх учиртай. Гэвч тэгж чадаагүй ээ. Алхаж буй үед ходоод хоосон ч аяллаа цааш үргэлжлүүлж болдог. Харин дугуйгаар аялж буй бол тэгэх аргагүй. Алдсан хүч тамираа нөхөхийн тулд уураг ихтэй хоол идэх ёстой боловч үүргэвчиндээ тийм төрлийн хүнс авч гараагүй тул ядарч туйлдсан. Бүр цөхөрч гүйцээд байв. Орой бүр нүүр нүдгүй шуурдаг говь нутгийн аагим халуун агаар нь тэвчиж суухын аргагүй болгодог сон. Хамт явж байсан найзын маань дугуй замдаа эвдэрснээс болж сүүлийн нэг долоо хоногийг би ганцаараа аялахад хүрсэн. Ийнхүү амьдралдаа анх удаа юуны тулд аялж байгаагаа өөрөөсөө асууж эхэлсэн. Ийм зүйл өмнө нь тохиож байгаагүй тул үнэхээр цочирдсон. Аяллын турш олон хүн надаас “Чи шантарч болих тухай бодож байсан уу? Юуны тулд аялж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуудаг уу?” гэж сонирхдог байлаа. Тэгэх бүрийд нь би “Өөрөөсөө ч асууж үзээгүй эдгээр асуултыг хүн бүр яагаад надаас асуудаг юм бол оо” гэж хариулдаг сан. Аялал бол миний хувьд, амьдралын энгийн л нэг дадал. Зарим нь намайг зоригтойдоо аялдаг гэж боддог. Үнэндээ энэ нь тийм ч зориг шаардахаар зүйл биш шүү дээ. Аялал надад таалагддаг учраас хэзээ ч халширмаар санагдаж байгаагүй. Гэтэл амьдралдаа анх удаа аяллынхаа утга учирын талаар эргэцүүлж бодсон. Сэтгэл минь нэг л тавгүйтчихсэн. Ингээд маргааш нь Улиастай ороод хоёр голланд хүнтэй тааралдсан. Эмэгтэйд нь би цөхөрч байгаагаа хэлтэл тэр бүсгүй “Зүгээр дээ. Энэ чинь Монгол шүү дээ. Туршлагатай аялагч бүр Монгол оронд ирээд цөхрөлийг мэдэрдэг. Зарим нь бууж өгдөг, зарим нь яг чам шиг эргэлздэг. Энэ бол бичигдээгүй хууль. Монгол бол хахир хатуу, халгаж бэрхшээмээр орон шүү дээ. Хэрэв аяллаа шууд Монголоос эхэлсэн бол хүмүүс даваад туулчихдаг. Харин аяллынхаа дунд хэсэгтээ Монголд ирвэл цөхөрч гүйцдэг. Тиймээс бүү шантар. Хүн бүр энэ мэдрэмжийг туулаад гардаг юм шүү дээ” хэмээн хариулж билээ. Энэ үг намайг зоригжуулсан.

Аялах явцдаа ааш зан сайтай олон айлаар зочилж байв уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Аяллын эхний өдрөөс хойш газар бүрт намайг гэртээ зочлооч хэмээн урьж байсан. Заримдаа нэг хононо, заримдаа хоёр гурав ч хонох үе бий. Заримдаа урьсан айлдаа ороод цай уугаад л гардаг байсан. Гэтэл Казахстанд очиход хүмүүс нь тийм ч найрсаг хандаагүй. Гаднын хүнээс айж бэргэж байгаа нь илт мэдрэгдсэн. Эцэг эхчүүд бидний ойролцоо байсан бяцхан хүүхдүүдээ хашгирч дууддаг байв. Сонин байгаа биз. Энэ улсад юу тохиолдоо вэ гэж асуумаар санагдсан. Гэхдээ Казахстан дахь аяллын төгсгөлд бидэнд аз дайрч тун ч найрсаг, элэгсэг хүмүүстэй уулзаж танилцсан шүү. Тэд биднийг гэртээ урьж, хамаг байдгаараа дайлж цайлсан. Ингээд сайхан дурсамжтайгаар Казахстаныг орхисон доо. Дараагийн очсон улс бол Хятад.

Хятадад ямар байсан бэ?

Бас л адилхан. Нэг эмэгтэй цайгаар дайлсныг эс тооцвол хэн ч биднийг уриагүй. Алхахад амар бөгөөд хурдан байдаг учраас ихэнхдээ засмал зам дагуу алхдаг юм. Гэвч Хятадад яг энэ маягаар алхах нь залхаж төвөгшөөмөөр зүйл болж хувирсан. Хятад хэл сурах боломж олдохгүй байв. Ядаж байхад хэн ч бидэнтэй юм яриагүй. Уг нь би гадаад хэлийг хурдан ойлгож сурдаг юм. Гурван долоо хоногийн дараа гэхэд тухайн орны хэлээр өөрийгөө танилцуулах чадвартай болчихдог төдийгүй ядаж нэг долоо хоногийн дараа нутгийнхны юу асууж шалгаагаад байгааг ойлгож сурдаг. Тэгвэл яг одоо надаас “Хэрэг зориг чинь юу вэ?” гэж хятадаар асуувал би лав ойлгохгүй.  

Монгол хэл сурахад хүндрэлтэй байв уу?

Байлгүй яахав. Уг нь надад монгол хэлний ярианы дэвтэр байсан ч үгнүүдийн дуудлага үнэхээр хэцүү юм билээ. Үгээ ялгаж сонсохгүй бол ярьж сурахгүй шүү дээ. Гэтэл монгол хүмүүс алсаас хараад л байхаас биш, ойртож ирээд яриа хөөрөө үүсгэдэггүй байсан. Би тэдэнтэй танилцаж ярилцмаар байдаг, гэвч тэд маань миний хөдөлгөөн бүрийг нүдээ цавчилгүй ажигладаг байв. Гойд сониуч зантай улс шүү. Магадгүй тэд юу асуухаа мэддэггүй, эс бөгөөс бусдад саад учруулахгүй гэж хичээдэг байх. Заримдаа би ярианы дэвтрээ гаргаж ирээд “Францаас ирсэн” гэдгээ монголоор хэлмэгц тэд номыг минь сониучирхан хараад харилцан ярианы хэсгээс нь өөрт хэрэгтэй үг өгүүлбэрийг хайж эхэлдэг. Тэгмэгцээ “Та гэрлэсэн үү” гэх мэт асуултыг хуруугаараа заагаад надаас хариулт хүлээдэг. Би асуултад хариулмагц тэд энэ үйлдлээ эхнээс нь давтдаг. Ер нь л хөгжилтэй шүү. Тийм учраас нүүр хагарах эхний алхмыг би өөрөө түрүүлж тавьдаг байв. Учир нь монголчууд бүрэг даруу талдаа улс. Тэд миний хаанаас ирсэн, ямар хүн болохыг ихэд сонирхдог боловч асуухаас илүүтэй ажиглахыг илүүд үздэг юм шиг санагдсан.

Жуулчдын очиж сонирхдог газруудад бараг очиж үзээгүй гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

Жуулчдын очих дуртай газруудад төдийлөн очоод байдаггүй. Би том хотуудаар биш, голдуу буйд хөдөө нутгаар бэдрэх дуртай. Алслагдмал гацаа сууринд амьдардаг эгэл хүмүүсийн энгийн амьдралыг сонирхох нь тааламжтай санагддаг. Жишээ нь Улаанбаатар бол миний хувьд, тийм ч сонирхууштай газар биш. Парист байдаг олон зүйлийг, тэртусмаа амьдралын ижил хэв маягийг эндээс мэдэрч болно. Адилхан нийслэл хотууд шүү дээ. Тэгвэл хотоос зайдуу хөдөө нутагт очвол жинхэнэ эгэл борог амьдралыг мэдрэх боломжтой. Аяллын маань сайхан үүнд л оршдог. 

Та монгол малчин айлд хоноглож үзсэн үү?

Нэг удаа тэгж хонож үзсэн шүү. Тэгэхэд хүчтэй шуургатай өдөр байсан. Тэрхүү малчин айлынд явж ороход англиар ганц хоёрхон үг мэддэг бяцхан сурагч охин биднийг ирсэнд тун ч баярлаж байгаа нь анзаарагдсан. Тэр миний ярианы дэвтрийг ашиглан надтай хэд гурван үг сольж чадсан. Яг үнэндээ бид тэднийд биш, саахалт айлынд нь зочилсон юм. Гэтэл өнөөх өхөөрдөм охин ээжээсээ зөвшөөрөл авч ирчихээд “Манайд заавал ор л доо” хэмээн чин сэтгэлээсээ гуйж билээ. Ер нь тэр охиныг эс тооцвол айлын бусад хүн бидэнтэй юу ч яриагүй. Гэхдээ монгол гэрт хонох нь ер бусын сайхан санагдсан. Монгол гэрийн тооно, багана киргиз, тажик гэрээс өөр юм билээ. 

Монгол хоол идэж үзсэн үү?

Урт хэрчсэн гурилтай, цуйван гэх хоолыг замын гэр гуанзанд амсаж үзсэн. Уг нь унд цай олоод уучих санаатай тийш орсон боловч гуанзны эзэгтэй гоймон шиг урт нарийхан гурилаар хоол бэлтгэж байсан юм. Тэгтэл гаднаас гурван бадриун эр орж ирснээ таваг дүүрэн цуйван захиалаад арааны шүлс гоожтол амтархан идэж билээ. Бид хоёр дундаа нэг цуйван захиалж үзэв. Таваг дүүрэн хоол ердөө хоёрхон еврогийн үнэтэй байсан. Гэхдээ намайг юу хамгийн ихээр гайхшируулсан гээч! Өнөөх гурван эр кэтчупийг бараг шөл шиг “ууж” байв. Тэд тавагтай цуйвангийнхаа дээрээс кэтчупийг бялхтал нь гоожуулсан. Ингэж л иддэг юм байх гэж бодоод тэднийг дуурайн кэтчуп гоожуулж идэхэд цуйван маань бүр ч амттай болчихсон шүү. Кэтчуп халуун ногоотой байсныг ч хэлэх үү! 

Ямар ч л байсан монгол хоол, америк бүтээгдэхүүн хоёрыг нэг дор хэрэглэж байгаа нь инээд хөгжөөнтэй санагдсан. Иймэрхүү этгээд сонин хоршлыг Монголд олон харж болно. Монгол дээл өмсчихөөд бейсболлын янки малгай духдуулчихсан хөдөөний эрийг харж л байлаа. Гэхдээ Монголд энэ мэт хоёр өөр соёл хоорондоо харшилдаж бус, анхнаасаа яг ийм байсан мэт нэгэн цул болж харагддаг нь сонин. 

Монголчууд Франц руу аялахыг мөрөөддөг. Харин эсрэгээрээ францчууд Монгол орны юунд татагдаж ирэх бол?

Улаанбаатарт олон франц хүн амьдардаг юм шиг санагдсан. Гудамж талбайгаар нь гадаадууд олноороо холхисон ийм хот өмнө нь харж байгаагүй шүү. Арав алхаад л нэг гадаад хүнтэй таарч байсан. Бараг хоёр гадаад хүний нэг нь франц хүн байх магадлалтай юм байна гэж хошигнож бодсон. Миний хувьд Монгол бол эрх чөлөөний орон. Бид Францдаа эрх дураараа амьдардаг л даа. Гэхдээ миний хэлэх гээд буй санаа бол энэ биш. Монгол орон хязгааргүй уудам орон зайтай. Хэдэн мянганы турш хээр талаар нүүдэллэж ирсэн сүүлчийн нүүдэлч түмнийг энд харж болно. Тийм ч учраас Монгол бол нүүдэлч түмний оюун санаа, уудам тал нутгийн сүүлчийн лугших судас. Нутаг нэгтнүүд маань тал нутгийн энэ мөнхийн хөдөлгөөнийг зогсож үгүй болохоос нь өмнө зорьж харахыг хүсэж байгаа. Магадгүй энэ өв соёл нэг л өдөр уусаж алга болно. Шандаст сайн хүлэг морины хурдаар тэнгэрийн хаяа хүртэл сунан тогтсон уудам нутгийг хараачлан давхих нь франц хүмүүсийн хувьд мөрөөдөл нь юм. Гэвч Монгол руу аялах дэндүү өртөг өндөртэй. Миний бодлоор, бараг хүн бүр Монгол хаана байдгийг мэддэг. Жишээ нь би аялалд гарахын өмнө Казахстан гэж улс хаана байдгийг мэддэггүй байсан хэрнээ Монголыг газрын зураг дээр зааж чаддаг байсан. Үүнтэй адил франц хүн бүр Монгол хаана байдгийг сайн мэддэг. Учир нь энэ улс бол эрх чөлөө, энгүй уудам тал, эхлэл төгсгөлгүй буйд орон зай юм. Монгол орон бусад улсаас нэг л өөр байдаг. Иран, Казахстаны цөлөрхөг нутгаар бэдрэн явахдаа тэндхийн олон зүйл хоорондоо ижил байгааг анзаарсан. Харин Монгол бол тийм биш. Төрх байдлаараа ч хахь ондоо. Чухам юу гэж тайлбарлахаа хэлж мэдэхгүй байна. Би Итали, Иран, Казахстан зэрэг олон оронд очиж үзсэн. Эд хоорондоо их төстэй. Хэрвээ би яг одоо аль нэг улсын байгалийн зургийг гаргаж ирээд “Энэ ямар улс вэ?” гэж асуувал хэн ч хариулж чадахгүй. Гүрж ч юм шиг, Итали ч юм шиг, Иран ч юм шиг санагдана. Харин Монгол бол тийм биш. Магадгүй Монгол орон илүү нууцлаг, илүү алс, илүү уудам байж болох юм. Монголоор аялсан хугацаандаа зөвхөн энэ асуултад хариулах гэж өчнөөн удаа бодсон боловч энэ бол хариулт нь олддоггүй, ярвигтай асуулт юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдхэн өдрөөр ирээд буцдаг жуулчдад бол миний яриад байгаа зүйл их ойлгомжгүй санагдана л даа. Тэдэнд үүргэвчээ үүрээд, уудам нутгаар тэнүүчлээд үз гэж зөвлөе. Монгол бол хаашаа ч явсан, зэлүүд хоосон нутаг. Эсвэл дүүрэн ч байж мэднэ. Хоосон орон зайгаар дүүрэн орон. Хэдэн мянган км үргэлжилсэн хязгааргүй уудам, зэлүүд, цэлгэр, тэнүүн нутаг. Надад лав ингэж санагдсан. Би одоо ч бахдал бишрэлээ барьж дийлээгүй явна. 

Монголд ирээд ямар нэгэн бэрхшээл сорилттой нүүр тулгарсан уу?

Одоохондоо үгүй ээ. Ер нь би юм бүрийг аюул осолтой талаас нь хардаггүй. Магадгүй зэлүүд говь цөл дундуур алхаж байх үеэр муу зүйл тохиолдож болох л юм. Мэдээж тэгвэл аюултай байдалд орно гэсэн үг. Гэхдээ би замын унаанаас тусламж хүсэх боломжтой шүү дээ. 

Аялал эхлэхийн өмнө Монголын тухай их зүйлийг судалж мэдсэн байх? Цаасан дээрх судалгаа, бодит байдал хоёрын хооронд хэр их ялгаа гардаг вэ?

Харин ч бага судалсан шүү. Учир нь би аль нэг улс оронд очихын өмнө аль болох бага мэдээлэлтэй байхыг зорьдог. Туршлагатай аялагчдын тэмдэглэлийг хүртэл уншдаггүй. Тэдний заавар зөвлөгөөнд хэт их автаж магадгүй шүү дээ. Монголын тухай миний мэддэг бүх зүйл гэвэл Монголд ирээд үзэж харсан бүхэн минь юм. Монголд шинэс мод ургадаг гэдгийг өмнө нь мэддэггүй байлаа. Тэгвэл шинэсэн ойг нүдээр харах үнэхээр гоё санагдсан. Өмнө нь би Монголыг ой модгүй, хээр тал зонхилсон газар нутагтай гэж боддог байв. Аргагүй шүү дээ, европ хүмүүст Монгол гэхээр адуун сүрэг бэлчсэн тал нутаг л буудаг. Тэгтэл Монголд элсэн манхан, ой тайга, нуга хөндий, ангал хавцал, цавчим уулс бий. Алтайн нуруунд гэхэд мөсөн гол байдаг гэж сонссон. Тэгэхээр Монгол орон зөвхөн тал нутгаас бүрддэггүй байгаа биз.

Монгол орны өөр юу таныг гайхшируулсан бэ?

Хятадаар явж байхад хэн ч намайг найрсгаар хүлээж аваагүйд ер гайхаагүй атлаа Монголд яг ийм байдалтай нүүр тулмагцаа учиргүй гайхаж балмагдсан. Учир нь монголчууд найрсаг дулаан харилцаагаараа дэлхий дахинд алдартай шүү дээ. Гэвч хөдөөгийн малчин айлууд надтай элэгсэг дотно харьцаагүй ээ. Тэд ойртож дотносохыг ч хүсээгүй. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Өөр олон хүнээс монголчуудын найрсаг зочломтгой зангийн тухай сонсож байсан. 

Аялал таны хувьд ямар утга учиртай вэ? 

Яг үнэнийг хэлэхэд заримдаа би өөрийгөө аялж байна гэж боддоггүй. Амьдралын минь энгийн өдрүүд юм шиг л санагддаг. Аялах зуураа “амьдарч байна” гэсэн үг. Тийм ч учраас би өөрийгөө жуулчилж байна гэж боддоггүй. Заавал үзэх ёстой газруудыг хам хум үзчихээд баахан мөнгө үрсэн болоод эх нутагтаа эргэн очдог жуулчдын амьдрал надад тохирохгүй. Миний эрж хайж яваа зүйл ч энэ биш. Миний гэр бол дэлхий ертөнц бүхлээрээ юм. Би өдрийг аялж биш, амьдарч өнгөрөөдөг. Аялал бол миний хувьд хүн бүр өглөө нойрноос сэрдэг шиг энгийн зүйл. Би хүссэн үедээ энэ аяллаа орхиж болно. Би хэн нэгнээс дэмжлэг аваагүй учраас хэнээс ч хараат бус гэсэн үг. Магадгүй энэ бүхнээс уйдаж залхвал маргааш ч гэсэн бүгдийг хөсөр хаяж чадна. Хэрэв би хүсэх л юм бол галт тэргээр зорчиж, нисэх онгоцоор дүүлэн хөөрч болно. Би бусдын адил энгийн даруухан амьдарч ирсэн, бүр 30 нас хүртлээ. Магадгүй амьдралынхаа дараагийн арван жилийг яг энэ хэв маягаараа өнгөрөөж ч болох юм. Эцэст нь дахиад хэлье, би өөрийгөө аялж байна гэж боддоггүй. Аялал бол миний хувьд өдөр тутмын энгийн амьдрал юм. 

Дэлхийг тойрохын тулд хувь аялагч өөрийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ?

Хэрэв явган аялах гэж буй бол байгаль дэлхийг бахдан биширдэг байх ёстой. Би хээр хөдөө хонож, хүмүүстэй уулзаж нөхөрлөн, байгалийн сайханд “амьдрах” дуртай. Явган аялна гэдэг өөрөө их сайхан зүйл. Хүн алхаж буй үед л эрх дураараа байж чаддаг. Хүссэн газраа зогсож, хүссэн газраа амарч, хүссэн газраа буудаллаж болно. Автобус, галт тэрэг зэргийг хүлээх шаардлагагүй. Эртдэнэ, хоцорно гэх ойлголт байхгүй учраас унтаж амрахаа өөрөө дур мэдэн зохицуулна. Том хотод майхан хатгах талбай олддоггүй бол буйд хөдөө нутагт бүх зүйл чиний хүслээр шийдэгдэнэ. Тиймээс нэн түрүүнд байгаль дэлхий болоод бусдын амьдралыг чин үнэнээсээ хайрлаж сурах хэрэгтэй. Учир нь байгальд нэг л хөл тавьсан бол бие цогцос чинь хүртэл байгалийн нэгэн эд эс болж хувирдаг. Дэлхийг тойроход өөр онцгой авьяас чадвар хэрэгтэй гэдэгт би итгэхгүй байна. Төгс заавар зөвлөгөө ч гэж байхгүй. Хэрэв үнэхээр ингэж аялахаар шийдсэн бол өөрийн замаа өөрөө бүтээ гэж зөвлөе. Зүрх сэтгэл чинь чамд зам зааж өгөх болно. Би нэг л өдөр юу хийх ёстойгоо сэрж мэдэрсэн. Гэхдээ миний явсан зам бусдад тохирно гэдэгт би эргэлзэж байна. Би хүмүүсийг араасаа уриалан дуудаагүй юм шүү. Хэрэв та бусдын адил гэр бүлтэй болж, ажилдаа ахиж дэвшин, нохойгоо салхилуулан амар жимэр амьдрахыг хүсвэл энэ нь таны хувьд хамгийн зөв замнал юм. Хэрэв та дэлхийг тойрмоор байвал, эсвэл сар руу хөөрөхийг хүсвэл, та ямар ч аргаар хамаагүй оролдоод үзэх хэрэгтэй. Хүн бүрийн хувь заяаны төөрөг өөр байдаг шүү дээ.

‘PiedsLibres’ буюу Хүлээсгүй хөл гэх таны цахим хуудасны нэр хүн бүрт тохирсон төгс замнал гэж үгүйг бэлгэдсэн юм шиг санагдсан?  

Магадгүй тийм байх. Хүн бүр өөрийгөө чагнах нь чухал. Энэ хорвоо дээр хүн бүрт тохирсон жим харгуй гэж үгүй. ‘PiedsLibres’ гэх нэрний учир шалтгаан бол энэ. Үнэнийг хэлэхэд, хорвоо ертөнцийг хувьсган өөрчлөх гэж би аялаагүй ээ. Би уриалан дуудагч ч биш. Хүн амьдралаа хэрхэн өөрчилж болдгийг бусдад харуулахын тулд би аяллын блог нээсэн юм. Тэглээ гээд намайг үг дуугүй дагах ёстой гэсэн үг биш шүү. Зүгээр л ийм аялал боломжтой шүү гэдгийг бусдад ойлгуулмаар санагдсан юм. Хэрэв амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал миний аялал амьдралыг чинь өөрчлөх нэг арга зам байж болох юм гэдгийг оюун санааныхаа мухарт тээгээд л явж байхад болно. Магадгүй хэн нэгэн “Би ажил төрөлтэй хүн шүү дээ. Тийм учраас аялж чадахгүй” гэж хэлнэ байх. Тэгвэл “Ажлаасаа гар” гэж хэлмээр байна. Эсвэл хэн нэгэн “Би амьдардаг байшинтай шүү дээ” гэж хэлж магадгүй. Тэгвэл түүнд “Байшингаа зар” гэж хэлмээр байна. Би ч гэсэн өмнө нь байшинтай байсан. Сүйт залуутай байсан. Бас ажилтай байсан. Багагүй эд хөрөнгөтэй байсан. Гэхдээ нэг л өдөр би амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Хүн бүрт ингэх зориг бий. 

2016 оны онцлох бөгөөд дуулиантай 10 эшлэл



“Шатах ёстой юм бол шатъя”, “Би чиний ажилтан юм уу”, “Чацга царайлаад явж бай” гэх трэнд үгстэй ноднин жилийн дуулиан шуугианыг энэ оныхтой харьцуулбал бүр жулдах шинжтэй шүү. Юм сайн тал руугаа хөгждөг гэж юутай үнэн үг вэ! Хүмүүсийн санаандгүй хэлсэн үг хүртэл улам хөгжөөнтэй, ончтой, олныг шуугиулдаг болоод байх чинь. Ингээд энэ оны хамгийн дуулиантай 10 эшлэлийг өөрийнхөөрөө эрэмбэлэн хүргэж байна.


10. “Хараатай хүмүүс яагаад ном уншдаггүй юм бол гэж гайхдаг.”



Харааны бэрхшээлтийн хүүхдийн 116-р сургуулийн сурагч А.Сайханцэцэг “Авьяаслаг монголчууд” шоуны 1-р шатны шалгаруулалтад оролцохдоо өдөр бүр ном уншдаг тухайгаа ярьсан. Хэрэв хэсэгхэн хугацаанд дахин хараатай болох юм бол ээж аавынхаа царайг ханатал харж тогтоогоод, дараа нь үсэг цээжлэн ном уншина даа хэмээн өгүүлэх сурагч охины түүх олон хүнд нэгийг бодогдуулсан. Монгол хэл дээрх бүх брайль номоо уншаад дуусгачихсан тул гэрийнхнээрээ ном уншуулж чагнаж суудаг гэсэн. Тийм болоод ч тэр үү, хараатай хүмүүс яагаад ном уншдаггүй юм бол оо гэж үргэлж гайхдагийг нь ээж нь сонирхуулсан. Түүний эл үг хорвоог харах мэлмийгүй ч сэтгэл дотроо хэчнээн цэвэр тунгалаг байж болдгийг, хорвоог харах мэлмийтэй ч хэчнээн “харалган” амьдарч байдгийг маш энгийнээр, туйлын ончтой тодорхойлсон. 

9. “Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол зуун хувь Монголын үйлдвэр болж байна.”



2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос нэг өдрийн өмнө буюу 6-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэтхэн хэвлэлийн бага хурал зарлан Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэн тухай мэдэгдсэн. “Би нэг сайн мэдээтэй” гэж эхлээд, өрнөл хэсэгтээ Оросын Ростех компанийн эзэмшдэг Эрдэнэтийн 49 хувийг Монголын хувийн компани буюу Худалдаа, Хөгжлийн Банкны дэргэдэх “Монгол зэс” компани эзэмших болсныг зарласан эл мэдэгдлийн эцсийн дүгнэлт одоо ч бүрхэг хэвээр байна. 

8. “Би таны гэр бүлийн гишүүн.”



Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэрх хамгийн хөгжилтэй уриа. Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн З.Баянсэлэнгэ өмнөх парламентын үед “оймсонд хавчуулагдсан” гишүүдийн бүлэгт хамрагддаг байв. Уг нь өнгөрсөн сонгууль бол түүний хувьд О.Баасанхүү гишүүн шиг “оймсны гишүүн биш” гэдгээ батлах, бараг “эхний бөгөөд эцсийн” боломж байсан ч тэр ялагдал хүлээсэн. Сонгуулийн дараахан, “Манай гэр бүлийн нэг гишүүн 6-р сарын 29-нд гэрээсээ гараад одоог хүртэл ор сураггүй байна. Гэрээс гарахдаа энэ дээлтэйгээ гарсан. Үзсэн харсан хүн байвал холбоо барина уу” гэсэн хөгжилтэй зар олон нийтийн сүлжээгээр тархсан нь зөвхөн нэг гишүүнийг биш, нийт гишүүдийг битүүхэн шоглоод авах шиг болсон шүү. Гадаа гудамжинд тааралдахдаа гар барин мэндчилж, гэрийн минь хаалгыг зөөлхөн тогшоод ороод л ирдэг байсан, бараг манай гэрийн нэг гишүүн гэгдэх шахсан "суудал горилогчид" сонгуулийн маргаашнаас ор сураггүй алга болчихож билээ.


7. “Аав аа, та намайг ашиглаач!”



Яг ингэж хэлээд залбирал үйлдэж буй, Христэд итгэгч бүсгүйн бичлэг олон нийтийн сүлжээгээр “нисэх” мэт хурдан тархсан. Хэдий энэ нь хувь хүний шашин шүтэх эрхийн асуудал боловч бичлэгийг үзсэн ихэнх хүн энэ асуудалд эмзэглэж, гайхаж хандсан. Мэдээж зарим нь инээд наргиантай талаас нь харж байв. Өдгөө “Намайг ашиглаач” гэх үг өнөө цагийн шог ярианд өргөн “ашиглагддаг” болжээ. Баасан гараг болмогц “Баасан ах аа, намайг ашиглаач” хэмээн бичиж, ярьж байхыг эрхэм уншигч та олж сонссон л байлгүй. Сонирхуулахад, “Аав аа, аав минь намайг хайрладаг учир намайг алдрынхаа төлөө ашиглаач” гэсэн сайхан үг бүхий Христийн шашны магтаалын дуу байдаг юм билээ. Гүн итгэл бишрэлээсээ болж магадгүй ганцхан удаа андуурч, эсвэл үг гээж хэлснийх нь төлөө ямар өршөөлгүй хандаж болдгийг олон нийтийн сүлжээнд өрнөсөн энэ үйл явдал нотоллоо.


6. “Доллар яагаад 5000 хүрэхгүй байгаа юм бэ гэвэл бид маш зөв менежмент хийсэн.”



Төгрөг-долларын харьцаа түүхэндээ анх удаа 2000 давсан нэгдүгээр сарын хүйтэн өдрүүдэд бүхий л жиргээч, постлогч, бичигч, мэдээлэгч нар “доллар” гэх халуун сэдвээр хэмлэлдсэн. Зарим нь Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын “Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгөөс буурна” гэсэн гарчигтай, өмнөх оны хуучин ярилцлагыг ухаж гаргахдаа хүртэл тулсан. Монгол банкны ерөнхийлөгч нь хүртэл “Доллар 2000 хүрдэг юм бол би ажлаа өгнө” гэж ам өгчихөөд ажлаа хийгээд л байсан нь төгрөг-долларын хүч тэнцвэргүй тулаанд хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд хоёрдугаар сард өгсөн дуулиант мэдэгдэлдээ АН 2012 оны сонгуульд ялсан ч дийлэнх олонх болж чадаагүй учраас доллар 2000 хүрсэн төдийгүй бүр тэр сонгуульд ялаагүй бол 5000 хүрэх байсан тухай өгүүлсэн. Магадгүй 2012 оны сонгуульд АН дийлэнх олонх болсон бол Д.Эрдэнэбат сайдын хэлснээр, долларын ханш 1000 ч болох байсан юм бил үү, хэн мэдлээ.


5. “Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.”



Тэр хүн нь чухам юу үйлдсэн юм бол? Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дөрөвдүгээр сард хэлсэн үг уртаараа бол ийм: “Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллага үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож чадаж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг нь өнөөдөр нэр цохон хэлэхээс аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.”

Монголын улс төрийн амьдралд ийм цочирдом, гэнэтийн мэдэгдэл хийсэн хүн ховор. Хаврын хахир цагаар гадаа гудамжинд жагсах иргэний хөдөлгөөнийхөн л иймэрхүү нэр устай, хэн нэгэн рүү илт чиглэсэн ноцтой мэдэгдлүүдийг үе үе хийдэг байсан бол өдгөө эрх мэдэлтний эсрэг тэмцэл дулаахан хэвлэлийн танхимд, бум бужигнасан сэтгүүлчдийн өмнө өрнөдөг болжээ. Улс хөгжинө өө гэж, өөр юм аа. Мэдэгдэл хийсэн нь ч, мэдэгдэлд дурдагдсан нь ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж буй эрхмүүд билээ. Харин энэ мэдэгдэлд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэсэн нь тун ч ухаалаг хариулт болсон юм шиг санагдсан шүү.


4. “Аз жаргалтай Улаанбаатар”



Нийслэлд ялсан МАН-ынхан Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгоод зогсохгүй Э.Бат-Үүл даргын “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Аз жаргалтай Улаанбаатар” болгож өөрчлөв. Бүх л бүтэн яамны нэрийг “Гадаад хэрэг”, “Гадаад харилцаа” гэх хоёр нэршлээр ээлжлэн сольчихдог хоёр намынхны хувьд хөтөлбөрийн нэрийг солих бол гар хөлийн үзүүрээр хийчих хөнгөн шийдвэрт тооцогдох биз. “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх сайхан нэртэй эсээний уралдаан, үдшийн цэнгүүнийг зохиосон хотын удирдлагууд маань хор найруулж гарч ирмэгцээ эсээ бичлэгийн уралдаан, шинэ жилийн цэнгүүн хоёрт л гол анхаарлаа хандуулдаг их сургуулийн маань Оюутны зөвлөлийг эрхгүй санагдуулж билээ. Юмс аль ч түвшиндээ яг адилхан байдаг гэж үнэн үг юм аа! Ядаж үдшийн цэнгүүн нь Үнсгэлжингийн үлгэр шиг аз жаргалтай төгссөн бол хотын шинэхэн дарга Су.Батболдын "Аз жаргалтай хот"-ын тухай үлгэрт үнэмших л байлаа. Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй ч гэсэн, хотынхон маань найрсаг учраас л өөрсдийг нь удирдах гэж ирсэн шинэхэн дарга нарыг уучилж, өршөөж, тэвчиж чаддаг биз ээ.


3. “Авьяаслаг монголчууд шоуны ялагч бол... ЭНХ-ЭРДЭНЭ!”



Монголчууд нийтээрээ нэгхэн нэрийг ингэж сэтгэл догдлон сонссон тохиолдол өөр ховор биз ээ. Эгэлгүй авьяастныг эрэхээс гадна эгэл хүмүүсийн түүхийг нээх нь Авьяаслаг монголчууд шоуны бас нэг зорилго байсан. Нэг нь дуулдаг, нэг нь бүжиглэдэг энгийн хоёр залуу шигшээ шалгаруулалтад тунаж үлдэхэд “Хэн нь түрүүлэх бол оо” гэсэн хүлээлт нэгэн үндэстнийг хөөрөн догдлуулсан юм. 


2. “Тамхи татах, архи уух, секс хийх, энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм.”



Энэ бол өнгөрсөн сонгуулийн үеэрх, хамгийн дуулиантай үг. Магадгүй үнэн үг ингэж “хатуу” сонсогддог биз. Энэ дуулианы талаар олон үг нуршиж болох ч хамгийн сонирхолтой нь бичлэгт гарч буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, бичлэгийг үйлдсэн УИХ-ын гишүүн Г.Уянга, бичлэгийг нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүний суудалд горилогч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар цөм сонгуульд ялагджээ. Янжуур зуусан Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордон доторх үйлдэл эрээгүй, ёс бус байсан ч түүний санаачилсан “Тамхины хяналтын хууль” албан байгууллага, үйлчилгээний газруудад өдгөө ч мөрдөгдсөн хэвээр байна. Орой үдэш болмогц уушны газруудын үүдэнд “хуулиа дээдэлдэг” томоотой залуус тамхи баагиулан зогсож байдаг сан. Чухам Эрдэнэчимэг авхай өөрөө л хуулиа дээдлээгүй болохоос биш, монголчууд чинь “хуулиа дээдэлдэг” улс юм билээ.


1. “Ер нь нийслэлээс ойролцоогоор 60 тэрбумыг босгочихоор байгаа.”



Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ингэж хэлжээ. Араас нь залгуулаад МАН-ын дарга М.Энхболд “Одоо яг ийм яриа гараад байдаг. 2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан шүү дээ” гэж хээв нэг хүүрнэсэн МАН-ын нууц бичлэг өнгөрсөн сонгуулийн хамгийн шуугиантай үйл явдал байв. Гэвч сонгуулийн үр дүнгээс харвал монголчууд маань шуугихаас цааш гавьдаггүй, уудам сэтгэлт ард түмэн гэдэг нь нотлогдсон. Сонгуулийн үеэр МАН-ынхан “Энэ бол эвлүүлэг”, АН-ынхан “Энэ бол эвлүүлэг биш” гэж хэмлэлдсээр дууссан энэ бичлэгийн эцсийн тодорхойлолтыг сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа НИТХ-ын даргад нэр дэвшсэн Ц.Сандуй анхны хуралдаанаараа “Энэ бол сонгуулийн гүтгэлэг” гэж тайлбарласан.

Харх




Бор харх Төв Азиас, тэр дундаа Хятад, Монголоос гаралтай болохыг Нью-Йоркийн Фордам их сургуулийн судлаачид тун саяхан нотолжээ. Торгоны замын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хамгийн бүүдгэр харанхуй, бохир заваан нүх хонгилуудад үүрлэж орогносон энэхүү гарамгай нүүдэлчид өдгөө зөвхөн өмнөд туйлын мөсөн “тив”-ийг л эзэлж хүчрээгүй байна.

Өвчин зовлонтой нэгнээ асарч тойглодог, өлөн зэлмүүн үед ч сүргээ орхидоггүй гээд харх бол тун ч бүлсэг амьтан. Бас тэдний ой санамж гойд хурц төдийгүй нэг явсан зам мөрөө барагтаа л бол мартдаггүй гэнэ. Түүнчлэн дасан зохицох чадвар нь өөр ямар ч амьтныхтай эгнэшгүй. Хархнууд туйлын сониуч хэрнээ бүрэг ичимхий, бас яг л тэмээ шиг ус уулгүй өчнөөн хол замыг туулж чаддаг, ер бусын тэвчээртэй амьтад гэнэ. Тэд үй олноороо сүрэглэн амьдардаг ч орогнодог орон байрныхаа оршин суугчдад огт харагдалгүйгээр, “цөөхүүлээ” буй юм шиг сэмхэн тэнүүчилж чаддаг байна. 

Харх ийм адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай боловч хүмүүс “харх” гэж дуудуулсныгаа доромжлол мэт авч үздэг. Хамгийн сонирхолтой нь, Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг монголчууд маань, бусдыг “төлгүүд, халтрууд” гэж гоочлохдоо гаргууд атлаа өөрсдийг нь “харх” гэж нэрлэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний нутагт адилхан л толгой хоргодож амьдардаг, Ази тивийн зүүн өмнөд нутгийнхан өөр хоорондоо “Хархтай үйлдвэрт л оччихгүй юм сан” гэж ярьдаг гэсэн. 


Өглөөхөн танилцаад өдөржин цуг ажиллахдаа Монголын уудам нутгийн алс баруун хязгаараас, бүр Алтайн уулсын гүнээс түм түжигнэсэн Сөүл хотод гурван жилийн өмнө ирсэн гэдгийг нь мэдэж авсан, ааш зан, аялга хэл нь ч хотжиж эвдрээгүй, яг л унаган хөдөөх шинжээрээ буй, өдгөө 30 настай нэгэн монгол залуугийн хамтаар харанхуй өтгөрөхөөс урьтан Сөүл орчих санаатай дагуул хот Ансанаас ажлаа дуусмагц хөдөллөө. Өмнөд Солонгос томоохон хот суурин бүрийг хэрж холбосон хурдны замын өргөн сүлжээтэй бөгөөд уул толгод тааралдвал нүхлээд урт хонгил ухчихдаг, ангал хавцал тааралдвал тэгнээд урт гүүр тавьчихдаг болохыг тэдгээр хурдны замаар давхих болгондоо сониучирхан ажигладаг байв. Ер нь Солонгосын хойг толгодын орон л доо. Хэдэн арван км-ийн урттай хонгил, нүсэр том гүүр холын замд олон тааралддаг сан. Бид хоёр ч бас энэ орой хонгилтой, гүүртэй хурдны замаар давхилаа. 

Ансан бол Сөүлтэй хил залгаа орших, өмнө зүгийн жижигхэн хот. Энд монголчууд бага суурьшдаг боловч өнөөдөр цуг ажилласан залуу эндхийн нэгэн барилгын бригадад хоёр жил хэртээ ажиллаж байгаад нэг жилийн өмнө ажлаасаа гарчээ. Гэхдээ хуучин эзэн нь түүнийг үе үе дууддаг бөгөөд ажилдаа гаршсан болохоор нь арбайт буюу өдрийн ажил хийлгэдэг гэнэ. Өдөр өдөртөө цалингаа авчихдаг гээд арбайтын давуу тал их боловч өдөр бүр өөр газар ажиллах шаардлага гардаг, заримдаа ажил олдохгүй гээд сул тал цөөнгүй. Жишээ нь өнөөдрийн арбайт нэг хүний 100 мянган вонын цалинтай, биед амар ажил (Энэ нь 2016 оны есдүгээр сарын ханшаар 200 мянган төгрөгтэй тэнцэнэ). Гэвч Сөүлд биш, бас нэг л өдрийн ажил байгаа гэсэн тул орой гэртээ харих гэж багагүй хугацаа зарцуулахаас гадна замдаа маргаашийнхаа ажлыг олох ёстой болно гэсэн үг. 

Сөүлд барилгын ажил байгалийн гэрэлтэй уралдан эхэлдэг тул бид 5 өнгөрөөж босоод 6 цагийн алдад түүний гэрийн ойролцоох метроны буудал дээр уулзан, унаж ирсэн портероор нь Ансанд яг 7 цаг гэхэд ирсэн. Таван давхар орон сууцны барилгын хаяан дахь дотор нь борооноос хоргодох асар майхан босгосон, басхүү хаалга цонхтой авсаархан чингэлэг хоймортоо байршуулсан төмөр хашаанд өдөржин ажиллав. Уг нь өнөөдрийн ажил инээд хүрэм амархан. Гипсэн хавтан шиг нимгэн, далбагар хөөсөнцрийг өнхрүүшээр цавуудаад нэг талд нь яг тийм хэмжээтэй зузаан цаас наана. Хөөсөнцөр нь ягаан, цавуу нь хөх, цаас нь хүрэн өнгөтэй учраас барилгын тоос шороотой ажил хийж байна гэж ер бодогдоогүй. Нэг өдөрт 300 ширхэгийг наах ёстой гэв. Цавуугаа жигд бөгөөд хурдан түрхэх, цаасаа тэгш бөгөөд зөв наахад л жаахан эв дүй шаардахаас биш, бусдаар бол бүр олныг ч наах боломжтой санагдсан. Гэхдээ тэгж мундагаа харуулсангүй. Солонгост удаан жил болсон монголчуудын дунд нэгэн бичигдээгүй дүрэм байдаг. Монголчууд анх ажил олохын тулд, арайхийж олсон ажлаа авч үлдэхийн тулд солонгос хүний хийж чадах норм хэмжээг давуулан эвдэж, илүү ихийг хийж чадна гэдгээ нотлон харуулдаг байжээ. Тиймдээ ч эдүгээ ажил мэргэжлийн олон салбарт монгол хүний хурдан гавшгай, бүтээлч, эв дүйтэй чанарыг өндрөөр үнэлдэг болсон төдийгүй ажлын “норм хэмжээ”-г нь хүртэл өөрчилж, өндөр түвшинд аваачжээ. Магадгүй өмнө нь солонгос хүн 250, дараа нь монгол хүн 300-г наадаг болсон өнөөдрийн ажлыг ямар ч амсхийх завдалгүй мэрийсээр 350 хүргэж болох л байсан. Гэвч тэгээгүй ээ. Надад хэрхэн цавуудах, наахыг заасан өнөөх залуу маань “Хоёулаа өнөөдөр л ганцхан ажиллана. Хойшид энэ ажлыг үргэлж хийх монголчуудаа бодох хэрэгтэй шүү дээ” гэж билээ. Өмнө нь түүний ажиллаж асан, энэхүү бригадад нь одоо хоёр ч монгол залуу ажилладаг гэнэ. 

Үдийн хэрд хашаан дундуур нэг цоохор муур явж өнгөрснийг эс тооцвол өөр хэн ч үүгээр ирсэнгүй. Бид хоёр ээлжит 50-ийгаа нааж дуусгачихаад амсхийх зуураа мөнөөх чингэлгэн байшингаас лаазтай, хүйтэн кола авчирж уунгаа эзэнгүй хашаан дотор элдвийг ярилцан суудаг байлаа. Тэр нутгаа ярина. Бас Алтайн урианхай гэдгээ хэлсэн. Булган голын эхээр нутагладаг гэдгээ ч ярьсан. Эхнэр, охин хоёр нь энд бий гэсэн. Надаас насаар ах тул би түүнийг “Та” гэж хүндэтгэн харьцдаг байв. Мөн би түүний дугаарыг утсан дээрээ “Урианхай ах” гэсэн нэрээр хадгалчихсан юм даг. Урианхай бол миний хүндэлж явдаг зохиолчийн нэр, бас Алтайн урианхайчуудын нутаг болох Ховдын Дуут суманд очиж үзсэн болохоор ингэж нэрлэх нь надад дотно санагдсан хэрэг. 

Тэрээр “Ах нь аялгатай ярьж байна уу?” гэх мэт сонин зүйлс гэнэт асууна. Би тийм ч гэлгүй, үгүй ч гэлгүй “Та аялгатай ярьж байгаагаараа бахархах хэрэгтэй шүү дээ” гэж хэлтэл “Хннн, харин ч засмаар байхад даа...” гэж билээ. Сүүлийн үед тэрээр Монгол руу ачаа бараа тээвэрлэдэг каргоны бизнес эрхлэх болжээ. Өглөөний унаж ирсэн портероор орой үдэш болсон ч хамаагүй гэрийнх нь хаягаар очиж Монгол руу ачуулах гэсэн ачаа бараа, эд хогшлыг авдаг байна. Ажил жигдэрч, олонд танигдтал каргоны бизнес унац муутай байдаг. Чингэлэг дүүрэх гэсээр байтал хугацаа алдаж, улмаар түрүүнд ачаагаа өгсөн хүмүүс бухимдаж эхэлдэг байна. Тийм ч учраас эл ажлынхаа хажуугаар ганц хоёр өдөр арбайт хийхээс өөр аргагүй болдог гэнэ. Аргагүй шүү дээ, Сөүл өртөг өндөртэй хот юм чинь.

Ийнхүү бид 4 цагийн алдад бүх ажлаа дуусгачихсан бөгөөд эзнийг 6 цаг хүртэл хүлээж байгаад цалингаа авмагцаа Сөүл рүү гараад давхичихлаа. Үнэндээ өнөөдрийн нааж бэлдсэн хөөсөнцрүүдийг чухам юунд ашигладаг тухай, эзэн өдрийн турш юу хийгээд ирээгүй тухай надад ямар ч төсөөлөл байсангүй. Урианхай ахын хэлснээр бол, хөөсөнцрүүдийг дахиад цавуудаж гипсэн хавтангийн нэг талд наадаг ажээ.

Цаг гаруй явах замын уртад би хэсэгхэн дугхийчихжээ. Гэнэт сэртэл Сөүл рүү нэвтэрдэг өргөн зам машинаар хахчихсан, таг түгжрээтэй харагдав. Машинууд зугуухан урагшлах ажээ. Урианхай ах жолоо барих зуураа зогсоо зайгүй утсаар ярьж явлаа. Эхнэртэйгээ, охин дүүтэйгээ, дотнын найзтайгаа, ажлын танилтайгаа, бас орой ачааг нь очиж авахаар тохиролцсон нэг монгол бүсгүйтэй гээд олон хүнтэй ярьсан. Мөн надад ажил олоод өгчих санаатай танилууд руугаа зөндөө залгасан. Гэвч хамгийн сонирхолтой нь өнөөх хэд нь “Би ч гэсэн маргаашийн ажлаа олоогүй л байна” гэдэг байв. Нээрээ л энэ өдрийн маргааш Сөүл даяар ажил ховор байсан юм даг. Уг нь энэ тийм ч гайхмаар зүйл биш л дээ. Ажил хайгаад ч олддоггүй ийм өдрүүд Сөүлд олон тохиодог. Гэхдээ миний хувьд маргааш ажил ер олдохгүй байгаад биш, өглөөхөн танилцсан энэ ах намайг яг л төрсөн дүү шигээ санан, Монголоос ирээд удаагүй байгаа юм чинь маргаашийнх нь ажлыг олоод өгчихөд юу нь буруу байх билээ гэсэн шиг, туйлын тусархаг, үнэнч сэтгэлээр хандсанд нь мэл гайхсан юм даг. Өдрийн турш би л түүнийг хэрэгтэй хэрэггүй асуултаар хоргоож чангаасан болохоос биш, тэр надаас онцын зүйл юу ч асуугаагүй атлаа намайг эртнээс мэддэг нэгэн шиг эелдэг дотно харьцсан нь ер бусын сэтгэл татам, сайхан санагдсан. Тэр намайг гэрийн минь ойролцоох метроны буудал дээр буулгахдаа “Ах нь ажил гарвал заавал ярина аа” гэж хэлээд явж билээ. Тэр над руу дахиж залгахгүй байсан ч би лав түүнд хэзээ ч гомдохооргүй байсан юм. Ингэхэд юундаа ч гомдох билээ дээ.

Ер нь Сөүлд ажил олох амархан. Учир нь дэлхийн аль ч хоттой харьцуулшгүйгээр, монголчуудын хамгийн нарийн зохион байгуулалттай, өргөн сүлжээ зөвхөн Сөүлд л бий. Хархнуудын хамгийн том оромж гэсэн үг. 2016 оны 8-р сарын байдлаар Өмнөд Солонгост гадаадын 2 сая иргэн удаан болон түр хугацаагаар оршин сууж байгаагаас 33 мянга нь Монгол Улсын иргэд хэмээн БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ. Үүнээс 6,940 нь хууль ёсоор ажиллаж буй хөдөлмөрийн гэрээний ажилчид, 5,553 нь оюутан залуус, 1751 нь солонгос хүнтэй гэрлэсэн монгол иргэд, 12,414 нь яг над шиг түр хугацаагаар оршин суугч буюу аяллын визээр орж ирсэн хүмүүс гэнэ. Харин үлдсэн 7 мянган орчим хүн бол хууль бусаар оршин суугчид буюу харынхан юм. Эд бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, гэрээний ажилчид бол хархнуудын ертөнцийн хамгийн том халхавч. Тэд тогтвор суурьшилтай ажилладаг, солонгос залуусын тоож хийхээ больсон уйтгартай үйлдвэрийн ажлыг багахан цалингаар торох юмгүй хийчихдэг болохоор Солонгосын засгийн газарт эерэг сэтгэгдэл төрүүлдэг, долоо хоногийн сүүлээрх амралтын өдрүүдээр дуртай монгол хоолоо зорьж иддэг учраас Сөүлийн өнцөг булан бүр дэх монгол хоолны газруудыг сэмхэн тэтгэдэг, сар бүр эх нутаг руугаа тогтмол мөнгө илгээдэг учраас мөнгө гуйвуулагчдад, цаашлаад ар гэрийнхэндээ, адаглаад улс орондоо ашиг тус авчирдаг. 

Харин оюутнуудын ихэнх нь сурахын хажуугаар хөдөлмөрлөдөг. Тэдний хамгийн гол давуу тал бол хэл, виз. Хэдий гэрээний ажилчид хууль ёсны визтэй ч ажлаасаа гарвал дараагийн үйлдвэрээ хурдан олох ёстой, үйлдвэр нь Өмнөд Солонгосын хаана ч байрлаж болох тул эрх дураараа зорчиж хэсүүчлэх цаг хомс, амралтын өдрийн нэг хоёрхон өдөр л чөлөөтэй ноогддог гээд олон сул талтай. Харин оюутнууд бол Сөүлийг хэрэн хэсэгчид юм. Тэд хархны ертөнцөд нүд чих нь болдог. Дэлгүүр хоршоо, гуанз ресторан, эмнэлэг сургууль, үзвэр үйлчилгээний тухай тэд л хамгийн сайн мэддэг. Хэл ус сайтай оюутнууд хичээлийнхээ хажуугаар хэлмэрчилж мөнгө олох нь ч бий. 

Солонгос хүнтэй гэр бүл бологсдын хувьд зарим нь монголчуудын хар бор амьдралаас үүрд холддог бол зарим нэг нь “далдуур тэтгэгч” болж хувирдаг. Сөүлд очоод миний хамгийн түрүүнд хийж үзсэн арбайт бол 12 давхар өндөртэй тохилог зочид буудлын хүлээлгийн өрөөг гуравдугаар давхраас нэгдүгээр давхар руу нүүлгэх ажил байсан юм. Тэндхийн өрөө цэвэрлэгээний ажлыг дан монгол охид хийдэг байв. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү зочид буудлын эзэн монгол эхнэртэй гэсэн. Тийм ч учраас, монголчуудад элэгтэй төдийгүй үйлчилгээний ажилдаа дан монгол бүсгүйчүүдийг ажиллуулдаг юм билээ. 

Харынхан бол хархнуудын амьдралд хамгийн чухал үүрэгтэй улс. Өмнөд Солонгосыг хэрсэн өргөн сүлжээг тэд л малтаж бий болгосон. Төсөөлж ч үл хүчрэх, төрөл бүрийн ажил мэргэжлийн салбар луу тэд шургалан нэвтрээд тэндээ удаанаар бүгэхдээ зөвхөн монгол хүн л тэр ажлыг нь “төгс сайн” гүйцэтгэж чадна гэсэн ойлголтыг эргэн тойрондоо мэдрүүлж чаджээ. Тэд бол хархнуудын ертөнцийн “уран барилгачид” юм. Яг над шиг хэл мэдэхгүй, ажилд дөргүй “жулдрай”-нууд Сөүлд газардсан өдрөөсөө л ажлын зах зухаас атгачихдаг нь тэдний ач гавьяа билээ. 

Харин “гурван сарынхан” бол нүүдлийн шувуу шиг ирээд л буцдаг улс. Тэд хархнуудын ертөнцийг шинэ сэргэг зүйлээр дүүргэдэг. Монголоос Сөүл рүү чиглэсэн утсан мах, лаазалсан загас, лонх архи, ааруул бяслагийг тэд л зөөдөг. Эргээд Сөүлээс Монгол руу нисэхдээ барагтаа л бол хоосон буцахгүй, боодолтой мөнгө, ууттай чихэр зэргийг цүнхлэн Монголд очмогцоо яг л “шууданч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд бас Монголоо санасан хүмүүсийн сэтгэлийн хоосролыг жавар тачигнасан өвлийн хүйтэн агаараар, аль эсвэл тал нутгийн сэвэлзүүр зөөлөн салхиар дүүргэдэг. Тэд “дууч шувууд” шиг сураг ажиг дуулгадаг. Тэртээ хол нутагт нь ахуй амьдрал хэрхэн өрнөж буйг сонирхуулдаг. Тэгээд энэ бүхнийх нь төлөөсөнд тэднийг дэргэдээ авч ажиллуулаад халаасанд нь хэдэн вонтой эх нутаг руу нь үдэж өгдөг. Солонгос хүмүүс солонгосоор нэг ч үг мэдэхгүй монгол хүнтэй гар хөлний дохиогоор ойлголцон, ер дургүйцсэн шинжгүй ажиллаж болоод байдаг нь нөгөө л ажлаа сайн мэддэг цөөн хэдэн монголчуудын нөмөр нөөлөг юм шүү дээ. Би нэг удаа сайтар зааж өгсөн хаягийн дагуу хэдэн солонгос хүн дээр очиж ажиллаж билээ. Ажилд зуучилж өгсөн залуу “Хэл ус мэдэхгүй нь хамаагүй ээ. Зүгээр яваад л оч. Надад сайн ханддаг солонгосчууд байгаа юм” гэж зааварчилсных нь дагуу яваад очтол нээрээ л ямар нэгэн үл ойлголцолгүйгээр тэр өдрийг өнгөрөөчихсөн юм даг. Өөр ямар ч оронд ийм зүйл тохиохгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. 

Сөүлд ирж буй хүмүүс бүгд л шахуу заавал “хэн нэгэн”-ийг зорьж ирдэг. Монгол өрх айл бүр Сөүлд хамаатантай байдаг гэсэн үг үнэхээр ортой байх шүү. “Тэрний хүү, тэрний дүү, тэрний найз” гэх ойр дотно гэдгээ нотолсон, хэлэхэд ч орооцолдмоор уялдаа холбоо нүүдэлчдийн ааль зан сайтай, айл хотлынхондоо элгэмсэг ханддаг уугуул зан чанар өнөө ч арилж үгүй болоогүй гэдгийг баталж нотлох мэт санагддаг сан. Мэдээж аяллын визээр ирэгсдийн дотор хар ажилд нухлагдах ямар ч бодолгүй, бийлэгжүү, ажлаар яваа, эсвэл эмнэлэгт үзүүлж буй иргэд ч бий. Гэхдээ ихэнх нь хар ажил хийхээс сийхгүй гэдгийг ажилд гарах бүртээ мэдэрдэг байлаа. Би нэг удаа Инчоны боомтын ойролцоо чингэлэг буулгадаг нэгэн ажлыг гурван өдөр хэртээ хийсэн юм. Өдөр бүр 5-10 хүн хэрэгтэй болсон тул нэгнийгээ огт танихгүй, шижигнэсэн сайхан залуус өглөө бүр цуглардаг байв. Тэдний дунд янз бүрийн улс байсан. Шөнийн нислэгээр Инчоны онгоцны буудал дээр буучхаад, сандал дээр хоёрхон цаг унтсан болоод л, шууд ийш ажиллахаар ирсэн сэргэлэн залуу хүртэл бидний дунд байсан. Тэр залуу Ховдын Булган сумын торгууд гэж өөрийгөө танилцуулсан учраас түүний дугаарыг гар утсан дээрээ “Торгууд” хэмээн хадгалчихаж билээ. Өдөр бүр олон хүнтэй танилцаад ажил хийж буй үед үй олон нэрний дунд төөрөлдөхгүйн тулд ийм нэг шинэ арга өөртөө нээсэн юм. “Маргааш төрсөн дүү минь Монголоос ирж байгаа” гэж ярьж байсан залуухан эр нээрээ л маргааш нь дүүгээ дагуулаад ирсэн бөгөөд өмнөх залуу шиг шөнийн нислэгээр Сөүлд газардсан өнөөх дүү нь анхны өдрөөсөө л ажилд нухлагдаж эхэлсэн. Гэхдээ энэ дундаас бүх л өдөржин цугтаа ажиллахдаа өөрийнхөө тухай илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярьсан нэг ах санаанд тод үлджээ. Америкаар хэрэн хэсэж, Канадад суралцаж төгссөн, англиар гойд цэвэрхэн ярьдаг тэр ах намайг 23-р сургуулийн англи хэлний ангийг төгссөн гэдгийг мэдмэгцээ “Хөөх чи англиар ярьдаг юм уу? Чамайг англиар ярьдаг гэж огт бодсонгүй” хэмээн амсхийх чөлөөгүй, англиар дуржигнууллаа. Би түүнтэй англиар яриагүй ээ. TOEFL-ийн оноог тултал нь гүйцээж чадсан, АСЕМ-ийн үеэр синхрон орчуулга үйлдсэн, алхам тутамдаа “Thank you, sir” хэмээн ажлын солонгосчуудтай харилцах түүнд миний англи хэл бүдүүлэг санагдах байсан нь баараггүй. Нар хурцаар ээн, халуу шатам байсан тэр өдөр 10 тн-ын чингэлэг дүүрэн, лаазалсан хөлдүү загасыг нэг бүрчлэн гараар зөөж хамтдаа буулгасан. Замын-Үүдийн боомт дээр пурхийсэн тоосонцор дунд 50 кг-ийн шуудайтай цементийг ачигч эрчүүд нуруундаа мөрлөн чингэлэг рүү ачдаг даа. Үнэндээ энэ бол шуудайтай цемент нь хөлдүү загас болохоос биш, яг л тийм “ачигч”-ийн ажил юм. Ийм мундаг боловсролтой байж яагаад ийм борог ажилд биеэ зориулж байгаа юм бэ гэж уншигч та гайхаж магадгүй. Би бол гайхаагүй ээ. Сөүл өртөг өндөртэй хот шүү дээ, ойр зуурын мөнгө хэрэг болоо л байлгүй. Хэтэвчээ дэлгээд хэдхэн задгай дэвсгэртээ харуулсан тэр ах маргааш нь солонгосчуудтай Чежү арал явж амарна гэсэн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ.

Үйлдвэрийн ажлыг эс тооцвол, монголчууд маань айл нүүлгэлт, нураалт, барилга, тайз, майхан, чулуу, зочид буудлын өрөө цэвэрлэгээний ажилд гаршжээ. Иса буюу айл нүүлгэлт бол монгол эрчүүдийн хувьд хамгийн өргөн тархсан ажил. Бас манайхан нураалтын ажлыг их хийдэг. Солонгост албан газар, үйлчилгээний газрууд түрээсийн байраа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө шал, тааз, хананы тохижилтоо бүгдийг нурааж, анхны хэв маягт нь үлдээх үүрэгтэй байдаг. Энэ ажилд монгол эрчүүд л гарамгай. Солонгос хүмүүсийн 2 өдөр нураах ажлыг монголчууд нэг өдөрт л багтаадаг гэсэн итгэмээргүй яриануудыг олон удаа сонссон. Гартаа дэгээ төмөр барьсан, бяр тэнхээтэй эрчүүд урт дүүжин таазыг нэг угзраад л унагааж байгааг нүдээрээ харсан хүний хувьд монгол эрчүүдийн тухай иймэрхүү яриануудад би лав шууд итгэдэг. Ер нь энэ олон ажил дундаас тайзны ажлыг л би хийж үзээгүй. Гэхдээ нэг орой Хан мөрний эргээр алхан гэр лүүгээ харьж явтал хүмүүсийн амарч зугаалдаг газар босгосон нүсэр том тайзыг хурдан шалмаг хөдөлгөөнтэй хэсэг залуус буулгаж байхыг харсан юм. Дэргэдүүр нь сонжиж өнгөрөхдөө, тайзны угсардаг төмрийг гинжин урвал мэт нэг нэгэн рүүгээ тун эвлэгхэн дамжуулж байгааг хараад монголчуудын хийдэг тайзны ажил нь энэ юм байх даа гэж бодож явтал нээрээ л дан монгол залуус ажиллаж байгаа харагдлаа. Бүр нэг нь монгол хүн гэдгийг минь таниад тэртээ дээрээс ширтээд л байсан.

Ер нь ажил бүр саар болон сайн талуудтай. Жишээ нь, пургисан тоосон дунд ажилладаг нь нураалтын ажлын саар тал. Харин сайн тал нь гэвэл айл нүүлгэж буй үед мэдэрдэг, ямар нэгэн зүйлийг эвдэлчих вий гэсэн айдас хэзээ ч төрөхгүй. Гол ажил нь нураах л юм чинь, өөрийгөө гэмтээж нураачихгүй л бол санаа зовох юмгүй нураагаад байхад л болно. Тэгвэл чулууны ажил цалин өндөртэй боловч хэдэн арван кг-ийн хүнд чулууг өдөржин зөөж, зүсэж, нааж тогтоодгоороо бэрхшээж халширмаар хүнд ажилд тооцогддог. Харин зочид буудлын цэвэрлэгээний ажил бол монгол эмэгтэйчүүдийн “тугаа хатгасан” салбар. Буудлын ажил мөнгөнд хэмнэлттэй гэх сайн талтай боловч бүхий л өдрүүд нь зочид буудалдаа өнгөрдөг гэх сул талтай.  

Эцэст нь майхны ажлын талаар хэдэн үг хэлье. Учир нь Сөүлд байх хугацаандаа хамгийн урт хугацаанд ажиллаад хамгийн их цалин авсан ажил бол энэ юм. Би гэрээсээ өдрийн 4 цагийн үед гараад маргааш оройныхоо 11 цагийн алдад харьсан. Явдал суудалтайгаа 30 орчим цаг болсон гэсэн үг. Бороо шивэрсэн бүүдгэр орой Сөүлээс зайтай орших, эл хульхан гольфын талбай дээр шөнөжин майхан буулгасан бөгөөд үүр хаяарах дөхмөгц нэвт норсон хувцастайгаа шууд Сөүл рүү давхиж, эзний агуулахаас баахан майхан ачаад, Сөүлийн хаа нэгтээх дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтан дээр очиж асар майхныг нь барьж босгосон. Дараа нь өдөрлөг дуусахыг өдөржин хүлээсэн бөгөөд орой болсон хойно сүүлчийн хүмүүс явж дуусахтай зэрэгцэн өнөөх майхнуудаа хураагаад агуулахдаа аваачиж тавьсан. Орой нь гэртээ хариад бүх хувцсаа тайлтал надаас чийгний эхүүн үнэр нэвт ханхалж байлаа. 30 цаг ажиллаад 230 мянган воны цалин авсан. Энэ нь тэр үеийн ханшаар бол 460 мянган төгрөг бөгөөд хамгийн сонирхолтой нь, Монголд сэтгүүлчийн ажил хийж байхдаа яг ийм хэмжээний мөнгө гар дээрээ авдаг байв. Бас л сонин давхцал шүү. Тэр өдөр Ирландад дөрвөн жил хараар амьдарсан, миний үеийн монгол залуутай цуг ажилласан юм. Түүнээс би “Irish pub” гэж яг юуг хэлээд байгааг, бас ирландчууд яагаад ирландаараа ярьдаггүй болохыг асуусан. Тэрээр асуусан бүхэнд минь уриалгахан хариулдаг байлаа. Тэр бас тэнгис нь давалгаатай, хүн зон нь найрсаг гэж хэлсэн. Би хариуд нь Нью-Йоркод суурьшихаар нутгаа орхисон ирланд эмэгтэйн тухай өгүүлдэг "Брүүклин" гэх киноны тухай ярьсан. Тэр бас түргэн хоолны газарт ажилладаг байснаа дурссан. Бид бороо орж байхад, үүр цайж байхад, үүлс замхран сарниж байхад ч ярилцсан.

Сөүлд таньдаг нэгнээсээ ажил сураглах нь түгээмэл зүйл боловч энэ мэт сонин содон ажлыг зараар олж хийдэг. Mglclub.com гэх хаягтай цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр бүхий л зар “нисэх” мэт тархдаг. Солонгосчуудын монголчуудад дуртай, үгэндээ хүрдэггүй ч олон дахин уучлаад байдгийн учир шалтгаан энэ ч байж мэднэ. Хархнуудын ертөнцөд мэдээлэл маш хурдан тардаг. Аварга том үйлдвэрийг 50 хүн нүүлгэх боллоо гээд солонгос эзэн нь өөрийн монгол ажилчиндаа хэллээ гэж бодоход маргааш нь яг л 50 шижигнэсэн залуу гозойгоод зогсож байх нь тэр ээ. Энэ чадварыг нь солонгосчууд үнэхээр биширдэг. Тийм учраас л монголчуудыг хэл ус мэдэхгүй байсан ч ер цааргалалгүй, ажиллуулаад байдаг байх. Мэдээж тэрхүү 50 хүний дунд над шиг гурван сарынхан ч бий, оюутнууд ч бий, ер нь янз бүрийн хүмүүс бий. Гэхдээ монголчууд маань амлалтандаа хүрдэггүй муухай зантай. Орой нь ажилд заавал гарна гэчхээд өглөө нь ор сураггүй алга болчихдог тул ажил зуучлагчид “тийм метроны буудлын тэддүгээр гарцан дээр тэдэн цагаас” гэсэн богинохон зааварчилгаагаа “Яг шүү, заавал очно шүү, хэлсэндээ байгаарай” гэх мэт үгээр төгсгөдөг. Мэдээж ажил таслалтын гол шалтгаан бол үүр цайтал үргэлжилдэг наргиан цэнгэл юм.

Сөүлд ирсэн монгол хүн бүр “Монгол таун” гэх газраар заавал орж үздэг. Энэ газрын этгээд сонин нэрийг анх сонссон хүмүүс дэлхийн томоохон хот бүрт байдаг “Хятад хороолол” шиг санан “монголчуудын орогнож эзэлсэн бүх л бүтэн өргөн чөлөө Сөүлд байдаг юм байна” гэж төсөөлдөг боловч Монгол таун гэдэг нь 10 давхар бүхий нэгхэн гозгор барилга гэдгийг мэддэггүй. Монгол таун бол хархнуудын хувьд хамгийн зартай газар. Энд манайхан цуйван, бууз, банштай шөл гэх мэт монгол хоолыг эх нутагтаа очоод "ээжийнхээ гарын хоол"-ыг идэж буй мэт хөлсөө гартал зооглодог. Бас Монгол таунд үсчин, гар утасны үйлчилгээ, хүнсний мухлаг, хүүхдийн хувцасны дэлгүүр, карго, онгоцны тийз авдаг газар, гоо сайхны салон гээд олон үйлчилгээ бий. Үүдээр нь яван ороход л хана туурган дээр нь монголоор бичсэн сонин содон зарууд дурайж харагддаг сан. Эндхийн үйлчлэгч, үсчин, зөөгч, бэлтгэгч, худалдагч гээд үйлчилгээний бүх ажилчин монгол. Ядаж л захиалсан хоолны минь давс бага байвал “Давс өгөхгүй юу” гэдэг үгээ монголоор хэлж болно гэсэн үг. Би Сөүлд хоёр сар болохдоо эндхийн монгол үсчнээр үсээ хусуулж, монгол хоолны газарт гуляш, хуушуур авч идсэн. Тэгээд болоогүй ээ, зэргэлдээх гар утасны газраас Монгол руу ярьдаг карт авдаг байв. Тийшээ орох болгонд нас дээр гарсан эмээ лангууны ард инээмсэглэн зогсож байдаг сан. Яагаад ч юм, эмээг харах бүртээ эх нутагтаа оччихсон юм шиг, нэг л тийм сайхан мэдрэмж төрдөг байлаа.

Би Монгол таунд очих бүртээ гадаа нь, модны сүүдэрт удаан сууна. Хүмүүсийг их ажиглана аа. Тэгж суухдаа монгол хүнийг Сөүлийн хаана ч явсан танихад амархан юм байна гэсэн дүгнэлтэд хүрч билээ. Ер нь монголчууд нэг нэгнээ маш соргогоор таньж чаддаг. Метронд явж байгаад энэ монгол хүн байна даа гэж дөнгөж бодож эхэлтэл тэр хүн ч бас намайг аль хэдийн таньчихсан байдаг сан. Монгол хүний харц нэг л тийм өөр байдаг. Ер тогтож сууж чаддаггүй, сониуч харцтай. Бас Монголын гандуу, уйт намар шиг зэвэргэн төрхтэй. Гэхдээ би намарт хамгаас дуртай учраас энэ өнгө надад гойд дотно санагддаг юм. Үүнээс гадна монгол эрчүүдийг үсний засалтаар нь танихад амархан. Мэдээж, илүүдэл жинг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Монголчууд маань нас ахих тусам жин нэмдэг бололтой. Үүнийг бичин суугаа сэтгүүлч би хүртэл хэрэндээ таарсан хэтийдсэн жинтэй гэдгээ нуух юун.

Сөүлд монголчууд олуулаа амьдардаг гэдгийг уншигч та энэ хотод нэг өдрийг өнгөрөөгөөд үзэх юм бол шууд мэдрэх болно. Дан монголчууд амьдардаг, 4 давхар орон сууцны барилга Сөүлд бий. Тэр нь “монгол апат” гэсэн нэртэй. (Солонгосчууд apartment буюу орон сууцыг “апат” гэж товчилж ярьдаг.) Би нэг өдөр зориуд зав гаргаж тэрхүү барилгыг үзэж сонирхохоор хүмүүсээс сурагласны эцэст Сөүлийн зүүн хэсэгт явж очлоо. Гэвч баахан эрээд олсонгүй. Арга барагдахдаа, ойролцоох метроны буудлын гарцан дээр зогсоод монгол хүн гарч ирэх нь үү гэж хүлээж байтал яг 19 минут өнгөрсний эцэст үүргэвч үүрсэн монгол залуу гарч ирлээ. Түүнийг нэг хараад л монгол хүн гэдгийг нь мэдсэн. Тэр ч бас намайг “анхны харцаар” таньсан байх. Харамсалтай нь, тэр залуу “монгол апат”-ын талаар дуулсан ч яг хаана байдгийг нь мэдэхгүй байв. Гэхдээ түүнийг 19 минут хүлээн байж уулзсан нь надад сонирхолтой санагдсан. Хожим би хэн нэгэнд “Сөүлд төөрч будилбал аль нэг метроны буудлын гарцан дээр 19 минут зогс. Удахгүй монгол хүн заавал гарч ирэх болно” гэж зөвлөх эрхтэй боллоо шүү дээ.

Бас нэгэн удаагийн сонирхолтой түүхээ ярья. Хоолны газарт нь хуушуур зардаг их сургууль Сөүлд байдаг тухай нэг хүнээс дууллаа. Тэр даруй очиж үзэх хүсэлд дарагдав. Ингээд нэгэн дулаахан өдөр тэрхүү хачирхам сургуулийг очиж үзэхээр зориуд цаг зав гаргав. Надад энэ сургуулийн тухай ярьж өгсөн нэгэн монгол ах метроны буудлынх нь хаягийг зааж өгөхдөө "Гарцаар гараад чигээрээ алхаад л бай, угаасаа андашгүй, өөдөөс чинь баахан монгол хүн алхаж байгаа" гэж зааварчилсан юм. Би хэлснийх нь дагуу метроны буудлын гарцаар гараад чигээрээ алхлаа. Хэд алхав уу үгүй юу хоёр монгол бүсгүйтэй тааралдав. Сураглаж буй сургуулийнхаа нэрийг хэлтэл, "Энүүхэнд байгаа" гэлээ. Ингээд цааш алхах зуураа нийт хэчнээн монгол хүнтэй тааралдах бол оо гэж сонирхон тоолж явтал их сургууль хүртэлх 300 метр орчим зайнд яг 23 монгол хүнтэй таарсан юм даг. Итгэхэд бэрх байгаа биз. Энэ тоог тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсныг яг энэ цаг мөчид үүнийг бичих зуураа харж сууна. Хамгийн харамсалтай нь тэр өдөр би хуушуур зарж байгааг олж харж чадаагүй юм. Маргааш цайны цагаар дахиад хуушуур зарах байх даа гэж эндхийн оюутнууд хэлсэн. Ер нь монголчууд Сөүлд олуулаа гэдгийг энэ мэт олон жишээгээр нотолж болно.

Хэдий монголчууд маань олуулаа ч манайхны нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унажээ. Цөөхүүлээ гэгддэг байсан хуучин цагт “Би монгол хүн” гэдэг үг солонгос хүний чихэнд "ахан дүүс" гэдэг шиг дотно санагддаг байв. Дурын солонгос хүнд “Би монгол хүн” гэж хэлэхэд өнөөх нь хөөрөн догдолж “Бид нэг гарвалтай. Бидний хонгон дээр адилхан хөх толбо байдаг” хэмээн саймширдаг байсан нь өдгөө түүх болжээ. Хэрвээ өнөөдөр хэн нэгэн “Би монгол хүн” гэж хэлбэл солонгосчууд дуугүй, бүр ярвайж өнгөрөх вий. Учир нь, монголчуудтай холбогдсон хэрэг төвөг байнга шахуу чих дэлсдэг. Намайг Монголд ирсний дараахан гав гинжтэйгээ цагдаагийн газраас оргочихсон монгол залуугийн тухай зурагтын суваг бүр мэдээлсэн гэсэн. Сул назгай байдлыг нь улс орон даяар шүүмжилсэнд цагдаагийн газрынхан ихэд шаралхаж өнөөх залууг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эрж хайсан гэнэ. Хоморгонд нь олон монгол хүн өртжээ. Манайхны зарим нь арга барагдахдаа тэрхүү залууд хандан өөрөө очоод баригдсан нь дээрээ гэж зөвлөж байв. Сүүлд сураг сонсох нь ээ, тэр залуу баригдсан гэсэн. 

Монгол хүнийг үүднээсээ буцаалгадаг уушийн газар Сөүлд байсан гэвэл та итгэх үү? Манайхан олон удаа тооцоогоо төлөлгүй мурьчихсан учраас тэрхүү уушны газар ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Бас монголчуудыг оруулахаа байчихсан махны газрууд бий гэсэн. Шалтгаан нь маш энгийн, ухаан жолоогүй иддэг учраас монголчуудыг үйлчлүүлсэн үед тухайн махны газар ямар ч ашиг олдоггүй гэнэ. Мөн манайхан хулгайн хэрэгт их холбогддог. Нүүлгэж буй айлынхаа үнэтэй цэнтэй бүхнийг сорчилж аваад, ажлынхаа дундуур зугтчихсан монгол хүний тухай дуулж л байлаа. Тийм болоод ч тэр үү, Сөүлийн хаа нэгтээ монгол хүмүүс хоорондоо таарвал аль болох нэг нэгэнтэйгээ мэндлэхгүй өнгөрөөхийг хичээдэг болжээ. Уг нь бүр эрт дээр цагт бол Сөүлд хоёр монгол хүн санамсаргүй тааралдвал удаан уулзаагүй аав ээжтэйгээ учирч буй мэт догдолж, удаанаар ярилцан суудаг байв. Харин одоо бол нэгнийгээ алсаас, харцаар нь таньчихаад дэргэдүүр нь танихгүй юм шиг өнгөрдөг. Олны дунд сайн нэгэн ч бий, саар нэгэн ч бий. Нэг эвэр доргивол мянгыг доргиодог гэдэг байх аа, Сөүлд яг л ийм юм болж байна.

Сөүлийн зүүн хэсэгт, метроны буудлын хаяанд нэгэн монгол хоолны газар байдаг юм. Эднийх амттай хоолоороо алдартай гэсэн тул нэгэн орой ажил тарсныхаа дараа зориуд очиж үзэхээр боллоо. Подвалийн давхарт байрладаг, зургаахан ширээтэй тэрхүү зоогийн газарт өдөр бүр өөр хоол голчилж гардаг бөгөөд энэ өдөр гуляш, хуушуур, гэрийн боорцгоор үйлчилнэ гэсэн зар үүдээр нь ороход бичээстэй харагдсан. Тэрхэн үед гэрийн боорцог хайрдаг монгол хоолны газар Сөүлд бүү хэл, Улаанбаатарт ч ховор доо гэж бодогдсон. Хоолны газарт 30-аад насны эр сууж байлаа. Намайг хармагцаа “Ажлаасаа бууж байгаа юм уу” гэж яриа өдсөн. Би “Тийм ээ” л гэв. Тэр эр шөнийн цагаар тэгпэ-ний ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулав. Ер нь Солонгос дахь монголчууд шөнөөр ажиллахыг “ягаарах” гэдэг. Энэ нь "ягаан" гэсэн монгол үгтэй огт холбоогүй бөгөөд солонгосоор шөнө гэдгийг "ягаан" гэдэг учраас "ягаарах" гэдэг эрлийз үг үүссэн хэрэг. Гэхдээ ягаан гэрэл туссан шилэн хоргонуудад залуухан охид зогсоод биеэ үнэлдэг шөнийн гудамжийг манайхан “Ягааны гудамж” гэж нэрлэдэг нь монгол хэлний ягаан гэсэн өнгө, солонгос хэлний шөнө буюу ягаан гэсэн үгийг хамтад нь нэг дор багтаачихсан, тун ч догь нэршил болсон юм шиг санагдсан шүү. Би өнөөх эрээс “Хэдэн өдөр дараалан ягаарч байна даа” гэж асуутал “3 жил” гэж хариуллаа. Эхлээд надаар тоглоод байна даа гэж бодсон ч нээрээ гурван жилийн турш ягаарч байгаа гэдэг нь үнэн болов. Нүд нь час улайчихсан, яриа нь ч эв дүйгүй байсан тул түүнийг эхэндээ шөнөөр ажиллаад ядраа юм байлгүй дээ гэж бодсон. Ер нь Солонгост тэгпэ-ний үйлчилгээ маш өргөн дэлгэрсэн. Энэ нь нэг үгээр, хүргэлтийн үйлчилгээ гэсэн үг юм. Ийн байж байтал оюутнууд бололтой 20 гаруйхан насны залуус гаднаас орж ирлээ. Бүгд өнөө орой тэгпэнд гарна гэв. Айл нүүлгэдэг залуус амсхийх л юм бол айл нүүлгэлтийнхээ талаар ярьдаг шиг тэд ч бас урьд шөнийнхөө тэгпэ-ний тухай яриад л байсан. Би тэгпэнд гарч байгаагүй учраас тэдний яриаг сайн ойлгосонгүй. Тэднийг монгол хоолоо идэх зуур би ч бас хоол захиалж идлээ. Гуляш, мантуу, сүүтэй цай захиалав. Сүүтэй цай нь хийцтэй, тун ч сайхан амттай санагдсан. Харин мантуу нь уу, дутуу болгочихсон уу, бүү мэд, чулуу шиг л хатуу байж билээ. Мэдээж гуляш нь яриангүй сайхан амттай байсан. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр ийш орж ирснийх нэг том олзтой гарлаа. Нөгөө хайгаад байсан “Монгол апат”-ынхаа сургийг тэгпэ-чин эрээс мэдэж авав. Бас хаана байдгийг нь багцаагаар заалгуулж авлаа. Ингээд тэр эрд баяртай гэж хэлчхээд “Монгол апат”-ын эрэлд гаран үдшийн, үл таних гудмаар алхав. 

Тэгпэ-чин эрийн чиглүүлсний дагуу гудамж уруудан алхсаар голын эрэг дагуу байршсан гэрэл муутай, бүүдгэр хороололд дөхөж ирлээ. Ойр хавь нэг л эл хуль шүү. “Монгол апат”-ын бичмэл хаягийг тэгпэ-чин эрээс мэдэж аваад гар утсан дээрээ тэмдэглэчихсэн тул ойролцоох байшин бүрийн хаягийг тулгаж явсаар, цаг орой болсныг анзаарсангүй. Тэгээд бараг л харьдаг ч юм уу даа гэж бодож байтал буцах замд дөрвөн давхар шаргал байшин тааралдсан нь яг мөн бололтой. Орцны үүдээр шагайвал доторх нь хав харанхуй. Дотогш ороод шатаар өгслөө. Орцонд хэн ч алга. Гар утасны чийдэнгээ асаан харанхуй орцны хана туургыг сонжтол ханан дээр нь монголоор сараачсан харагдлаа. Тэгмэгц нь энэ байр “Монгол апат” мөн ч бай, биш ч бай, энд ямар нэгэн монгол хүн амьдардаг нь баараггүй гэж тааварлав. Ямар ч л байсан, орцны үүдэн дээр зогсоод хүн гарч орохыг хүлээе гэж шийдлээ. Тэгтэл арваад минутын дараа өндөр нуруутай, хижээлдүү эр тамхилахаар гарч ирэв. Харваас монгол хүн. Би түүнтэй мэндлээд “Энэ Монгол апат гэдэг нь мөн үү?” гэж асуулаа. Өнөөх эр “Харин хүмүүс л тэгж нэрлээд байдаг юм” гэж хариулмагцаа хэрэг зоригийг минь сонирхов. Би түүнд сэтгүүлч гэдгээ хэлээгүй ээ. Хэлсэн ч итгэхгүй байсан биз. Хэн л хар шөнөөр ийм эл хульхан газар ирчихээд монголчуудын амьдардаг түрээсийн сууцыг сурвалжилна гэдэгт итгэх вэ дээ. Харин түүнд түрээсний байр хайж байгаа гэж худал хэллээ. Тэгмэгц өнөөх ахын байр байдал хувьсан өөрчлөгдөж, эзэн нь гэж нэг солонгос өвгөн байдаг тухай ярив. "Монгол апат"-ад нээрээ л дан монголчууд амьдардаг гэнэ. Ихэнх суугчид нь Солонгост богино хугацаагаар ирэгсэд аж. Нийтийн жорлонтой боловч барьцаа мөнгө төлдөггүй, хөргөгч, угаалгын машин нь цаанаасаа, басхүү түрээсийн төлбөр бага гээд давуу тал ихтэй гэнэ. Мэдээж ойр хавьд нь монголчууд олноороо суурьшин амьдардаг тул ажил олоход тус дэмтэй байдаг аж. Тэр ах өмнө нь Солонгост ажиллаж байгаад 13 жилийн өмнө нутаг буцжээ. Ингээд нэг ч удаа эргэн ирэхгүй байсаар өчнөөн олон жилийн дараа залуу цагийн дурсамжит хотдоо ирсэн нь энэ удаагийнх гэнэ. Бид хоёр ийн ярилцаж байтал настай эмэгтэй, залуу бүсгүй хоёр "Сайн байна уу?" гэсээр хүрч ирлээ. Энд өрөө түрээслээд удаагүй байгаа ээж, охин хоёр гэнэ. Хориод насны охин нь их сургуулийн хэлний бэлтгэлд элсэн оржээ. Би сонсож дуулсан сонин хачин зүйлсээ тэдэнд ярилаа. Тэд ч янз бүрийн юм асуув. Ээж нь “Аятайхан байр ер олдохгүй юм. Харин энэ байр барьцаа шаардахгүй амар санагдсан” гэв. Тэгсэн өнөөх ах “Энэ ч дээ, гурван сарынхан орж гарч л байдаг, хямдхан сууц шүү дээ” хэмээн амьдардаг байраа гоочлоод авав. Тэгтэл орцноос гурван монгол залуу гарч ирээд мэндийн зөрөөгүй яваад өглөө. Охины ээж “Монгол хүмүүс байж нэгэнтэйгээ мэндлэхгүй юм. Болдог сон бол монгол хүн бүртэй мэндэлмээр байх юм” хэмээн гомдоллов. Тэгтэл өнөөх ах "Энэ байрныхан бүгд нэгнээ танихгүй ээ" гэж билээ. Удалгүй би сүүлчийн метронд амжиж суух санаатай тэднээс салан ирсэн замаараа алхлаа. 

Сөүлд удах тусам Монголоо санаж байлаа. Яг одоо Улаанбаатарт навчис хөглөрүүлэн алхах дуртай намрын улирал минь айлчилж байгаа даа гэсэн ганцхан бодол намайг эх нутаг руу минь яаруулж байв. Тэгтэл Улаанбаатар руу нисэхээс дөрөв хоногийн өмнө Урианхай ах гэнэтхэн ярилаа. Тэр “Өнөөх ажлаа дахиад хийх үү? Хоёр өдрийн ажил гарчихлаа” гэв. Уг нь би дахин арбайт хийхгүй гэж бодож байсан ч түүний саналд татгалзаж чадсангүй ээ. Урианхай ах сэтгэл гарган залгаж байхад яаж үгүй гэхэв. Сүүлийн хоёр арбайт, тэгээд л нутаг буцна даа гэж өөрийгөө зоригжууллаа.

Гэвч маргааш нь өнөөх амархан ажлаа хийсэнгүй. Тоос шороотой, жинхэнэ барилгын ажилд нухлагдав. Бид шинээр баригдаж буй 6 давхар барилга дээр ажиллалаа. Манай бригад ихэнхдээ 5-6 давхар өндөртэй, жижиг орон сууцнуудын ханыг гипсэн хавтангаар бүрдэг ажээ. Ингэхдээ жилийн дөрвөн улирлын турш Сөүлийн өнцөг булан бүрт баригдаж буй шинэ барилгуудыг хэсэж явдаг байна. Бүрэлдэхүүний хувьд цомхон, зөвхөн энэ л ажлаа хийдэг, заримдаа нэг өдрийн дотор хоёр ч барилга дээр очдог гээд манай бригад олон онцлог шинжтэй байлаа. Энэ өдөр энд ажилладаг хоёр монгол залуу маань хүртэл ирсэн харагдав. Ерөнхийдөө Урианхай ах, бид хоёрын үүрэг бол зургаан давхар байшингийн өрөө бүрт гипсэн хавтангуудыг оруулж тавих. Ингэхдээ нэг хүн нуруундаа 4 ширхэг гипсэн хавтанг давхарлан үүрээд шатаар өгсөх ёстой. Нэг гипсэн хавтан хэдэн кг байдгийг хэлж мэдэхгүй боловч лав дөрвөн гипсэн хавтан аймшигтай хүнд байдаг гэдгийг би яс махаараа мэдрэх шиг болсон. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь өргөөд өгсөх биш. Гипсэн хавтан хаалгаар шууд багтахгүй тул өрөөнүүд рүү орохдоо гипсэн хавтангаа заавал хажуулдуулж оруулах ёстой болдог байв. Ингэж оруулах үнэхээр хэцүү. Хөлс цутгах мэт асгарсан. Хамаг бие туйлдан ядарсан. Уг нь би чинь 30 цаг тасралтгүй ажиллахдаа огт шантраагүй хүн шүү дээ. Бас барилгын чулуу зөөж үзсэн, айл нүүлгэж үзсэн, барилга нурааж үзсэн, чингэлэг буулгаж үзсэн атлаа энэ ажлын үеэр л өвдөг сөхрөөд бууж өгчихмөөр санагдсан. Ажлын бээлий минь хүртэл урагдаж цоорсон харагдав. Барилгын тоос шороотой, нарийхан давчуу шатаар нуруундаа чулуу мэт хүнд дөрвөн хавтан үүрчихээд шатны нэг гишгүүр бүрээр дээш ахих үед яагаад ч юм, нэг л шүлэг аманд минь байнга уншигдаад болдоггүй. Тэр нь:

Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг...

Энэ шүлгийг амандаа шившмэгц л нуруундуу үүрсэн хүнд хавтанг “хүргэх ёстой газар” нь хүргэж чадах ч юм шиг санагддаг байв. Яруу найргийн ер бусын, гайхалтай шид гэж үүнийг л хэлэх байх. Энэ дөрвөн мөртийн хүчээр тэр өдрийг давж туулсан. 

Ажил дууссаны дараа, “Маргааш дүү нь ажиллаж чадах юм болов уу даа” гэж хэлмээр байсан ч хэлж чадаагүй. Анхнаасаа л “За” гэсэн бол амлалтаа зөрчих ёсгүй гэж бодсон хэрэг. Урианхай ахтай цуг метроны буудал руу алхах замдаа “Үнэхээр хэцүү ажил юм аа” гэж хэлтэл “Чи харин гайгүй байна. Ах нь анхны өдрөө алиагаа алдаж байлаа. Бүр гарын шөрмөс хүртэл татсан” хэмээн урмын үг хэлж билээ. Тэр үгэнд нь урам авсан уу, бүү мэд, маргаашийн ажлыг даваад туулчих ч юм шиг санагдсан. Маргааш нь Урианхай ах ажилтай болчихсон тул би ганцаараа гарлаа. Өглөө айж л байв. Гэтэл надад аз дайрч тэр өдрийн талыг гипсэн хавтан зөөж, үлдсэн хагасыг Ансан руу явж өнөөх “наадаг ажил”-аа хийж гүйцэтгэлээ. Миний сүүлийн арбайт нэг иймэрхүү өнгөрсөн юм даа. Тэр орой эзэн маань 7 өнгөрөөж ирээд надад хоёр өдрийн цалин гэж 200 мянган вон, дээрээс нь удаан хүлээлгэсэн гээд 20 мянгыг нэмж өгөв. Тэгээд намайг автобусны буудал дээр хүргэж өглөө. Би тэндээс Сөүлийн төв хүрдэг шугамын автобусанд суугаад гэртээ харьж билээ. 

Хожим эргэн дурсахад хоёр үйл явдал миний сэтгэлд тод үлджээ. Хоёулаа Чингис хаантай холбоотой байсан нь бүр ч сонин. Эхний түүх нь ийм. Нэг өдөр ажлаа дуусчхаад нэгэн солонгос эрийн хамт Сөүл рүү буцаж байлаа. Бид хоёр англиар хагас дутуу ойлголцчихдог байв. Солонгос эр таньдаг монгол залуу нь Монголд очоод Солонгосын хөрөнгө оруулалттай том компанид ахлагч хийж байгаа тухай сонирхуулаад “Гэхдээ цалин нь үнэхээр бага юм билээ” хэмээн үгээ доогтой байдлаар төгсгөв. Дэлхийн 13 дахь том эдийн засагтай, Риогийн Олимпоор медалийнхаа тоогоор 8-д жагссан, хувийн компани нь гэхэд Apple-тай өрсөлддөг, Азийн бар улсын иргэнд Монголынхоо талаар гайхуулаад хэлчих юу ч олдсонгүй. Солонгосчууд хэзээ ч барууныхан шиг Монголын нүүдэлчин соёл, онгон дагшин байгальд сэтгэл хөдлөхгүй. Бүр уур хүрээд болдоггүй. Тэгэхээр нь “Чингис хаан гэж мэдэх үү” гэлээ. Солонгос эр “Мэднэ ээ” гэж байна. Тэгмэгц нь “Чингис хаан бараг бүх дэлхийг эзэлсэн. Хятадыг ч тэр, бүр Солонгосыг ч тэр” гэв. Тэгтэл өнөөх эр зальтай инээмсэглэснээ “Гэхдээ одоо биш...” гэж билээ. Энэ үг одоо ч бодогдоод болдоггүй юм. 

Хоёрдахь үйл явдал нь ийм. Би бас л ажлаа тарчихаад машинд явж байлаа. Гэхдээ ачааны машиныг маань солонгос хүн биш, монгол залуу жолоодож явав. Радиогоор Жон Ленноны дуу эгшиглэж дуусмагц миний цорын ганц мэддэг солонгос дуучин болох Бэк Жи-ёны дуу явав. Энэ хоёр дууны ид шид нөлөөлсөн үү, бүү мэд, би яагаад ч юм Чингис хааныхаа тухай бодлоо. Ямар азаар надад, бидэнд Чингис хаан байгаа юм бэ дээ гэж бодох зуур нүдэнд минь нулимс цийлэгнэв. Би сэтгэл дотроо бол мэгшин уйлж байлаа. 800 жилийн өмнөх тэр хүн одоо ч гэсэн нэгэн үндэстний нөмөр нөөлөг, өмөг түшиг болж байгаа нь надад дэндүү бахархалтай санагдсан. Зарим нэг нь “Түүхээ ярьж хөгждөггүй юм аа” гэж цэцэрхэх л байх. Үнэндээ би хүртэл тийм хүмүүсийн эгнээнд шилжиж байснаа нуугаад яах вэ. Гэхдээ тэр өдрөөс хойш Чингис хаан бол зүгээр нэг бахархан дурсдаг түүхэн хүн биш, тэр одоо ч бидний дотор амьд юм байна гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн юм даг. Айж эмээсэн үедээ ижийгээ дурсдаг шиг, ядарч зовсон үедээ бурханыг эрдэг шиг, Чингис хаан бол монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд орших “аврал энэрэл” юм. 

Би товлосон өдрөө нутаг буцлаа. Сөүлээс онгоц хөөрмөгц би дугхийчихэв. Харьж байна гэсэн ганцхан бодол намайг тийм их тайвшруулсан хэрэг. Бас ядарсан маань нөлөөлсөн байх. Гэнэт нойрноосоо сэрээд онгоц маань нам гүмд автсаныг мэдрэв. Жаахан өндийгөөд эргэн тойрноо харвал зорчигчид цөмөөрөө унтчихжээ. Тэд ч бас над шиг л их ядарсан бололтой. Аргагүй шүү дээ, хүн бүр л Сөүлийг авралаа гэж хардаг юм. Уншигч та намайг сурвалжилга хийнгээ ажилласан биш, ажиллангаа сурвалжилга хийсэн юм биш үү гэж бодож магадгүй. Аль нь ч байсан, би тийм л гэж хариулна. Хоёр сарын турш сурвалжилга, арбайт хоёрыг хослуулсны дүнд би багагүй мөнгөтэй болсон. Түүгээрээ бараг 15 кг-ийн жинтэй ном худалдаж авсан. National Geographic-ийн логотой аяны хөнгөхөн халбага авсан. Аяга, цүнх, бас хувцас авсан. Өвөл аялж магадгүй юм байна гэж бодоод цасны гутал авсан. Гүйнэ дээ гэж бодоод гүйлтийн гутал авсан. Хавар алхана даа гэж бодоод салхины куртка авсан. Ирээд бас зөндөө монгол ном авсан. Эмээдээ мөнгө шилжүүлсэн, ээждээ эмнэлэгт хэвтээрэй гэж мөнгө илүүчилсэн. Тийм ээ, Сөүл ч бас миний авралын хот. 

Нэгэн цагт Төв Азиас гаралтай бор хархнууд сониуч зан болон хоол тэжээл эрэх зөн совиндоо хөтлөгдөн бүх дэлхийгээр тэнүүчилсэн. Энэ нийтлэлийнхээ эхэнд харх адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай гэж бичсэн дээ. Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа би монголчуудыг маань зүгээр ч нэг санаандгүй байдлаар харх гэж нэрлээгүй юм байна гэж бодсон. Монголчууд харх шиг л адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай билээ.  


2016 оны 12-р сарын 22.



НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Өөрөө уншихад ч халширмаар, урт нуршуу нийтлэл нэгийг биччихлээ. Ингэснээр Сөүлийн тухай цуврал нийтлэлүүд маань дуусгавар болж байгаа юм. Өмнө нь бичсэн гурван нийтлэлийн эхнийх нь болох “Сөүлийн тэмдэглэл”-дээ энэ хоттой хэрхэн холбогдсон тухайгаа өөрийн дурсамж түүхүүдээр баяжуулан бичсэн. Харин “Хорин дөрөв”, “Арван хоёр” гэсэн холбоо хоёр сурвалжилга бол айл нүүлгэлтийн тухай хөндсөн анхны даацтай нийтлэл гэж би хувьдаа бодоод байгаа юм. Сайн муу болсон эсэхийг нь үнэндээ хэлж мэдэхгүй байна. 

Тэгвэл таны дөнгөж сая уншсан, магадгүй унших гэж оролдоод уйтгартай санагдмагц дундаас нь хаясан эл нийтлэл бол Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа олж мэдсэн, ажиглаж харсан бүхнээ нэгтгэх гэж оролдсон, нэлээд “сэтгүүлч” төвтэй тэмдэглэл-сурвалжилга гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Уншигч танд уйтгартай санагдсан бол та зөв дүгнэжээ гэж хэлэхээр байна. Үнэндээ надад ч бас эргээд уншихад үнэхээр уйтгартай санагдсан. 

Энэ дөрвөн нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн хувьд, нэг дор бөөнд нь бүү уншаарай гэж зөвлөе. Хэрэв тэгэх аваас дан ганц “Сөүл” гэх үгний олон давхцал таныг хордоож мэднэ шүү. Эцэст нь хэлэхэд, цаашид Сөүлийн тухай бичих хэрэг гардаг юм бол, харьд одсон бүсгүйчүүдийн тухай бичих нэг санаа байна. Хэрэв энэ сэдэвтэй холбоотойгоор сэтгүүлч надтай холбогдохыг хүсвэл Та enkhtsolmon23@gmail.com гэсэн э-шуудан руу хэдийд ч захиа илгээж болно шүү.