Алтан нарнаас баруунтаа...
December 29, 2019
“Би блогийг тань (anandgerel.blogspot.com) үнэнч уншигчийн хувиар, тантай ярилцахыг хүссэн сэтгүүлчийн хувиар бүх л өдөржин уудалж төнхлөө. Чаплины охиндоо бичсэн захидлаас Симоновын “Намайг хүлээ” шүлгийн орчуулга хүртэлх 129 бичвэрээр амьдралдаа нэг ч удаа үг сольж үзээгүй хүнээ тодорхойл гэвэл та лав цаг үргэлж үгээр “хооллодог”, зав гарахаараа сайхан захидал унших дуртай, хажуугаар нь ховор хуучин зурагт шимтэж, хааяахан шүлгийн уянга ярууд автахдаа тэдгээрээсээ сорчлон орчуулж, тэр догдлуун сэтгэлээрээ Ремарк, Марлин Дитрих нарын хайр дурлалд битүүхэн “атаархаж”, тэндээсээ Нобелийн шагнал гардуулах ёслолд “зочлон” Хэмингуэй, Мо Яний хэлсэн үгийг “сонсож”, цаашлаад дорно хийгээд өнгөрсөн рүү “зорчиж”, хүн төрөлхтний, зохиолч хүний, бүр эгэл нэгний уй гуниг, орь ганцаардлыг мэдэрч шаналахдаа Шагановын “Намайг аядуухан дуудаач” гэх мэтийг уншингаа улам ч “ганцаарддаг” нэгэн байх гэж бодлоо. Хэрэв таамаг минь үнэн бол тантай ярилцахын тулд утсаар ярьж уулзах цаг товлох төдийхнөөр бүтчих амархан аргыг яавч сонгомооргүй санагдсан. Харин үүний оронд ямар нэгэн нууцлаг, жир биш арга байх л учиртай. Тэр нь юу байж болох вэ? Бодож бодож, бэлдсэн асуултуудаа дугтуйтай захианд боож нэгтгээд энэхүү зурвасын хамт илгээхээр шийдлээ. Ер нь хүмүүс нэгэндээ яах гэж захиа бичдэг вэ? Таны унших дуртай Эрих Мария Ремарк амрах гэж, амсхийх гэж захиа бичдэг тухайгаа дурджээ: “Ажиллаж ажиллаж ядраад юу хийхээ би сайн мэддэг болсон. Би гар бичвэрээ хойш тавиад тагтан дээр гардаг. Галын дэргэд суугаад, радиогоор дуртай хөгжмөө тохируулж тавиад чамд захиа бичихээр суудаг. Энэ нь миний хувьд цоо шинэ мэдрэмж бөгөөд хачин сайхан түшиг тулгуур болох юм. Орой чамдаа захиа бичнэ дээ гэж өдөржин гэгэлзэж суух нь энүүхэнд.” Захиа бичнэ гэдэг үнэхээр л гэгэлзсэн сайхан мэдрэмж аж.”
Ийм нэг зурвас бичээд Төв шуудан орж дугтуйнд боогоод дээр нь их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн зураг бүхий марк наан захиагаа “захидал” болгож баталгаажуулаад Энхтайваны гүүрний зүүнтээ байх, нар өөд цойлсон өндөр шилэн барилгын хамгийн дээд давхар дахь Нэпко хэвлэлийн газарт яг л шууданч шиг хүрч очоод дугтуйтай захидлаа ширээн дээр нь үлдээчихэж билээ. Захиагаа өгнө гэдэг бичихээс ч илүү сэтгэл догдлуулдаг зүйл аж. Өглөөний нарны илч дулаан өрөөг бүхэлд нь дулаацуулдаг нь илт. Яг энэ үед ярилцлагын маань зочин эзгүй байж таарсан нь тун сайн хэрэг. Хэрэв орчуулагч Б.Гэрлээ гэх нэрийг, бас түүний хөтлөн явуулдаг блогийг уншигч та урьд сонсож дуулж байгаагүй бол Муракамагийн “Норвегийн ой”, Мо Яний “Эргэлт”, “Дарсны орон”, Даниэл Канэманы “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү”, “Гадаад Монголын дотоод нууц” түүхэн тэмдэглэл, өгүүллийн түүвэр, М.Зыгарийн “Путин ба путинчууд”, Д.Трампын “Би хэзээ ч бууж өгдөггүй”, Үй Хуагийн “Хятад орныг арван үгээр”, Лю Лиэнзыгийн “Арын ордны нууц”, Шэнь Цунвэний “Боомт хот”, Шэнь Шисигийн “Чонын мөрөөдөл”, Ван Сюфэний “Цайны түүх” гэх мэт орчуулсан олон бүтээлийг нь хаа нэгтээ сонссон, эс бөгөөс аль нэгийг нь шимтэн уншсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Ийнхүү захидал эзэндээ очсоноос хойш гурав хоногийн дараа дараах хариултууд ирснийг уншигч танд сонирхуулъя. Эцэст нь дүгнээд хэлэхэд, хариу хүлээнэ гэдэг, хүлээсэн хариугаа уншина гэдэг захидал өгөхийн сайхныг хол давсан сэтгэл догдлом мэдрэмж юм билээ.
СЭТГҮҮЛЧ: -Блогийн тань анхны бичвэр “Чарли Чаплины охиндоо бичсэн захидал” 2013 оны арваннэгдүгээр сар гэсэн огноотой. Тэр өвөл чухам юу өрнөж, таныг блог нээхэд хүргэв ээ!
Б.ГЭРЛЭЭ: - Би өөрт таалагдсан юмаа орчуулах хоббитой. Интернэтээр янз бүрийн мэдээлэл унших дуртай, орос сайтаар их ордог. Тэгээд таалагдсан нэлээн олон нийтлэл байсныг нь орчуулаад хадгалаад л байдаг байсан. Тэр өвөл хүүхдээ гэртээ харж суусан болохоор ер нь блог нээе, орчуулснаа хүнд хүргэе гэж бодоод нээсэн дээ.
СЭТГҮҮЛЧ: -Дийлэнх уншигч таныг орчуулсан номын тань эхэнд бичигдсэн “Орчуулсан Б.Гэрлээ” гэх хоёр үгээр л төсөөлж буй. Жирийн нэг уншигчаас тулхтай орчуулагч болтлоо өсөж дэвшсэн таны түүх уншигчдын хувьд сонирхолтой санагдана байх.
Б.ГЭРЛЭЭ: -Би МУИС-ийн Хятад хэлний ангийг төгссөн, орчуулагч мэргэжилтэй. Өмнө нь орос 18-р сургуулийг дүүргэсэн. Орос сургуульд бага ангиас л найруулан бичлэг, зохион бичлэг маш их хийлгэдэг. Миний хувьд найруулан бичлэг хийхдээ илүү дуртай. Багш маань найруулан бичлэг хийлгэхдээ эхээ хоёр удаа уншиж өгдөг байсан. Хоёрдахиа уншихад нь энэ үйл явдлыг яаж холбох вэ, заасан үгийн тоонд багтааж өөрийнхөө үгээр яаж буулгах вэ гэж боддог байсан. Юм орчуулж найруулах дуртай болсон минь ч үүнтэй холбоотой байх. Их сургуульд ороод бусад хичээлээсээ илүү орчуулгын хичээлд дуртай, даалгаврыг нь бусад хичээлийнхээ даалгавраас урьтаад хийчихдэг байсан. Гэвч сэтгэлд таарсан ажлаа олж чадахгүй олон жил явсан шиг санагддаг. Их олон газар ажиллаж байлаа. Сүхбаатар аймгийн Цайрт Минерал компанид орчуулагчаар ажиллаж байхдаа нэг хэсэг нэлээн завтай суудаг байсан юм. Тэгээд ер нь орчуулагч мэргэжилтэй болсных нэг ч гэсэн ном орчуулж үзье гэж бодоод тухайн үед дөнгөж гараад шуугиан тарьж байсан Дэн Брауны “Алдагдсан бэлгэ тэмдэг”-ийг эхлүүлсэн ч бараагүй. Дэндүү хэцүү үг хэллэгтэй, том ном барьж авсан байх. Дараа нь хүүхэд гаргаж гэртээ суудаг болоод интернэтээс олон ном татаж уншсан. Тэр дундаа Мүракамитай эчнээ танилцаж, хамгийн гол нь үг хэллэг, өгүүлэмж нь энгийн санагдаад орчуулахаар шийдсэн. Тэр үед мөн Мо Яний зохиол бүтээлээс уншиж эхэлсэн. Ингээд дараа нь Нэпко хэвлэлийн газартай азаар холбогдож, ёстой л өөрийгөө олж, орчуулгын ажилд эргэлт буцалтгүй орсон доо.
СЭТГҮҮЛЧ: -Та орос, хятад хэлнээс орчуулдаг. Аливаа хэлийг уран зохиолын орчуулга хийх хэмжээнд хүртлээ сурна гэдэг амаргүй. Хэл болгон тусдаа ертөнц, түүнд нэвтрэхэд багагүй цаг хугацаа шаардана. Танд ч бас тийм баялаг түүх байгаа байх?
Б.ГЭРЛЭЭ: -Миний хувьд цэцэрлэгт байхын орос хэл сурч эхэлсэн, орос дунд сургууль төгссөн болохоор оросоор бол нарийн мэргэжлийн юм л биш бол төвөггүй ойлгодог. Ихэнх номоо оросоор уншсан. Оросын соёлд дуртай. Харин хятад хэлийг их сургуульд сурсан болохоор орос хэлийг маань гүйцэхгүй. Ажлаа хийх явцдаа сурч л байна. Хятад ном зохиол орчуулдгийн хувьд соёл урлаг, зан заншлыг нь судалж мэдэхийг хичээдэг. Энэ тухайд ихэвчлэн орос хэл дээрх ном, материалаас олж уншдаг. Оросын хятад судлал бол гайхалтай гүнзгий, нарийвчилсан эд шүү дээ. Орос сургууль төгссөн болохоор монгол зохиолоос бусад зохиолыг голцуу оросоор уншдаг.
СЭТГҮҮЛЧ: -“Норвегийн ой”-н эхний бүлгийн орчуулга таны блог дээр тавигдсан нь Муракамагийн роман монгол хэлнээ буусан бараг анхны тохиол байх шүү. Энэ зохиолтой анх хэрхэн учрав?
Б.ГЭРЛЭЭ: -Үнэнийг хэлэхэд “Норвегийн ой”-гоос өмнө би Мүракамигийн “Алтан нарнаас баруунтаа, хилийн дээснээс урагшхан” гэдэг туужийг нь хайртай хүндээ зориулж орчуулсан юм, түүнд маань ч тэр зохиол маш их таалагдсан. “Норвегийн ой”-г орчуулж гаргахад түүний зохиол бүтээлийг англиар нь уншсан танил маань энэ зохиолч, ийм зохиолыг манайхан сонирхох уу гээд их л эргэлзэж байсан. Гэтэл олон хүн уншсанд би өөрөө ч их гайхсан.
СЭТГҮҮЛЧ: -Та Мо Яний гурван ч зохиолыг монгол хэлнээ хөрвүүлээд зогсохгүй ярилцлага, дурсамжаас нь цөөнгүй орчуулсан. Мо Янь Нобелийн шагнал гардуулах ёслол дээр үг хэлэхдээ ээжийнхээ тухай дурссан нь олон сая уншигчийн сэтгэлд хүрсэн. “Сэтгэл зүрхийг минь эмтэлсэн нэгэн дурсамж байдаг нь ижийтэйгээ тариан түрүү түүхээр явсан тэр нэгэн өдөр. Тэр өдөр тариан талбайн хамгаалагчид бид хэдийг хөөж туухад ээж минь жижигхэн хөлтэй болохоор зугтааж чадаагүй юм л даа. Хамгаалагч ижийг минь алгадахад ээж тэрийн унаж, ам хамраас нь цус садарлаа. Ээжийгээ энэ үе шиг цөхрөнгөө барж суусныг би санадаггүй. Ингээд олон жилийн дараа тэр хамгаалагчийг цал буурал өвгөн болсон хойно зах дээр нүүр тулдаг юм байна. Ижийнхээ өшөөг авах гэсэндээ урагш зүтгэсэн ч ээж минь “Хүү минь дээ, намайг алгадсан тэр хамгаалагч, энэ өвгөн хоёр тэс ондоо хүмүүс шүү дээ.” (Мо Янь) Жишээ нь, энэ жижигхэн хэсгээр ээжийнхээ туулсан амьдралыг бүхэлд нь тодорхойлчих шиг санагдсан. Таны хувьд Мо Яний амьдралын аль хэсэг, дурсамж хэзээ ч мартагдашгүй санагддаг вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Би Мо Яний “Дарсны орон”, “Эргэлт”, мөн туужийн түүврийг нь монгол хэлнээ орчуулсан. Яг одоо өөрийнх нь тодорхойлсноор оргил бүтээлээ гэдэг “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” романыг нь орчуулж байна. Зургаан зуугаад нүүртэй энэ романыг Мо Янь 46 өдөрт бичсэн боловч санааг нь маш олон жил тээсэн гэдэг. Зохиолын үйл явдал түүний төрөлх тосгон Гаомид өрнөдөг, гол баатар нь үнэн хэрэгтээ тэдний тосгоны хүн. Зохиолч өөрөө ч энэ зохиолд гардаг. Өгүүллэгүүдийнхээ тухай ч энэ зохиолдоо бичсэн. Шидэт реализмд хамаарах, их өвөрмөц, хошин бичлэгтэй роман. Мэдээж уран сайхны хэтрүүлэл орсон ч энэ романыг зохиолчийн бага, өсвөр насны дурсамж дурдатгал гэж хэлж болно. Тун хөгжилтэй зохиол, орчуулж байхад заримдаа тэсэлгүй инээд алддаг. Тосгонд өнгөрүүлсэн бага, өсвөр насных нь энэ дурсамж хамгийн сонирхолтой, мартагдашгүй сайхан санагдсан.
СЭТГҮҮЛЧ: -Мо Яний “Дарсны орон” романд хүүхдийн мах иддэг хэсэг бий. Зарим уншигчид энэ хэсгийг уншаад хоол ч хоолойгоор давахгүй байснаа ярьдаг. Орчуулагчийн хувьд энэ “бэрхшээл”-ийг хэрхэн даван туулсан бэ?
Б.ГЭРЛЭЭ: -Мо Яний “Дарсны орон” романыг хятад ахуйн нэвтэрхий толь гэдэг. Гэхдээ тэнд өгүүлсэн бүхэн үнэн бодитой биш гэж зохиолч өөрөө ярьсан нь бий. Хүмүүс хятадууд хүний мах иддэг гэж ярилцдаг. Тийм тохиолдол эрт дээрдээ байсныг үгүйсгэхгүй ч зохиолч маань орчин цагт ийм зүйл зохиолд л гарна гэдгийг нэг ёсондоо ёжилж хэлсэн. Тэр хэсгийг орчуулахад эвгүй л байсан, гэхдээ гол нь аятайхан найруулах юмсан гэдэгтээ илүү анхаарсан даа. Хараацайн үүр хэсэгт хараацайн үүр буцалгаж уусан хүн л эрүүл чийрэг, залуу сайхан харагдана гэдгийг зохиолч мөн манай нутгийн бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, гэхдээ төмс л идэж өсөцгөөсөн, тэгэхээр төмс идсэн бүсгүй ч сайхан болдог гэж ёжилдог. Харин Мо Яний өөр нэг зохиол “Улаан шиш”-ид Япон цэргүүд тэднийг эсэргүүцсэн тосгоны нэг эрийн арьсыг өвчиж хороодог хэсэг бий. Тэр хэсгийг л орчуулахад үнэхээр бэрх байлаа. “Улаан шиш” туужаар найруулагч Жан Имоу ижил нэртэй кино бүтээж, тэр нь Берлиний кино наадмын Алтан баавгай дээд шагналыг хүртэж, маш их алдаршсан. Манайхан үзсэн байх. Кинон дээр ч тэр хэсэг гардаг. Миний орчуулсан туужийн түүвэрт энэ тууж орсон. Зохиолч уг туужаа үргэлжлэлтэй нь “Улаан шишийн гэр бүл” нэртэйгээр гаргасан. Ойрын хоёр жилдээ багтааж үргэлжлэлийг нь орчуулж нэгтгэж гаргана гэж төлөвлөж байгаа. Сонирхуулж хэлэхэд Барууны зарим шүүмжлэгч Мо Янийг чухамдаа “Улаан шиш”-ээрээ Нобелийн шагнал хүртсэн гэж үздэг. Сэтгэл татам өрнүүн үйл явдалтай, Хятад зохиолын хэв маягийг эвдсэн, уран яруу бичлэгтэй зохиол доо.
СЭТГҮҮЛЧ: -“Уншаад уншаад уйдаагүй” зохиолуудаа блог дээрээ жагсаан бичжээ. Тэнд лав “Мастер Маргарита хоёр”, Исаак Зингерийн “Шоша”, Лев Толстойн “Иван Ильичийн үхэл”, Маргарет Митчеллийн “Амьдралын хүрдэн”, Ремаркийн “Шантарам”, Фицжеральдын “Агуу Гэтсби”, Шолоховын “Хүний хувь заяа”-г нэрлэжээ. Дуртай зохиолоор нь тухайн уншигчийг тань гэдэг. Та тэгэхээр ямаршуу төрлийн уншигч болж таарах вэ? Уншаад уншаад уйдаагүй шалтгаан тань юу вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Би багадаа хавтас нь салаад хуучирсан номыг хараад гайхдаг байсан л даа. Үгүй яаж уншихаараа ийм болгодог байна аа гээд. Тэгтэл 9-р ангид байхад ээж маань надад “Салхинд туугдагсад”-ын (Амьдралын хүрд) хоёр дэвтрийг Оросоос авчирч өгсөн. Киног нь үзээд их таалагдсан болохоор зохиолыг нь уншаад бүр ч шимтэн, 2-3 жил ширээний номоо болгосон. Тэгсэн чинь хайртай номын маань хавтас салж хуучраад, хуудас нь шарлаад, ном яагаад тийм муухай болдгийг ойлгосон доо. Бусад зохиолуудын тухайд дүр дүрслэл, үйл явдал нь сэтгэлд хүрсэн, одоо ч хаа нэг эргэж хардаг. Уншигчийн хувьд сонгодог бүтээлд илүү дуртай. Урьд нь ерөнхийдөө оросоор уншдаг байсан бол одоо ихэвчлэн сонгодог романуудыг монголоор уншиж байгаа. Яг одоо С.Эрдэнийн “Занабазар”-ыг уншиж байна.
СЭТГҮҮЛЧ: -“Унших явцад үнэхээр л орчуулмаар санагддаг зохиол гэж байдаг“ хэмээн Маркес хэлжээ. Сүүлд тийм зохиолтой таарав уу?
Б.ГЭРЛЭЭ: -Мо Яний “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”-ийг уншаад орчуулах юмсан гэж бодож байлаа. Тэр хүсэл маань биелж байна. Эртнээс нааш орчуулахыг хүссэн өөр нэг зохиол гэвэл Ремарк, Дитрих хоёрын захидлуудаас бүтсэн “Хайртай гэж хэлээч” гэдэг зохиол. Энэ зохиолд олон жилийн турш тэр хоёрын хэн хэндээ бичсэн захидлууд он цагийн дарааллаараа орсон. Гал халуун хайр ундарч, улмаар цагийн эрхээр бөхөж, улмаар хэн хэнээ санагалзсан сэтгэл болж хувирсан тэр түүх цаасан дээр буусан байдаг.
СЭТГҮҮЛЧ: -Ремаркийн захидал, Ван Гогийн дүүдээ бичсэн захидал, Жон Стейнбекийн хүүдээ бичсэн захидал гээд олон сайхан захидлыг блогтоо орчуулан тавьсан. Энэ дундаас аль захидлын ямар хэсэг сэтгэлд тань тод үлдсэн бэ?
Б.ГЭРЛЭЭ: -Би захидал орчуулах дуртай. Хүний сэтгэл, сэрэл мэдрэмж, баяр гуниг шингэсэн байдаг болохоор дуртай. Энэ дундаас Леоновын хүүдээ бичсэн захидал, Жон Стейнбекийн хүүдээ бичсэн захидалд илүү дуртай. Стейнбек “Хайр гэдэг хоёр янз бий. Нэг нь өөрийгөө өргөмжилж, хувиа хичээсэн хармын сэтгэл. Ийм сэтгэлтэй хүмүүс нэгнээ ашиглаж, өчүүхэн биеэ өргөмжилдөг. Энэ нь угаас гаж мэдрэмж. Гэтэл өнөө нэг нь сэтгэлийн сайхан бүхнийг дэлгэдэг өгөөмөр мэдрэхүй. Нэгнээ хувь хүн талаас нь гүнээ хүндэлж, үнэ цэнэтэй болохыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хоёр сэтгэлийн нэг нь чамайг золгүй, өчүүхэн, сул дорой мэт санагдуулж, нөгөө нь чиний гадарлаа нь үгүй эрч хүч, эр бяр, өр нинжин сэтгэл, түүгээр барахгүй ухаарал хайрлана” гэсэн нь сэтгэлд хадаатай явдаг.
СЭТГҮҮЛЧ: -Германы зохиолч Ремаркийг уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байх. Харин та зохиолуудад нь нэлээд дуртай юм шиг санагддаг. Түүнд хамгийн сайхан үгээ зориулах байх?
Б.ГЭРЛЭЭ: -Ремарк герман хүн, өөрийнхөө үеийнхнийг алдагдсан үеийнхэн гэж нэрлэдэг. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, хоёрдугаар дайны хор хөнөөлийг бие сэтгэлээрээ мэдэрч, дайны аюул, гамшиг, үнэн дүр төрхтэй нүүр тулаад, дайн дажинд нэрвэгдсэн хүний зан чанар, дайнд оролцсон улсын нийгэм яаж гажиж өөрчлөгддөг, эргээд энх тайван нийгэмд дасан зохицоход ямар хүндрэлтэй хэцүү, сэтгэлийн зовуурьтай байдгийг “Баруун фронтын байдал тайван” романдаа бичиж, тэр даруйдаа алдаршсан. Монголоор энэ зохиол нь л гарсан. Ер нь Ремарк зохиол бүтээлдээ алдагдсан үеийнхний тухай өгүүлдэг. “Гурван найз”-даа мөн нэгдүгээр дайнд оролцсон залуусын тухай, “Ялалтын хаалга”-д Хоёрдугаар дайны үед аргагүйн эрхэнд эх орноосоо дүрвэсэн эмч, эр эмийн нандин харилцааны тухай гээд ихэнх зохиолдоо тэр үеийнхний ээдрээтэй хувь заяаг өгүүлэн бичдэг. Миний хувьд Монголд миний үеийн 35-45 насны залуусыг алдагдсан үеийнхэн гэж хэлж болохоор юм шиг санагдах юм. Биднийг төлөвшиж, бие даан амьдралд хөл тавих үед шилжилтийн үе таарсан. Одоогийн залуус, бидний хүүхдүүдэд бүрэлдэж байгаа сайхан боломж бидэнд байгаагүй. Тийм болохоор нэг талаараа Ремаркийн бүтээлүүд сэтгэлд илүү ойр байдаг байх. Бидний аав, ээж нийгэм тогтвортой байсан үед амьдарч таарсан. Ээж, аав маань хоёулаа Орост их сургууль төгссөн, насаараа геологийн салбарт ажиллаж үнэлэгдсэн хүмүүс. Болдогсон бол эмээ өвөөгийнхөө үед амьдарсан бол аштай юу гэж бодох үе надад бишгүй тохиолддог. Тэр үед мэдлэгтэй, чадвартай, чадалтай хүнийг шударгаар үнэлдэг тийм нийгэм байсан шиг төсөөлөгддөг дөө.
СЭТГҮҮЛЧ: -Та маш хурдтай орчуулдаг. Үүний нууц юу вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Ном орчуулах бол хүний оюуны чадлыг сорьсон, махруу хөдөлмөр шаардсан ажил. Би ер нь үдээс өмнө идэвхтэй ажилладаг, тийм хурдан орчуулаад байдаггүй. Долоо хоногт нэг л өдөр амардаг. Өдөр болгон орчуулгаа хийдэг. Өдөрт 5-6 нүүр л хийхэд сардаа 120-130 нүүр орчуулна. Үүнийг хүмүүс ойлгохгүй нэг л их хурдан хийлээ, өдөр шөнөгүй суудаг байх гэж эндүүрдэг. Тийм биш шүү дээ. Өдөржин байтугай ажлын найман цаг яс суугаад орчуулга хийсэн өдөр надад байхгүй. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд төвлөрч чаддаг, тууштай л байх хэрэгтэй. Зарим өдөр зохиолдоо ороод 8-9 нүүр орчуулах нь бий. Гэхдээ ховор, гол нь өдөр бүр хийдэг.
СЭТГҮҮЛЧ: -Залуу орчуулагчийн хувьд орчуулгаас орчуулгад сайжрахын тулд өөрийгөө хэрхэн “дасгалжуулдаг” вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Монгол зохиол, орчуулгын сонгодог уран зохиол уншдаг, дээр үеийн кино үздэг. Түүнээс гадна сонирхолтой нийтлэл, захидал, мэдээ мэдээлэл орчуулна, эндээсээ блог, фэйсбүүктээ тавина, уншсан зохиол, үзсэн киноноосоо үг тэмдэглэж авна. Надад хоёр дэвтэр үг бий. Хятадын соёл урлаг, зан заншил, уламжлалын тухай уншиж орчуулснаа блогтоо тавимаар байдаг ч манайхан Хятадын тухай их бичихээр ихэнхдээ таагүй хүлээж авдаг болохоор тэр болгон олонд дэлгээд байдаггүй, өөртөө зориулаад хадгалсан маягтай л байна.
СЭТГҮҮЛЧ: -Таны блог дээр ганц нэг шүлгийн орчуулга харагддаг. Аль шүлгийн орчуулгыг хувьдаа их тоодог вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Би хамгийн анх Р.Рождественскийн “Алс буй нутгаа санагалзан дуулах нь” буюу “Песня о далёкой родине”-гийн шүлгийг орчуулсан. Хаврын арван долоон учрал киноны их гоё аялгуутай дуу шүү дээ. Шүлгийг нь цээжээрээ мэддэг байсан болохоор ингэж буулгавал аятайхан ч юм уу гээд л буулгасан. Тэр орчуулгадаа их хайртай. Ялангуяа “Зүрхний хайртай нутаг минь зүйдэлхэн ч болов үзэгдээч, зөнгөөрөө дассан уул уснаа золгож нэг тайвшрахсан” гэдэг дөрвөн мөртөд дуртай. Яруу найраг орчуулах онол гэж байдаг ч би сайн мэдэхгүй. Зүгээр л сонирхлоороо орчуулах гэж оролддог. Эв хавгүй орчуулсан шүлэг бий бий.
СЭТГҮҮЛЧ: -Цахим ертөнц дэх өдөр бүрийн аялал тань маш баялаг маршруттай юм шиг санагддаг. Блогийг тань уудалж байхад “Литературная газета” сэтгүүлийн нийтлэлээс хүртэл орчуулсан байгаа харагдсан. Орчуулагчийн хувьд, уншигчийн хувьд өдөр бүр дайран өнгөрдөг цахим зогсоолуудаа нэрлээч.
Б.ГЭРЛЭЭ: -Ихэнхдээ орос сайтад ордог. Шинжлэх ухааны мэдээ мэдээллийг цаг алдалгүй оруулдаг naked-science.ru, урлаг, уран зураг, уран зохиолын тухай маш сонирхолтой лекц, нийтлэлтэй magisteria.ru, уран зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын тухай бичдэг noblit.ru, түүх, соёл, урлагийн тухай сонирхолтой фото зурагтай нийтлэлүүдтэй kulturologia.ru, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл оруулдаг фэйсбүүкийн хэд хэдэн группт байнга орж уншдаг. Харамсалтай нь, Монголд ийм сайтууд байдаггүй.
СЭТГҮҮЛЧ: -“Зохиол бичих хэцүү. Би бичиж сураагүй л байна. Гэхдээ сурахдаа л нэг сурна” гэх Хэмингуэйн үг таны орчуулсан нийтлэлд буй. Орчуулга хийх үед заримдаа ийм зүйлс бодогдох юм уу?
Б.ГЭРЛЭЭ: -Бодогдолгүй яах вэ. Сурч дуусахгүй гэж боддог. Хүнтэй ярилцаж суухдаа хүртэл би дараа нь хэрэг болох үг байна уу гэж чих тавьдаг. Миний хувьд харилцан яриа орчуулахад адармаатай юм шиг. Хүүрнэл өгүүлэмж бол өөр, харин харилцан яриаг яаж холбох вэ, ямар үг хэрэглэх вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол Америк кинон дээр “No, No” гэдгийг шууд “Үгүй ээ, үгүй” гээд ёстой авцалдаагүй орчуулчихсан байдаг шиг л юм гарна.
СЭТГҮҮЛЧ: -Орчуулгаас орчуулгын хооронд, хуудаснаас хуудасны хооронд та яаж амсхийдэг вэ?
Б.ГЭРЛЭЭ: -Суугаа ажилтай болохоор йогоор хичээллэдэг, хааяа гэр бүлээрээ театрт кино үзэж амардаг.
СЭТГҮҮЛЧ: -Та Монголын урдаа барьдаг хэвлэлийн газар болох Нэпкод ажилладаг. Ном хэвлэгдэж гарах хүртлээ хэчнээн урт зам туулдгийг уншигчид тэр бүр мэддэггүй. Та өөрийн орчуулсан нэг номон дээр жишээлэн анх санаа төдий байх үеэс ном хэвлэгдэж гарах хүртэл ямар түүх өрнөдгийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөч.
Б.ГЭРЛЭЭ: -Редактортайгаа нүүр тулж ажилласан томоохон ном гэвэл Богд хаант Монгол улсын үед хамаарах түүхэн баримт, Хиагтын 3 улсын хурлын тэмдэглэл, Автономит Монголд томилогдон сууж байсан ДИУ-ын анхны төлөөний сайд Чэнь Лүгийн хувийн тэмдэглэл, тэр үед хамрах судлаачдын түүхэн өгүүллүүдийн түүвэр “Гадаад Монголын дотоод нууц” юм. Тэр номыг МУБИС-ийн түүхийн тэнхмийн багш, доктор профессор Ч.Болдбаатар хянан тохиолдуулсан. Миний хувьд хятад хэлнээс орчуулахад хамгийн их зовоосон, тэр хэрээр маш их зүйлийг сурч авсан зургаан зуугаад нүүртэй тэрхүү номыг зургаан сарын турш орчуулж, редактортайгаа хоёр сар гаруй хянан тохиолдуулсан. Ингэхдээ оноосон нэршил буюу хүн, газар орны нэр, түүнээс гадна түүхэн үйл явдлуудад нэг бүрчлэн тайлбар зүүлт хийснийг нийлүүлбэл бараг 100-гаад нүүр болох байх. Дараа нь түүхэн үйл явдалд холбогдох зургаар зурагжуулж хэвлэлд өгсөн дөө.
СЭТГҮҮЛЧ: -Эргэн тойрон нийгмийн олон асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Орчуулагч хүний хөдөлмөр ихэнхдээ чимээгүй, тэмцэгч биш чанартай гэж гонсойх үе байдаг уу? Гудамжинд гарч жагсалгүй, шүүмжилсэн сэтгэгдэл бичилгүйгээр дуу хоолойгоо илэрхийлэх, гэгээ нэмэх, асуудлыг өөрчлөх боломж орчуулагч хүнд бий юу?
Б.ГЭРЛЭЭ: -Би нийгмийн идэвх султай. Тэгээд ч одоогийн нийгэм надаас хол хөндий санагддаг. Тийм болохоор ер нь зожиг талдаа, хүнтэй нийлэхийг хүсдэггүй. Эмээ, өвөөгийнхөө үед амьдарвал сайхан байж дээ гэж боддогоо дээр өгүүлсэн шүү дээ. Гэхдээ өөдрөг үзэлтэй, гонсойгоод байдаггүй. Энэ харанхуй, бүдүүлэг, бурангуй үе биднээр өндөрлөж, хүүхдүүдийн маань үед гэрэл гэгээтэй болно гэдэгт итгэдэг. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэх нь нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр юм даа. Дуртай ажлаа хийж байгаа болохоор сэтгэл санаа, амьдрал ахуй маань харьцангуй тайван, хангалуун байдаг. Тиймээс энүүхэндээ болж байна гээд хувиа хичээгээд улс төрд оролцохыг хүсдэггүй гэх үү дээ.
Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН
2018 оны 12-р сар
1 сэтгэгдэлтэй
Waiting for your next magnificent article to break this mad silence.
ReplyDelete