Далай агуу том, завь өчүүхэн жижиг



                                
ЯРИЛЦЛАГЫН ӨМНӨ УНШИХ ЭШЛЭЛ 

“УБДС-т оюутан байсан цаг. Гуравдугаар дамжаанд байсан юм уу даа. Даваасамбуу, Сүхтогоо бид гурав орчуулга хийхийн бөөн хорхой. Тэгтэл хэвлэлийн нэгдсэн редакц гэдгээс орчуулга заахаар хоёр багш ирэв. Нэгийг нь Самдан гэнэ. Манай бүлэгт хичээл заав. Самдан багш маань “Та нар манай редакц дээр очиж бай” гэж хэлэв. Бид гурав ч тууж хүрэлгүй яах вэ! Чингэхэд уран зохиолын редакцид залуухан өндөр шар хүн хүний орчуулсан номыг ариутган сууж байх. Амар редактор гэдэг тэр аж. Самдан багш маань улс төрийн зохиолын орчуулгын редакцынх. Би уран зохиолынх руу нь татагдах. Эрийн санаа мухаргүй гэж тэр юм биз дээ. Тэгээд Амар гуайн дэргэд зогсож, ном хэрхэн шүүтгэж байгааг нь харж хэдэн цагаар хамаагүй зогсох. Амар гуай суудлаас бараг босно гэж үгүй. Өрөөнд нь “буу халж” байгаа хүмүүсийн хөөрөлдөж байгаад хааяа нэг үг хавчуулна. Засаж байгаа орчуулгаа л шагайгаад суугаад байна. Ингэж Амар багштайгаа танилцсан юмсан. Чингээд тийш байнгын гүйдэлтэй болсон доо. Далд санаа нь нэг ном аваад орчуулчих. Жинхэнэ бүдүүн зүрх гэдэг л тэр байсан байх. Юу гэж л нусгай, жулдрай оюутанд ном сэглүүлж байх вэ дээ, тэр ойлгомжтой. Тэгсээр би сургуулиа төгсөж, сургуульдаа багш ухаантай юм болов. Нэгдсэн редакц руу гүйдэг хэвээрээ. Тэр гуравдугаар дамжаанаас л би мэр сэр юм орчуулж, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн”, “Хөдөлмөр” зэргийг бууддаг болсон л доо. Амар гуай тэр бүхнийг ажиглаж байсан бололтой байдаг. “Над нэг орчуулах ном өгөөч” гэж ам нээхгүй. Зүрх алдана. Тэгтэл нэг өдөр Амар гуай маань өөрөө хэлж байна: “Чи Францын зохиолч Анатоль Франсын “Боги жаждут” номыг орчуулж үзэхгүй юү. Гэхдээ эхлээд чамаас “проба” авна” гэж байна. Би золтой л үсрээд тааз толгойгоороо эгээ л цохичихсонгүй. Тэр Анатоль Франс гэдэг нь ямар хүн юм, бүү мэд ээ. Тэр “проба” нь ч юу юм хэн мэдлээ. Ганцхан орчуулах ном гэдэг л чихэнд хангинаж, би ном орчуулах нь гэдэг л толгойд шуугина. Тэгээд маргааш нь Амар гуай маань өөрийнхөө гэрийн номын сангаас Анатоль Франсын “Боги жаждут” гэсэн номоо авчирч над өгөөд, “За чи гэртээ аваачиж, арван хуудас хийгээд маргааш над дээр аваад ир” гэдэг байгаа. Би номыг нь гараас нь арай л булааж аваагүй байх аа. Номыг аваад гэр рүүгээ хөл газар хүрэхгүй юм харайлгав. Уг нь тэр “проба” (туршилт) гэдэг юмыг “нусан журууд”-аар хийлгэхдээ ариутган шүүгч нар дэргэдээ суулгаж байгаад хийлгэдэг байсан л даа. Одоо бол дуртай нь сайн сайн зохиогчийн номыг барьж аваад л дураар сэглэдэг болж дээ. Амар багш тэгж гэрт ном өгч явуулдаг нь “Энэ нөхөр ямартай ч хүнээр хийлгээд ирэхгүй. Өөрөө муу сайн ч нухна” гэж над итгэсэн хэрэг. Энэ итгэлийг даалгүй яах вэ? Шөнөжин шахуу нухаж байж эхний арван нүүрийг орчуулаад, маргааш нь тавьж хүрэвэй. Амар гуай нөгөөхийг маань аваад, шууд үзэж гарлаа. Амар гуайн царай гэрэлтэй болбол дотор сайхан болоод л, хөмсөг зангидвал дотор палхийгээд л…Иймэрхүү гуч дөчөөд минутыг авсан байх. Их л удах шиг болсон. Улаан бэхт үзгээр тийм ч их юм зассангүй. Энд тэнд нь ганц хоёрхон “олив”. Тэгээд Амар гуай хэлж байна. “Болж байна аа, одоо Содномдаржаа дээр хоёул орно оо” гэж байна. Содномдаржаа гэдэг нь Хэвлэлийн нэгдсэн редакцийн Ерөнхий редактор. Том дарга. Би ганцаараа бол тийш зүглэх ч үгүй. Амар гуай орно гэж байгаа болохоор дагаад л орж явчихлаа. Амар гуай намайг түүнд танилцуулж байна аа. Энэ Аким сонин хэвлэлээр олон юм орчуулдаг л гэнэ. Сургуулиа төгсөөд тэндээ багшаар үлдсэн л гэнэ. Уран зохиолын орчуулгад элэгтэй ийм залуучуудыг дэмжих хэрэгтэй л гэнэ. Хамгийн сүүлд нь “Акимаас “проба” авлаа. Маш сайн хийж байна” гэдэг байгаа. Чингэхэд нь яс хавтайхын хажуугаар “би чинь тэгвэл лут орчуулагч болж байгаа юм байна шүү дээ” гэсэн омгорхол ялихгүй “толгойгоо цухуйлган” алдаж байх юм. Хэрээ мэдэхгүй амьтан гэдэг л тийм байдаг байхгүй юү. Амар гуай маань “Үүгээр дандаа эргэлдэж байдаг нөхөрт нэг ном өгъе, түүнийг даргаараа зөвшөөрүүлье” гэж бодохдоо тэгж зад магтсан хэрэг л дээ. Гэтэл би… Амар гуай хэлж байгаа юм чинь “ногоон гэрэл” дороо л асаа биз дээ! Чингээд би тэр номыг “Ундаассан бурхад” нэртэйгээр орчуулж, Амар гуай маань өөрөө ариутган шүүгээд хэвлүүлж билээ. Гэтэл Анатоль Франс гэж хэн байсан гээч! Нобелийн шагналтан! Миний хувьд тун чиг бүдүүн зүрх байсан…” 
ЭХ СУРВАЛЖ: Го.АКИМ, 
“Дуун хөрвүүлэгчийн тавилан” хөрөг нийтлэлээс
                         







“Бороо дөрвөн жил, арван нэгэн сар, хоёр өдөр оров.” “Зуун жилийн ганцаардал” романы нэг дүр бороо зогстол хаашаа ч явахгүй гэж хэлээд хэлсэндээ хүрдэг хэсэг бороо орох бүрт, бүр зогсохоо мэдэхгүй шаагих болгонд санаанд буудаг юм. Нэг удаа яг тийм борооноор яг тийм амлалт өгч билээ. Гэхдээ зохиолд гардаг шиг дөрвөн жил, арван нэгэн сар бороо ороогүй нь мэдээж. Үдэд эхэлсэн бороо оройн хэрд ер зогсох шинжгүйг анзаарсан би Улаанбаатарын бороо яажшуухан эхлээд яажшуухан дуусдагийг мэдэх тул “Бороо зогстол гэртээ харихгүй” гэж өөртөө ам бардам хэлээд түүнийхээ шанд ажлын ширээнийхээ ард бүтэн хоёр өдрийг бороо чагнаж өнгөрөөсөн юмдаг. Тэгэхэд бороо орсоор л байсан, орсоор л байсан. Онгорхой цонхоор орчин тойрныг ажихуйя, хүн хүрч очдоггүй эзэнгүй мухраас өөр юу ч үгүй. Гагц тэнд бороо л байсан, бороо л байсан. Ер нь яг үүн шиг гэнэтийн хэрнээ гэмгүй амлалтууд амьдралд минь хэд хэд тохиож байсны хамгийн сүүлч гэвэл энэ ярилцлага. Хэзээ ч билээ дээ, Баабар гуайн “Дори идэр дүүдээ” номны хаа нэгтээ “"Зуун жилийн ганцаардал”-ын монгол орчуулга ёстой лут! Үүнийг би урьд гурван хэлээр уншсан мөртлөө монгол орчуулга дээр нь л амтыг нь авсан” гэж бичсэнийг уншаад “Нэг зохиолыг гурван өөр хэл дээр уншина гэж байдаг аа” хэмээн гайхширч, зохиолч болон орчуулагчтай нь зэрэг “танилцах”-ын мөрөөсөлд автахдаа бушуухан монгол орчуулгыг нь барьж авах сан гэж адгаж яарч явсан жирийн л нэг уншигч хүү хожим сэтгүүлч болоод сайх романы орчуулагчтай заавал хөөрөлдөнө гэж бодож явсныгаа гэнэтхэн хэрэгжүүлэхээр шийдсэн нь дөнгөж энэ намрын л хэрэг явдал. Нэгэнт өөртөө ам гарсан бол ухрах зам үгүй. Хүмүүний амьдралд амлалт шиг ариун гэгээн зорилго өөр юу байх билээ! Орчуулагчийн хөтлөхөө болиод удсан блогоос утасны дугаарыг нь эрж олох амархан, харин залгах хэцүү байлаа. Гурав хоногийн зайтай гурвантаа холбогдсоны эцэст аравдугаар сарын дундуурх, чухам онцгойрох шидгүй энгийн л нэг өдрийн өглөө нэгэн цагт өөрийнх нь даргалж явсан Үндэсний төв номын сангийн хүн төдийлөн орж гардаггүй уншлагын умгархан тасалгаанд дэлхийн олон сая уншигчийн догдлон уншдаг “Зуун жилийн ганцаардал” романыг эх хэлнээ бахдам сайхан хөрвүүлсэн, өдгөө нас сүүдэр ная дөхөж яваа Готовын Аким гуайг өмнөө суулгаад дуу хураагуураа асаах тэр мөч хүртэл ярилцлагаа ямар асуултаар эхлэх, ярилцлагынхаа гарчгийг ямар нэгэн байдлаар “тэнгис далай” гэсэн үгтэй холбох, ярилцлагаа гурван хэсэг болгон хуваагаад тус бүрт нь нэр оноох, бүр ярилцлагынхаа оршлыг яг ингэж бичнэ гэх зэргээр бүгдийг нэг бүрчлэн төлөвлөж амжсан боловч уг нь надаас л хамаарах учиртай ярилцлагын уур амьсгал гээч зүйл даанч миний санаснаар хөтлөгдөөгүй. Олон өдөр бие чилээрхүү байснаас болсон уу, эсвэл бэлдсэн асуултад минь учир байна уу, ярилцагч маань товч, цөөн өгүүлбэрээр хариулж байлаа. Гэхдээ л өөртөө гэнэтхэн, гэнэхэн амлаад, түүндээ хүрсэн минь “бахархаж болмоор зүйл” билээ. Яг одоо миний төлөвлөгөөний дагуу бол оршлын энэ хэсэгт Paris Review сэтгүүлийн 1981 оны өвлийн дугаарт нийтлэгдсэн колумб зохиолч Габриель Гарсиа Маркесийн ярилцлагаас хамгийн эхний асуултыг хариулттай нь эшилж, дараа нь яг тэр асуултаа Аким гуайгаас асууж ярилцлагаа эхлэх учиртай. “Ярилцлага хийхдээ та дуу хураагуур ашиглахыг хэрхэн хүлээж авдаг вэ?” гэх сэтгүүлчийн энгийн, гэнэн маягийн, магадгүй ярилцлагын уур амьсгалыг эерүүлэх зорилготой асуултад цагтаа хашир туршлагатай сурвалжлагч явсан Маркес ийн хариулжээ: “Үнэнийг хэлэхэд би одоо ч ярилцлагын үед дуу хураагуурыг хэрхэн зөв ашиглахаа мэддэггүй. Миний хувьд сайн ярилцлага хийх хамгийн зөв арга бол бүхий л ярилцлагын турш тухайн сэтгүүлч нэг ч тэмдэглэл хийхгүй байх явдал юм. Энэ бүхний дараа сэтгүүлч өөрөө тухайн ярилцлагаа эргэн санаж, ярилцагчийн хэлсэн үгээр биш, харин ярилцах явцдаа юу мэдэрснээ бичвэл зүгээр. Бас нэг үр дүнтэй арга бол тэмдэглэл хөтөлж, эргээд бичсэн зүйлээ ярилцагчийнхаа дотоод ертөнцөд нэвтрэх байдлаар хөрвүүлж бичих явдал. Ер нь ярилцагчийнхаа хэлсэн болгоныг үг гээлгүй хурааж авна гэдэг ярилцаж буй хүндээ тийм ч таатай байдлыг төрүүлдэггүй. Жишээ нь, дуу хураагуур асаачихлаар л би нэг л биеэ барьчихдаг, харин эсрэгээрээ дуу хураагуур байхгүй үед яг л өөрийнхөөрөө, хэн байсан тэрүүгээрээ л ярилцаж чаддаг.”


 ГАНЦААРДАХУЙ 


СЭТГҮҮЛЧ: -Ярилцлага хийхдээ та дуу хураагуур ашиглахыг хэрхэн хүлээж авдаг вэ?

ГО.АКИМ: -Хүний яриаг гүйцэд бичиж чадахгүй, хэлсэн ярьсныг нь ой тойндоо “барьж” дийлэхээ байсан өвгөн надад бол тун хэрэгтэй эд. Харин залууд бол дуу хураагуурын хэрэг гэж алга байлаа. Ярилцагч хүнийхээ хэлсэн ярьсныг гарын хурдаар бичиж хүчирдэг байсан. Ер нь дуу хураагуурын сул тал гэвэл үүндээ их найдчихдаг явдал юм. Асуух зүйлээ орхигдуулахаас гадна анхаарга муутай сонсох гээд байдаг.

СЭТГҮҮЛЧ: -Зохиолчийн өөрийнх нь хэлснээр 18 сарын турш нэг ч өдөр алгасалгүй бичиж дуусгасан “Зуун жилийн ганцаардал” романыг та хэдий хугацаанд орчуулж дуусгасан бэ?

ГО.АКИМ: -Гурван сар хэртээ суусан байх шүү. “Зуун жилийн ганцаардал”, “Цаазын тавцан” хоёрыг зэрэг ээлжилж орчуулсан. Тэр үед бидэнд нэг сарын хугацаатай уран бүтээлийн чөлөө олгодог байлаа. Тийм чөлөөгөө аваад хойшоо Сэлбийн амралтанд ганцаараа очиж Маркесээ эхлүүлсэн. Тэгэхэд өвөл байсан санагдана.

СЭТГҮҮЛЧ: -“Зохиолч хүний хамгийн хэцүү ажил бол эхний догол мөрөө бичих. Ганцхан догол мөр бичих гэж хэдэн сар болох үе ч бий” хэмээн Маркес хэлжээ. Тэгсэн атлаа 120 мянган үгтэй нүсэр романыхаа эхний өгүүлбэрийг бичгийн машиныхаа ард суусан даруйд нэг амьсгаагаар биччихсэн гэдэг. “Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай...” Таны хувьд эхний өгүүлбэрийг орчуулж эхлэх мөч хэр хэцүү байсан бэ? 

ГО.АКИМ: -Орчуулга гэдэг зохиол бичихтэй адилгүй. Бичиж буй зохиолынхоо үйл явдлыг нягт нямбай төлөвлөж, утга агуулгыг нь сайтар бодож тунгаана гэдэг зохиолч хүний ажил. Харин орчуулагч хүн эхний өгүүлбэрээ тавиад эхэлсэн л бол хөлөг онгоц далайд гарсантай адил. Мэдээж аливаа зохиолыг орчуулж суухад эхний хэдэн хуудас амаргүй байдаг. Өгүүлэмж, хэл найруулгад нь нэгэнт автаад эхэлбэл цааш хөврөх амархан.

СЭТГҮҮЛЧ: -"Бичгийн машиндаа цаас эрж олох л их төвөгтэй байсан. Үг үсэг, хэл найруулгын алдаа гарах тоолонд цаасаа сугалж гаргаад хогийн сав руу тэр дор нь чулуудчихдаг байлаа. Тэгээд дахиад эхнээс нь бичдэг дээ" хэмээн Маркес дурсжээ. Та ч бас бичгийн машинаар бичдэг байлуу? 

ГО.АКИМ: -Роботрон гэж бичгийн машинтай байлаа. Түүгээрээ л цохино шүү дээ. Би бичгийн машинтай болоод л арван хуруугаар бичиж сурсан. 

СЭТГҮҮЛЧ: -Орчуулж дууссаны дараа овоо зузаан цаас болсон байх даа.

ГО.АКИМ: -Учиргүй зузаан болсон шүү. Дараа нь улаан балаар эрээн болтол нь зассан. Хожим эх нооргийнхоо хагасыг Үндэсний төв номын санд өгсөн.

СЭТГҮҮЛЧ: -Өвгөн Буэндиа ямар нэгэн шидэт санаа бодож олохоороо өрөөндөө явж ороод олон сар өдрөөр бүгчихдэг шүү дээ. Таны хувьд орчуулга хийж суухад хамгийн тохиромжтой газар юу вэ? 

ГО.АКИМ: -“Зуун жилийн ганцаардал”-ын хагасыг Сэлбэд, нөгөө хагасыг гэртээ орчуулсан. Надад нэг онцгой чанар байдаг юм. Ширээнийхээ ард суугаад ажлаа эхэлсэн л бол ямар ч шуугиан чимээнд сатаарч тавгүйрхдэггүй. Гурван хүү маань тэрсхэн өссөнийг ч хэлэх үү, дэргэд ирээд гүйлдэнэ, ноцолдоно. Тэглээ гээд надад ер нөлөөгүй. Нарийндаа төвлөрөл ч бас ганцаардал. Хэрэв төвлөрч л чадвал уулын бөглүү мухарт ганцаар байна уу, аль эсвэл гэртээ олны дунд сууж байна уу ямар ч ялгаагүй.

СЭТГҮҮЛЧ: -Та тэр үед өдрийн хэд орчим цагийг орчуулгад зориулж байв?

ГО.АКИМ: -Амралтын газар бол 7 өнгөрөөж босоод өглөөний цайны дараа сууна. Харин гэртээ бол ихэвчлэн ажлаа тарж ирчихээд оройн цагаар суусан.

СЭТГҮҮЛЧ: -Хэвлэгдэж гарсны дараа хатуу хавтастай номоо гар дээрээ тавих, уншсан хүмүүсийн урмын үгийг сонсох ямар санагдсан бэ?

ГО.АКИМ: -Хоёр сарын дотор л зарагдаад дуусчихсаныг бодвол уншигчдад таалагдсан юм байлгүй. (Инээв)

СЭТГҮҮЛЧ: -Өөрийнх нь хамгийн алдартай зохиол монгол хэлнээ яруу сайхан буусан гэдгийг Маркес мэдэж амжсан болов уу?

ГО.АКИМ: -Нэг монгол залуу Америкт явж байгаад Маркестэй таарсан юм билээ. Тэр тухайгаа “Өдрийн сонин”-д бичсэнийг олж уншсан. Даанч хайчилбар хийж амжаагүй. Тэр тэмдэглэлд дурдсанаар бол өөрийнх нь роман монгол хэлнээ буусан гэдгийг Маркес дуулаад “Тэгвэл тэр орчуулагчаас нь мөнгө нэхнэ ээ” гэж хэлээд учиргүй инээсэн гэдэг. 

СЭТГҮҮЛЧ: -Холын Колумбад та очиж үзэхийг, бас Маркестэй уулзахыг хүсч байв уу? Ер нь орчуулсан зохиолуудынхаа үйл явдал гардаг нутаг оронд биеэр очиж үзэх боломж гарвал та аль зохиолоо сонгох вэ?

ГО.АКИМ: -Маркесийг урьж авчрах сан гэж боддог байлаа. Чингиз Айтматовтой уулзахсан гэж хүсдэг байлаа. Амьд сэрүүн байсан бол аль алиныг нь олон асуултаар шалгаамаар байна. Даанч хэнтэй нь ч уулзах бололцоо гарсангүй. Мэдээж Колумбад очвол сайхан л байх. Болдогсон бол аливаа зохиолыг орчуулахын өмнө тухайн нутаг оронд нь очоод үзчихвэл зүгээр сэн.




 ДУРСАХУЙ 


СЭТГҮҮЛЧ: -Таны төрж өссөн Дорнод аймгийн Матад сумын төв Макондогоос ер дутахааргүй алс бөглүү суурин. “Юмс шинэхэнээрээ, олон юмс нэр усгүй” байхад та тэнд төрсөн. Өсөж торнисон суурингаа яг л Макондо шиг дүрсэлбэл? Тэнд ер нь сэтгэл татам юу юу байна вэ?

ГО.АКИМ: -Манай сум бөглүү бөглүү, бүр одоо ч тийм хэвээр. Тэнд чинь алдарт Мэнэнгийн тал буй. Тэнгис мэт тэнэгэр уудам талын баруун хормойд Матадхаан уул гэж бий, тэр уулын баруун хаяанд би төрсөн. Сумын төв маань ганц хоёрхон байшинтай жижигхээн суурин, яг л зохиолын эхэн дэх Макондо шиг. Баригдаж дуусаагүй ганц “туурь”-тай, тэнд нь ихэвчлэн адуу мал хашна. Хожим тэр нь манай сургууль болсон. 

СЭТГҮҮЛЧ: -Таны аав бага ангийн багш байсан. Та аавынхаа тухай дурсаач.

ГО.АКИМ: -Манай аав дөчөөд оны үеийн багш. Тэр үед чинь хүмүүс хүүхдээ сургуульд өгөх дургүй байлаа. Аав маань айл айлаар хэсэж ятгахыг нь ятгаж, загнахыг нь загнасаар сургуульд элсүүлнэ. Энэ тухай сургуулийн захирал байсан Дондог гэж өвгөний “Саруул талын сургууль” гэх дурсамжид тодорхой гардаг. Сургуулийн гурван ажилтан гэгдэх нэг захирал, хоёр багш хөдөөгүүр явж хүүхдүүд элсүүлэхээр гурван тийш гараад л явдаг байж.

СЭТГҮҮЛЧ: -Аав тань зохиолч Н.Надмидын “Залуу жуулчид” туужийг анх танд уншуулахаар өгсөн гэдэг байх аа? Хожим тэр хүнтэй хотод таарсан гэдэг шүү дээ.

ГО.АКИМ: -Хоёрдугаар ангид байхад аав маань аймаг ороод ирэхдээ “Залуу жуулчид” гэх хүүхдийн адал явдалт тууж авчирч өгсөн юм. Хөдөө гадаа явах дуртай болсон минь энэ номоос үүдэлтэй гэж боддог. Надмид гэж зохиолчтой нь сүүлд таарсан. Зохиолчдын хороон дээр өндөр жижүүр өвгөн байсан даа. Тэгтэл багад уншсан дуртай номын маань зохиолч тэр өвгөн байсныг огт мэдэхгүй хажуугаар нь мэндлээд л өнгөрдөг байж.

СЭТГҮҮЛЧ: -Аав тань Сталины ботиос уншуулдаг байсан гэл үү?

ГО.АКИМ: -Дөрөвдүгээр ангид ордог жил аав маань хүрэн хавтастай товхгор зузаан ном авчраад унш гэлээ. Тэр нь Сталины боть. Чухам хэддүгээр боть байсныг санадаггүй юм. Ингээд уншлаа, эхний удаа юу ч ойлгоогүй. “Аав аа, би ойлгохгүй байна” гэтэл “Дахиад унш” гэсэн. Энэ маягаар гурван ч удаа уншсан санагддаг. Тэр большевик, меншевик, эсер энэ тэрийг дөрөвдүгээр ангийн хүү уншаад ер ойлгохгүй гэдгийг аав сайн мэдэж байгаа. Харин надад унших дадал суулгах гэж л тэгсэн хэрэг.

СЭТГҮҮЛЧ: -Та арван жилээ төгсөөд шууд орос хэлний ангид ороогүй юм билээ?

ГО.АКИМ: -Авсан хуваарь маань шугам зургийн анги. Дээд тоо үздэг гэхээр нь айсандаа орос хэлний ангид бүртгүүлчихсэн юм.

СЭТГҮҮЛЧ: -Та ер нь Орос явж үзэлгүй, Багшийн дээдийн орос хэлний ангид сураад л орос хэлийг гаргууд сайн эзэмшчихсэн хэрэг үү? 

ГО.АКИМ: -Оюутан байхад орос багш нар хичээл заадаг байсан. Ингээд орос хэлэндээ жаахан дөртэй болоод ирмэгц ном уншиж эхэлсэн дээ. 

СЭТГҮҮЛЧ: Хэн хэнийг их уншиж байв?

ГО.АКИМ: -Достоевский, Толстой, Пушкин гээд бүгдийг уншсан.

СЭТГҮҮЛЧ: -Оросын сонгодгуудыг уншихад аль зохиолч уншихад хамгийн төвөгтэй хэлтэй санагдсан бэ?

ГО.АКИМ: -Достоевксийн хэл жаахан хэцүү. 

СЭТГҮҮЛЧ: -Уншиж байхдаа толь бичиг хэр хардаг вэ?

ГО.АКИМ: -Нэг их тольдоод байдаггүй. Шууд л уншчихдаг. Гол нь агуулгаа барьж авах хэрэгтэй. Толь бичиг эргүүлээд байвал тэр зузаан зузаан номуудыг хэдийд нь барж дуусгах вэ. Мэдээж унших явцад мэдэхгүй үг гарвал хар аяндаа цээжинд тогтчихдог юм. Ингээд олон гарсан үгээ сүүлд нь тольдоод харчих хэрэгтэй. 

СЭТГҮҮЛЧ: -Та залуудаа шүлэг бичих гэж оролдоод орхисон гэсэн. Танд үг байна, утга зохиол талын мэдлэг байна, чухам юу нь дутуу санагдав?

ГО.АКИМ: -Дутуу санагдсан зүйлгүй. Зүгээр л орчуулга руугаа голлоод орчихсон хэрэг
.
СЭТГҮҮЛЧ: -Таны тэмдэглэлүүдийг уншиж байхад шүлэг цээжээр эшилж байгаа хэсэг олон тааралддаг. Шүлгийг цээжилье гэж цээжилдэг үү, эсвэл унших явцад цээжинд тогтчихдог хэрэг үү?

ГО.АКИМ: -Би чинь Явуу, Пүрэвдорж, Нямаа эд нарынхаа шүлгийг бүгдий нь шахуу цээжээр мэддэг байлаа. Одоо заримаас нь мартаж. Ер нь дуртай шүлгээ зориуд цээжилдэг. Миний уншиж цээжилсэн хэдэн шүлэг, дээрээс нь Ри багшийн найруулга намайг орчуулга оролдоход их тус болсон доо.

СЭТГҮҮЛЧ: -Та “Ил товчоо” сониныг 1999 он хүртэл эрхлэн гаргасан. Маркес сурвалжлагч байсан бол та редакци хариуцсан эрхлэгч байжээ. Олон ч сайн сэтгүүлчийг нэг редакцид нэгтгэсэн. Ер нь сайн сэтгүүлчийн нийтлэг шинж юу вэ?

ГО.АКИМ: -Боловсролгүй байж болно, гэхдээ сэтгүүлч хүнд авьяас чухал. Дан ганц боловсролтой байлаа гээд авьяасгүй бол сайн сэтгүүлч гэгдэхгүй. Сэтгүүлч хүн гэдэг мөн чанараараа уран бүтээлчээс өөрцгүй. 

СЭТГҮҮЛЧ: -Та Бямбын Ринчен гуайг багшаа гэж хүндэлдэг хэрнээ барааг нь хоёр гурван удаа холоос харж, лекцэнд нь хэдхэн удаа сууж үзсэн гэдэг. Ри багш лекц уншихдаа их намуухан ярьдаг байсан гэдэг нь үнэн үү?

ГО.АКИМ: -Эхэндээ зүгээр ярина. Жаахан шуугилдаад эхэлмэгц дуугаа намсгадаг. Тэгэхэд танхим тэр аяараа нам гүмд автдаг. Мэдээж мань мэт нь шуугилдахгүй, үгий нь анхааралтай сонсох гээд хамгийн урд эгнээнд бусдаас өрсөж очоод суучихна.

СЭТГҮҮЛЧ: -Та Ри багш руу хоёр удаа залгаж үг асуусан гэдэг байх аа? Утасны дугаарыг нь олох хэцүү юу?

ГО.АКИМ: -Бүгдээрээ шахуу мэддэг байх шүү. Өвгөн лав утсаа авахгүй байна гэж үгүй. Юу ч асуусан, “Утсаа барьж бай” гээд л цааргалалгүй хариулна. Утсаар ярих нь хүртэл намуухан. Хариултыг нь үг гээлгүй сонсохын тулд харилцуураа чихэндээ наачихдаг байв.  

СЭТГҮҮЛЧ: -Та Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис” туужийг эх хэлнээс нь бахтай сайхан орчуулсан. Кубад очиж гэр музейд нь хүртэл зочилсон. Өвгөний өглөө бүр загасчлахаар гардаг байсан тэнгис далай танд ямаршуу сэтгэгдэл төрүүлсэн бэ? 

ГО.АКИМ: -Хэмингуэй “Өвгөн тэнгис” туужаа 1951 онд бичиж дуусгасан. Миний бие 1979 оны зун Кубад сурвалжлах ажлаар очихдоо Хавана хотын хаяан дахь Хэмингуэйн гэр музейд зочилсон юм. Тэгэхэд би “Өвгөн тэнгис”-ийг хожим орчуулна гэж зүүдлээ ч үгүй явлаа. 

Далай мэдээж яриангүй сайхан. Олон жилийн дараа “Өвгөн тэнгис”-ийг орчуулан суухад Хэмингуэйн дүрслэн бичсэн, бас миний үзсэн тэр далай нүдний өмнө дахин тодрох шиг болсон. Зохиолын гол дүр Сантьяго өвгөн хөлгүй цэнхэр далайд гав ганцаар хөвөн явахдаа дээгүүр өнгөрөх нисэх онгоцыг хараад “Тийм өндрөөс далай ямар байдалтай харагддаг бол?” хэмээн өөрөөсөө асуудаг шүү дээ. Бас өвгөн “Далай агуу том, завь өчүүхэн жижиг. Нүдэнд торохгүй байлгүй” гэж хэлдэг. Буцах замдаа би Хаванагаас хөөрч далай дээгүүр дүүлэн нисэхэд өвгөний өдөр бүр загасчилдаг Карибын тэнгис номин цэнхэр, жаахан холдохоороо гүн хөх өнгөтэй харагдсан. 

СЭТГҮҮЛЧ: -“Ри багшийн орчуулсан Н.В.Гоголийн “Тарас Бульба”, “Мөнгөн ноён” гэсэн хоёр ном миний багш. Яаж орчуулсан гэдгийг үг болгоноор нь тулгаж үзсэн. Ер нь энэ хоёрыг монгол найруулга зүйн охь гэж хэлнэ” хэмээн та нэг ярилцлагадаа ярьжээ. Хэдий насандаа ингээд уншчихав аа?

ГО.АКИМ: -Гуч гарсан хойноо “Орчуулгын санг уудлахад” номоо бичихийн тулд Ри багшийн орчуулгыг эх зохиолтой нь тулгаж харсан. Бүр өгүүлбэр өгүүлбэрээр нь тулгасан шүү. Ер нь орчуулгын онол гээч зүйлийг би оюутан байхаасаа сонирхсон. Тухайлбал гуравдугаар дамжаанд байхдаа “Зүйр цэцэн үгийг орчуулах нь” гэсэн өгүүлэл бичиж “Утга зохиол” сонинд нийтлүүлсэн байдаг. 

СЭТГҮҮЛЧ: -Тулгаж уншсаны дараа орчуулгын чадвар хэр сайжирсан бэ? Тэндээс юу юу олж мэдэв?

ГО.АКИМ: -Орчуулга гэдэг дан ганц үгэнд, өгүүлбэрт баригддаггүй гэдгийг ойлгож авсан. “Мөнгөн ноён” дотроос би лав хувьдаа хэзээ ч тэгж орчуулж дөнгөхөөрөгүй нэг өгүүлбэр сонгож аваад олон жил хамт ажилласан Чойжил гэх өвгөнд “Орчуул” гээд өглөө. Тэр маш сайхан найруулгатай хүн байсан. Уг нь бас л миний нэг багш. Тэгсэн мөртлөө бид хоёр яг л найзууд шиг ярьдаг. Төдхөн орчуулсныг нь Ри багшийнхтай тулгатал хоёр үг зөрөөд, бусдаар бол найруулга нь яг адил. Хоёр өөр хүн нэг найруулгаар орчуулна гэдэг монгол хэлний найруулах ёс цаанаа нэг болохыг баталж буй хэрэг. Энэ мэтчилэн Ри багшаас сурсан эрдэм их бий. Мэдээж түүн шиг найруулж бичнэ ч гэж юу байх вэ! Гэхдээ миний бичсэн өгүүлбэр болгон хүнд ойлгогдоно гэж баттай хэлнэ. Ямар ч л байсан төөрдөг байшинд яваад орчихсон мэт зүйл бичихгүй. Орчуулсан ч тэр, бичсэн ч тэр. 

СЭТГҮҮЛЧ: -Та “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”-ио бүтээхдээ Монголынхоо бүх роман тууж өгүүллэгийг уншиж, хэрэгтэй гэснээ шигшиж байж бүтээсэн гэдэг. Бидний уншиж өссөн монгол зохиолчид маань хэл найруулгын хувьд ямар онцлогтой вэ? 

ГО.АКИМ: -Тэр үеийн аль ч зохиолчийн үг хэллэг үнэхээр баялаг. Адаглаад хэн ч уншсан ойлгогдохоор юм бичиж байж. Гэтэл би сүүл үеийн зарим зохиолыг уншаад ер ойлгохгүй юм. Монгол хэлний найруулга лав биш. Хоёрдугаарт тэдгээр бүтээлд зүйр үг, өвөрмөц хэлц гэж алга. 

СЭТГҮҮЛЧ: -Өвөрмөц хэлц хэрэглэхийн ач холбогдол таныхаар юу вэ?

ГО.АКИМ: -Бидний үеийнхэн өвөрмөц хэлцийг өөрийн мэдэлгүй хэрэглэдэг. Яагаад гэвэл арван үгээр илэрхийлэх утгыг хоёр гурван үгээр дүйлгээд оноочихож буй хэрэг. Үг хэмнэнэ гэдэг чухал. Монголчууд ер нь нурших дургүй. Тухайлбал зүйр цэцэн үг гэдэг чинь өөрөө шүлэг. Уншихад хүртэл хөгжимлөг. Монгол хэлний найруулга зүйн онцлог үүнд л буй. Хэл гэдэг чинь хэрэглээ рүүгээ хэт ойртвол уянгалаг сайхнаа алддаг. Ри багшийн шүлэгт “Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь” гэсэн мөр бий. Тэр хөгжимлөг чанарыг манай хойч үе алдаж гээх учиргүй, бүр хадгалан хамгаалах ёстой. Залуу байхад би Ри багшийн энэ үгийг цээжиндээ тээн, “Монгол хэлний бичгийн зүй” номынх нь “Дөрөвдүгээр дэвтэр”-ийг ноортол уншиж билээ. 

СЭТГҮҮЛЧ: -Монгол хэлний найруулах ёсонд суралцъя гэвэл хэн хэнийг унш гэж зөвлөх вэ?

ГО.АКИМ: -Ри багшийг унш. Да багшийг унш. Энэ хоёроос найруулгын ялгаа маш тод харагдана. Да багш энгийн богино өгүүлбэрээр хүүрнэдэг бол Ри багш урт урт өгүүлбэрээр бичдэг. Тэгсэн хэрнээ уншаад бүгд ойлгодог. Пушкин, Толстой хоёрын найруулга бас тийм. Пушкин богино, Толстой урт. Цаашлаад яруу найрагчдаас Пүрэвдорж, Явуухуланг унших хэрэгтэй. Энэ дөрвийг уншаад гүйцчихвэл монголоор аятай сайхан найруулдаг болчихно. Ер нь толгой өөд татахгүй уншиж байж л монгол хэлний найруулах ёсонд суралцана. Гэхдээ бүгдийг нь унш гээд хэлчихвэл үгэнд минь орох хүн үгүй байлгүй!


 ҮЛДЭХҮЙ 


СЭТГҮҮЛЧ: -Та хувьдаа Александр Гриний “Аранзал дарвуулт хөлөг”-ийн орчуулгыг их тоодог. Анх энэ номтой учирсан түүхээ хуваалцаач?

ГО.АКИМ: -Би өөрөө жаахан романтик хүн болохоороо Грин гэдэг зохиолчийг шүтдэг ухаантай. Надад Гриний зузаан түүвэр байдаг юм. Тэндээс “Аранзал дарвуулт хөлөг”-ийг уншаад орчуулахаар шийдсэн. Гэхдээ бүр гурван жил ноцолдсон шүү.

СЭТГҮҮЛЧ: -Гурван жил орчуулна гэхээр ер санаанд буухгүй юм. Нухаад л байсан хэрэг үү?

ГО.АКИМ: -Эргэж засаад л байсан хэрэг. Зассаныгаа бичгийн машин дээр бичнэ, дахиад засна. Ингэсээр гурван жилийг ардаа орхисон хэрэг. “Алые паруса” чинь уянгын тууж. Тэр уянгы нь буулгахгүйгээр, тэр олон үгэнд жин таарсан үгий нь онож шигтгэхгүйгээр яг л монгол зохиол шиг сэтгэлд ойр бууж уншигдахгүй байв.  

СЭТГҮҮЛЧ: -Орос хэл дээрээ уянгалаг уу?

ГО.АКИМ: -Маш уянгалаг. Би өөрөө уянгын зохиолд дуртайг ч хэлэх үү, үнэнхүү догдолж уншсан. Яагаад гэвэл уянга гээч зүйл хүний сэтгэлийг зөөллөдөг, уянга яруу эгшгээр дүүргэдэг.

СЭТГҮҮЛЧ: -“Аранзал дарвуулт хөлөг”-ийг тун саяхан уншсан. Орчуулга нь нягт чигжүү хэрнээ яруу. Орчуулга гараас гарлаа гэдгээ яаж мэдэрдэг вэ?

ГО.АКИМ: -Хамгийн түрүүнд хөгшиндөө уншуулсан. Тэр үед залуу ч байж. Манай хөгшин багш хүн. Уншиж дуусаад гурван өгүүлбэрийг л “Болохгүй байна” гэж хэлэхээр нь эргэж зассан. Мэдээж сэтгэл догдлон уншсан нь ойлгомжтой. Бусдаар бол өөр юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би “Орчуулга маань болжээ” гэж дүгнэсэн. Дараа нь Э.Оюун гуай руу яриад “Би ийм нэг тууж орчуулчихлаа. Та нэг хараатах уу” гэсэн. “Ром хотод дэд байснаас хөдөө тосгонд тэргүүн байсан нь дээр” гэх хэлцийг монгол зүйр үгээр орлуулсан нь оновчгүй болжээ гээд эргүүлж эх зохиолынх дагуу болгож өөрчилснөөс өөр засвар хийгээгүй. 

СЭТГҮҮЛЧ: -Харамсалтай нь энэ тууж олдоход бэрх ном болжээ. Таны орчуулгуудаас олонд хамгийн их хүрсэн “Зуун жилийн ганцаардал”-ыг, таны хувьд өөрөө гойд үнэлдэг “Аранзал дарвуулт хөлөг”-ийг Монголын томоохон хэвлэлийн газрууд шинээр орчуулуулаад, хавтас загварыг нь гоё чамин болгоод хэвлэсэн. Хүмүүс тэдгээр ном руу л хошуурч байгаа харагдах юм. 

ГО.АКИМ: -Сайжруулаад хийж байгаа бол надад гомдох зүйл алга. Харин муужруулчихаад байгаад л гол учир байна. Заримдаа даан ч яавдаа гэж бодогдмоор орчуулгууд таарах юм.

СЭТГҮҮЛЧ: -Та ер нь эх хэлээ яаж ийм бахтай сайхан эзэмшив ээ? Хөдөө өссөнтэй холбоотой юу?

ГО.АКИМ: -Чи жишээ нь ганшин гэж мэдэх үү?

СЭТГҮҮЛЧ: -Мэдэхгүй.

ГО.АКИМ: -Тэмээний буйл, бурантаг хоёрын хооронд байдаг жижигхэн сурыг ганшин гэж нэрлэдэг. Энэ мэтчилэн нүүдлийн ахуйтай холбогдох үгс, өвгөд хөгшдийн яриа гэдэг чинь хөдөө өссөний хувьд чихэнд хадаад, тархинд хоногшчихож буй хэрэг. Мэдээж хүн бүр хөдөө өсөх албагүй. Хотынхон бол ном унших л хэрэгтэй. Тэр үгнүүд чинь номон дотор явж буй. Мөн толь бичиг сөхдөг бай. Залуу байхад Цэвэл гуайн ногоон толийг навтарга болтол сөхөж харсан. Нэг үг хайж яваад гэнэтхэн сонин үг гараад ирмэгц тэрийгээ хөөгөөд алга болж өгнө. Бараг эхний хайж явсан үгээ мартчихдаг. Үг хөөх, үгийн амтанд орох гэж ойлголт бий. Гэтэл манайхан ер тэгэхгүй юм.

СЭТГҮҮЛЧ: -“Бүдүүн өвс багтахгүй найруулна” гэх Ринчен гуайн үгийг та эшлэх дуртай. Энэ үгний гүн утгыг тайлбарлавал?

ГО.АКИМ: -Ямар ч туршлагатай редактор үг шургуулж дөнгөхөөргүй нягт найруулахыг битүү утгаар егөөдсөн хэрэг. 

СЭТГҮҮЛЧ: -Монгол хэлний давтагдашгүй онцлог чухам юундаа байдаг вэ? 

ГО.АКИМ: -Монгол хэл яруу эгшиглэнтэй, бараг шүлэг шиг хэл. Ярихад бараг дуу шиг сонсогддог. Уг нь бичгийн хэл, ярианы хэл хоёр тусдаа. Гэвч манайхан бичгийн хэлээ ярианы хэлтэйгээ хутгачихсан. Бичгийн хэл гэдэг чинь яруу тунгалаг. Мөн монгол хэлэнд сондгойруулахгүй байх зарчим гэж байдаг. Нэг өгүүлбэр зургаан үгнээс бүтлээ гэж бодоход гурав гурваараа жингээ хувааж байвал зүгээр. Өгүүлбэрт тэгш хэмийг хадгалах нь чухал. Манай эртний сайн орчуулагч, зохиолчид бичсэнээ чанга дуудаж уншдаг байсан. Тэгж уншвал сондгойрч уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг. Энэ сайхан туршлагыг манай залуучууд хэрэглээсэй. Ялангуяа зохиол бүтээл, сэтгүүлзүй, орчуулга хөөцөлдөж буй залуус.

СЭТГҮҮЛЧ: -Монгол хэлэнд үйл үг голчилдог гэж та дурдсан удаатай. Найруулга сайн болоход юу чухал вэ?

ГО.АКИМ: -Аливаа хэлэнд нэрших, үйлших хоёр хандлага бий. Орос, англи хэл нэрших хандлагатай, нэрээр гол утгаа илэрхийлдэг бол монгол хэл үйлээр. Жишээ нь хоёулаа яг одоо ганц ч нэр үггүйгээр ойлголцож дөнгөнө. Үйлээр яривал богинохон, товчхон, тодорхой, бүх юмыг ойлгомжтой болгодог. Энэ нь өөрөө монгол хэлний онцлог юм. Зурагтын тайлбарлагч давуулалт хийлээ, өргөлт хийлээ, цохилт хийлээ гэхийн оронд давууллаа, өргөлөө, цохилоо гэхэд л бүх юм ойлгомжтой. Тайлбарлагчийг нурших хооронд өндрөө авсан бөмбөг аль хэдийн газарт ойччихно шүү дээ. Гэтэл давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэж хэлэх нь бөмбөг унахаас ч хурдан. 

СЭТГҮҮЛЧ: -Сайн орчуулгыг тулгаж сайн харах хэрэгтэй гэж та хэлжээ. Шууд цохож нэрлэвэл ямар ямар зохиолыг тулгаж унш гэж зөвлөх вэ?

ГО.АКИМ: Англи хэлнээс гэвэл Ри багшийн “Үүлэн зардас”-ыг харж болно. Д.Лхамжав гэж хүний орчуулгууд гайгүй. Оросоос гэвэл “Мөнгөн ноён”, “Тарас Бульба” гэсэн нөгөө л хоёрыгоо нэрлэнэ шүү дээ. (Инээв)

СЭТГҮҮЛЧ: -Маркес хөвүүн байхдаа ирээдүйн эхнэр Мерседестэй бүжгийн талбай дээр танилцсан гэдэг. Та гэр бүлийн хүнтэйгээ яаж танилцсан бэ?

ГО.АКИМ: -Бид хоёр чинь Багшийн дээдийн нэг ангийн хоёр. Манай хөгшин сургуульдаа хөөрхөн бүсгүйн тоонд ордог байлаа. Багшийн дээдийн залуучууд нэлээд эргүүлсэн байх шүү. Гэтэл ийм нэг цагаан өвгөнтэй насыг барлаа даа. 
Заримдаа би номоо олдоггүй юм, хөгшин маань л олж өгнө. Хоол унд хийхэд залуудаа ч намайг хөдөлгөөгүй, одоо ч хөдөлгөдөггүй. Намайг юмаа хийж бай л гэдэг. Бас миний бичсэн болгоныг уншдаг. Нэг үгээр миний хамгийн үнэнч уншигч. 

СЭТГҮҮЛЧ: -Орчуулсан зохиолуудаас тань алинд нь илүү дуртай вэ?

ГО.АКИМ: -За даа, “Аранзал дарвуулт хөлөг”-т л дуртай байх шүү.

СЭТГҮҮЛЧ: -Амьдралынхаа сүүлийн жилүүдийг “тунгалагийн булчирхайн хавдар”-аар шаналж өнгөрөөсөн Маркес “Би дахиж бичихгүй. Одоо би зөвхөн Мерседесийн эр нөхөр... Одоо би түүнд бүрэн харьяалагдана” гэж хэлж байжээ. Хагас зуунаас ч илүүг хамтдаа туулсны хувьд ханьдаа та юу гэж хэлэх вэ? 

ГО.АКИМ: -Хөгшин маань жаахан урт наслаасай л гэж хэлнэ. Урт насалбал би ч бас яваад өгөхийг бодохгүй. 18, 19-тэйдөө ханилан суугаад чиний хэлдгээр хагас зуун жил хамт байлаа. Нээрээ “Зуун жилийн ганцаардал” гэдэг шиг эсрэгээрээ зуун жил ганцаардахгүй амьдрах сан.

СЭТГҮҮЛЧ: -“Зуун жилийн ганцаардал”-ын дүрүүд туулсан амьдралдаа ер харамсдаггүй. Харин таны хувьд?

ГО.АКИМ: -Харамсаад байх зүйл алга даа. Харин залуу байхад арай илүүг хийж болох л байсан. Тэр үед Намын төв хороо гэгчийн огтын хэрэггүй баахан баримт бичиг орчуулж. Түүний оронд хэдэн сайхан өгүүллэг орчуулчихсан бол гэж бодогдох юм. Тэрнээс биш өөр харамсаад байх зүйл алга. 

СЭТГҮҮЛЧ: -Та ер нь өдрийн аль цагт бичиж, орчуулж байна вэ?

ГО.АКИМ: -Өглөө 4-6-ийн үед босоод 10 хүртэл суудаг.

СЭТГҮҮЛЧ: -Та хэдэн жилийн өмнөх нэг ярилцлагадаа “Уран зохиолын орчуулга бараг хийхгүй байх” гэж хэлсэн. Тэгэхээр Камюгийн “Тахал” роман таны хувьд уран зохиолын сүүлчийн орчуулга болж таарч байна уу? Та ер нь “Тахал”-аа орчуулж дуусгав уу?  

ГО.АКИМ: -Нэг бүлэг үлдсэн байгаа. Одоохондоо уран зохиолын ном орчуулсанд орвол Монголын түүх соёлтой холбогдох ном зохиолоос жаахан ч болтугай орчуулъя гэж бодох юм. Гэхдээ л би чинь уянгын юманд дуртай болохоороо Гэтсбиг орчуулъя гэж бодтол аль хэдийн орчуулчихсан байсан. Өөр хэнийг ч билээ дээ, үүнийг л барьж авъя гэтэл өрсөөд аль хэдийн орчуулчихсан байсан. Тэгэхээр өвгөн надад орчуулах зохиол үлдэхгүй нь бололтой! 



ЯРИЛЦЛАГЫН ДАРАА УНШИХ ЭШЛЭЛ

Алтан нарны шижир туяанд далайн ус, Каперна тосгон тэр аяараа умбан байдаг цэлмэг сайхан цагаар Лонгрен умгар дулаахан байшингаасаа цухуйдаггүй шахам мөртлөө салхи шуургатай энэ хэдэн өдөр далайн хөвөөнд очиж, ирийсэн тулгууртай урт тавцан дээр гаран, бүр үзүүрт нь тулж очоод салхинд очис хийсгэн тамхиа удтал татаж, алсад гаран амрыг олон гэсэн юм шиг сүрэг сүргээрээ улангасан давхилдагч хур дэлт үлгэрийн амьтад гэмээр лужир лужир давалгаан шуурга балбан багирлах тэртээ тэнгэрийн хаяа тийш хүрхрэн түрхрэн одохуйяа эргийн усны нүцгэрсэн ёроол буурал хөөс сахруулан үлдэхийг харан харан зогсдог байлаа. Их далай урхиран шуугиж, аварга том давалгаанд нүргэлэн мөргөлдөж, салхины гүйдэл нүдэнд ч үзэгдэм сэнсрээд, хавь орчныг тас шавхуурдан байхад Лонгрений энэлэн шаналсан сэтгэл чил чилсээр бөглөрөн мэнэрч гүн нойронд автах мэт болох билээ.   
       
ЭХ СУРВАЛЖ: Александр Гриний "Аранзал дарвуулт хөлөг" туужаас



Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН
Зургийг А.Ренчиндорж

2018 оны 11-р сар



Уг ярилцлага "Хөх толбо" сонины 2018 оны №32, 33-т нийтлэгдсэн.

Умардыг зорьсон хоёр






Урьд би ийм хайнга, яаруу байдалтайгаар ярилцлага хийж үзээгүй билээ. Ярилцагч хоёр хүнийхээ нэр усыг ч бүтнээр нь нэрлэж “мэдэхгүй” хэрнээ бараг зунжин дэлгээгүй тэмдэглэлийн дэвтэртээ арав гаруй асуулт таталгачихаад, мөн хэзээ мөдгүй зай нь дуусч мэдэх хуучин дуу хураагуураа аваад гарсныг бодох ахул өөртөө тун ч итгэлтэй байсны шинж. Гэхдээ надад ийн эрэмших шалтгаан байсан. Уулзаж буй хоёр хүн маань Хөвсгөл нуурыг тойрч алхах 17 өдрийн аяллаасаа эргэж ирээд ердөө долоо хонож байлаа. Эргийн шугам дагуу явган гороолох энэ аяллыг би хоёр жилийн өмнө ганцаараа хийсэн бөгөөд түүнээс хойш завдал чөлөө гарахгүй явсаар дөнгөж өнгөрсөн өвөл л бичиж дуусгасан “Ганцаардлын 400 км” гэх нэлээд урт тэмдэглэлийг минь сайх хоёр аялагч өөр өөр цаг хугацаанд уншиж дуусгаад хожмын нэг орой уушийн газар уулзан суухдаа Хөвсгөл нуурыг хамтдаа тойрох гэнэтийн, санаанд оромгүй шийдэлд хүрсэн гэдэг. Тэд надтай анх уулзахдаа энэ санаагаа ер нуугаагүй. Үнэнийг хэлэхэд би тэдний үгийг тоглоом наргиан мэт хүлээж авсан. Хавар сэдсэн санаа нь халуун зунтай золгоход ч итгээгүй. Гэтэл тэднийг атгасан үзүүрээ алддаггүй хүмүүс гэж хэн санах билээ!

Долдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл далайн хамгийн өмнөд суурин Хатгалаас гараагаа эхэлж, 17 өдрийн дараа нар зөв тойрсоор эргээд эхэлсэн цэгтээ ирсэн тэдний аялал хар багаасаа л эрэмгий зоригт эрэл хайгуулчдын талаар сонсож өссөн уншигч бидний хувьд онцгойрох зүйлгүй, энгийн л урт холын аян мэт санагдана. Гэвч алдар суугаа мандуулах нь аялал бүрийн эцсийн зорилго биш. Аялал жижиг ч бай, том ч бай түүнийг зориглон хийх эхний алхам бол аялагч бүрийн дотооддоо хийх хамгийн өрнүүн тэмцэл билээ. Сэтгэл шулуудсан ч эцсийн мөчид эргэж няцахгүйн тулд сүүлчийн дусал “эр зориг”-оо сэтгэлдээ нөөж үлдээх хэрэгтэй. Тэр эр зориг бол аялагч хүний зүрхийг тэтгэн байдаг амин тэжээл юм. Ийм тэжээлээ шавхчихсанаас яг эцсийн мөчид гэртээ үлдчихсэн хүн цөөнгүй. Агуу аялагчдын түүхийг эргэн сөхвөл 1831 оны өвөл Кембрижийн их сургуулийн шашин судлалын зэрэгтэй Чарльз Дарвин гэх дөнгөж 22 настай залуу гэнэтийн санаанд оромгүй саналаас татгалзалгүй, тэнгисийн цэргийн “Бийгл” хөлгөөр дэлхийг тойрох урт аянд гарч, таван жилийн турш далайгаар хэрэн хэссэний дүнд “Зүйлийн үүслийн тухай” цуут номоо бичсэн нь хэн нэг аялагчийн гэртээ эс үлдэх шийдвэр хүн төрөлхтний түүхэнд хэчнээн чухал нөлөөтэйг бэлхнээ нотлох буй за.

Нэгэнт би бээр хоёр ярилцагчийнхаа нэр усыг ч бүтнээр нь нэрлэж мэдэхгүй хойно нэмж баахан зүйл шалгаахаас зориуд зайлсхийж, зөвхөн урьдчилж бэлдсэн асуултынхаа хүрээнд ярьж хөөрөлдсөн гэдгийг дуулгая. Тиймээс энэхүү ярилцлагаас тэдний алдар нэр, алба амины хэргийг бүү сонирхоорой. Угаас би төдийлөн сайн мэдэхгүй. Хэрэв үнэхээр мэдэж сонирхмоор байвал ярилцлага хийсэн газар болох Оросын элчингийн баруун талын байрны гадаа явж очоод эрэгтэйг нь машинаа зогсоолд байршуулж гэртээ орохыг нь хүлээх, эсвэл Барилгачдын талбайн зүүн хаяан дахь “Green Zone” гэх нууцлаг газарт өдөр алгасалгүй явж очоод эмэгтэйг нь кофе уухаар орж ирэхэд нь барьж авах гэсэн хоёр найдвартай аргыг санал болгоё. Гэвч ийм элбэг дэлбэг цаг завтай хүн хэн байх билээ! Тэднийг цугтаа байхад нь барьж авах бүр амархан арга гэвэл Пүрэв гарагийн үдэш бүр болдог “Quiz Night” тааварт уралдаанд яваад оч, тэнд хоёр ярилцагч маань хоёулаа байх магадлалтай. Яаж таних вэ гэж үү? Тэр амархан: Эрэгтэй нь өндөр, царайлаг. Эмэгтэй нь эрмэг, эрч хүчтэй нэгэн. Тэрүүгээр дүүрэн ийм хүмүүс байвал яах вэ гэж үү? Уншигч та намайг арай л их залхааж байна шүү! Үнэхээр л уулзмаар байгаа бол өөрт буй сүүлчийн башир аргаа танд задалъя. Түрүүлсэн багт эрэгтэй нь байх магадлал өндөр. Харин тэмцээн дууссаны дараа зохион байгуулагчидтай нь жич уулзан хамгийн бага оноо авсан багийн нэрийг асуугаарай, тэнд эмэгтэй нь байх магадлал бүр ч өндөр шүү, бараг баараггүй дээ. 


***


Хоёр аялагч маань эрэгтэй, эмэгтэй хүмүүс боловч хоорондоо энгийн нөхөрсөг харилцаатай гэдгийг ярилцлагынхаа эхэнд зориуд цохож дурдъя. Уг нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх учиртай тэдний баг яг эцсийн мөчид “хоёр” болж цөөрсөн нь энэ. Нөхөд нь няцаж шантрахад хүртэл тэд “гэртээ үлдэх үү, байх уу” гэж хормын ч төдий эргэлзэж тээнэгэлзээгүй гэнэ. Аяллын анхны сэдэл санаа орж ирэх мөчид л аль хэдийн өөрсдийгөө Хөвсгөл далайн эрэг дээр үүргэвч саваа үүрчихсэн байгаагаар төсөөлж байжээ. Харин алхаж явахдаа миний тухай, тэмдэглэлийн минь тухай, мөн очсон даруйдаа намайг хүйтэн шар айраг, халуун хоолоор дайлна гэж бодож явсныгаа биелүүлсэн нь бидний ярилцлага хийсэн энэ уулзалт юм. Тэд хоол идэх зуураа гар утсан дээрх зургуудаа сонирхуулж, үзсэн харсан бүхнээ нэгд нэгэнгүй ярьж байлаа. Хөвсгөл нуурыг Хатгалаар төсөөлдөг хүнд Модон хүй арал, Жиглэгийн уул, Хачимын үзүүр, Долоон уул тохой, Их хороо гол, Анчигасын даваа, Борсогийн ам зэрэг таних танихгүй газар орны нэрээр баяжигдсан тэдний яриа ер ойлгогдомгүй, уйтгартай санагдахвий. Харин яг энэ замаар аялаад ирсэн миний хувьд эдгээр нэр хуучны танилаа эргэн дурсах мэт элгэмсүү дотно санагдаж, яг л тэдэнтэй хамт дахин аялаад ирсэн мэт сэтгэгдэл төрснөө нуух юун. Ийнхүү бид хооллож дуусаад дуу хураагууртай “жинхэнэ” ярилцлагаа хийчих санаатай, дуу шуугиангүй газар эрж явсаар ойролцоох байрнуудын дундах, эрэгтэйнх нь машинд ярилцаж билээ. Тэгэхэд л өнөөх муу дуу хураагуурын минь хэрэг гарсан даа.

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёр тэс өөр хүн холын аянд, ганц майхантай гарна гэдэг амаргүй сорилт. “Та хоёр тэгээд ойртож дотноссон уу?” гэх хүмүүсийн сонирхож буй хамгийн эрэлттэй, романтик асуултад би лав тэдний өмнөөс “Тийм ээ, тэд тэгж чадсан” гэж арай өөр утгаар хариулна. Нэгнийхээ дутууг нөхөж, хэлээгүйгээ сануулсан тэдний яриаг зарим үед “тэд” гэх ганц үгний дор нэгтгэчих нь бараг зүйд нийцэх болов уу гэж бодогдлоо. Ярилцлагыг буулгах явцад тэд нэгнийгээ хэчнээн сурамгай гэгч нь ойлгож мэдэрч байгааг сонсоод үнэхээр их биширсэн. “Үнэнийг хэлэхэд хүмүүсийн тэгтлээ их сонирхоод байгаачлан бидний хооронд амраг сэтгэлийн харилцаа үүсээгүй. Анх бид аялалд дөрвүүлээ гарах байсан. Гэвч хоёр маань тодорхой бус шалтгаанаар гэнэт яваагүй. Бид хоёр нэгэнт бүх юмаа бэлдчихсэн учраас “Хоёулхнаа хамт аялахад эвгүйцэхгүй биз дээ?” гэж нэгнээсээ асуугаад аялалдаа гарсан. Аяллын турш нэгнээсээ юу ч нуулгүй, дотор байгаа бүхнээ уудлан ярьцгаахад цаг хугацааг товчлоод дотно найзууд болчихсон мэт санагдаж билээ. Үнэндээ үертэй гол гатлахад л нэгнийхээ гарыг атгалцсанаас өөрөөр бие биедээ “ойртоогүй”. Гэвч бид сэтгэл зүрхнийхээ хувьд ер бусын ойр найзууд болж чадсан” хэмээн тэд ярилаа.


***





СЭТГҮҮЛЧ: -Аялал эхлэхийн өмнө та хоёр яг хэн байв?

ЭРЭГТЭЙ: -Би багаасаа олон сургууль, олон ажил сольж үзсэн. Ер нь нэлээд хувьсамтгай талдаа хүн. Нэг үгээр юмны эцсийг үзэхдээ хойрго. Мэдээж энэ аяллаас өмнө өөрийгөө олон янзаар сорьж үзсэн удаатай. Шүхрээр үсэрч байлаа, марафонд гүйж байлаа, ганцаараа цүнхээ үүрээд хаашаа ч хамаагүй аялж байлаа. Тиймдээ ч энэ аяллыг эхэндээ сорилт маягаар хүлээж авсан. Өглөө гараад 25-30 км алхана, үд гэхэд тэнд очсон байна, орой болоход майхнаа барина гэдэг ч юм уу өөрийгөө тэмцээнд бэлдэж буй тамирчин мэтээр сэтгэж явлаа. Гэвч энэ бол зүгээр нэг спортын тэмцээн биш болж таарсан. Тэнд байгаль байсан, хүмүүс байсан, бас миний сэтгэлийг хөдөлгөх бахдам сайхан зүйлс байсан. Аюул занал, айдас түгшүүр гээд тэмцээний үеэр хэзээ ч тохиохгүй зүйлс урьдын намайг өөрчилсөн байж магадгүй. Хөл муу байна, ядаж арван км-ийг машинд суугаад дөхье гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар шантарч болох л байсан. Гэвч би тэгээгүй.

ЭМЭГТЭЙ: -Хүний амьдралд гутрах, шантрах, бүр үхмээр санагдах үе бий. Амьдралын нэг л хэмнэлтэй, өдөр бүрийн залхаг ахуйдаа дөнгөлөгдчихсөн би сүүлийн хоёр жилд тохиосон олон үйл явдлын нугачаанд бүрмөсөн сөхөрч гүйцээд үнэхээр л үхээд өгмөөр санагдах өдөр хоногуудаа үрж “ядаж” байв. Яг ийм үедээ “хүршгүй” холыг зорихоор шийдсэн нь энэ аялал юм. Яваад ирсний дараа жижиг шалтгаануудыг том зүйл мэтээр хүлээж авахаа больсон байна. Энэ бол өөрчлөгдсөний шинж. Мөн өөрийнхөө дотоод болон биеийн хүч чадалд итгэдэг болсон нь сайн хэрэг.

СЭТГҮҮЛЧ: -Хатгалд ирээд далайг умар зүгт уртааш нь харах ямар байсан бэ?

ЭМЭГТЭЙ: -Үгээр өгүүлшгүй сайхан. Далай цэнхэр, цагаан, номин ногоон өнгөөр тэнгэрийн хаяа хүртэл тунаран байсан. “Хөөх” гэж дотроо уулга алдаад, “За алхаад байж дээ” хэмээн санааширч билээ.

СЭТГҮҮЛЧ: -Баруун эргээр нийтдээ найман өдөр алхжээ. Энэ хэсэг зам бол аяллын тэн хагас. Эхний шөнө яаж өнгөрөв? Хамгийн шантармаар үеүд юу юу байв?

ЭРЭГТЭЙ: -Бид Хатгалаас гараад 15 орчим км алхсаны эцэст эзгүй зэлүүд эрэг дээр отоглосон. Тэр шөнө аймшигтай хүйтэн хоносон. Агаарын хэм бараг хасах руу унасан байх. Шөнөжин дагжин чичирч билээ. Өглөө босоход уулын орой цастай. Гараа угаах гэтэл хамаг бие даарч чичрээд нэг л жихүүн. Үлдэх шөнүүд ингэж өнгөрвөл яана даа л гэж бодогдсон. Гэхдээ аз болж дахин хүйтрээгүй. Харин нэг өдөр амралтын газруудын цаадтайх байгаль хамгаалагчийн поостон дээр очоод тэнд таарсан албаны хүний үгэнд бараг шантрах шахаж билээ. Тэндээс цааш Долоон уул тохой хүртэл ямар ч айл амьтан байхгүй учраас тэр хүн биднийг айлгах гэсэн үү, эсвэл жинхэнээсээ санаа тавьсан уу, бүү мэд, ямартай ч ихэд ширүүн өнгөөр “Та хоёр ор сураггүй алга болчихвол яана! Гэр бүлийнхэн чинь ирээд бөөн юм болно. Тэгээд та хоёрыг эрж хайна. Бид үндсэн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Өмнө нь хоёр хүн яваад баавгайд бариулсан. Ийшээ чоно, баавгай язганаж байгаа. Та хоёр ингэж явах ямар хэрэгтэй юм!” гэж билээ. Бид хоёр уг нь байгаль хамгаалагчийн байшин хараад битүүхэн найдлага тавьж бараадасхийн хонож байгаа юм. Гэвч тэгж анхааруулахад нь яагаад ч юм итгэлгүй болж, нээрээ л баавгай гэнэт гарч ирээд бид хоёрыг тасдаад хаячих юм шиг санасан. Маргааш өглөө нь урамгүйхэн сэртэл тэнд байнгын суудаг байгаль хамгаалагч ах “Миний хүүхдүүд санаа зоволтгүй ээ. Хүний заяа байна даа” гэхэд нь өөрийн эрхгүй урамшиж билээ.

СЭТГҮҮЛЧ: -Баавгайтай таараагүй юм байж. Гэхдээ та хоёр зэрлэг гахай, тайгын чонотой таарсан шүү дээ. 

ЭРЭГТЭЙ: -Хачимын аманд зэрлэг гахайтай тааран, айж цочоод зугтаж явтал хоёр чоно өөдөөс хараад зогсож байсан. Бараг 50 хүрэхгүй алхмын зайд. Хажуугаар нь алсуур тойрсоор далайгаа захалж явтал өнөөх хоёр чинь сонирхсон байдалтай араас дагасан. Чоно араас дагадаг гэж ярьдаг үнэн юм билээ. Азаар айлын эзэнгүй өвөлжөө таарч, тэнд хэсэг зуур нуугдаж тайвширсан. 






СЭТГҮҮЛЧ: -Тайгын чоно ямаршуу өнгө зүстэй харагдсан бэ?

ЭМЭГТЭЙ: -Харц нь хэний ч эр зоригийг цоо хатгам хурц. Зүс нь гэвэл цайвар шаргал өнгөтэй. Алхаан дунд том шар сүүл нь босчихдог. Бид хоёр амьхандаа чарлаад байгаа юм. Гэтэл ер үргэсэн шинжгүй, ажиглаад л байх янзтай. Бид хоёр айсандаа айлын өвөлжөө рүү зугтаад орчихсон. Тэгээд би баахан уйлж билээ. Чононд бариулж үхмээргүй санагдсан хэрэг. Дараа нь арайхийж тайвширч аваад түмпэн саваа түчигнүүлэн дуу чимээ гаргаж, тэндээс хар гүйхээрээ зугтсан даа.

СЭТГҮҮЛЧ: -Хөвсгөл нуурыг Хатгалаар төсөөлдөг хүн олон. Баруун эргийн хамгийн аглаг зэлүүд газар гэвэл юуг нэрлэх вэ?

ЭРЭГТЭЙ: -Өлийн ам бол хүн, малын хөлөөс зайдуу газар. Хамгийн багадаа хоёр тийшээ 30, 40 км-ийн зайтай. Айлын өвөлжөө бараг үгүй. Бүх төрлийн ан амьтан ийш ирж ундаалдаг гэсэн. Нэг талд нь цэлэлзэх их ус, нөгөө талд нь балар нууцлаг ой.

СЭТГҮҮЛЧ: -Та хоёр наймдахь өдрөө Ханхад очсон. Энэ бол Хөвсгөл төдийгүй Монгол орны хамгийн умард цэгт орших холын жижигхэн суурин. Тэнд сэтгэл татам юу юу олж үзэв?

ЭМЭГТЭЙ: -Хөвсгөлийн хаана дахиж очих вэ гэж асуувал би хувьдаа умард эрэг болон Ханх л гэнэ. Ханхад үзсэн хамгийн гоё зүйл гэвэл мэдээж манан. Хаашаа л харна өтгөн манан дэгдээстэй. Үнэндээ Ханх үргэлж ийм нууцлаг хэвээрээ байдаггүй гэсэн, бид хоёр яг манантай үеэр нь таараад оччихсон хэрэг. Нар жаргахын сайхныг хараагүй ч манан татахын сайхныг бол ханатал мэдэрсэн шүү. Дээрээс нь эндхийн хүмүүс далай шигээ тогтуун. Аяллын турш бидэнд “хайр”-аа зарласан ялаа шумуул ч бас энд үгүй.




ЭРЭГТЭЙ: -Умард эрэг рүү ойртох үед далай гайхалтай сайхан үнэртсэн. Миний амьдралдаа үнэртсэн хамгийн гоё үнэр бол тэр. Анхилах салхины үнэрт нүүрээ илбэн зогсоод л баймаар. 

СЭТГҮҮЛЧ: -Ганцаараа аялахын сайхан, муухайг би сайн мэднэ. Харин хоёулаа аялж буй үед ихэвчлэн юуны тухай ярьж явдаг вэ?

ЭРЭГТЭЙ: -Хошигноод хэлэхэд чиний л тухай ярьсан. (Инээцгээв) Бид хоёрын аяллын “библи” мэдээж чиний тэмдэглэл. Энэ замыг ганцаараа туулсан гэж бодох төдийд л чамайг дотроо хайрлаж хүндэтгэдэг байв. Бид хоёрын ярианы нэлээд хэсэг нээрээ чиний тухай шүү. Бусдаар бол гэр бүлээ, дотны нэгнээ, сайхан мэдрэмжүүдээ, хайрласан бүхнээ, дөнгөж өчигдөр уулзсан хүмүүсээ эргэн дурсахын хажуугаар дөнгөж түрүүхэн харсан байгалийн сайхныг бишрэн ярих жишээтэй. 

СЭТГҮҮЛЧ: -Алхаж явахдаа хэнийг их үгүйлэн санав?

ЭМЭГТЭЙ: -Гэрийнхнийгээ бүгдий нь хайрлан санасан. Цаг үргэлж дэргэд байдаг Баяржаргал найзыгаа их үгүйлсэн. Бүх зүйл дээр түшиж тулж ирсэн өвөөгөө аяллын турш дурсаж явсан. Ер нь алхаж явахдаа ирээдүйн тухай огт боддоггүй гэж үнэн юм билээ.

ЭРЭГТЭЙ: -Бодоогүй, санаагүй хүн ховор доо. Мэдээж хүн болгон л тэгэх байх. Ижийгээ их санасан. Өндөр настай эмээгээ дурсаж явсан. Бурхан болсон өвөөгөө ойр ойрхон бодно. Хөдөө гадаа хамт явахдаа өвөөгийн ярьж өгдөг байсан уул ус, амьтан ургамлын талаарх ярианууд ой тойнд минь үе үе орж ирнэ. Мэдээж гэр бүл, найз нөхдөө бүгдий нь бодож явсан. Мөн шинэхэн дурласан бүсгүйгээ үгүйлж санаж явлаа. Түүндээ эрүүл саруул, эсэн мэнд эргэж очоод хамт байх мөчөө төсөөлөн явахад зам хурдан хороогдох шиг санагдсан. 

СЭТГҮҮЛЧ: -Та хоёр Хөвсгөл нуурын бүх эрэгт очсон. Хамгийн үзэсгэлэнтэй эрэг юу байсан бэ?

ЭРЭГТЭЙ: -Борсогийн амыг даваан дээрээс харахад гайхамшгийн орон мэт санагдсан. Жижиг нуур, хөвөөн дэх хэсэгхэн мод, уулын амнаас мушгиран урсах гол, эрэг рүү тохойрч түрсэн далайн ус, яг зэргэлдээ харагдах Модон хүй арал. Бороотой, бүрхэг өдрүүдийн дараах цэлмэг орой зүүн эрэг дээр суугаад жаргах нарны сүүлчийн илч туяа далайн мяралзах уснаа асгарч, баруун эргийн модот уулсын хэлбэр галбирыг тэнгэрийн хаяанаа зурсаар хараа үл хүрэм алсад одохыг ажна гэдэг ер бусын гайхамшигт мэдрэмж. 

СЭТГҮҮЛЧ: -Үүргэвчиндээ ямар ном авч гарсан бэ?

ЭМЭГТЭЙ: -Пауло Коэльогийн “Алхимич” романыг авч явсан. Хэрэв ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо ертөнц бүхэлдээ чиний талд байх болно гэсэн үндсэн санаа нь амьдралын минь хамгийн чухал үеүдэд үргэлж тус дэм болсон. Өмнө нь бараг хоёр гурван удаа уншсан байх. Мэдээж энэ аялал миний хувьд бас нэг том сорилт байсан. Хөл алдаад унахад л үхэж мэдэх өндөр хавцлын ирмэгээр алхсан. Замдаа чоно нохойтой таарсан. Олон өдөр эзгүй зэлүүд тайгаар бэдэрсэн. Магадгүй эргэж ирэхгүй ч байж болно. Тиймээс дөрөвдүгээр сард аялалдаа бэлдэж эхлэхдээ л энэ номыг авч явахаар шийдсэн юм. Үнэнийг хэлэхэд унших завдал төдийлөн гараагүй, хоёр удаа л дэлгэж харсан байх. Гэхдээ уншиж дуусгах эсэх нь тийм ч чухал биш. Энэ ном үүргэвчинд буй гэдгийг мэдрэх л сайхан.

ЭРЭГТЭЙ: -Миний хувьд мэдээж “Зуун жилийн ганцаардал”-ыг... (Хэсэг зуур азнав) авч яваагүй. (Тэгээд учиргүй инээв. Учир нь хоёр жилийн өмнө сэтгүүлч миний бие Хөвсгөл нуурыг тойрохдоо яг энэ номыг авч явсан юм.) Тэр ном надад бий. Гэхдээ зузаан санагдаад аваагүй. Харин Стивен Хокингийн “Цаг хугацааны товч түүх”-ийг авч явсан. Яагаад гэвэл миний хувьд энэ ном ертөнцийн үүслийн талаарх “библи” юм. Өмнө нь гурав дөрвөн ч удаа уншсан байх. Тэгэхээр утга агуулгыг нь цээжээр мэддэг номоо авч явсан гэсэн үг. Аяллын үеэр заримдаа гартаа барьж явсан. Уншина гэхээс илүүтэй эргэцүүлж бодсон гэвэл ононо. 


***


Энэхүү ярилцлагын үеэр тэд байсхийгээд л миний тухай хүүрнэж, тэмдэглэлээс минь эшилж, тэнд бичигдсэн дүрүүдтэй уулзсан тухайгаа ярихад нь эхэндээ сайхан, эцэс сүүлдээ санаа зовмоор санагдсан. Хэн нэг уншигч “Энэ сэтгүүлч зөвхөн өөрийнхөө тухай л яриулчихжээ” гэж хэлнэ гэхээс айсандаа өөрийнхөө тухай хэсгийг нэлээд хаслаа. Харин дараах хэсгийг хасаж зүрхэлсэнгүй. Тиймээс өөртөө зориулж оруулсан энэ хэсгийг уншигч та уншихгүй өнгөрөөж болно шүү!

“Ганцаардлын 400 км” гэх тэмдэглэлд минь ийм нэг хэсэг бий: “Дархадуудын модон байшин ихэнхдээ дөв дөрвөлжин, доторх нь ханагар уужим, бүр тулах баганагүй. Миний удаах зочилж буусан дархад айл яг ийм байшинтай. Уг нь эрэг бараадаж хоноглох гэсэн боловч нар шингэх дөхсөн тул ойролцоох айлын гадаа хоноглохоор шийдсэн юм. Гэрийн эзэн Мягмар гуай тун чиг алиа хошин зантай. Харин хөгшин нь гэж эгэл даруухан эмэгтэй, нөхрийнхөө наргианч ярианд инээмсэглээд л байна, инээгээд л байна. Нэр нь Уранчимэг. Тэгмэгц нөхөр нь “Мөн ч уран нэртэй хүн шүү” хэмээн хөгшнөө явуулна. Хариуд нь “Хөгшрөхийн цагт хэрэггүй л санагддаг юм байна” хэмээн тэрбээр намуухан ярина. Мягмар ах 1953 оных. Харин Уранчимэг эгч нөхрийнх нь яриагаар бол “25-тай” гэнэ. Энэ мэтчилэн Мягмар ах үг газар гээхгүй инээд хөөр авчирна. Эднийх 8 хүүхэдтэй. Дөрвөн охин, дөрвөн хүү. Дунд хүү нь Ухнаа гуайн ганц охинтой суужээ. Бэргэн нь аавтайгаа тун адилхан санагдав, яг л аавын дүрлэгэр том нүд. Харин бага хүү нь дуулахдаа дориун тул СУИС-д элсэн орж, нэг жил суралцжээ. Гэвч хүүгээ үргэлжлүүлэн сурах сонирхолгүй байгааг анзаарсан аав нь “Чи яамаар байна. Үргэлжлүүлье гэвэл дуустал нь сур, үгүй гэвэл энэ жил орхи” гэснээр хүү гэрийн дээдийг сонгожээ. Гэрийн дээд гэдэг нь Мягмар ахын өөрийнх нь үг шүү. Одоо хүү тань гэрийн дээдэд хэдэн жил сурах вэ гэж асуутал Мягмар ах бодолхийлснээ “За байз, 50, 60 жил юм уу даа” гэж хэлээд учиргүй хөхрөв. Харин надтай нас чацуу дунд хүү нь Ханхын хилийн боомтод банкны эдийн засагч. Эднийх гурван айлаараа нийлээд 400-аад үхэртэй. Мягмар гуай амьдралдаа дөрвөн удаа л хот орж үзсэнээ дурсан ярив. Цэрэгт явж, цэргээс халагдахдаа, наяад онд зөвлөгөөнд суухдаа, мөн хориод жилийн өмнө эгчийгээ өөд болоход тус бүр нэг удаа хотод очиж үзжээ... Урьд шөнө юунаас ч айлгүй ер бусын тайван хонов. Айлын гадаа хонохын амар тайвныг ханатал мэдрэх шиг боллоо. Өглөө нь Мягмар ах усны савыг минь сүүтэй цайгаар дүүргэж, цөцгийн тос түрхсэн зүсэм талх уутанд хийж өгөөд бараг саахалтын дайтай газар гаргаж өгөв. Бид салахад Мягмар ах гэрийн зүг буцлаа. Хүний сайханд хоргодож дасна гэдэг цаг хугацааны их, багаас ер шалтгаалдаггүй ажээ. Хэд алхаад эргэж хартал эргэн тойрон нэг л гунигтай. Хэзээ ч билээ дээ, хэн нэгэн “Танилцаж дотносох шиг амархан зүйл үгүй. Харин салан одох л хамгийн хэцүү” гэж хэлсэн нь юутай үнэн!”

Тэгвэл Мягмар ахтай уулзсан тэдний түүх ийм: “Тим Бартоны “Big Fish” кинон дээр аав нь хүүдээ итгэмээргүй түүх өгүүлдэг. Гэтэл түүнд нь хэн ч итгэдэггүй. Харин киноны төгсгөлд аавынх нь ярьсан бүхэн үнэн бодит болдог шиг урьд уншсан зүйлээ биеэр мэдрэх нь ер бусын шидэт мэдрэмж юм билээ. Тэмдэглэлд гардаг хүмүүстэй уулзахад үнэхээр л номон доторх зохиолын үйл явдлыг дахин эхнээс нь давтаад байгаа юм шиг санагдсан. Биднийг очиход Мягмар ах байшингийнхаа цонхыг янзалж байв. “Тантай уулзах гэж ирлээ” гэхэд “Ороод цай ууж бай” гэж хэлээд нэлээд удсаны эцэст араас орж ирсэн. “Гурван жилийн өмнө нэг сэтгүүлч залуу далайг явган тойроод “Ганцаардлын 400 км” гэх тэмдэглэл бичсэнийг бид хоёр олж уншаад энэхүү аяллыг хийж байгаа юм” гэж хэлтэл Мягмар ах чамайг сайн санаж байсан. Ингээд тэмдэглэл дээрх Мягмар ахын тухай хэсгийг уншиж өгтөл эргэн тойрон ялааны дүнгэнэх чимээ сонсогдом анир чимээгүйд автсан. Тэнд лав долоо найман хүүхэд, гурван том хүн байсан. Мягмар ах дархад аялгаар “Яг яг… яг яг” гэхээс өөр үггүй. Зарим үед хүүхэд шиг хөхөрнө. Харин жилийн өмнө өвчнөөр өөд болсон эхнэрийнхээ тухай хэсгийг сонсоод аньсага нь чийгтэж уйлсан. Тэгснээ бид хоёрыг өөрийн хүүхдүүд шиг бишрэн хайрласан нүдээр харж билээ. “Энэ хол замыг ингэж туулна гэж байдаг аа. Хөвсгөл далайг явган тойрч буй анхны монгол эмэгтэй гэвэл чи л байх” хэмээн урмын үг хайрласан. Үүргэвчинд минь уут дүүрэн цөцгийн тос хийж өгсөн. Дараа нь гэрээс гараад яг чиний тэмдэглэлд гардаг шиг саахалтын дайтай газар гаргаж өгч билээ. “Та эндээс буц даа” гэхэд “Үгүй ээ, далайг бүтэн тойрч яваа та хоёрын дэргэд миний алхана ч гэж юу байхав” хэмээн өгүүлэх хэрнээ цуг алхаад л байсан. Салахдаа биднийг чанга тэврээд үнссэн. Үнэхээр л хүнтэй дотносно гэдэг цаг хугацааны их багаас шалтгаалдаггүй юм билээ. Бид хоёр тэр айлд цаг орчим л болсон. Эргэж харах бүрт Мягмар ах нааш харчихсан зогсож байдаг байв. Гараа далламагц хариу даллана. Бүр буцаад гүйчихмээр санагдсан. Энэ бол хүүхэд байхаасаа уншиж өссөн үлгэрийнхээ баатартай хоромхон зуур уулзаад салан одох шиг сэтгэлд хөндүүр, уйт мэдрэмж.”


***


Сэтгүүлч миний бие үе үе хоёр явган аялагчийн цахим хуудас руу нэвтэрч, хаа явааг нь сурагладаг юм. Эхнийх нь дэлхийг явган тойрч буй Caroline Moireaux гэх франц бүсгүй. Гурван жилийн өмнө 8000 км зам туулан Улаанбаатарт ирээд байхад нь Бага тойруугийн гудамнаа таарч билээ. 2011 онд Францын зүүн хилийн ойролцоох төрөлх суурингаасаа аяллаа эхэлсэн тэрбээр яг өнөөдрийн байдлаар 25723 км замыг туулан, аль хэдийн Америк тивд хүрчихсэн умраас өмнийг зорин алхаж яваа аж. Түүний аяллаа үргэлжлүүлж буй долоон жилийн хугацаанд хожим бичдэг хүн болно, аялж үзнэ гэдгээ ч төсөөлж яваагүй би сэтгүүлч болж, Хөвсгөл далайг тойрч, хоёр жилийн дараа тэмдэглэл бичиж, бүр тэрхүү тэмдэглэлийг минь уншаад хоёр аялагч дахин Хөвсгөл далайг тойрч амжсан гэхээр бидний зориглон хийсэн бүхэн одоо ч үргэлжлэн буй түүний аяллын дэргэд дэндүү өчүүхэн мэт санагдана. Моторт хэрэгсэл ашиглалгүй, зөвхөн биеийн хүчээр дэлхийг тойрох зорилготой франц бүсгүй маань Ираны газар нутгийг явган туулсаар хил гарахын алдад цагдаад баригдан олон хоног байцаагдсаны улмаас онгоцоор нисэж явахаас өөр аргагүйд хүрчээ. “Би цагдаагийн газар асгартал уйлсан. Аргагүй шүү дээ, тэр цаг мөч хүртэлх сөөм газар бүрийг мэрж алхсан. Уг нь надад маш том мөрөөдөл байсан. Далайг сэлж гатлах боломжгүй учраас эх газраар гэлдэрч яваа л бол сөөм газар бүрийг алхаж туулан, дэлхийг тойрно доо гэж мөрөөддөг байв. Би чадна гэдгээ ч мэдэж байсан” гэх түүний үг одоо ч сэтгэлд тод. Аяллын хугацаа урт ч бай, богино ч бай анхны үзэл санаандаа үнэнч байх нь ийм чухал. Хөвсгөлийг тойрсон хоёр аялагч маань нийт замынхаа тодорхой хэсгийг дугуй, завиар туулж болох гэсэн анхны санаанаасаа татгалзаж, яг эцсийн мөчид бүх замаа явган туулахаар шийдсэн нь миний хэлээд буй мөнөөх үзэл санаа гэгч юм. Тэд сөөм газар бүрийг алхаж туулжээ. Өөртөө үнэнч байх энэ зарчим бол аялагч хүний оюун санааг зоригжуулан байдаг хамгийн шим тэжээлтэй хүнс билээ.

Дараагийн сураг ажиг тавьдаг аялагч бол хүн төрөлхтний өлгий нутаг Этиопын Их хавцлаас гараагаа эхэлсэн сэтгүүлч Пол Салопек. 60 мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс дэлхийтэй танилцахаар яг энэ хавцлаас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу аяны эхлэлийг тавьжээ. Хомо сапиенсууд Африк тивийг орхин, цаашлаад Өмнөд Америкийн өмнөд цэг Тьерра Дэль Фуэго хүрсэн нь нийт 33 мянган км-ээр хэмжигдэх ер бусын урт зам байлаа. Тэгвэл сэтгүүлч Пол Салопек яг энэ замаар алхаж яваа билээ. National Geographic сэтгүүлийн 2013 оны арванхоёрдугаар сарын дугаарт түүний анхны тэмдэглэл “Их замын эхэнд” нэртэйгээр гарахад үнэнхүү догдолж уншсанаа санаж байна. “Урагшлахын тулд алхдаг. Шийдэлд хүрэх гэж, зөрчилдөөнийг зогсоох гэж, аюулаас зугтах гэж бид урагш алхдаг. Энэ утгаараа алхана гэдэг итгэх, түүний төлөөх сорилт юм шиг. Бид үүнийг өдөр бүр хийдэг. Энэ бол дараагийн алхмыг нөхцөлдүүлэх эхний алхам. Хоёрхон үйлдлээс бүтэх гайхамшиг. Тэгвэл үүнийг би ирэх долоон жилийн турш хийх болно” гэх сэтгэл догдлом үгсээр түүний тэмдэглэл эхэлдэг. Тэр одоо Энэтхэгт яваа аж. Төдхөн умардыг зорьж, Номхон далайг гатлах биз ээ. 

Аялагчид цаг үргэлж нэгнээсээ суралцсаар иржээ. Би хувьдаа дэлхийг тойрогч Франц бүсгүйгээс гэртээ үлдэхгүй байх эр зоригийг, сэтгүүлч Пол Салопекээс явган аялахын утга учрыг, бас аялангаа бичихийн сайхныг мэдэж авсан. Энэхүү ярилцлагыг буулгах явцад зөвхөн бусдаас авах биш, бас бусдад өгч чадсан гэдгээ мэдрэх үнэхээр сайхан байлаа. Яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэг тэр чигтээ “сайхан”-ы магтуу билээ. Тэгвэл миний сүүлчийн асуулт аяллын турш мэдэрсэн тэрхүү “сайхан” бүхний тухай байсан юм.

ЭРЭГТЭЙ: -Хөвсгөл бол уулархаг нутаг. Гэтэл тэндхийн хүн зон тал нутаг шиг тэнүүн уужим сэтгэлтэй нь сайхан. Тэдний хувьд далай өөрөө тал нутаг юм билээ. Далайн аль ч өнцөгт очсон цэлэлзэх их ус тэнгэрийн хаяа хүртэл мэлийдэг. Тэрхүү уужим цэлгэрийг сэтгэл бахдалтайгаар ширтэж өссөн хүн сэтгэл зүрхнийхээ хувьд уужим тэнүүн болохгүй гээд ч яах билээ. Нээрээ далайг ширтэх сайхан шүү. Бас өглөө майхныхаа цахилгааныг яраад өглөөний сэрүүн тунгалаг агаарыг цээж дүүрэн амьсгалах сайхан. Ороод яв, идээд яв, унтаад яв гэх хүн зоны сэтгэл цэлэлзэх их далай шигээ сайхан. Ер нь замд таарсан бүх хүн сайхан. Муу хүн гэж байдаггүй юм шиг л санаж явлаа. Далайн цэнгэг ус өнө мөнхийн сайхан. Хаанаас нь ч хутгаад уусан тув тунгалагаараа. 

ЭМЭГТЭЙ: -Өдөр бүрийн орой майхандаа ороод хэвтэх сайхан. Хоол хийх сайхан, хийсэн хоолоо идэх сайхан. Өдөр бүр, цаг тутамд таньж мэдэхгүй газар орноор алхах сайхан. Алхах өөрөө сайхан. Эргэн тойрны байгаль нэлдээ сайхан. Уулзаж учирсан бүх хүн сайхан. Өвдөлт зовуурь, цөхрөл шантрал бүхэн минь сайхан. Эцэст нь далай өөрөө ер бусын сайхан. Эргэж ирээд далайг санах нь “гунигтай” хэрнээ сайхан. 

СЭТГҮҮЛЧ: -Та хоёрын өмнөөс уншигчдадаа хандаж “сайхныг мэдэрье гэвэл алх, аял” л гэж зөвлөе дөө.




Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН