Хүйтний хязгаарт

February 10, 2016



Монголын хамгийн жиндүү сууринд зочилсон нь




Өвлийн сууринд хоёр зүйл өдөр ч, шөнө ч үл амсхийнэ. Нэг нь уурын зуух бол нөгөө нь Цаг уурын өртөө. Суурингийн хамгийн том уурын зуух байрлах навтгар тоосгон байшинд нэгдүгээр сарын хүйтэн жавраас зугтаан дулаацах гэж ороод “Ийм нүсэр зуухыг өдөр бүр асаахад их хэцүү байх даа” гэж сониучирхан асуухад минь галч эр учиргүй хөхөрснөө “Намар л нэг асаадаг даа. Ердийн пийшин шиг зомголоор л асаачихна. Ингээд нэгэнт ассан гал хавар хүртэл унтрахгүй” хэмээн тэнэгдүү асуултад минь цааргалалгүй хариулж билээ. Харин би хотоос гарахдаа л Цаг уурын өртөөгөөр заавал орно гэж төлөвлөсөн байв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв бол Монгол орны хамгийн хүйтэн суурин. Тэгвэл нэгдүгээр сар бол сумын төвийн хамгийн хүйтэн үе. Чухам энэ өдрүүдэд л уурын зуухнууд өдөржин шөнөжин хүйтнийг сөрдөг бол Цаг уурын өртөөнийхөн үдэд ч, үүрээр ч хүйтнийг бүртгэдэг юмсанж.
Сууринтай нас чацуу гэгдэх, гаднаас нь харахад бараг л бөглүү ойн гүнд л баймаар жижигхэн модон байшингийн ширмэн пийшинд хуурай мод “чад пад” гэж дуугаран дүрэлзэх зуур цаг уурч эмэгтэй өнгөрсөн өдрүүдийн агаарын хэмийг дэвтрээсээ нягтлаад “Гурван хоногийн өмнө (Нэгдүгээр сарын 18) өглөөний 8 цагт -44.7 хэм хүрсэн нь энэ өвлийн хамгийн хүйтэн тохиолдол” гэлээ. Гэвч 1969 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр -52.9 хэм хүрч байсантай харьцуулбал харин ч дулаан өвөл ажээ. 
Хүрээлсэн уулсын нөмөрт, Идэр голын хөвөөнд оршдог учраас голын жиндүү жавар уулс давж чадалгүй хөндийд өвөлждөг нь Тосонцэнгэлийг ер бишийн хүйтэн суурин болгожээ. Тиймээс нутгийнхан Тосонцэнгэлийг “жин хүйтэн газар” гэцгээнэ. Хайруу хүйтэн салхинаас ялгаатай нь жин хүйтэн агаар хүнийг дотроос нь дааруулдаг юм. Жиндлээ ч гэж ярих нь бий. Мөн салхи гарвал жавар арилна хэмээн хөгшчүүд хуучлахыг олон удаа сонсож билээ.
Нар тэртээ өндөрт хөөрсөн жин үдийн үед гадаа -32 хэмийн хүйтэн боловч эндхийнхэн ер бээрсэн шинжгүй. Залуус нь “Ойрд дулаахан л байна” хэмээн хэнэг ч үгүй хэлж байхад нас өндөр гарсан хашир өвгөчүүд “Одооны хүйтэн ч дээ” хэмээн голонгуй өгүүлнэ. Тэгсэн атлаа цасан дунд л өмсье гэж чирч ирсэн уулын гутлыг минь харчихаад “Зуны бажинктай даарна шүү” хэмээн сүйд болно.
Өвгөдийн яриагаар үнэхээр л хуучин цагт айхтар хүйтэрдэг байсан гэнэ. Гэхдээ хэр хүйтэрч байсныг хүн бүр өөрөөр ярих нь сонин. Зарим яриа нь яг л домог хууч мэт. Машины дугуй хага буудаж, үхрийн эвэр хуга хөлдөн, цайны дээж агаарт мөстөж, цас хашаа давтал хунгарладаг байлаа гэж хэлэхэд нь би “Яг үнэн юм уу” гэж ёс юм шиг асуудаг байв. Хөгшчүүд “Үнээн” л гэнэ.
Өвлийн салхигүй өдрүүдэд сууринг бүхэлд нь залгидаг өтгөн манан энэ бүх ярианы хамгийн оргил нь. Залуудаа байгаль хамгаалагчаар ажиллаж асан нэгэн өвгөжөөр эр багадаа үзсэн манангийн тухай дурсан ярихад Стивен Кингийн зөгнөлт зохиолд гардаг манант хот санаанд орж билээ. “Чи бод доо. Арван алхмын цаадах зүйл харагддаггүй байлаа. Машинууд өдрийн цагаар биенээ олж харалгүй мөргөлдөж байснаас гэрлээ өдөр ч асааж явахаас өөр аргагүйд хүрцгээсэн. Сургуулийн хүүхдүүд өглөө гэрээсээ гараад гудамжинд төөрөх нь энүүхэнд” гэсэн түүний яриа ер нь л итгэмээргүй. Учир нь Тосонцэнгэлд ирээд хоёр хоносон боловч би нэг ч удаа манан үзээгүй байв. Тэгсэн өнөөх эр “Салхи л жавар хөөчлөө” гэх нь тэр. Уг нь гурван хоногийн өмнө айхтар хүйтрэхэд хашаан доторх модон жорлон харагдахгүй болтлоо манантжээ. Гэсэн ч би манан үзэх хүртлээ энэ ярианд нь түр итгэхгүй байхаар шийдэв. 





Одоо бол Тосонцэнгэл тогтуухан байлаа. Тэнгэр үүлгүй, суурин аниргүй. Сумын төвийг нэвт зүссэн хар зам дагуух хоолны газар, хоршоо дэлгүүрүүд, социализмын үеийн бадрангуй түүхийг гэрчлэх аварга том үйлдвэрийн орхигдсон барилгууд, өргөгч краны зэвэрсэн араг яснууд, суурингаас зайдуу ганцаардмал орших онгоцны буудал зэрэг нь Тосонцэнгэлийг Монгол орны өргөн уудам нутаг дахь сумын төв хэмээх өдөр бүр нь ижилхэн өнгөрдөг жижигхэн суурингуудаас хахь ондоо харагдуулах ажээ. 


Өвлийн суурин


Нэгэн цагт хот гэгдэж асан Тосонцэнгэлийг өдгөө сумын төв гэхэд хэтэрхий том, бас хот гэхэд хэтэрхий жижиг юмсанж. Арга ч үгүй юм, өнгөрсөн цагт суурингийн хамгийн хүйтэн үе байсан шиг Тосонцэнгэлийн хамгийн өрнүүн үе бас л өнгөрсөнд буй. Заримдаа энэ суурингийн өнгөрснийг дурсана гэдэг өвгөд хөгшид гал шиг дүрэлзэж асан залуу цагаа эргэн дурсахтай адил санагддаг байв.
“Дал, наяад оны үед Тосон мөн ч сайхан байж дээ” гэх өдгөө 76 настай Ренчинжунай гуай хүйтнийг ч, хуучныг ч хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тосон, Цэнгэл гэсэн уулуудын нэрээр нэрийдсэн Тосонцэнгэл сумыг нутгийнхан зүгээр л Тосон хэмээн товчилдгийг түүний ярианаас ч анзаарч болохоор.
1960 он хүртэл Тосонцэнгэл сумын төв байрлаж буй энэ хөндий суурин иргэншлийн мөр хүрээгүй, зэлүүд атар нутаг байсныг Ренчинжунай гуай хуучлав. Идэрийн гол гатлах аргагүй гүнзгий, дээгүүрээ гүүр ч үгүй байж. Харин уул тойроод, холгүйхэн орших Булнай гэх суурин энэ хавийнхаа суурин соёлын төв байсан учраас тэрбээр дунд сургуульд сурахаар хөрш Идэр сумаас ийш нүүж иржээ.
Тэгтэл тал нутагт өрнөсөн социалист бүтээн байгуулалтын үрээр гурван жилийн дотор л өнөөх эзгүй хөндийд аварга том үйлдвэрийн цогцолбор, ажилчдын амьдрах сууцтай тохилог суурин сүндэрлэв. Яг л Дархан, Эрдэнэт, Налайх, Хөтөл шиг. Ийнхүү тэрхүү суурингаа бусдын л жишгээр хот хэмээн нэрлэв: Тосонцэнгэл хот. “Эхлээд гүүр барьсан” хэмээн Ренчинжунай гуай тэр үеийг дурссан юм.
Баруун таван аймгийг модон бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Хангайн нурууны ойн нөөц дээр тулгуурлан байгуулсан Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат суурингийн цохилох зүрх нь болсон учраас Тосон нойрсдоггүй хот гэгддэг байв. Өдөр ч, шөнө ч хөрөөний дуу суурин даяар цууриатан хангинах бөгөөд үйлдвэр яг л хормын төдийд ч үл амрах аварга машин шиг л ажиллах авай. Хэнри Фордын нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн шат дамжлага энд бол ойн гүнээс эхэлнэ. Эхлээд мод унагана, унагаасан модыг тээвэрлэнэ, тээвэрлэсэн модыг зүснэ, зүссэн модыг боловсруулна. Эцэст нь модон бүтээгдэхүүнээр тэвшээ дүүргэсэн ачааны тэргүүд Тосонг орхин одно. Өдөр бүр урт дараалал үүсдэг байсныг тосонгийнхон одоо ч дурссан хэвээр.
Комбинат зөвхөн мод зүсдэг гэвэл үгүй. Торх, дүнз, банзнаас гадна Тосонгийн мебель өнөөгийнхөөр бол Шведийн IKEA гэдэг шиг л алдартай байж. Тиймээс би Тосонд үйлдвэрлэсэн хуучны тавилга харчих санаатай ахмад настай хүмүүсээс нэлээд сурагласан ч тэр бүр санаснаар болсонгүй. Тэгтэл нэг удаа, суурингийн дундуур өнгөрдөг голын хуурай сайрын хойд талд байрлах Ренчинжунай гуайн гэрт зочлоход “Энэ чинь нөгөө Тосонгийн мебель шүү дээ” хэмээн модон байшингийнхаа буланд буй, тос даасан хүрэн шүүгээг зааж билээ. Он цагийн уртад элэгдэж хуучирсан энэ шүүгээг гэргийтэйгээ айл бүл болохдоо худалдаж авсан гэнэ.
Ренчинжунай гуай 60-аад оны хүйтнийг сайн санаж байсан бөгөөд “Амнаас гарсан уур сарррр... гэж дуугаран агаарт хөлддөг байсан” хэмээн сонирхуулав. Анхны охин нь төрсөн 1968 оны өвөл маш их цас унажээ. Хунгар цасны өмнө хүчит машинууд өвдөг сөхөрсөн гэдэг. Гэхдээ ганц л тэрэг бууж өгөөгүй нь хуучны 31 аж. “Самганыгаа 31-ээр л эмнэлэгт хүргэсэн юм даа” хэмээн тэрээр өгүүлэв.
Наяад онд комбинатийн боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж асан Ренчинжунай гуай модны үйлдвэр ид үедээ 1500-аад ажилтантай байсан гэв. “Модны үйлдвэр юм чинь ихэнх нь эрчүүд үү” гэж асуухад өвгөн дарга маань толгойгоо сэгсэрснээ “Хүйсийн харьцаа бараг л тэнцүү байсан даа. Илгээлтээр ирэгсдийн ихэнх нь ганц бие залуучууд. Эх орны хязгаар нутгуудаас ч ирж байв. Чухам энэ суурингаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон хосыг би мэднэ шүү” хэмээн хариулав.
Тосонгийн ихэнх айл өдгөө ч дөрвөн айлын сууцанд амьдардаг. Энэ нь дөрвөн буландаа хаалгатай, хаалга бүр нь тусдаа хашаатай нэг л том байшин юм. Өндөр цалин, социализмын бүтээн байгуулалт, шилмүүст ой бүхий үзэсгэлэнт энэ нутагт татагдан эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуу үеийнхэн сууринтай нас чацуу гэгдэх эдгээр модон байшингуудад анх суурьшиж эхэлжээ. Тийм болоод ч тэр үү, Тосонгийн уугуул хүнийг олоход тун бэрх. Хөрш Идэр сумаас л гэхэд 200 гаруй өрх энд суурьшиж байсныг Ренчинжунай гуай сайн санаж байлаа. Өдгөө ч гэсэн нутгийнхан “Манай Тосонд гаднынхан л гайгүй явах гээд байдаг юм даа” гэж маазарцгаана.
Тухайн үедээ Тосонцэнгэл арав мянга хол давсан хүн амтай багашаархан хот байжээ. Хүн ам нь одооныхоос ч их гэсэн үг л дээ. (Өдгөө 9000 орчим хүн амтай.) Гэхдээ өнөөдрийнх шиг ийм их хашаа хороотой байгаагүй аж. Ренчинжунай гуай бид хоёр суурин дундуур алхсаар нэг мэдсэн Цаг уурын өртөөний дэргэд ирэх үед тэрбээр “Суурин анх баригдахад Цаг уурын өртөө суурингаас зайдуу байсан бол одоо суурин өргөжсөөр Өртөөг маань гүйцжээ. Гэвч хүн ам нь хуучных шигээ тийм ч их биш байгаа нь цаанаа учиртай. Дээр үед нэг хашаанд л гэхэд хоёр гурван гэр, нэг байшинд л гэхэд нэлээд хэдэн айл цугтаа амьдардаг байсныг одоо яривал гайхах байлгүй. Тосонгийнхон тийм л найрсаг улсууд шүү дээ” гэв. Суурингийн хамгийн ид бахтай үеийн тухай баахан ярьсан тул Ренчинжунай гуай сэтгэл нь нэн хөдөлсөндөө намайг энэ хүртэл дөхүүлж өгсөн юм. Түүнд баяртай гэж хэлээд цааш алхахдаа сэтгэл дотроо багахан гуниг мэдэрлээ. Тосонгийнхон түүн шиг л улс байсан нь баараггүй.

Үнэхээр ч тосонгийнхон зочломтгой, бие биеэ түшиж дэмжихийн хувьд алдартай. Ажилдаа ч махруу хүмүүс. Хүйтэн жиндүү өвлийг хөвөнтэй хүрмээр л давчихдаг үйлдвэрийн ажилчид “Хүнтэй уулздаггүй долоо хоног, хөгжлөөс хоцорсон долоо хоног, хөнжилдөө ордоггүй долоо хоног” гэсэн хоржоонтой үгсээр өдөр хоногуудаа хуваан ангилж байсан нь өдгөө сонсоход сонин. Мөн Тосонгийнхон үйлдвэрээ эргэн дурсах бүрийдээ далан тавын рамны тухай заавал дурдана. “Яг юу юм бэ” гэхээр “Асар том хөрөө” гэцгээнэ. Ямар ч зузаан модыг зомгол цуулж буй мэт зүсээд л хаячихдаг эд гэж сайрхана. 


Тосонцэнгэлийн Мод бэлтгэлийн комбинатын орхигдсон барилга

Бадрангуй түүхийн гэрч болсон уриа лоозон бүхий хана

Ийнхүү зах хязгааргүй мэт үргэлжилсэн шилмүүст ойн хөвөөнд орших энэ бяцхан хот 90-ээд он хүртэл, коммунист сурах бичигт үлгэр жишээ болгодог Роберт Оуэний нийтийн коммун, Томас Моорын Утопи арал шиг л “нийтээрээ сэтгэл хангалуун амьдардаг социалист суурин” байснаа нэг л өдөр үйлдвэр нь хаагдахтай зэрэгцэн хөгжил дэвшлийнх нь гал бөхжээ. Модон бүтээгдэхүүнээ наймаалж борлуулах зах зээлгүй болсноос зөвхөн Тосонг л зорьдог асан ачааны тэрэгний урт цуваа үзэгдэхээ болив. Гучин жилийн турш сууринг цахилгаанаар хангаж ирсэн дизель станцын сүүлчийн амьсгаа тасрахад хүмүүсийн итгэл найдвар ч бас унтарчээ. Сууринг тэгэхэд л харанхуй нөмөрсөн юм.
90-ээд оны эхнээс саяхныг хүртэл оройн бүрийгээс шөнө дунд хүртэлх хэдхэн цагийн хугацаанд цахилгаантай байж дадсан тосонгийнхон хөргөгчөө хот руу илгээж эхэлсэн гэдэг. Саяхан л хөрөөний дуу тасралтгүй хангинаж байсан үйлдвэрийн асар том байгууламжууд эзгүйрч хоосроход ажилчдын ихэнх нь Тосонг орхижээ. Хөрөө рам, хүнд даацын машинууд ч эзнээ даган одов. Өвөл болж цасаар шуурмагц нам гүм, харанхуй сууринд хүрнэ гэдэг Хойд туйлын буйд судалгааны баазад хүрэх гэж буй мэт хүндрэл бэрхшээлтэй болдгийг нутгийн жолооч нар андахгүй. Үүнээс гадна сууринг Булнай сумтай нэгтгэж Тосонцэнгэл сум гэж нэрийдэх болсноор хуучны хот статус бадрангуй түүхтэй нь хамт бүдгэрэн мартагдав.
“Одоо ч Тосонг гагц хүйтнээр нь л хүмүүс мэдэх юм даа” гэсэн нутгийн залуугийн үг бараг л үнэн билээ. Өнгөрсөн түүхээс нь үртэс, зомгол, тайрдас төдийхөн л үлдсэн балгас мэт барилгуудын нар хөшиглөн туссан хоосон танхимуудаар ганцаар алхаж явахдаа “Нээрээ л Тосонд ер бусын том үйлдвэр байсан юм байна” гэдэгт итгэсэн юм даг. Угтаа бол Тосонгийн үйлдвэрийг биш, хүйтнийг л зорьж би энд ирсэн юм шүү дээ.
Гэсэн ч эндхийн залуу үеийнхэн Тосонгийн алтан үе өнөөдөр гэдэгт итгэдэг. Хэдхэн жилийн өмнө сумын төв засмал зам, цахилгаантай холбогдсон тул Улаанбаатарын гял цал дэлгүүрээс шинэхэн хөргөгч худалдаж аваад төрөлх сууриндаа авчрах нь сайндаа л бүтэн өдрийн ажил болж хувирав. Ийнхүү суурин ч томрох нь тэр. Эзэнгүй газрууд хашаагаар дүүрч, энд тэнд хоёр давхар үйлчилгээний газрууд харагдана. Хөрсөн доороо мөнх цэвдэггүйсэн бол үүнээс өндрийг босгох хүсэл, боломж тосонгийнхонд бий. Гэвч эрдэмтэн судлаачид гурван давхраас дээш барьж болохгүйг анхааруулсаар байхад одоо яалтай ч билээ.

Баруун аймгуудыг зорьдог зангилаа замын яг дунд оршдог учраас хот хүрээ бараадсан тосонгийнхон нутагтаа эргэн ирж буй өдий төдий жишээг эндхийн хүн бүр хэлж чадна. Сонин хачин яриа суурин даяар салхи мэт л тархдаг боловч иймэрхүү нүүдэл суудлын ярианд нутгийнхан бахархангуй хандана. Ахлах ангийн сурагчид бүгдээрээ шахуу Улаанбаатар орж үзсэн, бас сургуулиа төгсөөд хот руу явах мөртлөө “Очоод хийх юм олдохгүй уйтгартай юм билээ” хэмээн нутагтаа хоргодно.


Худагны хүү болон дулаан гаражны манаач эр.


Ер нь сумын төвд ямар нэгэн тэмцээн уралдаан, концерт наадам зохионо гэдэг хотынхны гэр бүлийн цугларалтаас ч илүү амар бөгөөд хурдан бүтэх нь гайхалтай. Би нэгэн жавартай орой Соёлын төвийн хуучин модон сандалтай үзвэрийн танхимд төрөлх сууриндаа өвлийн амралтаараа ирсэн оюутан сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Ямар ч зарлалын самбаргүй энэ концертыг бараг л суурин даяараа мэдсэн нь сонин. Өмнө нь би Ховд аймгийн Буянт сумын соёлын төвд бас яг ийм тоглолт үзэж билээ. Яагаад ч юм, хоёуланд нь яг ижил догдлолыг мэдэрсэн юм даг. Тайзны гэрэл харанхуйтай уусан сүлэлдэх нь үл мэдэгхэн манан татсан мэт ер бусын сэтгэл татам орон зайг бий болгодог сон. Яг л тамхины утаа агаарт манантсан жижигхэн жааз клуб шиг.
Суудал нь пиг дүүрэн, үзэгчид нь бүгд нэгнээ таньдаг ийм концертыг хотынхны гялгар тайз бүхий нүсэр тоглолтуудтай яавч харьцуулшгүй. Гэвч энд нэг л тийм, сэтгэл татам зүйл байдаг. Тоглолт дууссаны дараа үзэгчид үдшийн жавар хургасан бүүдгэр гудамжнууд руу уусан алга болоход би ч бас тэдний адил буусан айлынхаа гэрийн эзний хамт харанхуйд алхах зуураа тэрхүү сэтгэл татам зүйлийн талаар эргэцүүлж явлаа. Бас өнөөх манангийн тухай ч бодов.
Тэгтэл маргааш нь ахиад л манан татсангүй. Уурын зуухнуудын яндан, эргэн тойрны уулс шилэн хоргон дотор буй мэт тов тодорхой үзэгдэнэ. “Манан татах л болно доо. Уг нь хэдэн хоногийн өмнө ирсэн бол манан үзэх л байлаа” хэмээн намайг үгээр тайвшруулах гэрийн эзэн энэ өглөө надад өөрийн өмсдөг монгол гутлаа өгөөд “Зуны бажинктай хөлөө хөлдөөнө шүү” гэв. Тэгмэгц нь би даарахаараа нөмөрнө гэж авчирсан үстэй дээлээ үүргэвчнээсээ гаргаад өмсчихлөө.
Уг нь би Тосонг орос гэрэл зурагчны бүтээлээс зургий нь хараад ер бусын юм гээч хэмээн баахан догдолж байсан Хойд мөсөн далайн ганцаардмал цаг уурчийн зэлүүд арал шиг харь хөндий, кинон дээрээс л ахуй амьдралы нь сонжин харж байсан Аляск, алс Сибирийн цасан дундах бөглүү тосгод шиг их цастай гэж төсөөлж байлаа. Харин өөрийгөө адал явдлын хайгуулч, эрэлхэг сэтгүүлч, харийн жуулчидтай зүйрлэнэ. Гэтэл монгол дээл, монгол гутал өмссөний дараа өөрийгөө би зүгээр л ердийн нэг сумын төвийн ерийн нэгэн залуу шиг л санав. Тосон ч гэсэн нар үздэггүй хойд туйлын тосгон шиг санагдсангүй. Нүүдэлчдийн хувьд суурин амьдралын хамгийн ойр хэлбэр болох сумын төв гэдгээр нь л Тосонг харах болсон юм. Гэхдээ тэсгим хүйтэн, модны үйлдвэрээс өөр олон сонирхолтой зүйлс одоогийн Тосонд бий гэдгийг тэр өдрөөс хойш би мэдэж авсан билээ.

Нью-Йоркод шар такси байдаг бол Тосонд TAXI гэсэн соронзон хаягтай хөлсний тэргүүд холхилддог. Таксины жолооч нар тэрийгээ “симпорт” гэнэ. Такси бүр нь симпорттой байгаа нь бараг л Улаанбаатарынханд үлгэр дуурайл үзүүлмээр. Төсөөлөөд үз л дээ, гудамжаар нь такси сүлжилддэг сумын төв өөр байдаг болов уу? Энэ тийм ч сонирхууштай зүйл биш гэж үзвэл бяцхан хүүхдүүдийг өглөө оройд гэр, цэцэрлэгт нь хүргэж өгдөг, дэлгүүрээс бараа, худгаас ус дуудлагаар дөхүүлдэг, утсаар ярих төдийд л хашааных нь гадаа бэлэн зогсож байдаг, хүссэн зүйлээ хэн нэгэнд яг л шуудан шиг илгээж болдог Тосонгийн таксиг Улаанбаатарынх байтугай өөр ямар ч улсын такситай харьцуулах аргагүй. 


Таксины жолооч

Энэ өдөр би Тосонгийн таксигаар сумын төвийнхний Гандан гэж нэрлэдэг буддын хийдэд зочлов. Такси суурингийн хаана ч хүрсэн нэг мянган төгрөг. Цагаан өнгийн, симпорттой тэрэгтэй жолооч эр “Тосонд 40-50 такси бий. Гэхдээ яг идэвхтэй явдаг нь 30 орчим. Өвлийн улиралд такси улам олширдог. Харин зун голын эрэг рүү шар айраг тээвэрлэх зэргээр бас л завгүй дээ” хэмээн надтай хөөрөлдөх зуураа хийдийг биечлэн танилцуулж, буцаад ирсэн газарт минь хүргэж өгөхдөө ер цааргалаагүй юм даг. Түүнээс “Сумын төв атлаа яагаад ийм олон такси байдаг юм бэ” гэж асуухад “Тосон бусад сумын төвийг бодвол хамаагүй том, бас хүйтэн” гэв.

Хэдэн жилийн өмнө нүсэр том талбайг хамарсан ойн түймэр ойр хавийн ууланд дэгджээ. Шатсан ойг даруй цэвэрлэх шаардлага гарсны улмаас Тосонд 90-ээд онд унтарсан модны хөрөө дахин дуугарч эхэлсэн байна. Худалч хүн бол суурингийн хоёр эр тутмын нэг нь “Юу хийдэг вэ” гэсэн асуултад “Өө, хөрөө рам” гэж хариулахвий. Эрчүүд ихэнхдээ хөрөөн дээр ажилладаг ч өвлийн улиралд ихэнх нь сул зогсдог. Уулнаас мод бэлтгэх, тээвэрлэх, зүсэх зэрэг нь Комбинатын үеийн хуучин арга барилтай яг адил боловч бүтээгдэхүүн нь торх, дүнз, банз, түлээний мод төдийхнөөр л хязгаарлагддаг аж. Улаанбаатар хотын гэр хороололд худалдаалдаг шуудайтай модны зарим нь Тосонгийнх гэдгийг “шинэ цагийн модны үйлдвэрийнхэн” онцолж байлаа. Зун болмогц суурин даяар хөрөөн дуу хангинадаг боловч үе үе Тосонгоос мод гарахыг хориглочихдог гэнэ. “Тэр үед суурингийн амьдрал илт мууддаг шүү” хэмээн эндхийн хамгийн том хөрөө рамны эзэн, нутаг орныхондоо ихэд хүндлэгддэг Ч.Бат-Өлзий гуай ярьсан юм. Төрийн албаныхан, замын гуанз, дэлгүүрийнхнийг эс тооцвол мод, жимс хоёр л Тосонгийн гол амьжиргаа ажээ.


Өнөө цагийн хөрөө рамныхан


Тосонд ирсэн хүн Л.Цэнд гэсэн нэрийг олон удаа сонсдог. Сумын төвийн ууган сургууль хүртэл түүний нэрэмжит юм билээ. Учрыг асуувал ард олны дунд хэлмэгдсэн гэж яригддаг, МАХН-ын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, АИХ-ын депутат, АИХ-ын дарга асан Лувсанцэрэнгийн Цэнд аж. “Эрх тушаал хөөцөлдөж, намч биш үйл ажиллагаа явуулсан” гэсэн ял тулгаж, бүхий л албан тушаалаас нь огцруулсны дараа буюу 1964 оны 1-р сард түүнийг Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар “цөлжээ”. Комбинат 1963 оны намар ашиглалтад орсон гэхээр тэрбээр ердөө хэдхэн сарын дараа л Тосонд ирж шүү дээ. Оюутан ахуй цагаасаа өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг асан Л.Цэнд гуай тэмдэглэлийн дэвтэртээ “1964 оны нэгдүгээр сарын 10. Тосонцэнгэлд ажиллахаар ирсэн анхны өдөр. Өчигдөр орой 20.30-д нөхөр Зулын хамт ирэв. Зочид буудлын 26 номерт буув. Шөнө нь нэлээд сэрүүн хонож өглөө 7-д босов...” гэж бичсэн нь соньхон. Түүнийг тосонгийн хөгшчүүд “Үйлдвэрийг хөл дээр нь босгосон лут хүн дээ” гэж ярих нь олонтой. Цас шуурчихаар давж дийлддэггүй Солонготын давааг Л.Цэнд гуай л зассан гэж ярина. Түүний хорин жилийн дараа бичсэн бас нэг тэмдэглэл бий. “1984 оны гуравдугаар сарын 13. Өвлөөс хойш цаг их явжээ. Урь унаж мөс харлаад улиас бургасны гөлөг хөөж бүр хаврын шинж оржээ. Арга ч үгүй биз. Хаврын дунд сар бараг дундалж байхад.”


Л.Цэндийн нэрэмжит сургууль

Тосонд зун болох нь үнэхээр сайхан. Хүйтэн суурин нэг л мэдэхэд “Жимсний орон” болж хувирдаг. Таксинууд ой руу жимс түүхээр явж буй хүүхэд, хөгшид гээд тосонгийнхныг зөөгөөд завгүй. Идэрийн гол хоржигнон урсаж, цасан хөндий нов ногоон болдог. Голын хүйтэн жавар зуны сууринг сэрүүцүүлэх нь таатай. Гэвч нэгдүгээр сар ч шувтрах болоогүй тул зун хүртэл хол зай байна. Айлуудын пийшинд мод дүрэлзсээр. Хуурай модны шатах чимээ нэг л танил санагддаг болжээ. Эндхийнхэн ер нь л нүүрс түлж харагдахгүй юм. Бүгд л том том түлээний мод пийшин рүүгээ чулуудна. Гагцхүү дүрэлзэн асах галаас өөр юу хүйтнийг ингэж сөрж чадах билээ дээ?

Устай төмөр торх морин тэргэн дээр аччихаад гудамжаар ундны ус түгээдэг нэгэн хижээлдүү эртэй зам дээр тааралдав. Усаа гоожуулдаг урт шаланкных нь угт байх төмөр цорго тэсгим хүйтэнд байнга хөлдчих гээд байдаг тул хувин өлгөөд дотор нь гал түлжээ. Түүнтэй хамт сууринг тойрлоо. Хүрэн морьтой болохоор нь зарим хүмүүс түүнийг “Хүрэн морин тэрэгч” гэж дууддаг байна. Алхсаар тэдний гэрт хүрэхэд нэгэн жаал хүү гэрийнхнээсээ нуугдаж байгаад хоёр чихээ хөлдөөчихөж гэсэн муу мэдээ биднийг угтав. Тосон ийм л хүйтэн газар. Ингээд эмнэлэг ортол мэс заслын тасгийн өрөөнд хүү байдгаараа орилж байв. Хөлдсөн чих гэсэхээрээ тэсэхийн аргагүй өвддөг ажээ. Эмчээс нь хүүгийн биеийг асуутал “Одоо айлтгүй ээ. Тэр зүгээр болно” гэлээ. Өнөөх ах руу утасдаж хүүгийн тухай хэлтэл “Ашгүй дээ” хэмээн ихэд баярлаж билээ. Намайг яван явтал ердөө нэг л удаа уулзсан тэр ах өдөр бүр над руу ярьдаг байв. Тосонгийнхон ийм л чин сэтгэлээсээ улс.


Төгсөх ангийн сурагч М.Хосбаяр хэдэн жилийн өмнө аав ээжийгээ даган Улаанбаатараас Тосонд иржээ. Тэрээр “Эхний жил халуун шүршүүрээ л их санасан даа” гэсэн юм. Харин өдгөө тэрээр сумын төвийн амьдралд бүрмөсөн дассан төдийгүй сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч болжээ.

Сумын төвийн амьдрал үнэндээ уйтгартай биш л дээ. Цэцэрлэгээсээ харьж яваа аав, хүү хоёрын иймэрхүү хөгжилтэй дүр зургийг Улаанбаатарын хаанаас ч олж харахгүй шүү.
Бүрий хараахан болоогүй байхад би эндхийн уушны газарт халуун цай уухаар орлоо. Улаанбаатарын гудамжинд олон тааралддаг ирланд маягийн уушны газруудыг санагдуулам улаан модон ханатай энэ газрын бүх юм нь тохилог. Яг л Улаанбаатарт байгаа юм шиг л санагдав. Өвлийн амралтаараа ирсэн хотын оюутнууд уушны газрын булангийн ширээнд сууцгаажээ. Хэзээ ирсэн, хэзээ буцах тухай тэд ярилцана. Төдхөн цайгаа ууж дуусаад уушны газрын хойд хаалгаар гадагш гарахад хүйтэн жавар надтай зөрж, өөдөөс модон жорлон угтах нь Улаанбаатарт биш, алс хойд туйлд буй юм шиг нэг л ид шидийн, ер бус санагдав.
Гадаа тогтуухан байлаа. Өглөөний жин хүйтэн агаар уулгамч салхинд туугдан уул давах гэсэн боловч хүч баахан шавхагдаад бас үд нэгэнт хэлбийж үдшийн бүрий өтгөрсөн тул хөндийд хоноглохоор болжээ. Уурын зуухнаас утаа чанх дээшээ огторгуйн орчил руу олгойдсоор л байв. Энэ нь салхигүйн шинж бөгөөд тосонгийнхон салхигүй үдшийн маргааш манан татдагийг андахгүй. Хэрэв маргааш л манан татахгүй юм бол би манан харж чадалгүй хот руу буцахад хүрнэ. За яахав дээ, дараа харж болно шүү дээ хэмээн өөрийгөө тайвшруулав.
Буусан айл руугаа алхах замдаа лотте тоглодог навтгар байшингаар шагайж үзлээ. Тосонд муу нэртэй газар гэж үгүй. Гартаа ганц хоёр мянган төгрөг атгачихсан эрчүүдийг мөрийтэй тоглож байна гэж үзвэл Лотте л муу нэртэй газар нь байх даа хэмээн нэгэн эр надад энэ газрыг зааж өгсөн юм. Тэгснээ тэр эр “Гэхдээ чи тэдний дунд ороод хэсэгхэн зуур л байвал тийм ч муу газар биш гэдгийг өөрөө ойлгох болно оо” гэж билээ.
Байшин дотор дан эрчүүд. Ширээ тойрон суух тэд тоо бичсэн цаасан картаа гярхай ажих бөгөөд лоттений эзэн уутан дотроос гаргаж ирсэн тоонуудаа чангаар дуудна. Тэгэхдээ нэг оронтой тоо байвал “Ердөө хоёр, ердөө тав, ердөө ес” гэх зэргээр ихэд өвөрмөц хэлэх нь сонин. Хожсон нэг нь шагналын бүх мөнгөө бүгдэнд нь тараагаад өгөхийг хараад энд лав мөнгө хожих гэж биш, хөгжилдөх гэж ирдэг юм байна гэдгийг ойлгож билээ. Зууханд гал дүрэлзсэн дулаахан энэ байшин өөрийн хатуу дэг ёстой гэдэг нь илт анзаарагдав. Заавал гарч тамхилна. Бас яг зургаан цаг болоход л “Өнөөдрийн лоттег үүгээр дуусгая даа” гэх эзэн эрийн үгийг хэн ч сөрөхгүй. Нээрээ Лотте муу нэртэй газар биш юм билээ.
Унтахын өмнө олон ч зүйлийг эргэцүүлж бодов. Сумын төвийг яагаад уйтгартай гэдэг юм болоо гэж өөрөөсөө асуусан нь нэг нэгнээсээ хөвөрсөн олон асуултыг ургуулав. Амьдралд олон зүйл чухал л даа. Гэхдээ элбэг дэлбэг, ядуу тарчигийн аль нь ч байсан хүмүүс тайван амьдралыг л эрхэмлэдэг бололтой. Тийм учраас л амьдралыг таньж мэдсэн хамгийн мэргэн хүмүүс аглаг буйдад даяанчилдаг бус уу? Тэгэхээр сумын төв бол уйтгартай биш, амар амгалан газар юм байна. Хөгжил дэвшлийн нүргээн шуугианд хамгийн их түүртсэн хүмүүс л алс хол амар амгаланг эрдэг бус уу? Тэгвэл тэр хайж буй анир чимээгүй орон зай нь сумын төв ч байж болно шүү дээ. Аль нь ч байсан гэсэн, эндхийн хүн бүр төрөлх сууриндаа хайртай гэдгийг би алхам тутамдаа мэдэрсэн. “Эрхэлсэн ажилтай байвал л үүн шиг амар амгалан газар үгүй шүү дээ” гэсэн нэгэн багш эмэгтэйн үг одоо ч миний дотор амь бөхтэй хэвээр.

Ура! Өглөө манан татжээ. Би ойролцоох уул өөд өгсөөд эргэн тойрноо харвал суурин мананд хучигдсан байлаа. Бүх юм бүүдийн дүнсийх нь Улаанбаатарын утаатай өглөө шиг л харагдав. Энэ бол Тосонгийн манан. Нар дөнгөж цухуйх үед “Үүр, шөнийн заагаар ч биш, өглөө нар мандсаны дараа л манан хамгийн ихээр өтгөрч, агаар хамгийн ихээр хүйтэрдэг юм даа” гэсэн цаг уурч эмэгтэйн үгийг гэнэт саналаа. Энэ өдрийн хамгийн хүйтэн үе одоо болж байна. Нарны гэрэлд дэгдэн бүжих уур мананг уулан дээрээс ажингаа хэсэг суув.

Нэг цонхоор нь Тосонцэнгэл сумын төв, нөгөө цонхоор нь нисэх онгоцны талбай харагдсан энэ өрөөнд өдөр бүрийн цаг агаарын хэм бүртгэгддэг. Идэр голын яг хөвөөнд байдаг учраас зарим өдрүүдэд суурингаас ч хүйтэн байх нь бий.
Сэтгэл нэн хөөрч, буусан айлдаа иртэл тэд “Өнөөдрийн манан ч дээ” хэмээн голонгуй өгүүлсэн ч надад бол сайхан л санагдав. Цагаан сарын баяр ойртсон тул өнөөдөр эднийх буузаа хийхээр болжээ. Би л хэдэн хоног хүйтнийг, хуучныг сурагласан болохоос биш Тосонгийнхон ердийн л нэг сумын төвийн энгийн л нэг өдрүүдээ өнгөрөөж байж шүү дээ. Өнөөх амар амгалан амьдрал. Айл хотлоороо нэгнийдээ цуглан нэг мянга гаруй буузыг хэдхэн цагийн дотор л дуусгахыг хараад хотод бараг л мартагдах шахсан хүнлэг, найрсаг, нэг нэгнээ гэсэн чанар алга болоогүй юм байна гэдгийг ойлгосон. Үнэндээ тосонгийнхон дүрэлзэн асах гал шигээ халуун улс юм билээ. “Монголын хамгийн хүйтэн суурин биш юм байна. Тосон бол Монголын хамгийн халуун суурингуудын нэг.”

Орой нь намайг Тосонгоос хөдөлмөгц үдшийн манан өтгөрч эхлэв. Хэрэв хэн нэгэн энэхүү өвлийн сууринд ирэхээр шийдсэн бол би хоёр л зүйлийг заавал үзээрэй гэж аминчлан захих байсан. Тэр бол манан, бас хүмүүсийн бүлээн дулаан харилцаа.


Нийтлэл болон гэрэл зургийг Э.Энхцолмон

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

7 сэтгэгдэлтэй

  1. yamar goy niitlel ve, mongoliinhoo huduug sanachlaa

    ReplyDelete
  2. Блогоор чинь зочлох дуртай. Энэ эрчээрээ үргэлжлүүлнэ шүү :)

    ReplyDelete
  3. Сайхан бичжээ. Хоосорч эзгүйрсэн мэт боловч халуун сэтгэлтэй жинхэнэ хүмүүсээр дүүрэн хаа газрын хөдөө ижил бололтой.

    ReplyDelete
  4. төрж өссөн жижигхэн суурингаа хачин их саначихлаа...
    хаана ажиллаж байгаа вэ гэхээр л "хөрөө рам" гэдэг нь ёстой үнэн шүү :)

    ReplyDelete
  5. Ямар гоё бичдэг юм бэ. Уран яруу, гэхдээ үнэн, тансаг мөртлөө энгийн гээд миний харахыг хүсдэг бүх л өнгө нэг дор. Аяллын тэмдэглэл гэж яг л ийм очоод ирсэн юм шиг санагдтал бичихийг хэлдэг байхаа. Блогийн чинь бүх нийтлэлийг уншиж байна :)

    ReplyDelete
  6. сайхан шүү. зун нь дугуй модонд очиж амараад өдөр нь хожуулын голд ороод л. боломжтой бол рашаан яваад л. манай ээжийн ах дүү байдаг нутаг даа_ тэр ганц ганданд манаач хийдэг мөн ном бичдэг хүн бол ээжийн минь эгчийн нөхөр байгаа юм. энэ нийтлэлийг уншсан чинь нутагтаа очсон мэт л боллоо. ажилч хичээнгүй хүмүүс байдаг шүү. аль багадаа энд л ирж гурил зуурч элдэж хирчиж сурсандаа кк.

    ReplyDelete