ӨРӨӨ



Ээж, эгч хоёрынхоо ажиллуулдаг жижигхэн хүнсний мухлагийн дэргэд ийм нэг дундын өрөө тохижуулж орсноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн боловч хэнд ч баярлаж талархсанаа илэрхийлэлгүй өдий хүрсэн минь бас л өөдгүй муухай хэрэг шүү. Тиймээс олон үг нуршилгүй шууд гол ажилдаа оръё. 

-Гол хөрөнгө оруулагч аавдаа,
-Засварын гол ажлыг нугалсан ахдаа,
-Хана болон тавиур дээрх чимэглэл сэлтийг худалдаж авахад дэмжлэг үзүүлсэн ээждээ,
-Ийм орчин гаргахад бүхий л сэтгэл зүрхээ гарган оролцсон эгч, дүү хоёртоо,
-Үймүүлдэг ч өрөөнд минь орж ирээд үгэнд ордог өхөөрдөм дүү нартаа,
-Гэрэл зургийн номууд болон хуучны Life сэтгүүлүүд бэлэглэсэн гэрэл зурагчин Л.Ганзориг ахдаа,
-Тухлан суух хоёр сайхан сандал авч өгсөн гурван найздаа,
-Номын тавиур, жижиг эдлэл хэрэглэлийг Бээжингийн IKEA-аас хамгийн хямд үнээр захиалан авчирсан програмист найздаа,
-Монтэйний түүвэр, шил виски, жаазтай үг, зохиолчдын зураг, ил захидал, модон хүүхэлдэй, сайхан ном, сайхан магтаалаар бэлэг барьсан дотнын найзууд, дотно нэгэндээ,
-Байж болох хамгийн бага үнээр ширээ, тавиур зэргийг онцгой, содон шийдлээр урлаж энэхүү өрөөний давтагдашгүй өнгө аясыг цогцлоон бүтээсэн УРГА-ын авьяаслаг найз нартаа,
-Хааяадаа ирж халуун яриа өрнүүлдэг бүх найзууддаа,
-Хараахан бэлгээ өгч амжаагүй хойрго найзууддаа ч бас талархаж байна. 

Хамтын хүч, хайр тэмүүллээр бүтсэн ийм нэг төсөрхөн өртөгтэй жижигхэн өрөө Улаанбаатарын зүрхэнд хэнд ч анзаарагдамгүй цохилон буйг танд дуулгахад таатай байна.