"Улаанбаатарын магтуу" цуврал тэмдэглэл №1
Ян сардиг уулсын нутагт аав мэндэлсэн гэдэг. Бага балчир нас нь тэр л нүцгэн, хад асгатай уулсын дунд дэгдэж яваад дууссан бол сурагч ахуй үе нь өнөөх уулсынхаа бэлд орших ганцаардмал буйд сууринд өнгөрчээ. Би тэр сууринд очиж үзсээн. Навтгар шавар байшингууд нь нар шургаж багтахааргүй жижигхэн цонхтой юм билээ. Улаанбаатарынхаа баруун ар дэнж дэх угсармал есөн давхар сууцны цэлгэр том цонхоор хот орныхоо үймээн бужигнааныг ажиглаж өссөн надад тэндхийн бүх юм уйтгартай, эл хуль, дэндүү давчидмаар санагдсан. Харин аавд тэгж санагддаггүй бололтой. Оюутан насны оргилуун, шатамхай өдрүүдээ харийн нийслэл хотод оргилуулж, шатааж дуусгачихаад өнөөг хүртэлх бүхий л он жилүүдийг төрөлх суурингаасаа алс хол, нэг үгээр Улаанбаатарт гуньж, гутарч, догдолж, баярлаж, ганцаардаж өнгөрөөчхөөд, бас амьдралын эрээн бараанаас мэдэрч болох гайхам, хачирхам, сүрдэм, уйт, үл хүсэм бүхнийг энэ биеэрээ амсаж туулчхаад цаг нь ирэхээр эндээс зүгээр л нисэн одож алсын алс дахь ян сардиг уулсынхаа нутагт амар жимэр амьдарч чадах хүн бол манай аав. Гэтэл надад өтөлсөн хойноо гүйгээд одчих “унасан газар, угаасан ус” бий сэн бил үү! (Би хэсэг бодлоо...) Тийм ээ, байдаг юм байна: Тэр нь Улаанбаатар.
Талийж одсон он жилүүдийг арагш ухраагаад энэ хорвоод, биш ээ, энэ хотод ирсэн гэдгээ дуу шуу муутайхан тунхагласан 1988 оны тавдугаар сарын 17 гэгч энгийн л нэг өдрийн үд хэвийх үед аваачвал Хоёрдугаар төрөхийн үүдэнд нас 24-тэй, залуухан бүсгүй хаалга тогшин ганцаар зогсох авай.
-Юун хүн бэ?
-Би төрөх гэж ирлээ.
-Ганцаараа юу?
-Тийм ээ...
Бүсгүйн авааль нөхөр (тэр нь манай аав) армийн сонины залуухан сурвалжлагч, ихэнхдээ гадуур яваад гэртээ эзгүй. Жил дараалан хүү, охин хоёр төрүүлсэн эрх танхилхан бүсгүй (тэр нь манай ээж) нэг л мэдэхэд дахиад л хөл хүнд болчихжээ. Хэвлийд нь бүрэлдсэн гуравдахь үр нь бүрэг ичимхий бүсгүйг ажил албанаас нь бүрэн “чөлөөлчихсөн” гэдэг. Уг нь тэрээр сувилагч болох байлаа. Гэвч бүсгүй бүхий л амьдралынхаа турш гагц үр хүүхдээ асарч “сувилах” үүргийг өөртөө хугацаагүйгээр ногдуулаад зогсохгүй эл цаг үеэс хойш гучаад жил өнгөрсөн ч энэ л үүрэг албанаасаа ховхорч холдсон нь үгүй.
Төрөхийн хаалгыг тогшиж онгойлгосон тэр өдөр бүсгүй амаржжээ. Монхор том хамартай, малигар шар хүү мэндлэв. (Тэр нь би.) Хожим бүсгүйн дурсан ярьснаар хүү эхийгээ огтхон ч өвтгөж зовоогоогүй гэдэг: Өвдлөө, ирлээ, төрлөө. Эмч нарт ч, энэ хорвоод ч, аль алинд нь гэнэтийн зочид болж чадсан эх, хүү хоёрт орох өрөө тасалгаа олдсонгүй, амаржих газрын хоёрдугаар давхрын бүүдгэр корридорт төвхнөв. Хорвоо уужим гэдэг энэ дээ... Дэргэдүүр нь өнгөрөх сувилагч нар “Монхор хамарт...” хэмээн хүүг өхөөрдөнө. Уйлахыг мэдэхгүй өөдөсхөн хүү эхийгээ ер зовоогоогүй гэдэг. Унтсан ч, сэрсэн ч ер бусын амгалан тайван. Яг энэхэн мөчид “номхон, даруу, дүнсгэр...” бүр “хэнд ч гэм хоргүй...” гэх үгс хүүг амьдралынх нь турш сүүдэр мэт дагах болно гэдгийг эх, хүү хоёрын хэн нь ч төсөөлж таамаглаагүй болов уу.
Яг одоо, цаг хугацааны хүрдийг нааш эргүүлэн үүнийг өгүүлэн буй үед эргэн ирээд сайхь амаржих газрын гадна очвол энэ удаад залуухан бүсгүй бус, нас 29-тэй, өндөр чацархаг нуруутай идэр эр ганцаар зогсох авай. Өнөөх өөдөсхөн хүү өсч томорсон нь энэ. Мэдээж тэр бол үүнийг өгүүлэгч би дүрээрээ мөн билээ. Хаврын хэрмэл салхитай уйт, саарал үдэд чухам юуны учир энэхүү өнө эртний мэт гандуухан барилгыг зорин ирээд, тэртээх жилүүдийн өмнө ээж минь энэ эмнэлгийн үүдийг тогшин онгойлгож байсан шиг ганцаар, бас яг л энэ уйлгамч уйт үд шиг ганцаардангуй дүнсийн зогсоно вэ? Уншигч та яарч адгах хэрэггүй, одоохон учрыг өгүүлье.
Аав цавчим уулсын дунд төрсөн бол харин би энэ байшинд мэндэлсэн юм. Энгийн өдрүүдэд бол дэргэдүүр нь хайнгадуухан өнгөрчихдөг, магад ээж маань дотор нь ийм чухал газар байдаг гэдгийг сануулж хэлээгүй сэн бол огт анзаарахгүй байх асан эл хульхан хашаанд алхан ороод, ээжийн намайг төрүүлсэн хоёр давхар цагаан байшинг удаанаар тогтож хартал сэтгэл зүрхийг минь юу ч гохдон хөвсөлзүүлсэнгүй. Харин ч хаврын хайруу салхи хамаг биеийг минь жихүүцүүлэв. Уг нь би аав хад асгатай, нүцгэн уулсаа хараад “хөөрч догдолдог” шиг (тэгдэг байх гэж таамагласан юм) ер бусын ховсоч мэдрэмж сэтгэл зүрхний минь хаа нэгтээгээс боргилон ундарч, дотор минь үүрлэж орогносон ганцаардлын айдас, уй гуниг, хоосон гор найдлага бүхнийг эгшний зуур үлдэн хөөгөөд, онгойж хоосорсон ор мөрийг нь оргилж даргисан эрчим цэнэгээр дүүргэчих байх гэж найдсан юм. Гэтэл үгүй байж. Энэхэн мөчид улам ч ганцаардах шиг. Уг нь би аавыг төрсөн нутагтаа очоод “хөөрч догдолдог” байх гэж бодсон. Гэтэл бас л үгүй бололтой, улам л гансарч бэтгэрдэг юм шиг ээ. Гэвч би үүгээр бууж өгөхийг хүссэнгүй ээ, очсон даруйд л сэтгэл зүрхийг минь уяраан догдлуулж, өөртэйгөө ер бусын нууцлаг шижмээр уяж хүлчих газар, өсч торнисон энэ хотод маань өөр бий гэдэгт итгэдэг болохоор дараагийн очих газар руугаа урамтайхан алхлаа.
Одоо хэдүүлээ, аав минь эрхлэгчийнхээ орос тэргийг гуйж аваад ээж бид хоёрыг эмнэлгээс гарган хоосон эл хуль гудамжаар паржигнан давхисаар төдхөн хүрч очсон Баруун ард аюушийн гудамжин дахь булангийн алга дарамхан хашаанд алхан очъё. Балчир насны минь бүдэгхэн, нандин дурсамжуудын “гэрч” болсон энэхүү газрыг хотын ар дэнжийг дөрвөлжин шугамтай тооны дэвтэр шиг сөөм ч үлдээлгүй нэлд нь хашиж хуваасан түм буман хашаан дундаас эрж олоход дэндүү амархан байлаа. Өргөө кинотеатрын зүүн хойд талын шороон замаар хэдхэн минут өгсөх замд миний анхны гэр бий. Дотроо дугуй гэртэй дөрвөлжин хашаа: Оюун санаанд минь ийм л дүр зураглал хадагдан үлджээ. Бага балчир байхад юм бүхэн уудам, уужуу санагддаг байж дээ. Танил бус гудамжнаа танихгүй булиа эр мөрлөж өнгөрвөл ер айхааргүй биерхүү, өндөр, эрэмгий болсон хойноо, хориод жилийн турш нэг ч эргэж тойроогүй хүүхэд насныхаа гэр лүү ганцаар алхаж явахдаа өөрийгөө бяцхан жаал болчихсон мэт баахан догдлоод, басхүү бага насны минь гэртээ харьдаг зам ийм богино, мөчидхөн байсан гэж үү хэмээн гайхширав. Хашааны үүднээс шалбаагт нь шанаган хорхой язганаж байдаг арын далан, гудамжны нөгөө үзүүрт оршигч дөрвөлжин цагаан худаг хүртэлх зай хэдхэн алхаад л хэмжигдээд дуусчих төдий ойрхон гэдгийг өөрийн биеэр алхаж үзээд нотолж мэдэв. Аргагүй шүү дээ, алд дэлмээр алхдаг болсон юм чинь гэж бодлоо.
Харин би таван нас хүртлээ амьдарсан, танил дотно хашаагаа хараад ихээхэн гуньж гутрав. Довжоон дээрээ зогсчихоод л шээчихдэг, бас “чокопай” гэх зөөлхөн бутарсан ширхэгтэй бөөрөнхий жигнэмгийг хоёр гэрээрээ гуялан байж нэгхэн ширхэгийг худалдаж аваад яг л бялуу зүсэж буй мэт хүн бүрийн тоогоор олон хувааж идсэн гээд одоо бол бүүр түүрхэн санагдах нандин гэгээлэг дурсамж бүхний минь хэргийн газар болсон булангийн умгархан хашааг өдгөө гундаж бүүдийсэн авто засварын газар зайдагнан битүүмжилжээ. Тэгээд ч зогсохгүй, тэр гандмал байшин ой дурсамж руу минь эрээ цээргүй халдан довтлов. Тоосго бүр нь нэг нэгээрээ ховхрон салж, эрээн мяраан хаяг самбарууд нь хуй салхинд хуу татагдах мэт хананаасаа хөндийрч, яг л илбэ шидтэй кинон дээрх шиг хоорондоо эмх замбараагүйгээр холилдсоноо агаарт хуйлран эргэлдэж оюун бодлын минь бүүр түүрхэн алсад гэм зэмгүйхэн оршигч бага насны минь бяцхан орон зай гэгдэх дотроо дугуй гэртэй дөрвөлжин хашааг огтын хайрлах сэтгэлгүйгээр эвдчин нурааснаа ормон дээр нь өнөөх байшингаа барьж босгочихов. Одоо би хүүхэд насныхаа гэрийг нэхэн дурсах бүрт тэрхүү улаан тоосгон байшин оюун санаанд минь урилгагүй орж ирээд хормын дотор ханхайн сүндэрлэчих юм. Хэрэггүй л ийш ирдэг байж, хайран сайхан дурсамж минь! Гэвч би үүгээр бууж өгөхийг хүссэнгүй, дараагийн очих газар руугаа уйтгартайяа дүнсийн алхлаа.
Одоо цөмөөрөө, хүүхэд насны минь хоёрдахь гэрт очъё. Намайг тавтай байхад буюу охин дүүг мэндэлдэг жил далан тойруулж дайснаас хамгаалах бэхлэлтийн шугам босгосон мэт хагас тойрог хэлбэртэй есөн давхар угсармал байранд манайх нүүж орсон юм. Цонхоор модот уул харах орчны минь хязгаарыг тогтоон дүнхийдэг байв. Би цонхоор ширтэх, бас жаргах нарны шаргалхан туяанд тагтан дээр ганцаар суух дуртай байлаа. Тэгэнгээ хот орчныг ажна. Ингэж бодох агшинд л зүрх минь булгилан догдлов. Бүр 18 хүртлээ амьдарсан хоёрдахь гэрээ гаднаас нь хараад бараг л уйлах шахлаа. Цонх минь, тагт минь яг л урьдын адилаараа. 6-р бичил хорооллын 6А байрны 159 тоот. Миний хувьд магад хэзээ ч мартахааргүй тоонууд гэвэл эд. Орхин одоод арав гаруй жил өнгөрсний дараа нисэх мэт гүйн буудаг асан танил дотно орцныхоо элж мөлийсөн гишгүүр бүрийг төгөлдөр хуурын товчлуурыг нэг нэгээр нь товшин дарах мэт аядуухан алхалсаар дөрөвдүгээр давхарт гарлаа. Хоёр амьгүй утас хананаас ёрдойжээ. Би эднийг эртний танил шигээ сайн мэдэх билээ. Хооронд нь нийлүүлмэгц хонх маань хангинатал чарладаг сан. Гэхдээ өөрчлөгдсөн зүйл их байлаа. Яйжгар, номхон, модон хаалга маань тэнд алга, оронд нь янгинатал цоожлогддог ган хаалга манаанд зогсжээ.
Тогших уу, байх уу гэж хэсэг азнаснаа аяархан нүдлээ: Тог тог. Энэхэн хооронд хэн нэгэн үүдээ тайлбал өөрийгөө хэн гэх эсэхээ, “Урьд би энд амьдардаг байсан юм аа, хүүхэд насныхаа гэгээхэн өдрүүдийг дурсах гэж ирлээ” хэмээн учирлаж гуйвал оруулах болов уу гэж тээнэгэлзсээр зогсож байтал азаар хэн ч үүд тайлсангүй. Дараа нь би шатаар урамгүйхэн буухдаа “Нээрээ орж үзээгүй нь дээр ч юм шиг” гэж өөрийгөө тайтгарууллаа. Учир нь, өөр хэн нэгний урлаж бүтээсэн дүр зураглал өөрийн минь дурсамжинд биежин амилаасай гэж би хүссэнгүй. Борц нүдэж байгаад галзуухныхаа хулдаасыг сэт сэт цохисон, бас бүсгүй хүний час улаан өнгөт уруулын будгаар гэрийнхээ хаалганд эмнэлгийн хэрээс зураад ээжид сүрхий зэмлүүлсэн гээд дүрсгүй, гэнэхэн боловч хөөр хөгжөөнтэй үйл явдлууд энэ байранд минь болж өнгөрчээ. Орой болмогц би том өрөөнийхөө буланд босгож тавьсан хуйлмал хивсийг сурамгай гэгч нь дэлгэн ороо засдаг байв. Аав, ээж, ах, би, охин дүү, цөм нэг дор унтана. Харин булангийн жижиг өрөө бол эгч, эмээ хоёрынх. Нэг удаа гэрэл унтармагц аав минь өөрийнхөө жигтэй сонин төсөөллийг бидэнд ярьсан нь одоо ч мартагддаггүй юм. “Энэ байшин түм буман дугуйтай гээд төсөөл дөө. Тэгээд л далайд хөвөх аварга хөлөг онгоц мэт алсыг зорино” гэхэд нь амьдардаг байшин минь үй олон дугуйтай болчихсон мэт төсөөлөгддөг байв.
Эмээг тэнгэрт, ахыг харьд одсоноос хойш би булангийн жижигхэн өрөөнд төвхнөсөн юм. Буланд нь номхон зогсоолгосон намхан хүрэн шүүгээндээ ном цуглуулж эхэлсэн. Нэг удаа дээрээс ус алдаад хамаг номыг минь норгочихож билээ. Тэрхэн үедээ нойтон, чийгтэй номуудаа хараад бүгдийг шатаачихмаар санагдсан. Ингээд бодохоор зорьж санахгүй л бол, бас татаж чангаахгүй л бол, надаас хором хормоор алсран одогч цагаахан, гэгээхэн дурсамжууд дэндүү олон ажээ. “Нээрээ ч хуучин байрандаа орж үзээгүй нь зөв ч болж” гэж бодсоор орцны үүдээр гадагш гартал өндөр хөх байшингууд маань намайг сүүмийн угтав. Эд бол миний хувьд уулс юм. Орцнууд нь ам судаг, подваль нь агуй хонгил, дээвэр нь цавчим оргил, ёроол нь бэл хаяа болдог сон. Үүлгүй тэнгэрийн оройгоор ганцаар тэнүүчлэгч галт шар од бүрий нөмрөхийн өмнө байшингуудын дээвэр дээр хэсэгхэн дэгдсэнээ төдөлгүй цааш үсэрчихдэг юм. Ингэж л манай хороололд наран жаргадаг билээ. Өссөн, төрсөн нутаг минь гэх нялуун үгс энд тохиромжгүй. Зүгээр л “дош” гэцгээнэ. Энд морь бол морь, үүл бол үүл, уул бол уул юм. Тэрнээс биш, морь ямар олон зүстэй байдгийг, үүл ямар олон хэлбэртэй байдгийг, уул ямар олон нэртэй байдгийг бидний хэн нь ч ялгаж танихгүй. Тэрний оронд бөглөөг түмэн янзаар шүүрч, түүнийгээ оноон нэрлэж чадна. Даанч бичиж туурвих ажилд минь бөглөөний олон нэршил бус, үүлний олон хэлбэр л их хэрэг болох юм.
Өсөж торнисон хороо хориныхоо булан тохой бүрийг эргэж тойрсон ч өр зүрх минь нэг л тухгүй. Хүүхэд насны минь эрх дураараа, салхи мэт хэсүүчлэгч дурсамжууд хаа сайгүй хэрж татсан сараалжин төмөр хашаануудыг тулж зогсоод сарнин бутарч байлаа. Гаднаас нь зэрвэсхэн харваас амьгүй, огтын сэтгэл хөдлөлгүй мэт санагдах бохир, заваан булан тохой бүрт ой дурсамжны минь хэлтэрхийнүүд нуугдан буй. Даанч тэднийг өргөст торны цаана цагдан хорьжээ. Гэвч би бас л бууж өгөхийг хүссэнгүй, дараагийн очих газар руугаа сэтгэл тэнүүн алхлаа. Одоо бүгдээрээ, уруудан явсаар Гандангийн дэнж дэх нэгэн хашаагаар дайрч, дараа нь сэтгэл догдлом хором мөчүүдээрээ цаг үргэлж дурсагдах учиртай 23-р сургуульд хүрч очъё.
Манайх хэдэн жил хэртээ Гандангийн дэнжид амьдарсан юм. Орхоны 7-15. Гэрийнхээ хаягийг одоо ч мартаагүй байна шүү. Өдгөө энд өөр хүмүүс амьдардаг ч том ах маань гараажид нь үдэш бүр унаа тэргээ хонуулдаг тул ийш би санаатай төдийгүй санаандгүй байдлаар олон удаа иржээ. Тийм учраас дотогш орох гэж зүтгэж тэмүүлсэнгүй, гудамжаараа алхаад л өнгөрлөө. Хашаагаа харсан чинь хөөрхий муу нохойгоо үгүйлэн санах шиг болов. Манайх галт шар зүстэй, ороож дугуйрсан сүүлтэй, эрэмгий цовоо нохойтой байлаа. Бидний зүс барааг холоос олж хармагцаа чавхдах мэт гүйж ирээд хойд хөл дээрээ цоройж зогсон хувцас хунарыг минь хайр гамгүй толботуулдаг байв. Тэр ер нь л этгээд. Овоолсон түлээгээр дамжин ганцхан харайгаад л хашааны гадна үсрэн буучихдаг сан. Манайхаар орж гарсан хүн бүрт тэр дурамжхан. Гэхдээ хуцаж боргохгүй, араа шүдээ яралзуулан архирна. Гэрт зочин ирэх болгонд бид нохойгоо барьдаг байлаа. Аавыг үүдээр гарч ирээд ганц үг ганхийхэд л галт шар маань намс намс бөхөлздөг сөн. Харин ах маань хүзүүвчнээс нь ганцхан тугтраад л түүнийг номхруулчихдаг байв. Мэдээж миний арга барил тэднийхээс онхи ондоо. Аав, ах хоёрыг эзгүйд манайд хүн ирж таарвал би нуруун дээр нь мордох мэт гарч суугаад хүзүүнээс нь чанга тэвэрчихдэг юм. Бараг л адуу шиг авч давхих гэнэ. Сүүлд биднийг Гандангаас Бичил рүү нүүхэд галт шар маань хязгааргүй ихээр ганихарч гутарсан даа. Хааяахан очих бүрт нүдэнд нь асч дүрэлздэг асан илч цог алгуур алгуурхнаар бөхөн унтарч буй гэдэг нь мэдрэгддэг байв. Нэг удаа биднийг дагасаар Бичилийн байранд минь хүрээд ирж билээ. Яв гэж туусан ч алсуур дагаад л байсан. Түүнийг өрөвдсөндөө гэртээ оруулсан ч хашааны нохойд ханан дундах давчуухан өрөөнүүд бачимдмаар санагдсан уу, бүү мэд, бушуухан гараад л давхичихсан. Галт шар маань хаанаас ч хамаагүй, хашаагаа олоод л оччихдог байв. Дараа нь очиход хашаандаа байж л байна. Гэвч тэр маань өдөр хоногоор өтөлж хөгширч байлаа. Хашаа давж үсэрдгээ ч болив. Очих бүрт ихэд нурмайчихсан гунигтайхан хэвтэж байдаг сан. Сэтгэл дотроо бол тэр аль хэдийн үхэж байлаа. Би хэзээ ч билээ дээ, сайн нохой хашаандаа үхдэггүй гэж сонссон юм даг. Тэр лав үнэн үг байх. Галт шар маань нэг л өдөр алга болчихсон, дахин эргэж ирээгүй ээ...
Төгссөн сургуулийнхаа үүдээр ортол сурагчид холхилдоод тун ч бужигнаантай байв. Тэгтэл орж гарсан хүн бүрийг шалгаж байцаасан, захирангуй дуутай хүүхэн “Юун хүн бэ?” гэж надад хандахад нь би айж балмагдсандаа “Энэ сургуулийг төгссөн юм аа” гэчихлээ.
-Энэ чинь сургууль. Төгссөн байлаа гээд дураараа орж хэсүүчлэх эрхгүй шүү!
-Би өдөр бүр ирж үймүүлэх биш дээ... хэмээн багшдаа загнуулж буй сурагч хөвүүн шиг гэмшсэн өнгөөр хариултал өнөөх ууртай эмэгтэй үгийг минь сонсож ч амжилгүй, яаралтай ажил гарсан бололтой, өөр тийш явчих нь тэр. Харин оронд нь үлдсэн жижүүр багш эелдэг эмэгтэй байв. Би хамаг үнэнээ өчлөө. Өөрийгөө сэтгүүлч гэдгээ, төгссөн сургуулиараа өнөөдөр л заавал орж үзэх учиртайгаа, анги танхимуудаар шагайлгүй номхон томоотой явна гэдгээ учирлаж тайлбарлав. Мэдээж тэр зөвшөөрсөн.
Эхлээд сургуулийн өргөтгөлөөр алхсаар, мухарт нь орших зааланд хүрч очлоо. Дотор нь үймж бужигнасан дүүрэн хүүхэд. Хөөрхий муу заал минь агшаад багасчихсан мэт давчуухан санагдав. Сурагч ахуй насанд юм бүхэн дэнхийж данхайгаад том санагддаг байж дээ! Шүгэл тасхийтэл үлээдэг тамирын багш нар бидэндээ л супер баатрууд байлаа. Гэтэл яг энэ хоромд дэргэдүүр өнгөрөх тамирын багш ер супербаатар шиг харагдсангүй. Дараа нь би ширхэгийн 60 төгрөгний пирошкитэй, даанч тэр нь худалдаж авч дийлдэшгүй үнэтэйд тооцогддог асан сургуулийн гуанзаар орлоо. Цэнгэл гэх “залуухан” багш сууж байна. Он жилүүд түүнийг өөрчилж хөгшрүүлжээ. Гэвч царай төрхөнд нь урьдын цайлган, цагаахан инээмсэглэл тодорсон хэвээр. Тэр нулимсаа, уй гунигаа, цөхрөл бэрхшээлээ биднээс огт нуудаггүй байв. Сургуулийн хамгийн дэггүй, эмхгүй, эрх дураараа ангийн өмнө бүтэн хичээлийн турш уйлж суусан. Бас өөрийн бичсэн ботгоны тухай эсээгээ бидэнд уншиж өгөхдөө мэлмэртэл уйлсан. Аргагүй шүү дээ, тэгэхэд тэр залуухан охин байсан юм чинь!
-Чи чинь хэний анги билээ?
-Батцолмонгийн анги.
-Аан тийм, тийм.
Над шиг нүдэнд торох өвөрмөц шинжгүй жирийн л хөвгүүдийн хувьд бусдад баримжаа олгодог “луужин нэр” бол Батцолмон юм. Би тэдэн оны тийм багшийн тэр төгсөгч байна аа гэснээс “Батцолмонгийн ангийн хүүхэд” гэхэд л бүх юм ойлгомжтой болох жишээтэй. Үнэндээ Батцолмон манай ангийн хамгийн царайлаг, хамгийн бяр тэнхээтэй, хамгийн сурлагатай, хамгийн сэргэлэн, хамгийн даруухан, хамгийн мөнгөлөг, хамгийн сахилгагүйгийн аль нь ч байгаагүй. Бүр ангийн дарга ч биш. Гэвч тэрээр өөрийн нэрийг өнө мөнхөд дархалж чадсан юм, чухам яагаад гэдгийг үүнийг бичих зуураа тунгаан бодов. Уг нь би иймэрхүү энгийн мэт юмны учрыг хялбархаан олчихдог юм, гэтэл энэ удаад энэхүү амархан юм шиг атлаа учир битүүлэг асуултад яагаад ч хариулж хүчирсэнгүй. Батцолмон аавынхаа ажил албыг өвлөж мөрдөгч болсон, хааяахан бөөндөө уулзаж цуглах үед бусдыг асуултаар булах шиг л болдог. Багадаа ч тийм хүүхэд байсан, магадгүй үүнд л мөнөөх нууц орших шиг.
Сургууль маань нэг л гял цал болчихож. Хана туурган дээр нь дүүрэн хүүхэлдэйн баатрууд. Би хоёрдугаар давхрын урт корридороор алхаж дуусаад дараа нь доош өлгүүрийн хэсэг рүү буулаа. Миний хожим олж сонссоноор бол, өглөө, үд хоёрт л үймж бужигнадаг, бусдаар бол эл хульхан байдаг энэ хэсэгт ангийн маань нэг хөвгүүн анх удаа охин үнсэж үзсэн гэдэг. Хэрэв энэ хачирхам үнэнийг тэрхэн үедээ олж сонссон бол охидыг холоос харах төдийд л сандчин догдолдог балчирхан оюунд минь тэр мэдээ хорвоо дэлхийг донсолгосон дуулиан шуугиан мэт санагдах байлаа. “Бодоод үз л дээ, охин үнссэн, бүр сургуулийн эл хуль, харанхуй хонгилд” гэж ирээд л атаархах, догдлохын дундуур гайхаж эргэцүүлэх байв. Охид гэснээс би ч бас охидод сэтгэл алдарч үзсээн, бүр зөндөө удаа. Нэг удаа ангийнхаа сурлага сайтай охинд сайн болж үзсэн. Дараа нь ангийнхаа хөөрхөн охинд сэтгэл алдарсан. Харин арав төгсдөг жилээ нөгөө ангийн охиныг шохоорхдог болсон юм. Түүнд сайн болсон шалтгаан нь одоо бодоход тун энгийн юм шиг ээ, зүгээр л тэр надад талтай юм шиг санагдаад байсан юм. Завсарлагаанаар тэр охинтой таарч зөрөлдөөсэй гэж битүүхэн мөрөөснө. Хэрэв таарч зөрөлдвөл тэр ч бас над руу харна. Найзынх нь утасны дугаарыг санаандгүй олчихоод, сандчиж түгдчин байж гэрийнх нь утасны дугаарыг асуусан. Даанч би залгаагүй ээ. Удалгүй тэр ч төгссөн, би ч төгссөн, тэгээд нэг нэгнээ ахин хараагүй. Гэвч би яг энэхэн үедээ олоон жилийн дараа, дотнын найз минь тэр охины тухай санаандгүй дурсан ярихдаа магад миний хувьд гайхаж цочирдом нэгэн үнэнийг надад дуулгана гэдгийг огт төсөөлөөгүй л явлаа. Арав төгсдөг зун найзын маань төрсөн өдрөөр нэг охин гэнэтхэн залгаад гэрийнх нь гадаа хүрээд ирсэн нь нөгөө охин гэнэ. Бүр төрсөн өдрийн бэлэг тэвэрчихсэн иржээ. Энэ яриаг дотнын найз маань харанхуй шөнө манай гэрийн гадаа машин дотор ярьсан юм, мэдээж лонхтой шар айраг тамшаалж балгангаа.
-Тэгээд юу болсон бэ? хэмээн би тэсгэл алдан асуулаа.
-Шөнөжин явсан.
-Дараа нь... Ингэхэд та хоёр унтсан уу?
-...
Тэр охин надад сайн байгаагүйг тэгэхэд л би олж мэдсэн юм, бүр олоон жилийн дараа эрчүүдэд нууц “нууц” биш байхаа больдог насанд.
Ингэхэд хэн нэгэн надад сайн байсан эсэхийг уншигч та сонирхож магад. Саяхан арван жилээрээ уулзаж цуглахад бүгд хэн хэнд сайн байснаа нууж хаалгүй ярьсан юм. Тэгэхэд надад лав хэн ч сайн байгаагүй нь охидын яриагаар бүрэн нотлогдсон. Энэ уулзалтаас хойш хоёр өдрийн дараа ангийнхаа хоёр даруухан найзтай өдрийн хоол идэж суухдаа “Нээрээ ч бид гуравт хэн ч сайн байгаагүй нь гайхах хэрэг биш юм шиг ээ. Бид царайлаг байгаагүй, сагс тоглодог байгаагүй, дээрээс нь мөнгөгүй, өмссөн зүүсэн нь гундуухан. Тийм атал юундаа ч гомдоллох вэ дээ” гэх гаргалгаанд хүрсэн нь үнэнд дөхүү санагдсан. Гэхдээ хамгийн егөөтэй нь, арваад жилийн дараах охидын “санал хураалтаар” хамгийн эрэлттэйд тооцогдсон ангийн маань тун ч дажгүй хөвгүүн дээд ангийн охинд сэтгэл алдарч, тэр нь бүтээгүй гэхээр бурхан бүгдийг эн тэнцүүхэн шархлуулдаг юм шиг ээ. Нэгэнт өөрийгөө уудлан онгичсоных, өөрт сайн байсан нэг охины тухай энд цухас дурдъя гэж бодлоо. Мэдээж тэр манай ангийнх биш. Арав төгсдөг хавар нөгөө ангийн охин надад сайн болчихсоныг ангийн охиноор дамжуулж өгсөн цаасны жижигхэн тасархайгаар мэдэж авч билээ. Дээр нь цор ганц имэйл хаяг биччихсэн тэр цаас хэрэв одоо эргэж олдвол “Сайн уу” гээд захиа бичиж үзэх сэн. Даанч тэр охинд сайн болох завдалгүй би сургуулиа төгсчихсөн юм. Арай эрт мэдсэн бол, сайн болчих ч байсан юм бил үү, хэн мэдлээ. За ингээд би гурвын гурван шархалсан дурлалтай, бас өөр нэгнийг шархлуулсан гэмтэй, ангийн арын өрөөнд анх удаа сархад хүртэж үзсэн муу намтартайгаар их сургуульд элсэн орлоо.
Оюутан насны өдрүүдэд охид надад унаж тусдаг байсан гэж худал хэлэхгүй ээ. Гэхдээ ганц хоёроор тогтохгүй хүн надад сайн байсан юм шиг санагддаг. МУИС-ийн хоёрдугаар байрны А зааланд олон анги нэг дор хичээл ордог юм. Нэг удаа лекц тарсны дараа антропологийн ангийн тайрмал үстэй охин дэргэд ирээд дэвтрийг минь гуйж авав. Зэрвэс харвал нүдэнд дулаахан, сэргэлэн охин. Би тэрхэн хооронд юм бодсон ч үгүй. Гэтэл долоо хоногийн дараа тэр охин дэвтрийг минь буцааж өгөхдөө хуудсан дунд нь ноорог цаас хавчуулчихсан байв. Дээр нь янз бүрийн л зүйлс байсан. Эрээчсэн зураг, эшлэл, бас англиар бичсэн шүлэг ч байлуу. Магадгүй тэр нь шүлэг биш ч байж мэднэ. Ямар ч л байсан бүх мөр нь “sick of...” гэдэг үгээр эхэлсэн байж билээ. Гэхдээ эд нээх чухал биш. Гол нь нөгөө талдаа баахан эрээчмэл бичигтэй. Тэдгээр нь дан охидын шивнээ “яриа”. Ер нь уншсан хэн бүхэнд хоёр найз охин хоорондоо цаас дамжуулан “чааталжээ” гэж төвөггүй ойлгогдохоор. Нэг нь мэдээж нөгөө охин. Гэвч би бичгийн хэвийг нь сайтар ажиглаж байгаад тэрхүү “яриа”-г нэг л хүн бичсэн болохыг шинжлээд мэдчихэв. Харилцан ярианы утга тун энгийн, өнөөх охин дэвтэрний эзэнд сайн болчихсон тухай найздаа хэлдэг юм. Мэдээж зохиомол найз нь эсэргүүцэж сөрөхгүй, уриалгахан дэмжинэ. Бас миний бичгийн хэвийг жигтэйхэн магтаж байна аа, тэр хоёр. Сурлага сайтай хөвгүүн юм шиг л байна гэнэ. Ер нь сурлага муутай дүйнгэдүү нөхөр ч энэхүү захианы битүү утгыг шууд ойлгочихно л доо. Яагаад ч юм, дэвтрээ эргүүлж авснаас хойш тэр охины царайг эгцэлж харж чадахаа болив. Ичсэнээс болсон уу, эсвэл бяцхан “булхай”-г нь илчилснээс болсон уу, бүү мэд, аль болох тааралдахгүй, холуур зөрж өнгөрөхийг, эсвэл хааяахан тааралдаж орхивол эгцэлж ширтэхгүй байхыг зорьдог болов.
Хоёр дахь жилийн намар доод ангийн охинд сайн болж үзлээ. Мэдээж сайн болсон шалтгаан нь арван жилийнхтэй яг адилхан, тэр надад сайн юм шиг санагдаад болдоггүй. Гэхдээ тэр нь яг таг баримтаар нотлогдохгүй, бөөн эргэлзээ төрүүлнэ. Надад сайн ч юм шиг, үгүй ч юм шиг. Хаа нэгтээ тааралдахдаа хажуугаар харц шидэн өнгөрч, бүр тэгэхдээ, эмэгтэй хүний аальгүй, нууцлаг инээмсэглэл дагуулна. Үүнийг нь бодохоор сайн ч юм шиг. Гэтэл заримдаа огт танихгүй юм шиг дэрвэж өнгөрнө. Үүнийг нь бодохоор муу ч юм шиг. Ямар ч л байсан би өөрөө түүн рүү хором хормоор татагдаж байгаагаа мэдэрч байлаа. Охидын асуудал дээр үргэлж л хөшүүн хойрго хандаж ирсэн би энэ удаад ч түрүүлж алхам хийгээгүй юм. Гэтэл нэг удаа нэгдүгээр давхрын хичээлийн танхимд философийн хичээл орж байтал гадаа гудамжинд өнөөх охин чинь таньдаг залуугийн гараас чанга атгачихсан зам хөндлөн гарч байх юм. Тэгмэгц үдийн нарны хурц туяанд гэрэлтэж гялбалзсан анги танхим маань гэнэтхэн бүрий нөмрөх мэт бүүдийгээд л явчихсан. Би яг л эртний гүн ухаантан мэт гүн бодлогошироод, юун хичээл манатай болчихов. Багшийн ярьж хөөрч байгаа нь ч аар саархан хов жив мэт санагдах. Хичээл тармагц шархалсан зүрхийг минь улам үгдрүүлж мэдэх сургуулийн байр танхимаас бушуухан холдохын түүс болж шууд гэртээ хариад цонхоор ширтэж баахан суусан. Ээж янз бүрийн юм яриад л байсан, би юу ч дуугараагүй. Хоол ч хоолойгоор даваагүй. Нээрээ би тэр охинд тийм сайн байсан гэж үү хэмээн өөрийгөө гайхширан суулаа.
Амьдрал минь шархалсан, шархлуулсан дурлалуудаар ээлжлэн өрнөн байтал 19 нас хүрдэг намраа анх удаа эмэгтэй хүнд гүн дурлаж үзлээ. Гэхдээ тэр дурлал бүтсэн юм. Тэр өөр сургуулийнх, арван жилийн ангийн охины найз. Анх яаж танилцсанаа хүүрнэвэл адармаатай яриа болох тул зарим зүйлийг товчлон хүүрнэе. Нэг мэдэхэд л интернэт кафед анх нүүр нүүрээ харж, нэг мэдэхэд л yahoo-оор харилцаж, нэг мэдэхэд л бид гурав кино үзэж, нэг мэдэхэд л өөрийн тагнуулчаар дамжуулан тэр надад муугүй байгааг олж мэдлээ. Би тэрүүхэндээ л додигор амьтан. Харилцаа маань бараг бүтэх нь гэсэн бат итгэлтэй. Гэвч нэгэн бялууны хэрэг энэ харилцааг бүрэн бүтэлгүйтүүлж мэдэх байв. Тэр надад бялуу хийж өгнө гэж ам гарсан юм. Би ч бялуугаа уйгагүй нэхсээр. Гэтэл нэгэн бямба гарагт тэр надад амласан бялуугаа хийж өгөхөөр боллоо. Би өглөө босоод үсээ засуулав, засуулсан ч гэж дээ шууд хусуулчихсан юм. Тэгтэл зүс царай минь өөрт нэг л таалагддаггүй шүү. Үсгүй халзан хэрнээ өрөвгөр хэдэн сахалтай. Сахлаа хусчихвал бүр мөлчийчих гээд байдаг. Яах вэ, байз. Тэгтэл утас минь дуугарч арван жилийн найз “Гэрийн чинь гадаа ирчихсэн байна, гараад ир” гэв. Би гараад очтол “Хийх юм олддоггүй ээ. Хоёулаа таксинд явах уу” гэж байна. Би угийн л бүрэг ичимхий зантай, бас охидын тухай найзууддаа барагтаа л ярьж байгаагүй тул “Өнөөдөр миний хувьд амьдралын минь хамгийн чухал өдөр байж ч мэднэ” гэж түүнд хэлж зүрхэлсэнгүй. Бас “Үгүй” гэж хэлж чаддаггүй муу зантай болохоороо түүний саналыг дурамжхан зөвшөөрөв. Ингээд тэр охин орос дэлгүүрээс бор гурил авч, гэртээ ирээд бялуугаа хийж эхлэх агшинд би хотын гудамжаар зорчигчид хайсан шиг ээ сэлгүүцэж явлаа. Тэнд нэг охин бялуугаа чимэглэж суухад би найздаа хэлээд шууд буучихдаг ч юм бил үү гэж тээнэгэлзэж явав. Өнөөх охин гэртээ бялуугаа чимэглэж дуусаад над руу “Орой зургаан цагийн үед ирээд бялуугаа авчих уу” гэж мессеж бичихэд нь би аль хэдийн дотроо ялагдаж дуусаад утсаа унтраачихсан байлаа. Ингээд би түүнтэй дахин харилцах ямар ч нүүргүй болсон юм. Тэр ч над руу мессеж бичээгүй.
Үүнээс хойш олон ч өдөр өнгөрлөө. Гэтэл намрын дулаахан орой, МУИС-ийн 2-р байрны үүдээр гарч ирээд сэрүүн, тунгалаг агаарыг шуналтайяа залгингаа гэртээ харих замаа зориуд тойруулахаар шийдэж, баруун тийш бус, зүүн тийш Бага тойруугийн гудамжаар багахан ч болов тойрч алхахаар шийдвэй. Замд нөгөө охины сурдаг Харилцааны сургууль бий. Магад түүнтэй таарчих ч юм бил үү, хэн мэдлээ. Би зүгээр л ингэж найдсан юм. Гэтэл юу болсон гээч. Өнөөх охинтой улаан нүүрээрээ халз мөргөлдлөө. Бид хоёр бүтэн цаг гаруй гудамжинд ярилцаж зогссон. Тэр өдрөөс хойш бид хоёрын харилцаа бүлээсэв. Тэр жилийн догдлуун намрыг, дулаахан өвлийг найзалж өнгөрүүлсэн. Хэн нь том гартайгаа үзэх үү гээд алгаа нийлүүлсэн тэр үдэш биеэр минь цахилгаан цэнэг гүйж, өөдөө хөөрөх мэт, эсвэл өндрөөс унах мэт хөөрөн догдолсон. Эмэгтэй хүний гараас амьдралдаа нэг ч удаа атгаж үзээгүй би түүний гараас атган гэр хүртэл нь алхаж үзсэн. Бие минь халуу шатсан, намар оройн жихүүн хүйтнийг бараг л мартах шахсан. Бас үнсэж үзсэн, үнсүүлж үзсэн. Шатаж дуусаад үнс нурамнаасаа дахин амилах шиг болсон. Бэлэг өгч үзсэн, бэлэг авч үзсэн. Бялуугаа ч бас идэж үзсэн. Мөн Плэйтаймын тоглолтыг хамтдаа үзсэн. Даанч хахирган хавар айлчлахад харилцаа маань “хөрч” эхэлсэн юм. Тэр нэг л өдөр больё гэсэн. Гэвч зүрх минь халуу шатсан хэвээрээ шархалсан юм. Надад түр уншуулахаар өгсөн, надаас бас түр уншихаар авсан номуудаа сүүлчийн удаа уулзаж солилцохдоо тэрээр “Дахиж уулзахгүй ээ” гэж билээ. Тэр хэлсэн үгэндээ хүрсэн. Хаврын саарал бүүдгэр тэнгэрийн дор гэрийнх нь гадаа очоод би зөндөө хүлээсэн. Тэр гарч ирээгүй. Түүнээс салснаас хойш бараг сарын дараа би уулзаж учирсан бүх газраа эргэж тойрсон. Тэгж байж л түүнийг мартаж чадах юм шиг санагдсан. Цугтаа алхаж байсан гудамжаар сүүлчийн удаа ганцаар алхаад, цугтаа сууж байсан модон сандал дээр сүүлчийн удаа ганцаар суугаад лаазтай шар айраг задалсан. Тэгэхэд оройн нар илч дулаанаараа намайг бүлээцүүлэн тэнгэрийн хаяа руу одож билээ. Ингэж л энэ хот, энэ нар уй гунигийг минь надтай хуваалцсан юм.
Одоо тэр юу хийж байгаа бол? Ямархан бүсгүй болоо бол? Би утасныхаа цагийг хартал 4:40-ийг зааж байлаа. Уг нь би 23-р сургуулиас гараад МУИС-ийн хоёрдугаар байр руу алхаж явтал гэнэт тэр охиныг хармаар санагдан, бас тэрээр эндээс холгүй орших нэг яаманд ажилладгийг санан зүгээ багахан өөрчлөхөөр шийдэв. Төрийн албаныхан 5 цагаас тардаг байх гэж таасан юм. Ингээд 4:50 гэхэд үүдэнд нь ирлээ. Гадаа зогсож байж болохгүй, гэнэт гараад ирвэл намайг харчихна гэж сэтгээд үүднийх нь шилэн хаалгатай хүлээлгийн танхимд нэвтэрч ороод бусдаас зайдуухан зогсчихов. Гарч орж буй хүмүүс намайг лав анзаарч харахааргүй шинжтэй. Үнэнийг хэлэхэд түүнийг олж харна гэдэгтээ төдийлөн итгэлтэй бус байгаагаа энд хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Хэрэв найдвар байгаа гэж үзээд түүнийгээ тоогоор илэрхийл гэвэл 1 хувь л гэх байсан. Гурван минут хүлээлээ. Цаг 4:53. Ингэсгээд бараг явъя даа гэж бодож байтал гурван хүн гарч ирлээ. Гэтэл юу болсон гээч. Хамгийн сүүлд алхаж яваа нь олоон жил хараагүй өнөөх охин дүрээрээ мөн байлаа. 19 насны минь дурлал хайр. Олон жил хараагүй танил дотно царай. Тэр урьдын адил үзэсгэлэнтэй хэвээр байв. Гадагш гармагцаа нааш цааш холхиод л байсан. Хэн нэгнийг л хайгаад байгаа бололтой. Би түүнийг цонхоор алдалгүй ширтэж байлаа. Яг л Кавабатагийн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужийн төгсгөлд гол баатар гатлага онгоцны тавцангаас бүжигч бүсгүйг хардаг шиг түүнээс хором ч харцаа салгаагүй. Үс нь салхинд дэрвээд л... Тэгмэгц царай төрх нь илүү тод харагдана. Өдөржин уур цухлыг минь барсан хаврын хайруу салхи одоо л хэргээ гаргах шиг. Салхи минь, дахин үлээ, үлээ. Хормын дараа үс нь дахиад л дэрвэнэ. Харц нь хүртэл хэвээрээ шүү гэж би дотроо бодлоо. Төдөлгүй нэг суудлын тэрэг ирж зогсоод дотроос нь эмэгтэй, эрэгтэй хүн бууж ирсэн. Тэднийг л хүлээж байсан бололтой, тэдэнтэй хамт буцаад орчихсон. Гурван минутын дараах гурван минутын учрал. Одоо би түүнтэй дахиж уулзахгүй л болов уу. Ганцхан удаа ингэж харсан минь л хангалттай. Яг энэхэн хоромд энэ хот, энэ салхи миний зүрхээр цохилон байх шиг санагдав.
Улаанбаатар ийм л шидтэй хот. Чи хэн нэгнийг харъя гэж чин сэтгэлээсээ хүсэх юм бол ердөө гуравхан минутын дотор хүсэл чинь биелэх болно гэдгийг энэ үйл явдал батлах шиг. Улаанбаатар дурсамж хайрыг минь ийн тээсээр. Энэ хот намайг сайнтай, муутай нь мэднэ. Хэнд ч хэлж болшгүй нууцуудыг минь энэ л хот бүхнээс илүү мэдэж байгаа. Аав нутгаа зорьдог шиг, би өтөлж хөгширсөн хойноо энд л уйт амьдралаа үдэн гансрахыг хүснэм. Зүрхний хайрт хот минь, чи надаас л уйдчихгүй бол би чамаас хэзээ ч уйдахгүй. Ердөө ганцхан өдөр, чинийхээ зүрхэн дундуур туучин алхахад л би хэчнээн удаа гансарч, хэчнээн удаа догдолж, хэчнээн удаа өнгөрснийг санагалзана вэ! Чиний дэргэд л би “би” гэдгээ мэдрэх юм.
Дурлуулж, дурлаж, дурлалцаж явснаа дурсан ганцаар алхан явахад аманд минь яагаад ч юм франц дуу аялагдаад байсан. Парис гэдэг чинь Улаанбаатар л байж шүү дээ. Сэтгэл хөнгөрөөд хөвсөлзөөд ч байх шиг. Өнөөдрийн бүх уй гуниг хаа ч юм арилан одчихсон ч юм шиг. Их сургуулийнхаа гурван давхарт гарч ирээд хөлөө амраах санаатай ном уншиж суухдаа дурсамж дуртгалын минь үл ширгэгч булаг энэ хотоос л эх ундаргатай юм байна гэж бодсон. Би аавын надад өгсөн Песковын номыг уншив, “Утсан дээрх шувуу”-г. Өнө эртний мэт санагдах энэ номонд өгүүлж баршгүй урт түүх бий ч юм билүү, хэн мэдлээ. Тийм ээ, энэ хотын бүх юм дурсамж тээгч. Яг одоо би нэг хүнийг хүлээн сууж байна. Магад энэ цаг хугацаанд дурсамж хайрыг минь бүтээн туурвигч хэн нэгнийг.
2017 оны 4-р сар
Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН
- April 26, 2017
- 6 Comments