Ном бүр дурсамж: ЛОМБЫН НЯМАА

Гэрэл зургийг Д.ЗОЛБОО


Шавь Б.Галсансүх нь багшийгаа “Номын төлөө төрчихсөн хүн. Олсон хэдэн төгрөгөө номонд үрээд дуусгадаг” гэж тодорхойлсон. Өвгөн зохиолч маань үүнийгээ мушийж инээчхээд “Үнэн” гэж баталсан. Ломбын Нямаа гуай аль оюутан байхаасаа л ном цуглуулж эхэлжээ. Социализмын үед Улсын их дэлгүүрийн зүүн хаяанд шинэ ном худалдаалдаг төв номын мухлаг, одоогийнхоор бол “Интерном”, харин Туул рестораны баруун бөөрөнд хуучин номын наймаачид буюу одоогийнхоор бол Арслантай гүүрнийхэн төвлөрдөг байж. Гэхдээ нэгэн насыг Хэнтий нутгаа тойрон бэдэрсэн Л.Нямаа гуай зөвхөн хот хүрээ бараадаж байж л номын зах зухтай золгодог “сонирхогч” түвшний уншигч байсангүй. Тэр “Новая книга”-ийн үнэнч фанат байсан гэнэ. “Новая книга” гэдэг нь тэрхэн үедээ бол Зөвлөлтийн “амазон” л юм уу даа. Дэлхийн утга зохиолын ямар ч номыг тэрүүгээр дамжуулж захиалахад хамгийн багадаа 20 хоногт багтан Өндөрхааны шуудан дээр ирчихдэг байж. Номын өргөөндөө алс холоос урьж авчирсан Ахматова, Есенин, Элиот, Набоков тэргүүтэй лухгаруудыг нь хожим Б.Галсансүх, Б.Одгэрэл гэх тэрслүүд шавь нар нь өдөж чангааж, үг яриа унагаж байж орос хэлэнд гаршжээ. 

Л.Нямаа гуай өглөгт үрснийхээ хэрээр эргээгээд олдог тэрбумтнууд шиг номыг бусдад өгч чаддаг, бас тэр хэрээрээ эргээгээд олж чаддаг нэгэн юм. Их ном нүүж суухад тээртэй учраас номын сангийнхаа нэлээд хэсгийг нутгийнхаа сургуулиудад харамгүй өгчихөөд иржээ. Униарт Улаанбаатарт суурьшаад хэдхэн жил болж буй ч түүний номын сан дахин үрсэлж соёолоод зогсохгүй нэгэн тавиурт ч багтамгүй багсайж сагсайжээ. Насаараа хүүхдийн чимээ шуугиан дунд “багш аа” гэж дуудуулан өтөлсөн энэ өвгөн найрагч ямар ч үед, бүр орилоон хашгираан дунд ч уншиж буй номондоо анхаарлаа төвлөрүүлж сурсан гэнэ шүү. Гэхдээ түүнд уншиж суух дуртай улирал, цаг, орчин гэж бас бий. Зуны нам гүм өглөө Памук мэтийн гүнзгий зохиолчдыг мэрж суух нь түүнд гойд тааламжтай санагддаг гэнэ.

Одоо ч цаасан хэвлэл захиалдаг, өөрийнх нь хэлснээр “мянган жилийн дараа ч уншигдаж мэдэх” нийтлэл бичвэрүүдийг хайчилж аваад тэмдэглэлийн дэвтэртээ наачихдаг энэ өвгөн ер нь л цаас, цавуу хоёрт ухаангүй дуртай юм шиг ээ. Зохиогчоор нь гарын үсэг заавал зуруулах гэдэг, тэгээд ч зогсохгүй, зуруулсныгаа номтой нь хадгалахгүй, тэр хуудсыг нь тасдаж аваад дэвтэртээ наачихдаг этгээд сонин зуршилтай. Үүнийгээ “Ном нь алга болсон ч гарын үсэг нь үлдэнэ шүү дээ” гэж зөвтгөх жишээтэй. Мөн Л.Нямаа гуай бусдад ном өгөхдөө ч “дурсгалын үг” заавал бичдэг. Бүр бүх номон дээрээ өөр үг бичиж чадах л өвгөн. Ийм л нэг, номын шидтэй өвгөн нийслэлийн баруун захад хөгшинтэйгөө суух.

Ингээд эцэст нь Л.Нямаа гуайн хувьд хамгийн дурсамжтай санагддаг 7 номыг “өөрийнх нь хүүрнэн өгүүлснээр” сонирхуулъя.  



“Б.РИНЧЕН - МОНГОЛЫН ЗА - АНДАГААР БУЙ ЗАА”

“Энэ бол агуу их билгүүн номч Бямбын Ринчен багшийн гадаад, дотоодын сонин хэвлэлд гарсан өгүүлэл нийтлэлүүдийн эмхэтгэл. Энд угсаатны зүй, зан заншил, монгол хэл, соёл гээд хөндөөгүй сэдэв ховор. Г.Ловор гуайн эмхлэн хэвлүүлсэн эл ном Монголын соёлын түүхэнд гойд чухалд тооцогдоно шүү.





“Г.АКИМ - ТЭНГЭРИЙН НОХОЙ”

Хятад хэл дээр гарсан энэ номыг дурсгалтай гэж онцолдгийн учир юу вэ гэвэл номыг бүтээхэд би нөхөртөө их тус хүргэсэн юм. Чонын анчингуудын яриа хөөрөө, янз бүрийн сонирхолтой баримтуудыг Аким руу Хэнтийгээс бичиж явуулдаг байсан нь энэ номонд бүгд орсон. Мөн заавал дурдууштай, нэг сонин зүйл гэвэл энэ номын эхний хуудсан дээр миний “Чононд өргөх их элегия шүлгээс “Хөхий чинь хүний түүх ноолон, Хүний үрийг хүн болгосон түүхтэй” гэх хоёр мөрийг эш татсан байгаа. Үүнээс гадна, манай аав Ломбо гайхамшигтай анч хүн байсан. Аавынхаа ангийн санг энэ номонд бас оруулсан. Тийм учраас энэ бол миний хувьд хамгийн хүндэтгэдэг ном юм.



“М.ЦЭДЭНДОРЖ - БУРХАН БУУДАЙН ХӨХ САЛХИ

Цэдэндорж багшийг нас барсны дараа Хуушаан ахын эмхэтгэж гаргасан энэ номонд багшийн гол гол уран бүтээлүүд бүгд орсон. Би үүнийг жил бүр мөргөж уншдаг юм. Өдгөө энэ маань олддоггүй, ховор номд тооцогдох болжээ. Гэхдээ багш сүүлд намайг гэрт нь очиход “Алтайн дэвтэр гэх гарчигтай далбагар дэвтэр нээчихсэн байсан. Тэр дэвтэр ерөөсөө олдохгүй байгаа. Тэнд өөр ямар ч номонд нь ороогүй “Хүний ухаан ходоодондоо байдаг гэх зэрэг гайхамшигтай шүлгүүд байсныг би тод санаж байна. Даанч тэр дэвтэр алга болчихсон.”



“Ш.ГААДАМБА – НУУЦ ТОВЧООНЫ НУУЦСААС”

“Га багшийн энэ бүтээлийг “Нууц товчоо”-ны үг бүрийн утгыг тайлсан анхны ном гэж хэлж болно. Тийм учраас энэ бол Нууц товчоо”-г судалдаг, “Нууц товчоо”-г биширдэг хүн бүрт байх ёстой ном юм.





“Р.ТААГҮР – ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ”

“Удаах ном бол Бадраа багшийн хинди хэлнээс орчуулсан агуу их Таагүрийн Өргөлийн дуулал. Орчуулга нь ч тэр, шүлэг нь ч тэр үнэхээр гайхамшигтай. Үүнийг залуу найрагч бүр бишрэн унших ёстой. Энэ бол яруу найрагч хүн ертөнцийг өөрийнхөө ухаанаар хэрхэн таньдаг юм, дараа нь олж таньсныгаа хэрхэн шүлэглэдэг юм гэдгийг илэрхийлсэн гүн сэтгэмжийн ном. Таагүр бол дэлхийн яруу найрагт Азиас анх удаа Нобелийн шагнал хүртсэн агуу хүн шүү дээ. Хамгийн гол нь Таагүр их сэтгэгч байсан. Сүүлд амьд сэрүүн байхдаа Эйнштейнтэй уулзсан гэдэг. Залуус ярилцлагыг нь олоод уншчих хэрэгтэй.”



“М.ЦЭДЭНДОРЖ – УТГА ЗОХИОЛЫН ТУХАЙ; ЭДУАРДАС МЕЖЕЛАЙТИС - ХҮН”

“Цэ багш Утга зохиолын тухай нэрт нимгэхэн номондоо өөрийн утга зохиол, яруу найргийн тухай үзэл бодлоо шингээсэн. Энд гадаадын зохиолчдын тухай маш сайхан хөргүүд бий. Бүгд этгээд сонин бичлэгтэй. Жишээ нь “Зэр зэвсэг минь, баяртай номны оршилд Хэмингуэйн тухай маш сайхан бичсэн. Ер нь манай багш номны оршлыг гайхамшигтай сайхан бичдэг байсан даа. Аливаа номын утгыг өөрийнхөө оюун ухаанаар тайлаад, тэр номноос уншигч юу ойлгож сурах уу гэдгийг задалж бичдэг. Цэ багшийн оршилтой олон ном бий. Залуусын номд ч, орчуулгын бүтээлүүдэд ч олон оршил бичсэн. Нэг үгээр номонд оршил бичих соёлыг манай багш дэлгэрүүлсэн гэж хэлж болно. Хоёрдахь ном гэвэл Эдуардас Межелайтисийн “Хүн найраглал. Бас л багшийн орчуулга. Харамсалтай түүх гэвэл Межелайтис Цэ багшийг зуны гурван сар эдлэн дээрээ загасчилж, утга зохиолын тухай ярилцъя гэж урьсан байдаг. Даанч Зохиолчдын хороо тэр захиаг нь багшид хэлэлгүй дарчихсан гэдэг. Межелайтисийн захиаг би хожим үзсэн. Тэрхүү захиагаа “Хамгийн ойрхон, хамгийн холын Мишигийн Цэдэндоржид” гэж хаягласан байдаг. Хэрэв багш маань Межелайтистэй уулзахаар явсан бол Монголын ард түмэнд танин мэдэхүйн их бэлэг авчрах байсан даа.



“Г.АЮУРЗАНА – ГАНЦААР ЦАЙВАР НАВЧ”

“Аюурзанын анхны бүтээл гэхэд энэ бол сонин ном. Анхны номоо ингэж томоор зурагласан хүний дараа дараагийн бүтээл улам “сонин” байх нь тодорхой байсан. Аюур ч тэр чанарыг хангасан. Одоогоор жинхэнэ яруу найрагч гэвэл би Аюурзана л гэж хэлнэ дээ. Аюур энэ номоо гараар хийсэн гэдэг. Хавтасны зураг сэлт ч, доторх шүлгүүд нь ч маш сонин. Яруу найргийн цул ертөнцийг өөрийнхөөрөө ухаарсан анхны мэдрэмж хэзээд онцгой байдаг. Ухаандаа Б.Явуухулан Горькийг төгсөж ирээд Мөнгөн хазаарын чимээ”-гээ гаргасан. Н.Нямдорж Онон хатан ижий”-гээ гаргасан. Харин Г.Аюурзана Ганцаар цайвар навч”-аа гаргасан юм. Горький гэх том дэг сургуульд суралцаж төгсөөд эх орондоо ирсний дараа гаргасан анхны ном гэдэг бол шинэчилж өөрчлөгдсөн сэтгэлгээний үр хөврөл, яруу найраг гэдэг агуу соёлыг яаж ухаарсны том илрэл гэж би боддог. Ер нь яруу найрагч хүнд анхны ном гэдэг их чухал шүү.”



Жич: Яруу найрагч, утга зохиол судлаач Ломбын Нямаа гуайн тухай илүү ихийг мэдмээр байвал "Өвгөн дэнлүү" ярилцлагыг минь уншина уу!

Өвгөн дэнлүү




Түүний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй, шувууд нь мөлхөж явдаг гэнэ. Хачин юм шүү гэх хөнгөн бодолд ээрэгдсээр, басхүү өсөж торнисон үймээнт хотоо “энэ лав түүний амьдардаг ертөнц биш” гэж харамласаар Ломбын Нямаа гэх өвгөн найрагчийн өрөөнд явж ортол булан нь нугарсан улаан хавтастай, нимгэхэн номныхоо эхний хуудсан дээр “Миний амьдардаг ертөнцөд ихийг бүтээ” гэж бичээд надад дурсгачихав. Хоёрдугаар сарын эхний өдрийн налгар үдэд өвлийн зузаан хүрэмнийхээ урд энгэрийг сул тавьчихаад, Улаанбаатарыг уртааш нь нэвт зүссэн өргөн чөлөөгөөр ер бээрсэн шинжгүй, ганцаар алхах зуураа “Бид нэг ертөнцөд амьдардаг байх нь” гэсэн шүү юм бодсоор гэртээ харьж билээ. Энэ өдрөөс хойш Л.Нямаа гуайн “Миний амьдардаг ертөнц” номыг мөн ч их эргүүлж тойруулсан даа. Хэмингуэй шиг л өдөр бүр жорлондоо авч орсон. Памук шиг л үргэлжид үүргэвчиндээ авч гарсан. Бүр турьхан хавтсыг нь хуучруулчихгүйн тулд төвийн мухлагаас даавуун гэр авч нөмөргөсөн. 

Би номыг нь унших бүртээ өвгөн найрагчийн тухай урьд дуулаагүйгээ олж мэддэг байлаа. Тэртээ жилүүдийн өмнө дэлхийн дайн дуусаагүй үед тэр мэндэлжээ. Анчин аав нь түүнийг багад өөд болсон гэдэг. “Монголын нууц товчоо”-ны баатарлаг үйл явдлаар балчирхан оюунаа угжиж өссөн, Хэнтий нутгийн хүү хожим Га, Цэ багшийн шавь гэгдэх болжээ. Га гэдэг нь агуу их Гаадамба. Цэ гэдэг нь агуу их Цэдэндорж. Нэгэн удаа Цэ багш нь түүнд “Утга зохиолд сайн шавь төрүүл” гэж захисан гэдэг. Тэрбээр Хэнтий нутагт нэгэн насаа элээхдээ “Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” гэж өөрөө шүлэглээд зогсохгүй багшийнхаа захиасын дагуу “Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-г үүсгэн дэглэжээ. Өөрийнх нь тодорхойлсноор, энэ бол бодитой оршдоггүй хэрнээ “бодит” дэг сургууль гэнэ. Уулзаж цугладаг оромж овоохойгүй хэрнээ тэд бүхний нүднээ ил сүрдэм нэгэн цамхгийг үгээр урлаж босгожээ. Чухам эндээс л 90-ээд оны авангард найрагч Б.Галсансүх тэргүүтэй олон найрагч төрөн гарсан юм. Б.Одгэрэл, Д.Одгэрэл, Г.Сонинбаяр, Б.Энхжаргал, Д.Гансүрэн, С.Оюунчулуун, Б.Адъяахүү, Л.Энхбаатар, Х.Батхүү, Г.Нэргүй, С.Наранчимэг, Б.Занданхүү гээд Л.Нямаа багшийн шавь олон. Энэ бүхнийг би номноос нь олж мэдсэн юм. Гэхдээ нэгэн цагт Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Донровын Намдаг, Жамцын Бадраа гуайтай уулзаж ярилцаад зогсохгүй уулзах бүртээ ой санамжаа “дуу хураагуур” мэт асааж, тэмдэглэлийн дэвтрээ “зөөврийн компьютер” мэт ашиглаж, он цаг улиран одсон хойно, уулзаж учирсан агуу их хүмүүс нь тэнгэрийн зүг одсон хойно өнөөх тэмдэглэлүүдээ эрж шүүрдэн үнэ цэнтэй ярилцлага үйлдэж чадсан, бас амьдралынхаа турш өглөө бүр үүрийн 5 цагтай уралдан босчихоод тархиныхаа илчит зуухыг нимгэн, зузаан номуудаар өрдөн суудаг энэ өвгөн найрагчаас асууж сонирхох зүйл дэндүү их тул би ахин нэг удаа өнөөх өргөн чөлөөгөөр Улаанбаатарынхаа баруун хаяанд очиж, баахан асуултаар “байцаасан” минь энэ.  


-“Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номонд тань багтсан Мишигийн Цэдэндорж гуайн сүүлчийн ярилцлагыг би үе үе шимтэн уншдаг юм. Товч хэрнээ аатай, энгийн хэрнээ амттай яриа. Тэр ярилцлагаас хойш нэг жилийн дараа Мишигийн Цэдэндорж гуай тэнгэртээ морилсон.
“Оргүй хоосноос ирсэн бид 
Орчлон дэлхийд амьдрахдаа 
Салж чадахгүй болсны учрыг 
Санаж явбал тэр мөнхрөл” хэмээн тэмдэглэлийн дэвтэр дээр тань бичсэн тэр өдөр та хоёрын хувьд сүүлчийн учрал тохиол байсан гэдэг. Та багшийнхаа өөд болсон мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-1981 онд би Биндэр суманд сургуулийн захирлаар очсон юм. Гэхдээ багштайгаа үргэлж утсаар ярьж, байнга холбоотой байсан даа. Шуудайнд жаахан мах, идээ цагаа хийгээд явуулахад “Эдгээрийг уншиж бай” гээд эргээгээд хагас шуудай ном илгээнэ. Багш анх намайг Хэнтий рүү явахад “Хөдөө явсан хүн цаг үеэсээ хоцордог юм шүү. Тэр хэрээрээ авьяас нь унтардаг. ЮНЕСКО-гийн “The Courier” сэтгүүл, Зөвлөлтөд гардаг гадаад уран зохиолын сэтгүүлийг захиалж уншаарай, тэгвээс авьяас мөхөхгүй” гэж захисны дагуу би тэр сэтгүүлийг 1990 он хүртэл захиж уншсан шүү. 

Багш 1982 оны хоёрдугаар сард өөд болсон. Манай Биндэрт онгоц буудаг, тэрүүгээр “Утга зохиол” сонин ирдэг юм. Тэгтэл нэг өдөр сониноо аваад дэлгэтэл Мишигийн Цэдэндорж нас барав гэсэн гарчигтай бүтэн нүүр гашуудлын мэдээ гарчихсан байв. Тэр дор нь би Улаанбаатар руу утас цохитол багш нас барчихсан, бас гэрийг нь лацадчихсан тухай дуулгав. Тэгээд би дарга нартаа хэлчихээд шууд л Өндөрхаан руу нисчихсэн. Манайх Өндөрхаанд байсан үе л дээ. Тэгтэл айхтар шуурга дэгдлээ. Онгоц буулгадаггүй, хөөргөдөггүй. Өглөө болгон л онгоцны буудал дээр очно. Тэгж байтал Улаанбаатар шуургатай гээд Сүхбаатарын онгоц Өндөрхаанд буусан юм. Тэр онгоцны дарга миний таньдаг хүн байж таарав. Дамдиндорж гэх Хэнтийн хүн. Тэгсэн тэр “Маргааш эрт ирээд байж бай, 5, 6-ийн алдад нисэх байх шүү” гэдэг юм байна. Манай сургуулийн багш Очиржав бид хоёр дурдсан цагт нь яваад очтол дарга нарын авгай хүүхдүүд гээд баахан хүн зогсож байлаа. Тэгтэл Дамдиндорж гуай “Монголын нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн оршуулганд амжиж оролцох хоёр хүн л яв, өөр нэг ч хүн суулгахгүй” гэж хэлээд зөвхөн бид хоёрыг суулгаад ниссэн. Ингээд Улаанбаатарт газардмагцаа онгоцны буудлаас такси хөлслөн Зохиолчдын хороон дээр очтол С.Лочин, Их сургуулийн багш Ү.Нямдорж хоёр хөшөөг нь аччихсан 51 машинтай зогсож байхаар нь тэр хоёрыг суулгаад Нарангийн энгэрт очсон. Ингэж л багшийгаа сүүлчийн замд нь үдсэн дээ.

-Нэгэнт их найрагчийг эргэн дурссаных, ярилцлагыг авсан 1981 оны 7-р сарын 19-ний өдрийг эргэн санацгаая. Аав маань залуу сэтгүүлч байхдаа “Нэгэн шүлгийн түүх” гэх яруу найргийн буланг хөтөлдөг байсан гэдэг. Яг үүнтэй адил энэ асуултыг минь “Нэгэн ярилцлагын түүх” гэж нэрлэж болмоор ч юм шиг. Та тэр өдрийн тухай илүү ихийг дурсаач! Залуус бидэнд Расул Гамзатов, Эрнест Хэмингуэй, Махатма Гандиг эх хэлнээ яруу тансаг хөрвүүлсэн их зохиолчийн ахуй амьдрал сонин содон санагдах нь лав. Тэр ч бүү хэл номын сан, бичгийн ширээ, бүр хааяахан хүртэж орхидог сархад архиных нь нэр хүртэл нэн сонин байна?

-Уг ярилцлага гэрт нь болсон юм. Махкомбинат руу явдаг замд найман орцтой урт байшин бий. Тэр байшингийн тавдугаар орцон дахь Цэ багшийнд Дамдинсүрэнгийн Алтанхуяг бид хоёр явж очсон. Багш тэгэхэд халамцуу байж байгаад халуун плитканд гараа түлчихсэн, гар нь боолттой сууж байсан. Ер нь багшийн сүүлийн хоёр жилийн амьдрал маш гунигтай өнгөрсөн дөө. Авгай нь нас барчихсан, охиныг нь авгайнх нь дүү аваад явчихсан гээд багш ихэд ганцаарддаг байв. Гэрт нь оросууд ирж архи ууна. Голдуу цэргийн хурандаа нар ирнэ. Үүнийг багш надад өөрөө ярьсан юм. Тэгээд л багшийг баахан уулгачихаад дэрэн доогуур нь 200, 300 төгрөг үлдээсэн болоод хамаг сайн номыг нь сорчилж аваад явчихна. Багшийн номын сан гайхамшигтай баялаг гэгддэг байлаа. Юу нь тийм гайхамшигтай вэ гэвэл нэгдүгээрт багш номыг өөрийн таашаалаар сорчилж цуглуулна. Хоёрдугаарт Монголын тухай гадаадад хэвлэгдсэн номуудыг уйгагүй эрж цуглуулсан. Номын шүүгээнийхээ цаад талын хоёр эгнээгээр дүүрэн орос, англи, франц, герман, япон, хятад хэл дээрх Монголын тухай номуудтай.

-Тэр их ном хаачсан юм бэ?

-Их гунигтай түүхтэй шүү дээ. Нас барсных нь дараа манай Зохиолчдын хороо хоёр шкаф номыг нь хуу хамж авчраад үүднийхээ өрөөнд хадгалсан юм гэнэ лээ. Тэгээд нэг мэдэхэд тэр их ном бүгд алга болсон гэдэг. Надад хүн хэлэх нь багшийн номуудыг тараагаад авчихсан байж магад гэсэн шүү. Тэр дотор ирээдүйд бичих зохиолын санаа бүхий 20 гаруй хавтас байсан. Тэд чухам хааш орсныг хэн ч мэддэггүй. Авсан хүмүүс нь ашиглаад ном гаргаж байна уу гэхээр үгүй. Аль эсвэл хэрэглэж мэдэхгүй хүмүүс аваад гал түлчихсэн үү, бүү мэд. 

Ер нь Монголын агуу их хүмүүсийн номын сан маш гунигтай замналыг туулсан даа. Агуу их Бямбын Ринчен гуайн номын сан Улаанбаатар их сургуульд оччихсон байх жишээтэй. Уг нь бичгийн их хүмүүсийнхээ номын санг цаашид авч явах, хадгалж хамгаалах нь тухайн улс үндэстний үүрэг, том соёл байх учиртай. Гэтэл одоо Цэдэнбал даргын номын сан гэж хаа ч алга. Миний таньдаг хүмүүсээс С.Эрдэнэ гуай, Цэ багш хоёр Цэдэнбал даргын номын санд орж үзсэн. С.Эрдэнэ гуай Халх голын дайнд сурвалжлагчаар оролцож явсан Зөвлөлтийн зохиолч Розенбергийг Монголд ирэхэд түүнтэй хамт Цэдэнбал даргын номын санд оржээ. Цэдэнбал гуайг гайхалтай магтаж ярьсан шүү. “Розенберг ээ, чиний ном энд байна” гэж хэлээд Цэдэнбал дарга өрөөний ханаар дүүрэн, үй олон номноосоо Розенбергийн номыг ганц татаад л сугалж гаргасан гэдэг. Харин Цэ багш Филатоватай ярилцлага хийх гээд даргын номын санд орж үзжээ. “Залуучуудын үнэн” сонинд Монголын тэнгэр шиг цэлгэр сайхан сэтгэлтэй хүүхдүүд гэсэн том ярилцлага гарсныг өдгөө дурсаж байгаа хүн алга. 70-аад оны сүүлчээр юм уу даа. Хүний дотоод ертөнцийг нээж гаргасан маш сайхан ярилцлага болсон санагддаг юм. 

-Цэдэндорж гуай амьдралынхаа турш олон ч ном, олон ч шүлэг эх хэлнээ хөрвүүлжээ. Та орчуулга хийж байгааг нь ойроос харж байв уу?

-Мань эр өглөө эрт босно. Голдуу гэртээ орчуулна. Урьд өдөр нь ууж хөлчүүрхсэн ч маргааш нь эв эрүүл болдог. Бүр бүхнээс түрүүнд босно. Орчуулж байхдаа огт амсахгүй. Нэг сууж эхэлсэн бол шууд л машиндчихна. Гэхдээ урьдаар оюун ухаандаа буулгаж аваад, үүнийг ингэж хэлнэ, тэрийг тэгж хөрвүүлнэ гэдгээ тоймлочихсон байдаг. Хэмингуэйн “Зэр зэвсэг минь, баяртай” романы сигналыг Л.Лувсандорж, бид хоёр уншиж байлаа. Тэгэхэд багш “Үсгийн дүрмийн алдаа гарах юм бол та хоёртой ярина шүү” гэж захиж билээ.

-Та 1965-1970 онд Их сургуулийн хэл уран зохиолын ангид элсэн суралцахдаа Ш.Гаадамба багшийн утга зохиолын дугуйланд нэгджээ. “Дугуйлан” гэх энэ ойлголт одоогийн залуус бидэнд дэндүү харь хөндий санагдах юм. 

-Их сургуульд ороод Шанжмятавын Гаадамба гэх агуу эрдэмтний гар дээр ирсэн хүн шүү дээ, би. Тэр үед Дамдинсүрэнгийн Алтанхуяг, Дамбын Цэмбэл, Загдын Дамиран, Лхамжавын Лувсандорж, Тойсомын Галсан, Бадарчийн Шараа гээд авьяаслаг оюутнуудтай хамт суралцсан. Эдэн дундаа хамгийн авьяасгүй нь би л байсан. Би ч өөрөө тэрийгээ мэддэг. Чухам тэднийхээ авьяасанд чирэгдэж л оюутан насныхаа он жилүүдийг өнгөрөөсөн дөө. 

-Дугуйлангийнхан уулзаж цуглахаараа юу хийдэг байсан юм бэ?

-Шүлгээ хэлэлцэнэ. Нэгдүгээр байрны 119-р өрөөнд цугларна. Их сургуулийнхаа ойгоор очихдоо тэнд хадаг өргөж мөргөсөн шүү. Одоо захиргааны өрөө болчихсон байна лээ. Бид шүлэг хэлэлцэхийн хажуугаар Р.Чойном, Д.Пүрэвдорж, М.Цэдэндорж гээд олон сайхан зохиолчийг урьж авчирсан даа. Сонирхолтой түүх гэвэл, геологийн ангийн оюутан Дарамын Батбаяр байнга шахуу ард ирээд суучихдаг байв. Зохиол ч ярихгүй, шүлэг ч уншихгүй. Дуугүй суугаад л байна. “Батбаяр аа, чи юм ярих уу” гэхээр “Ярихгүй ээ” гээд суугаад л байна. Гэтэл хожим тэрбээр агуу их Дарамын Батбаяр болсон шүү дээ.

-Анхааралтай сонсдог байж дээ?

-Сонсоод л суугаад байна. Тэгж суухдаа л утга зохиол гэдэг агуу ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдсэн юм байлгүй. 

-Та Га багшийгаа нэг дурсаач!

-Хаврын сайхан орой дугуйлан тармагц бид Га багшийгаа дагаад Сүхбаатарын талбайг гурав тойрно. Тэгэхдээ утга зохиол яриад л явна. Зарим нь багшийг сугадчихна, бусад нь багшийн яриаг чагнаад л явдаг сан. Ингээд багшийг яриулж яриулж Их сургуулийн баруун талын байран дахь гэрт нь хүргэж өгөөд орцных нь үүднээс тарна. Тэр байшин чинь Монголын соён гэгээрлийн том өргөө байлаа шүү дээ. Ринчен багшийнх, Дамдинсүрэн багшийнх тэнд байсан. 

Га багш бол утга зохиол судлал, утга зохиол шинжлэл гэдгийг анх дэглэсэн хүн. Хамгийн гол нь Оросын утга зохиолын онолын гол гол бүтээлүүдийг өөрөө орчуулсан, дэлхийн утга зохиолын гол бүтээлүүдийг бас монголчилсон. Ер нь Монголын утга зохиолд судлал шүүмжлэл ямар их ач холбогдолтой вэ гэдгийг гаргаж ирсэн гавьяатан. Олон ч шавь төрүүлж, өөрөө ч хавчигдаж явсан нэгэн. 

-Зохиолчидтой хийсэн ярилцлагуудыг тань уншихаар та тэмдэглэл тун нямбай хөтөлж иржээ гэдэг нь ажиглагддаг. Таны залууд дуу хураагуур гэж ховор байлаа. Гэтэл та 1981 онд Хэнтийн аймгийн Хэрлэн зочид буудлын №2 өрөөнд Д.Намдаг гуайтай, 1975 онд Улаанбаатарын гудамжинд Бямбын Ринчен гуайтай, шоронгоос гараад удаагүй байхад нь ПАЗ автобусны арын суудалд Р.Чойномтой уулзаад ярилцчихжээ. Тэрхэн үедээ та хожим хэрэг болж магадгүй гэж тэмдэглэл хөтөлдөг байв уу, эсвэл ярилцлага болгоно доо гэж зорьж үзгээ шүүрдэг байв уу?

-Тэмдэглэл хөтөлж хэвшсэн минь Цэ багшийн захиасаас үүдэлтэй. Багш надад “Ямар ч нөхцөлд, урьд өдөр юу болсноо бүгдийг бичиж бай. Хожим тэр чинь хэзээ нэг өдөр хэрэг болно” гэж сургасны дагуу тэмдэглэл хөтөлж хэвшсэн юм. 

Намдаг гуайтай уулзсан түүх их сонин. Нэг өдөр ажил руугаа явж байтал Өндөрхааны зочид буудлын дэргэдэх автобусны буудал дээр Намдаг гуай хөгшинтэйгөө зогсож байна. “Хаашаа явах гэж байгаа юм бэ, Намдаг гуай” гэж асуутал “Онгоцны буудал орох гэж байна. Дадал явна” гэв. Тэгмэгц нь “Намдаг гуай, та Хэнтийд ирчихээд бидэнтэй хууч хөөрөлгүй явна гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж хэлтэл “Тийм ч юм уу” гээд хөгшин рүүгээ нэг харснаа эргэж буудалдаа ороод бидэнтэй уулзаж ярилцсан. Нөгөө №2 өрөөнд чинь. Хөгжилтэй нь гэвэл урьд би Намдаг гуайтай огт уулзаж байгаагүй юм.

Намдаг гуай нарийн мяндсан ухаантай, төгс төгөлдөр хүн байсан даа. Монголын нийгмийн амьдрал, үүх түүх, үйл явдал болгоныг өөрийнхөө оюун ухаанд хоногшуулаад, дүгнэлт хийчихсэн, тунгаан бодчихсон, түүнийгээ илэрхийлж ярьдаг хүн байсан. Магадгүй энэ нь герман боловсролынх нь ач буян байсан биз. Ямар сайндаа надад “Монголчууд хачин шүү, юу хийж байгаагаа мэдэхгүй баахан юм хийчхээд сүүлд нь амаа барьдаг. Хийж байхдаа ерөөсөө боддоггүй. Хийж дуусаад, бүх алдаа оноо нь шийдэгдчихсэн хойно бодож эхэлдэг” гэж хэлж байхав дээ. Энэ бол монгол үндэстний үеийн үед бодон явах ёстой үг шүү. 

-Та тэгэхээр тэрхэн үедээ тэмдэглэл хөтөлдөггүй байсан хэрэг үү?

-Маргааш нь дэвтэр дээрээ биччихдэг юм. Тэгээд сүүлд хэрэг гарвал тэр тэмдэглэлээ эргэж хардаг.

-Та 1976 оны 6-р сарын 11-нд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суман дахь гэртээ аваачаад хөөрөлдчихсөн байх юм. Мэдээж өвгөн эрдэмтэн маань тийш ажлаар очсон байх л даа. Тэр өдрийг та эргэн дурсаач! Бид чинь Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн гуай гэхээр “үргэлж өтөл хэвээрээ, өнөд бичиг цаастай зууралдаж” явсан юм шиг санадаг. Цаг хугацаа алсрах тусам тэдгээр их хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдрал улам бүдгэрч буй мэт санагдах юм. Хэрэв та тэр өдрийг тод санаж байгаа бол Цэндийн Дамдинсүрэн гуай ямар хоол идсэнийг хүртэл сониучирхан асуумаар л байна.

-Хятадууд нэг хэсэг Төвөд номуудыг шатааж эхлээгүй юу. Яг тэр үед Дамдинсүрэн гуай Гандантай хамтарч төвөд номын сан байгуулна гээд Монголын бүх нутгаар 53 машинтай явсан юм билээ. Хэнтий аймгийн нутагт Бэрээвэн гэх агуу том хийд байсан. Энэ бол Халхын өндөр дээд зиндааны лам ирж аравнайлсан есөн хийдийн нэг. Цагтаа 3000 хол давсан ламтай, оюун санааны том өлгий нутаг байсан учраас ном судар үлдсэн байж магадгүй гэж Дамдинсүрэн гуай Өмнөдэлгэрт иржээ. Зургаадугаар сар байсан санагдана. Нэг өдөр сумынхаа даргын өрөөнд байшингаа шавардах гээд, машин гуйхаар ортол өмнөөс Дамдинсүрэн багш гэнэтхэн гараад ирсэн. Дамдинсүрэн багш хоёрдугаар курсэд байхад текстологи буюу “эх бичиг судлал” гэдэг хичээлийг Га багшийн гуйлтаар бидэнд орж байсан юм. Тийм учраас би багшийг танимхайран, “Сайн байна уу, багш аа, би таны шавь байна, та бидэнд текстологи гэдэг хичээлийг орсон доо” гэлээ. Багш “Өө тийм тийм” гэв. Ингээд би багшийг дагуулж Өмнөдэлгэрийн гайгүй номтой айлуудаар орсон. Дараа нь Бэрээвэн хийдэд очсон. Тэндхийн хад чулуутай том агуйгаас 53-ын тэвшийн хагасыг дүүргэхээр ном олсон. Дандаа төвөд ном. Дамдинсүрэн багш “Юу л байвал ачаад бай” гэнэ. Ингээд хамгийн сүүлд Батширээт сум орсон доо. Харин тэр ярилцлага Өмнөдэлгэр дэх манай гэрт болсон юм. Багш манайд унд цай уучаад гарсан. Би лапша хийж өгсөн санагдана. 

-Та Цог сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэнтийд сургуулийн захирал байхдаа зуны нэг сар Улаанбаатарт ирж, хамаг мөнгөө Улаанбаатар ресторанд өгч нөхөдтэйгөө ярьж хөөрч суухад шинэ хүч авдаг сан” гэж дурсжээ. Нэгэнт зохиолчдын тухай энгийн зүйлсийг таниар яриулсных, Улаанбаатар ресторан дахь тэр өдрүүдээ эргэн дурсвал ямар байна. Байнга суудаг ширээ, байнга захиалдаг хоол гэж та нарт байсан уу? Зохиолчдын маань хэн нь ямаршуу этгээд сонин зуршилтай байсныг залуус бид мэдэхгүй шүү дээ.

-Бид “цангаагаа гарган” ярьж суух дуртай. Мөнгөтэй сэн бол өдөржин суухад ч бэлэн. Бидэнд байнга суудаг ширээ гэж байгаагүй ээ, харин хоол гэвэл хуйцай л байна даа.

-Ихэвчлэн юугаар цангаагаа тайлах уу?

-Голдуу цагаан архи ууна. Шар айраг ч ууна. Гэхдээ эхлээд зуун грамм заавал уучихна шүү. 

-Та хэн хэнтэй их суудаг байв?

-Гайтав гуай, Чимид гуай хоёроос бусадтай нь сууж үзсэн дээ.

-Байнга суудаг хүн гэвэл хэн бэ?

-Цэ багш л байна даа. Н.Нямдорж байна, Р.Чойном байна. Б.Явуухулан, С.Эрдэнэ байна.

-Та бага залуудаа Ш.Гаадамба, Мишигийн Цэдэндоржийн шавь явсан. Та бас үеийн олон зохиолчтой үерхэж нөхөрлөж явсан. Мөн 90-ээд оны од найрагчдын багш нь гэгдэж явсан. Таны амьдрал зохиолчдын дунд үрсэлж соёолж, өсч ургажээ. Энэ бүхнээс дүгнэвэл, зохиолч хүн гэж яг хэнийг хэлдэг юм бэ? Тэдэнд ямаршуу нийтлэг шинж байна вэ?

-Зохиолчид хүмүүний ертөнцийг өөрийнхөө нүдээр, өөрийнхөө оюун ухаанаар нээхийн төлөө цаг үргэлж бодлогоширч, санааширч, шаналж явдаг талаараа бүгд адилхан. Мэдээж уншсан мэдсэнээрээ хоорондоо ялгаатай. Манай зохиолчдоос хамгийн их уншсан хүн гэвэл Цэ багш, Н.Нямдорж хоёр байна. Миний үеийнхнээс Готовын Нямаа гэж зохиолч байна. Нямаа бол Горькийн сургуулиас хамгийн их эрдэм өвөртөлж ирсэн тун цөөн хүний нэг. Тэр урьд Орост сурч байсан учраас орос хэл сайтай очсон. Лувсанцэрэн мөн адилхан. Дараа үеийн ийм төлөөлөл гэвэл Аюур байна.

Готовын Нямаагийн Монголын утга зохиолд хийсэн гавьяа бол Латин Америкийн роман бичлэгийн арга барилыг бүтээлдээ ашигласан явдал юм. Миф буюу домоглог реализм гэдэг байх аа.

-Бас шидэт реализм гээд байдаг.

-Яг тийм. Тэрнийг хамгийн анх өөрөө ойлгоод, өөрийнхөө бүтээлд ашигласан хүн бол Готовын Нямаа л гэж би боддог. “Цадиг хууч” гэж гайхалтай роман бий. 


 
 ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ

Л.Нямаа гуай “Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагадаа ийн ярьжээ: “Хэнтий аймгийн Өндөрхаан сумын хоёрдугаар сургууль буюу одоогийн “Тэмүжин” цогцолборын бага ангийн хичээлийн эрхлэгч байхдаа ангиудаар явж авьяастай хүүхэд хайлаа. Математикийн багш Товуудоржийн удирдсан дөрвийн А ангид ороод “Та нар ямар ном уншив” гэсэн чинь тээр ард сууж байгаа гозгор цагаан хүү “Зүрхний хилэн” уншсан гэж байна. “Юу гарч байна” гэсэн чинь маш мэдрэмжтэй ярьж байх юм. Тэгж Галсансүхийг олж авсан юм. Жаахан ээрүү, хэлгий хүүхэд байсан.” Харин яруу найрагч Б.Галсансүх Л.Нямаа багштайгаа учирсан түүхээ Бага тойруу дахь “Ноцтой мэдээ” сонины байрандаа ийн хуучилсан юм.  

Б.ГАЛСАНСҮХ: -Миний шүлэг бичсэн түүх их сонин. Би чинь хоёр, гуравдугаар ангийн жаахан хүүхэд байхдаа бүжигчин болох санаатай Хан Хэнтийн чуулгын бүжгийн дугуйланд явж эхэлсэн юм. Тэгтэл хоёр гурав яваад л хөлийн шөрмөс татчихсан тул бүжгийн дугуйлангаа болиод, дараагаар нь хөгжмийн дугуйлангийн морин хийлний ангид оръё гэтэл сонсгол байхгүй гээд хасагдчихав. Гэтэл удалгүй “Пионерын үнэн” сониноос зургийн уралдаан зарласныг олж уншаад зургийн дэвтрээ дуустал зураг зурсан ч гэнэт явуулмааргүй санагдаад бүгдийг нь шатаагаад хаячихсан. Тэгээд байж байтал монгол хүн сансарт ниссэнийг тохиолдуулан пионер сурагчдын дунд яруу найргийн уралдаан зарлалаа. Зохион байгуулагч нь Зохиолчдын эвлэл, “Пионерын үнэн” сонин. Тэгмэгц нь хэдэн шүлэг бичээд тийш явуулчихлаа. Ингээд зуны амралт ч болов. Би шүлэг явуулсан гэдгээ ч мартчихлаа. Тэгтэл нэг өдөр ах маань сонинд талх боочихсон ажлаасаа ирэв. Өнөөх нь “Утга зохиол, урлаг” сонин. Ингээд гэрийн сүүдэрт нөгөө сониноо гүйлгэж хараад хэвтэж байтал уралдааны дүн гарчихаж шүү. Уншаад үзтэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын найман жилийн сургуулийн сурагч Б.Галсансүх гуравдугаар байранд оров гэж байна. “Сансарт хүрсэн найрамдал” гэдэг шүлэг байсан санагдана. Би ч баярлаж гүйгээд бөөн баяр боллоо, маргаашнаас нь тэмдэглэлийн дэвтэр, бал, үзэг зэхэж аваад шүлэг бичиж эхэлсэн дээ. Ер нь би амралтаараа ном уншдаг хүүхэд байсан. Тэгтэл намар хичээл эхэлтэл нэг өдөр сургуулийн хичээлийн эрхлэгч Ломбын Нямаа манай ангид орж ирээд “Шүлэг, уран зохиол сонирхдог хүүхэд байна уу?” гэхэд нь би гараа өргөлөө. Тэгсэн зуны амралтаараа ямар ном уншсан бэ гэж асууж байна. Би “Зүрхний хилэн”-г уншсан гэлээ. Ийнхүү энэ өдрөөс хойш хичээлийн завсарлагаанаар өдөр бүр Нямаа багшид бичсэн шүлгээ уншиж шалгуулдаг болсон. Би багадаа жаахан ээрүү хэлгий хүүхэд байсан юм. Тэгэнгүүт л ээрүүг минь заснаа гээд л Нямаа багш Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Бурхад ба хүмүүс” гэх том, шүлэглэсэн романыг цээжлүүлдэг байв. Эхний өдөр гурван мөр, маргааш нь дөрвөн мөр, дараагийн өдөр нь зургаан мөр гэх мэтээр сүүлдээ бүр хуудас хуудсаар нь цээжлүүлдэг болж, улмаар цээжилснээ байн байн давтаж уншсаар ээрүү минь арилсан. 

СУРВАЛЖЛАГЧ: -Орос хэлийг шүлэг уншиж сурсан гэж таны тухай ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

Б.ГАЛСАНСҮХ: -Тэгсэн тэгсэн. Нямаа багш зөвхөн шүлэглэсэн роман биш хажуугаар нь орос шүлэг цээжлүүлдэг байсан.

СУРВАЛЖЛАГЧ: -Таныг 14-тэй байхад Эрдэнэт хот руу Н.Нямдорж найрагч руу шавь оруулахаар явуулсан гэдэг. Тэр үеийг та эргэн дурсаач?

Б.ГАЛСАНСҮХ: -Намайг тав юм уу зургаадугаар ангид байхад Нямаа багш “Чамайг одоо өөр хүнд шавь оруулна. Хэнд шавь ормоор байна. Дэндэвийн Пүрэвдоржид шавь орох уу, Нямбуугийн Нямдоржид шавь орох уу” гэж асуухаар нь би Нямдорж багшийг сонгосон. Тэр үед Н.Нямдорж багш Эрдэнэт хотод манаачийн ажил хийдэг байв. Ингээд Нямаа багш надад захиа бичиж өгснийг нь өвөртлөөд зуныхаа амралтаар Эрдэнэтэд явж очсон. Гудамжинд тааралдсан хүмүүсээс “Яруу найрагч Нямдорж гуайнх хаана вэ” гэж сурагласаар олж очтол Дуламханд эгч “Нямдорж ах чинь манаандаа гарчихсан, маргааш өглөө ирнэ” гэж билээ. Тэр үед цаг ч сайхан байж, бүгд заагаад өгч байгаа юм. Ингээд маргааш өглөө нь Нямдорж багшид өнөөх захиагаа өгсөн дөө.

СУРВАЛЖЛАГЧ: -Нямаа багш тэр захиандаа юу бичсэнийг та санаж байна уу?

Б.ГАЛСАНСҮХ: Үгүй. Би уншиж үзээгүй. 

СУРВАЛЖЛАГЧ: -Нямдорж багш таниар юу хийлгэдэг байсан бэ?  

Б.ГАЛСАНСҮХ: -Манаатай өдөр нь манаанд хамт гарна. Нямдорж багш “Өдөрт таван шүлэг бич” гэж даалгадаг байв. Би гэрт нь байсан ч, манаанд хамт гарсан ч өдөр бүр таван шүлгээ бичнэ. Тэгмэгц бичсэн шүлгээ ахин дахин хуулж бич, хуулж бичих болгондоо өөрт таалагдаагүй нэг үгийг засаж бай гэж захидаг байсан. Энэ маягаар Нямдорж багшийнд хоёр гурван жил дараалан зуны амралтаараа очсон.


-Өчигдөрхөн би Галсансүх найрагчтай уулзлаа л даа. Та түүнийг гуравдугаар ангид ордог намар нь олж таньсан гэдэг. Ингээд 14 хүрмэгц нь Эрдэнэт хотод манаачийн ажилтай, их найрагч Нямбуугийн Нямдорж гуай руу нэгэн захиа бичээд явуулчихсан юм билээ. Тэр захиандаа та юу гэж бичсэн юм бэ?

-“Гуравдугаар ангиас нь энэ хүүхдийг шавь болгож аваад жаахан бичдэг болголоо. Одоо миний заадаг юм дуусав. Чамд хүлээлгэж өгье дөө” гэж бичсэн санагдана. Яагаад гэвэл Нямдорж чинь надаас илүү утга зохиолын төгс боловсролтой хүн. Өөрөө том яруу найрагч. Ер нь багш хүн өөрийнхөө хэмжээнд шавийгаа барьж болдоггүй. Хэрэв шавь нь багшийнхаа хэр хэмжээнээс давчихвал өөр хүнд шавь оруулдаг жамтай. “Би ганцхан л шавьтай байх ёстой” гээд муйхарлан бодсоор шавийгаа өөрийнхөө мэддэг хэмжээнд мөхөөж болно. Тиймээс өөрийнхөө заах юмыг шавхаж дууссан бол дараагийн хүнд захиж үлдээх гэдэг ч юм уу цааш явах замыг нь зааж өгөх ёстой. Нямдорж ч гэсэн захиаг минь уншчихаад юм бодно биз дээ. “За, Нямаагийн мэддэг юм нь дуусаад нааш явуулж байгаа юм байна” гэж бодно. Тэгэхээр Нямдоржид том хариуцлага ирж байгаа биз.

-Танд хариу захиа ирсэн үү?

-Ер нь бол Нямдорж мэдсэн шүү, Галсансүхийг сайн найрагч болно гэдгийг.

-Ирээдүйд сайн зохиолч, найрагч болно гэдгийг та яаж олж таниад байдаг юм бэ?

-Мэддэг арга гэвэл би ганц үг өгөөд л шүлэг бичүүлчихдэг юм. Тэрүүгээр л танина. Цэвэр авьяас бий бол шууд харагддаг. Бас ярианаас нь мэдрэгдэнэ. Анх Галсансүх гуравдугаар ангид байхдаа зуны амралтаараа “Зүрхний хилэн”-г уншсанаа ярьсан юм. “Тэндээс юу ойлгов?” гэхэд жигтэйхэн мундаг ярьж байна аа. Тийм том романыг бага ангийн хүүхэд тэгж уншаад ойлгоно гэдэг цул авьяас юм.

-Балчир насанд бичсэн найргийн мөртүүдийг ихэнхдээ “усан шүлэг” гэж нэрлээд байдаг. Тэгвэл хэдхэн усан шүлгийг нь уншиж үзээд л ирээдүйд сайн найрагч болох эсэхийг нь мэдэх боломжтой юу?

-Боломжтой. Гялсхийсэн ганцхан мөр байхад л таньж болно. Шүлэгт үгийн ур, мэдрэмжийн ур, утгын ур гэж бий. Энэ гурвын аль нэг нь байвал тэр хүүхэд авьяастай гэсэн үг. 

-Аким гуай “Дуун хөрвүүлэгчийн тавилан” гэх дурсамж тэмдэглэлдээ Францын зохиолч Анатоль Франсын “Ундаассан бурхад” зохиолыг анх орчуулснаа дурссан бий. Тэнд бичсэнээр бол, уран зохиолын редакцийн редактор Г.Амар гуай тэрхүү орчуулгыг нь ариутган шүүгээд хэвлэсэн гэдэг. Хуучин цагт сайн орчуулагчийг энэ мэтээр сорьж шалгадаг байж. Одоо бол орчуулагчид маань бор зүрхээрээ л зүтгээд байх шиг. Гэвч Ц.Төмөрхүлэг, Г.Аким, Ж.Нэргүй гуайн ярилцлагуудыг уншихаар одоогийн орчуулагч нарт ихэд сэтгэл дундуур байгаа харагдах юм. Төмөрхүлэг гуай “Зарим нэг номыг нээж хараад монгол хэлийг дэндүү зэрэмдэглэж хаясанд нь их гутарсан” хэмээн нэгэн ярилцлагадаа халаглан өгүүлснийг уншсан.

-Залуу орчуулагч нарт хандаж хэлэхэд хамгийн түрүүнд монгол хэлээ сайн сур гэж захья.

-Гэвч сурахын тулд туршлага хэрэгтэй шүү дээ. Мэдээж анхны орчуулгаар авьяас нь шууд тодорчихгүй. Сайн орчуулагч гэгдэхийн тулд орчуулгын зам мөрд өөрийгөө цаг хугацаагүйгээр элээх ёстой ч юм шиг. Бас энэ зам мөрийг сонгосон хэн бүхэн орчуулгад дөртэй гэж хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ орчуулсан бүхнээ уншигчдад хүргэхгүй байх ёсзүйн үүргийг өөртөө хүлээх ёстой ч юм шиг. Гэвч өчнөөн сар суусан орчуулгын ажлуудаа хэнд ч хүргэхгүй хав дарна гэдэг тэвчишгүй, утгагүй зүйл мэт санагдах нь мэдээж. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Эргэж үз. Хэсэг хугацааны дараа засаж хяна. “Манай сургуулиуд монгол хэлээ заахгүй, үсгийн дүрэм зааж байна” гэж Ринчен багш хэлсэн нь үнэн. Ер нь хүн бүр монгол хэлнийхээ баялгийг таньж мэдэн, цаашлаад сайхан ярьж бичдэг болох хэрэгтэй. Одоо 12-р ангийн хүүхдээс шалгалт авахдаа “Миний дуртай нэвтрүүлэг” сэдвээр эсээ бичүүлж байгаа юм. Энэ бол соёлт ертөнцөд цэцэрлэгийн хүүхдийн сэдэв. 

-Бавуугийн Лхагвасүрэн гуай 38 насандаа анхны номоо хэвлүүлсэн гэдэг. Ер нь залуу найрагчид анхны номоо хэдийд хэвлэвэл зохистой вэ?

-Шүлэгчээсээ болно. Лхагвасүрэнгийн авьяас хожуу мэдрэгдсэн. Театр урлагийн сургуульд оюутан байхдаа “Утга зохиол” сонинд гурван шүлэг гаргасан нь Монголын яруу найрагт том тэсрэлт болсон. Гойд өөр өнгө, гойд өөр утгатай. Ур хийц, утга агуулга гээд бүх юм нь ондоо. Тэр үеэс эхэлж Лхагвасүрэн мандан бадарсан. Гэвч шүлгүүдийг нь мэдрэх хүн хэд байсан юм, ном гаргая гэхэд зөвшөөрөх хүн хэд байсан юм, бүү мэд! Агуу их Явуу л анхны номыг нь гаргасан шүү дээ. Гэхдээ Лхагвасүрэн хожуу гаргаснаараа алдаагүй. Лхагвасүрэнд нэг онцлог бий. Монгол хэлийг төгс сурсан. Яаж сурсныг нь ухаж ойлгодоггүй юм. Аав нь эрдэм номтой хүн байсан гэдэг. Аавын нөлөө их бий биз. Аль эсвэл багадаа номтой хүмүүсийн уншиж байгаа монгол судар, бурханы сургаалийг чихээрээ хүлхэж өссөн байх. Лхагвасүрэнгийн яруу найргийн хэл гойд өвөрмөц. Хаа ч байхгүй өөр. Тийм хэлтэй хүн Монголд хэдхэн бий. Баяржаргалын хэл өвөрмөц. Хөөдэйгийн Эрдэнэбаатар байна. Түүнээс ойрадын догшин аялгуу сонсогддог. Ойрад хэл чинь асар догшин аялгуутай. Яагаад гэвэл уулаа дагаж хүний сэтгэлгээ төлөвшдөг юм. Байгаль нь өөрөө догшин учраас хэл нь тийм болж хувирсан хэрэг. Тухайлбал, туульсын хэл маш догшин байдаг шүү дээ. Харин тэр догшин хэлийг хөгжим нь зөөллөж өгдөг. Ингээд хатуу, зөөлөн хоёр нийлэхээрээ хүний сэтгэлд хүрэх дотоод эрчмийг бий болгож байгаа юм. 

-Залуу найрагчид анхны номоо гаргах тухайд?

-Найрагч хүн өөрөө мэдэрдэг. Социализмын үед утга зохиолыг хянах газар гэж байсан. Одоо бол бүх юм чөлөөтэй болжээ. Тиймээс өөрийгөө “хянах” нь чухал. Гэтэл одоо алтан хавтастай ном мянга түмээрээ гарч байна. Энэ бол эцсийн бүлэгт уншигчдаа доромжилж байгаа хэрэг. Өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Шүлэг болсон уу гэдгээ дүгнэж цэгнээд болсон бол гарга, болоогүй бол засч янзал. Зохиолч Ч.Лодойдамба гуай бидэнд хэлж байсан: “Би “Тунгалаг Тамир”-аа маш олон удаа хуулж бичсэн шүү. Миний хүүхдүүд, зохиол дээрээ ажиллах хэрэгтэй. Ажилла, ажилла, их ажилла” гэж бүр гурван удаа давтаж хэлсэн. Тиймээс зохиолоо өөрөө хянаж чаддаг болохын тулд өөрийгөө боловсруулахаас эхэл. Ядаж л сүүлийн 25 жил монгол хэлнээ гарсан дэлхийн утга зохиолын номуудыг уншчих хэрэгтэй. 

-“Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-гаас төрөн гарсан өвөрмөц нэгэн найрагч бол Батжаргалын Одгэрэл. Би түүний тухай ихийг мэдэхгүй л дээ. “Монголын сонгомол яруу найраг”-аас шүлгүүдийг нь үе үе унших дуртай. Бас Эдуард Лимоновын “Бадрангуй суутнууд”, Хэмингуэйн өгүүллэгүүдийг орчуулсныг уншаад мундаг орчуулагч байж дээ гэж дүгнэсэн. Та бага залуу насных нь тухай дурсаач.

-Одгэрэл Өндөрхааны арван жилийг төгссөн. Тэр бол эгэл даруухан зантай, бүрэг номой, бүр номны төлөө төрчихсөн хүүхэд. Орос хэлийг яаж тэгж төгс сурсан юм, бүү мэд. Мань эр манай номын сангаас Набоковын “Лолита”-г уншъя гэж аваад нэг мэдэхэд л оросоор уншдаг болчихсон юмдаг. Галсансүх ч мөн адилхан. Нэг мэдэхэд л Оросын Есенин, Ахматоваг оросоор уншдаг болчихсон.

-Таны ярилцлагад “Монгол хэлээ гадаад хэл халтарладаг, эх хэлээ мэддэггүй орчуулагчид баллаж байна” гэж Бямбын Ринчен гуай халагласан байх юм. Харин Жамцын Бадраа гуай “Болхи орчуулагчдын модон хэлтэй орчуулгын гайгаар монгол хэл эрлийзжиж дуусах нь ээ” гэж харуусангуй өгүүлжээ. Эх хэлээ гэсэн санаа зовнил одоо улам ихэссэн үү гэхээс багасаагүй. 

-Одоо тэд маань босож ирвэл уйлах биз дээ. 

-Бямбын Ринчен гуай “Яруу тансаг сонсголонтой монгол хэлээр ярьж бичиж сурахад ахмад хүмүүсийн үлгэр дууриал их чухал”, Жамцын Бадраа гуай “Аливаа ард түмэн амьд хэлээрээ харилцдаг. Өвгөд хөгшдийн амнаас жинхэнэ монгол хэлний яруу төгс, гүн утга төрж, түүнийг нэг үг, нэг өгүүлбэр гэлгүй бичиж авч тогтоо” гэж хэлжээ. Өнөө цагт эх хэлээ мэддэг өвгөд хөгшид гэвэл та болон таны үеийнхнийг л нэрлэх байх. Та эх хэлнийхээ ирээдүйд хэр санаа зовниж явдаг вэ?

-Ринчен багшийн хажууд бидний монгол хэл төгс биш шүү дээ. Харин гарц гэвэл монгол бичигт л шилжих. Монгол бичиг хэлээ сургаж хөгжүүлдэг зүй тогтолтой. Яагаад гэхлээр үгийн үндсийг ялгаж бичдэг. Жишээ нь, өнгөний хар, үзэхийн хар хоорондоо өөр бичлэгтэй. Тийм учраас монгол бичиг сурах явцад хэлнийх нь баялаг нэмэгдэж явдаг. Нөгөө талаас, Монголын олон угсаатан монгол бичгээр бичээд өөрийнхөө аялгуугаар үгийг дуудаж болдог. Аливаа утга зохиолын хэлэнд тухайн хэлийг баяжуулж, мөн чанарыг нь авч явдаг цутгалан нь бага ястны хэл болж өгдөг. Гэвч тэр цутгалан нь байхгүй болчихсон. Гуравдугаарт монгол бичиг гүн ухааны бичиг юм. Тухайлбал монгол бичигт эгшгийн дараа эгшиг ордоггүй, гийгүүлэгчийн дараа гийгүүлэгч ордоггүй зүй тогтолтой. 

-Хөдөө, монгол ахуй дунд өссөн хүүхэд л хожим сайн найрагч, сайн зохиолч, сайн сэтгүүлч болоод байх шиг.

-“Хорвоод ховор монгол зан 
Холын Алтайд хэвээрээ байна” хэмээн манай Лувсандорж шүлэглэсэн байдаг даа. Хот гэдэг чинь хүнийг үнэт юмнаас нь холдуулчихдаг юм. Бидний хувьд, хотын амьдрал гэдэг чинь зохиомол зүйл. Гэтэл хөдөөд хэдэн мянган жил үргэлжилсэн амьдрал бий. Байгаль дэлхийтэйгээ яаж харилцах, хүн яавал үхдэг, хүн яавал сэхдэг гэдгийг байгаль нь өөрөө хэлээд өгчихдөг. Ийм үнэт зүйлийг монголчууд хэдэн мянганы турш мэдэрч иржээ. Тэгэхээр төрөлх мөн чанартаа ойр байна гэдэг нэн чухал байгаа биз.

-Зохиолч болмоор байдаг, гэтэл хотод төрсөн бол яах вэ?

-Ард түмэнтэйгээ ойртож танилц. Тохилог амьдралаа золиосолж байж л зохиолч болно шүү дээ. 

-Та төрсөн нутагтаа “Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-г үүсгэн байгуулсан. Эндээс олон авьяаслаг найрагчид төрөн гарчээ. Та үүний нууцыг юу гэж боддог вэ?

-Хоёрхон л юм бий. Дэлхийн шилмэл утга зохиолыг багаас нь уншуулсан. Хоёрдугаарт өдөр бүр 5 шүлэг бичүүлж хэвшсэн. Өөр нууц байхгүй.

-Усан шүлгийг хүчээр бичүүлдэг хэрэг үү?

-Тэр чинь сүүлдээ ус биш болдог. Хүн бичих тусам туршлага суудаг. Шүлэг гэж ийм юм байдаг гэдгийг таньж сурч байгаа юм. Бага бичдэг хүний шүлэг л амархан үхдэг. Би шавь нартаа номноос номонд сэдвээ өөрчил гэж захидаг. Тэгэхгүй бол өөрийгөө давтах аюултай. 

-Зохиолч нараас хэн нь хамгийн арвин, баялаг номын сантай вэ?

-Манай зохиолчдоос хамгийн оюунлаг номын сантай нь Нямбуугийн Нямдорж. Лхагвасүрэн бас сайхан номын сантай. Манай Готовын Нямаагийн номын сан ч баялаг шүү. 

-Та зохиолчдын “унших дадал”-ын талаар сонирхуулаач.

-Зарим нэг нь жорлондоо уншдаг л гэдэг юм. Гэхдээ эдэн дундаас Цэ багш жорлондоо тавиуртай, тэндээ янз бүрийн номуудтай байсныг би нүдээр үзсэн. Хэмингуэй бас жорлондоо уншдаг байсан гэсэн шүү.

-Та өдрийн аль цагт ном уншдаг вэ?

-Өглөө эрт босож уншина. Ер нь чимээ шуугиантай гэдэг ч юм уу, ямар ч үед уншиж хэвшвэл зүгээр. Гэхдээ Маркезийн роман ч юм уу, Памукийн зохиол гэх мэт нам гүмд автаж байж унших номуудыг би зун Дадалд аваачаад өглөө эрт уншдаг юм. Шуугиантай үед гүнзгий номыг мэдрэх хэцүү. 

-Энэ зун уншъя гэж төлөвлөж байгаа ном?

-Памукийн “Цас” роман байна. Бас судалгааны өгүүлэл биччих санаатай Дашийн Оюунчимэгийн “Оройн ганц мод”-ыг нэлээд хэд уншлаа. Зун бас уншина гэж бодож байгаа. Ер нь судалгааны өгүүлэл бичихийн тулд дор хаяж арав уншина шүү. 

-Хэрэв та залуу цагийнх шигээ тэмдэглэл хөтлөн хэн нэг зохиолчтой уулзаж ярилцлага хийх байсан бол хамгийн түрүүнд хэнд санал тавих вэ?

-Олон зохиолч байна.

-Жишээлбэл?

-Аюурзана байна. Түүний өчнөөн ярилцлагууд гарсан л даа. Гэвч Аюурзанаас олж асуудаггүй юм.

-Та юу гэж асуух вэ?

-Би Аюуртай уулзаагүй жил гаран болчихлоо. Сүүлд гаргасан бүх романыг нь уншсан. Одоо Аюурт халхын тухай бичих дутуу үлдсэн. Хэрэв тэр роман гарчих юм бол монгол үндэстний оршихуй ямар хэмжээнд буйг Аюурзанын романуудаас харах боломж бүрдэнэ. Би тэр романыг хүлээгээд л байгаа. 

-Та үеийн зохиолчдынхоо ярилцлагыг бишгүйдээ л нэг уншсан байх. Ер нь зохиолчдоос ямар асуулт асуувал ончтой гэгдэх вэ?

-Уран бүтээлийнх нь лабораторид нэвтэрч асуух хэрэгтэй. Тэр зохиолыг яаж бичсэн, ямар зовлон бэрхшээл тохиолдсон гэдгийг уудалж гарга. Зохиолынх нь гүн рүү орж асуу. Ингэж чадвал үүнээс илүү үнэ цэнтэй юм үгүй. Тэр ярилцлага чинь хожмын судлаачдад хэрэг болно.

-“Миний багш гунигийн байшинд амьдардаг 
Мишигийн Цэдэндорж гуайн хөргөөр гэрээ гоёдог” гэж С.Наранчимэг шавь тань багшдаа зориулж шүлэглэсэн байх юм. Энэ шүлгэнд гардаг Мишигийн Цэдэндорж гуайн хөрөг ямар учиртай юм бэ?

-Цэ багш надад “Наран лугаа адил эрдмийг эрхэмлэ” гэж бичээд нэг зураг дурсгасан юм. Тэрийг манай хөгшин Москва явж ирэхдээ томоор угаалгаж ирсэн. Тэр зургийг л хэлээд байгаа хэрэг. 

-Гэрийнхээ хаана өлгөчихдөг юм бэ?

-Номын сангийнхаа дээр.

-Залуу уншигчдын хувьд бараг мартагдах шахсан, гэхдээ заавал уншвал зохилтой хэдэн ном санал болгооч.

-Гандигийн “Миний амьдрал”-ыг нэрлэнэ. Би жилд нэг удаа уншдаг юм. Энэ бол Ганди “Ганди” болсон түүх. Тэр юуг алдсан юм, юуг оносон юм, юуны төлөө явсан юм гэдгийг мэдэж болно. Энэ номноос сурах юм их бий. Хэрхэн буун дуу гаргалгүй хувьсгал хийх, хэрхэн хүнийг гэгээрүүлж хувьсгал хийхийг Ганди үйл амьдралаараа нотлон харуулсан. Одоо жишээ нь, Монгол орныг өөд татъя гэвэл хамгийн түрүүнд монголчуудыг тэнэгрэлээс салгах хэрэгтэй. Мэдээж хүнийг гэгээрүүлэх амар биш. Гэхдээ шаахай өмсөж, мод тулсан нүцгэн нөхөр Энэтхэгийг байлдан дагуулж дөнгөсөн шүү дээ.

-Бие даан эхлэн бичигч нарт та зөвлөгөө өгөөч. Таны хариултыг орчин үеийн боловсролын нэршлээр “зайны сургалт” гэж нэрлэж болох юм. Эх хэлээ яаж гаргууд эзэмших вэ?

-Саяхан бүх туулийг багтаасан 12 боть ном гарсан даа. Тэндээс аль нэгийг нь сонгож аваад өдөр бүр дөрвөн мөр тууль цээжил. Ганц ботийг цээжилчихэд л монгол хэл чинь төгс болно. Туулийн ном олдохгүй байвал ардын дууны түүврээс цээжил. Тэнд амьд хэл байгаа. Хоёрдугаарт өдөрт таван шүлэг бич. Тэр таван шүлэг чамайг яруу найрагч болгоно. 

-Ер нь ажиглаад байхад, багаасаа шүлэг бичиж өссөн хүмүүс туурвилзүйн олон төрлөөр жигд сайн туурвих юм. Сэтгүүлч болсон ч, орчуулга оролдсон ч сайчуудын эгнээнд үргэлж нэрлэгддэг. Яруу найраг бол бичих эрдмийн суурь гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яруу найраг бол хүний сэтгэлгээний оргил юм. Тийм учраас бүх юманд сургадаг. Уншиж, бодож, сэтгэхэд сургадаг. Япончууд өнөөг хүртэл хайкугаа цээжлүүлдэг, утгыг нь тайлуулж эсээ бичүүлээд байдаг нь ийм учиртай. Гэтэл манайд “Миний нутаг”-ийг цээжээр уншчих хүүхэд хэд байгаа бол! Энэ мэтээр бид юм бүхэнд дэндүү хагас дутуу хандаж байна. Ардын дуугаа хагас мэднэ, шүлгээ хагас мэднэ. Эцэстээ бүх юм хагас гэдэг чинь хөгжил хагас байх нь аргагүй. 

-Та олон шавьтай хүн. Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь зохиолч хүнийг ирлэж хурцалж өгдөг юм бэ?

-Хүнийг урам ирлэдэг. Бас зөөлөн хэлсэн шүүмж ирлэнэ. Гэхдээ шүүмжлэлийг хатуу хэлэх муу. Хатуу хэлбэл мохчихдог. Би ер нь шавь нараа муулж үзээгүй.

-Жишээ нь би эхлэн бичигчийн хувьд, хатуу шүүмжлэлд дахин өндийхөөргүй няц дарагдаж, халуун дулаан үгэнд урам ороод байх шиг санагддаг.

-Хүнээсээ болдог. Магтаалд урамшдаг хүн гэж бий, шүүмжлэлд гутардаг хүн гэж бий. Хүнд нь тааруулах хэрэгтэй. Яруу найрагч ч тэр, ер нь билгийн чанарт хүрсэн хүмүүс эмзэг талдаа байдаг. 

-Ганц хүний авьяасыг нээнэ гэдэг хүн төрөлхтнийг аврахтай адил гэж та хэлжээ. Дараагийн авьяастныг та нээж олсон уу?

-Авьяастай хүүхдийг багаас нь л нээж олох хэрэгтэй. Авьяастай ч нэгэнт залхуурч сурсан бол цаашид ямар ч найдваргүй.

-“Миний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй 
Миний амьдардаг ертөнцөд ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг 
Миний амьдардаг ертөнцөд ус нь уруугаа биш өөдөө урсдаг 
Миний амьдардаг ертөнцөд шувууд нь мөлхөж явдаг 
Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг.” 
Энэ шүлгийг эхлээд уншихад Д.Нямсүрэн найрагчийн “Амитаба” шиг хөвсөлзсөн гунигтай аялгуу мэдрэгддэг боловч тогтож, ойлгож уншуут цөхрөнги, гөжүүд, цаг үеэ эрс шүүсэн гансранги мэдрэмж төрдөг. “Шүлгийг далд санаатай бичихийн тулд их бодох учиртай” гэх Бэгзийн Явуухулан гуайн үг таны тэмдэглэлд дурдагддаг шүү дээ. Энэ шүлгийн далд санаа юу юм бэ?

-Энэ шүлгийг гэнэтхэн л биччихсэн. Би юун тухай өгүүлж буйг нь одоо ч мэддэггүй. Хүмүүс энэ шүлгийг л сайн шүлэг гээд байдаг юм. Ер нь шүлэг тэгж төрдөг жамтай байх шүү. 

-Өдгөө юу таныг гансруулж байна вэ?

-Хүн төрөлхтний хувь заяа л их гансруулж байна даа. Энэ гараг дээр долоон тэрбум хүн цөм сайхан амьдарч болох л байсан. Бас Монголын гурван сая хүн цөм сайхан амьдарч болох л байсан. Гэвч тэр арга замаа олсонгүй дээ. 

-Тэгвэл юу таныг догдлуулж байна вэ?

-Монголын ард түмний өв соёл л догдлуулдаг даа. 

-Та туулсан амьдралаа хэр дурсах юм?

Ер нь дурсана шүү. Гэхдээ би ганц л юм хэлье. Хүнд ойлгогдохгүй амьдрах, хүн намайг ойлгохгүй байх шиг хэцүү зүйл амьдралд үгүй юм билээ. Тийм ойлгомжгүй явсаар л 72 жил боллоо доо. Ойлгосон хүмүүс гэвэл ганц хоёр байдаг л байх. Нийтээрээ бол Нямаа гэж ямар хүн гэдгийг бараг л мэдэхгүй дээ. Гэвч энэ нь нэг талаараа ашигтай. Хүнд ойлгогдохгүй явсан хүн бусдыг ойлгож, харин ойлгомжтой явсан хүн бусдыг ойлгодоггүй юм билээ. Ийм нэг зүй тогтол хүний амьдралд байх шиг.

-Зохиолч хүнд өдий насанд юу хань болдог юм бэ?

-Ном.


Бидний яриа энэ богинохон хариултаар өндөрлөсөн. Л.Нямаа гуай өглөө босчихоод л зөвхөн өөрийгөө өрдөж суудаг нэгэн биш гэдгийг энэхүү ярилцлагаас нэлээд хэд хоногийн хойно, гэрийнх нь номын санг очиж үзэхдээ олж мэдсэн юм. Түүний номын сан хэзээ ч дундардаггүй гэнэ. Улаанбаатарт ирж суурьшихынхаа урьдаар нэгэн мянга гаруй номоо нутгийнхаа сургуульд үлдээсэн ч өдгөө түүний номын санг зэрвэс ажваас хэчнээн тасдаж тайрсан ч үндэс нь газарт гүн суусан л бол өөрөө өсч ургачихдаг ургамал шиг улам арвижин тэлж буй нь илт. Номын тавиур нь давхарласан олон номоо даахгүй гулдайж хотойжээ. Тэр бусдад харамгүй өгдөг шигээ бусдаас ч бас харамгүй авдаг гэнэ. Уншигчийн уулзалт, номын нээлтэн дээр очих бүртээ бараг цүнх дүүрэн номтой болоод харьдаг гэж хуучилсан. Сүүлд гэрт нь болсон бидний яриа ид дундаа үргэлжлэн байтал Л.Нямаа гуай “Би чамд өгөх хоёр номоо бэлдчихсэн. Тэр байна” гээд өрөөний булангийн жижигхэн ширээн дээр давхарлан тавьчихсан хатуу хавтастай хоёр орос номыг заав. Нэг нь Владимир Набоковын “Круг”. Нөгөөх нь “Жизнь и творчество О.Э.Мандельштама.” Номондоо туйлын харам, бараг бүх номоо тоосонд идүүлэхгүйн тулд гялгар уутаар баринтаглаад боочихсон надад Л.Нямаа гуайн энэ зан гойд хачирхалтай, этгээд санагдсанаа нуух юун. “Номон дээр гарын үсгээ зурсан болоод дурсгачихаж болохгүй. Заавал хэрэгтэй үг бичиж бай гэж би шавь нартаа захидаг юм” гэж ярингаа мөнөөх Мандельштамаа дэлгэн “Энэ Мантельштам танайд очиж амьдаръя гэнээ, ёсоор болгов” гэж бичээд Л.Нямаа гэх гарын үсгээ таталгав. Гэтэл цэнхэр үзгээр бичсэний хажууханд монгол бичгээр тун нямбай бичсэн нэгэн гарын үсэг харагдсан нь Нямбуугийн Нямдорж гуайнх байлаа. “Энэ номыг Н.Нямдорж над дурсгасан юм. Одоо чамд очих нь дээ” гэж хэлэхэд нь энэхүү номыг би бүхий л насаараа нандигнан хадгалж чадна гэдгээ итгэл төгс мэдэж байсан ч хэзээ нэг өдөр, хожим би өвгөн сэтгүүлч болсон хойноо надтай ярилцахаар ирсэн хэн нэг залуу сэтгүүлчид дурсгаж чадах болов уу гэж өөрөөсөө асуугаад дорвитой хариулт олоогүй. Магадгүй би хэн нэгэнд харамгүй өгч чадах үедээ л Л.Нямаа гуайг илүү сайн ойлгох биз. Тэрээр бүхий л амьдралынхаа турш зөвхөн ном гээч “эрээлжилсэн мөрүүдтэй давхарласан цаас”-ыг бусдад өгч байсангүй, ном гэх эрдэм ухааныг, бодитой оршдоггүй хэрнээ “бодит” бодол ухаарлыг бусдад түгээсэн юм. Өөрийгөө дулаацуулахын тулд өөрийгөө шатааж дуусгадаг хүн тэр биш ээ. 

Орос бичигтэй лонх архиа хундаганд “юүлэхэд” нь “Ер нь зохиолч хүн уух ёстой байдаг уу?” гэж асуутал Нямаа гуай хачин жигтэй харснаа “Битгий ийм тэнэг юм асууж бай. Уух ёстой юу гэдэг чинь юу гэсэн үг юм?” гэж хэлмэгцээ харц нь зөөлрөн, инээмээр аядаад “Уух ёстой биш, уух шаардлага гардаг юм. Гол нь биеэ золиосолж ууж болохгүй” гэж хэлсэн. Тэгмэгцээ оюутан насныхаа анд нөхдийг дурсан “Тэд маань бүгдээрээ байхгүй. Хамгийн муу, хамгийн авьяасгүй нь л үлдэж дээ” хэмээн харуусангуй өгүүлж билээ. Намайг тэднийхээс гарахын өмнөхөн Л.Нямаа гуай “Монголчууд үнэт зүйлээ алдаж байна гэсэн санааг минь ярилцлагадаа заавал тусгана шүү. Энэ миний захиас болог” гэж хэлсэн. 

Би өнөөх өргөн чөлөөгөөр уухилан урагшлах урт автобусны арын суудлуудын нэгэнд тухалчихаад төв талбайн буудал дээр буулаа. Харанхуй өтгөрчээ. Тавиад жилийн урьдаар яг ийм хаврын сайхан орой Л.Нямаа гуай их сургуулийн оюутан байхдаа Га багшийгаа даган Сүхбаатарын талбайг гурвантаа тойрон утга зохиолын тухай хүүрнэлддэг байсан шиг би ч бас Сүхбаатарын талбайг гурав тойроод Га, Да, Ри багшийн өргөө гэр байрлаж асан их сургуулийн баруун талын арктай байранд очиж үзсэн. Энэ орой би бараг 10 цаг дөхөж байх үед гэртээ харьж билээ. Гэр лүүгээ удаан алхсан. Гэрийн гадаа ирэхэд орцны минь үүдэн дээрх “өвгөн дэнлүү” намайг л хүлээж байсан мэт уйтгартайяа дүнсийн харагдсан. Сүүмийх гэрэл нь миний замыг харанхуйд харих бүрт гэрэлтүүлэх авч би түүнийг олон олон өдөр ер анзаарч байгаагүйгээ мэдсэн. Намайг гэртээ ороход өнөөх өвгөн дэнлүү дахиад хэн нэгний харих замыг гэрэлтүүлэхийн тулд ганцаар гадаа үлдсэн. Л.Нямаа гуай бол яг л ийм өвгөн дэнлүү. Тийм ээ, тэр утга зохиолын өвгөн дэнлүү.


Ярилцсан Э.ЭНХЦОЛМОН

Гэрэл зургийг Д.ЗОЛБОО