Дөрвөн настай дүүгийн цэцэрлэгээс "Содон ном" бүтээх даалгавар өгснийг өнгөрсөн хэд хоног хийж гүйцэтгэлээ. Дүү маань Энх-Од хэмээх гараг эрхсийн нэртэй учраас алсын оддоор хүрээлүүлсэн цэнхэр гарагийнхаа "хөрөг"-ийг нүүрний зургаар сонгов. Бас Францын зохиолч Сент-Экзюперийн бичсэн, бараг л манай гарагийн хүүхэд бүрийн мэддэг "Бяцхан ханхүү" номны дүрслэлийг дуурайв. Бяцхан ханхүү гав ганцаараа, өдрийн турш нар олонтаа манддаг жижигхээн гарагийнхаа дээр зогсчихсон байдаг бол бяцхан Энх-Од маань ч гэсэн амьдардаг гарагийнхаа "орой дээр" яагаад зогсож болохгүй гэж бодсон хэрэг.
Үнэнийг хэлэхэд Энх-Од маань супер, гоц хүүхэд биш ээ. Бусдын л адил эгэл жаал. Эцэг эх нь Солонгост ажилладаг, эмээ, эгч, ахтайгаа амьдардаг, дөрвөн настай ч тийм сайн хэлд ороогүй, зайрмагийг зайр гэж эндүү ташаа хэлдэг, аль нэг буланд дув дуугүй, томоотой суугаад л байвал ямар нэгэн болохгүй хэрэг заавал үйлдсэн байдаг, цай хоолоо гуйлгаж уудаг хэрнээ цаг орой болсон хойно гуйж юм иддэг, оройжин өвөр дамжин хэсдэг, унтахаараа сэрж өгдөггүй, сэрэхээрээ унтаж өгдөггүй тийм л нэг дэггүй жаал. Бусдын нүдээр бол тийм ч өхөөрдөм, хөөрхөн, сэтгэл татам биш ч манай гэрийнхний нүдээр бол тэр яг л энэ гарагийн цорын ганц "ханхүү" шиг л эрх дураараа аашилдаг нэгэн.
Өвөө нь цавуу нь хатуугүй шинэхэн номыг нь харчихаад шууд л мөнгөөр мялаасан бол Солонгост буй аав нь ном хийж буй сургаар "Эх хувийг нь би авна шүү" гэж захиалсан зэргийг тунгаавал ердөө ганцхан хувь л "хэвлэгдсэн" энэ ном бестселлер гэсэн шошготой байхаас ч өөр аргагүй байгаа биз. Харамсалтай нь, тэрхүү ганц хувь ном аавд нь ч, өвөөд нь ч биш, цэцэрлэгийнх нь багшид очсон.
Ингээд хэдэн зураг дарснаа блогтоо оруулж байна. Блог маань уншигчгүй ч гэсэн Энх-Од маань сахал нь ургасан томоо эр болсон хойноо энэ бичвэрийг уншаад, нээрээ надад зориулсан ийм ном байдаг юм байна шүү дээ гэж дурсаж болно шүү дээ. Бас бяцхан үрстээ ном хийхээр шийдсэн эцэг эхчүүдэд санаа сэдэл өгөх үүднээс зургуудыг постлохын зэрэгцээ хуудас бүр дэх онцлог шинжүүдийг сонирхуулав.
Сар дэлхийн төвтэй утсаар холбогдсон. Мөн Пуужинг огторгуйн уудам руу хөөргөж болно. |
Энх-Одын өвөө, эмээ, аав, ээж, ахынх нь зургууд. Намбарын Энхбаяр, Норовын Алтанхуягтай зургаа авхуулчихсан хүн шүү дээ. |
Номны ерөнхий хэв маяг нь зурган комик. |
Эрвээхэй, харилцан ярианы хэсгийг тусад нь хэвлэн шигтгэж өгсөн. |
Энх-Одыг дээш, доош нь хөдөлгөж болно. Ингэснээрээ номын сан руу бодитоор авирч буй юм шиг харагддаг. |
Шүүгээнүүдийн хаалга онгойдог төдийгүй цаана байгаа зүйлс яг бодитоороо харагддаг. Олон жилийн дараа Энх-Од ч, бид ч харахад их сонирхолтой санагдана байх. |
Энэ их сонирхолтой хэсэг. Энх-Одод янз бүрийн мэргэжлүүдийн хувцсыг өмсгөж харах боломжтой. |
Өвөө, эгч, ах нарынх нь сэтгэгдэл. Номын баркодыг бас гараар зурсан бөгөөд түүний төрсөн өдрийг бичсэн. |
- April 28, 2016
- 5 Comments