Хүйтний хязгаарт



Монголын хамгийн жиндүү сууринд зочилсон нь




Өвлийн сууринд хоёр зүйл өдөр ч, шөнө ч үл амсхийнэ. Нэг нь уурын зуух бол нөгөө нь Цаг уурын өртөө. Суурингийн хамгийн том уурын зуух байрлах навтгар тоосгон байшинд нэгдүгээр сарын хүйтэн жавраас зугтаан дулаацах гэж ороод “Ийм нүсэр зуухыг өдөр бүр асаахад их хэцүү байх даа” гэж сониучирхан асуухад минь галч эр учиргүй хөхөрснөө “Намар л нэг асаадаг даа. Ердийн пийшин шиг зомголоор л асаачихна. Ингээд нэгэнт ассан гал хавар хүртэл унтрахгүй” хэмээн тэнэгдүү асуултад минь цааргалалгүй хариулж билээ. Харин би хотоос гарахдаа л Цаг уурын өртөөгөөр заавал орно гэж төлөвлөсөн байв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв бол Монгол орны хамгийн хүйтэн суурин. Тэгвэл нэгдүгээр сар бол сумын төвийн хамгийн хүйтэн үе. Чухам энэ өдрүүдэд л уурын зуухнууд өдөржин шөнөжин хүйтнийг сөрдөг бол Цаг уурын өртөөнийхөн үдэд ч, үүрээр ч хүйтнийг бүртгэдэг юмсанж.
Сууринтай нас чацуу гэгдэх, гаднаас нь харахад бараг л бөглүү ойн гүнд л баймаар жижигхэн модон байшингийн ширмэн пийшинд хуурай мод “чад пад” гэж дуугаран дүрэлзэх зуур цаг уурч эмэгтэй өнгөрсөн өдрүүдийн агаарын хэмийг дэвтрээсээ нягтлаад “Гурван хоногийн өмнө (Нэгдүгээр сарын 18) өглөөний 8 цагт -44.7 хэм хүрсэн нь энэ өвлийн хамгийн хүйтэн тохиолдол” гэлээ. Гэвч 1969 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр -52.9 хэм хүрч байсантай харьцуулбал харин ч дулаан өвөл ажээ. 
Хүрээлсэн уулсын нөмөрт, Идэр голын хөвөөнд оршдог учраас голын жиндүү жавар уулс давж чадалгүй хөндийд өвөлждөг нь Тосонцэнгэлийг ер бишийн хүйтэн суурин болгожээ. Тиймээс нутгийнхан Тосонцэнгэлийг “жин хүйтэн газар” гэцгээнэ. Хайруу хүйтэн салхинаас ялгаатай нь жин хүйтэн агаар хүнийг дотроос нь дааруулдаг юм. Жиндлээ ч гэж ярих нь бий. Мөн салхи гарвал жавар арилна хэмээн хөгшчүүд хуучлахыг олон удаа сонсож билээ.
Нар тэртээ өндөрт хөөрсөн жин үдийн үед гадаа -32 хэмийн хүйтэн боловч эндхийнхэн ер бээрсэн шинжгүй. Залуус нь “Ойрд дулаахан л байна” хэмээн хэнэг ч үгүй хэлж байхад нас өндөр гарсан хашир өвгөчүүд “Одооны хүйтэн ч дээ” хэмээн голонгуй өгүүлнэ. Тэгсэн атлаа цасан дунд л өмсье гэж чирч ирсэн уулын гутлыг минь харчихаад “Зуны бажинктай даарна шүү” хэмээн сүйд болно.
Өвгөдийн яриагаар үнэхээр л хуучин цагт айхтар хүйтэрдэг байсан гэнэ. Гэхдээ хэр хүйтэрч байсныг хүн бүр өөрөөр ярих нь сонин. Зарим яриа нь яг л домог хууч мэт. Машины дугуй хага буудаж, үхрийн эвэр хуга хөлдөн, цайны дээж агаарт мөстөж, цас хашаа давтал хунгарладаг байлаа гэж хэлэхэд нь би “Яг үнэн юм уу” гэж ёс юм шиг асуудаг байв. Хөгшчүүд “Үнээн” л гэнэ.
Өвлийн салхигүй өдрүүдэд сууринг бүхэлд нь залгидаг өтгөн манан энэ бүх ярианы хамгийн оргил нь. Залуудаа байгаль хамгаалагчаар ажиллаж асан нэгэн өвгөжөөр эр багадаа үзсэн манангийн тухай дурсан ярихад Стивен Кингийн зөгнөлт зохиолд гардаг манант хот санаанд орж билээ. “Чи бод доо. Арван алхмын цаадах зүйл харагддаггүй байлаа. Машинууд өдрийн цагаар биенээ олж харалгүй мөргөлдөж байснаас гэрлээ өдөр ч асааж явахаас өөр аргагүйд хүрцгээсэн. Сургуулийн хүүхдүүд өглөө гэрээсээ гараад гудамжинд төөрөх нь энүүхэнд” гэсэн түүний яриа ер нь л итгэмээргүй. Учир нь Тосонцэнгэлд ирээд хоёр хоносон боловч би нэг ч удаа манан үзээгүй байв. Тэгсэн өнөөх эр “Салхи л жавар хөөчлөө” гэх нь тэр. Уг нь гурван хоногийн өмнө айхтар хүйтрэхэд хашаан доторх модон жорлон харагдахгүй болтлоо манантжээ. Гэсэн ч би манан үзэх хүртлээ энэ ярианд нь түр итгэхгүй байхаар шийдэв. 





Одоо бол Тосонцэнгэл тогтуухан байлаа. Тэнгэр үүлгүй, суурин аниргүй. Сумын төвийг нэвт зүссэн хар зам дагуух хоолны газар, хоршоо дэлгүүрүүд, социализмын үеийн бадрангуй түүхийг гэрчлэх аварга том үйлдвэрийн орхигдсон барилгууд, өргөгч краны зэвэрсэн араг яснууд, суурингаас зайдуу ганцаардмал орших онгоцны буудал зэрэг нь Тосонцэнгэлийг Монгол орны өргөн уудам нутаг дахь сумын төв хэмээх өдөр бүр нь ижилхэн өнгөрдөг жижигхэн суурингуудаас хахь ондоо харагдуулах ажээ. 


Өвлийн суурин


Нэгэн цагт хот гэгдэж асан Тосонцэнгэлийг өдгөө сумын төв гэхэд хэтэрхий том, бас хот гэхэд хэтэрхий жижиг юмсанж. Арга ч үгүй юм, өнгөрсөн цагт суурингийн хамгийн хүйтэн үе байсан шиг Тосонцэнгэлийн хамгийн өрнүүн үе бас л өнгөрсөнд буй. Заримдаа энэ суурингийн өнгөрснийг дурсана гэдэг өвгөд хөгшид гал шиг дүрэлзэж асан залуу цагаа эргэн дурсахтай адил санагддаг байв.
“Дал, наяад оны үед Тосон мөн ч сайхан байж дээ” гэх өдгөө 76 настай Ренчинжунай гуай хүйтнийг ч, хуучныг ч хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тосон, Цэнгэл гэсэн уулуудын нэрээр нэрийдсэн Тосонцэнгэл сумыг нутгийнхан зүгээр л Тосон хэмээн товчилдгийг түүний ярианаас ч анзаарч болохоор.
1960 он хүртэл Тосонцэнгэл сумын төв байрлаж буй энэ хөндий суурин иргэншлийн мөр хүрээгүй, зэлүүд атар нутаг байсныг Ренчинжунай гуай хуучлав. Идэрийн гол гатлах аргагүй гүнзгий, дээгүүрээ гүүр ч үгүй байж. Харин уул тойроод, холгүйхэн орших Булнай гэх суурин энэ хавийнхаа суурин соёлын төв байсан учраас тэрбээр дунд сургуульд сурахаар хөрш Идэр сумаас ийш нүүж иржээ.
Тэгтэл тал нутагт өрнөсөн социалист бүтээн байгуулалтын үрээр гурван жилийн дотор л өнөөх эзгүй хөндийд аварга том үйлдвэрийн цогцолбор, ажилчдын амьдрах сууцтай тохилог суурин сүндэрлэв. Яг л Дархан, Эрдэнэт, Налайх, Хөтөл шиг. Ийнхүү тэрхүү суурингаа бусдын л жишгээр хот хэмээн нэрлэв: Тосонцэнгэл хот. “Эхлээд гүүр барьсан” хэмээн Ренчинжунай гуай тэр үеийг дурссан юм.
Баруун таван аймгийг модон бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Хангайн нурууны ойн нөөц дээр тулгуурлан байгуулсан Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат суурингийн цохилох зүрх нь болсон учраас Тосон нойрсдоггүй хот гэгддэг байв. Өдөр ч, шөнө ч хөрөөний дуу суурин даяар цууриатан хангинах бөгөөд үйлдвэр яг л хормын төдийд ч үл амрах аварга машин шиг л ажиллах авай. Хэнри Фордын нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн шат дамжлага энд бол ойн гүнээс эхэлнэ. Эхлээд мод унагана, унагаасан модыг тээвэрлэнэ, тээвэрлэсэн модыг зүснэ, зүссэн модыг боловсруулна. Эцэст нь модон бүтээгдэхүүнээр тэвшээ дүүргэсэн ачааны тэргүүд Тосонг орхин одно. Өдөр бүр урт дараалал үүсдэг байсныг тосонгийнхон одоо ч дурссан хэвээр.
Комбинат зөвхөн мод зүсдэг гэвэл үгүй. Торх, дүнз, банзнаас гадна Тосонгийн мебель өнөөгийнхөөр бол Шведийн IKEA гэдэг шиг л алдартай байж. Тиймээс би Тосонд үйлдвэрлэсэн хуучны тавилга харчих санаатай ахмад настай хүмүүсээс нэлээд сурагласан ч тэр бүр санаснаар болсонгүй. Тэгтэл нэг удаа, суурингийн дундуур өнгөрдөг голын хуурай сайрын хойд талд байрлах Ренчинжунай гуайн гэрт зочлоход “Энэ чинь нөгөө Тосонгийн мебель шүү дээ” хэмээн модон байшингийнхаа буланд буй, тос даасан хүрэн шүүгээг зааж билээ. Он цагийн уртад элэгдэж хуучирсан энэ шүүгээг гэргийтэйгээ айл бүл болохдоо худалдаж авсан гэнэ.
Ренчинжунай гуай 60-аад оны хүйтнийг сайн санаж байсан бөгөөд “Амнаас гарсан уур сарррр... гэж дуугаран агаарт хөлддөг байсан” хэмээн сонирхуулав. Анхны охин нь төрсөн 1968 оны өвөл маш их цас унажээ. Хунгар цасны өмнө хүчит машинууд өвдөг сөхөрсөн гэдэг. Гэхдээ ганц л тэрэг бууж өгөөгүй нь хуучны 31 аж. “Самганыгаа 31-ээр л эмнэлэгт хүргэсэн юм даа” хэмээн тэрээр өгүүлэв.
Наяад онд комбинатийн боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж асан Ренчинжунай гуай модны үйлдвэр ид үедээ 1500-аад ажилтантай байсан гэв. “Модны үйлдвэр юм чинь ихэнх нь эрчүүд үү” гэж асуухад өвгөн дарга маань толгойгоо сэгсэрснээ “Хүйсийн харьцаа бараг л тэнцүү байсан даа. Илгээлтээр ирэгсдийн ихэнх нь ганц бие залуучууд. Эх орны хязгаар нутгуудаас ч ирж байв. Чухам энэ суурингаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон хосыг би мэднэ шүү” хэмээн хариулав.
Тосонгийн ихэнх айл өдгөө ч дөрвөн айлын сууцанд амьдардаг. Энэ нь дөрвөн буландаа хаалгатай, хаалга бүр нь тусдаа хашаатай нэг л том байшин юм. Өндөр цалин, социализмын бүтээн байгуулалт, шилмүүст ой бүхий үзэсгэлэнт энэ нутагт татагдан эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуу үеийнхэн сууринтай нас чацуу гэгдэх эдгээр модон байшингуудад анх суурьшиж эхэлжээ. Тийм болоод ч тэр үү, Тосонгийн уугуул хүнийг олоход тун бэрх. Хөрш Идэр сумаас л гэхэд 200 гаруй өрх энд суурьшиж байсныг Ренчинжунай гуай сайн санаж байлаа. Өдгөө ч гэсэн нутгийнхан “Манай Тосонд гаднынхан л гайгүй явах гээд байдаг юм даа” гэж маазарцгаана.
Тухайн үедээ Тосонцэнгэл арав мянга хол давсан хүн амтай багашаархан хот байжээ. Хүн ам нь одооныхоос ч их гэсэн үг л дээ. (Өдгөө 9000 орчим хүн амтай.) Гэхдээ өнөөдрийнх шиг ийм их хашаа хороотой байгаагүй аж. Ренчинжунай гуай бид хоёр суурин дундуур алхсаар нэг мэдсэн Цаг уурын өртөөний дэргэд ирэх үед тэрбээр “Суурин анх баригдахад Цаг уурын өртөө суурингаас зайдуу байсан бол одоо суурин өргөжсөөр Өртөөг маань гүйцжээ. Гэвч хүн ам нь хуучных шигээ тийм ч их биш байгаа нь цаанаа учиртай. Дээр үед нэг хашаанд л гэхэд хоёр гурван гэр, нэг байшинд л гэхэд нэлээд хэдэн айл цугтаа амьдардаг байсныг одоо яривал гайхах байлгүй. Тосонгийнхон тийм л найрсаг улсууд шүү дээ” гэв. Суурингийн хамгийн ид бахтай үеийн тухай баахан ярьсан тул Ренчинжунай гуай сэтгэл нь нэн хөдөлсөндөө намайг энэ хүртэл дөхүүлж өгсөн юм. Түүнд баяртай гэж хэлээд цааш алхахдаа сэтгэл дотроо багахан гуниг мэдэрлээ. Тосонгийнхон түүн шиг л улс байсан нь баараггүй.

Үнэхээр ч тосонгийнхон зочломтгой, бие биеэ түшиж дэмжихийн хувьд алдартай. Ажилдаа ч махруу хүмүүс. Хүйтэн жиндүү өвлийг хөвөнтэй хүрмээр л давчихдаг үйлдвэрийн ажилчид “Хүнтэй уулздаггүй долоо хоног, хөгжлөөс хоцорсон долоо хоног, хөнжилдөө ордоггүй долоо хоног” гэсэн хоржоонтой үгсээр өдөр хоногуудаа хуваан ангилж байсан нь өдгөө сонсоход сонин. Мөн Тосонгийнхон үйлдвэрээ эргэн дурсах бүрийдээ далан тавын рамны тухай заавал дурдана. “Яг юу юм бэ” гэхээр “Асар том хөрөө” гэцгээнэ. Ямар ч зузаан модыг зомгол цуулж буй мэт зүсээд л хаячихдаг эд гэж сайрхана. 


Тосонцэнгэлийн Мод бэлтгэлийн комбинатын орхигдсон барилга

Бадрангуй түүхийн гэрч болсон уриа лоозон бүхий хана

Ийнхүү зах хязгааргүй мэт үргэлжилсэн шилмүүст ойн хөвөөнд орших энэ бяцхан хот 90-ээд он хүртэл, коммунист сурах бичигт үлгэр жишээ болгодог Роберт Оуэний нийтийн коммун, Томас Моорын Утопи арал шиг л “нийтээрээ сэтгэл хангалуун амьдардаг социалист суурин” байснаа нэг л өдөр үйлдвэр нь хаагдахтай зэрэгцэн хөгжил дэвшлийнх нь гал бөхжээ. Модон бүтээгдэхүүнээ наймаалж борлуулах зах зээлгүй болсноос зөвхөн Тосонг л зорьдог асан ачааны тэрэгний урт цуваа үзэгдэхээ болив. Гучин жилийн турш сууринг цахилгаанаар хангаж ирсэн дизель станцын сүүлчийн амьсгаа тасрахад хүмүүсийн итгэл найдвар ч бас унтарчээ. Сууринг тэгэхэд л харанхуй нөмөрсөн юм.
90-ээд оны эхнээс саяхныг хүртэл оройн бүрийгээс шөнө дунд хүртэлх хэдхэн цагийн хугацаанд цахилгаантай байж дадсан тосонгийнхон хөргөгчөө хот руу илгээж эхэлсэн гэдэг. Саяхан л хөрөөний дуу тасралтгүй хангинаж байсан үйлдвэрийн асар том байгууламжууд эзгүйрч хоосроход ажилчдын ихэнх нь Тосонг орхижээ. Хөрөө рам, хүнд даацын машинууд ч эзнээ даган одов. Өвөл болж цасаар шуурмагц нам гүм, харанхуй сууринд хүрнэ гэдэг Хойд туйлын буйд судалгааны баазад хүрэх гэж буй мэт хүндрэл бэрхшээлтэй болдгийг нутгийн жолооч нар андахгүй. Үүнээс гадна сууринг Булнай сумтай нэгтгэж Тосонцэнгэл сум гэж нэрийдэх болсноор хуучны хот статус бадрангуй түүхтэй нь хамт бүдгэрэн мартагдав.
“Одоо ч Тосонг гагц хүйтнээр нь л хүмүүс мэдэх юм даа” гэсэн нутгийн залуугийн үг бараг л үнэн билээ. Өнгөрсөн түүхээс нь үртэс, зомгол, тайрдас төдийхөн л үлдсэн балгас мэт барилгуудын нар хөшиглөн туссан хоосон танхимуудаар ганцаар алхаж явахдаа “Нээрээ л Тосонд ер бусын том үйлдвэр байсан юм байна” гэдэгт итгэсэн юм даг. Угтаа бол Тосонгийн үйлдвэрийг биш, хүйтнийг л зорьж би энд ирсэн юм шүү дээ.
Гэсэн ч эндхийн залуу үеийнхэн Тосонгийн алтан үе өнөөдөр гэдэгт итгэдэг. Хэдхэн жилийн өмнө сумын төв засмал зам, цахилгаантай холбогдсон тул Улаанбаатарын гял цал дэлгүүрээс шинэхэн хөргөгч худалдаж аваад төрөлх сууриндаа авчрах нь сайндаа л бүтэн өдрийн ажил болж хувирав. Ийнхүү суурин ч томрох нь тэр. Эзэнгүй газрууд хашаагаар дүүрч, энд тэнд хоёр давхар үйлчилгээний газрууд харагдана. Хөрсөн доороо мөнх цэвдэггүйсэн бол үүнээс өндрийг босгох хүсэл, боломж тосонгийнхонд бий. Гэвч эрдэмтэн судлаачид гурван давхраас дээш барьж болохгүйг анхааруулсаар байхад одоо яалтай ч билээ.

Баруун аймгуудыг зорьдог зангилаа замын яг дунд оршдог учраас хот хүрээ бараадсан тосонгийнхон нутагтаа эргэн ирж буй өдий төдий жишээг эндхийн хүн бүр хэлж чадна. Сонин хачин яриа суурин даяар салхи мэт л тархдаг боловч иймэрхүү нүүдэл суудлын ярианд нутгийнхан бахархангуй хандана. Ахлах ангийн сурагчид бүгдээрээ шахуу Улаанбаатар орж үзсэн, бас сургуулиа төгсөөд хот руу явах мөртлөө “Очоод хийх юм олдохгүй уйтгартай юм билээ” хэмээн нутагтаа хоргодно.


Худагны хүү болон дулаан гаражны манаач эр.


Ер нь сумын төвд ямар нэгэн тэмцээн уралдаан, концерт наадам зохионо гэдэг хотынхны гэр бүлийн цугларалтаас ч илүү амар бөгөөд хурдан бүтэх нь гайхалтай. Би нэгэн жавартай орой Соёлын төвийн хуучин модон сандалтай үзвэрийн танхимд төрөлх сууриндаа өвлийн амралтаараа ирсэн оюутан сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Ямар ч зарлалын самбаргүй энэ концертыг бараг л суурин даяараа мэдсэн нь сонин. Өмнө нь би Ховд аймгийн Буянт сумын соёлын төвд бас яг ийм тоглолт үзэж билээ. Яагаад ч юм, хоёуланд нь яг ижил догдлолыг мэдэрсэн юм даг. Тайзны гэрэл харанхуйтай уусан сүлэлдэх нь үл мэдэгхэн манан татсан мэт ер бусын сэтгэл татам орон зайг бий болгодог сон. Яг л тамхины утаа агаарт манантсан жижигхэн жааз клуб шиг.
Суудал нь пиг дүүрэн, үзэгчид нь бүгд нэгнээ таньдаг ийм концертыг хотынхны гялгар тайз бүхий нүсэр тоглолтуудтай яавч харьцуулшгүй. Гэвч энд нэг л тийм, сэтгэл татам зүйл байдаг. Тоглолт дууссаны дараа үзэгчид үдшийн жавар хургасан бүүдгэр гудамжнууд руу уусан алга болоход би ч бас тэдний адил буусан айлынхаа гэрийн эзний хамт харанхуйд алхах зуураа тэрхүү сэтгэл татам зүйлийн талаар эргэцүүлж явлаа. Бас өнөөх манангийн тухай ч бодов.
Тэгтэл маргааш нь ахиад л манан татсангүй. Уурын зуухнуудын яндан, эргэн тойрны уулс шилэн хоргон дотор буй мэт тов тодорхой үзэгдэнэ. “Манан татах л болно доо. Уг нь хэдэн хоногийн өмнө ирсэн бол манан үзэх л байлаа” хэмээн намайг үгээр тайвшруулах гэрийн эзэн энэ өглөө надад өөрийн өмсдөг монгол гутлаа өгөөд “Зуны бажинктай хөлөө хөлдөөнө шүү” гэв. Тэгмэгц нь би даарахаараа нөмөрнө гэж авчирсан үстэй дээлээ үүргэвчнээсээ гаргаад өмсчихлөө.
Уг нь би Тосонг орос гэрэл зурагчны бүтээлээс зургий нь хараад ер бусын юм гээч хэмээн баахан догдолж байсан Хойд мөсөн далайн ганцаардмал цаг уурчийн зэлүүд арал шиг харь хөндий, кинон дээрээс л ахуй амьдралы нь сонжин харж байсан Аляск, алс Сибирийн цасан дундах бөглүү тосгод шиг их цастай гэж төсөөлж байлаа. Харин өөрийгөө адал явдлын хайгуулч, эрэлхэг сэтгүүлч, харийн жуулчидтай зүйрлэнэ. Гэтэл монгол дээл, монгол гутал өмссөний дараа өөрийгөө би зүгээр л ердийн нэг сумын төвийн ерийн нэгэн залуу шиг л санав. Тосон ч гэсэн нар үздэггүй хойд туйлын тосгон шиг санагдсангүй. Нүүдэлчдийн хувьд суурин амьдралын хамгийн ойр хэлбэр болох сумын төв гэдгээр нь л Тосонг харах болсон юм. Гэхдээ тэсгим хүйтэн, модны үйлдвэрээс өөр олон сонирхолтой зүйлс одоогийн Тосонд бий гэдгийг тэр өдрөөс хойш би мэдэж авсан билээ.

Нью-Йоркод шар такси байдаг бол Тосонд TAXI гэсэн соронзон хаягтай хөлсний тэргүүд холхилддог. Таксины жолооч нар тэрийгээ “симпорт” гэнэ. Такси бүр нь симпорттой байгаа нь бараг л Улаанбаатарынханд үлгэр дуурайл үзүүлмээр. Төсөөлөөд үз л дээ, гудамжаар нь такси сүлжилддэг сумын төв өөр байдаг болов уу? Энэ тийм ч сонирхууштай зүйл биш гэж үзвэл бяцхан хүүхдүүдийг өглөө оройд гэр, цэцэрлэгт нь хүргэж өгдөг, дэлгүүрээс бараа, худгаас ус дуудлагаар дөхүүлдэг, утсаар ярих төдийд л хашааных нь гадаа бэлэн зогсож байдаг, хүссэн зүйлээ хэн нэгэнд яг л шуудан шиг илгээж болдог Тосонгийн таксиг Улаанбаатарынх байтугай өөр ямар ч улсын такситай харьцуулах аргагүй. 


Таксины жолооч

Энэ өдөр би Тосонгийн таксигаар сумын төвийнхний Гандан гэж нэрлэдэг буддын хийдэд зочлов. Такси суурингийн хаана ч хүрсэн нэг мянган төгрөг. Цагаан өнгийн, симпорттой тэрэгтэй жолооч эр “Тосонд 40-50 такси бий. Гэхдээ яг идэвхтэй явдаг нь 30 орчим. Өвлийн улиралд такси улам олширдог. Харин зун голын эрэг рүү шар айраг тээвэрлэх зэргээр бас л завгүй дээ” хэмээн надтай хөөрөлдөх зуураа хийдийг биечлэн танилцуулж, буцаад ирсэн газарт минь хүргэж өгөхдөө ер цааргалаагүй юм даг. Түүнээс “Сумын төв атлаа яагаад ийм олон такси байдаг юм бэ” гэж асуухад “Тосон бусад сумын төвийг бодвол хамаагүй том, бас хүйтэн” гэв.

Хэдэн жилийн өмнө нүсэр том талбайг хамарсан ойн түймэр ойр хавийн ууланд дэгджээ. Шатсан ойг даруй цэвэрлэх шаардлага гарсны улмаас Тосонд 90-ээд онд унтарсан модны хөрөө дахин дуугарч эхэлсэн байна. Худалч хүн бол суурингийн хоёр эр тутмын нэг нь “Юу хийдэг вэ” гэсэн асуултад “Өө, хөрөө рам” гэж хариулахвий. Эрчүүд ихэнхдээ хөрөөн дээр ажилладаг ч өвлийн улиралд ихэнх нь сул зогсдог. Уулнаас мод бэлтгэх, тээвэрлэх, зүсэх зэрэг нь Комбинатын үеийн хуучин арга барилтай яг адил боловч бүтээгдэхүүн нь торх, дүнз, банз, түлээний мод төдийхнөөр л хязгаарлагддаг аж. Улаанбаатар хотын гэр хороололд худалдаалдаг шуудайтай модны зарим нь Тосонгийнх гэдгийг “шинэ цагийн модны үйлдвэрийнхэн” онцолж байлаа. Зун болмогц суурин даяар хөрөөн дуу хангинадаг боловч үе үе Тосонгоос мод гарахыг хориглочихдог гэнэ. “Тэр үед суурингийн амьдрал илт мууддаг шүү” хэмээн эндхийн хамгийн том хөрөө рамны эзэн, нутаг орныхондоо ихэд хүндлэгддэг Ч.Бат-Өлзий гуай ярьсан юм. Төрийн албаныхан, замын гуанз, дэлгүүрийнхнийг эс тооцвол мод, жимс хоёр л Тосонгийн гол амьжиргаа ажээ.


Өнөө цагийн хөрөө рамныхан


Тосонд ирсэн хүн Л.Цэнд гэсэн нэрийг олон удаа сонсдог. Сумын төвийн ууган сургууль хүртэл түүний нэрэмжит юм билээ. Учрыг асуувал ард олны дунд хэлмэгдсэн гэж яригддаг, МАХН-ын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, АИХ-ын депутат, АИХ-ын дарга асан Лувсанцэрэнгийн Цэнд аж. “Эрх тушаал хөөцөлдөж, намч биш үйл ажиллагаа явуулсан” гэсэн ял тулгаж, бүхий л албан тушаалаас нь огцруулсны дараа буюу 1964 оны 1-р сард түүнийг Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар “цөлжээ”. Комбинат 1963 оны намар ашиглалтад орсон гэхээр тэрбээр ердөө хэдхэн сарын дараа л Тосонд ирж шүү дээ. Оюутан ахуй цагаасаа өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг асан Л.Цэнд гуай тэмдэглэлийн дэвтэртээ “1964 оны нэгдүгээр сарын 10. Тосонцэнгэлд ажиллахаар ирсэн анхны өдөр. Өчигдөр орой 20.30-д нөхөр Зулын хамт ирэв. Зочид буудлын 26 номерт буув. Шөнө нь нэлээд сэрүүн хонож өглөө 7-д босов...” гэж бичсэн нь соньхон. Түүнийг тосонгийн хөгшчүүд “Үйлдвэрийг хөл дээр нь босгосон лут хүн дээ” гэж ярих нь олонтой. Цас шуурчихаар давж дийлддэггүй Солонготын давааг Л.Цэнд гуай л зассан гэж ярина. Түүний хорин жилийн дараа бичсэн бас нэг тэмдэглэл бий. “1984 оны гуравдугаар сарын 13. Өвлөөс хойш цаг их явжээ. Урь унаж мөс харлаад улиас бургасны гөлөг хөөж бүр хаврын шинж оржээ. Арга ч үгүй биз. Хаврын дунд сар бараг дундалж байхад.”


Л.Цэндийн нэрэмжит сургууль

Тосонд зун болох нь үнэхээр сайхан. Хүйтэн суурин нэг л мэдэхэд “Жимсний орон” болж хувирдаг. Таксинууд ой руу жимс түүхээр явж буй хүүхэд, хөгшид гээд тосонгийнхныг зөөгөөд завгүй. Идэрийн гол хоржигнон урсаж, цасан хөндий нов ногоон болдог. Голын хүйтэн жавар зуны сууринг сэрүүцүүлэх нь таатай. Гэвч нэгдүгээр сар ч шувтрах болоогүй тул зун хүртэл хол зай байна. Айлуудын пийшинд мод дүрэлзсээр. Хуурай модны шатах чимээ нэг л танил санагддаг болжээ. Эндхийнхэн ер нь л нүүрс түлж харагдахгүй юм. Бүгд л том том түлээний мод пийшин рүүгээ чулуудна. Гагцхүү дүрэлзэн асах галаас өөр юу хүйтнийг ингэж сөрж чадах билээ дээ?

Устай төмөр торх морин тэргэн дээр аччихаад гудамжаар ундны ус түгээдэг нэгэн хижээлдүү эртэй зам дээр тааралдав. Усаа гоожуулдаг урт шаланкных нь угт байх төмөр цорго тэсгим хүйтэнд байнга хөлдчих гээд байдаг тул хувин өлгөөд дотор нь гал түлжээ. Түүнтэй хамт сууринг тойрлоо. Хүрэн морьтой болохоор нь зарим хүмүүс түүнийг “Хүрэн морин тэрэгч” гэж дууддаг байна. Алхсаар тэдний гэрт хүрэхэд нэгэн жаал хүү гэрийнхнээсээ нуугдаж байгаад хоёр чихээ хөлдөөчихөж гэсэн муу мэдээ биднийг угтав. Тосон ийм л хүйтэн газар. Ингээд эмнэлэг ортол мэс заслын тасгийн өрөөнд хүү байдгаараа орилж байв. Хөлдсөн чих гэсэхээрээ тэсэхийн аргагүй өвддөг ажээ. Эмчээс нь хүүгийн биеийг асуутал “Одоо айлтгүй ээ. Тэр зүгээр болно” гэлээ. Өнөөх ах руу утасдаж хүүгийн тухай хэлтэл “Ашгүй дээ” хэмээн ихэд баярлаж билээ. Намайг яван явтал ердөө нэг л удаа уулзсан тэр ах өдөр бүр над руу ярьдаг байв. Тосонгийнхон ийм л чин сэтгэлээсээ улс.


Төгсөх ангийн сурагч М.Хосбаяр хэдэн жилийн өмнө аав ээжийгээ даган Улаанбаатараас Тосонд иржээ. Тэрээр “Эхний жил халуун шүршүүрээ л их санасан даа” гэсэн юм. Харин өдгөө тэрээр сумын төвийн амьдралд бүрмөсөн дассан төдийгүй сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч болжээ.

Сумын төвийн амьдрал үнэндээ уйтгартай биш л дээ. Цэцэрлэгээсээ харьж яваа аав, хүү хоёрын иймэрхүү хөгжилтэй дүр зургийг Улаанбаатарын хаанаас ч олж харахгүй шүү.
Бүрий хараахан болоогүй байхад би эндхийн уушны газарт халуун цай уухаар орлоо. Улаанбаатарын гудамжинд олон тааралддаг ирланд маягийн уушны газруудыг санагдуулам улаан модон ханатай энэ газрын бүх юм нь тохилог. Яг л Улаанбаатарт байгаа юм шиг л санагдав. Өвлийн амралтаараа ирсэн хотын оюутнууд уушны газрын булангийн ширээнд сууцгаажээ. Хэзээ ирсэн, хэзээ буцах тухай тэд ярилцана. Төдхөн цайгаа ууж дуусаад уушны газрын хойд хаалгаар гадагш гарахад хүйтэн жавар надтай зөрж, өөдөөс модон жорлон угтах нь Улаанбаатарт биш, алс хойд туйлд буй юм шиг нэг л ид шидийн, ер бус санагдав.
Гадаа тогтуухан байлаа. Өглөөний жин хүйтэн агаар уулгамч салхинд туугдан уул давах гэсэн боловч хүч баахан шавхагдаад бас үд нэгэнт хэлбийж үдшийн бүрий өтгөрсөн тул хөндийд хоноглохоор болжээ. Уурын зуухнаас утаа чанх дээшээ огторгуйн орчил руу олгойдсоор л байв. Энэ нь салхигүйн шинж бөгөөд тосонгийнхон салхигүй үдшийн маргааш манан татдагийг андахгүй. Хэрэв маргааш л манан татахгүй юм бол би манан харж чадалгүй хот руу буцахад хүрнэ. За яахав дээ, дараа харж болно шүү дээ хэмээн өөрийгөө тайвшруулав.
Буусан айл руугаа алхах замдаа лотте тоглодог навтгар байшингаар шагайж үзлээ. Тосонд муу нэртэй газар гэж үгүй. Гартаа ганц хоёр мянган төгрөг атгачихсан эрчүүдийг мөрийтэй тоглож байна гэж үзвэл Лотте л муу нэртэй газар нь байх даа хэмээн нэгэн эр надад энэ газрыг зааж өгсөн юм. Тэгснээ тэр эр “Гэхдээ чи тэдний дунд ороод хэсэгхэн зуур л байвал тийм ч муу газар биш гэдгийг өөрөө ойлгох болно оо” гэж билээ.
Байшин дотор дан эрчүүд. Ширээ тойрон суух тэд тоо бичсэн цаасан картаа гярхай ажих бөгөөд лоттений эзэн уутан дотроос гаргаж ирсэн тоонуудаа чангаар дуудна. Тэгэхдээ нэг оронтой тоо байвал “Ердөө хоёр, ердөө тав, ердөө ес” гэх зэргээр ихэд өвөрмөц хэлэх нь сонин. Хожсон нэг нь шагналын бүх мөнгөө бүгдэнд нь тараагаад өгөхийг хараад энд лав мөнгө хожих гэж биш, хөгжилдөх гэж ирдэг юм байна гэдгийг ойлгож билээ. Зууханд гал дүрэлзсэн дулаахан энэ байшин өөрийн хатуу дэг ёстой гэдэг нь илт анзаарагдав. Заавал гарч тамхилна. Бас яг зургаан цаг болоход л “Өнөөдрийн лоттег үүгээр дуусгая даа” гэх эзэн эрийн үгийг хэн ч сөрөхгүй. Нээрээ Лотте муу нэртэй газар биш юм билээ.
Унтахын өмнө олон ч зүйлийг эргэцүүлж бодов. Сумын төвийг яагаад уйтгартай гэдэг юм болоо гэж өөрөөсөө асуусан нь нэг нэгнээсээ хөвөрсөн олон асуултыг ургуулав. Амьдралд олон зүйл чухал л даа. Гэхдээ элбэг дэлбэг, ядуу тарчигийн аль нь ч байсан хүмүүс тайван амьдралыг л эрхэмлэдэг бололтой. Тийм учраас л амьдралыг таньж мэдсэн хамгийн мэргэн хүмүүс аглаг буйдад даяанчилдаг бус уу? Тэгэхээр сумын төв бол уйтгартай биш, амар амгалан газар юм байна. Хөгжил дэвшлийн нүргээн шуугианд хамгийн их түүртсэн хүмүүс л алс хол амар амгаланг эрдэг бус уу? Тэгвэл тэр хайж буй анир чимээгүй орон зай нь сумын төв ч байж болно шүү дээ. Аль нь ч байсан гэсэн, эндхийн хүн бүр төрөлх сууриндаа хайртай гэдгийг би алхам тутамдаа мэдэрсэн. “Эрхэлсэн ажилтай байвал л үүн шиг амар амгалан газар үгүй шүү дээ” гэсэн нэгэн багш эмэгтэйн үг одоо ч миний дотор амь бөхтэй хэвээр.

Ура! Өглөө манан татжээ. Би ойролцоох уул өөд өгсөөд эргэн тойрноо харвал суурин мананд хучигдсан байлаа. Бүх юм бүүдийн дүнсийх нь Улаанбаатарын утаатай өглөө шиг л харагдав. Энэ бол Тосонгийн манан. Нар дөнгөж цухуйх үед “Үүр, шөнийн заагаар ч биш, өглөө нар мандсаны дараа л манан хамгийн ихээр өтгөрч, агаар хамгийн ихээр хүйтэрдэг юм даа” гэсэн цаг уурч эмэгтэйн үгийг гэнэт саналаа. Энэ өдрийн хамгийн хүйтэн үе одоо болж байна. Нарны гэрэлд дэгдэн бүжих уур мананг уулан дээрээс ажингаа хэсэг суув.

Нэг цонхоор нь Тосонцэнгэл сумын төв, нөгөө цонхоор нь нисэх онгоцны талбай харагдсан энэ өрөөнд өдөр бүрийн цаг агаарын хэм бүртгэгддэг. Идэр голын яг хөвөөнд байдаг учраас зарим өдрүүдэд суурингаас ч хүйтэн байх нь бий.
Сэтгэл нэн хөөрч, буусан айлдаа иртэл тэд “Өнөөдрийн манан ч дээ” хэмээн голонгуй өгүүлсэн ч надад бол сайхан л санагдав. Цагаан сарын баяр ойртсон тул өнөөдөр эднийх буузаа хийхээр болжээ. Би л хэдэн хоног хүйтнийг, хуучныг сурагласан болохоос биш Тосонгийнхон ердийн л нэг сумын төвийн энгийн л нэг өдрүүдээ өнгөрөөж байж шүү дээ. Өнөөх амар амгалан амьдрал. Айл хотлоороо нэгнийдээ цуглан нэг мянга гаруй буузыг хэдхэн цагийн дотор л дуусгахыг хараад хотод бараг л мартагдах шахсан хүнлэг, найрсаг, нэг нэгнээ гэсэн чанар алга болоогүй юм байна гэдгийг ойлгосон. Үнэндээ тосонгийнхон дүрэлзэн асах гал шигээ халуун улс юм билээ. “Монголын хамгийн хүйтэн суурин биш юм байна. Тосон бол Монголын хамгийн халуун суурингуудын нэг.”

Орой нь намайг Тосонгоос хөдөлмөгц үдшийн манан өтгөрч эхлэв. Хэрэв хэн нэгэн энэхүү өвлийн сууринд ирэхээр шийдсэн бол би хоёр л зүйлийг заавал үзээрэй гэж аминчлан захих байсан. Тэр бол манан, бас хүмүүсийн бүлээн дулаан харилцаа.


Нийтлэл болон гэрэл зургийг Э.Энхцолмон

Бөмбөрцгийн зурагчин

Henri Cartier-Bresson (1908-2004)


Олон хүн түүнийг мэддэггүй бөгөөд тийм байлаа гээд ч тэдний буруу биш билээ. Нэг ч болов роман амьдралдаа уншиж үзээгүй хүн Жеймс Жойс, Марсель Прустыг мэдэхгүй байхтай бараг л адил юм.

Гэхдээ уншдаггүй байлаа ч гэсэн уран зохиолын хичээлийг ухамсарт амьдралынхаа эхнээс “албадан” заалгуулсан энэ үеийнхний хэн нэгэн нь Достоевский, Хэмингвэй, Марк Твейнийг дуулаагүй гэвэл ичгэвтэр хэрэг болох боловч Брессоныг сонсоогүй гэх ялд лав унахгүй. Аргагүй шүү дээ, гэрэл зургийн хичээл гэж орж байсан биш! Тэгсэн атлаа бид, өнөөх суут зохиолчид шигээ өдөр бүр тэмдэглэл хөтлөхийн оронд өдөр бүр зураг дардаг анхдагч үеийнхэн болжээ. Тэгсэн хэрнээ л түүнийг бид мэддэггүй.

Ингээд Францад мэндэлсэн ч нэр алдар нь нэг улсын хил хязгаарыг хэтрэн давсан домогт гэрэл зурагчин Анри Картье-Брессоны нэгэн ярилцлагаас товчлон хөрвүүлснээ дор толилуулъя. Хэрэв манай бөмбөрцөг магад ганцхан л зурагчинтай байх ёстой гэвэл тэр нь Брессон гэдэгт би лав эргэлзэхгүй байна.


Брессон: “Миний хувьд, гэрэл зураг гэдэг бол үйл явдлын хамгийн чухал хэсгийг олж, тэр нь тэрхүү өрнөн буй үйл явдлын голч агуулгыг яг таг өгүүлж буй эсэхийг секундээс ч бага хугацаанд тодорхойлохыг хэлдэг.

Гэрэл зураг бол сэтгэхүйн үйл явц юм. Бид эхлээд юуг илэрхийлэх вэ гэдгээ мэдсэн байх хэрэгтэй. Энэ бол тодорхой нэг асуудлыг тусгасан бидний төсөөлөл юм. Гэрэл зураг бол бичих, зурах, ноороглох үйл явц. Өдөр бүр хаа сайгүй л үйл явдал өрнөдөг. Бид соргог байж, аль нь чухал болохыг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол зүгээр л зөн. Бас мэдрэмж. Би чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй. Нэг л мэдэхэд товчлуур дарсан байдаг.

Гэрэл зурагт бүтээлчээр хандана гэдэг бол хоромхон зуурын хэрэг юм. Зураач бүхнийг урьдчилан нягталж болдог. Зохиолч ч гэсэн. Харин гэрэл зурагчин хамгийн шийдвэрлэх чухал агшныг үй олон үйл явдлын өрнөл дундаас сугалж гаргах хэрэгтэй болдог.

1930 онд намайг гэрэл зураг авч эхлэхэд зурагтай сэтгүүл ховор байв. Зураг худалдаж авдаг газар ч гэж байсангүй. Тиймээс би сонирхсон зүйлээ л авдаг байлаа. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг. Би одоо ч гэрэл зургийн тэмдэглэлээ хөтөлсөн хэвээр. Дараа нь, сэтгүүлүүд гарч ирсэн. Тэдэнд зориулж зураг авдаг боллоо. Гэсэн ч өөртөө зориулж ажиллах хэрэгтэй, хэзээд өөртөө зориулж, мөн өөрийгөө илэрхийлэхийн тулд зураг авах нь чухал. Гэхдээ сэтгүүлд ажилласнаар тэд чамайг дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын дунд аваачих болно. Мөн илүү өргөн цар хүрээгээр хүмүүст өөрийгөө харуулах боломжийг нээж өгдөг.

Ярилцагч: Сэтгүүлд зориулан зураг авах үед таны энэ чиг хандлага ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг үү? Эс бөгөөс өөрийнхөөрөө байдаг уу?

Брессон: Юуны түрүүнд сэтгүүлд зориулан өгүүлэх өөрийн түүхээ бүдүүвчлэн зураглах хэрэгтэй. Гэхдээ энэ нь сэтгүүлд зориулан ажиллаж байна гэсэн үг биш. Чи өөрийнхөө болон өгүүлэх гэж буй түүхийнхээ төлөө ажиллах юм.

Ярилцагч: Та олон оронд гэрэл зургийн сурвалжилга хийсэн. Аль нэг улс оронд очихдоо тэнд хэсэг хугацаагаар амьдардаг уу? Тухайн улс орны соёлыг ойлгохын тулд?

Брессон: Яарж ч болохгүй, удаж ч болохгүй. Энэ хооронд тухайн улс орны соёлыг ойлгох хэмжээний цаг гарна. Хүн бүрт тухайн орны талаар багахан төсөөлөл байдаг бөгөөд тухайн газар очоод урьдчилан төсөөлж байсан зүйлс үнэн, худал эсэхийг мэдэж болдог. Гэхдээ тэрхүү урьдчилсан төсөөлөл санаанаас тийм ч амар гардаггүй. Тэгэхээр бодит байдал эхэнд, дараа нь чиний сэтгэгдэл байх юм. Энэ бол маш чухал. Анхны сэтгэгдэл гэдэг бол хэн нэгний царайг анх удаа харж байгаа юм шиг хамгийн онцгой мэдрэмж.

Ярилцагч: Та тодорхой нэг жишээн дээр тайлбарлаач. Жишээ нь Энэтхэг орны талаар өрнөдийнхөн ер бусын сонин төсөөлөлтэй байдаг. Анх тэнд очоод тэрхүү төсөөлөл өөрчлөгдсөн үү? Мөн таны гэрэл зурагт хэрхэн нөлөөлсөн бэ?

Брессон: Өөрчлөлт гэнэтийн бус, бага багаар өрнөдөг. Гэнэт ч байж болно л доо. Тэнд удаан амьдраад, хүмүүстэй танилцаад, тэдэнтэй уулзаж нөхөрлөөд, яг л ижил түвшнээс харьцах хэрэгтэй. Юм бүхнийг шүүх хэрэггүй, хүмүүстэй ойр дотно байж дулаан бүлээн харилцаа тогтоо. Хүмүүстэй найрсаг бай. Ширүүн хийгээд төвөгтэйгөөр бүү харьц. Учир нь энэ бүхэн чамайг хаана эхэлсэн тэр газар чинь эргээгээд аваачиж ч мэдэх юм. Мөн юу мэдэрч буйгаа бусдад илэрхийл. Чамайг гайхшируулж, бас инээлгэж ч болно шүү дээ.

Ярилцагч: Тийм байж, та нэг дүр, эсвэл үйл явдлын өрнөлийг олон дахин авдаг уу? Эсвэл зөв агшныг хүлээдэг үү?

Брессон: Янз бүр. Тэгдэг гэсэн дүрэм байхгүй. Ер нь бол тухайн агшинд гярхай, чөлөөтэй байх хэрэгтэй.

Техник чадвар бол хийсвэр зүйл биш. Үүнийг тойрч өнгөрч болохгүй. Чиний техник чадвар гэдэг бол чи юу хэлэхийг хүсэж байна түүнийг чинь илэрхийлэх зэвсэг юм. Хэлэх гэснээ хэлэхийн тулд багаж хэрэгслээ сайн мэдэж, арга барилаа сайжруулах хэрэгтэй. Дурангаа мэдэж байх хэрэгтэй. Энэ нь тийм ч хэцүү биш. Үүнийг маш хурдан сурах хэрэгтэй. Энэ яг л бичгийн машин дээр харахгүйгээр бичихтэй адил. Хурдан бичиж сурсан үед зөвхөн юу бичихдээ л анхаарах болно. Гэрэл зураг гэдэг бол үүнтэй л ижил. Чи гэрэл хэмжигчээ харахгүйгээр мэддэг байх ёстой. Тогооч хүн хэр их давс хийснээ амсахгүйгээр мэддэг шиг л. Энэ бол зөн, бас мэдрэмж.

Ярилцагч: Гэрэл зурагчны хувьд хийхийг хүсч буй хамгийн үндсэн зүйл бол харилцаа гэж та хэлсэн.

Брессон: Тийм ээ, харилцаа бол хамгийн чухал зүйл. Эхлээд ямар нэгэн зүйл өг, дараа нь чиний өгсөн зүйлийг зөвшөөрч буй эсэхийг мэд.
Жишээ нь, чи хэн нэгэнд хайртай боллоо, тэгээд чамайг цааш түлхэхгүй бол чиний хайрыг зөвшөөрлөө гэсэн үг. Үүнийг л харилцаа гээд байгаа юм. Тиймээс ямар нэгэн зүйл өг.

Ярилцагч: Өг, тэгээд зөвшөөрөгдөх.

Брессон: Яг тийм. Гэхдээ энэ нь хүлээн зөвшөөрөгдөх гэсэн үг биш шүү.

Хүмүүс надаас ёс юм шиг нэг зүйл асуудаг. “Таны хамгийн дуртай зураг юу вэ гэж?” Миний хамгийн дуртай зураг бол дараагийн авах зураг юм. Бид өөрсдийнхөө бүтээлийн шүүмжлэгч биш шүү дээ. Юу чухал вэ гэвэл дараагийн сэдвээ бодох юм. Гэрэл зураг бол амьдрах хэв маяг. Миний хувьд камер бол миний хараа. Би үргэлж түүнийгээ авч явдаг. Гэхдээ бид хэрхэн амьдардаг, юунд дуртай, амьдралд хэрхэн ханддагаас энэ бүхэн шалтгаална. Хамгийн гол бид хэн бэ гэдгээс.

Нил Гейманы найман дүрэм



Өдгөө 55 настай Английн зохиолч Нил Гейман (Neil Gaiman) 15 настайдаа хийхийг хүсдэг зүйлсээ цаасан дээр буулгатал “томчуудын зохиол бичих, хүүхдийн ном бичих, комик бичих, кино зохиол бичих, Доктор Хэн-ийн ангиас бичих” гэсэн урт жагсаалт үүссэн гэдэг. 

Сансрын тоос, Булшны судар, Коралайн зэрэг номуудаараа хожим алдар нэрийг хүртсэн энэ зохиолч “Надад ямар нэгэн мэргэжил байгаагүй ээ. Би ердөө жагсаалтан дээрх зүйлсийг нэг нэгээр нь л хийсэн” хэмээн Английн Урлагийн их сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлж байв. Харин цахим орчинд нэлээд тархсан доорх 8 дүрэм бол түүний амьдралаас урган гарсан мөрдлөг бөгөөд бичих эрдэмд эхлэн суралцагчдын хувьд урам зоригоор тэтгэх үнэт үгс болсоор иржээ. 

Ингээд түүний бичсэн 8 дүрмийг орчуулан хүргэж байна. Нуршуу оршлоо “төгс болохоос нь өмнө” үүгээр бас эцэслэе дээ.

1. Бичиж эхэл.

2. Нэг үг бичлээ, араас нь өөр нэгийг бичлээ. Тохирох үг олоод ар араас нь бичээд л бай.

3. Бичвэрээ дуусга. Бүр дуусгахын тулд хэчнээн их чармайлт гаргах байсан ч заавал гүйцээ.

4. Түр март. Тэгээд өмнө нь ер уншиж байгаагүй мэт эргэн унш. Бас үзэл бодлыг нь хүндэтгэдэг, бичиж буй сэдвийг чинь сонирхож мэдэх дотнын найзууддаа уншуул.

5. Гэхдээ нэг зүйлийг санаж ав. Уншсан хүмүүс чинь нэг л зүйл болохгүй байгааг, эсвэл уншуургүй байна гэж хэлэх юм бол ихэнхдээ тэдний зөв байдаг. Харин хүмүүс яг юу нь болохгүй байгааг, мөн хэрхэн янзалж болохыг яг таг тодорхойлж байвал ихэнхдээ тэдний буруу байдаг.

6. Одоо бичвэрээ хяна. Гэхдээ дахиад нэг зүйлийг санаж авахад гэмгүй. Төгс болохоос нь өмнө бичвэрээ эцэслээд, дараагийнхыгаа бичиж эхлээрэй. Төгс болгоно гэдэг тэнгэрийн хаяаг мөшгөхтэй адил юм. Тиймээс зогсож биш, урагшилж байх нь чухал.

7. Бичсэн хошигнолдоо өөрөө инээ.

8. Бичиж сурах хамгийн чухал дүрэм бол өөртөө бүрэн дүүрэн итгэж л байвал юуг ч хийж чадна гэсэн үг юм. (Амьдралдаа энэ дүрмийг чандлан сахиж болох ч бичих эрдмийн хувьд хэзээд үнэн байсан юм шүү) Ингээд өгүүлэх түүхээ зайлшгүй бичих ёстой мэт бичиж байгаарай хэмээн эцэст нь сануулъя. Мөн дурлаж бичих хэрэгтэй, хамгийн сайнаараа өгүүлэх хэрэгтэй. Эдгээрээс өөр дүрэм бий гэдэгт эргэлзэж л байна. Байсан ч нэг их чухал биш болов уу. 

100 жилийн дараах зохиолч

Зохиолч Чинагийн Галсан

Энэ ярилцлагыг 2015 оны нэгдүгээр сард хийжээ. Чинагийн Галсан гуай Бэлхийн аманд байрлах герман маягийн авсаархан байшиндаа жил бүр өвөлждөг юм билээ. Хоёрдавхар дахь бичгийн өрөөнд нь түүнтэй хөөрөлдөж суухад маш зарчимч мөртлөө энгийн хүн юм шиг санагдсан. Уулзалт товлосон л бол цуцалж, хоцорч, өөрчилж болохгүй гэдгийг утсаар ярихад л шууд мэдрэгдэж байв. Харин ярилцаж байх үедээ бол маш нээлттэй хүн юм билээ. "Би чамд англи хэл сурч байгаа нэг номоо харуулъя" гэсэн нь бараг л үг бүрийн доогуур балын харандаагаар зураад, орчуулгы нь дэргэд нь биччихсэн Далай ламын Wisdom of Compassion ном байв. 

Ингээд ярилцлагыг таалан уншина уу! Энэ ярилцлагын дэлгэрэнгүй хувилбар өөр хаана ч хэвлэгдээгүй бөгөөд зөвхөн энэ блогоос л уншиж буйг дуулгахад таатай байна.


-  -  -

Түүний амьдрал бүхэлдээ зохиол юм. “Би зөвхөн өөрийн туулсан амьдралыг л хүүрнэдэг” хэмээн өгүүлэх зохиолч Чинагийн Галсан жирийн нэг малчны хүүгээс дэлхийн дайтай зохиолч болсон билээ. Монгол орны баруун хязгаар Алтай нутгаас алс хол Герман улсад суралцсан түүний амьдрал тэр чигтээ нүүдэл байв. Гэхдээ нүүдэлчдийн давтагдашгүй онцлогийн адил тэр нь дугараг нүүдэл байсан юм. Тэр эхэлсэн газраа эргээд л ирсэн. 

Төрөлх Монгол нутагтаа герман хэлээр зохиол бүтээлээ туурвиж байхдаа гагц монгол ахуйг ямар ч хээнцэр халхавчгүйгээр хатуу бэрхтэй нь дэлгэж, нүүдэлчдийн мөн чанарын гүнд юу нуугдан буйг монгол хүний дотоод сэтгэлийн торгон, гэгээлэг, нууцлаг бүхнээр хөндөж гаргаснаараа дэлхийн олон орны уншигчдыг соронзон мэт татсаар байна. Тийм ч учраас Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн анхны зохиолч болсон билээ.

Та хэдэн насандаа зохиолч болохоор шийдэж байв?

Би аравдугаар ангиа төгсөхдөө их нэртэй сурагч байлаа. Монголын Лермонтов болно гэсэн дэврүүн хөөрүү мөрөөдөлтэй. Усан шүлгүүд гэдэг чинь урсаж өгч байв. Авдар шүлэг бичээд хаячихсан. Тэгтэл тэр дэврүүн сэтгэлийн хажуугаар юу гараад ирсэн бэ гэхээр арав төгсөөд ерөөсөө хөдөө гарч бөө болно гэж бодсон.

Би чинь бичиг үсэг мэдэхгүй 5 настай байхдаа магтаал хэлж, бөөлж сурсан хүн. Бөөлнө гэдэг дуулна гэсэн үг. Дуулахын тулд үг хэрэгтэй. Өндөр өндөр уулс минь, өргөн өргөн голууд минь гэж хэлээд багш бөө цааш нь “Магт” гэнэ. Жаахан хүүхэд чинь их шүтлэгтэй. Ялангуяа байгальд өссөн хүүхдийн шүтлэг маш гүнзгий. Тэнгэр дуугарахад хүүхэд айна, чоно уйлахад айна, салхи шуурч нөгөө муу гэрийг чинь аваад шидчих шахна. Хүүхэд асар их айна шүү дээ.

Нөгөө Лермонтовын мөрөөдөл хаачив?

Шүлгээ биччихсэн, 27-тойдоо үхнэ гээд тооцчихсон хэрэг. Одоо амьдралынхаа үлдсэн 10 жилийг хөдөө шүлэг бичиж өнгөрөөнө, бөөгөө ч хийнэ гэж бодож байгаад бөө багшдаа сургуульд явахгүй бөө болмоор байна, таны хувцас хэрэглэлийг л авна даа ухааны юм ярьсан чинь тэр хүн асар их хилэгнэсэн. Тэгээд учиргүй гомдоод ёстой тангаргаа тонгорог болгох шахсан. Ийм байдалтай хүрээд ирэхээр нь манай аав ээж хоёр их айгаад, “Бөө хүнийг уурлуулж болохгүй, алдартай удганыг уурлууллаа” гээд аав шууд шуудангийн машинд суулгаад “Хурдан явж үз, хол л явж үз” гээд намайг явуулчихсан. Тэгээд Улаанбаатарт ирээд МУИС-д монгол хэлний ангид орсон доо.

Та одоо ч Тувагаар ярьдаг. Дөнгөж хөдөөнөөс орж ирээд монгол хэлээр хэр сайн ярьж байв?

Язгуур монгол хэлэндээ сайн. Одоогийн халх монгол хэлэндээ муу. Намайг хөдөөнөөс ирээд нэг үг хэлэхэд л хүмүүс нэрхийтэл инээгээд явчихдаг байж билээ. Тиймэрхүү байдалтай монгол хэл сурч байтал багш нар “Чамайг Герман руу явуулна” гээд л явуулчихсан.

Тэгээд Лайпцигт суралцсан?

Би одоо “Лайпциг миний хувь заяа” гэсэн ном бичээд сууж байна. Хэрэв би Лайпцигт очоогүй бол энэ зам руу орохгүй байсан. Лайпциг намайг эхийн сэтгэлээр хүлээж авсан. Гэхдээ хатуу ч байсан, сайхан ч байсан.

Анх очихдоо латин үсэг гэж мэдэхгүй, орос хэлэндээ муу, герман хэлний анхны мэдэгдэхүүн байхгүй хүүхэд байлаа. Гэтэл ямар хүүхдүүдтэй цуг очсон гэж санаж байна? Бид нар 1962 онд арвуулаа очсон юм. Надаас бусад нь герман хэлийг зургаан жил үзчихсэн, орос гуравдугаар сургуулийн нэг ангийн хүүхдүүд байв. Дандаа дарга нарын хүүхдүүд. Хоорондоо үргэлж оросоор ярина. Би тэдний юу ярьж байгааг ч мэдэхгүй, ингээд л ангайчихсан амьтан очлоо. Одоо би нурна даа л гэж бодсон.

Тэгсэн мөртлөө та гялалзаж өгсөн? Чухам юу таныг тэгж их урагш хөтлөв өө?

Түлхэц үзүүлэх юм нь дандаа ялагдал байсан. Анхны өдөр Берлинд очиход Монголын элчин дээр танилцах хурал хийв. Тэгсэн нэг их хөөрхөн охин, “Бид сайн сурна аа. Бид зургаан жил герман хэл заалгачихсан юм чинь. Харин тэр нэг хүүхэд бүр хөдөөнөөс ирсэн, латин үсэг ч мэдэхгүй, герман хэлэндээ “а” ч байхгүй, улсын нэрийг баллахаас нь өмнө буцаавал таарна” гээд хэлсэн чинь оюутан хариуцсан нарийн бичгийн дарга Ширэндэв гэх 30 эргэм насны хүн “Миний охин үгээ бодож яриарай. Юу ярьж байгаа юм. Харин ч нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хөөрхөн хүүхэд байна. Миний хүү тэгэх тусам нь сайн сурдаг юм шүү” гэлээ. Их л сайн хүн санагдаж билээ. Тэгээд намайг явахад нэг нимгэхэн ном өгсөн. Би харж ч чадаагүй.

Охиныг тэгж хэлэхэд нь ичээд нүүр шатах шахаж билээ. Нүдэнд юм харагдахгүй нулимс гарчих гээд, чихэнд юм дуулдахгүй дүнгэнээд тэгээд цаашаа Лайпцигт яаж хүрснээ ч мэддэггүй юм. Нэг мэдэхэд л галт тэргээр хоёр цаг шахуу яваад Лайпцигт ирчихсэн байв. Мөнөөх номыг харсан чинь Цэвэг гэдэг хүний бичсэн монгол-герман толь байж билээ.

Ингээд бодоход би герман хэлийг үгээр бус өгүүлбэрээр сурсан байгаа юм. Нялх хүүхэд хэлд ордог шиг л сурсан. Ерөөсөө очоод анхны семестертээ л ангидаа түрүүлээд ирсэн.

Нөгөө “сайчууд” ер сайжраагүй хэрэг үү?

Тэд нар шиг хэрэгтэй хэрэггүй худлаа үнэн оромдчихсоноос над шиг огт мэдэхгүй хүн нь хамаагүй дээр байж. Би гэдэг чинь дөнгөж орсон цагаан цас л байхгүй юу. Мөр гараагүй цагаан цас шиг амьтан очиход худлаа үнэн юм дуулаагүй, сав нь дүүрээгүй хоосон. Харин элдэв юм сонсоод, нэг үгийг улиг болтол нь үзчихсэн, баахан дүрэм үзээд, орос акцентаар буруу сонсчихсон нөгөө хүүхдүүд чинь юм сурдаггүй ээ. Ерөөсөө ахиж өгөхгүй. Буруу сурснаа огт засаж чаддаггүй.

Нэгдүгээр улирлын дараагаар намайг монгол оюутнуудын дарга болгочихлоо. Нөгөө хэдэн унтаахайнуудтай зууралдаж өгнө шүү дээ. Өглөө бүр хаалгы нь нүдэж эрт босгоно. Трамвайгаар гурван буудал явна. Буцахдаа бас л трамвайд сууна. Ингээд тэднийг очиж сэрээчхээд гэртээ ирж хоолоо идсэний дараа хичээлдээ явдаг байлаа.

Ингээд зүтгээд байхаар чинь “Хөдөөнийх” гэж хэлэх хүн байхгүй боллоо. Харин өөр муу нэртэй болж байгаа юм. Намайг “Хэнхэг” гэцгээв. “Тэнэг хүн хичээл их давтдаг юм. Ухаантай хүн хичээл давтдаггүй учраас бидэнд давтах шаардлага байхгүй” гэж хэлээд хор маажна. Би дуугүй л байв. Тэгсэн зургаан жил болоод их сургуулиа төгсөхөд тухайн жил төгссөн бүх оюутны нэрийн өмнөөс 15 минут үг хэлэх эрх надад олгож байгаа юм. Лайпцигийн хамгийн алдартай Хотын зөвлөлийн хуучин байрны ёслолын танхимд болсон цайллага дээр төгсөгчдийн өмнөөс ганцаараа үг хэллээ. Ёстой гялалзсан үг хэлсэн дээ.

Та сургуулиа төгсөөд шууд л Монголдоо ирсэн. 6 жил гэдэг бол бага биш хугацаа. Баруун Монголын хязгаар нутгийн хүү барууны оронд сураад ирсний дараа таныг ямар амьдрал хүлээж байв?

Миний ирж байгаа их өрөвдөлтэй. Уян сэтгэлтэй хүн бол уйлмаар шүү. Эсвэл энэ худлаа даа гээд итгэхгүй ч байж мэднэ. 1968 оны аравдугаар сарын 3-ны өдөр би Буянт-Ухаад хоёр том чемодантай буулаа. Хүнд гэж жигтэйхэн, нэг нь л гэхэд бараг 25 кг. Бас нэг том үүргэвчтэй. Буянт-Ухаагийн буудал дээр түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Ачаагаа хүлээж аваад “Хот руу яаж орох вэ” гэж асуутал “Автобусны буудал энүүхэнд” гэдэг юм байна. Ачаагаа үүрсээр автобусны буудал дээр ирлээ. Төгрөг 40-ийн талх гэдэг байсан дөрвөлжин ногоон автобус ирж байна. Зорчигчид пир гээд л дайрдаг байлаа шүү дээ. Хүмүүс бүгд орсны дараа ачаагаа бариад орлоо. Тэр үеийн хүмүүс хүн чанартай байжээ, ачаа барааг минь татаж аваад суулгачихав. Удалгүй автобус ч хөдөлж кондуктор эмэгтэй “За мөнгө өө” гэдэг юм байна. Тэгэхээр нь “Эгч ээ, би гадаадад сургууль төгсөөд дөнгөж сая ирж байна. Надад мөнгө байхгүй” гэсэн чинь “Эвий хөөрхий, алив юм хумыг нь урагшлуул, тэр залуу, энэ залуу туслаатах” гэв. Ингээд урагшилсаар байгаад жолоочийн хажууд зогслоо. Жолооч яриаг минь сонсчихож, бас автобусан доторх хүмүүс ч гэсэн сонсчихсон байв.

Тэгээд хот руу орж ирээд “Хүү минь, чамайг хаана буулгах уу” хэмээн жолооч өвгөн асууж байна. Би их сургуулийн нэрээр гадагшаа явсан юм, их сургуулийн төв байрны боловсон хүчин дээр очно доо гэсэн чинь тэнд буух буудалгүй мөртлөө зориуд зам хазайж намайг буулгалаа. Тэгээд л хоёр чемоданаа барьсаар, үүргэвчээ үүрсээр төв байрны хаалгаар ороод 118-р өрөөнд очлоо. Хуушаан гээд боловсон хүчний дарга байсан юм. Ачаагаа гадаа нь тавьчихаад зөөлхөн тогшлоо. “За” л гэж байна. Өрөөнд ортол Хуушаан дарга сууж байв. Тэгэхээр нь би “Та намайг санаж байна уу? Би их сургуулийн нэрээр явсан Галсан гэдэг оюутан байна. Сургуулиа дүүргээд яваад ирлээ” гэлээ. “Өө, тийм үү! За чи суу” гэснээ “Чи одоо хаана байрлаж байна. Маргааш нөгөөдөртөө амрах юм байгаа биз дээ” гэв. “Надад байрлах газар байхгүй. Үүргэвч чемоданаа үүдэнд тавьчихсан” гэж хэлтэл Хуушаан дарга “Юу! Чиний юм гадаа байгаа хэрэг үү? Тэгвэл оруулаад ир. Юм чинь алга болчих вий” гэлээ. Тэгэхээр нь би нөгөө гурван том ачаагаа оруулаад тавьчихав. Тэгсэн чинь Хуушаан дарга бодол болоод суучихлаа. Аюуш гэж зааварлагч байсан юм. Их настай эмэгтэй. Тэр хоёр намайг яах эсэхийг өөр хоорондоо ярилцсанаа “Чамд таних айл даанч байхгүй юу” гэж асуув. Би “Байхгүй” л гэлээ.

Тэгсэн Хуушаан дарга гадаад хэлний тэнхим дээр томилолт бичээд “Ерөөсөө өнөөдрөөс ажилд орсноор цалинг чинь гаргаж өгье. Чи үүнийг аваад гадаад хэлний тэнхим дээр оч” гэлээ. Тэгээд Хуушаан дарга хажуу өрөөнөөсөө хүн дуудаж “Энэ залуугийн юмыг хүргэж өгөлц” гэв. Би юмаа чирсээр, нөгөөдүүл тусалсаар дөрвөн давхарт гараад ирлээ. 64-р өрөөнд очсон чинь Гадаад хэлний тэнхим гэсэн хаяг харагдав. Хаалгыг нь тогшсон чинь нэг долир нүдтэй хүн байна. Түүнд бүгдийг учирлатал “Би чиний тухай сонссон, сайн байна” гээд “За хаана байрлаж байгаа вэ? Чи нэг хоёр хоногтоо амарна биз дээ” гэж асуухаар нь би шууд л “Үгүй ээ. Өнөөдрөөс ажиллахаар болчихлоо” гэлээ.

“Чамд байх газар байхгүй юу” гэтэл “Тийм ээ. Би бүх юмаа аваад ирлээ” гэв. Тэгсэн тэр хүн “Юмаа оруулаад ир. Энэ гадаад номны шүүгээг өөрийн болгож ав” гэсэн нь шар модон шүүгээг хэлсэн хэрэг байв. Тэрний араар зай байна. “Чи ачаагаа тийш нь тавьчих. Одоо чи яах гэж байна даа” гэж хэлээд “Боловсон хүчинд хэлээд чиний цалингийн талыг ч болов урьдчилж өгүүлье” гээд утсаар ярьсан чинь тэг тэг л гэж байх шиг байна. Бас “Наашаа явуулчих” гэж байна. Тэгээд яваад очсон чинь тал цалин өгсөнгүй, бүтэн сарын цалин өгчихлөө. Багсайсан мөнгө. 750 төгрөг гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Би чинь их баян амьтан болчихож байгаа юм. Тэгээд 18-р гуанз гээд хоёрдугаар байрны цаагуур байсан. Тэнд очиж хоол идчихээд орж ирлээ. Багш нар ер нь явчихсан байна. Түлхүүрээ аваад, хувцсаа тайлж тавьчихаад жорлонгийн өрөөнд орсон чинь ус байна. Нүүрээ сайн угаачихаад “За амьдарна даа” гэж бодож байгаа юм. Нэг чемоданаа задлаад нэг ээлжийн хувцас гаргаад, хиртсэн замын хувцсаа тайлчихаад, нэг жаахан сэрүүцэв. Тэгээд сууж байтал орой боллоо. Орой болохтой зэрэгцэн ноосон цамц эд нар дэвсэж байгаад хоёр гурван ширээ нийлүүлээд дээр нь хэвтээд унтчихаж байгаа юм. Ядарсан болоод ч тэр үү нам унтчихаж. Нэлээн унтаж унтаж сэрээд харсан чинь их эрт байна. Тэгээд гар нүүрээ угаачихаад 18-р гуанзанд очсон. Хүлээж байгаад цай уусан. Тэгээд маргаашнаас ажилдаа орсон доо. Тэнд энэ маягаар 14 хоносон.

Танд очих хамаатан садан байгаагүй хэрэг үү?

Эрвэл байгаа л даа. Тэр үед ямар утас гэж байх биш. Сүүлд сар шахам болж байгаад сураг сонсвол 66 оны үерт ороод манай хамаатан садангийнхан нүүчихсэн байв. Толгойтод үеэлийн хүүхдүүд амьдардаг болж таарав. Тэднийд очсон. Удалгүй оюутны байранд өрөө өглөө. Өрөөндөө номоо байрлуулаад айл шиг айл болов. Ингэж л ажлынхаа гарааг эхэлсэн дээ.

Хүмүүсийн дунд “Чинагийн Галсан Герман хэлээр зохиол бүтээлээ туурвидаг юм чинь Германд амьдралынхаа ихэнх үеийг өнгөрөөсөн байх” гэсэн нийтлэг ойлголт байдаг. Би ч гэсэн таныг Германд л амьдардаг зохиолч гэж боддог байлаа. Тэгтэл та Монголд олон жил багшилсан байж шүү дээ?

Намайг төгсөөд ирэхэд манайх ердөө 4 дээд сургуультай байв. Их сургуулиас гадна Багшийн дээд сургууль, Хөдөө аж ахуй, Анагаах. Дөрвүүлэнд нь би багшилсан. “Надтай цуг герман хэл ирсэн” гэж хааяа би боддог л юм.

“Герман хэлтэй нэг залуу ирж. Тэр ёстой номноос салдаггүй нэгэн гэнэ” хэмээн миний тухай хүмүүс ярьдаг байлаа. Герман хэл надаар заалгуулна гээд бүх сургуулиас санал ирсэн байв. Би 7 хоногийн турш амралтгүй хичээл заана. Тэр үед дээд сургуулийн багш хэдэн цагийн хичээлтэй байдаг гэж бодож байна. Дунджаар 18-20 цаг. Тэгсэн чинь би 52 цагтай. Бүтэн сайн өдөр гэхэд 10 цагийн хичээлтэй байв.

Сургууль бүрт өдөржин хичээлтэй учраас нэг сургуулиас нөгөөд очиход амждаггүй байлаа. Тэгсэн сургуулийн боловсон хүчнүүдтэй яриад машинаар хүргүүлдэг болов. Хичээлээ заагаад гараад ирэхэд машин зогсож байна. Зарим нь ачааны тэрэг. Голдуу 51. Тэрэндээ ороод сууна. Хөдөө аж ахуйн дээд рүү давхина даа. Тэр үед замын бөглөөс гэж байсан биш ерөөсөө 10, 20 минутын дараа хүрчихнэ. Гүйж гараад хичээлээ заачихаад, гараад ирэхэд дараагийн машин зогсож байна. Ингээд бодохоор, миний амьдрал яг л үлгэр шиг шүү.

Таныг герман хэл сурахгүй бусдыгаа хөөдөж мэднэ гэж байсан мөнөөх охинтой дахиж тааралдсан уу?

Нэг өдөр багшийн дээд сургуулийн орос хэлний 4-р ангид хичээл заасан юм. Ангид нь орсон чинь нөгөө охин тэнд сууж байна. Хоёулаа сүйд боллоо. Харамсалтай нь тэр охин өөрөө сурч чадсан юм байхгүй бусадтайгаа адил Монгол руу аль эрт буцсан байсан юм.

Та нийт 41 ном бичжээ. Тэдгээрээс 35-ыг нь герман хэл дээр бичсэн байх юм. Үргэлжилсэн үгийн анхны зохиолоо яг ямар хэл дээр бичиж байв?

1968 оны 2-р сарын 13-ны өдөр гэнэт зохиол бичмээр санагдсан юм. Тэр үед миний хэд хэдэн шүлэг герман хэлээр сонин дээр гарчихсан байлаа. Гэхдээ үргэлжилсэн үгийн зохиол бичиж үзээгүй байсан үе. Тэр өдөр хэвтэж байтал гэнэт сайхан санаа орж ирээд нэг дор дөрвөн жижиг өгүүллэг герман хэл дээр биччихсэн. Онгод гэдэг юм тэгж л орж ирдэг юм билээ.

Учир нь тэр өдөр би оюутны байрнаас зам хөндлөн гарч байгаад ачааны машинд мөргүүлсэн юм. Нэг сэрсэн эмнэлэгт байсан. Хөл гэмтчихсэн. Гэтэл тэр их доргион намайг зохиол бичихэд нөлөөлчихөж байгаа юм. Үхэх ийм амархан юм гэж бодсон. Би үхчихвэл аав ээж минь яах бол гэж бодохоор л нулимс гараад, тэр бодлууд зохиол болж хувирсан хэрэг. Зохиолоо бичсээр байгаад яг тэр өдрийн үдээс хойш дипломынхоо ажлыг бас бичсэн. Хэдэн сарын турш хөл гипстэй. Өглөөгүүр толгой сэргэг байхад өгүүллэгээ бичээд үдээс хойш ядарсан хойно дипломынхоо ажлыг бичсээр дуусгасан даа.

Үргэлжлүүлж суралцах боломж байсан ч та нутаг буцсан. Тэгэхээр Лайпцигт өнгөрүүлсэн 6 жилийн хугацаанд герман хэлийг төрөлх хэл шигээ төгс сурчихсан хэрэг үү?

Үгүй ээ. Гадаадад төгссөн оюутнууд ямар ирдэг билээ би тийм л хүн ирсэн. Дараа нь зүтгэж байж л одоогийн хэмжээнд сурсан. Ном их уншсан даа. Дандаа германаар уншина.

Хэн хэнийг их уншиж байв?

Айтматов. Бас Толстойг уншсан. Германы олон зохиолчид. Хэмингвэйг уншсан. Кавабатаг уншсан. Хамгийн гол нь уншаад хаячихдаггүй юм. Зурж уншина. Мэдэхгүй үг гарвал хажууд нь чагт тавьчихдаг. Дараа нь номоо уншиж дуусаад том тайлбар толио гаргаж тавиад нөгөө мэдэхгүй үг чинь юу билээ гээд өнөөх толиосоо эрчихнэ. Тэгээд балын харандаагаар номон дээрээ бүгдийг бичиж тэмдэглээд нөгөө номоо дахиад эхнээс нь уншина. Зурсан бүх юмаа харна.

Та тэмдэглэл хөтөлдөг үү?

Өдөр болгон орой унтахын урьдаар бичдэг. Гэхдээ би өдрийн тэмдэглэлдээ бусад зохиолч шиг дээшээ авирсан гүн ухаанлаг маягийн юм бол бичдэггүй. Өдөр бүрийн болсон юмыг бичнэ. Тэдэн сарын тэдэнд юу болсон гэдэг нь хожим уншихад сонин байдаг юм.

Ямар хэл дээр тэмдэглэл хөтөлдөг вэ?

Германаар бичнэ. Дараа нь харахад цэгцтэй байдаг юм.

Та тэмдэглэлийн дэвтрээсээ аль нэг өдрийг сонгоод тэр өдөр юу болсныг хэлж өгч болох уу?

Бололгүй яахав. <2014 оны 12-р сарын 29. Хөдөө явлаа. Том хүү машин барьж, Тина, Ляна бид гурав ард хажууд суув. 6 цагт хөдөллөө. Хав харанхуй байх юм. 9:30-д Хонгорт хүрч очлоо. Алтанхутга, Гэрэлсүх хоёрын гэрт орлоо. Тэд нар маш сайн хүлээж авав. Цай хоолны дараа 10 км яваад аавынх нь гэрт очлоо. Винтов ах, Хурган эгч хоёртой би 40 жил уулзаагүй байх юм. Тэднийх жижигхэн байшинтай юм. Тэр хоёртой золголоо. Винтов ахад 20 мянган цаас, хурган эгчид 10 мянган цаас төгрөг өглөө. Бас шил Болор архи, бас бусад жижиг сажиг зүйлс өглөө. Зөндөө их ярилцлаа.> 

Иймэрхүү тэмдэглэл их олон жилийн дараа маш их хэрэгтэй байдаг юм. Ялангуяа тэр Винтов гэдэг өвгөн чинь одоо 80 дөхөж байгаа хүн. Тэр хүн өнгөрсний дараа үр хүүхдүүдэд нь энэ тухай ярихад нулимсаа бэлбэгнүүлж байгаад л сонсоно шүү дээ. Иймэрхүү ахуй амьдралын дурсамж “социализм мандах нь зайлшгүй, зах зээлийн нийгэм сайхан байна” гээд туйлширч байснаас хамаагүй илүү өгөөжтэй байдаг юм.

Таны төрөлх хэл юу вэ?

Тува хэл. Надад хамгийн ойрхон хэл. Зүүдэндээ ярихад, заримдаа цочиж сэрэхдээ тувагаар ярьдаг гээд байдаг юм. Гэнэт цочиход тувагаар хэлдэг. Монгол хүн аминдаа тулахад “Ээж минь” гэдэг шиг.

Аянгат цагийн туужийг анх ямар хэл дээр бичсэн юм бэ?

Герман хэл дээр бичсэн. Аянгат цагийн туужаараа би дэлхийн утга зохиолын хаалгыг дэлдээд орчихсон юм. Дэлхийн утга зохиолд элссэн миний дипломын ажил гэж хэлж болно. 27 настай байлаа. Яг л өөрийнхөө сонссон, харсан, уйлсан нулимсныхаа тухай бичсэн.

Би худлаа юм бичдэггүй. Өөрийн туулсан амьдралыг л бичдэг. Бодит түүх юм. Миний зохиолын 90 хувь нь бодит. Миний эхний гурван ном “Хөх тэнгэр”, “Хөрст дэлхий”, “Цагаан уул” гурвалсан ном чинь миний бага насны тухай юм. Хөх тэнгэр гэдэг романд 3, 4, 5 насандаа туулсан бүхнээ бичсэн.

Аянгат цагийн туужийн Жанибек өвгөн бас л бодит дүр юм. Жанибек өвгөнийг дагаж би анчин болсон. Хатуу чихтэй, ганц хар морьтой. “Аянгат цагийн тууж”-ийг чинь тэр өвгөн мах болохын өмнө надад ярьдаг. Өвгөн хүүгийнхээ тухай ахин дахин ярина. Ганц хүүгээ алдчихсан эцэг хүн тэр бүхнийг яаж мартахав. Өвгөн тэр үед 60 нас л зооглож байсан байх. Би яахав 9, 10-тай хүүхэд. Би чинь морь аргамжиж өгөөд, аргал түлээд, завсар хооронд нь тарвага сахиад, хааяа нэг тарвага буудчихаад, тогооч маягтай л, тэр хүмүүсийн зараалаар л анхны аяндаа явж байгаа юм. Тэгж явахдаа тэр хүний түүхийг сонсоод маш их уйлсан. Маш их догдолж байгаа юм. Тэгээд л тэр туужийг бичсэн.

Тэгвэл дараа нь монгол хэл рүү орчуулсан хэрэг үү?

Германаас монгол руу орчуулсан. Орчуулах гэж бичсэнээс их хугацаа орж байгаа юм. Бичихэд яг дөрвөн долоо хоног орсон бол орчуулахад хоёр сар гаруй хугацаа орсон. Бүр зүтгэж байж орчуулсан шүү.

Яагаад орчуулсан бэ гэхээр 1981 онд Аянгат цагийн тууж Германд ном болоод гарчихлаа. За тэгсэн миний замд бөөн хар чулуу болж байгаа юм. “Чи яах гэж зөвшөөрөлгүй хэвлэж байгаа юм? Төрийн шагналтнуудын зохиол хэвлэгдээгүй байхад яах гэж чи хэвлэсэн юм?” гээд шүүмжлүүллээ. Тухайн үед “Аянгат цагийн тууж”-ийн тухай “Энэ чинь ёстой эсэргүү зохиол юм билээ. Эх орноосоо урвасан тууж” гэх мэтээр цуурхал гарчихсан байв. Ингээд тэр зохиолоо орчуулаад ир гээд надад үүрэгдсэн хэрэг л дээ.

Анчин өвгөний тухай тууж яахаараа эсэргүү зохиол болчихдог билээ?

Аянгат цагийн туужийг герман хэлтэй залуугаар харуулсан байгаа юм. Тэгсэн тэр 213 үг жагсаачихаж. Асуудалтай үгнүүд гэнэ. “Наад тууж чинь ерөөсөө Монгол Улсыг муучилсан байна” гэж байна. Тэдгээр нь инээдтэй жишээнүүд л дээ. Сургуулийн эмнэлэгт хэвтэж байсан Жанибек өвгөн “Тэр өвөл эмнэлэгт 4 хүн нас барлаа” гэж хэлдэг юм. Тэгтэл “Хүн нас барлаа” гэж бичсэнийг айхтар буруушаав. Тэгээд би асууж байгаа юм. “Хүн үхэж л байдаг, төрж л байдаг. Нэг сумнаас 4 хүн үхэж болно биз дээ” л гэлээ. Тэгсэн өөдөөс “Тэрнийг чинь фактор гэдэг юм. Үхсэн гэдгийг ингээд биччихвэл харлуулсан фактор” болно гэдэг юм байна.

Дараа нь бас нэг тууж тусгай ном болж гарлаа. Тэр туужид нэг эсэргүү үг орсон байна л гэв. Зохиолд цас орсны маргааш хайр сэтгэлдээ шатсан атлаа хайртай хүнээсээ салчихсан, хаа байгаагаа ч мэдэхээ байчихсан, шөнө бүр нойргүй явсаар нүднээс гарчихсан гол дүрийн баатар маань цонхоор хартал их хот саяхан унтарсан түймрийн нурам мэт утаа униар хаяж буй юм шиг дүрслэл гардаг юм. Үүнийг хамгийн хүнд улс төрийн гэмт хэрэг л гэж байна. Дэлхий дахинд азийн цагаан дагина гэж шагшиж байгаа энэ үед Монголын тэр сайхан нийслэлийг саяхан унтарсан нурамтай зүйрлэж байгаа нь ямар хэрэг вэ гэцгээв.

Таны зохиолчдын эвлэлд элссэн явдал их сонин түүхтэй гэсэн?

1986 онд “Аянгат цагийн тууж” хэвлэгдлээ. Тэгмэгц би жаахан зориг ороод 1989 онд Зохиолчдын эвлэлд элсэхээр боллоо. Гэхдээ би чинь “эсэргүү” нэртэй зохиолч учраас элсэхийн тулд хоёр маш том хүнээр батлан даалт хийлгэж байгаа юм. Сэнгийн Эрдэнэ, Лодонгийн Түдэв хоёроор. Хоёр төрийн шагналтнаар. За тэгээд яг дарга нарын хурал болж байсан чинь Эрдэнээ зохиолч Зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч гишүүн болж таарав. Тэргүүлэгч гишүүн батлан даах эрхгүй байдаг юм байна. Тэгтэл эсрэг талын улсууд дараагийн зохиолчийг оруул, наадхаа гарга гэв. Тэгсэн Цэдэв дарга аминд ороод “Юу ярьж байгаа юм бэ, гадаа үүдэнд манай зохиолчид байгаа, нэг хүнээр хурдан бичүүлээд ир, машиндуулаад, гурван дөрөвхөн үгээр бичүүлээд ир” гэлээ. Гараад ирсэн чинь Дашбалбар зогсож байна. “Өө хөөрхий дүү минь, тус болж үз, би одоо ингэж байна. Эрдэнээ гэсэн юмыг чи баллуурдаад өөрийнхөө нэрийг биччих” гэсэн чинь “Юу ярьж байна аа, би зохиолчдын эвлэлийн гишүүн хүн, би өөрөө бичнэ” гээд бичгийн машин дээр суугаад биччихлээ. Тэгээд Түдэв, Дашбалбар хоёроор даалгасан даа. Дараа нь боддог л юм, амьдрал гэдэг мөн хүнээр тоглох юм даа гэж. Намайг дэвтэр дүүрэн шүлэгтэй, Баян-Өлгий аймагтаа яруу найрагч Галсан гээд нэрээ авчхаад мандаад явж байхад сая төрж байсан хүүхэд намайг даах гэж, мөн хачин шүү.

Юм юмыг бодоод байхад миний амьдралд инээдмийн, эмгэнлийн юм нэг дор давхцаад, дандаа л нуралт, дандаа л бүдэрч явсан байгаа юм. Тэгэхдээ бүдрэх тусмаа л босохдоо дээд нэг шатан дээр зогсчихсон байдаг байв.

Та Лайпцигаас ирээд герман хэлний багш болсон. Дараахан нь Их сургуулиас хөөгдөөд сэтгүүлч болсон. Бас л улс төрийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Уг нь Германаас ирсэн даруйдаа Зохиолчдын эвлэлд элсэх өргөдөл өгсөн ч таныг 20 жилийн дараа элсүүлсэн. Герман хэл дээр ихэнх зохиолоо бичихэд энэ бүхэн нөлөөлсөн байх?

Монголоор бичвэл намайг явуулахгүй юм байна, ерөөсөө герман хэлээ түшиглэе гээд шийдсэн. Хожмын дэлхийдээ үлдье. Энэ амьдралдаа нэр ч үгүй, юу ч үгүй үлдье. Хожим бол би алдаршина гэсэн бат итгэлтэйгээр шөнийн дөрвөн цагт босоод л бичээд байдаг. Ар араасаа дагасан дөрвөн хүүхэдтэй ч болчихсон. Нөгөө хэдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, ахуй амьдралдаа гүйхийн хажуугаар бичээд л байлаа. Бичээд л байв.

Би бичсэн юмаа дэлгүүрийн зузаан бор цаасанд ороогоод, хажуу талыг нь сайхан цавуудсаны дараа бичсэн жил дээрээ зууг нэмээд тэдэн онд нээх гээд улаан харандаагаар биччихдэг байв. Тухайлбал 1978 онд бичсэн бол 2078 онд нээх гээд бичих жишээтэй. Тэгээд шургуулгандаа хаяад байлаа. Сүүлдээ бичгийн ширээнд багтахгүй болохоор нь Германы хэвлэлийн газрууд руу хүнд дайж явуулдаг болсон.

Бичсэн зүйлээ гадагшаа гаргаж болдоггүй хуультай байсан цаг. “За энэ чинь юуны тухай юм” гэж шалгана. Би тэгэхээр нь герман хэл мэдэхгүй нөхдийг сайхан аргална аа. “Монгол ардын үлгэр орчуулаад гадагшаа хэвлэлд өгөх гэж байгаа юм” гэнэ. Тэгтэл нь “За яахав, ардын үлгэр бол зөвшөөрье” гэнэ дээ. Ингэж л явуулна.

Бор цаастай боодлуудаасаа хамгийн сүүлд ямар номыг нээсэн бэ?

2001 оны 9-р сарын 11-нд айхтар юм боллоо. Тэгээд сонсоод байсан чинь “амиа золиослогч” гээд их ярьж байна. Тэгсэн бодоод байсан би энэ талаар нэг л бичиж байсан юм шиг санаанд орж байна. Ном номдоо бүр роман бичээд далд хийчихсэн санагдаад болдоггүй.

Тэгээд нөгөө хуучин юмаа ухаж төнхөөд байсан чинь “2078 онд нээх” гэсэн боодолтой цаас байна. Нээсэн чинь “Хулгайлагдсан хүү” гээд роман байна. Тэгтэл би амиа золиослогчийн тухай аль 30 жилийн урьдаар биччихсэн байж шүү дээ.

Таны зохиол бүтээлүүд хэдий герман хэлээр ч монгол ахуй, нүүдэлчдийн цөм чанарыг хөнддөг?

Би Монголыг л тайлбарлаж байгаа юм. Гол утгаар нүүдэлчин амьдралыг тайлбарлаж байгаа юм. Нүүдэлчдэд илүү юм гэж байхгүй. Ямар ч хог гардаггүй. Нүүдэлчдийн амьдрал гэдэг бол ертөнцтэй зохицоод эвийг нь олж явсаар мянга мянган жил оршиж уламжлагдсан соёл. Даяарчлал гэдэг юм нь саад болохгүй гэвэл нүүдэлчид сая жилийн дараа ч байж л байна. Ийм л соёл. Тайван, эвийг нь олсон, зөөлөн, бүлээн соёл. Нүүдэлчид ямар байсан тэр байр байдлаараа хоцорсон учраас өдгөө үнэд хүрч байгаа юм.

Та нэгэн ярилцлагадаа “Алтай нутагтаа бол 3 сар амьдарна. Монгол нутагтаа бол жилийн 6 сарыг ажиллаж өнгөрөөнө. Харин 3 сар гадаадад очиж мөнгө олдог” гэж дурдаж байсан. Одоо ч гэсэн Алтай нутагтаа амардаг хэвээр үү?

Тэр бол миний амралт байлгүй яах вэ? Тэнд би амьдарч байгаа юм. Очоод морь мал унах, ажил хөдөлмөрт туслах, адуу барилцах, эсгий хийх, найр наадамд очих, омгийн ахлагчийнхаа ажлыг хийнэ. Тэгээд нөгөө эмч домчийнхоо ажлыг ч хийнэ. Намайг очиход “Ах ирсэн байна, өвөө ирсэн байна” гээд эрэл сургаар хүмүүс шавчихна шүү дээ.

Нүүдэлчдийн хамгийн гол мөн чанар юу вэ? Таны уншигчид Монголд ирээд юуг мэдэрдэг вэ?

Монголд ирэхэд нөгөө суурин газрынх шиг олон байшин барилга, техник нь байхгүй. Ганц байгаа нь умгар бор гэр. Ойр тойронд нь тав аравхан мал. Тэгээд гэрт нь ороход ганцхан өрөө. Нэг талдаа нэг ортой, нөгөө талдаа нэг ортой, энд нэг авдартай, нэг зуухтай. Тэгснээ хүмүүсийг суу гээд урина. Ямар учраас дайлж байгаагаа гэрийн эзэд ч мэддэггүй, юуны учир дайлуулж байгаагаа зочид ч мэддэггүй, уугаарай, суугаарай, идээрэй л гэнэ. Ингээд ярьж хөөрөөд ирэхэд, мөнөөх айл баян юм огтхон ч байхгүй. Тэгсэн атлаа тас тас хөхрөлдөөд л. Нүдэнд нь цацрах гал цогийг хараад гадныхан шоконд ордог. Тэгээд анхны шөнөө бараг унтаж чаддаггүй. “Хорвоо мөн хачин юмаа. Ийм ядуу улсууд ийм сайхан инээгээд, ийм их баяр хөөртэй, бас сэтгэл нь ийм баян, идээрэй, уугаарай, суугаарай, хонох уу л гээд байх юм. Хонь ч гаргаж өгөөд л, байдгаараа дайлаад. Би тэгэхэд банкиндаа мөнгөтэй, байшинтай, унаа машинтай, надаа дутах юм байхгүй. Тэгсэн мөртлөө...” хэмээн эргэцүүлдэг. Ингээд европчууд Монголыг нэг үзээд явахад сэрж байгаа юм. Үнэхээр Монголд ирсэн л бол өөрчлөгддөг. Аз жаргалтай байхад хэчнээн жаахан юм хэрэгтэй гэдгийг ойлгоно.

Хоёрдугаарт орон зай гэж ямар агуу юм байдгийг нүдээр хардаг. Би Монголын талд европ хүнийг машинаас буулгаад хэсэг зогсоолгодог юм. Улаанбаатар хотоос 100, 200 км хол газар давхиж байснаа эв эзгүй газар ирээд “За бууцгаая” гэнэ. Тэгээд “Орон дэлхийтэй танилц” гээд нөгөө хүнийг хэсэг орхиход таг дуугүй болчихдог. Бүр мэнэрчихсэн, “Ямар уудам юм бэ? Ямар гоё юм бэ? Уудам орон зай гэдэг чинь” гээд уулга алддаг. Монгол орон юугаараа баян бэ гэвэл орон зай юм.

Германаас ирэх болохоороо намайг баахан бэлэг авахад европчууд их гайхдаг. Хэнд аваачдаг вэ гэхээр нь, ах дүүстээ өгнө, миний төрсөн ах байдаг юм, тэрний хүүхэд байдаг юм, хүүхдийнх нь хүүхэд байдаг юм, миний ахын авгайн дүүгийн нөхөр нь тэнд байдаг юм, тэгээд болоогүй цаана нь бас бэлэг авдаг, хүн ороод ирж магадгүй, ямар хүмүүс гэхээр хэн нэгэн ирж л таараа шүү дээ гэнэ. Ингээд огт танихгүй хүмүүстэй нэг юм задлангаа яриад суухад зарим нь тас тас хөхөрч, нөгөө нэг нь заримдаа асгартал уйлаад дотроо зовж шаналж байгаагаа ярихад нь гадныхан ёстой мэл гайхаж, цэл хөхөрнө. Тэд “Та нарын дунд хүмүүсийн хоорондох цавуулаг чанар нь алдагдчихаагүй юм байна” гэдэг шүү.