Унших эрдэмд дурлахуй




Тун саяхан даа, нэгэн цахим хуудаснаас Зөвлөлтийн домогт найруулагч Сергей Бондарчукийн сүүлчийн ярилцлагыг уншсан юм. Толстойн “Дайн ба Энх”, Шолоховын “Дөлгөөн Дон” гэсэн уншихад ч халширмаар, айхтар зузаан романуудыг дэлгэцийн бүтээл болгож чадсан өвгөн найруулагч маань 1994 оны хавар Сочи хотод тэрхүү ярилцлагыг өгөхдөө залуу найруулагч нарт хандан “Сайн боловсор, агуу их уран зохиолтой танилц, унш” хэмээх энгийн атлаа сургамжтай үгийг ярианыхаа завсар эвлэгхэн хавчуулаад хэлчихсэн нь надад лав тун ч бодууштай үг юм шиг санагдан бүр бодол санаанаас гарахгүй хэд хонож билээ. Угтаа бол бүтэн хариулт нь ийм: 

СУРВАЛЖЛАГЧ: -Оросын кино урлагийн ирээдүйн талаар та ямар бодолтой явдаг вэ? Ойрын таван жилийн дотор манай кино урлаг ямар өндөрлөгт хүрэх бол? 

БОНДАРЧУК: -Бурхны авралаар, одоо бүх юм чөлөөтэй болжээ. Чөлөөтэй гэдгийг би өөрийгөө илэрхийлэх боломж гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Гэхдээ эрх чөлөөнд учир их бий. В.Гёте, Л.Толстой нар өөрийгөө илэрхийлж байвал өөр хэрэг. Гэтэл амьдралдаа үзэж харсан зүйлээр хомс, нэг ч ном уншаагүй залуухан найруулагч өөрийгөө илэрхийлнэ гэж төсөөлье л дөө. Юу болох нь ойлгомжтой. Тиймээс залуу хүмүүст хандаж “сайн боловсор, агуу их уран зохиолтой танилц, унш” гэж хэлье дээ. Юм уншдаггүй найруулагчид уран бүтээлийн эрх чөлөө байлаа гээд яах юм бэ.

Хэдий би кино найруулъя гэж мөрөөдөх нь бүү хэл киног ч буурьтай, тухалж үздэггүй хүн боловч яагаад ч юм, “ном унших”-тай холбогдсон иймэрхүү ончтой зөвлөгөөг соргогоор, өөриймшүүлж сонсдог болчихжээ. Сүүлд Сөүлийн англи номын мухлагт ороод Орхан Памукийн номыг зэрвэсхэн сөхөж хартал Нобелийн шагналт зохиолч маань нэгэн эсээндээ “өдөр бүр ном цүнхэлж гардаг тухай”-гаа дурдсан байж билээ. Оюутан ахуй цагаасаа ном цүнхэлж хэвшсэн надад түүний эл үйлдэл дэндүү танил дотно санагдсан юм даг. Нээрээ ч цүнхэндээ номгүй гарвал нэг л хоосон, эвгүй, бүр хаа нэг газар чухал юмаа гээчихсэн мэт сонин мэдрэмж төрдөг болчихжээ. 

Бас сүүлийн үед худалдаж авсан шинэ номуудаа уншиж амжилгүй “хуучруулаад” байгаа нь их л дараатай, бүр номын сан маань номын сан шиг биш, бараг музей шиг санагдах болсон тул өмнөхүүдээ уншиж дуусгатал шинийг авахгүй байхаар шийдээд байв. Тэгтэл амьдралынхаа турш 35 мянга гаруй ном судар “цуглуулсан”, Италийн сэтгэгч, зохиолч Умберто Эко номын сандаа буй уншсан, уншаагүй ном бүртэйгээ ямар нэгэн далд, нууцлаг шижмээр холбогдсон байдаг гэж бичсэнийг уншаад дахиад л шинэ номны “эрэл”-д мордож билээ, би. 

Гэтэл бас л саяхны нэг өдөр юм даа, байсхийгээд л тоосонд дарагдчихдаг, багачуудын гарын ая даахгүй байнга л ундуй сундуй болчихдог задгай номын шүүгээгээ хараад “Ингэж байхаар хэрэглэхгүй номнуудаа хаячихдаг ч юм уу” гэж аавд хэнэггүйхэн хэлтэл “Хаясан ном л хамгийн их хэрэг болдог юм даа. Чи ямар арван мянган ном арчилж байгаа биш” гэж билээ. Тэрнээс хойш ер нь энэ хэдэн номтойгоо л өтөлж, энэ хэдэн номныхоо дэргэд л үхэх юм байна гэдэгтэйгээ эвлэрсэн.

Ер нь ойрхноос юу ч хийлгүй, эвдэрсэн ширээний чийдэнгээ шинээр сольчихоод, ном уншаад л суух юм сан гэж боддог боллоо. Уншаагүй мөн ч олон ном байна даа. Монголоор л гэхэд Аюурын романууд, Гомбосүрэн гуайн орчуулгууд, Памукийн Цас, Гандийн намтар, Муракамагийн сүүлийн роман, Ринчен гуайн 10 боть, С.Эрдэнийн 20 боть... Дээрээс нь сүүлд Сөүлийн номын мухлагаас авсан англи номуудыг нэмбэл уншаагүй номнууд маань бүр ч тоймоо алдана.   

Тиймээс унших бол миний ойрын өдрүүд дэх, магадгүй ойрын жилүүд дэх, эсвэл энэ насны минь хамгийн гол ажил юм байна гэдгээ ойлгож ухаарахын тулд монгол зохиолч нарынхаа ярилцлагыг нэг бүрчлэн уншин “ном унших”-ын чухлыг онцолсон ончтой зөвлөгөөнүүдийг түүлээ. Бас буурьтай уншигчидтай үндэстэн гэдгээрээ бахдахын тулд Монголын бичгийн их хүмүүсээ энд зориуд онцолсныг минь таалан болгооно уу. 



 1  Ном ер бусын ид шидтэй.


Ц.ДАМДИНСҮРЭН



“Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт...” 

 2  Номын ертөнцөд нэг “хөл алдсан” л бол хэзээ ч эргэж буцдаггүй.


Г.АКИМ

“Ном бол миний хувьд амьд яваагийн минь утга учир, баяр баясгалан, ухаарал, мэдлэг, хүчээ олж авдаг яндашгүй баян сан хөмрөг, уншаад дуусахгүй агуу их ертөнц юм даа.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

Л.НЯМАА



“Танин мэдэхүйн ертөнц рүү нэг алхвал эргээд гарах хаалга олоход бэрх байдаг. Уран зохиол үүнтэй адил хагацан салах аргагүй татах хүч юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
Г.АЮУРЗАНА


“Би юм бичих, унших хоёрт л дуртай.”
[Эх сурвалж: Уншигчидтайгаа хийсэн уулзалтын тэмдэглэлээс]


 3  Номын өгөөж буян яндашгүй баян билээ.


ИНЖИНААШ


“Энэ баахан тэнхээтэйдээ завдан нэгэн хуудас ном уншваас, мөн илүү нэгэн өдөр амьдарсан (мэт) гавьяа болой.”
[Эх сурвалж: “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” номоос]

Г.АЮУРЗАНА


“Ер нь уншиж байж л хүний бодол санааны цар тэлдэг юм шүү дээ. Ном уншдаггүй хүнтэй ярих ч сэдэв олддоггүй.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 4  Гэхдээ уйгагүй уншиж байж л унших эрдэмд суралцана.


Д.УРИАНХАЙ

“Хүн залуу насандаа л хамгийн их зовох хэрэгтэй. Энд би өвчин зовлон, үхэл хагацлын зовлон үзэж туулахыг хэлж байгаа хэрэг биш. Нүдээ улайж өвдтөл ном унших, бөгсөө хавдтал ажлын ширээний ард суухын "зовлон"-г хэлж байгаа юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 5  Бага балчраасаа эрдэм номд шамдваас нэн сайн.


Л.ТҮДЭВ

“Хүүхэд ахуй цагтаа л ном уншиж аваарай. Ном бол бидний хамгийн сайн найз, багш, халамжлагч юм шүү!
[Эх сурвалж: Хэлсэн үгнээс нь]
  
Д.УРИАНХАЙ

Хүний амьдралын эхний 25 жил бол хүний амьдралын жинхэнэ "эрдэнэ" юм. Хүн энэ жилүүдэд юу сурч, мэдэж авснаараа л бүх амьдралаа өнгөрөөнө.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 6  Ирээдүйд бичгийн хүн болох их үйлс уншиж мэдэхээс эхэлдэг.


Б.РИНЧЕН

“Зохиол бичихдээ, хэл сурахдаа, сайхан ном хэлнээ буулгахын чин зориг тавихдаа юуны өмнө орчин үеийн дэлхий нийтийн ерөнхий боловсролт хүний хэмжээнд хүртэл, манай соёлт ардын маань зүйр үгээр хэлбэл “цээжээ хавтаслах” нь чухал.
[Эх сурвалж: “Марк Твений минь махы нь идэж дээ..!” номоос]
  
Г.АКИМ

“Манайхан уран зохиолын ном ерөөсөө уншихаа больчихсон байна. Монголын бүхий л алдартай уран зохиолчдыг уншихгүй байна. Тэр гоё үг, найруулга чинь тэр алдартай бүтээлчдийн бүтээл дотор байж байдаг. Тэднийг л уншиж тэрэн дотроосоо л сувдыг нь түүж авах хэрэгтэй. Яаж найруулсан байна тэрийг нь харж сурах, судлах хэрэгтэй. Ингэж байж л зөв найруулж, зөв ярьж сурна шүү дээ.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 7  Тэгвэл бичгийн хүмүүсийн номтой танилцсан түүх янз бүр.


Д.НАЦАГДОРЖ


Их зохиолч Д.Нацагдорж бичиг сурмагцаа “Хав, муур, хулгана гурвын үлгэр”, “Хоёр загалын тууж”, “Оюунтүлхүүр”, “Гурван улсын түүх”, “Цаасан шувууны тууж” зэрэг ном зохиолыг уншиж, хуулан бичдэг байжээ.

Түүний гэрийн багш Алтангэрэл энэ тухай дурсахдаа “Нацагдорж ер ямар нэг юмыг зориуд л биш бол андуурах ёсгүй. Нацагдорж ямар нэг бичгийг хуулахдаа зарим үг буюу мөрийг сольчихсон байдаг. Ай хүү минь энэн дээр нэг андуурчихваа гэтэл, тийм биш, харин түүний утга санааны дагуу солиод бичсэн нь нээрээ зөв зүйтэй юм байдаг тул Нацагдоржийг буруушаах арга байдаггүй байсан. Ер нь савгүй их ухаантай хүүхэд байсан юм шүү” гэжээ.
[Эх сурвалж: С.Лочингийн “Дашдоржийн Нацагдорж” номоос]
  
Г.АКИМ


СУРВАЛЖЛАГЧ: -Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
Г.АКИМ: -Муу аав маань шүү дээ. Гуравдугаар ангид Сталины хүрэн боть өгөөд унш гэлээ. Жаахан хүү большевик энэ тэр гэж юугаа мэдэх вэ дээ. Ойлгосонгүй гэтэл дахиулсаар дөрөв уншуулсан. Тэгэхэд номыг нүдээрээ уншиж сурсан. Аав унших техниктэй болгохыг хүсэж л дээ. Түүнээс биш, гуравдугаар ангийн Аким ойлгохгүй гэдгийг сайн мэдэж байсан. Тэр номыг хожим оюутан болоод л ойлгосон доо.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 8  Ном хамгийн нандин, гэгээлэг дурсамжийг өөртөө тээдэг. Бас мөрөөдөлд хөтөлдөг.


Г.АКИМ


“Намайг багад шинэ үсгээр бичсэн ном ховор, тэр дундаа сумын дунд сургуулийн сурагчид тийм зүйл олдоно гэдэг өдрийн од. Аав минь багш учир, хоёрдугаар ангид байхад “Зоригт жуулчид” нэртэй ном өгсөн юм. Хоёр хүүхэд зуны амралтаараа аялж яваад төөрч, агуйд хоргодон, олон бэрхшээлтэй тулгаран, сумынхан нь хайдаг тухай зохиолд өгүүлдэг. Түүнийг уншаад аялагч болохыг хүсдэг байлаа.

Хүүхдийн мөрөөдөл амархан хувирдаг шүү дээ. Аав нисэх онгоцны буудагч хийх үед нисэгч болдог хэрэг гэж бодсон. Тэгтэл намайг гуравдугаар ангид байхад манайх хөдөөнөөс аймагтаа нүүж ирлээ. Манай гудамжны эсрэг талд гуталчин байдаг. С.Эрдэнэ гуайн “Гуталчин” өгүүллэгийг уншсанаас хойш нэг хэсэг гуталчин болмоор санагдсан.

Долдугаар ангид, хүүхдүүдийг цааш сурах уу, ажилчин анги болох уу гэдгийг хуваарилдаг жил, тракторчин залуугийн тухай өгүүллэг уншаад, сангийн аж ахуй явна гээд санал өгчихсөн. Ангийн багш зад загнаад наймдугаар ангид оруулсан. Түүнээс хойш энэ мэргэжлээ сонгоод, үнэнч явна даа.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 9  Ном биднийг огт танихгүй, өөр ертөнц рүү нэвтрүүлдэг.


Г.АЮУРЗАНА


“Уран зохиолын хүн боллоо гэхэд байнга бичээд л, зохиогоод л сууна гэж байхгүй. Хүний цэнэг барагдана, бодсон санасан юм дуусна. Би багаасаа ч тэр, хожмоо ч тэр миний амьдрах хэв маяг НОМ болчихсон. Байсхийгээд л ном уншдаг. Сүүлийн үед залуугийнх шигээ их ном уншиж чадахаа больсон ч номгүйгээр амьдралыг төсөөлж чадахгүй. Ном руу орно гэдэг зүв зүгээр байж байгаад л шал өөр ертөнц рүү гэнэт орчих шиг сайхан. Бясалгал хийхэд бид бие, сэтгэлийн нилээд хат тэвчээр шаардаж өөр ертөнц рүү ордог. Харин ном уншихад өөр ертөнц рүү, зүв зүгээр сууж байгаад шууд яваад орчихож болохоор маш энгийн боломж.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 10  Буурьтай уншигч номоо уншсаар өтөлдөг.


Б.ГАЛСАНСҮХ


Би өвгөн болоод нүд маань сохорчихгүй бол ямар ч гэсэн шүлгээ зогсолтгүй бичиж, ном унших болно.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 11  Зарим номыг унших, бас уншаад ойлгох нас гэж байдаг.


Г.АЮУРЗАНА


[Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт] үнэхээр сайхан зохиол шүү. Ялангуяа бага залуу дээрээ амжаад уншчихад маш чухал ном. Энэ номыг уншилгүйгээр залуу насаа өнгөрөөчихвөл, магадгүй, чи олон зүйлд насан туршдаа сэтгэл дундуур явах болно.
  
Л.ӨЛЗИЙТӨГС

“Арван тавтайдаа Достоевскийн “Ядуу хүмүүс” зохиолыг уншаад зөндөө уйлсан даа. Харин гучин тавтайдаа эргэж унштал уйлсангүй. Арван дөрөвтэйдээ Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр”-ыг уншаад өвгөнийг л учиргүй өрөвдсөнөө санадаг. Харин уйлаагүй юм. Гэтэл гучин зургаан насандаа “Өвгөн тэнгис хоёр”-ыг эргэж уншаад асгартал уйлсан сан.
[Эх сурвалж: “Үзэхийн хязгаар” номоос]


 12  Зарим номыг нэг л удаа унших төдийд ер бусын хүчирхэг нөлөөнд нь шууд л автчихдаг.


Д.ОЮУНЧИМЭГ


“Ном бүтээлээр нь дамжуулан тухайн хүний дотоод ертөнцөд нэвтэрч болно гэж боддог. Жишээ нь, би дөнгөж аравдугаар анги төгссөнийхөө дараа Б.Лхагвасүрэн гуайн “Уянгын тойрог” номыг уншсан. Тэндээс Б.Лхагвасүрэн гуайн талаар өөртөө нээсэн хамгийн сайхан ертөнцөө баллах вий гэсэндээ дахиж өөр номыг нь уншаагүй. Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” туужийг би уйлж уншсан. Тэгээд тэндээс авсан амттай зүйлээ тэр хэвээр нь хадгалахыг хүссэндээ бусад ном бүтээлийг нь бараг уншаагүй. Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” номыг уншсанаас хойш дахиж өөр номыг нь сөхөж үзэхийг ч хүсээгүй. Миний мэдэрснээр, тэр л хамгийн сайн ном нь.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 13  Тэгвэл олон дахин уншсан ч огт уйдамгүй, ойлгож бармааргүй ном гэж бас бий.


БААБАР


Уран зохиолын ном бараг уншихаа больж дээ. Гэхдээ олон жил дахин дахин уншдаг уран зохиолын хэдэн ном бий. Марк Твэйний “Хак Финн”, Ярослав Хашэкийн “Швэйкийн паян”, Антон Чеховын өгүүлэл, жүжиг гэх мэт.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
Г.АЮУРЗАНА


СУРВАЛЖЛАГЧ: -Та юуны өмнө хүчин мөхөстдөг вэ?
Г.АЮУРЗАНА: -Зарим үнэхээр сүрдэж биширмээр зохиол байдаг юм аа. Бүр дотор харанхуйлмаар, “Би хэзээ ч ийм ном бичиж чадахгүй байх аа” гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Би “Үлисс”-ийг оросоор хоёр, англиар нэг, редакторлож байхдаа монголоор нэг уншсан. “Алдагдсан цагийн эрэлд”-ийн зарим ботийг би хоёр дахиж уншсан. “Нууц товчоон”-ыг мэдэхгүй ээ, лав 5-6 удаа уншсан байх. Одоо “Моби Дик”-ийг ахиад нэг уншъя гэж бодож байгаа. Унших тусам л би даанч түүхий яваагаа ухаардаг.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  

 14  Гэхдээ ном бүрийг уншиж ойлгох албагүй. Зүгээр л ном уншина гэдэг чинь өөрөө баяр баясал.


С.АНУДАР

Б.ГАЛСАНСҮХ: -Одоо чи ямар ном уншиж байна?
С.АНУДАР: -Эзра Паундын шүлгүүд уншиж байна. Ойлгох юм алга. Гэхдээ кайф.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 15  Номыг хаана ч уншиж болно.


Г.АЮУРЗАНА


"Ер нь бол би дандаа хэвтэж ном уншдаг. Өндөрхөн дэр хүзүүн доогуураа ивчихээд, хөлөө хучаад хэвтэж унших уу? За, тэр гартаа барьсан ном маань ядахнаа Курт Воннегутын “Slaughterhouse No.5”-ын дайны юм байвал уу? Сайхан даа." 
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
БААБАР


Нийт уншсан номныхоо дөрөвний нэгийг жорлонд, гуравны нэгийг орондоо уншсан байх аа. Ном уншихаар цаг хэрхэн өнгөрснийг анзаардаггүй.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 16  Бас хэдийд ч уншиж болно. Гэхдээ улирал бүр өөрийн онцлогтой.


Л.НЯМАА


Зун ер нь ном уншихад их таатай улирал. Бусдад нь миний сэтгэл догдлоод тайван сууж ном ширтэх боломж олгодоггүй юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

Г.АЮУРЗАНА


Намар гайхамшигтай улирал даа. Ёстой шүлэг уншмаар улирал...”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 17  Номыг зөвхөн уншдаг гэж бодож байна уу?


БААБАР

Номыг би бараг идчихдэг юм. Арав шахуу номыг тарааж тавьчихаад зэрэг уншдаг. Нэгийг нь гэртээ, нэгийг нь жорлондоо, нэгийг нь ажил дээрээ, өөр нэгийг нь хаанаа ч байдаг юм, зэрэг уншаад л явчихдаг.
[Эх сурвалж: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээс]


 18  Гэхдээ номонд хорхойсно гээд ном бүрийг шүүрч аваад байж болохгүй.


Г.АЮУРЗАНА


“Зохиолч хүний боловсрол бол эхлээд маш их унших, уншиж дадаад сайн номыг муугаас нь ялгаж цэгнэж сурах, тэгээд хэзээ ч муу зохиол бичихийг өөртөө зөвшөөрөхөөргүй түвшинд хүрэх явдал. Харин уншигч хүний боловсрол бол ганц олсон энэ насныхаа хайран цагийг аахар шаахар зүйлс уншин үрэхгүй, мунхрахгүй амьдрах чадвар юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 19  Номонд дурлахаар шийдсэн л бол номын сангаа баяжуул.


М.ЦЭДЭНДОРЖ

Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 20  Харин ямар ном уншихаа мэдэхгүй байвал...


Г.АЮУРЗАНА


НЭГЭН УНШИГЧ: -Буурьтай бичигдсэн романаас та дурдахгүй юу?
Г.АЮУРЗАНА: -Хамгийн энгийн түвшинд энэ 10 романыг эхлээд уншаарай. Бүгд монголоор бий: Флобер “Бовари хатагтай”, Толстой "Анна Каренина", Достоевский “Гэм зэм”, Марк Твен “Хаклберри Финн”, Кафка “Шүүх”, Камю “Этгээд хүн”, Булгаков "Мастер, Маргарита хоёр", Маркес "Зуун жилийн ганцаардал", Мишима “Алтан асрын сүм”, Коэльо “Алхимич”. Эдгээрийг уншчихсан бол та бэлтгэгджээ. Цаашид юу уншихаа надаар заалгалтгүй байх аа.
  
БААБАР

“Боловсролтой болох гэж байгаа нь энэ гээд дайралдсанаа үзэж харан, уншиж бясалгаад явбал нас ч хүрэхгүйгээс гадна нэгэнт хүний тархи хогийн сав биш учраас онцын хэрэгцээгүй мэдээллүүд чинь нийт системээ гацаагаад хэрэгцээтэй зүйлээ амьдралд ашиглаж чадахаа болино. Өөрөөр хэлбэл системчлэгдээгүй мэдлэг бол мэдлэг биш, тэр дундаа боловсрол бүр ч биш. Логик дараалалд ороогүй мэдлэг тус эс өгмү. Үлгэрлэвээс байшинг тоосгоор барьдаг боловч овоолоод хаячихсан бөөн тоосгыг хэнч байшин гэдэггүй шиг фактын цуглуулгатай хүн их бодож л хоосон цэцэрхэгч болно. Би ч залуудаа хэрэгтэй хэрэггүй юм уншиж хайран сайхан тархиа хогийн савны хэмжээнд ашиглаж цаг их үрэн, эргээд харамсаад харамсаад талаар болсон.

Дараа үеийнхэн нь өмнөхөө давамгайлахгүй юм бол аль ч нийгэмд дэвшил байхгүй. Иймээс тэрхүү алдсаныг минь одоогийн залуучууд битгий давтаасай гэж боддог. Зөвхөн өөрийнхөө алдсан сургамж, алдаагаа засах гэж оролдсон туршлага дээр үндэслэн орчин үеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зүйлстэй танилцсан байх ёстой талаар жагсаалт гарган толилуулж байна. Гэхдээ энэ бол дор хаяж арван жил судлах зүйлийн тоймыг гаргаж байгаа болохоор нилээд том жагсаалт болох байх. Арван жил аажуу тайван үзэх юмыг хөдөлмөр батлан хамгаалахын норм биелүүлнэ гэгчээр арван сарын дотор шудрах юм бол толгойд чинь үлдэх юм багаас гадна биеийн эрүүл мэндэд чинь ч муу шүү дээ! Иймээс яаралгүй дайр!”
[Эх сурвалж: “Дори идэр дүүдээ” номоос]


 21  Номонд чин сэтгэлээсээ дурлах л юм бол ном чам руу өөрөө “хийсээд” ирэх болно.


Ц.ДАМДИНСҮРЭН

“Монгол хэл бичгийн номыг тохиолдлын байдлаар би 1925 оноос цуглуулж эхэлсэн юм. 1925 оны хавар би цэргийн нэгдүгээр морин бригадын гуравдугаар хорооны хоёрдугаар сумангийн бичээч болоод Дунд голын дэргэдэх цагаан хуаранд суудаг байлаа. Нэг өдөр цэргийн байрнаас гараад Улаанбаатар хот орно гэж явган явж байтал Дунд голын хөвөөнөөс миний өмнөөс монгол бичмэл номын хуудас салхинд бутран хийсэж ирлээ. Тэр хуудсуудыг яаралтай гүйж, цуглуулж аваад хаанаас хийсэж байгааг үзэх гэж очиж явтал Дунд голын хөвөөнд нэг эвдэрхий гүнгэрваатай нэлээд монгол ном байв. Түүнийг би бөөгнөрүүлж тэврээд Улаанбаатарын ганц танил өвгөн Буяндэлгэрийнд тавьж хадгалуулав. Хийсэж байхад нь миний цуглуулж авсан ном бол “Эрдэнийн сан Субашидийн тайлбар” нэртэй ном байлаа. Тэр номд мэдэхгүй монгол хуучин үг маш олон тааралдсан тул би арай гэж уншив. Тэр номд олон сайхан үлгэр байсан.”
[Эх сурвалж: Ц.Дамдинсүрэн “Намтрын хуудсаас” номоос]


 22  Зөвхөн номын хорхойтнуудын л ойлгох үг.


Б.ЛХАГВАСҮРЭН



“Би номоо хүнд өгөх дургүй.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 23  Анх уншсан ном хэзээ ч мартагддаггүй. Бүр тэр мөчөө олон жилийн дараа эргэн дурсахад нэн таатай санагддаг.


Г.АЮУРЗАНА


“Хамгийн анх уншсан монгол роман минь Н.Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” байсан. Энэ ном яаж яваад миний анх уншсан зузаан ном болсныг тайлбарлахад тийм ч хэцүү биш. Гуравдугаар анги төгсөөд би Баянхонгорынхоо цорын ганц пионер зуслан болох Өвгөнжаргалантад амрав. Манай тасагт Өлзийт сумаас ирсэн, надаас хоёр ах нэг өндөр бор хүү байсан юм. Шөнө болмогц тэрээр Ж.Бямбаагийн “Энэрэлгүй хорвоо” романы үйл явдлаас ярьдаг байв. Лав гурав дөрвөн шөнө ярьж барсан бөгөөд тийм урт зохиол уншина гэдэг ямар нэгэн баатарлаг явдал шиг санагдсан тул, тухайн үед шинээр худалдаанд гарсан ч юм даг уу, манай гэрт гэнэт л үзэгдэх болсон, бас ч үгүй сүртэй нэртэй мөнөөх номыг зориглон шүүрч авсан хэрэг. “Сүүлчийн буун дуу”-гаас би сайн эрсийн тухай, Батгүн хэмээх алдарт шорон байсан тухай, Хятадын эсрэг үзэл гэдэг монгол эр хүний эрхэм дээд чанар болох тухай хэр чинээгээрээ л ойлгож авсан юм даг.”
[Эх сурвалж: “Монгол романыг мэдэх хэр хэмжээ минь” нэртэй нийтлэлээс нь]
  
Б.ЛХАГВАСҮРЭН


СУРВАЛЖЛАГЧ: -Та ер нь хэнийг уншиж өсөв. Танд нөлөө үзүүлсэн зохиол, зохиолч гэвэл хэнийг, юуг нэрлэх вэ?
Б.ЛХАГВАСҮРЭН: -Хөдөөгийн дунд сургуульд багш нар загнаж байгаад ном уншуулдаг байлаа. Том жижиг гэхгүй хүн бүр ном уншдаг тэр үед сонгодгуудыг амсаж, амталж явсан. Миний хамгийн анх уншсан ном бол “Зэрлэг нохой Динго” гээд хөөрхөн жаахан ном. Үүний дараа Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс”, “Инээмтгий хүн”, Питер Абрахамсын “Аянгын жимээр” гээд, тэр үед Майр Рид, Жек Лондоны зохиолууд гараад л. Гайхалтай, гэгээн үе байлаа шүү. Номонд хамгийн ойрхон байсан үе нь тэр. Миний насаараа уух усыг зааж өгсөн газар бол миний бага дунд сургууль.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
С.ЭРДЭНЭ


“Би хуучин монгол бичиг сурмагцаа эхлээд Жюль Верний “Арван таван наст ахмад”-ыг, дараа нь Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсаныг” уншсан юм. Энэ хоёр ном миний сэтгэл санааг нэг л өөр болгож билээ. Хүний тэмүүллийн яруу сайхныг болоод бадрангуй зориг, шударга үйлсийн үлгэр жишээг үзүүлсэн энэ хоёр номыг анхлан уншсан минь их аз байжээ.”


Ж.ДАШДОНДОГ Хүүхдийн зохиолч

"Намайг сумандаа дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн 10 жилийн сургуульд дэвшин суралцах болоход манайх аймгийн төв рүү нүүсэн. Аав минь авто өртөөнд сахиул хийхээр болж, манайх тэнд нь буулаа. Авто өртөө нь төвөөсөө нэлээд зайдуу тул би нэг цаг алхаж сургуульдаа хүрнэ. Сургууль руу явах замд номын мухлаг байх. Би өдөр бүр түүгээр орно. Хоёр хүн ороход бөгс эргэх зайгүй болдог тэр жижиг мухлаг миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм.

Аав минь ажилд авна гэсэн үг л сонссон болохоос яг ажилтай болчихоогүй, надад номны мөнгө өгөхтэй манатай. Номын мухлагийн худалдагч их сайхан хүн байлаа. Намайг орохоор “Ийм шинэ ном ирсэн. Энэ их сайхан зохиол” гээд номнуудаа үзүүлж, тайлбарлана. Би мөнгөгүй юм чинь, жаал үзэж, шүлсээ залгиж байгаад гарна. Тэгж байтал хөдөөнөөс ах ирж, “Чихэр авч идээрэй” гээд гар эсгэм аравтын дэвсгэрт өглөө.

Нөгөө мөнгөөрөө В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг”- ийг авч, нэг амьсгаагаар уншиж дуусгасан. Тэр ном намайг уран сэтгэмжийн eртөнц рүү нэг мөсөн оруулсан. Номоо уншиж дуусаад, ангийнхандаа “Ийм сайхан ном уншлаа” гэтэл хүүхдүүд “Тийм гоё юм бол би уншъя” гэцгээж байна. Тэгэхээр нь “Би мөнгөөр авсан. Зүгээр өгөхгүй” гээд үнээр нь зарчихав. Тэр мөнгөөрөө дараагийн номоо авч, ийм маягаар би арван төгрөгөөр номын мухлагийн бүх номыг уншсан."
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 24  Унших хэвшил урт наслахад нөлөөтэй.


Г.АЮУРЗАНА


“Саяхан Иэйлийн их сургуулийн эрдэмтэд 50-иас дээш насны 3635 хүнийг судалгаанд хамруулж, нэлээд олон жилийн ажиглалт дээрээ үндэслэн ном байнга уншдаг хүний нас 20 хувиар уртасдаг болохыг баталжээ. Долоо хоногт 3 цаг 30 минутаас илүү хугацааг уран зохиол уншихад зориулж хэвшсэн хүмүүс огт ном уншдаггүйчүүлээс дунджаар 12 жилээр илүү насалдаг аж.”


 25  Бүр ном уншингаа гадаад хэл сурч болно.


Ч.ГАЛСАН


СУРВАЛЖЛАГЧ: -Үргэлжлүүлж суралцах боломж байсан ч та нутаг буцсан. Тэгэхээр Лайпцигт өнгөрүүлсэн 6 жилийн хугацаанд герман хэлийг төрөлх хэл шигээ төгс сурчихсан хэрэг үү?
Ч.ГАЛСАН: -Үгүй ээ. Гадаадад төгссөн оюутнууд ямар ирдэг билээ би тийм л хүн ирсэн. Дараа нь зүтгэж байж л одоогийн хэмжээнд сурсан. Ном их уншсан даа. Дандаа германаар уншина.
СУРВАЛЖЛАГЧ: -Хэн хэнийг их уншиж байв?
Ч.ГАЛСАН: -Айтматов. Бас Толстойг уншсан. Германы олон зохиолчид. Хэмингвэйг уншсан. Кавабатаг уншсан. Хамгийн гол нь уншаад хаячихдаггүй юм. Зурж уншина. Мэдэхгүй үг гарвал хажууд нь чагт тавьчихдаг. Дараа нь номоо уншиж дуусаад том тайлбар толио гаргаж тавиад нөгөө мэдэхгүй үг чинь юу билээ гээд өнөөх толиосоо эрчихнэ. Тэгээд балын харандаагаар номон дээрээ бүгдийг бичиж тэмдэглээд нөгөө номоо дахиад эхнээс нь уншина. Зурсан бүх юмаа харна.
[Эх сурвалж: “100 жилийн дараах зохиолч” нэртэй ярилцлагаас]

 26  Ном бас их ажлын дараах амралт болдог.


Ц.ГОМБОСҮРЭН

“Сүүлийн хоёр романаа орчуулж, хэвлүүлсний дараа шаггүй ядарснаа мэдлээ. Тэгэхээр одоо бол жаахан ном уншъя гэж бодоод байна.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 27  Ном бол хэдийд ч дэргэдээс холддоггүй, хамгийн үнэнч хань нөхөр.


Н.ТӨМӨРХУЯГ Дуучин

СУРВАЛЖЛАГЧ: -Та ганцаараа амьдардаг юм уу. Ганцаарддаг уу?
Н.ТӨМӨРХУЯГ: -Би ер нь нэг их ганцаардаад байдаггүй. Ганцаардлаа номтой л хуваалцдаг даа.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

 28  Эцэст нь хэлэхэд...


РАВЖАА

“Юу муу гэвэл хүний номгүй нь муу.”