Бөмбөрцгийн зурагчин

Henri Cartier-Bresson (1908-2004)


Олон хүн түүнийг мэддэггүй бөгөөд тийм байлаа гээд ч тэдний буруу биш билээ. Нэг ч болов роман амьдралдаа уншиж үзээгүй хүн Жеймс Жойс, Марсель Прустыг мэдэхгүй байхтай бараг л адил юм.

Гэхдээ уншдаггүй байлаа ч гэсэн уран зохиолын хичээлийг ухамсарт амьдралынхаа эхнээс “албадан” заалгуулсан энэ үеийнхний хэн нэгэн нь Достоевский, Хэмингвэй, Марк Твейнийг дуулаагүй гэвэл ичгэвтэр хэрэг болох боловч Брессоныг сонсоогүй гэх ялд лав унахгүй. Аргагүй шүү дээ, гэрэл зургийн хичээл гэж орж байсан биш! Тэгсэн атлаа бид, өнөөх суут зохиолчид шигээ өдөр бүр тэмдэглэл хөтлөхийн оронд өдөр бүр зураг дардаг анхдагч үеийнхэн болжээ. Тэгсэн хэрнээ л түүнийг бид мэддэггүй.

Ингээд Францад мэндэлсэн ч нэр алдар нь нэг улсын хил хязгаарыг хэтрэн давсан домогт гэрэл зурагчин Анри Картье-Брессоны нэгэн ярилцлагаас товчлон хөрвүүлснээ дор толилуулъя. Хэрэв манай бөмбөрцөг магад ганцхан л зурагчинтай байх ёстой гэвэл тэр нь Брессон гэдэгт би лав эргэлзэхгүй байна.


Брессон: “Миний хувьд, гэрэл зураг гэдэг бол үйл явдлын хамгийн чухал хэсгийг олж, тэр нь тэрхүү өрнөн буй үйл явдлын голч агуулгыг яг таг өгүүлж буй эсэхийг секундээс ч бага хугацаанд тодорхойлохыг хэлдэг.

Гэрэл зураг бол сэтгэхүйн үйл явц юм. Бид эхлээд юуг илэрхийлэх вэ гэдгээ мэдсэн байх хэрэгтэй. Энэ бол тодорхой нэг асуудлыг тусгасан бидний төсөөлөл юм. Гэрэл зураг бол бичих, зурах, ноороглох үйл явц. Өдөр бүр хаа сайгүй л үйл явдал өрнөдөг. Бид соргог байж, аль нь чухал болохыг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол зүгээр л зөн. Бас мэдрэмж. Би чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй. Нэг л мэдэхэд товчлуур дарсан байдаг.

Гэрэл зурагт бүтээлчээр хандана гэдэг бол хоромхон зуурын хэрэг юм. Зураач бүхнийг урьдчилан нягталж болдог. Зохиолч ч гэсэн. Харин гэрэл зурагчин хамгийн шийдвэрлэх чухал агшныг үй олон үйл явдлын өрнөл дундаас сугалж гаргах хэрэгтэй болдог.

1930 онд намайг гэрэл зураг авч эхлэхэд зурагтай сэтгүүл ховор байв. Зураг худалдаж авдаг газар ч гэж байсангүй. Тиймээс би сонирхсон зүйлээ л авдаг байлаа. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг. Би одоо ч гэрэл зургийн тэмдэглэлээ хөтөлсөн хэвээр. Дараа нь, сэтгүүлүүд гарч ирсэн. Тэдэнд зориулж зураг авдаг боллоо. Гэсэн ч өөртөө зориулж ажиллах хэрэгтэй, хэзээд өөртөө зориулж, мөн өөрийгөө илэрхийлэхийн тулд зураг авах нь чухал. Гэхдээ сэтгүүлд ажилласнаар тэд чамайг дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын дунд аваачих болно. Мөн илүү өргөн цар хүрээгээр хүмүүст өөрийгөө харуулах боломжийг нээж өгдөг.

Ярилцагч: Сэтгүүлд зориулан зураг авах үед таны энэ чиг хандлага ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг үү? Эс бөгөөс өөрийнхөөрөө байдаг уу?

Брессон: Юуны түрүүнд сэтгүүлд зориулан өгүүлэх өөрийн түүхээ бүдүүвчлэн зураглах хэрэгтэй. Гэхдээ энэ нь сэтгүүлд зориулан ажиллаж байна гэсэн үг биш. Чи өөрийнхөө болон өгүүлэх гэж буй түүхийнхээ төлөө ажиллах юм.

Ярилцагч: Та олон оронд гэрэл зургийн сурвалжилга хийсэн. Аль нэг улс оронд очихдоо тэнд хэсэг хугацаагаар амьдардаг уу? Тухайн улс орны соёлыг ойлгохын тулд?

Брессон: Яарж ч болохгүй, удаж ч болохгүй. Энэ хооронд тухайн улс орны соёлыг ойлгох хэмжээний цаг гарна. Хүн бүрт тухайн орны талаар багахан төсөөлөл байдаг бөгөөд тухайн газар очоод урьдчилан төсөөлж байсан зүйлс үнэн, худал эсэхийг мэдэж болдог. Гэхдээ тэрхүү урьдчилсан төсөөлөл санаанаас тийм ч амар гардаггүй. Тэгэхээр бодит байдал эхэнд, дараа нь чиний сэтгэгдэл байх юм. Энэ бол маш чухал. Анхны сэтгэгдэл гэдэг бол хэн нэгний царайг анх удаа харж байгаа юм шиг хамгийн онцгой мэдрэмж.

Ярилцагч: Та тодорхой нэг жишээн дээр тайлбарлаач. Жишээ нь Энэтхэг орны талаар өрнөдийнхөн ер бусын сонин төсөөлөлтэй байдаг. Анх тэнд очоод тэрхүү төсөөлөл өөрчлөгдсөн үү? Мөн таны гэрэл зурагт хэрхэн нөлөөлсөн бэ?

Брессон: Өөрчлөлт гэнэтийн бус, бага багаар өрнөдөг. Гэнэт ч байж болно л доо. Тэнд удаан амьдраад, хүмүүстэй танилцаад, тэдэнтэй уулзаж нөхөрлөөд, яг л ижил түвшнээс харьцах хэрэгтэй. Юм бүхнийг шүүх хэрэггүй, хүмүүстэй ойр дотно байж дулаан бүлээн харилцаа тогтоо. Хүмүүстэй найрсаг бай. Ширүүн хийгээд төвөгтэйгөөр бүү харьц. Учир нь энэ бүхэн чамайг хаана эхэлсэн тэр газар чинь эргээгээд аваачиж ч мэдэх юм. Мөн юу мэдэрч буйгаа бусдад илэрхийл. Чамайг гайхшируулж, бас инээлгэж ч болно шүү дээ.

Ярилцагч: Тийм байж, та нэг дүр, эсвэл үйл явдлын өрнөлийг олон дахин авдаг уу? Эсвэл зөв агшныг хүлээдэг үү?

Брессон: Янз бүр. Тэгдэг гэсэн дүрэм байхгүй. Ер нь бол тухайн агшинд гярхай, чөлөөтэй байх хэрэгтэй.

Техник чадвар бол хийсвэр зүйл биш. Үүнийг тойрч өнгөрч болохгүй. Чиний техник чадвар гэдэг бол чи юу хэлэхийг хүсэж байна түүнийг чинь илэрхийлэх зэвсэг юм. Хэлэх гэснээ хэлэхийн тулд багаж хэрэгслээ сайн мэдэж, арга барилаа сайжруулах хэрэгтэй. Дурангаа мэдэж байх хэрэгтэй. Энэ нь тийм ч хэцүү биш. Үүнийг маш хурдан сурах хэрэгтэй. Энэ яг л бичгийн машин дээр харахгүйгээр бичихтэй адил. Хурдан бичиж сурсан үед зөвхөн юу бичихдээ л анхаарах болно. Гэрэл зураг гэдэг бол үүнтэй л ижил. Чи гэрэл хэмжигчээ харахгүйгээр мэддэг байх ёстой. Тогооч хүн хэр их давс хийснээ амсахгүйгээр мэддэг шиг л. Энэ бол зөн, бас мэдрэмж.

Ярилцагч: Гэрэл зурагчны хувьд хийхийг хүсч буй хамгийн үндсэн зүйл бол харилцаа гэж та хэлсэн.

Брессон: Тийм ээ, харилцаа бол хамгийн чухал зүйл. Эхлээд ямар нэгэн зүйл өг, дараа нь чиний өгсөн зүйлийг зөвшөөрч буй эсэхийг мэд.
Жишээ нь, чи хэн нэгэнд хайртай боллоо, тэгээд чамайг цааш түлхэхгүй бол чиний хайрыг зөвшөөрлөө гэсэн үг. Үүнийг л харилцаа гээд байгаа юм. Тиймээс ямар нэгэн зүйл өг.

Ярилцагч: Өг, тэгээд зөвшөөрөгдөх.

Брессон: Яг тийм. Гэхдээ энэ нь хүлээн зөвшөөрөгдөх гэсэн үг биш шүү.

Хүмүүс надаас ёс юм шиг нэг зүйл асуудаг. “Таны хамгийн дуртай зураг юу вэ гэж?” Миний хамгийн дуртай зураг бол дараагийн авах зураг юм. Бид өөрсдийнхөө бүтээлийн шүүмжлэгч биш шүү дээ. Юу чухал вэ гэвэл дараагийн сэдвээ бодох юм. Гэрэл зураг бол амьдрах хэв маяг. Миний хувьд камер бол миний хараа. Би үргэлж түүнийгээ авч явдаг. Гэхдээ бид хэрхэн амьдардаг, юунд дуртай, амьдралд хэрхэн ханддагаас энэ бүхэн шалтгаална. Хамгийн гол бид хэн бэ гэдгээс.

Бодит ертөнцийг дурандахуй

Нарантуул зах. Ярилцлагын үеэр Свэн эл зургийг гар утаснаасаа харуулсан юм. "Энэ миний дуртай зургуудын нэг. Энд маш олон дүр бий. Тээр тэнд зогсох жаалхүүг харж байна уу?" хэмээн гэрэл зургийн гүн рүү зааж билээ. 


Германы гэрэл зурагчин Свэн Зэллнэртэй 2013 оны арванхоёрдугаар сарын нэгэн жиндүү өдөр сэтгүүлийнхээ орчуулгын редактор Э.Өнөржаргалын хамт ярилцсанаа хүргэж байна. Энэ ярилцлага тухайн үедээ National Geographic Монгол сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдэж байсан боловч сэтгүүл түр хугацаанд гарахаа больсон тул өдгөө хаанаас ч унших боломжгүй болжээ.

Свэн Зэллнэр Мюнхенийх бөгөөд кино зураглаач мэргэжилтэй. Тэр өдөр түүний “Price of Gold” баримтат кино Мөрөөдөгчдийн өдрөөр Улаан гэр галерейд гарсан юм. Гадаа хүйтэн, дотор бүгчим байсан санагдана. Киноныхоо зураглаач, найруулагчийн албыг давхар хашчихдаг тэрээр гар аргаар алт олборлогч нинжа нарын дунд багагүй хугацааг өнгөрөөсний дүнд эл бүтээлийнхээ зургийг авсан хэмээн үзэгчдэд сонирхуулж байлаа.

Түүнтэй үзвэрийн дараа нэгэн кофе мухлагт ярилцсан юм. Гэхдээ мөнөөх киноных нь талаар биш, голдуу баримтат гэрэл зургийн тухай хөндөв. Хоёр жилийн дараа эргэн уншихад уншууртай, урам өгөхүйц, бас гэрэл зурагчдад нэгийг бодуулах муугүй ярилцлага болсон санагдлаа.


Баримтат гэрэл зурагчин болох нь миний багын мөрөөдөл байсан хэмээн та хэлж байсан. Яриагаа таны гэрэл зурагт татагдсан бага насны дурсамжаас эхэлье гэж бодлоо.

Би бага байхын л National Geographic, Geo сэтгүүлийг захиалан уншдаг байв. Гэхдээ бичвэрий нь эхлээд уншихгүй, гэрэл зургууды нь түрүүлж хараад тайлбарууд нь таалагдвал тэр нийтлэлийг дэлгэрүүлэн уншдаг байлаа. Тийм учраас сэтгүүл дээрх гэрэл зургууд намайг гэрэл зурагчин болох мөрөөдөлд хөтөлсөн гэж хэлж болно. Харин томрох тусмаа кинонд шимтэх болсон. Гэсэн ч гэрэл зургаа бүрмөсөн орхиогүй.

Анхны камераа Та одоо ч мартдаггүй байх?

Миний анхны камер Minolta Х300 байсан. Их хуучны эд л дээ. Тэр үед би 20-той л байсан байх. Эхэндээ байгалийн гэрэл зураг шохоорхдог байсан ч хожим баримтат гэрэл зурагт илүү татагдах болсон. Гэхдээ гэрэл зургаар мөнгө олно гэдэг маш хэцүү гэдгийг ойлгосон. Магадгүй 10, 20 жил тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болох ч тэр хүртэл маш хол зам туулах учраас би кино зураглаачийн мэргэжлээр их сургуульд суралцсан юм. Баримтат гэрэл зургаар амь зуугаад явах боломжгүй бол харин кино зураглаачаар болно гэж бодсон хэрэг л дээ.

Гэсэн ч миний сонирхол баримтат гэрэл зураг, баримтат кино руу ав адилхан тэмүүлсээр л байв. Харамсалтай нь би киноны зураг авч эхлэхдээ гэрэл зургаа түр хойш тавьсан. Тэр үед гэрэл зургийн камерууд дижитал эринд шилжсэн төдийгүй үнийн хувьд ч өндөр байлаа. Надад дижитал камер авах мөнгө байгаагүй тул анхныхаа киног хальсны камераар хийсэн. Тэгсэн одоо дөрвөн ч дижитал камертай болжээ.

Сайн камертай болоход багагүй хугацаа зарцуулна биз?

Монголд анх ирэхийнхээ өмнө Leica камертай болохыг мөрөөддөг байв. 2007 онд л доо. Гэсэн ч дэндүү өндөр үнэтэй байсан тул худалдаж авч чадаагүй. Ингээд өөрийгөө кино зураглаач хэмээн танилцуулаад компаниудаас камер “зээлдэх” гэсэн боловч “Ийм зураглаач байдаг гэж мэдэх ч үгүй юм байна” гээд халгаасангүй. Никонд хандсан ч мөн л бүтсэнгүй.

Хожим хэд хэдэн шагнал хүртээд, зургуудаа ном болгож хэвлүүлсний дараа Германы Zeiss брэнд зарим зургийг минь сурталчилгаандаа ашиглах болзолтойгоор камер өгснөөр Монголд дахин ирж нинжа нарын тухай “Price Of Gold” баримтат киногоо хийх боломжтой болсон. Zeiss бол Leica зэрэг том брэндийг гүйцэхгүй ч Германдаа бол киноны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компани юм. Хүмүүс ихэвчлэн Leica авч чадахгүй үедээ энэ брэндийг сонгодог. Учир нь Leica 5000 евро (11 сая. Ред.) байхад Zeiss 800 евро байх жишээтэй. Одоо ч тэгж явдаг үе ард хоцорчээ. Би өөрийн гэсэн сайн камер, тоноглолтой болсон шүү.

Та бол зуны улиралд зуурдхан ирээд буцдаг жуулчидтай адил хүн биш. Монголд цөөнгүй удаа ирсний дараа “Price Of Gold” киногоо хийж эхэлсэн. Кино хийх санаагаа яг хэзээ олов?

Би ихэнхдээ гэрэл зургийн төслүүдээсээ баримтат киноныхоо сэдвийг олдог. Гэрэл зураг авах хугацаандаа баримтат кино хийх судалгаагаа давхар хийчихдэг тул дараа нь зургуудаасаа киноныхоо санааг гаргаж авахад дөхөм байдаг юм. Хэдий хийж эхлээгүй ч гэсэн яг одоо миний толгойд дэндүү олон санаа байна. Хэзээ нэгэн цагт санаанууд маань кино болно гэдэгт эргэлздэггүй. Гэхдээ сайн баримтат кино хийхийн тулд санхүүжилт олоод зогсохгүй дараа нь киноныхоо орлогоор “амьдрах” хэрэгтэй. Тиймээс хийх гэж буй киноныхоо утгыг илэрхийлэх сайн гэрэл зургууд өмнө нь авчихсан байвал хүмүүст киноныхоо санааг ойлгуулахад амар байдаг. Нөгөө талаас гэрэл зураг нь чанартай байвал хөрөнгө оруулагчид сайн кино болно гэдэгт итгэдэг давуу талтай.

Миний ажигласнаар ихэнх кино зураглаачид гэртээ сууж байснаа нэг санаа олоод “тийшээ явж кино хийе” гээд шууд тухайн газраа очоод төслөө эхэлчихдэг. Гэвч явцын дунд янз бүрийн асуудал гарч, бүтэлгүй болох нь бий. Тиймээс би эхлээд гэрэл зургийн аяллаа өөрөө санхүүжүүлж, хожим гэрэл зургууд маань олон улсын шагнал хүртэх үед кино хийх тэтгэлэг болон хөрөнгө оруулалт олох боломжтой болдог.

Монголд анх ирсэн нь кино биш, гэрэл зурагтай холбоотой байжээ. Гэв гэнэтхэн л энд ирэхээр шийдээгүй байх. Монголыг “яаж” олов?

Их сургуульд элссэн эхний жил Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” киног үзсэн нь надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь би Мюнхенд цуг сурдаг монгол найруулагчийн кинонд туслах зураглаачаар ажилласан юм. Түүнтэй ажиллаж байхад олон монгол хүнтэй уулзаж Монгол орон, монголчуудын тухай багагүй зүйлийг мэдэж авсан. Гэхдээ өөрийн биеэр Монгод ирж, өөрийн нүдээр энэ орныг харуулахыг хүссэн. Ингээд ажлаа дуусгаад Монголын говиор 3 долоо хоног аялсан даа. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирсэн бөгөөд ирэх тусам энэ оронд улам татагдаж буйгаа мэдрэх болсон.

Монголд дахин дахин ирэхэд чухам юу нөлөөлөв?

Хамгийн түрүүнд хүмүүс нь гэж хэлмээр байна. Тэр дундаа хөдөөгийн нүүдэлчин ард үнэхээр гайхамшигтай. Тэд бол миний уулзсан хамгийн зочломтгой, найрсаг улс. Тэдний гэрт хэд хоносон ч огт дургүйцдэггүй төдийгүй бүр маш сайхан ханддаг. Мөн Монгол орны байгалийн өнгө төрх дэндүү үзэсгэлэнтэй. Энэ өргөн уудам тал нутаггүйгээр Монголын нүүдэлчин ард түмнийг төсөөлж болохгүй мэт санагддаг шүү. Энэ бүхэн л намайг татсан байх.

Та эхлээд байгалийн гэрэл зураг сонирхдог байсан. Таны Монголд авсан гэрэл зургуудыг харахаар байгалийн гэрэл зураг бага харагддаг. Ингэхэд таныг юу хөглөдөг вэ?

Хүмүүс. Магадгүй хэзээ нэгэн цагт буцаад байгалийн гэрэл зураг, кино хийхийг үгүйсгэхгүй л дээ. Амьд байгаль, амьтдын амьдрал маш сонирхолтой шүү дээ. Гэхдээ одоохондоо тэдгээр зүйлс миний сэтгэлийг хөдөлгөхгүй байгаа. Харин хүмүүс болоод тэдний амьдрал надад онцгой санагддаг. Хүмүүстэй танилцаад, тэдний амьдралын утга учрыг ойлгоод ирэхээр заримдаа маш хэцүү байдаг ч эргээд би тэднээс амьдралын утга учир, мөн чанарыг ухаарах шиг болдог.

Алтны нинжа нарын амьдралын нарийн зүйлсийг ойлгож, тэдний даван туулах саад бэрхшээлийг хамт туулахгүйгээр тэдний тухай сайн баримтат кино хийнэ гэж байхгүй. Би тэдний тухай баримтат кино хийх гэж байж тэднээс хол зогсоод, юу хийж байгааг нь алсаас ажиглах нь утгагүй хэрэг. Харин би тэдний дунд орж, идэж буй хоолыг нь идэж, унтаж буй газар нь унтаж, өдөр тутмынх нь амьдралын жижиг гэлтгүй бүх зүйлийг хамт туулсан учраас л тэд илүү нээлттэй болсон.

Гэвч камер барьсан хүн бүртэй хүмүүс сайхан харьцаад байдаггүй шүү дээ. Нууцынх нь гүнд ойртох тусам тэд улам хүйтэн хөндий харьцах нь бий. Энэ тохиолдолд яадаг вэ?

Хэрэв хэн нэг гадны хүн тэдэн дээр очоод зургийг нь авъя гэвэл ямар ч хүн дургүйцэх нь ойлгомжтой. Тиймээс тэдний дунд ороод, өөрийгөө онц гойд нэгэн гэж үзэлгүй, тэдэнтэй яг л адил эр хүн гэсэн хүндэтгэл үзүүлэхэд тэд эргээд тэр хүндэтгэлийг үзүүлж, намайг найзаа мэт хүлээн авдаг. Энэ ямар ч газар, ямар ч нөхцөлд үнэн байсан. Би Румынд олон удаа очихдоо, ДОХ зэрэг хүнд өвчин туссан хүмүүстэй уулзаж байсан. Тэгэхэд бусад хүмүүс тэднээс эмээж, ярихаас татгалзаж байхад хэн нэгэн очоод тэдний хажууд суугаад санал бодлыг нь асууж, дотнын хүн шигээ хүндлэхэд тэдний амьдралд гэрэл гэгээ гийх шиг л болдог.

Дөнгөж хоёр өдрийн өмнө би гудамжинд амьдардаг хүмүүсийг харсан. Би монгол найзуудаасаа тэдгээр хүмүүстэй уулзаж болох уу гэж асуухад дэмий гэж хариулсан боловч би зориг гарган тэдгээр хүмүүсээс амьдардаг газар нь очиж болох уу гэж асуухад зөвшөөрөөд намайг газар доорх оромжиндоо урьсан. Тэд хэдий ядуу амьдарч байгаа ч хүн л учир намайг эелдэг харьцахад гэртээ уриалгахан хүлээж авсан.

Хөдөө ч мөн ялгаагүй, бүгд намайг гэртээ урьж, хоол цайгаар дайлдаг. Алтны нинжа нартай уулзаад тэдний алт ухдаг нүх рүү нь хамт ороход намайг хүндэлж байсан. Учир нь жирийн нэг хүн хэзээ ч тэдэнтэй хамт орохгүйг тэд мэдэж байсан учраас тэр.

Баримтат кинонд татагдах болсны цаад нууц магадгүй энэ байх?

Тийм ээ. Баримтат зураг гэдэг бол илүү бодит ертөнц юм. Мэдээж сайн дүрс буулгаж байж сайн кино бий болдог бол муу дүрс буулгаад түүнийгээ хэчнээн янзалсан ч муу кино л болдог. Харин баримтат киноны хувьд зураг авалт муу болсон ч зураглаач хүн киноноосоо маш их мэдлэг туршлага хуримтлуулж, урам зориг авдаг сайн талтай. Учир нь бодит хүмүүстэй, бодит нөхцөл байдалд, бодит зүйлтэй ажилладаг учраас тэр байх.

Баримтат гэрэл зураг болон баримтат кино хоёрын ялгаа юундаа байдаг вэ?

Гэрэл зургийн хэцүү нь агшин юм. Тухайн агшинг оллоо гэж бодоход яг тэр агшинг өгүүлэх дор хаяж 4-5 сайн зураг авах хэрэгтэй. Тухайн агшин маш хурдан өрнөж болно, эсвэл хэд хоног үргэлжилж ч болно.

Харин кино зураг авахад тухайн сэдвээ хэдэн хоногоор, эсвэл сараар дагадаг болохоор дараа нь эвлүүлэг хийгээд агшнуудыг нэгтгэж болдог нь илүү өгүүлэмжтэй болдог. Заримдаа өгүүлэх зүйл ч олдохгүй үе байна л даа. Жишээлбэл, Price of Gold киноны зураг авалтыг хийж байхад киноны гол дүрүүд сүүлдээ ажлаа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж байсан. Тэр үед надад хангалттай бичлэг байгаагүйээс киногоо дуусгаж чадахгүй нь гэж айж байлаа. Харин гэрэл зурагчны хувьд хэдэн чанартай гэрэл зураг авч чадвал амжилтанд хүрдэг бол баримтат киноны хувьд тэтгэлэг эсвэл хөрөнгөө авахдаа 60 минут, эсвэл 90 минутын кино хийнэ гэж төлөвлөсөн байдаг тул цагаа дүүргэх хангалттай бичлэг хийх хэрэгтэй болдог.

Магадгүй кино хийнэ гэдэг нэг бодлын National Geographic сэтгүүлийн гэрэл зурагчид шиг сэтгүүлийн нүүрийг дүүргэх гэрэл зураг авахтай адил ч юм шиг. Энэ утгаараараа National Geographic сэтгүүлийн нийтлэлийн гэрэл зургууд кино хийхтэй адил байж магадгүй. Дуугүй, янз бүрийн эффектгүй цаасан дээрх хэвлэсэн “кино” л гэсэн үг.

Агшнуудыг нэгтгэдгээрээ баримтат кино илүү өгүүлэмжтэй болдог гэж та хэллээ. Эвлүүлэг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

Энгийн үед би зураг авч буй хугацаандаа эвлүүлэг хийдэггүй. Тэгж болох ч би ганцаараа хийж чадахгүй учраас зураг авч дуусаад мэргэжлийн багтай хамт эвлүүлгийг хийдэг. Гэхдээ Price of Gold киноны зургийг авч дуусаад хэсэг хугацаанд киноны ажлыг хойш тавьсан. Сэдвээсээ бага зэрэг холдож, тархиа амраах хооронд эвлүүлэг хийх баг болон орчуулга хийх хүмүүсээ бүрдүүлсэн. Зураг авалтын дараа завсарлах нь маш чухал. Би 6 сар хүлээсний эцэст киноныхоо эвлүүлгийг хийж байсан.

Хэсэг хугацаанд толгойгоо сэргээж байгаад эвлүүлэг хийхэд маш хурдан бөгөөд үр дүнтэй байдаг. 3 долоо хоног эвлүүлэг хийгээд дараа нь хоёр долоо хоног бага зэрэг засваруудыг л оруулсан. Ихэнх эвлүүлгийн хугацааг дуу чимээ оруулахад зарцуулсан. Хөдөө мотор ажиллаж байсан тул заримдаа хүмүүсийн алхаж буй чимээ, ямар нэгэн зүйл авах, тавих зэрэг ахуйн шуугиан далдлагдсан байсан. Тиймээс тэдгээр дуу чимээ болон хүний алхаж буй дуу чимээг нэмж өгсөн.

Кино зураг авч байхад заримдаа яг тэдэн шиг “нинжа” болох үе байна биз? Хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

Алтны нинжа нартай ажиллаж байхад цооног руу орох, тэсрэлт зэрэг аюулууд их байсан л даа. Мөн хэр баргийн нинжа нар зургаа авахуулах дургүй байдаг. Тэднээс зургийг чинь авч болох уу гэж асуух юм бол шууд татгалзана. Тиймээс би эхлээд тэдний зургийг шууд авдаг байсан. Тэгээд дургүйцэх эсэхийг нь харна. Хэрвээ дургүйцэж, уурлах юм бол больдог байсан. Гэрэл зураг авахад хамгийн том бэрхшээл нь энэ юм. Заримдаа тэдний итгэлийг олж авахын тулд нэг хэсэг найзлах хэрэгтэй болно. Энэ хугацаанд зураг авах цаг алдаж байсан гэсэн үг.

Мэдээж маш аюултай үеүд байсан. Зарим хүмүүс ихэд уурлаж хутга чичлэн дайрдаг байлаа. Ялангуяа хүүхдийнх нь зургийг авахад хүмүүс маш эмзэглэдэг болохыг би ойлгосон. Гэхдээ би гэмшдэг байсан л даа. Хүмүүс зургаа авахуулахыг хүсэхгүй байхад авмааргүй байсан ч, хүмүүсийг үгүй гэж хэлэхэд нь итгэдэггүй байсан үе бий. Би тэдний зургийг авснаар тэдэнд муу зүйл тохиолдохгүй гэдгийг мэдэж байсан учир хүчилсээр байгаад авдаг байсан. Гэхдээ л заримдаа хулгайч шиг санагддаг үе байсныг нуухгүй.

Гэсэн ч эдгээр хүмүүсийн түүхийг өгүүлэх үүрэгтэй мэт санагдаж байсан тул зураг авалтаа үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлсний ачаар л хүмүүс надад өмнө нинжа нарын тухай сонсож байсан ч мэддэггүй байж, харин киноноос тэдгээр хүмүүсийг ойлголоо гэж хэлж байсан. Би өөрөө үнэнч шударга байхыг хүсдэг тул тэдгээр хүмүүсийг аль болох хэтрүүлэггүй, бодитоор харуулахыг хичээсэн. Би тодорхой хэмжээний эрсдэл, зориг гаргасан алхам хийж байж сайн кино хийж чадна гэж боддог. Үргэлж өөртөө таалагдсан, аюулгүй санагдсан зүйлээ хийгээд байвал кино маань сонирхолтой бөгөөд сайн байж чадахгүй. Гэхдээ заримдаа хэтэрхий эрсдэлтэй алхам хийх вий гэхээс эмээдэг.

Кинон дээр гарсан хүмүүстэйгээ дахиж уулзсан уу?

Уулзаагүй байгаа. Би уулзаж, киногоо үзүүлэхийг хүсэвч уулзах боломж гараагүй л байна. Харамсалтай нь интернэтээр цацагдсан трэйлэрийг нэг нь үзсэн гэсэн. Маш халтар бөгөөд муухай гарсан байна гэж гомдоллосон гэнэ лээ. Үүнээс болоод тэд маш ууртай байгаа байх. Магадгүй бүтэн киног үзвэл өөрсдөөрөө бахархаж магадгүй л юм. Эсвэл бүр уйтгартай байна гэж ч өөлж болох.

Гэхдээ тэд кинон дээр гарснаасаа ч муу байдалтай байж болох л байсан. Би 5 болон 9-р сард зураг авалтыг хоёр удаа хийсэн. 5-р сард тэд бараг 30 гаруй ажилчинтай, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан. Тэгээд дараа дахин очиход амралтаа авсан байдалтай, өдөржингөө амарч, хоорондоо даажигналдацгааж байлаа. Бусад нинжа нар гар хоосон буцсан бол киноны маань баатрууд амжилттай ажилласан. Нэг ажилчны хэлснээр тэд нэг том нүхнээс 40 мянган долларын ашиг олж чадсан гэсэн.

Та гэрэл зурагт агшин чухал гэж хэллээ. Агшныг мэдрэн гэрэл зураг буулгахад туршлага хэр чухал вэ?

Ер бусын сонин агшинг буулгахад аз их үүрэгтэй. Гэхдээ туршлага ч бас чухал. Гэрэл зураг дарах нь гадаад хэл сурахтай адил. Би гэрэл зургийг үргэлж мэргэжлийн түвшинд дарж чаддаггүй байсан л даа. 2010 онд сургуулиа төгсөөд, дипломаа авсны дараа 3 жилийн турш зураг авсан. Тэгээд зураг авах тусам би сайжирч байгаагаа анзаарсан. Би илүү хурдан болсон бөгөөд зурагны өгүүлэмж маань ч нарийн болж эхэлсэн.

Эхэндээ зураг авахдаа үйлдэл бүрээ бодож, фокусыг нь тааруулах гэж нэлээн зүдэрдэг байсан бол одоо камерныхаа үйлдэл бүрийг маш сайн мэддэг болсон тул тухайн агшинд ямар ч зүйл бодолгүйгээр шууд дардаг болсон. Мэдээж шинэ камер барьж байгаа бол зарим нэгэн тохиргоог нь мэдэхгүй гацах үе гарна л даа. Гэхдээ одоо бол ийм зургийг ингэж авчихдаг юм уу гэж бодохын оронд шууд камераа өргөөд товчлуур даран зургаа дардаг болсон. Ингэснээр нэг өдөрт авах чанартай зургуудын тоо улам олшрох жишээтэй. Зураг авах тусам сэдвээ сайн ойлгож, хүмүүсийн зургийг хэдийд, ямар үед, аль талаас нь авахаа сайн мэддэг болдог. Бас хэзээ тэдгээр хүмүүсийг тайван орхихоо ч ойлгоно. Гэхдээ аз бол байх ёстой зүйл. Заримдаа нэг л биш өдрүүд байдаг даа. Тиймэрхүү өдөр аз тохиогоод сайн зураг дарж чадвал урам орж, улам зураг авах хүсэл төрдөг.

Би олон жил суралцсаны эцэст өөрийгөө маш мэдрэмжтэй болсон гэж боддог. Гадуур явж байхдаа ямар нэгэн үйл явдал хараад юу өрнөхийг урьдчилж таамаглан камераа бэлдсэн байдаг. Гэхдээ аз ч бас багагүй нөлөөтэй. Тиймээс гэрэл зураг бол байнга суралцах ёстой зүйл. Мэдээж авьяас гэж зүйл байх ч тэр гайхамшигт агшныг буулгахын тулд туршлага суух л хэрэгтэй дээ. Гэрэл зураг авна гэдэг амаргүй зүйл. Тиймээс бодлоороо биш мэдрэмжээрээ авдаг болохын тулд олон жил шаардагдана. Мөн өөрийн гэсэн хэв маягаа олсон байх нь чухал.

Харин таны хэв маяг?

Ихэнх гэрэл зурагчид хар цагаан зураг авах дуртай байдаг бол би өнгөт зургийг илүүд үздэг. Энэ нь миний хэв маягийг илэрхийлж байна гэсэн үг. Мөн сэдэв чухал. Хэрвээ хүмүүсийн зураг авч байгаа бол хүмүүстэй харьцаж сурах хэрэгтэй. Энэ нь ганц үгээр биш үйлдлээрээ, сэтгэлээрээ хүмүүстэй харьцаж, ойлгож, итгэлийг нь олохыг хэлнэ. Хэрвээ үггүйгээр хүмүүстэй харьцаж сурвал хаана ч хэзээ ч хэрэг болно. Ядуу, баян, ямар ч хүн байсан хамаагүй энэ аргаар хүмүүстэй дотносож болдог.

Одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

Дайны түүхийг өгүүлсэн хар цагаан зургуудаараа алдартай Paolo Pellegrin-ий тухай баримтат кино хийх гэж байгаа. Тэрээр National Geographic сэтгүүлийн Газын хонгилууд болон Кубийн тухай хэд хэдэн нийтлэлийн гэрэл зургийг авч байсан домог болсон гэрэл зурагчин юм. Тэрээр алдар нэр олох хүртлээ олон хэцүү зүйлтэй тулгарч байсан бөгөөд тууштай хөдөлмөрлөсний эцэст дэлхийн алдартай сэтгүүлүүдэд гэрэл зурагчнаар ажиллах болсон.

Гэхдээ National Geographic сэтгүүлд ажиллаж байсан эхний жилдээ цалин мөнгө сайн авах ч, дараа жилд нь сайн зураг аваагүй бол дараагийн хүн нь чамайг орлоно гэсэн үг. Алдар нэртэй ч ямар ч орлогогүй гэрэл зурагчид маш олон бий. Тиймээс би гэрэл зураг, кино зураглаачийн аль алийг хийж байгаадаа баярлаж байна. Заримдаа кино илүү амар байх нь бий. Хийхэд хэдий хэцүү ч гэсэн хүмүүст хүргэхэд илүү амар санагддаг.

Та хэр их аялж байна?

Тийм ч их биш. Би одоо л аялж эхэлж байна. Монголд нэг төслөө дууслаа. Мөн Грийнланд, Румыньд дараагийнхаа төсөл дээр ажиллаж байна. Нэгдүгээр сард Румыньд ажилтай. Харин хоёрдугаар сард Өмнөд Африкт зураг авна. Гэхдээ цөөхөн хоногоор л доо. Дараа жил 2 эсвэл 3 удаа Грийнланд явах ажилтай. Мөн Паоло Пеллигринийг 3 жилийн турш дагана. Эдгээрийн дундуур Монголд ирэх боломж байвал ирнэ. Үгүй бол ажлуудаа дуусгаад ирнэ. Би хавар эсвэл зун ирж үзэхийг их хүсэж байгаа.

Монголд багагүй хугацааг өнгөрүүллээ. Монголын залуу гэрэл зурагчдын бүтээл дээр ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?

Би Монголд удаан хугацаагаар амьдардаггүй тул тэр талаар үнэлэлт дүгнэлт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мөрөөдлийн нэг бол Монголд амьдрах. Харамсалтай нь, дан ганц Монгод биш, олон оронд янз бүрийн төсөл дээр ажиллаж буй тул энд амьдрах боломж гарахгүй л байна. Гэхдээ би энэ оронд ямар нэгэн зүйл эргүүлэн өгөхийг хүсдэг. Залуу гэрэл зурагчдад зориулж гэрэл зургийн сургалт зэрэг ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. Мөн үүнтэй адил ярилцлага хийж бусад гэрэл зурагчдад түүнийгээ түгээх үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Миний бодлоор гадаадын мэргэжлийн багш, гэрэл зурагчдаар хичээл заалгах нь чухал ч залуу гэрэл зурагчид өөрийн гэсэн хэв маягаа олох нь хамгийн чухал юм.

Миний ажигласнаар монголчууд харсан зүйлээ дууриах хандлага их байдаг. Тэд өөрсдийн гэсэн сэдэв барьж авдаггүй. Энэ орон баялаг түүх, соёлтой бөгөөд сонирхолтой сэдэв элбэг. Гэтэл энэ цаг үед бүх зүйл мөнгөний төлөө болж, барууны соёлд автагдах болсон нь даанч харамсалтай. Монголын эзэнт гүрэн бусад улс гүрнийг эзлэхдээ тухайн улсын соёл, төр барих арга барил, удирдлагын системийг нураадаггүй байсан түүхтэй. Түүнтэй адил өнөөгийн Монгол орон бусад орны мэдлэгийг ашиглан өөрсдийн гэсэн онцлогийг олж авах хэрэгтэй гэж бодож байна.

Би хөдөө явж байхдаа хөдөөний айлд зочлоод гэрийн хоймор дахь жижигхэн зурагтаар Монголын дээр үеийн кинонуудыг үзэж байсан. Тэдгээр кино маш сонирхолтой, сайн болсон байдаг. Харин одоо гарч буй кинонууд ямар ч өвөрмөц, онцгой шинжгүй, “түргэн” кино болсон юм шиг санагддаг. Урлаг бол хэлтэй адилхан гэж хэлж болно. Юмсийг өөр өөрөөр хэлж, ойлгож болдогтой адил Монгол орон урлагийн салбараа арай өөр талаас нь хөгжүүлэх нь зүйтэй. Магадгүй богино сонирхолгүй кино хийж байхаар жинхэнэ амьдрал өгүүлсэн урт кино хийх ч юм уу. Миний киноноос ч сонирхолтой байж чадна шүү дээ. Миний кино тийм ч сонирхолтой биш л дээ. Гэхдээ л бодит төдийгүй сургамжтай болж чадсан.

Та ирээдүйд Монголд ирвэл ямар хүмүүсийн амьдралыг онцлох вэ?

Улаанбаатар хотод амьдралын өөр өөр түүх өдөр бүр өрнөж байдаг. Энд маш олон төрлийн амьдралын хэв маяг, түүх нэгэн дор оршиж байна. Энд баян ч хүн байна, ядуу ч хүн байна. Миний хувьд Улаанбаатар бол дэлхийн хамгийн сонирхол татах хотуудын нэг. Асар хурдацтай хөгжиж буй энэ хотод ирэх бүртээ ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байгааг анзаардаг. Хэдий саад бэрхшээлүүд элбэг байгаа ч сайн сайхан зүйлүүд маш их бий. Хүмүүс амжилтанд хүрч эдийн зазаг нь хөгжиж байгааг харахад сайхан байна.

Таны хэлдэг үнэний ортой. Монголын төдийгүй гадны гэрэл зурагчид шууд хөдөө явж, нүүдэлчин соёл ахуй, эсвэл тал нутгийн байгалийн зургийг л авдаг. Энд бүхэл бүтэн хот орхигддог тул зарим гадны хүмүүс Улаанбаатар хотод ирээд ийм хот байсан юм уу гэж гайхдаг.

Тийм ээ. Гадны хүмүүс Улаанбаатар хот гэдэг нэрийг газрын зураг зэргээс хардаг ч хотын амьдралын тухай ойлголт төдийлөн авч чаддаггүй. Гэхдээ энэ хот ирэх 20 гаруй жилд маш их сонирхол татна.

Улаанбаатар хотод очих дуртай газар бий юу?

Маш олон газар бий. Би алхах дуртай л даа. Машинд түгжирч явахаар алхаад явсан нь дээр санагддаг. Ялангуяа Улаанбаатар шиг тийм ч том бус хотод алхаад явах тийм ч хэцүү биш. Би алхахдаа гадуур зам даган явах дуртай. Учир нь тэнд л хүмүүстэй таарч, тэдний амьдралыг илүү ойроос хардаг. Мөн хотын төвд маш олон кофе мухлаг болон зоогийн газрууд байдаг. Хэдий би Мюнхенд амьдардаг ч тэнд эндхийх шиг тухтай орчинд суугаад кофе уучих газар тийм ч олон биш. Гэхдээ энд юмны үнэ арай өндөр юм шиг. Дэлгүүрийн лангуун дээр байгаа зарим барааны үнэ Германыхтай ижилхэн байх нь бий. Гэтэл энд амьдардаг хүмүүсийн цалин маш бага шүү дээ.

Гудамжаар алхаж явахдаа байнга зураг дарж явдаг уу?

Заримдаа. Алхаж байхдаа зураг авахаас илүү нэг газар зогсож байгаад эргэн тойронд болж буй үйл явдлуудаа авах дуртай.

Харин гэрэл зурагчны хувьд хаана очих дуртай вэ?

Би Нарантуул захаар явах дуртай. Тэнд очоод хэдэн цаг өнгөрүүлснээ ч мартчихдаг. Заримдаа бүр 4, 5 цаг ч болсон байдаг шүү. Хүмүүст хөөгдөлгүй хэр удаж болно, тэр хугацаанд тэнд байж, зураг авдаг. Тэнд маш олон хүмүүс байдаг тул хором бүрт олон түүх өрнөж байдаг. Хэдий зураг авах маш сайхан завшаанууд байдаг ч хүмүүс дургүйцдэг тул тэр бүр боломж олддоггүй. Магадгүй тэр нь ч дээр байж магадгүй. Би нинжа нарын тухай кино хийхэд тэдний амьдралыг бусдад таниулснаар сайн үйл хийж байгаа байх л даа. Гэхдээ Нарантуул захын худалдаачдыг авснаар тийм байж чадах эсэхийг мэдэхгүй. Орлого багатай хүмүүс Нарантуулд ирдэг гэдэг талаас нь зурган нийтлэл хийж болох ч, тухайн хүмүүсийг хүндэтгэх хүндэтгэлээс болоод хийдэггүй. Тэдгээр хүмүүс зургаа даруулах тун дургүй. Зарим нь их уурлана. Нэг удаа хүнсний зах дотор зураг авах гэж байхад над руу мах хүртэл шидэж байсан шүү.

Та гэр хорооллоор явсан уу?

Би гэр хорооллоор явах дуртай ч тийм ч их зураг аваагүй. Ганц хоёр удаа таньдаг айлындаа зочлох гэж очиж байсан тул зураг авах таатай боломж гараагүй. Хүмүүстэй танилцаад, тэдний гэрт нь зочилж, амьдралыг нь өгүүлэх зураг авахыг хүсэж байна. Тийм учраас гэр хорооллоор тийм ч их яваагүй. Магадгүй бүх гэр хороолол барилга болох үеийн түүх сонирхолтой байж болох юм.

Гэр хороолол өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй. Тэнд маш олон асуудал байгаа ч хэзээд өвөрмөц байж чаддаг. Гэхдээ би Монголын шинэ баячууд болон амжилтанд хүрч буй залуучуудыг их сонирхож байгаа. Тэдний тухай кино хийвэл сонирхолтой байх гэж бодож байна.

Та одоо ч камертайгаа явж байна. Үргэлж л бэлэн байх юм.

Би ихэвчлэн Leica M камерыг биедээ авч явдаг. Өндөр үнэтэй сайн камер. Харин кино зураг авахдаа ихэвчлэн Canon ашигладаг. Гэхдээ одоо надад Nikon болон Leica хоёр л бий.

Монголоор цөөнгүй үг мэддэг гэж сонссон. Яагаад Монгол хэл сурахаар шийдэв?

Хэдэн хараалын үгнээс хэтрэхгүй дээ. (Инээв) Би суръя гэж шийдээгүй ээ. Би монгол хэлийг тийм ч сайн сураагүй. Хэл сурах авьяасгүй хүн гэж хэлж болно. Ер нь ярихдаа тааруухан хүн л дээ. Магадгүй, тийм болохоор гэрэл зураг сонирхох болсон байх. Бага сургуульд байхаасаа л математик зэрэг хичээлдээ сайн байсан боловч хэлний ангидаа тун тааруухан сурдаг байв. Одоо ч хүртэл би төсөл болон санаа оноогоо бичихдээ дүрэм болон үг үсгийн алдаа их гаргадаг. Өөрийн эх хэлдээ тааруухан надад гадаад хэл сурахад бүр ч хэцүү.

Тиймээс би монгол хэлийг сурахаар шийдээд сураагүй ээ. Сурах шаардлагатай байсан болохоор ганц хоёр үг сурсан. Хөдөө хэн ч англи хэл мэдэхгүй учир хүмүүстэй харилцахын тулд би өөрөө монгол үг сурах шаардлагатай болсон юм. Хачирхалтай нь хөдөө явж байхдаа монгол хэлийг сайн ойлгодог хэрнээ хотод ирээд хүмүүсийн яриаг ойлгоход хэцүү байдаг. Гэхдээ ойр зуурын “явъя, бос, суу” зэрэг үгнүүдээ мэднэ. Би гэр дотор сууж байхдаа хүмүүсийн яриаг сайн ойлгодог. Дохио зангаа, хаашаа зааж байгааг нь хараад юу хэлэх гэж буйг нь төвөггүй ойлгодог. Гэхдээ би монгол хэлийг үргэлжүүлэн сурах бодолтой байгаа. Миний Монголд дор хаяж нэг жил амьдрах гээд байгаагийн шалтгаан энэ юм. Шууд нүүгээд ирнэ гэдэг мэдээж хэцүү л дээ. Би эхнэр хүү хоёроо бодох хэрэгтэй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Би Азид олон төсөл авч чадвал Монголд заавал амьдрах болно.

Тэгвэл Монголын хаана амьдрах байсан бэ?

Сайн мэдэхгүй л байна. Хэрвээ гэр бүлтэйгээ амьдрах бол хотоос зайдуу амьдрахыг хичээх байх. Учир нь утаа эрүүл мэндэд, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд маш хортой. Хэрвээ ганцаараа бол хотын төвдөө байхыг хүснэ. Би алхах дуртай тул бүх юманд ойрхон байхыг хүсэх байх даа. Хааяа би боддог юм. Хэрвээ би ганц бие байсан бол аль хэдийн Монголд нэг жижиг өрөө түрээслээд амьдарч байх байсан. Гэхдээ одоохондоо бол боломжгүй л болов уу. Би Германд Паоло Пэллигриний төсөл дээр ажлаад эхэлсэн байгаа. Тэрээр Ромд амьдардаг ч хаа сайгүй аялж байдаг тул би түүнийг даган явахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Паоло долоо хоногийн дараах үйл ажиллагаагаа мэддэггүй тул төлөвлөлт хийхэд хэцүү байдаг. Түүнтэй ойр байж болох газар бол Мюнхен учир би тэндээ л байна байх. Түүний тухай өгүүлэх баримтат киноны төсөл маань 3 жилийн хугацаанд үргэлжлэх тул надад өөр орон руу нүүх боломж тун бага байна.

Монголд ирснээр таны амьдралд өөрчлөгдсөн зүйл бий юу?

Монголд удах тусам нас ч ахисан. Гэр бүл зохиосон. Энэ бүгдээс үүдэн би ертөнцийг өөрөөр харах болсон. Залуу байхад ямар нэгэн учир битүүлэг зүйлийг тайлбарлуулаад ойлгочих мэт санагддаг байлаа. Харин одоо бол бүх зүйл маш нарийн бөгөөд гүн болохыг ойлгосон. Зарим зүйлийг хэзээ ч ойлгохгүй, учир нь тайлагдахгүй мэт санагддаг. Би монгол амьдрал ахуйг ойлгож, бусад орны хүмүүстэй ч ажиллаж сурах тусам хүмүүсийн амьдрал олон янз байдгийг ойлгож байна. Би илүү нээлттэй сэтгэж, бүх зүйлд ухаантайгаар ханддаг болсон. Мөн би маш тэвчээргүй хүн байсан. Харин миний ажил болон сонирхол намайг үүнийгээ ухааран, залруулахад тусалж байгаа. Би тэвчээргүйгээсээ болж бусдыг шаардах, эсвэл өөрийгөө хүчлэх шаардлагагүйг ойлгож авсан. Монголд ялангуяа маш тэвчээртэй байх хэрэгтэй. Ямар нэгэн цагийн хуваарийг орхиж, байгалийн аясаар явах нь чухал болохыг ухаарсан.

Грийнландад анх удаа очоод тэндхийн ард түмэн монголчуудтай төстэй болохыг анзаарсан. Зарим нь яг л монголчуудтай адил найрсаг, зочломтгой байсан. Германд хүмүүс чамайг танихгүй л бол маш хүйтэн хөндий харьцдаг. Харин Монголд таньдаг, таньдаггүй байсан ч маш найрсаг байдаг нь надад таалагддаг.

Та эндээс гараад хаачих вэ?

Би найзындаа түр амьдарч байгаа. Би ирэх болгондоо айлд түр суудаг. Надад зочид буудал орж тансаглах хэмжээний мөнгө байхгүй ээ. Хааяадаа такси барьдаг боловч ихэвчлэн алхаж явдаг. Би дээрэм зэргээс нээх санаа зовоод байдаггүй. Согтуу хүн эсвэл бүлэг залуучуудтай таарвал холуур зөрөөд өнгөрөхөө мэддэг болсон.

Мирослав Тихий: Чулуун зэвсэгтэн



Оршлын оронд

Чехийн гэрэл зурагчин Мирослав Тихий хэмээх гайхам сонин ертөнцийн гүнд нэвтэрсэн нэгэн уртаас урт дурсамжийг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна. Эл дурсамжийг өгүүлэгч нь түүний хөрш “жаалхүү”, шүтэн бишрэгч шавь, хожмын анд нөхөр Roman Buxbaum хэмээх эрхэм билээ. Түүнд гүн талархнам. Чулуун зэвсгийн үеийн гэрэл зурагчин гэмээр эл сахалтай эрд алдартай хийгээд нөлөөтэй гэх чамин үгс яавч зохихгүй. Зүгээр л гэрэл зурагчин гэхэд л болно. Ингээд гэрэл зурагт тэмүүлэлтэй, эс бөгөөс гэрэл зурагчин болохоор чинхүү шулуудсан хэн бүхний сонирхон унших нэгэн өгүүллийг олон үг өгүүлэлгүй толилуулъя. Уншихын өмнө “Бүхий л амьдралынхаа турш хамгийн муу камераар гэрэл зураг авч чадах уу?” гэсэн энгийн нэг асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хачин тэнэг асуулт хэмээн бодож байвал хайран цагаа үүнийг уншиж бүү өнгөрөөгөөрэй хэмээн урьтаж сануулах нь зүйтэй биз ээ. За эхэллээ.


Намайг жаахан хөвгүүн байхад, эмээ маань “Гараа угаа. Тэгэхгүй бол Мирэк Тихий шиг болно шүү” хэмээн яншдаг байв. Эмээгийн хувьд Тихий бол буруу бүхний амьд үлгэр дууриалал байлаа. Өмнөд Моравиагийн усан үзмийн талбайгаас холгүйхэн, толгодоор мануулсан манай буйд хотод мань эр эсэргүү ч юм шиг, инээдэмтэй ч юм шиг гэмээр, за ямар ч байсан энгийн бидэнтэй адилгүй, өвөрмөц нэгэн гэгддэг сэн. Гэхдээ надад лав тэрээр хэзээд ер бусын санагддаг байв. Үс нь ургачихсан, үргэлж хар өнгийн ноорхой хувцас өмсчихсөн явдаг, өндөр сүрлэг биетэй энэ эр миний хувьд яавч айдас төрүүлмээр хүн биш билээ. Ямартай ч түүний гадаад төрх байдлаас би ер жийрхдэггүй байлаа.

5 юмуу 6 настай байхад Тихий надад гутлын хайрцгаар нүхт камер хийж өгсөн юм. Угаалгын өрөөндөө ороод гэрэл зургийн цаас хайрцагныхаа ар руу шургуулчихна. Нүүрэн талын таган дээр жижигхэн нүх гаргаад скочны тасархайгаар далдалчихав. Ингээд бид хотыг дурандав аа. Бид хоёрын гутлын хайрцгаар буулгасан нэг зураг одоог хүртэл надад бий: Өмнөө хуучин Шкода машинтай Сэргэн мандалтын үеийн цамхаг бүхий жижигхээн зураг. (Миний санахын цамхгийн цаахан талд, 1960-аад онд буулгагдсан еврей хороолол байдаг сан) Энэ бяцхан түүх Мирослав Тихийтэй сайн харилцаатай болгоод зогсохгүй, ирээдүйд уран бүтээлч болох эхний алхам минь болсон билээ.

Тихий бол манай хөрш. Цаашлаад, би түүний тухай нэг нэгэнгүй мэддэг, мөн бүтээлүүдийг нь шимтэн сонирхож, гайхан дурладаг шавь нь байсан юм. Гэлээ гээд эдний аль нь ч Тихийгийн тухай номонд өгүүлэл бичих ёстой гэсэн шалтаг шалтгаан болохгүй билээ. Учир нь урлагийн түүхийн сэдвээр өгүүлэл бичихэд мэргэжлийн үүднээс би балчирдах юм. Мөн үнэн зөвөөр үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй ч байж мэднэ. Магад би энэ этгээд хүний тухай хойшид дурсамж, зураг төдийхнөөр хязгаарлагдах тойм төдийхнийг дурдан өнгөрвөл эрхэм уншигчид минь эрхгүй уучлан болгооно биз ээ.

Мирослав Тихий Моравиагийн Netcice хэмээх жижигхээн тосгонд 1926 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Оёдолчин Antonìn Tichý болон 15 хүүхэдтэй, тосгоны захирагчийн охин Žofie Adamcovà нарын газар дээрх ганц хүү нь, тэр байлаа. Мирославыг дөрвөн настай байхад аав нь Kyjov хотын ойролцоо байшин худалдаж авсан бөгөөд тэндээ багшаархан оёдлын мухлаг нээжээ. Ингэж л манай хоёр айлын хөршүүд болсон он удаан жилийн түүх эхэлсэн юм. Тихийгийн байшин нь булангийн ханандаа нар цэлийтэл тусдаг хоёр ч том цонхтой. Тэднийх байшингийнхаа умгар өрөөнүүдэд амьдрах ба хүн нэмж хөлсөлдөг наймаа сайн байх үеийг эс тооцвол аав нь дэлгүүрээ ганцаараа ажиллуулчихдаг аж. Дэлгүүрийн гол үүдний дээр өлгөөтэй байх хуучин хонх зочин ирснийг сануулан өдгөө хүртэл жингэнэсэн хэвээр.

Тихий үг дуу цөөтэй, бодлогошронгуй, сэргэлэн жаал байв, хэл сурах гойд авьяастай тул сургуульдаа торойж байлаа. Удалгүй улсын сургуульд элсэн орсноор авга ах Harry Buxbaum-тай дотно нөхөрлөх болжээ. Тэд урлаг, улс төрийн сэдвээр өрнүүн мэтгэлцэж, үе үе ойролцоох хот руу дугуйгаар аялна. Дайны дараахан, хоёул Праг хотноо суралцах болсноор хааяа гэлтгүй тогтмол кафе мухлагуудад уулзах болжээ. Прагийн модот гудамжаар мань хоёрын инээчихсэн алхаж яваа тэр үеийн нэг зураг надад байдаг юм. Энэ бол дараалсан дарангуй нийгмийн завсар дахь, түр амсхийлт буюу итгэл найдварын он жилүүд байлаа. 1945–1946 онуудад Тихий Прагийн Урлагийн академийн бэлтгэл ангиа дүүргэж, хожим тэндээ профессор Jàn Želibský-ийн дор үргэлжлүүлэн суралцжээ. Тихий сайн зураач гэгдэж, үеийнхэн дундаа хошин шогийн мэдрэмжтэй нэгэн байв. Тэрээр одоог хүртэл юунд ч үл автагдах амьдралынхаа энэ он жилүүдээ дурсан ярихдаа дуртай байдаг билээ.

1948 оны хоёрдугаар сар дахь Коммунист эзэрхийллийн дараахан Академид эрс өөрчлөлт өрнөв. Хүндэт профессорууд болон туслах багш нар тэр даруй ажлаас чөлөөлөгдлөө. Дүрслэхийн оюутнууд нүцгэн бүсгүйг зурахын оронд ажлын хувцастай үйлдвэрийн ажилчдыг зурах болжээ. Тихий тэдгээрийг зурахаас татгалзав. Улс төрийн хямрал хувь хүний дотоод зөрчилтэй давхцаж, залуу урчууд аль алинд нь өвдөг сөхөрч байлаа. Харин Тихий юу ч хийлгүй, Прагийн Стромовка цэцэрлэгт хүрээлэнгээр сэлгүүцэж, найз нараасаа хөндийрөн цагийг өнгөрөөдөг болов.

Ингээд сургуулиа орхиж, цэрэгт явжээ. Хэрэв коммунистууд засгийн эрхэнд гараагүй бол түүний амьдрал хэрхэн үргэлжлэх байсан болоо хэмээн би одоо ч гайхан эргэцүүлдэг. Тихий сургуульдаа үлдэж, хожим Парис явах ч байсан юм билүү? Гэрэл зураг хэмээх огт өөр ертөнцөд нэвтрэн уусах байсан болов уу? Үнэндээ хэрхэх байсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Тихийгийн эх бүтээлүүдийг анх удаа хараад урлагийн түүхч Harald Szeemann “Аугаа авьяас билиг хэзээд эзнээ олдог” хэмээн хэлж байсан гэдэг.

Сталинизмын дарангуйллын цэвдэг мөсөнд хайрагдах 1950-иад оны Чехословак тагнан туршихын хүйтэн хэнээрхэлд царцаад байлаа. Ардчилсан үзэлтнүүд хийгээд тэрс бодолтнуудыг алагчлан гадуурхах аймшигт аян өрнөсөн энэ үест, Тихийгийн оюун сэтгэцэд чухал нэгэн өөрчлөлт биежжээ.

1957–1958 оны хооронд, Тихий Опавагийн сэтгэцийн эмнэлэгт үе үе эмчлүүлэх болсон ба аз болж сэтгэцийн эмч авга ах маань түүнтэй ойр байж, анхаарал халамж тавьж байв. Эмнэлэгт байхдаа эцэг эх рүүгээ бичсэн Тихийгийн хэд хэдэн захиаг би олсон ба мөн ээж болон Buxbaum-д илгээсэн хариу захидал ч надад бий. Тэндээс дарангуйллын дэглэм дэх хэлмэгдүүлэлтийн харгис механизмд сийчигдсэн дотоод айдас мэдрэгдэнэ. 1950-иад оны сүүлчээр, Хрущевийн зөөлрөл эхлэв. Тихий төрөлх Kyjov-доо буцан ирж, эцэг эхтэйгээ цуг амьдрах болсон бөгөөд энэ үеэс зөвхөн өөртөө зориулан зурж эхлэв. Тэрээр дайны өмнөх орчин үеийн урлагийг санагдуулам өөрийн хэв маягтаа үнэнч үлдсэн юм. 1958 онд түүний хувьд онцгой жил байж, Brno дахь залуу зураачдын үзэсгэлэнд оролцов.

1960-аад оноос тэрээр гадаад байдалдаа анхаарахаа больжээ. Үс нь ургаж, сахал нь бавайсан манай хүн үнгэгдэж хиртсэн хар хослол л үргэлж өмсөнө. Өмд нь урагдчихвал, өмссөн чигээрээ өөдөс утсаар тэрүүхэндээ торгоочихно. Аль болох ажил бага хийх ба зундаа бол байшингийнхаа дээвэр дээр хэвтээд нарлана. Тухайн үеийн сахлаа гөлчийтөл хусчихсан, 5 жилийн төлөвлөгөөг төвөггүй биелүүлж чадах чийрэг биетэй, номхон дуулгавартай социалист иргэний эсрэг дүр нь манай хүн дүрээрээ мөн байлаа.

Хотынхны хувьд Тихий гаж, азгүй амьтан гэгдэнэ. Үнэндээ эрүүл чийрэг биетэй, хүчтэй хүн байв. “Би бол яг самурай шиг” хэмээн тэр хэлнэ. “Миний чин зорилго бол дайснуудаа устгах.” Тихий ер нь ямар нэгэн муу зүйл хийж байгаагүй байх. Цагдаа нар Тихийг баривчилсан нэг мэдээг уншихад тэд хэтэрхий зэрлэг балмад хандсан нь харагддаг.

1960-аад оны сүүлч гэхэд Прагийн хавраас үүдэлтэйгээр цаг төр зөөлөрч байлаа. Гэвч Тихийгийн эсрэг хэлмэгдүүлэлт дууссангүй. Дээрэнгүй байдал үргэлжилсээр, гэхдээ тасралтгүй биш. Майн нэгэн болон бусад коммунист баяруудын өмнө Тихийгийн гэрийн өмнө нэг машин зогсчихсон, ногоон өнгийн бариу дүрэмт хувцастай, дунд эргэм насны хоёр цагдаа машинаас гарч харагддаг сан.

Удалгүй дэлгүүрийн үүдний хонх жингэнэнэ. Тихийгийн ээж тэднийг ирнэ гэдгийг урьдаас тааварлачихсан, юухан хээхэн дотор нь хийчихсэн гар чемодан зэхчихсэн хүлээж суудаг байв. Цагдаа нар Тихийг эелдгээр ятгаж, хоёр өдрийн дараа л гэртээ ирчихсэн байх болно хэмээнэ. Баяр болгоноор “тэрс үзэлтнүүд”-ийг баривчилж, мөн Тихий мэтийн нөхдийг Кромзын сэтгэцийн эмнэлэгт хүргэдэг байлаа. Тэнд ээлжит ёсоор түүнийг “эрүүлжүүлнэ”. Усанд оруулж, ээжийнх нь өгч явуулсан гар чемодан доторх шинэ хувцсыг өмсгөж, дараа нь сулладаг байлаа. “Баяртай, Аугаа их Октябрын социалист хувьсгалын ойн өмнө дахин уулзах хүртэл” хэмээцгээнэ. Энэ бол Тихийг хэрхэн баривчилж байсан нэмэлт хачиргүй түүх. 20 жилийн хугацаанд итгэл найдварын оч унтарсан айдаст цөхрөл нийгмийн ихэнхийг нөмрөөд байлаа. Гэлээ ч гэсэн Тихий тэдний хүссэнээр “эрүүлжээгүй” юм.

1960-аад онд хүүхэд байхдаа зуны амралтаараа очдог байсан эмээгийнд маань Тихий өдөр бүр ирдэг байсныг одоо ч би сайн санаж байна. Тихий Моравианы өрх бүрийн идэвхэт амьдрал өрнөдөг — галт тогоонд ороод, зуухны дэргэдэх нүүрсний дөрвөлж дээр суучихна. Бохир хувцастай болохоор нүүрсний модон хайрцаг төдийхнөөр л аргалчихна. Энэ зуур эмээ юухан хийхэн амжуулах ба пийшингээ галлаж, араар нь нэг өнгөрч, галзуухандаа ийш тийш холхино. Дараа нь Тихийд жаал жуул идэх юм өгч, тэдний хооронд дуусдаггүй урт яриа өрнөдөг байлаа. Тэдний юу ярьж байгааг би төдийлөн ойлгодоггүй байсан ч улс төр, урлаг болоод номны тухай ярьж буйг нэг муухан гадарлаад байхтайгаа.

1950 болон 60-аад онд Тихий Vladimir Vayek болон түүнд зураг зурахыг заасан миний өвөө Old ich Herman-тай дотно нөхөрлөдөг байв. Тэр үед Тихий эмээгийн дээврийн өрөөг түрээслэн тэндээ урлангаа товхинуулав. Жаахан хөвгүүд бидний хувьд дээврийн тэр өрөө үнэхээр соньхон газар байлаа. Цоожны нүхээр, тосон будгийн зургууд, зургийн хэрэгсэл, модоор сийлсэн утсан хүүхэлдэйнүүд гээд ер бусын шидэт ертөнцийн зах хаяа харагдана.

Удалгүй, эмээгийн гэрийг нийгэмчлэв. Өөрийнхөө гэртээ түр оршин суугч болов. Морины тоног хэрэгсэл худалддаг дэлгүүр дэх манай эмэг эхийн өрөөнүүдэд арьс ширэн эдлэл засварладаг Обновагийн хоршоо үйл ажиллагаагаа эхлэв. Тихийг байрнаас хөөх бичиг ирсэн ба хоршооныхон түүнээс урлангаа яаралтай чөлөөлж, цэвэрлэхийг шаардав. Гэвч Тихий гарахаас татгалзжээ. Тихий болон хоршоо, орон нутгийн Үндэсний комисс, Дүүргийн шүүх хоорондын захианаас 1970-аад оны хэлмэгдүүлэлтийн уур амьсгалыг мэдэрч болно. Ганцаар тэмцэгч Тихий байр сууриндаа хатуу зогсох авч эдийн засаг-улс төр, нийгмийн аюулгүй байдлын нэрийн өмнөөс түүнийг хүчээр хөөн гаргав. Эд бүгдийг үл харгалзан ганцаар тэмцсээр байвч төрийн захиргааныхан тэвчээрээ алдан 1972 оны 3-р сарын 27-нд Тихийгийн бүх зургийг гудамжинд чулуудчихав. Ийнхүү урлангүй болсноор Тихий гүн шархалж, дахин зураг зураагүй юм. Үүнээс өмнө бийр, харандаанаасаа үе үе хөндийрч байсан ч энэ явдлаас үүдэн дахин хэзээ ч зураг зураагүй билээ. 1960-аад оны сүүлчээр камер биедээ авч яван, хааяадаа зураг авч байв. Одоо Kyjov-ын гудамж бүхэлдээ түүний урлан болов.

1968 оны 8-р сарын сүүлчээр эхэлсэн Зөвлөлтийн түрэмгийллийн дараа, аав, авга ах хоёр гэр бүлийн хамт Швейцарь руу дүрвэв. 1981 он хүртэл, Швейцар улсын иргэний хувьд эмээ болон Тихий дээр очиж байв. Тихийд ямар ч урлан хэрэггүй болсон байлаа. Сараачих хийгээд зурахаа ч больжээ. “Ноён Тихий, Та яг хэн юм бэ? Зураач уу, барималч уу, зохиолч уу? гэж хүмүүс надаас асуудаг. Намайг хэн гэдгийг мэдэх үү? Би бол тэтгэвэртээ гарсан Тарзан” хэмээн Тихий хээв нэг өгүүлнэ. 1980-аад оны эхнээс би Тихий дээр байнга очдог боллоо. Надад зургаа үзүүлнэ, мөн зургаа дурсгана. Бид хамтдаа тэдгээрийг харна. Тэрээр зургуудыг нэг нэгээр дэлгэж, надад таалагдсан энэ, тэр зургийг шууд өгчихнө. Тэр хэзээ ч мөнгө авахгүй. Зайлшгүй хэрэгтэйн үүднээс бага сагахан мөнгө нууцалж өгнө. “Нэг өдөр хаан болж үзэх юмсан” гэж тэрээр хэлнэ. Би түүн рүү гайхан ширтэж, авчирсан хоолоо өгдөг сөн. Тихий гэнэт ухасхийж, супермаркетаас авчирсан төмөр сагсыг нээнэ. “Би юм идэхгүй байгаа. Олон хоног юм идсэнгүй. Надад хоёр төмс, хагас кг гурил л бий. Харх, хулгана хоолыг минь идчихдэг. Тэдний үлдээсэн шавхруугаар л болгочихно. Бүх л долоо хоног өл залгахад хангалттай.” Би түүнд зайдас өгтөл: “Би амьтан иддэггүй. Амьтад бол надтай адил. Толгой, зүрх, хөл гээд бүгд бий” гэхэд нь би “Ядах нь аа бид амьтад шиг сайхан сэтгэлтэй ч биш, учир нь хүмүүс хоёр хөлтэй, амьтад дөрвөн хөлтэй” гэж нэмж хэлэхэд бид хөхрөлдөн, ром дарстай хундагаа тулгацгаадаг байв. “Хүмүүс дээд төрөлтөн болох амьтдыг идэхийн тулд хөнөөдөг.” Хөрш эмэгтэй Жана ээж нь өөд болсноос хойш түүнийг байнга эргэж тойрдог аж. Нэг удаа хөрш эмэгтэй түүнд хулганы хавх тавьж байгааг хэлэхэд Тийхийгийн зүрх сэтгэл эмтрэх шиг л болжээ. “Хулганууд бол миний төрөл садан. Хэрэв тэднийг алах юм бол, намайг ч бас хөнөө. Дэргэд нь намайг оршуулаарай” гэж хэлэх жишээтэй.

Тихийгийн гэр дэх эмх замбараагүй байдал ирсэн гийчин бүрийг алмайруулна. Шал, ширээ, тавилган дээгүүрх ном, гэрэл зураг, багаж хэрэгсэл, угаагүй аяга таваг, зураг, цаас гээд бүгд эгээ л уул, толгод мэт овоолоостой. Цахилгааны утас агаарт ил унжина. Тэднийд хоёр ч угаалтуур байгааг мэдэх боловч нэг гоожуур нь л ажиллах аж. Олон жил угаалтуурын доор хувин байдаг байв. Бохир ус тийшээ гоождог ба би өдөрт нэг хувин ус ашигладаг байсан юм даг.

Тихий дээр очиход анхны гайхширлаа даван туулж, муухайн үнэрийг нь тоохоо баймагц тэрээр тийм ч хүйтэн хөндий нэгэн санагдахгүй. “Би бол эмхгүйн эх үүсгэгч, эмхгүй байдлаас шинэ бүхэн үүсдэг.” Тихий хаа сайгүй зүлгэн дээгүүр эзэн нь юм шиг итгэлтэйгээр алхан явж байдаг. Дүрэмд үл захирагдах нь түүний ганц мөрддөг зарчим. Залхуурсандаа эс бөгөөс эмх цэгцтэй байх хүмүүжил дутсандаа биш л дээ. Ямартай ч энэ түүний үзэл санаа байлаа. Жишээ нь зочин түүний ном, зургуудыг харж дуусаад, Тихий рүү харвал, тэр зочин ийм зүйл түүнээс сонсож магадгүй: “Наадхаа газар шидчих ээ. Энд өөр дүрэм үйлчилдэг.”

Тихий ертөнцийн тухай энгийн үнэн бүхэнд тоймжиргүй хандана. Юрий Гагарин сансарт нисэх зуур Тихий модоор камераа урлаж байлаа. Өөрийгөө үргэлж эсрэг талд буюу хөгжил дэвшлийн үзэл санааны ар талд гаргачихна. Гэхдээ 5 жилийн төлөвлөгөөтэй харьцуулбал мань эр зорилгодоо хүрч байлаа. Чулуун зэвсгийн үеийн гэрэл зурагчин маань буйд хотын Коммунист элит давхаргад дайсан болохоор хүн байсан юм. Түүх үргэлж урагшилж байдаг гэх Марксист онол дахь дэвшилтэт үзлийн амьд антитезис биеэрээ мөн.

Тихий нийгмийн тогтсон хэв журмыг үргэлж хайхардаггүй байлаа. Гэхдээ тэрээр ганцаардмал нэгэн байсангүй. Нийтийн боддогтой адилгүйгээр, тэр хувь хүн чигээрээ үлдсэн. Зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, дотоод сэтгэлийнхээ цөллөгөнд оршиж байв. Тэрээр нийгмийнхээ зах хязгаарт зогсон бусдыг хөндлөнгөөс ажиглах аж. Хавийнхаа тэрс үзэлтнүүдтэй нөхөрлөнө, тэдэнтэй адилхан байнгын хяналт шалгалтан дор байж, баривчлагдана. “Майн нэгний баяраар нэг удаа цагдаа нар намайг баривчлахаа мартчихсан юм. Би жижигхэн цүнхэндээ юм хумаа хийчихсэн, тэднийг ирж, намайг сэтгэцийн эмнэлэгт хүргэхийг хүлээж байв. Хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Гэсэн ч тэд ирсэнгүй. Хүлээснээс болж сүүлдээ цөхөрлөө. Ингээд гэрээсээ гаран, төв талбай дээр очлоо. Хаа сайгүй улаан туг намирна. Үндэсний хувцсаа өмссөн эмэгтэйчүүд, пионерууд гудамжинд дөрвөн эгнээгээр алхална. Хотын захиргааны тэнд индэр барьчихсан, тайзан дээр хэн нэгэн илтгэл тавьж буй бололтой. Би талбайн нөгөө талд байх сүмд очиж, юм бүрийг ажиглав. Хүн бүр намайг харсан. Хоёр минут хэртээ өнгөрсний дараа, гэнэт миний ард цагдаа нар зогсож байх нь тэр. Ингээд л сэтгэцийн эмнэлэгт тэр даруй хүргэгдсэн дээ.”

Мэдээж хэрэг, хуулийн дагуу Тихийг торны цаана хийх тохиолдол мэр сэр байв. Бэлгийн дарамт гэдэг шалтгаар түүнийг торны цаана түгжихдээ цагдаа нар туйлын тааламжтай. Үнэндээ Тихий эмэгтэйчүүдийн зураг авч байсан хэрэг л дээ. Өөр буруутгачихмаар зүйл ямар олдох биш. Хотын шүүхэд дуудагдах үеэр, цөхрөнгөө барж ядахдаа зөвхөн түүний бохир завааныг дурдсан 60 нүүр шинжээчийн дүгнэлт бичсэн гэдэг. Шүүх ажиллагаанд зориулан дөрвөн хувь хэвлэж, үг гээлгүй бүтнээр уншжээ. Шүүхийн үеэр Тихий абсурд театрын жүжиг аятай дарлал мөлжлөгийн механизмыг үл эсэргүүцэн илчилж байлаа. Шинжээчийн мэдүүлэг дараах гомдлоор төгсдөг: “Тихийгийн хувцсанд хачиг, жоом байсан нь хөдөлбөргүй нотлогдсон.” Эцэст нь шүүгч түүнээс ямар нэгэн хэлэх зүйл байгаа эсэх тухай асуухад, Тихий “Мэдүүлгийн дагуу хэргийг шийднэ үү” гэж билээ.

Seville Biennial дэх Тихийгийн анхны бие даасан үзэсгэлэнг авга ах 2004 оны зун зохион байгуулсан юм. 2005 онд Цюрихт дахин нэгийг хийв. Өдгөөг хүртэлх түүний бүтээлүүд дэлхийн олон орноор дэлгэгдсэн. Харамсалтай нь Тихий үзэсгэлэнд оролцож чадаагүй билээ. Тэр ийм юманд дургүй л дээ, ялангуяа Европт биш бол бүр ч халгаахгүй.

Урлагийн сургуульд байх үеийн уран зургууд болоод хожмын бүтээлүүд нь, ихэнхдээ хөрөг, байгалийн зураг, эсвэл амьдралын энгийн агшны тухай өгүүлдэг байв. Ихэнхдээ байгалиас юу харснаа зурна, сараачна. 1950–1960-аад онуудад ойр тойрны хүмүүсээ усан будаг болон тосон будгаар зурж эхлэв. Ялангуяа эмэгтэйчүүдийг. Манай ээж, нагац, хөрш эмэгтэйчүүд маань хүртэл зуруулаад амжсан шүү. Гэхдээ тэр дурсамжиндаа амьдардаг нэгэн юм.

Тихий урлангаа алдсанаас хойш, гэртээ даруухнаар ажиллах хэрэгтэй болов. Нийгмийн дарамт шахалтын нөлөөгөөр амьд модель зурна гэдэг хэцүү болжээ. Эмэгтэйчүүдийг авчрахын оронд Тихий тэдэн дээр очдог болсон байна. Түүнээс юуны учир гэрэл зурагт татагдах болсныг асуухад, тэрээр “Зурдгаа зурчихсан. Тэгээд юу хийх вэ гэж үү? Би шинэ зүйл нээсэн. Гэрэл зургийн тусламжтайгаар, би бүхнийг шинэ гэрлээр харах болсон. Энэ бол огт өөр ертөнц” гэж билээ.

Тихий гэрэл зурагт татагтаж эхэлсэн тухай миний мэдэж буй зүйл гэвэл 1960-аад онд хааяа нэг ашигладаг байсан анхны камераа ааваасаа өвлөж авсан гэдэг юм. Зургууд нь дэс дараагүй, бас он саргүй. Эгээ л хөзөр шиг учир замбараагүй холилдчихсон байдаг сан.

Зургууд дээрх хувцас, машины загвар гээд янз бүрийн юмаар хэзээ авсныг бага зэрэг дөхүүлж болно. Мөн жааз болон хүрээний ар талд ямар материал байгаагаар нь хэзээ авсан эсэхийг тодорхойлж болдог. Түүний ихэнх зураг 70, 80-аад онуудад хамаатай.Тэр хальс, гэрэл зургийн цаас болон сүмийн цаадах эмийн сангаас химийн бодис худалдаж авна. Мөнгөө хэмнэх үүднээс 60 мм-ын хальс худалдаж авах ба харанхуй өрөөндөө орон уртааш нь хоёр болгоод хуваачихдаг. Мөн хашаандаа зураг угаах харанхуй өрөө барьсан байв.

Тихий өөрт нь санал болгосон багаж хэрэгслээс татгалздаг байв. Юмсыг өөрөө хийх нь түүний эрх чөлөөний тунхаг гэлтэй. Тэрээр орчин үеийн ертөнцийн тав тухыг сайшаан тунхагладаг байсан ч бусад хүмүүс түүнээс хүсдэг энгийн шаардлагуудыг тэрээр үл зөвшөөрнө. Түүнд хар өнгө хэрэгтэй болвол яндан руу гараа шургуулахад л хангалттай. Хөл нь даарвал, үнсэн дээр гишгээд дулаацуулчихдаг. Хэмнэлт, зайлшгүй хэрэгцээг багасгах, өөрийгөө хангах нь бүхий л амьдралынхаа турш хэрэгжүүлж ирсэн түүний ертөнцийг үзэх үзлийн нэг хэсэг билээ. Усанд орохгүй байж, үнгэгдсэн муу хувцас өмсөх нь нийгмийн бий болгосон дэг жаягаас тусгаар байх түүний лоозон нь юм.

Тихий камераа ихэнхдээ цамцан дотуураа авч явдаг. ЗХУ-д үйлдвэрлэсэн хямдхан Bakelite камер л даа. Хуучин бараа худалдаалдаг дэлгүүрээс худалдаж авсан эд. Өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөөд засчихна. (Жишээ нь, өөр дуран угсраад өөрчлөх жишээтэй) Олсон оосортой камер болон гэрээ хүзүүнээсээ унжуулчихдаг. Баруун талдаа унжуулах ба ихэнхдээ тэр нь харагдахгүй.

Ямар нэгэн зүйл түүний анхаарлыг татмагц, дөхөж очоод, зүүн гараараа цамцныхаа захыг дээшлүүлэн, баруун гараа камерныхаа гэрийг нээн, шагайвчаараа харалгүйгээр товчлуур дардаг. Заримдаа гэртэй чигээр нь дардаг бөгөөд бүхий л биеэрээ хагас эргэн камераа зураг авах зүг тийш чиглүүлэх нь бий. Ийн хөдлөх нь маш хурдан болж өнгөрдөг ба бүр үл анзаарагдам. Яг ийм хөдөлгөөнөөр, түүний хэлсэнчлэн, нисэж буй хараацайг ч онилж чадна.

Тихий маш эрт сэрдэг. Ихэнхдээ үүрээр 6 цаг гэхэд аль хэзээний гадуур явж байх нь бий. Зургаа хэрхэн төлөвлөдөг, сэдвээ яаж олдог талаар түүнээс асуухад, тэрээр “Би юу ч хийдэггүй, зүгээр л цагийн аясаар хөдөлдөг. Хотоор зүгээр л алхдаг. Тэгээд зураг авдаг. Би юуг ч урьдаас товлодоггүй. Миний алхаж өнгөрөөсөн цаг хугацаа юуны тухай өгүүлж буйг илэрхийлнэ. Бүх юм цаанаасаа өгөгдчихсөн.” Магад энэ хувь заяа биз. Энэ бол магадгүй эмэгтэйчүүдийн төсөөллийн хот дахь өдөр бүрийн зураглалыг бүтээдэг байсан биз ээ.

Байнга зураг авдаг очих дуртай газрууд түүнд бий: Тэр нь автобусны буудал, сүмийн дэргэдэх төв талбай, дунд сургууль болоод усан сан хоёрын дунд байх цэцэрлэгт хүрээлэн юм. Хэдийгээр Тихийг усан сан руу орохыг зөвшөөрдөггүй байсан хэдий ч, цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр сараалжин хашааны цаанаас тайван гэгч нь дуранддаг байлаа. 

Ихэнхдээ тэрхүү хашаа зурган дээр гарчихсан байдаг байв. Академид нүцгэн эмэгтэй зурахыг хориглох үеийн гээгдсэн дүрүүдээ чухам эндээс л олно. Тэр хаа л бол хаа зураг дарна. Зарим зурган дээр түүн рүү инээмсэглэж буй, түүнтэй ярилцаж буй, янз маяг үзүүлэн зогсож буй, хошигнож буй, эсвэл эсрэгээрээ бухимдангуй байгаа эмэгтэйчүүд байх. Учир нь тэрээр тэднээс зөвшөөрөл авалгүйгээр зургийг нь дардаг байлаа. Тиймээс Тихий дүрүүдээсээ нэлээд зай барина. Тэрээр үл анзаарагдам маш хурдан авдаг, эсвэл маш холоос дуранддаг. “Би жирийн нэг ажиглагч, мөн хамгийн хичээнгүй ажиглагч. Зөвхөн хүмүүсийг бус, юм бүхнийг ажиглана.” Хожим, чухам юу сонирхох болсон нь илүү нарийн болжээ. Түүний хэлснээр: “Юм бүхэн, дотоод бүрдэл, эд эс бүхэн. Би эд эс бүхнийг нээх ёстой. Учир нь би эд эсийг судлагч.” Ингэж хэлээд тэрээр хөхөрнө. Би түүнээс эмэгтэйчүүд болон хуял тачаалын тухай асуусан юм.

“Эмэгтэй хүн бол миний гол сэдэв. Түүнээс өөр юу ч миний сонирхлыг татдаггүй. Таалагддаг эмэгтэйгээ харахад, магадгүй, түүнтэй харилцах гэж оролдоход, би сонирхлыг нь татахгүй байгаа гэдгээ ухаардаг. Оронд нь, үзгээ бариад, түүнийг зурж эхэлсэн. Хуял тачаал бол зүгээр л зүүд мөрөөдөл. Дэлхий бол хий хоосон зүйл.” Тихий өөрийнхөө үйл хөдлөл, мэдрэмжинд үргэлж болгоомжтой хандаж, бүхнийг тэвчсээр иржээ. “Би хэлбэрийг хардаг, тэдгээрийг тоо болгон хувиргадаг. Дэлхий бүхэлдээ тооноос бүтдэг. Хамгийн их тоо юу болохыг хэн нэгэн надаа хэлээд аль л даа. Мөн хамгийн багыг нь. Хязгааргүй үргэлжлэх тоон ухагдахуун. Энэ бүхэн өөрөө миний дотор буй болдог. Эцэст нь, би ердөө оршин байхгүй байна. Би бол энгийн л нэг хэрэгсэл, мэдлэгийн хэрэгсэл, магад ямар нэгэн юмны. Хүн бүр амьдралыг хүүрнэж чадна, гэхдээ амьдрал гэж чухам юу болох тухай хэзээ ч мэдэхгүй. Амьдрал юу болохыг чи мэдэх үү? Тодорхойлоотох л доо.” Прагад түүнд зориулан үзэсгэлэн гаргавал баярлах эсэхийг түүнээс асуухад, тэрээр “Баяр хөөр миний хэзээд зөвшөөрдөггүй ухагдахуун юм.” Ийм үл итгэгч юмыг хэрхэн хөөр хөгжөөнтэй болгодог юм бол? “Агшин зуурын мэдрэмж. Би ямарваа зүйлийг ач холбогдол өгч авдаггүй.”

Тихий цэцэрлэгт хүрээлэн болон орон сууцны өндөр барилгын тагтан дээрх хүмүүсийн зургийг авдаг байлаа. Ингэхийн тулд 300–500 мм-ийн хүчтэй татдаг дуран хэрэг болно. Тихий энд тэндээс олсон хуучин эд буюу нүдний шил болоод органик шилээр дуран хийчихнэ. Түүний ажлын арга барил бүхэн Чулуун зэвсгийн үеийг санагдуулна, гэхдээ оптикийн тухай гүнзгий мэдлэггүйгээр энэ бүхнийг хийж чадахгүй билээ. Тихийгийн өгүүлснээр бол, тэрээр хутгаар органик шилийг зүсэн дуран гаргаж авсан бөгөөд зүлгүүрээр зүлгүүрдэн өнгөлжээ. Ажилладаг эсэхийг нь гайхширангүй асуухад, тэрээр “Ажиллалгүй яахав. Би ямар нэгэн юм хийхэд тэр нь яг таг болох ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээж яриангүй сайн ажилладаг. Энэ магадгүй урлаг байж мэдэх юм” гээд тэрээр дахиад л инээнэ. “Дараа нь би өөр нэг зүлгүүрээр дурангаа зүлгүүрддэг: эхлээд, бүдүүн ширхэгтэйгээр, дараа нь нарийнаар, өө сэвгүй болох хүртэл нь.” Дараа нь яах вэ гэж асуухад тэрээр “Өнгөлөх хэрэгтэй. Энэ бол нээх асуудал биш. Шүдний оогоо тамхины үнстэй холиод, сайн үрээд өг. Ингээд л зураг авахад бэлэн болно доо” гэв.

Дурангийн их биеийг хийхдээ цаасан ороомог юм уу хуванцар хоолой ашиглана. Хийсэн дурангаа хоолой руу хийн цавуу юмуу цардуулаар наачихдаг. Мөн тэрээр хүүхдийн дуран авайг ашигладаг байв. Самбараар модон суурь хийгээд камераа байрлуулчихна. Дуран авайгаа тогтоогчтойгоо туузаар холбон, хальсан дээрх зураг фокустай байхаар тооцоолон камерынхаа дуранг байрлуулчихна. Угсраж дууссаны дараа ямар нэгэн буу шиг харагдана. Картонон цаас, шахмал модоор эх биеийг нь урлаж, замын хараар наан сайтар бэхэлж, хараар будчихдаг байв. Утасны хоосон хоёр гол болон оёдолчны резинэн туузаар эргэх хөшүүргийг хийн түүндээ шахмал модоор хийсэн, жижигхэн нээлхэвчтэй камерныхаа хөшгийг бэхэлчихнэ. Туузны чанга сулаас хамааран хөшиг удаан, хурдан нээгддэг аж. Түүний хачин ер бусын, Импрессионист маягийн зургууд ийм эв хавгүй багажаар бий болдог гэхэд үнэхээр итгэж ядамгүй.

Түүнтэй уулзах болгонд, Тихий харанхуй өрөөнийнхөө угаах хэсэгт өлгөчихсөн боловсруулаагүй өчнөөн зуун хальстай байдаг байв. Цонхоо хар даавуугаар бүтээгээд харанхуйлчихжээ. Улаан гэрэл цацруулах ганц чийдэнтэй. Ширээн дээр түүний гэртээ хийсэн томруулагч харагдана, хажууд нь гүдгэр аяга байх аж. Хоол хийдэг нүсэр тогоо бэхжүүлэгч уусмалаар дүүрэн. Угаалтуурт өчнөөн зурагнууд угаагдан хэвтэнэ. Тэрээр томруулагчаар угаасан хальсаа эхлээд харж, зургаа сонгож, тайралт хийдэг. Хайчаар гэрэл зургийн цаасаа эв хавгүй хайчилна.

Дараа нь зургийн цаасаа ширээн дээр гэрэлд гарган тавьж, тэр тооцоолоод, цааш нь тавьдаг. Цаасаа боловсруулагч руугаа хийнэ дээ. Тэрээр хавчуурга үл ашиглана. Шууд л гараараа барина, зарим зургуудынх нь баруун дээд буланд нь хурууны хээ байдаг нь ийм учиртай юм. Ваннд хангалттай булхлагдсан гэрэл зургуудыг гарган, гэцэн дээр өлгөөд хатаачихдаг. Тэгээд номны завсар хавчуулчихна. Сүүлд нь зургуудаа орныхоо хажуу талын том хайрцганд хийчихнэ. Хүрэхэд амар гэсэн үүднээс. Зураг угаалгах эхний үе шат ингээд дуусаа. Угаасан зураг бүр сонин гойд. Цөөн тохиолдолд л боловсруулсан хальснаас нэгээс илүү зураг угаана, тэдгээр хэвлэгдсэн зургууд хэмжээ, тайралт гээд бүгд өөр байдаг.

Нэг удаа би Тихийгээс “Томруулж харсан зургуудаа ямар шалгуураар сонгодог вэ?” гэж асуусан юм. Тэрээр ингэж хариулсан: “Би юуг ч сонгодоггүй. Томруулагч дээр тавиад амьдралтай ойрхон байгаагаа угаадаг. Ингээд л болоо.” Амьдралтай ойр байна гэдэг юу гэж байгаа юм болоо гэж түүнээс асуухад, тэрээр “Дэлхий ертөнцөөс ямар нэгэн зүйлийг таньж мэдэх юм бол, би угаадаг.” Тэр дараа нь хайрцган доторх угаасан зургуудтайгаа ажиллаж эхэлнэ. Тэр гэрэл зурагт дуртай, зургуудаа хайрцагнаасаа гарган ирж, хэсэг зуур ширтэнгээ, хайч аван, зарим хэсгийг нь тайрчихдаг. Тэрээр харах өнцгөө төдийлөн голчилдоггүй, гэхдээ зохиомжийн хуулийг баримталдаг аж. Заримдаа гэрэл зургийн ард харандаагаар зургийнхаа өнгийг тэмдэглэдэг байв. Жишээлбэл, цайвар шаргал гэх мэт. Ихэнхдээ тэрээр хоёр юм уу гурван өнгийг бичдэг. “Урам зориг авах үүднээс би өнгийг ажигладаг.”

Гэрэл зургандаа хүрээ хийх нь Тихийгийн дуртай ажил. Бараг хоёр жил, нэг ч зургандаа хүрээ хийж чадсангүй хэмээн гомдоллох нь бий. Тэрээр өөрийнхөө хийсэн хүрээнд зургуудаа хийнэ. Овоолсон цаасан дундаас тэрээр гэрэл зурагтаа тохирох өнгөтэйг нь сонгодог байв. Картонон цаасан дээр өнгийн цаасаа наачихна. (Тэр нь ТВ-ын хөтөлбөр бүхий сонингийн цаас, номны хавтас, цаасан уут, бүр ашиглахыг хүсдэггүй зурим зургууд ч байж болох.) Дараа нь зурагныхаа ар талыг цавуудан наачихна. Зураг хүрээтэй болмогц заримдаа өнгийн харандаагаар будчихдаг.

40 гаруй жил Тихий гагц эмэгтэй хүний нууцад нэвтрэхийг оролдсон билээ. Энэ бол түүний үндсэн сэдэв байлаа. Тихийгийн хувьд хотынх нь өдөр тутмын амьдрал Академид байх үеийнх рүү өөрчлөгдөн байв. Дүрүүдийн зогсолт нүцгэн натуруудтай төстэй. Тэд юм тулж, зогсож, гэдийж, урдаасаа зургаа авхуулж, араасаа авхуулна, эгээ л нүцгэн эмэгтэйн ар нуруу хийгээд түүний бүхий л бие, араг ясыг судалж буй мэт. Түүнд хамгийн их судлагдсан биеийн хэсгүүд байх аж. Ялангуяа эмэгтэй хүний хөл. “Урлаг. Урлаг гэж юу вэ? Урлаг бол төсөөлөл, санаа. Шопенгаур: Die Welt als Wille und Vorstellung. Хүсэл хийгээд санаан дахь ертөнц гэж хэлсэн. Санаа бол мөрөөдөл. Би зураг авч байхдаа, юуны ч тухай боддоггүй. Мэдэрч, эсвэл бодож буй бүхнээ ер чухалчилж авдаггүй. Энэ яг хөзөр тоголж буй мэт.” Хөдөлгөөн түүний бүтээл дэх гол сэдэв байлаа. “Чи зураг авч буй бол хөдөлгөөн хамгийн чухал зүйл. Мөн зохиомж. Эсрэгцэл гэрэл зургийг бүтээдэг. Гэрэл, сүүдэр, энэ бол зохиомж. Гэрэл зураг гэдэг бол гэрлээр зурахыг хэлж буй юм."

Тэрээр том зургууд дээрээ бүдэг зурааснуудыг харандаагаар тодруулдаг байв. Заримдаа дахин эхнээс нь эхэлж, бүхий л хэсгийг буддаг байв. Зурах үйл явц нь өөгүй нарийн байлаа. Бромидын багахан толбыг олж харахад тэрээр “Алдаа, алдаа. Энэ бол яруу гоо зүйг бий болгодог зүйл. Гайхам чанарыг бүтээдэг зүйл. Философи бол ямар нэгэн хийсвэр зүйл. Харин гэрэл зураг бол бодит, хүртэхүй. Нүд, чиний харсныг. Нэн тэргүүнд чамд муу камер байх хэрэгтэй. Хэрэв чи алдартай болохыг хүсч байгаа бол энэ дэлхий дээр хэн ч хамгийн муугаар хийж байгаагүй шиг муугаар үйлдэх ёстой. Гайхам сайхан биш, үзэсгэлэн төгс биш.”

Өчнөөн алдаа мадаг, доголдлыг Тихийгийн бүтээлээс харж болно. Юмс бүхэн фокусгүй сарничихсан, зурагдсан хальснаас угаагдсан, гараар хайчилсан эсвэл тоостой, бохир үрчгэр цаасан дээр угаагдсан, камер болон харанхуй өрөө нь заваан, хурууны хээ, бромидын толботой, шавж болон харх хэмлэчихсэн газар гээд тоочвол өчнөөн.

Харанхуй өрөөнөөсөө гэрэл зургуудын замнадаг жим хачин өрөвдөлтэй. Тэдний оршихуй өчнөөн олон жил тоосон дунд шидэгдэхээс эхэлнэ. Цаашлаад гэрэл зурган дээр суух, тэдэн дээр унтах, тэдэн дээр алхах, ирмэгийг нь нугалах, үзгэн бал юм уу өнгийн харандаагаар зохиомжоо сайжруулах, тэднийг нугалах, ширээний хөлний ивээс болгож ашиглах, кофе юм уу дарс асгах, хулгана, хачиг идэхийг зөвшөөрөх, цонхоор гаргаж шидэх, бүр бороо орсон ч ор тас мартах, дараа нь тэднийгээ дахин олох, арчлах, картонон цаасан дээр наах, зузаан болгох, тэгсэн мөртлөө эцэст нь ард талд нь ТВ-ийн хөтөлбөр тэмдэглэчихнэ.

Тихийгийн ажил зурах болоод гэрэл зургийн огтолцох зааг дээр амилдаг. Хувь тус бүр онцгой. Arnulf Rainer болон бусад уран бүтээлчтэй ижил цаг үед, гэрэл зураг дээр зурах арга барилыг хөгжүүлж байв. Цэвэрхэн байх гэсэн гэрэл зургийн үзэл санааг урьдаас жигших нь түүний бүтээлүүдэд дутагдал гэж илэрхийлэгддэггүй. Харин ч гоо зүйн илэрхийлэмж болдог.

Тэдгээр мөн чанар, оршихуй бодит байдал дээр, төгс зураглалаар, илэрхийлэгддэггүй, харин, эсрэгээр тэдгээрийг үгүйсгэл дээр цогцолдог. Энэ бүхний тулд, Тихийд зүгээр л муу камер байхад хангалттай төдийгүй, дэлхий ертөнц болоод ид шидийг харах өөр хандлага байхад л бол оо. “Төгс бус байдал яруу сайхныг бүтээдэг. Хамгийн муу дуран дэлхий ертөнцийг өөрчилдөг. Ой гутам байдал дур булаам гоо үзэсгэлэн болж хувирдаг.”

Муруй сарий бодит бус бүтэц болдог, үндсэн суурийн өгөгдөл болдог, тоос шороо, бромидын толбо цаг хугацааны гойд дүрслэл болж хувирдаг. Цаг хугацааг урсан одохыг зөвшөөрөхийн тулд. Гэрлээр зурахын тулд. Энэ бол боломж хэмээн Тихий хэлэх дуртай. Эд бол ердөө л боломж.