Өвлийн үлгэр


Аль дээр үед эхлүүлээд, ор тас хаячихсан нэгэн бичвэрийг чадан ядан орчуулж дуусгалаа. Америкийн зохиолч Нейл Гэйман юу гэж зөвлөлөө: Бичиж эхэлсэн л бол заавал дуусга. Ингээд ямар ч л байсан дуусгаж чадлаа.

“National Geographic Traveler” сэтгүүлд нийтлэгдэж байсан, сэтгүүлч Марк Женкинсийн энэ тэмдэглэл “ингээд л болоо юу” гэх дутуугийн мэдрэмж төрүүлж магадгүй. Учир нь “Эртний цаначдын мөрөөр” нийтлэлдээ өнө эртнээс уламжилж ирсэн, адууны ширэн ултай урт модон цаныг өдгөө ч гэсэн ахуй амьдралдаа өргөн ашигладаг Алтайн нутгийнхны тухай дэлгэрэнгүй өгүүлчихсэн байгаа. 





Хятадын нутаг дахь Алтайн нуруунд зочилсон нь


Гадаа -35 хэмийн тасхийм хүйтэн тачигнах авч морьд ер бээрсэн шинжгүй байн байн тургилна.  

Хамаг биеийг нь цан хүүрэг татаж, хамар амнаас нь халуун уур савссан хүлэг морьд эндхийн хахир хүйтэн цаг агаарт эртнээс нааш дасан зохицож сурчээ. Тэднийг махир тулгуур, урт шургаагаар, нутгийнхан “цана” гэж нэрлэдэг модон чаргатай холбосон байв. Өргөнөөрөө морины хондлойтой, уртаараа хүний биеийн өндөртэй тэнцэх модон чарганы ур хийц олон зуун жилийн турш ер хувьсан өөрчлөгдөөгүй аж. 

Чарганы маань чиглүүлэгч Нөрбек (Norbek) гэх өрвийсөн үстэй хасаг эр морьд шигээ хүйтэнд тэсвэртэй юмсанж. Мань эр нүцгэн гараараа жолоо цулбуураа султгаж чангалах бөгөөд түүнийг аялагчдын үүргэвч цүнх, алс хол далайн цаанаас авчирсан уулын цана, морьдод идүүлэхээр бэлтгэсэн шуудайтай өвс зэргийг хоёр чарган дээр ачиж дуусгамагц уртавтар өдөн куртка, зузаан өмд, цасны бээлий, аяны гутландаа бэмбэгнэж даарсан бид Төв Азийн өндөрлөг дэх Алтайн уулс руу хөдлөв.

Өвлийн турш цасан хучлагатай байдаг аглаг буйд Алтайн нуруу Хятад, Монгол, Казахстан, Орос улсуудын хилийн бэлчир орчмоос тэнгэр өөд цойлж эхэлдэг. “Морь ба чарга”-ны хослол гэсэн нүүдлийн өнө эртний хэлбэр өвлийн улиралд өдгөө ч гэсэн хол зам туулах гол унаа болсоор буй, дэлхий дээрх сүүлчийн газар гэвэл магадгүй Алтайн уулс л билээ. 

Бидний дөрвөн эр замд гарсан бөгөөд Нөрбек, бид хоёр эхний чарган дээр, Нилс Ларсен, Айкен хоёр удаахь чарган дээр суув. Ларсен бол цанын үүслийг судлахаар Алтайд өмнө нь есөн ч удаа ирж байсан Америкийн цанын судлаач. Үс нь ширэлдсэн, үг дуу цөөтэй энэ эр гарамгай цаначин төдийгүй Америкийн баруун умард хязгаарт орших шувууны нэртэй жижигхэн хотын захад, зуугаад жилийн настай дүнзэн байшинд амьдран суудаг юм. Бас цанын багашаархан компанитай. Харин Айкен бол таван ч хэлээр гаргууд сайн ярьдаг хасаг залуу. Хавчиг нүүртэй, хямсгар царайлсан хятад түшмэдийн учрыг хялбар олохдоо тэр гарамгай. 

Хятадын газар нутгийн баруун умард хязгаар, Шинжааны алслагдмал нутаг дахь Хэмү хэмээх бөглүү тосгоныг бид зорьж яваа юм. Ларсен тэнд цанын уламжлалаа хэдэн мянган жилийн турш хадгалж ирсэн сүүлчийн цаначидтай уулзаж магадгүй. Өндөр уул давж, Хэмү-Канас голын эрэг дагуу удаан явсны эцэст уулын гүн дэх алслагдмал тосгонд хүрэх ёстой. Зундаа мориор явахад нэг өдрийн л газар боловч яг одоо хоёрдугаар сар тул энэ зам тийм ч хялбар биш.

Зам дагуух Жалдүнвэ хэмээх жижиг суурингаас хөдлөх гэж байтал нэгэн морьтой эр цасан нурангинаас үүдэн Хэмү тосгон хүрэх цорын ганц цанын зам хаагдсаныг дуулгав.

“Цааш явах боломжгүй гэнэ ээ!” хэмээн Айкен бидэнд тэрхүү эрийн үгийг хэлмэрчилсэн хэрэг л дээ. 

Нөрбек бодолд дарагдсанаа алсыг ширтэв. Түүний царай төрх он удаан жилийн турш хайруу хүйтэн жаварт хайрагдаж хатуужсан нь илт. Морьтой эрийг өнгөрмөгц Нөрбек жолоогоо атган морьдоо хөдөлгөлөө. Тэрбээр уулсыг ч, морьдыг ч сайн мэднэ. Газар цавчлан урагшлах, хур дэл, урт сүүлтэй хүлэг морьд Чингис хааны дайнч хүлгүүдийн хойч удам гэвэл хэн ч эргэлзэхгүй биз ээ. 

Үлэмж биет морьд бидний чаргыг тэнхээ мэдэн чирч байлаа. Эхэндээ чаргаар явахад залхуу хүрэм удаан байсан нь гайхмаар. Морьд хунгар цасанд байсхийгээд л шигдчих тул хүний алхаатай адил хурдаар урагшилж байв. Зэлүүд ууланд зам хороохын тулд цаг их орно гэдэг худал үг биш бололтой. 

Бид замын суурингаас зайдуу, бараан мөчир бүхий хусан ойг салхи шиг л туулсан боловч зам алсарч, цас зузаарахын хэрээр морьд хүч тэнхээгээ барж байлаа. Тэд удалгүй алхам ч урагшлах хүч чадалгүй болж, даарч хөшсөн мэт таг зогсов. Нөрбек бэлхүүсээр татах хунгар цас руу үсэрч буугаад хамаг чадлаараа цас туучсаар мориныхоо урд гаран цулбуураас нь татав. 350 кг-ийн жинтэй үлэмж амьтныг урагш хөдөлгөх гэж оролдлоо. Морьд тэгэхийг л хүлээж байсан мэт гэнэт ухасхийх нь тэр. Морьдын хөдөлгөөн гүнзгий ус гаталж буй мэт хөшүүн харагдах ажээ. Айкен удаахь мориныхоо цулбуураас атгаад цас зүсэн алхахад зузаан хунгар дунд хоёр хөл нь живэв.  

Би Ларсэний хамтаар бараг зуу гаруй кг-ийн жин татах ачаатай чаргаа араас нь түлхлээ. Санаснаас ч хэцүү аж. Байдаг хүчээ дайчлавч байрнаасаа огт хөдлөхгүй байгаа мэт санагдаж байв. Цасан дунд шургаж унасаар нэг мэдсэн хамаг бие хөлөрчээ. Гэсэн ч биднийг чаргаа түлхэх зуур Нөрбек, Айкен хоёр морьдоо урагш чангаасаар л байв. Даваан дээр гарчихвал бүх зүйл болчих гээд байдаг. 

Моторт тэрэг, хар зам гэж үгүй алслагдмал энэ нутгийн өвлийн улирал харц булаах үзэсгэлэнт төрхтэй ажээ. Морьд энд моторт тэргийг орлодог. Нөрбекийн өвөг дээдэс ачлага уналганд зориулж агт морьдыг сургажээ. Зэрлэг адуунуудын хувьд, сүүлчийн мөстлөгийн үеийн тэсгим хүйтнийг тэсч үлдсэн цөөхөн газруудын нэг нь Алтайн нуруунаас Румыний уулс хүртэлх 5 мянга орчим км үргэлжилсэн Евразийн аугаа уудам хээр тал, тайгын бүс гэдгийг археологичид баталдаг. Тэгвэл саяхны судалгаагаар зургаан мянган жилийн өмнө яг энэ бүс нутагт зэрлэг адууг гаршуулсан болохыг нотолжээ.

Ангасан морьд цангаагаа цасаар тайлах зуур Ларсэн бид хоёр цанаа углаад давааны хойд энгэрээр гулгангаа аглаг хөвчийн гүн рүү уухайлж хашгирлаа. Нөрбек, Айкен хоёр чаргандаа сууцгаажээ. Хэдий чарга маань орчин үеийнх, бас ургаа моддыг сүлжин уул уруудаж болох байсан ч, Алтайн уулс дахь эртний цаначид шиг хунгар цасан дээгүүр салхи татуулан давхисандаа нэн таатай байв. 

Цаашлах тусам цас зузаарч, морьд маань байсхийгээд л цасанд шигдэж байлаа. Нөрбек бол Ларсентай адил хашир эр юм. Тэд олон удаагийн цанын аялалд хамтдаа оролцож байсан ч би яагаад ч юм, морьдод санаа зовниж эхлэв. “Морьд үхэж ч мэднэ шүү дээ” гэсэн санаа зовнингуй үгийг минь хэлмэрч Айкен түүнд дуулгалаа.

Бүсэлхийгээр татах хунгар дунд ганцаар зогсоод чаргаа цаснаас гаргах гэж оролдох Нөрбек над руу хяламхийснээ толгойгоо сэгсэрч байгаа харагдав. Ийнхүү бидний аялал цааш үргэлжилсээр. Ларсен бид хоёр чаргануудын дэргэд цанаар гулгаж явсан бөгөөд цасан нурангитай газар тааралдвал морьдод жим гаргахын тулд цас малтаж тусалдаг байв.

Бүрэнхий болох үес морьд маань өлдөж ядарсан гэдэг нь илт. Нөрбек морьдоо сул тавив. Агаарын хэм -40 рүү ойртох бөгөөд морьд маань мөнгөн хуягаа өмсжээ. Гэсэн ч Нөрбек тэвдсэн шинжгүй, туйлын тайван харагдав. Ларсэн нэг биш удаа Нөрбекийн чарга жолоодох арга ухааныг шагшран өгүүлж байсан ч би хувьдаа түүний гөжүүд, өрөвдөх сэтгэлгүй зангаас болж морьд маань үхнэ гэдэгт бүрэн итгэчихээд байв.

Удалгүй Нөрбек морьдоо чарганд хөллөж, бид үдшийн харанхуйтай зэрэгцэн цааш хөдөллөө. Оддын гялбаанд уул толгод цайран хөхрөх ажээ. Цанаар гулган зам хороож явсан би нэг мэдэхэд миний гар хөл мөс шиг хүйтэн болчихсоныг анзаарлаа. Гэхдээ бие минь дулаан илчээ алдаагүй хэвээр. Мянга мянган жилийн турш Нөрбек болоод түүний өвөг дээдэс урт аяныг яг ингэж туулдаг байсан гэхээр сэтгэлд сайхан санагдав.

Бидний дөрвөн аялагч тэрхүү эртний цаначдын аргаар аялж яваа бөгөөд бас амьд гаръя л гэвэл урагш цөхрөлтгүй тэмүүлж байх хэрэгтэй гэдгийг хэнээс ч илүү мэдэж байлаа. Гэвч бодит байдалтай нүүр тулмагцаа би цөхөрч гүйцсэн. Үнэндээ аялал маань, бодож тунгаах бус, зөвхөн урагшлахыг шаарддаг тун энгийн зарчимтай байв. Би Нөрбекийн туршлага, түүний арга ухаанд бүхнээ даатгаад юуг ч эргэцүүлж бодолгүйгээр шөнийн харанхуйд гулгаж явлаа. Ийн явах нь нуруун дээрээс нэгэн хүнд ачааг аваад хаячих шиг мэдрэмж төрүүлсэн. 

Түнэр харанхуйн дунд бяцхан шар гэрэл асч байхыг хараад би хөөрөн баярлаж билээ. Цасан “уул овоод”-ыг өгсөж уруудах бүрт нэг анивчиж, нэг алга болох тэрхүү гэрэл хязгааргүй харанхуйн дундах цорын ганц авралын гэгээ юм шиг санагдсан. Харин ойртох тусам бяцхан гэрэл байшингийн чийдэн болох нь танигдсан. Ийнхүү бид аврагдлаа. 

Нохойн хуцах чимээнд хөвөнтэй зузаан өмд өмссөн эр биднийг угтаж авсан юм. Чаргаа гадаа нь байршуулаад түүнтэй гар барин мэндчилэв. Эсгий үүдийг сөхөн ороход байшинд эхнэр, хүү хоёр нь гайхаж балмагдсан шинжтэй сууж байлаа. Бид харанхуй шөнө эднийхийг олсондоо итгэж чадахгүй байсан бол тэд ийм дүн өвлийн хүйтнээр,ийм харанхуй шөнөөр, ийм зэлүүд нутагт юу хийж явааг маань ер ухаж ойлгохгүй байгаа харагдав.

Айкен гэрийн эзнийг танилцууллаа. Нэр нь “Урт удаан амьдрал” гэсэн утгатай Вомир Узак унжуу хамартай, намхан туранхай эр ажээ. Эхнэр Мэйр Гүл нь дугураг бөөрөнхий царайтай сайхан эмэгтэй байв. Нүүр дүүрэн инээмсэглэх Жанат хүү нь 12 настай болов уу гэмээр харагдав. Айкен тэднийд хоноглож болох эсэхийг асуутал:

“Бололгүй яахав ээ. Та нар бол манай зочид” хэмээн гэрийн эзэн хариулав. Үдшийн 10 цаг болж байсан ч Мэйр Гүл пийшинд гал өрдөж, тогоо дүүрэн мах чаналаа. 

Нөрбек гэрийн эзний хамтаар морьдыг чарганаас суллав. Эднийх морины зүчээгүй юмсанж. Ядарсан амьтдад ус, өвс ч өгсөнгүй, зүгээр л зөнд нь орхичихов. Морьд юу ч болоогүй мэт үүрсэн зогсох нь хүлцэн тэвчихийн гайхамшиг ч юм шиг. Болдог сон бол би тэднийг дулаахан, тохитой газар руу тууж оруулмаар санагдсан.   

Айкений хэлснээр бол, гэрийн эзэд адуу малладаг гэнэ. Бид Хэмү тосгонг зорьж яваа гэдгээ тэдэнд дуулгалаа. Узак анхааралтай сонсож буй гэдгээ илтгэх мэт толгойгоо дохисноо “Цас нурснаас тосгоны зам хаагдсан” хэмээн хайнгадуу өгүүлэв. Үнэндээ “зам хаагдсан” гэдэг нь “явах боломжгүй” гэсэн үг биш болохыг бид дорхноо ойлгосон юм. Хүч тэнхээ, хүсэл зориг хоёроор тосгонд хүрч болдог гэнэ.

Цаг орчмын дараа Нөрбек гадагш гарч морьдод өвс өглөө. “Хэрвээ ядарсан морьдод ус эхэлж өгвөл гэдсээ дүүртэл уугаад өвс идэхээ байчихдаг юм” хэмээн тэрээр өөрийнхөө үйлдлийг товч бөгөөд тодорхой тайлбарлав. Үдэш орой болсон хойно, бид цөцгий, гоймонтой үхрийн махан хуурга, талх, жимсний чанамал зэргийг өрж тавьсан ширээний ард сууцгаалаа. Энэ зуур Нөрбек морьдоо услахаар гарав. Тэрээр морьдтойгоо ер нь л “хүйтэн хөндий” харьцах ажээ. Ядаж бүх биеэр нь бүрхсэн мөсөн ширхгүүдийг хүртэл хусаж унагаасангүй. “Морьдоо хучихгүй юм уу?” гэж намайг асуухад тэрээр “Үгүй” гэж байгаа бололтой толгойгоо сэгсрэв.

Их цасан дунд өдөржин явсан болоод ч тэр үү бодол санаа маань уужирч цэлмэжээ. Дээрээс нь гэдсээ подхийлгэчихсэн, бас аяншиж ядарсан тул бид унтахаар зэхэв. Байшингийн хананд бэхэлж тогтоосон, бараг ор гэж хэлж болохуйц модон тавцан дээр ширдэг зулжээ. Хэмжээний хувьд бидний дөрвөн эр, гэрийн эздийг хамтад нь багтаахуйц хангалттай том аж. Би аяны хөнжилдөө шургамагцаа гүн нойронд автлаа.  

Өглөө нойрноос сэртэл Мэйр Гүл галаа түлчихсэн, халуун сүүтэй цай ширээн дээр тавьчихсан байв. Би морьд маань үдшийн тасхийм хүйтэнд зогсоогоороо хөлдчихсөн, бараг хаврын урь ортол мөстсөн чигээрээ энэ айлын үүд хаалгыг харуулдан зогсохвий гэсэн шүү юм бодоод гадагш гарлаа. Гэтэл морьд маань амьд хэвээр төдийгүй бүр чарганд хөллүүлж байгаа харагдав. 

Хэмү тосгон хүрэхийн тулд бид өөрсдөө жим малтаж гаргах ёстой гэж Узак зөвлөсөн бөгөөд бид түүнийг аялалдаа туслуулахаар болов. Тэр бидэнд газарчлах юм. Урьд шөнө хоноглосон Узакийн гэр тэртээд алсран холдохуйд Мэйр Гүл алсад гараа даллан зогсож байгаа харагдав.  

Ларсэн бид хоёр морьддоо хүнд ачаа болж, тээр болохгүйн тулд цанаар гулгахыг илүүд үзсэн бол Айкен, Нөрбек хоёр чаргаа жолоодож явлаа. Нохой зээхийн мөр замд олон тааралдав. Үл үзэгдэгч гэдгээрээ алдаршсан энэ этгээд амьтны ул мөр ингэж элбэг тохиолдсон нь эндхийн газар нутаг зэрлэг дагшинаараа буйг нотолж байна хэмээн Ларсен өгүүллээ.

Ийнхүү аялал цааш үргэлжилсээр, бас уулын хөндий улам нарийссаар. Удахгүй ямар нэгэн саад тотгор учирна даа гэж зөнгөөрөө мэдэрч байсан нь ёсоор болов. Цасан нуранги чарганы замыг далдалж нуусан байлаа.

Морьд алгуурхан зогсоход Узак хүрзээ барин цас малтаж эхлэв. Бид дөрөв ч бас зам жим гаргачих санаатай цанаараа “хүрзэдлээ”. Малтаад л байдаг, малтаад л байдаг, маш их цаг гарздаж байлаа. Энэ маягаараа бүтэн өдрийг барах нь гэж би таамаглав.

Уйгагүй малтаж, хүрзэдсэний эцэст энэ нутгийнхан олон зуун жилийн турш яг ингэж цас малтан, урагшлах жим гаргадаг байсан юм байна гэдэгт итгэсэн. Нөрбек, Айкен, Узак ч мөн адил өөр арга чарга бодолгүй цас малтаад л байсан. Ингэж үйлдэх нь хэчнээн бэрх хэцүү, хэчнээн их цаг үрэх байсан ч тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй.

Бас би ямар ч сонголтгүй үед бүх санаа зовнил оргүй арилдаг гэдгийг олж мэдсэн. Бидэнд цасан нурангины дээгүүр, доогуур, хажуугаар, эсвэл бүр тойрч гарах сонголт байгаагүй, гагц чигээрээ сэтэлж гарах ганцхан зам байсан. Тиймээс цөхөрч, няцаж, бууж өгөлгүйгээр малтаад л байх хэрэгтэй юм билээ. Уур уцаар, оргилсон сэтгэл хөдлөл энд хэрэггүй. Би бодол санаагаа чөлөөлж, зөвхөн зогсоо зайгүй хөдөлж тэмүүлэхэд анхаарлаа хандуулав.

Хэрэв миний төрсөн нутаг Вайомингэд яг ийм цасан нуранга замд дайралдвал ахмад настай хүмүүс үүнийг “сорилт” гэж тодорхойлдог бол залуучууд “азгүйтэл” гэж үзэх байсан. Харин Алтайн нуруунд нутагладаг казах түмэн иймэрхүү саад тотгорыг сэтгэлийн хөдлөлөөр жинлэж хэмждэггүй. Тэдний хувьд цасан нуранги бол өдөр тутам тохиолддог, энгийн л зүйл. Тэд бол санаа алдаж суудаггүй, шууд л үйлддэг, бүр хичээл зүтгэл, цаг хугацаа хэчнээн их шаардсан ч малтаад л гардаг улс. 

Хамгийн гайхамшигтай нь, бид хоёрхон цагийн дотор өнөөх уул овоо шиг их цасыг сэтлэн зам гаргаж чадсан юмдаг. Цааш жаахан яваад л дахиад нэг цасан нуранги замд хөндөлссөн ч энэ удаад миний санаа ер зовоогүй. Дахиад л малтаад гарчих юм чинь гэж бодсон. Чаргаар аялна гэдэг, нэг үгээр “Зэнгийн тойрог” ч юм шиг. 

Дараагийн айлд очиход хэдийн үд хэвийсэн байлаа. Найрсаг зантай казах гэр бүл гэрийн боорцог, сүүтэй цайгаар дайлав. Тэдний гэрийн гадаа цасан дунд нарны хавтан зоожээ. Үүгээр гар утсаа цэнэглэдэг гэнэ. Бас гэрийнх нь шалан дээр өргөгч цамхаг бүхий тоглоомон машин хэвтэж байлаа. 

Гурван настай болов уу гэмээр, туг үс үлдээгээд толгойгоо гөлчийтэл хусуулчихсан өөдөсхөн хүү чамин тоглоомоо эвдлэх гэж оролдох тоолонд пийшингийн дэргэд суух настай эмээ нь анхаарал хандуулдаг байв. Саяхан л бид цас мөсөн дунд явж байсан бол одоо соёл иргэншлийн зааг хязгаарт нэгэнт хүрч иржээ.  

Хэмү тосгон хүрэх үлдсэн зам цасанд дарагдаагүй байлаа. Ларсэн бид хоёр цааш цанаар явсангүй, чарган дээрээ суусан юм. Хунгар цас замд дахин тааралдахгүй тул морьд маань тэнхээ мэдэн давхив. 

Нарны туяанд гялалзан гялбалзах цасан дээгүүр модон чарганууд мөсөн дээгүүр гулгах мэт урагш эрчилнэ. Эцэст нь бид чадлаа шүү дээ гэж баярлавч энэ бүхэн сэтгэлийг минь нэг л гонсгор болгов. Хэмү тосгонд эртний цаначид ч, энэ цаг үеийн цасны жийп ч бий. Би ийм үнэнтэй нүүр тулахад хараахан бэлэн биш байлаа. Тэрхэн цаг мөчид өнө эртний түүхт Алтайн нуруунд үлдчихмээр ч юм шиг санагдсан шүү. 

Хэмү тосгоны намхан сууцнууд, бас сууринг хучсан саарал утаа тэртээд үзэгдэхэд өмнөх замд минь дахин нэг удаа цастай даваа тааралдаасай гэж би битүүхэн хүссэн. Морин чаргаа хөлөглөн эзгүй буйд нутгийн гүнд, илүү олон шөнийг өнгөрөөмөөр ч юм шиг санагдсан. Бас эх нутаг нь ийм онгон зэлүүд байгаад Нөрбек, Айкен хоёрт битүүхэн атаархах шиг болсон. 

Хязгааргүйн гүн рүү




Нутгаас гарснаас хойш гурван жил, 8000 км-ийн алсад явахад нь би “Caroline MOIREAUX” гэх өвөрмөц нэртэй франц бүсгүйтэй таарсан юм. Энэ бол хоёр жилийн өмнөх зун болсон явдал. National Geographic Traveler сэтгүүлийн америк редактор Эланд түүнтэй ярилцлага хийж байхад нь би томоотой ажиглаж суусан. Франц бүсгүй маань Улаанбаатарын төвд орших тансаг зоогийн газрын хүнгүй шахам танхимд бидний өөдөөс харж суугаад “Берингийн хоолойгоор дамжин Америк тив орно” хэмээн ярьж билээ. Холын Францаас нүүдэлчдийн нийслэл Улаанбаатар хүртэл алхаж ирсэнд нь итгэсэн мөртлөө умардын мөсөн хоолойгоор алсын Америк хүрнэ гэдэгт нь ер итгээгүй юм даг. 

Тэр шинэ ногооны зууш захиалсан. Бас урт аянд аяншиж ядраагүй харагдсан. Гурван жил хээрээр гэр хийж амьдарсан ч халбага сэрээгээ тун эвлэгхэн ашигласан. Аргагүй шүү дээ, франц бүсгүй юм чинь гэж бодсон. Бас Европ бүсгүй гэхэд дэндүү намхан нуруутай санагдсан. Тэр Couchsurfing.com гэх аялагчдын сүлжээгээр танилцсан, Улаанбаатарт гэртэй нэгэн монгол найзындаа байрлаж байгаа гэсэн. Үнэндээ тэрхүү монгол найз нь түүний тухай надад дуулгасан юм. “Дэлхийг тойрч яваа франц бүсгүй удахгүй Улаанбаатарт ирнэ. Бүр манайд байрлана. Та нар ярилцлага авахгүй юм уу” гэж манай редакц руу зурвас дайсан хэрэг. Тэгж л дэлхийг тойрогчтой танилцсан юм. 

Ярилцлага бараг цаг шахам үргэлжилсэн. Би томоотой суугаад л байсан. Ярилцлага дуусахад тэр баяртай гэж хэлээд яваад л өгсөн. Удахгүй ярилцлага нь ч сэтгүүл дээр хэвлэгдсэн. Гэхдээ дөнгөж дөрөвний нэг нь. Үлдсэн хэсгийг нь би хэзээ нэг өдөр орчуулна даа гэж бодоод л байсан. Гэтэл хоёр жил яах ийхийн зуургүй өнгөрчихсөн. Ингээд түүний бүтэн ярилцлагыг гурав хоног суун байж орчуулсны дараа www.piedslibres.com гэх цахим хуудас руу нь нэвтэртэл Каролин маань нээрээ л Америк тивд явж байгаа харагдав. 25 мянган км замыг туулжээ. Тэр өнөөг хүртэл ухарч няцаагүй юм байна. Гэтэл би энэ хугацаанд хэчнээн ч удаа бууж өглөө дөө.


Яриагаа таны аялал эхэлсэн газраас эхэлье гэж бодлоо?

Би Францын Жюро хэмээх буйд тосгонд өсөж торнисон. Швейцарын хилийн ойролцоох, Женев хотоос бол тийм ч холгүй орших, зуугаадхан хүн амтай жижиг суурин. Эндээс л би аяллаа эхэлсэн дээ. Ийнхүү дөрвөн өдөр алхсаны эцэст Швейцарын хил хүрсэн. Анхнаасаа шууд дорно зүгийг зорьсон нь их энгийн учир шалтгаантай. Хэрэв урт удаан аянд мордох гэж буй бол хэн л төрж өссөн нутаг орноороо удаан аялахыг хүсэх билээ дээ, хурдхан шиг л харь улсад очихыг хүсэх байсан нь мэдээж.

Дэлхийг явган тойрох санаагаа анх хэрхэн олж байсан бэ?

Үнэнийг хэлэхэд, энэ миний санаа байгаагүй ээ. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Австралид жил хэртээ амьдарч байхдаа хэсэг франц залуус дэлхийг явган тойрох гэж буйг олж мэдсэн юм. Тэрхэн үедээ тэдний яриаг сонсоод “Явган аялна гэж үү дээ! Яаж ийм зүйл сэдэж олдог байна аа?” гээд л учиргүй гайхаж билээ. Удалгүй цахим хуудсаар нь зочилж, зурагтын ярилцлагуудыг нь үзэж сонирхтол мөнөөх залуус бүгдийг урьдчилан тооцоолж, сайтар бэлдсэн нь анзаарагдсан. Тэдний аялал эхлэхэд ердөө хоёрхон сар л үлдсэн байв. Дараахан нь би Франц руу буцаж, хуучин ажилдаа эргэн орсон. Ингээд жил орчмын дараа юм уу даа, “Нөгөө залуучууд яасан бол?” гэж бодоод цахим хуудсыг нь сонирхтол тэднээс хоёр нь л аяллаа үргэлжлүүлж байсан. Харин зарим нь Францдаа эргээд ирчихсэн, зарим нь өөр адал явдалд хөтлөгдөн дараагийн аялалдаа гарсан байв. Би аяллаа үргэлжлүүлж буй хоёр залуугийн нэгтэй нь фэйсбүүкээр холбогдоод “Хоёулхнаа үлдээд цааш аялах ямар байна даа?” гэж асуутал тэр залуу “Үнэхээр гайхалтай байна” гэж хариулсан. Тэр залуугийн, аялах явцдаа бүтээсэн баримтат киног үзэж сонирхтол нээрээ л “үнэхээр гоё” санагдаж билээ. Удалгүй би Шинэ Зеланд руу зургаан сарын хугацаатайгаар явах болсон бөгөөд дараагаар нь Японд хагас жил ажиллаад Австралид очсон. Чухам хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч тэгэхэд л би оюун санаандаа өөрчлөгдөж эхэлсэн байх. Нэг өглөө орноосоо босоод “За гүйцээ, би дэлхийг явган тойрох болно” гэж бодож эхэлсэн. Товчхон өгүүлэхэд, нэг иймэрхүү л юм болсон юм даа.

Аялалдаа бэлдэх амаргүй байсан байх?

Үнэндээ ийм аялалд би бэлэн биш байсан. Өмнө нь, аль нэг тийшээ явахаар бол ядах юмгүй шийдэж чаддаг байв. Тухайлбал, Австрали руу явах шийдвэрийг онгоцоор нисэхээс хоёр юм уу гурван долоо хоногийн өмнө гаргасан. Гэвч дэлхийг тойрно гэдэг бол сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш. Бэлдэх зүйл тоймгүй их байлаа. Учир нь би ийм аяллын тухай юу ч мэдэхгүй шүү дээ. Хувцас хэрэглэл, майхан савны тухай бол бүр ярилтгүй. Ядаж байхад би спортоор ч хичээллэдэггүй байв. Бусад шиг л ажил, ажил гэсээр өдөр хоногуудыг үрдэг. Хээрийн аялалд бараг явж байсангүй, жилдээ нэг удаа хаа нэг тийш 25 км алхдагийг эс тооцвол явган аяллын ямар ч туршлагагүй нэгэн байв. Бүр иймэрхүү зүйлд цаг зав гаргана даа гэж хэзээ ч төлөвлөж байсангүй. Ингээд нэг жилийн хугацаанд бэлтгэлээ базаасан. Бүгдийг эхнээс нь сурч эхэллээ. Би Европ тивээ таньж мэдсэн, дараа нь Гүржийг мэддэг болсон. Өмнө нь Гүрж улс газрын зураг дээр хаана байрладгийг хүртэл мэддэггүй байлаа. Дараа нь аяллынхаа зам жимийг гаргахдаа Тажикстан, Узбекстан, Кыргызстан, Туркменистан гэх мэт, амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй улс орнуудын тухай олж мэдлээ. Ийнхүү хагас жилийн хугацаанд аяллынхаа маршрутыг боловсруулсан. Эхлээд би Энэтхэг хүрээд Зүүн Азийн улсуудаар аялахыг хүссэн ч Пакистан гол асуудал болж хувирсан. Иранаас Энэтхэг хүрэхийн тулд заавал Пакистанаар дайрах ёстой. Гэтэл Пакистан руу нэвтрэх боломж хомс. Мэдээж бүр боломжгүй зүйл биш боловч Францын элчин сайдын яамнаас батлан даалт гаргаж өгдөггүй учраас виз авахад хүндрэлтэй гэв. Бас би Номхон далайг дөт замаар гатлахын тулд Берингийн хоолойгоор явахыг хүсэж байлаа. Азийн зүүн хязгаарт хүрээд тэндээсээ умардыг зорин Хятадыг хөндлөн гулд туулах алсын төлөвлөгөөтэй байсан ч Хятадын визийг нэг жилийн хугацаатай авах боломжгүй гэсэн тул энэ санаагаа орхисон. Өөр янз бүрийн хүндрэлүүд ч байсан. Ингээд өөр замаар аялахаар шийдэж, Тажикстан, Узбекстан, Кыргызстан гэсэн огт мэдэхгүй улс орнуудыг өөртөө нээсэн дээ. Би эргэлзэж тээнэгэлзэлгүй, “Тэгвэл үүгээр л явъя” гээд амархан шийдчихсэн. Тэгээд л энд, Монголд ирчихсэн явж байна даа.

Дэлхийг тойрно гэдэг бол бэрх аялал. Аюул ослоос айж эмээсэнгүй юу?

Хэн ч аюул ослыг урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ сайтар бэлдэж, бүгдийг төлөвлөж чадвал хүн бүр ийм аялалд бэлэн гэсэн үг. Жишээ нь, би бусдад тонуулж, дээрэмдүүлж магадгүй л юм. Энэ тухай өмнө нь олон удаа бодож үзсэн, тохиох магадлалтай гэдгийг нь ч ойлгож ухаарсан. Тэгээд одоо яах ёстой гэж? Би энэ талаар хангалттай бодсон учраас одоо бол чухал санагдахаа больсон. Аюул осол хэдийд ч тохиож мэднэ шүү дээ. Тиймээс айх хэрэггүй, угаасаа айж эмээнэ гэдэг утга учиргүй зүйл гэж хэлэх байна. Надад юу ч тохиолдсон, аюул осолтой нүүр тулахад би бэлэн үү гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэж бодоход шантарч мохож болохгүй. Надад тохиолдсон зүйл өөр хаана ч тохиолдож болох байсан. Хэрэв хэн нэгэн намайг хөнөөвөл мэдээж би хорвоог үүрд орхино. Магадгүй эх нутагтаа, угаалгын өрөөнийхөө усанд ордог онгоцон дотор санамсаргүй хөл алдаад амиа алдаж ч болох учраас ирээгүй үхлийн өмнөөс урьдчилж шанална гэдэг утгагүй хэрэг. Дотоод мөн чанар, оюун санаандаа амар амгалан байж чадвал хүршгүй газар гэж үгүй. Мэдээж аялалд юу өөрийг чинь хүлээж буйг мэдэж байх нь чухал. Зайлшгүй тохиох зүйлсийг хүлээн зөвшөөрч, түүнд бэлэн байх хэрэгтэй. Эд бүгдийг ойлгож ухаарвал хүн бүр аялалд бэлэн гэсэн үг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, аяллын турш би ганцаараа яваагүй ээ. Хорватад гурван долоо хоног, Монголд нэг долоо хоногийг л эс тооцвол аяллын турш хэн нэгэн хажууд минь хань болж явсан.

Гурван жилийн турш явган аялна гэдэг урт хугацаа шүү?

Тийм ээ. Гэхдээ аялал эхэлснээс хойш хоёр жил хагасын дараа гэрийнхэнтэйгээ уулзахаар Франц руу буцаж хэдэн сарыг өнгөрөөсөн. Бас Хятадын виз хөөцөлдөх шаардлагатай байв. Тэгэхэд эгч маань аль хэдийн ээж болчихсон байж билээ. Удаан хугацааны дараа гэртээ эргэн зочлох үнэхээр сайхан байсан. Гэвч аяллаа үргэлжлүүлэхийн тулд гэрээ дахин нэг удаа орхин явсан даа.

Ер нь виз авахад хүндрэл бэрхшээл их тохиолдож байв уу?

Энэ бол хоёр талтай асуудал юм шиг санагдсан. Жишээ нь, виз авах нь зарим тохиолдолд хэцүү байхад зарим үед туйлын амархан байдаг. Миний хамгийн эхний виз Азербайжаных байсан. Франц хүмүүс ихэнх улс орон руу визгүй зорчдог учраас анхны визээ даруулахад хүндрэл тохиолдоогүй. Азербайжан жижигхэн улс тул нэг сарын аяллын виз хангалттай байв. Харин Ираны визийг Туркийн Трабзон хотоос их амархан авдаг юм билээ. Тийм учраас би Турк руу буцаж, хураамжаа төлөөд нэгхэн өдрийн дотор визээ даруулсан. Ер нь нэг удаагийн аяллын виз хүсэхэд ихэнх орны виз хялбархан гардаг. Бас хурдан. Консулын ажилтантай уулзаад виз хүсэж буй гэдгээ мэдэгдэн хураамжаа төлөөд л болоо. Ийм амархан зүйл. Харин урт хугацаагаар виз хүсэхэд хүндрэл бэрхшээлүүд ундарч эхэлдэг. Зарим орноос ийм виз хүснэ гэдэг бэргэж халширмаар бөөн ажил болдог сон. Тухайлбал, Монгол руу ирье гэвэл нэг сарын визийг хялбар авч болох төдийгүй дахин нэг сараар сунгуулахад 20 минут л хангалттай боловч заавал Улаанбаатар хотод очиж сунгуулах хэрэг гарсан. Гэтэл би чинь Монголын баруун хязгаар нутгийн хилийн дээсийг Хятадын нутгаас давж байгаа шүү дээ. Хилийн шугамаас Улаанбаатар хот хүртэл бараг мянгаад км. Хэрэв би гурван сарын визтэй Монгол руу орж ирсэн бол 7 хоногийн дотор визээ бүртгүүлэх ёстой болох байсан. Улаанбаатар хот руу ийм богино хугацаанд алхаж явна гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл. 200 доллар төлөөд нисэж болох л байсан, гэвч яавч тэгж болохгүй байв. Би чинь өдөрт хоёр еврогийн төсөвтэй хүн шүү дээ. Тийм учраас аяллын арга барилаа бага зэрэг өөрчлөхөөр шийдэж унадаг дугуй худалдаж авсан. Тосонцэнгэл хүртэл дугуйгаар явж, тэндээсээ Улаанбаатар руу автобусаар зорчсон. Одоо визээ сунгуулчихсан тул Тосонцэнгэлд эргэн очоод Монгол дахь аяллынхаа үлдсэн хэсгийг каноэ завиар туулна.

Алхсан, унадаг дугуй унасан, одоо каноэ завь. Дэлхийг тойрох аялалд тань ээлжит адал явдлууд дуусахгүй бололтой?

Монголын хилээр орж ирснээсээ хойш 866 км замыг хоёр долоо хоногийн хугацаанд явган болон унадаг дугуйгаар туулжээ. Одоо Тосонцэнгэлээс Оросын хил хүртэлх 1000-аад км газрыг сарын турш завиар туулна. Идэр голыг уруудаж хөвсөөр Сэлэнгэ мөрөнтэй нийлэх юм. Энэ хооронд хамт аялж буй найз маань дугуйгаа унасаар над дээр хүрч ирэх бөгөөд бид хамтдаа Орос орноор үргэлжлүүлэн аялна. Би аялал эхлэхээс өмнө энэ аяллын турш ямар ч моторт хэрэгсэл ашиглахгүй гэж хатуу шийдсэн юм. Гэвч энэ үзэл санаа маань Иранд нуран унасан. Иран ер бусын сэтгэл татам орон. Гэтэл энд л аяллын маань чигч шугам тасалдсан юм. Туркменистаны хилээс 100 км-ийн зайд цагдаа намайг саатуулж, тагнуул байж болзошгүй гэсэн үндэслэлээр өдөр бүр цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгч байхыг шаардсан. Аагим халуун говь цөлийн дундуур үүргэвч үүрээд алхаж яваагийн минь учрыг тэд ерөөсөө ойлгоогүй. Цагдаагийн газар байцаагдсан тэрхүү долоо хоног яг л гэмт хэрэгтэнтэй кино шиг санагдсан. Хөгжөөнтэй ч юм шиг. Гэвч Иранд байгаа бол, энгийн инээдтэй зүйл хоромхон хугацаанд эмгэнэлтэй зүйл болж хувирдгийг мартаж болохгүй. Ингээд явж явж эцэст нь тэд Ираны нутаг дэвсгэрээс явган юмуу дугуйгаар гарч болохгүй гэсэн түрэмгий шийдвэрээ тулгасан. Уг нь автобусаар зорчиж болохыг зөвшөөрсөн ч Туркменистаны виз авах хугацаа үлдээгүй тул нисэхээс өөр аргагүйд хүрсэн. Өмнө нь визээ сунгуулчихсан, мөн Иранд ирээд дөрвөн сарын хугацааг өнгөрүүлчихсэн тул дахин визээ сунгуулах боломжгүй болчихсон байв. Би цагдаагийн газар асгартал уйлсан. Аргагүй шүү дээ, тэр цаг мөч хүртэлх сөөм газар бүрийг мэрж алхсан шүү дээ. Уг нь надад маш том мөрөөдөл байсан. Далайг сэлж гатлах боломжгүй учраас эх газраар сажилж яваа л бол сөөм газар бүрийг алхаж туулан, дэлхийг тойрно доо гэж мөрөөддөг байв. Би чадна гэдгээ ч мэдэж байсан. Гэвч Иран орон миний мөрөөдлийг балласан. Одоо миний аяллын зам мөрд тасарч алсарсан том орон зай бий. Туркменистаныг явган туулж чадаагүй. Шууд Узбекистан руу нисчихсэн хэрэг. Тэндээс би Туркмений хил дээр очоод хилийн зурвасаас аяллаа үргэлжлүүлсээр Узбекистан, Тажикстан, Кыргызстан, Казахстаны нутаг дэвсгэрийг явган туулсан. Магадгүй хэзээ нэг өдөр аяллынхаа тасарсан зам мөрийг эргэн нөхөж ч болох юм. Казахстаны хилийг явган нэвтрэх хориотой тул хоёр км газрыг автобусаар туулсан. Үл тасалдах учиртай жим харгуй минь энд дахин нэг удаа тасарсан. Ийнхүү Казахстаны нутаг дэвсгэрийг туулж байхдаа, завсраар нь Франц руу буцсан бөгөөд тэнд Хятадын визээ хөөцөлдсөний дараа Казахстанд эргэн ирж, улмаар Хятадын нутгаар бадарчилсан даа.

Дараа нь та Монголд ирсэн байх аа?

Тийм ээ. Монгол бол ер бусын сайхан орон. Анх Монголын хилээр орж ирүүтээ, ойролцоо орших жижигхэн толгод дээр гарч зогсоод Монгол орныг шунамхайран ширтэхдээ өөрийн эрхгүй “Хөөх” хэмээн уулга алдаж билээ. Хүчит давалгаа сэтгэл дотор минь хуйлран эргэлдэх шиг болсон. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү. Энэ бол ер бусын хүчтэй мэдрэмж. Цэлгэр уудам нутаг, цардмал зам, цэнхэртэн харагдах уулс. Энэ бүхэн яг л уудам зэлүүд орон зайд ороод ирчихсэн мэт мэдрэмж төрүүлсэн. Тиймээс би гурван өдрийн турш бахдал бишрэлээ барьж дийлээгүй. Гэвч удалгүй Монгол орны өөр нэг төрхийг өөртөө нээсэн. Тэр нь хахир хатуу төрх. Би туйлдаа хүртэл ядарсан. Монгол орноор аялах үнэхээр бэрх хэцүү шүү. Засмал замаар унадаг дугуйтай давхих амархан боловч шороон зам хамаг хүч тамирыг минь шавхсан. Говь цөл, хуурай салхи, халуун элстэй тэмцэлдсэн. Говь нутгийн элсэрхэг хөрсөн дээгүүр унадаг дугуйгаар явахын хэцүүг яриад ч хэрэггүй биз. Элсэнд шигдэх бүртээ хээрийн салхи, халуун агаар хоёртой сөргөлдөн, унадаг дугуйгаа түрж алхдаг байв. Ингэж алхахад ам хатаж, ангаж эхэлдэг. Заримдаа замын унаанаас ундны ус гуйж байсан боловч өдөртөө арваадхан машин явж өнгөрдөг байв. 

Ер нь аяллын турш юу идэж ууж байсан бэ? Энэ бүх хүнд хэцүү нөхцөл бие организмд тань сөргөөр нөлөөлж байв уу?

Дугуй унаж буй үед сульдаж ядардаг учраас шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх учиртай. Гэвч тэгж чадаагүй ээ. Алхаж буй үед ходоод хоосон ч аяллаа цааш үргэлжлүүлж болдог. Харин дугуйгаар аялж буй бол тэгэх аргагүй. Алдсан хүч тамираа нөхөхийн тулд уураг ихтэй хоол идэх ёстой боловч үүргэвчиндээ тийм төрлийн хүнс авч гараагүй тул ядарч туйлдсан. Бүр цөхөрч гүйцээд байв. Орой бүр нүүр нүдгүй шуурдаг говь нутгийн аагим халуун агаар нь тэвчиж суухын аргагүй болгодог сон. Хамт явж байсан найзын маань дугуй замдаа эвдэрснээс болж сүүлийн нэг долоо хоногийг би ганцаараа аялахад хүрсэн. Ийнхүү амьдралдаа анх удаа юуны тулд аялж байгаагаа өөрөөсөө асууж эхэлсэн. Ийм зүйл өмнө нь тохиож байгаагүй тул үнэхээр цочирдсон. Аяллын турш олон хүн надаас “Чи шантарч болих тухай бодож байсан уу? Юуны тулд аялж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуудаг уу?” гэж сонирхдог байлаа. Тэгэх бүрийд нь би “Өөрөөсөө ч асууж үзээгүй эдгээр асуултыг хүн бүр яагаад надаас асуудаг юм бол оо” гэж хариулдаг сан. Аялал бол миний хувьд, амьдралын энгийн л нэг дадал. Зарим нь намайг зоригтойдоо аялдаг гэж боддог. Үнэндээ энэ нь тийм ч зориг шаардахаар зүйл биш шүү дээ. Аялал надад таалагддаг учраас хэзээ ч халширмаар санагдаж байгаагүй. Гэтэл амьдралдаа анх удаа аяллынхаа утга учирын талаар эргэцүүлж бодсон. Сэтгэл минь нэг л тавгүйтчихсэн. Ингээд маргааш нь Улиастай ороод хоёр голланд хүнтэй тааралдсан. Эмэгтэйд нь би цөхөрч байгаагаа хэлтэл тэр бүсгүй “Зүгээр дээ. Энэ чинь Монгол шүү дээ. Туршлагатай аялагч бүр Монгол оронд ирээд цөхрөлийг мэдэрдэг. Зарим нь бууж өгдөг, зарим нь яг чам шиг эргэлздэг. Энэ бол бичигдээгүй хууль. Монгол бол хахир хатуу, халгаж бэрхшээмээр орон шүү дээ. Хэрэв аяллаа шууд Монголоос эхэлсэн бол хүмүүс даваад туулчихдаг. Харин аяллынхаа дунд хэсэгтээ Монголд ирвэл цөхөрч гүйцдэг. Тиймээс бүү шантар. Хүн бүр энэ мэдрэмжийг туулаад гардаг юм шүү дээ” хэмээн хариулж билээ. Энэ үг намайг зоригжуулсан.

Аялах явцдаа ааш зан сайтай олон айлаар зочилж байв уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Аяллын эхний өдрөөс хойш газар бүрт намайг гэртээ зочлооч хэмээн урьж байсан. Заримдаа нэг хононо, заримдаа хоёр гурав ч хонох үе бий. Заримдаа урьсан айлдаа ороод цай уугаад л гардаг байсан. Гэтэл Казахстанд очиход хүмүүс нь тийм ч найрсаг хандаагүй. Гаднын хүнээс айж бэргэж байгаа нь илт мэдрэгдсэн. Эцэг эхчүүд бидний ойролцоо байсан бяцхан хүүхдүүдээ хашгирч дууддаг байв. Сонин байгаа биз. Энэ улсад юу тохиолдоо вэ гэж асуумаар санагдсан. Гэхдээ Казахстан дахь аяллын төгсгөлд бидэнд аз дайрч тун ч найрсаг, элэгсэг хүмүүстэй уулзаж танилцсан шүү. Тэд биднийг гэртээ урьж, хамаг байдгаараа дайлж цайлсан. Ингээд сайхан дурсамжтайгаар Казахстаныг орхисон доо. Дараагийн очсон улс бол Хятад.

Хятадад ямар байсан бэ?

Бас л адилхан. Нэг эмэгтэй цайгаар дайлсныг эс тооцвол хэн ч биднийг уриагүй. Алхахад амар бөгөөд хурдан байдаг учраас ихэнхдээ засмал зам дагуу алхдаг юм. Гэвч Хятадад яг энэ маягаар алхах нь залхаж төвөгшөөмөөр зүйл болж хувирсан. Хятад хэл сурах боломж олдохгүй байв. Ядаж байхад хэн ч бидэнтэй юм яриагүй. Уг нь би гадаад хэлийг хурдан ойлгож сурдаг юм. Гурван долоо хоногийн дараа гэхэд тухайн орны хэлээр өөрийгөө танилцуулах чадвартай болчихдог төдийгүй ядаж нэг долоо хоногийн дараа нутгийнхны юу асууж шалгаагаад байгааг ойлгож сурдаг. Тэгвэл яг одоо надаас “Хэрэг зориг чинь юу вэ?” гэж хятадаар асуувал би лав ойлгохгүй.  

Монгол хэл сурахад хүндрэлтэй байв уу?

Байлгүй яахав. Уг нь надад монгол хэлний ярианы дэвтэр байсан ч үгнүүдийн дуудлага үнэхээр хэцүү юм билээ. Үгээ ялгаж сонсохгүй бол ярьж сурахгүй шүү дээ. Гэтэл монгол хүмүүс алсаас хараад л байхаас биш, ойртож ирээд яриа хөөрөө үүсгэдэггүй байсан. Би тэдэнтэй танилцаж ярилцмаар байдаг, гэвч тэд маань миний хөдөлгөөн бүрийг нүдээ цавчилгүй ажигладаг байв. Гойд сониуч зантай улс шүү. Магадгүй тэд юу асуухаа мэддэггүй, эс бөгөөс бусдад саад учруулахгүй гэж хичээдэг байх. Заримдаа би ярианы дэвтрээ гаргаж ирээд “Францаас ирсэн” гэдгээ монголоор хэлмэгц тэд номыг минь сониучирхан хараад харилцан ярианы хэсгээс нь өөрт хэрэгтэй үг өгүүлбэрийг хайж эхэлдэг. Тэгмэгцээ “Та гэрлэсэн үү” гэх мэт асуултыг хуруугаараа заагаад надаас хариулт хүлээдэг. Би асуултад хариулмагц тэд энэ үйлдлээ эхнээс нь давтдаг. Ер нь л хөгжилтэй шүү. Тийм учраас нүүр хагарах эхний алхмыг би өөрөө түрүүлж тавьдаг байв. Учир нь монголчууд бүрэг даруу талдаа улс. Тэд миний хаанаас ирсэн, ямар хүн болохыг ихэд сонирхдог боловч асуухаас илүүтэй ажиглахыг илүүд үздэг юм шиг санагдсан.

Жуулчдын очиж сонирхдог газруудад бараг очиж үзээгүй гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

Жуулчдын очих дуртай газруудад төдийлөн очоод байдаггүй. Би том хотуудаар биш, голдуу буйд хөдөө нутгаар бэдрэх дуртай. Алслагдмал гацаа сууринд амьдардаг эгэл хүмүүсийн энгийн амьдралыг сонирхох нь тааламжтай санагддаг. Жишээ нь Улаанбаатар бол миний хувьд, тийм ч сонирхууштай газар биш. Парист байдаг олон зүйлийг, тэртусмаа амьдралын ижил хэв маягийг эндээс мэдэрч болно. Адилхан нийслэл хотууд шүү дээ. Тэгвэл хотоос зайдуу хөдөө нутагт очвол жинхэнэ эгэл борог амьдралыг мэдрэх боломжтой. Аяллын маань сайхан үүнд л оршдог. 

Та монгол малчин айлд хоноглож үзсэн үү?

Нэг удаа тэгж хонож үзсэн шүү. Тэгэхэд хүчтэй шуургатай өдөр байсан. Тэрхүү малчин айлынд явж ороход англиар ганц хоёрхон үг мэддэг бяцхан сурагч охин биднийг ирсэнд тун ч баярлаж байгаа нь анзаарагдсан. Тэр миний ярианы дэвтрийг ашиглан надтай хэд гурван үг сольж чадсан. Яг үнэндээ бид тэднийд биш, саахалт айлынд нь зочилсон юм. Гэтэл өнөөх өхөөрдөм охин ээжээсээ зөвшөөрөл авч ирчихээд “Манайд заавал ор л доо” хэмээн чин сэтгэлээсээ гуйж билээ. Ер нь тэр охиныг эс тооцвол айлын бусад хүн бидэнтэй юу ч яриагүй. Гэхдээ монгол гэрт хонох нь ер бусын сайхан санагдсан. Монгол гэрийн тооно, багана киргиз, тажик гэрээс өөр юм билээ. 

Монгол хоол идэж үзсэн үү?

Урт хэрчсэн гурилтай, цуйван гэх хоолыг замын гэр гуанзанд амсаж үзсэн. Уг нь унд цай олоод уучих санаатай тийш орсон боловч гуанзны эзэгтэй гоймон шиг урт нарийхан гурилаар хоол бэлтгэж байсан юм. Тэгтэл гаднаас гурван бадриун эр орж ирснээ таваг дүүрэн цуйван захиалаад арааны шүлс гоожтол амтархан идэж билээ. Бид хоёр дундаа нэг цуйван захиалж үзэв. Таваг дүүрэн хоол ердөө хоёрхон еврогийн үнэтэй байсан. Гэхдээ намайг юу хамгийн ихээр гайхшируулсан гээч! Өнөөх гурван эр кэтчупийг бараг шөл шиг “ууж” байв. Тэд тавагтай цуйвангийнхаа дээрээс кэтчупийг бялхтал нь гоожуулсан. Ингэж л иддэг юм байх гэж бодоод тэднийг дуурайн кэтчуп гоожуулж идэхэд цуйван маань бүр ч амттай болчихсон шүү. Кэтчуп халуун ногоотой байсныг ч хэлэх үү! 

Ямар ч л байсан монгол хоол, америк бүтээгдэхүүн хоёрыг нэг дор хэрэглэж байгаа нь инээд хөгжөөнтэй санагдсан. Иймэрхүү этгээд сонин хоршлыг Монголд олон харж болно. Монгол дээл өмсчихөөд бейсболлын янки малгай духдуулчихсан хөдөөний эрийг харж л байлаа. Гэхдээ Монголд энэ мэт хоёр өөр соёл хоорондоо харшилдаж бус, анхнаасаа яг ийм байсан мэт нэгэн цул болж харагддаг нь сонин. 

Монголчууд Франц руу аялахыг мөрөөддөг. Харин эсрэгээрээ францчууд Монгол орны юунд татагдаж ирэх бол?

Улаанбаатарт олон франц хүн амьдардаг юм шиг санагдсан. Гудамж талбайгаар нь гадаадууд олноороо холхисон ийм хот өмнө нь харж байгаагүй шүү. Арав алхаад л нэг гадаад хүнтэй таарч байсан. Бараг хоёр гадаад хүний нэг нь франц хүн байх магадлалтай юм байна гэж хошигнож бодсон. Миний хувьд Монгол бол эрх чөлөөний орон. Бид Францдаа эрх дураараа амьдардаг л даа. Гэхдээ миний хэлэх гээд буй санаа бол энэ биш. Монгол орон хязгааргүй уудам орон зайтай. Хэдэн мянганы турш хээр талаар нүүдэллэж ирсэн сүүлчийн нүүдэлч түмнийг энд харж болно. Тийм ч учраас Монгол бол нүүдэлч түмний оюун санаа, уудам тал нутгийн сүүлчийн лугших судас. Нутаг нэгтнүүд маань тал нутгийн энэ мөнхийн хөдөлгөөнийг зогсож үгүй болохоос нь өмнө зорьж харахыг хүсэж байгаа. Магадгүй энэ өв соёл нэг л өдөр уусаж алга болно. Шандаст сайн хүлэг морины хурдаар тэнгэрийн хаяа хүртэл сунан тогтсон уудам нутгийг хараачлан давхих нь франц хүмүүсийн хувьд мөрөөдөл нь юм. Гэвч Монгол руу аялах дэндүү өртөг өндөртэй. Миний бодлоор, бараг хүн бүр Монгол хаана байдгийг мэддэг. Жишээ нь би аялалд гарахын өмнө Казахстан гэж улс хаана байдгийг мэддэггүй байсан хэрнээ Монголыг газрын зураг дээр зааж чаддаг байсан. Үүнтэй адил франц хүн бүр Монгол хаана байдгийг сайн мэддэг. Учир нь энэ улс бол эрх чөлөө, энгүй уудам тал, эхлэл төгсгөлгүй буйд орон зай юм. Монгол орон бусад улсаас нэг л өөр байдаг. Иран, Казахстаны цөлөрхөг нутгаар бэдрэн явахдаа тэндхийн олон зүйл хоорондоо ижил байгааг анзаарсан. Харин Монгол бол тийм биш. Төрх байдлаараа ч хахь ондоо. Чухам юу гэж тайлбарлахаа хэлж мэдэхгүй байна. Би Итали, Иран, Казахстан зэрэг олон оронд очиж үзсэн. Эд хоорондоо их төстэй. Хэрвээ би яг одоо аль нэг улсын байгалийн зургийг гаргаж ирээд “Энэ ямар улс вэ?” гэж асуувал хэн ч хариулж чадахгүй. Гүрж ч юм шиг, Итали ч юм шиг, Иран ч юм шиг санагдана. Харин Монгол бол тийм биш. Магадгүй Монгол орон илүү нууцлаг, илүү алс, илүү уудам байж болох юм. Монголоор аялсан хугацаандаа зөвхөн энэ асуултад хариулах гэж өчнөөн удаа бодсон боловч энэ бол хариулт нь олддоггүй, ярвигтай асуулт юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдхэн өдрөөр ирээд буцдаг жуулчдад бол миний яриад байгаа зүйл их ойлгомжгүй санагдана л даа. Тэдэнд үүргэвчээ үүрээд, уудам нутгаар тэнүүчлээд үз гэж зөвлөе. Монгол бол хаашаа ч явсан, зэлүүд хоосон нутаг. Эсвэл дүүрэн ч байж мэднэ. Хоосон орон зайгаар дүүрэн орон. Хэдэн мянган км үргэлжилсэн хязгааргүй уудам, зэлүүд, цэлгэр, тэнүүн нутаг. Надад лав ингэж санагдсан. Би одоо ч бахдал бишрэлээ барьж дийлээгүй явна. 

Монголд ирээд ямар нэгэн бэрхшээл сорилттой нүүр тулгарсан уу?

Одоохондоо үгүй ээ. Ер нь би юм бүрийг аюул осолтой талаас нь хардаггүй. Магадгүй зэлүүд говь цөл дундуур алхаж байх үеэр муу зүйл тохиолдож болох л юм. Мэдээж тэгвэл аюултай байдалд орно гэсэн үг. Гэхдээ би замын унаанаас тусламж хүсэх боломжтой шүү дээ. 

Аялал эхлэхийн өмнө Монголын тухай их зүйлийг судалж мэдсэн байх? Цаасан дээрх судалгаа, бодит байдал хоёрын хооронд хэр их ялгаа гардаг вэ?

Харин ч бага судалсан шүү. Учир нь би аль нэг улс оронд очихын өмнө аль болох бага мэдээлэлтэй байхыг зорьдог. Туршлагатай аялагчдын тэмдэглэлийг хүртэл уншдаггүй. Тэдний заавар зөвлөгөөнд хэт их автаж магадгүй шүү дээ. Монголын тухай миний мэддэг бүх зүйл гэвэл Монголд ирээд үзэж харсан бүхэн минь юм. Монголд шинэс мод ургадаг гэдгийг өмнө нь мэддэггүй байлаа. Тэгвэл шинэсэн ойг нүдээр харах үнэхээр гоё санагдсан. Өмнө нь би Монголыг ой модгүй, хээр тал зонхилсон газар нутагтай гэж боддог байв. Аргагүй шүү дээ, европ хүмүүст Монгол гэхээр адуун сүрэг бэлчсэн тал нутаг л буудаг. Тэгтэл Монголд элсэн манхан, ой тайга, нуга хөндий, ангал хавцал, цавчим уулс бий. Алтайн нуруунд гэхэд мөсөн гол байдаг гэж сонссон. Тэгэхээр Монгол орон зөвхөн тал нутгаас бүрддэггүй байгаа биз.

Монгол орны өөр юу таныг гайхшируулсан бэ?

Хятадаар явж байхад хэн ч намайг найрсгаар хүлээж аваагүйд ер гайхаагүй атлаа Монголд яг ийм байдалтай нүүр тулмагцаа учиргүй гайхаж балмагдсан. Учир нь монголчууд найрсаг дулаан харилцаагаараа дэлхий дахинд алдартай шүү дээ. Гэвч хөдөөгийн малчин айлууд надтай элэгсэг дотно харьцаагүй ээ. Тэд ойртож дотносохыг ч хүсээгүй. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Өөр олон хүнээс монголчуудын найрсаг зочломтгой зангийн тухай сонсож байсан. 

Аялал таны хувьд ямар утга учиртай вэ? 

Яг үнэнийг хэлэхэд заримдаа би өөрийгөө аялж байна гэж боддоггүй. Амьдралын минь энгийн өдрүүд юм шиг л санагддаг. Аялах зуураа “амьдарч байна” гэсэн үг. Тийм ч учраас би өөрийгөө жуулчилж байна гэж боддоггүй. Заавал үзэх ёстой газруудыг хам хум үзчихээд баахан мөнгө үрсэн болоод эх нутагтаа эргэн очдог жуулчдын амьдрал надад тохирохгүй. Миний эрж хайж яваа зүйл ч энэ биш. Миний гэр бол дэлхий ертөнц бүхлээрээ юм. Би өдрийг аялж биш, амьдарч өнгөрөөдөг. Аялал бол миний хувьд хүн бүр өглөө нойрноос сэрдэг шиг энгийн зүйл. Би хүссэн үедээ энэ аяллаа орхиж болно. Би хэн нэгнээс дэмжлэг аваагүй учраас хэнээс ч хараат бус гэсэн үг. Магадгүй энэ бүхнээс уйдаж залхвал маргааш ч гэсэн бүгдийг хөсөр хаяж чадна. Хэрэв би хүсэх л юм бол галт тэргээр зорчиж, нисэх онгоцоор дүүлэн хөөрч болно. Би бусдын адил энгийн даруухан амьдарч ирсэн, бүр 30 нас хүртлээ. Магадгүй амьдралынхаа дараагийн арван жилийг яг энэ хэв маягаараа өнгөрөөж ч болох юм. Эцэст нь дахиад хэлье, би өөрийгөө аялж байна гэж боддоггүй. Аялал бол миний хувьд өдөр тутмын энгийн амьдрал юм. 

Дэлхийг тойрохын тулд хувь аялагч өөрийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ?

Хэрэв явган аялах гэж буй бол байгаль дэлхийг бахдан биширдэг байх ёстой. Би хээр хөдөө хонож, хүмүүстэй уулзаж нөхөрлөн, байгалийн сайханд “амьдрах” дуртай. Явган аялна гэдэг өөрөө их сайхан зүйл. Хүн алхаж буй үед л эрх дураараа байж чаддаг. Хүссэн газраа зогсож, хүссэн газраа амарч, хүссэн газраа буудаллаж болно. Автобус, галт тэрэг зэргийг хүлээх шаардлагагүй. Эртдэнэ, хоцорно гэх ойлголт байхгүй учраас унтаж амрахаа өөрөө дур мэдэн зохицуулна. Том хотод майхан хатгах талбай олддоггүй бол буйд хөдөө нутагт бүх зүйл чиний хүслээр шийдэгдэнэ. Тиймээс нэн түрүүнд байгаль дэлхий болоод бусдын амьдралыг чин үнэнээсээ хайрлаж сурах хэрэгтэй. Учир нь байгальд нэг л хөл тавьсан бол бие цогцос чинь хүртэл байгалийн нэгэн эд эс болж хувирдаг. Дэлхийг тойроход өөр онцгой авьяас чадвар хэрэгтэй гэдэгт би итгэхгүй байна. Төгс заавар зөвлөгөө ч гэж байхгүй. Хэрэв үнэхээр ингэж аялахаар шийдсэн бол өөрийн замаа өөрөө бүтээ гэж зөвлөе. Зүрх сэтгэл чинь чамд зам зааж өгөх болно. Би нэг л өдөр юу хийх ёстойгоо сэрж мэдэрсэн. Гэхдээ миний явсан зам бусдад тохирно гэдэгт би эргэлзэж байна. Би хүмүүсийг араасаа уриалан дуудаагүй юм шүү. Хэрэв та бусдын адил гэр бүлтэй болж, ажилдаа ахиж дэвшин, нохойгоо салхилуулан амар жимэр амьдрахыг хүсвэл энэ нь таны хувьд хамгийн зөв замнал юм. Хэрэв та дэлхийг тойрмоор байвал, эсвэл сар руу хөөрөхийг хүсвэл, та ямар ч аргаар хамаагүй оролдоод үзэх хэрэгтэй. Хүн бүрийн хувь заяаны төөрөг өөр байдаг шүү дээ.

‘PiedsLibres’ буюу Хүлээсгүй хөл гэх таны цахим хуудасны нэр хүн бүрт тохирсон төгс замнал гэж үгүйг бэлгэдсэн юм шиг санагдсан?  

Магадгүй тийм байх. Хүн бүр өөрийгөө чагнах нь чухал. Энэ хорвоо дээр хүн бүрт тохирсон жим харгуй гэж үгүй. ‘PiedsLibres’ гэх нэрний учир шалтгаан бол энэ. Үнэнийг хэлэхэд, хорвоо ертөнцийг хувьсган өөрчлөх гэж би аялаагүй ээ. Би уриалан дуудагч ч биш. Хүн амьдралаа хэрхэн өөрчилж болдгийг бусдад харуулахын тулд би аяллын блог нээсэн юм. Тэглээ гээд намайг үг дуугүй дагах ёстой гэсэн үг биш шүү. Зүгээр л ийм аялал боломжтой шүү гэдгийг бусдад ойлгуулмаар санагдсан юм. Хэрэв амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал миний аялал амьдралыг чинь өөрчлөх нэг арга зам байж болох юм гэдгийг оюун санааныхаа мухарт тээгээд л явж байхад болно. Магадгүй хэн нэгэн “Би ажил төрөлтэй хүн шүү дээ. Тийм учраас аялж чадахгүй” гэж хэлнэ байх. Тэгвэл “Ажлаасаа гар” гэж хэлмээр байна. Эсвэл хэн нэгэн “Би амьдардаг байшинтай шүү дээ” гэж хэлж магадгүй. Тэгвэл түүнд “Байшингаа зар” гэж хэлмээр байна. Би ч гэсэн өмнө нь байшинтай байсан. Сүйт залуутай байсан. Бас ажилтай байсан. Багагүй эд хөрөнгөтэй байсан. Гэхдээ нэг л өдөр би амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Хүн бүрт ингэх зориг бий. 

Японы Сэлинжер



Thе Paris Review сэтгүүлийн 2004 оны дугаарт Харүки Муракамигийн ярилцлага нийтлэгдсэн бөгөөд түүнтэй сэтгүүлч Жон Врей ярилцжээ.


Харүки Мураками бол бүтээл туурвил нь англи хэлнээ хөрвүүлэгдсэн япон зохиолчдын дундаас хамгийн шинэлэг зохиолч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэр бас хэдэн сая хувь борлогддог номууд шигээ нэр алдар нь дэлхий дахинаа түгсэн зохиолч юм.

Түүний романууд бодит болоод хуурмаг, гэмт хэргийн болоод шинжлэх ухааны гэсэн эсрэг тэсрэгийн огтолцол дээр амилдаг. Жишээ нь, “Хэрцгий үлгэрийн орон ба ертөнцийн төгсгөл”-ийн гол баатар хоёр бодлын дунд амьдардаг бол “Баадуутай шувууны хүүрнэл” хэмээх дэлхий даяар ихэд алдаршсан зохиол нь нэгэн эр алга болсон эхнэрээ эрж буйгаар эхэлснээ Ирландын зохиолч Лоренс Стернийн Tristram Shandy романаас хойш ер үзэгдээгүй этгээд сонин өгүүлэмж рүү хөвөрдөг.

Мураками 1949 онд Японы эртний нийслэл Киотод үндэсний соёлдоо хувь нэмэр оруулсан дундаж давхаргын гэр бүлд төржээ. Эцэг нь Японы утга зохиолын хичээлийн багш, өвөө нь Буддын хувраг хүн байлаа. Хоёр настайд нь тэднийх гадаадынхан (ялангуяа америк цэргүүд) хөлхөлдсөн Кобе хэмээх боомт хот руу нүүсэн нь түүний мэдрэмжийг хурцалж өгчээ. Японы утга зохиол, дүрслэх урлаг, дуу хөгжмөөс бага залуудаа татгалзаж жааз хөгжим, Холливүүдийн кино, зөөлөн хавтастай хямдхан номонд шимтэх болсон нь түүнийг огт өөр ертөнцөд аваачив.

Жараад оны сүүлчээр Токиогийн их сургуулийн оюутан Мураками эсэргүүцлийн хөдөлгөөний өрнүүн үеийг чимээгүй боловч өрөвдөн ажихдаа постмодерн зохиолын амтанд оржээ.

Зохиолч маань 23 настайдаа гэрлэсэн бөгөөд бичих замналаа бодит болгож, анхны зохиолоо хэвлүүлэхээс өмнөх хэдэн жилийг Токиод “Петер муур” (Peter Cat) нэртэй жааз клуб эрхэлж өнгөрөөв.

“Салхины дуулахыг чагнахуй” зохиол нь англи хэлнээ хөрвүүлэгдсэн ч зохиолчийн хүсэлтээр Японоос өөр оронд хэвлэгдээгүй бөгөөд энэ нь түүнд Гунзо утга зохиолын шагналыг авчирч уншигчдын хүсэн хүлээдэг зохиолчдын нэг болох эхлэлийг тавьжээ. Түүний анхны бодит өгүүлэмжтэй зохиол “Норвегийн ой” хэвлэгдэн гарахаас өмнө алдар нэр нь улам өссөөр утга зохиолын ноён сэнтийд заларч, 80-аад оны “залуу үеийн дуу хоолой” буюу Японы Ж.Д.Сэлинжер гэгдэх болов. “Норвегийн ой” роман нь Японд л гэхэд хоёр саяас илүү хувь борлогдсон нь Токиогийн өрх бүрт нэг хувь оногдож байна.

Тэрбээр эх нутагтаа од болсноос хойш харийн нутагт алдар хүндээс холуур, шуугиан цуурхлаас болгоомжлон нам гүм амьдрах болов. Мураками АНУ болон Европт амьдран Принцтон, Туффст багшлах хугацаандаа “Баадуутай шувууны хүүрнэл” номоо бичжээ. Түүний зохиолууд Норвегийн ойн бичлэгийн арга барил шиг энгийн оновчтой үгс рүү эргэн ухраагүй ч уншигчдынх нь цар хүрээ өргөжсөөр түүний шинэ ном болох “Эрэг дээрх Кафка” зөвхөн Японд л гэхэд гурван сая хувь борлогдож энэ жилийн сүүлээр англи хэл дээр гарахаар зэхэж байна. Олон оронд Мураками энэ үеийн хамгийн олон уншигчтай япон зохиолч болоод зогсохгүй үндсэндээ Японы утга зохиолын бүх шагналыг хамжээ. Үүнд хамгийн алдартай Йомиури Утга зохиолын шагнал багтдаг. Мураками бас шаргуу орчуулагч юм. Раймонд Карвер, Тим ӨБрайен, Ф.Скотт Фицжералд зэрэг өөр хоорондоо адилгүй зохиолчдын бүтээлийг япон уншигчдад зориулан гаргууд сайн орчуулсан төдийгүй ихэнх нь анх удаа япон хэлнээ хөрвүүлэгджээ.

Муракамигийн албан өрөө Нью-Йоркийн гял цал Сохо дүүрэгтэй дүйцэх Токиогийн Аойаман хэмээх худалдааны гудамжны хажуу бөөрөнд оршдог. Барилга нь намхан бөгөөд хоцрогдсон загвартай боловч эргэн тойрон нь энэ зууны хэв загварыг харуулжээ. Мураками зургаадугаар давхарт том ч биш, жижиг ч биш өрөө түрээсэлдэг бөгөөд түүний өрөө цулгуй модон тавиур, эргэдэг сандал, хуванцраар хулдсан ширээ зэрэг албаны тавилгуудтай. Өрөөний тохижилт “энэ бол зохиолчийн урлан” гэсэн сэжүүр огтхон ч төрүүлэхгүй. Харин түүний зохиолууд дахь аль нэг гол баатрынх нь оршин амьдардаг орчин ахуйтай адил.

Хэдийгээр Мураками энд үе үе ирдэг ч энэ албан өрөө ажлаа дуусгадаг гол газар нь болсоор иржээ. Үйлдвэрийн бөглүү дуун агаарт дүнгэнэж байлаа. Түүний туслахууд чимээ үл гарган алхана.

Дараалсан хоёр үдээр дараах яриаг өрнүүлсэн бөгөөд Мураками нам гүм албан өрөөгөө үе үе инээдээр дүүргэхдээ үргэлж бэлэн байдаг байв. Тэрээр амаргүй ярилцагч гэдгээ хүлээн зөвшөөрч, бас зав муутай нэгэн гэдгээ учирласан боловч чухал яриа эхлэх үед төдхөн анхаарлаа хандуулж тун ч найрсаг байгаа нь анзаарагдсан. Тэр чөлөөтэй ярьдаг ч тохирсон хариу өгөхийн тулд анхаарлаа маш сайн төвлөрүүлж, хариулт бүрийнхээ дунд урт завсарлага авдаг байв. Яриа түүний хамгийн дуртай жааз хөгжим эсвэл марафон гүйлт рүү шилжихэд 20 жилийн өмнөх, магадгүй бүр 15 настай Муракамигаас ялгагдахааргүй болж байлаа.


Таны сүүлд хэвлүүлсэн “Газар хөдлөлтийн дараа” (After the Quake) өгүүллэгийн түүврийг саяхан уншлаа л даа. “Норвегийн ой” романы бичлэгийн хэв маягийг “Баадуутай шувууны хүүрнэл”, “Хэрцгий үлгэрийн орон ба ертөнцийн төгсгөл” зэрэг бусад зохиолынхтай хольж бичсэн нь гойд сонирхолтой санагдав. Та эдгээр арга барилын үндсэн ялгааг хэрхэн тайлбарлах вэ?

Миний бичлэгийн арга барилыг “Хэрцгий үлгэрийн орон” романаас илүү мэдэрч болно. Би реалист хэв маягийн оронд, сюрреал бичлэгт дуртай. Харин “Норвегийн ой” романы хувьд анхнаасаа л зуун хувь реалист зохиол бичнэ гээд шийдчихсэн байсан юм.

Энэ роман таны бичих хэв маягийн дасгал байсан гэж боддог уу, эсвэл зохиолын үйл явдал заавал реалист маягаар бичигдэх ёстой байв уу?

Сюрреалист зохиол бичсээр л байвал би хэт баригдмал зохиолч болчих гээд байсан ч реалист зохиол бичиж чадна гэдгээ батлахын тулд хэвшмэл хэв маяг руу урвасан. “Норвегийн ой”-г бичсэн шалтгаан бол энэ. Ном сайн ч зарагдсан. Бас ийм үр дүнд хүрэхийг урьдаас таамаглаж байв.

Тэгэхээр төлөвлөж бичсэн байх нь ээ?

Яг тийм. Норвегийн ой уншиж ойлгоход хялбар зохиол учраас олон хүнд таалагдсан. Тэгснээрээ миний өөр бусад зохиолыг хүмүүс сонирхож эхэлнэ гэсэн үг. Ингэх нь бичиж туурвих ажилд минь их тустай л даа.

Японы уншигчид Америкийн уншигчидтай адил уу? Япончууд энгийн өгүүлэмжтэй зохиолд дуртай юм шиг ээ.

Сүүлд хэвлүүлсэн “Эрэг дээрх Кафка” романы хоёр дэвтэр 300 мянган хувь борлогдсон. Ийм олон хувиар борлогдоно гэдэг үргэлж тохиох зүйл биш шүү. Энэ бол аз завшаантай хэрэг юм. Романы утга агуулга маш ярвигтай бөгөөд үйл явдлыг мөшгөж хөөнө гэдэг адармаатай хэцүү боловч зохиолын үг хэл ойлгоход хялбар. Бас гунигтай болоод хөгжилтэй хэсгүүд ч бий. Тийм учраас л роман маань сонирхолтой гэгддэг биз. Энэ хоёрыг тэнцвэржүүлэхийн тулд ид шидийн гэмээр зүйлс дунд нь шигтгэж өгдөг. Магадгүй номнууд маань их зарагддагийн бас нэг гол шалтгаан энэ ч байж болно.

Заримдаа энэ бүх зүйлд нэг л итгэж өгдөггүй юм. Шинэ номоо гурваас дөрвөн жил бичдэг бөгөөд энэ хооронд уншигчид маань тэвчээртэйгээр удаан хүлээдэг. Нэг удаа Жон Ирвингтэй ярилцаж байтал тэр надад сайн ном уншина гэдэг хар тамхи судас руугаа тарихтай адил гэж хэлсэн. “Нэг л донтчихвол үргэлж хүлээх болно.”

Та уншигчдаа донтуулахыг хүсээ юу?

Жон Ирвинг тэгж л хэлсэн юм даа.

Уншихад хялбар, энгийн өгүүлэмжийг ер бусын сонин үйл явдалтай хослуулах аргыг та зориудаар зохиолдоо ашигладаг уу?

Үгүй. Яг ч тийм биш. Бичиж эхлэх үед надад ямар ч төлөвлөгөө байдаггүй. Би зүгээр л үйл явдал өөрөө над дээр ирэхийг хүлээдэг. “Норвегийн ой” бол өөр л дөө. Реалист зохиол бичнэ гэдгээ урьдаас шийдчихсэн байв.

Дотроос тань шивнэдэг тэр далд дуу хоолойг та дуулгавартай дагадаг уу?

Зарим дүрслэлийг байгаа чигээр нь хүлээж аваад өөр хооронд нь холбодог. Энэ бол үйл явдлын гол уялдаа юм. Дараа нь уншигчдадаа зориулж нэг бүрчлэн тайлбарладаг. Ингэж тайлбарлахдаа маш аядуу байх хэрэгтэй. Энгийн үгс, оновчтой зүйрлэл, сайн ёгтлол. Үүнийг л би хийдэг. Ер нь би маш хянуур, юуг ч үлдээлгүй тайлбарлахыг зорьдог.

Та төрмөл зохиолч уу?

Би тийм ч оюуны өндөр чадвартай хүн биш ээ. Бас бардам ихэрхүү нэгэн ч биш. Хүмүүс номыг минь уншихад надад таатай санагддаг. Би жааз клуб эрхэлж, тэндээ коктейль, хачиртай талх бэлтгэдэг байв. Зохиолч болохыг тэгтлээ мөрөөсдөггүй байсан ч гэнэтийн энэ зүйлийг бурханаас илгээсэн бэлэг шиг л санадаг. Тиймээс би маш даруухан байх ёстой гэж боддог.

Та хэдтэйдээ зохиолч болсон бэ? Их л гэнэтийн санагдсан байх?

29 настай байлаа. Гэнэтийн байлгүй яахав. Гэхдээ би зохиолч гэдэгтээ хурдан дассан шүү.

Хурдан гэнэ ээ? Эхний өдрөөсөө эхлээд л ямар ч бэрхшээлгүй бичээд эхэлсэн хэрэг үү?

Би шөнө дөлөөр хоолны ширээнийхээ ард бичиж эхэлсэн. Анхны номоо арайхийж дуусгахад арван сар зарцуулсан байв. Дараа нь романаа хэвлэлийн газар луу илгээтэл хүндтэй шагнал хүртэх нь тэр. Яг л зүүд шиг. Итгэхэд нэг л бэрх. Харин эцэс хойно нь “Тийм ээ, бүх зүйл болж байна, би одоо зохиолч. Яагаад болохгүй гэж? Ийм л энгийн байж шүү дээ” хэмээн бодсон.

Эхнэр тань энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

Тэр олон юм хэлээгүй. Түүнд “Өнөөдрөөс би зохиолч боллоо” хэмээн хэлэхэд тэр бага зэрэг гайхаж тэвдсэн шүү.

Та хэнийг үлгэр дуурайл болгож байв? Японы ямар зохиолч танд нөлөөлсөн бэ?

Бага залуудаа япон зохиолчдоос бараг л уншаагүй. Японы соёл хэт уйтгартай санагдаж хурдхан шиг л эндээс холдох юм сан гэсэн хүслийг өдөөдөг байв.

Сонин л юм. Эцэг тань Японы утга зохиолын багш байсан байх аа?

Тийм ээ. Гэхдээ аав бид хоёрыг багш-шавь бус, эцэг-хүү хоёрын харилцаа холбодог байв. Жааз хөгжим, Достоевский, Кафка, Раймонд Чандлер гээд Өрнийн соёл надад гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Эд миний төсөөллийн ертөнц байсан гэхэд болно. Би хүссэн үедээ Санкт-Петербург, Холливүүдээр тэнүүчилдэг байлаа. Ном бол хэнийг ч хаана ч хормын төдийд аваачиж чаддагаараа ер бусын шидтэй зүйл юм.

Өдгөө дэлхийн аль ч газар оронд амар хялбар очдог болжээ. Алс холын Америкт ч гэсэн. Гэтэл жараад онд аялна гэдэг бүтэшгүй мөрөөдөл байлаа. Харин хөгжим, ном хоёр л хүссэн газарт минь намайг аваачдаг байв. Энэ бол яг л зүүдэлж буй юм шиг оюун санааны үйл явц юм.

Эдгээр зүйлс ямар нэг байдлаар таныг зохиол бичихэд хөтөлсөн гэж ойлголоо.

Тийм шүү. 29 настайдаа би санаанд оромгүй гэнэтийн байдлаар зохиол бичиж эхэлсэн. Би хэзээ нэг өдөр юу ч хамаагүй бичнэ дээ гэж боддог байсан ч хэрхэн эхлэхээ мэддэггүй байлаа. Япон зохиолчдыг төдийлөн мэдэхгүй тул япон хэл дээр зохиол бичих ямар ч төсөөлөл надад байсангүй. Арга ядахдаа уншиж өссөн америк, өрнийн зохиолчдоос санаа зээлдэв. Тэгсний дүнд өөрийн хэв маягийг бий болгосон. Зохиолчийн замнал минь ингэж л эхэлсэн юм даа.

Анхны номоо хэвлүүлээд та шагнал хүртсэн. Та бараг л зохиолч гэгдээд байв. Энэ үедээ та өөр зохиолчидтой уулзаж танилцав уу?

Уулзаагүй ээ.

Тэр үед танд ямар ч зохиолч найз байгаагүй гэж үү?

Нээрээ дээ.

Өнөөг хүртэл ямар ч зохиолчтой нөхөрлөж байгаагүй хэрэг үү?

Яг тийм.

Та тэгэхээр зохиолч найзгүй байх нь ээ?

Бараг л тийм болж таарлаа.

Зохиолынхоо нооргийг хүртэл хэн нэгэнд уншуулдаггүй байсан гэж үү?

Хэнд ч уншуулж байгаагүй.

Ядаж гэргий тань уншдаг байлгүй дээ?

Анхны зохиолынхоо эх нооргийг түүнд үзүүлсэн л дээ. Гэвч тэр “Уншаагүй байсан нь дээр байж” гэж хэлсэн. Сэтгэлий нь хөдөлгөөгүй байх.

Таалагдаагүй гэж үү?

Яг ч тийм биш ээ. Анхны ноорог аймшигтай байдаг шүү дээ. Би олон дахин засаж бичдэг юм.

Зохиолоо бичиж байх үед тэр таны юун тухай бичиж байгааг сонирхдог уу?

Бичсэн ном бүрийг минь тэр эхлээд уншдаг. Түүнд би их итгэдэг шүү. Нэг үгээр тэр миний үнэнч хамтрагч гэхэд болно. Яг л Скот Фицжералдад Зелда байсан шиг.

Та ямар нэгэн зохиолчдын бүлгэмд хамрагддаг уу?

Би зожиг талдаа хүн шүү дээ. Утга зохиолын бүлгэм, их сургуулийн цугларалт зэрэгт ер нь л дургүй. Принцтонд байхдаа нэг удаа зохиолчдын өдрийн зоогонд уригдаж билээ. Тэнд Жойс Кэрол Оутс, Тони Моррисон нар байсан. Эмээж балмагдсанаас болсон уу хоолойгоор юу ч даваагүй. Надтай насаар ойролцоо Мэри Моррис бас тэнд байв. Тэр маш найрсаг эмэгтэй. Бид найзууд болж чадсан шүү. Харин Японд ямар ч зохиолч найзгүй. Бусдаас хол хөндий байх нь надад амар байдаг юм.

Та Америкт амьдарч байхдаа “Баадуутай шувууны хүүрнэл” романаа бичиж дуусгасан. Харь улсад зохиол бичих нь таны бичлэгийн арга барил, зохиолын өгүүлэмжид ямаршуу нөлөө үзүүлсэн бэ?

“Баадуутай шувууны хүүрнэл”-ийг бичиж дуусгасан Америк дахь дөрвөн жилийн хугацааг яг л харийн хүн шиг амьдарч өнгөрөөсөн. Тэрхүү сонин мэдрэмж гол баатар, бид хоёрыг сүүдэр шиг л мөшгөдөг байв. Магадгүй энэ романыг Японд бичиж дуусгасан бол өөр бүтээл болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Америкт амьдарч байх үеийн тэр мэдрэмж Японд байх үеийн тийм мэдрэмжээс бүхий л талаараа тэс ондоо. Америкт бол илүү хүчтэй, ил тод мэдрэгддэг. Тэр хэрээрээ өөрийгөө таньж мэддэг байв. Тийм болоод ч тэр үү зохиол бичих явцад өөрийгөө нүцгэлж буй мэт мэдрэмж төрж билээ.

Өнөө цагийн япон зохиолчдоос хэнийг илүү уншдаг вэ?

Рю Мураками. Бас Банана Йошимотогийн зарим номонд дуртай. Гэвч уншсан номныхоо талаар шүүмж, тойм бичээд байдаггүй.

Яагаад билээ?

“Миний ажил бол хүмүүсийг шүүмжлэх биш, ажиглан харах” гэж би боддог. Тийм учраас үнэлэлт дүгнэлтээс өөрийгөө хол байлгадаг. Болдог сон бол дэлхий ертөнцийн бүхий л зүйлсийг боломж бололцоогоор дүүрэн орхих сон.

Шүүмж бичихээс орчуулах нь хамаагүй дээр. Угаас орчуулга хийж буй үед юмсыг шүүмжлэх шаардлага заавал гардаг. Би зүгээр л дуртай номоо мөр мөрөөр нь уншин, оюун санаа, бие махбодоороо мэдрэхийг чухалчилдаг. Өнөөгийн ертөнцөд шүүмжлэл тун хэрэгтэй боловч тэр нь миний ажил лав биш.

Таны зохиол бүтээлд Америкийн детектив романууд хүчтэй нөлөө үзүүлсэн нь харагддаг. Энэ төрлийн зохиолуудыг хэдий үеэс уншиж эхэлсэн бэ? Бас хэн таныг уруу татав?

Дунд сургуулийн сурагч байхдаа детектив зохиолын амтанд орсон. Тэр үед манайх Кобед амьдардаг байв. Боомтод ирсэн гаднын хүмүүс, бас далайчид нимгэн хавтастай хуучин ном байнга наймаална. Манайх бийлэгжүү айл биш боловч надад ном авах мөнгө олдоод л байдаг байв. Ийнхүү ном уйгагүй уншсаны дүнд л англи хэлэндээ сайжирсан даа.

Анх уншсан англи хэл дээрх ном?

Росс МакДоналдын “Нэр нь Харваач” (The Name Is Archer) роман.

Тэдгээр англи номноос олон ч зүйлийг сурсан даа. Уншиж эхэлсэн л бол заавал дуусгадаг байв. Мөн Толстой, Достоевскийг үнэхээр биширсэн. Зохиолууд нь маш урт боловч гойд сонирхолтой. Бүр уншаад л баймаар. Тэр үед Достоевский, Чандлер хоёр адилхан санагддаг байв. Энэ хоёрыг нэг зохиолд нэгтгэж нийлүүлэх гэсэн залуу цагийн хүсэл одоо ч гэсэн хэвээр байна.

Кафкаг анх уншихдаа хэдэн настай байв?

Арван тавтайдаа “Цамхаг”-ийг дуусгасан. Үнэхээр сайн бүтээл. Бас “Шүүх ажиллагаа”-г уншсан.

Сонирхолтой л юм. Кафка хоёуланг нь дуусгаж амжаагүй тул үйл явдлуудынх нь эцсийн гаргалгаа тодорхой бус үлдсэн. Таны “Баадуутай шувууны хүүрнэл” роман уншигчдын хүлээж байснаас огт өөрөөр төгсдөг нь Кафкагийн нөлөө гэж дүгнэж болох уу?

Дан ганц Кафкагийнх биш. Та Реймонд Чандлерыг лав уншсан байх. Түүний зохиолуудад эцсийн дүгнэлт бараг л байдаггүй. Магадгүй хэн нэгнийг алуурчин гээд шууд оноочихож болох ч миний хувьд хэн алуурчин байх нь тийм ч чухал биш. “Гүн нойр” романаас сэдэвлэсэн найруулагч Ховард Хоуксын нэг сонирхолтой кино бий. Тэрээр жолоочийг хөнөөсөн жинхэнэ алуурчин хэн гэдгийг мэдэхгүй байсан тул Чандлер руу утас цохижээ. Чандлер хариуд нь “Хэн мэдлээ! Алуурчин хэн ч байсан яахав дээ” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр дүгнэлт гаргалгаа гэдэг бол тийм ч чухал зүйл биш. Надад лав “Карамазовын хөвүүд”-ийн алуурчин чухам хэн бэ гэдэг нь тийм ч сонирхолтой санагддаггүй.

Алуурчныг олж мэдэх гэсэн хүсэл л “Гүн нойр”-ыг сонирхолтой зохиол болгожээ дээ?

Би зохиолоо бичиж байх үедээ хэн нь гэмт хэрэг үйлдсэнийг хэлж мэддэггүй. Уншигч, бид хоёр гарааны ижил түвшинд байна гэсэн үг. Цааш юу өрнөх, төгсгөл нь ямар байх, эсвэл зохиолын эхэнд аллага гарлаа гэж бодоход хэн алуурчин байж болох талаар надад ямар ч төсөөлөл байдаггүй. Алуурчныг олж мэдэхийн тулд зохиолоо үргэлжлүүлж бичдэг. Хэрэв алуурчин хэн бэ гэдгийг мэдэж байвал зохиол бичих шаардлага байхгүй шүү дээ.

Хэтэрхий бодож тунгааснаас болоод төсөөлөл хүчгүйдэж, номоо үргэлжлүүлж бичмээргүй санагдах үе гардаг уу?

Сэрүүн байхдаа ч зүүдэлж, төсөөлж болдог нь ном бичихийн хамгийн сайхан зүйл юм. Хүн жинхэнээсээ зүүдэлсэн үед зүүдээ хянаж чаддаггүй. Харин ном бичиж байвал унтаагүй сэрүүн мөртлөө зүүднийхээ үргэлжлэх хугацаа, үйл явдал гээд бүгдийг хянаж болно. Би өглөө бүр дөрөв таван цаг бичдэг бөгөөд одоо азнах цаг болжээ гэсэн үедээ больдог. Маргааш нь дахиад үргэлжлүүлэн бичнэ. Хэрэв жинхэнээсээ зүүдэлж байсан бол ингэж чадахгүй шүү дээ.

Та бичиж байхдаа хэн алуурчин болохыг мэддэггүй гэлээ. Гэвч “Бүжиг бүжиг бүжиг” романы Готандагийн дүр таны ярьсантай таарахгүй байж болохоор санагдлаа л даа. Сонгодог детектив зохиолын жишгээр, Готанда уншигчдын хувьд хамгийн сүүлчийн сэжигтэн болсон нь бүгдийг урьдаас төлөвлөж бичсэн мэт. Та үнэхээр Готандаг буруутай гэдгийг урьдаас мэдээгүй гэж үү?

Эхний нооргийн үеэр Готанда гэдгийг мэдээгүй. Төгсгөл ойртож, бараг гуравны хоёрыг бичсэний дараа түүнийг гэж мэдсэн. Хоёр дахь нооргийн үеэр Готандагийн хэсгийг дахин засаж бичсэн бөгөөд яг энэ үеэс л Готанда юм байна гэдэгт хатуу итгэх болсон.

Нэг зохиолыг хэдэн удаа засаж бичдэг вэ?

Дөрөв, таван удаа. Анхны нооргоо дуусгахад зургаан сар, харин засаж бичихэд зургаа, долоон сарыг зарцуулдаг.

Хурдан байна шүү.

Би шаргуу ажилладаг. Хийж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуулдаг. Зохиол бичих бол миний цорын ганц ажил.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Зохиолоо бичиж буй хугацаанд өглөөний дөрвөн цагт босоод 5-6 цаг бичдэг. Үд дунд 10 км гүйх юм уу, 150 метр зайнд сэлээд (эсвэл аль алиныг нь) юм уншиж, хөгжим сонсоно. Оройн 9 цагт орондоо ордог. Өдөр бүрийг ингэж өнгөрөөх бөгөөд энэ дэглэм амьдралын минь салшгүй хэсэг болжээ. Яг л ховсдуулсан мэт санагдах нь бий. Өөрийгөө ингэж “ховсодсоноор” оюун санааныхаа гүнд нэвтэрч болдог юм. Гэвч энэ байдал урт удаан хугацаанд, бүр зургаан сараас бүтэн жил хүртэл үргэлжилбэл сэтгэл санааны болоод бие махбодийн асар их хүч тэнхээ шаарддаг бөгөөд урт зохиол бичнэ гэдэг амьд үлдэхийн төлөөх хичээл юм. Тиймээс тамир тэнхээтэй байх нь урлагийн мэдрэмжтэй адил чухал зүйл шүү.

Таны зохиол доторх дүрүүдийн талаар ярилцъя. Та тэднийг хэрхэн “бодит” болгож амилуулдаг вэ? Тэд зохиолын үйл явдлаас ангид өөрийн гэсэн ертөнцтэй байхыг та зөвшөөрөх үү?

Зохиол доторх дүрүүдээ олохын тулд эргэн тойрныхоо бодит хүмүүсийг гярхай аждаг. Би хүмүүсийн түүхийг сонсох дуртай боловч ярих дургүй. Дүрүүд маань хэн байхыг оноож шийдэхийн оронд тэд юу мэдэрч, юунд итгэж явдгийг таньж мэдэх нь чухал. Тиймээс зохиолын дүр болгонд олон хүний шинж чанар бий. Эдгээр шинж чанарууд бодит, бодит бус эсэхийг хэлж мэдэхгүй ч миний дүрүүд “жинхэнэ” хүмүүсээс илүү бодит юм. Зургаа, долоон сар бичихэд тэд миний дотор амьдарч эхэлдэг. Яг л тус тусдаа ертөнц шиг.

Өгүүлэгчийн төсөөллийн ертөнцөд та өөрийнхөөрөө хандаж буй тусгал бол таны гол баатрууд. Энэ нь яг л зүүдэн дотроо зүүдэлж буй юм шиг.

Намайг ихэр дүүтэй хэмээн төсөөлөөд үзье л даа. Хоёр нас хүрэхэд мөнөөх ихрийг маань хулгайлчихжээ. Түүнийг маш хол газар аваачсан тул бид хэзээ ч уулзалдсангүй. Миний гол баатрууд бол тэр. Тэд миний нэг хэсэг боловч би биш. Бид нэг нэгнээ маш удаан хугацаанд хараагүй. Миний өөр нэг хувилбар, бүр адил ДНХ-тэй боловч бидний амьдарч ирсэн орчин ахуй тэс ондоо. Бодол санаа нь хүртэл адилгүй. Ном бичих бүртээ өөрийгөө өөр хүний амьдралд хөтлөн оруулдаг. Хааяа өөрөөрөө байхаас ядардаг учраас ингэж зугтдаг юм л даа. Энэ бол төсөөллийн ертөнц. Хэрэв төсөөлөл үгүй бол ном бичихийн хэрэг зориг юунд билээ?

“Харгис үлгэрийн орон” романаас бас нэг зүйл асууя. Энэ зохиолд “Баадуутай шувууны хүүрнэл” зэрэг бусад зохиолуудаас эрс ялгардаг дотоод шүтэлцээ, шийдэмгий байдал ажиглагддаг. Зохиолын хэлбэр, бүтцийн талаарх өмнө нь бодож олсон санаанууд ямар нэг байдлаар өөрчлөгдөх тохиолдол гардаг уу?

Эхний хоёр ном маань зөвхөн Японд л хэвлэгдсэн, би тэдгээр бүтээлдээ тийм ч дуртай биш. Дэндүү түүхий төдийгүй жижигхэн зохиол болсон. Хэрэв нэг үгээр тодорхойлж болдог бол нимгэн гэсэн үг яг тохирно.

Тэдгээр номнуудын алдаа дутагдал юунд байсан бэ?

Эхний хоёр номоороо япон романы уламжлалт хэв маягт өөрчлөлт авчрахыг зорьсон. Өөрчлөлт гэдэг нь зохиол доторх бүх зүйлийг гаргаж хаяад зөвхөн зах хүрээг нь л хэвээр үлдээнэ гэсэн үг л дээ. Ингээд хоосон зайг шинэ, ондоо, өвөрмөц зүйлээр дүүргэх байв. Харин 1982 онд гуравдахь номоо бичсэний дараа өөрчлөлтийг хэрхэн амжилттай хийхээ мэдэж авсан. Эхний хоёр ном бичих дадалд сургаснаас өөр зүйлгүй. Харин “Аргалын ан” романаас эхлэн өөрийн гэсэн бичлэгийн арга барилтай болсон.

Үүнээс хойш номнууд маань улам зузаарч, бүтэц нь хүртэл нарийн уялдаатай болов. Би ном бичих бүртээ өмнөх бүтцээ өөрчилж шинийг бий болгодог. Мөн шинэ сэдэв, шинэ зааг, шинэ үзэл санаагаар баяжуулдаг. Би зохиолын бүтцээ сайтар ойлгож авдаг. Хэрэв бүтцээ өөрчлөхөөр болбол зохиолынхоо загвар болоод дүрүүдээ ч бас өөрчилдөг. Хэрэв би нэг л зүйлээ удаа дараа хийгээд л байсан бол туйлдаа хүртэл ядарч, энэ бүхнээс залхах байсан биз.

Таны бичлэгийг анзаараад байхад зарим зүйлс нь өөрчлөгдсөн байхад ч зарим нь өөрчлөгдөөгүй байдаг. Бас та зохиолоо үргэлж нэгдүгээр бие дээр бичдэг. Зохиол бүр дээр эрэгтэй нь янз бүрийн эмэгтэйтэй дотно харилцаатай болдог ч тэдэнтэй нэг л идэвхгүй харилцдаг. Энэ нь түүний айдас хийгээд төсөөллийг зориуд тодотгож буй мэт санагддаг шүү.

Эмэгтэй дүрүүд маань ихэнхдээ “зууч”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөө биечилж оролцохгүй ч өөрөөр нь ямар нэгэн чухаг зүйл дамжин өнгөрдөг гэсэн үг. Гол баатар маань тэрхүү зуучдаар дамжуулан ямар нэгэн газар хүрдэг, бас ямар нэгэн зүйлийг шинээр олж хардаг.

Викторын зөн дэх зуучлагчид уу? Бие махбодийн зуучлагчид уу?

Хурьцал бол сүнсээрээ холбогдох явдал гэж би боддог. Хэрэв үүнд сэтгэл ханамжтай байж чадвал сэтгэлийн шарх аньж, төсөөлөл хүртэл баяждаг. Нэг төрлийн улам дээшээ, илүү сайхан газарт хүрэх гарц юм. Ингээд үзэхээр миний зохиол доторх эмэгтэй дүрүүд тэрхүү ирж буй ертөнцийн зөнч, зууч юм. Тийм учраас тэд гол дүрийн баатар дээр өөрсдөө ирдэг бөгөөд харин гол баатар маань тэдэн дээр хэзээ ч өөрөө  очдоггүй.

Таны зохиолуудад хоёр төрлийн эмэгтэйчүүд байх шиг. Тэд үргэлж бие биеэсээ ялгаатай харагддаг. Жишээ нь, эхний эмэгтэйчүүд гол дүрийн залуутай гүнзгий харилцаатай байсан ч сураг чимээгүй алга болдог бөгөөд тэдний тухай дурсамжууд залууг шаналгадаг. Харин нөгөө төрлийн эмэгтэйчүүд зохиолын дундуур гарч ирэх бөгөөд залуугийн хайж буй зүйлд туслах эсвэл эсрэг зүйл хийдэг. Хоёрдахь төрлийн эмэгтэйчүүд ихэнхдээ илэн далангүй, этгээд, шулуухан үг яриатай бөгөөд гол дүрийн залуу тэдэнтэй алга болсон эмэгтэйтэй харьцдаг байснаасаа илүү дулаан, алиа хошин зангаар харьцдаг. Энэ загварын гол зорилго юу вэ?

Гол баатрууд маань төсөөллийн ертөнц хийгээд бодит ертөнцийн хооронд амьдардаг. Төсөөллийн ертөнцөд эмэгтэйчүүд, заримдаа эрчүүд, илүү ухаалаг, даруухан, чимээгүй байж байдаг. Таны хэлсэнчлэн бодит ертөнцийн эмэгтэйчүүд идэвхтэй, хөгжилтэй, эерэг байдаг. Тэд шогийн мэдрэмж сайтай. Гол баатрын оюун санаа хоёр өөр ертөнцөд хуваагдчихаад алийг сонгохоо мэддэггүй. Зохиолын гол утга санаа энэ гэж би боддог шүү. “Хэрцгий үлгэрийн орон ба ертөнцийн төгсгөл” романд энэ байдал маш тод харагддаг. Энэ зохиолд гол баатрын маань оюун санаа хоёр хуваагдчихдаг юм. Харин “Норвегийн ой”-н хувьд гол дүрийн залуу эхнээсээ эцэс хүртлээ хоёр эмэгтэйн алийг сонгохоо мэддэггүй шүү дээ.

Би лав шогч эмэгтэйд илүү татагддаг юм билээ. Хөгжилтэй, хөөр баяраар дүүрэн харилцаагаар уншигчдаа татах нь амар байх л даа. Нөгөө талаар хайрын адармаатай бөгөөд жинхэнэ түүхээр уншигчдын сэтгэлийг татах нь хэцүү байх. Би “Норвегийн ой”-г уншаад Мидоригийн талд байсан юм даг.

Уншигчид ч бас ингэж дүгнэх болов уу. Тэдний дийлэнх нь Мидориг сонгох байсан. Гол дүрийн залуу ч гэсэн түүнийг сонгодог. Гэвч түүний зарим хэсэг үргэлж өөр ертөнцөд оршиж, түүнийгээ орхиж чаддаггүй. Энэ бол түүнд буй чухал зүйл юм. Хүн бүхэн оюун санаандаа өвчтэй байдаг. Тэрхүү орон зай бол тэдний салшгүй нэг хэсэг юм. Бид оюун санаандаа солиотой ба хэвийн гэсэн хэсгүүдтэй. Бид тэдгээр хэсгүүдтэйгээ тохиролцдог. Ялангуяа бичиж байхдаа өөрийн солиотой хэсгийг гаргаж ирдэг. Солиотой гэдэг яг тохирсон үг биш юм. Жир биш, жинхэнэ ч биш. Би бодит ертөнц рүү буцах болбол мэдээж хэвийн хэсгээ сонгоно. Хэрэв миний дотор солиотой хэсэг гэж байгаагүй бол би зохиолч гэгдэхгүй байсан биз. Өөрөөр хэлбэл, гол баатар маань хоёр эмэгтэйгээс тусламж авсан. Тэд байгаагүй бол тэр цааш оршиж чадахгүй. Ингэж үзвэл “Норвегийн ой” бол миний юу хийдгийг өгүүлж чадах хамгийн энгийн жишээ юм.

“Норвегийн ой”-н Рейко бол сонирхолтой дүр. Би түүнийг аль ертөнцөд хамааруулахаа сайн мэдэхгүй байна л даа. Миний бодлоор тэр аль алинд нь байх шиг.

Тэр хагас хэвийн, хагас солиотой. Яг л Грек багтай юм шиг. Хэрэв чи түүнийг ганцхан өнцгөөс харвал тэр бол эмгэнэлтэй дүр. Хэрэв өөр өнцгөөс харвал тэр хөгжилтэй. Тиймээс Рейко маш утга учиртай дүр гэж хэлж болно. Би энэ дүрд маш дуртай. Рейко авхайг дүрслэн бичиж байхдаа би баяр хөөрийг мэдэрч байв.

Та Наоко маягийн дүр биш, Мидори, Мэй Касахара маягийн хөгжилтэй дүрүүдээс илүү хүчтэй зүйлийг мэдэрдэг үү?

Би зохиолдоо инээдтэй яриа оруулах дуртай. Тэгэх нь ч хөгжилтэй байдаг. Гэвч дүрүүд маань бүгдээрээ алиа шогч байвал дэндүү уйтгартай шүү дээ. Хөгжилтэй, наргианч дүрүүд оюун санааг минь тогтворжуулж өгдөг гэх үү дээ. Шогийн мэдрэмж бол маш тогтвортой зүйл юм. Бид тайван үедээ л шогч байж чаддаг. Хэрэв чи юманд ноцтой хандаад ирвэл тогтворгүй болж эхэлдэг. Харин шогч үедээ илүү тогтвортой байдаг. Гэвч дайнд тулалдахдаа хүртэл инээмсэглэнэ гэж байхгүй шүү дээ.

Цөөн хэдэн зохиолч л сэтгэлд бугшсан зовлон шаналлаа өөрөө ч мэдэлгүй ахин дахин биччихсэн байдаг. Та ч гэсэн тэдний нэг гэж би боддог. “Хэрцгий үлгэрийн орон”, “Бүжиг бүжиг бүжиг”, “Баадуутай шувууны хүүрнэл”, “Хонгор Спутник” зэрэг олон зохиолд хаягдсан эсвэл төөрөлдсөн нэгэн эр, түүний дуртай зүйлс, бас эмэгтэйгээ мартаж чадахгүй зэргэлдээ ертөнц рүү шилжин ордог тухай өгүүлдэг. Ингэснээр түүний өмнө жинхэнэ амьдрал дээр хэзээ ч олдохгүй боломж гарч ирснээр алдсан зүйлээ эргүүлж авах боломжтой болдог. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

Тийм ээ. Нийлнэ.

Таны зохиолд энэ бүхэн хэр чухал вэ?

Би чухам юуны учир энэ бүхнийг бичээд байдгаа мэддэггүй. Жон Ирвингийн зохиолд, бүр ном болгонд нь биеийнхээ аль нэг хэсгийг тайруулсан өрөөл татанхай дүр заавал гардаг. Ирвинг яагаад заавал тийм хүний талаар зохиол бүртээ бичээд байдгийг би ер ойлгодоггүй юм, тэр ч өөрөө мэддэггүй байх. Миний зохиолуудад ч гэсэн тийм түгээмэл шинж бий. Гол баатрууд маань ямар нэгэн юмаа мартаж гээдэг бөгөөд тэд үргэлж тэр зүйлээ хайдаг. Яг л Холи Грааль, эсвэл Филип Марлоу шиг.

Ямар нэгэн зүйл гээгээгүй бол адал явдал гарахгүй юу?

Яг тийм. Гол дүр маань ямар нэгэн зүйлийг эргэн санаад тэр зүйлээ хайх хэрэгтэй болдог. Бараг л Одиссейтэй адил гэсэн үг. Тэрээр эрж хайх явцдаа олон адал явдалтай учирдаг.

Гэртээ харих замдаа юу?

Сорилт бүрийг даван туулж, эцэст нь хайсан зүйлээ олдог боловч хайж байсан зүйл нь яг тэр зүйл мөн эсэхийг мэддэггүй. Энэ бол миний өгүүлэх гэсэн гол санаа. Гээнэ, хайна, олно гэдэг бол миний зохиолуудын гол хөдөлгөгч хүч юм. Дээрээс нь гансрал, бас хорвоо ертөнцийг цоо шинээр таних зэргийг нэрлэж болно.

Гансралыг та ямар утгаар нэрлэв?

Нүүр тулна гэдэг бол утга учиртай үйл юм. Зохиолын гол дүр гээсэн зүйлээ хайхдаа өөрөө өөрчлөгддөг. Юу олсон нь бус, хэрхэн өөрчлөгдсөн нь л чухал.

Та орчуулагч нараа яаж сонгодог вэ?

Альфред Бирнбаум, Филип Габриел, Жэй Рубин гэсэн гурван орчуулагч номыг минь орчуулдаг. Миний зарчим их энгийн: “Түрүүлж ир, түрүүлж ав”. Бид маш сайхан харилцаатай бөгөөд тэд бас үнэнч шударга улс. Эхлээд тэд номыг минь уншдаг, тэгээд аль нэгэнд нь ном таалагдаж байна гэвэл би түүнд өгдөг. Сайн орчуулга хүсэл тэмүүллийн дүнд л бий болдог гэдгийг би мэднэ. Сайн орчуулагч байлаа ч гэсэн ном өөрт нь таалагдаагүй л бол тэр орчуулга муу болно гэсэн үг. Орчуулга гэдэг цаг зав шаардсан хүнд ажил шүү.

Тэд бие биетэйгээ өрсөлддөг үү?

Үгүй л болов уу. Тэд огт өөр хүмүүс бөгөөд орчуулагч бүрт өөрсдийн эрхэмлэдэг зүйл бий. Филд “Эрэг дээрх Кафка” таалагдсан учраас тэр авсан. Жэйд тийм хүсэл эрмэлзэл байгаагүй. Фил эгэл даруу зантай, уужуу тайван хүн бол Жэй нарийн няхуур хүн. Түүнийг хүчтэй дүр гэхэд болно. Альфред бол эрч хүчтэй хүн. Яг одоо тэр дэлхийн хаана ч байж мэднэ. Тэр өөр шигээ эрч хүчтэй, мьянмар эмэгтэйтэй гэрлэсэн. Заримдаа эрх баригчид тэднийг барьж хорих нь бий. Харин тэрээр орчуулгын тал дээр алгуур чөлөөтэй ханддаг. Зарим хэсэгт утгыг өөрчилж бичих нь түүний хэв маяг.

Та орчуулагч нартайгаа хэрхэн ажилладаг вэ? Орчуулгын явцыг тайлбарлаж өгөөч?

Орчуулга хийж буй үедээ тэд надаас олон зүйл асуудаг. Тэгээд орчуулж дуусахаар нь би уншдаг. Зарим газар нь санал, шүүмж хэлдэг. Англи хэл дээрх хувилбар бол маш чухал. Словени, Хорват зэрэг жижиг орны уншигчид японоос биш, англи хэлнээс дам уншиж орчуулдаг. Тиймээс орчуулга маш оновчтой байх ёстой. Гэхдээ ихэнх орны орчуулагчид япон хэлнээс орчуулдаг шүү.

Та Карвер, Фицжералд, Ирвинг зэрэг реалистуудыг орчуулах дуртай. Энэ танд уншигчийн хувьд нөлөөлдөг үү, зохиолчийн хувьд өөр зүйлд татагдах замаар тусалдаг уу?

Орчуулсан ном бүрээсээ би ямар нэгэн зүйлийг заавал сурч мэддэг. Би реалист зохиолчдоос олон зүйл сурсан. Тэдний бүтээлийг орчуулахын тулд маш соргог унших хэрэг гардаг бөгөөд тэрний үр дүнд тэдний нууцыг олж мэддэг. Хэрэв би Дон ДеЛилло, Жон Барт, Томас Пинчон зэрэг постмодерн зохиолчдын бүтээлийг орчуулсан бол галзуурал маань тэднийхтэй эсрэгцээд жинхэнэ сүйрэл болох байсан биз. Би тэдний бүтээлийг шимтэн уншдаг ч орчуулгын хувьд реалистуудыг сонгодог.

Таны зохиолыг Японы утга зохиолоос Америкийн уншигчдад хамгийн их хүрсэн нь гэдэг. Бас таныг Японы орчин үеийн зохиолчдоос хамгийн барууны хэв маягтай гэж тодорхойлдог. Та өөрийгөө Японы соёлтой хэрхэн холбогддог гэж боддог вэ?

Би харь улс орны харь хүмүүсийн тухай бичдэггүй. Би япон хүмүүсийг л бичдэг. Япон орон, япончуудын амьдралын тухай хүүрнэдэг. Энэ бол миний хувьд маш чухал зүйл юм. Миний бичлэг өрнөдийнхөнд амар хялбар ойлгогддог гэж хүмүүс дүгнэдэг. Магадгүй үнэн ч байж мэднэ. Гэхдээ миний зохиолууд өрнөдийнх лав биш.

Америкчуудад барууны санагддаг маш олон зүйл, жишээлбэл Битлз, өнгөн талаасаа Японы соёлын салшгүй хэсэг болжээ.

Зохиолд маань хүмүүс МакДоналдсын бургер идэж байвал америкчууд учиргүй гайхдаг. Тэд дүфү биш, бургер идэж байгаа нь ямар учиртай вэ гэдэг. Үнэндээ бургер иднэ гэдэг япончуудын хувьд өдөр тутам хийдэг энгийн л зүйл.

Та зохиолдоо Японы орчин үеийн хотыг тэр чигт нь дүрсэлдэг үү?

Хүмүүсийн харилцаа, ярианы өнгө аяс, хариу үйлдэл, бодол санаа гээд бүх юм япон уур амьсгалтай. Бараг нэг ч япон уншигч бидний амьдралаас тэс өөр юм биччихэж хэмээн гомдоллож байгаагүй. Би Японы тухай бичихийг л зорьдог. Бид хэн болох, хаашаа явж байгаа, яагаад энд байгааг бичихийг би хүсдэг. Япон орон бол миний сэдэв.

Та “Баадуутай шувууны хүүрнэл” номоо аавдаа болон түүний үеийнхэнд юу тохиолдсоныг сонирхож бичсэн гэж хэлж байсан. Гэвч энэ зохиолд ямар ч аав хүний тухай гардаггүй. Номын хаана энэ зүйл гардаг юм бэ?

Бараг бүх ном маань нэгдүгээр бие дээр бичигдсэн. Гол баатрын маань хамгийн гол ажил бол өөрийнхөө эргэн тойронд юу болж байгааг ажиглах явдал. Тэр зөв цагт зөв зүйлийг харж чаддаг. Тэр энэ талаараа “Агуу Гэтсби”-гийн Ник Карравэй шиг. Тэр төвийг сахигч, тэр өөрөөрөө байхын тулд найз нөхөд болоод гэрийнхнээсээ хол хөндий амьдардаг.

Японы уламжлалт утга зохиол дахь гэр бүл хэмээх хүчирхэг ойлголтыг би өөрийнхөөрөө тодорхойлсон нь энэ. Би гол дүрийн баатраа бие даасан, эрх чөлөөт нэгнээр дүрслэхийг эрмэлздэг. Хотын оршин суугч гэдэг нь ч бас энэ бүхэнд нөлөөлдөг. Тэр бол хэн нэгэнтэй дотносохын оронд эрх чөлөө, ганц бие амьдралыг сонгосон хүн.

Таны сүүлд хэвлүүлсэн өгүүллэгийн түүвэр дэх Токиогийн газар доор амьдардаг аварга өт хотыг бүхэлд нь аюулд учруулж буй тухай өгүүлдэг “Супер мэлхий Токиог аварсан нь” өгүүллэгийг уншаад манга, хуучны Япон кинон дээр гардаг аварга мангасны тухай бодол толгойноос гарахгүй байлаа. Мөн Токио хотын доор үлэмж биет загас амьдран суурьшиж таван жилд нэг удаа сэрэхдээ газар хөдөлгөдөг гэдэг эртний домог байдаг шүү дээ. Та манга, домог хоёртой өөрийнхөө бүтээлийг холбогдсоныг юу гэж тайлбарлах вэ?

Би манга унших тийм ч дуртай биш. Тиймээс тэдгээрийн зүйлсийн нөлөөлөлд бараг автаагүй.

Япон домгоос сэдэвлэсэн тухайд?

Хүүхэд ахуйдаа Японы олон домог түүхийг сонсож өссөн. Тэгээд том болохын хэрээр багадаа сонссон үлгэр домгоо эргэцүүлж бодсон. Супер мэлхий, жишээ нь, тэр л үлгэр домгуудаас үүсэлтэй юм. Америк, Орос, Герман гээд улс орон бүрт түүх домгийн арвин өв сан бий. Мөн Бяцхан хунтайж, МакДоналдс, Битлз зэрэг хэн бүхний мэдэх өв сан гэж бий.

Дэлхийн поп-соёлын өв сан гэж нэрлэе.

Орчин үеийн утга зохиолд өгүүлэгчийн оролцоо нэн чухал. Онолыг тоох хэрэггүй. Үгийн утгад ч тэр. Хамгийн чухал нь юу вэ гэхээр өгүүлэгч сайн уу, муу юу гэдэгт л байна. Би “Матрикс” киног үзсэн. Өнөө үеийнхний оюун санаанд бол энэ бараг домог туульс л гэсэн үг. Гэвч япончууд үүнийг уйтгартай гэдэг.

Та Хаяо Миязакигийн “Сүнсээр туугдагсад” анимег үзсэн үү? Түүний ажил таныхтай адил домог түүхийг орчин үеийн хэлбэрт хувиргадаг юм шиг санагдсан. Та түүний кинонд дуртай юу?

Би хүүхэлдэйн кинонд дургүй ээ. Тэрхүү киноны нэгээхэн хэсгийг л үзсэн. Миний хэв маягаас өөр юм билээ. Би тиймэрхүү төрөлд дургүй.

Та кинонд их явдаг уу?

Өө, бараг л байнга шахуу. Финландын Аки Каурисмяки (Aki Kaurismäki) бол миний хамгийн дуртай найруулагч. Кино бүрт нь дуртай. Тэр ч жир биш найруулагч л даа.

Бас хөгжилтэй.

Нээрээ хөгжилтэй шүү.

Та түрүүн хошигнол бол тэнцвэр хадгалагч гэж хэлж байсан. Өөр ямар үүрэгтэй вэ?

Би уншигчдаа хааяа ч болов инээлгэхийг хүсдэг. Япончууд метронд ном унших нь их. Жирийн ажилчид метрогоор ирж очихдоо өдөр бүр хоёр цагийг зарцуулдаг бөгөөд энэ хугацаандаа тэд ихэвчлэн ном уншдаг. Тиймээс л би зузаан номуудаа хоёр дэвтэр болгож хэвлэдэг юм. Тийм биш байсан бол тун хүнд болох байсан. Галт тэргэнд номыг минь уншиж байгаад өөрийн мэдэлгүй инээчихсэн гэдгээ уншигчид маань захиандаа бичдэг. Энэ нь тэднийг эвгүй байдалд оруулдаг ч иймэрхүү захианд би дуртай. Тэд номыг минь уншаад инээдэг гэдгийг би мэддэг. Энэ бол сайн хэрэг. Арван хуудас тутамд уншигчдаа инээлгэж байх хэрэгтэй.

Энэ таны нууц томьёо юу?

Яг ч тооцоолоод гаргачихсан эд биш ээ. Хэрэв би тэгж чаддаг сан бол улам сайн байх байлаа. Оюутан байхдаа Курт Во́ннегут, Ри́чард Бро́тиган нарыг унших дуртай байв. Тэдний бичлэг егөө наргианаар дүүрэн боловч хатуу чанд өнгө аястай. Би тийм төрлийн номонд дуртай. Во́ннегут, Бро́тиган нарыг анх уншаад ийм ном байдаг гэдэгт гайхаж билээ. Энэ яг л шинэ газар орныг өөртөө нээхтэй ижил байв.

Гэвч та тэдэн шиг бичихийг хүсээгүй?

Өнөөгийн ертөнц бүхэлдээ инээд наргиан шүү дээ. Хотын амьдрал ч тэр. Зурагтаар нь тавин суваг гардаг, засгийн газарт нь маанаг хүмүүс хахчихсан – Энэ бол жинхэнэ хошиг шог юм. Тиймээс би нухацтай, ул суурьтай бичихийг эрмэлздэг. Гэвч хичээх тусам хошигнол нь хэтэрчих гээд байв. 1968, 69 онд буюу намайг 19-тэй байхад л бид амьдралд нухацтай ханддаг байжээ. Хүмүүс мөрөөдөмтгий байв.

“Норвегийн ой” романы үйл явдал тэр үеийг хамардаг нь сонирхолтой юм. Учир нь энэ ном таны хамгийн бага хошигнолтой нь.

Бидний үеийнхэн тэр талаараа хэнийг ч дагуулахгүй шүү. Гэвч энэ үеийг эргээд дүгнэхэд инээдэмтэй санагддаг. Ээдрээтэй цаг үе.

Төсөөлөлд л орших бодит бус зүйлсийг уншигчдын анхааралд өртүүлэхгүй байх нь шидэт реализмыг бүтээх гол зарчим гэдэг. Гэвч та энэ зарчмаас татгалзсаар ирсэн. Таны баатрууд ер биш зүйлсийг зориуд ил болгож уншигчдын анхаарлыг татдаг. Үүний зорилго, цаад шалтгаан юу вэ?

Маш сонирхолтой асуулт байна. Дэлхий ертөнц дэндүү жир бус гэдгийг таньж мэдсэн миний уйгагүй ажиглалтаас л энэ бүхэн эхтэй байх. Зохиол бичиж байх үеийн мэдрэмжийг баатрууд маань ч бас мэдэрдэг. Уншигчид ч гэсэн мэдэрдэг болов уу. Кафка, Маркезын сонгодог хэв маягийн зохиолууд илүү утга зохиоллог шинжтэй л дээ. Харин миний зохиолууд өнөө үед л хамаарах, илүү орчин үелэг, илүү постмодерн талдаа. Киноны зураг авалтыг жишээ болгоод үзье л даа, тавиур дээрх ном, ханын шүүгээ гээд бүгд хуурамч. Хана нь хүртэл цаас. Шидэт реализмын сонгодог хэв шинжээр бол хана, ном жинхэнэ байх учиртай. Хэрэв зохиолд минь зарим нэг зүйл хуурамч байвал би хуурамч л гэнэ. Хэзээ ч жинхэнэ гэж мэхлэхгүй.

Зураг авалт үргэлжилж байна гэж бодъё. Камераа улам хойшлуулахаар бол та киноны арын албаныхныг шууд харуулах байсан уу?

Энэ бол жинхэнэ зүйл шүү гэж уншигчдадаа итгүүлэх гэж би оролдохгүй. Юмсыг байгаа чигээр нь харуулахыг зорино. Энэ бол зүгээр л зохиол, энэ бүхэн хуурамч гэж хэлнэ. Гэвч хуурамч зүйлийг жинхэнэ зүйл шиг мэдрэхэд жинхэнэ болдог. Үүнийг тайлбарлах хэцүү.

19-р зуун, 20-р зууны эхэнд бодит зүйлийг бичих нь зохиолчдын гол ажил байв. Толстойн “Дайн ба Энх” роман дайны талбарыг маш бодит дүрсэлснээрээ уншигчдыг жинхэнэ гэж итгүүлдэг. Гэвч би тэгдэггүй. Би хэзээ ч жинхэнэ гэхгүй. Бид хуурамч ертөнцөд амьдарч, орой бүр хуурамч мэдээ үздэг. Бид хуурамч дайнд оролцож байна. Засгийн газар нь ч хуурамч. Гэвч бид энэ хуурамч ертөнцөөс жинхэнэ зүйлийг эрж хайдаг. Тэгэхээр бидний түүх адилхан бөгөөд бид хуурамч ертөнцөд бодитоор оршин амьдардаг. Миний бичихийг хүсдэг зүйл энэ шүү дээ.

Та жижиг зүйлсийг ч нарийвчлан тодорхойлдог?

Би чимхлүүр зүйлсэд дуртай. Толстой томоор дүрслэн бичдэг байсан бол би эсрэгээр нь жижиг зүйлсэд анхаарлаа хандуулдаг. Юмсыг тоочин тодорхойлох тусам тэдгээр зүйлс улам ойр санагдаж эхэлдэг. Ингэснээр бодит бус мэдрэмж төрдөг юм.

Ямарваа нэг зүйлд анхаарлаа хэт хандуулахад тэр нь бодит санагдахаа байж, улмаар өдөр бүрийн энгийн зүйлс этгээд сонин болдог хэрэг үү?

Хэт ойртох тусам юмс бодит шинжээ гээдэг. Энэ бол миний хэв маяг.

Та түрүүн өөрийнхөө зохиол бүтээлтэй харьцуулан Кафка, Маркез нарыг утга зохиолын жинхэнэ бүтээгчидхэмээнтодорхойлж байсан. Харин та өөрийгөө тэгж боддоггүй хэрэг үү?

Би бол өнөө цагийн зохиолч. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Кафкагийн үед хүмүүст хөгжим, ном, театр л байсан. Харин өнөөгийн хүмүүст интернэт, кино гээд өчнөөн зүйл бий. Бид алхам тутамдаа өрсөлдөөнтэй нүүр тулгарч байна. Хамгийн гол асуудал бол цаг хугацаа юм. 19-р зууны хүмүүс цаг зав ихтэй байснаас ном их уншдаг байж. Тэд дуурь үзэхээр явж, гурав юмуу дөрвөн цагийг театрт өнгөрөөнө. Харин одоо бол цаг завтай хүн цөөджээ. Моби Дик, Достоевскийг унших нь сайхан боловч хүмүүст цаг зав алга. Энэ бүхнийг дагаад утга зохиол ч гэсэн өөрчлөгдөж байна. Зохиолчид хүмүүсийг шилэн хүзүүнээс нь чанга атгаад завгүй газраас нь татаж гаргах хэрэгтэй болсон. Өнөө цагийн зохиолчид жааз хөгжим, видео тоглоом гээд олон салбарт хүч үзэж байна. Энэ дундаас видео тоглоом л утга зохиолтой хамгийн ойр нь байх.

Видео тоглоом гэж үү?

Би видео тоглоомонд тийм ч дуртай биш, гэхдээ адил төстэй шинж мэдрэгддэг. Заримдаа зохиол бичиж байх агшинд видео тоглоомны зохион бүтээгч болчихсон мэт мэдрэмж төрдөг, бас тоглогч нь болчихсон мэт мэдрэмж төрдөг. Тэгэхээр би ямар нэгэн програм бүтээгээд, зүүн гар барууныхаа юу хийж байгааг мэддэггүй шиг бүтээсэн тоглоомныхоо яг дунд нь байж мэдэх юм. Ямар нэгэн юмны заагт буй мэдрэмж.

Нэг үгээр, та бичиж байхдаа дараагийн үйл явдал хэрхэн өрнөхийг мэддэггүй ч таны нөгөө тал үүнийг сайн мэдэж байдаг гэж хэлэх гээд байна уу?

Яг тийм. Би бичиж буй зүйлдээ хэт автсан үедээ зохиолч юу мэдэрч байгааг, бас уншигч юу мэдэрч байгааг мэдэж байдаг. Энэ нь миний бичих хурдыг нэмдэг. Би ч бас уншигчдын л адил цааш юу болох бол гэж тэсэн ядан хүлээдэг. Заримдаа яг тэр үед зогсох ёстой болдог. Хэрэв уншигчид юу өрнөхийг хурдан хүлээгээд эхэлбэл тэд залхаж уйддаг. Тиймээс тэднийг аль нэг хэсэгт заавал саатуулах хэрэгтэй.

Та үүнийг яаж хийдэг вэ?

Би зүгээр л мэдэрдэг. Хэзээ азнах ёстойг зөнгөөрөө мэддэг.

Хөгжим, бас жааз таныхаар юу вэ? Зохиол бичихэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Би 13, 14 настайгаасаа л жааз сонсож өссөн. Ер нь хөгжим маш хүчтэй нөлөө үзүүлдэг шүү. Хөгжмийн ая аялгуу, хэмнэл намайг хөглөдөг гэхэд болно. Уг нь би хөгжимчин болохыг мөрөөддөг байв. Гэвч хөгжим тоглохдоо эв дүй муутай учраас зохиолч болсон хэрэг. Гэхдээ ном бичнэ гэдэг нэг талаар хөгжим тоглохтой адил гэж хэлж болно.

Жааз хөгжмийн эхлэл хэсгийн ая төгсгөл хэсэгтээ дахин буцаж ирдэг. Та ч бас тэгдэг үү?

Заримдаа л. Миний хувьд, жааз бол оюун санааны аян юм. Яг л зохиол бичихтэй адил.

Таны дуртай жааз хөгжимчин хэн бэ?

Стан Гетз, Жерри Маллиган гээд маш олон бий. Тэд бол өсвөр насны маань анд найзууд. Майлз Дэвис, Чарли Паркер ч бас гоё шүү. Хэрэв та надаас яг хэнийг нь хамгийн их сонсдог вэ гэж асуувал 50, 60-аад оны Майлз л гэнэ. Майлз үргэлж шинийг бүтээдэг байснаараа хувьсгалч гэгдсэн юм. Тэр бол биширмээр нэгэн.

Ta Жон Колтрейнд дуртай юу?

Тийм ч дуртай биш ээ. Тэр заримдаа дэндүү хүчлээд байх шиг санагддаг юм.

Жаазаас өөр ямар хөгжим сонсдог вэ?

Би сонгодог хөгжимд дуртай, тэр дундаа барокко. Эрэг Дээрх Кафка романы хүү Радиохэд (Radiohead) болон Принц (Prince) сонсдог юм. Радиохэд хамтлагийнханд ном маань таалагдсаныг сонсоод гайхсан шүү.

Би лав гайхахгүй байна.

Кид А (Радиохэдын дөрөв дэх цомог– Kid A)-ийн япон тайлбараас хамтлагийнхан миний номонд дуртай гэж бичсэнийг уншаад маш их баярласан.

Та “Эрэг дээрх Кафка”-гийн талаар багахан ярьж өгөөч.

Миний бичсэн хамгийн ярвигтай ном. “Баадуутай шувууны хүүрнэл”-ээс ч төвөгтэй. Юу гэж ч тайлбарламаар юм бэ дээ!

Романд хоёр үйл явдал зэрэг өрнөдөг. Гол дүрийн баатар маань 15 настай хүү. Түүний нэрийг Кафка гэдэг. Нөгөө үйл явдлынх нь гол дүр 60 настай эр. Тэр бичиг үсэг мэддэггүй. Нэг ёсондоо маанагдуу, дүйнгэ эр боловч муурнуудтай ярилцаж чаддаг. Кафкаг эцэг нь хараажээ. Эдипов төрлийн хараал л даа: Эцгийгээ хөнөөгөөд ээжтэйгээ нөхцөнө гэсэн утгатай. Хүү эцгээсээ, бас хараалаас нь зугтаж алс холын газар очдог. Гэвч тэрээр этгээд сонин, бодит бус, зүүдний юм шиг ертөнцөд очсон байдаг.

Бүлгээс бүлэгт, нэг үйл явдлаас нөгөөд шилжих бүрийдээ эргэж буцсанаа дахиад л урагшилдаг энэ бүтэц “Хэрцгий үлгэрийн орон ба ертөнцийн төгсгөл” романыхтай ижилхэн гэсэн үг үү?

Яг зөв. Эхлээд би “Эрэг дээрх Кафка” романыг “Хэрцгий үлгэрийн орон”-ы үргэлжлэл болгон бичих гэж байв. Дараа нь огт өөр түүх бичихээр шийдсэн. Гэвч хэв маяг нь хоорондоо ижил. Гол санаа нь ч гэсэн нэг. Агуулгын хувьд гэвэл хоёр өөр ертөнц гардаг. Нэг нь бидний амьдарч буй ертөнц юм. Ингээд хоёр ертөнцийн хооронд хэрхэн шилжиж буй талаар өгүүлнэ.

“Хэрцгий үлгэрийн орон” миний хамгийн дуртай ном учраас энэ бүхнийг сонсоод сэтгэл их хөдөллөө.

Би ч гэсэн дуртай шүү. “Эрэг дээрх Кафка”-г бичихэд оргилсон их хүсэл тэмүүлэл шаардсан. Ихэнх гол дүр маань үргэлж 20 юмуу 30-аад насныхан байдаг бол энэ романы гол дүр дөнгөж 15 настай.

Ж.Сэлинжерийн зохиол дахь Холден Колфильд шиг үү?

Оноод хэлчихлээ. Энэ зохиолыг бичиж байхдаа би ихэд хөөрч догдолсон. Өсвөр насны хүүгийн тухай бичих болсноор 15 настайдаа ямар байснаа эргэн дурсах хэрэг гарсан. Дурсамж бол хүн бүрийн дотор буй хамгийн нандин өмч юм. Өөрийгөө шатааж дулаан ялгаруулдаг нэг төрлийн түлш л гэсэн үг. Дурсамж маань яг л шүүгээтэй адил санагддаг шүү. Зөндөө олон татуургатай. Хэрэв би 15 настай болмоор байвал нэг шургуулгыг нь татаад төдхөн л Кобед амьдарч байсан 15 настай хүү болчихно. Би агаары нь үнэрлэж, өвс ногоонд нь хүрнэ, бас модны ногоон өнгийг ажиж болно. Ийм учраас л би ном бичихийг юу юунаас илүү эрхэмлэдэг юм шүү дээ.

15 настай үеэ ахин мэдрэхийн тулд уу?

Тэгж хэлж болно.

Таны хэв маягийг бүрэлдүүлэхэд Японы өөр хаана ч биш, зөвхөн Кобед өсөж торнисон нь хэр чухал нөлөө үзүүлсэн бэ? Кобе гадаадынхан ихтэй болоод ч тэрүү өвөрмөц талдаа хот.

Киотогийн хүмүүс Кобегийнхноос тэс ондоо шүү. Киото уулаар хүрээлүүлсэн хот учраас хүмүүсийнх нь сэтгэлгээ хүртэл өөр.

Нээрээ та Киотод төрсөн шүү дээ. Тийм байх аа?

Тийм ээ, гэвч намайг хоёр настай байхад манайх Кобе руу нүүсэн. Тэнд л би өссөн дөө. Кобе хот далай, уулс хоёрын заагт оршдог. Харин Токио хот өргөн уудам орон зайтай учраас энд амьдрах нь тийм ч таалагддаггүй.

Гэсэн ч та Токиод амьдарсаар л байна! Та хаана ч амьдрах бүрэн боломжтой хүн шүү дээ.

Токиод би “хэн ч биш” байж чаддаг. Яг л Нью-Йоркт байгаа юм шиг. Хүмүүс намайг төдийлөн таньдаггүй тул хаашаа л бол хаашаа чөлөөтэй явж болно. Метрогоор зорчиход хүртэл хэн ч надад саад болоод байдаггүй. Харин Токиогийн ойролцоох нэгэн жижигхэн хотод би нэг байшинтай л даа. Тэнд хүн бүр намайг мэднэ. Гадуур алхах бүрийд хүмүүс намайг таньдаг. Заримдаа ч залхмаар шүү.

Та Рю Муракамигийн тухай түрүүн дурдсан. Тэрээр зохиолчийнхоо хувьд тэс өөр зүйл хөндөөд байх шиг санагддаг.

Миний бичлэгийн хэв маяг постмодерн талдаа бол түүнийх мэйнстрийм (mainstream). Харин “Тээш хадгалах газрын хүүхдүүд” (Coin Locker Babies) номыг нь уншаад алмайрсандаа үүн шиг хүчтэй зохиол бичнэ дээ хэмээн өөртөө ам гарсан юм даг. Тэгээд “Аргалын ан” зохиолыг бичсэн. Үүнийг өрсөлдөөн байсан гэхэд болно.

Та хоёр найзууд уу?

Бид хоёр нөхөрсөг харилцаатай. Үгүй ядаж л өстнүүд биш. Тэр жинхэнэ төрмөл авьяастай зохиолч шүү. Хэрэв бидэнд газрын тос байна гэж үзвэл түүнийх газрын гадаргад ойр, харин минийх газрын гүнд бий. Би газрын тосоо олборлохын тулд ухаад л байх хэрэгтэй болсон. Түүнээсээ болж цаг хугацааг ч их үрсэн. Гэвч нэгэнт тэндээ хүрчихсэн тул би илүү зоригтой, өөртөө итгэлтэй болсон. Амьдрал маань ч цэгцэрсэн. Тэр хүртэл ухах үнэхээр сайхан байлаа.