Ганцаар цайрагч хөлгийн далбаа



Тэр Василий Песковыг “шүтдэг” юм шиг ээ. Хязгаар нутгийн алслагдмал сууринд сурагч хөвүүн байхдаа анх “шүтээн”-ийхээ ярилцлагыг уншаад сэтгэл нэн догдолсондоо сэтгүүлч болохоор шийдсэн гэдэг. Тэгээд ч зогсохгүй, тэрхүү балчир үеэс хойш дөчөөд он улиран одсон ч “Песков долоо хоногийн нэг л өдөр өглөөний 8.00-8.30-ийн хооронд харилцуурынхаа дэргэд суудаг, бусдаар бол завгүй, олддоггүй хүн байлаа” хэмээн бахдангуй өгүүлэхийг нь сонсоод ингэхэд тэр муу Песков гэгч нь хэн юм бол оо гэж ихэд сонирхохдоо тэрхүү шүтээнийх нь тухай баахан эрж хайв. Гэхдээ энэ ярилцлагын маань гол баатрын өсөж торнисон, бага залуу үеийнх шиг номын сан руу явж цагаа үрсэнгүй, басхүү нэвтэрхий толь шагайж өөртөө төвөг удсангүй, зүгээр л “Гүүгл” гэгч нэн орчин үелэг лавлах руу нэвтрэн “Песков” гэж бичээд л ганцхан товчлуур дартал бараг бүхий л зурган дээрээ малгай духдуулчихсан, малигар орос эр дэлгэц дүүрэн гараад ирэв. Василий Михайлович Песков гэх ясны орос нэртэй энэ эр сэтгүүлч төдийгүй гэрэл зурагчин гэнэ. Мөн 1964 онд Лениний шагнал хүртжээ. Ингээд мань эрийн тухай хэсэгхэн ухаж судалтал нээрээ л “Зөвлөлтийн сэтгүүлзүйн сартваахь” байж шүү. Гэтэл би Песков гэгчийн талаар огт сонсож дуулаагүй явдаг.

Ингээд бодохоор энэ ярилцлагыг авч буй “би”, энэ ярилцлагыг өгч буй “тэр” хоёрын хооронд асар том ялгаа зааг байх шиг. Тэр гэдэг маань “Хөх толбо” сонины эрхлэгч Батын Эрдэнэбаатар юм л даа. Уг нь бид хоёулаа л сэтгүүлч боловч тэр хавцал дунд, харин би ханан дунд өссөн. Тэр таталгаж бичихдээ, харин би товчлуур товшихдоо гаргууд. Түүний хувьд ном сонин хуучрах тусмаа, харин миний хувьд ном сонин шинэ дээрээ “үнэтэй”. 1990-ээд оны цахим сүлжээ ч үгүй, зурагтаар нь нэг хоёрхон суваг сөөлжлөн гардаг, нийтээрээ шарлаж гандсан сонинуудаа мэрж уншдаг, юунд ч атаархах зүйлгүй эгэл борогхон өдрүүдэд мань эрийн өтгөн бавгар сахалтай эрэмгий дүр төрхийг Монгол орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт таньдаг байлаа. Харин намайг хэн ч үл танина. Түүнийг нэгэн үе “Ардчилал” сонины Эрдэнэбаатар гэдэг байсан бол өдгөө намайг эцгийн минь нэрээр ялгаж дуудахаас цаашгүй. Тиймээс энэ ярилцлага л биднийг улам их ойртуулж, ижилсүүлнэ гэж найдъя даа.


-Би таны төрсөн нутагт очиж үзсэн. Алслагдмал, гундуухан суурин байдаг юм билээ. Хуучин цагт Ховдын Зэрэг гэхээр шумуул, шуурга хоёр л санаанд буудаг байсан гэсэн. Харин одоо бол Ерөнхийлөгчийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс анддаггүй болжээ. Ингэхэд таны төрсөн нутаг тийм их шумуул, шуургатай хэрэг үү?

-Миний төрсөн нутагт бус, харин манай сумын төвд очиж үзжээ. Учир нь би ууланд төрсөн хүн. Миний төрсөн газар бол нутгийнхны хэлдгээр баруун уул буюу Баатар хайрхан нурууны Баатарын хавцал юм. Маш сонин, өвөрмөц хад чулуутай газар байдаг. Хавцал нь гэхэд эгц цавчим. Тиймдээ ч уул өөд машин тэрэг гарч хүчирдэггүй, ихэвчлэн тэмээгээр л явна. Ууланд зөвхөн баарцаг, тооку гэсэн хоёр гутал өмсдөг. Энгийн гутал өмсөх аргагүй.

Баатар хайрхан бол янгир, ирвэс, сарлагийн нутаг юм. Манайх цөөн хэдэн сарлагтай. Хималайн нурууны ноён оргил дээр мөрөө гаргасан Дэнзэн Норгай “Миний хувьд ертөнц дэлхий сарлагаас эхэлдэг” гэж хэлсэн нь надад дэндүү ойр дотно санагдаж билээ. Бид түүн шиг л сарлагаа унаж, сарлагийнхаа сүүг ууж, сарлагийнхаа борцыг идэж өссөн. Сарлагаа дагаж агсарна, сарлагаа дагаж уйлна. Бас хэдэн сарлагаа хурааж ирэх гэж уул хадаар бүдчин явна.

Манай сумын төвийг гундуухан гэж дурдлаа. Нээрээ ч сүүлийн жилүүд дэх цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гундуугаар барахгүй гандуухан болсон нь ажиглагдаж байна. Зэрэг сум шумуул, шуурга хоёроор зогсохгүй олон зүйлээрээ алдартай шүү. Нэгэн цагт Зэрэгийн хөндий туулж барамгүй урт гэгддэг байлаа. Тэгээд зогсохгүй, шороон замынх нь дэржигнүүр даржигнуур ихтэйг хэлэх үү! Харин өдгөө дээгүүр нь хар зам тавьчихсан учраас тэр бүхэн өнгөрсөнд мартагдан үлдэж дээ.

Энэ хөндий бол Захчины уугуул нутаг юм. Захчид нэн эртнээс энд нутаглаж ирсэн гэдэг. Зэрэгийн нутаг ховор өвс ургамал, бас ямаан, тэмээн, үхэр, шар гэх зэрэг олон төрлийн харганатай. Биднийг бага байхад аргаль, угалз зэрэг ховор ан амьтдын эвэр уул хадаар элбэг байж билээ. Гэтэл ийм бахдам сайхан нутаг цөлжиж, гандаж байгаа нь харамсалтай. 

Мэдээж манай нутаг нарийн, шар шумуулаараа зартай. Сэлэнгэ, Халхын голын шумуултай харьцуулахад илүү хорлонтой шүү. Яагаад ийм их шумуултай вэ гэвэл Зэрэгийн хөндий намаг балчиг, нуур цөөрөм, булаг шандаар арвин. Зөвхөн дэрс түнгэ нь гэхэд тэмээ орохооргүй тийм шигүү. Энэ хөндийд эртний их тариан талбай байсан гэдэг. Саяхныг хүртэл хөх тариа тариалж байлаа шүү дээ. Харин шуурганы хувьд уул нурж байгаа юм шиг л дүнгэнэдэг сэн.

-Ижийгээсээ “Заавал оргож ирнэ” гэсэн амлалттайгаар анх сургуульд орсон гэдэг. Нэгдүгээр ангид элсэхдээ үеийнхнээсээ “хөгшин”, бүр 10 настай байсан гэдэг байх аа?

-Уг нь найман настайдаа сургуульд орох ёстой боловч ээж маань сумын даргатай уулзаад, намайг мал хариулах хүү байгаа юм гээд сургуулиас чөлөөлчихсөн юм. Аав маань намайг багад, таван настайд өөд болсон. Тэгээд ээж минь нэг л өглөө Бригадын төв явж ирчихээд “Өнөөдрөөс эхлэн энэ айлын өрхийн тэргүүн чи боллоо” хэмээн хэлж билээ. Ээж маань хэдий өрх толгойлсон эмэгтэй боловч “Эрэгтэй хүн айл гэрийн сүр сүлд байх ёстой” гэж хэлж захидаг байсан. Ингээд би балчир жаал байхдаа өрхийн тэргүүн болчихсон хэрэг. 

-Та дээрээ ахтай биш билүү. Яагаад таныг өрхийн тэргүүн болгочихдог билээ?

-Ах онц сурдаг, ном эрдмийн мөр хөөх нь тодорхой болчихсон байж. Хамгийн гол нь хонь мал хариулах тал дээр ээжийн санаанд ер нийцдэггүй байв. Харин ганц нийцэж байгаа нь би.

Намайг багад малд нүдтэй “ёлгон хүүхэд” гэж дууддаг байсан. Би үсэг таньж буй мэт мал бүрээ нүдэлж тогтоодог байлаа. Зүсээр нь, нүдээр нь, үс хялгасаар нь ялгаж танина. Тийм ч учраас намайг малч хүүхэд, малын нүдтэй ховор хүүхэд гэж сайшаадаг байв. Дээрээс нь хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, хүмүүст тусламтгай учраас “ёлгон хүүхэд” гэдэг байж. Ялангуяа манай нутгийн Тамжаа гэдэг хүн ингэж дуудна. Тэр, дэврүүн хөөрүү сэтгэлтэй, одоогийнхоор бол тун ч романтик хүн байж билээ. Учир нь тэрбээр хөдөлмөрийн баатар, аварга малчин болно гээд зэргэлдээ Дарви сумын нутагт очиж Цогтгэрэл баатрын хажууд мал хариулж явсан гэдэг. Ингээд буцаж ирээд “За, Дарвийн баатруудын мал маллах ч яах вэ, тэдний хажууд манай Шонхоо хүү бол жинхэнэ малчин” гэж хэлсэн удаатай. Шонхоо гэдэг нь миний багын нэр.

Ийнхүү арван нас хүрдэг зун ээж намайг сургуулиас дахин нэг удаа чөлөөлж авахын тулд сумын дарга дээр очжээ. Өглөөнөөс орой хүртэл үүдэнд нь суусан гэдэг юм. Бүр шөнө дүл болсон хойно сумын дарга “За, чи нэг юмыг сайн ойлго. Бүх нийтийг албадан сургах хууль гарсан. Хүүгээ заавал сургуульд оруулахаас өөр аргагүй. Яахав, чи хүүгээ сургуульд явуулж байгаад дундаас нь гаргаад авчихгүй юу” гэж учирлажээ. Ингээд ээж гэртээ ирээд “За яахав, чи сургуульд яв, гэхдээ заавал оргож ирнэ шүү” гэж захиж билээ. 

Удалгүй 9-р сарын 1 болж, арван настайдаа би анх удаа сургуульд явж үзлээ. Сургуулийн шар байшингаас хүүхдүүдийн чимээ шуугиан хангинаж, бас будагны үнэр ханхалж байв. Хуучирсан савхин гуталтай, хөх даалимбан дээлтэй, нуруу нь бөгтийсөн, өндөр туранхай хүү ангийнхныхаа хамгийн түрүүнд жагсана. Хичээлдээ мориор явна. Тармагцаа бушуухан харина. Үсэг уншиж цээжлэх нь халширч халгамаар санагдана. Ээж “Миний хүү яахав яахав” гэнэ. Харин ах болохоор “Чи яагаад үсэг сурсангүй вэ” гэж загнана. Тэгмэгц нь ээж “Яадгийн яадгийн, хүүхэд загнаад...” гэж өмөөрнө. Ингээд сургуулиас оргох оргохгүйн завсар байж байтал гахайн хавдар гэдэг өвчин тусаж хичээлдээ явалгүйгээр, сургуулийн дотуур байрны нэг өрөөнд тусгаарлагдлаа. “Зургаан хуруут” Дүлзэн гэдэг том ангийн сурагч хүү намайг хариуцахаар болов. Тэр Жюль Верн, Александр Дюмаг уншаад дуусгачихсан, түүнийгээ хачин гоёор ярьдаг тун ч өвөрмөц хүүхэд байж билээ. Хажуугаар нь надад үсэг заана. Удалгүй би уншиж сурмагцаа Даниэл Дефогийн “Робинзо Крузо”-г цээжилж байгаа юм шиг удаанаар тогтож уншсан. 

-Үсэг мэддэггүй хүү өвчнөө эдгээгээд ирэхдээ уншдаг болчихсон нь хүүхдүүдийн хувьд гайхмаар сонин санагдсан байх даа?

-Хичээлдээ эргэж ороод ангийнхаа уншилтын аварга болоход хүүхдүүдийн гайхсан гэж жигтэйхэн. Бас тэр улиралдаа онц гараад өвлийн өвгөнөөс бэлэг авна даа гэж хүсэн хүлээсэн ч тэр жилийн ёолк маш удаж эхлээд оройжин үргэлжлэхдээ миний нэрийг дуудаагүй. Ёолк ч өндөрлөсөн. Эргээд бодоход, энэ үйл явдал сурагч насны минь хамгийн гомдолтой хэрнээ хөгжөөнтэй дурсамж болон үлдэж дээ.

-Нөгөө оргох амлалт юу болсон бэ?

-Би сурдгаараа сурсаар, оргодгоороо оргосоор л байсан. Оргох бүрийд багш нар намайг зогсоолгож шийтгэнэ. Гэхдээ би цаг үргэлж оргоод байсангүй ээ. Хажуугаар нь сургуулийн номын сан болон сумын номын сангаас ном авч уншдаг боллоо. Миний ном уншдаг арга гэвэл хуудас хуудсаар нь гүйлгэж харах. Учир нь тэр үед ном судар гэдэг чинь ховор зүйл байлаа шүү дээ. Айл руу ороод гарахдаа зураг сэлтийг нь гялс гүйлгэж харах хэрэг олон гарна. Харин хамгийн ихээр шимтэж уншсан номууд бол “Уянгын арван тууж”, Дэмбээгийн Мягмарын “Тээрэмчний охин”. Уянгын “яруу найраг”, жинхэнэ уран зохиол гэж үүнийг л хэлдэг байх даа гэж боддог байлаа. Бас жижиг өгүүлэл, шүлэг их уншина аа. Сонин хэвлэлийг ч алгасалгүй харна. Ингээд нэг л мэдэхэд өнөөх оргох амлалт маань алгуурхнаар замхарчихсан юм даа.

-“Гэдэс минь өлсөж
Гэр минь санагдахад
Хүнээс далд цагаан байрныхаа үүдэнд суугаад
Хүрээн толгодоо харж дотроо онгойтол уйлдаг сан.” Таны “Нутгийн улиас” номонд ингэж шүлэглэсэн байх юм.

-Тэр үед ном эрдэм сурахаас илүүтэй гэдэс их өлсөнө өө. Хоол унд ч ховор байж. Сумын гуанзны буузны үнэр өлссөн гэдсийг бүр ч хонхолзуулна. Айлд очоод мод хөрөөдөж өгөхөд нэг аяга цай, хоёр боорцог л олдоно. Ингээд  өлсөхгүйн тулд би нэг арга бодож оллоо. Нэг өдөр цонхоор харж байтал манай сургуулийн Шаргай тогооч хуурай хэрэглэлээ зөөх гээд зогсож байна. Тэгмэгц нь давхиж очоод тусаллаа. Энэ өдрөөс хойш би энэ хүний итгэлт туслах нь болсон юм. Хариуд нь Шаргай тогооч надад хоол илүүчилнэ. Тэрбээр үнэнч шударгуу зантай, ном эрдэмд дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг, төлөв төвшин хүн байсан. Нэг удаа Шаргай гуай надад хоол өгч байгаад манай нутгийн идэвхтэн бичигч Шараа гэдэг хүний нэрийг дурдаад “Санитар Шараа бол яахав ээ, харин чи бол юм бичих хүн шүү” гэж аминчлан хэлсэн. Бүр зохион бичлэгийн уралдаанд түрүүлэхийн өмнөхөн шүү.

-Та 8-р ангид сурч байхдаа “Пионерийн үнэн” сониноос зарласан “Миний хайрт эх орон” зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн. Буйд хөдөө нутгийн хүү яаж яваад энэ уралдаанд оролцчихов оо?

-Манай ангид сумын нарийн бичгийн даргын хүү Ганболд гэх романтик, олон тэмдэг медальтай сурагч хүү Улаанбаатар хотоос шилжиж ирээд байлаа. Тэгсэн тэр ийн ярьж байна: “Надад байхгүй медаль гэж үгүй. Ганцхан энэ “Пионерийн үнэн” сонины 50 жилийн ойд зориулсан зохион бичлэгийн уралдаанд түрүүлчихвэл болчих гээд байна” гэв. Би дуугүй л сонсож суулаа. Тэр үед сурагч бүр “Пионерийн үнэн” сониныг дамжуулж уншдаг байлаа шүү дээ. Ингээд би ямар ч гэсэн энэ уралдаанд оролцохоор шийдлээ. “Миний хайрт эх орон” гэсэн нэр нь хүртэл гоё санагдав. Тэгээд гэр лүүгээ харьж явтал нэг санаа дүрэлзэн орж ирдэг юм байна. Тэгмэгц нь шууд 12 мөнгөний дэвтэр худалдаж аваад эхний хуудсаас эцсийн хуудас хүртэл бүх санаагаа тэмдэглэж дуусгав. Дараа нь нөгөөхөө харж хуулахад ердөө 5 хуудас болж багассан бөгөөд тэр бичлэгээ уралдаанд илгээж билээ. 

Уралдааны дүнг мөн ч удаан хүлээсэн дээ. Тэгтэл 5-р сарын 1-ний өглөө радиогоор Ховд аймгийн Зэрэг сумын 8а ангийн сурагч Батын Эрдэнэбаатар “Пионерийн үнэн” сониноос зарласан “Миний хайрт эх орон” зохион бичлэгийн уралдаанд түрүүллээ гэж орон даяар зарласныг нь даанч би сонсож чадсангүй. Хөдөө ямаа самнаж дуусаад буцаж иртэл ширээн дээр минь баахан сонин овоолчихсон, хүүхдүүд бөөн баяр хөөр болчихсон угтав.

Тэгмэгц нь гэрээсээ авчирсан 5 төгрөгийг халаасалж гараад Зэрэгийн гуанз орсон. Буузны үнэр ханхийж, гэдэс жигтэйхэн өлсөж байхдаа жолооч болчихвол ч зүгээр юм уу гэж боддог байсан үе бий. Учир нь жолооч нар шиг том түрийвчээ гаргаж ирээд “30 бууз захиалъя” гэж хэлэхийг битүүхэн хүсдэг байсан хэрэг. Ингээд үүнээс хойш жолооч ч болно гэж бодохгүй, дахин бууз ч шохоорхохгүй гээд сумын төвийн гуанзанд цадталаа идэж билээ.  


"Пионерийн үнэн" сонины хайчилбар. "Миний хайрт эх орон" зохион бичлэгийн уралдаанд хот хөдөөгийн 1256 сурагч оролцож байжээ.

-Та энэ үеэс л сэтгүүлч болохоор шийдсэн хэрэг үү?

-Энэ зохион бичлэгийн уралдаан миний хувь заяаны түүхэн эргэлтийн цэг болсон юм. Өөрийнхөө дотоод дуу хоолойг чагнаж, сэтгүүлчийн замналыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Учир нь энэ үед би өөрийгөө ирээдүйд хэн болох вэ гэж эргэцүүлж боддог байлаа. “За, малчин болохоо өнгөрчихлөө. Тэгвэл дарга болох уу, багш болох уу?” гэх зэргээр янз бүрийн юм бодож байгаад сэтгүүлч гэдэг ажил бол миний амьдрал юм байна гэж шийдсэн. Учир нь зохион бичлэгийн уралдаанд түрүүлээд удаагүй байхдаа Зөвлөлтийн нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Василий Песковын “Хүн өөрийнхөө дуртай ажлаар талхаа олж идэх шиг сайхан зүйл хаана ч үгүй. Тэгж олсон талх хамгийн амттай” гэж хэлснийг уншиж билээ. Тэр бол тосгоны жир нэгэн сурагч хүүгээс Зөвлөлтийн нэрт сэтгүүлч болж өндөрт дэвшихдээ хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл, чиг шугамаас хазайлгүй, насан туршдаа сэтгүүлч гэдэг эгэл албандаа үнэнчээр зүтгэсэн нэгэн юм. Би түүн шиг л сэтгүүлч болохыг мөрөөссөн. Ингээд 8-р ангиасаа зөвхөн уран зохиолын номоо уншаад физик, математик, хими гээд бусад бүх хичээлээ ор тас хаясан. Уг нь би чинь аймгийн математикийн олимпиадад үзүүр түрүү булаацалддаг тоочин хүү байлаа шүү дээ. Нэгэнт сэтгүүлч болохоор зориг шулуудсан тул ангийнхаа Дамдинбазар гэдэг хүүгээс шалгалтан дээр авч гарна шүү гэж ам өчиг авч байгаад бусад хичээлээ орхисон.

-Таны амьдарч асан, Зэрэгийн дунд сургуулийн дотуур байрыг би нүдээр үзсэн. Тэнд олон сонирхолтой дурсамж өнгөрсөн байх? 

-Дотуур байрны амьдрал зарим талаараа сайхан, зарим талаараа хахир хатуу. Ахлах ангийн атамануудтай цуг амьдарна. Тэнд арав хүрээгүй балчир жаалууд ч бий, хорь хүрсэн “хөгшин” залуус ч бий. Дэвтэр ном, үзэг харандаа өөрт үлдэнэ гэж үгүй. 

Намайг дотуур байранд амьдарч байхад манай ээж нэгдлийн мал хариулдаг байв. Өөрсдөө улаан нүцгэн мөртлөө байгаа бүх сүүгээрээ малаа угжина. Тэр үеийн хууль дүрэм гэж чанга. Ямар ч цалин хөлс авахгүй. Ингээд бүх л жилжин зүтгээд арван төгрөг авсныгаа ээж надад өгч билээ. Ээжид маань өөр юу ч байгаагүй. “Хүүдээ өөрт байгаа бүх юмаа, хайр халамжаа зориулж байна даа” гэж бодсон. Тэр мөнгийг би юунд ч зарж чадаагүй ээ. Харин нууц халаасандаа хийгээд далд нуучихсан юм. Гэтэл хэн нэгэн надад мөнгө байгааг сэм мэдмэгцээ дээрэлхүү сурагчидтай үгсэн дээрээс минь олон давхар хөнжил шидэж байгаад ээжийн өгсөн аравтын дэвсгэртийг авчихаж билээ. Гунигтай дурсамж гэвэл үүнийг л хэлэх байх.

-Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг сургуульд сурч, нэг дотуур байранд амьдарч байсны хувьд олон сайхан дурсамж үлдээ байлгүй. Түүнд ирээдүйн ерөнхийлөгчийн зангараг ажиглагддаг байсан уу?  

-Элбэгдорж багадаа жижиг биетэй, нүд нь бүлтгэнэсэн, өвөрмөц сонин сэтгэлгээтэй, үг хэл нь уран сэцэн хүүхэд байсан. Бас манай суманд Гомбоон Ганболд гэдэг найман настай авьяаслаг хүү байдаг байлаа. Даанч тэрбээр намар нэгдлийн мал хариулж байгаад цасан шуурганаар өөд болчихсон юм. Түүнийг хожим нь БНМАУ-ын Шударга журам медалиар нэхэн шагнаж билээ. Тэр жаал энгэртээ Володягийн тэмдэгтэй. Хүүхдүүд тэр тэмдгийг нь ихэд сонирхдог сон. Тэрбээр өөд болдог өдрөө хонио тойроод гүйн гүйсээр эцэстээ энгэрийнхээ тэмдгийг тас татаж аваад гартаа атгасан чигээр жалган дотор нас барсныг хүмүүс олсон гэдэг. Тэр үнэхээр авьяаслаг хүүхэд байсан шүү. Элбэгдорж ч ялгаагүй авьяаслаг гэгддэг байлаа. 

-Аравдугаар ангиа төгсмөгцөө Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авсан ч явж чадаагүй. Гэхдээ л та Москвад суралцсан шүү дээ?

-Уг нь би 8-р анги төгсдөг жилээ Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга Цолмон гуайгаас Эвлэлийн төв хорооны нэр дээр Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангид суралцах тогтоол шийдвэрээ гардаад авчихсан байсан юм. Энэ үед Эвлэлийн төв хороо гадаад харилцаагаа тэлж, социалист орнуудтай өргөн хүрээнд харилцах хэтийн зорилт дэвшүүлээд байв. Гэтэл аравдугаар ангийн төгсөлтийн шалгалтаа өгчихөөд, Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваариа авчихаад байж байтал сумын холбооны Самдан гуай "Улаанбаатараас ярьж байна" гээд гэр лүүгээ харих гэж байсан намайг гэнэт дуудаж билээ. Уг нь би олон жил амраагүй учраас энэ зун гэртээ сайхан амраад Улаанбаатар явъя гэж бодож байсан юм.

Тэгтэл Эвлэлийн төв хорооны боловсон хүчин хариуцсан Цэдэндорж гэдэг хүн "Улаанбаатарт яаралтай ирэх хэрэгтэй байна, хуваарь чинь будилчих шиг боллоо" гэж ярив. Ийнхүү би гэртээ харьж хэдхэн хоночихоод Улаанбаатар руу гарлаа. Хотод ирмэгцээ Хайлааст дахь хамаатны айлдаа буугаад маргааш нь Эвлэлийн төв хороон дээр очсон. Цэрэндорж гуай намайг дагуулаад "Дээд, дунд, тусгай, мэргэжлийн..." гэсэн жигтэйхэн урт нэртэй газраар баахан явж билээ. Тэгж байтал 7-р сар шувтарч 8-р сар ч гарлаа. Гэтэл нэг өдөр хамгийн том дарга нь гэх нэг хүн хүлээж аваад "Чиний хуваарь алга болчихсон учраас нэг жил хүлээж байгаад Гадаад хэлний багшийн дээд ч юм уу, эсвэл хэлний сургуульд явах уу" гэхэд нь би явах ёстой сургуульдаа л явна гэж зөрүүдлэв. 

Тэгж байтал нэг өдөр Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай намайг дуудаад "Сэтгүүлч хүн ямар ч сургуульд сурч болно. Чи дуугүй Комсомолын дээд сургуульд яв. Гурван хуваарь миний мэдэлд бий. Би Комсомолын төв хороотой яриад чамайг явуулъя. Нэг бол ирэх жил хүртэл хүлээ" гэхэд нь би шууд л зөвшөөрчихсөн юм даг. Хотод гэр оронгүй хүн чинь нэг жил хаана ч амьдраа билээ. Хоёрдугаарт би хил давахын бөөн хүслэн. Хамгийн гол нь гадаадад сурлаа гээд нутаг орноосоо гарсан хүн чинь ямар нүүрээрээ харих билээ дээ. 

-Алтайн уулнаасаа холдож үзээгүй, хязгаар нутгийн хүүд холын Москва сонин хачин санагдсан байх даа?

-Галт тэргээр олон хоног удаан явж очсон. Цонхоор нэгэн жигдийн, нэг л төрлийн мод харагдана. Үргэлжилсэн их ойн завсар чөлөөнд хааяадаа орос тосгон дайралдавч ихэнх нь эзгүй зэлүүд. 

Мэдээж Москва яриангүй өвөрмөц хот. Гэхдээ хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн газар бол манай сургууль. Шереметев гэдэг сурвалжит баян хүний, охиндоо зориулж бэлэглэсэн эртний нүсэр том эдлэн дээр сургууль маань байрладаг байв. Байшин барилга нь эртнийх, байгаль нь үзэсгэлэнтэй, нуур цөөрөм, ой модтой гээд үнэхээр сайхан газар.

Би хоёр орос оюутны хамт дотуур байрны нэг өрөөнд төвхнөсөн боловч нэг нь эхнэртэйгээ сургуулийн хажууханд байр түрээсэлдэг, нөгөө нь Москвагийн захад байх гэрээсээ байнга шахуу явдаг учраас би гурван хүний амьдрах өрөөнд бүтэн дөрвөн жил ганцаараа амьдарсан. Энэ нь нэг талаараа эрх чөлөөтэй мэт боловч нөгөө талаар орос хүнтэй бага ярьснаас ярианы дадлагад муугаар нөлөөлсөн. Очоод удаагүй байхдаа би жил бүр нэг монгол оюутныг орос хэлэндээ муу гэсэн шалтгаанаар нутаг руу нь буцаадаг гэдгийг олж мэдсэн юм. Мэдээж манайхан намайг л нутаг буцна байх даа хэмээн битүүхэн ярьцгааж байсан.

-Нээрээ таныг удаж байж орос хэл сурсан гэдэг юм билээ? 

-Бид орос хэлний “Что” гэдэг үгийг ч, т, о гэж үсэглэдэг шүү дээ. Гэвч аман ярианд “Што” гэж дууддаг. Гэтэл би урьд өмнө нэг ч удаа оросоор ярьж, сонсож байсангүй. Эхэндээ орос багшийн амнаас гарч буй үг бүрийг огт ойлгодоггүй байв. Харин манай ангийнхан бол өөр. Дийлэнх нь хотынх төдийгүй, тэр дундаа зарим нэг нь орос сургуулийнх. Тэдний хажууд би чинь хөдөөний амьтан байлаа шүү дээ. Бас дарга, намын ажилтан бус, сэтгүүлч болно гэх тэс хөндлөн, романтик мэргэжил сонгочихсон. Гэхдээ би хөдөө байхдаа орос хэлийг Пулькины дүрмээр тун чамбай заалгуулчихсан байв. Гол нь хүний хэлж ярьж байгааг огт ойлгодоггүй байлаа. Багш маань арга барагдахдаа сонсголыг минь шалгуулахаар эмнэлэгт аваачтал эрүүл гэсэн онош гарч билээ. Төдхөн “Октябрийн баяр” өнгөрсний дараахан буюу 11-р сард хүнсний их дэлгүүрээс хоол хүнс авчихаад явж байтал нэг орос хүүхэд дэргэдээ яваа ээждээ “Ну что мама...” гэж хэлэхэд нь чих онгойх шиг л болсон. Тэр орос хүүхдийн хэлж байгаа үг бүрийг, тэр орос ээжийн хариу хэлж байгаа үг бүрийг ялгаж сонссон. 

-Комсомолын дээд сургууль бол намын ажилтан бэлтгэдэг газар. Та тэс өөр мэргэжлээр суралцаж байхдаа ч сэтгүүлч болох мөрөөдлөө огт хөсөр хаяагүй юм байна. Ингэхэд та сэтгүүлзүйд өөрийгөө хэрхэн бэлдэж байв аа?

-Нэг өглөө би сонин авч уншихаар сонины мухлаг орсон юм. Тэр үеийн сонин сэтгүүлүүд хямдхан ч байж. Ингээд би баахан сонин худалдаж авчхаад харьж явтал нэгэн жижүүр эмээ “Хүү минь, нааш ир!” гэж дууддаг юм байна. Тэгэхээр нь би яваад очлоо. Тэгсэн өнөөх орос самган ийм олон сониноор юу хийх гэж байгааг минь ихэд сонирхов. “Би уншдаг” л гэлээ. Тэгтэл тэрбээр “Хэрэггүй хүү минь, гуравдахь өдрийн өглөө эртлэн очоод “Литературная газета” гэдэг сэтгүүлийг авч унш. Зөвлөлтийн утга зохиолын хүчирхэг нүүр царай байгаа юм. Нэг дугаараа долоо хоног уншчихаад дараагийн дугаараа авч бай. Наад сонинууд чинь шал дэмий хог” хэмээн хэлж билээ. Тэр өдрөөс хойш би “Литературная газета”-г уншдаг болсон юм. Уг сэтгүүлд Зөвлөлтийн нэрт зохиолчид олон улсын үйл явдлыг энгийн хүүрнэсэн хэлбэрээр, ямар ч улс төрийн өнцөггүйгээр тоймлон бичихийн сацуу Зөвлөлтийн амьдралыг маш хүчирхэг эрэлхийллээр хөндөж бичдэг байсан. 

-Таныг огт “амсдаггүй” оюутан байсан гэдэг?

-Огт амсаж байгаагүй минь гавьяа байсан ч юм уу, гай байсан ч юм уу, бүү мэд. Ер нь анх очсон оюутнуудыг эрэгтэй эмэгтэй гэлгүй уулгах гэж оролдоно. Харин би анхны хундагыг ер хүлээж аваагүй юм. Тэгмэгц нэг нь эвээр шахна, нөгөө нь хөөрүүлж байгаад уулгах гэнэ. Ингээд намайг уулгуулж сургах гэж хагас жил шахсан. Би ч мөчөөгөө өгөөгүй. Эцэст нь тэд ч залхсан.

-Москвад таван жил сурахдаа та нэг ч удаа уугаагүй хэрэг үү?

-Тийм ээ, нэг ч удаа уугаагүй. Харин Молдавын дарсны үйлдвэрт очихдоо хундага дарс амсаж үзсэн. 

-Уудаггүй хүнд найз нөхөд ховор байдаг шүү дээ.

-Хэдий тийм ч нөгөө талаар өөр олон найз нөхөртэй болчихож байгаа юм. Би цанаар их гулгана. Нэг үе бие өвдөөд, нойр хүрэхээ байчихаж билээ. Ингээд нойргүйдэлтэйгээ тэмцэхийн тулд ууж сурах биш, харин үдэш орой болсон ч хамаагүй гадагш гарч цэнгэг агаарт цанаар гулгаж хэвшсэн. Бас завиар явж, наранд удаан алхана. 

-Орос хэлийг гаргууд сайн сурмагцаа зохиолчдын төрсөн нутагт очдог байсан гэж оюутан цагийн найз тань дурсаж байхыг сонссон юм байна?

-Би өөрөө сураглаж байгаад Александр Блокийн “Шахматов” хэмээх эдлэн газарт очиж үзсэн. Ингээд дараахан нь “Шахматовын чулуу” гэдэг шүлгээ бичиж билээ.

Бас Пушкиний цөллөгөнд байсан газруудыг үзсэн. Ер нь маш сонирхолтой шүү. Хамгийн гол нь хадгалж, хамгаалж үлдсэн нь олзуурхууштай. Өөд болсон зохиолчдын гэр орноор “зочлох” бүрт бичгийн ширээн дээрх үзэг цаас нь эдгээрийг яг л саяхан орхиод гарсан мэт амьд сэргэг мэдрэмж төрүүлдэг байлаа.

-Та 1990 онд Сүхбаатарын талбай дээр болсон Ардчилсан хувьсгалын жагсаал дээр “Монгол орон сарны зураг болох ёсгүй” гэх үгээ хэлж байсан. Нэгэн цагт сумын төвийн дунд сургуульд цуг сурч асан, багын анд Ц.Элбэгдоржтой дахин нэг удаа энд учирсан. Та яаж яваад энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн хөдөлгөөнд нэгдчихэв ээ?

-Үүнээс өмнө хэдэн зүйлийг өгүүлэх ёстой болов уу. Би 1982 оны 7-р сард сургуулиа төгсчихөөд хойгуураа дамжиж явсаар шууд нутагтаа ирсэн. Ингээд "Залуучуудын үнэн" сонины ерөнхий эрхлэгч Нямаа гуайтай холбогдтол намайг аль хэдийн ажилд томилчихсон тухай дуулгав. Би гэртээ очсон даруйдаа Улаанбаатар руу нисэж, "Залуучуудын үнэн" сонины хүүхэд залуучуудын редакцид харьяалагдан "Оюутан", "16 насны алтан хараацай", "Од" зэрэг буланг хариуцан сэтгүүлчийн замналаа эхэлсэн боловч 1983 оны 6-р сарын 22-нд гэнэт цэрэгт татагдан Зүүнбаянд очсон. Цэрэгт татах шалтгаан нь Комсомол төгссөн гурван хүнийг хилийн цэрэг, цагдаа, ардын армид авч Эвлэлийн улс төрийн ажилтан болгоно гэсэн юм. Уг нь намайг Зүүнбаянгийн эвлэлийн хорооны дарга, ахлах дэслэгч болгоно гэсэн боловч би "Үгүй ээ, заавал сэтгүүлч болно" гэж зөрүүдэлсээр цэрэг болчихсон хэрэг. Ингээд Зүүнбаянд цэрэг байж байгаад 1984 оны 11-р сарын 1-нээс “Улаан од” сонинд цэргийн сурвалжлагчаар ажиллах болж, "Нэгэн шүлгийн түүх", "Эх орны дархан цаазат газрууд", "Эх орны түүх дурсгалт газрууд", "Ховор ан амьтан" зэрэг олон шинэ булан нээж хөтөлсөн.

“Улаан од” сонин цэргийн хэвлэлээс бүх зэвсэгт хүчний төв хэвлэл болтлоо өргөжөөд байсан энэ үед Чантуу эрхлэгч намайг бүхий л боломжоороо дэмжиж тэтгэн, эх орны дархан цаазат газруудаар аялуулсан. Ингээд байж байтал манай сонинд Элбэгдорж ажиллахаар ирэв. "Сайн байна уу, ах аа. Би Львовын цэргийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөөд ирлээ. Цаашид нэг дор ажиллах юм байна" гэж хэлсэн.

Дараахан нь би "Үүлэн цэнхэр хан хөхий" гэдэг нийтлэл бичихдээ "Үнэн" сонины орлогч эрхлэгч Цэвлээ гуайн нийтлэл дотроос нэгэн дууны үгийг эш татчихсан юм. Гэтэл тэрхүү дуунд нэр нь дурдагддаг нэгэн хүн гомдол гаргаснаас болж намайг шүүхэд дуудсан. Ингээд шүүх удтал хэлэлцэж энэ хэргийг тэнсэнтэйгээр хаасан. Гэвч үүний дараахан буюу 1989 онд би энэ хэргээс болж ажлаасаа гэнэт халагдаж билээ. Ажилгүй болсныхоо дараа Төмөр замын "Өдтэй бичиг" сонинд байгаль хамгааллын цуврал нийтлэлүүдээ бичиж байтал телевизийн сэтгүүлч Баяраа гэдэг хүн цоохор ирвэсийн зураг авахад цуг яваач гэхэд нь зөвшөөрч Говь-Алтай руу явсан. Эргэж ирээд “Хөдөлмөр” сонинд түр ажиллаж байтал Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөсөн. Тэр үед хаа сайгүй өөрчлөлт шинэчлэлтийн салхи мэдрэгдэж байлаа. Тэгтэл Ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт оролцож байсан Ц.Элбэгдорж "Бидэнтэй нэгдэж хань бол" гэснээр ардчиллын үйл хэрэгт зүтгэж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Сүхбаатарын талбай дээр.

1990 оны 4-р сарын 7. "Ардчилал" сонины анхны дугаар гарсны дараа

-Дараахан нь Та “Ардчилал” сонинд хүчин зүтгэсэн. Энэ үедээ Монгол орны өнцөг булан бүрт очиж, байгаль хамгааллын нийтлэлүүдээ бичсэн шүү дээ. Үнэхээр цаг үеийн дуудлага нь таныг хөдөө нутаг руу, байгалийн чинад руу хөтлөв үү, эсвэл та өөрөө тийш татагдав уу?

-1990 оны 4-р сараас “Ардчилал” сонин гарсан шүү дээ. Энэ бол түүхэн эгзэгтэй цаг үе байлаа. Би 1990 оны нэгдүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбай дээр байгаль хамгааллын сэдвээр үг хэлээд зогсохгүй “Ардчилал” сонинд нэр тавиад ажиллая гэж шийдээд юмаа бичиж эхэлсэн. Ёстой л өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар уйгагүй зүтгэсэн. 90-ээд оны эхэн үед “шинэ үү, хуучин уу”, “зөв үү, буруу юу” гэх зэргээр нийгмийн анхаарлын төв хоёр хуваагдчихаад байлаа. Ийм л цаг үед “Ардчилал” сонин 100 гаруй мянган хувь хэвлэгдэж улс орон даяар түгж тардаг байв.

Би эхлээд “Ардчиллын хавар” гэдэг өгүүлэл бичсэн. Дараа нь Ардчилсан хувьсгалын гол сэдэв гэгддэг Асгатын мөнгөний тухай хөндсөн. Учир нь энэ үед “Асгатын мөнгийг оросууд зөөж байна, уурхайг тэр чигт нь ачаад явж байна” хэмээн манай соцдекүүд, ардчилсан хүчнийхэн ид ярьж байсан юм. Ингээд ЗХУ-ын элчин сайдын яамнаас тусгай онгоц гаргаж Асгатын ордыг сэтгүүлчдэд үзүүлсэн. Яахав уурхайг ухсан нь үнэн боловч үнэндээ бол, тэгж их зөөсөн юм байгаагүй. Гэвч энэ бол чухал сэдэв юм байна гээд сурвалжилгаа бичиж дуусгасан. Нөгөө талаас МоАХ анхдугаар хурлаараа “Асгатын мөнгө, Эрдэнэтийн зэс, Мардайн ураан, Заамарын алт гэсэн дөрвөн том ордыг хааж, ард түмний мэдэлд авна. Энэ дөрвийг авснаар улс орон бие даана, Зөвлөлтийн хараат байдлаас гарна” гэж тодорхойлсон нь энэ сэдвийг барьж авахад нөлөөлсөн байх. Ингээд цаашид зүрх сэтгэлийн дуудлагаар малчдын тухай, цаатнуудын тухай, хорих ангид хоригдож буй хүүхдүүдийн тухай олон нийтлэл сурвалжилгыг “Ардчилал” сонинд бичиж нийтлүүлсэн. 

“Ардчилал” сонин Монголын анхны чөлөөт хэвлэл, Ардчиллын дуу хоолой юм. Тухайн үеийн уншигчид өөрсдөө бидэнд ханддаг байлаа. Мөн бид ард иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар хот хөдөөгүүр өдөр шөнөгүй явж, эх орны хязгаар нутгуудад ч төвөггүй хүрч очдог байсан.

-Таны нийтлэлүүдийг уншиж байхад баримт нийтлэлүүдээ ширээний араас цуглуулдаггүй, заавал биечлэн очиж байж нүдээр үзсэний дараа л үзгээ шүүрч авдаг байсан нь анзаарагддаг. 90-ээд оны эхэн үед одоогийнх шиг зам харгуй ховор байлаа шүү дээ. Томилолтоор явах нь хугацаа их үрдэг, амаргүй ажил байсан байх даа.

-Ер нь хүн юмыг ямар ч үед, ямар ч нөхцөлд бүтээдэг л юм билээ. Одооны хүмүүс мөнгө төгрөггүй гэж их ярих болжээ. Гэтэл бид тэр үед хүмүүсийн дэмжлэгээр нэг сумаас нөгөө суманд хүрдэг байлаа. Ингэхдээ маш хурдтай явна. Жишээ нь, би нэгэн олон улсын хуралд оролцохоор Увс аймагт очсон юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэлхийн хамгийн олон байгалийн бүс бүслүүрийг багтаасан учраас энд дэлхийн шим мандлын дархан газрыг байгуулах боломжтой гэцгээж байв. Энэ хурлын үеэр би Мардайн урааны нууц экспедецийн дарга Бугровксий гэдэг орос хүнтэй уулзаад “Та нар ямар ч нууц олохгүй ээ. Нууц гэдэг чинь Москвад авдарт байдаг юм” гэж ярихыг нь тэмдэглэж авч билээ. Ийнхүү байж байтал Сүрэнхорын хээр азарга алагдлаа гэсэн мэдээ гармагц би Увс аймгаас Хэнтийн аймгийн Дэлгэрхаан суманд очсон. Онгоцоор нисээгүй нь лав. Гэхдээ л асар хурдтай очиж чадсан. Ийм маягаар морь унаж, машинд дайгдан хол замыг туулна. Энэ үед ард түмний санаа сэтгэл тэнүүн, шинэ нийгэм, сайхан нийгэм ирлээ гэсэн догдлол хүлээлттэй, одоо л нэг бие дааж амьдарна, улс орноо улам сайхан хөгжүүлнэ, байгаль дэлхийгээ хамгаална гэсэн өрнүүн сайхан бодолтой байлаа. Монгол хүн бүр ардчилсан, бие даасан улс орныхоо талд зогсож байсан. Хүүхэд хөгшидгүй хөөрч баярласан, хөгшид нь гоё дээлээ өмссөн, Ардчилсан холбооныхон гэхээр айл болгон найрсаг, дотно хүлээж авна. Чухам энэ үеэс л “Ардчилал” сонины Эрдэнэбаатар гэх алдар нэр уншигч түмний дунд түгсэн юм. Уг нь би чинь нэг хэсэг “Залуучуудын үнэн”-ий Эрдэнэбаатар байж байгаад, дараа нь “Улаан-Од”-ын Эрдэнэбаатар болж өөрчлөгдсөн ч энэ үеэс Ардчиллын Эрдэнэбаатар гэгддэг болсон. Харин одоо “Хөх толбо”-ын Эрдэнэбаатар гэдгээрээ уншигчдын ой тойнд үлдэж дээ.

-Өргөө кино театраас арагш байрлах, гудамжны үзүүр дэх алга дарамхан хашаанд та эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан. Танайх сэтгүүлч, зохиолч нарын зочлох дуртай айл байсан гэдэг. Та энэ тухайгаа дурсаач?

-Баруун ард Аюушийн гудамжны 184-р хашаа бол манайх. Энэ хашаанд 1982 оны 11-р сарын 22-ны өдөр хөдөөнөөс гэрээ авчраад төвхнөж билээ. Тэр өдөр цас ороогүй, нарлаг сайхан өвлийн өдөр байсныг санаж байна. Ойр хавийн өвгөчүүл гэр барих үед ирээд “Энэ буурь их өлзийтэй. Энд буусан айл заавал орд харшид ордог юм даа” гэж хэлсэн. Энэ гудамжинд би айл бүл болж, гал голомтоо бадраагаад зогсохгүй миний дөрвөн “цолмон” мэндэлж, өсөж том болсон. Хүүхдүүд маань энд л хөлд, хэлд орсон юм даг.

Манайхаар сэтгүүлчид, зохиолчид, залуучууд, сүүлдээ Ардчилсан хөдөлгөөнийхөн орж гардаг байсан нь үнэн. Мөн манайд Японы Асахи сониныхон, Японы Арай багш, Коёбучи багш гээд олон сонирхолтой хүн зочилж байжээ. 

Хэрэв хүн хийе, бүтээе л гэж зоривол хаана ч, юунд ч бүтээх боломж бий. Овоохойнд ч, урцанд ч ав адилхан боломж байгаа гэсэн үг. Монгол гэр ч гэсэн ялгаагүй, сэтгэл нийлээд амьдарвал гэр бүлийн бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлдэг тул дотно сайхан санагддаг юм. Гэрийнхээ хойморт би жижигхэн номын сангаа тавиад юмаа бичээд л суудаг сан.

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар гэртээ. Өвөр дээр сууж байгаа нь түүний эрх шар хүү. Цаана орон дээр сууж байгаа нь түүний ээж, том хүү хоёр. Зуухны дэргэд түүний гэргий, том охиныхоо хамт сууж байна. Харин бууз чимхэж буй хоёр бүсгүй бол түүний хамаатнууд юм. 1993 он.

-Та 1993 онд Азийн сэтгүүлчдэд олгодог Японы Ража Тампа шагналын эзэн болсон. Бас л нөгөө асуултаа тавимаар байна: Та яаж яваад энэ уралдаанд оролцчихов оо?

-Миний бие 1992 онд Японы Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачидтай хамт Хэрлэн мөрний эхээс адаг хүртэл завиар аялсан юм. Энэ аяллыг зохион байгуулахад би оролцсон бөгөөд аяллаа дуусгаад гэртээ иртэл зурагтын оройн мэдээ дуусах гэж байлаа. Тэгтэл хамгийн сүүлд нь “Японы Ража Тампа гэдэг байгууллагаас Азийн сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж байна” гэж мэдээлсэн. Ингээд энэхүү уралдаанд өөрийнхөө гурван бүтээлээр оролцсоны нэг нь “Япон цэргийн хурандаа Шаарибу”, хоёрдахь нь “Япон толгойн бор сүүдэр”, гуравдахь нь Японы нэрт зохиолч Ясүнари Кавабатагийн тэмдэглэл юм. Нийтлэлүүдийг Батмөнх гэдэг авьяаслаг залуу англи хэлнээ хөрвүүлж, Америкийн сайн дурын ажилтан Брэд хянаж засварласан. Орчуулга маш сайн болсон гэдгийг хожим шүүгчид онцолж байсан шүү.

Үүний дараа нэгэн зарлалын дагуу Турк хүрэх аялалд оролцсон нь маш удаан үргэлжилж, зам зуураа олон орноор зорчин явсан ч харамсалтай нь Туркийн хилээр нэвтэрч чадаагүй. Ингээд буцах замдаа зах зээлийн нийгэм гээч нь хэчнээн ч их үймж бужигнаж байдгийг эргэцүүлэнгээ цалин мөнгө бага ч гэсэн цаашид сэтгүүлчийн ажлаа л хийе гэж бодсоор гэртээ иртэл том охин маань “Өчигдөр Японы элчин сайдын яамнаас таныг сураглаж ирсэн. Та Японы уралдаанд шалгарч байгаа юм байна” гэх баярт мэдээг дуулгаж билээ. Гэхдээ шалгаруулалтын эцсийн дүнг албан ёсоор зарлатал бид чимээ шуугиангүй, нам жим байхаар шийдсэн.

Тэгтэл 1992 оны 12-р сарын 31-ний үдэш буюу монголчууд халуун ам бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө уягдан суудаг шинэ жилийн баярын орой зурагтын мэдээгээр “Ардчилал сонины сэтгүүлч Батын Эрдэнэбаатар Япон улсын Ража Тампа шагналын эзэн болж, сая иений шагнал хүртэхээр боллоо” гэж улс орон даяар зарласныг манай Мэнд-Ооёо гуай тэргүүтэй зарим хүн “Сая долларын шагнал авлаа” гэж эндүү ташаа сонсоод хожим инээд наргиан болгож билээ. Сая иен гэдэг нь тухайн үеийн ханшаар бол арван мянган доллар.

Төдөлгүй Японы Элчин сайдын яамнаас аяллын төлөвлөгөөгөө гаргаж өгөөрэй гэхэд нь Кавабатагийн шарилд хүндэтгэл үзүүлэх, Изү нутгаар аялах, Японы хойд нутаг Хоккайдод очих зэрэг өргөн төлөвлөгөөг бичиж өгсөн. Ингээд миний төлөвлөгөөг нэг бүрчлэн батлаад намайг Япон улсад гурван хэсэгтэйгээр хүлээж авна гэж мэдэгдсэн. Эхнийх нь Япон улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яам. Удаах нь Ража Тампа шагналын комисс. Дараагаар нь хувь хүмүүсийн урилгаар Япон орноор аялуулна гэсэн. 

Ийнхүү би Японд очлоо. Үдшийн Токиог онгоцноос тольдоход олон машины бөгс улайчихсан, гоёмсог сайхан санагдсан. Одоогийнхоор бол тэр нь түгжрэл юм билээ л дээ. Буусан даруйд нэгэн япон хүн "Манай улс ямар санагдаж байна?" гэж асуухад нь "Олон гоё машинтай юм байна" гэж хариултал мөнөөх хүн "Бидэнд бол машин гэдэг бөөлжис цутгамаар зүйл дээ. Та нарт бол гоё санагдах нь аргагүй" гэж хэлсэн юм даг. Өдгөө хориод жилийн дараах Улаанбаатар хот маань бөөлжис цутгамаар олон машинтай болжээ. Нээрээ тэрхүү япон хүний хэлдэгчлэн, Улаанбаатарт олон машины бөгс улайж харагдвал дотор муухайрдаг болчихож.

Шагнал гардуулах ёслол Японы хэвлэл мэдээллийн үндэсний төвд болсон юм. Тэнд шүүгчдийн комисс хүрэлцэн ирсэн байв. Тэдний яриагаар бол, миний нийтлэлүүд эхэндээ хэтэрхий урт, нуршуу санагдсан байна. Гэвч сүүлийн шалгаруулалтад дахин нямбайлан уншихад нийтлэлүүдийн маань гол санаа илүү ойлгомжтой болсон гэдэг. “Нэгэн цагт талархан хүлээж аваад өдгөө бол гайхан биширдэг болсон Японы хөгжил цэцэглэлт бол чухал биш ээ. Харин япон хүний язгуур ухаан, өнө эртнээс уламжилж ирсэн тэдний төрөлх мөн чанар бол өөрөө гайхамшиг юм. Энэ ард түмний цэвэр тунгалаг зан суртахуун, хөдөлмөрч уйгагүй зүтгэл, өөртөө үнэнч ханддаг уг чанар зэрэг нь Япон орны хамгийн үнэт зүйл юм” гэдгийг уншигчдад ойлгуулж чаджээ гэж тэд дүгнэсэн. 

Би шагналын мөнгөө байгаль хамгаалах үйлс болон сонин гаргахад зориулна гэж амлалт өгөв. Дараахан нь элчин сайд Хүрэлбаатар гуай намайг хүлээж аваад NHK телевизийн бүтээсэн “Их Монголын эзэнт гүрэн” баримтат киноны алдартай найруулагчтай уулзуулсан юм. Тэр найруулагч: “Бид асар их техник хүч хаяж байж монголчуудын байлдан дагууллын мөрөөр явлаа. Танай өвөг дээдэс дийлдэшгүй түүхийг бүтээжээ” хэмээн бидний тухай ихэд бахдангуй өгүүлэхийн зэрэгцээ “Хөх толбо бол бас нэг тайлагдашгүй нууц шүү” гэж хэлж билээ. Тэгээд би нутагтаа ирээд тэр ярилцлагынхаа гол санаагаар сониноо “Хөх толбо” гээд нэрлэчихсэн хэрэг. 


1993 оны "The Japan Times" сонины хайчилбар.

-Шагналаа гардаж авахаар Та арлын Японд очсон. Кавабатагийн булшны дэргэд авхуулсан таны нэг зураг байдаг. Ингэхэд нөгөө аяллын төлөвлөгөөндөө тусгасан алдарт Изү нутгаар нь аялсан уу?

-Надад нэг япон өвгөнтэй авхуулсан зураг байдаг юм. Тэр хүн бол бүхий л насаараа Кавабатагийн уран бүтээлийг судалсан Хасагави гэдэг өвгөн. Би түүнтэй хамт “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужид нь гардаг Изүгийн хойгоор аялж билээ. Энэ тууж бол бага залуу насныхаа дурсамжит аяллаас сэдэвлэж туурвисан Кавабатагийн хамгийн алдартай бүтээл юм. Цэнхэртэн харагдах Изүгийн хойг яг л зохиолд дүрслэгддэг шигээ эртний ахуй амьдралаа хадгалж үлдээсэн нь сайхан санагдсан шүү. Мөн бид хэсүүлийн жүжигчид шиг дэн буудлуудаар нь хоноглож явсан. 

Кавабата судлаач Хасагави (зүүн гар талаас), орчуулагч Акира нарын хамт. 1993 онд Японд айлчлах үеэр

Дараа нь Кавабатагийн булш, амиа егүүтгэсэн газар, Нобелийн шагнал авсныхаа дараа лекц уншсан танхимд нь очиж үзсэн. Кавабата зохиол бүтээлээ энгийн үгээр урлаж бичдэг байв. Би хувьдаа “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужийг нь үргэлжилсэн үгийн яруу найраг гэж боддог. Кавабата энгийн хэрнээ уран бичнэ. Би чинь уран зохиолын зузаан номонд дургүй талдаа хүн. Гэвч Кавабатаг бол уншаад л баймаар байдаг.

Энэхүү япон зохиолчийг сонирхох болсон гол шалтгаан гэвэл манай үе үеийн зохиолчид Кавабатаг шимтэн уншсаар иржээ. Надад нэгэн цагт Мишигийн Цэдэндорж гуай уншиж байгаад Нямбуугийн Нямдорж гуайгаар дамжин ирсэн Кавабатагийн түүвэр зохиол байдаг юм. Тэгж л би анх түүнтэй учирсан хэрэг.

Японоос ирсний дараа манай нэгэн орчуулагч хорт хавдар тусчихаад, дээрээс нь идэх хоолгүй, хэцүү байна гэхээр нь “Би өдөр бүрийн тань хоолны мөнгийг өгч байя, харин та Кавабатагийн зохиолоос өдөр бүр тэдэн хуудас орчуулаад байж чадах уу” гэж санал тавьсан. Тэгээд тэр орчуулагч хүнд өвчнийхөө хажуугаар Кавабатаг орчуулаад өгсөн шүү. Ингэж би шагналынхаа нэг хэсгийг Кавабатад зориулж билээ. 




[ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ]

“Японы ноён Кавабата буюу миний төрөлх Ази” нэртэй бичвэр бол сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын тэрлэсэн, миний хамгийн унших дуртай тэмдэглэл. Чухам энэ тэмдэглэлийн ачаар л тэр Ража Тампа шагналыг авсан шиг чухам энэ тэмдэглэлийг уншаад л би түүнтэй ярилцъя гэж шийдсэн билээ. Тэгээд заавал өөрийнхөө унших дуртай хэсгийг ярилцлагынхаа дундуур бүхлээр нь оруулна даа гэж төлөвлөсөн. Тэрхүү амлалтаа биелүүлж буй минь энэ:

“Тийм ээ, өнөөдөр чинь 1991 оны 11-р сарын 10. Цастай, их ч сайхан өдөр. Хөдөөнөөс эргэж ирсэн болохоор юм уншиж гэртээ өнжив. Үдийн хавьд нэгэн тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг эргүүлтэл би ийн бичсэн байх юм. “Зүдэрч зовж байгаагаа март. Залуугийн зовлон бол зовлон биш шүү. Зовох тусам сэтгэл санаа ариусаж жаргал эрх чөлөөг ухаарах болно. Зогсож болохгүй. Өчүүхэн ч алгуурлаж болохгүй. Кавабататай нөхөрлө. Японы Кавабатаг дэлгэн унш!” Тийм ээ, эл тэмдэглэлийн балархай мөрүүдийг 1987 оны зун Эрдэнэт хотын халдвартын эмнэлэгт хүнд өвчин туссан охиноо сахиж суухдаа бичсэн юм. 

Надад цаг зав өчүүхэн бага гарна. Нэг үгээр хэлбэл охины халуун бууж, өвчин шаналгаа нь багасан, хоолоо идчихээд унтах тэрхэн бага агшинд л сэтгэл санаа сайхан амрах шиг болдогсон.

Гэхдээ хамгийн гол нь албадлага хавчилга байхгүй, дарга дуудах, дургүй ажилд явуулахгүй учраас яагаад ч юм би ердөө л бодох ёстой юмаа бичиж аль эсвэл би эрх чөлөөтэй алхална.

Надад эрх чөлөө байгаагүй л дээ. Гэхдээ л эрх чөлөө минь байсан юм. Дөнгөж саяхан баригдсан энэ эмнэлэг “СЭВ”-ийн стратегийн гол бааз болсон зэсийн залуу хотын хамгийн захад байсан болохоор ердөө л цонхон дороос Монгол нутгийн ер бусын онгон байгаль үргэлжилж түүнд нь би үнэнхүү сэтгэл баясаж хөл хориотой ч дотор уужрах шиг болно. Ер нь зун бүхэн энд тийм байдаг юм уу? Аль эсвэл тэр зун тийм сайхан өвс ногоо ургасан юм уу, бүр эсвэл би хаашаа ч явахгүй байсан учраас тийм соргог сайхнаар мэдэрсэн юм уу. Явган хүүхэд бараг далд орохоор өвс ногоо ургаж, өнгө өнгийн цэцэг найган ганхаж алаг эрвээхэй нисэлдэн, шөнийн нам гүмд бүх юм сайхан. Харамсалтай нь бидний орж гарах ёстой хаалгыг хаасан байлаа. Сувилагч нартай нь маргаж байж хаалга онгойлгон өөртөө бас нэг эрх чөлөөг олон авч билээ. Охин минь эхний хэдэн хоног аюултай халуурч байснаа гайгүй болж хоолондоо орж нааш цааш гүйдэг болов. Баярын үеэр явж байсан болохоор даргадаа ч өөрөө мэдээ хүргээгүй ердөө л хоёр удаа цахилгаан илгээсэн юм. Зөвлөлтийн “перестройка”, Сталины аллагын талаар манай эмч уншсанаа хааяа өвчтөнгүүдэд сонин болгон ярина. “Монгол хүн бараг шарладаггүй, халдварт өвчинд бараг нэрвэгддэггүй байжээ. Цагаан идээ тараг сүүний ачаар энэ бүхнийг гэтэлдэг байв. Ээдмийн шар усан дотор гэхэд л манай улс одоо валютаар авч байгаа дөрвөн ховор эм байна” гэж өөрөөр сэтгэгч тэр эмч хэллээ.

Өглөө эрт босож явган алхална. Орой нь, өдөр нь охиноо тэвэрч, үүрч алхална. Тэр эрх амьтан намайг тамлаж гүйцнэ. Эмнэлэгт хэвтсэний дараахан дөрөвдэх өдөр нь юмдаг. Гэнэт цонх хүн тогшлоо. Эргэн харвал олон жил хэлмэгдэж, яс махтайгаа хатаж яваа манай нэрт зохиолч миний хайрлаж хүндэтгэдэг хүн Нямбуугийн Нямдорж гуай халуун савтай цай, шилтэй шөл барьчихсан хэрэг хийчихсэн гэмт хэрэгтэн этгээд шиг, эцэг эхийнхээ өмнө алдаагаа гэмшиж буй хүүхэд адил биеэ барьчихсан зогсож байв. Би гүйн гарлаа. Тэр надад юм авчирч байгаад бус гагцхүү тэр хүн өөрөө ирчихсэн байгаад л би маш их баярлаж байлаа. 

-Танаар сонин сайхан юутай?
-Сонин юмгүй, өчигдөр жаахан.
-За.
-Муухан л болсон байгаа даа!
-Зүгээр, зүгээр.
-Авгай байхгүй, гэрт ээж байхгүй. Тийм болохоор би л хийсэн юм. Намайг уучилж өршөөнө биз дээ гэж их л гэмшингүй хэрэг хийсэн хүүхэд зандрангуй эцэг эхийнхээ царай үзсэн юм шиг зогсож байв. 

Талх боовноос надад хамгийн хэрэгцээтэй амин чухал тэжээл болох хэд хэдэн ном сэтгүүл боож ирсэн байлаа. Энэ нь надад хар шөл, хайрсан буузнаас хэдэн зуу дахин илүү хүнс тэжээл байсан. Нямдорж гуай бол зовлон үзсэн, зовлон туулсан эгэл жирийн наргианч хүн. 

Хөгтэй ч, хөгжилтэй ч хүн. Тэр над дээр маргааш нь ирэхдээ “Чамд ерөөсөө ганцхан ном авчирлаа. Хэд хоног дахин дахин уншиж эргэцүүлэн бодоорой” гэж 1971 онд Москва хотноо хэвлэгдсэн Японы нэрт зохиолч Ясунари Кавабатагийн 397 хуудастай “Дэлхийн утга зохиолын нэрт мастерууд” цувралаар гарсан нэгэн номыг өгөхөд би үнэхээр баярлан авч билээ. Яагаад гэвэл бас надад 1984 онд “Известия” сонины хэвлэх үйлдвэрээс гарсан “Буурал нийслэл” гэдэг номыг уншихаар авчирсан байв. Охиноо сахина. Өөр надад ажил байхгүй. Холбоо муутай болохоор дахин би даргатайгаа ярьж чадсангүй. Сүх далайтал үхэр амар гэгчээр даргатайгаа учиртал үнэнхүү сэтгэл тайван байв. Элдэв юм бодохгүй, аар саар юманд цаг алдахгүй, даргаас айхгүй, элэг зүрхээрээ хүссэн юмаа бодож дуртай номоо уншина гэдэг ёстой нар гарч богинохон ч гэсэн сэтгэлийн жаргалаа эдлэх шиг болдог юм. Охин минь хоолоо идчихээд, жаахан тоголж, эрхэлж сахилгагүйтэж байгаад унтаад өглөө. Ашгүй, ашгүй. Цонхоо нээчихээд үзэг цаас дэвтрээ авч буланд очиж суулаа. Гадна халуухан өдөр болж байгаа хэдий ч, батгана дуугарах сонсогдож байгаа ч өрөөнд сэрүүн салхи сэвэлзэнэ. Тэр тусмаа яг манай өрөө том эмнэлгийн сүүдэр талд байдаг болохоор ямар ч нартай аагим халуун өдөр ч нээлттэй цонхоор сэрүүн салхи сэвэлздэг юм. Би зохиолч Кавабатагийн номын эхний хуудсыг нээтэл “Мишигийн Цэдэндорж” гэсэн танил гарын үсэг нүднээ харагдаж зурж уншсан мөрүүд нь дурайж байв. Ёстой билиг дэмбэрэлтэй сонин учрал. Манай нэрт зохиолч миний шүтээн Мишигийн Цэдэндорж хэлмэгдэж явахдаа Кавабатагийн номыг хэдэнтээ уншиж сайн найз Нямдорждоо дурсгал болгон үлдээжээ. Ядарч зүдэрч явахдаа Нямдорж гуай бас л энэ номыг шимтэн уншиж явжээ...”

Сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын “Японы ноён Кавабата буюу миний төрөлх Ази” тэмдэглэлийн хэсгээс



-Та шагналынхаа мөнгийг юу юунд зарцуулсан бэ?

-Би мөнгөнийхөө дээжээс “Хадгалаарай” гээд ээждээ 50 доллар өгсөн. Дараа нь Засгийн газрын агуулахаас гурван рулон цаас 19 мянган төгрөгөөр худалдаж аваад “Хөх толбо” сониныхоо анхны дугаарыг хэвлүүлж билээ. Мэдээж ах дүү, амраг садандаа тараах, найз нөхдийгөө хүлээж авахад багагүй мөнгө үрсэн. Харин үлдсэнийг нь банкинд хадгалуулсан даа. Ямартай ч энэ шагнал манай гэр бүлийн хувьд маш том эргэлт болсон гэж боддог. Хамгийн гол нь “Хөх толбо” сониноо үүсгэн байгуулж, дөрвөн хүүхдийнхээ сургуулийг төгсгөж чадлаа.

-Сонины сурвалжлагч байсан хүн гэнэтхэн сонин эрхлээд, бүр эрхлэгч нь болох амаргүй санагдсан байх даа? 

-Сонин бие даан эрхэлж гаргаснаас хойш ердөө хоёрхон тохиолдолд л өөрийгөө эрхлэгч гэдгээ мэдэрдэг байв. Эхнийх нь тайлан тооцоо гаргах үед, хоёрдахь нь шүүхэд дуудагдах үед. Бусдаар бол сониныхоо хамгийн “бага тушаалтан” нь би. Сониноо үйлдвэрт хэвлүүлнэ, үүрч тараана, хамаг л хар бор ажилд нь гардаж оролцоно. 

Ноднин хавар нутагтаа очиход нутгийнхан маань намайг танихгүй шахуу байсан. Юу болчих нь энэ вэ гэж дотроо гайхсан боловч нээрээ би чинь сүүлийн гучин жил хаашаа ч томилолтоор явалгүй, дугаараас дугаарын хооронд сонинтойгоо зууралдсаар явж шүү дээ. 

-“Хөх толбо” сонин өдгөө 24 дэх жилдээ уншигчдын гарт очиж байна. Мэдээж энэ сонины хамгийн олон уншигчтай, оргилуун үе одоо биш. Гэхдээ та 24 жилийн турш нэг ч дугаар таслалгүй сониноо гаргасаар л байна. Олон хүн сониноо ашиггүй болмогц нь гаргахаа больчихдог. Харин та тэгээгүй. Үүнийн учир шалтгаан юу юм бэ?

-Л.Түдэв гуай нэгэн удаа “Хэрэв би эндээс явдаггүй л юм бол сүүлчийн ганц уншигч хүртэл сониноо гаргах болно” гэж хэлсэн гэдэг. Тэрхүү ганц уншигч нь хэн бэ гэхээр Л.Түдэв гуай өөрөө юм аа гэж манайхан хошигнон ярьдаг сан. Энэ бол үйл хэрэгтээ үнэнч байхын үлгэр жишээ юм. Тийм ч учраас би төдийгүй бидний дараагийн үе энэ сониныг үргэлжлүүлэн гаргах учиртай. Нэгэн цагт “Хөх толбо” сонин биднийг тэтгэж байсан бол бид одоо сониноо тэтгээд явж болно.

Одоо сонин маань өчүүхэн бага хувиар хэвлэгдэж байгаа ч цаасан хэвлэл цаашдаа ч гэсэн хамгийн чухал зүйл хэвээр байна гэдэгт би итгэдэг. Банкинд хадгалуулсан шагналынхаа мөнгөөр “Хөх толбо” сониноо багахан хэмжээнд тэтгэж болоод л байна. Бид цаашид ч ийм маягаар гаргана. Сониноос бид ашиг олохдоо гол биш. Сонин бол бидний хувьд бахархал, нэр төр юм. Бид үйл хэрэгтээ үнэнч байх энэ зарчмыг үеийн үед баримталсаар л байх болно. 


"Хөх толбо" сонины анхны дугаар

-Олон жилийн туршлагаараа дүгнэхэд, сэтгүүлч хүн гэж хэнийг хэлдэг юм бэ?

-Би чинь “сэтгүүлч” гэдэг програмыг хар багаасаа л өөртөө суулгачихсан хүн шүү дээ. Туулсан замналд минь дарга болох ч юм уу, арилжаа наймаа эрхлэх боломж цөөнгүй тохиосон. Гэхдээ би зам мөрөөсөө урваагүй ээ. Сэтгүүлзүйд сэтгэл зүрхээ зориулъя л гэж тууштай шийдсэн. Хэрэв залуу сэтгүүлчид энэ зам мөрийг эргэлт буцалтгүйгээр сонгоё гэж зориглосон бол цалин хөлс бага байсан ч хамаагүй, сонгосон шийдвэртээ үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Ер нь сэтгүүлч хүний амьдрал өөрөө бүтээл юм. Сэтгүүлч гэдэг хүн бол роман бичиж амжаагүй зохиолч, шүлэг бичиж амжаагүй найрагч.  

-Бичсэн болгон минь сэтгэлд хүрэхгүй үе зөндөө тохиолдох юм. Танд ийм үе тулгарч байв уу? Энэ үед чухам яах ёстой байдаг юм бэ?

-Эхлэн бичигчдэд хандаж хэлэхэд эхлээд энэ замыг чин үнэнээсээ сонгосон эсэхээ өөрөөсөө асуу. Нэгэнт сонгосон бол бичээд л бай, бичээд л бай гэж зөвлөе. Өөр ончтой зөвлөгөө байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Тиймээс зүгээр л бичээд бай. Гол нь цаг хугацаандаа амжиж сур, эхэлсэн л бол дуусгаж хэвш. Шүд зуугаад ч хамаагүй бичсэнээ дуусга. Маргааш гэдэг өдөр байхгүй гэж санаад өдөрт нь бичиж дуусга. Дараа нь унд цайгаа тухтайхан ууж болно шүү дээ. Ер нь бичсэн зүйлдээ сэтгэл гонсойгоод байх шаардлагагүй. Гол нь бичиж дуусгасан л байх хэрэгтэй. Мөн архиваа эмх цэгцтэй болго, тэмдэглэлээ нягт няхуур хөтөл. Сэтгүүлч хүнд “түүхий эд” чухал, өнөөдөр хэрэггүй гэсэн зүйл маргааш хэрэг болж мэднэ. 

-Үгийн сангаа арвижуулахын тулд хэрхэх ёстой вэ?

-Эгэл хүмүүсийн яриаг чагна. Ялангуяа, өвгөд хөгшдийн яриа хөөрөөнд бидний мэдэхгүй, бараг мартагдах шахсан олон монгол үг бий. Жишээ нь суугаа ажлаас үүдэн нуруу өвдөхийг “хар хонгодох” гэж хэлж ярьдаг юм байна. Би үүнийг хөдөөний малчин хүнээс сонссон юм. Гэхдээ сэтгүүлч хүнд үгийн баялаг гэдэг хамгийн чухал зүйл биш ээ. Гол нь мэдрэмжээ хурцалж бай.

-Унших бүрт уйдамгүй ном гэж танд байдаг уу? Заавал уншаарай гэж хэдэн ном санал болгооч?

-Еврей хүүхдүүдэд заавал унших ёстой номын жагсаалт гэж байдаг. Яагаав “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” дээр Анне охин 14 настайдаа, уншвал зохих бүх номоо уншаад дуусгачихсан тухай гардаг шүү дээ. Еврей хүүхэд бага насаа тамд, үлдсэн насаа диваажинд өнгөрөөдөг бол бусад үндэстний хүүхэд эсрэгээрээ бага насаа диваажинд, үлдсэн амьдралаа тамд өнгөрөөдөг гэсэн үг бий. “Там” гэдэг нь өнөөх олон номыг хэлээд байгаа хэрэг. Тиймээс энэ удаад бага залуу насандаа уншвал зохилтой хэдэн ном нэрлэе. Ихэнх нь миний уншиж өссөн, дээр үеийн номууд. 

Юуны түрүүнд “Робинзо Крузо”-г нэрлэе. Бас Жюль Вернийн зохиолууд бүгд гоё. Дээрээс нь, Гагарины “Сансарт хүрэх зам”, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Амь үрэгдсэн цэргүүд ярьж байна” гэх зэрэг номуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Мөн Махатма Гандигийн “Миний намтар” байна. Энэ хүн хүлцэн тэвчихүйн гайхамшигаар сүр хүчтэнийг сөхрүүлж дөнгөсөн. Британи гэдэг чинь нэгэн цагт дэлхий өөрөө байлаа шүү дээ. Гэтэл түүнд юу байсан юм бэ? Зүгээр л нэг нүцгэн нөхөр. Тэрбээр оюун санааны аугаа их хүч тэвчээрээр нэгэн үндэстнийг байлдан дагуулж чадсан. “Миний намтар”-ыг Мишигийн Цэдэндорж гуай машид яруу хөрвүүлсэн шүү. Бас Роберт Бернсийн “Гуниггүй ядуус” бол чухаг ном. Уолт Уйтмений “Өвсний навч” ч гэсэн ялгаагүй. Эд бол чөлөөт сэтгэлгээний эрэлхийлэл болсон лут бүтээлүүд юм. Өдгөө эдгээр номыг бараг дурсахаа байж дээ.

-Та хуучирсан зөөврийн компьютерээ байнга шахуу дэргэдээ байлгах мөртлөө асаагаад Вөрд програмыг нь хүртэл нээж чаддаггүй шүү дээ. Ихэвчлэн багачууд л ноолж байгаа харагдах юм. Хөдөлгөөнтэй, асар хурдан хувирч өөрчлөгдсөн энэ эрин үеэсээ холдож хоцрохгүйг хичээх авч та өөрийн өсөж торнисон, үзэл санаа чинь биежиж томорсон хуучин цаг үедээ одоо ч гэсэн амьдардаг. Ном авахаар бол орчин цагийн гялгар, гоёмсог хэвлэлттэйг нь биш, он цагийн уртад онгож үнгэгдсэн хуучны номыг л сонгодог. Тэртээ олон жилийн өмнө нээсэн утасны дэвтэр тань хиртэж хуучирсан ч түүн дээрээ шинэхэн танилынхаа утасны дугаарыг бичээд л хадгалчихдаг. Гэвч таны хамгийн сайн мэддэг тэрхүү цаг үе улам алсран холдоод байх шиг. 

-Дейл Карнеги алдартай номныхоо оршилд “Хүн төрөлхтний гол хууль бол эмх цэгц мөн" гэж бичсэн байдаг. Ерөөс эмх цэгцийг эрхэмлэж чадсан хүн л урт удаан насалж, илүү ихийг бүтээж туурвидаг гэнэ. Утасны дэвтэр уйгагүй хөтлөх, үзэг цаас дэргэдээ байлгах, сонины хайчилбар бүрээ эмхлэх зэрэг нь миний хувьд хар багаасаа дадаж хэвшсэн эмх цэгц юм. 

-“Үнэн үг уран үгийг жанжилдаг” гэсэн Паскалийн үгийг та эшлэх дуртай. Энэ үгний цаана таны сэтгүүлчийн арга барил нуугддаг уу?

-Социализмын үед манай нэгэн нэрт сэтгүүлч Алтайн цаадах говь руу сурвалжилгаар явсан юм. Тэр сэтгүүлч Улаанбаатараас хөлчүү гараад, Ховдод хөлчүү буугаад, Алтайн өвөр говиор хөлчүү явж ирээд, уулзсан хүнийхээ овгийн эхний үсгийг утас цохиж асуусан болчхоод сурвалжилгаа бичиж билээ. Тэр нь уран хоосон үгээр дүүрэн боловч бүгд л ам булаалдан шагшицгаасан юм даг. Угтаа бол, чамин хээнцэр үгийг оноож бичсэнээрээ сайн бүтээл төрөх албагүй. Гол нь мэдрэмждээ хөтлөгдөж бичвэл ончтой. Сэтгүүлч хүний ажил хөдөлмөр бол уран үгийг элдэж хөөх бус, үнэний төлөөх эрэл хайгуулын замнал юм. Үнэнийг олчих юм бол уран үгийн хэрэг үгүй. 

-Та ер нь дуу хураагуур ашигладаг байв уу?

-Биднийг залуу байхад дуу хураагуур гэж бараг байсангүй. Байсан ч олдоц муутай. Тийм учраас хүмүүсийн яриаг маш хурдан бичиж тэмдэглэх хэрэг гарна. Жишээ нь, би “Ардчилсан хувьсгал”-ын хурлын протоколуудыг гараар маш хурдтай бичиж тэмдэглэж авсан.

-Таны бичгийн хэвийг баргийн хүн гаргаж уншдаггүй шүү дээ. 

-Гараар хурдан бичдэг байснаас бичгийн хэв алдагдаж, гаргацгүй муухай бичигтэй болжээ. Сүүлдээ би өөрийнхөө бичгийг хүртэл гаргахаа болих юм шиг байна. Цаашид кирил үсгээр гаргацтай бичье гэвэл дармалдаж бичихээс өөр аргагүйд хүрнэ. Харин монгол бичгээ сайн сурсан бол цэгцтэй сайхан бичих байж гэж бодогдох юм.  

-Тэгсэн мөртлөө та цаг үргэлж тэмдэглэл хөтөлдөг. Уулзсан хүмүүсийнхээ нэр ус, хэлсэн үгийг бичиж авахаас гадна өдөр бүрийн бодол эргэцүүллээ тэр дор нь бичиж тэмдэглэдэг.

-Миний хувьд, бичнэ гэдэг дадал зуршил юм. Мужаан хүн ямар ч модны өөдсөөр юуг ч урлаж болдог шиг толгойд орж ирсэн бодол санаа бүрийг гололгүй тэмдэглэж авдаг.

-Та өглөө бүр “цаасан хэвлэл” уншдаг. Энэ бараг таны хувьд, хэвшил болчихсон үйлдэл байх шүү?

-Сэтгүүлч хүн ном сонин бүрийг нэг бүрчлэн унших албагүй ээ, харин харсан байх ёстой. Эмийн заавар, рекламны хуудас дотор ч хэрэгтэй зүйлс байж л байгаа.

-Энэ үеийн сонин хэвлэлүүдийг таны залуу байсан 80, 90-ээд оныхтой харьцуулбал юугаараа ялгаатай вэ?

-Бидний үед ярилцлага ховор хийдэг байж. Ярилцлагыг нэг бол цаг үеийн чухал асуудлаар, эсвэл алдартай ховор хүнтэй хийнэ. Одоо бол сонины нүүр болгонд ярилцлага гардаг болж дээ. 

Надад Асахи сонины сурвалжлагч “Манай сонины хамгийн оргилуун үе бол таван хүнтэй редакц байхад л” гэж хэлж байсан шиг 90-ээд оны чөлөөт хэвлэл өнгө зүсээр гундуухан ч түүх, нийгмийн асуудлыг чөлөөтэй дэлгэн тавьдаг байжээ. Гэтэл өнөөгийн сонины бичлэг, зарим талаараа социализмын үеийн бичлэгээс дордсон харагдах юм. Ихэнхдээ ярилцлага хийсэн, амрыг харсан, нуршуу бичсэн, мэдээлэх төдий байна. Сэтгүүлчид ч гэсэн бичиж буй сэдвийнхээ гүн рүү өнгийхгүй юм. Сайн сэтгүүлч цалин авдаг “сонины ажилтан” төдий бус, “уран бүтээлч” байх учиртай. 

-Хүн ер нь өөрийгөө хэдийд жинхэнэ сэтгүүлч болчихлоо гэж мэдэрдэг юм бэ?

-“Сэтгүүлч болчихлоо” хэмээн бага залуу насанд аархах үе зөндөө. Гэвч энэ бол залуу насны хөөрөл алдаа юм. Ер нь сэтгүүлчийн замнал дуусашгүй урт. Насан туршдаа “сэтгүүлч болно” гээд л зүтгээд байх хэрэгтэй. 

-Нямбуугийн Нямдорж гуайн сүүлчийн шүлэг танд гар бичмэлээрээ байдаг гэж сонссон. Та түүний тухай дурсаач!

-Би Нямбуугийн Нямдорж гуайг “Монголын шилдэг яруу найраг”-аас анх уншиж билээ.

“Ай миний 27-хон нас юухан байлаа
Алиахан салхинаа хүүхний хормой дэрвэхэд
Адилхан догдолж явсан
Алаг зүрхэн...” гэдэг ч юм уу,
“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм.
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар...” гэхчилэн энгийн товч бичсэн мөртүүдийг ихэд бишрэн уншдаг байв. Номон дээрээс түүний үсгүй халзан зургийг хараад уулзах сан гэж удаан мөрөөсөж билээ. Ингээд шавь нартай нь танилцаж, дараахан нь уулзаж нөхөрлөх завшаан тохиосон. Нямбуугийн Нямдорж гуай бол наанаа эгэл даруухан нэгэн боловч цаанаа эрхэмсэг бардам найрагч байсан. Амьдрал ахуй нь хүнд хэцүү гэгддэг ч хэзээд л уншиж бичиж суудаг сан. Бусдыг сайхан үгээр харамгүй тэтгэнэ, басхүү алиа хошин зантай гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд нас барсных нь дараа орных нь гудсан дороос олдсон “Наашаа цаашаа” гэх шүлгийг надад эхнэр нь өгч билээ. Хожим тэр шүлгийг “Хөх толбо” сониндоо нийтэлсэн. 




[ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ]

Нямбуугийн Нямдорж гуайн “Наашаа цаашаа” гэх сүүлчийн шүлгийг сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын хувийн архиваас баахан эрсэн боловч ер олоогүй юм. Бараг олдохгүй нь дээ хэмээн бууж өгчихөөд байлаа. Тэгтэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр өглөөхөн аажуу тайвуу босоод гэрээс гарч, ярилцлаганд нь тохирох зураг сэлт хайхаар Б.Эрдэнэбаатарын архивыг дахин онгичтол юу тохиолдсон гээч! Хамгийн түрүүнд сонгож авсан хавтасны хамгийн түрүүнд сугалж гаргасан цаасан дундаас өнөөх хайж явсан шүлэг маань гэнэтхэн гараад ирэв. Яруу найргийн аугаа шид гэж үүнийг л хэлэх байх. Нямбуугийн Нямдорж гуайн сүүлчийн шүлэг энэ ярилцлагыг заавал чимэх учиртай байж.

НААШАА ЦААШАА

“Насны минь багад юм бүхэн наашаа
Намайг л гэж онцолсон юм шиг
Надад тэгэж харагддаг, санагддаг байж билээ.
Харагдсан бүсгүйчүүдийн нүд хүртэл
Хаа тэртээ хорвоог орхисон янагхан Явуугийн
Хачин гайхалтай шуналтай тэр харц шиг
Харахгүй ч гэсэн хармаар санагддаг байсан.
Цагийн аяс өөрчлөгдөхөд юм бүхэн цаашаа
Цаашаа, араас нь харж байгаа юм шиг
Санаанд тогтох торох дургүй болж
Салан одохын зөн совин орсон шиг
Санамсаргүй хорвоо цаашаа цаашаа
Эхнэрийн орны нь ойхнуур явахад хүртэл
Этгээд яхир яргиа дуугаар
Цаашаа цаашаа гэх нь
Салан одсон авгайн үг”


Нямбуугийн Нямдорж гуайг өөд болсных нь дараа гудсан дороос нь олдсон түүний сүүлчийн шүлэг



-Таны уйлж байгааг би ерөөсөө хараагүй юм байна. Эр хүн сэтгэл дотроо уйлдаг гэдэг л дээ. Тэгвэл тун саяхан бэргэний тань, настай эмээ өөд болсон мэдээг хүүгээсээ сонсоод нулимс унагасан гэж сонслоо. Бас том хүүгээ онгоцны буудал дээр үдэж өгчихөөд Гандангийн эл хульхан байшиндаа ганцаар уйлж суусан гэж таны нэг шүлэгт гардаг даа. Та амьдралдаа хэр олон удаа уйлж үзсэн бэ? 

-Ер нь ховорхон доо. Харин сая хүндээр өвдөхөд арваад хоног дотроо уйллаа. Амьдралын минь өдөр хоногууд хальс эргэлдэж буй шиг л нүдэнд харагдсан. 

-Та ижийгээ санадаг уу? Таны ижийг нутаг орныхон нь “Бурхан Бужаа” гэж хүндэтгэдэг байсан юм билээ. 

-Би ижийгээ төдийлөн санаад байдаггүй. Учир нь ижий маань бүгдийг зөөлөн аргаар хэлж захиад үлдээчихэж. “За, хүү минь, даарч болохгүй шүү, халууцаж үхсэн хүн гэж байдаггүй, дулаан хувцсаа заавал авч яв, чамд хүнддэхгүй. Хүний гар битгий харж бай л даа, чамд гар бий шүү дээ” гэх зэрэг ээжийн хэлсэн үг бүр хүнд хэцүү үед минь үргэлж надад хань болдог. Тийм ч учраас ээж маань одоо ч гэсэн надтай хамт амьдарсаар л байна. 

Захчины дээл сэлтийг би харж байгаагүй. Музейд л харж байсан. Харин захчин хүний сэтгэхүй, төрөлх чанарыг бол би сайн мэднэ. Манай гэрт явуулын хүмүүс ирэхэд ээж маань хийсэн хоолоо бүгдийг тэдэнд өгчихөөд “Та нарт тэртэй тэргүй хоол олдоно” гэж хэлдэг байв. Тэгээд зогсохгүй, гаднын гийчдийг дааруулахгүйн тулд байдаг бүх юмаараа хуччихаад өөрсдөө даарч хононо. 

Ижий маань “Хурын хувцас олддоггүй, хуриманд хувцас олдоно” гэх зэргээр захиас сургаалуудаа мөр холбож хэлнэ. Энэ бол муу юмаа битгий хаяж бай гэсэн санаа юм. Хүүхдийг хэзээ ч зандарч загнахгүй. “Хүүхэд бол эрх чөлөөтэй амьтан. Хэчнээн үймүүллээ ч гэр нураачихгүй шүү дээ” гэж захидаг сан. Хүүхэд хоолоо идэж байгаад асгачихвал ер зэмлэхгүй. “Заяачтайгаа хувааж идэж байгаа нь тэр. Цаана нь дахиад нэг хүн байгаа шүү дээ” гэнэ. Хүүхдийг хамаагүй их загнахаар зүрх нь үхчихдэг юм гэж хэлдэг сэн. Гэрээр орж гарсан гийчин бүрийг сайхан дайлна. Гэхдээ амттан шимттэн, архи дарсаар дайлахгүй. Манайх хэдэн сайхан тарлан үнээтэй. Сүүгээр нь сайхан аагтай цай чанана. 

Хамгийн сүүлчийн цагаан сараар 400 гаруй зочин гийчин ээжтэй золгохоор ирж билээ. Тэгтэл ижий маань намайг сэмхэн дуудаад “Зэрэгт биднийг ядарч явахад хэн тусалдаг байлаа. Сээкээ Чунаг гэдэг хүн л сэтгэлээсээ тусалсан  юм шүү” гэж захисан. 


Сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын ээж. Гэрэл зургийг Л.Ганзориг /Гамма агентлаг/

-Та туулсан замналдаа харамсдаг уу?

-Ер харамсдаггүй. Гагцхүү Кастрогийн хэлдгээр сайхан цагт ихийг бүтээгээгүй байж болно. Угтаа би чинь буйд хөдөө нутгийн дов толгод дунд мал хариулаад л явж байх ёстой хүн. Гэвч зоригтойгоор өөрийгөө илэрхийлж чадсан учраас яг л Василий Песков шиг бүхий л амьдралынхаа турш сэтгүүлч гэх эгэл хэрнээ эрхэм албандаа үнэнчээр зүтгэлээ. 


Гярхай уншигч бол эл ярилцлагын гол баатар миний аав гэдгийг төвөггүй таньчихсан биз ээ. Тийм ээ, Эрдэнэбаатарын Энхцолмон гэх алдар нэрий минь эхэнд бичигддэг цорын ганц тодотгол бол дөнгөж сая үүх түүхийг нь уншаад дуусгасан Батын Эрдэнэбаатар гэх сэтгүүлчийн өөрийнх нь нэр билээ. Магадгүй уншигч та аавыг минь танихгүй байж мэднэ, яг л би Песковыг огт сонсож дуулаагүй шиг. Гэхдээ одоо та таньдаг боллоо шүү дээ, яг л би Песковыг мэддэг болсон шиг. 

Өглөө бүр үүрийн таван цагтай уралдан босоод, өдөр бүрийгээ гурван хэсэгтэйгээр төлөвлөн, залуус биднийг ичээлгэхүйц, нэн идэвхтэй амьдарч асан аав маань нэг л өдөр биеэ даах тэнхээгүй болтлоо өвдөж, орон дээр хэвтэх, цонхоор ширтэх, сонин хайчлахаас өөр алба ажилгүй нэгэн болчихож билээ. Үнэндээ ярилцлагынхаа зочноор аавыг урих шиг амархан зүйл байгаагүй. Аав үүрэндээ өвөлждөг ичээний амьтан шиг л өвөлжин гэрээсээ гараагүй. Дуу хураагуураа ширээн дээр нь сэмхэн гаргаж тавьчихаад “За яриад байж дээ” гэхчлэн бидний яриа аажуу тайвуу өрнөсөн. Урьд би Маркезийг хөрвүүлсэн их гүүш Готовын Аким гуайтай, герман хэлт зохиолч Чинагийн Галсан гуайтай, Японд амьдардаг монгол зураач С.Заяасайхантай уулзаж ярилцаж байв. Гэхдээ тэдгээр ярилцлагаас ялгаатай нь би энэ удаад ер тэвдэж сандарсангүй. Аким гуайг ажлынхаа уулзалтын өрөөнд дуудаж авчирчихаад баахан сандарч байсныгаа тод санаж байна. Харин зураач С.Заяасайхантай уулзсан зуны дунд сарын аагим халуун өдөр удахгүй энэ хүн Япон руу буцчих учраас өнөөдөр гэдэг ганцхан өдөр л надад байгаа юм байна гээд хоёр хуудас дамнасан бөөн асуултаараа эрхэм зураачийг залхаах шиг л болж билээ. Тэгвэл аав бид хоёр бүхэл бүтэн 5 өдөр дараалан хүүрнэлдсэн. Их ярьснаас ам нь ангаж, явган сууснаас нуруу нь чилэх бүртээ аав маань “За өнөөдөр ингээд болох уу даа” гэж хэлээд надаас зөвшөөрөл эрэх мэт дөлгөөхөн хардаг сан. Ингээд зогсохгүй, арван мянган үгтэй, нийтдээ дөрвөн цаг орчим үргэлжилсэн энэ ярилцлагынхаа эх бичлэгийг буулгаж редакторлоход би юунд ч яараагүй. Их зохиолч Чинагийн Галсан гуайн яг ийм урттай яриаг шивж хянахад ердөө хоёр өдрийн л хугацаа надад ногдож байсан бол аавын яриаг буулгахад яарч тэвдэх шаардлага байгаагүй. Би нэгдүгээр сарын нэг дулаарч, нэг жиндсэн олон ааштай өдрүүдэд юунд ч яаралгүй, тааваараа ажилласаар ярилцлагаа дуусгаж буй минь энэ. Дундуур нь би зүгээр суусангүй, сагсанбөмбөгийн мэдээ сэлтийг өглөө бүр сонирхож, дамын худалдаачнаас Б.Ринчен гуайн орчуулсан Юлиус Фучикийн “Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл” гэх 1951 онд 20 мянган хувь хэвлэсэн нимгэхэн номны нэгийг 20 мянган төгрөгөөр авч, нэгдүгээр сарын хамгийн хүйтэн өдрүүдийн нэгэнд “La la land” гэх дулаахан киног театрт үзэж, таньдаг зурагчныхаа “Metro-Metropolis-Metrosexual” гэх сүрдэм нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд очиж, тэр өдрийнхөө орой зохиолч Далхаагийн Норов гуайн “Тэжээвэр” тэргүүт түүврийнх нь нээлтэн дээр очоод уулзалт дуусахыг нь хүлээж хүлээж “Тагтаа”-гаас эмхлэн гаргасан шинэхэн номон дээр нь “Нохой мэт үнэнч... 2017.01.28. Д.Норов” гэж өвөрмөцөөр бичүүлж тус тус амжжээ. 

Энэ хооронд олон үйл явдал эргэн тойронд минь тохиосон байна. Эгчийн дүрсгүй жаал 5 настны эгнээ рүү дэвшиж, ахын хадам аав хоёрдахь удаагаа элэгний хагалгаанд орж, оны өмнөхөн дурангийн мэс ажилбар хийлгэсэн ээж маань сувиллаас ирж, өөрөө шоо эвлүүлж сураад зогсохгүй 50 гарсан ээж, 5-р ангийн эрэгтэй дүү, 20 гарсан эмэгтэй дүү, 31-тэй төрсөн ахдаа хэрхэн эвлүүлэхийг зааж өглөө. Бас Америкт Трамп тангараг өргөж, Монголд АН-ын шинэ даргын сунгаа явагдав. Үүнээс гадна Шувуу гэх авьяаслаг залуу гэрэл зурагчин тэнгэрт одсоныг дууллаа. Үнэхээр л баяр гуниг нь ээлжилдэг хорвоо юм даа.

Би Памукийн “Цас”-ыг эхлүүлсэн. Даанч номонд маань 9-26 дахь нүүр хоёр удаа тохиодгийг олж мэдээд хааяахан нэг таардаг хэвлэлийн алдаатай хувилбар нь надад таарч дээ гээд жаахан гонсойсон. Гэхдээ хуудсаар дутаагүй, харин ч “илүү” юм байна шүү дээ гээд өөрийгөө тайвшруулсан. Хажуугаар нь “Хүн, араатан, бурхад”-ыг хөрвүүлсэн Ж.Нэргүй гуайн ёжтой ярилцлагыг, сэтгүүлч Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан нарын “амьд” хөөрөлдөөнийг уншсан. Орчуулга хийх гэж оролддог юм болохоороо эхнийх нь, сэтгүүлч гэгдэх гэж мэрийдэг юм болохоороо хоёрдахь нь уншууртай, амттай санагдсан. 

Харин аав өдөр өдрөөр, сөөм сөөмөөр тэнхэрч байлаа. Босож ч хүчирдэггүй байсан бол өдгөө босдог болжээ. Өвлийн нар илчээ харамгүй илгээсэн гэгээхэн өдрүүдэд аав маань машины урд хүүхэд шиг догдолж суучхаад, эмнэлэг юм уу банк орох замдаа урьдын танил, үймж бужигнасан гудамж талбайгаа сониучирхан явсан сан. Хар гурилтай л бол ямар ч хоолноос татгалздаггүй аав маань намайг ярилцлагаа буулгаж байх өдрүүдийн нэгэнд машинд суугаад “Сакура”-гийн удон шөл, “Шинжаан” гэх рестораны татмал гурилыг зорьж идсэн. Бас агаар амьсгалчих санаатай Найрамдал руу хоёр ч удаа ухасхийжээ. Бусдаар бол өглөө бүр сониноо хайчилсаар, өдөр нь цонхоор ширтсээр, орой нь ортойгоо нөхөрлөсөөр хоногийг бардаг болж. Гэвч биенд нь үүрлэсэн өнөөх өвчин шаналал одоо ч тэндээ буй.

Песков малгайнаас салдаггүй байсан шиг аав залуудаа сахлаа ер хусдаггүй нэгэн байв. Өтгөн хар сахлаа бавайлгасан, өндөр биерхүү биетэй аав маань хүүхдүүд бидэндээ яг л арслан шиг санагддаг сан. Харин одоо аав арслангийн сүр бараагаа гээжээ. Гэвч түүний дотор сүрдэм том эр арслан буй гэдэгт би итгэдэг. “Хурдхан шиг мэс хүргээд өвчнөө эдгээчих л дээ” гэж аавыг би ятгах ч тэрбээр сурагч хөвүүн байхдаа сэтгүүлч болох шийдвэрийг удаан бодож байж гаргасан шиг цаг хугацааг уяж тогтоогоод үүдэн дээрээ “хүлээлгэчихэв”. Цаг хугацаа одоо ч түүнийг хүлээсээр л.

Аав маань Лермонтовын “Далбаа” шүлгийг Цэндийн Дамдинсүрэн абугайн хөрвүүлснээр үе үе чангаар уншдаг сан. Чингэхдээ тэрхүү шүлгийн яруу эрчимлэг хэмнэлийг зүрхнийхээ гүнээс дуудаж авчирна. 

“Хөх далайн цэнхэр мананд
Хөлгийн далбаа ганцаар цайрч
Ахуй нутгаа юунд орхиж
Алс газар юуг эрэв?” гэхэд нь ганцаардмал уйт мэдрэмж эрхгүй төрдөг сөн. Ахуй нутгаа орхин алс газрыг зорьсон аварга хөлөг онгоц тэнгэрийн хаяа руу ойртох тусам улам жижгэрсээр гагц далбаа нь л “цайран” харагддаг шүү дээ. Би эртний далайчдын хөлөг онгоц, энгүй хөх далайг нүдээр үзэж байгаагүй ч аавыг “Далбаа” шүлгээ дуудах бүрт энэ харь зураглал бодит дурсамж мэт дотно санагддаг сан. Үнэндээ манайх гэдэг айлыг хөлөг онгоц гэвэл аав бол бидний далбаа юм. Тийм ээ, тэр бол ганцаар цайрагч хөлгийн далбаа. Гэхдээ тэнд нь бид бас буй.


Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН

Өвлийн үлгэр


Аль дээр үед эхлүүлээд, ор тас хаячихсан нэгэн бичвэрийг чадан ядан орчуулж дуусгалаа. Америкийн зохиолч Нейл Гэйман юу гэж зөвлөлөө: Бичиж эхэлсэн л бол заавал дуусга. Ингээд ямар ч л байсан дуусгаж чадлаа.

“National Geographic Traveler” сэтгүүлд нийтлэгдэж байсан, сэтгүүлч Марк Женкинсийн энэ тэмдэглэл “ингээд л болоо юу” гэх дутуугийн мэдрэмж төрүүлж магадгүй. Учир нь “Эртний цаначдын мөрөөр” нийтлэлдээ өнө эртнээс уламжилж ирсэн, адууны ширэн ултай урт модон цаныг өдгөө ч гэсэн ахуй амьдралдаа өргөн ашигладаг Алтайн нутгийнхны тухай дэлгэрэнгүй өгүүлчихсэн байгаа. 





Хятадын нутаг дахь Алтайн нуруунд зочилсон нь


Гадаа -35 хэмийн тасхийм хүйтэн тачигнах авч морьд ер бээрсэн шинжгүй байн байн тургилна.  

Хамаг биеийг нь цан хүүрэг татаж, хамар амнаас нь халуун уур савссан хүлэг морьд эндхийн хахир хүйтэн цаг агаарт эртнээс нааш дасан зохицож сурчээ. Тэднийг махир тулгуур, урт шургаагаар, нутгийнхан “цана” гэж нэрлэдэг модон чаргатай холбосон байв. Өргөнөөрөө морины хондлойтой, уртаараа хүний биеийн өндөртэй тэнцэх модон чарганы ур хийц олон зуун жилийн турш ер хувьсан өөрчлөгдөөгүй аж. 

Чарганы маань чиглүүлэгч Нөрбек (Norbek) гэх өрвийсөн үстэй хасаг эр морьд шигээ хүйтэнд тэсвэртэй юмсанж. Мань эр нүцгэн гараараа жолоо цулбуураа султгаж чангалах бөгөөд түүнийг аялагчдын үүргэвч цүнх, алс хол далайн цаанаас авчирсан уулын цана, морьдод идүүлэхээр бэлтгэсэн шуудайтай өвс зэргийг хоёр чарган дээр ачиж дуусгамагц уртавтар өдөн куртка, зузаан өмд, цасны бээлий, аяны гутландаа бэмбэгнэж даарсан бид Төв Азийн өндөрлөг дэх Алтайн уулс руу хөдлөв.

Өвлийн турш цасан хучлагатай байдаг аглаг буйд Алтайн нуруу Хятад, Монгол, Казахстан, Орос улсуудын хилийн бэлчир орчмоос тэнгэр өөд цойлж эхэлдэг. “Морь ба чарга”-ны хослол гэсэн нүүдлийн өнө эртний хэлбэр өвлийн улиралд өдгөө ч гэсэн хол зам туулах гол унаа болсоор буй, дэлхий дээрх сүүлчийн газар гэвэл магадгүй Алтайн уулс л билээ. 

Бидний дөрвөн эр замд гарсан бөгөөд Нөрбек, бид хоёр эхний чарган дээр, Нилс Ларсен, Айкен хоёр удаахь чарган дээр суув. Ларсен бол цанын үүслийг судлахаар Алтайд өмнө нь есөн ч удаа ирж байсан Америкийн цанын судлаач. Үс нь ширэлдсэн, үг дуу цөөтэй энэ эр гарамгай цаначин төдийгүй Америкийн баруун умард хязгаарт орших шувууны нэртэй жижигхэн хотын захад, зуугаад жилийн настай дүнзэн байшинд амьдран суудаг юм. Бас цанын багашаархан компанитай. Харин Айкен бол таван ч хэлээр гаргууд сайн ярьдаг хасаг залуу. Хавчиг нүүртэй, хямсгар царайлсан хятад түшмэдийн учрыг хялбар олохдоо тэр гарамгай. 

Хятадын газар нутгийн баруун умард хязгаар, Шинжааны алслагдмал нутаг дахь Хэмү хэмээх бөглүү тосгоныг бид зорьж яваа юм. Ларсен тэнд цанын уламжлалаа хэдэн мянган жилийн турш хадгалж ирсэн сүүлчийн цаначидтай уулзаж магадгүй. Өндөр уул давж, Хэмү-Канас голын эрэг дагуу удаан явсны эцэст уулын гүн дэх алслагдмал тосгонд хүрэх ёстой. Зундаа мориор явахад нэг өдрийн л газар боловч яг одоо хоёрдугаар сар тул энэ зам тийм ч хялбар биш.

Зам дагуух Жалдүнвэ хэмээх жижиг суурингаас хөдлөх гэж байтал нэгэн морьтой эр цасан нурангинаас үүдэн Хэмү тосгон хүрэх цорын ганц цанын зам хаагдсаныг дуулгав.

“Цааш явах боломжгүй гэнэ ээ!” хэмээн Айкен бидэнд тэрхүү эрийн үгийг хэлмэрчилсэн хэрэг л дээ. 

Нөрбек бодолд дарагдсанаа алсыг ширтэв. Түүний царай төрх он удаан жилийн турш хайруу хүйтэн жаварт хайрагдаж хатуужсан нь илт. Морьтой эрийг өнгөрмөгц Нөрбек жолоогоо атган морьдоо хөдөлгөлөө. Тэрбээр уулсыг ч, морьдыг ч сайн мэднэ. Газар цавчлан урагшлах, хур дэл, урт сүүлтэй хүлэг морьд Чингис хааны дайнч хүлгүүдийн хойч удам гэвэл хэн ч эргэлзэхгүй биз ээ. 

Үлэмж биет морьд бидний чаргыг тэнхээ мэдэн чирч байлаа. Эхэндээ чаргаар явахад залхуу хүрэм удаан байсан нь гайхмаар. Морьд хунгар цасанд байсхийгээд л шигдчих тул хүний алхаатай адил хурдаар урагшилж байв. Зэлүүд ууланд зам хороохын тулд цаг их орно гэдэг худал үг биш бололтой. 

Бид замын суурингаас зайдуу, бараан мөчир бүхий хусан ойг салхи шиг л туулсан боловч зам алсарч, цас зузаарахын хэрээр морьд хүч тэнхээгээ барж байлаа. Тэд удалгүй алхам ч урагшлах хүч чадалгүй болж, даарч хөшсөн мэт таг зогсов. Нөрбек бэлхүүсээр татах хунгар цас руу үсэрч буугаад хамаг чадлаараа цас туучсаар мориныхоо урд гаран цулбуураас нь татав. 350 кг-ийн жинтэй үлэмж амьтныг урагш хөдөлгөх гэж оролдлоо. Морьд тэгэхийг л хүлээж байсан мэт гэнэт ухасхийх нь тэр. Морьдын хөдөлгөөн гүнзгий ус гаталж буй мэт хөшүүн харагдах ажээ. Айкен удаахь мориныхоо цулбуураас атгаад цас зүсэн алхахад зузаан хунгар дунд хоёр хөл нь живэв.  

Би Ларсэний хамтаар бараг зуу гаруй кг-ийн жин татах ачаатай чаргаа араас нь түлхлээ. Санаснаас ч хэцүү аж. Байдаг хүчээ дайчлавч байрнаасаа огт хөдлөхгүй байгаа мэт санагдаж байв. Цасан дунд шургаж унасаар нэг мэдсэн хамаг бие хөлөрчээ. Гэсэн ч биднийг чаргаа түлхэх зуур Нөрбек, Айкен хоёр морьдоо урагш чангаасаар л байв. Даваан дээр гарчихвал бүх зүйл болчих гээд байдаг. 

Моторт тэрэг, хар зам гэж үгүй алслагдмал энэ нутгийн өвлийн улирал харц булаах үзэсгэлэнт төрхтэй ажээ. Морьд энд моторт тэргийг орлодог. Нөрбекийн өвөг дээдэс ачлага уналганд зориулж агт морьдыг сургажээ. Зэрлэг адуунуудын хувьд, сүүлчийн мөстлөгийн үеийн тэсгим хүйтнийг тэсч үлдсэн цөөхөн газруудын нэг нь Алтайн нуруунаас Румыний уулс хүртэлх 5 мянга орчим км үргэлжилсэн Евразийн аугаа уудам хээр тал, тайгын бүс гэдгийг археологичид баталдаг. Тэгвэл саяхны судалгаагаар зургаан мянган жилийн өмнө яг энэ бүс нутагт зэрлэг адууг гаршуулсан болохыг нотолжээ.

Ангасан морьд цангаагаа цасаар тайлах зуур Ларсэн бид хоёр цанаа углаад давааны хойд энгэрээр гулгангаа аглаг хөвчийн гүн рүү уухайлж хашгирлаа. Нөрбек, Айкен хоёр чаргандаа сууцгаажээ. Хэдий чарга маань орчин үеийнх, бас ургаа моддыг сүлжин уул уруудаж болох байсан ч, Алтайн уулс дахь эртний цаначид шиг хунгар цасан дээгүүр салхи татуулан давхисандаа нэн таатай байв. 

Цаашлах тусам цас зузаарч, морьд маань байсхийгээд л цасанд шигдэж байлаа. Нөрбек бол Ларсентай адил хашир эр юм. Тэд олон удаагийн цанын аялалд хамтдаа оролцож байсан ч би яагаад ч юм, морьдод санаа зовниж эхлэв. “Морьд үхэж ч мэднэ шүү дээ” гэсэн санаа зовнингуй үгийг минь хэлмэрч Айкен түүнд дуулгалаа.

Бүсэлхийгээр татах хунгар дунд ганцаар зогсоод чаргаа цаснаас гаргах гэж оролдох Нөрбек над руу хяламхийснээ толгойгоо сэгсэрч байгаа харагдав. Ийнхүү бидний аялал цааш үргэлжилсээр. Ларсен бид хоёр чаргануудын дэргэд цанаар гулгаж явсан бөгөөд цасан нурангитай газар тааралдвал морьдод жим гаргахын тулд цас малтаж тусалдаг байв.

Бүрэнхий болох үес морьд маань өлдөж ядарсан гэдэг нь илт. Нөрбек морьдоо сул тавив. Агаарын хэм -40 рүү ойртох бөгөөд морьд маань мөнгөн хуягаа өмсжээ. Гэсэн ч Нөрбек тэвдсэн шинжгүй, туйлын тайван харагдав. Ларсэн нэг биш удаа Нөрбекийн чарга жолоодох арга ухааныг шагшран өгүүлж байсан ч би хувьдаа түүний гөжүүд, өрөвдөх сэтгэлгүй зангаас болж морьд маань үхнэ гэдэгт бүрэн итгэчихээд байв.

Удалгүй Нөрбек морьдоо чарганд хөллөж, бид үдшийн харанхуйтай зэрэгцэн цааш хөдөллөө. Оддын гялбаанд уул толгод цайран хөхрөх ажээ. Цанаар гулган зам хороож явсан би нэг мэдэхэд миний гар хөл мөс шиг хүйтэн болчихсоныг анзаарлаа. Гэхдээ бие минь дулаан илчээ алдаагүй хэвээр. Мянга мянган жилийн турш Нөрбек болоод түүний өвөг дээдэс урт аяныг яг ингэж туулдаг байсан гэхээр сэтгэлд сайхан санагдав.

Бидний дөрвөн аялагч тэрхүү эртний цаначдын аргаар аялж яваа бөгөөд бас амьд гаръя л гэвэл урагш цөхрөлтгүй тэмүүлж байх хэрэгтэй гэдгийг хэнээс ч илүү мэдэж байлаа. Гэвч бодит байдалтай нүүр тулмагцаа би цөхөрч гүйцсэн. Үнэндээ аялал маань, бодож тунгаах бус, зөвхөн урагшлахыг шаарддаг тун энгийн зарчимтай байв. Би Нөрбекийн туршлага, түүний арга ухаанд бүхнээ даатгаад юуг ч эргэцүүлж бодолгүйгээр шөнийн харанхуйд гулгаж явлаа. Ийн явах нь нуруун дээрээс нэгэн хүнд ачааг аваад хаячих шиг мэдрэмж төрүүлсэн. 

Түнэр харанхуйн дунд бяцхан шар гэрэл асч байхыг хараад би хөөрөн баярлаж билээ. Цасан “уул овоод”-ыг өгсөж уруудах бүрт нэг анивчиж, нэг алга болох тэрхүү гэрэл хязгааргүй харанхуйн дундах цорын ганц авралын гэгээ юм шиг санагдсан. Харин ойртох тусам бяцхан гэрэл байшингийн чийдэн болох нь танигдсан. Ийнхүү бид аврагдлаа. 

Нохойн хуцах чимээнд хөвөнтэй зузаан өмд өмссөн эр биднийг угтаж авсан юм. Чаргаа гадаа нь байршуулаад түүнтэй гар барин мэндчилэв. Эсгий үүдийг сөхөн ороход байшинд эхнэр, хүү хоёр нь гайхаж балмагдсан шинжтэй сууж байлаа. Бид харанхуй шөнө эднийхийг олсондоо итгэж чадахгүй байсан бол тэд ийм дүн өвлийн хүйтнээр,ийм харанхуй шөнөөр, ийм зэлүүд нутагт юу хийж явааг маань ер ухаж ойлгохгүй байгаа харагдав.

Айкен гэрийн эзнийг танилцууллаа. Нэр нь “Урт удаан амьдрал” гэсэн утгатай Вомир Узак унжуу хамартай, намхан туранхай эр ажээ. Эхнэр Мэйр Гүл нь дугураг бөөрөнхий царайтай сайхан эмэгтэй байв. Нүүр дүүрэн инээмсэглэх Жанат хүү нь 12 настай болов уу гэмээр харагдав. Айкен тэднийд хоноглож болох эсэхийг асуутал:

“Бололгүй яахав ээ. Та нар бол манай зочид” хэмээн гэрийн эзэн хариулав. Үдшийн 10 цаг болж байсан ч Мэйр Гүл пийшинд гал өрдөж, тогоо дүүрэн мах чаналаа. 

Нөрбек гэрийн эзний хамтаар морьдыг чарганаас суллав. Эднийх морины зүчээгүй юмсанж. Ядарсан амьтдад ус, өвс ч өгсөнгүй, зүгээр л зөнд нь орхичихов. Морьд юу ч болоогүй мэт үүрсэн зогсох нь хүлцэн тэвчихийн гайхамшиг ч юм шиг. Болдог сон бол би тэднийг дулаахан, тохитой газар руу тууж оруулмаар санагдсан.   

Айкений хэлснээр бол, гэрийн эзэд адуу малладаг гэнэ. Бид Хэмү тосгонг зорьж яваа гэдгээ тэдэнд дуулгалаа. Узак анхааралтай сонсож буй гэдгээ илтгэх мэт толгойгоо дохисноо “Цас нурснаас тосгоны зам хаагдсан” хэмээн хайнгадуу өгүүлэв. Үнэндээ “зам хаагдсан” гэдэг нь “явах боломжгүй” гэсэн үг биш болохыг бид дорхноо ойлгосон юм. Хүч тэнхээ, хүсэл зориг хоёроор тосгонд хүрч болдог гэнэ.

Цаг орчмын дараа Нөрбек гадагш гарч морьдод өвс өглөө. “Хэрвээ ядарсан морьдод ус эхэлж өгвөл гэдсээ дүүртэл уугаад өвс идэхээ байчихдаг юм” хэмээн тэрээр өөрийнхөө үйлдлийг товч бөгөөд тодорхой тайлбарлав. Үдэш орой болсон хойно, бид цөцгий, гоймонтой үхрийн махан хуурга, талх, жимсний чанамал зэргийг өрж тавьсан ширээний ард сууцгаалаа. Энэ зуур Нөрбек морьдоо услахаар гарав. Тэрээр морьдтойгоо ер нь л “хүйтэн хөндий” харьцах ажээ. Ядаж бүх биеэр нь бүрхсэн мөсөн ширхгүүдийг хүртэл хусаж унагаасангүй. “Морьдоо хучихгүй юм уу?” гэж намайг асуухад тэрээр “Үгүй” гэж байгаа бололтой толгойгоо сэгсрэв.

Их цасан дунд өдөржин явсан болоод ч тэр үү бодол санаа маань уужирч цэлмэжээ. Дээрээс нь гэдсээ подхийлгэчихсэн, бас аяншиж ядарсан тул бид унтахаар зэхэв. Байшингийн хананд бэхэлж тогтоосон, бараг ор гэж хэлж болохуйц модон тавцан дээр ширдэг зулжээ. Хэмжээний хувьд бидний дөрвөн эр, гэрийн эздийг хамтад нь багтаахуйц хангалттай том аж. Би аяны хөнжилдөө шургамагцаа гүн нойронд автлаа.  

Өглөө нойрноос сэртэл Мэйр Гүл галаа түлчихсэн, халуун сүүтэй цай ширээн дээр тавьчихсан байв. Би морьд маань үдшийн тасхийм хүйтэнд зогсоогоороо хөлдчихсөн, бараг хаврын урь ортол мөстсөн чигээрээ энэ айлын үүд хаалгыг харуулдан зогсохвий гэсэн шүү юм бодоод гадагш гарлаа. Гэтэл морьд маань амьд хэвээр төдийгүй бүр чарганд хөллүүлж байгаа харагдав. 

Хэмү тосгон хүрэхийн тулд бид өөрсдөө жим малтаж гаргах ёстой гэж Узак зөвлөсөн бөгөөд бид түүнийг аялалдаа туслуулахаар болов. Тэр бидэнд газарчлах юм. Урьд шөнө хоноглосон Узакийн гэр тэртээд алсран холдохуйд Мэйр Гүл алсад гараа даллан зогсож байгаа харагдав.  

Ларсэн бид хоёр морьддоо хүнд ачаа болж, тээр болохгүйн тулд цанаар гулгахыг илүүд үзсэн бол Айкен, Нөрбек хоёр чаргаа жолоодож явлаа. Нохой зээхийн мөр замд олон тааралдав. Үл үзэгдэгч гэдгээрээ алдаршсан энэ этгээд амьтны ул мөр ингэж элбэг тохиолдсон нь эндхийн газар нутаг зэрлэг дагшинаараа буйг нотолж байна хэмээн Ларсен өгүүллээ.

Ийнхүү аялал цааш үргэлжилсээр, бас уулын хөндий улам нарийссаар. Удахгүй ямар нэгэн саад тотгор учирна даа гэж зөнгөөрөө мэдэрч байсан нь ёсоор болов. Цасан нуранги чарганы замыг далдалж нуусан байлаа.

Морьд алгуурхан зогсоход Узак хүрзээ барин цас малтаж эхлэв. Бид дөрөв ч бас зам жим гаргачих санаатай цанаараа “хүрзэдлээ”. Малтаад л байдаг, малтаад л байдаг, маш их цаг гарздаж байлаа. Энэ маягаараа бүтэн өдрийг барах нь гэж би таамаглав.

Уйгагүй малтаж, хүрзэдсэний эцэст энэ нутгийнхан олон зуун жилийн турш яг ингэж цас малтан, урагшлах жим гаргадаг байсан юм байна гэдэгт итгэсэн. Нөрбек, Айкен, Узак ч мөн адил өөр арга чарга бодолгүй цас малтаад л байсан. Ингэж үйлдэх нь хэчнээн бэрх хэцүү, хэчнээн их цаг үрэх байсан ч тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй.

Бас би ямар ч сонголтгүй үед бүх санаа зовнил оргүй арилдаг гэдгийг олж мэдсэн. Бидэнд цасан нурангины дээгүүр, доогуур, хажуугаар, эсвэл бүр тойрч гарах сонголт байгаагүй, гагц чигээрээ сэтэлж гарах ганцхан зам байсан. Тиймээс цөхөрч, няцаж, бууж өгөлгүйгээр малтаад л байх хэрэгтэй юм билээ. Уур уцаар, оргилсон сэтгэл хөдлөл энд хэрэггүй. Би бодол санаагаа чөлөөлж, зөвхөн зогсоо зайгүй хөдөлж тэмүүлэхэд анхаарлаа хандуулав.

Хэрэв миний төрсөн нутаг Вайомингэд яг ийм цасан нуранга замд дайралдвал ахмад настай хүмүүс үүнийг “сорилт” гэж тодорхойлдог бол залуучууд “азгүйтэл” гэж үзэх байсан. Харин Алтайн нуруунд нутагладаг казах түмэн иймэрхүү саад тотгорыг сэтгэлийн хөдлөлөөр жинлэж хэмждэггүй. Тэдний хувьд цасан нуранги бол өдөр тутам тохиолддог, энгийн л зүйл. Тэд бол санаа алдаж суудаггүй, шууд л үйлддэг, бүр хичээл зүтгэл, цаг хугацаа хэчнээн их шаардсан ч малтаад л гардаг улс. 

Хамгийн гайхамшигтай нь, бид хоёрхон цагийн дотор өнөөх уул овоо шиг их цасыг сэтлэн зам гаргаж чадсан юмдаг. Цааш жаахан яваад л дахиад нэг цасан нуранги замд хөндөлссөн ч энэ удаад миний санаа ер зовоогүй. Дахиад л малтаад гарчих юм чинь гэж бодсон. Чаргаар аялна гэдэг, нэг үгээр “Зэнгийн тойрог” ч юм шиг. 

Дараагийн айлд очиход хэдийн үд хэвийсэн байлаа. Найрсаг зантай казах гэр бүл гэрийн боорцог, сүүтэй цайгаар дайлав. Тэдний гэрийн гадаа цасан дунд нарны хавтан зоожээ. Үүгээр гар утсаа цэнэглэдэг гэнэ. Бас гэрийнх нь шалан дээр өргөгч цамхаг бүхий тоглоомон машин хэвтэж байлаа. 

Гурван настай болов уу гэмээр, туг үс үлдээгээд толгойгоо гөлчийтэл хусуулчихсан өөдөсхөн хүү чамин тоглоомоо эвдлэх гэж оролдох тоолонд пийшингийн дэргэд суух настай эмээ нь анхаарал хандуулдаг байв. Саяхан л бид цас мөсөн дунд явж байсан бол одоо соёл иргэншлийн зааг хязгаарт нэгэнт хүрч иржээ.  

Хэмү тосгон хүрэх үлдсэн зам цасанд дарагдаагүй байлаа. Ларсэн бид хоёр цааш цанаар явсангүй, чарган дээрээ суусан юм. Хунгар цас замд дахин тааралдахгүй тул морьд маань тэнхээ мэдэн давхив. 

Нарны туяанд гялалзан гялбалзах цасан дээгүүр модон чарганууд мөсөн дээгүүр гулгах мэт урагш эрчилнэ. Эцэст нь бид чадлаа шүү дээ гэж баярлавч энэ бүхэн сэтгэлийг минь нэг л гонсгор болгов. Хэмү тосгонд эртний цаначид ч, энэ цаг үеийн цасны жийп ч бий. Би ийм үнэнтэй нүүр тулахад хараахан бэлэн биш байлаа. Тэрхэн цаг мөчид өнө эртний түүхт Алтайн нуруунд үлдчихмээр ч юм шиг санагдсан шүү. 

Хэмү тосгоны намхан сууцнууд, бас сууринг хучсан саарал утаа тэртээд үзэгдэхэд өмнөх замд минь дахин нэг удаа цастай даваа тааралдаасай гэж би битүүхэн хүссэн. Морин чаргаа хөлөглөн эзгүй буйд нутгийн гүнд, илүү олон шөнийг өнгөрөөмөөр ч юм шиг санагдсан. Бас эх нутаг нь ийм онгон зэлүүд байгаад Нөрбек, Айкен хоёрт битүүхэн атаархах шиг болсон. 

Бичих эрдэмд шимтэхүй



Нэг үе би бичих бүртээ шантардаг байлаа. Арайхийж нэг өгүүлбэр биччихээд, ахиж түүнийгээ уншмагцаа л шантарчихдаг байв. Ингээд тэрхүү өгүүлбэрээ засаж нягтлах гэсээр байтал бүтэн өдрийг барах нь энүүхэнд. Бичиж байгаа маань эхлээд шаналан, эцэс сүүлдээ зовлон болж хувирсан. Энэ үед аав маань “Бичээд л бай, бичээд л бай. Үлбэгэр, утга авцалдаагүй үгсийг хайр найргүй гадагшлуулж байж л оюун санаагаа цэвэрлэнэ шүү дээ” гэж билээ. Тэгээд би хагас жил хэртээ тэмдэглэл хөтөлсөн. Бичээд л байсан, бичээд л байсан. Унтахын өмнө нойрондоо дийлдсэн ч ээлжит тэмдэглэлээ нойрмоглон гүйцээдэг байв. 

Дараа нь зохиолч Нейл Гейманы ямар нэг зүйл бичиж эхэлсэн бол түүнийгээ заавал дуусгаж сур гэсэн зөвлөгөөг дагасан. Ингээд сайн муу, сайхан муухай бичих нь чухал биш, ерөөсөө бичиж дуусгах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Аавын үг нөлөөлсөн үү, аль эсвэл Нейл Гейманы зөвлөгөө тусалсан уу, бүү мэд, аль нь ч байсан гэсэн, өдгөө бичиж туурвиж байгаа маань зовлон гэж санагдахаа байжээ.

Мэдээж аугаа нэгэн болоход авьяас чухал л даа. Магадгүй би өөрийгөө авьяасгүй гэж дүгнээд бичиж туурвих ажлаас бүрмөсөн хөндийрч болох л байсан. Гэхдээ тэгж бууж өгөхийг хүсээгүй ээ. Одоо ч гэсэн би үе үе шантардаг ч гэлээ, тэртээ өдрүүдийн өмнө, нэг өгүүлбэр бичээд л шантардаг байснаа бодвол хэрэндээ л “бичгийн хүн”-ий дөртэй болчихоод байгаа юм. Тиймээс яг над шиг “авьяасгүй нэгэн”-д хэрэг болж магадгүй гэж үзээд зохиолчдын хэлсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг түүж нэгтгэлээ. 

Эцэст нь, суут зохиолчдын сайхан ярилцлагыг монгол хэлнээ тун чадварлаг хөрвүүлсэн авьяаслаг орчуулагч нартаа баярлалаа гэж хэлье. Таалан болгооно уу. 


 1  Бичиж туурвина гэдэг бол өгүүлшгүй гүн ертөнц, зарим нэгэнд нь амьд яваагийн утга учир.


ПАБЛО НЕРУДА

“Бичнэ гэдэг миний хувьд амьсгалахын нэр. Хүн амьсгалахгүйгээр амьд байж чадахгүй шиг би бичихгүйгээр амьдарч чадахгүй.”
[Эх сурвалж: "Бичнэ гэдэг амьдрахын нэр" ярилцлагаас]



ГҮЛРАНС

"Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь 
Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр."
[Эх сурвалж: Монголын сонгомол яруу найраг антологоос]


 2  Гэхдээ бичгийн хүн болно гэдэг харь, дээд хүмүүний тухай ойлголт биш.


Д.УРИАНХАЙ

СУРВАЛЖЛАГЧ: -Энэ олон жил уран бүтээл туурвиад эргээд харахад чухам ямар бодол төрж суух юм?

Д.УРИАНХАЙ: -Алдаанууд минь их тод харагддаг… 
Би залуудаа бодохдоо зохиолч, яруу найрагч хүн бусад хүмүүсээс хавьгүй илүү ухаантай, мэдлэг боловсролтой бэрх амьтан байх ёстой гэж боддог байлаа. Бас л алдаа!... Зохиолч, яруу найрагч хүн харин бусдаас илүү гэгээрсэн, сэрэхүй мэдрэхүй маш хүүхдэрхүү, нарийн торгон, зөн билиг их хөгжсөн, тэнгэрийн хэл сонсохдоо сонор, онгон зэрлэг амьтад шиг маш мэдрэмхий, байгальлаг, хөгжилтэй байвал зохих юм байна гэсэн бодолд автдаг болсон.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 3  “Гүйцээ. Би бичиж эхлэхээр шийдлээ.” Тэгвэл одоо хэрхэх ёстой вэ?


УОЛТ УИТМЭН


“Зохиол бүтээл оролддог хэнбугай ч хамгийн эхэнд өөртөө уншиж, бичих дадал суулгах хэрэгтэй.”
[Эх сурвалж: "Камдены найрагчаас залууст хүргэх зөвлөгөө"]
  
СТИВЕН КИНГ

“Хэрэв зохиолч болохоор зориг шулуудсан бол хамгийн чухал гэгдэх хоёр зүйлийг захья: Уншаад л бай, бичээд л бай.
[Эх сурвалж: Хэлсэн үгнээс нь]

 4  Ерөөсөө уншаад л байх хэрэгтэй гэж үү? Агуу Достоевский “Буурьтай, жинхэнэ ном л уншиж бай. Бусдыг нь амьдрал өөрөө зохицуулчихна” гэж сургасан байдаг шүү дээ.


УЙЛЬЯМ ФОЛКНЕР

“Унш, унш, унш. Хог новшуудыг нь ч, сонгодогуудыг нь ч, сайныг ч мууг ч ялгалгүй бүгдийг нь унш. Тэдний хэрхэн бичигдсэнийг сайтар ажигла. Яг л мужаан хүн дагалдагчаас багш болтлоо суралцдаг шиг уйгагүй унших хэрэгтэй. Уншигтун. Бүгдийг өөртөө шингээ. Тэгээд дараа нь бич. Хэрэв бичсэн чинь сайн болж байвал чи бүхнийг сурчээ гэсэн үг. Харин муу болсон байвал эргэлзэлгүй түүнийгээ цонхоор гаргаад чулуудчих.”
[Эх сурвалж: Афоризм]

 5  Бичмээр байвч бичиж хүчрэхгүй бол яах вэ?


ТРУМЭН КАПОТЕ

СУРВАЛЖЛАГЧ: Туурвилзүйн чадвараа сайжруулах аргууд гэж бий юу?

КАПОТЕ: Хөдөлмөрлөх л хэрэгтэй дээ. Миний мэдэх ганц арга тэр л байна. Бичнэ гэдэг гэрэл сүүдрийн тусгалын хууль шүү дээ. Яг л уран зураг, хөгжим шиг. Танд түүнийг мэдрэх төрөлхийн мэдрэмж бий бол асуудалгүй. Үгүй бол суралцах л хэрэгтэй.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ

“Заримдаа юу бичихээ мэдэж байгаа ч, хэрхэн гаргахаа мэдэхгүй болчихдог. Энэ үед санаагаа хадгалаад, бичих гэж яарсны хэрэггүй гэж би зөвлөнө. Бараг бүх зохиолч ийм зовлонтой нүүр тулдаг. Харин сайн зохиолч яарахыг илүүд үзэхгүй. Дотроо хадгалаад л явбал эгзэг нь таарахаар тэр санаа дотрыг чинь маажаад, үг болж буухыг хүчлээд эхэлдэг юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

ДОРИС ЛЕССИН

“Утга зохиолын авьяастнуудын нийтлэг шинж сайн боловсрол байдаг. Унших нь сайн зохиолч болоход асар нөлөөтэй. Сайн зохиолчид олон байдаг ч өөрийгөө нөөж, эсвэл тууштай байж чаддаггүй. Зохиол бичиж байхдаа заримдаа завсарлаж эсвэл бичсэнээ юу ч үгүй ураад хаячих бэлтгэлтэй бай. Би зохиолуудаа 4 удаа хуулж бичдэг, бичих тоолонд сайжирдаг. Зохиолч хүн уншигчийн хүрээгээ өөрөө бүрдүүлдэг. Чамайг унших дуртай уншигчдыг бий болгох ёстой. Яаж гэж үү? Өөрийн үзэж туулснаа чин үнэнээр бич, битгий тэр тухай бод. Үнэн бүтээл туурви.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 6  Харин юу бичихээ мэдэхгүй байвал...


ГАБРИЕЛ ГАРСИА МАРКЕЗ

“Би залуу зохиолчдод зөвлөх болбол өөртөө тохиолдсон зүйлийн тухай бич гэж зөвлөнө.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

 7  Нэгэнт бичих дөртэй болчихсон бол өдрийн аль ч цагт зохиол бүтээлээ туурвиж болно.


ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ

“Өглөө бүр үүр хаяарч эхэлмэгц би зохиолоо бичихээр суудаг.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 8  Хэрэв хөл чинь чилэхгүй л бол зогсоогоороо бичсэн ч болно.


ВЛАДИМИР НАБАКОВ


СУРВАЛЖЛАГЧ: -Та зогсоогоороо бичдэг гэсэн. Бас бичгийн машин хэрэглэдэггүй гэдэг. Үнэн үү?

НАБАКОВ: -Үнээн. Би бичгийн машин цохож сураагүй. Өглөөгүүр ажлынхаа өрөөнд байдаг нэг муу хуучин индэр дээр зогсож байгаад бичиж эхэлдэг юм. Тэгээд хөлийн булчинд хүндийн чанар үйлчилж эхэлмэгц бичгийн ширээний хажуудах түшлэгтэй сандал дээр сууна. Харин өнөөх хүч нуруунд мэдрэгдмэгц өрөөний булан дахь жижиг буйдан дээрээ хэвтээд бичнэ. Өрөөндөө нар зөв эргэдэг гэсэн үг. 
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]



 9  Өгүүллэг ч бай, нийтлэл ч бай, бичиж эхэлсэн л бол заавал дуусгаж байгаарай.


НИЛ ГЕЙМАН


“Бичвэрээ дуусга. Бүр дуусгахын тулд хэчнээн их чармайлт гаргах байсан ч заавал гүйцээ.”
[Эх сурвалж: Зөвлөгөөнөөс нь]

ЖОН СТЕЙНБЕК




“Өөрийгөө хүчлэлгүй, чөлөөтэй, хурдан бич. Бодсон санасан бүхнээ цаасан дээр буулга. Харин тэгэх хүртлээ юуг ч битгий засаж нягтлаарай.”
[Эх сурвалж: Зөвлөгөөнөөс нь]

 10  Бичиж дууссан бол засаж нягтлахад цаг гарга.


Б.ГАЛСАНСҮХ

“Миний багш Н.Нямдорж хэмээх сайхан яруу найрагч байлаа. Би тавдугаар ангиасаа эхлээд сургуулиа төгстөл зуны амралтаараа Эрдэнэт явж, энэ хүний дэргэд шүлгээ бичдэг байсан. Өдөрт нэг шүлэг бичүүлээд, “Олон дахин хуулж бич, тэгэх тоолондоо нэг үгийг засаж бай” гэдэг. Гуч, дөчин удаа хуулж бичихэд үг бүрийг нь зассаар нөгөө богинохон шүлэг чинь орой гэхэд шал өөр болчихдог. Зовооно гэхэд хаашаа юм, ямар ч гэсэн энэ сургуулиар би хүмүүжсэн.”
[Эх сурвалж: "Өтөлсөн ч хийх ажилтай хүн шүү, би" ярилцлагаас нь]

 11  Бичээд л байдаг, бичээд л байдаг. Гэсэн ч авьяасгүй мэт санагдаад байвал яах вэ? Хариулт нь их энгийн: бас бичээд л бай. Нэг л өдөр хүн өөрийгөө нээдэг.


Д.ОЮУНЧИМЭГ


“Сурагч байхдаа шүлэг бичдэг байлаа, оюутан болоод ч шүлэг бичсээр л байсан. Гэвч, хүнд ухаан орно гэж нэг юм байдаг юм байна. Монголчууд 60-тайдаа ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэсэн егөө үг байдаг шүү дээ. Тэр бас үнэний ортой юм шиг санагддаг. Манай аав хэлдэг байсан юм, би 13-тай ухаан орсон, яг толгой дундуур том модоор татаад авсан юм шиг цэлс хийгээд л ертөнцийн явдал тодорхой болоод явчихсан гэж. Яг тэр явдал надад 23-тайд минь тохиолдсон. Гэнэт л надад маш олон зүйл тодорхой болоод явчихсан. Түүнээс хойш бичсэн нэг ч шүлгээ шатаагаагүй. Түүнээс өмнө бол хангалттай олон муу шүлэг бичсэн дээ. Цветаевагийн нэг үг байдаг даа, хүнд муу шүлэг бичих үе улаан бурхан өвчин шиг зайлшгүй тусдаг, түүнийг аль болох хурдан туулах хэрэгтэй гэсэн. Азаар залуу насандаа амжиж тэр үеэсээ салсан шиг байгаа юм.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]
  
Б.ГАЛСАНСҮХ

“Дөрөвдүгээр ангид байхдаа би Хэнтий аймгаас ирээд, тавын дэвтрийг дуустал бичсэн шүлгээ Б.Лхагвасүрэн гуайд үзүүлэхээр Монголын радиогийн үүдэнд өдөржин болж билээ. Танихгүй болохоор урт үстэй хүн гараад ирэхээр л “Та Лхагвасүрэн гуай мөн үү” гээд гүйж очно. Тэр үед энэ эрхэм тамхиа татангаа шүлгүүдийг минь уншиж байснаа “Бичээд бай, хүү минь, бичээд бай” гэчихээд явж билээ.”
[Эх сурвалж: "Өтөлсөн ч хийх ажилтай хүн шүү, би" ярилцлагаас нь]


 12  Магадгүй ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хэзээ нэг өдөр биелэх ч юм бил үү. Яг “Алхимич” зохиолд гардаг шиг.


Г.АЮУРЗАНА

“1987 оны сүүлчээр манай аймагт Б.Бааст, Ц.Хасбаатар, Л.Чойжилсүрэн, Ч.Дагвадорж нар томилолтоор очиж, аймгийн театрт уулзалт хийхэд тун санамсаргүй очиж үзсэн юм. Уулзалт дээр Хасаа гуай орчуулсан шүлгүүдээ, Дагвадорж гуай ардын дууны аясаар бичсэн өөрийнхөө шүлгүүдээс уншиж, би тэгтлээ сэтгэл хөдөлсөн ч юм уу, мөнөөх арга хэмжээ өндөрлөмөгц тайзнаас буугаад танхим дотуур алхаж явсан Чойжилсүрэн гуай руу очоод “Би шүлэг бичдэг юм. Та нарт шүлгээсээ үзүүлж болох уу?” хэмээн асууж билээ. “Өвсний шүүдэр”, “Хаврын жавар” хоёрыг нь туушиндчихсан уншигчийн хувьд мань зохиолч сайн танил минь юм шиг санагдсан хэрэг л дээ. Чойжгоо ч шуудхан л тайзны ард хүмүүстэй ярилцаж зогсоо Хасаа гуай руу намайг аваачив. Хасаа гуай найрсгаар толгой дохин байж миний үгийг чагнаснаа “Маргааш 11 цагт зочид буудалд хүрээд ир” гээд өрөөнийхөө дугаарыг хэлсэн сэн. Товлосон цагт нь очиход дөрвөн зохиолч нэг өрөөндөө цуглараад миний хэдэн шүлгийг сонссон, дараа нь 3-4 шүлгийг минь Дагвадорж гуай сонгож аваад “Утга зохиол, урлаг” сонинд нийтлүүлсэн юм. Тэр явдал намайг бараг л яруу найрагч гэгдэхэд хүргэж, сарын дараа МХЗЭ-ийн ажлаар Баянхонгорт очсон Д.Нямаа гуай мөн нэг даргын өрөөнд хичээл дундуур дуудуулан, 5-6 шүлэг зэхэхийг даалгасан нь “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн сэн. Энэ хоёр сонинд гарсан цөөвтөр шүлгийнхээ ачаар би Москвагийн Утга зохиолын дээд сургуульд явах болсон юм даа.”
[Эх сурвалж: "Монгол романыг мэдэх хэр хэмжээ минь"]

 13  Хүсэж, итгэж чадах юм бол 29 настайдаа ч зохиолч болж болно.


ХАРҮКИ МУРАКАМИ

СУРВАЛЖЛАГЧ: -Та хэдтэйдээ зохиолч болсон бэ? Их л гэнэтийн санагдсан байх?
МУРАКАМИ: -29 настайдаа. Гэнэтийн байлгүй яахав. Гэхдээ би зохиолч гэдэгтээ хурдан дассан шүү.

СУРВАЛЖЛАГЧ: -Хурдан гэнэ ээ? Эхний өдрөөсөө эхлээд л ямар ч бэрхшээлгүй бичээд эхэлсэн хэрэг үү?
МУРАКАМИ: -Би шөнө дөлөөр хоолны ширээнийхээ ард бичиж эхэлсэн. Анхны номоо арайхийж дуусгахад арван сар зарцуулсан байв. Дараа нь романаа хэвлэлийн газар луу илгээтэл хүндтэй шагнал хүртэх нь тэр. Яг л зүүд шиг. Итгэхэд нэг л бэрх. Харин эцэс хойно нь “Тийм ээ, бүх зүйл болж байна, би одоо зохиолч. Яагаад болохгүй гэж? Ийм л энгийн байж шүү дээ” хэмээн бодсон.
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]

 14 
 
Гэхдээ алдар нэрийн төлөө адгаж яарах хэрэггүй.


М.ЦЭДЭНДОРЖ


“Шүлэг зохиолоо хэвлүүлэх гэж яарах хэрэггүй. Залуу яруу найрагчийн туган дээр “Авьяас, мэдлэг, хөдөлмөр” гэсэн гурван үг дурайж байх хэрэгтэй. Энэ гурван үгэнд шүтсэн Ж.Пристли “Баяртай байхдаа ч бич. Гунигтай байхдаа ч бич. Өвчтэй байхдаа ч бич” гэсэн нь бий. Тийнхүү бичиж чадвал Стивенсон 30 боть, Р.Киплинг 37 боть, К.Дойл 37, С.Моэм 50 роман, Честертон ганцхан шөнийн дотор нэг ном бүтээснийг санагтун.”
[Эх сурвалж: Ярилцлагаас нь]


 15  Бичиж туурвих замналд мохож шантрах үе зайлшгүй гарна. Тэр үед чухам юуны тулд бичдэгээ тунгаан бодоорой!


ОРХАН ПАМУК

"...Би төрөлхийн хэрэгцээ надад байгаа учраас л бичдэг! Би бусад хүмүүс шиг жирийн ажил хийж чадахгүй болохоор бичдэг. Би бичиж байгаа шигээ ном уншихыг хүсдэг учраас бичдэг. Би та нарт, хүн болгонд л бухимдаж байдаг учраас бичдэг. Би өдөржин нэг өрөөнд бичээд сууж байх дуртай учраас бичдэг. Би бодит амьдралыг гагцхүү өөрчлөх замаар л түүнд оролцож чадах учраас бичдэг. Би бусдыг, бид бүгдийг ямаршуухан амьдралтай байгааг мэдээсэй гэж хүсдэг учраас, цаашид Туркэд, Истанбулд амьдрахыг хүсдэг учраас бичдэг. Би цаас, үзэг, бэхний үнэрт дуртай учраас бичдэг. Би утга зохиол, романы урлагт юунаас ч илүү итгэдэг учраас бичдэг. Бичих нь зуршил, дур хүсэл учраас би бичдэг. Би мартагдахаас айдаг учраас бичдэг. Би бүтээлийн авчрах алдар цуу, үр ашигт дуртай учраас бичдэг. Би ганцаараа байхын тулд бичдэг. Би яагаад та нарт, хүн болгонд ингэж маш их бухимдаж байгаагаа ойлгоно гэж найддаг учраас бичдэг байж магадгүй. Миний зохиолыг уншихад би дуртай учраас бичдэг. Би нэг роман, нэг эссе, нэг хуудас нэгэнт бичиж эхэлсэн бол түүнийгээ дуусгахыг хүсдэг учраас бичдэг. Хүн болгон намайг бичээсэй гэж хүлээж байгаа учраас би бичдэг. Номын сангууд үхэшгүй гэдэгт, мөн миний номууд тавиур дээр байгаа байдалд хүүхдийн гэнэн зангаар итгэдэг учраас би бичдэг. Амьдралын бүх гоё сайхан, баян тансагийг үг болгож хувиргах нь сэтгэл гөхөлзүүлэн догдлуулдаг учраас би бичдэг. Ямар нэг явдлыг ярих гэж бус ямар нэг явдлыг зохиомжлох гэж бичдэг. Би заавал очих ёстой газар байгаа ч зүүдэнд тохиолддог шиг би тэнд очиж чадахгүй байгаа совингоос ангижрахыг хүсдэг учраас бичдэг. Би амьдралыг аз жаргалтай байхаар хэзээ ч зохицуулж чадахгүй байгаа учраас бичдэг. Би аз жаргалтай байхын тулд бичдэг!!!"

ЭХ СУРВАЛЖ: "Нобелийн шагналтнуудын айлдвар" номын 241-242-р тал. Туркийн зохиолч Орхан Памук 2006 онд Утга зохиолын салбарт Нобелийн шагнал гардан авахдаа ийн хэлжээ.

 16  Эцэст нь...


ИНЖАННАШИ


"Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй."
[Эх сурвалж: Монголын сонгомол яруу найраг антологоос]



НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ


Энэ бол нийтлэл ч биш, сурвалжилга ч биш, бараг “түүвэр эшлэл” гээд тодорхойлчихож болмоор бичвэр. Өмнө нь “Орчуулах эрдэмд шамдахуй”, “Унших эрдэмд дурлахуй” гэсэн хоёр түүврийг блогтоо оруулжээ. “Бичих эрдэмд шимтэхүй” бол энэ цувралын гуравдахь буюу сүүлчийнх нь юм. Орчуулах, унших, бичих гурав бол миний хувьд, өдөр бүр шамдаж, дурлаж, шимтэж хийдэг гол ажил минь билээ. Гэхдээ их бичгийн хүмүүсийн хэлсэн үгнээс харж байхад шамдаж, дурлаж, шимтэхийн үндэс нь уйгагүй зүтгэл юм шиг санагдсан.

Ингээд эцэст нь нэг зүйлийг нэмж дурдахад, яг иймэрхүү хэв маягтайгаар, бас нэг түүвэр хийх санаа байна. Тэр нь сэтгүүлзүйгээр. Гэхдээ түүвэрлэх гэхээсээ илүүтэйгээр, ахмад сэтгүүлч нартай нэг бүрчлэн уулзаж, туршлага сургамжаас нь сонсоно гэсэн үг л дээ.