Харх




Бор харх Төв Азиас, тэр дундаа Хятад, Монголоос гаралтай болохыг Нью-Йоркийн Фордам их сургуулийн судлаачид тун саяхан нотолжээ. Торгоны замын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хамгийн бүүдгэр харанхуй, бохир заваан нүх хонгилуудад үүрлэж орогносон энэхүү гарамгай нүүдэлчид өдгөө зөвхөн өмнөд туйлын мөсөн “тив”-ийг л эзэлж хүчрээгүй байна.

Өвчин зовлонтой нэгнээ асарч тойглодог, өлөн зэлмүүн үед ч сүргээ орхидоггүй гээд харх бол тун ч бүлсэг амьтан. Бас тэдний ой санамж гойд хурц төдийгүй нэг явсан зам мөрөө барагтаа л бол мартдаггүй гэнэ. Түүнчлэн дасан зохицох чадвар нь өөр ямар ч амьтныхтай эгнэшгүй. Хархнууд туйлын сониуч хэрнээ бүрэг ичимхий, бас яг л тэмээ шиг ус уулгүй өчнөөн хол замыг туулж чаддаг, ер бусын тэвчээртэй амьтад гэнэ. Тэд үй олноороо сүрэглэн амьдардаг ч орогнодог орон байрныхаа оршин суугчдад огт харагдалгүйгээр, “цөөхүүлээ” буй юм шиг сэмхэн тэнүүчилж чаддаг байна. 

Харх ийм адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай боловч хүмүүс “харх” гэж дуудуулсныгаа доромжлол мэт авч үздэг. Хамгийн сонирхолтой нь, Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг монголчууд маань, бусдыг “төлгүүд, халтрууд” гэж гоочлохдоо гаргууд атлаа өөрсдийг нь “харх” гэж нэрлэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний нутагт адилхан л толгой хоргодож амьдардаг, Ази тивийн зүүн өмнөд нутгийнхан өөр хоорондоо “Хархтай үйлдвэрт л оччихгүй юм сан” гэж ярьдаг гэсэн. 


Өглөөхөн танилцаад өдөржин цуг ажиллахдаа Монголын уудам нутгийн алс баруун хязгаараас, бүр Алтайн уулсын гүнээс түм түжигнэсэн Сөүл хотод гурван жилийн өмнө ирсэн гэдгийг нь мэдэж авсан, ааш зан, аялга хэл нь ч хотжиж эвдрээгүй, яг л унаган хөдөөх шинжээрээ буй, өдгөө 30 настай нэгэн монгол залуугийн хамтаар харанхуй өтгөрөхөөс урьтан Сөүл орчих санаатай дагуул хот Ансанаас ажлаа дуусмагц хөдөллөө. Өмнөд Солонгос томоохон хот суурин бүрийг хэрж холбосон хурдны замын өргөн сүлжээтэй бөгөөд уул толгод тааралдвал нүхлээд урт хонгил ухчихдаг, ангал хавцал тааралдвал тэгнээд урт гүүр тавьчихдаг болохыг тэдгээр хурдны замаар давхих болгондоо сониучирхан ажигладаг байв. Ер нь Солонгосын хойг толгодын орон л доо. Хэдэн арван км-ийн урттай хонгил, нүсэр том гүүр холын замд олон тааралддаг сан. Бид хоёр ч бас энэ орой хонгилтой, гүүртэй хурдны замаар давхилаа. 

Ансан бол Сөүлтэй хил залгаа орших, өмнө зүгийн жижигхэн хот. Энд монголчууд бага суурьшдаг боловч өнөөдөр цуг ажилласан залуу эндхийн нэгэн барилгын бригадад хоёр жил хэртээ ажиллаж байгаад нэг жилийн өмнө ажлаасаа гарчээ. Гэхдээ хуучин эзэн нь түүнийг үе үе дууддаг бөгөөд ажилдаа гаршсан болохоор нь арбайт буюу өдрийн ажил хийлгэдэг гэнэ. Өдөр өдөртөө цалингаа авчихдаг гээд арбайтын давуу тал их боловч өдөр бүр өөр газар ажиллах шаардлага гардаг, заримдаа ажил олдохгүй гээд сул тал цөөнгүй. Жишээ нь өнөөдрийн арбайт нэг хүний 100 мянган вонын цалинтай, биед амар ажил (Энэ нь 2016 оны есдүгээр сарын ханшаар 200 мянган төгрөгтэй тэнцэнэ). Гэвч Сөүлд биш, бас нэг л өдрийн ажил байгаа гэсэн тул орой гэртээ харих гэж багагүй хугацаа зарцуулахаас гадна замдаа маргаашийнхаа ажлыг олох ёстой болно гэсэн үг. 

Сөүлд барилгын ажил байгалийн гэрэлтэй уралдан эхэлдэг тул бид 5 өнгөрөөж босоод 6 цагийн алдад түүний гэрийн ойролцоох метроны буудал дээр уулзан, унаж ирсэн портероор нь Ансанд яг 7 цаг гэхэд ирсэн. Таван давхар орон сууцны барилгын хаяан дахь дотор нь борооноос хоргодох асар майхан босгосон, басхүү хаалга цонхтой авсаархан чингэлэг хоймортоо байршуулсан төмөр хашаанд өдөржин ажиллав. Уг нь өнөөдрийн ажил инээд хүрэм амархан. Гипсэн хавтан шиг нимгэн, далбагар хөөсөнцрийг өнхрүүшээр цавуудаад нэг талд нь яг тийм хэмжээтэй зузаан цаас наана. Хөөсөнцөр нь ягаан, цавуу нь хөх, цаас нь хүрэн өнгөтэй учраас барилгын тоос шороотой ажил хийж байна гэж ер бодогдоогүй. Нэг өдөрт 300 ширхэгийг наах ёстой гэв. Цавуугаа жигд бөгөөд хурдан түрхэх, цаасаа тэгш бөгөөд зөв наахад л жаахан эв дүй шаардахаас биш, бусдаар бол бүр олныг ч наах боломжтой санагдсан. Гэхдээ тэгж мундагаа харуулсангүй. Солонгост удаан жил болсон монголчуудын дунд нэгэн бичигдээгүй дүрэм байдаг. Монголчууд анх ажил олохын тулд, арайхийж олсон ажлаа авч үлдэхийн тулд солонгос хүний хийж чадах норм хэмжээг давуулан эвдэж, илүү ихийг хийж чадна гэдгээ нотлон харуулдаг байжээ. Тиймдээ ч эдүгээ ажил мэргэжлийн олон салбарт монгол хүний хурдан гавшгай, бүтээлч, эв дүйтэй чанарыг өндрөөр үнэлдэг болсон төдийгүй ажлын “норм хэмжээ”-г нь хүртэл өөрчилж, өндөр түвшинд аваачжээ. Магадгүй өмнө нь солонгос хүн 250, дараа нь монгол хүн 300-г наадаг болсон өнөөдрийн ажлыг ямар ч амсхийх завдалгүй мэрийсээр 350 хүргэж болох л байсан. Гэвч тэгээгүй ээ. Надад хэрхэн цавуудах, наахыг заасан өнөөх залуу маань “Хоёулаа өнөөдөр л ганцхан ажиллана. Хойшид энэ ажлыг үргэлж хийх монголчуудаа бодох хэрэгтэй шүү дээ” гэж билээ. Өмнө нь түүний ажиллаж асан, энэхүү бригадад нь одоо хоёр ч монгол залуу ажилладаг гэнэ. 

Үдийн хэрд хашаан дундуур нэг цоохор муур явж өнгөрснийг эс тооцвол өөр хэн ч үүгээр ирсэнгүй. Бид хоёр ээлжит 50-ийгаа нааж дуусгачихаад амсхийх зуураа мөнөөх чингэлгэн байшингаас лаазтай, хүйтэн кола авчирж уунгаа эзэнгүй хашаан дотор элдвийг ярилцан суудаг байлаа. Тэр нутгаа ярина. Бас Алтайн урианхай гэдгээ хэлсэн. Булган голын эхээр нутагладаг гэдгээ ч ярьсан. Эхнэр, охин хоёр нь энд бий гэсэн. Надаас насаар ах тул би түүнийг “Та” гэж хүндэтгэн харьцдаг байв. Мөн би түүний дугаарыг утсан дээрээ “Урианхай ах” гэсэн нэрээр хадгалчихсан юм даг. Урианхай бол миний хүндэлж явдаг зохиолчийн нэр, бас Алтайн урианхайчуудын нутаг болох Ховдын Дуут суманд очиж үзсэн болохоор ингэж нэрлэх нь надад дотно санагдсан хэрэг. 

Тэрээр “Ах нь аялгатай ярьж байна уу?” гэх мэт сонин зүйлс гэнэт асууна. Би тийм ч гэлгүй, үгүй ч гэлгүй “Та аялгатай ярьж байгаагаараа бахархах хэрэгтэй шүү дээ” гэж хэлтэл “Хннн, харин ч засмаар байхад даа...” гэж билээ. Сүүлийн үед тэрээр Монгол руу ачаа бараа тээвэрлэдэг каргоны бизнес эрхлэх болжээ. Өглөөний унаж ирсэн портероор орой үдэш болсон ч хамаагүй гэрийнх нь хаягаар очиж Монгол руу ачуулах гэсэн ачаа бараа, эд хогшлыг авдаг байна. Ажил жигдэрч, олонд танигдтал каргоны бизнес унац муутай байдаг. Чингэлэг дүүрэх гэсээр байтал хугацаа алдаж, улмаар түрүүнд ачаагаа өгсөн хүмүүс бухимдаж эхэлдэг байна. Тийм ч учраас эл ажлынхаа хажуугаар ганц хоёр өдөр арбайт хийхээс өөр аргагүй болдог гэнэ. Аргагүй шүү дээ, Сөүл өртөг өндөртэй хот юм чинь.

Ийнхүү бид 4 цагийн алдад бүх ажлаа дуусгачихсан бөгөөд эзнийг 6 цаг хүртэл хүлээж байгаад цалингаа авмагцаа Сөүл рүү гараад давхичихлаа. Үнэндээ өнөөдрийн нааж бэлдсэн хөөсөнцрүүдийг чухам юунд ашигладаг тухай, эзэн өдрийн турш юу хийгээд ирээгүй тухай надад ямар ч төсөөлөл байсангүй. Урианхай ахын хэлснээр бол, хөөсөнцрүүдийг дахиад цавуудаж гипсэн хавтангийн нэг талд наадаг ажээ.

Цаг гаруй явах замын уртад би хэсэгхэн дугхийчихжээ. Гэнэт сэртэл Сөүл рүү нэвтэрдэг өргөн зам машинаар хахчихсан, таг түгжрээтэй харагдав. Машинууд зугуухан урагшлах ажээ. Урианхай ах жолоо барих зуураа зогсоо зайгүй утсаар ярьж явлаа. Эхнэртэйгээ, охин дүүтэйгээ, дотнын найзтайгаа, ажлын танилтайгаа, бас орой ачааг нь очиж авахаар тохиролцсон нэг монгол бүсгүйтэй гээд олон хүнтэй ярьсан. Мөн надад ажил олоод өгчих санаатай танилууд руугаа зөндөө залгасан. Гэвч хамгийн сонирхолтой нь өнөөх хэд нь “Би ч гэсэн маргаашийн ажлаа олоогүй л байна” гэдэг байв. Нээрээ л энэ өдрийн маргааш Сөүл даяар ажил ховор байсан юм даг. Уг нь энэ тийм ч гайхмаар зүйл биш л дээ. Ажил хайгаад ч олддоггүй ийм өдрүүд Сөүлд олон тохиодог. Гэхдээ миний хувьд маргааш ажил ер олдохгүй байгаад биш, өглөөхөн танилцсан энэ ах намайг яг л төрсөн дүү шигээ санан, Монголоос ирээд удаагүй байгаа юм чинь маргаашийнх нь ажлыг олоод өгчихөд юу нь буруу байх билээ гэсэн шиг, туйлын тусархаг, үнэнч сэтгэлээр хандсанд нь мэл гайхсан юм даг. Өдрийн турш би л түүнийг хэрэгтэй хэрэггүй асуултаар хоргоож чангаасан болохоос биш, тэр надаас онцын зүйл юу ч асуугаагүй атлаа намайг эртнээс мэддэг нэгэн шиг эелдэг дотно харьцсан нь ер бусын сэтгэл татам, сайхан санагдсан. Тэр намайг гэрийн минь ойролцоох метроны буудал дээр буулгахдаа “Ах нь ажил гарвал заавал ярина аа” гэж хэлээд явж билээ. Тэр над руу дахиж залгахгүй байсан ч би лав түүнд хэзээ ч гомдохооргүй байсан юм. Ингэхэд юундаа ч гомдох билээ дээ.

Ер нь Сөүлд ажил олох амархан. Учир нь дэлхийн аль ч хоттой харьцуулшгүйгээр, монголчуудын хамгийн нарийн зохион байгуулалттай, өргөн сүлжээ зөвхөн Сөүлд л бий. Хархнуудын хамгийн том оромж гэсэн үг. 2016 оны 8-р сарын байдлаар Өмнөд Солонгост гадаадын 2 сая иргэн удаан болон түр хугацаагаар оршин сууж байгаагаас 33 мянга нь Монгол Улсын иргэд хэмээн БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ. Үүнээс 6,940 нь хууль ёсоор ажиллаж буй хөдөлмөрийн гэрээний ажилчид, 5,553 нь оюутан залуус, 1751 нь солонгос хүнтэй гэрлэсэн монгол иргэд, 12,414 нь яг над шиг түр хугацаагаар оршин суугч буюу аяллын визээр орж ирсэн хүмүүс гэнэ. Харин үлдсэн 7 мянган орчим хүн бол хууль бусаар оршин суугчид буюу харынхан юм. Эд бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, гэрээний ажилчид бол хархнуудын ертөнцийн хамгийн том халхавч. Тэд тогтвор суурьшилтай ажилладаг, солонгос залуусын тоож хийхээ больсон уйтгартай үйлдвэрийн ажлыг багахан цалингаар торох юмгүй хийчихдэг болохоор Солонгосын засгийн газарт эерэг сэтгэгдэл төрүүлдэг, долоо хоногийн сүүлээрх амралтын өдрүүдээр дуртай монгол хоолоо зорьж иддэг учраас Сөүлийн өнцөг булан бүр дэх монгол хоолны газруудыг сэмхэн тэтгэдэг, сар бүр эх нутаг руугаа тогтмол мөнгө илгээдэг учраас мөнгө гуйвуулагчдад, цаашлаад ар гэрийнхэндээ, адаглаад улс орондоо ашиг тус авчирдаг. 

Харин оюутнуудын ихэнх нь сурахын хажуугаар хөдөлмөрлөдөг. Тэдний хамгийн гол давуу тал бол хэл, виз. Хэдий гэрээний ажилчид хууль ёсны визтэй ч ажлаасаа гарвал дараагийн үйлдвэрээ хурдан олох ёстой, үйлдвэр нь Өмнөд Солонгосын хаана ч байрлаж болох тул эрх дураараа зорчиж хэсүүчлэх цаг хомс, амралтын өдрийн нэг хоёрхон өдөр л чөлөөтэй ноогддог гээд олон сул талтай. Харин оюутнууд бол Сөүлийг хэрэн хэсэгчид юм. Тэд хархны ертөнцөд нүд чих нь болдог. Дэлгүүр хоршоо, гуанз ресторан, эмнэлэг сургууль, үзвэр үйлчилгээний тухай тэд л хамгийн сайн мэддэг. Хэл ус сайтай оюутнууд хичээлийнхээ хажуугаар хэлмэрчилж мөнгө олох нь ч бий. 

Солонгос хүнтэй гэр бүл бологсдын хувьд зарим нь монголчуудын хар бор амьдралаас үүрд холддог бол зарим нэг нь “далдуур тэтгэгч” болж хувирдаг. Сөүлд очоод миний хамгийн түрүүнд хийж үзсэн арбайт бол 12 давхар өндөртэй тохилог зочид буудлын хүлээлгийн өрөөг гуравдугаар давхраас нэгдүгээр давхар руу нүүлгэх ажил байсан юм. Тэндхийн өрөө цэвэрлэгээний ажлыг дан монгол охид хийдэг байв. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү зочид буудлын эзэн монгол эхнэртэй гэсэн. Тийм ч учраас, монголчуудад элэгтэй төдийгүй үйлчилгээний ажилдаа дан монгол бүсгүйчүүдийг ажиллуулдаг юм билээ. 

Харынхан бол хархнуудын амьдралд хамгийн чухал үүрэгтэй улс. Өмнөд Солонгосыг хэрсэн өргөн сүлжээг тэд л малтаж бий болгосон. Төсөөлж ч үл хүчрэх, төрөл бүрийн ажил мэргэжлийн салбар луу тэд шургалан нэвтрээд тэндээ удаанаар бүгэхдээ зөвхөн монгол хүн л тэр ажлыг нь “төгс сайн” гүйцэтгэж чадна гэсэн ойлголтыг эргэн тойрондоо мэдрүүлж чаджээ. Тэд бол хархнуудын ертөнцийн “уран барилгачид” юм. Яг над шиг хэл мэдэхгүй, ажилд дөргүй “жулдрай”-нууд Сөүлд газардсан өдрөөсөө л ажлын зах зухаас атгачихдаг нь тэдний ач гавьяа билээ. 

Харин “гурван сарынхан” бол нүүдлийн шувуу шиг ирээд л буцдаг улс. Тэд хархнуудын ертөнцийг шинэ сэргэг зүйлээр дүүргэдэг. Монголоос Сөүл рүү чиглэсэн утсан мах, лаазалсан загас, лонх архи, ааруул бяслагийг тэд л зөөдөг. Эргээд Сөүлээс Монгол руу нисэхдээ барагтаа л бол хоосон буцахгүй, боодолтой мөнгө, ууттай чихэр зэргийг цүнхлэн Монголд очмогцоо яг л “шууданч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд бас Монголоо санасан хүмүүсийн сэтгэлийн хоосролыг жавар тачигнасан өвлийн хүйтэн агаараар, аль эсвэл тал нутгийн сэвэлзүүр зөөлөн салхиар дүүргэдэг. Тэд “дууч шувууд” шиг сураг ажиг дуулгадаг. Тэртээ хол нутагт нь ахуй амьдрал хэрхэн өрнөж буйг сонирхуулдаг. Тэгээд энэ бүхнийх нь төлөөсөнд тэднийг дэргэдээ авч ажиллуулаад халаасанд нь хэдэн вонтой эх нутаг руу нь үдэж өгдөг. Солонгос хүмүүс солонгосоор нэг ч үг мэдэхгүй монгол хүнтэй гар хөлний дохиогоор ойлголцон, ер дургүйцсэн шинжгүй ажиллаж болоод байдаг нь нөгөө л ажлаа сайн мэддэг цөөн хэдэн монголчуудын нөмөр нөөлөг юм шүү дээ. Би нэг удаа сайтар зааж өгсөн хаягийн дагуу хэдэн солонгос хүн дээр очиж ажиллаж билээ. Ажилд зуучилж өгсөн залуу “Хэл ус мэдэхгүй нь хамаагүй ээ. Зүгээр яваад л оч. Надад сайн ханддаг солонгосчууд байгаа юм” гэж зааварчилсных нь дагуу яваад очтол нээрээ л ямар нэгэн үл ойлголцолгүйгээр тэр өдрийг өнгөрөөчихсөн юм даг. Өөр ямар ч оронд ийм зүйл тохиохгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. 

Сөүлд ирж буй хүмүүс бүгд л шахуу заавал “хэн нэгэн”-ийг зорьж ирдэг. Монгол өрх айл бүр Сөүлд хамаатантай байдаг гэсэн үг үнэхээр ортой байх шүү. “Тэрний хүү, тэрний дүү, тэрний найз” гэх ойр дотно гэдгээ нотолсон, хэлэхэд ч орооцолдмоор уялдаа холбоо нүүдэлчдийн ааль зан сайтай, айл хотлынхондоо элгэмсэг ханддаг уугуул зан чанар өнөө ч арилж үгүй болоогүй гэдгийг баталж нотлох мэт санагддаг сан. Мэдээж аяллын визээр ирэгсдийн дотор хар ажилд нухлагдах ямар ч бодолгүй, бийлэгжүү, ажлаар яваа, эсвэл эмнэлэгт үзүүлж буй иргэд ч бий. Гэхдээ ихэнх нь хар ажил хийхээс сийхгүй гэдгийг ажилд гарах бүртээ мэдэрдэг байлаа. Би нэг удаа Инчоны боомтын ойролцоо чингэлэг буулгадаг нэгэн ажлыг гурван өдөр хэртээ хийсэн юм. Өдөр бүр 5-10 хүн хэрэгтэй болсон тул нэгнийгээ огт танихгүй, шижигнэсэн сайхан залуус өглөө бүр цуглардаг байв. Тэдний дунд янз бүрийн улс байсан. Шөнийн нислэгээр Инчоны онгоцны буудал дээр буучхаад, сандал дээр хоёрхон цаг унтсан болоод л, шууд ийш ажиллахаар ирсэн сэргэлэн залуу хүртэл бидний дунд байсан. Тэр залуу Ховдын Булган сумын торгууд гэж өөрийгөө танилцуулсан учраас түүний дугаарыг гар утсан дээрээ “Торгууд” хэмээн хадгалчихаж билээ. Өдөр бүр олон хүнтэй танилцаад ажил хийж буй үед үй олон нэрний дунд төөрөлдөхгүйн тулд ийм нэг шинэ арга өөртөө нээсэн юм. “Маргааш төрсөн дүү минь Монголоос ирж байгаа” гэж ярьж байсан залуухан эр нээрээ л маргааш нь дүүгээ дагуулаад ирсэн бөгөөд өмнөх залуу шиг шөнийн нислэгээр Сөүлд газардсан өнөөх дүү нь анхны өдрөөсөө л ажилд нухлагдаж эхэлсэн. Гэхдээ энэ дундаас бүх л өдөржин цугтаа ажиллахдаа өөрийнхөө тухай илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярьсан нэг ах санаанд тод үлджээ. Америкаар хэрэн хэсэж, Канадад суралцаж төгссөн, англиар гойд цэвэрхэн ярьдаг тэр ах намайг 23-р сургуулийн англи хэлний ангийг төгссөн гэдгийг мэдмэгцээ “Хөөх чи англиар ярьдаг юм уу? Чамайг англиар ярьдаг гэж огт бодсонгүй” хэмээн амсхийх чөлөөгүй, англиар дуржигнууллаа. Би түүнтэй англиар яриагүй ээ. TOEFL-ийн оноог тултал нь гүйцээж чадсан, АСЕМ-ийн үеэр синхрон орчуулга үйлдсэн, алхам тутамдаа “Thank you, sir” хэмээн ажлын солонгосчуудтай харилцах түүнд миний англи хэл бүдүүлэг санагдах байсан нь баараггүй. Нар хурцаар ээн, халуу шатам байсан тэр өдөр 10 тн-ын чингэлэг дүүрэн, лаазалсан хөлдүү загасыг нэг бүрчлэн гараар зөөж хамтдаа буулгасан. Замын-Үүдийн боомт дээр пурхийсэн тоосонцор дунд 50 кг-ийн шуудайтай цементийг ачигч эрчүүд нуруундаа мөрлөн чингэлэг рүү ачдаг даа. Үнэндээ энэ бол шуудайтай цемент нь хөлдүү загас болохоос биш, яг л тийм “ачигч”-ийн ажил юм. Ийм мундаг боловсролтой байж яагаад ийм борог ажилд биеэ зориулж байгаа юм бэ гэж уншигч та гайхаж магадгүй. Би бол гайхаагүй ээ. Сөүл өртөг өндөртэй хот шүү дээ, ойр зуурын мөнгө хэрэг болоо л байлгүй. Хэтэвчээ дэлгээд хэдхэн задгай дэвсгэртээ харуулсан тэр ах маргааш нь солонгосчуудтай Чежү арал явж амарна гэсэн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ.

Үйлдвэрийн ажлыг эс тооцвол, монголчууд маань айл нүүлгэлт, нураалт, барилга, тайз, майхан, чулуу, зочид буудлын өрөө цэвэрлэгээний ажилд гаршжээ. Иса буюу айл нүүлгэлт бол монгол эрчүүдийн хувьд хамгийн өргөн тархсан ажил. Бас манайхан нураалтын ажлыг их хийдэг. Солонгост албан газар, үйлчилгээний газрууд түрээсийн байраа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө шал, тааз, хананы тохижилтоо бүгдийг нурааж, анхны хэв маягт нь үлдээх үүрэгтэй байдаг. Энэ ажилд монгол эрчүүд л гарамгай. Солонгос хүмүүсийн 2 өдөр нураах ажлыг монголчууд нэг өдөрт л багтаадаг гэсэн итгэмээргүй яриануудыг олон удаа сонссон. Гартаа дэгээ төмөр барьсан, бяр тэнхээтэй эрчүүд урт дүүжин таазыг нэг угзраад л унагааж байгааг нүдээрээ харсан хүний хувьд монгол эрчүүдийн тухай иймэрхүү яриануудад би лав шууд итгэдэг. Ер нь энэ олон ажил дундаас тайзны ажлыг л би хийж үзээгүй. Гэхдээ нэг орой Хан мөрний эргээр алхан гэр лүүгээ харьж явтал хүмүүсийн амарч зугаалдаг газар босгосон нүсэр том тайзыг хурдан шалмаг хөдөлгөөнтэй хэсэг залуус буулгаж байхыг харсан юм. Дэргэдүүр нь сонжиж өнгөрөхдөө, тайзны угсардаг төмрийг гинжин урвал мэт нэг нэгэн рүүгээ тун эвлэгхэн дамжуулж байгааг хараад монголчуудын хийдэг тайзны ажил нь энэ юм байх даа гэж бодож явтал нээрээ л дан монгол залуус ажиллаж байгаа харагдлаа. Бүр нэг нь монгол хүн гэдгийг минь таниад тэртээ дээрээс ширтээд л байсан.

Ер нь ажил бүр саар болон сайн талуудтай. Жишээ нь, пургисан тоосон дунд ажилладаг нь нураалтын ажлын саар тал. Харин сайн тал нь гэвэл айл нүүлгэж буй үед мэдэрдэг, ямар нэгэн зүйлийг эвдэлчих вий гэсэн айдас хэзээ ч төрөхгүй. Гол ажил нь нураах л юм чинь, өөрийгөө гэмтээж нураачихгүй л бол санаа зовох юмгүй нураагаад байхад л болно. Тэгвэл чулууны ажил цалин өндөртэй боловч хэдэн арван кг-ийн хүнд чулууг өдөржин зөөж, зүсэж, нааж тогтоодгоороо бэрхшээж халширмаар хүнд ажилд тооцогддог. Харин зочид буудлын цэвэрлэгээний ажил бол монгол эмэгтэйчүүдийн “тугаа хатгасан” салбар. Буудлын ажил мөнгөнд хэмнэлттэй гэх сайн талтай боловч бүхий л өдрүүд нь зочид буудалдаа өнгөрдөг гэх сул талтай.  

Эцэст нь майхны ажлын талаар хэдэн үг хэлье. Учир нь Сөүлд байх хугацаандаа хамгийн урт хугацаанд ажиллаад хамгийн их цалин авсан ажил бол энэ юм. Би гэрээсээ өдрийн 4 цагийн үед гараад маргааш оройныхоо 11 цагийн алдад харьсан. Явдал суудалтайгаа 30 орчим цаг болсон гэсэн үг. Бороо шивэрсэн бүүдгэр орой Сөүлээс зайтай орших, эл хульхан гольфын талбай дээр шөнөжин майхан буулгасан бөгөөд үүр хаяарах дөхмөгц нэвт норсон хувцастайгаа шууд Сөүл рүү давхиж, эзний агуулахаас баахан майхан ачаад, Сөүлийн хаа нэгтээх дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтан дээр очиж асар майхныг нь барьж босгосон. Дараа нь өдөрлөг дуусахыг өдөржин хүлээсэн бөгөөд орой болсон хойно сүүлчийн хүмүүс явж дуусахтай зэрэгцэн өнөөх майхнуудаа хураагаад агуулахдаа аваачиж тавьсан. Орой нь гэртээ хариад бүх хувцсаа тайлтал надаас чийгний эхүүн үнэр нэвт ханхалж байлаа. 30 цаг ажиллаад 230 мянган воны цалин авсан. Энэ нь тэр үеийн ханшаар бол 460 мянган төгрөг бөгөөд хамгийн сонирхолтой нь, Монголд сэтгүүлчийн ажил хийж байхдаа яг ийм хэмжээний мөнгө гар дээрээ авдаг байв. Бас л сонин давхцал шүү. Тэр өдөр Ирландад дөрвөн жил хараар амьдарсан, миний үеийн монгол залуутай цуг ажилласан юм. Түүнээс би “Irish pub” гэж яг юуг хэлээд байгааг, бас ирландчууд яагаад ирландаараа ярьдаггүй болохыг асуусан. Тэрээр асуусан бүхэнд минь уриалгахан хариулдаг байлаа. Тэр бас тэнгис нь давалгаатай, хүн зон нь найрсаг гэж хэлсэн. Би хариуд нь Нью-Йоркод суурьшихаар нутгаа орхисон ирланд эмэгтэйн тухай өгүүлдэг "Брүүклин" гэх киноны тухай ярьсан. Тэр бас түргэн хоолны газарт ажилладаг байснаа дурссан. Бид бороо орж байхад, үүр цайж байхад, үүлс замхран сарниж байхад ч ярилцсан.

Сөүлд таньдаг нэгнээсээ ажил сураглах нь түгээмэл зүйл боловч энэ мэт сонин содон ажлыг зараар олж хийдэг. Mglclub.com гэх хаягтай цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр бүхий л зар “нисэх” мэт тархдаг. Солонгосчуудын монголчуудад дуртай, үгэндээ хүрдэггүй ч олон дахин уучлаад байдгийн учир шалтгаан энэ ч байж мэднэ. Хархнуудын ертөнцөд мэдээлэл маш хурдан тардаг. Аварга том үйлдвэрийг 50 хүн нүүлгэх боллоо гээд солонгос эзэн нь өөрийн монгол ажилчиндаа хэллээ гэж бодоход маргааш нь яг л 50 шижигнэсэн залуу гозойгоод зогсож байх нь тэр ээ. Энэ чадварыг нь солонгосчууд үнэхээр биширдэг. Тийм учраас л монголчуудыг хэл ус мэдэхгүй байсан ч ер цааргалалгүй, ажиллуулаад байдаг байх. Мэдээж тэрхүү 50 хүний дунд над шиг гурван сарынхан ч бий, оюутнууд ч бий, ер нь янз бүрийн хүмүүс бий. Гэхдээ монголчууд маань амлалтандаа хүрдэггүй муухай зантай. Орой нь ажилд заавал гарна гэчхээд өглөө нь ор сураггүй алга болчихдог тул ажил зуучлагчид “тийм метроны буудлын тэддүгээр гарцан дээр тэдэн цагаас” гэсэн богинохон зааварчилгаагаа “Яг шүү, заавал очно шүү, хэлсэндээ байгаарай” гэх мэт үгээр төгсгөдөг. Мэдээж ажил таслалтын гол шалтгаан бол үүр цайтал үргэлжилдэг наргиан цэнгэл юм.

Сөүлд ирсэн монгол хүн бүр “Монгол таун” гэх газраар заавал орж үздэг. Энэ газрын этгээд сонин нэрийг анх сонссон хүмүүс дэлхийн томоохон хот бүрт байдаг “Хятад хороолол” шиг санан “монголчуудын орогнож эзэлсэн бүх л бүтэн өргөн чөлөө Сөүлд байдаг юм байна” гэж төсөөлдөг боловч Монгол таун гэдэг нь 10 давхар бүхий нэгхэн гозгор барилга гэдгийг мэддэггүй. Монгол таун бол хархнуудын хувьд хамгийн зартай газар. Энд манайхан цуйван, бууз, банштай шөл гэх мэт монгол хоолыг эх нутагтаа очоод "ээжийнхээ гарын хоол"-ыг идэж буй мэт хөлсөө гартал зооглодог. Бас Монгол таунд үсчин, гар утасны үйлчилгээ, хүнсний мухлаг, хүүхдийн хувцасны дэлгүүр, карго, онгоцны тийз авдаг газар, гоо сайхны салон гээд олон үйлчилгээ бий. Үүдээр нь яван ороход л хана туурган дээр нь монголоор бичсэн сонин содон зарууд дурайж харагддаг сан. Эндхийн үйлчлэгч, үсчин, зөөгч, бэлтгэгч, худалдагч гээд үйлчилгээний бүх ажилчин монгол. Ядаж л захиалсан хоолны минь давс бага байвал “Давс өгөхгүй юу” гэдэг үгээ монголоор хэлж болно гэсэн үг. Би Сөүлд хоёр сар болохдоо эндхийн монгол үсчнээр үсээ хусуулж, монгол хоолны газарт гуляш, хуушуур авч идсэн. Тэгээд болоогүй ээ, зэргэлдээх гар утасны газраас Монгол руу ярьдаг карт авдаг байв. Тийшээ орох болгонд нас дээр гарсан эмээ лангууны ард инээмсэглэн зогсож байдаг сан. Яагаад ч юм, эмээг харах бүртээ эх нутагтаа оччихсон юм шиг, нэг л тийм сайхан мэдрэмж төрдөг байлаа.

Би Монгол таунд очих бүртээ гадаа нь, модны сүүдэрт удаан сууна. Хүмүүсийг их ажиглана аа. Тэгж суухдаа монгол хүнийг Сөүлийн хаана ч явсан танихад амархан юм байна гэсэн дүгнэлтэд хүрч билээ. Ер нь монголчууд нэг нэгнээ маш соргогоор таньж чаддаг. Метронд явж байгаад энэ монгол хүн байна даа гэж дөнгөж бодож эхэлтэл тэр хүн ч бас намайг аль хэдийн таньчихсан байдаг сан. Монгол хүний харц нэг л тийм өөр байдаг. Ер тогтож сууж чаддаггүй, сониуч харцтай. Бас Монголын гандуу, уйт намар шиг зэвэргэн төрхтэй. Гэхдээ би намарт хамгаас дуртай учраас энэ өнгө надад гойд дотно санагддаг юм. Үүнээс гадна монгол эрчүүдийг үсний засалтаар нь танихад амархан. Мэдээж, илүүдэл жинг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Монголчууд маань нас ахих тусам жин нэмдэг бололтой. Үүнийг бичин суугаа сэтгүүлч би хүртэл хэрэндээ таарсан хэтийдсэн жинтэй гэдгээ нуух юун.

Сөүлд монголчууд олуулаа амьдардаг гэдгийг уншигч та энэ хотод нэг өдрийг өнгөрөөгөөд үзэх юм бол шууд мэдрэх болно. Дан монголчууд амьдардаг, 4 давхар орон сууцны барилга Сөүлд бий. Тэр нь “монгол апат” гэсэн нэртэй. (Солонгосчууд apartment буюу орон сууцыг “апат” гэж товчилж ярьдаг.) Би нэг өдөр зориуд зав гаргаж тэрхүү барилгыг үзэж сонирхохоор хүмүүсээс сурагласны эцэст Сөүлийн зүүн хэсэгт явж очлоо. Гэвч баахан эрээд олсонгүй. Арга барагдахдаа, ойролцоох метроны буудлын гарцан дээр зогсоод монгол хүн гарч ирэх нь үү гэж хүлээж байтал яг 19 минут өнгөрсний эцэст үүргэвч үүрсэн монгол залуу гарч ирлээ. Түүнийг нэг хараад л монгол хүн гэдгийг нь мэдсэн. Тэр ч бас намайг “анхны харцаар” таньсан байх. Харамсалтай нь, тэр залуу “монгол апат”-ын талаар дуулсан ч яг хаана байдгийг нь мэдэхгүй байв. Гэхдээ түүнийг 19 минут хүлээн байж уулзсан нь надад сонирхолтой санагдсан. Хожим би хэн нэгэнд “Сөүлд төөрч будилбал аль нэг метроны буудлын гарцан дээр 19 минут зогс. Удахгүй монгол хүн заавал гарч ирэх болно” гэж зөвлөх эрхтэй боллоо шүү дээ.

Бас нэгэн удаагийн сонирхолтой түүхээ ярья. Хоолны газарт нь хуушуур зардаг их сургууль Сөүлд байдаг тухай нэг хүнээс дууллаа. Тэр даруй очиж үзэх хүсэлд дарагдав. Ингээд нэгэн дулаахан өдөр тэрхүү хачирхам сургуулийг очиж үзэхээр зориуд цаг зав гаргав. Надад энэ сургуулийн тухай ярьж өгсөн нэгэн монгол ах метроны буудлынх нь хаягийг зааж өгөхдөө "Гарцаар гараад чигээрээ алхаад л бай, угаасаа андашгүй, өөдөөс чинь баахан монгол хүн алхаж байгаа" гэж зааварчилсан юм. Би хэлснийх нь дагуу метроны буудлын гарцаар гараад чигээрээ алхлаа. Хэд алхав уу үгүй юу хоёр монгол бүсгүйтэй тааралдав. Сураглаж буй сургуулийнхаа нэрийг хэлтэл, "Энүүхэнд байгаа" гэлээ. Ингээд цааш алхах зуураа нийт хэчнээн монгол хүнтэй тааралдах бол оо гэж сонирхон тоолж явтал их сургууль хүртэлх 300 метр орчим зайнд яг 23 монгол хүнтэй таарсан юм даг. Итгэхэд бэрх байгаа биз. Энэ тоог тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсныг яг энэ цаг мөчид үүнийг бичих зуураа харж сууна. Хамгийн харамсалтай нь тэр өдөр би хуушуур зарж байгааг олж харж чадаагүй юм. Маргааш цайны цагаар дахиад хуушуур зарах байх даа гэж эндхийн оюутнууд хэлсэн. Ер нь монголчууд Сөүлд олуулаа гэдгийг энэ мэт олон жишээгээр нотолж болно.

Хэдий монголчууд маань олуулаа ч манайхны нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унажээ. Цөөхүүлээ гэгддэг байсан хуучин цагт “Би монгол хүн” гэдэг үг солонгос хүний чихэнд "ахан дүүс" гэдэг шиг дотно санагддаг байв. Дурын солонгос хүнд “Би монгол хүн” гэж хэлэхэд өнөөх нь хөөрөн догдолж “Бид нэг гарвалтай. Бидний хонгон дээр адилхан хөх толбо байдаг” хэмээн саймширдаг байсан нь өдгөө түүх болжээ. Хэрвээ өнөөдөр хэн нэгэн “Би монгол хүн” гэж хэлбэл солонгосчууд дуугүй, бүр ярвайж өнгөрөх вий. Учир нь, монголчуудтай холбогдсон хэрэг төвөг байнга шахуу чих дэлсдэг. Намайг Монголд ирсний дараахан гав гинжтэйгээ цагдаагийн газраас оргочихсон монгол залуугийн тухай зурагтын суваг бүр мэдээлсэн гэсэн. Сул назгай байдлыг нь улс орон даяар шүүмжилсэнд цагдаагийн газрынхан ихэд шаралхаж өнөөх залууг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эрж хайсан гэнэ. Хоморгонд нь олон монгол хүн өртжээ. Манайхны зарим нь арга барагдахдаа тэрхүү залууд хандан өөрөө очоод баригдсан нь дээрээ гэж зөвлөж байв. Сүүлд сураг сонсох нь ээ, тэр залуу баригдсан гэсэн. 

Монгол хүнийг үүднээсээ буцаалгадаг уушийн газар Сөүлд байсан гэвэл та итгэх үү? Манайхан олон удаа тооцоогоо төлөлгүй мурьчихсан учраас тэрхүү уушны газар ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Бас монголчуудыг оруулахаа байчихсан махны газрууд бий гэсэн. Шалтгаан нь маш энгийн, ухаан жолоогүй иддэг учраас монголчуудыг үйлчлүүлсэн үед тухайн махны газар ямар ч ашиг олдоггүй гэнэ. Мөн манайхан хулгайн хэрэгт их холбогддог. Нүүлгэж буй айлынхаа үнэтэй цэнтэй бүхнийг сорчилж аваад, ажлынхаа дундуур зугтчихсан монгол хүний тухай дуулж л байлаа. Тийм болоод ч тэр үү, Сөүлийн хаа нэгтээ монгол хүмүүс хоорондоо таарвал аль болох нэг нэгэнтэйгээ мэндлэхгүй өнгөрөөхийг хичээдэг болжээ. Уг нь бүр эрт дээр цагт бол Сөүлд хоёр монгол хүн санамсаргүй тааралдвал удаан уулзаагүй аав ээжтэйгээ учирч буй мэт догдолж, удаанаар ярилцан суудаг байв. Харин одоо бол нэгнийгээ алсаас, харцаар нь таньчихаад дэргэдүүр нь танихгүй юм шиг өнгөрдөг. Олны дунд сайн нэгэн ч бий, саар нэгэн ч бий. Нэг эвэр доргивол мянгыг доргиодог гэдэг байх аа, Сөүлд яг л ийм юм болж байна.

Сөүлийн зүүн хэсэгт, метроны буудлын хаяанд нэгэн монгол хоолны газар байдаг юм. Эднийх амттай хоолоороо алдартай гэсэн тул нэгэн орой ажил тарсныхаа дараа зориуд очиж үзэхээр боллоо. Подвалийн давхарт байрладаг, зургаахан ширээтэй тэрхүү зоогийн газарт өдөр бүр өөр хоол голчилж гардаг бөгөөд энэ өдөр гуляш, хуушуур, гэрийн боорцгоор үйлчилнэ гэсэн зар үүдээр нь ороход бичээстэй харагдсан. Тэрхэн үед гэрийн боорцог хайрдаг монгол хоолны газар Сөүлд бүү хэл, Улаанбаатарт ч ховор доо гэж бодогдсон. Хоолны газарт 30-аад насны эр сууж байлаа. Намайг хармагцаа “Ажлаасаа бууж байгаа юм уу” гэж яриа өдсөн. Би “Тийм ээ” л гэв. Тэр эр шөнийн цагаар тэгпэ-ний ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулав. Ер нь Солонгос дахь монголчууд шөнөөр ажиллахыг “ягаарах” гэдэг. Энэ нь "ягаан" гэсэн монгол үгтэй огт холбоогүй бөгөөд солонгосоор шөнө гэдгийг "ягаан" гэдэг учраас "ягаарах" гэдэг эрлийз үг үүссэн хэрэг. Гэхдээ ягаан гэрэл туссан шилэн хоргонуудад залуухан охид зогсоод биеэ үнэлдэг шөнийн гудамжийг манайхан “Ягааны гудамж” гэж нэрлэдэг нь монгол хэлний ягаан гэсэн өнгө, солонгос хэлний шөнө буюу ягаан гэсэн үгийг хамтад нь нэг дор багтаачихсан, тун ч догь нэршил болсон юм шиг санагдсан шүү. Би өнөөх эрээс “Хэдэн өдөр дараалан ягаарч байна даа” гэж асуутал “3 жил” гэж хариуллаа. Эхлээд надаар тоглоод байна даа гэж бодсон ч нээрээ гурван жилийн турш ягаарч байгаа гэдэг нь үнэн болов. Нүд нь час улайчихсан, яриа нь ч эв дүйгүй байсан тул түүнийг эхэндээ шөнөөр ажиллаад ядраа юм байлгүй дээ гэж бодсон. Ер нь Солонгост тэгпэ-ний үйлчилгээ маш өргөн дэлгэрсэн. Энэ нь нэг үгээр, хүргэлтийн үйлчилгээ гэсэн үг юм. Ийн байж байтал оюутнууд бололтой 20 гаруйхан насны залуус гаднаас орж ирлээ. Бүгд өнөө орой тэгпэнд гарна гэв. Айл нүүлгэдэг залуус амсхийх л юм бол айл нүүлгэлтийнхээ талаар ярьдаг шиг тэд ч бас урьд шөнийнхөө тэгпэ-ний тухай яриад л байсан. Би тэгпэнд гарч байгаагүй учраас тэдний яриаг сайн ойлгосонгүй. Тэднийг монгол хоолоо идэх зуур би ч бас хоол захиалж идлээ. Гуляш, мантуу, сүүтэй цай захиалав. Сүүтэй цай нь хийцтэй, тун ч сайхан амттай санагдсан. Харин мантуу нь уу, дутуу болгочихсон уу, бүү мэд, чулуу шиг л хатуу байж билээ. Мэдээж гуляш нь яриангүй сайхан амттай байсан. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр ийш орж ирснийх нэг том олзтой гарлаа. Нөгөө хайгаад байсан “Монгол апат”-ынхаа сургийг тэгпэ-чин эрээс мэдэж авав. Бас хаана байдгийг нь багцаагаар заалгуулж авлаа. Ингээд тэр эрд баяртай гэж хэлчхээд “Монгол апат”-ын эрэлд гаран үдшийн, үл таних гудмаар алхав. 

Тэгпэ-чин эрийн чиглүүлсний дагуу гудамж уруудан алхсаар голын эрэг дагуу байршсан гэрэл муутай, бүүдгэр хороололд дөхөж ирлээ. Ойр хавь нэг л эл хуль шүү. “Монгол апат”-ын бичмэл хаягийг тэгпэ-чин эрээс мэдэж аваад гар утсан дээрээ тэмдэглэчихсэн тул ойролцоох байшин бүрийн хаягийг тулгаж явсаар, цаг орой болсныг анзаарсангүй. Тэгээд бараг л харьдаг ч юм уу даа гэж бодож байтал буцах замд дөрвөн давхар шаргал байшин тааралдсан нь яг мөн бололтой. Орцны үүдээр шагайвал доторх нь хав харанхуй. Дотогш ороод шатаар өгслөө. Орцонд хэн ч алга. Гар утасны чийдэнгээ асаан харанхуй орцны хана туургыг сонжтол ханан дээр нь монголоор сараачсан харагдлаа. Тэгмэгц нь энэ байр “Монгол апат” мөн ч бай, биш ч бай, энд ямар нэгэн монгол хүн амьдардаг нь баараггүй гэж тааварлав. Ямар ч л байсан, орцны үүдэн дээр зогсоод хүн гарч орохыг хүлээе гэж шийдлээ. Тэгтэл арваад минутын дараа өндөр нуруутай, хижээлдүү эр тамхилахаар гарч ирэв. Харваас монгол хүн. Би түүнтэй мэндлээд “Энэ Монгол апат гэдэг нь мөн үү?” гэж асуулаа. Өнөөх эр “Харин хүмүүс л тэгж нэрлээд байдаг юм” гэж хариулмагцаа хэрэг зоригийг минь сонирхов. Би түүнд сэтгүүлч гэдгээ хэлээгүй ээ. Хэлсэн ч итгэхгүй байсан биз. Хэн л хар шөнөөр ийм эл хульхан газар ирчихээд монголчуудын амьдардаг түрээсийн сууцыг сурвалжилна гэдэгт итгэх вэ дээ. Харин түүнд түрээсний байр хайж байгаа гэж худал хэллээ. Тэгмэгц өнөөх ахын байр байдал хувьсан өөрчлөгдөж, эзэн нь гэж нэг солонгос өвгөн байдаг тухай ярив. "Монгол апат"-ад нээрээ л дан монголчууд амьдардаг гэнэ. Ихэнх суугчид нь Солонгост богино хугацаагаар ирэгсэд аж. Нийтийн жорлонтой боловч барьцаа мөнгө төлдөггүй, хөргөгч, угаалгын машин нь цаанаасаа, басхүү түрээсийн төлбөр бага гээд давуу тал ихтэй гэнэ. Мэдээж ойр хавьд нь монголчууд олноороо суурьшин амьдардаг тул ажил олоход тус дэмтэй байдаг аж. Тэр ах өмнө нь Солонгост ажиллаж байгаад 13 жилийн өмнө нутаг буцжээ. Ингээд нэг ч удаа эргэн ирэхгүй байсаар өчнөөн олон жилийн дараа залуу цагийн дурсамжит хотдоо ирсэн нь энэ удаагийнх гэнэ. Бид хоёр ийн ярилцаж байтал настай эмэгтэй, залуу бүсгүй хоёр "Сайн байна уу?" гэсээр хүрч ирлээ. Энд өрөө түрээслээд удаагүй байгаа ээж, охин хоёр гэнэ. Хориод насны охин нь их сургуулийн хэлний бэлтгэлд элсэн оржээ. Би сонсож дуулсан сонин хачин зүйлсээ тэдэнд ярилаа. Тэд ч янз бүрийн юм асуув. Ээж нь “Аятайхан байр ер олдохгүй юм. Харин энэ байр барьцаа шаардахгүй амар санагдсан” гэв. Тэгсэн өнөөх ах “Энэ ч дээ, гурван сарынхан орж гарч л байдаг, хямдхан сууц шүү дээ” хэмээн амьдардаг байраа гоочлоод авав. Тэгтэл орцноос гурван монгол залуу гарч ирээд мэндийн зөрөөгүй яваад өглөө. Охины ээж “Монгол хүмүүс байж нэгэнтэйгээ мэндлэхгүй юм. Болдог сон бол монгол хүн бүртэй мэндэлмээр байх юм” хэмээн гомдоллов. Тэгтэл өнөөх ах "Энэ байрныхан бүгд нэгнээ танихгүй ээ" гэж билээ. Удалгүй би сүүлчийн метронд амжиж суух санаатай тэднээс салан ирсэн замаараа алхлаа. 

Сөүлд удах тусам Монголоо санаж байлаа. Яг одоо Улаанбаатарт навчис хөглөрүүлэн алхах дуртай намрын улирал минь айлчилж байгаа даа гэсэн ганцхан бодол намайг эх нутаг руу минь яаруулж байв. Тэгтэл Улаанбаатар руу нисэхээс дөрөв хоногийн өмнө Урианхай ах гэнэтхэн ярилаа. Тэр “Өнөөх ажлаа дахиад хийх үү? Хоёр өдрийн ажил гарчихлаа” гэв. Уг нь би дахин арбайт хийхгүй гэж бодож байсан ч түүний саналд татгалзаж чадсангүй ээ. Урианхай ах сэтгэл гарган залгаж байхад яаж үгүй гэхэв. Сүүлийн хоёр арбайт, тэгээд л нутаг буцна даа гэж өөрийгөө зоригжууллаа.

Гэвч маргааш нь өнөөх амархан ажлаа хийсэнгүй. Тоос шороотой, жинхэнэ барилгын ажилд нухлагдав. Бид шинээр баригдаж буй 6 давхар барилга дээр ажиллалаа. Манай бригад ихэнхдээ 5-6 давхар өндөртэй, жижиг орон сууцнуудын ханыг гипсэн хавтангаар бүрдэг ажээ. Ингэхдээ жилийн дөрвөн улирлын турш Сөүлийн өнцөг булан бүрт баригдаж буй шинэ барилгуудыг хэсэж явдаг байна. Бүрэлдэхүүний хувьд цомхон, зөвхөн энэ л ажлаа хийдэг, заримдаа нэг өдрийн дотор хоёр ч барилга дээр очдог гээд манай бригад олон онцлог шинжтэй байлаа. Энэ өдөр энд ажилладаг хоёр монгол залуу маань хүртэл ирсэн харагдав. Ерөнхийдөө Урианхай ах, бид хоёрын үүрэг бол зургаан давхар байшингийн өрөө бүрт гипсэн хавтангуудыг оруулж тавих. Ингэхдээ нэг хүн нуруундаа 4 ширхэг гипсэн хавтанг давхарлан үүрээд шатаар өгсөх ёстой. Нэг гипсэн хавтан хэдэн кг байдгийг хэлж мэдэхгүй боловч лав дөрвөн гипсэн хавтан аймшигтай хүнд байдаг гэдгийг би яс махаараа мэдрэх шиг болсон. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь өргөөд өгсөх биш. Гипсэн хавтан хаалгаар шууд багтахгүй тул өрөөнүүд рүү орохдоо гипсэн хавтангаа заавал хажуулдуулж оруулах ёстой болдог байв. Ингэж оруулах үнэхээр хэцүү. Хөлс цутгах мэт асгарсан. Хамаг бие туйлдан ядарсан. Уг нь би чинь 30 цаг тасралтгүй ажиллахдаа огт шантраагүй хүн шүү дээ. Бас барилгын чулуу зөөж үзсэн, айл нүүлгэж үзсэн, барилга нурааж үзсэн, чингэлэг буулгаж үзсэн атлаа энэ ажлын үеэр л өвдөг сөхрөөд бууж өгчихмөөр санагдсан. Ажлын бээлий минь хүртэл урагдаж цоорсон харагдав. Барилгын тоос шороотой, нарийхан давчуу шатаар нуруундаа чулуу мэт хүнд дөрвөн хавтан үүрчихээд шатны нэг гишгүүр бүрээр дээш ахих үед яагаад ч юм, нэг л шүлэг аманд минь байнга уншигдаад болдоггүй. Тэр нь:

Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг...

Энэ шүлгийг амандаа шившмэгц л нуруундуу үүрсэн хүнд хавтанг “хүргэх ёстой газар” нь хүргэж чадах ч юм шиг санагддаг байв. Яруу найргийн ер бусын, гайхалтай шид гэж үүнийг л хэлэх байх. Энэ дөрвөн мөртийн хүчээр тэр өдрийг давж туулсан. 

Ажил дууссаны дараа, “Маргааш дүү нь ажиллаж чадах юм болов уу даа” гэж хэлмээр байсан ч хэлж чадаагүй. Анхнаасаа л “За” гэсэн бол амлалтаа зөрчих ёсгүй гэж бодсон хэрэг. Урианхай ахтай цуг метроны буудал руу алхах замдаа “Үнэхээр хэцүү ажил юм аа” гэж хэлтэл “Чи харин гайгүй байна. Ах нь анхны өдрөө алиагаа алдаж байлаа. Бүр гарын шөрмөс хүртэл татсан” хэмээн урмын үг хэлж билээ. Тэр үгэнд нь урам авсан уу, бүү мэд, маргаашийн ажлыг даваад туулчих ч юм шиг санагдсан. Маргааш нь Урианхай ах ажилтай болчихсон тул би ганцаараа гарлаа. Өглөө айж л байв. Гэтэл надад аз дайрч тэр өдрийн талыг гипсэн хавтан зөөж, үлдсэн хагасыг Ансан руу явж өнөөх “наадаг ажил”-аа хийж гүйцэтгэлээ. Миний сүүлийн арбайт нэг иймэрхүү өнгөрсөн юм даа. Тэр орой эзэн маань 7 өнгөрөөж ирээд надад хоёр өдрийн цалин гэж 200 мянган вон, дээрээс нь удаан хүлээлгэсэн гээд 20 мянгыг нэмж өгөв. Тэгээд намайг автобусны буудал дээр хүргэж өглөө. Би тэндээс Сөүлийн төв хүрдэг шугамын автобусанд суугаад гэртээ харьж билээ. 

Хожим эргэн дурсахад хоёр үйл явдал миний сэтгэлд тод үлджээ. Хоёулаа Чингис хаантай холбоотой байсан нь бүр ч сонин. Эхний түүх нь ийм. Нэг өдөр ажлаа дуусчхаад нэгэн солонгос эрийн хамт Сөүл рүү буцаж байлаа. Бид хоёр англиар хагас дутуу ойлголцчихдог байв. Солонгос эр таньдаг монгол залуу нь Монголд очоод Солонгосын хөрөнгө оруулалттай том компанид ахлагч хийж байгаа тухай сонирхуулаад “Гэхдээ цалин нь үнэхээр бага юм билээ” хэмээн үгээ доогтой байдлаар төгсгөв. Дэлхийн 13 дахь том эдийн засагтай, Риогийн Олимпоор медалийнхаа тоогоор 8-д жагссан, хувийн компани нь гэхэд Apple-тай өрсөлддөг, Азийн бар улсын иргэнд Монголынхоо талаар гайхуулаад хэлчих юу ч олдсонгүй. Солонгосчууд хэзээ ч барууныхан шиг Монголын нүүдэлчин соёл, онгон дагшин байгальд сэтгэл хөдлөхгүй. Бүр уур хүрээд болдоггүй. Тэгэхээр нь “Чингис хаан гэж мэдэх үү” гэлээ. Солонгос эр “Мэднэ ээ” гэж байна. Тэгмэгц нь “Чингис хаан бараг бүх дэлхийг эзэлсэн. Хятадыг ч тэр, бүр Солонгосыг ч тэр” гэв. Тэгтэл өнөөх эр зальтай инээмсэглэснээ “Гэхдээ одоо биш...” гэж билээ. Энэ үг одоо ч бодогдоод болдоггүй юм. 

Хоёрдахь үйл явдал нь ийм. Би бас л ажлаа тарчихаад машинд явж байлаа. Гэхдээ ачааны машиныг маань солонгос хүн биш, монгол залуу жолоодож явав. Радиогоор Жон Ленноны дуу эгшиглэж дуусмагц миний цорын ганц мэддэг солонгос дуучин болох Бэк Жи-ёны дуу явав. Энэ хоёр дууны ид шид нөлөөлсөн үү, бүү мэд, би яагаад ч юм Чингис хааныхаа тухай бодлоо. Ямар азаар надад, бидэнд Чингис хаан байгаа юм бэ дээ гэж бодох зуур нүдэнд минь нулимс цийлэгнэв. Би сэтгэл дотроо бол мэгшин уйлж байлаа. 800 жилийн өмнөх тэр хүн одоо ч гэсэн нэгэн үндэстний нөмөр нөөлөг, өмөг түшиг болж байгаа нь надад дэндүү бахархалтай санагдсан. Зарим нэг нь “Түүхээ ярьж хөгждөггүй юм аа” гэж цэцэрхэх л байх. Үнэндээ би хүртэл тийм хүмүүсийн эгнээнд шилжиж байснаа нуугаад яах вэ. Гэхдээ тэр өдрөөс хойш Чингис хаан бол зүгээр нэг бахархан дурсдаг түүхэн хүн биш, тэр одоо ч бидний дотор амьд юм байна гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн юм даг. Айж эмээсэн үедээ ижийгээ дурсдаг шиг, ядарч зовсон үедээ бурханыг эрдэг шиг, Чингис хаан бол монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд орших “аврал энэрэл” юм. 

Би товлосон өдрөө нутаг буцлаа. Сөүлээс онгоц хөөрмөгц би дугхийчихэв. Харьж байна гэсэн ганцхан бодол намайг тийм их тайвшруулсан хэрэг. Бас ядарсан маань нөлөөлсөн байх. Гэнэт нойрноосоо сэрээд онгоц маань нам гүмд автсаныг мэдрэв. Жаахан өндийгөөд эргэн тойрноо харвал зорчигчид цөмөөрөө унтчихжээ. Тэд ч бас над шиг л их ядарсан бололтой. Аргагүй шүү дээ, хүн бүр л Сөүлийг авралаа гэж хардаг юм. Уншигч та намайг сурвалжилга хийнгээ ажилласан биш, ажиллангаа сурвалжилга хийсэн юм биш үү гэж бодож магадгүй. Аль нь ч байсан, би тийм л гэж хариулна. Хоёр сарын турш сурвалжилга, арбайт хоёрыг хослуулсны дүнд би багагүй мөнгөтэй болсон. Түүгээрээ бараг 15 кг-ийн жинтэй ном худалдаж авсан. National Geographic-ийн логотой аяны хөнгөхөн халбага авсан. Аяга, цүнх, бас хувцас авсан. Өвөл аялж магадгүй юм байна гэж бодоод цасны гутал авсан. Гүйнэ дээ гэж бодоод гүйлтийн гутал авсан. Хавар алхана даа гэж бодоод салхины куртка авсан. Ирээд бас зөндөө монгол ном авсан. Эмээдээ мөнгө шилжүүлсэн, ээждээ эмнэлэгт хэвтээрэй гэж мөнгө илүүчилсэн. Тийм ээ, Сөүл ч бас миний авралын хот. 

Нэгэн цагт Төв Азиас гаралтай бор хархнууд сониуч зан болон хоол тэжээл эрэх зөн совиндоо хөтлөгдөн бүх дэлхийгээр тэнүүчилсэн. Энэ нийтлэлийнхээ эхэнд харх адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай гэж бичсэн дээ. Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа би монголчуудыг маань зүгээр ч нэг санаандгүй байдлаар харх гэж нэрлээгүй юм байна гэж бодсон. Монголчууд харх шиг л адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай билээ.  


2016 оны 12-р сарын 22.



НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Өөрөө уншихад ч халширмаар, урт нуршуу нийтлэл нэгийг биччихлээ. Ингэснээр Сөүлийн тухай цуврал нийтлэлүүд маань дуусгавар болж байгаа юм. Өмнө нь бичсэн гурван нийтлэлийн эхнийх нь болох “Сөүлийн тэмдэглэл”-дээ энэ хоттой хэрхэн холбогдсон тухайгаа өөрийн дурсамж түүхүүдээр баяжуулан бичсэн. Харин “Хорин дөрөв”, “Арван хоёр” гэсэн холбоо хоёр сурвалжилга бол айл нүүлгэлтийн тухай хөндсөн анхны даацтай нийтлэл гэж би хувьдаа бодоод байгаа юм. Сайн муу болсон эсэхийг нь үнэндээ хэлж мэдэхгүй байна. 

Тэгвэл таны дөнгөж сая уншсан, магадгүй унших гэж оролдоод уйтгартай санагдмагц дундаас нь хаясан эл нийтлэл бол Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа олж мэдсэн, ажиглаж харсан бүхнээ нэгтгэх гэж оролдсон, нэлээд “сэтгүүлч” төвтэй тэмдэглэл-сурвалжилга гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Уншигч танд уйтгартай санагдсан бол та зөв дүгнэжээ гэж хэлэхээр байна. Үнэндээ надад ч бас эргээд уншихад үнэхээр уйтгартай санагдсан. 

Энэ дөрвөн нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн хувьд, нэг дор бөөнд нь бүү уншаарай гэж зөвлөе. Хэрэв тэгэх аваас дан ганц “Сөүл” гэх үгний олон давхцал таныг хордоож мэднэ шүү. Эцэст нь хэлэхэд, цаашид Сөүлийн тухай бичих хэрэг гардаг юм бол, харьд одсон бүсгүйчүүдийн тухай бичих нэг санаа байна. Хэрэв энэ сэдэвтэй холбоотойгоор сэтгүүлч надтай холбогдохыг хүсвэл Та enkhtsolmon23@gmail.com гэсэн э-шуудан руу хэдийд ч захиа илгээж болно шүү. 


Арван хоёр



(Жич: Хэрэв та “иса”-ны тухай ямар ч ойлголтгүй бол миний өмнө нь бичсэн “Хорин дөрөв” нийтлэлийг эхлээд уншаарай гэж зөвлөе.)



Сөүлд өнгөрүүлсэн хоёр сарын хугацаандаа би хүний нутагт удаан жил ажиллаж амьдарсан монголчууд бусадтай анх уулзахдаа бүрэг даруу, бүр үг дуу цөөтэй байдгийг олж анзаарсан юм. Эхэндээ энэ нь ихээхэн гайхаш төрүүлж байсан ч эцэс сүүлдээ ингэхээс ч өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Үнэхээр ч өдөр бүр шахуу өөр хүмүүстэй ажиллаж буй үед бусдын амьдралыг сониучирхан шалгаана гэдэг нь дэндүү залхмаар хэрэг юм билээ. 

Ер нь Солонгос дахь монголчууд нэг нэгэнтэйгээ уулзаж танилцахдаа нэрийг нь түрүүнд асуухын оронд шууд л “хэзээ ирсэн, хэр удаж байгааг” нь эхэлж сонирхдог. Учир нь энэ асуултын хариултад тэр хүний тухай, чухал гэгдэх бүхий л мэдээлэл нуугдаж байдаг юм. Жишээ нь хэн нэгэн “Ирээд удаагүй ээ...” гэж хэлбэл хэлний мэдлэг, ажлын туршлагыг нь хэн ч юуг ч нэмж асуулгүйгээр мэдчихдэг гэсэн үг. Харин “Арваад жил болж байна аа...” гэвэл тэр хүн хэлэндээ гаргууд, ажилдаа гаршсан, бас яг л солонгос хүн шиг хааяадаа хатаасан наймаалж зажлангаа будааны айраг уучихдаг юм байна гэж дүгнэхэд хүргэдэг сэн. 

Тэгвэл энэхүү нийтлэлийн маань гол баатар энд “хараар” амьдраад олон жилийг үджээ. Бүхэл бүтэн 12 жил.


Шөнийн такси Хан мөрний умард эрэг дагуух хурдны замаар салхи татуулан давхисаар Сөүлийн зүүн хэсэг дэх намхан сууцуудтай “борчуудын дүүрэг”-т дөхөж ирлээ. Жолоочийн хажууд сууж яваа, 30 гаруй насны монгол залуу бол хойшид өгүүлэх түүхийн маань гол баатар юм. Хэдий энэхүү сурвалжилга маань урт, нуршуу гэгдэж магадгүй ч энэ бол нэг бүтэн шөнө, бас дараа өдрийнх нь үд хүртэлх үйл явдлыг багтаасан ахар богино хугацаанд хамаарах жирийн л нэг тэмдэглэл гэдгийг уншигчдадаа сануулъя. Энд жигтэй сонин үйл явдал, эсвэл адал зохиолд гардаг шиг жир биш, нууцлаг хэрэг тохиож магадгүй гэж тааварлаж байгаа бол эрхэм уншигч таныг гонсойлгох хэрэг гарах нь дээ. Энэ бол зүгээр л Солонгосын хойгийн өмнөд хагаст 12 жил амьдарсан нэгэн монгол залуугийн түүх юм. 

Эхлээд түүнийг хэн гэж дуудахаа шийдсэний дараа энэхүү түүхээ үргэлжлүүлье. Би удаан бодсоны эцэст, гол баатрын маань долгионтсон буржгар үс шууд л Виктор Цойг санагдуулсан учраас түүнийг зүгээр л Цой гэж дуудахаар шийдсэн юм даг. Уг нь тэр эндхийн монгол залуусын адилаар солонгос нэртэй боловч энэ удаад нэрийг нь нууцлахаас өөр аргагүйд хүрлээ. Учир нь тэрээр хүний нутагт хууль бусаар амьдарч байгаа шүү дээ. 

Ер нь солонгос нэртэй болно гэдэг ажил хөдөлмөр эрхэлж буй үед гадаад хүн гэдгээ мэдэгдүүлэхгүй байх хамгийн том халхавч болдог учраас энд удсан хүн бүр нэг л мэдэхэд ямар нэгэн харь нэртэй болчихсон байдаг. Ердөө хоёрхон сар болсон би хүртэл солонгос нэртэй гэвэл уншигч та лав итгэхгүй төдийгүй нэрийг минь сонсоод хөх инээд чинь хүрч магадгүй. Миний нэр бол Инха. Дэндүү танил сонсогдож байгаа биз, яагаав Инха гэдэг чинь “Бүгдийг нь” (All In) гээд нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулсан солонгос драмын гол дүрийнх нь нэр шүү дээ. Энхээ гэдэг нэртэй маань ижил сонсголонтой учраас би ийм нэртэй болчихсон хэрэг. 

Энэ үдэш Цой Итавон гэх америк хороололд удахгүй Монгол руу буцах нэгэн найзтайгаа уулзаад дугтуйтай долоон мянган долларыг ээж рүүгээ илгээсэн бөгөөд дараа нь өнөөх найзтайгаа хүнгүй, эл хульхан хоолны газарт гахайны нурууны ясыг ялз болгож чанасан “хижангүг” гэх шөлийг хөлсөө гартал уугаад араас нь хоёр лонх сөжү задалж билээ. Яг энэ мөчид би тэдний дэргэд суугаад сонирхолтой яриануудыг нь амтархан чагнасан юм даг. Уг нь би Цойгийн тухай эртнээс мэдэх боловч хэрхэн ажиллаж амьдардгийг нь мэддэггүй байлаа. Цой шиг арваад жил ажилласан туршлагатай исачин Сөүлд ховор, Цой шиг исаны газрынхаа Тимжаан болсон монгол хүн цөөхөн гэх мэтээр түүний тухай домог мэт ярианууд олон. Айл нүүлгээд дөрвөн жил болж буй дотнын найз нь хүртэл “Цойгийн дэргэд миний айл нүүлгэнэ гэж юу байхав дээ” хэмээн надад аминчлан ярихыг сонсоод иса бол асар нарийн эрэмбэ дараатай ажил юм байна гэдгийг ойлгосон. Нээрээ ч Цой хүний нутагт өнгөрүүлсэн 12 жилийнхээ 11-ийг айл нүүлгэх ажилд зориулжээ. Тиймээс л би Цой бол исаны тухай сурвалжилгад маань хамгийн ихээр тохирох хүн юм байна гэдэгт хатуу итгээд түүнд ахуй амьдралыг нь сонжих санал тавьсан ч эхэндээ тэр татгалзаж байгаад эцэс сүүлдээ зөвшөөрсөн юм. Гэвч түүний “Яахав манайд нэг хоноод маргааш нь надтай цуг ажиллаад үзэхгүй юу” гэсэн найзаараа дамжуулж хэлсэн тоомжиргүй хариултаас хойш өдийг хүртэл хэн хэнийх нь зав боломж гарахгүй явсаар өнөө шөнө л тэднийд зочлох, бараг сүүлчийн гэмээр завшаан тохиож билээ. Учир нь би нөгөөдөр өглөө нь Монгол руу буцах байлаа. Цой дотнын найзтайгаа уулзаж дуусаад гэр лүүгээ шууд л таксидчихсан бөгөөд тэр урд, би хойно сууж явсан. 

Яг одоо бол метро амсхийчихсэн, ойр хавийн гудамж талбай эзгүйрч хоосорсон гүн шөнийн цаг билээ. Замын турш жолоочтой хөөрөлдөн явсан Цой хөлсний тэргийг гэрийнхээ үүдэнд аваачсангүй, ойролцоох зам дээр зогсоолголоо. Гадаадын иргэдийг сэжигтэй санагдсан л бол гэрийнх нь хаягийг зааж өгөөд цагдаагийн газарт мэдээлчихдэг таксины жолооч нар олширсон тул хууль бусаар амьдардаг Цойгийн хувьд болгоомж, сэрэмж юу юунаас илүү чухал. 

Төдхөн бид таксинаас буугаад зам хөндлөн гарч давчуу, харанхуй гудам руу нэвтэрлээ. Замдаа би:

-Таксины жолооч таныг гадаад хүн гэж гадарласан болов уу гэж сониучирхан асуутал,

-Үгүй байлгүй дээ хэмээн тэрээр ер тэвдсэн шинжгүй, даруухан хариулав. 

Нээрээ л түүнийг гадаад хүн гэж хэлэх хэцүү. Мань эр солонгосоор өөгүй цэвэрхэн ярьдаг төдийгүй яг л солонгос хүн шиг харагддаг. Духдуулж өмссөн загварлаг бүрх малгай нь, зузаан хүрээтэй харааны шил нь Сөүлийн дэгжин залуусыг санагдуулдаг байв. 

-Та тэгээд таксины жолоочтой юун тухай хөөрөлдсөн юм бэ гэж намайг үргэлжлүүлэн асуухад:

-Насаараа такси барьсан эр гэнэ ээ. Давхихыг үзүүлж өгдөг азоши байна лээ шүү гэв. Эрэгтэй хүнийг солонгосоор азоши гэдэг бөгөөд тэрээр яриандаа байсхийгээд л солонгос үг хавчуулна. Захирал (сазан), цалин пүнлүү (тун), цагийн ажил (арбайт) гэх мэт ойр зуурын үгийг нь би төвөггүй ойлгочихдог бол харин хариуцлага, хориотой зэрэг ойлгомжгүй, хүнд үгсийг солонгосоор хэлснийхээ дараа заавал надад орчуулж өгдөг байв.

Алхах зуураа эргэн тойрноо сонжиж харвал нэг л эл хуль, эзэнгүй гудамжаар явж буй гэдэг нь илт. Байшингуудынх нь хаалга цонх цөм хагарч яйжийжээ. Гудамжинд нь машин тэрэг ч харагдсангүй. Энд тэндгүй хог новш л хөглөрөх аж. “Ямар сонин, эвгүй газар амьдардаг юм бэ дээ” хэмээн гайхширч явтал Цой түрүүнээс хойш нэг зүйлийг тайлбарлаад байсныг нь би сонсоогүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихжээ. Тэрээр:

-...Би ч ёстой азтай шүү хэмээн тун баясгалантайгаар нэг зүйлийг ярьж байлаа.

-Яагаад билээ, хэмээн өмнөх яриаг нь сонсоогүй болохоор түүний юу ярьсныг нь лавшруулах санаатай асуутал:

-Энэ хавийг газарт оруулчихсан юм аа. Тэгээд л оршин суугчид нь нүүгээд явчихсан хэрэг. Удахгүй бүгдийг нураагаад ормон дээр нь өндөр барилга барих биз. Харин амьдардаг байшин минь золтой л газарт орчихоогүй. Тэгсэн бол нүүх хэрэг гарахгүй юу! гэж билээ. 

Уг нь эндхийн сууц бүр халаалттай, ханандаа цорготой, басхүү бохирын шугамд холбогдсон гээд бидний ойлголтоор бол тун тохилог боловч Сөүл хотод бол энэ нь “гэр хороолол”-доо тооцогдоно. Гэхдээ иймэрхүү хуучны дүүргүүд надад лав гойд сэтгэл татам санагддаг юм. Тахирлаж орооцолдсон нарийн гудмуудаар нь тачигнасан дуутай “моторт дугуйнууд” сүлжилдэж, тэвшиндээ дүүрэн бараа ачсан доншуур худалдаачид бараг гудамжны үзүүр болгонд нь зогсчихсон, бас болоогүй ээ, цагаан хоолойгоор мөргөлийн дуу эгшиглүүлэх мэт зарлал сонордуулах нь бүхий л зүйлс нь эмх цэгцэд хүлэгдсэн Сөүлийг нэг л тийм ер бусын, дорнын шинжтэй болгодог сон. Голдуу 2-4 давхар бүхий, ханаа тойрсон нарийхан шаттай тоосгон байшингууд нь хэлбэр хийцээрээ бүгд өөр боловч ихэнх нь интоор мэт улаан өнгөтэй байхаас гадна түрээсийнх байдаг. Ер нь Солонгос дахь монголчууд иймэрхүү түрээсийн сууцанд амьдрах нь түгээмэл. Ялангуяа Цойгийн амьдардаг Сөүлийн зүүн хэсэг бол монголчуудын үүр ноохой болсон газар гэхэд хэлсдэхгүй. Анх Сөүлд хөл тавьснаасаа хойш энэ хавьдаа л амьдарч ирсэн тэрээр амьдардаг дүүргээ Улаанбаатараар бол 25-р эмийн сан хавьцаа юм уу даа гэж тодорхойлсон.

-25-р эмийн сангаас хороолол руу ч тэр, хотын төв рүү ч тэр, эс бөгөөс Зайсан руу ухасхийхэд ч ойрхон байдаг шүү дээ. Манай дүүрэг бол яг тийм газар. Сөүлийн хамгийн чинээлэг дүүрэг Ганнам руу гүүр даваад л орчихно. Энэ орчимд орон сууцны хорооллууд чигжүү байрладаг тул исаны олдоц ихтэй гэсэн үг. Монголчууд ч бас олноороо суурьшдаг учраас ажил сураглах болоод олж өгөхөд дэмтэй байдаг юм хэмээн тэр ярилаа. 

Дараа нь бид түүний амьдардаг байшингийн дэргэдүүр өнгөрч, гудамжны үзүүр дэх шөнийн мухлагаас хоёр лааз шар айраг авчхаад буцаж алхан тэднийд ирэв. Түрээсийн нэг өрөө байр нь нэгдүгээр давхарынх ажээ. Байшин нь орцгүй учраас жижигхэн шатаар хэд өгсөөд гадаа хаалгаа түлхүүрдээд онгойлгочихов. Тэднийд ороод хамгийн түрүүнд Монголын төрийн далбаа болон гэр бүлээрээ авхуулсан жаазтай зураг нүдэнд тусав. Цой айлын бага бөгөөд “хөвгүүн” байх үеийн тэрхүү зурган дээр нүдний шил зүүгээгүй төдийгүй үс нь хүртэл буржгар биш байгаа нь инээдтэй, ер танигдахааргүй харагдав. Галзуухандаа лантгар том хөргөгч, унтлаганы өрөөндөө бараг өрөөний талыг эзлэх хэмжээтэй нүсэр том ор залжээ. Ер нь шүүгээ, угаалгын машин гээд тэдний ихэнх тавилга томоос гадна үнэтэй санагдав. Цой хүйтэн кимбаб гартаа барьсаар дугуй шилэн тавцантай жижиг ширээн дээр болгоомжтой тавих зуураа “Манайд миний худалдаж авсан нэг ч тавилга байхгүй” гэв. Айл нүүлгэдэг ажлын нэг давуу тал бол энэ. Солонгос айлууд бараг шинээрээ шахуу тавилга сэлтээ хэнэг ч үгүй хаячихдаг учраас айл нүүлгэдэг монголчууд тун төсөр аргаар гэрээ тохижуулчихдаг төдийгүй арай гайгүйгээс нь шилж сонгон Монгол руу каргогоор ачуулдаг. Карго бол Солонгост монгол хүмүүсийн ажиллуулдаг, хамгийн сайн хөгжсөн бизнес. Утас цохиход л портертой монгол жолооч давхиж ирээд ачаа барааг чинь хормын дотор л жинлэж, “Контейнэр бараг дүүрчихсэн. Маргааш Монгол руу гарчих байх” хэмээн ер итгэмээргүй үг хэлмэгцээ машинаа паржигнатал асаагаад салхи татуулан давхиж одно. Гэвч хэлсэн үг нь ихэнхдээ үнэн байдаг бөгөөд хоёр долоо хоногийн дараа Монголоос карго буучихсан тухай мэдээ ирнэ. Тавцан дээр нь кимбаб, үхрийн мах өрөөстэй, чамин хийц бүхий шилэн ширээг нь “чинээлэг айлын унтлаганы өрөөнд байсан эд болов уу” гэж таамагласан ч энэ бодлоо Цойд хэлсэнгүй. 

Монгол руу буцах гэж буй таньдаг хүмүүстээ дугтуйтай доллар дайж явуулдаг байсны дүнд Цой Монголд багахан хэмжээний хадгаламжтай болоод зогсохгүй нэг өрөө байр худалдаж авчээ. Ээж нь бага хүүгийнхээ илгээсэн мөнгийг 12 жилийн турш банкинд уйгагүй хадгалсан байна. Цой ганцхан мөнгө ч биш тавилга сэлт ч явуулна. Улаанбаатар дахь нэг өрөө байраа яг л солонгос айл шиг тохижуулсан болохыг түүний гар утсан дээрх зурагнуудаас харж билээ. Арван хоёр жилийн турш эргэн очоогүй төрөлх хотоо, амьдрах нь бүү хэл, үүдээр нь шагайж ч үзээгүй шинэ байраа “миний гэр” гэж дотночлох мөртлөө залуу насаа элээсэн Сөүл хотоо, яг одоо амьдарч буй энэ байраа “миний түр сууц” гэж тодорхойлсон нь надад лав эхэндээ “шударга бус” санагдсан ч түүний удаах ярианаас учрыг нь ойлгосон юм даг. 

-Би хэзээ ч баригдаж болно шүү дээ. Тийм учраас энэ байрандаа дурсамж хоргодох, үнэ цэнтэй зүйл үлдээгээд хэрэггүй гэж боддог хэмээн тэр өгүүллээ.

Ер нь Сөүлд хууль бусаар амьдарна гэдэг амар хялбар зүйл биш. Баривчилгааны тухай мэдээ өдөр тутам чих дэлсдэг. Монголоор бол “Гадаадын иргэн, харьяатын газар” гэх урт нэртэй байгууллагыг эндхийн монголчууд зүгээр л “Иммигрэшн” (Immigration) гэж товчилж ярьдаг. Үйлдвэрийнхээ эзнээс ч эмээж айдаггүй монголчуудыг ганцхан Иммигрэшн л атгандаа оруулдаг. Цэрэг цагдаагийнхан шиг дүрэмт хувцас өмсдөггүй, энгийн номхон иргэд шиг харагдах иммигрэшнийхэн эхлээд зорчигчид олонтой метроны буудлын орц гарцан дээр зогсоод бичиг баримт шалгадаг байсан бол өдгөө “харынхан” үүрлэсэн байж болзошгүй, буйд давчуу гудмуудаар ангуучилж, бүр солонгос иргэдийн матаасаар гэрийнх нь үүд хаалгыг тогшдог болжээ. Солонгосоор матахыг шингү гэдэг. Тэндхийн үйлдвэрт шингү орж, тэр маань шингүгээр баригдаж гэсэн таагүй мэдээ манайхны дунд салхи мэт түгдэг. Доод гудамжны таньдаг залуу нь иммигрэшнд баригдаад бараг гавлуулж амжаагүй байхад л дээд гудамжныхан нь иммигрэшний үнэрийг авчихсан байдаг. Тиймээс Солонгос хүнтэй муудалцаж болохгүй шүү хэмээн энд удсан монголчууд үргэлж сануулдаг байлаа. “Та нар нүүдлийн шувуу шиг яваад л өгнө, харин бид энд өвөлжинө шүү дээ” гэдэг байв. 

Нэг оюутан залуу надад айл нүүлгэж байгаад цагдаагийнханд золтой л баригдчихаагүй тухайгаа ярьсан юм. Мань нөхөр амралтын өдрөөр исанд гарч л дээ. Өөр хоёр ч монгол хүнтэй цуг ажилласан тэр өдөр, нүүлгэж буй айлынхаа эд хогшлыг цахилгаан шатаар зөөж таарч. Нэг цахилгаан шаттай байрнуудад оршин суугчид болон айл нүүлгэлтийнхний хооронд мэр сэр маргаан дэгддэг бөгөөд тэр өдөр ч гэсэн тийм маргаан үүсчээ. Тэгтэл тэрхүү маргаанаас хойш хэдхэн минутын дараа дүрэмт хувцас өмссөн хоёр залуухан цагдаа нэгдүгээр давхрын цахилгаан шатан дээр ирээд “Энд гадаад хүмүүс айл нүүлгэж байна гэсэн мэдээлэл ирлээ. Тэд нар хэдэн давхарт ажиллаж байгаа вэ?” хэмээн манайхны нэгнээс асуужээ. Хэл ус сайтай өнөөх залуу хэдэн давхарт айл нүүлгэж байгаагаа буруу зааж өгөөд цагдаа нар цахилгаан шатаар дээш өгсөх хооронд нөгөө хоёр руугаа утас цохиж тэднийг шатаар сэм буулгаж амжжээ. Айж балмагдсан гурав маань ажлаа тэр чигт нь хаяад зугтчихсан гэдэг. Цагдаад баригдвал бүх юм дуусаа л гэсэн үг. Нэгэнт бүртгэлд орчихвол шоронгийн саатуулах өрөөнөөс иммигрэшний байцаах өрөө рүү хүргэгдэж, хэдэн өдрийн турш “харын амьдрал”-аа тоочин өгүүлж дуусаад удалгүй Монгол руу нисэх болно. 

Иммигрэшний байцаах өрөөнд хэд хонож үзсэн нэгэн монгол эр надад “Тэнд бүх юм нь туйлын цэвэрхэн. Манайхнаас гадна хятад, вьетнам, филлипин гээд олон орныхон байсан. Нэг хятад эр уйлаад л байсан юм даг. Аргагүй биз дээ, ямар нүүрээрээ эх нутагтаа харих билээ? Өчнөөн хүн түүнийг итгэж найдаж явуулсан байж таарна шүү дээ. Харин монголчууд бол өөр. Сараалжин төмөрний цаанаас бие биенийхээ яаж баригдсан болон хэдэн жил болж буйг сонирхоно. Тэдний дунд хоёр сар болоод баригдсан ч хүн байсан, хориод жил болоод баригдсан ч хүн байсан” хэмээн хуучилж билээ. Тэнд ганц уйдаа гаргадаг зүйл нь зурагт боловч тэр нь дуугүй учраас эхэндээ уйтгартай, залхмаар санагдсан боловч эцэс сүүлдээ үзээд л баймаар, үйл явдлыг нь ойлгоод ч байгаа юм шиг санагддаг болсон гэнэ.

Баривчилгааны тухай өч төчнөөн түүх бий боловч Цойгийн амьдардаг дүүрэгт болсон нэгэн мөргөлдөөн энэ бүх ярианы хамгийн оргил нь. Үнэн худлыг нь би баталж чадахгүй ээ. Гэхдээ энэ түүхийг надад ярьж өгсөн хүн нь энэ мөргөлдөөнд биечлэн оролцсон хүнээс сонссон гэдгээ хэлсэн. Иммигрэшнийхэн баривчилгаагаа маш хянуур үйлддэг. Нэг л алдаа гаргах юм бол “үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг яахаас ч сийхгүй болсон харынхан зугтаж байгаад амиа ч алдах тохиолдол гардаг гэнэ. Хятадууд бол өндөр барилга дээрээс шууд л үсэрчихдэг гэсэн. Мэдээж юу гэж л баригдах гэж буй “харынхан” замын цагдаа шидэт дохиураараа ганц дохиход л машинууд нам зогсдог шиг дуулгавартай байх вэ дээ. Тэгвэл хэдэн жилийн өмнө монголчууд маш олноороо гардаг, Сөүлийн хамгийн том исаны газрын нэгд баривчилгаа оржээ. Бас л нэг солонгос нь “шингү”-дсэн бололтой. Өдөр бүр 20-30 монгол залуу бүхээгтэй машинуудад хуваагдаж суугаад тухайн өдрийнхөө айлыг нүүлгэхээр Сөүлийн өнцөг булан бүр рүү гардаг байсан бөгөөд тэр өдөр ч бас тийм тооны хүн цуглажээ. Өглөө эрт ажилд гарахын өмнө шижигнэсэн олон залуу хайрцаг саваа янзлан, ажилдаа бэлдэцгээж байлаа. Гэтэл гудамжных нь хоёр үзүүрийг цагдаагийн том автобуснууд таглан иммигрэшн, цагдаа нийлсэн нүсэр баг тэднийг бүсэлжээ. Өдөр бүр хүчний ажилд нухлагдсаар булчин шөрмөс нь зангирсан монгол эрчүүд амь амиа бодож зугтсангүй, аль эсвэл амархан бууж өгөхийг ч хүссэнгүй, “алалцаад” гарахаар шийджээ. Исаны ажил үүр хаяарахтай зэрэгцэн эхэлдэг учраас ойр хавийн гудамж талбай нойрмог, хүнгүй шахам байсан нь мэдээж. Ийнхүү өглөөний эл хульхан гудамжинд “Нью-Йоркийн гангстерууд” кинонд гардаг шиг цус нөж асгарсан аймшигт мөргөлдөөн дэгджээ. Бяр хүчтэй залуучууд бүслэлтийг сэт цохин өндөр хана даван зугтаж арын бяцхан төгөл рүү ороод замхарчээ. Энэхүү хүч тэнцвэргүй тулаанаас ихэнх нь мултарч чадсан гэдэг юм билээ. Ахиад л хэлье, энэ түүхийн үнэн худлыг нь мэдэхгүй боловч өглөөний тэр зураглал яг л болсон үйл явдал шиг, би өөрөө нүдээр үзсэн юм шиг санагддаг юм. Яагаад гэж асуух байх л даа. Учир нь исачид бол миний мэдэх хамгийн гүжирмэг, бяр тэнхээтэй, жинхэнэ эрчүүд байдаг юм.

Цой ч бас “иммигрэшн”-тэй халз мөргөлдөж байжээ. Гэхдээ гудамжинд бус, метроны буудал дээр. Иммигрэшнийхний нүд бүргэд шиг хурц гэж ярьцгаадаг. Үймсэн олны дундаас, бусдад бол үл анзаарагдам “сэжигтэй харц”-ыг ганцхан ширвэлтээр л олоод харчихдаг гэнэ. Цой метроны буудлын гарцан дээр албаныхан бичиг баримт шалгаж байгааг гэнэт л анзаарчээ. Олны урсгалыг сөрж эсрэг зүгт алхвал өөрийгөө шууд илчилснээс өөрцгүй учраас өөртөө итгэлтэй царай гаргахаар шийдсэн байна. Тэгтэл хажууд нь бөгтөр нуруутай, нас дээр гарсан эмгэн гартаа тортой юм барин удаанаар алхаж байна гэнэ. Цой “Эмээ, танд тусалъя, тортой юмаа нааш өгчих” гэж хэлээд хажуунаас нь түшин алхсаар бүргэд мэт хурц хараатай иммигрэшнийхний дэргэдүүр өнгөрч чаджээ. “Тэд намайг эмээдээ тусалдаг, сайн хүү байна гэж бодоо биз” хэмээн Цой өнөөх айхтар Иммигрэшний албыг бяцхан шоглоод авлаа. 

Тэр өдрөөс хойш иммигрэшнтэй нэг ч тааралдаагүй гэнэ. Гэхдээ надад арван хоёр жилийн турш баригдалгүй ирсэнд нь ямар нэгэн арга юмуу нууц байгаа байх гэж бодогдоод болдоггүй. Тэгтэл Цой “Хувцаслалт бол виз” гэж хэлсэн юм даг. Уг нь би иймэрхүү “Тэр бол тийм” гэсэн энгийн ч юм шиг, этгээд ч юм шиг тодорхойлолтод тэр бүр дуртай хандаад байдаггүй боловч Цойгийн эл үг миний асуултад хамгийн сайн тохирох, оновчтой хариулт юм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Нээрээ уншигч та бүхэнд түрүүнээс хойш нэг зүйлийг дуулгахаа мартчихаж. Цойгийн байнга зүүж явдаг харааны шил нь үнэндээ “шилгүй” юм билээ шүү. Мөн тэрээр ууж идэхдээ болгоомжтой, алив хэрүүл маргаанд оролцохгүй, оройтсон бол Сөүлийн хаанаас ч гэсэн таксидаад харьчихдаг байх хэрэгтэй, ер нь өөрөөсөө харамласан хүн л хожим ихийг алддаг гэж айлдсан. Сөүлд амьдрахыг сүмд даяанчлахтай зүйрлэвэл арван хоёр жил бясалгалсан түүний үг “шинэхэн ламхай нар”-т тун ч их хэрэг болох билээ.

Үл буцна гэсэн зорилготойгоор түүний Сөүлд ирсэн 12 жилийн өмнөхийг бид эргэн дурслаа. Ирээдүйд сэтгүүлч болно гэсэн ямар ч бодолгүй сурагч хөвгүүн байсан үед минь тэрээр их сургуулиа төгсчихсөн цэл залуухан эр байв. Жил орчим албаны ажилд зүтгэчихсэн, бас дундуур нь Солонгост нэг удаа очоод үзчихсэн тэрээр Монгол руу мөддөө буцаж ирэхгүйгээр Сөүл рүү нисэх шийдвэрийг ердөө долоохон хоногийн дотор гаргачихсан гэдэг. Ээж нь, хайртай бүсгүй нь онгоцны буудал дээр гаргаж өгсөн, гунигтай ч юм шиг саарал өдрийг тэр одоо ч мартдаггүй. “Ганцхан жил. Чи минь ганцхан жил л хүлээчих. Жилийн дараа нисээд л ирнэ” гэж хэлээд тэр холын холд оджээ. Сэтгэлт бүсгүй нь нисэх онгоцны буудлын нүсэр бүүдгэр цонхноо нүүрээ наагаад гараа шүхэр мэт бөмбийлгөн сүүдэрлэж, хайртай залуугаа мартахгүй л гэж шунамхайран харсан нь харамсалтай нь өнөөг хүртэлх сүүлчийн учрал тохиол байсныг тэр хэзээ ч төсөөлөөгүй болов уу. “Тэр минь намайг мөн ч их хүлээсэн дээ. Бүхэл бүтэн 5 жил” хэмээн ярих үед Цойгийн нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. “Би л буруутай, би л буруутай” гэж тэр давтан давтан өгүүлэв. 

-Тэр өдрөөс хойш дахин нэг ч удаа уулзалдаагүй хэрэг үү?

-Тийм ээ.

-Одоо ч гэсэн таныг хүлээж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ гэж би сэтгэлийг нь засах санаатай, сүүлд бараг хэрэггүй ч асууж дээ гэж бодогдмоор хэнэггүй байрын үг унагалаа. Тэгсэн тэрээр:

-Тэр маань гэрлэчихсээн гэв. 

-Ммм.

-Аргагүй шүү дээ. Би амлалтдаа хүрээгүй юм чинь. Түүнийг мөн ч их хүлээлгэсэн дээ.

Гэвч тэр өнгөрсөн хугацаанд ижийтэйгээ уулзаж амжжээ. Хэдэн жилийн өмнө ээжийгээ Солонгост урьж авчраад Сөүлийг үзүүлсэн гэнэ. Хамгийн харамсалтай нь тэр аавтайгаа уулзаж чадалгүй байсаар аавыгаа үхэлд булаалгажээ. Уг нь би аавынх нь тухай юуг ч асуугаагүй боловч Цой юуг ч юм ярьж байснаа гэнэтхэн л аавыгаа дурсахдаа мэгшин уйлчихсан юм даг. Нулимс бөмбөрөөд л байсан. Нүдэндээ дүүрэн нулимстай тэрээр багадаа аавынхаа машинд суун гэр бүлээрээ Монголын хээр талаар салхи татуулан давхиж явснаа дурсав. Дараа нь арай тайвширсан болоод “Аавдаа, дуртай машиныг нь аваад өгчихдөг л байж гэж харамсах юм...” хэмээн өгүүлж билээ. 

Аравдугаар сарын сэвэлзсэн салхитай энэ үдэш Цой, бид хоёр шөнийн 3 цаг хүртэл ярилцсан юм. Өглөө 6 цагаас бид сэрэх ёстой. Унтахын өмнө тэрээр шүүгээгээ ухан хоёр ноосон малгай, нэг саравчтай малгай гаргаж ирээд “Саяхан малгайны үйлдвэр нүүлгэсэн юм. Эзэн нь бид нарт уут дүүрэн малгай өгөөд...” гэж ярингаа өнөөх малгайнуудаа надад бэлэглэв. Би хөвсгөр, дулаахан малгайнуудыг хараад Улаанбаатарын тачигнасан хүйтэн өвлийг дурслаа. 

Цой агааржуулагчийнхаа сэрүүцүүлэгч горимыг унтраахаа мартчихсан тул Улаанбаатарын өвөл өглөөгүүр жиндүүлж дааруулдаг шиг хүйтэн хонов. Өглөө 6 цаг дөхөв үү үгүй юу түүний утас зогсоо зайгүй жингэнэх нь тэр. “Тэр гарсан уу? Хэн юу болсон? Та хоёр хаана явж байна” гэх зэргээр ярихыг нь сонсвол сониноор бол эрхлэгчийн ажлыг л хийгээд байгаа бололтой. Үнэндээ Цой бол тимжаан. Энэ нь исаны газрынхаа “эрхлэгч”, эзний араас орох эрх тушаалтан гэсэн үг. Тухайн айл, албан газрыг 5 хүн ч бай, 50 хүн ч бай, чухам хэдэн хүн нүүлгэсэн ч хамаагүй, Цой бүгдийг ахалж гардаг төдийгүй цалин хөлсийг нь бодож олгодог. Цой шиг тимжаан хийдэг монгол хүн Сөүлд ховор. Учир нь түүн шиг тимжаан болохын тулд иса хийсэн арваад жилийн туршлага, шаггүй сайн солонгос хэл хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд над шиг ажил хэлээ ч мэдэхгүй “нусан буунууд” Сөүлд очмогцоо л иса хийж болоод байдаг нь Цой шиг л туршлагатай исачдын ач гавьяа билээ. Тэд Сөүлийн исаны газар болгоныг нүхлээд зогсохгүй үүрлэж орогносон тул бидэнд бэлэн зэлээхэн зам гаргаж өгсөн хэрэг. Арваад жилийн өмнө хэл мэдэхгүй, ажилд дөргүй монгол хүн иса хийнэ гэвэл хэн ч зөвшөөрдөггүй байсныг бодвол өдгөө бол исаны оргил үе юм. Сүүлийн жилүүдэд монгол тимжаантай исаны багт монгол эмэгтэйчүүд ажиллах болсон. Айл гэрийн гал тогооны эдлэл хэрэглэлийг эмэгтэй хүн л нямбай гэгч нь боож савладаг учраас исаны баг бүрт эмэгтэй хүн байдаг бөгөөд энэ ажлыг ихэнхдээ солонгос авгай нар хийдэг боловч сүүлийн үед хурдан шалмаг хөдөлгөөнтэй залуухан монгол охид эл ажилд зүтгэх болжээ. Сөүлд монгол эрэгтэй хүнгүй исаны газар ховор байдаг шиг монгол эмэгтэйчүүд ч гэсэн энэ ажил мэргэжлийн салбар руу хүч түрэн орж ирэх нь цаг хугацааны л асуудал юм шиг санагдсан.

Бид 6 өнгөрөөж тэднийхээс гарлаа. Өнөөх эзэнгүй, эл хуль гудамжаар алхсаар өчигдөр орой таксинаас буусан төв зам дээр иртэл жижиг суудлын тэрэг биднийг хүлээн зогсож байв. Бид суулаа. Өглөөний нойрмог хот дундуур сүнгэнэн давхисаар Хан мөрний эргээс холгүйхэн байрлалтай, бөглүү буйд замын дэргэдэх агуулахын байрны гадаа ирлээ. Зогсоол дээр нь айл нүүлгэдэг бүхээгтэй ачааны машинууд жирийтэл зогсжээ. Энд хоёр гурван ч исаны газар төвлөрдөг гэнэ. Удалгүй солонгос, монгол хүмүүс ээлжлэн нэмэгдсээр эргэн тойрон хөл хөдөлгөөнд орлоо. Цой нүүлгэх айлаа бүртгэлийн цааснаас нягталж хараад цаасан аягатай кофе надад авчирж өгөв. Төдхөн бид баг бүрэлдэхүүнээрээ цугларч эзэн тоолж бүртгэлээ. Уг нь 8-уулаа нүүлгэх ёстой боловч 9 болчихов. Мэдээж илүү хүн нь би. Цой эзэнтэйгээ солонгосоор яриад л байв. Тэр дундаас нь “Шинбун” буюу “сонин” гэсэн утгатай үгийг сонсож амжлаа. Бодвол намайг сонины сэтгүүлч гэж байгаа бололтой. Эзэн тоосон ч юм алга. Цой бол түүний хамгийн итгэлт хүн учраас энэхүү гуйлтаас нь татгалзах ч шаардлагагүй билээ. 

Өнөөдрийн 8 хүнийг танилцуулбал, тимжаанаар Цой, хоёр гал тогооны авгай байснаас нэг нь монгол, нэг нь солонгос, үлдсэн таван хүний нэг нь солонгос, үлдсэн нь монголчууд байв. Харин нүүлгэх айл маань 10 тн-ын эд хогшилтой нэлээд баян айл юмсанж. Бид тус бүр 5 тн-ын даацтай хоёр ширхэг ачааны тэрэг болон захирлын жийп машинд хуваагдан суугаад нүүлгэх айл руугаа хөдөллөө. Би нэг монгол ахын хамт цуг суусан бөгөөд манай машиныг 30-аад орчим насны солонгос эр жолоодож явав. Очих газар маань зам заагч дээр 10 хүрэхгүй км-ийн зайтай гэх агаад замд Сөүлийн хамгийн өндөр барилга Хан мөрний өмнөд эрэг дээр тодрон харагдав. Бид умард эрэг дагуух хурдны замаар голын урсгал мэт цутган урагшлах үй олон машины хамт гэлдэрсээр цагийн дараа Сөүлийн төв талбайн хаяан дахь тансаг хороололд ирлээ. Ганнамд амьдрах өөр хэрэг, гэхдээ Гванвамүнд амьдарна гэдэг бүр өөр хэрэг гэж би бодлоо. Гванвамүн бол манайхаар Төрийн ордоны өмнөх төв талбай юм. 

Ер нь айл нүүлгэнэ гэдэг нь юм бүрийг хоёр гар дээрээ ачаалчихаад өргөж гүйгээд байхыг хэлдэггүй. Солонгост боломжтой л бол юм бүрийг тэрэг ашиглаж зөөдөг бөгөөд иса хийж буй үед бол “курма” гэх нэртэй, мөлхөө ногоон тэрэг гол ажлыг нугалдаг. Дээр нь өндөрхөн шүүгээг хэвтүүлээд түрчихдэг, хайрцагнуудыг дөрөв таваар нь давхарлаад зөөчихдөг гээд курманы “ид шид” дуусашгүй. Ажил эхлэхийн өмнө айлын эд хогшлыг баглаж савладаг хайрцаг сэлт, хураалттай сагс, хөнжил бүтээлгийг курман дээрээ ачаад нүүлгэх айл руугаа орно. 

Эхлээд Тимжаан амар мэндийг эрнэ. “Гэрийн эзэн ааштай, аашгүйг мэндлэхдээ л тандаж мэддэг. Ааштай байвал эвдрэлтэй зүйлсийг нь нэг бүрчлэн хэлэхэд эд нар айхтар юм байна гэж бодоод ажил дуустал аашлахаа байчихдаг” хэмээн Цой надад яриан завсраа сонирхуулсан билээ. Тимжаан болно гэдэг нь бяр чадлын тухай асуудал биш бололтой. Ажил эхэлмэгц л Цой гэрийн эздийн унтлаганы өрөө рүү ороод алга болчихлоо. Мэдээж би хамгийн туршлагагүйгээрээ тэр айлын дөрвөн хайрцаг дүүрэн гуталтай ноцолдов. Өвлийн, хавар намрын, өндөр өсгийтэй, өсгийгүй, урт түрийтэй, түрийгүй, гялгар, гялтгар, бэлтгэлийн, ажлын, аяллын гээд үй олон гутал байсан. Борооны шүхрийг нь хоёр тусдаа багцалж боосон. Би өмнө нь ч хэлж байсан даа, ажил эхлэх үед саяхан л найзууд явсан Тимжаан “тэнгэрийн эрхэс” шиг л тэртээ алсад буй мэт санагддаг юм. 

Унтлаганы, зочны өрөөнөөс гадна өөр гурван ч өрөөтэй тэр айл хуучны номууд ихтэй, урт вааран цэцэгс олонтой байв. Зочны өрөөн доторх эд хогшлыг Цойгийн найз баглаж савлалаа. Тэр залуу хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн, хогшил ихтэй зочны өрөөг хормын дотор л баглаад дуусгачихав. Нөгөө гурван өрөөг нэг солонгос, хоёр монгол хариуцаж авсан бөгөөд тун удалгүй нэг нь доош бууж бүхээгтэй тэвш рүү багласан эд хогшлуудаа өрж байршуулсан юм. Энэ дундаа “тетрис” тоглохдоо хамгийн мундаг нь тэр гэсэн үг. Харин би гуталнуудаа багалсныхаа дараа өрөө бүрээр хэсэж хүмүүсийн баглаж дуусгасан хайрцагтай, сагстай хогшлуудыг курман дээр тавьж түрээд цахилгаан шатаар буулгадаг ажлыг хийв. Нэг давхрын цахилгаан шатан дээр нэг маань намайг хүлээн буулгасан ачаа барааг минь цааш түрэн ачааны тэрэгний бүхээгтэй тэвш рүү гаргаж тавьдаг байлаа. Тухайн өдрийн айлыг хэдэн хүн нүүлгэсэн ч нэг л мэдэхэд ийм зогсолтгүй тойрогт орчихсон байдаг юм. Мэдээж өнөөдрийн айлыг цахилгаан шатаар нүүлгэсэн учраас байгаа ганц “өргөгч механизм”-аа оршин суугчидтай хувааж хэрэглэх шаардлага гарсан. Гэхдээ аль болох хүмүүстэй аядуу зөөлөн харьцахыг хичээж байв. “Би маргааш Улаанбаатар руугаа нисээд л явчихна. Харин эд маань энд удаан ажиллана шүү дээ” гэж бодсон хэрэг. 

Цой аажуу тайвуу хөдөлж гэрийн эзэгтэйтэй тулж харилцан юм хумаа баглаж байв. Манайхан хоёр юм уу гурван удаа бөөндөө гарч тамхилсан. Би тамхи татдаггүй учраас жаахан амсхийнгээ тэдний ярилцахыг чагнан зогсдог байв. Ер нь айл нүүлгэдэг залуучууд уулзахаараа, эсвэл ажлын дундуур амсхийхээрээ ихэнхдээ исаны тухай л ярьцгаадаг. Бүтэн өдөржин ярьсан ч тэдний исаны тухай яриа хэзээ ч дуусахгүй байх. Тэд яриандаа кошиль (зочны өрөө), сэтак (угаалгын машин), пиранда (тагт) гэх мэт олон үгийг яг солонгосоор нь хэлж ярина. Хайрцгийг хайрцаг гэхгүй баакс л гэнэ. Тэд тэпү гэж ярьсаар байгаад скоч гэдэг үгийг бараг мартчихсан байх даа гэсэн инээдтэй бодол үе үе орж ирдэг сэн. 

Нэгэнт залуус маань тамхилангаа түр амсхийж байгаа хойгуур, уншигчдадаа нэг зүйлийг сануулахад айл нүүлгэдэг ажил олдоц ихтэй гэж эндүүрүүзэй. Исаны ажил улирлаасаа хамаараад янз бүр байдаг. Заримдаа оволзоно, заримдаа олдохгүй. Жишээ нь цагаан сарын өмнө ажилгүй шахам гэртээ суудаг бол цагаан сарын дараа хөлтэй гартай л бол хүрээд ир гэцгээнэ. Бас нүүж суухад сайн өдөр гэж байдаг. Тийм өдрүүдэд бол исаны газрууд хүний эрэлд хатна. Харин сарын эхээрх тийм биш өдрүүдэд туршлагатай исачид хүртэл ажлын эрэлд хатдаг.  

Хэлсэндээ хүрдэггүй, ажил тасалдаг, өндөр цалинтай ажил олмогцоо өмнөх тохироогоо зөрчдөг гээд монголчуудын маань сул тал цөөнгүй ч түм бужигнасан энэ нүсэр хотыг тэд л шоргоолж шиг борви бохисхийлгүй ажиллаж нүүлгэдэг. Монголчууд айл нүүлгэлтэндээ үнэхээр гаршсан гэдгийг уншигч та Сөүлд очоод тэдэнтэй хамт хэдэн өдрийг өнгөрөөгөөд л мэдэрнэ. Би нэг удаа бүрий болсон хойно айлаа нүүлгэж дуусчхаад багийнхныгаа бууж ирэхийг хүлээн гадаа замын боржин чулуун дээр сууж байсан юм. Тэгтэл нэг исаны баг өдөржин бидэнтэй зэрэгцэн хажуу орцны айлыг нүүлгэсэн бөгөөд тэнд нь монгол хүн ажиллаж байгаа гэж төсөөлөө ч үгүй байтал нэг туранхай монгол ах хажуу орцноос гарч ирээд уйдаж суугаа намайг хармагцаа “Ахын дүү ажлаа дуусчихсан уу? Алив намайг дагаад яв” гэснээ ойролцоох шөнийн мухлагаас нэг лааз шар айраг авч өгч билээ. Тэр ах миний нэрийг битгий хэл өөр юуг ч сонжиж асуугаагүй. “За баяртай, дүү хүү” гэж хэлээд л яваад өгчихсөн.

Би нэг удаа Цойгоос “Монгол хүнээр гэрээ нүүлгүүлэхгүй гэж зөрүүдэлдэг айл гардаг уу?” гэж асуутал тэрээр “Тийм тохиолдол мянгад нэг л гардаг байх. Ер нь маш ховор доо. Ер нь монгол хүнээр гэрээ нүүлгүүлэх юм бол ажил маш сайн төдийгүй хурдан дуусна гэдэгт солонгос хүмүүс итгэдэг болсон. Нэг үгээр бид итгэлий нь олсон гэх үү дээ” гэв. Түүний энэ үгийг энгийнээр тайлбарлавал монгол залуучууд Солонгосын айл нүүлгэлтийн салбарт Улаанбаатарын вьетнам засварчид шиг сэтгэл ханамжийг мэдрүүлж чаддаг гэсэн үг. Мэдээж нөгөө талаас энэ бүхэн айл нүүлгэлтийн ажлыг Солонгосын залуу үеийнхэн сонирхож хийхгүй байгаатай холбоотой. Зарим нэг хэнээтэй улс гадаад хүнээр гэрээ нүүлгэхгүй гэж ярдаглахад Цойгийн эзэн “Тэгвэл ихийг төлж чадах юм уу? Солонгос хүнийг ажиллуулбал айл нүүлгэх хөлс эрс нэмэгдэнэ шүү дээ” гэж амыг нь тагладаг гэнэ. 

Ийнхүү бид өдрийн гурван цагийн алдад л айлынхаа бүх эд хогшлыг хоёр машиндаа ачаалж дуусгалаа. Зарим тавилга бүхээгтэй машинд багтаагүй тул нэг портер нэмж дуудсан харагдав. Би маргааш өглөө Монгол руу нисэх учраас тэдэнтэй хамт ажлыг нь дуустал хамт байж чадсангүй. Цойд “Би одоо явах боллоо, баяртай” гэж хэлэхэд “Ядаж өдрийн хоол цуг идээд яв л даа” гэсэн ч би татгалзав. Тэгтэл Цой түрийвчнээсээ 60 мянган вон гаргаж ирээд “Май, хагас өдрийн цалин. Ажил хийсэн хүн цалин авалгүй яахав” гээд над руу сарвайв. Би уг нь цалингүй ажиллахаар ирсэн хүн шүү дээ. Дотроо ихэд балмагдаж “Болж байгаа юм уу” гэхэд “Зүгээр ээ” гэж билээ.

Би тэндээс алхсаар Гванвамүны урд талд байрлах Сөүлийн хамгийн том номын мухлагаар дайрч өнөөдрийн цалингаараа Phaidon хэвлэлийн газрын “Гэрэл зургийн ном”, бас өмнөх өдрийн цалингаасаа нэмэрлэн Элис Мүнрогийн “Өгүүллэгийн түүвэр” зэрэг нэлээд хэдэн ном худалдаж аваад метронд суув. Монгол руу буцахаас өмнө амжуулах ажил их байлаа. Харин манай хэд ажлаа бүр орой дуусгасан гэсэн. 

Сүүлд Монголд ирснийхээ дараа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн фэйсбүүк хуудаснаас 2016 оны 6-р сарын байдлаар 211 мянган хууль бус иргэн Солонгос улсад амьдардаг гэдгийг уншсан төдийгүй тэдний 7 мянга гаруй нь монголчууд гэдгийг олж мэдсэн юм. Тэр л 7 мянган хүний нэг нь Цой гэж би бодсон. Мэдээж айл нүүлгэх бол хууль бус ажил. Оюутан ч бай, гэрээнийх ч бай гадаад хүн л бол энэ ажлыг хийх хориотой. Гэвч исаны хамгийн гол давуу тал бол өөр ямар ч ажилтай харьцуулахад Иммигрэшнд баригддаггүйд оршдог. Бүхээгтэй машиндаа суугаад Сөүлийн хаа нэг тийш хөдөлчихсөн л бол исачин залуусыг мөшгөж барих хэцүү. Гэхдээ юмны учир мэдэх нэгэн эр “Иммигрэшн мангар биш шүү дээ. Тэдний нүд чих хаа сайгүй. Тэд бүгдийг мэдэж байгаа. Ямар исаны газар хэчнээн монгол хүн ажилладгийг бүртгэчихсэн л байгаа. Нэгэнт айл нүүлгэлтийн ажлыг солонгос залуус тоож хийхгүй байгаа учраас тэд Сөүлийг хэрсэн “исаны сүлжээ”-г нүдээ аниад хөндөхгүй орхидог болов уу даа” гэж ярьсан. Би лав түүний үгэнд итгэсэн. Намайг энэхүү сурвалжилгыг бичих хооронд арван мянга гаруй гишүүнтэй байсан Монгол исачид фэйсбүүк бүлгэм маань нэрээ “Нүүдэлчин монголчууд” болгон өөрчилж, гишүүдийн тоо ч 17 мянга руу дөхөж байлаа. Нэгнээсээ ажил сураглаж, нэгэндээ ажил олж өгдөг энэ бүлгэмийг иммигрэшн мэддэг төдийгүй үргэлж танддаг гэсэн хар яриа монголчуудын дунд явдаг. Би бас үүнийг үнэн л гэж боддог. Иммигрэшний нүд чих хаа сайгүй билээ.

Цой сар бүр 27 өдөр ажилладаг. Жилдээ 300 гаруй айлыг, арван жилд 3000 гаруй айлыг нүүлгэжээ. “Би нэг л зүйлийг хэлж чадахаар байна. Солонгос айл хэзээ ч драм дээрх шигээ амьдардаггүй” гэж хошигнон өгүүлэх тэрээр угийн л алиа хошин зантай. Сөүлд өнгөрүүлсэн хоёр сарын хугацаанд солонгос хүн ажлаа бодож бухимддаг бол монгол хүн амьдралаа бодож бухимддаг юм шиг санагдсан. Аашилж хяргачих гээд байсан солонгосчууд ажил тарсны дараа ааль зан сайтай болчихдогийг би олон удаа харсан. Харин монгол залуус бол өөр. Ажил тарсны дараа өнөөх л эх нутагт нь үлдсэн ээж аав, эхнэр хүүхдэдээ санаа зовж, сэтгэл нь тэртээ алс руу тэмүүлнэ. Зарим нь бүр улс хил дамнан “эхнэртэйгээ үг зөрж байгаа” харагддаг юм: “Би энд ажил хийгээд завгүй байлаа шүү дээ” гээд л. 

Ер нь Сөүлд цаг хугацаа нисэх мэт өнгөрдөг. Уг нь алив зүйлийг хүлээнэ гэдэг нь цаг хугацааг уяж тогтоодог гол хүчин зүйл боловч энд нэг л саатчихвал хүлээх зүйл үгүй болчихдог. Хэзээ нэг өдөр нутагтаа харина даа гэсэн ганцхан хүлээлт нь эцэс сүүлдээ үхэл шиг “бодтой биш”, хэзээ нэг өдөр тохионо л доо, гэхдээ одоо биш гэсэн шүү юм болж хувирдаг. Учрах нь тодорхой хэрнээ яг хэзээ гэдэг нь таашгүй учраас л үхэл гээч нь барьцгүй, хийсвэр эд байдаг шүү дээ. 

“Нэг л мэдэхэд арван жил нисээд л өнгөрчихдөг юм даа...” хэмээн эрчүүдийн ярихыг олон удаа сонссон. Тиймдээ ч би над шиг ирээд л буцдаг хүмүүс эндхийн “уугуул суурьшигчид”-ыг хэзээ ч зүрх сэтгэлээсээ ойлгохгүй юм байна гэдэгтэй эвлэрсэн. Энэхүү нийтлэлийнхээ гол баатрыг энд 12 жил “хараар” амьдарсныг дуулаад тэр нэгэн жил Оскарыг шуугиулсан “12 жилийн боолчлол”, “Хөвгүүн нас” гэсэн хоёр киног эргэн санасан юм. Зальжин этгээдүүдийн харгайгаар 12 жилийн турш боолчлолын гав дөнгөнд зүдэрсэн, уг нь эрх чөлөөт энгийн иргэн байх учиртай нэгэн эрийн амьдрал үзэгчдэд амьдрал хэчнээн гашуун байвч хэзээ ч бууж өгч болохгүйг ойлгуулсан. Харин 12 жилийн турш зураг авалтыг нь хийсэн “Хөвгүүн нас” кино ийм урт хугацаанд зураг авч болно гэж үү дээ гэсэн гайхширлыг төрүүлсэн ч хамгийн гол нь хэн ч гэсэн амьдралд ийм уйгагүй байж чадвал хүсэж мөрөөдсөн цэгтээ хүрч болдог юм шүү гэдгийг нотолсон. Тэгвэл Цой хүний нутагт арван хоёр жил амьдарсан. Магадгүй түүний амьдрал юуг ч нотлохгүй байж мэднэ. Тэрээр өдөр бүр өөр айлыг нүүлгэж төвхнүүлдэг ч өөрөө 12 жилийн турш зогсолтгүй нүүсээр л байна. Уг нь Сөүл бол түүний хувьд залуу насаа элээсэн, цовоо цолгин хот. Гэвч түүний сэтгэл зүрхний хот бол тэртээ алс дахь, саарал дүнсгэр Улаанбаатар. Би түүнээс нэг удаа “Танд харамсах зүйл байдаг уу?” гэж асуусан юм. Тэгтэл тэр:

-Хүн байхгүй юм аа л үгүйлэх юм гэж хариулсан. Аавтайгаа уулзаж чадаагүй нь, тэр бүсгүйг гомдоосон нь, бас өдийг хүртэл гэр бүлгүй яваа нь түүний хувьд харамсал. Би маргааш нь Монгол руу нисчихсээн, тэдний хэлдгээр яг л нүүдлийн шувуу шиг. Харин тэр Сөүлдээ үлдсэн, одоо ч тэндээ бий. Хэр удахыг нь би мэдэхгүй. Тэр “Монголдоо очоод бушуухан хөдөө л явах юм сан. Аавынхаа нутагт заавал очно” гэж билээ. Тийм ээ, тэр зүрх сэтгэлээрээ бол аль хэдийн надаас урьтаад эх нутагтаа ирчихсэн байсан.


2016 оны 12-р сарын 12.