Миний "гадаад" эмээ







Хүний амьдрал тэр чигтээ хэрэн хэсүүчлэгч шинжтэй, гэвч хэсүүл амьдралынхаа уртад бид тун цөөн газар сэтгэл зүрхнийхээ аль нэг чухал хэсгийг эмтэлж үлдээдэг. Тэгээд түүнийгээ насан туршдаа дурсаж, тийш тэмүүлдэг. Тэгвэл энэ бол яг л тэгж амьдарсан нэгэн эмэгтэйн сэтгэл догдлом түүх.




“Эмээд маань очиж үзээгүй газар ховор. Орост төрж, Монголд амьдарсан буриад эмэгтэй. Гэвч амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэг л газрын тухай дотночлон ярьдаг байсан нь санаанд тод үлджээ.” Хэдэн өдрийн өмнө шинэхэн танилаасаа олж сонссон энэ үг сэтгэлийг минь ихэд хөдөлгөж, бүр мөнөөх газар нь энүүхэнд, Шувуун фабрик гэж бодох төдийд л бушуухан очиж үзэх хүсэлд автаж, цаашлаад энэхүү нууцлаг үгний цаана жигтэй ч бай, жирийн ч бай ямар нэгэн учир холбоо заавал байх учиртай гэж санан, сүүлийн хэдэн өдөр гагц энэ тухай л бодон бодсоор нэг л мэдэхэд бид тэрхүү ойр атлаа “алс” газрыг зорин арванхоёрдугаар сарын анхны хүйтнээр Туулын хөндийг уруудан давхиж явлаа. Дэргэд минь жолоо барьж яваа, надтай нас чацуу залуу бол эмээгийн хайртай ач хүү Цолмон. Алба, амины ажлаар Хонконг, Америкт арван жилийг өнгөрөөсөн тэрбээр сая хавар эх нутагтаа эргэн иржээ. 

Дөрвөн жилийн өмнө эмээгээ эцсийн замд нь үдэхээр ийш ирж байсныг эс тооцвол тэр бараг үүгээр хорин жил яваагүй. Намхан толгодыг өгсөж уруудаад хөндий дундуур зурайсаар эцэстээ хүрдэг энэ зам нэгэн цагт энхэл донхолтой, өндөг ачсан ачааны тэрэг, өглөө оройны хуучин автобусаас өөр холхих хөдөлгөөнгүй, уг нь нийслэл хотын хажуу хаяанд боловч хөдөө хээрийн “буйдхан” зам байсан гэдэг. Зорьж л ирэхгүй бол дайран өнгөрөгсөд үгүй. Гэтэл одоо жижиг тэргүүд салхи мэт шурдхийн өнгөрнө. Улаанбаатараас гарч давхисаар эцэст нь хүрэхэд ердөө хорин минут хүрэхтэй үгүйтэй. Тэгвэл олон жилийн өмнө эмээгийнх нь хувьд энэ зам огт өөр утга илэрхийлдэг байжээ. Зорчигчид нь бүгд нэгнээ таних оройны автобус замд хөндөлсөх намхан уулыг даван цааш уруудахад саяхан л цугаараа дотор нь үймж явсан их хотын бараа сүр ажиг сураггүй ард хоцорч, зөвхөн тэд л мэдэрч ойлгох амар амгалан ертөнц рүү нэвтэрчих шиг болдог гэнэ. Уйдталаа харж дадсан зүйлээ удаанаар ширтэн явахад хүн юуг ч юм эргэцүүлэн боддог. Тэр бодол ихэнхдээ таатай, оюун санааг тайвшруулах шид нөлөөтэй байх нь бий. Харих зам хэзээд сайхан, өөрийгөө чагнаж, өнгөрснөө боддог тухайгаа эмээ нь ач хүүдээ нэг биш удаа ярьж байжээ. 

Тэгтэл одоо энэ зам тэртээ үеийнх шиг тийм ч “урт” санагдсангүй. Суурин хүрэх богинохон хугацаанд бидний ярьж амжсан зүйл ердөө энэ: “Хойшоо ажлаар явсан өвөө маань эмээд анхны харцаар шахуу дурласан гэдэг. Ингээд хоёрдахь удаагаа очихдоо “Намайг дагаад яваач” гэх эрс, зоримог гуйлтаар эмээг нутагтаа авчирчээ. Өөрийнх нь яриагаар Эх орны дайны үеэр мэндэлсэн эмээ маань Монголд ирээд гурван хүүхэд гаргасны нэг нь эрэгтэй, хоёр нь охин. Монголоор нэг ч үг мэдэхгүй ирсэн хэрнээ Улаанбаатарт суурьшаад, бүр анагаахын чиглэлээр суралцаж амжилттай төгссөний нууцыг эмээгийн хэзээ ч шантардаггүй, мэриймтгий зантай холбоотой гэж би хувьдаа боддог. Хүмүүс эмээг Валя эмч гэдгээр нь андахгүй. Хоёрдугаар төрөхөд насаараа эх баригч эмчээр ажиллахдаа ахыг, намайг гээд ач зээ нараа бүгдийг шахуу энэ хорвоод мэндлэхэд нь угтан авсан. Магадгүй одоо санахгүй л байгаа болохоос амьдралдаа үзсэн анхны царай төрх минь гэвэл эмээгийн л дүр байж таарах нь ээ дээ. Эмээ маань сайхан хүн байсаан, дэндүү сайхан. Ерээд оны дундуур тэтгэвэрт гарсныхаа дараа одоо бидний очих тосгонд эмэгтэйчүүдийн эмчээр таван жил хэртээ ажиллахдаа өөр хаана ч байгаагүйгээр энэ нутаг оронд идээшин дассан. Тэгэхэд би бага ангид сурдаг байв. Зуны амралт болгоноор ахтай цуг заавал ийшээ ирнэ” хэмээн ярихтай зэрэгцэн зам төгсөж, жижигхэн, жирийн л нэг суурингийн төвд ирэв. Баруун талд автобусны хуучин буудал, зүүн талд нуман хаалга, түүн дээр “Шувуун фабрик” гэж бичсэн харагдлаа. Жиндүү хүйтэн өдрийг ч хэлэх үү тосгон бараг хүнгүй гэмээр эл хуль. Уг нь хүрээлсэн том том хашаатай аль нэг ферм рүү нь яваад орвол эндхийн гол “оршин суугчид” өнөр олуулаа, чимээ шуугиантай. Албан ёсны нэр нь “Туул тосгон”, албан бус нэр нь “Шувуун фабрик” гэх боловч эндхийнхэн амьдардаг жижигхэн тосгоноо “Шувуу” л гэж товчилж ярих.




Цолмон хүүхэд насныхаа дурсамж дотор хориод жилийн дараа хөл тавихдаа хамгийн түрүүнд хаана очихоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Эмээ нь эндхийнхний хэлж заншсанаар “Зүүн 16” гэх нэртэй хоёр давхар хуучин байшингийн хоёрдугаар давхарт нэг өрөө байранд ганцаараа амьдардаг байжээ. “Байшингийн өнгө л өөр, бусдаар бол бараг ихэнх зүйл ер өөрчлөгдөөгүй байна” хэмээн ярих зуураа тэрбээр сониуч жуулчин аятай эргэн тойрныг нүдээрээ нэгжив. Түүний хувьд суурин яг л бүхлээрээ нэгэн том “музей” шиг санагдаж буй нь илт. Гэхдээ үзмэр бүр нь дурсамж сэдрээх шид нөлөөтэй. “Үүгээр би харайж гардаг байлаа…”, “Тэр яндан өөд авирч гараад бүгдийг дээрээс хардаг байлаа…”, “Фабрикийн хашаа халгай ихтэй. Тахианд халгай идүүлбэл өндөгний хальс бат бөх болдог гэж томчууд ярьдаг байсан…” гэхчилэн ямар нэгэн онхи мартагдсан зүйлийг ой тойноосоо эргэн санаж байгааг нь хараад өнөөдөртөө энэ музейн цорын ганц үзэгч, бас тайлбарлагч нь тэр өөрөө гэх бодол гэнэт зурсхийв. 




Эмээгийнх нь амьдардаг байсан нэг өрөө байрны модон хаалга яг л хорин жилийн өмнөхөөрөө. Тогшоод дотогш орвол эмээгээс нь хойш энэ байранд бараг хорь шахам жил амьдарч байгаа гэх ааш зан эелдэг, хижээлдүү насны эмэгтэй “Валя эмчийн ач хүү ирсэн” гээд сүйд. Олон жилийн өмнө яг энэ байранд эмээд нь биеэ үзүүлж байсан тухайгаа тэр хуучлав. Өөр олон ч сонирхолтой зүйл ярилаа. “Валя эмч гэрээр хүн үзэхээр бол галзуухандаа хүлээж авна. Урт модон ширээн дээрээ эмнэлгийн багаж хэрэгсэлтэй… Эмээ чинь монголоор ярихдаа яг л гадаад хүн шиг. Заримдаа хэлсэн ярьсныг нь бид ойлгохгүй. “Та монголоор яриач” гээд тоглоом наргиан болгоход “Монголоор л ярьж байхад та нар яагаад ойлгодоггүй юм!” гэнэ. Валя эмч ер нь л түс тас яриатай, хэнээс юуг ч нууж хаадаггүй хүн байсан. Өвчтэй хүн үзээд төлбөр мөнгө авахгүй, өгмөөр байгаа бол өндөг аваад ир л гэнэ. Түүгээр нь пирошки, борщ, блинчик, булочки гээд хийхгүй хоол үгүй. Гэрт нь орвол байхуу цай, тансаг чихрээр дайлна. Цай уу, чихэр ид гээд сүйд болдог. Гэртээ цэцэг арчилна. Бүр энүүхэнд хашаа хатгаад ойр зуурын хүнсний ногоо тарьдаг болсон. Хашаа нь хариугүй намхан төмөр тороос. “Яаж байгаа юм бэ, Валя эмч ээ” гэхээр “Банзан хашаа муухай” гэнэ. Тэгээд вандуй сайн идэж бай гэх зэргээр аливаа ногоог юунд сайн болохыг уйгагүй тайлбарлаж өгнө. Мөн дэгжин хувцаслана. Насандаа баймгүй залуу харагддаг сан. Өмд бараг өмсөхгүй, ихэнхдээ юбкатай явна. Манай Шувуугийнхан Валя эмчид их сайн. Валя эмч ч бас бидэнд их дассан даа” гэв.

Эмээгийнхээ энэ байранд анх ирсэн өдрийг Цолмон ер мартдаггүй. Өглөөний цайнд хайруулын таваг дүүрэн бялхам их өндөг иджээ. Эхэндээ дуртай нь аргагүй иддэг байсан ч удалгүй уйдаж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна өдрийн ихэнх цагийг тагтан дээр ахтайгаа цуг тоглож өнгөрөөдөг байснаа тэр сайн санаж байлаа. Тагттай цонхоор эмээгийнх нь ажилладаг байсан тосгоны эмнэлэг харагдав. “Эмээ эмнэлэг дээр байх үедээ цонхоороо хараад л ах бид хоёрын ямаршуу байгааг мэдчихдэг байсан” хэмээн тэр нэмж хэллээ. Эмээ нь л байхгүй болохоос энэ байр олон зүйлээрээ бага насных нь мартагдсан дурсамжийг түүнд эргэн сануулж байв. Эндээс гараад бид эмнэлгээр орлоо. Хоёр давхрын арын цонхоор эмээгийнх нь гэрийн тагтыг ажиглан харав. Эмээ нь яг энд зогсоод өөрсдийг нь хардаг байсан гэдгийг олон жилийн дараа өөрөө харж мэдэрнэ гэдэг түүний хувьд соньхон байгаа нь мэдээж. 

Эмнэлгээр орсных, эмээтэй нь дотно нөхөрлөж явсан Ичинхорлоо гэх эмэгтэй энүүхэнд амьдардаг гэдгийг тун азтай тохиолдлоор олж мэдлээ. Охинтой нь утсаар ярьтал “Ээж гэртээ байгаа, хүрээд ирж болно” гэхээр нь бид бушуухан тэднийхийг зорив. Эмнэлгээс ердөө тавхан минутын зайтай. Тэр хавьдаа цорын ганц ягаан хашаатай айл тэднийх, энэхүү онцгой шинжээр нь бид төвөггүй олж очив. Арваадхан хоногийн өмнө хөгшин нь өөд болсон тул Ичинхорлоо гуай наанаа нэгэн цагт үй зайгүй нөхөрлөж явсан анд нөхрөө дурсаад хөөр хөгжөөнтэй мэт боловч цаанаа нэг л уй гунигтай. “Валя эмч ганцаарддаг байсан уу?” гэх миний асуултад “Хөгшин минь дэргэд байсан болохоор тэр талаар ер бодож байсангүй. Анзаарч, ажиглаж ч байгаагүй…” гээд хоолой нь зангирав. Ингээд хэдэн хормын дараа эргээд тайвширч Валя эмчийн талаар үргэлжлүүлэн ярилаа. “Валя маань сэргэлэн, ил цагаахан яриатай, жаран хэдтэй гэхэд үнэмшмээргүй эмэгтэй байсан. Өвдсөн хүнийг их өрөвдөнө. “Найз аа, тэнд тийм хүн байна аа, их өрөвдмөөр юм” гээд л бүр хэрэг болгож ярина. Бид хоёр анх танилцахад ээж минь зүрхний шигдээс болчихсон, хоногоо хүлээж байв. Тэгэхэд Валя ирж үзээд “Ээж чинь удахгүй шүү, чи мэдэхгүй байна” гэж хэлсэн нь санаанд тод үлджээ. Ийм л ил шулуун, шударга яриатай хүн дээ. Тэр цагаас хойш бид хоёр сайхан нөхөрлөсөн. Гамбир, нойтон өрөм өмнө нь тавиад “Чи гадаадын хүн ийм юм тоож идэхгүй байлгүй” гэтэл “Үгүй үгүй, би энэнд чинь их дуртай” гэж билээ. Заримдаа сайхан гурилтай шөл хийлгүүлж иднэ. Ер нь үе үе монгол хоол хийлгүүлж идэх дуртай. “Алив, миний хөгшин, нөгөө далан давхраа хайраач” гэнэ. Зөрүүлээд намайг орос хоолоор дайлна. Гэртээ борщ хийгээд дуудна. Кофе нүднэ, пирошки хайрна, талх барина… Валя маань олны хайрыг татсан сайхан хүн байсан даа. Шувуугаас явахын урьдаар “Эндээ л баймаар байна” гэж их хэлдэг байсан. Чухам яагаад явах болсныг сайн мэдэхгүй байна. Нэг дарвагар амтай юм нь “Та үр хүүхэдгүй юм уу, энд ганцаараа амьдраад байх юм” гээд асуучихсан гэнэ лээ. Валя маань тэр үгэнд голдоо ортол эмзэглэн “Найзыг нь их дорд үзэх нь ээ, хот руу оръё доо” гэж хэлснийг нь сайн санаж байна. Үүнээс ч болсон байж магадгүй. Тэр маань энд их жаргалтай байсан. Хотод очоод уулзах бүрт Шувуугаа л ярина. Сүүлд элэгний хагалгаа хийлгэснийх нь дараа эргэж очсон. Хоёр гурван ч цаг суусан байх. Хагалгааны оёогоо үзүүлээд мэгштэл уйлсан. Дараа нь “Найзыгаа хараад бүр тайвширчихлаа” гэж хэлээд эвшээсэн. Энэ бидний сүүлчийн уулзалт байсныг тэр үед мэдээгүй. Намайг гарахад Валя маань “Миний найз, элэгний хорт хавдар авахуулсан гэж хүн амьтанд битгий хэлээрэй” гэж захисан. Угийн л бусдад муу юм дуулгах дургүй хүн. Би захисан ёсоор нь нэг ч хүнд хэлээгүй. Хүүхдүүддээ ч яриагүй” гэв. 

Цолмон хожим оюутан болоод эмээтэйгээ хоёр жил хэртээ цуг амьдарчээ. Тэр одоо ч эмээтэйгээ өнгөрүүлсэн тэр цаг хугацааг сэтгэл бахдалтайгаар ярих дуртай. “Эмээ өглөө эрт босож, орой эрт унтана. Намайг долоо өнгөрөөгөөд сэрэхэд аль хэдийн хоол хийчихсэн байдаг байв. Ихэнхдээ ясны шөлөнд сайхан борщ хийнэ. Ясаа удаан буцалгавал биед тустай гэдгийг эмээ эмч хүн болохоороо сайн мэддэг байсан. Үйлдвэрийн сүү авахгүй, байрны гадна ирдэг явуулын хүнээс авна. Өглөө сэрэхэд эмээ маань “Нэг хоёр, нэг хоёр” гээд дасгалаа хийж байгаа нь дуулддаг. Өдөр гэртээ зүгээр суухгүй, ямар нэгэн юм шинээр сэдчихсэн амжуулж яваа харагддаг. Зурагт үзнэ, чих муу болохоор тэр нь аймаар чанга. Оросын “Жди меня" цуврал нэвтрүүлгийг үзээд учиргүй уйлна. Тэгээд уйлсан чигтээ үйл явдлыг нь чанга чанга ярина. “Эмэгтэй хүний ганган дэгжнийг харах хэрэггүй. Юу боддог, юу хийдгийг нь ажигла” гэж зөвлөнө. Эмээгийн аав мэргэн бууч, нэг өдөр галт тэргэнд суун фронт руу явснаас хойш эргэж ирээгүй гэдэг. Энэ мэтчилэн олон зүйл ярина. Хажуугаар нь Шувуугаа дурсах дуртай. Эмээгийн яриа нөлөөлсөн үү, эсвэл эмээтэй өнгөрүүлсэн бага насны зун сайхан байсан уу, лавтайяа Хонконг, Америкт амьдарч байхад хааяа хааяа гэнэт “Шувуу” бодогдоно. Тэрхэн үедээ их хотын хөл үймээнээс хормын дотор хөөрөн ангижраад, эх нутагтаа эргэн ирчихсэн мэт тайвшралыг мэдэрдэг байсан. Дөрвөн жилийн өмнө ажилладаг компанийнхаа салбарыг Америкт нээгээд жил хэртээ болсны дараа эмээгийн бие гэнэт муудсан. Элэгний хавдар нь цааш үсэрхийлжээ. “Эмээ чинь өнөө маргаашгүй, ирээд хэрэггүй” гэж анхааруулсан ч би зөрсөөр байж тэр даруй Монгол руу ниссэн. Намайг ирсэн өдөр эмээгийн бие жаахан муу байж байгаад, маргааш нь гэнэт дээрдэж, бүр босч явсан. Ухаангүй хэвтэж байсан эмээгээ гэнэт дээрдэхийг хараад үнэхээр их баярласан шүү. Тэгэхэд эмээтэйгээ хоёр өдрийг мартагдашгүй сайхан өнгөрөөсөн дөө. Эмээ “Усанд ормоор байна” гэхээр нь усанд оруултал уснаас сэмхэн гарч ирээд намайг сахилгагүй хүүхэд шиг цочоож билээ. Эмээ маань ийм л күүл хүн. Бид хоёр хамт амьдардаг байсан үеэ дурсаад, яг л удаан уулзалдаагүй багын найзууд шиг элдвийг хөөрөлдсөн… Эмээ эмч хүн болохоороо тариа хийгээд өөрийгөө унтуулчихаж магадгүй шүү гэж надад анхааруулсан болохоор эмээг би орхиж гардаггүй байв. Гэтэл эмээ “Орос дэлгүүрээс цөцгий аваад ир. Гадаадад олон жил байсан юм чинь идмээр л байгаа байлгүй” гээд бууж өгдөггүй. Би гялс гарчихаад иртэл эмээ гараа унжуулчихсан хэвтэж байв. Миний айсан гэж жигтэйхэн. Дөхөөд очтол амьсгалж байгаа нь мэдрэгдэв. Тэгтэл “Вааа…” гээд л намайг дахиад цочоосон. Эмээ маань ийм л хүчтэй, хөгжилтэй хүн. Маргааш өглөө нь нэг нэгнээ царай муутайгаараа дуудалцан тун ч инээд наргиантай сууж байв. Би бараг эмээг эдгэчихлээ л гэж бодсон. Тийм учраас Эрдэнэт дэх аав ээжийн гэр лүү ухасхийчээд ирье гээд явтал дөнгөж дөрвөн цагийн дараа ээж залгаад “Эмээ чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Эмээ эмч охин, хамгаас хайртай зээгийнхээ дэргэд амьсгал хураасан. Эмч хүн нас барсан хүн хараад айхгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгээд л миний дэргэд өөрт буй бүх хүч тэнхээгээ шавхан эрүүл цовоо харагдсан байх гэж боддог.”

Тосгоноос хөдлөхийн урьдаар бид эмээг нь нутаглуулсан энгэрт очлоо. Оройн нар нааш тонгойн тонгойсоор цааш урууддаг баруун уулын энгэрээс эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн харагдав. Уулын сүүдэр хөндийг залгихад ойрхон. Түрүүнээс хойш дуугүй явсан Цолмон машинаас буусан даруйдаа намайг орхиод уул өөд ганцаараа алхчихлаа. Холоос харвал ямар нэгэн юм эрж буй бололтой. “Булшны чулуу л биз” гэж би бодов. Хүйтэн салхи энгэр заам яраад дотор жихүүн. Бие минь илч дулаанаа алдаж буй ч түүний араас алхахаар зориглолоо. Төдхөн тэр уруудаж, би өгссөөр дундаа уулзахад түүний юу ч үл өгүүлэх байдал эргэн тойрныг улам ч гунигтай, дүнсгэр болгов. Үнэндээ тэр булшны чулуу эрээгүй юмсанж. Эмээ нь амьд ахуйдаа “Өөд болсны минь дараа газарт битгий оршуулаарай. Баахан чулуу, газар эзэлнэ. Харин чандарлаад Шувуу руу явах замд салхинд хийсгээрэй” гэж захижээ. Хүүхдүүд нь тэр ёсоор болгож. Эмээгийнх нь хувьд бодрол бясалгалын зам байсан газар чандры нь шувуунд дайж хийсгээд үлдсэн жаахан хэсгийг энэ уулын бэлд өргөжээ. Тэгэхдээ хэд гурван чулуу овоолж тэмдэг тавьсан гэнэ. Цолмон тэр чулуудыг л эрж явжээ. “Олдохгүй биз дээ. Шувуу шиг тэнгэрт амьдарсан хүний хувьд газарт тэмдэгтэй үлдэнэ гэдэг байж боломгүй зүйл” гэж дотроо бодсон ч түүнийгээ ил гаргасангүй. 




Суурин яахав дээ, жижигхэн жирийн л суурин. Зундаа шувууны сангас үнэртдэг, угтах үүдэн дээрээ тахианы жижигхэн хөшөөтэй, мухлагт нь өнөөдрийн шинэ өндөг худалдаалдаг, сургууль, эмнэлэг, захиргаатай, хаягдсан уурын зуухтай, шавар хашаагаар хүрээлсэн хэд хэдэн тахиан фермтэй, эзэнгүй автобусны буудалтай, тэнд нь хүрээд өндөрлөдөг сайхан засмал замтай, “Хэсэг” гэж нэрлэсэн хэсэгхэн гэр хороололтой, Туулын хөвөөтэй, тэндээс нь Улаанбаатар үнэртдэг, хотынхны нүдээр онцгойрох зүйлгүй жирийн л нэг тосгон. Гэвч жинхэнэ гоо сайхан ийм эгэл зүйлд нуугддагийг бид тэр бүр анзаарч хардаггүй ч юм билүү, хэн мэдлээ. 

2018 оны 12-р сар

Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН


*Энэхїї нийтлэл 100К сэтгїїлийн эхний дугаарт нийтлэгдсэн.

Цөөнхийн цөөнх: УРИАНХАЙ ХӨВҮҮН





1.

Гурав хоног үргэлжилсэн хүчтэй шуурганы дараа Алтайн уулсын буйд мухар дахь ганцаардмал жижигхэн сууринд мөнөөх л эл хуль, яг л эргэж дуусаад эхнээсээ дахин давтагддаг хуурцаг шиг уйт давтамжтай эгэл жирийн өдрүүд нь айлчлан ирэв. Өөрчлөгдсөн ганц зүйл гэвэл хаврын сүүлчийн сарын хайруу хүйтэн салхи сууринг “соёлт” ертөнцтэй холбогч гол шижим холбоо гэгддэг өндөр хүчдэлийн шугамыг гэмтээснээс ийш зорин ирдэг гэрэл цахилгаан үгүй болжээ. Тиймээс наран бөхмөгц сууринг харанхуй нөмөрдөг юм. 

Баян-Өлгий аймгийн Булган сумын төв бол Монгол орны хамгийн алслагдмал нутгийн хамгийн бөглүү суурин. Гэвч ийм байлаа гээд эндхийнхэн ер гонсойж гутарна гэж үгүй. Үдшийн бүрий улам өтгөрч, бяцхан суурингийн давчуухан гудамж зайнууд эзгүйрч хоосроход нүсэр сүр бараатай том том шавар байшингуудад лааны бүдэгхэн гэрэл нэг нэгээр асна. Дөрөв хоног тог цахилгаангүй байлаа гээд урвайж гомдоллож байгаа хүн энд алга. Намар, өвөл, хаврын турш хаалттай байдаг, урьд нэрий нь хэлэхээс ч цээрлэдэг асан Улаан давааг зоригт эрчүүд зорин морджээ. Тэд хүрч очсон тухай, тэгээд ч зогсохгүй, эвдрэл гэмтлийг нь илрүүлж олсон тухай бүгд ам булаалдан ярьцгаана. Тэгмэгцээ маргааш нь “Өнөөдөр цахилгаан ирэхгүй гэнэ ээ...” хэмээн санаашрах авч ууланд яваа эрчүүдийг ч, урд өдрүүдийн салхийг ч, удирдлага захиргаагаа ч ер зэмлэж буруутгахгүй. Ай, холын бяцхан суурин минь, яаж би чам шиг хорвоогийн хүсэл шуналаас ангид байж сурах вэ!

Ийм л ажин түжин, эгэл даруухан өдрүүдийн нэгэнд, яг нарийвчилбал тавдугаар сарын эхний Бямба гарагийн тогтуухан, нам гүм орой наран шингэхээс урьтаж өвөлжөөндөө хүрчих санаатай нэгэн урианхай хүү сургуулийнхаа дотуур байрнаас мотоцикльтой хөдөллөө. Хүүгийн нэр Сүхбат, долдугаар ангийн сурагч. Нас 14 ч хүрээгүй хэрнээ сумын төвийнхөө саарал гудамжуудаар яг л том болсон идэр чийрэг эр шиг салхи татуулан давхиж чадна. Эл бяцхан суурин түүний очиж үзсэн хамгийн том “хот” гэдгийг энэ ташрамд дуулгахад нэн таатай байна. Харин яг одоо гол баатар маань гол уруудан давхиж явна. Өвөлжөө хүртэл 40-өөд км, эрчтэйхэн давхивал хоёр цагийн зайтай. Долоо хоногийн сүүлч болгонд яг энэ замаар яг ингэж гэртээ харьдаг боловч энэ удаагийн ийн яаран буй шалтгаан нь эгэл жирийн өдрүүдийнхээс нь илүү онцгой.

Тэрээр Булган голын хөвөөнд мэндэлжээ. Айлын бага, ах дүү долуулаа. Ижий аав хоёр нь Улаанхус багийнх, мөн 200-аад тоо толгой малтай. Хүү өөрийнхөө тухай “Би ч Булганы хонхороос гарч үзээгүй хүн дээ” гэж шоолонгуй өгүүлсэн. Нээрээ тэрээр улсын нийслэл Улаанбаатар бүү хэл, Өлгий ч орж үзээгүй нэгэн. Гэвч хүү өсөж торнисон Булган голдоо үнэнхүү хайртай. “Зуны амралтаар намайг хот руу яв гэдэг л юм. Би явахгүй гэж зөрүүдэлдэг” хэмээн бахдангуй өгүүлнэ. Өвөлжөөнөөс сумын төв хүртэлх 40-өөд км газрын булан тохой бүрийг тэр андахгүй. Энэ замаар сургууль руугаа явах болгондоо тоглож өссөн эрэг тохой, алсыг харуулдан зогсдог байц хад, үсэг заалгасан Шүвтэрийн бага сургуулийнхаа яг дэргэдүүр явж өнгөрдөг. Өнөөг хүртэлх 14 жилийн үйл амьдралаа нэг л голын хөвөөг өгсөж уруудан өнгөрөөхдөө энэ зам, энэ голоосоо уйдаж залхсан нь үгүй. Угаас энэ гол түүний таньж мэдсэн ахуй ертөнцийнх нь лугших судас билээ.

Халил өндөр хадат уулсын зааг завсраар хашигдан урсах Булган гол бул чулуудын хэлбэр галбирыг толиондоо зурсаар Алтайг туулж, Хятад-Монголын хилийг даван харь зүгт оддог. Энэ голын эхэнд Баян-Өлгийн Булган, “адагт” нь Ховдын Булган сум бий. Эднийг энэ гол, эрэг хөвөөг нь эмжин урсах шороон зам холбодог. Алтайн уулсыг олон давхар хана хэрэмтэй оньсот цайз гэж үзвэл эндээс гарах оньс түлхүүр нь ерөөсөө л гол. Хавцлын дундуур шуугин урсах боргиот гол Алтайн хүн зонд зам зааж өгдөг. Гол уруудан явбал зах хязгаарт нь хүрч, гол өгсөн бэдэрвэл нууцат гүнд нь нэвтэрнэ. Тиймээс ер бусын нууцлаг, ид шидийн мэт энэ нутагт ихэнх зам харгуй гол даган бэдэрдэг. Аяа, хавцал, зам, гол: Алтайд үүн шиг өнө эртний нөхөрлөл ховор биз ээ.

Ийнхүү Булган гол урсан урссаар хилийн зааг зурвасыг дөнгөж давмагцаа Такашикен хэмээх жижигхэн боомт хотын дэргэдүүр өнгөрдөг. Өмнө зүгийн харийн энэ хотоос ойр зуурын эд бараа, байшингийн дээврийн төмөр, мотоцикльны сэлбэг, шуудайтай гахиур авахаар явсан ээжийгээ яг энэ агшинд гол өгсөн ирж буй гэдгийг хүү мэдэж байлаа. Түүний яаран буй шалтгаан ердөө энэ. 


Хавцлын дундуур зурайх бүдэгхэн шороон зам
дагшин байгалийн нэг эд эс мэт эзгүй зэлүүд.

2.

Өмнөөс умарш чиглэсэн хаврын хамгийн сүүлчийн зэвэргэн хүйтэн салхи Алтайн нуруунд гурав хоносны эцэст тэнгэр цэлмэж, дулаахан өдрүүд үргэлжлэв. Цавчим уулс цасан дуулгатай, Булган гол мөсөн эмжээртэй, Алтайд ийм л өвөл ч юм шиг, намар ч юм шиг, олон ааш авиртай өвөрмөц хавар болдог. Ийнхүү шуурганы дараах налгар тогтуухан өдрүүдийн эхэнд сумын төвөөс 40-өөд км-ийн зайтай орших Улаанхус багийн хэдэн урианхай эмэгтэй өвөлжин байрнаасаа хөдлөөгүй орос 66-аар өмнийн боомт хот Такашикенийг зорилоо. Эдний дунд хүүгийн ээж буй. 

Ачааны тэрэгний өндөр тэвшин дээр яг л хорьтой залуус шиг авирч гараад тухтайхан суучихсан тэд бүтэн өдөржин хавцлын чулуурхаг замаар сэгсчүүлэн явсаар Ховдын Булган хүрч, тэндээсээ Такашикен ороод хоёр өдрийн турш зээл хоршоогоор хөлөө цуцтал хэсүүчлэхдээ хөгшид хүүхдүүдийн захисан захиагүй баахан эд барааг дэс дараалан худалдаж авчхаад Бямба гарагийн үдэд гэр рүүгээ харихаар Булган голоо өгсөн хөдөллөө. Мэдээж өнөөх орос тэрэгтэйгээ. Ялгаа нь гэвэл тэвш нь ачаагаар дүүрсэн байлаа. Гэтэл Ховдын Булганаас хөдлөөд хоёр цаг ч болоогүй байтал хойд хоёр дугуй нь урагдан цоорох гэж буйг жолооч эр олж мэдэв. Хавцлын зам ийм л хахир хатуу. Хаврын цас хайлж барагдахаар л нээгддэг энэ зам моторт тэрэгнүүдийн хүч тэнхээг шавхтал нь сорьдог. Уул шигээ гандмал бор өнгөтэй 69, 66-нууд олон жилийн урьдаар залуу, хүчтэй, хурдан, эрэмгий байх үедээ энэ л бэрх хэцүү замуудыг өөрийн үйл амьдралаар бүтээж бий болгосон боловч өвгөн тэрэгнүүд маань өдгөө ч халаагаа өгөх болоогүй л байна. Тэд дургүйдээ тэтгэвэртээ гарахгүй байгаа юм биш ээ, ийм бэрх замын эвийг олохдоо тэд л гаргууд.

Намхан нуруутай жолооч эр нар салхинд гандаж борлосон дух магнайгаа яг л Алтайн хүрэн хадат уулс шигээ үрчийлгэн бодолд дарагдаж, урагш нэг, арагш нэг удаанаар ширтсэнээ уртаас урт ганцхан амьсгаа аваад л тайвширчихав. Тэр үжирч муудсан дугуйгаа ч, өвгөрч хөгширсөн тэргээ ч, өнөөдрийн хүнд ачааг ч буруутгаж зэмлэсэнгүй. Бүтэн цаг хүлээхэд тэвш дүүрэн ноолууртай ганц портер л явж өнгөрсөн, ийм зэлүүд, бөглүү хавцлын гүнд үглэж яншсан, бурууг хаймтгай зан тусгүйд тооцогддог. “Найдвар хамгийн сүүлд бөхдөг” гэдэг шиг тэрхүү хүршгүй алсад орших итгэл найдварын өчүүхэн шидэт оч Алтайн хүн зоны ууч, хүлцэнгүй зан чанарынх нь бөхөшгүй эх ундарга болдог ч юм шиг. Тийм учраас л Алтайг домгийн хүч увдисаар долгисон байдаг үлгэрийн орон гэдэг биз. 

Жолооч эрийг ойролцоох айлын, мотоцикльтой залуугийн ард сундлан суугаад Булган гол өгсөн хэл чимээгүй одоход айл саахалтын дөрвөн эмэгтэй, аавтайгаа яваа сурагч хүүгээс бүрдэх түүний зорчигчид ер тэвдэж айсан шинжгүй ард хоцров. Нээрээ бараг мартах шахлаа, түүний хамгийн хачин, ёстой л нөгөө тоон дундах үсэг шиг зорчигч бол үүнийг өгүүлэгч би. Энэ зам, энэ хавцал, энэ нутгийн бүх юмс надад харь хөндий. Тэвшин дээр нь сууж ирсэн орос тэргийг хүртэл өмнө нь би барагтаа л харж байсангүй. Тийм болоод ч тэр үү, оюун санааны минь сониуч орон зайд олон гайхширал зэрэгцэн төрж байлаа. Хоёр цагийн зайтай газар Ховдын Булган гэх засмал замтай холбогдсон хилийн боомт хот байсаар байтал бараг музейд л баймаар ховордож хуучирсан ачааны тэрэгний нэг ч биш, бүр хоёрын хоёр дугуйг эрж олохоор юуны учир хорвоогийн хамгийн аглаг буйд газруудын нэгнийг зорино вэ? Тэр хэдийд хүрч очиж, хэзээ ирэх вэ? Уулын бул чулуу шиг өргөн, бахим, хүнд дугуйг хорвоогийн хамгийн бэрх хэцүү замуудын нэгнээр яаж авчрах вэ? Оньсого мэт бөөн асуултууд толгойд эргэлдэнэ. Харин үлдэж хоцорсон хэд маань өнөөх “шидэт оч”-индоо л итгэж найдаад байх шиг. 

Жолооч ч тэр, зорчигчид ч тэр, ер нь надаас бусад нь цөм Алтайн урианхайчууд, нэг үгээр энэ нутгийнх. “Одоо юу хийх вэ?” гэх харцаар минь илэрхийлэгдэх үггүй асуултад минь тэд үйл хөдлөлөөрөө “Унтаж л хүлээнэ дээ” гэх шиг болов. Гэхдээ ачаатай тэвшин дээр олуул хэвтэхэд хүрэлцээгүй учраас урт шөнийн аягийг “даахгүй” дөрвөн зорчигчоо ойролцоох айлд хонуулахаар явууллаа. Мэдээж “аврах завь”-инд суух нэг эрх надад оногдсон. Замын турш тэд намайг бөөцийлж, тэдэнд би нялхарсаар явсан юм. Энэ зуур бүрий улам өтгөрч эхэллээ. Хавцлыг харанхуй нөмөрнө гэдэг гэнэтхэн гэрэл цахилгаан тасрах шиг эвгүй юм билээ. Яг ийм үед цаг хугацаа хүртэл царцаж хөшчих шиг болсон. 


Сэтгүүлчийн явсан жим.


3.

Сургуулийн дотуур байрнаас мотоцикльтой гарсан урианхай хүү оройн бүрийтэй зэрэгцэн өвөлжөөндөө ирлээ. Ижий нь ирээгүй л байв. Нэлээд хэдэн цаг өнгөрсний эцэст мотоцикль унасан хоёр хүн Булган гол өгссөөр ирэв. Нэг нь ээжийнх нь сууж явсан 66-ийн жолооч мөн аж. Энэ нутагт салхи биш, гол мөрөн “шууданч”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Сураг ажиг, шуугиан цуурхал бүхэн голын голдрил даган хавцлын бүх айлаар хэсүүчилдэг гэвэл хэлсдэхгүй. Мотоцикльтой эрчүүд эхний айлдаа хүрч очмогц “Тэдэнд юу тохиолдсон тухай” мэдээ дараа дараагийн айлд тархсанаар энэ нь ачааны тэргээ хавцлын дунд үлдээчихсэн нэгэн эрийн асуудал биш, харин нийт урианхай айлуудын хамтран шийдвэл зохилтой дундын асуудал болон хувирдаг. Дугуй зөөвөрлөх УАЗ 469 даруй олдож, хоол унд ч хормын дотор бэлэн боллоо. Эцэст нь өнөөх дугуйгаа хаанаас эрж олох вэ гэж уншигч та гайхаж магадгүй. 

Хорвоогийн хамгийн аглаг буйд газруудын нэгнээс хоёрын хоёр дугуйг эрж олоход тийм ч хэцүү байсангүй. Айлын гадаа буй өөр нэгэн 66-ийн хойд хоёр дугуйг мулталж аваад 69-ийн арын суудлын оронд тавьчихав. Дугуй бэлэн, туулах машин нь ч бэлэн. Тэгмэгц энэ агшинд ээжийгээ хүлээж уйдсан гол баатар маань сайх машинд ороод суучихлаа. Гэртээ хүлээснээс ингээд ч болтугай түрүүлж очсон нь дээр гэж үзжээ. Гэхдээ хүүд ийн яарах болсон бас нэг шалтгаан бий. Сумын төвийн дунд сургуульд нэг ангид сурдаг, хамгийн сайн найз нь ээжтэй нь хамт яваа. 


4.

Үүлгүй тэнгэрийн оройд түмэн од яралзана. Зам сахисан орь ганц гэр, тэнгэр өөд цоройх цавчим уулс, шөнийн нам гүмийг уянга чимээгээрээ анирдах гол Алтайн сүр хүч хийгээд орь ганцаардлыг тунхаглана. Алтайн нурууны энэхүү хязгаар нутгийг зорин ирсэн хэн бүхэн аглаг уулсын сүр барааг өлмийгөөс нь хараад даруй айн ширвээтэх авч өвлийн эхний цаснаар л хаагдчихдаг, бусад үед ч хөл хөлхөөнгүй байдаг зэлүүд буйд замын хажууханд өнчин ганц гэр байгааг хараад, бас түүн доторх гэрийн эзэд хэл чимээгүй гэнэтхэн хүрээд ирсэн үдшийн зочдоо “удаанаар уяж саатуулахын тулд” унд цайгаар харамгүй дайлахыг хараад нэг л тийм ганцаардангуй, гунигтай мэдрэмжид автана. Ай, Алтайн нуруунд ганцаардал ийн мэдрэгддэг ажээ. Ийм л нэгэн “орь ганц гэр”-т бидний дөрвөн зорчигч хоноглосон юм. Үлдсэн хэд маань унтаа болов уу, үгүй болов уу, өнөөх жолооч эр хүрч очоо болов уу, үгүй болов уу, өнөө шөнийг энэ айлд өнгөрөөх болов уу, үгүй болов уу гэж бодсоор айлын хойморт эгнүүлэн дэвссэн эсгий гудасны нэгэн дээр дулаан хөвсгөр хөнжил нөмрөөд нам унтчихжээ. Бидний дунд хүүгийн ээж буй гэдгийг энэ ташрамд дуулгая. 

Тэгтэл шөнийн гурван цагийн алдад нүсэр дуу чимээгээрээ хавцлыг доргион наашлах ачааны тэрэг бидний хоноглосон айлын гадаа ирээд дуут дохиогоо хангинуулмагц бидний дөрвөн хүн огло харайн боссон юм. 66-ийн дөрвөн дугуй бүрэн бүтэн болжээ. Гэрийн эзний нэрийг ч мэдэхгүй, бүр дахин уулзах эсэхээ ч мэдэхгүй байж мөнөөх айлынхаа амар амгаланг хэн бүхэн нойрсон байдаг гүн шөнийн цагаар дахин нэг удаа үймүүлж бусниулаад гэрээс гарахдаа бүгдийг хувьсган өөрчлөгч цаг хугацааны уртад огтхон ч өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол нүүдэлчдийн амь халуун чанар гэдэгт би лав бүрэн итгэсэн. Ай, нууцат Алтай минь ээ, эрж хайгаад буй зүйл минь энэ юм биш биз!


5. 

Үүр дөнгөж тэмдгэрэх төдийд хоёр орос тэрэг хавцлын мушгиа замаар аахилан урагшилж байлаа. Эхнийх нь дугуй ачиж ирсэн 69, удаах нь дугуйгаа сольсон 66. Нээрээ л найдвар хамгийн сүүлд бөхдөг аж. Урьд шөнийн аврах ажиллагааны санаанд оромгүй үр дүнг ийн мэдрэх зуураа Алтайн нуруунд үүр цайхыг ачааны тэрэгний тэвшин дээрээс үзнэ гэдэг ер бусын зол завшаан билээ. 

Хүүгийн ээж эхний машинд сууж яваа бол хүү удаах машины ачаатай тэвшин дээр сайн найзтайгаа хамт явав. Мэдээж би тэдний хажууд явсан. Ингэж л би анх түүнтэй нүүр учирсан билээ. Бид хөвсгөр дулаан хөнжилд хөлөө жийн хэвтчихээд уулсын хяр оройд туссан өглөөний бүдэгхэн өнгө туяанд ишгээ дагуулсан янгир “Тэнд хэн байна” гэсэн шиг тэртээ дээрээс өнгийн байхыг харсан. Хөвгүүдийн урианхай аялга нүдээр харж буй бүхэнтэй минь нийцэн зохицоод ч байх шиг санагдав. Үгийн айзам хэмнэлийг уртасгаж хөг нэмдгээрээ урианхай аялга гойд онцгой. 

Гол бараадан ургасан улиас моддын үзүүрийг шүргэн алдан довтолгосоор өглөөний найман цаг өнгөрч байхад өвөлжөөн дээр ирлээ. Ингэж л нэг Алтайн урианхайчуудын нутагт хөл тавьдаг юм байж. 66-ийн эхний ачаа энд буух ёстой юм. Хүү ээжийнхээ авчирсан эд барааг тэвшнээс буулгах хооронд би 69-өөр гол өгсөн хөдөллөө. Түр баяртай, гол баатар минь.


Голын хөвөө, хавцлын чөлөөн дэх энэхүү буйдхан өвөлжөөнд хүрч очно гэдэг төмөр хүлгийн хүч чадлыг сорьсон ажил.

6. 

Цахилгаан тасраад 5 хоносны орой буюу Ням гарагт замд гарснаас хойш барагцаалбал 30 цагийн дараа сумын төвд хүрч очлоо. Энэ хооронд дан ганц Булган гол дагуух шороон замаар өгсөн явсныг, бас уулзаж учирсан хүмүүс маань цөм энэ голын хөвөөгөөр нутагтай гэдгийг үүнийг уншин буй та анзаарсан буй за. Үүр цүүрээр урианхайн нутагт хөл тавьсан би сумын төв хүртэлх үлдсэн жаахан зам буюу өвөлжөөнөөс суурин хүртэлх дөчөөд км газрыг 69, мотоцикль, жийп гэсэн гурван өөр унаагаар туулан явахдаа “Энэ хэдэн урианхай нар яван явтал минь намайг эрхлүүлж бөөцийлөх нь дөө” гэж бодсон нь яг ёсоор болсон юм. 69-өөр эхний айлдаа очоод унд цайгаар дайлуулж дуусаагүй байтал “Шүвтэрийн бага сургууль хүргэх унаа бэлэн” гэж гэрийн эзэн хэлсэн нь ахлах ангийн сурагч хүүгийн унаж ирсэн улаан мотоцикль байлаа. Ингээд мотоциклийн ард сундалж суугаад үхрийн жим шиг нарийхан замаар хэдхэн км-ийн зайтай байх Шүвтэрийн бага сургууль орж үдийг өнгөрөөв. Дараа нь сургуулийн захирлын жийп машинаар сумын төв рүү ухасхийсэн. Ингэж л би Баян-Өлгий аймгийн Булган сумын төвд хүрч очсон юм. 

Давамгайлагч соёлын нөлөөнд цөөнх байх нь өв уламжлалдаа үнэнч, өөр хоорондоо амь нэгтэй зан чанарыг бий болгодог. “Нууц товчоо”-нд нэр нь дурдагддаг өнө эртний баатарлаг түүхтэй Алтайн урианхайчууд эдүгээ Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган суманд төвлөрөн суурьшдаг боловч эдэн дундаас Булган голын урианхайчууд тооны хувьд дэндүү цөөхүүлээ. Сумын нийт хүн амын 17 орчим хувь нь урианхайчууд, үлдсэн нь казах үндэстэн гэхээр тэд цөөнх дотроо цөөнх гэсэн үг. 

Голын урсгал даган уртаашаа сунан тогтсон Булган сумын төв эхэндээ казах тосгон мэт санагдана. Арга ч үгүй юм, зөрөн өнгөрөх хүмүүс цөм казах. Сууринг уртааш нь нэвт зүссэн шороон замаар ердөө нэгхэн удаа өгсөж уруудах төдийд л нутгийнхны ахуй амьдралыг нэвт сонжиж болно. Үхэр бэлчиж, хүүхдүүд бужигнасан энэ гудамж нэг ёсондоо суурингийн “хар зах” юм. Мухлагуудын хаяг самбарыг ажиглавал казах-монгол хэлний толь бичгийг сөхөн эргүүлж буй мэт сэтгэгдэл төрнө. Намхан шавар байшингууд эгнэсэн энэхүү тоост гудамжинд эндхийн бүх амьдрал өрнөн байдаг. Мотоцикльтой харчууд тоос манаруулан давхилдаж, монхор хамартай казах эрчүүд хаалга нь онгорхой харанхуй өрөөнүүдэд шаариг цохицгооно. Хөвгүүд хүнсний мухлагуудын үүд хаалгыг байн байн онголзуулж, толгойгоо эрээн алчуураар ороосон казах эмэгтэйчүүд ихэвчлэн ганц нэгээрээ алхана. Эндхийн “хар зах”-ад зүсэн зүйлийн бараа бий. Гудамжинд төмөр хэц татаж хувцаснууд өлгөжээ. Ихэнх нь хар өнгийнх. Цаашлаад орон орны бараа олон янзаараа өрөөстэй. Түлшээр ажилладаг цахилгаан гаргагч моторнууд аль нэг мухлагийн гадаа “орилон хашгирч” байвал тэнд хөлдөөгчний хүйтэн зайрмаг зарж буй гэдгийг суурингийн хүүхдүүд андахгүй. Тоос тогтож суухын завдалгүй агаарт дэгдэн байдаг энэ өргөн чөлөө рүү нарийхан давчуу гудмууд цутган нийлдэг боловч тэдгээр нь хэзээ ч их гудамныхаа урсгал хөдөлгөөнийг гүйцэхгүй. Хэрвээ аль нэг салаа гудам руу нь нэвтрэн орвол өнөөх л нам гүм, бяцхан суурингийн даруухан төрх угтана. 

Сууринг өдөртөө үдлээд л буцдаг аялан зугаалагчийн нүдээр харвал үнэхээр казах тосгон мэт. Тиймээс ч, эндхийн урианхайчууд бүхэллэг зүйлийн жижиг “хэлтэрхий” шиг ер анзаарагдахгүй байж магад. Гэвч тэдний дунд хэсэгхэн хугацааг өнгөрөөвөл тийм биш гэдгийг мэдрэх болно.


Амьгүй мэт дүнсийх энэхүү уулсын нутагт ерөөс юм бүхэн гагц урсгал усыг бараадан оршдог гэдгийн нэг тод жишээ бол Булган голын хөвөөн дэх Булган сумын төв


7.

Хүү өөрт нь авчирсан шинэ юүдэнтэй цамц, жийнсэн өмд, пүүзээ өмсөөд оройн бүрийгээс урьтан дотуур байрандаа хүрчих санаатай өвөлжөөнөөсөө мотоцикльтой хөдөллөө. Тэрээр долоо хоногийн турш идэх “уут дүүрэн” улаан боорцгоо ганзагалж гарчээ. Бас халаасандаа арван мянгатын дэвсгэрттэй. Үүнийг тэрээр долоо хоногийн сүүлчээр гэр лүүгээ дахин харих хүртлээ үрж зарцуулна. Булган голтой нэг шүргэлцэн, нэг холдсоор сумын төв хүрдэг шороон замын бартаа саадыг хүү андахгүй. Нутгийнхан кисүү гэж нэрлэдэг хад чулуурхаг зам л хамгийн аюултай нь. Гэлээ ч сургуулийн хүүхдүүд долоо хоног бүр яг энэ замаар ирж буцдаг.

Дотуур байрны хоёрдугаар давхрын зэргэлдээх хоёр өрөө бол урианхай хөвгүүдийнх. Тэд мөн л энэ байрандаа цөөнх. Хоёр өдрийн турш хоосон хүнгүй шахам байдаг хөвгүүдийн өрөө Ням гарагийн оройноос хөл хөлхөөнд дарагддаг. Хөвгүүдийн ихэнх нь Улаанхус, Сөнхөл гэх урианхайн хоёр багаас оройн бүрийтэй уралдан ирнэ. Тэд зургаадугаар ангид ормогцоо мотоцикль унаад сурчихдаг тул яг манай гол баатар шиг өөрөө өөрийгөө хүргээд өгчихдөг нь олон. Жижүүр багш өрөө бүрт ширхэг лаа тарааж байх агшинд хүү сумын төв дэх гэр буюу дотуур байрандаа ирлээ. Энд би түүнтэй хоёрдахь удаагаа таарсан юм. Энэ өдрөөс хойш бид сургуулийн анги танхим, суурингийн гудамж чөлөөгөөр хэлхэлдэн явдаг болсон.



Сууринд ер бусын нам гүм өглөө болдог. Шувууд шулганалдаж, дарцаг дэрвэсэн төв гудамжинд эл хуль ноёрхоно. Тэгмэгцээ үүргэвч цүнх үүрсэн сурагч хүүхдүүд ганц нэгээр цувж эхэлнэ. Сургууль руу чиглэсэн энэхүү урсгал хөдөлгөөн улам эрчимжсээр эргээ нүдэн, багтаж ядан цэлэлзэх их ус шиг оволзон үерлэснээ хичээл эхэлдэг найман цагтай зэрэгцэн хэдхэн хормын дотор татарчихдаг. Мэдээж энэ бол суурин сэрж буй дохио тэмдэг юм. Харин дотуур байрныхан долоон цагт сэрж өглөөний цайгаа уучхаад хаяанд нь байрлах сургууль руугаа аажуу тайвуу хөдөлдөг. 

Хүүгийн сурдаг 7г анги 33 хүүхэдтэйгээс 23 нь урианхай, үлдсэн нь казах сурагчид боловч сургуулийн хэмжээнд монгол сурагчид мөн л цөөхүүлээ. (870 сурагчаас 125 буюу 14 хувь нь монгол.) Хоёрдугаар давхрын булангийн ангид дунд эргэм насны казах багш “Цайн байцгаана уу?” хэмээн хүүхдүүдтэй мэндчилэн хичээлээ эхлэхэд гол баатар маань нэгдүгээр салааны гуравдахь ширээн дээр өчигдөр үүрээр хавцлын замаар цугтаа явж ирсэн хамгийн сайн найзтайгаа зэрэгцэн сууж байлаа. Физикийн багш сурах бичгээс даалгавар өгч дуусаад “Ингэхэд ток ирэх сураг байна уу?” хэмээн сурагчдаас асуув. Нээрээ хэзээ ирэх юм бол оо! Үүнийг мэдэх нь надад ч гэсэн сонин байлаа, ядаж л гар утсаа цэнэглэчихмээр байдаг.

1-12-р ангийн сүүлчийн бүлэг бүр нь монгол анги учраас ихэнхдээ Г үсэг ногдоно. Тиймээс урианхайчууд бараг бүгдээрээ шахуу “Г” ангийн төгсөгчид. Бага ангидаа монгол багштай байсан урианхай хүүхдүүд дунд ангид ормогцоо казах, монгол багш нараар хичээл заалгадаг. 7г ангийн хувьд математик, биеийн тамир, хөдөлмөр, хими, физик, биологи, орос хэл, англи хэл зэрэг цөөнгүй хичээлийг нь казах багш заадаг. Сумын төвийн дунд сургуулиас гадна хоёр ч бага сургууль бий, нэг нь Ёлт, нөгөө нь Шүвтэрийн бага сургууль. Эхнийх нь казах сургууль бол хоёрдахь нь урианхай сургууль. Мөнх цаст Мөнххайрхан уулын баруун хаяанд байрлах, 70 жилийн түүхтэй Шүвтэрийн бага сургууль өнөө жил 85 сурагчтай. Улаанхус, Сөнхөл гэх хоёр урианхай багийн хүүхдүүд бага ангиа энд сурч төгсөөд сумын төвийн сургууль руу шилждэг. 

7г анги бол Ёлт, Шүвтэрээс цугласан гурван өөр ангийн бүрдэл. Тиймээс ч энэ ангийг “дэггүй, сахилгагүй талдаа” гэж тодорхойлдог. “12-р ангийн урианхай хөвгүүд манай сургуулийг атгадаг. Тэднийг төгссөний дараа хэдэн жилдээ казах анги ноёлох байх. Харин бидний ээлж ирэхэд эргээгээд монгол анги атгадаг болно” гэх хөвгүүдийнх нь үг энэ ангийн эр чадал, эрэмгий зоригийг илтгэнэ.  

Сумын төвийн сургуулийн амьдрал ер нь л соньхон. Завсарлагааны багахан хугацаа гадаах жорлон руу ганцхан ухасхийхэд л хүрэлцэнэ. Дэвтрээ мартсан бол гэр лүүгээ гүйчихнэ, сурах бичиггүй бол өөр ангиас авчихна. Бас цонхоор цасан малгайтай цавчим уулс харагдах нь үнэхээр сүрдмээр. Цаашлаад дотуур байрны хоёр хөвгүүн дундаа нэг цүнхтэй гэвэл уншигч та итгэх үү? Энэ юу ч биш. Зугаалганд явахдаа ангийнхаа охидыг ардаа суулгаад ойролцоох уул руу давхичихдаг. Итгэхэд бэрх байгаа биз. Тэгвэл амыг тань ангайлгах бүр цочир мэдээг танд дуулгая. 7г ангийнхан маань хэд хоногийн өмнө багшдаа хэлэлгүйгээр долоон мотоцикль хөлөглөн зугаалгаар явж ирэхдээ нэг хөвгүүн нь мотоцикльноосоо унаад нүүрээ бэртээчихжээ. Энэ тухай сургууль даяараа мэдчихсэн байлаа. Бөөн дуулиан шуугиан. Эхний цагийн физикийн хичээлийн дундуур сургуулийн казах захирал ангийн багшийг нь дагуулан орж ирээд хүүгийн ангийнхныг баахан зэмлэлээ. Бас болоогүй ээ, манай гол баатар оройлогчдын нэг юм гэнэ. 

Хүү хичээлээ тарчихаад өдрийн нэг цагт дотуур байрны галзууханд өдрийн хоолоо иддэг. Мөн дөрвөн цагт тохаш гэх казах боовыг үзэмний шүүсээр даруулж идчихээд долоон цагт оройн хоолондоо ордог. Өдрийн цагаар дотуур байрны өрөө тасалгаанууд ихэнхдээ эзгүй шахам. Хөвгүүд “Саяажий” орж бөмбөг шиднэ. Энэ нь казахаар хүүхдийн тоглоомын талбай гэсэн үг. Мөн хийх юм олдохгүй байвал төв гудамжаар өгсөж уруудна. Энд суурингийн бүхий л амьдрал өрнөн байдаг учраас тааварлашгүй, сонин содон зүйлстэй тааралдаж магадгүй. 


Шалных нь будаг элж халцарсан энэ өрөөнд үе үеийн урианхай хөвгүүд амьдарч байв.

Дотуур байранд тохилог шүүгээ биш, төмөр хайрцаг, модон авдар л эд хогшлоо хадгалах хамгийн сайн сав болдог.


8.

Сууринд гэрэл цахилгаангүй өдрүүд үргэлжилсээр. Энд ирсэн эхний өдрөө уул өөд өгсөн гараад сургуулийн хашаан доторх саглагар улиас модод, сууринг нэвт дайран өнгөрдөг шуудуу, Булган голын эрэг хөвөөг бараадан ургасан хэдэн бөхгөр харгайг, өөр бас өчнөөн зүйлийг ганцаар ажиглан харж билээ. Тэгэхэд энэхүү бяцхан суурингийн бүх юм надад цоо шинэ санагдсан. Гэтэл одоо суурин бид хоёр хэн нь хэнээсээ уйдаж залхсаныг хэлж чадахааргүй болтлоо уусан нэгджээ. Гэлээ ч яг ийм үед л хорвоогийн хамгийн уйтгартай газрын хэнд ч хэлж зүрхлээгүй нууцыг мэдэж чадах юм шиг санагддаг. Гол нь бүх юм сонирхууштай биш болж, би өөрөө хүртэл хуучирсан байх ёстой.

Хавцлын гүнд дугуйгаа хагалчихсан 66-ийн тухай, түүгээр Улаанхус багийн хэдэн эмэгтэй өмнийн боомт хот Такашикен орсон тухай, бас тэдэнтэй хамт Ховдын Булганаас нэгэн сэтгүүлч эр сурвалжилга хийхээр ирсэн тухай сумын төвийн цөөн хэдэн урианхай айлууд цөм мэдчихсэн байлаа. Мэдээж олонх гэгддэг казахчуудын хувьд энэ бол ойшоож тоохооргүй жижигхэн үйл явдал. Харин урианхайчууд өөрсөдтэй нь холбоотой, жижиг гэлтгүй юм бүхэнд өөриймсөг дотно хандана. Цөөхүүлээ байхын давуу тал энэ.



Олон өрөө тасалгаа бүхий том том байшинтай урианхай айлууд төв гудамжны зүүнтэй төвлөрөн суурьшдаг. Доторх нь тохилог гэж жигтэйхэн. Би сумын төвийн дунд сургуульд багшилдаг, нэгэн ахмад багшийнд буусан юм. Эднийх лав хотын айлаас ч илүү тохь тухтай санагдсан. Би Ховдын Булганд унаа хүлээн гурав хонохдоо тэнд мухлаг ажиллуулдаг нэгэн урианхай гэр бүлд “очих айлынхаа нэрийг хэлээд” унаа олж өгөхөд туслаач гэж хандсан юм. Тэгэхэд тэд ийш ирэх аяллын төлөвлөгөөг минь өөрсдөө боловсруулаад “Эхлээд чи 66-аар Улаанхус баг орно, дараа нь чамайг мотоциклиор Шүвтэрийн бага сургууль хүргэж өгнө. Захирлынхаар нь заавал ороорой. Тэндээсээ сумын төв рүү хүргүүлчих” хэмээн захиж билээ. Нээрээ яг л энэ төлөвлөгөөнийх нь дагуу би аялсан юм. Харин сууринд ирсний дараах зам мөрийг минь буусан айлын маань хүмүүс нэгд нэгэнгүй чиглүүлж зааварласан. Урианхайчууд ийм л амь нэгтэй. 


Тэд холын зочныг дайлж цайлахдаа үнэхээр гаргууд. Үүнийгээ казахуудаас сурсан бас нэг сайн зүйл гэнэ. Айлуудаар зочлон ороход будаг шиг өтгөн сайхан цай аягалж өгнө. Гэрийн эзэгтэй “дүүрэн цайтай халуун сав”-аа тас атгачихсан суух бөгөөд зочин аягаа хоосолмогц хормын дотор дүүргэчихнэ. Уухгүй гэж татгалзвал “Одоо ганцхан аяга” гээд л цай аягална. Дууслаа, дүүргэлээ гэх энэ эсрэгцэл халуун сав хоосрох хүртэл давтагдан үргэлжлэх авч залгуулаад гал өрдөж, тогоо тавиад шинэ цай чанах үйл явц аль хэдийн эхэлчихсэн байх вий. Казахуудаас энэ мэт сурсан зүйл урианхайчуудад их бий. Малыг өрцөлж бус, ихэнхдээ казах маягаар хүзүүг нь хэрчиж гаргана. Бас махаа давсалж хатаана. Түүнийгээ борц биш, хатаамал мах гэнэ. Мөн ширээ тойрч суугаад бөмбөрийн цар шиг том төмөр тавагнаас бөөндөө хоолоо иддэг. Ийнхүү тэдний ахуй амьдралыг өнгөцхөн дүгнэх юм бол “Амьдрал болоод л байна” гэдэг үг санаанд орно.

Гэвч урианхайчууд нутаг орондоо улам цөөрсөөр буйд үргэлж эмзэг ханддаг. Энэ бол дотогшоогоо хандсан, өр өвдөм эмзэглэл. Гэрийн эзэд бүгдээрээ шахуу “Зуугаад жилийн өмнө Урианхайн долоон хошуу гэж байх үед Хасагийн тохой гэдэг газар анхны хасаг айл суурьшиж байлаа. Тэд малын хөлийн татвар төлдөг байв. Ингээд нэг л мэдэхэд өнөөх ганц айл хоёр болж, хоёр нь гурав болсоор, урианхайн нутагт хасагууд өсч нэмэгдсэн” хэмээн ярьцгаана. Бас эзэнт гүрний түүх рүү урагшилж Зэлмэ, Сүбээдэй нар урианхайн жанжид байсан гэнэ. Арай зоримог нэг нь “Их гүрнийг байгуулалцсан урианхайчууд Алтайн уулсын мухарт ингэж л сөхөрч явна даа” гэж хэлээд эрт, эдүгээг холбоно. “Яагаад билээ?” гэсэн асуултад тэд өчнөөн хариулт өгөхөд бэлэн. 

Эхний шалтгаан бол урианхай хүнд ажил олддоггүй гэнэ. Сумын төвийн дунд сургуульд 121 хүн ажилладгаас ердөө 19 нь монгол. Цаашлаад эмнэлэгт дөрөв, захиргаанд нэг, цагдаад нэг, цахилгаанд хоёр гэсэн цөөн хэдэн тоо баримтыг гунигтайяа өгүүлэх нь үнэхээр өрөвдөлтэй. Хорин жил асрагчаар ажилласан урианхай эмэгтэй “уйлж гуйсны эцэст” сувилагч болж дэвшсэн нь тун саяхны явдал. Албаны тогтоол шийдвэрийн алдаа мадгийг засаж хянадаг учраас захиргаанд ажилладаг бичээч бүсгүй ажлаасаа халагдчихгүй тэсээд байдаг юм даа гэцгээнэ. Галч, угаагч, бэлтгэгч, цэвэрлэгч, асрагч, цахилгаанчин гэх цалин хөлс багатай хэцүү ажлуудыг урианхайчууд л голж шилэлгүй хийдэг. 

Удаах сэтгэл эмзэглэм зүйл бол хүүхдүүдийнх нь боловсролын асуудал. Сумын төв ганцхан цэцэрлэгтэй, тэр нь нэг ч монгол багшгүй, дээрээс нь казах багш нар нь нэг ч монгол үг мэдэхгүй гэхээр урианхай хүүхдүүд цэцэрлэгт явах аргагүйд хүрчээ. Дунд сургуульд хүртэл монгол хэлэндээ тааруу багш цөөнгүй. Тиймээс зарим урианхай хүүхдүүд багшийгаа монгол хэл сурахаас урьтаад казах хэл сурчихдаг. Үүнээс гадна казах багш нарын зарим нь монгол хүүхдүүдийн нэрийг бичиж чадахгүй, сурагчдаараа үсэглүүлдэг гэнэ. Урианхайчууд “Болж л өгвөл Улаанбаатар, Ховдод сурч төгссөн, монгол хэлэндээ сайн багшаар хичээл заалгамаар байна” гэж надад захисан. Сүүлийн жилүүдэд сургуульд элсэн орж буй урианхай сурагчдын тоо улам цөөрч буй аж. Сумын төвийн сургуулийн нэг, хоёрдугаар ангид ердөө дөрөв дөрвөн урианхай хүүхэд сурч байна. Тэд үүнд л санаагаа чилээнэ. Хэрэв монгол сурагчдын тоо цөөрвөл монгол багшийн хэрэг үгүй. 

Ер нь суурингийн харилцааны хэл казах. Надад хэдэн урианхай хөвгүүн казахаар “Юу байна?” гэхийг “Не бар?” гэдэг хэмээн зааж өгсөн юм. Би сумын төвөөр алхан явахдаа казах хөвгүүд тааралдвал “Не бар?” хэмээн мэндчилдэг байв. Хариуд нь тэд “Түк” буюу “Юмгүй ээ” гэцгээдэг сэн. Томчууд, багачууд гэлтгүй, урианхайчууд ер нь л казах хэлэндээ сайн. Нэг удаа би сумын төвийн хоёр урианхай мухлагийн нэг болох “Хорлоогийн дэлгүүр”-т орсон юм. Гаднаа хаяг самбаргүй атлаа урианхайчууд бүгд л ийн нэрлэх аж. Найрсаг сайхан харилцаатай эзэн эмэгтэй “орж гарсан бүхэн”-тэй казахаар ярьж наймаагаа амжуулах зуураа намайг “хатаасан жимс”-ээр дайлж “За тэгээд ажил чинь бүтэмжтэй юу?” хэмээн ирсэн зорилгыг минь аль хэдийн олоод мэдчихсэн аятай асуув. Тэд ийм л амь нэгтэй улс.

Урианхайчуудын хамгийн ихээр санаа зовнидог зүйл бол шилжилт хөдөлгөөн. Хот болон Ховд руу чиглэсэн нүүдэл улам л эрчимжсээр байгаад тэд санаа зовно. Нүүж буй айл бүр байшингаа, өвөлжөөгөө казах айлд зарчихдаг тул урианхайчуудын орон зай улам л багасна. Айлууд нүүсээр л байвал сургуульд сурах монгол хүүхдүүдийн тоо цөөрнө. Хэрэв сургууль монгол сурагчгүй болчихвол монгол багшийн хэрэг үгүй. Эцэст нь ажил албагүй урианхайчууд нутгаа орхин нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Ай, Алтайн нурууны мухар дахь энэхүү цөөн хэдэн урианхайчуудыг хараад “Төрөлх орон гэртээ харийн зочин мэт үзэгдэх. Үүн шиг өр өвдөм мэдрэмж өөр бий болов уу” гэж өөрөөсөө асууж билээ. Гэвч тэдний үг яриа “хувьсгалчийн уриа лоозон” шиг ахуй орчиндоо өширхсөн, чанд хатуу шаардлагатай гэж уншигч та эндүүрүүзэй. Тэд бол номхон, даруу, тэвчээртэй, хүлцэнгүй улс. “Бид нутаг орондоо ажил албатай л болчихвол алзахгүй ээ” гэцгээнэ. 


Сумын төвийн цорын ганц өргөн чөлөөгөөр яг л эдгээр сурагч хөвгүүд шиг сүнгэнэн давхиад захад нь хүрвэл хүнгүй хөдөө нутаг угтана, суурингийн эхлэл, төгсгөл ийм л тодорхой.

9.

Өдөр хоногууд маань онцгойрч ялгарах зүйлгүй нэгэн хэвийн болж эхлээд байтал өнөө шөнөдөө багтан цахилгаан ирэх сураг суурин даяар тархлаа. Лааны гэрэлд “дулаан” яриа өрнүүлэх сүүлчийн шөнө. Учир нь би маргааш эндээс явах юм. Зочилж буусан айлын маань найрсаг эзэд намайг унтах хүртэл үүднийхээ жижигхэн өрөөнд ширээ тойрон цугларчхаад лааны бүдэгхэн гэрэлд элдвийг хөөрөлдөн суудаг байв. Ийм л элгэмсүү дотно улс. “Ингэхэд сумын төвд хэчнээн урианхай айл байдаг юм бэ?” гэж намайг асуухад тэд “багцаа тоо” хэлэхийн оронд, сумын төвийнхөө гудамж бүрийг төсөөллөөрөө нэгжин айл бүрийг бүртгэж, хуруу даран нэг бүрчлэн тоолсны эцэст “35 өрх” гэж хариулсан юм даг. Бас эднээс дөнгөж 18 нь л төрд ажилтай гэв. Захиргаа орж статистик мэдээ асуух ч хэрэг алга.

Цахилгаан шөнө дундын үед ирснийг өглөө босмогцоо мэдэв. Энэ өдөр суурингийн хэмнэл арай өөр болчих шиг санагдсан. Үсчний газар үүд хаалгаа нээж, шаариг цохидог харанхуй өрөөнүүдэд чийдэн асаж, тачигнасан дуутай цахилгаан гаргагч моторнууд дуугаа хурааж, зөрөн өнгөрөх хүүхдүүдийн гар утсанд түргэн хэмнэлтэй цоглог дуунууд эгшиглэнэ. Хүйтэн ундаа, хөлдөөгчний зайрмаг мухлаг бүрийн хамгийн эрэлттэй бараа болж хувирав. Томчууд цэнэг нь дуусна гэж санаа зовохгүйгээр утсаа улайстал ярина. Казах, урианхай айлуудын ханагар том байшингуудад зурагтны дуу хадна. Дотуур байрны галзуухнаас шинэхэн талхны үнэр ханхийж, хүүхдүүд өдрийн цайндаа маслотой зүсэм талх идэв.

Энэ жил сургуулиа төгсөх дотуур байрны хоёр хөвгүүн төгсөлтийн зураг авалтандаа зориулан шинэхэн хослол өмсжээ. Тэд дотуураа тод ягаан өнгийн срочиктой байв. Хичээл эхлэх цаг ойртоогүй тул дотуур байрны балчир хөвгүүд ахлах ангийн ах нарыг ажин сууна. Би ч бас тэднийг ажиглан сууж байлаа. Бидний дунд манай гол баатар ч бас бий. Гэтэл өнөөх хоёр хөвгүүний нэг “Та зангиа зангидаж чадах уу?” гэв. Би толгой сэгсэрлээ. Тэднээс жаахан санаа зовох шиг. Тэгтэл тэр “Тэрнийг дууд” гэх шиг болов. Төд удалгүй дунд ангийн сурагч бололтой нэг хүү яаран ирсэн нь дотуур байрны цорын ганц “зангиа зангидагч” гэнэ. 

Дотуур байранд “зангиачин хөвгүүн” шиг “цорын ганц”-ууд их бий. Хана туурга, үүргэвч цүнхэн дээр шүлэг тэрлээд биччихдэг нэгэн хүүг “манай байрны яруу найрагч” гэж надтай танилцуулсан юм. Түүнтэй би үе үе таарахдаа “За яруу найрагчаар юу байна?” гэж мэндэлдэг байв. Нэг удаа түүний өрөөний найз жимбийтэл нугалчихсан дэвтрийн цаас надад сэм өгсөн юм. Тэр нь өнөөх “яруу найрагч”-ийн шүлэг юм гэнэ. Цаасыг дэлгэж хартал хоёр зүрх нийлүүлж зураад орой дээр нь 247-ийн тоог цэнхэр балаар сийлжээ. Доор нь нэгэн шүлэг байв. 
“Чамд хайртай охиныг бүү гомдоо
Тэр чамд хайртай бол
Эргээд л ирэх биз.
Хаясан гэж бүү гомд
Хайргүй бол явна.” 

Удахгүй холыг зорих гэж буй төгсөх ангийнхантай уулзаж ярилцахад сэтгэл эмзэглэм, заримдаа инээд хүргэм зүйлс олныг сонсоно. “Хотод очихоор Баян-Өлгийнх гэхээр шууд казах гэдэг. Уг нь бид чинь хотынхонтой л адил монгол хүмүүс шүү дээ” хэмээн гоморхонгуй өгүүлнэ. Заримдаа Баян-Өлгийнх гэдгээ огт хэлээгүй байтал “Чи казах хүн байж монголоор ямар сайн ярьдаг юм бэ?” гэж асуудаг гэнэ. Үүний учрыг тэд “Казах багш нараар хичээл заалгасаар байгаад урианхай аялгаа бага багаар гээж, казах аялгатай болчихдог” гэв. Казах хүмүүс монголоор ярихдаа нэгийн тоог нэк, хоёрын тоог коёр гэх мэтээр г үсгийг к авиагаар орлуулж дууддаг байна. 
-Утасны дугаар чинь хэд билээ?
-.... техник-техник.
-Юу?
-... 01-01.
Иймэрхүү онигоо гэмээр ч юм шиг хөгжилтэй түүхүүд олон. Нэг удаа хичээл ордог казах багш нь “Араамандаа яйжганаарай” гэхийг “Амандаа ярьжиганаарай” гэж хэлээд бөөн инээд наргиан үүсгэсэн гэдэг.

Энэ жилийн арванхоёрдугаар ангийнхан сургуулиа төгсөөд бүгд шахуу хот руу явна гэв. Яруу найрагч хүүгийн мөнөөх шүлгэнд гардаг шиг тэд нутагтаа хайртай бол “эргээд л ирэх биз.” Гэхдээ эргэж ирэх эсэх нь тийм ч чухал биш. Магадгүй эргэж ирлээ гэж санахад тэднийг юу тогтоон барих вэ? Энэ л чухал. Төгсөх ангийнхан эмч, багш болчихоод нутагтаа заавал ирнэ гэцгээсэн. Ажил албагүй бол тэд яваад л өгөх биз. Нээрээ хорвоо ертөнцөөр хэрэн тэнүүчлэгч залуу насыг нь өөр юу тогтоон барьж дийлэх билээ! Харин дөнгөж долдугаар ангиа төгсөж буй гол баатар маань эдэн шиг сургуулиа төгсөөд нутгаа орхин одох болов уу, яах бол? Энэ асуулт сүүлийн хэдэн өдөр толгойд баахан эргэлдэв. Нэг ширээнд зэрэгцэн суудаг хамгийн сайн найз нь дунд сургуулиа төгсөөд хот руу явна гэхийг сонсоод би урианхай хүүгээс “Харин чи яах вэ?” гэж сониучирхан асуусан юм. Тэрээр асуулт бүрт ичингүйрэн байж тун цөөн үгээр хариулдаг байв. Хоёр эгч, нэг ах нь нийслэл хотод, өөр нэг ах нь өмнө зүгийн уурхайд ажилладгийг, бас ирэх жил сургуулиа төгсөх бага ах нь мөн л хот руу явна гэдгийг би мэдэж байсан тул түүний хариулт надад сонин байлаа. Гэтэл тэр “Би нутгаа орхихгүй ээ...” гэж билээ. Яг л голомт сахих отгон хүү шиг бардам хариулсан.


10.

Холын сууринд хүрч очдог дөрвөн гол зам бий. Нэг нь Өлгийн зам бол нөгөө нь бидний явж ирсэн хавцлын зам. Харин үлдсэн хоёр нь өндөр давааг давж Ховд хот хүрдэг. Хаврын сүүлчийн сар дуусах яагаа ч үгүй тул өдийд Улаан даваа хаалттай буй. Тиймээс би Улаагчны даваагаар буцна. Эндээс 1800 км-ийн алсад орших гэр минь, эх орны цохилох зүрх болсон бүүдгэр, саарал хот минь намайг хүлээж байгаа. Гэрээсээ, төрөлх хотоосоо энэ мэт их бага хугацаагаар алсран холддог ч зүрх минь гагц ийш л зорин тэмүүлдэг. Бас “харина даа” гэсэн дулаахан бодол хүч тэнхээ нэмэх шиг болдог. Ийм учраас л би төрөлх орон хотоо үүрд орхин одохыг төлөвлөх нь бүү хэл, төсөөлж ч байсангүй. Харих гэртэй байх ийм л сайхан. Тэгвэл Булган голын урианхай түмэн тэдэнд буй бүх зүйл буюу төрөлх орон гэрээ орхин “нүүх үү, үлдэх үү” гэсэн хүндхэн сорилтын өмнө ирээд байна. Хэрэв нүүвэл харих зам үгүй.


Нийтлэл, гэрэл зургийг Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН


БУСАД ЗУРАГ:


Урианхай хүүхдүүдийн хоёрдогч хэл казах. Хоёр настайгаасаа дан казах багштай сумын төвийн цэцэрлэгт хүмүүжсэн Г.Нандин-Ивээл (зүүн талынх) дөнгөж гуравдугаар ангийн сурагч хэрнээ томчуудаас ч дутахгүй казахаар ярьдаг.

Гэрийн улаан боорцог, дотуур байрныхны хувьд, өлссөн үед хоол, уйдсан үед амттан, зурагт үзэхэд “попкорн” болдог ид шидтэй хүнс, мөн өдрийн хоолны үеэр “халбага сэрээ”-г хүртэл орлочихдог.

Монгол захирал, монгол ажилчидтай Шүвтэрийн бага сургууль Сөнхөл, Улаанхус багийн цөөн хэдэн урианхай нарын сүүлчийн итгэл найдвар.

Цаана харагдах мөнх цаст Мөнххайрхан уулын баруун хаяанаас хөдөлсөн энэхүү цагаан жийп сурагч хүүхдүүдийг сумын төв рүү дөхүүлж өгдөг.


Харх




Бор харх Төв Азиас, тэр дундаа Хятад, Монголоос гаралтай болохыг Нью-Йоркийн Фордам их сургуулийн судлаачид тун саяхан нотолжээ. Торгоны замын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хамгийн бүүдгэр харанхуй, бохир заваан нүх хонгилуудад үүрлэж орогносон энэхүү гарамгай нүүдэлчид өдгөө зөвхөн өмнөд туйлын мөсөн “тив”-ийг л эзэлж хүчрээгүй байна.

Өвчин зовлонтой нэгнээ асарч тойглодог, өлөн зэлмүүн үед ч сүргээ орхидоггүй гээд харх бол тун ч бүлсэг амьтан. Бас тэдний ой санамж гойд хурц төдийгүй нэг явсан зам мөрөө барагтаа л бол мартдаггүй гэнэ. Түүнчлэн дасан зохицох чадвар нь өөр ямар ч амьтныхтай эгнэшгүй. Хархнууд туйлын сониуч хэрнээ бүрэг ичимхий, бас яг л тэмээ шиг ус уулгүй өчнөөн хол замыг туулж чаддаг, ер бусын тэвчээртэй амьтад гэнэ. Тэд үй олноороо сүрэглэн амьдардаг ч орогнодог орон байрныхаа оршин суугчдад огт харагдалгүйгээр, “цөөхүүлээ” буй юм шиг сэмхэн тэнүүчилж чаддаг байна. 

Харх ийм адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай боловч хүмүүс “харх” гэж дуудуулсныгаа доромжлол мэт авч үздэг. Хамгийн сонирхолтой нь, Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг монголчууд маань, бусдыг “төлгүүд, халтрууд” гэж гоочлохдоо гаргууд атлаа өөрсдийг нь “харх” гэж нэрлэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний нутагт адилхан л толгой хоргодож амьдардаг, Ази тивийн зүүн өмнөд нутгийнхан өөр хоорондоо “Хархтай үйлдвэрт л оччихгүй юм сан” гэж ярьдаг гэсэн. 


Өглөөхөн танилцаад өдөржин цуг ажиллахдаа Монголын уудам нутгийн алс баруун хязгаараас, бүр Алтайн уулсын гүнээс түм түжигнэсэн Сөүл хотод гурван жилийн өмнө ирсэн гэдгийг нь мэдэж авсан, ааш зан, аялга хэл нь ч хотжиж эвдрээгүй, яг л унаган хөдөөх шинжээрээ буй, өдгөө 30 настай нэгэн монгол залуугийн хамтаар харанхуй өтгөрөхөөс урьтан Сөүл орчих санаатай дагуул хот Ансанаас ажлаа дуусмагц хөдөллөө. Өмнөд Солонгос томоохон хот суурин бүрийг хэрж холбосон хурдны замын өргөн сүлжээтэй бөгөөд уул толгод тааралдвал нүхлээд урт хонгил ухчихдаг, ангал хавцал тааралдвал тэгнээд урт гүүр тавьчихдаг болохыг тэдгээр хурдны замаар давхих болгондоо сониучирхан ажигладаг байв. Ер нь Солонгосын хойг толгодын орон л доо. Хэдэн арван км-ийн урттай хонгил, нүсэр том гүүр холын замд олон тааралддаг сан. Бид хоёр ч бас энэ орой хонгилтой, гүүртэй хурдны замаар давхилаа. 

Ансан бол Сөүлтэй хил залгаа орших, өмнө зүгийн жижигхэн хот. Энд монголчууд бага суурьшдаг боловч өнөөдөр цуг ажилласан залуу эндхийн нэгэн барилгын бригадад хоёр жил хэртээ ажиллаж байгаад нэг жилийн өмнө ажлаасаа гарчээ. Гэхдээ хуучин эзэн нь түүнийг үе үе дууддаг бөгөөд ажилдаа гаршсан болохоор нь арбайт буюу өдрийн ажил хийлгэдэг гэнэ. Өдөр өдөртөө цалингаа авчихдаг гээд арбайтын давуу тал их боловч өдөр бүр өөр газар ажиллах шаардлага гардаг, заримдаа ажил олдохгүй гээд сул тал цөөнгүй. Жишээ нь өнөөдрийн арбайт нэг хүний 100 мянган вонын цалинтай, биед амар ажил (Энэ нь 2016 оны есдүгээр сарын ханшаар 200 мянган төгрөгтэй тэнцэнэ). Гэвч Сөүлд биш, бас нэг л өдрийн ажил байгаа гэсэн тул орой гэртээ харих гэж багагүй хугацаа зарцуулахаас гадна замдаа маргаашийнхаа ажлыг олох ёстой болно гэсэн үг. 

Сөүлд барилгын ажил байгалийн гэрэлтэй уралдан эхэлдэг тул бид 5 өнгөрөөж босоод 6 цагийн алдад түүний гэрийн ойролцоох метроны буудал дээр уулзан, унаж ирсэн портероор нь Ансанд яг 7 цаг гэхэд ирсэн. Таван давхар орон сууцны барилгын хаяан дахь дотор нь борооноос хоргодох асар майхан босгосон, басхүү хаалга цонхтой авсаархан чингэлэг хоймортоо байршуулсан төмөр хашаанд өдөржин ажиллав. Уг нь өнөөдрийн ажил инээд хүрэм амархан. Гипсэн хавтан шиг нимгэн, далбагар хөөсөнцрийг өнхрүүшээр цавуудаад нэг талд нь яг тийм хэмжээтэй зузаан цаас наана. Хөөсөнцөр нь ягаан, цавуу нь хөх, цаас нь хүрэн өнгөтэй учраас барилгын тоос шороотой ажил хийж байна гэж ер бодогдоогүй. Нэг өдөрт 300 ширхэгийг наах ёстой гэв. Цавуугаа жигд бөгөөд хурдан түрхэх, цаасаа тэгш бөгөөд зөв наахад л жаахан эв дүй шаардахаас биш, бусдаар бол бүр олныг ч наах боломжтой санагдсан. Гэхдээ тэгж мундагаа харуулсангүй. Солонгост удаан жил болсон монголчуудын дунд нэгэн бичигдээгүй дүрэм байдаг. Монголчууд анх ажил олохын тулд, арайхийж олсон ажлаа авч үлдэхийн тулд солонгос хүний хийж чадах норм хэмжээг давуулан эвдэж, илүү ихийг хийж чадна гэдгээ нотлон харуулдаг байжээ. Тиймдээ ч эдүгээ ажил мэргэжлийн олон салбарт монгол хүний хурдан гавшгай, бүтээлч, эв дүйтэй чанарыг өндрөөр үнэлдэг болсон төдийгүй ажлын “норм хэмжээ”-г нь хүртэл өөрчилж, өндөр түвшинд аваачжээ. Магадгүй өмнө нь солонгос хүн 250, дараа нь монгол хүн 300-г наадаг болсон өнөөдрийн ажлыг ямар ч амсхийх завдалгүй мэрийсээр 350 хүргэж болох л байсан. Гэвч тэгээгүй ээ. Надад хэрхэн цавуудах, наахыг заасан өнөөх залуу маань “Хоёулаа өнөөдөр л ганцхан ажиллана. Хойшид энэ ажлыг үргэлж хийх монголчуудаа бодох хэрэгтэй шүү дээ” гэж билээ. Өмнө нь түүний ажиллаж асан, энэхүү бригадад нь одоо хоёр ч монгол залуу ажилладаг гэнэ. 

Үдийн хэрд хашаан дундуур нэг цоохор муур явж өнгөрснийг эс тооцвол өөр хэн ч үүгээр ирсэнгүй. Бид хоёр ээлжит 50-ийгаа нааж дуусгачихаад амсхийх зуураа мөнөөх чингэлгэн байшингаас лаазтай, хүйтэн кола авчирж уунгаа эзэнгүй хашаан дотор элдвийг ярилцан суудаг байлаа. Тэр нутгаа ярина. Бас Алтайн урианхай гэдгээ хэлсэн. Булган голын эхээр нутагладаг гэдгээ ч ярьсан. Эхнэр, охин хоёр нь энд бий гэсэн. Надаас насаар ах тул би түүнийг “Та” гэж хүндэтгэн харьцдаг байв. Мөн би түүний дугаарыг утсан дээрээ “Урианхай ах” гэсэн нэрээр хадгалчихсан юм даг. Урианхай бол миний хүндэлж явдаг зохиолчийн нэр, бас Алтайн урианхайчуудын нутаг болох Ховдын Дуут суманд очиж үзсэн болохоор ингэж нэрлэх нь надад дотно санагдсан хэрэг. 

Тэрээр “Ах нь аялгатай ярьж байна уу?” гэх мэт сонин зүйлс гэнэт асууна. Би тийм ч гэлгүй, үгүй ч гэлгүй “Та аялгатай ярьж байгаагаараа бахархах хэрэгтэй шүү дээ” гэж хэлтэл “Хннн, харин ч засмаар байхад даа...” гэж билээ. Сүүлийн үед тэрээр Монгол руу ачаа бараа тээвэрлэдэг каргоны бизнес эрхлэх болжээ. Өглөөний унаж ирсэн портероор орой үдэш болсон ч хамаагүй гэрийнх нь хаягаар очиж Монгол руу ачуулах гэсэн ачаа бараа, эд хогшлыг авдаг байна. Ажил жигдэрч, олонд танигдтал каргоны бизнес унац муутай байдаг. Чингэлэг дүүрэх гэсээр байтал хугацаа алдаж, улмаар түрүүнд ачаагаа өгсөн хүмүүс бухимдаж эхэлдэг байна. Тийм ч учраас эл ажлынхаа хажуугаар ганц хоёр өдөр арбайт хийхээс өөр аргагүй болдог гэнэ. Аргагүй шүү дээ, Сөүл өртөг өндөртэй хот юм чинь.

Ийнхүү бид 4 цагийн алдад бүх ажлаа дуусгачихсан бөгөөд эзнийг 6 цаг хүртэл хүлээж байгаад цалингаа авмагцаа Сөүл рүү гараад давхичихлаа. Үнэндээ өнөөдрийн нааж бэлдсэн хөөсөнцрүүдийг чухам юунд ашигладаг тухай, эзэн өдрийн турш юу хийгээд ирээгүй тухай надад ямар ч төсөөлөл байсангүй. Урианхай ахын хэлснээр бол, хөөсөнцрүүдийг дахиад цавуудаж гипсэн хавтангийн нэг талд наадаг ажээ.

Цаг гаруй явах замын уртад би хэсэгхэн дугхийчихжээ. Гэнэт сэртэл Сөүл рүү нэвтэрдэг өргөн зам машинаар хахчихсан, таг түгжрээтэй харагдав. Машинууд зугуухан урагшлах ажээ. Урианхай ах жолоо барих зуураа зогсоо зайгүй утсаар ярьж явлаа. Эхнэртэйгээ, охин дүүтэйгээ, дотнын найзтайгаа, ажлын танилтайгаа, бас орой ачааг нь очиж авахаар тохиролцсон нэг монгол бүсгүйтэй гээд олон хүнтэй ярьсан. Мөн надад ажил олоод өгчих санаатай танилууд руугаа зөндөө залгасан. Гэвч хамгийн сонирхолтой нь өнөөх хэд нь “Би ч гэсэн маргаашийн ажлаа олоогүй л байна” гэдэг байв. Нээрээ л энэ өдрийн маргааш Сөүл даяар ажил ховор байсан юм даг. Уг нь энэ тийм ч гайхмаар зүйл биш л дээ. Ажил хайгаад ч олддоггүй ийм өдрүүд Сөүлд олон тохиодог. Гэхдээ миний хувьд маргааш ажил ер олдохгүй байгаад биш, өглөөхөн танилцсан энэ ах намайг яг л төрсөн дүү шигээ санан, Монголоос ирээд удаагүй байгаа юм чинь маргаашийнх нь ажлыг олоод өгчихөд юу нь буруу байх билээ гэсэн шиг, туйлын тусархаг, үнэнч сэтгэлээр хандсанд нь мэл гайхсан юм даг. Өдрийн турш би л түүнийг хэрэгтэй хэрэггүй асуултаар хоргоож чангаасан болохоос биш, тэр надаас онцын зүйл юу ч асуугаагүй атлаа намайг эртнээс мэддэг нэгэн шиг эелдэг дотно харьцсан нь ер бусын сэтгэл татам, сайхан санагдсан. Тэр намайг гэрийн минь ойролцоох метроны буудал дээр буулгахдаа “Ах нь ажил гарвал заавал ярина аа” гэж хэлээд явж билээ. Тэр над руу дахиж залгахгүй байсан ч би лав түүнд хэзээ ч гомдохооргүй байсан юм. Ингэхэд юундаа ч гомдох билээ дээ.

Ер нь Сөүлд ажил олох амархан. Учир нь дэлхийн аль ч хоттой харьцуулшгүйгээр, монголчуудын хамгийн нарийн зохион байгуулалттай, өргөн сүлжээ зөвхөн Сөүлд л бий. Хархнуудын хамгийн том оромж гэсэн үг. 2016 оны 8-р сарын байдлаар Өмнөд Солонгост гадаадын 2 сая иргэн удаан болон түр хугацаагаар оршин сууж байгаагаас 33 мянга нь Монгол Улсын иргэд хэмээн БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ. Үүнээс 6,940 нь хууль ёсоор ажиллаж буй хөдөлмөрийн гэрээний ажилчид, 5,553 нь оюутан залуус, 1751 нь солонгос хүнтэй гэрлэсэн монгол иргэд, 12,414 нь яг над шиг түр хугацаагаар оршин суугч буюу аяллын визээр орж ирсэн хүмүүс гэнэ. Харин үлдсэн 7 мянган орчим хүн бол хууль бусаар оршин суугчид буюу харынхан юм. Эд бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, гэрээний ажилчид бол хархнуудын ертөнцийн хамгийн том халхавч. Тэд тогтвор суурьшилтай ажилладаг, солонгос залуусын тоож хийхээ больсон уйтгартай үйлдвэрийн ажлыг багахан цалингаар торох юмгүй хийчихдэг болохоор Солонгосын засгийн газарт эерэг сэтгэгдэл төрүүлдэг, долоо хоногийн сүүлээрх амралтын өдрүүдээр дуртай монгол хоолоо зорьж иддэг учраас Сөүлийн өнцөг булан бүр дэх монгол хоолны газруудыг сэмхэн тэтгэдэг, сар бүр эх нутаг руугаа тогтмол мөнгө илгээдэг учраас мөнгө гуйвуулагчдад, цаашлаад ар гэрийнхэндээ, адаглаад улс орондоо ашиг тус авчирдаг. 

Харин оюутнуудын ихэнх нь сурахын хажуугаар хөдөлмөрлөдөг. Тэдний хамгийн гол давуу тал бол хэл, виз. Хэдий гэрээний ажилчид хууль ёсны визтэй ч ажлаасаа гарвал дараагийн үйлдвэрээ хурдан олох ёстой, үйлдвэр нь Өмнөд Солонгосын хаана ч байрлаж болох тул эрх дураараа зорчиж хэсүүчлэх цаг хомс, амралтын өдрийн нэг хоёрхон өдөр л чөлөөтэй ноогддог гээд олон сул талтай. Харин оюутнууд бол Сөүлийг хэрэн хэсэгчид юм. Тэд хархны ертөнцөд нүд чих нь болдог. Дэлгүүр хоршоо, гуанз ресторан, эмнэлэг сургууль, үзвэр үйлчилгээний тухай тэд л хамгийн сайн мэддэг. Хэл ус сайтай оюутнууд хичээлийнхээ хажуугаар хэлмэрчилж мөнгө олох нь ч бий. 

Солонгос хүнтэй гэр бүл бологсдын хувьд зарим нь монголчуудын хар бор амьдралаас үүрд холддог бол зарим нэг нь “далдуур тэтгэгч” болж хувирдаг. Сөүлд очоод миний хамгийн түрүүнд хийж үзсэн арбайт бол 12 давхар өндөртэй тохилог зочид буудлын хүлээлгийн өрөөг гуравдугаар давхраас нэгдүгээр давхар руу нүүлгэх ажил байсан юм. Тэндхийн өрөө цэвэрлэгээний ажлыг дан монгол охид хийдэг байв. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү зочид буудлын эзэн монгол эхнэртэй гэсэн. Тийм ч учраас, монголчуудад элэгтэй төдийгүй үйлчилгээний ажилдаа дан монгол бүсгүйчүүдийг ажиллуулдаг юм билээ. 

Харынхан бол хархнуудын амьдралд хамгийн чухал үүрэгтэй улс. Өмнөд Солонгосыг хэрсэн өргөн сүлжээг тэд л малтаж бий болгосон. Төсөөлж ч үл хүчрэх, төрөл бүрийн ажил мэргэжлийн салбар луу тэд шургалан нэвтрээд тэндээ удаанаар бүгэхдээ зөвхөн монгол хүн л тэр ажлыг нь “төгс сайн” гүйцэтгэж чадна гэсэн ойлголтыг эргэн тойрондоо мэдрүүлж чаджээ. Тэд бол хархнуудын ертөнцийн “уран барилгачид” юм. Яг над шиг хэл мэдэхгүй, ажилд дөргүй “жулдрай”-нууд Сөүлд газардсан өдрөөсөө л ажлын зах зухаас атгачихдаг нь тэдний ач гавьяа билээ. 

Харин “гурван сарынхан” бол нүүдлийн шувуу шиг ирээд л буцдаг улс. Тэд хархнуудын ертөнцийг шинэ сэргэг зүйлээр дүүргэдэг. Монголоос Сөүл рүү чиглэсэн утсан мах, лаазалсан загас, лонх архи, ааруул бяслагийг тэд л зөөдөг. Эргээд Сөүлээс Монгол руу нисэхдээ барагтаа л бол хоосон буцахгүй, боодолтой мөнгө, ууттай чихэр зэргийг цүнхлэн Монголд очмогцоо яг л “шууданч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд бас Монголоо санасан хүмүүсийн сэтгэлийн хоосролыг жавар тачигнасан өвлийн хүйтэн агаараар, аль эсвэл тал нутгийн сэвэлзүүр зөөлөн салхиар дүүргэдэг. Тэд “дууч шувууд” шиг сураг ажиг дуулгадаг. Тэртээ хол нутагт нь ахуй амьдрал хэрхэн өрнөж буйг сонирхуулдаг. Тэгээд энэ бүхнийх нь төлөөсөнд тэднийг дэргэдээ авч ажиллуулаад халаасанд нь хэдэн вонтой эх нутаг руу нь үдэж өгдөг. Солонгос хүмүүс солонгосоор нэг ч үг мэдэхгүй монгол хүнтэй гар хөлний дохиогоор ойлголцон, ер дургүйцсэн шинжгүй ажиллаж болоод байдаг нь нөгөө л ажлаа сайн мэддэг цөөн хэдэн монголчуудын нөмөр нөөлөг юм шүү дээ. Би нэг удаа сайтар зааж өгсөн хаягийн дагуу хэдэн солонгос хүн дээр очиж ажиллаж билээ. Ажилд зуучилж өгсөн залуу “Хэл ус мэдэхгүй нь хамаагүй ээ. Зүгээр яваад л оч. Надад сайн ханддаг солонгосчууд байгаа юм” гэж зааварчилсных нь дагуу яваад очтол нээрээ л ямар нэгэн үл ойлголцолгүйгээр тэр өдрийг өнгөрөөчихсөн юм даг. Өөр ямар ч оронд ийм зүйл тохиохгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. 

Сөүлд ирж буй хүмүүс бүгд л шахуу заавал “хэн нэгэн”-ийг зорьж ирдэг. Монгол өрх айл бүр Сөүлд хамаатантай байдаг гэсэн үг үнэхээр ортой байх шүү. “Тэрний хүү, тэрний дүү, тэрний найз” гэх ойр дотно гэдгээ нотолсон, хэлэхэд ч орооцолдмоор уялдаа холбоо нүүдэлчдийн ааль зан сайтай, айл хотлынхондоо элгэмсэг ханддаг уугуул зан чанар өнөө ч арилж үгүй болоогүй гэдгийг баталж нотлох мэт санагддаг сан. Мэдээж аяллын визээр ирэгсдийн дотор хар ажилд нухлагдах ямар ч бодолгүй, бийлэгжүү, ажлаар яваа, эсвэл эмнэлэгт үзүүлж буй иргэд ч бий. Гэхдээ ихэнх нь хар ажил хийхээс сийхгүй гэдгийг ажилд гарах бүртээ мэдэрдэг байлаа. Би нэг удаа Инчоны боомтын ойролцоо чингэлэг буулгадаг нэгэн ажлыг гурван өдөр хэртээ хийсэн юм. Өдөр бүр 5-10 хүн хэрэгтэй болсон тул нэгнийгээ огт танихгүй, шижигнэсэн сайхан залуус өглөө бүр цуглардаг байв. Тэдний дунд янз бүрийн улс байсан. Шөнийн нислэгээр Инчоны онгоцны буудал дээр буучхаад, сандал дээр хоёрхон цаг унтсан болоод л, шууд ийш ажиллахаар ирсэн сэргэлэн залуу хүртэл бидний дунд байсан. Тэр залуу Ховдын Булган сумын торгууд гэж өөрийгөө танилцуулсан учраас түүний дугаарыг гар утсан дээрээ “Торгууд” хэмээн хадгалчихаж билээ. Өдөр бүр олон хүнтэй танилцаад ажил хийж буй үед үй олон нэрний дунд төөрөлдөхгүйн тулд ийм нэг шинэ арга өөртөө нээсэн юм. “Маргааш төрсөн дүү минь Монголоос ирж байгаа” гэж ярьж байсан залуухан эр нээрээ л маргааш нь дүүгээ дагуулаад ирсэн бөгөөд өмнөх залуу шиг шөнийн нислэгээр Сөүлд газардсан өнөөх дүү нь анхны өдрөөсөө л ажилд нухлагдаж эхэлсэн. Гэхдээ энэ дундаас бүх л өдөржин цугтаа ажиллахдаа өөрийнхөө тухай илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярьсан нэг ах санаанд тод үлджээ. Америкаар хэрэн хэсэж, Канадад суралцаж төгссөн, англиар гойд цэвэрхэн ярьдаг тэр ах намайг 23-р сургуулийн англи хэлний ангийг төгссөн гэдгийг мэдмэгцээ “Хөөх чи англиар ярьдаг юм уу? Чамайг англиар ярьдаг гэж огт бодсонгүй” хэмээн амсхийх чөлөөгүй, англиар дуржигнууллаа. Би түүнтэй англиар яриагүй ээ. TOEFL-ийн оноог тултал нь гүйцээж чадсан, АСЕМ-ийн үеэр синхрон орчуулга үйлдсэн, алхам тутамдаа “Thank you, sir” хэмээн ажлын солонгосчуудтай харилцах түүнд миний англи хэл бүдүүлэг санагдах байсан нь баараггүй. Нар хурцаар ээн, халуу шатам байсан тэр өдөр 10 тн-ын чингэлэг дүүрэн, лаазалсан хөлдүү загасыг нэг бүрчлэн гараар зөөж хамтдаа буулгасан. Замын-Үүдийн боомт дээр пурхийсэн тоосонцор дунд 50 кг-ийн шуудайтай цементийг ачигч эрчүүд нуруундаа мөрлөн чингэлэг рүү ачдаг даа. Үнэндээ энэ бол шуудайтай цемент нь хөлдүү загас болохоос биш, яг л тийм “ачигч”-ийн ажил юм. Ийм мундаг боловсролтой байж яагаад ийм борог ажилд биеэ зориулж байгаа юм бэ гэж уншигч та гайхаж магадгүй. Би бол гайхаагүй ээ. Сөүл өртөг өндөртэй хот шүү дээ, ойр зуурын мөнгө хэрэг болоо л байлгүй. Хэтэвчээ дэлгээд хэдхэн задгай дэвсгэртээ харуулсан тэр ах маргааш нь солонгосчуудтай Чежү арал явж амарна гэсэн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ.

Үйлдвэрийн ажлыг эс тооцвол, монголчууд маань айл нүүлгэлт, нураалт, барилга, тайз, майхан, чулуу, зочид буудлын өрөө цэвэрлэгээний ажилд гаршжээ. Иса буюу айл нүүлгэлт бол монгол эрчүүдийн хувьд хамгийн өргөн тархсан ажил. Бас манайхан нураалтын ажлыг их хийдэг. Солонгост албан газар, үйлчилгээний газрууд түрээсийн байраа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө шал, тааз, хананы тохижилтоо бүгдийг нурааж, анхны хэв маягт нь үлдээх үүрэгтэй байдаг. Энэ ажилд монгол эрчүүд л гарамгай. Солонгос хүмүүсийн 2 өдөр нураах ажлыг монголчууд нэг өдөрт л багтаадаг гэсэн итгэмээргүй яриануудыг олон удаа сонссон. Гартаа дэгээ төмөр барьсан, бяр тэнхээтэй эрчүүд урт дүүжин таазыг нэг угзраад л унагааж байгааг нүдээрээ харсан хүний хувьд монгол эрчүүдийн тухай иймэрхүү яриануудад би лав шууд итгэдэг. Ер нь энэ олон ажил дундаас тайзны ажлыг л би хийж үзээгүй. Гэхдээ нэг орой Хан мөрний эргээр алхан гэр лүүгээ харьж явтал хүмүүсийн амарч зугаалдаг газар босгосон нүсэр том тайзыг хурдан шалмаг хөдөлгөөнтэй хэсэг залуус буулгаж байхыг харсан юм. Дэргэдүүр нь сонжиж өнгөрөхдөө, тайзны угсардаг төмрийг гинжин урвал мэт нэг нэгэн рүүгээ тун эвлэгхэн дамжуулж байгааг хараад монголчуудын хийдэг тайзны ажил нь энэ юм байх даа гэж бодож явтал нээрээ л дан монгол залуус ажиллаж байгаа харагдлаа. Бүр нэг нь монгол хүн гэдгийг минь таниад тэртээ дээрээс ширтээд л байсан.

Ер нь ажил бүр саар болон сайн талуудтай. Жишээ нь, пургисан тоосон дунд ажилладаг нь нураалтын ажлын саар тал. Харин сайн тал нь гэвэл айл нүүлгэж буй үед мэдэрдэг, ямар нэгэн зүйлийг эвдэлчих вий гэсэн айдас хэзээ ч төрөхгүй. Гол ажил нь нураах л юм чинь, өөрийгөө гэмтээж нураачихгүй л бол санаа зовох юмгүй нураагаад байхад л болно. Тэгвэл чулууны ажил цалин өндөртэй боловч хэдэн арван кг-ийн хүнд чулууг өдөржин зөөж, зүсэж, нааж тогтоодгоороо бэрхшээж халширмаар хүнд ажилд тооцогддог. Харин зочид буудлын цэвэрлэгээний ажил бол монгол эмэгтэйчүүдийн “тугаа хатгасан” салбар. Буудлын ажил мөнгөнд хэмнэлттэй гэх сайн талтай боловч бүхий л өдрүүд нь зочид буудалдаа өнгөрдөг гэх сул талтай.  

Эцэст нь майхны ажлын талаар хэдэн үг хэлье. Учир нь Сөүлд байх хугацаандаа хамгийн урт хугацаанд ажиллаад хамгийн их цалин авсан ажил бол энэ юм. Би гэрээсээ өдрийн 4 цагийн үед гараад маргааш оройныхоо 11 цагийн алдад харьсан. Явдал суудалтайгаа 30 орчим цаг болсон гэсэн үг. Бороо шивэрсэн бүүдгэр орой Сөүлээс зайтай орших, эл хульхан гольфын талбай дээр шөнөжин майхан буулгасан бөгөөд үүр хаяарах дөхмөгц нэвт норсон хувцастайгаа шууд Сөүл рүү давхиж, эзний агуулахаас баахан майхан ачаад, Сөүлийн хаа нэгтээх дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтан дээр очиж асар майхныг нь барьж босгосон. Дараа нь өдөрлөг дуусахыг өдөржин хүлээсэн бөгөөд орой болсон хойно сүүлчийн хүмүүс явж дуусахтай зэрэгцэн өнөөх майхнуудаа хураагаад агуулахдаа аваачиж тавьсан. Орой нь гэртээ хариад бүх хувцсаа тайлтал надаас чийгний эхүүн үнэр нэвт ханхалж байлаа. 30 цаг ажиллаад 230 мянган воны цалин авсан. Энэ нь тэр үеийн ханшаар бол 460 мянган төгрөг бөгөөд хамгийн сонирхолтой нь, Монголд сэтгүүлчийн ажил хийж байхдаа яг ийм хэмжээний мөнгө гар дээрээ авдаг байв. Бас л сонин давхцал шүү. Тэр өдөр Ирландад дөрвөн жил хараар амьдарсан, миний үеийн монгол залуутай цуг ажилласан юм. Түүнээс би “Irish pub” гэж яг юуг хэлээд байгааг, бас ирландчууд яагаад ирландаараа ярьдаггүй болохыг асуусан. Тэрээр асуусан бүхэнд минь уриалгахан хариулдаг байлаа. Тэр бас тэнгис нь давалгаатай, хүн зон нь найрсаг гэж хэлсэн. Би хариуд нь Нью-Йоркод суурьшихаар нутгаа орхисон ирланд эмэгтэйн тухай өгүүлдэг "Брүүклин" гэх киноны тухай ярьсан. Тэр бас түргэн хоолны газарт ажилладаг байснаа дурссан. Бид бороо орж байхад, үүр цайж байхад, үүлс замхран сарниж байхад ч ярилцсан.

Сөүлд таньдаг нэгнээсээ ажил сураглах нь түгээмэл зүйл боловч энэ мэт сонин содон ажлыг зараар олж хийдэг. Mglclub.com гэх хаягтай цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр бүхий л зар “нисэх” мэт тархдаг. Солонгосчуудын монголчуудад дуртай, үгэндээ хүрдэггүй ч олон дахин уучлаад байдгийн учир шалтгаан энэ ч байж мэднэ. Хархнуудын ертөнцөд мэдээлэл маш хурдан тардаг. Аварга том үйлдвэрийг 50 хүн нүүлгэх боллоо гээд солонгос эзэн нь өөрийн монгол ажилчиндаа хэллээ гэж бодоход маргааш нь яг л 50 шижигнэсэн залуу гозойгоод зогсож байх нь тэр ээ. Энэ чадварыг нь солонгосчууд үнэхээр биширдэг. Тийм учраас л монголчуудыг хэл ус мэдэхгүй байсан ч ер цааргалалгүй, ажиллуулаад байдаг байх. Мэдээж тэрхүү 50 хүний дунд над шиг гурван сарынхан ч бий, оюутнууд ч бий, ер нь янз бүрийн хүмүүс бий. Гэхдээ монголчууд маань амлалтандаа хүрдэггүй муухай зантай. Орой нь ажилд заавал гарна гэчхээд өглөө нь ор сураггүй алга болчихдог тул ажил зуучлагчид “тийм метроны буудлын тэддүгээр гарцан дээр тэдэн цагаас” гэсэн богинохон зааварчилгаагаа “Яг шүү, заавал очно шүү, хэлсэндээ байгаарай” гэх мэт үгээр төгсгөдөг. Мэдээж ажил таслалтын гол шалтгаан бол үүр цайтал үргэлжилдэг наргиан цэнгэл юм.

Сөүлд ирсэн монгол хүн бүр “Монгол таун” гэх газраар заавал орж үздэг. Энэ газрын этгээд сонин нэрийг анх сонссон хүмүүс дэлхийн томоохон хот бүрт байдаг “Хятад хороолол” шиг санан “монголчуудын орогнож эзэлсэн бүх л бүтэн өргөн чөлөө Сөүлд байдаг юм байна” гэж төсөөлдөг боловч Монгол таун гэдэг нь 10 давхар бүхий нэгхэн гозгор барилга гэдгийг мэддэггүй. Монгол таун бол хархнуудын хувьд хамгийн зартай газар. Энд манайхан цуйван, бууз, банштай шөл гэх мэт монгол хоолыг эх нутагтаа очоод "ээжийнхээ гарын хоол"-ыг идэж буй мэт хөлсөө гартал зооглодог. Бас Монгол таунд үсчин, гар утасны үйлчилгээ, хүнсний мухлаг, хүүхдийн хувцасны дэлгүүр, карго, онгоцны тийз авдаг газар, гоо сайхны салон гээд олон үйлчилгээ бий. Үүдээр нь яван ороход л хана туурган дээр нь монголоор бичсэн сонин содон зарууд дурайж харагддаг сан. Эндхийн үйлчлэгч, үсчин, зөөгч, бэлтгэгч, худалдагч гээд үйлчилгээний бүх ажилчин монгол. Ядаж л захиалсан хоолны минь давс бага байвал “Давс өгөхгүй юу” гэдэг үгээ монголоор хэлж болно гэсэн үг. Би Сөүлд хоёр сар болохдоо эндхийн монгол үсчнээр үсээ хусуулж, монгол хоолны газарт гуляш, хуушуур авч идсэн. Тэгээд болоогүй ээ, зэргэлдээх гар утасны газраас Монгол руу ярьдаг карт авдаг байв. Тийшээ орох болгонд нас дээр гарсан эмээ лангууны ард инээмсэглэн зогсож байдаг сан. Яагаад ч юм, эмээг харах бүртээ эх нутагтаа оччихсон юм шиг, нэг л тийм сайхан мэдрэмж төрдөг байлаа.

Би Монгол таунд очих бүртээ гадаа нь, модны сүүдэрт удаан сууна. Хүмүүсийг их ажиглана аа. Тэгж суухдаа монгол хүнийг Сөүлийн хаана ч явсан танихад амархан юм байна гэсэн дүгнэлтэд хүрч билээ. Ер нь монголчууд нэг нэгнээ маш соргогоор таньж чаддаг. Метронд явж байгаад энэ монгол хүн байна даа гэж дөнгөж бодож эхэлтэл тэр хүн ч бас намайг аль хэдийн таньчихсан байдаг сан. Монгол хүний харц нэг л тийм өөр байдаг. Ер тогтож сууж чаддаггүй, сониуч харцтай. Бас Монголын гандуу, уйт намар шиг зэвэргэн төрхтэй. Гэхдээ би намарт хамгаас дуртай учраас энэ өнгө надад гойд дотно санагддаг юм. Үүнээс гадна монгол эрчүүдийг үсний засалтаар нь танихад амархан. Мэдээж, илүүдэл жинг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Монголчууд маань нас ахих тусам жин нэмдэг бололтой. Үүнийг бичин суугаа сэтгүүлч би хүртэл хэрэндээ таарсан хэтийдсэн жинтэй гэдгээ нуух юун.

Сөүлд монголчууд олуулаа амьдардаг гэдгийг уншигч та энэ хотод нэг өдрийг өнгөрөөгөөд үзэх юм бол шууд мэдрэх болно. Дан монголчууд амьдардаг, 4 давхар орон сууцны барилга Сөүлд бий. Тэр нь “монгол апат” гэсэн нэртэй. (Солонгосчууд apartment буюу орон сууцыг “апат” гэж товчилж ярьдаг.) Би нэг өдөр зориуд зав гаргаж тэрхүү барилгыг үзэж сонирхохоор хүмүүсээс сурагласны эцэст Сөүлийн зүүн хэсэгт явж очлоо. Гэвч баахан эрээд олсонгүй. Арга барагдахдаа, ойролцоох метроны буудлын гарцан дээр зогсоод монгол хүн гарч ирэх нь үү гэж хүлээж байтал яг 19 минут өнгөрсний эцэст үүргэвч үүрсэн монгол залуу гарч ирлээ. Түүнийг нэг хараад л монгол хүн гэдгийг нь мэдсэн. Тэр ч бас намайг “анхны харцаар” таньсан байх. Харамсалтай нь, тэр залуу “монгол апат”-ын талаар дуулсан ч яг хаана байдгийг нь мэдэхгүй байв. Гэхдээ түүнийг 19 минут хүлээн байж уулзсан нь надад сонирхолтой санагдсан. Хожим би хэн нэгэнд “Сөүлд төөрч будилбал аль нэг метроны буудлын гарцан дээр 19 минут зогс. Удахгүй монгол хүн заавал гарч ирэх болно” гэж зөвлөх эрхтэй боллоо шүү дээ.

Бас нэгэн удаагийн сонирхолтой түүхээ ярья. Хоолны газарт нь хуушуур зардаг их сургууль Сөүлд байдаг тухай нэг хүнээс дууллаа. Тэр даруй очиж үзэх хүсэлд дарагдав. Ингээд нэгэн дулаахан өдөр тэрхүү хачирхам сургуулийг очиж үзэхээр зориуд цаг зав гаргав. Надад энэ сургуулийн тухай ярьж өгсөн нэгэн монгол ах метроны буудлынх нь хаягийг зааж өгөхдөө "Гарцаар гараад чигээрээ алхаад л бай, угаасаа андашгүй, өөдөөс чинь баахан монгол хүн алхаж байгаа" гэж зааварчилсан юм. Би хэлснийх нь дагуу метроны буудлын гарцаар гараад чигээрээ алхлаа. Хэд алхав уу үгүй юу хоёр монгол бүсгүйтэй тааралдав. Сураглаж буй сургуулийнхаа нэрийг хэлтэл, "Энүүхэнд байгаа" гэлээ. Ингээд цааш алхах зуураа нийт хэчнээн монгол хүнтэй тааралдах бол оо гэж сонирхон тоолж явтал их сургууль хүртэлх 300 метр орчим зайнд яг 23 монгол хүнтэй таарсан юм даг. Итгэхэд бэрх байгаа биз. Энэ тоог тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсныг яг энэ цаг мөчид үүнийг бичих зуураа харж сууна. Хамгийн харамсалтай нь тэр өдөр би хуушуур зарж байгааг олж харж чадаагүй юм. Маргааш цайны цагаар дахиад хуушуур зарах байх даа гэж эндхийн оюутнууд хэлсэн. Ер нь монголчууд Сөүлд олуулаа гэдгийг энэ мэт олон жишээгээр нотолж болно.

Хэдий монголчууд маань олуулаа ч манайхны нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унажээ. Цөөхүүлээ гэгддэг байсан хуучин цагт “Би монгол хүн” гэдэг үг солонгос хүний чихэнд "ахан дүүс" гэдэг шиг дотно санагддаг байв. Дурын солонгос хүнд “Би монгол хүн” гэж хэлэхэд өнөөх нь хөөрөн догдолж “Бид нэг гарвалтай. Бидний хонгон дээр адилхан хөх толбо байдаг” хэмээн саймширдаг байсан нь өдгөө түүх болжээ. Хэрвээ өнөөдөр хэн нэгэн “Би монгол хүн” гэж хэлбэл солонгосчууд дуугүй, бүр ярвайж өнгөрөх вий. Учир нь, монголчуудтай холбогдсон хэрэг төвөг байнга шахуу чих дэлсдэг. Намайг Монголд ирсний дараахан гав гинжтэйгээ цагдаагийн газраас оргочихсон монгол залуугийн тухай зурагтын суваг бүр мэдээлсэн гэсэн. Сул назгай байдлыг нь улс орон даяар шүүмжилсэнд цагдаагийн газрынхан ихэд шаралхаж өнөөх залууг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эрж хайсан гэнэ. Хоморгонд нь олон монгол хүн өртжээ. Манайхны зарим нь арга барагдахдаа тэрхүү залууд хандан өөрөө очоод баригдсан нь дээрээ гэж зөвлөж байв. Сүүлд сураг сонсох нь ээ, тэр залуу баригдсан гэсэн. 

Монгол хүнийг үүднээсээ буцаалгадаг уушийн газар Сөүлд байсан гэвэл та итгэх үү? Манайхан олон удаа тооцоогоо төлөлгүй мурьчихсан учраас тэрхүү уушны газар ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Бас монголчуудыг оруулахаа байчихсан махны газрууд бий гэсэн. Шалтгаан нь маш энгийн, ухаан жолоогүй иддэг учраас монголчуудыг үйлчлүүлсэн үед тухайн махны газар ямар ч ашиг олдоггүй гэнэ. Мөн манайхан хулгайн хэрэгт их холбогддог. Нүүлгэж буй айлынхаа үнэтэй цэнтэй бүхнийг сорчилж аваад, ажлынхаа дундуур зугтчихсан монгол хүний тухай дуулж л байлаа. Тийм болоод ч тэр үү, Сөүлийн хаа нэгтээ монгол хүмүүс хоорондоо таарвал аль болох нэг нэгэнтэйгээ мэндлэхгүй өнгөрөөхийг хичээдэг болжээ. Уг нь бүр эрт дээр цагт бол Сөүлд хоёр монгол хүн санамсаргүй тааралдвал удаан уулзаагүй аав ээжтэйгээ учирч буй мэт догдолж, удаанаар ярилцан суудаг байв. Харин одоо бол нэгнийгээ алсаас, харцаар нь таньчихаад дэргэдүүр нь танихгүй юм шиг өнгөрдөг. Олны дунд сайн нэгэн ч бий, саар нэгэн ч бий. Нэг эвэр доргивол мянгыг доргиодог гэдэг байх аа, Сөүлд яг л ийм юм болж байна.

Сөүлийн зүүн хэсэгт, метроны буудлын хаяанд нэгэн монгол хоолны газар байдаг юм. Эднийх амттай хоолоороо алдартай гэсэн тул нэгэн орой ажил тарсныхаа дараа зориуд очиж үзэхээр боллоо. Подвалийн давхарт байрладаг, зургаахан ширээтэй тэрхүү зоогийн газарт өдөр бүр өөр хоол голчилж гардаг бөгөөд энэ өдөр гуляш, хуушуур, гэрийн боорцгоор үйлчилнэ гэсэн зар үүдээр нь ороход бичээстэй харагдсан. Тэрхэн үед гэрийн боорцог хайрдаг монгол хоолны газар Сөүлд бүү хэл, Улаанбаатарт ч ховор доо гэж бодогдсон. Хоолны газарт 30-аад насны эр сууж байлаа. Намайг хармагцаа “Ажлаасаа бууж байгаа юм уу” гэж яриа өдсөн. Би “Тийм ээ” л гэв. Тэр эр шөнийн цагаар тэгпэ-ний ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулав. Ер нь Солонгос дахь монголчууд шөнөөр ажиллахыг “ягаарах” гэдэг. Энэ нь "ягаан" гэсэн монгол үгтэй огт холбоогүй бөгөөд солонгосоор шөнө гэдгийг "ягаан" гэдэг учраас "ягаарах" гэдэг эрлийз үг үүссэн хэрэг. Гэхдээ ягаан гэрэл туссан шилэн хоргонуудад залуухан охид зогсоод биеэ үнэлдэг шөнийн гудамжийг манайхан “Ягааны гудамж” гэж нэрлэдэг нь монгол хэлний ягаан гэсэн өнгө, солонгос хэлний шөнө буюу ягаан гэсэн үгийг хамтад нь нэг дор багтаачихсан, тун ч догь нэршил болсон юм шиг санагдсан шүү. Би өнөөх эрээс “Хэдэн өдөр дараалан ягаарч байна даа” гэж асуутал “3 жил” гэж хариуллаа. Эхлээд надаар тоглоод байна даа гэж бодсон ч нээрээ гурван жилийн турш ягаарч байгаа гэдэг нь үнэн болов. Нүд нь час улайчихсан, яриа нь ч эв дүйгүй байсан тул түүнийг эхэндээ шөнөөр ажиллаад ядраа юм байлгүй дээ гэж бодсон. Ер нь Солонгост тэгпэ-ний үйлчилгээ маш өргөн дэлгэрсэн. Энэ нь нэг үгээр, хүргэлтийн үйлчилгээ гэсэн үг юм. Ийн байж байтал оюутнууд бололтой 20 гаруйхан насны залуус гаднаас орж ирлээ. Бүгд өнөө орой тэгпэнд гарна гэв. Айл нүүлгэдэг залуус амсхийх л юм бол айл нүүлгэлтийнхээ талаар ярьдаг шиг тэд ч бас урьд шөнийнхөө тэгпэ-ний тухай яриад л байсан. Би тэгпэнд гарч байгаагүй учраас тэдний яриаг сайн ойлгосонгүй. Тэднийг монгол хоолоо идэх зуур би ч бас хоол захиалж идлээ. Гуляш, мантуу, сүүтэй цай захиалав. Сүүтэй цай нь хийцтэй, тун ч сайхан амттай санагдсан. Харин мантуу нь уу, дутуу болгочихсон уу, бүү мэд, чулуу шиг л хатуу байж билээ. Мэдээж гуляш нь яриангүй сайхан амттай байсан. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр ийш орж ирснийх нэг том олзтой гарлаа. Нөгөө хайгаад байсан “Монгол апат”-ынхаа сургийг тэгпэ-чин эрээс мэдэж авав. Бас хаана байдгийг нь багцаагаар заалгуулж авлаа. Ингээд тэр эрд баяртай гэж хэлчхээд “Монгол апат”-ын эрэлд гаран үдшийн, үл таних гудмаар алхав. 

Тэгпэ-чин эрийн чиглүүлсний дагуу гудамж уруудан алхсаар голын эрэг дагуу байршсан гэрэл муутай, бүүдгэр хороололд дөхөж ирлээ. Ойр хавь нэг л эл хуль шүү. “Монгол апат”-ын бичмэл хаягийг тэгпэ-чин эрээс мэдэж аваад гар утсан дээрээ тэмдэглэчихсэн тул ойролцоох байшин бүрийн хаягийг тулгаж явсаар, цаг орой болсныг анзаарсангүй. Тэгээд бараг л харьдаг ч юм уу даа гэж бодож байтал буцах замд дөрвөн давхар шаргал байшин тааралдсан нь яг мөн бололтой. Орцны үүдээр шагайвал доторх нь хав харанхуй. Дотогш ороод шатаар өгслөө. Орцонд хэн ч алга. Гар утасны чийдэнгээ асаан харанхуй орцны хана туургыг сонжтол ханан дээр нь монголоор сараачсан харагдлаа. Тэгмэгц нь энэ байр “Монгол апат” мөн ч бай, биш ч бай, энд ямар нэгэн монгол хүн амьдардаг нь баараггүй гэж тааварлав. Ямар ч л байсан, орцны үүдэн дээр зогсоод хүн гарч орохыг хүлээе гэж шийдлээ. Тэгтэл арваад минутын дараа өндөр нуруутай, хижээлдүү эр тамхилахаар гарч ирэв. Харваас монгол хүн. Би түүнтэй мэндлээд “Энэ Монгол апат гэдэг нь мөн үү?” гэж асуулаа. Өнөөх эр “Харин хүмүүс л тэгж нэрлээд байдаг юм” гэж хариулмагцаа хэрэг зоригийг минь сонирхов. Би түүнд сэтгүүлч гэдгээ хэлээгүй ээ. Хэлсэн ч итгэхгүй байсан биз. Хэн л хар шөнөөр ийм эл хульхан газар ирчихээд монголчуудын амьдардаг түрээсийн сууцыг сурвалжилна гэдэгт итгэх вэ дээ. Харин түүнд түрээсний байр хайж байгаа гэж худал хэллээ. Тэгмэгц өнөөх ахын байр байдал хувьсан өөрчлөгдөж, эзэн нь гэж нэг солонгос өвгөн байдаг тухай ярив. "Монгол апат"-ад нээрээ л дан монголчууд амьдардаг гэнэ. Ихэнх суугчид нь Солонгост богино хугацаагаар ирэгсэд аж. Нийтийн жорлонтой боловч барьцаа мөнгө төлдөггүй, хөргөгч, угаалгын машин нь цаанаасаа, басхүү түрээсийн төлбөр бага гээд давуу тал ихтэй гэнэ. Мэдээж ойр хавьд нь монголчууд олноороо суурьшин амьдардаг тул ажил олоход тус дэмтэй байдаг аж. Тэр ах өмнө нь Солонгост ажиллаж байгаад 13 жилийн өмнө нутаг буцжээ. Ингээд нэг ч удаа эргэн ирэхгүй байсаар өчнөөн олон жилийн дараа залуу цагийн дурсамжит хотдоо ирсэн нь энэ удаагийнх гэнэ. Бид хоёр ийн ярилцаж байтал настай эмэгтэй, залуу бүсгүй хоёр "Сайн байна уу?" гэсээр хүрч ирлээ. Энд өрөө түрээслээд удаагүй байгаа ээж, охин хоёр гэнэ. Хориод насны охин нь их сургуулийн хэлний бэлтгэлд элсэн оржээ. Би сонсож дуулсан сонин хачин зүйлсээ тэдэнд ярилаа. Тэд ч янз бүрийн юм асуув. Ээж нь “Аятайхан байр ер олдохгүй юм. Харин энэ байр барьцаа шаардахгүй амар санагдсан” гэв. Тэгсэн өнөөх ах “Энэ ч дээ, гурван сарынхан орж гарч л байдаг, хямдхан сууц шүү дээ” хэмээн амьдардаг байраа гоочлоод авав. Тэгтэл орцноос гурван монгол залуу гарч ирээд мэндийн зөрөөгүй яваад өглөө. Охины ээж “Монгол хүмүүс байж нэгэнтэйгээ мэндлэхгүй юм. Болдог сон бол монгол хүн бүртэй мэндэлмээр байх юм” хэмээн гомдоллов. Тэгтэл өнөөх ах "Энэ байрныхан бүгд нэгнээ танихгүй ээ" гэж билээ. Удалгүй би сүүлчийн метронд амжиж суух санаатай тэднээс салан ирсэн замаараа алхлаа. 

Сөүлд удах тусам Монголоо санаж байлаа. Яг одоо Улаанбаатарт навчис хөглөрүүлэн алхах дуртай намрын улирал минь айлчилж байгаа даа гэсэн ганцхан бодол намайг эх нутаг руу минь яаруулж байв. Тэгтэл Улаанбаатар руу нисэхээс дөрөв хоногийн өмнө Урианхай ах гэнэтхэн ярилаа. Тэр “Өнөөх ажлаа дахиад хийх үү? Хоёр өдрийн ажил гарчихлаа” гэв. Уг нь би дахин арбайт хийхгүй гэж бодож байсан ч түүний саналд татгалзаж чадсангүй ээ. Урианхай ах сэтгэл гарган залгаж байхад яаж үгүй гэхэв. Сүүлийн хоёр арбайт, тэгээд л нутаг буцна даа гэж өөрийгөө зоригжууллаа.

Гэвч маргааш нь өнөөх амархан ажлаа хийсэнгүй. Тоос шороотой, жинхэнэ барилгын ажилд нухлагдав. Бид шинээр баригдаж буй 6 давхар барилга дээр ажиллалаа. Манай бригад ихэнхдээ 5-6 давхар өндөртэй, жижиг орон сууцнуудын ханыг гипсэн хавтангаар бүрдэг ажээ. Ингэхдээ жилийн дөрвөн улирлын турш Сөүлийн өнцөг булан бүрт баригдаж буй шинэ барилгуудыг хэсэж явдаг байна. Бүрэлдэхүүний хувьд цомхон, зөвхөн энэ л ажлаа хийдэг, заримдаа нэг өдрийн дотор хоёр ч барилга дээр очдог гээд манай бригад олон онцлог шинжтэй байлаа. Энэ өдөр энд ажилладаг хоёр монгол залуу маань хүртэл ирсэн харагдав. Ерөнхийдөө Урианхай ах, бид хоёрын үүрэг бол зургаан давхар байшингийн өрөө бүрт гипсэн хавтангуудыг оруулж тавих. Ингэхдээ нэг хүн нуруундаа 4 ширхэг гипсэн хавтанг давхарлан үүрээд шатаар өгсөх ёстой. Нэг гипсэн хавтан хэдэн кг байдгийг хэлж мэдэхгүй боловч лав дөрвөн гипсэн хавтан аймшигтай хүнд байдаг гэдгийг би яс махаараа мэдрэх шиг болсон. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь өргөөд өгсөх биш. Гипсэн хавтан хаалгаар шууд багтахгүй тул өрөөнүүд рүү орохдоо гипсэн хавтангаа заавал хажуулдуулж оруулах ёстой болдог байв. Ингэж оруулах үнэхээр хэцүү. Хөлс цутгах мэт асгарсан. Хамаг бие туйлдан ядарсан. Уг нь би чинь 30 цаг тасралтгүй ажиллахдаа огт шантраагүй хүн шүү дээ. Бас барилгын чулуу зөөж үзсэн, айл нүүлгэж үзсэн, барилга нурааж үзсэн, чингэлэг буулгаж үзсэн атлаа энэ ажлын үеэр л өвдөг сөхрөөд бууж өгчихмөөр санагдсан. Ажлын бээлий минь хүртэл урагдаж цоорсон харагдав. Барилгын тоос шороотой, нарийхан давчуу шатаар нуруундаа чулуу мэт хүнд дөрвөн хавтан үүрчихээд шатны нэг гишгүүр бүрээр дээш ахих үед яагаад ч юм, нэг л шүлэг аманд минь байнга уншигдаад болдоггүй. Тэр нь:

Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг...

Энэ шүлгийг амандаа шившмэгц л нуруундуу үүрсэн хүнд хавтанг “хүргэх ёстой газар” нь хүргэж чадах ч юм шиг санагддаг байв. Яруу найргийн ер бусын, гайхалтай шид гэж үүнийг л хэлэх байх. Энэ дөрвөн мөртийн хүчээр тэр өдрийг давж туулсан. 

Ажил дууссаны дараа, “Маргааш дүү нь ажиллаж чадах юм болов уу даа” гэж хэлмээр байсан ч хэлж чадаагүй. Анхнаасаа л “За” гэсэн бол амлалтаа зөрчих ёсгүй гэж бодсон хэрэг. Урианхай ахтай цуг метроны буудал руу алхах замдаа “Үнэхээр хэцүү ажил юм аа” гэж хэлтэл “Чи харин гайгүй байна. Ах нь анхны өдрөө алиагаа алдаж байлаа. Бүр гарын шөрмөс хүртэл татсан” хэмээн урмын үг хэлж билээ. Тэр үгэнд нь урам авсан уу, бүү мэд, маргаашийн ажлыг даваад туулчих ч юм шиг санагдсан. Маргааш нь Урианхай ах ажилтай болчихсон тул би ганцаараа гарлаа. Өглөө айж л байв. Гэтэл надад аз дайрч тэр өдрийн талыг гипсэн хавтан зөөж, үлдсэн хагасыг Ансан руу явж өнөөх “наадаг ажил”-аа хийж гүйцэтгэлээ. Миний сүүлийн арбайт нэг иймэрхүү өнгөрсөн юм даа. Тэр орой эзэн маань 7 өнгөрөөж ирээд надад хоёр өдрийн цалин гэж 200 мянган вон, дээрээс нь удаан хүлээлгэсэн гээд 20 мянгыг нэмж өгөв. Тэгээд намайг автобусны буудал дээр хүргэж өглөө. Би тэндээс Сөүлийн төв хүрдэг шугамын автобусанд суугаад гэртээ харьж билээ. 

Хожим эргэн дурсахад хоёр үйл явдал миний сэтгэлд тод үлджээ. Хоёулаа Чингис хаантай холбоотой байсан нь бүр ч сонин. Эхний түүх нь ийм. Нэг өдөр ажлаа дуусчхаад нэгэн солонгос эрийн хамт Сөүл рүү буцаж байлаа. Бид хоёр англиар хагас дутуу ойлголцчихдог байв. Солонгос эр таньдаг монгол залуу нь Монголд очоод Солонгосын хөрөнгө оруулалттай том компанид ахлагч хийж байгаа тухай сонирхуулаад “Гэхдээ цалин нь үнэхээр бага юм билээ” хэмээн үгээ доогтой байдлаар төгсгөв. Дэлхийн 13 дахь том эдийн засагтай, Риогийн Олимпоор медалийнхаа тоогоор 8-д жагссан, хувийн компани нь гэхэд Apple-тай өрсөлддөг, Азийн бар улсын иргэнд Монголынхоо талаар гайхуулаад хэлчих юу ч олдсонгүй. Солонгосчууд хэзээ ч барууныхан шиг Монголын нүүдэлчин соёл, онгон дагшин байгальд сэтгэл хөдлөхгүй. Бүр уур хүрээд болдоггүй. Тэгэхээр нь “Чингис хаан гэж мэдэх үү” гэлээ. Солонгос эр “Мэднэ ээ” гэж байна. Тэгмэгц нь “Чингис хаан бараг бүх дэлхийг эзэлсэн. Хятадыг ч тэр, бүр Солонгосыг ч тэр” гэв. Тэгтэл өнөөх эр зальтай инээмсэглэснээ “Гэхдээ одоо биш...” гэж билээ. Энэ үг одоо ч бодогдоод болдоггүй юм. 

Хоёрдахь үйл явдал нь ийм. Би бас л ажлаа тарчихаад машинд явж байлаа. Гэхдээ ачааны машиныг маань солонгос хүн биш, монгол залуу жолоодож явав. Радиогоор Жон Ленноны дуу эгшиглэж дуусмагц миний цорын ганц мэддэг солонгос дуучин болох Бэк Жи-ёны дуу явав. Энэ хоёр дууны ид шид нөлөөлсөн үү, бүү мэд, би яагаад ч юм Чингис хааныхаа тухай бодлоо. Ямар азаар надад, бидэнд Чингис хаан байгаа юм бэ дээ гэж бодох зуур нүдэнд минь нулимс цийлэгнэв. Би сэтгэл дотроо бол мэгшин уйлж байлаа. 800 жилийн өмнөх тэр хүн одоо ч гэсэн нэгэн үндэстний нөмөр нөөлөг, өмөг түшиг болж байгаа нь надад дэндүү бахархалтай санагдсан. Зарим нэг нь “Түүхээ ярьж хөгждөггүй юм аа” гэж цэцэрхэх л байх. Үнэндээ би хүртэл тийм хүмүүсийн эгнээнд шилжиж байснаа нуугаад яах вэ. Гэхдээ тэр өдрөөс хойш Чингис хаан бол зүгээр нэг бахархан дурсдаг түүхэн хүн биш, тэр одоо ч бидний дотор амьд юм байна гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн юм даг. Айж эмээсэн үедээ ижийгээ дурсдаг шиг, ядарч зовсон үедээ бурханыг эрдэг шиг, Чингис хаан бол монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд орших “аврал энэрэл” юм. 

Би товлосон өдрөө нутаг буцлаа. Сөүлээс онгоц хөөрмөгц би дугхийчихэв. Харьж байна гэсэн ганцхан бодол намайг тийм их тайвшруулсан хэрэг. Бас ядарсан маань нөлөөлсөн байх. Гэнэт нойрноосоо сэрээд онгоц маань нам гүмд автсаныг мэдрэв. Жаахан өндийгөөд эргэн тойрноо харвал зорчигчид цөмөөрөө унтчихжээ. Тэд ч бас над шиг л их ядарсан бололтой. Аргагүй шүү дээ, хүн бүр л Сөүлийг авралаа гэж хардаг юм. Уншигч та намайг сурвалжилга хийнгээ ажилласан биш, ажиллангаа сурвалжилга хийсэн юм биш үү гэж бодож магадгүй. Аль нь ч байсан, би тийм л гэж хариулна. Хоёр сарын турш сурвалжилга, арбайт хоёрыг хослуулсны дүнд би багагүй мөнгөтэй болсон. Түүгээрээ бараг 15 кг-ийн жинтэй ном худалдаж авсан. National Geographic-ийн логотой аяны хөнгөхөн халбага авсан. Аяга, цүнх, бас хувцас авсан. Өвөл аялж магадгүй юм байна гэж бодоод цасны гутал авсан. Гүйнэ дээ гэж бодоод гүйлтийн гутал авсан. Хавар алхана даа гэж бодоод салхины куртка авсан. Ирээд бас зөндөө монгол ном авсан. Эмээдээ мөнгө шилжүүлсэн, ээждээ эмнэлэгт хэвтээрэй гэж мөнгө илүүчилсэн. Тийм ээ, Сөүл ч бас миний авралын хот. 

Нэгэн цагт Төв Азиас гаралтай бор хархнууд сониуч зан болон хоол тэжээл эрэх зөн совиндоо хөтлөгдөн бүх дэлхийгээр тэнүүчилсэн. Энэ нийтлэлийнхээ эхэнд харх адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай гэж бичсэн дээ. Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа би монголчуудыг маань зүгээр ч нэг санаандгүй байдлаар харх гэж нэрлээгүй юм байна гэж бодсон. Монголчууд харх шиг л адтай, ажилд махруу, төрөлхийн нүүдэлч зантай билээ.  


2016 оны 12-р сарын 22.



НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Өөрөө уншихад ч халширмаар, урт нуршуу нийтлэл нэгийг биччихлээ. Ингэснээр Сөүлийн тухай цуврал нийтлэлүүд маань дуусгавар болж байгаа юм. Өмнө нь бичсэн гурван нийтлэлийн эхнийх нь болох “Сөүлийн тэмдэглэл”-дээ энэ хоттой хэрхэн холбогдсон тухайгаа өөрийн дурсамж түүхүүдээр баяжуулан бичсэн. Харин “Хорин дөрөв”, “Арван хоёр” гэсэн холбоо хоёр сурвалжилга бол айл нүүлгэлтийн тухай хөндсөн анхны даацтай нийтлэл гэж би хувьдаа бодоод байгаа юм. Сайн муу болсон эсэхийг нь үнэндээ хэлж мэдэхгүй байна. 

Тэгвэл таны дөнгөж сая уншсан, магадгүй унших гэж оролдоод уйтгартай санагдмагц дундаас нь хаясан эл нийтлэл бол Сөүлд өнгөрүүлсэн хугацаандаа олж мэдсэн, ажиглаж харсан бүхнээ нэгтгэх гэж оролдсон, нэлээд “сэтгүүлч” төвтэй тэмдэглэл-сурвалжилга гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Уншигч танд уйтгартай санагдсан бол та зөв дүгнэжээ гэж хэлэхээр байна. Үнэндээ надад ч бас эргээд уншихад үнэхээр уйтгартай санагдсан. 

Энэ дөрвөн нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн хувьд, нэг дор бөөнд нь бүү уншаарай гэж зөвлөе. Хэрэв тэгэх аваас дан ганц “Сөүл” гэх үгний олон давхцал таныг хордоож мэднэ шүү. Эцэст нь хэлэхэд, цаашид Сөүлийн тухай бичих хэрэг гардаг юм бол, харьд одсон бүсгүйчүүдийн тухай бичих нэг санаа байна. Хэрэв энэ сэдэвтэй холбоотойгоор сэтгүүлч надтай холбогдохыг хүсвэл Та enkhtsolmon23@gmail.com гэсэн э-шуудан руу хэдийд ч захиа илгээж болно шүү.