Хорин дөрөв





Иса гэдэг нь нүүх, нүүлгэх гэсэн утгатай солонгос үг. Өмнөд Солонгосын 50 сая иргэний нүүж суух бэрх ажилд гаршсан монгол эрчүүд гуравхан үсэгтэй энэ үгийг “иса хийнэ, иса байна уу?” гэх зэргээр яг л монгол хэлнийхээ нэгэн эд эс мэт өргөн ашигладаг. Үүнээс гадна, солонгосоор 2-ын тоог И, 4-ийн тоог Са гэдэг учраас иса буюу айл нүүлгэдэг ажлыг солонгосчууд ч тэр, монголчууд ч тэр “24” гэсэн товчилсон нэрээр бичиж ярих нь элбэг. 

Өргөх, зөөх, баглах, байрлуулах гээд бяр чадал, арга сүйхээ шаардсан уг ажилд хэдэн мянганы турш хээр талаар эрх дураараа нүүдэллэж ирсэн нүүдэлч удмын монголчууд л хамгийн ихээр тохирдог гэнэ. Дээрээс нь цалин хөлс нь өндөр учраас айл нүүлгэх ажлыг нэг удаа хийж үзсэн л бол ахин өөр ажилд хүчээ сорьё гэхгүй, бүр арван жилээр ч хамаагүй эндээ уягдах тохиолдол олон. Тиймээс ч мөнгө хураах зорилготой монгол залуус хоногийн 24 цагийн ихэнхийг, бас залуу насаа хүч тэнхээтэйгээ хамт айл нүүлгэх амаргүй ажилд зориулцгааж байна. 



Улаанбаатарт бол хот тэр аяараа нойрондоо дугжирч байдаг өглөөний 5:40-д хойшид өгүүлэх түүхийн маань гол баатар буюу солонгос нэр нь Тэсан гэх монгол залуу Хан мөрний хойд эрэгт байрлалтай, Сөүлийн хаа л бол хаа тааралддаг нэгэн мухар гудамны төгсгөл дэх түрээсний давчуухан сууцандаа сэрэв. Хувцаслах, метроны буудал руу алхах, метронд суух, бас метрогоор хэр удаан зорчих зэргээ унтахын өмнө яг таг тооцоолчихдог тул түүний өглөө сэрэх цаг янз бүр. Гэвч тэр ихэнхдээ 5-6 цагийн хооронд орноосоо босдог. 

Тэсан бол өөрийнх нь хэлдгээр, исачин. 19-хөн насандаа анх Солонгост ирж суурьшаад залуу насныхаа есөн жилийг энд өнгөрөөхдөө эхний зургаан жилээ эрдэм номд, удаах гурван жилээ Сөүл хотынхны нүүж суух ажилд зориулсан тэрээр өдгөө 31 настай. Чухам энэ л хотод тэрээр залуу насныхаа хамгийн дурсамжит үеүдийг өнгөрөөжээ.  Дөлгөөхөн урсах Хан мөрний эрэг дээр үүр цайтал наргиж суусан үеэ, түг түмэн гэрэл чийдэн ассан үдшийн гэрэлт гудамжаар хайртай бүсгүйтэйгээ алхаж явсан хором мөчүүдээ, дөрөвхөн цаг унтаад л дараагийн ажилдаа гардаг ядрахаа мэдэрдэггүй өдөр хоногуудаа тэр одоо ч дурсан ярих дуртай. 

Ирээд удаагүй байхдаа тэрээр уулсын дээгүүр, тэнгис далайг гатлан байж хүрэх тэртээ алс дахь гэрийнхэндээ уртаас урт захиа бичжээ. Гараар бичсэн тэрхүү захиандаа “эрдэм номгүй л бол ирээдүйд чи хэн ч биш болно шүү, бас гадаад хэлээ хичээнгүйлэн сурцгаагаарай” хэмээн дүү нартаа захисан нь хэл ус ч мэдэхгүй хориодхон настай хүүгийн хувьд хүний нутгаас ойлгож ухаарсан хамгийн анхны сургамж байсан гэдэг. 

Дэргэдээ шар айрагны хоосон лонхнууд өрчихөөд тэртээх өдрүүдийг ийн дурсах нь түүнд гойд сайхан санагддаг гэдгийг олон шөнө лонх хоослохыг нь харсан би тун сайн мэдэх билээ. Арга ч үгүй юм, Солонгос бол түүний хоёрдахь эх орон. Тэр энд л Монгол Улсын өрхийг нэгээр нэмсэн алга дарамхан цаасыг гардан авч, бас Монгол Улсын иргэнийг нэгээр нэмсэн алгын чинээхэн хүүгээ хүлээж авсан. Эх барьсан эмч, гэрийнх нь ойролцоох хоолны газрын эзэгтэй гээд таньдаг мэддэг солонгосчууд нь түүний бяцхан хүүг “Ханмүн” буюу “Солонгост төрсөн монгол жаал” хэмээн өхөөрдөн дууддаг байв. Тэгэхэд тэр дэндүү жаргалтай байсан гэдэг нь түүний ярианаас шууд л мэдрэгддэг байлаа. 

Удалгүй тэрээр хүнд хүчир ажилд зүтгэж эхэлжээ. Тэртээ жилүүдийн өмнө дүү нартаа захисан үгийг одоо тэр өөрөө зөрчихөд хүрэв. Солонгосчуудын тэр бүр хийдэггүй хар бор ажлыг хийх бүртээ “Уг нь би иймэрхүү ажилд тохирох хүн биш дээ” гэж өөрийгөө зэмлэвч арван сая хүн бужигнасан, Азийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг Сөүлд эхнэр, хүү хоёроо бусдаас дор амьдруулахгүйн тулд ингэхээс ч өөр арга түүнд байсангүй. 

Хэдий эх нутаг руугаа бүрмөсөн буцаад гурван жил болж буй ч гурван сарын аяллын визээр үе үе ирэхдээ өнөөх л айл нүүлгэдэг ажлаа ёс юм шиг хийдэг гэдгээ тэр надаас ер нуугаагүй юм. Би наймдугаар сарын бүгчим өдрүүдийг, есдүгээр сарын ургацын баярыг, аравдугаар сарын эхний долоо хоногийг түүнтэй хамт өнгөрүүлсэн билээ. Тэсан өдөр алгасахгүй ажиллахыг зорьдог байв. Үүрийн дөрвөн цаг хүртэл уучхаад өглөө нь ажилдаа гараад л явахыг би олон удаа харсан. Өглөөний 6 цагаас эхлэн бүтэн 20 цаг тасралтгүй ажиллачихаад ердөө хэдхэн цаг унтсан болоод л маргаашийнхаа ажилд гарахыг бас харсан. Солонгос даяар бүх нийтээрээ амардаг Ургацын баяраар ч бас тэр ажилласан. 

Ийнхүү есдүгээр сарын дундуурх, Сөүл хотыг үл ялиг манан бүрхсэн өглөө би Тэсаны хэрхэн ажилладгийг харахын тулд үүрээр эртлэн боссон юм. Тэсан хөлөргөдөггүй, хөлөрсөн ч хурдан хатдаг нимгэн футболк, шоорт өмсөн, хөлдөө хөнгөн кээт углаад гэрээс гарлаа. Гадаа үүр дөнгөж тэмдгэрэх төдий байв. Метроны буудал руу 10 минут алхах замд уушны газар, шөнийн клуб, хэзээ ч хаалгаа барьдаггүй гуанз, мухлагууд эгнэсэн цэнгээний гудам дайралддаг тул шөнөжин наргисан хөлчүү залуусыг сонжин явсаар бид метронд суув.

Ажлын цаг ойртох үед Сөүлийн метро зорчигчдоор хахаж эхэлдэг боловч өглөөний эхний метро үргэлж л хүн цөөтэй байдаг билээ. Тэсан өөдөөс минь харж суугаад метро солих хүртэл нүдээ анин дугхийх хооронд би үүргэвчнээсээ жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд өнөөдөр хэдний өдөр, өглөө хэдэд сэрсэн, одоо ямар метрогоор зорчиж буй болон Тэсаны юу өмссөнийг хүртэл бичиж тэмдэглэв. Тэсан дундад азийнхан шиг давхраатай алаг нүд, өндөр хянган хамартай. “Сахлаа ургуулчихвал хүмүүс намайг узбек гэж андуурдаг юм” хэмээн хошигнон өгүүлж байсныг нь би гэнэт саналаа. Нээрээ ч Тэсан монгол хүнд баймааргүй дэндүү европжуу төрхтэй.  

Хэдхэн буудлын дараа Сөүлийг тойрон эргэлддэг метроны хоёрдугаар шугам руу сольж суув. Тэсан бас л дугхийжээ. Тэгтэл нэг буудлаас нөгөө буудлын хооронд шунгинан давхих метро гэнэтхэн л газрын гадарга руу гараад ирсэн нь харанхуйд гэнэт чийдэн асах шиг жигтэй мэдрэмж төрүүлэв. Үүр хэдийн цайжээ. Өглөөний, бас манан будангийн хөх туяа Сөүлийг нэг л хүйтэн санагдуулах авч есдүгээр сарын энэ өдрүүд бол цамц ч өмсөх шаардлагагүй урин дулаан үе билээ. 

Өмнө нь би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзсэн боловч өнөөдөр бол ажил хийлгүйгээр дэргэдээс нь түүнийг ажиглах боломжтойгоороо онцгой өдөр юм. Энэ өдөр долоон жил айл нүүлгэсэн туршлагатай, 40 гаруй насны монгол ахтай цуг ажиллана гэдгээ Тэсан өмнөх орой нь надад хэлсэн байв. Гэхдээ тэр намайг сурвалжлагч гэж танилцуулалгүйгээр “Монголоос ирээд удаагүй байгаа дүүгээ ажилд туслуулахаар аваад ирлээ” гэж хэлэхээр шийдсэн юм даг. 

Бид 6:40-ийн үед метроноос буулаа. “Энэ хавь бол оюутнууд холхилдсон, цэнгээний газрууд ихтэй, чинээлэгдүү дүүрэг байгаа юм” хэмээн Тэсан метроны буудлаас гарахын өмнө намайг 10 минут хүлээлгэн байж “биеэ хөнгөлснийхөө” дараа надад сонирхуулж билээ. Тэрээр “хүндрэхийгээ” бараг л зуршил болсон зүйл гэж тодорхойлоод “Хүнд юм өргөхөд бие хөнгөн байх учиртай” гэж нэмж зөвлөсөн нь нээрээ ч тийм байх шүү гэсэн бодолд хүргэв.   

Хэдхэн сар ажиллачихаад л нутаг буцчихдаг тул Тэсанд байнгын ажилладаг газар гэж үгүй. Ихэнхдээ л дуудсан газарт нь очно. Солонгост удаан хугацаагаар ажиллаж амьдардаг монгол залуус нэг газраасаа байнга ажилд гарах нь олон төдийгүй өөрийнх нь ажилладаг газар өөр хүн хэрэг болбол дотнын найз нөхөд, таньдаг хүмүүс, бүр болохгүй бол зараар холбогдон огт танихгүй нэгэнд ажил олж өгдөг. Тэсан удахгүй уулзах монгол ахтай өмнө нь ердөө нэг л удаа ажилд гарч байсан бөгөөд хэлэндээ ч тэр, ажилдаа ч бас гаргууд сайн гэж үнэлэгдсэн учраас түүнийг энэ өдөр дахин ажилд гаргахаар дуудсан юм. 

Урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр, дур мэдэн хүрээд ирсэндээ би жаахан санаа зовж байлаа. Учир нь монголчуудын хувьд исаны газрын солонгос эзнийг гэхээс илүүтэйгээр тухайн газар олон жил ажилласан, туршлагатай монгол ах нарыг хүндэтгэж харьцах нь чухалд тооцогддог. Ялангуяа над шиг ажил хэлээ ч мэдэхгүй, туршлагагүй нэгэнд бол бүр ч хамаатай. Ийнхүү метроны буудлын 4-р гарцан дээр хүлээж суутал яг 7 цагийн үед Тэсаны гар утас дуугарч түүнийг гарцаар гараад ир хэмээн хэллээ. Бид зам хөндлөн гараад өнөөх монгол ах дээр очтол биднийг хоёулаа ирсэнд тун ч гайхсан байдалтай зогсож байв. Тэсан тэр ахыг ам нээхээс ч урьтан “Манай дүү ажил хийж сурах гэж байгаа юм. Та санаа зоволтгүй ээ, цалингүй ажиллана” гэв. 

Ер хүчний ажил хийдэг гэж харагдахааргүй хөнгөн шингэн биетэй, бас ухаалаг хэрсүү байрын төрхтэй тэр ах эндхийн албан ёсны хэллэгээр бол хууль бус оршин суугч, харин Солонгос дахь монголчуудын хар яриагаар бол зүгээр л харынх. Салхины хальсан куртка өмсөж, зузаахан ном ч багтахааргүй жижигхэн цүнх мөрнөөсөө ташуулдаж унжуулсан тэрээр Тэсан бид хоёрыг дагуулан, орон сууцны тансаг хорооллын дундуур зам товчлон алхсаар голдуу намхан байшингууд эгнэсэн, хөл хөдөлгөөн багатай гудамжинд ирээд үүд хавиар нь бүхээгтэй ачааны машинууд зогссон нэгэн барилга руу оров. Тэсан ч бас дагаад орчихлоо. Төд удалгүй тэр хоёр гартаа цаасан аягатай халуун кофе барьчихсан гарч ирээд, бас “Үүнийг өмсчих” гээд над руу ногоон өнгийн футболк чулуудсан нь намайг өнөөдөр ажиллаж болохыг зөвшөөрсөн дохио байлаа. 

Өнөөдрийн айлыг намайг оролцуулалгүйгээр долоон эрэгтэй, нэг эмэгтэй ажилтан нүүлгэнэ гэнэ. Ер нь солонгос айлуудын гэр доторх эд хогшлыг тонн гэсэн нэгжээр багцаалж хэмждэг. Дундаж айл 5-6 тн-ын эд хогшилтой байх нь олон бөгөөд иймэрхүү айлыг нэг бүхээгтэй ачааны машин (5 тн-ын даацтай), нэг портер (1 тн-ын даацтай) хоёроор л нүүлгэчихдэг. Харин өнөөдрийн айл 10 тн-ын ачаа бараатай учраас ийм олуулаа ажиллахаар болсон хэрэг. Удалгүй бид тус бүр 5 тн-ын даацтай хоёр машиндаа хуваагдаж сууцгаагаад нүүлгэх айл руугаа хөдөллөө. 

“Сөүлд хэчнээн монгол хүн айл нүүлгэдгийг хэлж мэдэхгүй ч Сөүлд монгол хүнгүй исаны газар ховор доо” хэмээн айл нүүлгэдэг залуус ярьж байхыг би олон ч удаа сонссон. Солонгост миний уулзаж танилцсан бараг бүх эрэгтэй хүн өмнө нь айл нүүлгэж үзсэн байсан бөгөөд ядаж л хийж үзээгүй нэгэн нь “хийгээд үзчих юм сан” гэсэн хүсэлтэй нь анзаарагдсан. Аравдугаар сарын байдлаар арван мянга хол давсан гишүүнтэй “Монгол исачид” гэх фэйсбүүк бүлгэм цаг хором тутамд идэвхтэй байдаг гэдгийг ажил сурагласан, зуучилсан заруудаас нь төвөггүй мэдэж болохоор. Тэсан надад эндээс бүр гурван ч удаа ажил олж өгсөн юм даг. Мөн нэгэн өдөр бид цуг ажилд гарч байгаад айлын хаяж буй, тун цэвэрхэн хэрэглэсэн хөргөгчийг гадагш гаргаж хаялгүйгээр зургийг нь аваад “Монгол исачид” бүлгэм рүү нэвтрэн“Хэрэгтэй бол ирж аваарай. Үнэгүй шүү” гэсэн зар тавьчихав. Тэгтэл Тэсаны гар утас тасралтгүй жингэнэх нь тэр. Бүр 20 минутын дараа л гэхэд анхны холбогдсон 30 эргэм насны залуу портертой давхиж ирээд “Манай хөргөгч саяхан эвдэрчихсэн юм. Азны юм боллоо” гэж ярингаа хүнд нүсэр хөргөгчийг ёроолоос нь сэвхийтэл дамжилж өргөөд давчуухан шатаар тун эвлэгхэн буулган машиныхаа тэвшинд аччихлаа. Тэрээр явахаасаа өмнө бид хоёрыг арав арван мянган воноор урамшуулахаа ч бас мартсангүй. Солонгост эд хогшил бүрийг мөнгө төлж хаядаг учраас өглөөний энэхүү шуурхай ажиллагаа “хаясан, өгсөн, авсан”-даа тун өлзийтэй зүйл болчихов. Энэ хооронд Тэсаны утас жингэнэсээр л байв. Бүр түүний бичсэн зарын дор “Монгол руу ачуулчих. Хөлсөнд нь 100 мянгыг нэмж өгье” гэж бичсэн харагдлаа.  

Айл нүүлгэдэг монгол залуусын хүч чадал, хурдан шаламгай хөдөлгөөнийг солонгосчууд андахаа байжээ. Эндхийн “Чусон” гэх сонинд гарсан нэгэн нийтлэлд айл нүүлгэдэг монголчуудын тухай хөндөхдөө исаны газрын эздийн үгийг эшилсэн нь тун ч сонирхолтой санагдав. Тэсаны надад орчуулж өгсөн тэрхүү нийтлэлд 43 настай Пак гэгч, нэгэн айл нүүлгэдэг компанийн захирал “Хэрэв камбож ч юм уу, бангладеш хүнээр айл нүүлгэдэг ажлыг хийлгэх юм бол төрх байдлаараа солонгосчуудтай адилгүй учраас шууд л гадаад хүн гэдэг нь танигдана. Дээрээс нь тэд бага зэрэг бохирдуу мэдрэмж төрүүлдэг. Харин монголчуудыг ажиллуулах юм бол тэднийг гадаад гэж мэдэхгүй байсаар байгаад ажил дуусах ч тохиолдол гардаг. Тийм учраас л би монгол хүмүүсийг ажиллуулах дуртай” гэж хэлсэн бол 57 настай Ким гэх эзэн “Би нэг л зүйлийг хэлье. Том шүүгээ, төгөлдөр хуур, хөргөгч зэрэг хүнд нүсэр эд хогшлыг хоёр болон түүнээс дээш давхар руу зөөж гаргах, эсвэл буулгах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед монгол хүмүүсийг л явуулах юм бол ажил маш хурдан төдийгүй ямар ч осол авааргүй, бас эвдрэл гэмтэлгүй дуусдаг” гэж өгүүлжээ. Мөн нийтлэлд дурдсанаар бол манайхан солонгос хэлийг хурдан, цэвэрхэн сурдгаараа аль ч орныхонтой харьцуулшгүй гэнэ. Ер нь хэлээ л сайн сурчихвал адлуулж дээрэлхүүлдэг монгол хүн гэж ховор юм билээ. Надад лав тэгж санагдсан. 

Дараа нь Тэсан бид хоёр тэрхүү нийтлэлийн дор бичигдсэн бүх сэтгэгдлийг нэг бүрчлэн уншсан бөгөөд ихэнх нь монголчуудын бяр чадал, ажиллах арга барилыг гайхан шагширсан байхад зарим нь манайхны ойворгон хөөрүү занг зэмлэн буруушаасан байв. Бүр нэг уншигч “Үүнийг бичсэн сэтгүүлч монголчуудын олноороо цуглардаг Монгол таун гэх газар очоод тэдэнтэй цуг хоёр гурван өдрийг өнгөрөөсөн бол энэ мэтээр магтаж бичихгүй байсан болов уу” гэж сэтгэгдэл үлдээсэн бол өөр нэг солонгос уншигч “Би хоёр ч удаа гэрээ нүүлгэсэн. Тэр үед тэдний ямар хэцүү ажил хийдгийг хараад өр өвдөж, сэтгэл шимшрэх шиг л болсон” гэж бичсэн байж билээ. Гэвч айл нүүлгэдэг монгол эрчүүд “өөрсдийн хийж байгаагаа” хэзээ ч өр өвтгөж, сэтгэл шимшрүүлмээр ажил гэж үздэггүй. Монголд байхдаа өөрсдийн болон хамаатан садан, найз нөхдийнхөө гэр оронг ямар ч цалин хөлсгүйгээр нүүлгээд л өгчихдөг дурын монгол залуу Солонгост ирээд анх удаа айл нүүлгэж үзсэн ч торох юмгүй ажлынхаа ард гарчихдагийг тэд сайн мэддэг тул “ажил мэдэхгүй солонгосоос гурван сарын монгол нь дээр” хэмээн хэлж ярих дуртай. Олон жил айл нүүлгэсэн туршлагатай хүмүүсээс “Монголчуудын давуу тал юу вэ” гэж асуувал ихэнх нь л “Монгол хүн бүр ажилд эв дүйтэйгээс гадна ямбагүй” гэж хариулах болно. 

Ийнхүү бидний сууж яваа ачааны бүхээгтэй машин Хан мөрний өмнөд эргийг зорьж явлаа. Гүүрэн дээгүүр машинтай давхих үед Сөүлийн юм бүхэн гайхам сайхан харагддаг сан. Хан мөрний умард хөвөөг эмжих мэт сунан тогтсон намхан толгодын энгэр бэлийг улаан тоосгон ханатай намхан сууцнууд өвч бүрхсэн нь зөвхөн Сөүлд л харж болох гоёмсог өнгө билээ. Үдэш болж түнэр харанхуй энэ хотыг нөмрөхөд тэнгэрийн одод газарт буугаад ирчихсэн мэт гэрэлтэх тэрхүү дэнлүүт толгод нэг л ид шидлэг, ер бусын үзэгддэг юм. Тиймдээ ч айл нүүлгэх ажил заримдаа яг л аялал шиг санагддаг байв. Сөүлийн хаа нэгтээгээс энгийн л нэг солонгос айлыг ачаалчихаад хөдөөгийн буйд нутгийг зорин хурдны замаар салхи татуулан давхингаа жижигхэн гацаа тосгон, тутаргын талбай, үйлдвэрийн цогцолбор, үзүүр нь үл харагдах урт хонгил зэргийг сонжин явсаар орой нь гэртээ ирэхэд жигтэй сонин аялалд оролцоод ирсэн юм шиг л мэдрэмж төрдөг байлаа. Дээрээс нь тэрхүү аялал үнэ төлбөргүй атлаа бүр цалинтай гэдгийг мартаж болохгүй.  

Тэсан ч бас миний энэ дүгнэлттэй санал нийлсэн юм. Тэрээр хэсэгхэн хугацаанд тавилга угсардаг ажил хийж байхдаа ерөнхийлөгчийн Хөх ордон, Америкийн цэргийн бааз, LG-ийн үйлдвэрт орж үзсэн тухайгаа надад сонирхуулж билээ. Мөн айл нүүлгэж байхдаа Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт очиж үзжээ. Сөүлээс хамгийн ихээр алслагдсан, өмнөдийн хот Пусанд далайн эргийн, тэнгэр баганадсан барилгын дээд давхар руу нэгэн айлыг нүүлгэх гэж очоод цонхоор нь тэнгис далайг ширттэл “яг л хөлөг онгоцоор хөвж буй” мэт мэдрэмж түүнд төрсөн гэдэг. Иймэрхүү зүйлсийг тэрээр ихэд бахдангуй, уран фантаазтай ярина. 

Монголоор “голын урд” гэсэн утгатай Ганнам бол Сөүлийн хамгийн чинээлэг дүүрэг. Бид гүүр даваад “голын урд” байрлах нэгэн чинээлэгдүү хороололд дөхөж иртэл цаг 8 болж байв. Гаднаасаа бол ер гял цал юмгүй, хуучирсан сууцуудтай энэ хавь эхэндээ тийм ч баян тансаг санагдаагүй ч гудамжинд зогсох үнэтэй машинуудыг хараад тэр бодол минь шууд өөрчлөгдсөн юм даг. Өнөөдрийн нүүлгэх айл маань дөрвөн давхар байшингийн дээд талын хоёр давхарт амьдардаг ажээ. Монгол ах маань дээш гарч нүүлгэх айлаа зэрвэс харсныхаа дараа доош бууж ирээд “Өнөөдөр өвөө эмээ нарын гэрийг нүүлгэх юм байна даа” хэмээн Тэсан бид хоёрт сонирхуулав. Бүр монголоор хэлсэн шүү. 

Тухайн өдрийн айлыг хэчнээн хүн нүүлгэснээс үл хамааран тухайн исаны газар олон жил ажилласан, хамгийн туршлагатай хүн нь бусдыгаа ахалж гардаг бөгөөд түүнийг солонгосоор “Тимжаан” гэж нэрлэдэг. Ажил эхлэхийн өмнө хэн юу хийхийг зааварчилж, ажил дууссаны дараа цалин өгдөг гээд Тимжааны эрх мэдэл их. Харин ажил эхлэх мөчид Тимжаан гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж савлах бөгөөд магадгүй түүнээс илүү чадварлаг, өөр газар олон жил ажилласан хүн байлаа ч гэсэн энэ бичигдээгүй дүрмийг хэн ч зөрчихгүй. 

Тэгвэл гал тогооны өрөөн дэх сав суулга, аяга таваг, хөргөгчин доторх идэх юмыг баглаж савладаг хүнийг “Гал тогооны авгай” гэж нэрлэдэг. Харин багийн бусад гишүүний хувьд ажлын туршлагаасаа хамаараад хийх зүйлс нь өөр өөр. Хамгийн туршлагагүй нь буюу яг над шиг ажил хэлээ ч мэдэхгүй хүн бол үүдний хэсэг дэх гуталнуудыг хайрцаглаж дуусгаад зөөх ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэнэ. Өглөө нь машин дотор найзууд шиг л зэрэгцээд сууж явсан Тимжаан, бид хоёр яг ажил эхэлмэгц нэг нь унтлаганы өрөө, нөгөө нь үүд хавиар эргэлдсэн асар хол “зайтай”, бас эрх мэдлийн хувьд асар “ялгаатай” хүмүүс болоод хувирчихдаг юм. Үүний учрыг Тэсан “Унтлаганы өрөөнд тухайн айлын хамгийн чухал зүйлс бий. Харин гуталнууд эвдэрч хагарна гэж байх биш дээ” хэмээн тайлбарласан юм даг. Тимжаан болон гал тогооны авгай нар ихэнхдээ солонгос хүмүүс байдаг бол бусад нь монголчууд байх нь элбэг. 

Өнөөдрийн айл зочны өрөө, гал тогооноос гадна дөрвөн ч тусдаа өрөөтэй. Дээврийн өрөө рүү шатаар өгсөж гардаг тул эд хогшлыг нь гараар зөөж буулгана гэнэ. Иймэрхүү ажлыг хамгийн туршлагагүйгээрээ мэдээж би л хийж гүйцэтгэнэ. Айлын эзэн 70 эргэм насны хүн байлаа. Биднийг тэднийх рүү явж ороход багийнхан дундаа хамгийн залуу нь учраас айлын эзэн надад хандан хаалганы хажууд байгаа боодолтой номнуудыг доош, нэгдүгээр давхар руу буулгаад өгөхийг хүслээ. “Чээг” гэж солонгосоор ном гэсэн утгатай үг болохыг, бас солонгос хүмүүсийн үйл хөдлөлийг хараад л надаар юу хийлгэх гээд байгааг сайн таамагладаг болсон тул иймэрхүү энгийн даалгаврыг заавал Тэсанаар хэлмэрчлүүлэн байж ойлгох шаардлагагүй болсон билээ. Би боодолтой номнуудыг шатаар хэд гүйгээд л буулгачихав. Дараа нь дээш гарч ирээд гуталнуудаа хайрцганд савлалаа. Олон ч айлын гутлыг хайрцганд савлаж үзсэн би солонгос хүн гутал олонтой гэдгийг таньж мэдсэн нь энэ ажлаас сурсан хамгийн анхны туршлага маань болсон юм. Төд удалгүй гэрийн эзэн намайг дахиж дуудаад нэг хайрцагтай зүйлийг зааснаа солонгосоор хэд гурван өгүүлбэр хэлчихээд яваад өгөв. “Бурхан минь, юу гээд хэлчихэв ээ!” Би юу ч ойлгосонгүй. Тэрхүү хайрцгийг нь багийнхныхаа баглаж савласан хайрцагнуудын хажууд тавьчихаад үүдний хэсэг рүүгээ буцлаа. Гэтэл 30 минутын дараа монгол ах маань над дээр ирэн “Гэрийн эзэн чамд нэг хайрцагтай юм өгсөн үү? Тэрийг доош машинд нь хүргээд өгчих” гэснээр түрүүн юу гэж хэлээд байсныг нь сая л нэг юм ойлгох шиг боллоо.    

Тэсаны хэрхэн ажиллахыг харна гэсэн анхны зорилго маань ёстой бүтэшгүй зүйл байсныг ажил эхлэх үед л би ойлгосон юм. Айл нүүлгэх ажил нэг л эхэлсэн бол ямар ч зав чөлөөгүй үргэлжилсээр дуусдаг бөгөөд хэрэв хэн нэг нь залхуурч назгайрвал ажил тарах цаг оройтдог тул бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг. Манай Тимжаан чөргөр туранхай биетэй солонгос эр байв. Тэрээр гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж дуусчихаад дээврийн өрөө рүү орлоо. Энэ хооронд хижээлдүү насны нэгэн солонгос эр, бас Тэсан, манай нөгөө монгол ах гурав бусад өрөөн доторх эд хогшлуудыг баглаж боолоо. Жижиг эд хогшлыг сагс, хайрцганд хийдэг бол бусад тавилгыг бүтээлгээр баглаж ороодог. 

Гал тогооны авгай гал тогоо хавиараа л эргэлдэв. Харин доор үлдсэн хоёр солонгос эр бидний буулгасан ачаа барааг машин руугаа өрж ачсан. Бүхээгтэй тэвшийг битүү чигжиж ачихыгаа исачид “тетрис тоглохтой” адилтгадаг. Бидний баглаж боосон эд хогшлыг сунадаг шаттай машинаар буулгадаг бөгөөд солонгосоор тэрхүү машиныг “сатари” гэж нэрлэдэг. Тэр нь гал сөнөөгчдийн ашигладаг, сунадаг шаттай төстэй эд. Солонгос айлууд бүгд л шахуу цэлгэр том цонхтой учраас ихэвчлэн цонхоор нь нүүлгэчихдэг юм. Бүр 25 давхрын айлыг ч гэсэн “сатари” ашиглан цонхоор нь нүүлгэж болдог. Хэрэв “сатари”-гаар нүүлгэх боломжгүй бол цахилгаан шатаар нүүлгэнэ, харин цахилгаан шатгүй бол гараар зөөдөг. Би нэгэн өндөр солонгос эрийн хамт бусдынхаа баглаж боосон эд хогшлыг цонхны харалдаа ирсэн “сатари”-гийн тавцан руу өрж тавьдаг ажил хийв. Тавцан дүүрмэгц доош буулгаж, эд хогшлуудыг бүхээгтэй тэвш рүү ачна. Ер нь айл нүүлгэх дараалал нэг иймэрхүү.

Тэсан, монгол ах хоёр хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Хоорондоо монголоор ярихгүй, дан л солонгосоор ярьцгаана. Нэг харахад л нэг өрөөг хоосолчихсон, нэг харахад л угаалгын машиныг баглачихсан, нэг харахад л надтай зэрэгцэн ваартай цэцэгнүүдийг зөөлцөж байдаг байв. Ийнхүү 12 цаг дөхөж байх үед бид тэрхүү айлын бүх эд хогшлыг ачаалж дуусгалаа. Айлын эзэн өвгөн хоосон байраа нэг эргэж тойрчихоод самгантайгаа хамт гялтганасан хар өнгөтэй, цоо шинэ бенц машиндаа суун шинэ байр руугаа хөдлөв. Тэднийх Хан мөрний хойд эрэг рүү нүүж байгаа аж. 

Ер нь айл нүүлгэх үйл явцыг энгийнээр тодорхойлбол эд хогшил бүрийг яг хаана байрлаж байсан яг тэр хэвээр нь шинэ байранд нь авчрах гэж хэлж болно. Жишээ нь, айлын эзэн бичгийн ширээн дээрээ гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, хоёр ширхэг бал, бүр түрийвчээ орхиод гарлаа гэж бодоход шинээр нүүж орж буй байранд нь тэрхүү бичгийн ширээг ямар ч эвдрэл гэмтэлгүйгээр яг тэр эд зүйлстэй нь хамт байрлуулах ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас “Айл нүүлгэнэ гэдэг чинь урлаг байхгүй юу” гэсэн Тэсаны үгэнд би шууд л итгэсэн юм даг. Бас айл нүүлгэх үед юм бүрийг бярдаж өргөдөггүй гэдэг нь анзаарагддаг байлаа. Бүгдийг физикийн хуулийн дагуу өргөж, өнхрүүлж, эргүүлж, байрлуулах жишээтэй. 

Айл бүр кимчиний тусдаа хөргөгчтэй, зочны өрөө нь агааржуулагчтай, тагтан дээрээ ваартай цэцэгс тарьдаг, бас вааранд цуу дардаг гээд солонгос айлууд олон нийтлэг шинжтэй. Мөн номын сангүй, төгөлдөр хуургүй айл ховор. Гэрийн эздийн хувцас хунар гэж тоймгүй их. Түүнчлэн хөргөгчин доторх амтлагч, цуу, даршилсан ногоо ёстой л түмэн янзаараа өрөөстэй байдаг билээ. Тэсан “Солонгосын соёл уламжлалыг гүнээс нь мэдэрье гэвэл солонгос айлд л зочлох хэрэгтэй” гэж хэлсэн нь нээрээ л үнэний ортой үг санагдсан. Би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзэхдээ баян, ядуу, бас хэзээ ч төсөөлж чадахааргүй аймшигтай бохир заваан айлыг нүүлгэж үзсэн. Хогоо хэзээ ч хаядаггүй гэмээр тэр айл залуухан хос байсан сан. Ханаар нь жоом гүйлдсэн, эхүүн муухай үнэртэй тэр айлд цэцэг шиг хөөрхөн охиных нь хувцас хунар, тоглоом хэрэглэл газраар нэг хөглөрч байсан нь тэдний гэр бүл дэх цорын ганц гэгээлэг зүйл нь байх гэж бодогдсон. Бас нэг удаа бид нас сүүдэр 100 дөхөж яваа өвгөн, эмгэн хоёрынхыг нүүлгэсэн бөгөөд тэднийх жаран жил амьдарсан хашаа байшингаа өндөр үнээр худалдаад орон сууц руу нүүж орж билээ. Тэдний навтгар хуучин байшинг тойроод орчин үеийн гял цал барилгууд сүндэрлэсэн нь Сөүлийг нэгэн цагт үнс нурам байхад цэл залуухан байсан тэд цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг он удаан жил тэвчээртэйгээр сөрж зогссоныг илтгэж байв.  

Ийнхүү бид өдрийн гурван цагийн үед өнөөдрийн айлаа нүүлгэж дуусгав. Хамгийн сүүлд зочны өрөөн дэх жаазтай зурагнуудыг тогтоож, шалыг нь арчиж цэвэрлэснээр айл нүүлгэх ажил дуусгавар болдог. Биднийг ажлаа дуусгахад айлын эзэн өвгөн орой хоол идэцгээгээрэй хэмээн 100 мянган вон нэмж өгснийг Тимжаан маань бүгдэнд нь тэнцүүхэн хувааж өглөө. Бид нүүлгэсэн айлаасаа гараад өглөө цугласан газраа эргэн очтол эелдэг, найрсаг зантай эзэн маань тор дүүрэн маквэлли буюу будааны айраг барьчихсан зогсож байв. Маквэллиг бороотой өдөр, эсвэл ажил тарсны дараа уудаг гэж Тэсан надад олон удаа хэлсэн билээ. Түрүүхэн л нэгнийгээ тухтай ч харж амжилгүй борви бохисхийлгүй ажилласан бид исаны газрынхаа умгар өрөөнд намхан модон ширээг тойрч суугаад будааны айраг ууцгаалаа. Өдрийн турш надтай нэг ч үг дугараагүй, хижээлдүү насны солонгос эр ханзаар бичсэн маквэлиний нэрийг “Энэ бол урт наслахыг ерөөсөн утгатай үг” хэмээн тайлбарлан ярив. Би маквэлинээс амсаж үзлээ. Монгол айргийг бодвол зөөлөн, чихэрлэг ч юм шиг амтагдав. Ингээд хамгийн сүүлд өглөөхөн танилцсан монгол ах маань Тэсан бид хоёрын цалинг авчирч өгсөн нь намайг гайхширалд оруулсан юм. Тэсанд 140 мянган вон, намайг ажилд тусалсан гээд 70 мянган вон (Есдүгээр сарын ханшаар 140 мянган төгрөг) өглөө. Уг нь би цалингүй ажиллана гэж ирсэн шүү дээ, гэтэл тэр ах эзэндээ хэлэн байж надад цалин олгуулжээ. Монголчууд ийм л элгэмсэг.

Тэсан бид хоёр ирсэн замаараа метронд суусаар 4 цагийн үед гэртээ ирлээ. Тэр шүршүүрт орчихоод эд хогшил гээд байх юмгүй умгар өрөөнийхөө буланд дэвссэн дан гудсан дээр завилж суунгаа утсаа оролдоод л суучихав. Нэг ингээд суучихвал түүний амнаас барагтаа л үг унахгүй. Солонгосын улс төрийн байдал, монголчуудын аж байдал, төгрөг вонын ханш, энд тэндхийн баривчилгаа, маргаашийн ажлын зар, бас Монголоос илгээсэн хүүгийнхээ зургуудыг сонжин харсаар оройн хоолны цаг хүргэх ч үе бий. Нэг удаа Тэсан “Миний хүү цэцэрлэг дээрээ <Хабага> гэж шинэ үг хэлсэн гэнээ” хэмээн хүүгийнх нь тухай өгүүлсэн жижигхэн зурвасыг надад нэг бүрчлэн уншиж өгөөд сэтгэл нь ихэд догдолсон бололтой “Өнөөдрийн хамаг уур бухимдлыг үлдэн хөөчих шиг л боллоо” гэж хэлж билээ. Хүү нь сайн хэлд ороогүйг би мэдэх тул түүний хэчнээн их догдолж байгааг мэдэрч байлаа.  

Бид гудамж уруудан алхсаар хүрдэг “Кимбаб Жонгүг” гэх хоолны газарт оройн хоолоо иддэг байв. Тэсан кимчитэй, кимчигүй улаан хүрэн шөлнүүдээ үргэлж захиална. Тэдгээрийгээ монгол хүн ядаргаагаа тайлж ясны шөл уудаг шиг л амтархан иднэ. Тэгмэгцээ зэргэлдээх дэлгүүр лүү зүглэж хэдэн лонх шар айраг, нэг маквэли худалдаж аваад унтах хүртлээ ууна. Бараг өнжөөд л нэг ингэж уудаг сан. Үүнийгээ “Уувал ядрах нь бага байдаг. Чангарсан биеийг сулладаг гэх үү дээ” хэмээн зөвтгөнө. Тэсан үүр цайтал уусан ч ажилдаа гараад л явдгийг би мэдэх тул түүний уунгаа ярьдаг түүхүүдийг хэдэн цагаар ч хамаагүй чагнан суудаг байв. Тэр жаахан халчихаараа исаны тухай зах хязгааргүй ярьж эхэлнэ. “Иса бол урлаг”, “Исаны гар нийлсэн баг нэгнийгээ чимээгээр нь хаана юу хийж байгааг мэддэг”, “Иса бол зүгээр л мунаглан өргөдөг хүчний ажил биш” гэх зэрэг сонин, этгээд үгсийг тэр хөлчүү үедээ л унагадаг байв. 

Нэгэн удаа түүнээс “Тэсан” гэх солонгос нэрнийх нь учрыг сонирхтол анх айл нүүлгэж байсан тухайгаа надад хуучилж билээ. Хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд ганцаархнаа монгол, бас хамгийн залуу нь учраас түүнийг барагтаа л бол хүндэлж харьцдаггүй байж. Бүгд л “Яа!” буюу “Хөөөөөөш” гэсэн дээрэнгүй үгээр дууддаг байжээ. Харин нэгэн хөгшин солонгос эр түүнд ажил хэрхэн хийхийг зааж зөвлөж, ажил тарсны дараа лонх шар айргаар дайлахдаа “Одоо чи өөр газар ажиллах цаг болсон. Энд ажилласаар л байх юм бол үргэлж туршлагагүй нэгэн мэт үнэлэгдэх болно” хэмээн захисан гэдэг. Мөн нэгэн өдөр түүнийг бүгд л урьдын дээрэнгүй үгээрээ дуудахад өнөөх солонгос эр “Энэ хүү нэртэй юм шүү. Нэрээр нь дуудацгаа” хэмээн хамт ажилладаг солонгосчууддаа хандан бухимдангуй хэлсэн гэдэг. Тэгээд хэн гэдэг юм бэ гэж өнөө хэд нь асуутал “Тэсан!” гэж хариулжээ. Түүний шинэ нэрийг сонсоод бүгд л “Хөөх” хэмээн уулга алдсан байна. Тэсан бол монголоор орчуулбал уулын ноён оргил, ян сарьдаг гэсэн утгатай үг. Тэ гэдэг нь солонгосоор их, аугаа гэсэн утгатай бол сан гэдэг нь уул гэсэн үг юм. Заримдаа Тэсан яг л нэр шигээ санагддаг байв. Нэг дуугаа хураачихвал уулс шиг л дүнсийчихдэг, нэг яриад эхэлчихвэл бүгдийг үнэн сэтгэлээсээ өчдөг тийм л хүн. 

Нэг орой би Тэсанаас урьтаад нам унтчихсан байлаа. Тэгээд шөнө дунд нойрноосоо гэнэт сэртэл Тэсан хав харанхуйд завилаад суучихсан, гартаа буй хоосон лонхыг газарт тулчихсан, суугаа чигээрээ нам гүм унтаж байв. Яагаад ч юм би түүнийг хачин ихээр өрөвдөж билээ. Атгасан лонхыг нь гараас нь зөөлөн татаж автал Тэсан газарт ор болгож дэвссэн гудас руугаа өнхрөөд л уначихсан юм даг. Дээгүүр нь хөнжил нөмөргөтөл хүчтэй амьсгалан унтаж буй нь мэдрэгдэв. Сөүлд аравдугаар сар айлчилсан тул өглөө оройдоо жиндүү байдаг билээ. 

“Хүн бүр багтай амьдардаг. Магадгүй Солонгос бол миний үргэлж өмсдөг нэг сайхан баг. Үнэндээ би зүгээр л нэг исачин шүү дээ” гэсэн түүний хатуу боловч хоржоонтой үгийг би одоо ч гэсэн эргэцүүлэн боддог юм. Тэсан иймэрхүү жир биш үгсийг үе үе хэлнэ. Нэг удаа аавыгаа, бас хайртай эхнэрийгээ ярьж байхдаа яагаад ч юм баахан уйлж билээ. Дараа нь бага зэрэг тайтгарсан болоод “Хэн нэгнийг мөрөөдөлд нь хүргэхийн тулд өөр хэн нэгэн замыг нь заавал засаж өгдөг. Магадгүй яг над шиг хэн нэг солонгос залууг Самсунг, LG, Хьюндайд ажиллуулахын тулд монгол залуус мөрөөдлөө золиосолж байгаа. Уг нь энэ ажлын байранд хэн нэг солонгос залуу ажиллаж байх учиртай. Харин би тэр залуугийн замыг засаж, өөрийнхөө мөрөөдлийг “золиосолсон” юм. Магадгүй бид солонгос хүн болоод төрсөн бол Самсунгэд ч ажиллах байсан юм бил үү, хэн мэдлээ дээ” хэмээн айл нүүлгэдэг монгол залуусаа өмөөрсөн үг хэлээд “Олон монгол хүн Солонгост амьдардаг монголчууд амар хялбараар мөнгө олдог юм шиг боддог. Үнэндээ бид залуу нас, мөрөөдөл хоёроо золин байж хатуу бэрхийг туулдаг юм шүү. Чи энэ санааг нийтлэлдээ заавал тусгаарай” хэмээн хэлсэн нь миний санаанаас одоо ч гардаггүй юм. 

Тэсан дөрвөн жилийн өмнө төгөлдөр хуур өргөж байгаад нуруундаа юм оруулснаа надад бас ярьж билээ. Долоо хоног эмчлүүлж байж ажил хийхтэйгээ болсон гэнэ. Бас Тэсаны нэг найз айл нүүлгэж байгаад нуруугаа хүндээр гэмтээснээс нуруундаа төмөр диск хийлгэж байжээ. Найзыгаа эргэхээр, Солонгост хараар ажилладаг хүмүүсийг хөнгөлөлттэй үнээр эмчилдэг нэгэн том эмнэлэгт очтол найз шиг нь олон монгол залуу “нурууны гэмтлээс” болж шаналж байсныг тэр харжээ. Тэр үед түүний хэлсэн “залуу нас, мөрөөдлөө золин байж” гэдэг үгийг би үнэн сэтгэлээсээ ойлгох шиг л болж билээ. 

Солонгос орон сөхөрч ойчдогийн даваан дээр солонгос залуус ч гэсэн яг л өнөөгийн монгол залуус шиг хүний нутагт хөдөлмөрлөж байсан түүх саяхных. Ахмад настай, нэгэн солонгос хүний үг гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсныг Тэсан надад хуучлав. “Залуу минь, өнөөгийн байгаа байдалдаа битгий гутар даа. Би ч гэсэн чам шиг цэл залуухан байхдаа Арабад олон сар жилээр ажиллан гэрийнхэн рүүгээ мөнгө илгээдэг байлаа. Олон мянган залуусын уйгагүй хөдөлмөрөөр л өнөөгийн Солонгос орон хөл дээрээ зогссон юм шүү дээ. Тиймээс чи ч гэсэн олсон бүх мөнгөө гэр лүүгээ аваад л яв. Нэг ширхэг өмд, нэг ширхэг оймс авахаар байсан ч Монголоосоо л ав. Нэг ч гэсэн воныг эх орондоо аваачиж оч” гэж хэлсэн гэдэг.

Эцэст нь өгүүлэхэд, айл нүүлгэнэ гэдэг амар хялбар ажил биш ээ. Би үүнийг бардам хэлж чадахаар байна. Залуу нас, эрүүл мэнд, хүсэл мөрөөдлөө “бооцоо”-нд тавьдаг ийм хатуу тоглоом хорвоод ховор биз ээ. Хүнд хүчир хөдөлмөр хийж байж л хэдэн цаас гэр лүүгээ илгээдэг ийм дуусашгүй, мөнхийн тойрогт олон монгол залуу “дөнгөлөгджээ”.

Тэсан ч бас дараа ирэхдээ исагаа хийх л байх гэж хэлсэн. Удалгүй тэр тэнгис далайг гатлан, уулсын дээгүүр ниссээр гэр лүүгээ буцсан юм. Хүүдээ өвлийн дулаан хүрэм, уут алим, бас Сөүлийн жимсний мухлагуудаар мэр сэр харагдах болсон эрт ургацын жүржнээс хэдхэнийг худалдаж аваад л тэр нисчихсэн. Тэсан өөр юм аваагүй ээ. Тэр олсон бүх мөнгөө аваад л буцсан. 

Өгүүллэг: Цонхоор харагдах гудамж





Энэ бол санааг нь гэнэтхэн олоод өдөрт нь бичиж дуусгасан, одоогоор надад буй цорын ганц өгүүллэг юм. Цаашид өгүүллэг бичих, аль эсвэл зохиолч гэх эрдэм алдар өөд авирч гарах гэсэн ямар ч санаархалгүйгээр “зүгээр л бичмээр санагдаад, зүгээр л бичээд дуусгачихсан” энэ өгүүллэгээ “зүгээр л блогтоо орууллаа."



“Бага тойруугийн гудамж. Хавар юмуу, намар л бололтой, харваас зэвэргэн гандуу улирал байна” хэмээн цонхны дэргэд зогсох, гартаа бийр барьсан бүсгүйн хөрөг зургийг хараад залуу удаанаар тунгаан бодов. 

“Бодвол зураач л биз...” хэмээн хүрэн жаазтай зургийг нэгд нэгэнгүй ажингаа тэр хэнд ч сонсогдохооргүй шивнэлээ. Тэгснээ хэлснийг нь хэн нэгэн сонсчихоогүй биз гэсэндээ эргэн тойрноо сэмээрхэн нэгжвэл дөрвөн зурагны зайтай буй өндөр туранхай эр, улаан үстэй бүсгүй хоёроос өөр хэн ч харагдсангүй. Бүсгүй нь залуу руугаа “Чи минийх шүү” гэсэн шиг толгойгоогоо налсхийснээ ийш тийш хайнгадуухан харах аж.

Галерей хотын төвд байрлалтай гоёмсог барилгын нэгдүгээр давхарт байдаг болоод ч тэр үү зураачдын үзэсгэлэнгээр барагтаа л бол тасардаггүй. Том шилэн хаалгаар доторх бүх зүйл нь яг л шилэн аквариум доторх шиг ил тод харагддаг тул үүдээр нь өнгөрсөн хүмүүс өнөөдөр ямар үзэсгэлэн болж буйг төвөггүй мэдэж болдог байна. 

Залуу ч бас өдөр бүр үүгээр дайран өнгөрсөөр байгаад дотогш орохгүй ч гэсэн хананд өлгөсөн зургуудыг үүдний цаанаас зэрвэсхэн харж сонждог болоод уджээ. Харин өнөөдөр зураач бүсгүйн хөрөг зураг холоос анхаарал татсан тул тэсэлгүй ороод ирэв.

“Нэг л танил байсан юм. Бага тойруу л байж” гээд зурагт дүрслэгдсэн гудамжийг гярхай ажсанаа “Энд 5-р сургууль байх учиртай. Ээжийн хэвтдэг Өндөр эмнэлэг энэ талд бий. Тэгэхээр энэ байшин яг тэр мөн байх” хэмээн бодлоо. Тэр таамагласан болгондоо огтхон ч эргэлзсэнгүй. 

Зураг дээрх зураач бүсгүй хажуулдаж зогсжээ. “30 эргэм настай л байх” хэмээн оройн нарны бүжих мэт хөнгөн гэрэлд улам ч цайвар шаргал харагдах хээ хуаргүй энгийн даавуун даашинзтай тэрхүү бүсгүйн насыг өөрийнхөөрөө баримжаалав. Бүсгүй тун ч царайлаг ажээ. Мөрөө шүргэмээр богинохон үсээ ардаа боосон нь бүсгүйг улам ч залуу харагдуулж байв.

Энэ зуур өндөр эр, улаан үстэй бүсгүй ор мөргүй алга болжээ. Оронд нь нүдний шил зүүсэн, оюутан гэмээр залуухан бүсгүй танхимын нэг булангаас зураг үзэж эхлэв. Оройн цагаар бол галлерей ихэнхдээ хүн цөөтэй байдаг ч иймэрхүү нам гүм байдалд тэр хачин их дуртай. 

“Хэрэв энэ зургийг хэн нэг зураач хэн нэг бүсгүйг харж зурсан бол яг тэр байшинд тэд амьдардаг байх учиртай.” Залуу ийм дүгнэлт бодож олсондоо баярлан эргэн тойрноо харвал мөнөөх нүдний шилтэй охин бараг дэргэд нь шахуу ирж зогсоод түүнийг анзаарах сөхөөгүй урдахаа ширтэж байв. 

Үнэндээ эргэлзэх зүйл юу ч байсангүй. Түүн шиг бүхий л амьдралаа энэ гудамжинд өнгөрөөгөөгүй өөр хүмүүс ч гэсэн Бага тойруугийн гудамжны тэр байшинд энэ зургийг зурсан гэдгийг төвөггүй тооцоолж чадах билээ. 

Залууг гадагш гартал харанхуй улам өтгөрсөн байлаа. Галерей байрлах өндөр барилгын үүдний шатан дээр зогсон эргэж харвал өнөөх зураг "гэрэлтэй цонх" мэт гэрэлтэн харагдав. “Үдээс хойш, нар жаргахаас нэлээн урьдаар...” гэж өөртөө хэлээд хэдэн алхмын цаана өөрийг нь бээрэн хүлээх урьдын ганцаардалтай ханьсан алхлаа.

Дөрөвдүгээр сарын хүйтэн салхи хүрэм нэвт үлээх авч өнөөх бүсгүйн тухай бодлыг үлдэн хөөж үл чадах аж. “Замаараа нөгөө байшингийн дэргэдүүр заавал дайрдаг хэрэг ээ” хэмээн бодох зуур харанхуй гудамж хажуугаар өнгөрөх машинуудын гэрэлд улам ч гэрэлтэй болох шиг санагдана. Сайхан бодол гэдэг сэтгэл доторх гүн шөнийг гэрэл чийдэнтэй мэт гэрэлтүүлдэг билээ. 

Залуу Бага тойруугийн гудамжинд дөхөж ирээд өдөр бүр энэ замаар явдаг ч зураач бүсгүйн байшинг тэгтлээ чухалчилж харж байгаагүйгээ анзаарлаа. Харин энэ удаа байшингийн нэг захаас нөгөө зах хүртэл ажив. Хот хараахан нойрсоогүйг илтгэх мэт энд тэнд чийдэнгүүд асаатай. Түрүү жил энэ хавийн зам дагасан байшингуудын гадаах ханыг бүйлс мэт ногоон өнгөөр будсаныг мэдэх тул гадаах төрх байдал нь тийм ч харь хөндий санагдсангүй. 

“Гурван давхрын цонх байх учиртай” гэж бодоод угаас гурван давхар байшингийн хамгийн дээд давхрын булангийн гурван цонхыг ажив. “Эдний нэг нь л байх ёстой. Гэхдээ зурган дээр цэлгэр том цонх байсныг бодвол том цонхтой өрөө нь байх” гээд цонхнуудыг эхнээс нь харав. Нэг нь том цонх аж. Гэрэл нь асаалттай байв. 

Хэрэв хаалгыг нь тогшоод дотогш орвол юу гэх бол гэсэн этгээд бодол түүнийг эзэмдэв. Гэхдээ яагаад ч тэгж чадахгүйгээ тэр бас мэдэрч байлаа. “Ингэж хий дэмий тээнэгэлзэж зогсохоор орцных нь үүдэнд ч болтугай очиж үздэг хэрэг!” 

Орц нь төв зам руу бус эсрэг тал руу харжээ. Хаалга нь 1-10 хүртэлх дугаартай төмөр товчлуур бүхий түгжээтэй аж. Гурван товчлуурыг зэрэг дарахад хаалга онгойдог ч иймэрхүү түгжээний нууц кодыг хэрхэн олохоо тэр сайн мэднэ. Товчлууруудыг эгц дээрээс харахад бусдаасаа их дарагдсан гурван товчлуур нь цааш түлхэгдчихсэн байдаг юм. Нэг, тав, долоо. Угаас эдгээр тоон дээрх гурван товчлуурны нүүрэн тал нь ч бас элэгдэж мөлийжээ. 

Нэг, тав, долоог зэрэг дарлаа. Үнэндээ дотогш оръё гэж бодоогүй ч орцны хүнд төмөр хаалга түгжээ нь мултрахтай зэрэгцэн нааш түлхэгдэн онгойв. Хаалганы завсраар харанхуй орц харагдлаа. Хоёр давхрын жижиг цонхоор тусах бүдэгхэн гэрэлд эмтэрсэн шат, элэгдсэн бариулаас өөр зүйл харагдсангүй. Сайтар ажваас хана нь халцарчээ. “Цэнхэр өнгөтэй хана” гэж залуу сэм өөртөө хэлээд дотогш хэд алхтал мэдрэгчтэй чийдэн гэнэт асав. Нэг давхар бүхэлдээ гэрэлтлээ. Гурван айлын төмөр хаалга нэг нэгэндээ гоморхсон мэт гэдрэг харжээ. Орцыг ойрын хэдэн жилийн турш шавардаж засаагүй нь илт. 

Гурван давхарт гартал дээвэр рүү гарсан төмөр шаттайг эс тооцвол өөр онцлоод байх зүйл байсангүй. Гурван давхарт гурван айл. Цэнхэр, ногоон, саарал төмөр хаалганууд. “Ногоон нь өнөөх том цонхтой байр байх учиртай” гэж бодоод дунд талын хаалгыг хэсэг ажтал гуравдугаар давхрын мэдрэгчтэй гэрэл унтарлаа. Орц бүхэлдээ харанхуй болов. Цонхоор тусах гудамжны гэрэл орцыг гэрэлтүүлнэ. 

Хонхгүй хаалга. 8 гэсэн дугаарыг ханан дээр цоолж шүршжээ. Залууд хаалгыг тогших ямар ч бодол байсангүй. Зүрхэлж ч чадахгүй гэдэгтээ бүр ч итгэлтэй болов. Зүгээр л өнөөх цонхтой өрөөнд байж болох хамгийн ойрхон зайнд дөхөж очихыг хүссэн хэрэг.

Гэтэл ногоон хаалганы цаана хэн нэгэн дуугарах шиг болж хаалга тэр даруй онгойв. Хаалганы завсраар тусах хурц гэрэл харанхуйг зүсэн улам өргөссөөр залуу руу чиглэв. Эмэгтэй хүн бололтой. Цаанаас тусах гэрэлд царай нь сайн харагдсангүй. Энэ үед мэдрэгчтэй гэрэл асаж бүсгүйн царайг гэрэлтүүлмэгц 30 орчим насны, царайлагдуу гэмээр бүсгүй болохыг анзаарлаа. Танихгүй залуу хаалган дээр нь зогсож байсан болохоор өнөөх бүсгүй гайхаж балмагдсан нь илт. 

“Зурган дээрх зураач бүсгүй тэр мөн байх. Харц, төрх байдал нь яг байна шүү” гэж залуу бодонгоо энд юуны учир зогсож буйгаа тайлбарлаж эс чадан дэмий л хажуу тийш зайчлангаа “Та зураач уу?” гээд итгэлгүйхэн асуучихав. 

“Та яаж мэдэв ээ?” хэмээн бүсгүй гайхсан шинжтэй хариуллаа. 

“Өөрөө зураач хэрэг үү? Би зөв таамаглажээ. Тэгвэл нөхөр тань бас зураач байх нь. Би үзэсгэлэн дээр таны нөхрийн зурсан “Цонхны наана зогсох бүсгүйн зураг”-ийг харсан юм. Бодвол тэр бүсгүй та байх. Цонхоор тусах гудамж нэг л танил дотно учраас энэ хүртэл хүрээд ирсэн хэрэг. Уг нь тантай уулзъя гэж санаагүй юм шүү. Яг явах гэж байлаа. Тэгтэл өөрөө гараад ирдэг” гэж сандран хэлтэл, энгийн ноосон хүрмэндээ шигдэх өнөөх бүсгүй учры нь ойлгосон бололтой хаалгаа онгойлгон цааш эргэснээ,

“Аав...” гэж намуухнаар дуудаад, “Тантай нэг хүн уулзах гэж иржээ. Та уулзаад байж байх уу? Охин нь одоохон хүрээд ирнэ” гэлээ.

“Хэн ирээ вэ?”, гээд бүгтхэн дуу цаад өрөөнөөс сонстов. Удалгүй хөлийн чимээ улам ойртох зуур бүсгүй “Та гэрт ор” гээд онгойлгосон үүдээр залууг гараараа урилаа. 50-иад насны эр танихгүй залууг хараад хэн билээ гэсэн шиг хэсэг зогсов. “За наашаа ор, ор. Яасан орой яваа юм бэ?” гээд зочны өрөө рүүгээ урих үед охин аль хэдийн хаалгаа хаагаад гадагш гарчихсан байлаа. Залуу хоёулхнаа үлдсэнээ сая л мэдэв.

Том ч биш, жижиг ч биш зочны өрөөтэй залгаад нэг жижиг өрөө, бас галзуух харагдав. Жижиг өрөө нь давчуу зайтай юмсанж. Үнэндээ тэдний энэ сууж буй өрөөг зочны өрөө гэхэд хэцүү. Нэг хананд зурж дууссан, эсвэл хараахан дуусаагүй байгаа жаазгүй зургууд нэг нэгнийгээ налжээ. Цонхны наана зураг зурдаг модон хөл харагдана. Дээр нь одоохондоо зураг тавиагүй аж. Энд тэнд будаг шунх, бийр харагдана. Өмнө нь зураачдын урланд очиж үзээгүй болохоор үүнийг л урлан гэдэг байх гэсэн шиг ийш тийш сонжин харах мөнөөх залуу намхан буйдан сандал дээр суулаа.

Галзуухны өрөөнөөс сэнжтэй том аяганд байхуй цай хоёр аягыг авчрах бүсгүйн аав намхан модон ширээн дээр авчирснаа болгоомжтой тавилаа. Тэгснээ,

“Цай уу” гэв. Одоо л түүнийг сайтар ажиглаж болох цаг. Хөх жинсэн өмдөн дээр даавуун срочик задгай тавин өмсжээ. Нуруулаг эр юмсанж. Харц нь бодлогошронгуй санагдлаа.

“Оройн цагаар үймүүлсэнд уучлаарай. Үнэндээ ирье гэж бодсонгүй ч санаандгүй тохиолдлоор ороод ирчихлээ” гээд өнөөдрийн болсон явдлыг бүгдий нь удаанаар ярилаа. Бүсгүйн аав ярьсан болгоныг нь юу ч хэлэлгүй сонссоор байв.

“Ингээд л болох нь тэр” гээд залуу үгээ дуусгамагц сүүлийн хэлснийг огт сонсоогүй мэт бүсгүйн аав нам гүмд автжээ. Түүний үгийг ер нь сонссон юм болов уу гэдэгтээ хүртэл залуу эргэлзэв. Ингээд түүнийг түрүүлж дуугарах хүртэл дахин үг хэлэхгүй байхаар шийджээ.

Бүсгүйн аав гэнэт боссоноо цонхны дэргэд очиж зогсон үдшийн гудамжийг ширтсэнээ,

“Тэр зурган дээрх цонх бол энэ мөн. Чи зөв боджээ” гэв.

“Тэгвэл тэр бүсгүй таны охин уу” хэмээн залуу ихэд сонирхон асуутал,

“Миний эхнэр байгаа юм” гэлээ. Тэгснээ дахиад л дуугүй болчихов.  

Өрөөний шар чийдэн улам ч уйтгар нэмэх шиг. Хэрэв гуниг, бас нам гүм өнгөтэй байдаг гэвэл зурж дуусаагүй зураг, зотон будаг гээд энэ өрөөний бүхий л зүйлс тэр өнгийг бүрэлдүүлж буй мэт санагдлаа. Удалгүй бүсгүйн аав ярьж эхлэв.

“Энэ байранд эхнэр бид хоёр дөнгөж 20-иодхон насандаа манай ээжийн хамт орж байлаа. 1988 он байсан санагдана. Бид хоёр Дүрслэх урлагийн сургуулийн нэг ангийг төгссөн зураачид. Сургууль маань хажууханд учраас энэ байр ихэд дотно санагдаж байлаа. Тэтгэвэртээ гарсан ээжид маань энэ байрыг улсаас өгсөн юм. Би айлын бага хүү учраас ээжтэйгээ, бас эхнэртэйгээ хамт гурвуулаа нүүж оров. Ээж энэ харагдаж байгаа жижиг өрөөнд сууна. Харин бид хоёр энэ өрөөнд амьдардаг байв. Бас урлангаа ч хийнэ. Өглөө босоход эхнэр маань яг энэ модон цонхоор ширтэн гудамжаар алхах хүмүүс, машин тэргийг ажиглан зогсдог сон. Тэгээд л өдөржин зургаа зурна. Харин би хаалган талд зургаа зурдаг юм” гээд бүсгүйн аав гараараа хаалганы зүг заав.

“Ихэвчлэн юу зурдаг байсан бэ?”

“Эмэгтэй хүн. Байшин. Хүмүүс. Бас энэ гудамжийг мөн ч их зурсан даа.” 

“Тэгвэл тэрхүү зургийг та зурсан хэрэг үү?”

“Тийм ч байж болно, үгүй ч байж мэднэ. Юу гэж ойлгомоор байгааг чи шийдэж дээ. Яг тэнд зогсоод нааш хардаа” гээд бүсгүйн аав залууг өөрийн зураг зурдаг байсан газар руугаа заамагц залуу тэнд нь очиж зогслоо.
“Юу харагдаж байна” гэв. Залуу цонх тийш удаанаар ажвал нөгөөх үзэсгэлэн дээр үзсэн зураг шиг цонх, бас наана нь хүн харагдлаа. Ялгаатай нь цонхоор үд өнгөрөх үеийн нар биш үдшийн гудамж гэрэлтэн байх бол цонхны наана үзэсгэлэнт бүсгүй биш хөгшин эр зогсож байх нь тэр. Ингээд хариу хэлж амжаагүй байтал бүсгүйн аав,

“Би зурсан юм. Өдөр бүр наана чинь зогсоход эхнэрийн маань тэр л төрх харагддаг байв. Жаргахын өмнөх нарны туяа түүний нүүр, үс, даашинзан дээр бүжих мэт наадсанаа хачин дулаан өнгө үүсгэдэг сэн. Цаад гудамж уу! Өдрийн тэр үед өдөржин ширтсэн уйтгартай гудамж хараад л баймаар үзэсгэлэнтэй болдог юм. Тэгээд л зурж эхэлсэн. Миний хамгийн дотно бүхэн урд минь байлаа.”

“Та хоёр хэдэн настай байсан бэ” хэмээн залуу буруу асуулт асуусан мэт төгсгөл хэсгийг нь залгичихав.

“27-той л байсан байх. Эхнэр бид хоёр хөөрхөн охинтой болчихсон үе. Ээж нөгөө өрөөнд охиныг харна. Харамсалтай нь...” гээд дахиад л дуугүй болчихов. Залуу юуг ч асуух ёсгүй гэдгээ мэдэн дуугүй л түүнийг ширтэнэ. Энэ үед гадаа хаалга онгойж охин гаднаас орж ирлээ. Тэгтэл бүсгүйн аав охиноо сонсчихвий хэмээн эмээсэн мэт, бас одоо л хэлэхгүй бол өөр хэлэх боломж олдохгүй гэсэн шиг аяархнаар,

“Эхнэр, ээж хоёр маань ойр ойрхон хорвоогоос буцсан даа” хэмээн өгүүлсэн юм. Охин аавынхаа хэлснийг сонсоогүй л болов уу.

“За би ч явах уу даа. Ингэхэд та миний тухай юу ч асуусангүй” гэтэл,

“Эхнэр маань заримдаа хүмүүсийг өдөржин цонхоор ширтэх дуртай байсан юм. Бүр зариманд нь нэр хоч ч өгнө, заримыг нь хааш зорьж явааг таамаглаж хөгжилддөг байв. Тэр маань хүн бүр өөр ертөнц, хүн бүр өөрийн түүхтэй гэж их хэлдэг сэн. Чи тэдний л нэг, цонхон доторх хүмүүсийн нэг. Чиний тухай үүнийг л мэдэхэд хангалттай” гэлээ. Залууд нэг л зүйлийг түүнээс асуух ёстой юм шиг санагдан,

“Чухам яагаад?” гээд утга нь үл ойлгогдох асуулт тавив.

“Шалтгаан нь ямар байсан ч үхэл бол үхэл. Үүнд хэнийг ч зөвтгөж, хэнийг ч буруутгах аргагүй. Гагц уучлал л байх ёстой” гээд бүсгүйн аав цааш цонхоор ширтэв. Өнөөх олон жилийн турш харсан цонхыг.

Тэгж хэлэх зуураа залуу тайлж тавьсан хүрмээ өмсөж гадаа хаалган дээр очлоо. Галзуухны өрөөнд байсан охин түүнд ойртож ирээд, “Явах гэж байгаа хэрэг үү, тухтай ч уулзаж чадсангүй, би хаалга онгойлгож өгье дөө” гэлээ.

Залуу нэг л зүйлийг мартах шахан аяархнаар асуув. 

“Хэрэв 20-иод жилийн өмнө зурсан юм бол тэрхүү зурган дээрх гудамж яагаад яг одоогийнхоор байгаа юм бэ” гэлээ. Охин ер тээнэгэлзэж удсангүй,

“Аав маань ээжийг зураад удаагүй байхад харамсалтай явдал болж ээж өөд болсон юм. Тэрнээс хойш аав тэр зурагт дахин гар хүрээгүй. Дэндүү жаргалтай ээж минь цагаан зотон даавуун дээр гав ганцаархнаа олон жил амьдарсан. Яг л тэр инээмсэглэсэн төрхөөрөө. Тиймээс би тэр зургийг гүйцээсэн юм. 27 настай ээж минь 20-иод жилийн дараах танил гудамжаа ширтэн буй юм. Цаг хугацааны хоёр өөр зааг ч ийм зүйл тэдний хувьд ирээдүйд болох л байсан” гэж хэллээ.

Залуу “За баяртай” гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. “Нээрээ хөрөг зурган дээр ямар ч гарын үсэг байгаагүй шүү дээ” гэж бодож амжив. Хаалга аажмаар хаагдаж, хагас онгойсон хаалганы завсраар чийдэнгийн шаргал гэрэл улам нарийссаар, утас мэт болсноо хав харанхуй болчихов. Дахиад л хав харанхуй гэж бодтол мэдрэгч гэрэл гэнэт аслаа. 

Сөүлийн тэмдэглэл





Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг 
Давтагдахгүй байх!
Д.Урианхай


I

Сөүлд би нийт 9 удаа ирснээ элэгдэж хуучирсан паспортоо эргүүлж суухдаа олж мэдлээ. Бас энэ хоттой танилцсанаас хойш барагцаалбал 9 жил улирчээ. Миний анх үзсэн хоёрдугаар сарын жихүүн хүйтэн Сөүлийг есдүгээр сарын бүгчим орой, Сөүлийн хаа л бол хаа тааралддаг, давчуухан гудамны мухар дахь умгар өрөөндөө ганцаар суунгаа эргэн дурсахад нэн таатай байна.  

Тэгэхэд би аав, охин дүү хоёртой цуг ирсэн бол түүнээс хойш ганцаараа, ахтай, аавтай, их сургуулийн нэг ангийн охинтой, ахын дөрвөн настай дэггүй жаалтай гээд Чингис хаан нисэх онгоцны буудлаас Инчон хүртэлх гурван цагийг мөн ч олон янзаар өнгөрүүлжээ. Сөүл бас жавар хургасан хоёрдугаар сар шигээ тийм ч жиндүү хот биш гэдгийг би ирэх бүртээ анзаарч байлаа. 

Долдугаар сард тэнгэрийн хүржигнэх чимээгүй бороо шаагиад л байдаг, аравдугаар сард модод навчсаа гүвмэгц намрын хүрмэндээ шигдчихдэг, нэгдүгээр сард нойтон цасанд нэвсийтэл дарагдчихдаг олон ааштай хот бол Сөүл. Гэвч тэр их бороо хэл чимээгүй гэнэтхэн л зогсчихдог нь, тэр их навчис хаашаа ч юм бэ төдхөн л замхарчихдаг нь, тэр их цас тогтож сууж чадалгүй дорхноо л хайлчихдаг нь гайхмаар.

Надаар ер дутахааргүй эл өнөр өтгөн хот намайг өнө эртний танил шигээ санан надаас юугаа ч нуугаагүй. Нисэх онгоцоор дүүлэн хөөрч үзээгүй, нас хорь ч хүрээгүй хөвгүүнд энэ хот бүхнээ дэлгэсэн. Би энд л анх метро хөлөглөөд долгилон урсах Хан мөрний дээгүүр нь ч, доогуур нь ч “давхиж” үзсэн. Тэнгэрт цойлох өндөр цамхгийн оройгоос үдшийн хотыг тольдонгоо гол шиг цутгах машины улаан гэрлийг сониучирхан харж зогссон. Намайг хэн ч үл сонжих мөртлөө би л бүгдийг, дэргэдүүр өнгөрөх хүн бүрийг сонжин явсаар үзүүрт нь хүрдэг багширсан олон хүнтэй гудамжинд нь хүүхэд шиг л төөрч будилсан. Би энд л том болсон эр хүн шиг сөжү ууж, онгоцноосоо хоцорч үзсэн. Хан мөрний эл хуль эрэг дээр, хаа нэгтээх үдшийн цэнгээний газрын үүдэнд өглөөний эхний метро хүлээнгээ үүр тэмдгэрэхийг харсан. Би энд л хөлөө цуцтал алхаж, хөлсөө асгартал хөдөлмөрлөж үзсэн. Тийм ээ, Сөүл намайг хорвоотой, 21-р зууны хөгжингүй дэлхийтэй танилцуулсан. 

Бас би энд тэнгис далайг харсан. Номхон далайн дөлгөөн эрэг эндээс ердөө л гурван цагийн зайтай. Гүн цэнхэр далайг эрэг дээр нь зогсоод ширтэхдээ шуугих давалгаа нь хуйлран эргэлдсэн үедээ л далай сүрдмээр, хүчтэй, үзэсгэлэнтэй харагддаг юм байна гэж бодсон. Дэврүүн гэхээсээ илүү дүнсгэр байхыг, бардам гэхээсээ илүү номхон дарууг сурсан надад эрэг хөвөөг нь амрагсад ноолсон энгийн нарлаг өдрийн “хөнгөмсөг” төрх нь тийм ч хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй. Харин тэрний оронд түнэр харанхуйтай уусан сүлэлдэх тэнгис далайн нууцлаг төрх хавьгүй дээр санагдсан. Харанхуйд далайн эргээр алхаж явтал хар даашинзтай бүсгүй цор ганцаар зогсоод хуйлран эргэлдэх давалгааг ширтээд л байсан, ширтээд л байсан. Тэгэхэд далай тэр бүсгүйн уйг хугаслах мэт нэг л уйтай болчихож билээ. Түнэр харанхуйгаас олоод харчих юу ч үгүй атал тэр бүсгүй гэрэлт цамхаг мэт тэнгисийн эрэг дээр ганцаар зогсоод л байсан, зогсоод л байсан.


II

Хэзээ ч билээ дээ, аяллын сэтгүүлээс санаандгүй уншсан гуравхан асуулттай нэгэн ярилцлагыг би одоог хүртэл мартдаггүй юм. Тэнд “Аль нэг хотыг гүн гүнзгий мэдэрье гэвэл яах ёстой вэ” гэсэн энгийн асуултад аяллын сэтгүүлийн туршлагатай редактор эмэгтэй “Өдөр бүр нэг газраа оч” гэж тун оновчтой хариулсан байж билээ. Гэхдээ тэрхүү зөвлөгөө маргаашийг яг л өнөөдөр шигээ байлгахыг зорьдог манай аав, ах хоёрт тийм ч сонин содон санагдахгүй гэдэг нь лав. Тэд угаасаа л тийм хүмүүс. 

Аятайхан хоолны газар олсон л бол өдөр бүр тэндээ хооллодог, алхахад тохиромжтой нам гүм жим олсон л бол өдөр бүр түүгээрээ алхдаг тэдний маань аялах арга барил анхандаа хэт хуучинсаг, уйтгартай санагддаг байсан ч тэрхүү ярилцлагыг уншсанаас хойш харин ч шинэлэг, өвөрмөц санагдах болсон шүү. Аав бидний хэтэвч, ах бидний хөтөч учраас тэдний эл арга барил он удаан жилийн хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой аялах уламжлалыг бидэнд өвлүүлэн үлдээжээ. 

Бид эхлээд Чёнгёчоны эрэг дагуу алхдаг байв. 19-хөн насандаа Сөүлд ирж суурьшаад амьдралынхаа гал цогтой насыг энэ хотын төлөө шатааж дүрэлзүүлсэн ах минь анх намайг ирэхэд “Сөүл шинэ горхитой болсон. Хотын дарга хатаж ширгэсэн Чёнгёчон горхийг дахин сэргээхийн тулд дээгүүр нь сүндэрлэх хурдны замын аварга гүүрийг нураасан нь эхэн үедээ асар их шүүмжлэлийг дагуулсан ч одоо бол тэр Сөүл хотынхны хамгийн хайртай хүн болсон” хэмээн шоржигнон урсах горхины чимээнд уран фантаазтай ярих нь Түндэмүнээс Чёнгёчоны эхэн хүртэлх цаг гаруй алхах урт замыг дэндүү богинохон болгодог байж билээ. Чёнгёчон бол Сэлбэ гол, Хан мөрөн бол Туул гол, Намсан бол Зайсан толгой гэсэн ахын ончтой зүйрлэлийг одоо ч би тод санаж байна. Нэгэн цагт Сөүлийн зүрхэн дундуур урсаж байгаад хурдны замын сүүдэрт мартагдаж бүүдийсэн Чёнгёчон горхи өдгөө бол Сөүлийг ногоон хот болгож буй амин судал учраас Сөүлд ирэх гэж буй хэн нэгэнд энэ горхийг заавал үзээрэй гэж аминчлан захидаг боловч тоодог хүн даанч цөөхөн. 

Дараа нь бид Намсан өөд уйгагүй мацсан. Харгуй зам бүрээр нь өгсөж уруудсан. Ширэнгэ мэт шигүү ойгоор хүрээлүүлсэн чулуун жимээр нь алхсаар уулын оройд гараад тэнгис мэт уудам цэлгэр хотыг шунамхайран ширтдэг байв. Уулын орой дахь төмөр торонд “хэзээ ч салахгүй шүү” хэмээн дурлалт хосуудын шившиж өлгөсөн хос цоожнууд Сөүлийг Азийн Парис, дурлалын хот хэмээн нэрлэхэд эрхгүй хүргэдэг сэн. Хан мөрөн, хаяа нь үл харагдах гэрэлт хот Намсаны оройгоос ер бусын чамин харагддаг.  


III

Хан мөрний эрэгт, намхан толгодын дунд орших Сөүл хот чухам хаанаас эхэлж хаана дуусаж буйг тодорхойлох хэцүү. Заримдаа энэ хот Монголын тал нутаг шиг, бас миний үзсэн тэнгис далай шиг өргөн уудам санагдах нь бий. Бид Улаанбаатарынхаа гудамжинд өглөө оройдоо нэг нэг цаг саатсаныгаа бүхэл өдрөө бөглөрөлд үрлээ хэмээн халагладаг бол Сөүлд өглөө, оройдоо бүтэн цагийг метронд үрэх нь энгийн л үзэгдэл. Ийм л өргөн уудам орон зайтай хот.

Харин цаг хугацааны хувьд, Сөүл бол өнөөдөр оршдог хот. Бидний “маргааш л хийе дээ” гэсэн цалгар назгай занг энд лав харахгүй. Хуучин эзэд нь амьдардаг байраа орхин одож, шинэ эзэд нь нүүж ирэхэд, бидний тооцоогоор бол хамгийн багадаа хоёр өдөр хэрэгтэй атал энд бол “өнөөдөр” л хангалттай гэцгээнэ. 24 цагийн хүнсний мухлагийг өдөрт нь нээж байхыг өөрийн нүдээр би харсан юм даг. Засварын ажил нь ч хараахан дуусаагүй бохир заваан байрыг өглөө нь хүлээж аваад өдөрт нь л цэвэрлэж тохижуулмагцаа зарах бараа бүтээгдэхүүнээ шинэхэн лангуун дээр жирийтэл өрөөд эцэст нь худалдагч нь ирснээр тэрхүү дэлгүүр үүд хаалгаа нээж билээ. Ийм л шуурхай хот. 

Сөхөрч ойчсон улс орноо нуруундаа үүрч өдий зэрэгт хүргэсэн ахмад үеийнхэн нь хичээл, дугуйлан хоёрт л цаг заваа завсаргүй үрж өссөн залуу үеийнхнээсээ эрс ондоо. Солонгос хүний шаардахдаа шаардаж, бухимдахдаа бухимдаж чаддаг шазруун, омголон занг тэднээс л олж харна. Гэвч өнөөгийн иргэншсэн солонгос хүнийг өдөр тутмын аар саархан, биднийхээр бол хялбархаан шийдчих асуудалд туйлын нухацтай хандаж, шийдлийг нь олох гэж мунгинаж байгааг хараад дүйнгэдүү, бараг л мангардуу хэмээн өнгөц дүгнэж болох ч өнөөдөр бүтээснээ маргааш нь бага багаар сайжруулсаар л байдаг, нэгэнт төгс шийдлийг олчихсон л бол түүнээ удаан хадгалдаг чанар нь үнэхээр биширмээр. Тийм учраас л өнөөх төгс шийдлээс өөр, гажууд тохиолдолтой тулгарахаараа гайхаж балмагдаж орхидог нь асуудлыг тухай бүрт нь шийдээд сурчихсан монгол хүнд гайхмаар сонин санагдах нь аргагүй юм. 

Солонгос хүн бас туйлын эх оронч. Өөрсдийнх нь тамирчин ялагдаа л бол зурагтаар шууд өөр зүйл гаргаж эхэлдэг, өөр улс оронд явахдаа ч өөрсдийн нутаг нэгтнээ дэмждэг зэрэг нь дэлхий дахинд дэндүү танил болжээ. Бүр заримдаа гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар нь тэдний амьдардаг байр сууцнаас илүү тохилог, цэвэрхэн санагдах нь бий. Гудамжаар яваа ганган залуус гэртээ бол хөглөрсөн хувцсан дунд л амьдардгийг Сөүлд айл нүүлгэдэг монгол залуус андахгүй. Үнэхээр ч солонгосчууд ажлынхаа төлөө ахуй амьдралаа гаргуунд хаяхаас ч сийхгүй, ажиллахын тулд амьдардаг улс.  


IV

Үргэлжийн хөдөлгөөнд оршдог Сөүлийг гаднаас нь хөндлөнгийн нүдээр ажвал, харин ч тайван, тогтуун хот гэдэг нь анзаарагдана. Өдөржин гүйлгэж уншаад ч барахааргүй эрээн мяраан самбаруудтай бум бужигнасан гудамжинд нь өч төчнөөн хүнтэй зөрөх ч өдөр бүр нэг л гудамжаараа яваад л байвал Сөүл тийм ч өнөр өтгөн санагдахгүй. Гудамжны үзүүрийн умгархан зайнд төвхнөсөн гоймонгийн мухлагийн хижээлдүү насны эмэгтэй, галт тэрэгний буудлын аль нэг буланд сонин дэвсээд л шөнийг өнгөрөөчихдөг сөжү уудаг өвөө чамайг хоёр жилийн дараа үүгээр өнгөрөхөд ч байсан байрандаа байж л байна. Харин хоёр жилийн тэртээх чи л “хуучирсан” байх вий. 

Аав минь нэг гудамжаараа өдөр бүр явсаар байгаад шанзтай боов хайрдаг нэгэн эртэй тун ч дотно найзууд болж билээ. Нэгнийхээ юу ярьж байгааг үл ойлгох тэдний нөхөрлөлийг мянган воны үнэтэй амтат боов, магадгүй бас үнэнч цайлган зан хоёр нь л гагнаж холбодог байсан биз. Намайг хоёр жилийн дараа үүгээр явж өнгөрөхөд тэр эр өнөөх амтат боовоо гудамжинд хайрч л байсан юм даг.   

Далайн эрэг дээр очих бүртээ манайхан нас дээр гарсан өвгөн, эмгэн хоёрын ажиллуулдаг, зам дагуух жижигхэн хоолны газарт байнга хооллодог байлаа. Өвгөн нь үүдэнд зогсоод үйлчлүүлэгчээ урин мэндчилдэг, эмгэн нь гал тогоондоо зогсоод эрвийх дэрвийхээрээ хоол хийдэг нь ирэх бүрт яг хэвээрээ. Хоолны амт нь хүртэл өөрчлөгдөхгүй юм аа гэж аав, ах хоёр ярина. Харамсалтай нь сүүлд очиход эмгэн нь үүдэндээ зогсоод үйлчлүүлэгчээ урьж байхтай таарсан юм. Өвөө хаачсан бэ гэж ахын эхнэрийг асуухад “Тэнгэрийн оронд очсон” хэмээн эмээ гунигтайхан хариулаад “Орж хоол идээч” хэмээн хэлэх зуураа гал тогоо руугаа алхаж билээ. 


V

Сөүл бол хэнээс ч, юуг ч нэхдэггүй хот. Уйлагнасан бороотой өдөр уншина даа гэж авчирсан Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь, баяртай” номны завсар дахь 20 мянган вон маань өнөөдрийг хүртэл үрэгдээгүй хэвээр. Улаанбаатараас авчирсан мөнгө маань ердөө л энэ байсан юм. Сөүл ийм л өглөгч хот.

Яг одоо Сөүлд үдэш болж байна. Анх намайг Сөүл рүү явах гэж байхад нэг бүсгүй Dunkin’ Donuts, Baskin Robbins, Starbucks-д заавал орж үзээрэй хэмээн аминчлан захисны хоёрыг нь би биелүүлжээ. Баскин Роббинзын зайрмагийг би ханатлаа идэж үзсэн. Dunkin’ Donuts-ийн поончикийг би өөрөө идээд зогсохгүй Монгол руу авч яваад ээжид амсуулсан. “Миний амьдралдаа идсэн хамгийн гоё амттай боов” хэмээн ээж үе үе дурсдаг юм. Харин би Старбаксын кофег амсаж үзээгүй л явна. Хамгийн сонирхолтой нь юу гээч, би яг одоо Итавон гэх америк хороолол дахь Старбаксын тохилог кофе мухлагт, цонхоор Сөүлийн завгүй гудамжийг ширтэн суугаад үүнийг бичин сууна. Би кофе захиалаагүй ээ. Яагаад ч юм, Старбаксын кофег амсаж үзэх үе нь энэ удаа биш бололтой. Угаас кофе уудаггүй надад дараа хийж үзэх зүйл нэг байж л байг.

Магадгүй би Д.Урианхайн шүлгийн мөрт шиг “Инээд шиг хуучин хүний амьдралд нулимс шиг халуун байх” гэж л иймэрхүү дурсамжийг маргаашийн өдрүүдэд зориулж нөөдөг байх. Энэ шүлгийг би “Пусаний охин”-ы бичвэрээс уншсан юм. Пусаний охин гэдэг нь Пусанд сурдаг монгол охин л доо. Сөүлд уншсан монгол шүлэг учраас л Сөүлийн тэмдэглэлээ энэхүү яруу хэмнэллэг шүлгээр эхлэхээр шийдсэн минь энэ. 

Өнөөдөр би өнөөх л Чёнгёчон горхиор алхаж, өдөржин дотор нь саатах дуртай Сөүлийн хамгийн том номын дэлгүүрээр орж, эцэст нь Намсаны оройд гараад энд ирээд байна. Хэрэв хэн нэгэн надаас “Би Сөүл хоттой танилцмаар байна” гэж асуувал яг л энэ замаар алхаж Сөүлийн хэмнэлийг мэдрүүлнэ дээ гэж би боддог байсан ч өнөөг хүртэл хэнийг ч дагуулж яваагүй л байна. Тийм учраас л өнөөдөр дахиад л өнөөх замаараа ганцаар алхлаа. Уг нь энэ замыг Пусаний охинд, Пусаний охины найзад үзүүлж болох л байсан. Бас л маргаашийн өдрүүдэд зориулж нөөе дөө.

Сөүлд ирээд буцах бүрт заавал нэг сайхан зүйл болдог сон. Бас Сөүлд ирэх бүрт Монголынхоо нэг зүйлийг дотночлон санадаг юм. Энэ удаад нар шаргалтан ээсэн хөдөөгийн буйд сумын төвийг бүр их саналаа. Бүр бүхий л насаараа, тэнд “түүн”-тэй хамт амьдарч болмоор ч юм шиг санагдлаа. 

Ном бүр дурсамж





Оршлын оронд

Ном шимтэж авдаг болоод арваад жил өнгөрчээ. Том өрөөний нэг ханыг бараг бүхэлд нь халхалсан, нийлээд 45 нүдтэй гурван шүүгээ бүгд номоор дүүрчээ. Яг энэ мөчид үүнийг бичих зуураа нимгэн зузаан ном чигжүү өрсөн ойролцоох тавиур луу хартал, тээр жил Сөүлийн нисэх онгоцны буудлын жижигхээн номын мухлагаас заавал сүүлчийн мөнгөө үрж байж л гэртээ харих ёстой юм шиг санан үлдсэн жаахан вон-оороо зориглон байж худалдаж авсан David Denby гэгч профессорын "Great books" гэх зузаан ном, бас аавын минь бичсэн "Нутгийн улиас" шүлгийн түүвэр, хажууд нь Архивын газрын урт бүүдгэр хонгил, бөглүү шатны төгсгөл дэх умгархан өрөөнд нь орох бүрт тамхи баагиулан сууж байдаг Ц.Цэнгэл ахын тун ч сайхан орчуулсан "Алтан сүм" роман нүдэнд туслаа.

Эхний номны хувьд, нэр нь л сүртэй санагдсан болохоос биш одоог хүртэл уншиж дуусгаагүй л явна, бүр хэдхэн удаа л нээж харсан төдий. 204 хуудастай, хуудас бүртээ шүлэгтэй аавын номыг харах бүртээ, яагаад ч юм, "Бид явлаа гэсэн нь, бид үхлээ гэсэн үг байсан юм" гэх ердөө хоёрхон мөр шүлгийг нь л дурсан санадаг нь сонин. Харин "Алтан сүм" роман аль нэг өдрийн аль нэг хоромд санамсаргүй байдлаар ч гэсэн нүдэнд минь өртвөл тамхины утаатай умгар өрөөндөө суугаа Цэнгэл ах заавал санаанд ордог.

Ийнхүү ном бүрт надтай учирсан түүх байдаг бөгөөд өөрийнх нь үндсэн утга агуулгаас гадна зөвхөн өөрт нь л хамаарах, бас надтай холбогдох нэгэн дурсамжийг яг л хуудасных нь завсар хавчуулж үлдээгээд мартаж орхисон хатсан навчтай адил хаа нэг газраа, хадгалж байдаг гэдэгт би лав итгэдэг. Тийм болоод ч тэр үү, ном амьтай, шидтэй гэх мэт үгс хэзээд үнэмшилтэй, итгэж болохоор ч юм шиг сонсогддог сон.

Нэгэнт ном бүрт дурсамж бий гэж өгүүлсэн учраас номын сангаа эргүүлдэн байж 10 номыг сонгон, тэдгээртэй учирсан түүхээ хуваалцахаар шийдлээ. Яг өнөөдрийнх шиг зуны бүгчим өдрүүдэд тохирсон хамгийн зугаатай ажил гэвэл магадгүй энэ л байх. Гэхдээ эд бол хамгийн сонирхолтой дурсамжтай нь биш, зүгээр л зуны орой эргэн дурсахад яг тохирсон номнууд юм.






Нэр нь үл мэдэгдэх зурагт ном 



1993 онд Японд хэвлэгдсэн эл номны нэрийг одоо ч би мэддэггүй юм. Тэр жил Япон яваад ирэхдээ авчирсан аавын бэлэг энэ. Хуудас бүр нь япон тайлбартай ч зургууд нь тайлбарлуулаад байхааргүй их энгийн өгүүлэмжтэй. Япон ном мөртлөө монгол домгийн тухай өгүүлдэг. Ах, эгч, бид гурав зургийг нь хараад л үйл явдлыг нь төвөггүй ойлгочихдог байв. Нэгэн унага өсөж том болоод аргамаг сайн хүлэг болох бөгөөд эзэнтэйгээ хамт наадамд уралдаж ноёдын морийг хол тасархай орхин түрүүлснээс эзэн нь зодуулж жанчуулдаг бол өнөөх морь ноёных болж, улмаар өөр дээр нь мордох гэсэн эзэрхэг ноёныг тонгочин унагаагаад эх нутаг руугаа яаран давхих боловч ноёны албатуудын араас нь харвасан суманд оногдон хүнд шархаддаг. Биеэр нь зэвт сум битүү шигчихсэн тэрхүү ер бусын баатарлаг морь үхэхээсээ өмнө эзэндээ амжиж ирж буй нь дэндүү өрөвдөлтэй санагддаг байж билээ. Бараг л уйлах шахна. Ийнхүү морины эзэн морин хуур урлаж, нутаг орныхондоо хуурдаж буйгаар ном төгсдөг. Уг нь энэ ном ор сураггүй алга болчихсон байсан ч жилийн өмнө юм уу даа, аав гаражин доторх хог новшоо эмхэлж байгаад олж билээ. Багын дурсамж сэргээд л ирэх шиг болсон. Аргагүй шүү дээ, ах, эгч, бид гурвын анхны ном юм чинь... 








Андерсений шидэт үлгэрүүд 

Энэ бол зөвхөн надад хаяглагдсан миний анхны ном. 1995 онд Данид хэвлэсэн болохыг номны эхний хуудаснаас мэдэж болохоор. 1996 оны хавьцаа аав Дани явсан бөгөөд ирэхдээ үүнийг надад авчирсан юм. Би тэр жилийн намраас 23-р сургуулийн англи хэлний ангид суралцаж эхэлсэн тул Данийн ард түмний бахархалт зохиолч, үлгэрийн хаан гэгддэг Андерсений англи хэл дээрх үлгэрүүд надад яг тохирсон бэлэг байлаа. Зургууд нь их гоё боловч үг хэллэг нь миний англи хэлний мэдлэгээс дэндүү хэтийдсэн. Бүр одоо ч уншихад ойлгохгүй хэсэг олон тааралддаг. Хамгийн инээдтэй нь, зөвхөн надад гэж өгсөн бэлгэн дээр маань ах тэр даруй өөрийнхөө нэрийг хоёр ч газар англиар бичээд, доор нь “My book. English” гэж дармалдчихсан юм даг. Би мөчөөгөө өгөхгүй гэсэндээ түүний нэрний чанх дээр жинхэнэ эзэн нь би юм шүү гэдгээ бат нотлохын тулд “E.Enkhtsolmon” гэж турь муутайхан дуурайлган бичиж билээ. Манайх гэдэг айл энэ хооронд хоёр удаа нүүж суусан ч энэ ном хаягдаж гээгдэлгүй 20 жилийг надтай хамт өнгөрүүлжээ. 




Анхны толь бичиг 

Бидний үеийнхэн Д.Алтангэрэлийн толь бичгийг өргөн ашигладаг байсан гэвэл одоогийн сурагчид ер итгэхгүй биз. Энэ бол Оксфорд, Коллинзын толь бичгийн бараа сураг ч үгүй байсан үе. Уг нь цэнхэр хавтастай боловч тэр үед зурагтаар их гардаг байсан “Мөлхөө жаал” хэмээх киноноос санаа аван гадаад сэтгүүл дээрх гарчигнуудын үг үсгийг нэг нэгээр нь салгаж хайчлан нүүрийг нь ингээд өөрчилчихөж билээ. Доод талд нь хоосон зай гарахаар нь шувууны зурагтай шуудангийн марк наачихсан юм даг. Манай ангийнхан бүгд ийм толь бичигтэй байв. Тийм учраас аав, ээж хоёроос шаардан байж энэ “Алтангэрэл”-ийг одоогийн Ачлал их дэлгүүрийн замын урд тал дахь гадаа ном зардаг хуучин номын худалдаачнаас худалдаж авч билээ. Оксфордын тольтой болсноос хойш энэ муугаа бараг л нээж сөхсөнгүй дээ. 




Цаазын тавцан 


Манайд хоёр ширхэг байгаа ном. Ийм учиртай юм л даа. Манай сургуульд уран зохиолын хичээлийг “театрын жүжиг тавьж буй” мэт маш сонирхолтой заадаг багш байв. Тэгсэн нэг өдөр, тэр багш ёстой юун тухай ярьж байгаад ийш хазайсан юм бүү мэд, гэнэтхэн л Чингиз Айтматовын тухай, тэр тусмаа Цаазын тавцан романы тухай ярилаа. Одоо бодоход бас л сонирхолтой ярьсан байгаа юм. Би бүр уншмаар санагдаад болдоггүй, ингээд хорхой хүрээд байж байтал дэргэд минь суудаг Очирбат хэмээх нүдний шилтэй даруухан хүү “Надад Цаазын тавцан байгаа” л гэлээ. Тэгэхээр нь “Маргааш авчирч чадах уу” гэтэл “Чадна аа” л гэж байна. Тэр хэлсэндээ хүрч, маргааш нь энэ номыг надад “түр” зээлдсэн юм даг. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Хамгийн сонирхолтой нь, “Цаазын тавцан” манай гэрт байсан байгаа юм даа. Айлаас эрэхээр авдраа уудал гэж юутай үнэн үг вэ? Одоо түүнтэй уулзаад номыг нь эргүүлж өгөх юм сан. Аравдугаар ангиа төгсөөд л тэр хаашаа ч юм, ор сураггүй алга болчихсон юм даг. Үгүй ядаж л номыг нь нэг уншчих юм сан даа. Хоёрын хоёр “Цаазын тавцан”-тай хэрнээ нэг ч удаа буурьтай сөхөж үзээгүй л байдаг. 






Монтэнийн Сонгомол эсээнүүд 



Би нэг хэсэгтээ л Монтэниэр өвчилсөн юм. Гэхдээ тэгж өвчилсний дүнд би анх удаа эмэгтэй хүнд дурлаж, анх удаа эмэгтэй хүнтэй догдлон уулзаж, анх удаа эмэгтэй хүний гараас атгаж үзэж билээ. Саяхныг хүртэл хүмүүс Yahoo-гоор их харилцдаг байлаа. Хүн болгон янз бүрийн аватор зурагтай байсан бөгөөд минийх найзууд дундаа арай содон, тэр нь Монтэнийн хөрөг. Өмнө нь нэг л удаа үгийн зөрөөгүй тааралдаж асан, арван жилийн ангийн охины маань их сургуульд хамт сурдаг хөөрхөн охин “Наадах чинь хэн бэ?” гэж над руу гэнэт бичдэг байгаа. “Монтэнийг таньдаггүй юм уу?” гэсэн ихэрхүү хариултаас бидний харилцаа эхэлсэн гэж би боддог юм. Сонгомол эсээнүүд бол “Суут 60 сэтгэгч”-ийн дараах миний уншсан Аюурын хоёрдахь ном. Би Монтэнийн хар номыг мөн ч их уншсан төдийгүй мөн олон ч удаа худалдаж авсан. Солонгост сурдаг ахдаа нэгийг шинээр худалдаж аваад шуудангаар илгээтэл ах маань нэг хүнд түүнийгээ бэлэглэчихжээ. Зуныхаа амралтаараа Монголд ирэхдээ өөрийнх нь үргэлж дурсаж ярьдгаар бол, яалт ч үгүй анхны хайр нь байсан нэгэн охинд, “Онгоцондоо суугаад үзээрэй” гэж хэлээд нэгэн номыг хамтдаа авхуулсан хэдэн зурагтай хамт өгсөн нь бас л Монтэнь байв. Мэдээж тэр нь миний л Монтэнь байж таарна шүү дээ. Ах номын дэлгүүр ортлоо л удна. Хэдэн жилийн дараа, намайг Солонгост очоод байхад ах өнөөх олон Монтэнүүдийнхээ тухай хоёр найздаа ярьтал тэд “Монголд очоод бид хоёр луу нэг нэг Монтэнь явуулаарай” гээд надад мөнгө өгч билээ. Би Монголд ирмэгцээ номын дэлгүүрээс хоёр цоо шинэ Монтэнь худалдаж аваад шуудангаар илгээв. Тэгэхээр нэг номыг хамгийн олон удаа худалдаж авсан нь Монтэнь л болж таарах нь. Сүүлд би өөрөө ямар ч Монтэньгүй болчихсон тул өөртөө зориулж “ганц сайхан” Монтэнь худалдаж авч билээ. Нягталсан гуравдахь хэвлэлийг нь. Энэ хэвлэлтийнх нь наалт тун тааруу болохоор хүчтэйхэн дэлгэхэд л хуудас хуудсаараа салчих гээд байдаг байв. Би бүрэн нээлгүйгээр маш болгоомжтой уншина. Гэтэл олон жил огт салаагүй байсан Монтэнийг минь ээж ердөө ганц л удаа уншихдаа хүчтэйхэн дэлгээд хуудас хуудсаар нь салгаад хаячихав аа. Монтэнийн араншинг надаас илүү мэдэх хүн энэ гэрт лав байхгүй байх шүү. Нээрээ одоо Монтэниэ эхнээс нь дуусах хүртэл дахиад нэг нухацтай унших юм сан. Түүнийг унших бүрт заавал нэг сайхан зүйл болдог сон. 









Өрнийн мэргэн ухаан 

Тайлбар сэлт нь хачин гоёмсог. Уг нь тэрхэн үедээ ихэд мэрж уншсан энэ ном “Сократ, Платон, Аристотель гурав чинь багш шавь юм билээшдээ” гэснээс өөр мэдлэг надад үлдээгээгүй (номны сайн муу энд огт хамаагүй, би бусды нь мартчихсан хэрэг) боловч номыг худалдаж авсан өдөр маш онцгой үйл явдал тохиосон учраас би тэр оройг ер мартдаггүй юм. Аравдугаар сарын тийм сэрүүхэн ч биш, тийм дулаахан ч биш орой. Би Монтэниэр дамжуулан танилцсан өнөөх хөөрхөн охинтойгоо анх удаа болзсон бөгөөд “Орой хамт хоол идэх үү?” гэсэн саналдаа зөвшөөрөл авчихаад болзооны ямар ч туршлагагүй би “Хаана юм идмээр байна?” гэж зөрүүлж асуутал “Чиний сонгох газар сонин байна” гэж тэр хэлээд намайг ацан шалаанд оруулчихаж билээ. Интерномоос энэ номоо худалдаж авчхаад МУИС-ийн хоёрдугаар байрны үүдэнд түүнийг хүлээнгээ хаана хооллож болох тухайгаа бодсоор л байв. Яагаад ч юм, би ямар ч шийдэлд хүрч чадаагүй юм даг. Хачин шүү, тэгж удаан бодсон мөртлөө, бүр цүнхэндээ “Өрнийн мэргэн ухаан” гэсэн ухаант хүмүүсийн үзэл санаагаар дүүрэн номтой хэрнээ л юу ч бодож төлөвлөөгүй юм. Гэхдээ тэр орой Кудамм орж хооллосон шүү, мэдээж түүний саналаар. 



Джордж Оруэлл 

Энэ уг нь аавын ном. Орос хэлгүй би уншина ч гэж юу байхав. Харин хамгийн сүүлд уншсан хүн гэвэл өнөөх Монтэнээр танилцсан хөөрхөн охин. Тэр Харри Поттерын бүх цувралыг орос хэл дээр уншсан учраас Оруэлл таалагдана гэж бодоод түүнд санал болгоод зогсохгүй бас хойшид уншихгүйгээс хойш гэж санан түүнд номоо бэлэглэчихэв. 1984-ийг шимтэж уншиж байсныг нь би сайн санаж байна. Гэвч тэр нэг л өдөр энэ номыг надад буцааж өгсөн нь хоёулаа одоо больё доо гэсэн үг байв. Хавар хэзээний л зэврүүн улирал шүү. Ийм зүйл удахгүй болохвийдээ гэж таамаглаж байсан ч яг тулаад ирэхээр юунд ч итгэхийг хүсдэггүй юм билээ. Цонхигор саарал тэнгэрийн дор удаан алхсаны эцэст нэг л мэдэхэд түүний гэрийн гадаа би ирчихсэн байв. Гэхдээ тэр хэзээ ч гарч ирээгүй юм даг. 



Монголын сонгомол яруу найраг 

Хуудаснуудынх нь элэгдсэн, урагдсан, үрчийсэн бүхэн энэ номыг хэчнээн их эргүүлж тойруулж байсны илрэл. Номны эхний хуудсан дахь “Энэхүү ном нь энэ гэрийн үнэт өмч тул зөвшөөрөлгүй унших, авч явахыг хориглоно. Э.Энхцолмон” гэсэн эв хавгүйхэн дармалдсан анхааруулга үгсийг үнэндээ би биш, ээж бичсэн юм. Бүр надаас зөвшөөрөл авалгүйгээр шүү. Тэрхэн үедээ ээжийг яах гэж ийм сонин юм бичиж байгаа юм бэ гэж зэмлэсэн ч одоо энэ ном ээжийн тэр бичиг байгаа учраас л ихэд дотно санагддаг болж. Заримдаа юмсын үнэ цэнийг ухаарч ойлгохын тулд зүгээр л тэвчээртэйгээр хүлээж сурах хэрэгтэй юм шиг ээ. 




Кубын хувьсгал 

Зузаанаараа тоосго шиг, жингээрээ 3-4 кг өлхөн татах энэ номыг Сөүлийн номын дэлгүүрээс аав, бид хоёр худалдаж авсан юм. Бараг л 100 долларын үнэтэй эд. Аав англи хэл мэдэхгүй ч зураг бүрий нь тухтай харж, “Яая, авахгүй орхивол сүүлд харамсдаг юм болов уу” гэж бараг цаг гаруй тээнэгэлзэж зогссоны эцэст авч билээ. Аз таарч ганц хоёр газраа урагдаж хуучирсан тул 30 хувийн хямдрал үзүүлсэн юм даг. Үүнд нь урамшсан аав бид хоёр авъя гэж бодож байсан бас нэг номныхоо гадна талын нимгэн хавтсыг 2 мм хэртээ урсныхаа дараа дэлгүүрийн худалдагчид “Энэ харж байна уу? Хуучин ном байгаа биз дээ” гэж хэлээд цоо шинэ номыг бас л 30 хувь хямдруулж авсан нь бид хоёрын сэм хуйвалдаж үйлдсэн жижигхээн “хууран мэхлэлт” байв. 



Замд 

Зүүн талынх нь зохиолч өөрөө бол баруун талынх нь зохиолын гол дүр. Энэ хоёр хамтдаа Америк орноор хөндлөн гулд аялдаг юм. Гэхдээ танин мэдэхүйн үүргэвчтэй аялал биш ээ. Нэг тийм зоргоороо аялал. Хориод насны залуусын зорьсон чиглэлгүй, зорилгогүй аялал л даа. Тэдний тухай яг ийм нэртэй кино хийсэн нь бас сонирхолтой санагдсан шүү. Jack Kerouаc-ийг даавуун үүргэвчээ мөрөвчлөөд Америкийн зүүн эргээс баруун эрэг тийш ачааны машины тэвш дамжин аялахыг хараад би Хөвсгөл нуурыг явган тойрох аяллынхаа урам зоригийг авч билээ. Энэ номыг надад бэлэглэхэд нь аяллын турш “эзэн”-ийг нь санаж явахын тулд, үргэлж түүнтэй хамт яваа гэж өөртөө итгүүлэхийн тулд аяны үүргэвчиндээ зориуд хийж, далай тойрон 20 орчим шөнө ганцаар хоноглохдоо бараг л нээж хараагүй ч нэг л дотно, ээлтэй санагддаг байсан зүйл гэвэл энэ ном. Тэгэхээр ном дан ганц зохиолчийн үг өгүүлбэр төдийгүй дурсамж, бас чухал нэгнийг өөртөө тээж явдаг гэдэг нь яриангүй үнэн байгаа биз. 


Төгсгөлийн оронд 

Үеийнхэн маань задгай мөнгөө тамхинд үрж эхэлсэн үеэс би ном худалдаж авдаг болжээ. Анзаараад байх нь ээ, тамхи татдаг найз нар маань, хоёр өдөрт нэг тамхи дуусгадаг бололтой. (Нэг нь 4500 төг.) Сард 15 гэсэн үг. Барагцаалбал 70-аад мянган төгрөгийг утаа баагиулахад зориулдаг аж. Тэгвэл ном ямар үнэтэй билээ? Орчин цагийн постмодерн зохиолын төлөөлөл, Орхан Памукийн "Хар судар" роман гэхэд дэлгүүрт 20 мянган төгрөгийн үнэтэй боловч би 20 хувийн хямдралтайгаар авч чадсан юм даг. Мөн 25 мянгын үнэтэй, Муракамигийн сүүлийн роман "Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд"-ийг мөн л хямдралтай авахын тулд нээлтийн өдөр нь очиход л хангалттай байв. Залуу цагтаа заавал унших ёстой зарим ном хямдраагүй үедээ ч хямдхан. Жишээ нь, Г.Аким абугайн англи хэлнээс хөрвүүлсэн Эрнест Хэмингуэйн "Өвгөн, тэнгис" тууж гэхэд ердөө 5000 төгрөг. Тэгтэл хоёр өдөрт ч нэг зарагддаггүй бололтой. Д.Урианхайн "Түүвэр зохиол" номын дэлгүүрт шинээрээ хоёр тамхины л үнэтэй. Энэ бүхнээс тооцоо хийж үзвэл, тамхиныхаа мөнгөөр сардаа 4-5 ном худалдаж авах боломжтой ажээ. Гэхдээ эдгээр нь Памук, Мураками, Хэмингуэй, Урианхай нарын зиндааны сор зохиолчдын номнууд шүү. Энэ тооцоог цааш үргэлжлүүлбэл, жилдээ 48-60 ном, арван жилд 480-600 ном авч болохоор байна. Өдгөө номын санд минь иймэрхүү тооны ном бий гэж үзвэл би ердөө бусдын тамхиндаа үрдэг мөнгөөр л номын сантай болчихож шүү дээ.