Pages

Sunday, September 9, 2018

Харь элгийн хүн




Хавар хачин учралаар дүүрэн улирал. Хаашаа л харна хүйтэн гандмал өнгөнүүд, хаашаа ч юм яарах мөртлөө “хөдөлгөөнгүй” урагшлах машинууд, хахирган өвлийн дараах хоосорч нүцгэрсэн модод. Тэнгэр нь уйтгартай ч юм шиг дүнсийчихдэг оройн бүрийгээр Улаанбаатар бүр ч уйтай болчихдогсон. Гэвч мөнөөх л гэнэтийн, санаанд оромгүй учралууд ой дурсамжийн минь хамгийн алс мухар тийш хэзээ ч эргэн дурсагдахгүйгээр үүрд одох учиртай байсан эгэл жирийн өдөр хоногуудыг хэчнээн ч удаа “аварч” үлдээснийг хэлж мэдэшгүй нь. Энэ учрал яг л тийм тохиол.

Би түүнтэй ярилцах сан гэж бүтэн жил хөөцөлдөж билээ. Утас руу нь залгах бүрт уртаас урт дуудсаар тасарна. Яг л хэн нэгэн алсад одож буй мэт санагдах тэрхүү бүдэгхэн тасалданги чимээнд би бараг дасал болчихсон байлаа. Гэвч тэр нэг л өдөр гэнэтхэн дуудлагыг минь авсан нь, тэр нь зөвхөн хаврын улиралд л таарч мэдэх зэвэргэн саарал өдөр тохиосон нь одоо бодоход хачин. Утасны цаана сөөнгөдүү гэмээр бүгтхэн, хайнгадуу дуу сонстов. Уулзмаар байгаагаа түүнд дуулгатал удахгүй Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтэнэ, тэнд хүрээд ирээрэй гэхээс өөрийг хэлсэнгүй. Эмнэлэгт эргэж очдог өдөр эргэн тойрон нэг л залхаг, хүнийрхүү санагдсан. Юу аваачиж очих вэ гэхэд минь “Юу ч хэрэггүй ээ” гээд удаанаар цааргалсан ч уйгагүй шалж асуусны дүнд “Жижиг савтай цэвэр ус болон Утга зохиол урлаг юм уу, Өнөөдөр сонины аль нэг дугаараас авчихаарай. Өөр зүйл хэрэггүй дээ” гэх даруухан хариулт сонсож билээ. Гэрийн ойролцоох сонины мухлагт захисан сонин нь байгаагүй тул замдаа “Өнөөдөр” сонины редакциар дайрч тэр өдрийн дугаараас нэгийг авлаа. Боломж олдвол гарын үсэг зуруулчих санаатай “Алтан сүм” хэмээх орчуулсан романыг нь цүнхлээд гарав. Тэр өдөр авч гарсан мөнөөх номоо үүнийг бичих зуураа дэлгэж хартал хуучин бичгээр таталгасан гарын үсэг болон мөнхүү номын хоёрдахь хуудсанд “Орчуулсан Цэрэнпунцагийн Цэнгэл” гэх нэр нүдэнд тусах нь тэр. Үнэндээ түүнтэй уулзахын өмнөх төсөөлөл минь энэхүү гурван үгнээс цааш төдийлөн хэтрээгүй явсныг дуулгая.


* * *


“Шөнийн пад хар тэнгэр дэх алтан саран лугаа адил Кинкакужи сүм өөрийнхөө баригдсан балар цагийг бэлгэдэн дүнсийнэ. Миний толгойд сүм өөрөөр, өөрийг нь бүчин хурсан харанхуйн хар дэвсгэргүйгээр төсөөлөгдөх аргагүй байлаа. Дотроосоо зөөлөн гэгээ цацруулах урт нарийхан баганууд нь харанхуйд ихэмсэг бардам, энгүүн тайвнаар дээш цойлно. Хүмүүс сүмд юу ч гэж хэлж мөргөлөө гэсэн төгөлдөр үзэсгэлэнт, эмзэгхэн тэрээр чив чимээгүй, эргэн тойрныхоо тасан хард автахгүй байх ёстой байлаа.”

Мишима Юкиогийн “Алтан сүм” романы хэсгээс


Өнгөрсөн хавар Сөүл рүү хоёр сарын хугацаатай аялахдаа үүргэвчиндээ ахиад л “Алтан сүм”-ийг авч явсан юм. Тэнд очоод Киото дахь Кинкакужи сүмийг нүдээр үзсэн нэгэн монгол охинтой таарч үүргэвчиндээ буй өнөөх номоо заавал уншаарай гээд түр өгч билээ. Сөүлд сурдаг тэр охин номыг минь хэдхэн хоногт амжиж уншчихаад буцааж өгөхдөө “Алтан сүм”-ийн зурагтай ил захидал дурсгасныг сайх номын завсраас дөнгөж сая оллоо. Ил захидал дээрх Кинкакужи сүмийн зургийг удаанаар ширтэн суугаад “Хүмүүс сүмд юу ч гэж хэлж мөргөлөө гэсэн төгөлдөр үзэсгэлэнт, эмзэгхэн тэрээр чив чимээгүй…” гэх өгүүлбэрийн утга, ярууг үнэн сэтгэлээсээ ойлгож мэдрэв. Үнэхээр л Алтан сүм зөвхөн намайг л ширтэх мэт харанхуйн дунд гав ганцаараа өнгө гэрлээ сацруулан ихэмсэг агаад чив чимээгүй дүнсийн харагдах ажээ.

Мишима эл романаа 1950 оны долдугаар сарын 2-ны шөнө болсон нэгэн цочирдом үйл явдлаас сэдэвлэн бичсэн бөгөөд тэр өдөр тус сүмд шавилан суудаг 22 настай хувраг хүү хагас мянганыг элээсэн хуучин сүмийг хайр найргүй галдаж орхиод арын модот ууланд нь амиа егүүтгэх гэж завдсан ч азаар эсэн мэнд үлдэж, долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэдэг. Эгэл жирийн хувраг хүү өөрийнх нь хувьд хорвоо дэлхий дээрх хамгийн төгс төгөлдөр байгууламж гэгдэх сүмийн гол асрыг чухам юуны учир үнс нурам болтол нь үгүй хийхээр шийдсэнийг Мишима энэхүү романаараа тайлах гэж оролджээ. Зохиолын гол дүр Мизогутагийн нүдээр Алтан сүмийг зураглан бичсэн хэсгүүд үнэхээр яруу. Хэзээ ч хуучиршгүй, мөнхийн гоо үзэсгэлэн гэж үүнийг л хэлнэ байх хэмээн унших явцдаа бодсон. Гэвч хэл найруулгынх нь уран ярууд хэтэрхий автаад утга агуулгыг нь сайтар ухаж ойлгоогүй явсан гэдгээ интернэтээр хэсэж яваад “Алтан сүм”-ийн тухай богинохон бичвэр уншихдаа олж мэдсэн юм, бүр мэдээд зогсохгүй дахин унших ёстойгоо ойлгосон. Тэнд өгүүлснээр бол:

“Мишима Юкио Алтан сүм хэмээх романдаа сайхны утга учрын тухай өгүүлжээ. Мишима сайхангүй амьдралын боломжийг үүсгэхийг оролдсон. Мизогутийн хувьд сайхан нь тодорхой объект буюу сүм болж, өөрөөр хэлбэл түүний идеал нь бодит зүйл болж хувирдаг. Мизогути Киотогийн Алтан сүмийг хараад сайхан өөрийгөө хамгаалахын тулд нуугдаж хүний нүдийг хуурч байх ёстой гэж бодох ажээ. Нэг өдөр түүнд сүмийг Америкчууд бөмбөгдөж болох тухай бодол орж ирээд мөнхийн гэж санагдаж байсан сүм мөнхийн биш болж хувирдаг. Ийнхүү сүм, Мизогути хоёр хоёулаа шатаж болох гэдгээрээ адилхан болно. Улмаар тэрбээр сүмийг шатаадаг.” [Эх сурвалж: Утга зохиол судлаач М.Ууганбаяр]


* * *


Нэг жилийн тэртээ хавар оройн цагаар эмнэлгийн үүд, шатны хэсэг, өвчтөнүүдийн өрөө гээд хүнгүй, эл хуль хэсгүүдийг эзгүйчлэн гурван өдрийн турш айвуу тайвуу үргэлжилсэн урт ярилцлагын маань “эзэн” дахин унших учиртай зохиолыг маань утга яруу орчуулсан гэхээр сэтгэлд дотно. 

СЭТГҮҮЛЧ: -Мишимагийн “Алтан сүм”-ийг таны орчуулгаар уншихад таатай сайхан санагдсан. Та мэдээж Мишимаг эх хэлээр нь уншаагүй байх, гэхдээ орос орчуулгыг нь уншихад яруу сайхан бичлэгтэй гэдэг нь мэдрэгдэж байсан уу? 

Ц.ЦЭНГЭЛ: -П.Гэндэндарам гуай хинди хэлнээс орчуулдаг гэдэг ч юм уу тун цөөн тохиолдлыг эс тооцвол манай томчууд голцуу оросоор дамжуулж орчуулдаг байсан. Мэдээж Ринчен гуай эд нар бол ондоо. Мажар юмыг мажараас нь л гэнэ. Гэхдээ л оросоос орчуулна гэдэг манайд дэг сургууль болтлоо хөгжчихсөн зүйл. Бараг 70, 80 жилийн туршлага байна. “Алтан сүм”-ийг анх оросоор дамжуулж уншихад Мишимагийн амт шимт мэдрэгдэж байгаа юм. Мэдээж Оросын орчуулагчид гэдэг цаад хэлээ мэдэхийн дээдээр мэддэг, хэдэн үеэрээ замначихсан, асар их өрсөлдөөн дундаас гарч ирдэг, шалгуур өндөртэй улс. Тэр талаас нь бодож үзсэн ч Оросын орчуулагч нарыг би муу гэж боддоггүй. Мишимаг оросоор уншаад надад буусан зүйл гэвэл яг л гадаадын уран зохиол уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Гэлээ гэхдээ би “Алтан сүм”-ээс өмнө Абэ Кобогийн “Элсний хүүхэн”, Кавабатагийн өгүүллэг гэдэг ч юм уу, нэлээд хэдэн япон зохиолчийн, тэртусмаа хилийн чинадад нэрд гараагүй залуу туурвилчдын богино өгүүллэгийг орчуулчихсан байсан. Тэгэхээр надад Япон орны ахуй соёлын ерөнхий дэвсгэр байсан гэсэн үг. 

СЭТГҮҮЛЧ: -Та Мишимаг хэдий үед уншсан бэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Хожуу хожуу. Би сургуулиа төгсөөд орчуулгын ажлаа нэг хэсэг хаясан. Хожим 1998 оноос байх аа, яруу найрагч Б.Цогзаяабаатар “Монголын мэдээ” сонинд ажиллаж байсан юм, тэр надад Нобелийн шагналт зохиолчдын өгүүллэгийг орчуулах санал тавихаар нь долоо хоног бүр нэг өгүүллэг орчуулаад явж байтал тэр маань сүүлдээ ном болох маягтай болоод эхэлмэгц ёстой л цангасан адуу шиг орчуулга руу дайрсан. “Алтан сүм” бол тэр үед л уншсан номын нэг. Абэ Кобо, Кавабата гээд өөр бий бий. “Годог хүлээх зуур”, “Сандал”, “Хожгор дуучин” гээд цааш хөвөрч өгнө. Тэр үед яасан ч эрчтэй байсан юм, таалагдсан номоо барьж аваад “шудраад шудраад” хаячихна. Би ер нь хурдан орчуулдаг талдаа, заримдаа гар гүйцдэггүй байлаа. 

СЭТГҮҮЛЧ: -Та цаасан дээр гараар бичиж орчуулдаг хэвээрээ юу?

Ц.ЦЭНГЭЛ: -Хэвээрээ. Тийм учраас л гар гүйцдэггүй байсан хэрэг.

СЭТГҮҮЛЧ: -“Алтан сүм”-ийг орчуулж байхдаа зохиолчийг нь сонирхож судалж байв уу?

Ц.ЦЭНГЭЛ: -Энэ чинь яг яадаг зохиолч вэ гэж судалж байгаагүй. Ерөөсөө л зохиолыг нь уншлаа, таалагдлаа, тэгээд шууд орчуулчихсан хэрэг. Тухайлбал “Элсний хүүхэн”-г ердөө 11 хоногт орчуулсан байдаг.

СЭТГҮҮЛЧ: -Орчуулах эсэхээ гэнэтхэн шийдчихдэг хэрэг үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Түрүүн нэг их эрчтэй орчуулж эхэлсэн гэж ярьсан даа. Голцуу өөрт таалагдсан, сэтгэлд багтсан, хамгийн гол нь үүнийг л бусдад хүргэчих юмсан гэж бодсон зохиол руугаа ханцуй шамлан ордог. Дараа нь зохиолчийнх нь тухай эргэцүүлж бодох ч юм уу, энэ хүн чинь үүнээс өөр ийм ийм зохиол бичсэн юм байна гэх маягаар зохиолчтой нь танилцдаг.

СЭТГҮҮЛЧ: Мишима, Кавабата, Абэ Кобо, Мураками, Миүра, Тэцүо гээд таны орчуулсан япон зохиолчдыг нэрлээд байвал урт жагсаалт үүсэх шинжтэй. Та яаж яваад Японы утга зохиолыг тэгтлээ их шимтэж сонирхох болов оо?

Ц.ЦЭНГЭЛ: -Правда сонины сурвалжлагчаар Англи, Японд, бас Хятадад олон жил сууж байсан орос сэтгүүлчийн “Сакура и дуб” гэж их гоё ном байдаг юм. Тэр номыг хоёр ч удаа уншсан санагдаж байна. Сакура гэхээр ойлгомжтой япон мод. Монголоор бол интоорын төрлийн мод. Харин Дуб гэхээр царс – тэр нь мэдээж Английн бэлгэдэл мод. Тэгэхээр энэ бол Азийн нэг арлын улс, Европын нэг арлын улс хоёрын тухай бичсэн ном. Японы ч тухай, Английн ч тухай маш сайн бичсэн. Ялангуяа Японых нь тухай уншаад тэр нь их нөлөөлсөн гэх юм уу, Японы утга зохиолыг сонирхож эхэлсэн гэж хэлж болно. Шимтэж уншаад ирэхээр хар аяндаа орчуулмаар санагддаг юм билээ.

СЭТГҮҮЛЧ: -Ингэхэд та Япон явж үзсэн үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Үзээгүй ээ. 

СЭТГҮҮЛЧ: -Тэнд очих боломж олдвол юуг түрүүлж үзэх вэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Киотод очиж “Алтан сүм”-ийг л нэг харчихмаар байна. Ер нь би гадагшаа явъя гэж нэг их боддоггүй мөртлөө Японыг бол үзчихмээр санагддаг шүү. 
За өнөөдөртөө болих уу!


* * *


Гурван өдөр үргэлжилсэн ярилцлага маань иймэрхүү гэнэтийн байдлаар өндөрлөдөг байв. Тухайн өдрийн ярилцлагын төгсгөлд гол баатар маань гадагш гарч үүднээс зайдуухан зогсоод тамхи баагиулан зогсох нь Альбер Камюгийн хамгийн алдартай хөрөг зургийг өөрийн эрхгүй санагдуулдагсан. Орчуулагч маань франц зохиолчийн алдартай романыг “Харь элгийн хүн” нэртэйгээр орчуулсныг ч хэлэх үү, амандаа янжуур зуун элдвийг ярих нь нэг л танил дотно санагдсанаа нуух юун!


1947 онд домогт гэрэл зурагчин Брессоны буулгасан Альбер Камюгийн хөрөг тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж байжээ. Францын Montpellier хотынхон шинэхэн баригдсан номын сангийнхаа гадна самбарт өргөн захтай нэлхгэр хүрмэндээ шигдэх Камюгийн хөргийг байрлуулахаар шийдсэн байна. Уг нь хамгийн байж болмоор санаа. Гэрэл зургийг буулгасан нь, мөн гэрэл зурагт буй нь хоёул франц эр, дэлхий даяар нэр нь цуурайтсан суутнууд. Гэтэл энэ шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс хаанаас ч юм гараад иржээ. Хөрөг зураг дээр “Харь элгийн хүн” (Монгол хэлнээ “Этгээд хүн”, “Хөндлөнгийн хүн” гэсэн өөр хоёр ч орчуулга бий) романыг бичсэн Альбер Камю байнга татдаг Gauloises-ийн янжуур амандаа зуусан байх нь тэр. Олон нийтэд тамхи татахыг сурталчлан, тамхины эсрэг хууль зөрчиж буй тул хотын төвд байрлах номын сангийн үүднээс тэр зургаа хуулж ав хэмээн олон нийтийн байгууллагууд хүчтэй эсэргүүцэв. Үүгээр ойролцоо байрлах биеийн тамирын талбай руу энгийн иргэд болон тамирчид бэлтгэл сургуулилт хийхээр явж өнгөрдөг. Тэглээ ч энэ хавьд эмийн сан хүртэл байна. Уушгины хорт хавдраар шаналж яваа өвчтөн өөртөө эм авахаар явахдаа энэ зургийг хараад юу гэж бодох билээ гээд л ёс зүйн няцаалтуудыг урсгаж өгөв. Харин дэмжигчид нь өөрсдийн нотолгоогоор хаалт тавьж байлаа. “Хөрөг зургийг хааж хорино гэдэг бол Сталинизмаас өөрцгүй хэрэг. Камю угаасаа л тамхи асар их татдаг байсан, энэ бол түүний хувийн онцлог шинж” хэмээцгээнэ. Нэг дэмжигч бүр “Та нар гаансгүй Шерлок Холмес, эсвэл навчин тамхигүй Хампри Богартыг төсөөлөөд үз л дээ” гэж хэлээд “Тийм л сүрхий юм бол Парист очоод Луврын музей дэх тамхичдыг дүрсэлсэн урлагийн бүтээлүүдийг бүгдийг нь гаргаж хая л даа” гэв. Харамсалтай нь, шүүхээс хөрөг зургийг буулгах шийдвэр гаргасан гэдэг. Гэхдээ “харамсалтай зүйл” өнө мөнхөд үргэлжилдэггүй билээ. 2012 оны 5-р сард домогт гэрэл зурагчин Хэнри Картьер Брессоны буулгасан Нобелийн шагналт зохиолч Альбер Камюгийн хөрөг зургийг “урлагийн бүтээл” хэмээн зүй ёсоор үнэлсэн шүүхийн шийдвэр гарч их зохиолчийн хөрөг номын сангийн үүдэнд дахин залрахаар болжээ.

Миний мэдэх орчуулагч Ц.Цэнгэл яг л Камю шиг үргэлж “янжууртайгаар” төсөөлөгддөг. Хэдэн жилийн өмнө Төв талбайн зүүнтээх Архивын газрын хуучин байшингийн, “хүн бараг очдоггүй” харанхуй коридор дахь багашаархан өрөөнд нь санаандгүй явж орсон минь түүнтэй уулзсан анхны тохиол. Тэгэхэд өрөө нь тамхины саарал утаагаар дүүрсэн байж билээ. Орж гарч буй хүмүүс үүнд огт тээршаасан янзгүй. Янжуур зуусан, яагаад ч юм Виктор Цойг санагдуулам буржгар үс, өндөр нуруутай тэрбээр энэ л төрхөөрөө ой тойнд минь удаан амьдарсан. Тэрхүү уулзалтаас хойш бид бараг уулзалдаагүй явсаар энэ өдрүүдийг хүрсэн юм. Шерлок Холмесыг гаансгүйгээр, Хампри Богартыг навчин тамхигүйгээр төсөөлөхгүй шиг түүнийг ч бас янжуур тамхигүйгээр төсөөлшгүй билээ. Ярианыхаа завсар “Та “Элсний хүүхэн” романыг 11 өдрийн дотор орчуулж байсан гэсэн. Орчуулга хийж байхдаа та ширээн дээрээ юу юу байлгадаг вэ? Бас өдөрт хэдэн цаг суудаг вэ?” гэж асуухад минь тэрээр ингэж хариулж билээ: “Залуучуудад муу муухай юм хэлчих гээд байна. Яг үнэнийг хэлэхэд тамхи их татна аа. Ер нь жирийн үеийг бодвол хамаагүй их татна. Тамхи мэдээж хортой. Гэвч орчуулга хийгээд сууж байхад жирийн үеэсээ их татчихсан байдаг. Тамхи тархийг түрхэн зуур сэргээдэг гэж хаанаас ч билээ уншиж байсан нь санаанд орчихлоо. Тэр үнэн байж магадгүй. Өөрийнхөө туршлагаас харахад орчуулга хийх явцад зарим үгийг оноож чадахгүй гацах явдал мэр сэр гардаг. Энэ чинь юу билээ, ямар үг оноох билээ гэж бодох зуураа уух юмнаасаа нэг балгаад, тамхиа асаагаад хоёр сороход толгойд орж ирэхгүй байсан үг маань гялс ороод ирэх жишээтэй. Гэхдээ ингээд ярихаар залуучуудад муу зуршил, тамхи татахыг заасан болчих гээд байна л даа... Толь бичиг нэг их хараад байдаггүй. Үргэлж толь сөхөөд байвал хэдийд нь орчуулж амжих билээ. Гэхдээ тайлбар толь харна. Харах юм гарна, угаасаа гардаг ч юм. Энэ дашрамд хэлэхэд нэг хэцүү юм байдаг. Тэр нь ургамлын нэр. Биологийн хүрээлэн энэ тэрүүгээр явж ургамлын монгол нэр асуух хэрэг их гарна. Ер нь өөрийнхөө орчуулж байгаа туршлагаас хэлэхэд өөрийн гараар бичсэн ургамлын монгол нэрийн тольтой болчих нь зүгээр. Гэвч дэлхий гэдэг чинь дэлгэр арвин юм болохоор Африк, Ази, Америкт ургадаг ургамлын нэрийг монголоор онооно гэдэг хэцүү л дээ. Тайлбар хийх шаардлага гарна. Тэнд ургадаг тийм ургамал гэх жишээтэй. Хажуугаар нь хааяа нэг кофе ууна. Ширээн дээрээ уух юм, тамхи тавина. Би нэг их орчин голоод байдаггүй. Машин дотор хүртэл суудлаа хойшлуулж байгаад жолооны ард бичиж л орхидог. Үзэг нь байна, цаас нь байна, орчуулах юм нь байна, тэгээд өөр юу хэрэгтэй гэж!?” 


* * *


Эхний өдрийн богинохон ярианы дараа түүний тухай багахан ч болов төсөөлөлтэй болж амжив. Тэр нэг ч удаа Японд очиж үзээгүй хэрнээ дэлхий дахинаа нэр нь цуурайтсан япон зохиолчдын зохиол бүтээлийг шимтэн орчуулжээ. Тэрээр өөрийн орчуулсан “Харь элгийн хүн” романы зохиогч Альбер Камю шиг тамхинаас салдаггүй нэгэн. Бас сайх зохиолын гол дүр Мерсо шиг амьдралд хайнга, ахуйд хөндлөнгөөс ханддаг. Уншаад таалагдсан зохиолоо хэвлэх гэж биш, зүгээр таалагдсан учраас л орчуулчихдаг нэгэн. Англи, франц хэлт Бэккэтийг, япон хэлт Мишимаг, орон орны Нобелийн шагналт зохиолчдыг зөвхөн орос хэлээр дамжуулан монгол уншигчдад таниулсан гэх зэргээр түүний тухай мэдлэг маань улам тэлсээр. 



Галзуухныхаа өрөөнд Энэтхэг-Английн зохиолч Салман Рушдигийн “Флоренцийн шидэт гүнж” романыг орчуулж буй нь.


СЭТГҮҮЛЧ: -Та Мишимагийн “Алтан сүм”, Абэ Кобогийн “Элсний хүүхэн”, Самуэл Бэккэтийн “Годоог хүлээх зуур” жүжиг гээд утга агуулга, хэл найруулгын хувьд амаргүй бүтээлүүдийг орос хэлнээс орчуулжээ. Ингэхэд та орос хэлийг хаана ийм гаргууд сурчихав аа?

Ц.ЦЭНГЭЛ: -Би Таван шард байдаг 12-р сургуулийг төгссөн хүн. Миний үед нийт арван жилийнхэн гадаад хэл гэвэл дан ганц орос хэлийг л үздэг байлаа. Мэдээж, орос сургуулиуд өөр. Гэхдээ монгол орчинд монгол хүүхдүүдтэй суралцаж төгссөндөө баярлаж явдаг. Орос хэлийг би дөрөвдүгээр ангиасаа заалгасан юм. Бага анги учраас орос хэлний хичээлийг л дан ганц өөр багш орно. Оюун гэж дөнгөж сургуулиа төгссөн их сайхан эмэгтэй бидэнд багшилдаг байв. Одоо бодоход тэр багш маань орос хэлний суурийг маш сайн тавьж өгчээ. 

Арав төгсөөд хойшоо сургуульд явсан. Очоод орчинд нь орохоор өөр юм билээ. Би Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд геологи хайгуулын инженер мэргэжлээр сурсан юм. Уг нь автын инженер болох хүсэлтэй ч орос хэлний ам, бичгийн шалгалтаа сайн өгчихсөн учраас хэлний бэлтгэлд суралгүйгээр геологийн ангид орж болно гэхээр нь шууд тийшээ орчихсон хэрэг. Уг нь манай аав автын талын хүн л дээ. Би тооны талын хичээлдээ муугүй. Арван жилд Л.Түдэв гуайн “Уулын үер”, С.Дашдэндэв гуайн “Улаан наран” хоёроос өөр ном уншсан юм уу даа, бараг! Хүүхдийн номууд ганц хоёр уншсан л байх. Ер нь сайн санадаггүй юм. “Уулын үер”-ийг зуны амралтаараа хоёр гурван ч удаа уншсан санагддаг. 

СЭТГҮҮЛЧ: -Та харьцангуй бага уншжээ.

Ц.ЦЭНГЭЛ: -Гэхдээ уран зохиолын хичээлдээ муу байгаагүй. Би ер нь нүүрэмгий хүүхэд байсан. Хойно очоод хэлж ярих, буруу дуудчихвий гэхээс огт ичиж зовж байгаагүй. Тэрнийхээ хүчээр ярьж ч сурсан. Дараа нь Айтматовын зохиолыг уншиж утга зохиолын амтанд эргэлт буцалтгүй орсон доо. 

СЭТГҮҮЛЧ: -“Цаазын тавцан”-гаас авхуулаад уу?

Ц.ЦЭНГЭЛ: -Үгүй үгүй. “Цаазын тавцан” чинь аль хожуу гарсан. Би чинь тэрнээс өмнө 1977 онд арав төгссөн хүн. “Далайн эргийн алаг хав толгой”, “Анхны багш”, “Улаахан алчууртай хонгор минь” гээд ер нь л Айтматовын уянгын хэдэн туужийг оросоор уншиж дуусгаад Толстой, Чехов, Достоевский руу орсон. Ер нь Оросын утга зохиолыг нэлээд сайн уншсан шүү. Ном их уншихаар хэл аяндаа сайжирдаг. Ерөөсөө орос хэл сурсан минь дан ганц уран зохиолын ном уйгагүй уншсаны үр дүн байх. 

СЭТГҮҮЛЧ: -Та тэгвэл монгол хэл найруулгыг монгол номноосоо бараг сураагүй юм биш үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Ор тас уншихгүй ч бас биш л дээ. Д.Намдаг гуайн гурван ботийг сайн мөлжсөн, одоо ч эргэж хардаг. Хүүхэд байхдаа Ринчен гуайн “Заан залуудай хоёр”, “Бэр цэцэг”-ийг шимтэж уншсан санагддаг. Мөн Урианхай ахыг уншина, Дарамын Батбаяр гуайг уншина. Дээр нь Данзангийн Нямсүрэн гэж агуу амьтан байна. Гурван боть ном нь надад бий. Мэдээж Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн номыг уншилгүй яадын! Дашийн Оюунчимэгийн “Оройн ганц мод”-ыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ мэтчилэн нэрлээд байвал би чинь монголоор уншдагтаа орохоор байгаа биз. Гэлээ гэхдээ уншсан номын маань бараг 90 хувь орос хэл дээр байх шүү.

СЭТГҮҮЛЧ: -Геологич мэргэжилтэй хүн яаж яваад уран зохиолын орчуулга гэдэг тэс өөр салбар руу “урвачихав” аа?

Ц.ЦЭНГЭЛ: -Би чинь оюутан байхдаа хойноос туугдаад ирсэн хүн. Туугдаад ирлээ гэж “үнэн”-ээ хэлэхгүй бол болохгүй. Яг үнэндээ бие муудаад ирсэн. Тухайн үед “хөөгдөж ирчихээд худлаа өвчин ярилаа” гэдэг байлаа. Тийм л хатуу цаг. Үнэхээр хөөгдөөд ирсэн бол тухайн яам тамгын газарт нь ажиллаж, төлбөр мөнгөө буцааж өгдөг байсан үе. Надад бол тийм юм байгаагүй. Хүрч ирээд энд жил гаруй эмчлүүлээд дотоодын дээдэд анх авсан үндсэн мэргэжлээрээ суралцаж төгссөн. Тэгэхээр би геологийн инженерийн дипломтой хүн гэсэн үг. Харин анхны орчуулгын тухайд бол Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай надад орчуулгын ном авч өгсөн юм. Алексей Леонов гэх Ленинградын зохиолчийн “Аавын хүү” туужийг орчуулсан. Тэр үед орчуулгын эрх олж авна гэдэг олдошгүй ховор боломж байлаа. Хэвлэлийн нэгдсэн редакцаас бөөн хэл ам болж байж авна. Тэгэхэд Ш.Сүрэнжав гуай надад аль хэдийн номын төлөвлөгөөнд орчихсон ном авч өгсөн юм.

СЭТГҮҮЛЧ: -Таныг орчуулгад дөртэй гэж олж анзаарсан хэрэг үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Тэр үед Ш.Сүрэнжав гуай Горькийн сургуулийн утга зохиолын дээд курст сууж байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан Муса Жалил гэж Халимагийн найрагч бий. Сүрэнжав гуай түүний гэргий Амина Жалилд зориулж шүлэг бичсэнийгээ орос руу орчуулаад өгөөч хэмээн надаас хүссэн юм. Би тэрийг нь орос руу шүлэг маягийн юм болгож өгсөн ухаантай. Тэр хадмал Сүрэнжав гуайд их таалагдаж л дээ, тэгээд намайг жаахан тоогоод мөнөөх номыг “дур мэдэн” авч өгсөн хэрэг.

СЭТГҮҮЛЧ: -Яаж орчуулж байснаа та одоо санадаг уу?

Ц.ЦЭНГЭЛ: -Нөгөөхөө эхлээд нэг уншчихаж байгаа юм. Махчилж орчуулбал “Эцгийн туслах” нэртэй. Би “Аавын хүү” гээд орчуулчихлаа. Монгол хэл дээр тэгж л бууна шүү дээ. Ер нь би юмыг айхтар нухаад байдаггүй, хиймээр санагдсан үедээ хийгээд, хаяхаар бол хэд хоногоор хаячихдаг. Зарим нэг хүн монголжуу маягаар орчуулсан гэж хэлдэг л юм. Орчуулга сайн болно гэдэг нөгөө хэлээ мэдэхээс гадна өөрийн төрөлх хэлээ эзэмшихийн нэр. Би уг нь хотын хүүхэд боловч “хөдөөтэйгөө” өссөн. Миний аав нутгаасаа 19 настайдаа гарч, хожим цэрэгт яваад 1945 оны чөлөөлөх дайнд танк эсэргүүцэх салаан даргаар оролцож, 24-хөн насандаа байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, улмаар 1951 онд цэргээс халагдан хуучин Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны баазад ашиглалтын хэлтсийн дарга хийж байгаад, сүүлд Махкомбинатын гараажийн дарга, жолооч хийж явсан баялаг түүх намтартай хүн. Төв аймгийн Баян сум бол аавын минь төрсөн нутаг. Одоо бодоход аав намайг нутагтайгаа сайн холбож өгчээ. Би зуны нэг сар, заримдаа хоёр сарыг хөдөө өнгөрөөнө. Хотын хүүхэд мөртлөө хөдөөтэй өссөн гэж хэлсний учир энэ. Би одоо ч аавынхаа нутагт очдог. Жилдээ заавал нэг очно. Хөдөөний хүмүүсийн хэл яриа гэдэг чинь хотынхноос арай ондоо. Мэдээж хуучин судар эргүүлсэн хөгшчүүдийн хажууд миний мундаг ч гэж юу байхав, гэлээ гэхдээ энэ хэмжээнд хүрсэн минь аав нутагтайгаа холбосны л ач. Би чинь ерөөсөө дээрээ хоёр эгчтэй айлын ганц хүү.

СЭТГҮҮЛЧ: -Та 15 жил орчуулга оролдохгүй байж байгаад 1998 оноос Нобелийн шагналт зохиолчдын богино өгүүллэгүүдийг орчуулж эхэлсэн. Та тэр үед 38 настай байж. Яагаад орчуулгаа орхичихсон юм бэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Гуйлгын, яаралтай юм хийнэ үү гэхээс утга зохиолын орчуулга хийгээгүй удсан минь үнэн. Ерэн он гараад хүн болгон наймаанд явж эхлэхэд би Москвад хувийн компанийн худалдааны төлөөлөгчөөр гурван жил суусан. Энэ мэт хувийн асуудлаар орчуулгаа хаячихсан хэрэг. Гэхдээ би ном уншихаа огт хаяагүй. Боломж л олдвол ном цуглуулна. Хүмүүс амьжиргаа, арилжаа гээд бүгд завгүй. Тэгтэл би галт тэргээр ч ховорхон явсан, ихэнхдээ онгоцоор л ниснэ. Москвад очоод номын дэлгүүр, хуучны кино гаргадаг театруудаар хөлөө цуцтал хэссэн. Дийлэнх хүн өөр юм хийж явахад би арай өөр юм хийж явсан байдаг. Түүнийхээ ачаар нэлээд орос ном цуглуулсан. Хойшоо явах болгондоо халаасныхаа хэмжээгээр ном авч ирнэ. Хамгийн сүүлд гэвэл уржнан хоёр найзтайгаа Улаан-Үд яваад орос номын дэлгүүрээс нэлээд ном авчирсан шүү.


* * *


Хоёрдахь өдрийн ярилцлагын дараа түүнийг хоосон магтаад хэрэггүй гэдгийг ойлгож мэдэрсэн. Тэрээр асуулт бүрт аль болох даруухан хариулахыг хичээнэ. “Элсний хүүхэн” романыг 11-хэн өдөрт орчуулчихлаа гэж үү хэмээн гайхшрахад минь “Яахав дээ, би юмыг нэг нухвал нухчихдаг, хиймээргүй байвал хэдэн өдрөөр ч хамаагүй хаячихдаг” хэмээн өөрийнхөө чадвар, бололцоог аль болох “дарж” хариулах жишээтэй.

СЭТГҮҮЛЧ: -Орчуулга хийдэг арга барилыг тань сонирхмоор байна? 

Ц.ЦЭНГЭЛ: -Үнэнийг хэлэхэд залуучуудад хэрэг болох зөв дадал ахад нь алга даа. Хувийн зохион байгуулалт тааруу талдаа. Орчуулга энэ тэрийг ажил хийж байгаа юм шиг өдөр болгон тэдэн цагт босоод тэгж хийнэ гэх зэргээр хийдэггүй. Өдөрт 18 цаг дараалан сууж байсан удаа бий. Тэгсэн атлаа заримдаа долоо хоног юу ч хийлгүй хаячихдаг. Хэрэв зөв дадал гэж үзвэл багаас аав ээжийн хэлж өгч хэвшүүлсэн хүнд тустай яваарай, ялангуяа ядарсан хүнд дэмтэй яваарай гэдэг ч юм уу, зүгээр л “хүн” байх ёстой гэдэг амьдралын энгийн зарчим л ахад нь байна. Товчхондоо сайн хүн байх юм сан гэж бодсоор яваад өдий насалчихлаа. Гэтэл сайн хүн болж бараагүй л явна.



Цэнхэр, улаан бал, гар бичмэл, шинээр орчуулж буй Салман Рушдигийн зузаан ном яг одоо түүнд буй “бүх юм”.


СЭТГҮҮЛЧ: -Монгол хэл дээрх, таны уншсан хамгийн лут орчуулга гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Би нэг удаа Аким гуайн орчуулсан “Зуун жилийн ганцаардал”-ыг монголоор уншсан юм. Өмнө нь оросоор хэд хэд уншчихсан хэрнээ төрөлх хэлээрээ уншихын амт шимийг тэр үед л мэдэрсэн. Би түрүүн хэлсэн дээ, миний уншсан номын дийлэнх нь оросоор. Харин “Зуун жилийн ганцаардал”-ыг монголоор уншихад үгээр хэлэмгүй бахдам яруу мэдрэмж төрсөн шүү. 

СЭТГҮҮЛЧ: -Монгол хэлэнд өөрийн гэсэн өвөрмөц хэмнэл байдаг гэж та боддог уу?

Ц.ЦЭНГЭЛ: -За ямар ч л байсан монгол хэл баян, тансаг гэдэг нь хүүхэд байхад мэдрэгддэггүй юм байна. Олон жил цаастай, үгтэй ноцолдлоо. Нарийн ярих юм бол бичгийн хүнд үг - цаг гэж хоёр өв, үзэг - цаас гэж хоёр хөрөнгө л байдаг аж. Олон жил үгтэй ноцолдсон хүний хувьд монгол хэл гойд баян тансаг хэл. Ялангуяа нүүдлийн ахуйтай холбогдох морь мал, нас зүс, ан амьтан, ургамлын нэр үнэхээр яндашгүй. Бид бол их далайн дэргэд очиж эрэг хөвөөгөөс нь өөрийнхөө шанагаар хутгасан хэмжээний өчүүхэн юм л мэдэж байгаа. 

СЭТГҮҮЛЧ: -Б.Ринчен гуай үг хоршиж орох нь монгол хэлний гол онцлог гэж бичсэн байдаг?

Ц.ЦЭНГЭЛ: -Наадах чинь бол үнэн. Тэр томчуудын “дэргэд” би юу ярих вэ! Хэлний утга, ярууг зөв онооход мэдрэмж гойд чухал. Чи анзаарсан уу, үгүй юу, манай монголчуудын яриа маш их цэгцтэй байдаг. Ялангуяа хөдөөний хүмүүсийн хэл яриа чихэнд хоногшино гэж буй. “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэдэг чинь өөрийн хэлийг ертөнцийн сонорт дуулгахаас гадна монгол хэл өөрөө монгол хүнийхээ чихэнд хоногшихыг цаад утгаараа хэлж байгаа юм. Тэр цэгцтэй яриаг нэлээн сайн сонссон ч юм уу, эсвэл чихэнд хоногшсон ч юм уу, орчуулга хийх явцад чиний хэлдэгчлэн үгийг дангаар нь биччихвэл хэг ёг, таг түг гээд эв хавгүй сонсогддог. Жишээ нь тавилан гэхийг хувь тавилан, хувь зохиол гэвэл илүү сонсголонтой байгаа биз!  

СЭТГҮҮЛЧ: -Орчуулга ахицгүй, ямарваа нэг үг хэллэгийг эх хэлээрээ оноож чадахгүй үед та яадаг вэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Доогуур нь зураад, цааш хаяад явчихдаг. Гацаж цаг алддаггүй. Нэг хийвэл ахиухан суудаг, хийхгүйдээ хүрвэл хэд хоногтоо хаячихдаг.

СЭТГҮҮЛЧ: -Уран зохиолд нэг л тийм наалдацгүй сонсогддог үгс гэж бий. Жишээ нь машин бол бидний хувьд өдөр тутам хэрэглэдэг, бараг л хамгийн түгээмэл үг. Гэвч уран зохиолд энэ үгийг суудлын тэрэг, хөнгөн тэрэг гэж хувиргаж оноодог. Гэтэл эргээд харахад машин гээч зүйл өөрөө “хуучны технологи” болчихлоо. Үгнийх нь уг гарвал хүртэл бүдгэрч мартагдаад зогсохгүй бараг л жинхэнэ монгол үг болоод хувирчихлаа. Харин хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдралд нөүтбүүк, таблет гэх технологийн ололтууд ховор хэрэглээ бус, “байх л зүйлс” болж өөрчлөгдсөн. Иймэрхүү нэршлийг бичгийн хэлэнд, ялангуяа утга зохиолын орчуулгад монгол үгээрээ оноох ёстой юу? 

Ц.ЦЭНГЭЛ: -Эхлээд энэ муу бөндгөрөө жаахан ухах байх. Юу гээд хэлчихвэл аятайхан юм бол доо гэж бодно. Тэгээд олдохгүй бол нөүтбүүкээр нь явж магадгүй. Орчуулган дээр нэг үгийг, жишээлэхэд и гэдэг холбоосыг, ганцхан “ба, бөгөөд, агаад”-аар орчуулж болохгүй. Тэрийг чинь “тэгээд” гэж болно. Ер нь олон янз. Тухайн өгүүлбэрт яаж орсон байна, найруулга, бусад өгүүлбэртэй яаж холбогдох уу гэдэг талаас нь хараад яаж ч орчуулж болно. 

СЭТГҮҮЛЧ: -Тайлбар толь сөхөж харвал нүүл гэхээр унасан бүдүүн мод, дархи гэхээр үндэстэйгээ унасан модыг хэлдэг юм билээ. Гэтэл бид нүүл, дархи гэхийн оронд “унасан мод” гэж тайлбарласан маягаар хэлж ярьдаг.

Ц.ЦЭНГЭЛ: -Үүний шалтгаан их энгийн. Нэг ёсондоо монголчууд маань эх хэлнийхээ охь шим, яруу тансгийг сурталчлахгүй байна. 


* * *


Самюэл Бэккэтийн “Годоог хүлээх зуур” жүжгийн үйл явдал гол дүрийн хоёр баатрын нэг нь нөгөөгөөсөө “За явах уу?” гэж асуугаад “Явъя” гэснээр дуусдаг боловч тэд байрнаасаа хаашаа ч хөдөлдөггүй. Явах газар ч үгүй, хүлээх хүн ч үгүй атал бүтэн жүжгийн турш явах, хүлээх тухай л хөөрөлддөг. Үнэндээ энэхүү ярилцлагыг хийж дуусчихаад бүтэн жилийн турш сайхан ярилцлага “бүтээх” тухай бодсон ч юуг ч амжуулаагүй нь сонин. Энэ хооронд урьд ярьсан бүхнээ устгаж орхиод дахиад шинээр ярилцах тухай ч бодож үзсэн. Нэг жилийн турш уйгагүй хөөцөлдсөний минь дүнд бүтсэн ярилцлага маань дахин нэг жилийн нүүрийг үзэхдээ оюун санаанд минь юу эсийг үзсэн гэх вэ! Хэрэв хоёр хоногийн өмнө “Алтан сүм”-ийн зурагтай ил захидлыг олж хараагүй сэн бол, мөнөөх жижигхэн бичвэрийг олж уншаагүй сэн бол энэ ярилцлага дахиад хэр удаж байж уншигч танд хүрэх байсныг таашгүй. Хэнд ч ил гарахыг хүсдэггүй нэгэн хэний ч мэдэхгүй сэтгүүлчид ярилцлага өгсөн нь зүгээр нэг тохиол биш гэж үзвэл энэ яриа анхныхаараа байх нь өөрөө утга учир билээ. Ингээд сүүлийн өдрийн богинохон яриаг яг байгаа чигээр нь уншигч танд хүргэе.

СЭТГҮҮЛЧ: -Мишима амиа егүүтгэсэн. Бэккэт абсурд театрыг тунхагласан. Абэ Кобо амьдрал утга учиргүйн тухай өгүүлдэг. Энэ бүхнээс дүгнэвэл таныг бараг “абсурд орчуулагч” гэж тодорхойлж болмоор ч юм шиг. 

Ц.ЦЭНГЭЛ: -Би анх Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг орчуулсан. Гэтэл академик театрт абсурд жүжиг тавихгүй гээд тавиагүй. Уул нь Д.Батбаяр гуай өөрөө тавья гэж байсан юм билээ. Яахав дээ хатуухан хэлэхэд хоцрогдол юм даа. Тэгээд Эжен Ионэскогийн жүжгүүдээс бүгдийг нь шахуу орчуулсан. Абсурд талын жүжиг нэг хэсэг сонирхлыг минь хүчтэй татсан. Бараг абсурд жүжгийг Монголд анхлан таниулсан гэвэл онгирсон болохгүй биз.

СЭТГҮҮЛЧ: -Амьдрал утга учиргүй санагдаж байсан үе танд бий юү?

Ц.ЦЭНГЭЛ: -Байлгүй яахав. Амьдрал ямар ч утга учиргүй санагдах үе бий. Би уг нь хоёр эгчтэй. 25-тай сайхан эгч маань хар залуудаа зүрхний төрөлхийн гажигаар өнгөрсөн. Тэгэхэд би 21-хэн настай оюутан байлаа. Тэр үйл явдалд маш их цочирдсон. “Хүний хайртай хүнийг ингээд л аваад явчихдаг юм байна. Амьдралд утга учир байна уу?” гэж өөрөөсөө асуусан. Тэрэндээ маш их гутарсан. Тэгээд амьдрал гэдэг чинь нэг их нэр нүүрээ бараад л, мөнгө төгрөг цуглуулах гээд л, албан тушаал, эрх мэдлийн төлөө гүйгээд л, ингэж хүн гэдэг нэр төрөө барж байх ямар ч шаардлагагүй зүйл гэдгийг бага ч болов ойлгож ухаарсан. 

СЭТГҮҮЛЧ: -Та хүндээр өвдөж үзсэн. Үхлийн өмнө нэг алхам ойртсон үед хүн ер нь юу боддог юм бэ?

Ц.ЦЭНГЭЛ: -Хорин жилийн өмнө Дарханд нар хиртэх үеэр би нийслэлийн радиод редактор сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Бидний хэдэн хүн Дарханд очиж шууд нэвтрүүлэг хийчихээд буцаж ирсний дараа гэнэтхэн бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Хагалгааны явцад клиник үхэлд орсон гэж ярьцгаадаг. Хавдрын сэхээнд хоёр гурав ч хоносон. Тэр үед юу болсон бэ гэхээр хагалгаа хийлгэж байтал цус алдаад байхаар нь хэсэгхэн азная гээд нөгөө талын орон дээр өөр өвчтөнд хагалгаа хийсэн гэдэг. Надад хагалгаа хийсэн эмч нар сүүлд “Нэг мэдсэн чинь цэлдэн хөх юм болчихсон хэвтэж байсан” гэж ярьсан. Клиник үхэлд орсон зарим хүн цагаан шар гэрэл үзсэн энэ тэр гэцгээдэг гэсэн. Надад бол тийм юм үзэгдээгүй. Яг үнэнийг хэлэхэд наркоз гарсны дараа амьсгалах гэхээр амьсгалж ч болохгүй гэнэтхэн ухаан орж байгаа юм. Дэргэдээ буй эмч нарт “Би амьсгалж чадахгүй байна” гэдгээ яаж мэдэгдэх үү гээд гараа хөдөлгөх гэтэл гар хөдөлдөггүй, хөлөө хөдөлгөх гэтэл хөл хөдөлдөггүй. Ингээд нэг мэдсэн сэхээний өрөөнд л сэрсэн. Үхэлтэй нүүр тулсны дараа үнэндээ нэг л зүйл бодогдсон. Үхэл гээч зүйл яг хажууд, сүүдэр шиг дагаад л явж байдаг гэдэгт итгэх болсон. Үнэндээ хүн гэдэг чинь үлдэх амьдралаа боддог өчүүхэн амьтан юм билээ, энэ насны амьдрал дууссан ч үгүй ядаж л дараагийн үедээ дурсах зүйл үлдээе гэж бодоод 1997, 1998 оноос орчуулга руу эрчтэй орсон минь магадгүй үүний нөлөө ч байж мэдэх. Ер нь үхнэ гэдэг алга урвуулахын дайтай өрнөдөг амархан зүйл шиг санагдсан.

СЭТГҮҮЛЧ: -Үхэл үргэлж ойр явдаг гэдгийг өөртөө сануулж явдаг хэрэг үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Үхлийн тухайд бол үхлийнхээ айдсыг давчихсан гэх нь ч хаашаа юм. Гэлээ ч би үхлээс айдаг хүмүүсийн тоонд орохгүй. Үхэл бол хорвоогийн л жам. Хайртай хүмүүсээс маань байхгүй болчихсон өчнөөн хүн байна. Аав ээж маань, хайртай эгч маань дэргэд алга. 

СЭТГҮҮЛЧ: -Танд ямар нэгэн харамсал байдаг уу?

Ц.ЦЭНГЭЛ: -Бараг алга даа. Гэхдээ хайран сайхан цагаа дэмий үрсэнд харамсдаг. Ялангуяа нас ахиад ирэхээр толгой руу ордог юм байна. Би орчуулга хийлгүй олон жил болсон гэж ярьсан даа. Тэр үеийг л хий дэмий өнгөрөөж. Харин ном уншихаа орхиогүй нь сайн хэрэг.

СЭТГҮҮЛЧ: -Та үлдсэн амьдралаа орчуулгагүйгээр төсөөлдөг үү?

Ц.ЦЭНГЭЛ: -Нүд, гар хөдөлж байгаа цагт орчуулгаа үргэлжлүүлж хийх л байх. Нарийндаа бол надад өөр хийж чадах зүйл алга. Бүр болохоо байвал ном гэж сайхан “зугаа” байна. Ном уншина гэдэг чинь насны хань. Тэр чамайг хэзээ ч хаяхгүй. Уншиж л хүчирвэл үлдсэн насанд өөр юу хэрэгтэй юм бэ! 


Ярилцсан Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН

Гэрэл зургийг Д.Золбоо

3 comments:

  1. Bas neg sonirholtoi huntei taniltsaj avlaa

    ReplyDelete
  2. Сайн биш ч гэлээ орчуулаад л суумаар санагдлаа

    ReplyDelete