Сөүлийн тэмдэглэл

September 16, 2016





Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг 
Давтагдахгүй байх!
Д.Урианхай


I

Сөүлд би нийт 9 удаа ирснээ элэгдэж хуучирсан паспортоо эргүүлж суухдаа олж мэдлээ. Бас энэ хоттой танилцсанаас хойш барагцаалбал 9 жил улирчээ. Миний анх үзсэн хоёрдугаар сарын жихүүн хүйтэн Сөүлийг есдүгээр сарын бүгчим орой, Сөүлийн хаа л бол хаа тааралддаг, давчуухан гудамны мухар дахь умгар өрөөндөө ганцаар суунгаа эргэн дурсахад нэн таатай байна.  

Тэгэхэд би аав, охин дүү хоёртой цуг ирсэн бол түүнээс хойш ганцаараа, ахтай, аавтай, их сургуулийн нэг ангийн охинтой, ахын дөрвөн настай дэггүй жаалтай гээд Чингис хаан нисэх онгоцны буудлаас Инчон хүртэлх гурван цагийг мөн ч олон янзаар өнгөрүүлжээ. Сөүл бас жавар хургасан хоёрдугаар сар шигээ тийм ч жиндүү хот биш гэдгийг би ирэх бүртээ анзаарч байлаа. 

Долдугаар сард тэнгэрийн хүржигнэх чимээгүй бороо шаагиад л байдаг, аравдугаар сард модод навчсаа гүвмэгц намрын хүрмэндээ шигдчихдэг, нэгдүгээр сард нойтон цасанд нэвсийтэл дарагдчихдаг олон ааштай хот бол Сөүл. Гэвч тэр их бороо хэл чимээгүй гэнэтхэн л зогсчихдог нь, тэр их навчис хаашаа ч юм бэ төдхөн л замхарчихдаг нь, тэр их цас тогтож сууж чадалгүй дорхноо л хайлчихдаг нь гайхмаар.

Надаар ер дутахааргүй эл өнөр өтгөн хот намайг өнө эртний танил шигээ санан надаас юугаа ч нуугаагүй. Нисэх онгоцоор дүүлэн хөөрч үзээгүй, нас хорь ч хүрээгүй хөвгүүнд энэ хот бүхнээ дэлгэсэн. Би энд л анх метро хөлөглөөд долгилон урсах Хан мөрний дээгүүр нь ч, доогуур нь ч “давхиж” үзсэн. Тэнгэрт цойлох өндөр цамхгийн оройгоос үдшийн хотыг тольдонгоо гол шиг цутгах машины улаан гэрлийг сониучирхан харж зогссон. Намайг хэн ч үл сонжих мөртлөө би л бүгдийг, дэргэдүүр өнгөрөх хүн бүрийг сонжин явсаар үзүүрт нь хүрдэг багширсан олон хүнтэй гудамжинд нь хүүхэд шиг л төөрч будилсан. Би энд л том болсон эр хүн шиг сөжү ууж, онгоцноосоо хоцорч үзсэн. Хан мөрний эл хуль эрэг дээр, хаа нэгтээх үдшийн цэнгээний газрын үүдэнд өглөөний эхний метро хүлээнгээ үүр тэмдгэрэхийг харсан. Би энд л хөлөө цуцтал алхаж, хөлсөө асгартал хөдөлмөрлөж үзсэн. Тийм ээ, Сөүл намайг хорвоотой, 21-р зууны хөгжингүй дэлхийтэй танилцуулсан. 

Бас би энд тэнгис далайг харсан. Номхон далайн дөлгөөн эрэг эндээс ердөө л гурван цагийн зайтай. Гүн цэнхэр далайг эрэг дээр нь зогсоод ширтэхдээ шуугих давалгаа нь хуйлран эргэлдсэн үедээ л далай сүрдмээр, хүчтэй, үзэсгэлэнтэй харагддаг юм байна гэж бодсон. Дэврүүн гэхээсээ илүү дүнсгэр байхыг, бардам гэхээсээ илүү номхон дарууг сурсан надад эрэг хөвөөг нь амрагсад ноолсон энгийн нарлаг өдрийн “хөнгөмсөг” төрх нь тийм ч хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй. Харин тэрний оронд түнэр харанхуйтай уусан сүлэлдэх тэнгис далайн нууцлаг төрх хавьгүй дээр санагдсан. Харанхуйд далайн эргээр алхаж явтал хар даашинзтай бүсгүй цор ганцаар зогсоод хуйлран эргэлдэх давалгааг ширтээд л байсан, ширтээд л байсан. Тэгэхэд далай тэр бүсгүйн уйг хугаслах мэт нэг л уйтай болчихож билээ. Түнэр харанхуйгаас олоод харчих юу ч үгүй атал тэр бүсгүй гэрэлт цамхаг мэт тэнгисийн эрэг дээр ганцаар зогсоод л байсан, зогсоод л байсан.


II

Хэзээ ч билээ дээ, аяллын сэтгүүлээс санаандгүй уншсан гуравхан асуулттай нэгэн ярилцлагыг би одоог хүртэл мартдаггүй юм. Тэнд “Аль нэг хотыг гүн гүнзгий мэдэрье гэвэл яах ёстой вэ” гэсэн энгийн асуултад аяллын сэтгүүлийн туршлагатай редактор эмэгтэй “Өдөр бүр нэг газраа оч” гэж тун оновчтой хариулсан байж билээ. Гэхдээ тэрхүү зөвлөгөө маргаашийг яг л өнөөдөр шигээ байлгахыг зорьдог манай аав, ах хоёрт тийм ч сонин содон санагдахгүй гэдэг нь лав. Тэд угаасаа л тийм хүмүүс. 

Аятайхан хоолны газар олсон л бол өдөр бүр тэндээ хооллодог, алхахад тохиромжтой нам гүм жим олсон л бол өдөр бүр түүгээрээ алхдаг тэдний маань аялах арга барил анхандаа хэт хуучинсаг, уйтгартай санагддаг байсан ч тэрхүү ярилцлагыг уншсанаас хойш харин ч шинэлэг, өвөрмөц санагдах болсон шүү. Аав бидний хэтэвч, ах бидний хөтөч учраас тэдний эл арга барил он удаан жилийн хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой аялах уламжлалыг бидэнд өвлүүлэн үлдээжээ. 

Бид эхлээд Чёнгёчоны эрэг дагуу алхдаг байв. 19-хөн насандаа Сөүлд ирж суурьшаад амьдралынхаа гал цогтой насыг энэ хотын төлөө шатааж дүрэлзүүлсэн ах минь анх намайг ирэхэд “Сөүл шинэ горхитой болсон. Хотын дарга хатаж ширгэсэн Чёнгёчон горхийг дахин сэргээхийн тулд дээгүүр нь сүндэрлэх хурдны замын аварга гүүрийг нураасан нь эхэн үедээ асар их шүүмжлэлийг дагуулсан ч одоо бол тэр Сөүл хотынхны хамгийн хайртай хүн болсон” хэмээн шоржигнон урсах горхины чимээнд уран фантаазтай ярих нь Түндэмүнээс Чёнгёчоны эхэн хүртэлх цаг гаруй алхах урт замыг дэндүү богинохон болгодог байж билээ. Чёнгёчон бол Сэлбэ гол, Хан мөрөн бол Туул гол, Намсан бол Зайсан толгой гэсэн ахын ончтой зүйрлэлийг одоо ч би тод санаж байна. Нэгэн цагт Сөүлийн зүрхэн дундуур урсаж байгаад хурдны замын сүүдэрт мартагдаж бүүдийсэн Чёнгёчон горхи өдгөө бол Сөүлийг ногоон хот болгож буй амин судал учраас Сөүлд ирэх гэж буй хэн нэгэнд энэ горхийг заавал үзээрэй гэж аминчлан захидаг боловч тоодог хүн даанч цөөхөн. 

Дараа нь бид Намсан өөд уйгагүй мацсан. Харгуй зам бүрээр нь өгсөж уруудсан. Ширэнгэ мэт шигүү ойгоор хүрээлүүлсэн чулуун жимээр нь алхсаар уулын оройд гараад тэнгис мэт уудам цэлгэр хотыг шунамхайран ширтдэг байв. Уулын орой дахь төмөр торонд “хэзээ ч салахгүй шүү” хэмээн дурлалт хосуудын шившиж өлгөсөн хос цоожнууд Сөүлийг Азийн Парис, дурлалын хот хэмээн нэрлэхэд эрхгүй хүргэдэг сэн. Хан мөрөн, хаяа нь үл харагдах гэрэлт хот Намсаны оройгоос ер бусын чамин харагддаг.  


III

Хан мөрний эрэгт, намхан толгодын дунд орших Сөүл хот чухам хаанаас эхэлж хаана дуусаж буйг тодорхойлох хэцүү. Заримдаа энэ хот Монголын тал нутаг шиг, бас миний үзсэн тэнгис далай шиг өргөн уудам санагдах нь бий. Бид Улаанбаатарынхаа гудамжинд өглөө оройдоо нэг нэг цаг саатсаныгаа бүхэл өдрөө бөглөрөлд үрлээ хэмээн халагладаг бол Сөүлд өглөө, оройдоо бүтэн цагийг метронд үрэх нь энгийн л үзэгдэл. Ийм л өргөн уудам орон зайтай хот.

Харин цаг хугацааны хувьд, Сөүл бол өнөөдөр оршдог хот. Бидний “маргааш л хийе дээ” гэсэн цалгар назгай занг энд лав харахгүй. Хуучин эзэд нь амьдардаг байраа орхин одож, шинэ эзэд нь нүүж ирэхэд, бидний тооцоогоор бол хамгийн багадаа хоёр өдөр хэрэгтэй атал энд бол “өнөөдөр” л хангалттай гэцгээнэ. 24 цагийн хүнсний мухлагийг өдөрт нь нээж байхыг өөрийн нүдээр би харсан юм даг. Засварын ажил нь ч хараахан дуусаагүй бохир заваан байрыг өглөө нь хүлээж аваад өдөрт нь л цэвэрлэж тохижуулмагцаа зарах бараа бүтээгдэхүүнээ шинэхэн лангуун дээр жирийтэл өрөөд эцэст нь худалдагч нь ирснээр тэрхүү дэлгүүр үүд хаалгаа нээж билээ. Ийм л шуурхай хот. 

Сөхөрч ойчсон улс орноо нуруундаа үүрч өдий зэрэгт хүргэсэн ахмад үеийнхэн нь хичээл, дугуйлан хоёрт л цаг заваа завсаргүй үрж өссөн залуу үеийнхнээсээ эрс ондоо. Солонгос хүний шаардахдаа шаардаж, бухимдахдаа бухимдаж чаддаг шазруун, омголон занг тэднээс л олж харна. Гэвч өнөөгийн иргэншсэн солонгос хүнийг өдөр тутмын аар саархан, биднийхээр бол хялбархаан шийдчих асуудалд туйлын нухацтай хандаж, шийдлийг нь олох гэж мунгинаж байгааг хараад дүйнгэдүү, бараг л мангардуу хэмээн өнгөц дүгнэж болох ч өнөөдөр бүтээснээ маргааш нь бага багаар сайжруулсаар л байдаг, нэгэнт төгс шийдлийг олчихсон л бол түүнээ удаан хадгалдаг чанар нь үнэхээр биширмээр. Тийм учраас л өнөөх төгс шийдлээс өөр, гажууд тохиолдолтой тулгарахаараа гайхаж балмагдаж орхидог нь асуудлыг тухай бүрт нь шийдээд сурчихсан монгол хүнд гайхмаар сонин санагдах нь аргагүй юм. 

Солонгос хүн бас туйлын эх оронч. Өөрсдийнх нь тамирчин ялагдаа л бол зурагтаар шууд өөр зүйл гаргаж эхэлдэг, өөр улс оронд явахдаа ч өөрсдийн нутаг нэгтнээ дэмждэг зэрэг нь дэлхий дахинд дэндүү танил болжээ. Бүр заримдаа гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар нь тэдний амьдардаг байр сууцнаас илүү тохилог, цэвэрхэн санагдах нь бий. Гудамжаар яваа ганган залуус гэртээ бол хөглөрсөн хувцсан дунд л амьдардгийг Сөүлд айл нүүлгэдэг монгол залуус андахгүй. Үнэхээр ч солонгосчууд ажлынхаа төлөө ахуй амьдралаа гаргуунд хаяхаас ч сийхгүй, ажиллахын тулд амьдардаг улс.  


IV

Үргэлжийн хөдөлгөөнд оршдог Сөүлийг гаднаас нь хөндлөнгийн нүдээр ажвал, харин ч тайван, тогтуун хот гэдэг нь анзаарагдана. Өдөржин гүйлгэж уншаад ч барахааргүй эрээн мяраан самбаруудтай бум бужигнасан гудамжинд нь өч төчнөөн хүнтэй зөрөх ч өдөр бүр нэг л гудамжаараа яваад л байвал Сөүл тийм ч өнөр өтгөн санагдахгүй. Гудамжны үзүүрийн умгархан зайнд төвхнөсөн гоймонгийн мухлагийн хижээлдүү насны эмэгтэй, галт тэрэгний буудлын аль нэг буланд сонин дэвсээд л шөнийг өнгөрөөчихдөг сөжү уудаг өвөө чамайг хоёр жилийн дараа үүгээр өнгөрөхөд ч байсан байрандаа байж л байна. Харин хоёр жилийн тэртээх чи л “хуучирсан” байх вий. 

Аав минь нэг гудамжаараа өдөр бүр явсаар байгаад шанзтай боов хайрдаг нэгэн эртэй тун ч дотно найзууд болж билээ. Нэгнийхээ юу ярьж байгааг үл ойлгох тэдний нөхөрлөлийг мянган воны үнэтэй амтат боов, магадгүй бас үнэнч цайлган зан хоёр нь л гагнаж холбодог байсан биз. Намайг хоёр жилийн дараа үүгээр явж өнгөрөхөд тэр эр өнөөх амтат боовоо гудамжинд хайрч л байсан юм даг.   

Далайн эрэг дээр очих бүртээ манайхан нас дээр гарсан өвгөн, эмгэн хоёрын ажиллуулдаг, зам дагуух жижигхэн хоолны газарт байнга хооллодог байлаа. Өвгөн нь үүдэнд зогсоод үйлчлүүлэгчээ урин мэндчилдэг, эмгэн нь гал тогоондоо зогсоод эрвийх дэрвийхээрээ хоол хийдэг нь ирэх бүрт яг хэвээрээ. Хоолны амт нь хүртэл өөрчлөгдөхгүй юм аа гэж аав, ах хоёр ярина. Харамсалтай нь сүүлд очиход эмгэн нь үүдэндээ зогсоод үйлчлүүлэгчээ урьж байхтай таарсан юм. Өвөө хаачсан бэ гэж ахын эхнэрийг асуухад “Тэнгэрийн оронд очсон” хэмээн эмээ гунигтайхан хариулаад “Орж хоол идээч” хэмээн хэлэх зуураа гал тогоо руугаа алхаж билээ. 


V

Сөүл бол хэнээс ч, юуг ч нэхдэггүй хот. Уйлагнасан бороотой өдөр уншина даа гэж авчирсан Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь, баяртай” номны завсар дахь 20 мянган вон маань өнөөдрийг хүртэл үрэгдээгүй хэвээр. Улаанбаатараас авчирсан мөнгө маань ердөө л энэ байсан юм. Сөүл ийм л өглөгч хот.

Яг одоо Сөүлд үдэш болж байна. Анх намайг Сөүл рүү явах гэж байхад нэг бүсгүй Dunkin’ Donuts, Baskin Robbins, Starbucks-д заавал орж үзээрэй хэмээн аминчлан захисны хоёрыг нь би биелүүлжээ. Баскин Роббинзын зайрмагийг би ханатлаа идэж үзсэн. Dunkin’ Donuts-ийн поончикийг би өөрөө идээд зогсохгүй Монгол руу авч яваад ээжид амсуулсан. “Миний амьдралдаа идсэн хамгийн гоё амттай боов” хэмээн ээж үе үе дурсдаг юм. Харин би Старбаксын кофег амсаж үзээгүй л явна. Хамгийн сонирхолтой нь юу гээч, би яг одоо Итавон гэх америк хороолол дахь Старбаксын тохилог кофе мухлагт, цонхоор Сөүлийн завгүй гудамжийг ширтэн суугаад үүнийг бичин сууна. Би кофе захиалаагүй ээ. Яагаад ч юм, Старбаксын кофег амсаж үзэх үе нь энэ удаа биш бололтой. Угаас кофе уудаггүй надад дараа хийж үзэх зүйл нэг байж л байг.

Магадгүй би Д.Урианхайн шүлгийн мөрт шиг “Инээд шиг хуучин хүний амьдралд нулимс шиг халуун байх” гэж л иймэрхүү дурсамжийг маргаашийн өдрүүдэд зориулж нөөдөг байх. Энэ шүлгийг би “Пусаний охин”-ы бичвэрээс уншсан юм. Пусаний охин гэдэг нь Пусанд сурдаг монгол охин л доо. Сөүлд уншсан монгол шүлэг учраас л Сөүлийн тэмдэглэлээ энэхүү яруу хэмнэллэг шүлгээр эхлэхээр шийдсэн минь энэ. 

Өнөөдөр би өнөөх л Чёнгёчон горхиор алхаж, өдөржин дотор нь саатах дуртай Сөүлийн хамгийн том номын дэлгүүрээр орж, эцэст нь Намсаны оройд гараад энд ирээд байна. Хэрэв хэн нэгэн надаас “Би Сөүл хоттой танилцмаар байна” гэж асуувал яг л энэ замаар алхаж Сөүлийн хэмнэлийг мэдрүүлнэ дээ гэж би боддог байсан ч өнөөг хүртэл хэнийг ч дагуулж яваагүй л байна. Тийм учраас л өнөөдөр дахиад л өнөөх замаараа ганцаар алхлаа. Уг нь энэ замыг Пусаний охинд, Пусаний охины найзад үзүүлж болох л байсан. Бас л маргаашийн өдрүүдэд зориулж нөөе дөө.

Сөүлд ирээд буцах бүрт заавал нэг сайхан зүйл болдог сон. Бас Сөүлд ирэх бүрт Монголынхоо нэг зүйлийг дотночлон санадаг юм. Энэ удаад нар шаргалтан ээсэн хөдөөгийн буйд сумын төвийг бүр их саналаа. Бүр бүхий л насаараа, тэнд “түүн”-тэй хамт амьдарч болмоор ч юм шиг санагдлаа. 

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

5 сэтгэгдэлтэй

  1. Сайхан тэмдэглэл болжээ

    ReplyDelete
  2. Ёстой сайхан тэмдэглэл байна... зарим мэдрэмж нь төстэй л юм амжилт

    ReplyDelete
  3. яагаад ч юм, нийтлэлийг нь унших бүрт "хэн нэгэн"-ий талаар хамгийн тод сэтгэгдэл үлдэхээр бичих юм аа, сайхан дурлаж чаддаг нэгэн бололтой гэсэн бодлыг атаархтал төрүүлэх юм аа. ^^

    ReplyDelete
  4. Тэнд 400 монгол амьдардаг байсан 1996 онд Сөүлд анх очоод анхны цалин 600.000 вон авахдаа өөртөө Капитализмд тавтай морил гэж хэлж байж билээ.Шударга л байхад дусаасан хөлс бүхэн минь зоос болж ирдэг нийгмийг Солонгос надад заасан. Эх нутгаас минь ямар өөр болохыг энд бас анх мэдрэхдээ хөрс нь хүртэл +45 хэм халаад яг л атомын бөмбөг дэлбэрсний дараа ийм байдаг байхдаа гэмээр 7-8 сар,хоёр хонгоноос хүйтэн хэлээр долоогоод авах шиг -12 хэм байхад манай Өндөрхааны -40 хэмээс илүү Хэрлэнгийн мөс хага хөлдөж бид хацраа хөлдөөн гүйж явдгаас ч илүү хүйтэн нойтон жаварт зүрх минь хүртэл мөстчих шиг болж хаа холд байгаа буурал ижий аав, 2 жаахан үрээ бөлтийтэл орхиод хүний газар ажил л байхгүй бол шууд гудманд гардгийг ойлгож, хорин хэдхэн насандаа ихийг үзсэн минь эргэн санагдлаа. 90-д оны залуучууд бид энэ үеийн түүхийг туулсан амьдралаараараа бичсэн. Яг л 20 жилийн дараа дахин очсон мэт санагдлаа.Сөүлийн тэмдэглэлд сэтгэл хөдлөн ихэд уйллаа. Хүний сэтгэлийг хөдөлгөн, хөнгөн бийрийн үзүүр хөшсөн сэтгүүлч дүү Э.Энхцолмондоо баярлалаа. Улам сайн бичиж, улам ихийг бүтээгээрэй.

    ReplyDelete
  5. Түүнтэйгээ хамт амьдарч байгаа юу? Үнэхээр романтик

    ReplyDelete