Хатагтай Марио

July 05, 2016



Түүнтэй уулзахын тулд би юу эсийг туулсан гэх вэ! Үүр дөнгөж хаяармагц орноосоо босоод, өглөөний нойрмог гудамжаар бүтэн цагийн турш алхан Улаанбаатар хотын маань урд хэсэгт байрлалтай эртэч кофе мухлагийн эхний зочин болж амжив. “Уулзах хүн маань эртэч нэгэн байх!” гэж бодон суутал арван минутын дараа араас орж ирсэн хоёрдахь зочин маань өдөр бүр нь тэмдэглэлийн дэвтрийнхээ зай завсаргүй хуваарьт дарлуулан байдаг завгүй хүмүүстэй яавч адил биш байлаа. Космополитан, Нэшнл Жеографик сэтгүүл, бестселлер комик цувралаараа олонд танигдсан Ирмүүн медиа группийн захирал А.Дэлгэржаргалтай урьд уулзаж байгаагүй бол, өмнө минь суугаа, бүрх малгай, жийнсэн хүрэмтэй, хэн ч харсан 37-той гэхээргүй залуухан хатагтайг тэр мөн гэдэгт итгэхгүй биз ээ. Надад бол тэрбээр кофе уухаар ийш орж ирсэн оюутан охин шиг л санагдав. “Би сүүлийн үед дугуй унадаг болсон. Өнөөдөр дугуйгаа унаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох учраас чамтай зориуд гэрийнхээ ойролцоо ярилцахаар шийдсэн минь энэ” хэмээн ярих нь хүртэл ажил хэрэгч бус.

"Бүтээлч өрсөлдөөнд ялагч байя гэвэл нэгдүгээрт Марио шиг үргэлж сорилтон дунд гүйх учиртай" хэмээн ярих хэрнээ өөрөө юунд ч яарсан шинжгүй. Ер нь түүний ярианд зөвхөн багачууд л ойлгож таних нэр олон тааралдана. "Хөдөөгийн нүүдэлчин амьдралыг хотын охины өнцгөөс хардаг Цондоолой комикоо Хайди (Heidi)-аас сэдэвлэсэн" хэмээн аль нэг хүүхдийн зохиолоос дурдаж, аль эсвэл "Би найман настайдаа япон хэл дээрх Вог (Vogue)-ийг хараад үнэхээр биширч билээ" гэх зэргээр бага насаа дурсаж, бүр цаашлаад "Чи Японд очвол Жибли (Ghibli) студийн музейг заавал үзээрэй" гэх зэргээр яг л хүүхэд шиг дотночлон зөвлөөд байсны учрыг “Дараагийн чухал зүйл гэвэл оюун санаандаа хэзээд хүүхдээрээ бай!” гэж хэлэхэд нь ойлгосон юм.

А.Дэлгэржаргал 17 жилийн өмнө бараг хүүхдээрээ шахуу байхдаа Ирмүүнийг үүсгэн байгуулжээ. Түүний эхэн үеийн түүхүүдийг сонсоод, хэрэв Америкт хэн нэг оюутан Билл Гейтс, Уоррен Баффеттай уулзаад бизнесийн хэлцэл байгуулчихсан гэвэл хэн ч гайхширах байсан шиг тийм байдалд орсон юм даг. Байгууллагын танилцуулга, хямдралын ном, нислэгийн сэтгүүл зэргээс брэнд сэтгүүл, бестселлер комик хийх хүртлээ тасралтгүй өсөж дэвшсэний нууцыг тэрбээр хурдан суралцаж чадсантай холбож тайлбарлав. Дэлгэржаргал үүнийгээ "Бусад нь Pagemaker ашиглаж байхад бид InDesign, бусад нь энгийн суурин компьютертэй байхад бид Apple-тай байлаа" хэмээн тун наргианч байдлаар зүйрлэж билээ.

Хэвлэмэл бүтээгдэхүүнийг төр л ганцаараа эрхлэн гаргадаг байсан социалист дэглэм 1990 онд нуран унаснаар өрсөлдөх, үзэж харах, үлгэрлэн дуурайх боломж энэ салбарынханд өргөнөөр нээгджээ. "Гарчгийг улаан юм уу, цэнхэрээр л хэвлэнэ гэдэг байсан ерээд оныг бодвол манай салбар технологийн хувьд хол ахижээ. Гэтэл хэлбэр бүтээх тал дээр хуулсан хэвээр л байна. Ер нь дуурайж суралцахаас өөр аргагүй мэт боловч агуулгадаа аль болох үндэстнийхээ онцлогийг тусгаж байх учиртай” хэмээн ярихад нь номын санд минь бүтэн цувралаараа буй “Динза” комик санаанд оров. Динза нэрт үлэг гүрвэлийн зулзага нэгэн жаалхүүгийн хамтаар Монголын түүхэн цаг үеүдээр зорчин Чингис хаан, Д.Нацагдорж зэрэг түүхэн хүмүүстэй уулзаж байгаа нь уйтгартай сурах бичгээс ч илүү сонирхолтой санагдсан.

Түүнтэй уулзсан тэр өдрийнхөө үдэд хотын төвд байрлалтай Ирмүүний "урлан"-гаар зочилсон юм. Час улаан буйдан, тавиур дээрх Taschen-ий зузаан номууд, ханандаа өлгөсөн нүцгэн хүүхнүүдийн авангард зургийг эс тооцвол энэ газар энгийн нэг айлархуу. Гэхдээ давхарлан өрсөн Космополитан сэтгүүл, самбар дээр хадсан сэтгүүлийн төлөвлөгөө, ийш тийш оволзох хориод насны залуусыг хараад "Есдүгээр сарын дугаар" (The September Issue) баримтат киноны уур амьсгалыг бодитоор мэдрэх шиг болсон. "Бид анх Голланд, Солонгосын ижил төрлийн студиудээс суралцсан. Мөн Ирмүүн өөрөө залуу уран бүтээлчдийн хувьд сурч боловсрох таатай орчин болж өгсөн. Заримдаа Ирмүүн маань цалин өгдөг сургууль шиг л санагддаг байлаа. Ер нь Ирмүүний кампусыг хотоос зайдуу, байгалийн сайханд байгуулах санаа бий. Мэдээж дэргэдээ заавал сургуультай байна. Нээрээ нэг сонин зүйл хэлэхэд, би үеийн үед, бүр хориод настай байхдаа ч Ирмүүний бараг хамгийн ахмад нь байлаа шүү дээ!"

Өмнө нь би Ирмүүний зураач нарын iMac-аас “Цондоолой, Цүндээлэй хоёр” цувралаас сэдэвлэсэн, хийцийн хувьд Хаяо Мязакагийн “Сүнсээр туугдагсад” (Spirited Away) хүүхэлдэйн киног санагдуулам цөөн хэдэн минутын дүрсийг үзэж билээ. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээх нь Дэлгэржаргал захирлын хамгийн том мөрөөдөл. Гэвч нүсэр баг гаргаж, нэлээд цаг хугацаа зарцуулсан энэ төсөл нь тэгсхийгээд зогсчихсон гэдгийг би мэдэх тул энэ тухай зориуд цохож асуухад "Уул уурхайгаар ч юм уу, ер нь богино хугацаанд томорсон компаниуд манай салбарт тугаа хатгах гэж их оролддог. Мэдээж ажиглагсаддаа сайн компьютер, сайн цалин амлаж чаддаг ч сүнсий нь л бүтээж чаддаггүй. Уран бүтээлч хүн өөрийн тодорхойлсон хэмжээнд хэрэгцээгээ хангачих л юм бол дан ганц төсөөлөл дээрээ суурилан амьдрах боломжтой юм билээ. Яг ийм “уран бүтээлч сүнс” л Ирмүүнийг амьтай болгож байдаг. Өнөөг хүртэлх ашиггүй төслүүд гэвэл зөндөө байна. Гэвч бяцхан ангаахайнууд унаж байхдаа нисэж сурдаг шүү дээ" хэмээн даруухан хариулсан сан. Тэр яг л Марио шиг сорилтон дундуур гүйсээр байгаа аж. 

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

2 сэтгэгдэлтэй

  1. Би Ирмүүнд, нийт ирмүүнчүүддээ бүгдэд нь хайртай. Гэрээс минь илүү дотно санагдах тийм сайхан хамт олон. Гайхалтай бичжээ

    ReplyDelete