Уулсын дундах дуут суурин
December 23, 2015Дуут сумын төв дэх туульчийн байшин |
Баяхан буурал Алтай, Хангай хоёр минь ээ
Алтайн уулсыг магтахгүйгээр тууль
хайлж эхэлдэггүй бөгөөд энэ л өнө эртний уламжлалын дагуу туульсын тухай
нийтлэлээ Алтай уулын магтаалын хэсгээр эхэлж байна. Туулийн тухай бичих гэж
буй бол Алтайн эзнийг баясгахаас өөр аргагүй.
АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ
Бүрий нөмөрчээ. Уулс, үүлс гээд бүх юм бүдэг харанхуйн гүнд
замхран уусах авч машины хурц гэрэл бүдэгхэн шороон замыг алдалгүй мөшгөж байлаа.
Уг нь Алтайн уулсын дундах Дуут сумын төв Ховд хотоос ердөө 60-аадхан
километрийн зайтай боловч хүрч очиход дэндүү “хол” юмсанж. Цавчим уулсын зааг
завсар гэмээр нарийхан хавцлаар аажим, алгуурхан урагшлахад
аварга бул чулуу алхам тутамд дайралдах тул ихэнхдээ тойрч, заримыг нь дайрч
гарахаас өөр аргагүйд хүрч байв. Бас шороон зам уулын догшин урсгалт голтой
мушгиран орооцолдсон нь замыг нэн бартаатай болгожээ. Бид байсхийгээд л гол
гатална.
Судлаач, гэрэл зурагчин, сурвалжлагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй
бидний баг Ховд аймгийн өмнөд сумуудаар ороод Монгол орны хамгийн өндөр цэгт
орших сумын төв рүү өгссөн нь энэ байлаа. Үндэсний өв тээгчдийн эрэлд гарсан бид
сум бүрт өөр өөр угсаатны өвөрмөц ахуй амьдралд нэвтэрч байв. Магадгүй аялалд
гарахын өмнө Чандмань, Цэцэг, Дарви суманд халхууд, Булган суманд торгуудууд,
Алтай, Үенч, Манхан, Зэрэг, Мөст суманд захчид, Мянгад суманд мянгадууд, Дөргөн
суманд дөрвөдүүд, Эрдэнэбүрэн суманд өөлдүүд, Ховд суманд казахууд, Буянт
суманд тувачууд, Мөнххайрхан, Дуут суманд алтайн урианхайчууд нутагладаг гэсэн
эдгээр баахан нэр усыг хаа нэгтээгээс уншсан сан бол төдхөн мартах байсан биз
ээ. Уншигч та ч бас сайхь өгүүлбэрийг нэгд нэгэнгүй тогтоож авсан гэдэгт би
хувьдаа эргэлзэж л байна. Харин мянгадууд таваг шиг хавтгай чулуугаар хашаа
хороогоо босгодгийг, Зэрэгийн захчид хүчтэй шуурганаас сэргийлж шавар гэр
барьдгийг нүдээр үзсэн бол хэн ч юуг ч мартахгүй гэдэгт би лав эргэлзэхгүй
байна.
Ховд аймгийг олон угсаатны өлгий нутаг гэдэг бөгөөд хамгийн
сонирхолтой нь, санаандгүй бүрэлдсэн аяллын багт маань хүртэл олон угсаатны бие
төлөөлөл цуглажээ. “Газрын зураг ч худлаа даа” хэмээн ноорхой зургийг минь
харчхаад тоомжиргүй хэлсэн жолооч эр маань Мөстийн захчин. Мань эр үнэхээр л
бардам үг шигээ зам харгуйг гаргууд сайн мэддэг тул газрын
зургаа түүний дэргэд дахин гаргаж ирээгүй юм даг.
Харин Ховд их сургуулийн багш, судлаач М.Ганболд Дуутын урианхай
бөгөөд бас аавын минь цэл залуу цагийнх нь хамгийн сайн найз юм билээ.
Амьдралдаа анх удаа аавынхаа төрсөн нутаг Ховдод очиход ийм санаандгүй учрал
намайг хүлээж байсан нь амьдралд дахин давтагдахааргүй туйлын ховор тохиол биз
ээ. Аядуухан атлаа тун цэгцтэй ярих Ганболд багш нутгийн аялга бүрийг нэг л
сонсоод ойлгодог, гэрийн эзэгтэйн хоол унд хийх үү гэсэн уриалгахан асуултад
биднийхээр бол “Зүгээр, зүгээр” гэж хариулахын оронд “Гэмгүй гэмгүй” гэж яг л
тэр нутгийнхан шиг ярьдаг учраас би хотоос авч гарсан, үүргэвчиндээ буй
угсаатны зүйн номоо бараг л нээгээгүй юм даг. Арга ч үгүй юм, амьд нэвтэрхий
толь дэргэд минь яваа болохоор.
Үс, нүд, хөмсөг, бас харц нь хүртэл европ эрийг санагдуулах
гэрэл зурагчин маань уг нь Увсын баяд боловч аяллын турш бүгд л түүнийг “Англи
эр” хэмээн дуудаж байв. Хөдөөгийн хүүхдүүд “гадаад, европ, америк” гэсэн олон
нэршлийг ганцхан англи гэсэн үгээр орлуулах нь ер нь л
өхөөрдөм. Сургуульд ороогүй балчир жаал хүртэл ээжийнхээ араар нуугдан “Англи
хүн байна” хэмээн шивнэх нь бидний дунд бөөн инээд наргиан авчирдаг сан.
Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг заримдаа англи эрийн хажууд би хүртэл
англижуу болчихсон юм шиг санагддаг байв. Түүнтэй хамт сумын төвөөр алхахад
сургуулийн сурагчид англиар мэндэлмэгц иймэрхүү инээдтэй бодол гэнэт зурсхийнэ.
Гэхдээ намайг ганцаараа явж байхад хэн ч надтай гадаадаар мэндэлдэггүйг бодоход
түүнгүйгээр би бол зүгээр л “гууль” юм билээ.
Багийн хамгийн сүүлчийн гишүүн бол би. Гарал угсаа гэвэл захчин.
Аав Ховдын Зэрэгийнх л дээ.
Гэвч би уулсын дунд бус, байшингуудын дунд өссөн болохоор хэл ярианд минь,
өмссөн хувцсанд минь, бүр оюун санаанд минь хүртэл захчдыг илэрхийлэх юу ч
байсангүй. Магадгүй “Аав энэ л нүцгэн уулсын дунд хүн болсон учраас миний
үүссэн нутаг энэ л юм байна” гэсэн ганцхан бодол л намайг энэ нутагтай уядаг
байв.
Ийнхүү баруун хязгаарын дөрвөн хөвүүн нэг
машинд явж байх нь энэ бөлгөө.
Аяллын уртад ядарсан болоод ч тэр үү машин дотор нам гүм.
Харанхуй хавцалд жийп машины хүнгэнэх дуун л ганцаар хадна.
Тэгсэн машины урд суух Ганболд багш “Хараач, чонын нүд” гэж хэлээд урагш
заалаа. Уулын өгсүүр хэсэг буюу машины гэрэл үл хүрэх өндөрлөгт үүрийн цолмон
мэт цорын ганц гэрэл ёлтойж байсан нь өнөөх чонын нүд юмсанж. Нүд огтхон ч
хөдлөхгүй, байрандаа байсаар л. Тэгтэл Ганболд багш “Чонын нүд машины гэрэлд
цог шиг л гэрэлтдэг юм. Одоо тэр биднийг ажиж байна. Бид ч хийморьтой байна
шүү. Өмнө нь хар сүүлт харайж явахыг харсан, өнөөдөр бөхөн, бас чоно харж
байна” гэв. Уг нь чоно хоёр нүдтэй атал нэг л гэрэл гялтганаж байсан нь сонин.
Үнэндээ өнөөх үсэрхэг саарал амьтныг яг нүдээр үзээгүй ч чонын нүд харсандаа
бүгд л хөгжин догдолсон бөгөөд машин доторх нам гүм байдал ч сарнив.
“Дахиад чоно үзэгдэх болов уу? Үгүй л болов уу даа” хэмээн бодож
явтал хажууд суух гэрэл зурагчин Ганзориг “Тэнд чоно” гээд гараараа заалаа. Бас
л цог шиг асах цорын ганц гэрэл хавцлын нөгөө талын эгц хажууд түнэр харанхуйн
дундаас гялалзан харагдав. Нэг шөнийн дотор хоёр ч чоно харсан нь бас л сонин тохиолдол.
Хэрэв хавцал гэдэг Алтайн уулсад нэвтрэх урт хонгил юм бол үүдий нь манах хоёр
чоно биднийг саадгүй нэвтрүүллээ дээ хэмээн дотроо бэлгэшээсэн ч энэ бодлоо
хэнд ч хэлсэнгүй.
Ийнхүү хавцал ч дуусав бололтой, айлуудын ганц нэг гэрэл бүүр
түүрхэн үзэгдэж эхлэв. Бид алслагдмал Дуут сууринд иржээ. Ер нь сумын төв гэдэг
бол тэнгэрийн нэг хязгаараас нөгөө үзүүр хүртэл ярайх, тэртээ
дээрээс унах шахам тогтсон үй түмэн оддын гялбаагаар гудамж талбайгаа гэрэлтүүлсэн бяцхан суурингууд л юм билээ.
Машины гэрэл харанхуй гудамжийг нэвт гэрэлтүүлэх зуур эргэн
тойрноо ажих гэж хичээвэл бүх юм үл үзэгдэхүйд уусчээ.
Шөнө нь огт танихгүй газар ирээд, өглөөд гайхан биширсэн аясаар бүхнийг сонжин
хардаг шиг тийм мэдрэмж маргааш намайг эрт сэрээнэ дээ хэмээн бодож явтал
бидний машин хаалга нь дэлгээтэй саарал блокон хашааны гадаа зогслоо. Хашаан
дотор цонх нь гэрэлтэй шавар байшин байх бөгөөд тун удалгүй нэгэн эр байшингаас
гараад ирж яваа үзэгдсэн нь алтайн урианхайн туульч Н.Дамдиндорж байв. Хавцал
жалга, даваа гүвээг туулан байж Алтайн нурууны өндөрлөгт орших, ганцаардмал
буйд сууринг зорин ирсний учиг шалтгаан гагцхүү түүнтэй холбогдох билээ.
Төрөлх сууриндаа ирсэн Ганболд багш биднийг туульчтай
танилцуулаад жолоочийн хамт өөр айлд хоноглохоор яваад өгөв. Сумын төвд зочид
буудал байхгүй учраас зуны дэлгэр цагаас бусад үед бол сууринд ирсэн гадны хүн
бүр ямар нэгэн айлд хоноглохоос өөр аргагүй. Ингээд гэрэл зурагчин бид хоёр
ачаа бараагаа туульчийнд оруулах зуураа замд хоёр ч чоно харсан тухайгаа
сонирхуултал туульч маань “Чоно харна гэдэг сайны дохио. Алтайн эзэн та хэдэд
ээлтэй байгаа юм байна даа” гэсэн нь домог туульсын нутагт аль хэдийн ирчихсэн
буйг сануулах шиг л болов.
ТУУЛЬЧИЙН ЯРИА
Туульчийнх саруулхан шавар байшинтай бөгөөд бид том өрөөнд нь
төвхнөв. Цаг орой болсон тул хүү, охин хоёр нь хэдийн орондоо оржээ. Харин
гэрийн эзэгтэй Э.Оюун-Эрдэнэ хоол унд зэхээд тун ч завгүй. Энэ хооронд би
туульчтай хөөрөлдсөн юм. Гадаа од мичид түгсэн харанхуй шөнө айлчилсан боловч
эрт дээр үеийнхээр бол туульс хайлах ид цаг.
Тэрбээр өдгөө 48 настай. Өнгөрсөн амьдралыг нь тун товч хүүрнэе
гэвэл Дуутад төрсөн, Дуутад өссөн, Дуутад багшилж буй, Дуутад амьдарч буй,
дундуур нь Улаанбаатарт сурсан гэхэд л болно. Харин туульстай холбогдсон түүний
түүх яг л домог туульс шигээ өгүүлж баршгүй урт. Хорин таван жил бага ангийн
багшаар, сүүлийн хоёр жил дуу хөгжмийн багшаар ажиллаж буй энэ эгэл даруухан
хүн төрөлх сумандаа бүхий л амьдралаа элээхдээ туульсын уламжлалыг огт
тасалдуулалгүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй нь яг л домог туульс дотор л
баймаар баатарлаг нэгэн үйл гэмээр.
Н.Дамдиндорж домогт туульч Занын Жилкэрийн зээнцэр хүү юм.
Дөрөвдэх үеийн туульч гэсэн үг л дээ. “ЮНЕСКО-гийн нэн даруй хамгаалах хүн
төрөлхтний соёлын өвийн жагсаалтад монгол туулийг бүртгэх болсонд Алтайн
урианхайчуудын удам дамжсан туульчдын ач гавьяа үнэлж баршгүй их юм шүү”
гэдгийг Ганболд багш зам зуураа онцолж байлаа.
“Цагаан хар улаан” романаараа торгууд түмний туульсын
сэтгэлгээний цар хүрээг эрэлхийлсэн зохиолч Г.Аюурзана “Булган суманд очоод
хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жангарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар
хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. Жангарыг зохиосон ард
түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй,
жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа” хэмээн нэгэн
ярилцлагадаа харамсан өгүүлсэн байдаг. Тэгвэл 1860 онд мэндэлж, 1940 онд
тэнгэртээ морилсон их туульч Жилкэр болоод түүний хойч үеийнхэн 12 нүсэр том
туулийг өнөө үед бүрэн бүтнээр нь уламжлан авчирсан нь алтайн урианхайн нутагт
туульсын уламжлал огт тасраагүй ирсний нотолгоо гэж хэлж болно.
Туульч Н.Дамдиндорж 1982 оны хавар авга ахаараа тууль хайлахыг
заалгахдаа 15 настай дунд сургуулийн сурагч байжээ. Тухайн үед сургуульд нь
Дуут нуур нэртэй тууль цуурын хамтлаг байгуулагдчихсан, манай хүн тэнд нь тууль
хайлахгүй ч Алтайгаа магтдаг байж. Үүнийг анзаарсан сургуулийн захирал “Тууль
сурч ир” хэмээн түүнийг авга ах руу нь илгээжээ. Ийнхүү сургуулийн захирлаараа
тав хоногийн чөлөө цохож бичүүлээд бараг л сумын төвийн цорын ганц “тээврийн
унаа” гэгдэх шуудангийн машинд дайгдан Ховд хот орж Хөгжимт драмын театрт
манаачаар ажилладаг авга ахындаа зочилсон нь хожим Төрийн соёрхол хүртсэн их
туульч Баатарын Авирмэдийнх байв.
“Авга ахынх театрын гадаа гэртэй. Би хамтлагийнхаа товшууртай
очиж байсан санагдана. Тууль хайлж сурна л гэлээ. Тэгсэн авга ах “Болно оо” л
гэж байна. Тэгээд “Наран хөвөн хаан” туулийн хэсгээс дуудаж бичүүлээд надаар
цээжлүүлэв. Саарал дээл, шар бүснээс салдаггүй авга ах маань орой ажил тарсны
дараа л завтай болно. Ингээд бид хоёр театрын чимээ шуугиангүй, эл хуль
корридорт тууль хайлж эхэлнэ. Өмнө нь хайлж байсан болохоор Алтай уулын магтаал
болоод байдаг. Гэтэл тууль хайлах болохоороо үг хэлц нь дээр доороо орж
мартагдаад нэг л болж өгдөггүй” хэмээн түүнийг хуучлахад “Тэр үед авга тань юуг
голчлон захисан бэ” гэж лавлатал “Баяд, халх, торгууд, захчин туулиас ялгаатай
нь урианхай тууль амьсгаагаа түгжиж, цаанаасаа хайлж
хэлдгээрээ онцлогтой. Зүгээр дуугарч хайлахгүй, амьсгаагаа шахаж хайлна гэж
аминчлан захисан” хэмээв. Ингээд тэрээр Алтай уулын магтаал, Наран хөвөн хаан
туулийн нэг хэсгийг сураад гэртээ харьжээ.
Дараа нь Улаанбаатар хотод оюутан болсон бөгөөд 1985 оны өвлийн
амралтаараа нутагтаа ирээд хот руу буцахын урьд шөнө түүний бас нэгэн авга ах,
нэрт туульч Баатарын Уртнасан сумын төв дэх гэртээ Наран хөвөн хан туулийг
хайлжээ. “Авга ах шөнө дунд хүртэл хайллаа. Тэндээс нэлээд хэсгийг тогтоож
авав. Тэр үед чинь одоогийнх шиг туулийн үг бүрийг хэлхээд биччихсэн олон ном судар
гэж байсангүй. Хотод очсоны дараа дотроо бодоод л явдаг байлаа. Тэгж байтал би
өөрийн товшууртай болов. Тэгээд зав чөлөө гарвал л Алтайгаа магтаад, нөгөө
туулиа цааш хэлдэг болсон доо” хэмээн тэрээр өгүүлэв.
Урианхайн туульчид тууль хайлахыг, үг хэлций нь цээжлэхийг
төрөлхийн авьяас чадвараас ангид үзэж, өөрт нь ямар нэгэн ер бусын ид шид
тусалдаг гэдэгт итгэдэг ажээ. Тиймдээ ч хэдэн мянган мөр шүлгээс бүрдэх нүсэр
туулийг дөрвөн мөрт шүлэг цээжилж буй юм шиг үгчилж тогтоодоггүй болохыг
туульчийн яриа ч баталж байв. Тэрээр “Мөрөөр биш утгачлан тогтооно. Уулаа
магтаад дуусаж байна. Одоо гэрээ магтаад дуусаж байгаа юм байна. За таван хошуу
малаа магтлаа. Харин одоо энэ баатар тийш яваад ийм баатартай байлдах гэж байна
гэх зэргээр тогтооно гэсэн үг. Ер нь урианхайн нэг туулийг дангаар нь хэвлэвэл
зузаан номын дайтай болно. Тэгэхээр тийм зузаан номыг үгчилж цээжилнэ гэж
байхгүй шүү дээ” хэмээв. Ингээд түүнээс туулийн тухай олон зүйлийг дэлгэрүүлэн
асуусан юм. Уншигчдад туульчийн үг бүр үнэтэй санагдах учраас түүнтэй
ярилцсанаа харилцан яриа хэлбэрээр сийрүүлж байна.
-Ер нь тууль хайлдаг хүн бүрийг туульч гэх үү?
-Туульчийг бусад туульч нар нь туульч хэмээн өргөмжилдөг
уламжлал бий. Тэрнээс хэдхэн бадаг төдийг хайлж сурчихаад өөрийгөө туульч
гэдэггүй.
-Тэгвэл хэн нэгэн Таныг туульч хэмээн
өргөмжилсөн байх нь ээ?
-1992 онд Бүх ард түмний урлагийн их наадам болсон юм. Тэнд би
“Хамгийн залуу туульч”-аар нэрлэгдлээ. Тэгсэн наадмын дараа манай Уртнасан авга
“Энэ хүүхэд тууль хайлах цаг нь болжээ” хэмээн хэлж байсан юм. Нэг үгээр тууль
хайлах эрхээ авч байна гэсэн үг л дээ.
-Та хэчнээн тууль мэдэх вэ?
-Би яг дөрвөн тууль бүтнээр нь мэдэж байна. Наран хөвөн хаан
тууль. Аргил цагаан өвгөн. Зул Алдар хан. Талын хар бодон. Харин манай авга ах
нар арваад тууль бүтнээр нь хайлдаг байсан гэх нь бий. Авга ах нарын аав буюу
манай өвөө туульч, эмээ бас туульч байсан гэдэг. Гэхдээ манай урианхай ёсонд
эмэгтэй хүн тууль хайлдаггүй. Хүндэднэ гэж үздэг. Эмээ зүгээр хүүхдүүддээ
үгчилж хэлдэг байж. Зул алдар хаан гэдэг туульд ийм ийм баатар гардаг, ингэж
эхэлнэ, ингэж төгсөнө гээд үлгэр маягаар ярих жишээтэй.
-Таны хайлсан тууль бусад туульчийнхтай яг ижил байх уу?
-Нэг бүрчлэн ижил байна гэж байхгүй. Ихэнх хэсгийг сэцэн
цэлмэгээрээ хайлдаг.
-Алтайн урианхайчууд хэчнээн тууль хайлдаг байсан юм бэ?
-Хориод тууль бий. Авирмэд авгын хүү Балдандорж лав арваад тууль
мэддэг.
-Туулийг товшуур хөгжимгүйгээр хайлж болох уу?
-Урианхайчууд заавал товшууртай хайлдаг. Товшуур бол туульчийг
хөглөж явдаг хөгжим юм. Яг одоо намайг мэддэг туулиа цаасан дээр бичээд орхи
гэвэл би шууд бичиж чадахгүй. Харин товшуураа аваад хөг хэмнэлдээ хөтлөгдвөл хэлж
өгч чадна.
-Урианхай туулийг өөр угсаатны туульч хайлж болох уу?
-Уг нь болох ч хэллэг нь өөр учраас сурдаггүй. Жишээ нь урианхай
аялгаар орой гэхийг асганда, өглөөдөө гэхийг өрүндэ, хойшоо гэхийг хоор гэнэ.
-Тууль эхлэхийн өмнө заавал Алтайг магтдаг нь ямар учиртай юм
бэ?
-Алтан дэлхий, Алтайн уулсаа баясгасны дараагаар туулиа хайлдаг.
“Алтайн магтаалгүй туулийг тууль гэхгүй, авгайгүй айлыг айл гэхгүй” гэсэн үг
бий. Тэрхүү Алтай уулын магтаалд Алиа хонгор хэмээх алтан шаргал морьтой Алтайн
савдаг эзэн гардаг. Уул ус, ан амьтан гээд энэ бүх юмний эзэн нь юм л даа.
-Туулийг ямар үед хайлдаг вэ?
-Намрын дунд сараас эхлээд хаврын эхэн сар хүртэл хайлах нь бий.
Өөрөөр хэлбэл өвөл гэсэн үг. Учир нь өвөл шөнө уртасчихдаг, малчид хонь малаа
эрт хотлуулчихдаг тул тууль сонсох зав чөлөө ихтэй болдог юм. Гэхдээ туулийг
хамаагүй хайлдаггүй, ямар нэгэн утга учир, зорилго агуулж байх
ёстой гэж үздэг. Жишээ нь насны буянд “Аргил цагаан өвгөн”, сэтгэлээ сэргээж,
хийморь бадраах бол “Талын хар бодон”-г хайлна.
-Тэгэхээр туульчид асар нэр хүндтэй байсан байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Туульчийг урьж зална. Морий нь аргамжина.
Туульч хэдэн цагт унтана тэр хүртэл яриаг нь чагнаад, тууль хайлахы нь сонсоод
унтдаг байж. Дээр үед туульчид лам нар шиг модон тагш юм уу мөнгөн аяга өвөртөлж
явдаг байсан гэдэг.
-Туулийг ямар ч айлд хайлж болох уу?
-Туульч хүмүүсийг эерэг эрчим хүч дагаж явдаг хэмээн ахмад
туульчид ярьдаг. Тиймээс тууль хайлах өдөр судар, тухайн айлын удам судрыг
заавал харна. Өөрөөр хэлбэл айлаа шинжинэ. Тэгэхгүй бол тэр айлын муу муухай юм
туульчид шингэчихдэг гэж үздэг. Манай аав, авга нар “Бөө, тууль хоёр харш.
Бөөтэй газар тууль хайлав аа” гэж захидаг байсан. Ямар учиртайг нь асуухад “Бөө
гэдэг бол хүний онгодыг дууддаг учраас тэднийг хар энерги дагаж явдаг. Уул ус, Алтайгаа
баясгадаг болохоор туульч хүмүүсийг эерэг энерги дагаж явдаг” хэмээн хариулж
байсан санагдана.
-Сонсож буй хүмүүс туулийн агуулгаас юуг ойлгож ухаардаг вэ?
-Гол нь энэрэнгүй сэтгэл. Халх туульд ихэнхдээ мангас гарах нь
бий. Харин миний мэддэг урианхайн дөрвөн туульд тийм юм байхгүй ээ. Хоорондоо
байлдаж байснаа эвийг эрхэмлэж, ах дүүс болоод хулан тахь шиг ижилсэн, хун
шувуу шиг зүсээ нийлүүлээд дараагийн дайн байлдаанд хамтарч байлдсаар төр нь
төвхнөн, наян жилийн найраа хийдэг дээ.
Бид хоёр ярилцсаар байтал бараг л шөнө дунд болжээ. Ярианыхаа
төгсгөлд хамгийн сүүлд Дуут суманд эртний ёс дэгийг баримтлан хэзээ тууль
хайлсныг асуувал “1995 онд манай хоёр авга тууль хайлсан гэдэг. Би байлцаагүй л
дээ. Цагаан сарын үеэр л болов уу. Тэрнээс хойш ховордсон доо. Одоо бол
ихэнхдээ тайзан дээр л тууль хайлдаг болж” хэмээн хариулсан юм.
СУМЫН ТӨВӨӨР
АЛХСАН НЬ
Алтайн нуруу умраас урагш улам нарийссаар Монгол орны өмнөд
хязгаар хүртэл сунан үргэлжилдэг. Хэрэв газрын зураг дэлгээд Алтайн уулсыг
харвал уулын өндөр бүсийг илэрхийлдэг улаан хүрэн өнгө Баян-Өлгий аймгийг
бүхэлд нь, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх хэсгийг хулдсан байх
болно. Тэгвэл Дуут сум гэсэн нэр энэ л улаан хүрэн дэвсгэр дээр бий. Уулсын
дунд гэсэн үг.
Өглөө 7 цаг өнгөрөөж босоод гэрэл зурагчин бид хоёр ойролцоох
уул өөд өгсөн хавь орчноо харвал үнэхээр л өндөр уулын бүс гэдэг нь илэрхий.
Эргэн тойрон нүцгэн уулс л сүлэлдэнэ. Яг л алганы хонхорхойд буй мэт.
Сумын төв нийслэл хотоос 1500 орчим км алслагдсан гэдэг нь тийм
ч сонирхууштай баримт биш боловч нийслэл хотоос нэг мянгаад метрийн өндөрт
өргөгдсөн гэдэг нь хэний ч сонирхлыг татахаар. Нэг
үгээр, Дуут бол Монгол орны хамгийн өндөр цэгт орших сумын төв юм.
Барагцаалбал, Цэцээ гүний өндөртэй дүйцдэг бөгөөд дуутынхан Богд хааны ноён
оргил хавьцаа л суурьшдаг гэсэн үг. Тэгэхээр тэднээс дээш ямар ч сумын төв,
ямар ч суурин газар үгүй. Зөвхөн уулс, үүлс л бий.
Суурин ер нь л цомхон. Айлуудын гэр болоод байшинг бараг л нэг
бүрчлэн тоолж бармаар. Албан ёсны статистик мэдээгээр бол Дуут сум 2100 гаруй
хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын 80 гаруй хувь нь Алтайн урианхайчууд.
Уул уруудаад сумын төвөөр алхлаа. Эндхийн хамгийн өндөр
байшингууд гэвэл цэцэрлэг болон Нутгийн удирдлагын ордон. Аль аль нь хоёр
давхар бөгөөд сургууль, дотуур байр, эмнэлэг гээд бусад бүх барилга нэг давхар.
Үйлчилгээний газар гэвэл хэдэн дэлгүүр л бий. Харин буурчийн газар, уушны
газар, хоолны газар харагдсангүй.
Цаг хартал өглөөний 8 өнгөрч. Охиноо сундалсан мотоциклтой эр,
увж цувах сургуулийн хүүхдүүд хажуугаар зөрнө. Бид 9 цагийн алдад сургуулийн
Дуут нуур хамтлагийн хөвгүүдтэй уулзана гэсэн учраас туульчийнх руу
яаравчиллаа. Биднийг очиход Дамдиндорж туульч гэрээс гарахад хэдийн бэлэн
болсон байв.
Дуут нуур бол Дамдиндорж багшийн удирдлага дор явдаг тууль,
цуурын хамтлаг. Товшуурыг хийхдээ хар модыг хатаагаад ухаж урладаг бөгөөд ямар
нэгэн зүйдэл залгаасгүй байх тусмаа сайн товшуурт тооцогддог байна. Харин цуур
гэдэг нь лимбэрхүү хөгжим юм. “Сурахад хамгийн хэцүү хөгжим бол цуур. Яагаад
гэхлээр цуур ердөө гуравхан нүхтэй. Гурван нүхэнд нь ноот гэж байдаггүй. Цуурыг
сурахын тулд эгшиглүүлэх гэж буй аялгуугаа дотроо ургуулан бодно. Усны долгион
байлаа гэхэд дотроо тэр аялгууг төсөөлнө. Эсвэл хур шувууны дуудлага гэхээр
шувуу яаж дуугардгийг дотроо бодно гэсэн үг. Энэ утгаараа цуурыг Алтайн эзний
хөгжим ч гэдэг. Тиймээс Алтайг магтаж, тууль хайлж чаддаггүй хүн цуур үлээдэг
юм” хэмээн туульч зам зуураа ярив.
Сургуулийн урлаг зааланд ортол хамтлагийн хөвгүүд цуглачихсан
байв. Тэд энгэр, хормойдоо хар өнгийн эмжээр тойруулан хадсан цагаан өнгийн
урианхай дээлээр ижилсжээ. Хөвгүүд янз бүрийн насных аж.
Дамдиндорж багшийн яриагаар бол, 5–7-р ангиас эхлээд Алтай уулын магтаал заадаг
бөгөөд үүний учир гэвэл энэ үеэс хөвгүүдийн хоолой бүдүүрч эхэлдэг гэнэ.
Хөвгүүд өөр өөрсдийн товшуур, цуураа аваад хагас тойрог болон
сууцгаав. Ажиглаад байхад, хүүхдүүд таарсан цуураа барьж авахгүй байсан нь ихэд
учиртай юмсанж. “Цуур бүр дуугардаггүй. Урт богиноосоо шалтгаалаад хүн бүрт
тохирох нь харилцан адилгүй” хэмээн Дамдиндорж багшийн хэлсэн нь Харри Поттер
зохиол дээрх шидэт саваа эзнээ сонгодог гэдэгтэй тун төстэй санагдав.
Хүүхдүүд товшуур товшин Алтайгаа магтсаны дараа “Аргил цагаан
өвгөн” туулийн хэсгээс хайллаа. Туулийг хагасалж болохгүй, заавал гүйцээх ёстой
гэсэн Дамдиндорж багшийн үг тэрхэн үед санаанд орсон ч энэ бодлоо гаргаж
хэлсэнгүй. Алтайн нурууны буйд сумын төвд, үүдээр нь дэггүй хүүхдүүд шагайж
үймэлдсэн сургуулийн урлаг зааланд 18 ч хүрээгүй сурагч хөвгүүд өнө эртнээс
амнаас ам дамжин ирсэн, туулийн нэгээхэн хэсгийг хайлж суугаа нь л бахдалтай
байв. “Дээр үед удам дамжсан их туульч л тууль хайлдаг байсан. Тэгтэл одоо
хүүхдүүд хайлж байна” хэмээн түүнд хэлтэл тэрээр “Ингэхээс ч өөр аргагүй юм.
Энэ их өвийг хойч үедээ авч үлдье л гэж бодож байна” хэмээн даруухан хариулсан
юм.
Туульч хөвгүүдийн дунд түүний төрсөн хүү сууж байлаа. Ирэх жил
сургуулиа төгсөх хүү Алтайг магтаж, тууль хайлж, товшуур товшиж, цуур үлээж
байсан ч Дамдиндорж гуай “Хүү маань туульч болох болоогүй л байна. Хэрэв өөрөө
шаргуу байгаад дэг ёсоор нь туулийг бүтнээр нь хайлж сурвал түүнийг туульч
хэмээн өргөмжилнө дөө” хэмээн хэлж билээ. Тэр цагт хүү аугаа туульч Жилкэрийн
тавдахь үеийн туульч гэгдэх юм.
Замын тухай бодол
буюу төгсгөл
Сумын төв рүү нэвтрэх хоёр гол зам бий. Аль аль нь шороон зам.
Эхнийх нь бидний ирсэн бул чулуу ихтэй хавцлын зам бол нөгөө нь бидний буцсан
бартаа багатай уулын зам юм. Гэвч ийш ирнэ гэдэг зөвхөн том тэрэгний л зориглож
хүчрэх ажил. Тийм болоод ч тэр үү, жижиг суудлын тэрэг төдийлөн харагдсангүй.
Бүр туульчийн хашаанд хүртэл өвгөрч хөгширсөн нэгэн машин огт асаж хөдөлдөггүй
мэт зогсож байсан нь орос 67 байлаа. Гэтэл өнөөх унаа нь асдаг төдийгүй
хөдөлдөг, хөдөлдөг төдийгүй уул хадаар хэсдэг гэнэ. “Хад чулуун дунд хад чулуу
шиг л машин тэснэ шүү дээ” хэмээн нутгийн нэгэн эрийн хуучилсан нь үнэхээр л
үнэн бололтой.
Нэгэн үеэ бодвол, Ховд аймгийн ихэнх сумын төвөөр хар зам дайран
өнгөрдөг болсон тул иймэрхүү орос машинуудын оронд жижиг тэргүүд л сүнгэнэх. Ер
нь алслагдмал буйд сумын төвд суурин соёлын ололт дэвшлийг ихэнхдээ зам авчрах
нь бий. Зам тодрох тусам суурин ч томордог. Гэвч зам гэрэлтэй, сүүдэртэй
бүхнийг ялгалгүй тээдэг. Тал нутагт өнө эртнээс нааш өвлөгдөж ирсэн олон өв
уламжлал бүдгэрэн арилсны учир шалтгаан үүнд ч оршиж мэдэх юм. Харин Алтайн
уулсын дундах Дуут суманд суурин иргэншлийн гялгар, сөрөг, бялуурам бүхэн хүрч
ирээгүйн учиг өнөөх бартаа саадтай, бэрх замаас л үүдэлтэй ч байж болох.
Зам бас бүхнийг хурдасгадаг. Алтайн их уулсыг хөндлөн зүсэх
Бодончийн хавцал саяхныг хүртэл шороон замтай байсан бол одоо түүгээр хар зам жирийнэ.
Эхлээд голын хөвөөгөөр морьтой, тэмээн жинтэй, дараа нь шороон замаар моторт
тэрэгтэй, мотоциклтой Алтайг туулдаг байсан нүүдэлчид өдгөө “зүүрмэглэх төдийд”
л зорьсон газраа хүрдэг болжээ. Энэ бол том дэвшил юм.
Гэвч хурд ихсэх тусам Алтайн цавчим уулсын сүр барааг алмайран
бишрэх нь багассаар. Сүнгэнэх машины цонхоор жирэлзэн өнгөрөх уулсыг хараад
“Өө, Алтай гэдэг чинь ингээд л болоо юу” хэмээн бодох нь агуй хад, ан амьтан
бүр нь домог шивнэх Алтайн уулсын ид шидэд улам л үл итгэхэд хүргэсээр.
Зам бас цаг хугацааг ч, орон зайг ч товчилдог. Тэр хэрээрээ
нүүдэлчдийн алгуур, тайван, юунд ч үл санаа зовних амьдралын хэв маяг хот хүрээ
газрынх шиг хурдан хэмнэлд хөтлөгдөх болов. Уулын бөглүү мухраас соёл
иргэншлийн заагт хүрэх нь тийм ч хэцүү биш болжээ.
Илүү бага хугацаанд илүү ихийг амжуулах болсноор цаг хугацаанд
үл дөнгөлөгдөх хуучны өв уламжлал бүхэн тээртэй, удаан, тэвчихэд бэрх санагдаж
байж магадгүй л юм. Хонон өнжин тууль хайлахыг сонсохын оронд хурдхан шиг төв
рүү ухасхийчээд ирэх, эс бөгөөс зурагтаар оройн мэдээ сонсохыг илүүд үзэж
яагаад болохгүй гэж? Ачааны тэргээр нүүдэллэх нь амар бөгөөд хурдан атал юуны
учир тэмээн дээр ачаагаа тэгнээд тэртээ холыг туулах ёстой гэж? Мотоцикл
мориноос хоёр дахин хурдан байсаар атал өнжөөд хүрдэг газрыг өдөртөө яагаад
туулж болохгүй гэж? Зам ухрах аргагүй сорилт авчирдаг нь энэ билээ.
“Хөдөөдөө л бай, хот гэдэг бараан амьдрал, хуучны бүхнээ хадгалж
үлд” хэмээн захих мөртлөө хот хүрээгээ тойруулан хана хэрэм босгож, хэнийг ч
гаргахгүй, хэнийг ч оруулахгүй гэх өв уламжлалаа дээдлэгсэд, “Өөрсдөө дулаан,
тохилог, хялбар бүхний дунд хөлбөрчхөөд бусдыгаа хуучин шигээ хоцрогдсон хэвээр
бай гэдэг чинь утгагүй хэрэг, адилхан л хөгжих ёстой” хэмээн шүүмжлэх хөгжил
дэвшлийг эрхэмлэгсэд зад хэмлэлдэх зуур хөдөөгийн буйд суурингууд хэний ч
мэргэн үггүйгээр сорилт бэрхшээлээ даван туулах гэж оролдсоор.
Тэртээ жилүүдийн өмнөх хөдсөн дээл өмсөж, товшуур үүрсэн өвгөн
туульч өнөө цагт савхин хүрэмтэй дуу хөгжмийн багш болоод хувирчихсан гэхэд ер
итгэмгүй. Гэвч Н.Дамдиндорж туульч шиг ийм л эгэл даруухан, энгүй авьяастай
хүмүүсийн ач гавьяагаар өнгөрсөнд ямар байснаа үл мартан ирээдүй рүү нүүдэллэж
буй билээ. Магадгүй энэ л зам өв уламжлалаа гээхгүйгээр хотшиж, сууринжих цорын
ганц гарц байж ч мэдэх юм. Тууль, цуур, товшуур эсгий гэрт эгшиглэдэг байсан
бол өдгөө сургуулийн анги танхим, дотуур байрны өрөө тасалгаанд дуурьсдаг
болсны зөв бурууг тунгаах нь тийм ч чухал биш билээ. Магадгүй цаг хугацаа
үүнээс өөр шийдэл үгүйг ч нотолж болно шүү дээ.
Жил бүр сургуулиа төгссөн өсвөр үеийнхэн алс холын газрыг танин
мэдэх гэсэн дэврүүн насны эгээрэл хүсэлдээ хөтлөгдөн төрөлх суурингаасаа
нисдэг. Зарим нь буцаж ирдэг, зарим нь буцаж ирдэггүй боловч үнэндээ энэ бол
бидний хэмлэлдэх шалтгаан яавч биш юм. Хүн үүссэнээс хойш шинийг эрэлхийлж, шинэ
ертөнцийг нээж, шинэ бүхнийг танин мэдэж, шинийг бүтээхийн тулд хуучнаа орхин
алс хол нүүдэллэж ирээгүй гэж үү? Энэ л мөнхийн жишгээр Дуут сумын хүүхдүүд
туулиа цээжиндээ тээн, товшуураа нуруундаа үүрсээр холыг зорино.
Хэзээ нэгэн цагт Дуутад зам ирэх л байх. Ирэх ч ёстой юм, бүр
толь шиг зурайх тосон зам. Гэхдээ л тэд бидний шүүмжилсэн, халагласан,
зааварласан үггүйгээр өнгөрсөнтэй нь шөргөөцөлдөх хүндхэн сорилтыг
өөрсдийнхөөрөө даван туулах гэж оролдсоор.
3 сэтгэгдэлтэй
:)
ReplyDeleteСайхан нийтлэл байна. Уулын суурингийн амьсгаа сонсогдлоо. Дутуу нь илүүтэйгээ хамт...
ReplyDeleteБиширмээр, үнэн шимтэй бичих юмаа. Маш их баярлалаа. Одоо хаана ямар сэтгүүл, сонинд бичиж байгаа бол? Уншихсан.
ReplyDelete