Салхины дуун
December 22, 2015Ховд хот |
Хөөмий бол биегүй
зэмсэг. Оргүй хоосноос хөг аялгуу үүсгэдэг нь яг л хөгжмийн
зэмсэг мэт. Гэхдээ ганц биш хоёр аялгууг нэг хүн дуурьсгадагт л монгол хөөмийн
гайхамшиг оршдог гэдгийг ЮНЕСКО 2010 онд Биет бус соёлын өвөөрөө бүртгэхдээ
онцолсон.
Эрт ч тэр, эдүгээ
ч тэр өнөөгийн туурга тусгаар улсын хил заагаас өргөн уудам тархсан хөөмийн
урлаг өнө эртний түүхтэй боловч үйлдвэржсэн, хотожсон сүүлийн хагас зуун жилд
Ховд аймгийн Чандмань сум буюу зөвхөн нэг л уулын бэлд гойд дэлгэрмэл буй нь
тайлагдашгүй оньсого мэт нууцлаг хэвээр байна.
Ийнхүү нэгэн
хальсны түүх тэрхүү санаанд оромгүй нууцын гүнд хөтлөх болно.
ХАЛЬСНЫ ЭРЭЛД
Үндэсний телевизийн гуравдугаар давхрын бөглүү мухар дахь
үүдэндээ “Киноны сан хөмрөг” гэсэн даруухан хаягтай, эгээ л элж мартагдсан
гэмээр харанхуй өрөөг эрхлэгч бүсгүй түлхүүрдэн онгойлголоо. Давчуухан өрөө
юмсанж. Эгнэсэн нүсэр тавиурууд дээр төмөр хайрцагтай дугуй хальснуудыг
давхарлан өржээ.
Эрхлэгч “Эд бол 16, 32 мм-ийн хальсан дээрх уран сайхны болоод
баримтат кинонууд
юм. Хальсны эрин нэгэнт үеэ өнгөрөөсөн тул
хуучин хальснуудыг энд хадгалж буй хэрэг” хэмээн тун ч эелдэг
ярих зуураа төмөр тавиураас өлгөсөн чийгшил хэмжигчийг гярхай ажаад “Хэт хуурай
агаар бол хальснуудын дайсан. Тэдний хувьд 40–55%-ийн чийгшил л хамгийн
тааламжтай” гэв. Мөнөөх багажны зүү энэ удаад 37 руу унажээ. Уг нь доошилсон
чийгшлийг түмпэн савтай ус тавиурууд дор тавиад
тогтоон барьж болдог ч өвгөн хальснуудын үүр ноохойгоор орж гарах
хүн бараг л үгүй.
Ийм чухал зүйлсийг ингэж хадгалдаг хэрэг үү
гэсэн санаа зовнилыг минь эрхлэгч эмэгтэй анзаарсан бололтой “Хальс бүрийн өөр нэг хувь Алтан сан хөмрөгт буй. Мөн хуучны
кинонуудыг орчин үеийн DVCAM хальс руу шилжүүлчихсэн” гэж
хэлээд дууны хуурцгархуу зүйл надад харуулав. Ийм
хальсыг өнөө оройны шууд эфирт ч ашиглаж болно гэлээ.
Цаг хугацаа өнгөрсөнд хоцорсон мэт цонхгүй,
цоожтой энэ өрөөг зорин онгойлгосны учир шалтгаан угтаа бол
тоосонд дарагдсан нэгэн хальстай холбогдоно. Тэр нь 126 гэсэн дэс дугаартай,
таган дээр нь “Монгол хөөмэй” хэмээн бичгийн машинаар бүдэгхэн дармалдсан 1982
оны баримтат кино юм л даа. (Хөөмий биш хөөмэй гэж бичжээ.) Алс Ховдын хязгаарт
агаарын хөлгөөр хүрч, хөөмийн урлагийг анхлан сурвалжилснаараа энэ баримтат
кино гойд онцгой. Хэрэв төмөр тагий нь
онгойлговол 216 метр урттай хоёр ч хальс бий. “Доод талынх нь 16 мм-ийнх. Кадр
бүр нь гэрэл зураг шүү” хэмээн эрхлэгч сонирхуулав. Харин нөгөөх нь соронзон
хальс бөгөөд тэр үед 16 мм-ийн хальсан дээрх баримтат киноны дуу, дүрсийг тусад
нь бичдэг байж. Сонирхуулахад,
ороосон хальснуудыг уртааш нь өнхрүүлбэл
Үндэсний телевизийн өндөр цамхгаас ч урт болно гэсэн шүү.
Ийнхүү гучаад жилийн хойно, киноны хальсыг эрсээр эл харанхуй
өрөөнд ороход олон ч зүйл өөрчлөгдсөн байлаа. Киноны гол баатруудын
нэг нэрт хөөмийч Сундуй тэнгэрт хальсан бол кино зохиолыг бичсэн ардын билэг
зүйч, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Бадраа хөөмийн тухай бэсрэгхэн хэсэгтэй “Монгол
ардын хөгжим” хэмээх сүүлчийн бүтээлээ дуусгаж чадалгүй өөд болжээ. Энэ бүхний
хажууд хальс яг л пянз шиг үзмэрийн эд болсон нь ер харамсахааргүй, шалихгүй
зүйл мэт санагдав.
Үүнээс гадна хальс
тоглуулахад хүртэл бэрхшээлтэй болжээ. Хэрэв тийм хэрэг гарлаа гэж бодоход жин
болоод хэмжээгээрээ зузаавтар номтой эгнэх,
төмөр хайрцагтай хальсыг эндээс сугавчилж гараад нэгдүгээр давхрын хальс
тоглуулагч дээр тоглуулна. Тэгээд жижигхэн дэлгэцийг ширтэнэ дээ. Кино 20 минут
үргэлжлэх бөгөөд хуучин хальсны толботсон дүрс болон
киноны эхэн дэх “Энэ кинонд Ховд аймгийн Чандмань сумын ардын авьяастан
билэгтнүүд оролцлоо” гэсэн оршил үгс хамгийн
түрүүнд анхаарал татах болно. Нээрээ ч, “Хөөмий сурахад амаргүй шүү…” гэх хүрэн
дээлтэй нэгдлийн жолооч Цэрэндаваа ч, бөхийн барилдааны урьдаар бүхий л
наадамчдад хөөмийлөх Сундуй гуай ч, бас голын хөвөөнд исгэрэн хөөмийлөх хоёр
хүү ч, бүгд л Чандманийх аж.
Ийнхүү дэлгэц
доторх цаг мөчөөс хойш гучаад жил өнгөрсөн боловч энэ нутгаас гаралтай нэрт
хөөмийчдийн улбаа өдгөө ч тасраагүй хэвээр. Уг нь
цаг хугацаа бүгдийг өөрчилдөг л дөө. Гэхдээ өндөр Алтайн эгц цавчим уулсын хаяан
дахь Чандмань нутагт салхи мэт аялгуу одоо ч эгшиглэсээр буй бөгөөд гучаад
жилийн хойно, хөөмийн нутгийг сурвалжилсан энэхүү нийтлэлд маань ч гэсэн “Ховд
аймгийн Чандмань сумын ардын авьяастан билэгтнүүд оролцсон” нь бас л соньхон.
ХӨӨМИЙН НУТАГ
Засмал ч биш, цардмал ч биш, харин нутгийн жолооч нарын ярьдгаар
бол, тосон зам гал шиг дүрэлзэх гурван их хайрханы өвөр дундуур зурайсаар Ховд
хот хүрдэг. Туулж гардаг тэгш тал нь Алтантээлийн хөндий бол гурван их уул
гэдэг нь их Алтайн салбар нурууд юм л даа. Энэ дундаа Баатар хайрханы нуруу
бусдаасаа арай сүрлэг. Харин Жаргалант хайрхан, Бумбат хайрхныг нутгийнхан ихэр
уулс хэмээн сүслэн нэрийддэг.
Ер нь Алтайн уулсыг нүдээр үзээгүй хүнд бол “Алтай” хэмээх үг
“тууль, домог” гэдэг шиг хийсвэр бөгөөд ид шидлэг, “сар, ангараг” гэдэг шиг
харь бөгөөд хол санагдах нь бий. Үнэндээ Алтай гэдэг нь их уулс юм билээ. Нүв
нүцгэн уулс. Яг л биесээ дэрлэн үүрд нойрссон, үлэмж биет үлэг гүрвэлүүдийн
сээр нуруу мэт.
Магадгүй хормойноос нь уул өөд ширтвэл хөрөөний ир шиг шовх
оройнуудынх нь цаана нүд алдам тал хөндий нуугдаж буй
мэт төсөөлөгдөхөөр. Гэтэл тийм биш. Цаана нь цавчим уулс, алсад ахиад л уулс
зэрэглээтнэ. Алтай гэдэг ийм л баян. Тиймээс энэ л уулсгүйгээр
салхи хөг эгшиг үүсгэдэг гэдгийг төсөөлөх боломжгүй юм шүү дээ. Хөөмийн тухай
бүр ч ярилтгүй.
Хотоос ч тэр, Ховдоос ч тэр Чандманийн төв орохын тулд мөнөөх
тосон замаар заавал давхих учиртай. Дараа нь шороон замаар сажилж, ихэр уулсын
дундуур хэжин явсаар, сая нэг юм Жаргалант хайрханы өвөрт хүрвэл гурван
мянгаадхан хүн амтай Чандмань сумын төв таримал улиаснуудын дунд тодрон
үзэгдэнэ. Хотоос 1500-аад, Ховдоос 156 км алслагдсан энэ сууринд хүрэх хамгийн
дөт харгуй бол хар замаас нааш 80 км үргэлжлэх сайхи шороон зам юм л даа.
Бид яг энэ замаар буюу Ихэр уулсын зааг холбоос гэгдэх Хөтөл-Ус гэдэг газраар зугуухан
урагшилсаар. Урьд шөнө цас хялмаалжээ. Бүүдгэр л бол будан
оройг нь ороочихдог ихэр хоёр уул цасан дуулгаа өмсчээ. Есдүгээр сарын
хуучдаарх намар эртийн цаг шүү дээ. Өвөл ч айсуй бололтой. Гэхдээ зам дагуух
гуу жалга, бул чулуудын сүүдэрт амь хоргодсон нялх цас нарны бүлээн элчинд буй
биеэ элээх нь налгар намар цаашлаагүйн дохио ч юм шиг.
Сумын төвийг Жаргалант хайрханы бэлд байгуулжээ. Бөв бөөрөнхий
эд бол бэл уруудан өнхөрч мэдэхээр налуу өндөрлөг гэсэн
үг л дээ. Заримдаа иймэрхүү тогтоц хэрэг болох нь бий. Тухайлбал, уул булаг
шанд ихтэй учраас нарийн шуудуугаар булгийн хүйтэн ус урсган Улсын баатар
Тэгшээгийн улаан хүрэн хөшөөтэй, сумын төвдөө цорын ганц гэгдэх, төмөр хайсаар
хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнг усалдаг байна. Шуудуу дагаж шигүү өвс
ургачихдаг болохоор зундаа бол ногоон, намарт бол шаргал хөвөө бүхий булгийн ус
сууринг нэвт дайрдаг гэсэн үг. Сумын төвд ирүүтээ хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол энэ
юм.
Ховд аймаг олон угсаатны өлгий нутаг
боловч Чандмань суманд голчлон халхууд амьдран суудаг. Ер нь сумын төвийнхөн
тун ч амь нэгтэй. Яг л нэгэн том айл бүл шиг. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, захиргаа, банк, дэлгүүр,
бас халуун усны газар, хөгшчүүдийн өвөлжих орон гэр энд л төвлөрдөг учраас сумын
төв гэдэг бол улсын нийслэлээс ч чухаг, аймгийн төвөөс ч дотно газар юм
билээ. Суурьшигчид нь цөөхүүл тул хөршөө таньдаггүй хотынхны авир сумын төвд
бол дэндүү харь хөндий ойлголт. Хэрэв аль нэгэн айлыг сумынхнаас сураглавал
шууд л эхний оролдлогоороо эрэл эзнээ олно.
Бас сумынхны нэршил хүртэл нийтийнх. Тухайлбал, “Ижил-Алтай”
гэсэн нэртэй дэлгүүрийг аваад үзье л даа. Эвхдэг ор, хамрын тамхи, шатахууны
хоолой, ноосон хөнжил, чарганы сэлбэг, мотоцикльны эд анги, ханын цаг,
хөдөлгүүрийн масло, нүүрний чийгшүүлэгч, алх хадаас, бас эндхийн
брэнд гэгдэх хөлдүү мөхөөлдөс гээд юу эсийг наймаалах, бараг л супермаркетархуу
гэмээр энэ мухлагийг сумынхан Я.Нямдаваа хэмээх эзнийх нь нэрээр зүгээр л
“Я-гийн дэлгүүр” гэцгээнэ. Тэгэхээр үүдэндээ ямар хаягтай байх нь энд тийм
ч чухал биш.
Түрүүн би сумынхны нарлаж суудаг газрыг цэцэрлэгт хүрээлэн гээд нэрлэчихснээс биш,
угтаа бол эндхийнхэн “Тэгшээгийн саад” л гэдэг юм билээ.
“Мөнхөөгийн худаг”-ны түүх бас л ийм. Худгийг түүний нэрээр
дууддаг бол харин өөрийг нь “Чадна Мөнхөө” гэж хочилно. “Бараг л сумынхаа
инженер хүн дээ, би. Засах л зүйл гарвал заавал намайг дууддаг” хэмээх тавиад
насны эзэн эр хөгшинтэйгөө хоёулхнаа худгаа ажиллуулдаг гэнэ. Уг
нь гурван хүүхэдтэй боловч гурвуул хот барааджээ.
1 л ус энд 4 төгрөг. Сумандаа л ганц гэгдэх хоёр давхар орон
сууц нь халаалтгүй, ханандаа цоргогүй учраас айл өрх бүр усаа зөөнө. “Цооног л
засгийнх. Бусдаар бол бүгд хувийнх бөгөөд бид хоёрт амрах ч эрх байдаггүй юм
даа” хэмээн эзэн хэлэв. Аргагүй л дээ, суманд ердөө хоёр л худаг байдгийн нэг
нь тэднийх юм чинь.
Тэртээ доор Хар-Ус нуурын үзүүр, Хар болон Дөргөн нуур харагдав.
Уул, усны дундах энэ нутаг бүхэлдээ Чандмань сумынх. Өнөөх хөөмийн нутаг шүү
дээ. Харин нэг ч засмал замгүй, хоёр давхар байшин нь хамгийн өндөртөө
тооцогдох энэ сууринг хөөмийн төв хэмээн нэрлэж болох билээ.
“Энэ бол хөөмийлдөг уул” хэмээн Жаргалант хайрханы бэл өөд
өгсөнгөө өвгөн хөөмийч өгүүлэв. Сумын төвийн умар сэжүүрт ганцаар, буйд орших,
баригдаад удаагүй асан буддын сүмийн яг дэргэдүүр бид алхлаа.
Нас сүүдэр жар гарч яваа Даваажав гуай нуруу нам, бие хөнгөн боловч яг одоо хөөмийн
аялгуугаараа хөндий талыг ч дүүргэхэд бэлэн.
Голоороо нүхтэй, гойд сонин тогтоцтой хад асга хүчтэй салхитай
өдөр хүнгэнэн дуугардгийг хөөмийч сонирхуулав. Бараг л хархираархуу аялгуу
сонсогддог байна. Үүнээс гадна тойрсон том нууруудын чимээн, гол горхины боргио
шуугиан, ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтдын дуу авиа хөөмийн аялгуутай
хачин ихээр зохицдог аж. “Хавар цөн түрэх, хойлог шувуу исгэрэхийг сонссон бол
ч…” хэмээн хөөмийч бахдангуй өгүүлээд хөндий талыг ширтэн хөөмийллөө. Би зөв таамаглаж шүү, нээрээ л хөндий
дүүрээд ирэв.
Нэрт хөөмийч Даваажав гуай сумын төвөөс хоёр км зайтай байх
Цагаан-Олом гэдэг газар төржээ. Балчир нас нь бусад хөвгүүдийн л адил малын зэл
дээр өнгөрч. Харин хөөмийн аялгууг анх долоо настайдаа сонссон гэнэ.
Тавиад оны сүүлчээрх явдал л даа. Цэрэгт татагдсан нутгийн харчуул илүү гэрт
бөөгнөрөн, дуулж
наргихдаа зарим нь аяга барьж, зарим нь
гараараа янз бүрийн аялгуу оруулан хөөмийлжээ. Одоогийнхоор бол үдэлтийн
үдэшлэг маягийн л уулзалт байж. Төдхөн цэрэгт мордох
гэж буй тэдний дунд түүний төрсөн ах Намжил болон хожмын нэрт хөөмийч Сундуй
нар байсан гэдэг. “Тэд маань тэгээд цэрэгт явчихлаа. Би чинь жаахан хүү байлаа
шүү дээ. Ингээд хонь хариулж байхдаа ах нарын дуугарч байсныг санан салхинд
хөөмийлж үздэг боллоо. Тэрнээс биш тэгж, ингэж хөөмийлдөг гэдгийг тэд нар маань
надад ер хэлээгүй. Зүгээр л хэдэн удаа сонссон төдий” хэмээн тэрээр хуучлав.
Уйгагүй оролдсоны хүчинд “Говийн өндөр” дууг хөөмийлж сураад
Ховдын театрын тайзнаа 14 настайдаа гарсан нь хоньчин хүүгийн хувьд дөнгөж
эхлэл байлаа. Цэрэгт байхдаа хөөмийгөө улам гаршуулж, 1973 онд нутагтаа ирсний
дараа Бүх ард түмний урлагийн үзлэгт түрүүлжээ. Тэр үед хотын тайзнаа хоёр ч
дуу хөөмийлсний нэг нь “Цомбон туурайтай хүрэн” хэмээх уртын дуу байжээ. “Анх
удаагаа уртын дууг хөөмийлсөн хүн бол Сундуй гавьяат, харин би удаахь нь
болсон” хэмээн
тэрбээр сонирхуулсан юм.
Ийнхүү Ховдоос хот хүртэл мандсан хөдөөний хархүү хоёр жилийн
дараа холын Германд хөөмийлжээ. Тэгэхэд тэр дөнгөж хорин гуравтай байв.
“Германы соёлын өдрүүдийн хүрээнд манайхаас 32 хүний бүрэлдэхүүнтэй дан
урлагийн томчууд явлаа. Гэтэл би мэргэжлийнх биш, хөдөөний сайн дурын уран
сайханч төдий. Ингээд хоёр сарын хугацаанд Герман, Польш, Чех, Москвад тоглов.
Би Уртнасан гуайн хувцас хунарыг зөөдөг давхар ажилтай.
Ардын жүжигчин юм чинь их ч өндөр давхарт байрлана. Өнөөх чемодануудыг нь
чирээд л явна даа. Тэгсэн Германд болсон оройн хүлээн авалтын үеэр соёлын сайд
“Ховдын нөхөр хаа байна” хэмээн дуудав. Сайд их гуншаадуу ярьдаг хүн байлаа л
даа. Хундага юмтай хүрээд ир л гэж байна. Жаахан виски барьчихсан яваад очлоо.
Өндөр шар нөхөр хажууд нь зогсож байна. Сайд “За хөөмийл” гэв. Наашаа цаашаа
явж бэлдэнэ гэж байх биш, бэлэн юм чинь шууд л хөөмийллөө. Тэгсэн хундага
тулгаад “Уу…” л гэлээ. Би ч уучихав. Өнөөх хоёр хоорондоо юм яриад л байв.
Тэгтэл сайд далан дээр цохиод тун ч бахдаж байгаагаа илэрхийлснээ “Хоолойнд
чинь юм байна гэж зориуд уулгасан юм. За одоо дахиад хөөмийл” гэж хэллээ.
Тэрнээс хойш Ховдын муу хөдөөний Даваагийн нэр өндөрт гарлаа шүү. Үүндээ ч их
урамшиж, бас хөөмий чухаг зүйл болохыг ойлгосон” хэмээн өнгөрснөө дурсав.
Өдгөө хөөмийн аялгуу урьд хожид ч байгаагүй, уудам цар
хүрээтэйгээр дэлхий дахинаа дуурьсагдаж буй ч Даваажав гуай төрөлх сууриндаа
үнэнч хэвээр үлдсэн юм. Цэргээс халагдаад гэртээ харьсан шигээ Ховдын
хязгаартаа холын Германаас эргэн иржээ.
Ийнхүү бид удаан ярилцсаны дараа тэрбээр Алтайн уулсынхаа энгэрт ахин нэг хөөмийллөө. Хүүхэд байхдаа
хөөмийлж асан тэр л аялгуугаа хөөмийлж дуусаад “Алтайнхаа хишгийг ч их хүртлээ
дээ. Одоо би эндээс явахгүй ээ” хэмээн түүнийг өгүүлэхэд сүм, суурин, уул
дүнсийх шиг
л болов.
Даваажав гуайн гэргий бас л энэ нутгийнх. Тэд дөчөөд жилийн
урьдаар ханилан суужээ. Сумын төвийн гол гудамжны булангийн хашаан дахь
жижигхэн эсгий гэрт борцтой шөл буцлах зуур “Араас нь дагасаар байгаад авч
суусан гэдгээ хэлэхгүй юм уу” хэмээн Даваажав гуай орныхоо ирмэг дээр яг л
сурагч охин шиг томоотой суух гэргийгээ үгээр цаашлуулав. Хэдэн жилийн өмнөөс
бие нь хүндээр чилээрхсэний улмаас босож алхахаа байсан Бямбажав гуайн харцанд
болдогсон бол хэдийн босоод, холын гийчдэд хоол унд бэлтгэх сэн гэсэн бодол
эрмэлзэл бадран дүрэлзэх аж.
Гэхдээ Даваажав гуайн гэргий хөөмийн тухай
ярианд идэвхтэй оролцож, он цагийг залруулахаас гадна,
“Сундуй гавьяат хүдэр том биетэй байсан болоод ч тэр үү хөөмий бол хүч тамирын
урлаг гэж хэлдэг байсан нь үнэний ортой шүү” гэсэн
нөхрийнхөө үгэнд “Сундуй гуайн хөөмийлөх нь яг л төмөр жингэнэж буй юм шиг” хэмээн
хүч нэмэх жишээтэй.
Даваажав гуай хөөмийн анхны аялгуугаа хөдөө хээр хөөмийлж сурсан
ч нарийн арга барилыг төрсөн ах Намжил болон нэрт хөөмийч Сундуй нараас сурчээ.
1982 оны “Монгол хөөмэй” хэмээх өнөөх баримтат кинонд Сундуй хөөмийч гардаг
төдийгүй Даваажав гуай ч киноны төгсгөлд хөөмийлдөг. “Одоо тэр киног ахиад нэг
үзэх юм сан” хэмээн түүнийг ярих зуур гар утас дуугарлаа. Утасны дуу нь хүртэл
хөөмийн аялгуу байв.
Хөөмийн хамгийн сайхан нь хаана ч, хэзээд ч, ямар ч
хөгжмийн зэмсэггүйгээр яг л энэ утасны ая шиг шууд л
“хөгжимдөж” чаддагт оршдог байна. Хэл бараг л чавхдасын үүргийг гүйцэтгэдэг гэдгийг
тэр онцлов. “Заримдаа тоглоом шоглоом болгож хоол минь хоолойндоо байна хэмээн
үеийнхэндээ хэлдэг л юм” гэж хэлээд учиргүй инээлээ.
ҮҮСЭЛ
Хөөмийн үүсэл гарал гэдэг үзүүр үгүй, хөвөрсөн урт утастай адил
зүйл аж. Урагш хөөвөл үзүүрт нь домог яриа л бий. Тухайлбал, “Ийвэн голын
хүрхрээний сонин сайхан чимээг дууриан хөөмий үүссэн” гэх домгийг Ж.Бадраа гуай
“Монгол ардын хөгжим” хэмээх бичиж дуусгаагүй номдоо дурдаад “Ийвэн голыг зарим
хүн Тагнын ууланд бий гэдэг, зарим нь Алтайн ууланд бий гэдэг. Ийвэн гэдэг гол
хаана ч байж болох боловч хөөмийтэй холбогдолтой Ийвэн гол чухамхүү Хөвсгөл
аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын нутаг, Дэлгэр мөрөн, Хөгийн голын эх
хавиар байж таармаар байна аа… Хөөмий ч энэ хавиас гаралтай байж болох нь
Хөвсгөл аймгийн цаатан урианхайчуудын бараг эрэгтэй хүн бүр хөөмийлдөгөөр
баттай байна. Тагнын урианхайчууд, якут нар ч хөөмий сайн мэддэг” хэмээн
бичжээ.
Ийвэн буюу тагна урианхай хэлээр бугын гэсэн нэртэй, янз бүрийн
хөг авиа үүсгэдэг боргиот гол горхи хөвч тайга л эцэсгүй үргэлжлэх Хөвсгөлийн
умард нутагт буй нь хөөмий энэ хавиас үүссэн байж болох чухаг таамаглал болж өгчээ.
Гэвч нүцгэн уулс л сүлэлдэх Алтайн уулсын хязгаарт, хад асга нь салхины аясаар
эгшиглэсэн Жаргалант хайрханы өвөр биед хөөмийн урлаг эцгээс хүүд, багшаас
шавьд уламжлагдан өнөө хүрсний нууц бас л тодорхойгүй.
Өнгөрсөн зууны эхэнд Ховдыг чөлөөлөх тулааны үеэр хязгаар
нутгаас ирсэн тагна урианхайн цэргүүдээс Чандманийхан хөөмийлж сурсан гэсэн
хууч яриаг ярианыхаа
завсар дуулгатал Даваажав гуай
үгүйсгэлээ. “Хөөмийн язгуур эх үүсвэр Чандманиас үүсэлтэй” гэв. Хэдий үүсэл
гарал нь түүний битүү үг шиг бүдэг балархай боловч хөөмий тайзны урлаг болсон
жараад жилийн тэртээх түүх өвгөдийн яриагаар уламжлагдан үлджээ.
“1949 онд л юм уу даа. Хар нуурын арал дээр хадланд гарсан
залуусын дундаас хөөмий дэлгэрсэн гэж хууччуул ярьдаг. Тэр жил долоо хоног
дараалан бороо орж л дээ. Ингээд уйдсан залуус хадландаа гаралгүй майхандаа
бөөгнөрөхдөө зарим нь дэмбээдэж, зарим нь дуулж, зарим нь исгэрсэн байна. Гэтэл
Чулуун гэдэг хүн исгэрээний хажуугаар хөөмийлж. Дараа нь Ховдын театрын жолооч,
Чандманийн уугуул Цэдээ гэдэг хүн Лувсаншарав багшийн найруулснаар “Алтайн
магтаал”-ыг аялгуулан хөөмийлсөн” гэсэн Даваажав гуайн яриа Ж.Бадраа агсаны
өнөөх номон доторх хөөмийн тэмдэглэлтэй яв цав нийцсэн нь үнэхээр сонин.
Тэр номонд эл түүхийг үргэлжлүүлэн бичихдээ, “Тэр үед Улсын
хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмийлэхийг
ихэд сонирхож, өөрөө хөөмий сурахаар зориглон шийдэж оролд оролдсоор санасандаа
хүрч хөөмийлдөг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр
аялгуулан хөөмийлдөг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд
дэвшүүлж орхисон билээ. Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны
аялгууг даган хэмнэл хөдөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх
боломжийг ихэсгэсэн” гэжээ. Ийнхүү хөөмийлөх урлагт гарсан өвөрмөц шинэтгэл
Чандмань сумаас эхэлсэн байна.
Хөөмийг хөг аялгуугаар нь янз бүрээр хуваадаг ажээ. Даваажав
гуай “Хүмүүс янз бүрээр л ангилдаг. Зарим нь долоо ч гэх нь бий. Би үндсэндээ
гурван үндсэн өнгөн дээр хөөмий хөглөдөг гэж үздэг хүн. Эхнийх нь цээжний
хөндийнх. Дараа нь хоолойн буюу багалзуурынх. Тэгээд хамрын хөөмий” гэв. Энэ
дундаа цээжний хөндийн хөөмий арга барилаараа хамгийн хэцүү нь гэгддэг байна.
Амьсгаагаа маш гүн аваад цээжний хөндийгөөс эхлээд түгжсэн амьсгаагаа шахдаг
гэсэн үг. Үүнийг исгэрээ, эсвэл шингэн хөөмий ч гэх нь бий. Хамрынх нь хамрын
амьсгаагаа дотогш шахахыг хэлдэг. Харин хархираа гэдэг нь багалзуурынх буюу
исгэрээгүй бүдүүн хөөмий юм.
Даваажав гуай жилд нэг удаа хөөмийн сургалт хичээллүүлдэг байна.
Тэрбээр, “Байшин шиг цуурайгүй, бас дуу авиаг буй чигээр нь өөртөө
шингээдэг учраас эсгий гэртээ л хичээлээ явуулчихдаг юм. Нэг сарын хугацаанд 12
орчим хүүхэд хамрагддаг даа” гэв. Хүүхдүүд багшийн заасныг бүтэн жилийн турш
бие даан давтахдаа ихэвчлэн хонины бэлчээр юм уу хөдөө хээр, задгай салхитай
газар хөөмийлдөг гэнэ.
Хөөмийг эхлээд сурахад амьсгалаа зөв хуваарилж чадахгүй байдаг
тул салхины дэмээр хөөмийлөхөд ихээхэн ахицтай байдгийг нэрт хөөмийч маань
онцлоод “Салхитай өдөр хөөмийлөхөд сайхан дуугардаг шүү. Ялангуяа
салхины эсрэг бүр ч гоё. Бас салхины дагуу хөөмийлөх нь ч тэс өөр сонсогддог”
гэв. Шаазан аяга ч бас дэм болох нь бий. Аяга бариад хөөмийлөхөөр цуурайтдаг төдийгүй
цуурай нь чихэнд цохиж, түүндээ урамшдаг байна.
Хөөмийлж сурах тийм ч амар биш. Анх сурч байхдаа байнга хөөмийлөх
гэж оролдсоны дүнд шүлсээ залгиж, хэлээ хөдөлгөж чадахгүй болтлоо хоолой өвдөх ч
тохиолдол бий гэнэ.
Энэ нутагт хөөмийлдөг хүүхдүүд одоо ч олон. “Гэхдээ сонин шүү.
Сумын төвөөс холдох тусам нэг л сайн хөөмийчид гарахгүй юм. Сонирхохгүй байна
уу, хичээхгүй байна уу, ёстой хэлж мэдэхгүй байна” хэмээн тэрээр ярианыхаа
төгсгөлд хэлэхэд хөөмийн нутгийн нууц одоо ч түгжээтэй хэвээр мэт санагдаж
билээ.
ВАГОНЧИК
Ховд хотын баруунтаа уртавтар улаан вагончик бий. Дотроо хоёр ч
тасалгаатай агаад нэг талдаа хос модон ор, голдуу
намтар дуртгал зонхилсон жижигхэн номын тавиур бүхий
багашаархан өрөөтэй. Харин нөгөө жигүүр нь арваад модон сандал, тайз гэмээр намхан
тавцантай аж. Наагуур нь улаан хөшиг татаж, таазнаасаа тайзны гэрэл унжуулсныг
харвал бараг л театр гэмээр.
“Би энд сэтгэхүйн драм тоглох санаатай. Хажуугаар нь хөөмий
болон хөгжмийн сургалт явуулна даа” хэмээн Н.Сэнгэдорж гуай намхан
сандлуудынхаа нэг дээр суугаад ярив. Цаст Алтайн оргилууд шиг цал буурал үстэй
энэ өвгөн нас сүүдэр 67-той, нэгэн цагт Ховдын театрыг толгойлж асан хүндтэй нэгэн.
Уугуул нутаг нь бас л Чандманийх. Түүний яриагаар бол “болжморын жиргээ цагийн
эргэлтэд салдаггүй жижигхэн бор толгодуудын дунд” тэр мэндэлжээ. Өнөөх ихэр
хоёр хайрханы өвөрт гэсэн үг л дээ.
Тэрээр Парисын Сена мөрөнд, хөвдөг театрт хөөмийлж байхдаа
бэсрэг театр байгуулах уг санаагаа олжээ. Ховдод усан онгоц байхгүй учраас
хамгийн ойролцоо бүтэцтэй нь вагончик л байв. “Нүүдэлчдийн хувьд гэр гэдэг чинь
театр юм шүү дээ. Тулгаа тойрч суугаад тууль, үлгэр хүүрнэхэд хүн бүр дүрээ
өөрөөр дүрсэлдэг. Тийм нүдтэй, тийм харцтай гэж ургуулан бодох жишээтэй. Жангар
туулийг хайлахад Жангар баатрыг хүүхэд бүр өөрийнхөөрөө төсөөлнө. Харин киног
нь хийчихвэл бид нэг л янзаар дүрслэх тул бэлэнчлэх сэтгэлгээнд орчихож байгаа
юм. Тэгэхээр сэтгэхүйн драм гэдэг чинь нүүдэлчдэд угаас байж шүү дээ. Хуучны
мундаг жүжигчдийн цалгисан их авьяас үүнтэй л холбоотой” гэв.
Тэрээр хөөмийг анх сонсохдоо зургаан настай байжээ. Насаар арай
ахмад нагац ах нь сургуулийнхаа амралтаар ирэхдээ “Хөөмий гэж иймэрхүү юм бий”
хэмээн нэг л удаа хөөмийлж л дээ. Бараг л хоолойгоо шахаад бархирсан юм байх.
Сургуульд ч явж үзээгүй балчир жаал нэг л удаа сонссон аялгуугаа өөрөө
дуугаргахын тулд өнөөх жижигхэн бор толгодынхоо дунд оролдсоор л байв. Эхэндээ
тэр огт хөөмийлж чадахгүй байлаа. Нүүр нь улайж, судас нь гүрийсэн хүүгээ “Одоо
болохоо байлаа” хэмээн болиулах гэсэн аав ээжийнх нь санаа зовнил тэгсхийгээд
замхарчээ. Хүү ч хөөмийлж сурч.
“Радио ч байхгүй, зурагт ч байхгүй цаг шүү дээ. Тэр үеийн
хүүхдүүд яг л зэрлэг амьтад шиг соргог байлаа. Юу ч сонсож байгаагүй хүүхдэд юм
бүхэн л содон санагдах нь лав. Одоо бол сонсох, үзэх, харах юмны илүүдэлд
орчихсон үе. Нөгөөхөө тохируулж чадахгүй өдөр шөнөгүй сонссоор байгаад
сонсголгүй болчихдог. Идээд л байвал таргалдаг шүү дээ. Сонсгол гэдэг чинь яг л
үүнтэй адил зүйл” хэмээн ярилаа. Тэрээр
Сундуй болон Намжил гуайг багшаа гэж үздэг. Уулзсан хөөмийч бүрийн давтан давтан өгүүлдэг эдгээр нэрнүүд уншигч танд ч гэсэн хэдийн танил болоо байлгүй. Би хэлээ
биз дээ, сумын төв гэдэг нэгэн том айл бүлээ гэж.
Сэнгэдорж гуай жилд гурван удаа нүүдэг. Гэхдээ түүний нүүдэл
тийм ч холынх биш. Ердөө л Ховд хотоо тойрдог. Вагончикны хажууд 1968 оны хуучин
автобус харагдав. Буурал түүхийн гэрч болсон уг цэнхэр автобус жилдээ хоёр удаа
л хөдөлдөг байна. Бас л тийм хол биш. Ховд хотын хаяагаар мэлтэлзэн урсдаг
Буянт голын хөвөө хүрээд зун дуустал тэндээ байдаг. Учир нь Ховд хотынхны зусдаг
газар энэ юм л даа.
Тарвас, төмс тариалдаг үржил шимт энэ гол Ховд хотод дөхөөд хоёр
салаалдгийн яг завсарт нь Сэнгэдорж гуай автобустайгаа зусдаг юм. Усны чимээг
сонсон, оддын дор унтдаг даа хэмээн түүний ярихыг сонссоор хойд гүүрээр гол гатлан түүний зуслан дээр иртэл намрын цагаан
салхи сэвэлзэж байлаа. Голын нурсан эрэг дээр сандайлж суух Сэнгэдорж гуай нүдээ
анин урсгал усны чимээ шиг намуухан хөөмийлөв. Тэр гэв гэнэт л салхи болоод
хувирчихсан мэт санагдлаа. Түүнийг хөөмийлж дууссаны дараа, нэг л тийм
бодлогошронгуй, нам гүмд ууссан мэт харагдсаны учрыг лавлахад “Энэ голын ус
дөрвөн цагийн эргэлтэд хэзээ ч зогсохгүй урссаар байна. Яг л хүн төрөлхтний
амьдрал шиг. Магадгүй мянгаад жилийн тэртээд энэ аялгуу илүү тансаг ч байсан
байж мэдэх юм. Үнэндээ аялгуу өөрчлөгдсөн хэрэг биш л дээ, бид л өөрчлөгдсөн
хэрэг” хэмээн юу мэдэрснээ тайлбарлав.
“Би жараад жил хөөмийллөө. Энэ бүхний эцэст хөөмийг сэтгэхүйн
урлаг л гэж боддог. Эзгүй хээр талд явахдаа, байгалийн гоо сайхныг бишрэхдээ эр
хүн өөрийнхөө сэтгэлийг хөглөж хөөмийлдөг юм биш биз гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Өнгөрснөө дурсах, юуг ч юм санан мөрөөдөхөд өөрөөс нь эгшиглэх дуу авиа л гагц
түүнд хань болдог гэхээр хөөмий хосгүй гайхамшигтай урлаг байгаа биз. Ер нь
хөөмий яг судлагдаад нэг мөр болчихсон урлаг биш л дээ. Салхи шиг л биегүй,
хоосон тул археологийн малтлагаас юу ч илрэхгүй. Модон цуур бол гараад л ирнэ.
Лимбэ ч гэсэн ялгаагүй. Харин хөөмий бол гарч ирэхгүй.”
Намар хаяанд ирмэгц өвгөн хөөмийч маань өтөлсөн автобусаа
хөдөлгөн өнөөх вагончикныхаа дэргэд аваачдаг байна. Харин налгар намрыг “вагончик доторх театр”-таа өнгөрөөгөөд Ховдын төв дэх нэг өрөө сууцандаа
өвөлждөг аж.
Тэр ер нь л нутгаасаа холдох дургүй. Дэлхийн олон оронд
хөөмийлсөн ч Алтайн нуруундаа эргээд л ирдгээ нуусангүй. Хөөмийн аялгуу энэ л
нүцгэн уулсынхаа дунд хамгийн ихээр нийцдэгийг түүний
сүүлд ярьсан түүх баталж билээ. Олон жилийн өмнө Дуутын Хуурай сайр гэдэг газар
намар орой, тарвага ичих цагаар очиж л дээ. Айлуудын орхисон үнс салхинд
манараад, хүн тогтохын аргагүй хүчтэй салхилж байсан гэдэг. Тэндээ
гурав ч хонож. Хамт явагсад нь тарваганд явсан хойгуур хар цай чанахаар үлдсэн
тэрээр нагац ахтайгаа хамт жаахан уруудаад голын эрэгт очтол дулаахан,
нөмөртэй, ногоо нь хүртэл шарлаагүй, ер бусын нам гүм байжээ. Тэгээд түрүүхэн
Буянт голын эрэг дээр гэв гэнэтхэн л хөөмийлсөн шиг, дотроос
нь хөөмийн аялгуу шууд л урсаад гарсан гэнэ. “Би Алтайгаа
магтлаа. Нэг талд арван хэдэн тэх, тээр тэнд зуу гаруй аргаль дув дугуй хэвтэж
байв. Эсрэг талын улаан энгэрт янгир харагдав. Ийнхүү гурван их амьтны дунд
Алтайг магтлаа. Алтайн эзэн юмаа харуулж байна даа л гэж бодсон. Уг нь амьтад
асар үргэмтгий шүү дээ. Гэтэл хөөмийн аялгууг хөгжим шиг л сонсоод буй нь
хачирхалтай” хэмээн хуучилж билээ.
БРЕМЕНИЙ ХӨӨМИЙЧ
“Хөөмий бол байгалийн урлаг” хэмээн хэлэхдээ тэрээр төрсөн
нутгаасаа хол Улаанбаатар хотод, төмөр машинууд цонхон дотор нь түгжирсэн,
шавар ханатай дөрвөлжин өрөөнд сууж байгаагаа ер анзаарсангүй.
Хөөмийч Д.Хосбаяр Чандмань нутгаасаа гараад олон жил, монгол
нутгаасаа гараад хорь шахам жилийг үджээ. Бараг л уушны газар бүхэнд нь амьд
хөгжим хангинаж байдаг Бременд тэрээр олон жилийн урьдаар суурьшжээ. Германы
умард хэсэгт орших хөгжимчдөөрөө цуутай хот юм л даа.
Хоёр цагийн турш ганцаар хөөмийлж асан түүний тоглолтууд амсхийх
ч чөлөөгүй жил тойрон тоглолттой байдаг “Хосоо & Транс Монголиа” хамтлаг
болон өргөжжээ. Гэсэн ч тэр буурал тивийнхний бахдал бишрэлээс “зугтахдаа”
нутгийн өвгөн хөөмийчид шигээ эх нутагтаа эргээд л иржээ.
Нийслэл хотыг бүрий нөмөрсөн байлаа. Аравдугаар сарын жихүүн
салхи гудамж талбайгаар хэсүүчлэх авай. Бремений хөөмийч маань өөрт буй хамгийн
чухаг нууцаа уудалж буй мэт “Хөөмий бол хүн, байгалийн шүтэлцээ юм. Ийм л
харилцаанаас үүссэн аялгуу. Жишээлбэл, морийг ус ууж байхад нь исгэрвэл
урамшаад илүү ихийг уудаг. Тэгэхээр хөөмийн үүсэл өнө эртнийх байх нь. Үүнийг л
бид сүүлийн жараад жилийн хугацаанд тайзны урлаг болгосон төдий” гэв.
Нэрт хөөмийч Сундуй түүний нагац ах юмсанж. Тэрээр бас Даваажав
гуайн шавь. Хамгийн сонирхолтой нь, 1982 оны өнөөх баримтат кинонд түүний дүрс
зэрвэсхэн гардаг нь өнөө харахад бараг л танигдахааргүй. “Амьсгаагаа сайн түгж
л дээ” хэмээн дэргэдээ суух жаалыг тун дориун зааварлах хүү Хосбаяр юмсанж.
Тэгэхэд тэр ердөө л 11 настай байжээ.
Чандмань нутагт хөөмий дэлгэрэх болсны учрыг түүнээс сонирхоход
“Чандмань гэдэг нэрэнд л учир байх шиг. Гурвалсан гэдэг утгыг илэрхийлдэг үг
шүү дээ. Манай нутагт гурван нуур, гурван уул, гурван говь, гурван тал бий.
Гурван нуур гэдэг нь Хар-Ус, Хар, Дөргөн нуур юм. Харин гурван уул гэдэг нь
Бумбат хайрхан, Жаргалант хайрхан, Баатар хайрхан. Эхний хоёрыг бид ихэр уул
хэмээн нэрлэдэг. Ингээд бүх юм гурвалсан учраас тэнд Чандмань гэдэг нэр өгчээ.
Сайн анзаарвал, эдгээр нь уул, ус, салхийг бэлгэдэж байгаа биз” хэмээн
тайлбарлав.
Гэхдээ чадварлаг хөөмийч бүр Чандманийх гэвэл үгүй. Хөөмий асар
ихээр даяарчлагдаж буй өнөө үед заавал хонины бэлчээр дээр хөөмийлж сурах
шаардлагагүй
болжээ. Соёл Урлагийн Их Сургуульд 2003 онд Монгол
хөөмийн анги нээгдсэн нь анхны мэргэжлийн сургалт гэгдэж байлаа. Мөн 2014 онд
“Олон улсын хөөмийн сургууль”
СУИС-ийн баруун хаяанд үүдээ нээжээ.
2010 онд Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад монгол хөөмийг
бүртгэхэд Кенид болсон хуралд Д.Хосбаяр ажиглагчаар
оролцож байв. Хурлаас өмнө ч, хойно ч хөөмийг өмчлөх маргаан мэр сэр өрнөж байсныг
тэрээр эрс буруушаав. “Өнөөдөр Тувад ч, Өвөрмонголд ч хөөмийлж байна. Мөн
Монгол орны говь, тал хээр, Алтайн уулсад ч ялгаагүй хөөмийлж л байна. Ялгааны
хувьд гэвэл, тувачууд хархираа төрлөөр голчлон хөөмийлдөг буюу
хөөмийг багалзуураараа дуугаргадаг. Харин Алтайн шингэн хөөмий гэдэг нь
цээжний хөндийгөөсөө амьсгаагаа шахахыг хэлдэг. Би дахиад л хэлье. Хөөмий бол
байгалийн урлаг. Тал нутаг бол сайхан налайгаад л байна. Харин говь бол
намбайгаад явчихна. Тэгэхээр хөөмий бол тухайн орон зайгаа хэрхэн дүрсэлж
байгаагаас үүдэн хоорондоо ялгаатай байгаа юм. Тагна, Саян, Алтай, говьд ч
хөөмийлж л ирсэн. Хөөмий бол байгалиа магтаж буй, байгалиа хайрлаж буй дуу авиа
юм. Жишээ нь, би бол Алтайн шовх ууланд өссөн хүүхэд” гэж хэлээд хөөмийлөхдөө
нэг гараараа хэмнэлээ дүрсэлсэн нь үргэлжилсэн шовх уулс
шиг л харагдав.
Хөөмий ийм л өргөн уудам нутагт тархсан юм бол Чандманийг юуны
учир хөөмийн өлгий гээд буйг асуухад тэрээр “Шингэн хөөмийг нэг үгээр
тодорхойлбол язгуур монгол хөөмий гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, цээжний хөндийгөөсөө
амьсгаагаа шахахдаа хоёр аялгууг нэг дор гаргадаг. Үүнийг Монгол дотроо бол
Чандманийх л гэнэ. Жишээлбэл, Мерседес бензийг бид германых л гэж хардаг. Харин
германчууд болохоор Штутгарт л гэж хардаг. Герман дотроо тэд нар л бахархана уу
гэхээс берлин, мюнхенийнхэн бахархдаггүй байх нь. Харин Германы хилээс гараад
явчихаараа Германы бахархал болчихдог. Үүнтэй яг адил, монгол хөөмий гэхээр
Ховдын Чандмань л байна. Монголын хилээс гарахаар Монгол хөөмий юм” гэв.
Нэг хүн хоёр өнгө дуугаргаж чаддагт л монгол хөөмийн хосгүй
гайхамшиг оршдог гэдгийг миний уулзсан хөөмийч бүр онцолж байлаа. Суурь өнгө
хэзээ ч хөдөлдөггүй бөгөөд дүрсэлбэл “огт тахийдаггүй урт зураас гэсэн үг” гэв.
Тэрхүү хүнгэнэсэн урт дэвсгэр дээр хэлнийхээ үзүүрээр нугалаа чимэгтэй аялгуу
исгэрдэг байна. Тэдний хэлснийг энгийнээр ойлгохын тулд тэмдэглэлийн дэвтэртээ
урт зураас зураад дээгүүр нь уулсыг дүрсэлсэн мурий зураас татсан нь уул, усыг
дүрсэлсэн балчир хүүхдийн гар зургархуу л харагдав. Харин хоёр зураасыг зааглах
тэр хоосон зай бол салхи л байх учиртай гэж би дотроо бодлоо. Уул, ус, салхи.
Эд бол хөөмийн аялгуу.
2 сэтгэгдэлтэй
2015...
ReplyDeleteЯмар ч үг багадаад, үнэхээр хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх чадаж байна
ReplyDelete