Хүнд хэцүү үедээ Кавабатаг унш

December 24, 2015

Ясүнари Кавабата (1926–1972). Зүүн талынх

Энэ бичвэрийг 2013 оны есдүгээр сард бичжээ. Сэтгүүлчээр ажиллаж эхлээд удаагүй байсан үе. Өгсөн даалгаврыг нь бичиж чадахгүй өдөржин шаналсны орой иймэрхүү тэмдэглэл бичиж өөрийгөө урамшуулдаг байлаа. Кавабата аавд тусалж байсан шиг надад ч бас тус болж. Танд баярлалаа, Кавабата сан.

I

Кавабата бол миний хувьд хамгийн эрхэм нандин зохиолч юм. Гэхдээ би япон хэл мэдэхгүй л дээ, мөн арлын Япон оронд нэг ч удаа очиж байсангүй. Зохиол бүтээлтэй нь бүрэн гүйцэд танилцсан гэвэл бас л үгүй. Уншсан минь ердөө л "Дэлхийн сонгомол өгүүллэг" антологт багтсан хоёр өгүүллэг болон "Изүгээр яваа бүжигч бүсгүй" хэмээх Д.Төмөрбаатар гуайн хөрвүүлсэн тууж.

Тэгвэл 1968 онд Нобелийн шагнал хүртсэн энэ япон зохиолч миний хувьд яагаад ийм эрхэм болсон тухай нэгэн түүх одоо өгүүлье. Бүх юм орос хэл дээрх, хатуу хавтастай нэг номноос үүдэлтэй.

Намайг нэг настай байхад эгч минь хүндээр өвдөж эмнэлэгт хэвтсэн гэдэг юм билээ. Энэ бол эмээ өвөөгийн маань амьдарч асан Эрдэнэт хотод болсон явдал л даа. Би нэг ах, нэг эгчтэй. Харин энэ үед охин дүү маань төрөөгүй байв. Манайх хотод амьдардаг боловч амьдрал хүнд хэцүү байлаа. 80, 90-ээд оны үед Өргөө кинотеатраас хойш, гэр хороолол руу өгссөн шороон замаар явбал баруун талд нь хогоор дүүрсэн том талбай байдаг байв. Одоо байхгүй болсон л доо. Тэрхүү хогийн цэгтэй хаяа нийлэх хамгийн нүүрэн талын хашаа бол манайх. Тэрүүхэн тэндээ л шороон ч гэсэн гол зам дагуух айл байлаа. Харин хашаан дотор таван ханатай жижигхэн гэр бий, тэнд бид амьдардаг. Жил дараалан хүүхэд гаргасан ээж минь сувилагчийн ажлаа хаяж залуу насаа бидний төлөө “элээж” байв. Харин аав сэтгүүлчийн ажилтай. Гэртээ байхаас байхгүй нь их. Үргэлж л томилолтоор явна. Гэртээ байхаараа шөнөжин юм бичээд л суудаг сан, биднийг унтмагц л гэр нам гүмд автаж, жаахан ч болов юм бичих зав чөлөө гардаг байсан байх. Ер нь л тарчигхан амьдрал байсан даа. 

Тийм болоод ч тэр үү аав ээж хоёр зун болмогц биднийг өвөө эмээгийнд авчирна. Өвөө энэ үед дэд хурандаа цолтой ангийн захирагч, харин эмээ Эрдэнэтдээ л хамгийн томд тооцогдох Сэлэнгэ рестораны ахлах тогоочоор ажилладаг байв. Зуны хэдэн сар ч болтугай хоол унд элбэгтэй газар байгаасай хэмээн аав ээж хоёр хүсдэг байсан байлгүй. Эмээгийнхээс хот руу буцахдаа хэдэн шуудай хоол хүнстэй буцдагсан гэж ээж одоо ч гэсэн дурсдаг.

Одоо өнөөх түүхээ үргэлжлүүлье. Ингээд гурван настай эгчийг минь өвдөхөд аав хэдэн өдөр эмнэлэгт сахиж хоносон гэдэг. Ээж үлдсэн хэдийгээ хараад амсхийх ч завгүй, хажуугаар нь аав, эгч хоёрыг эргэнэ. Энэ үед аавыг Эрдэнэтэд ирчихсэн, охиноо сахин эмнэлэгт буйг мэдсэн яруу найрагч Нямбуугийн Нямдорж гуай аавыг эргэж очжээ. Чухам энэ үед л манай гэр бүлийн Кавабататай холбогдсон түүх эхэлсэн юм.

Гартаа халуун савтай цай барьчихсан, мөн хэдэн ном уутлаад ирсэн Нямбуугийн Нямдорж гуай "Эмнэлэгт буй хүнд ном л хэрэгтэй, энэ Кавабатаг унш" хэмээн одоо надад байгаа элэгдэж хуучирсан орос хэл дээрх тэрхүү номыг аавд өгчээ. Энэхүү номны анхны эзэн нь яруу найрагч Мишигийн Цэдэндорж байсан гэдэг. Одоо ч гэсэн номын эхний хуудсыг нээвэл Мишигийн Цэдэндорж гэсэн гарын үсэг зурайна.

Нямбуугийн Нямдорж гуайтай би уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ багад манайд их ирдэг байсан тухай ээж үргэлж ярьдаг юм. Хожим би түүний бичсэн,
"Одоо би Нямдорж
Оройхон Чиний нулимс
Хойтон өдий яс
Хорин жилийн дараа цэцэг" гэсэн шүлгийг номноос уншаад догдолж билээ.

Ингээд хэд хоног Кавабатаг уншсан аав минь байнга авч явдаг тэмдэглэлийн дэвтэртээ "Хүнд хэцүү үедээ Кавабатаг унш, бүр дахин дахин унш" гэж бичжээ. Эгчийн бие сайжрахтай зэрэгцэн, эрхлэгчийнхээ захиасаар үргэлж л томилолтоор явдаг байсан аавд минь энэхэн хэдэн өдөр ямар ч холбоо харилцаагүй боловч эрх чөлөөтэй болсон мэт санагдаж байсан гэдэг.

Үнэндээ энэ бүхнийг би ааваараа яриулсан юм биш л дээ. Хэдэн жилийн өмнө аавынхаа бичсэн Кавабатагийн тухай өгүүлэх нэгэн нийтлэлээс энэ дурсамжийг уншсан юм. Кавабатаг анх эмнэлэгт уншсан энэ үеээс нэлээн хэдэн жилийн дараа тэрхүү нийтлэлээ бичжээ.

Ингээд 1993 он болов. Энэ он бол манай гэр бүлийн хувьд од гийсэн үе байлаа. Охин дүү минь мэндлээд зогсохгүй манайх хоёр өрөө байраар шагнуулав. Хамгийн чухал нь аав минь сэтгүүлчдэд олгодог Японы нэгэн томоохон шагналын эзэн болов. Миний санахын 1 сая иенийн мөнгөн шагнал дагалдаж байсан гэдэг. Энэхүү шагналыг өгөхдөө аавын Кавабатагийн тухай тэрхүү нийтлэл болон байгаль хамгааллын сэдвээр бичсэн хэд хэдэн нийтлэлийг нэр цохон дурдсан байдаг. Шагналаа авахаар анх удаагаа Японд очиж үзсэн аав маань Кавабатагийн 20 насандаа аялж байсан Изү нутагт очиж түүний булшинд хүндэтгэл үзүүлсэн гэдэг.

Аав минь Японоос хоёр хайрцаг сникерстэй ирж билээ. Оройдоо нэг сникерсийг олон хэсэгт хуваан бөөндөө амтархан иддэг байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юм. Тэр үед шагналынхаа мөнгөний ихэнхийг хүмүүст зээлдүүлсэн ч үлдсэн жаахан мөнгөөрөө аав ээж хоёр минь өнөөгийн бидний амьдралыг босгосон.

Хааяа би боддог л юм. Магадгүй тэр үед эгч минь өвдөөгүй байсан бол, мөн Нямбуугийн Нямдорж гуай аавыг эргэж очихдоо Кавабатагийн тэрхүү номыг өгөөгүй бол бидний амьдрал ямар байх байсан бол оо гэж... Кавабатаг унших тусам тайвширч, амьдралын тэр л нандин дурсамжууд эргэн орж ирэх шиг болдог гэж аавын бичсэн үнэн бололтой. Жилийн өмнө уншсан "Изүгээр яваа бүжигч бүсгүй" хэмээх туужийг өнөөдөр дахин уншихад эргээд л өнгөрсөн дурсамжаа эргэн санаж, энэхүү түүхийг бичихэд хүргэлээ.

Аав минь зөв дүгнэжээ. "Хүнд хэцүү үедээ Кавабатаг заавал унш, бүр дахин дахин унш."


II

Кавабата утга зохиолын ангийн оюутан байхдаа буюу 20 настайдаа үзэсгэлэнт Изү нутгаар тойрон аялжээ. Хожим 27 насандаа тус аяллаасаа сэдэвлэн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” туужаа бичсэн түүхтэй. Ер нь Кавабатагийн зохиолд айхтар хурц өрнөл, эсвэл дүрүүд хоорондын зөрчилдөөн бараг л гарахгүй. Хэрэв зохиолын үйл явдлыг тоймлон ярья гэвэл магадгүй хэд гуравхан өгүүлбэрт л багтаачхаж болно. Жишээ нь, би тэгэх гээд үзье л даа.

Нэгэн оюутан залуу Изү нутгаар аялж буйгаар тууж эхэлдэг. Замдаа хэсүүлийн жүжигчидтэй учрах бөгөөд нэгэн залуухан бүжигч бүсгүйд сэтгэл алдарна. Ингээд түүний аялал өндөрлөх болж гаталга онгоцонд суун Токио хот руугаа буцахаар болдог. Түүнийг гаргаж өгөхөөр өнөөх бүжигч бүсгүй түүн дээр ирэх боловч яагаад ч юм нэг ч үг солилгүй эрэг дээр хоцорно. Оюутан залуу усан онгоцны тавцан дээр өөрийн эрхгүй нулимс дуслуулан гунигт автах ч хоромхон хугацааны дараа сэтгэл санаа нь уужрах шиг болж бүх зүйлс тааламжтай, нэг л дотно санагдаж буйгаар тууж өндөрлөдөг. Ингээд л болоо.

Туужийг уншсаны дараа "Тэд дахин уулзалдах болов уу?" гэсэн асуулт надад хамгийн сонирхолтой санагддаг юм. Магадгүй дахин уулзалдахгүй байсан ч тэрбээр үүн шиг ихээр хэзээ ч гуниглахгүй биз. Учир нь тэр өөрөөсөө гаргаж болох бүх л харуусал гунигаа тэрхүү өдөр гаталга онгоцны тавцан дээр гаргачихсан шүү дээ. Харин тэр бүжигч бүсгүй түүний дурсамжийн гүнд нандин гэгээлгээр хадгалагдан үлдэх буй за. Би хувьдаа ингэж л дүгнэдэг юм.

Ер нь хүн болгонд ийм нандин дурсамжийг өдөөгч, зөвхөн ухрааж болохгүй өнгөрсөнд л буй хэн нэгэн дурсамжийнх нь гүнд бий гэдэгт би итгэдэг. Аравдугаар ангид байхдаа эсрэг ангийнхаа охинтой нэг л удаа утсаар ярьж билээ. Ахлах ангийн сурагч мөртлөө анх удаа эмэгтэй хүүхэдтэй утсаар ярьж байгаа нь энэ. Шинэ он гараад удаагүй байсан санагдаж байна. Зориг гарган гэр рүү нь би залгалаа. Тэр утсаа авч байна, гэхдээ би хэн гэдгээ хэлээгүй л дээ. Хэдий бид удаан ярилцсан боловч дараа нь би дахин залгаагүй юм. Харин түүнээс хойш сургуулийн коридорт, гадаа үүдэнд, аль эсвэл төгсөх ангийн шалгалт гээд түүнтэй зөрөхгүй, дайралдахгүй, харц тулгарахгүй газар гэж үгүй. Гэхдээ л би түүнтэй юм ярьж чадаагүй юм.

Ингээд бид сургуулиа төгсөцгөөн дахин тааралдахаа болив. Бүр хожим хэдэн жилийн дараа түүнийг би харсан. Гэхдээ тэр намайг хараагүй л дээ. Яагаад ч юм надад тэр үед нэгэн сонин бодол орж ирж билээ. Хэрэв одоо надаас түүнтэй уулзахыг хүсэж байна уу гэж асуувал би өөрийгөө хүчлэхгүй ээ гэж хариулна. Тэр миний хувьд сурагч насны тэр л төрхөөрөө дурсамжинд минь хадгалагдан үлдэхэд л хангалттай юм шигээ.

Юм бүхэн хоёр талтай гэдэг. Магадгүй надад ч гэсэн хэн нэгэн чин сэтгэлээсээ сайн болон түүнийгээ хэлж үл чадан, түүний дурсамжийн гүнд гэгээнээр дурсагдан буй ч юм бил үү, хэн мэдлээ. Тиймээс заримдаа би тааруухан хувцас өмсөн, ядруухан явж байгаад надад сайн байсан тэр хэн нэгэнтэй тааралдчих вий гэж эмээдэг юм. Миний тухай дурсамж түүний хувьд гэгээн, ариун нандин хэвээрээ л үлдэг. Яагаад ч юм Кавабатаг унших бүрийд түүний үгийн гүнд нуугдаастай байдаг ер бусын шидэт увдис намайг өнгөрсөн дурсамж руу хөтөлж аваачих гээд байдаг юм.

ТӨСТЭЙ БИЧВЭРҮҮД

3 сэтгэгдэлтэй

  1. Д.Төмөрбаатар орчуулагчийн номыг эргэн сөхөхөд хүргэлээ... Бушуухан уншаад бас тэрхүү мэдрэмжийг мэдрэе гэтэл бичжээ, сайхан бичжээ

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан бичиж ээ. Үнэхээр Каватабагийн зохиолуудыг олж унших хүслийг минь төрүүллээ. Баярлалаа ♡

      Delete
  2. Сайхан мэдрэмж авлаа, баярлалаа.

    ReplyDelete