Pages

Sunday, December 15, 2019

Миний "гадаад" эмээ







Хүний амьдрал тэр чигтээ хэрэн хэсүүчлэгч шинжтэй, гэвч хэсүүл амьдралынхаа уртад бид тун цөөн газар сэтгэл зүрхнийхээ аль нэг чухал хэсгийг эмтэлж үлдээдэг. Тэгээд түүнийгээ насан туршдаа дурсаж, тийш тэмүүлдэг. Тэгвэл энэ бол яг л тэгж амьдарсан нэгэн эмэгтэйн сэтгэл догдлом түүх.




“Эмээд маань очиж үзээгүй газар ховор. Орост төрж, Монголд амьдарсан буриад эмэгтэй. Гэвч амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэг л газрын тухай дотночлон ярьдаг байсан нь санаанд тод үлджээ.” Хэдэн өдрийн өмнө шинэхэн танилаасаа олж сонссон энэ үг сэтгэлийг минь ихэд хөдөлгөж, бүр мөнөөх газар нь энүүхэнд, Шувуун фабрик гэж бодох төдийд л бушуухан очиж үзэх хүсэлд автаж, цаашлаад энэхүү нууцлаг үгний цаана жигтэй ч бай, жирийн ч бай ямар нэгэн учир холбоо заавал байх учиртай гэж санан, сүүлийн хэдэн өдөр гагц энэ тухай л бодон бодсоор нэг л мэдэхэд бид тэрхүү ойр атлаа “алс” газрыг зорин арванхоёрдугаар сарын анхны хүйтнээр Туулын хөндийг уруудан давхиж явлаа. Дэргэд минь жолоо барьж яваа, надтай нас чацуу залуу бол эмээгийн хайртай ач хүү Цолмон. Алба, амины ажлаар Хонконг, Америкт арван жилийг өнгөрөөсөн тэрбээр сая хавар эх нутагтаа эргэн иржээ. 

Дөрвөн жилийн өмнө эмээгээ эцсийн замд нь үдэхээр ийш ирж байсныг эс тооцвол тэр бараг үүгээр хорин жил яваагүй. Намхан толгодыг өгсөж уруудаад хөндий дундуур зурайсаар эцэстээ хүрдэг энэ зам нэгэн цагт энхэл донхолтой, өндөг ачсан ачааны тэрэг, өглөө оройны хуучин автобусаас өөр холхих хөдөлгөөнгүй, уг нь нийслэл хотын хажуу хаяанд боловч хөдөө хээрийн “буйдхан” зам байсан гэдэг. Зорьж л ирэхгүй бол дайран өнгөрөгсөд үгүй. Гэтэл одоо жижиг тэргүүд салхи мэт шурдхийн өнгөрнө. Улаанбаатараас гарч давхисаар эцэст нь хүрэхэд ердөө хорин минут хүрэхтэй үгүйтэй. Тэгвэл олон жилийн өмнө эмээгийнх нь хувьд энэ зам огт өөр утга илэрхийлдэг байжээ. Зорчигчид нь бүгд нэгнээ таних оройны автобус замд хөндөлсөх намхан уулыг даван цааш уруудахад саяхан л цугаараа дотор нь үймж явсан их хотын бараа сүр ажиг сураггүй ард хоцорч, зөвхөн тэд л мэдэрч ойлгох амар амгалан ертөнц рүү нэвтэрчих шиг болдог гэнэ. Уйдталаа харж дадсан зүйлээ удаанаар ширтэн явахад хүн юуг ч юм эргэцүүлэн боддог. Тэр бодол ихэнхдээ таатай, оюун санааг тайвшруулах шид нөлөөтэй байх нь бий. Харих зам хэзээд сайхан, өөрийгөө чагнаж, өнгөрснөө боддог тухайгаа эмээ нь ач хүүдээ нэг биш удаа ярьж байжээ. 

Тэгтэл одоо энэ зам тэртээ үеийнх шиг тийм ч “урт” санагдсангүй. Суурин хүрэх богинохон хугацаанд бидний ярьж амжсан зүйл ердөө энэ: “Хойшоо ажлаар явсан өвөө маань эмээд анхны харцаар шахуу дурласан гэдэг. Ингээд хоёрдахь удаагаа очихдоо “Намайг дагаад яваач” гэх эрс, зоримог гуйлтаар эмээг нутагтаа авчирчээ. Өөрийнх нь яриагаар Эх орны дайны үеэр мэндэлсэн эмээ маань Монголд ирээд гурван хүүхэд гаргасны нэг нь эрэгтэй, хоёр нь охин. Монголоор нэг ч үг мэдэхгүй ирсэн хэрнээ Улаанбаатарт суурьшаад, бүр анагаахын чиглэлээр суралцаж амжилттай төгссөний нууцыг эмээгийн хэзээ ч шантардаггүй, мэриймтгий зантай холбоотой гэж би хувьдаа боддог. Хүмүүс эмээг Валя эмч гэдгээр нь андахгүй. Хоёрдугаар төрөхөд насаараа эх баригч эмчээр ажиллахдаа ахыг, намайг гээд ач зээ нараа бүгдийг шахуу энэ хорвоод мэндлэхэд нь угтан авсан. Магадгүй одоо санахгүй л байгаа болохоос амьдралдаа үзсэн анхны царай төрх минь гэвэл эмээгийн л дүр байж таарах нь ээ дээ. Эмээ маань сайхан хүн байсаан, дэндүү сайхан. Ерээд оны дундуур тэтгэвэрт гарсныхаа дараа одоо бидний очих тосгонд эмэгтэйчүүдийн эмчээр таван жил хэртээ ажиллахдаа өөр хаана ч байгаагүйгээр энэ нутаг оронд идээшин дассан. Тэгэхэд би бага ангид сурдаг байв. Зуны амралт болгоноор ахтай цуг заавал ийшээ ирнэ” хэмээн ярихтай зэрэгцэн зам төгсөж, жижигхэн, жирийн л нэг суурингийн төвд ирэв. Баруун талд автобусны хуучин буудал, зүүн талд нуман хаалга, түүн дээр “Шувуун фабрик” гэж бичсэн харагдлаа. Жиндүү хүйтэн өдрийг ч хэлэх үү тосгон бараг хүнгүй гэмээр эл хуль. Уг нь хүрээлсэн том том хашаатай аль нэг ферм рүү нь яваад орвол эндхийн гол “оршин суугчид” өнөр олуулаа, чимээ шуугиантай. Албан ёсны нэр нь “Туул тосгон”, албан бус нэр нь “Шувуун фабрик” гэх боловч эндхийнхэн амьдардаг жижигхэн тосгоноо “Шувуу” л гэж товчилж ярих.




Цолмон хүүхэд насныхаа дурсамж дотор хориод жилийн дараа хөл тавихдаа хамгийн түрүүнд хаана очихоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Эмээ нь эндхийнхний хэлж заншсанаар “Зүүн 16” гэх нэртэй хоёр давхар хуучин байшингийн хоёрдугаар давхарт нэг өрөө байранд ганцаараа амьдардаг байжээ. “Байшингийн өнгө л өөр, бусдаар бол бараг ихэнх зүйл ер өөрчлөгдөөгүй байна” хэмээн ярих зуураа тэрбээр сониуч жуулчин аятай эргэн тойрныг нүдээрээ нэгжив. Түүний хувьд суурин яг л бүхлээрээ нэгэн том “музей” шиг санагдаж буй нь илт. Гэхдээ үзмэр бүр нь дурсамж сэдрээх шид нөлөөтэй. “Үүгээр би харайж гардаг байлаа…”, “Тэр яндан өөд авирч гараад бүгдийг дээрээс хардаг байлаа…”, “Фабрикийн хашаа халгай ихтэй. Тахианд халгай идүүлбэл өндөгний хальс бат бөх болдог гэж томчууд ярьдаг байсан…” гэхчилэн ямар нэгэн онхи мартагдсан зүйлийг ой тойноосоо эргэн санаж байгааг нь хараад өнөөдөртөө энэ музейн цорын ганц үзэгч, бас тайлбарлагч нь тэр өөрөө гэх бодол гэнэт зурсхийв. 




Эмээгийнх нь амьдардаг байсан нэг өрөө байрны модон хаалга яг л хорин жилийн өмнөхөөрөө. Тогшоод дотогш орвол эмээгээс нь хойш энэ байранд бараг хорь шахам жил амьдарч байгаа гэх ааш зан эелдэг, хижээлдүү насны эмэгтэй “Валя эмчийн ач хүү ирсэн” гээд сүйд. Олон жилийн өмнө яг энэ байранд эмээд нь биеэ үзүүлж байсан тухайгаа тэр хуучлав. Өөр олон ч сонирхолтой зүйл ярилаа. “Валя эмч гэрээр хүн үзэхээр бол галзуухандаа хүлээж авна. Урт модон ширээн дээрээ эмнэлгийн багаж хэрэгсэлтэй… Эмээ чинь монголоор ярихдаа яг л гадаад хүн шиг. Заримдаа хэлсэн ярьсныг нь бид ойлгохгүй. “Та монголоор яриач” гээд тоглоом наргиан болгоход “Монголоор л ярьж байхад та нар яагаад ойлгодоггүй юм!” гэнэ. Валя эмч ер нь л түс тас яриатай, хэнээс юуг ч нууж хаадаггүй хүн байсан. Өвчтэй хүн үзээд төлбөр мөнгө авахгүй, өгмөөр байгаа бол өндөг аваад ир л гэнэ. Түүгээр нь пирошки, борщ, блинчик, булочки гээд хийхгүй хоол үгүй. Гэрт нь орвол байхуу цай, тансаг чихрээр дайлна. Цай уу, чихэр ид гээд сүйд болдог. Гэртээ цэцэг арчилна. Бүр энүүхэнд хашаа хатгаад ойр зуурын хүнсний ногоо тарьдаг болсон. Хашаа нь хариугүй намхан төмөр тороос. “Яаж байгаа юм бэ, Валя эмч ээ” гэхээр “Банзан хашаа муухай” гэнэ. Тэгээд вандуй сайн идэж бай гэх зэргээр аливаа ногоог юунд сайн болохыг уйгагүй тайлбарлаж өгнө. Мөн дэгжин хувцаслана. Насандаа баймгүй залуу харагддаг сан. Өмд бараг өмсөхгүй, ихэнхдээ юбкатай явна. Манай Шувуугийнхан Валя эмчид их сайн. Валя эмч ч бас бидэнд их дассан даа” гэв.

Эмээгийнхээ энэ байранд анх ирсэн өдрийг Цолмон ер мартдаггүй. Өглөөний цайнд хайруулын таваг дүүрэн бялхам их өндөг иджээ. Эхэндээ дуртай нь аргагүй иддэг байсан ч удалгүй уйдаж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна өдрийн ихэнх цагийг тагтан дээр ахтайгаа цуг тоглож өнгөрөөдөг байснаа тэр сайн санаж байлаа. Тагттай цонхоор эмээгийнх нь ажилладаг байсан тосгоны эмнэлэг харагдав. “Эмээ эмнэлэг дээр байх үедээ цонхоороо хараад л ах бид хоёрын ямаршуу байгааг мэдчихдэг байсан” хэмээн тэр нэмж хэллээ. Эмээ нь л байхгүй болохоос энэ байр олон зүйлээрээ бага насных нь мартагдсан дурсамжийг түүнд эргэн сануулж байв. Эндээс гараад бид эмнэлгээр орлоо. Хоёр давхрын арын цонхоор эмээгийнх нь гэрийн тагтыг ажиглан харав. Эмээ нь яг энд зогсоод өөрсдийг нь хардаг байсан гэдгийг олон жилийн дараа өөрөө харж мэдэрнэ гэдэг түүний хувьд соньхон байгаа нь мэдээж. 

Эмнэлгээр орсных, эмээтэй нь дотно нөхөрлөж явсан Ичинхорлоо гэх эмэгтэй энүүхэнд амьдардаг гэдгийг тун азтай тохиолдлоор олж мэдлээ. Охинтой нь утсаар ярьтал “Ээж гэртээ байгаа, хүрээд ирж болно” гэхээр нь бид бушуухан тэднийхийг зорив. Эмнэлгээс ердөө тавхан минутын зайтай. Тэр хавьдаа цорын ганц ягаан хашаатай айл тэднийх, энэхүү онцгой шинжээр нь бид төвөггүй олж очив. Арваадхан хоногийн өмнө хөгшин нь өөд болсон тул Ичинхорлоо гуай наанаа нэгэн цагт үй зайгүй нөхөрлөж явсан анд нөхрөө дурсаад хөөр хөгжөөнтэй мэт боловч цаанаа нэг л уй гунигтай. “Валя эмч ганцаарддаг байсан уу?” гэх миний асуултад “Хөгшин минь дэргэд байсан болохоор тэр талаар ер бодож байсангүй. Анзаарч, ажиглаж ч байгаагүй…” гээд хоолой нь зангирав. Ингээд хэдэн хормын дараа эргээд тайвширч Валя эмчийн талаар үргэлжлүүлэн ярилаа. “Валя маань сэргэлэн, ил цагаахан яриатай, жаран хэдтэй гэхэд үнэмшмээргүй эмэгтэй байсан. Өвдсөн хүнийг их өрөвдөнө. “Найз аа, тэнд тийм хүн байна аа, их өрөвдмөөр юм” гээд л бүр хэрэг болгож ярина. Бид хоёр анх танилцахад ээж минь зүрхний шигдээс болчихсон, хоногоо хүлээж байв. Тэгэхэд Валя ирж үзээд “Ээж чинь удахгүй шүү, чи мэдэхгүй байна” гэж хэлсэн нь санаанд тод үлджээ. Ийм л ил шулуун, шударга яриатай хүн дээ. Тэр цагаас хойш бид хоёр сайхан нөхөрлөсөн. Гамбир, нойтон өрөм өмнө нь тавиад “Чи гадаадын хүн ийм юм тоож идэхгүй байлгүй” гэтэл “Үгүй үгүй, би энэнд чинь их дуртай” гэж билээ. Заримдаа сайхан гурилтай шөл хийлгүүлж иднэ. Ер нь үе үе монгол хоол хийлгүүлж идэх дуртай. “Алив, миний хөгшин, нөгөө далан давхраа хайраач” гэнэ. Зөрүүлээд намайг орос хоолоор дайлна. Гэртээ борщ хийгээд дуудна. Кофе нүднэ, пирошки хайрна, талх барина… Валя маань олны хайрыг татсан сайхан хүн байсан даа. Шувуугаас явахын урьдаар “Эндээ л баймаар байна” гэж их хэлдэг байсан. Чухам яагаад явах болсныг сайн мэдэхгүй байна. Нэг дарвагар амтай юм нь “Та үр хүүхэдгүй юм уу, энд ганцаараа амьдраад байх юм” гээд асуучихсан гэнэ лээ. Валя маань тэр үгэнд голдоо ортол эмзэглэн “Найзыг нь их дорд үзэх нь ээ, хот руу оръё доо” гэж хэлснийг нь сайн санаж байна. Үүнээс ч болсон байж магадгүй. Тэр маань энд их жаргалтай байсан. Хотод очоод уулзах бүрт Шувуугаа л ярина. Сүүлд элэгний хагалгаа хийлгэснийх нь дараа эргэж очсон. Хоёр гурван ч цаг суусан байх. Хагалгааны оёогоо үзүүлээд мэгштэл уйлсан. Дараа нь “Найзыгаа хараад бүр тайвширчихлаа” гэж хэлээд эвшээсэн. Энэ бидний сүүлчийн уулзалт байсныг тэр үед мэдээгүй. Намайг гарахад Валя маань “Миний найз, элэгний хорт хавдар авахуулсан гэж хүн амьтанд битгий хэлээрэй” гэж захисан. Угийн л бусдад муу юм дуулгах дургүй хүн. Би захисан ёсоор нь нэг ч хүнд хэлээгүй. Хүүхдүүддээ ч яриагүй” гэв. 

Цолмон хожим оюутан болоод эмээтэйгээ хоёр жил хэртээ цуг амьдарчээ. Тэр одоо ч эмээтэйгээ өнгөрүүлсэн тэр цаг хугацааг сэтгэл бахдалтайгаар ярих дуртай. “Эмээ өглөө эрт босож, орой эрт унтана. Намайг долоо өнгөрөөгөөд сэрэхэд аль хэдийн хоол хийчихсэн байдаг байв. Ихэнхдээ ясны шөлөнд сайхан борщ хийнэ. Ясаа удаан буцалгавал биед тустай гэдгийг эмээ эмч хүн болохоороо сайн мэддэг байсан. Үйлдвэрийн сүү авахгүй, байрны гадна ирдэг явуулын хүнээс авна. Өглөө сэрэхэд эмээ маань “Нэг хоёр, нэг хоёр” гээд дасгалаа хийж байгаа нь дуулддаг. Өдөр гэртээ зүгээр суухгүй, ямар нэгэн юм шинээр сэдчихсэн амжуулж яваа харагддаг. Зурагт үзнэ, чих муу болохоор тэр нь аймаар чанга. Оросын “Жди меня" цуврал нэвтрүүлгийг үзээд учиргүй уйлна. Тэгээд уйлсан чигтээ үйл явдлыг нь чанга чанга ярина. “Эмэгтэй хүний ганган дэгжнийг харах хэрэггүй. Юу боддог, юу хийдгийг нь ажигла” гэж зөвлөнө. Эмээгийн аав мэргэн бууч, нэг өдөр галт тэргэнд суун фронт руу явснаас хойш эргэж ирээгүй гэдэг. Энэ мэтчилэн олон зүйл ярина. Хажуугаар нь Шувуугаа дурсах дуртай. Эмээгийн яриа нөлөөлсөн үү, эсвэл эмээтэй өнгөрүүлсэн бага насны зун сайхан байсан уу, лавтайяа Хонконг, Америкт амьдарч байхад хааяа хааяа гэнэт “Шувуу” бодогдоно. Тэрхэн үедээ их хотын хөл үймээнээс хормын дотор хөөрөн ангижраад, эх нутагтаа эргэн ирчихсэн мэт тайвшралыг мэдэрдэг байсан. Дөрвөн жилийн өмнө ажилладаг компанийнхаа салбарыг Америкт нээгээд жил хэртээ болсны дараа эмээгийн бие гэнэт муудсан. Элэгний хавдар нь цааш үсэрхийлжээ. “Эмээ чинь өнөө маргаашгүй, ирээд хэрэггүй” гэж анхааруулсан ч би зөрсөөр байж тэр даруй Монгол руу ниссэн. Намайг ирсэн өдөр эмээгийн бие жаахан муу байж байгаад, маргааш нь гэнэт дээрдэж, бүр босч явсан. Ухаангүй хэвтэж байсан эмээгээ гэнэт дээрдэхийг хараад үнэхээр их баярласан шүү. Тэгэхэд эмээтэйгээ хоёр өдрийг мартагдашгүй сайхан өнгөрөөсөн дөө. Эмээ “Усанд ормоор байна” гэхээр нь усанд оруултал уснаас сэмхэн гарч ирээд намайг сахилгагүй хүүхэд шиг цочоож билээ. Эмээ маань ийм л күүл хүн. Бид хоёр хамт амьдардаг байсан үеэ дурсаад, яг л удаан уулзалдаагүй багын найзууд шиг элдвийг хөөрөлдсөн… Эмээ эмч хүн болохоороо тариа хийгээд өөрийгөө унтуулчихаж магадгүй шүү гэж надад анхааруулсан болохоор эмээг би орхиж гардаггүй байв. Гэтэл эмээ “Орос дэлгүүрээс цөцгий аваад ир. Гадаадад олон жил байсан юм чинь идмээр л байгаа байлгүй” гээд бууж өгдөггүй. Би гялс гарчихаад иртэл эмээ гараа унжуулчихсан хэвтэж байв. Миний айсан гэж жигтэйхэн. Дөхөөд очтол амьсгалж байгаа нь мэдрэгдэв. Тэгтэл “Вааа…” гээд л намайг дахиад цочоосон. Эмээ маань ийм л хүчтэй, хөгжилтэй хүн. Маргааш өглөө нь нэг нэгнээ царай муутайгаараа дуудалцан тун ч инээд наргиантай сууж байв. Би бараг эмээг эдгэчихлээ л гэж бодсон. Тийм учраас Эрдэнэт дэх аав ээжийн гэр лүү ухасхийчээд ирье гээд явтал дөнгөж дөрвөн цагийн дараа ээж залгаад “Эмээ чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Эмээ эмч охин, хамгаас хайртай зээгийнхээ дэргэд амьсгал хураасан. Эмч хүн нас барсан хүн хараад айхгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгээд л миний дэргэд өөрт буй бүх хүч тэнхээгээ шавхан эрүүл цовоо харагдсан байх гэж боддог.”

Тосгоноос хөдлөхийн урьдаар бид эмээг нь нутаглуулсан энгэрт очлоо. Оройн нар нааш тонгойн тонгойсоор цааш урууддаг баруун уулын энгэрээс эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн харагдав. Уулын сүүдэр хөндийг залгихад ойрхон. Түрүүнээс хойш дуугүй явсан Цолмон машинаас буусан даруйдаа намайг орхиод уул өөд ганцаараа алхчихлаа. Холоос харвал ямар нэгэн юм эрж буй бололтой. “Булшны чулуу л биз” гэж би бодов. Хүйтэн салхи энгэр заам яраад дотор жихүүн. Бие минь илч дулаанаа алдаж буй ч түүний араас алхахаар зориглолоо. Төдхөн тэр уруудаж, би өгссөөр дундаа уулзахад түүний юу ч үл өгүүлэх байдал эргэн тойрныг улам ч гунигтай, дүнсгэр болгов. Үнэндээ тэр булшны чулуу эрээгүй юмсанж. Эмээ нь амьд ахуйдаа “Өөд болсны минь дараа газарт битгий оршуулаарай. Баахан чулуу, газар эзэлнэ. Харин чандарлаад Шувуу руу явах замд салхинд хийсгээрэй” гэж захижээ. Хүүхдүүд нь тэр ёсоор болгож. Эмээгийнх нь хувьд бодрол бясалгалын зам байсан газар чандры нь шувуунд дайж хийсгээд үлдсэн жаахан хэсгийг энэ уулын бэлд өргөжээ. Тэгэхдээ хэд гурван чулуу овоолж тэмдэг тавьсан гэнэ. Цолмон тэр чулуудыг л эрж явжээ. “Олдохгүй биз дээ. Шувуу шиг тэнгэрт амьдарсан хүний хувьд газарт тэмдэгтэй үлдэнэ гэдэг байж боломгүй зүйл” гэж дотроо бодсон ч түүнийгээ ил гаргасангүй. 




Суурин яахав дээ, жижигхэн жирийн л суурин. Зундаа шувууны сангас үнэртдэг, угтах үүдэн дээрээ тахианы жижигхэн хөшөөтэй, мухлагт нь өнөөдрийн шинэ өндөг худалдаалдаг, сургууль, эмнэлэг, захиргаатай, хаягдсан уурын зуухтай, шавар хашаагаар хүрээлсэн хэд хэдэн тахиан фермтэй, эзэнгүй автобусны буудалтай, тэнд нь хүрээд өндөрлөдөг сайхан засмал замтай, “Хэсэг” гэж нэрлэсэн хэсэгхэн гэр хороололтой, Туулын хөвөөтэй, тэндээс нь Улаанбаатар үнэртдэг, хотынхны нүдээр онцгойрох зүйлгүй жирийн л нэг тосгон. Гэвч жинхэнэ гоо сайхан ийм эгэл зүйлд нуугддагийг бид тэр бүр анзаарч хардаггүй ч юм билүү, хэн мэдлээ. 

2018 оны 12-р сар

Эрдэнэбаатарын ЭНХЦОЛМОН


*Энэхїї нийтлэл 100К сэтгїїлийн эхний дугаарт нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment